Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт 2000 гаруй шувуу үхжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Бага нуур орчимд нүүдлийн шувуу ихээр шалтгаангүйгээр үхэж байгаатай холбогдуулан МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, нуурын ус, нуур орчмын хөрснөөс дээж авч шинжлүүллээ.

Нуурын уснаас авсан дээжид хүнд металлын шинжилгээгээр натри, хүнцэл зэрэг хүнд металлын бохирдол ихтэй, нян судлалын шинжилгээгээр эмгэг төрөгч Salmonella spp илрээгүй байна. Харин гэдэсний бүлгийн болзолт эмгэг төрөгч нян Citrobacter.spp, илэрсэн бөгөөд нуурын ус мал, амьтны ялгадсаар бохирдсонтой холбоотой аж. Хөрсний дээжинд хийсэн хүнд металлын шинжилгээгээр ванадий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан хэдий ч хортой, аюултай агууламжийн хэмжээнээс бага байна. Нуурын ус болон хөрсний дээжид цианит илрээгүй.

Лабораторийн шинжилгээний дүнгээр Бага нуурын ус нь “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулахад зарим хүнд металлын агууламж өндөр, тавдугаар зэргийн их бохирдолтой ангилалд хамаарч байгаа бөгөөд нуурын гадаргын талбай багассаны улмаас эрдэсжилт ихэссэн байх магадлалтай. Нуурын эргэн тойронд уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ болон айл өрх байхгүй, хамгийн ойр айл 15 км-т байгаа нь хүний болон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэх үндэслэлгүй байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шувуудын нүүдэл дуусах хүртэл Бага нуурт нэмж шувуу ирэхээс сэргийлэн үргээгч байрлуулах талаар холбогдох байгууллагуудад зөвлөгөө өгсний дагуу нууранд шувуу үргээгч байрлуулаад байна.

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 2253 толгой шувуу хорогдсоны 97 хувийг хоёр зүйлийн ангир шувуу эзэлж байна. Тус нуур орчимд шувуу хорогдож эхэлснээс хойш аймгийн Байгаль орчны газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газраас Ажлын хэсэг ажиллан үхсэн шувуудаас дээж авч Улсын Мал эмнэлгийн хүрээлэн, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Зооноз өвчин судлалын төвийн мэдээлснээр шувууны томуу өвчин биш болох нь тогтоогджээ. Мөн тус нууранд усны шувуудын хоол болох хавч хэлбэртний овгийн артёми хэмээх амьд биет олноороо үхэж нуурын эрэгт ялзарч муудсан байдалтай байна.

Бага нуур нь Завхан аймгийн төвөөс 380 орчим км зайтай, гадагш урсгалгүй, нуурт цутгал гол, горхигүй, урт 6,2 км, өргөн 1 км, дундаж гүн 7,4 м, давстай нуур юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард эрс хүйтэрч, цас орно

БАРУУН АЙМГУУДЫН НУТАГ:

Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Хангай, Ханхөхий, Булнайн уулс, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Алтай, Хангай, Булнай, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсэг, Увсын ихэнх нутгаар ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ:

Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ:

Нийт нутгаар ОЖД-с 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч үеэр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ:

Нийт нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд эхээр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох аж..

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-22 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Чехийн Сенатын танхимын Ерөнхийлөгч өнөөдөр Улаанбаатарт ирнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Чехийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.
Мөн тэрбээр Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах юм байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Азын дугаар олголтыг цагдаагаас шалгана

Авто тээврийн үндэсний төв өнгөрсөн долдугаар сарын 24-нд УАА серийн дугаарыг шинээр гаргасан аж. Энэхүү серийн дугаар нь хоёрхон сарын дотор зарагдаж дуусчээ. Тодруулбал, Улаанбаатар хот болон орон нутагт УАА сертэй 9890 дугаар олгогдсон байна. Тиймээс УАЕ серийн дугаарыг шинээр гаргажээ. Шинээр гарч буй серийн дугааруудыг зөвхөн импортоор орж ирсэн шинэ машинуудад олгож байгаа бөгөөд машиных нь арлын дугаарыг бүртгэн олгож байгаа юм.

Гэвч азын гэж нэрлэгддэг чамин дугаарыг дамлан зарах болсон нь нууц биш. Санамсаргүй байдлаар сонгон олгохоор программчилсан дугаар олголтын цахим бүртгэлээс азын дугаарыг хэрхэн авч дамлан зарж байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс өндөр үнээр азын дугаар худалдан авч залилангийн гэмт хэрэгт оролцохгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбат ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбат чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна. Гэхдээ түүний өргөдөл Ерөнхийлөгчийн Тамгын газар албан ёсоор очоогүй байгаа гэв. Түүнийг 2019 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосны дагуу УИХ-аас ЗХЖШ-ын даргаар томилсон юм. Тэрбээр ямар шалтгаанаар ажлаа өгөх болсон нь тодорхойгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Явдаг хотууд буюу “Үхлийн хөдөлгүүр”-ийн тухай товчхон

Сүүлийн үеийн зөгнөлт зохиолууд үнэхээр яаж хүний санаанд тийм зүйл ордог байна аа гэмээр супер зөгнөлүүдтэй болж байгаа. Шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудын зарим нь үнэхээр л хүний бодол санааны хил хязгаарыг давчихсан гэмээр. Тэдгээрийн нэг нь Филип Рийв гэдэг зохиолчийн “Үхлийн хөдөлгүүр” хэмээх дөрвөлсөн зохиол юм. Энэхүү зөгнөлт зохиолыг саяхан “Монсудар” хэвлэлийн газраас орчуулан гаргаж, уншигчдад хүргээд байна. Номын үйл явдал тун сонирхолтой. Одоогоос 900 орчим жилийн дараахь үйл явдал өрнөнө. Ирээдүйд дэлхий дээр “60 минутын дайн” гэгдэх цөмийн аймшигт дайн болох бөгөөд уг үйл явдлаас үүдэн дэлхийг тэр аяар нь экологийн сүйрэл нөмрөн авчээ. Геологи болон экологийн сүйрлээс амьд үлдэгсэд амьдрахын тулд тэр чигээрээ шахуу нүүдэлчид болон өөрчлөгдөнө. Гэвч энгийн морь малаар биш, асар том дугуй, хүчит хөдөлгүүр бүхий машин дээр хотыг бүтээн байгуулжээ. Хөдөлгүүр бүхий том хотууд дэлхийгээр хэсүүчилж, бусад жижиг явдаг хотуудыг ангуучилна. Ангуучилсан хотуудынхаа хүн амыг олзолж, харин залгиулсан хотыг нь өөрсдийн аварга хөдөлгүүрийг тэжээх түлш болгон ашиглана.

Зохиолын эхэнд нүсэр том явагч хот болох Лондон “Салтуко” гэх нэртэй жижиг хотыг хөөн барьж залгиж байгаагаар эхэлнэ. Аварга том Лондонд залгиулж байгаа жижиг хот болох Салтукогийн нэгэн оршин суугч нь Хестер Шо юм. Түүний цорын ганц зорилго нь ээжийг нь хөнөөсөн геологич Валентинийг хөнөөх. Харин өстөн дайсан нь Лондонд эрх мэдэл бүхий нэгэн болжээ. Нэгэнт Лондон гэх аварга явагч хот дээр ирсэн тэрээр Валентинаас өшөөгөө авахыг завдах үеэр түүхч Том гэх залуу түүнд саад болсноор зохиолын үйл явдал өрнөнө. Өшөөгөө авах нь бүтэлгүй болсон Шо Лондонгоос зугтах боловч түүнд саад болсон Томыг ч мөн тэндээс хөөнө. Ингээд Шо болон Том нар амьд үлдэхийн тулд хамтрагчид болохоос аргагүй боллоо. Харин Валентин хэзээ нэгэн цагт Шо-г эргэж ирэхийг мэдэж байгаа учраас түүнийг хөнөөлгөхөөр “дахин амилагч” буюу хүн төрхтэй Шрике гэх киборгийг илгээнэ. Киборг нь хагас хүн хагас робот гэхэд болно. Гэтэл олон жилийн өмнө Шо-г үхлийн ирмэг дээр байхад амийг нь аварсан киборг одоо аварсан хүнээ хөнөөхөөр араас нь ангуучиллаа. Том болон Шо нар ангуучаас зугтаж явсаар Андэр Фанг хэмээх тунчиг найрсаг авч эрэн сурвалжлагдаж байгаа нисгэгчтэй танилцан, Лондон руу дахин нэвтрэх арга замыг эрэлхийлнэ. Фангийн тусламжтайгаар Лондон руу нэвтрэх хамгийн боломжтой Эйрхевен буюу агаарт байх нисдэг бааз дээр очлоо. Гэсэн ч мөнөөх ангуучлагч киборг араас нь ирж нисдэг бааз дээр жижиг тулаан болж, улмаар мөнөөх бааз сүйрэх болно. Ийнхүү ер бусын адал явдлууд “Үхлийн хөдөлгүүр” хэмээх зохиолд өрнөнө.

Ер нь уг зохиолын гол цөм нь Лондон бөгөөд инженерүүд хотыг оршин тогтноход хэрэгцээт бүхнийг хийх ёстой. Хөдөлгүүрт Лондонгийн хамгийн дээд талд жаран минутын дайнаас үлдсэн цорын ганц барилга болох Сент Паулын сүм оршино. Уг сүмд зохиолын эсрэг талын баатар болох Валентин хуучны супер технологийн “Медуза” гэх аймшигтай, ер бусын хүчтэй зэвсгийг ашиглан дорно зүгийнхэн рүү дайралт хийхээр бэлджээ. Тэрхүү зэвсгийг зогсоох цорын ганц боломж гол баатар Хестер Шо-д ээжийнх нь үлдээсэн бичил чипэнд л бий. Аварга Лондон явсаар дорно зүгийн бат бэх хамгаалалт болох Гомпагийн бамбай хана цайзад тулж, уг цайз руу мөнөөх хөнөөлт зэвсэг “Медуза”-гаар буудан ханыг үндсэндээ сүйрүүлнэ. Хоосон хөндий хэрнээ аюул заналаар дүүрэн ирээдүйн тухай, явагч хотуудын тухай ер бусын сэтгэмжээр бичигдсэн “Үхлийн хөдөлгүүр” зохиолын тухай товчхон өгүүллээ. Харин энэ зохиолыг нэг уншаад эхэлбэл дуусгаж байж л сэтгэл амрах болов уу.


Categories
мэдээ цаг-үе

НАСА-д төлөөлөгчтэй, “McGill”-д профессортой физикийн ангийнхан

Манай энэ удаагийн зочин тэртээ 20 жилийн өмнө МУИС-ийн Физик электроникийн сургуулийн С.Ганцог багштай физикийн ангийнхан юм. Энэ жил төгсөлтийнх нь 20 жилийн ой тохиож, ангийнхан юу хийхээ удаан ярилцсаар сая нэг шийдэлд хүрчээ. Тэд Тэрэлж орж амарч зугаалах саналыг дэвшүүлсэнгүй. Харин эсрэгээрээ “Үндэстэндээ хэрэгтэй зүйлийг үлдээе” гэсэн санаачилга гаргаад ажил хэрэг болохоор сэтгэл шулууджээ. Энэ тухай ангийн хэсэг нөхөд ярилцаж байхад нь уулзаж таарлаа.

С.Ганцог багштай физикийн ангид 1995 онд 70 гаруй хүүхэд элсчээ. 18 аймаг, дүүргийн сургуулиудаас физикийн шалгалтад нэг, хоёроор гарч ирсэн хүүхдүүд энэ ангид элсдэг байж. Элсэж ирээд дахин шалгалтаар шүүсээр физикийн ангийг 20 гаруйхан хүүхэд төгсчээ. Шилэгдэж, шигшигдэж төгссөн залуус ёстой нэг мэргэжлийнхээ, сургуулийнхаа нэрийг гадаад, дотоодод гарган амжилттай ажиллаж яваа нь бахархал төрүүлэхээр юм. Тэртээ 1999 онд Д.Дамбасүрэн, Х.Түвшин-Эрдэнэ, Ц.Гантөмөр, Н.Тэгшбаяр, Ч.Содбилэг, О.Хуягцогт, Б.Баярбадрах, Д.Бат-Эрдэнэ, Д.Наранбаатар, Б.Болортуяа, Уранчимэг, Мөнгөнбөгж, Ч.Одгэрэл, Булган, Д.Амарсайхан, Р.Чагцалсүрэн, М.Доржпалам, Баяраа, Б.Мөнхбат, Ш.Сарангэрэл, Төрбат, Чогсомдорж, М.Энхчимэг, Буянжаргал, Мэргэнсонор, Р.Батсүх, М.Доржпагма, К.Долгорсүрэн нарын 20 гаруй залуус оюутны ширээнээс гарчээ. Одоо бол эдний ангиас тав нь докторын зэрэгтэй, дөрөв нь докторант, бусад нь магистрын зэрэгтэй, ажилласан салбартаа амжилт бүтээлтэй явна.

Д.Дамбасүрэн гэхэд Стандартчилал хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга, Х.Түвшин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа цолтой, Ц.Гантөмөр Канадад “McGill”-ийн сургуулийн профессор. Зочин ангийнханд гадаадын өндөр нэр хүндтэй сургуулиудад доктор хамгаалж, тэндээ ажилладаг цөөнгүй залуус байна. Бүр дэлхийн Үндэсний агаарын тээвэр ба сансрын нислэгийн алба гэгддэг НАСА-д судлаачаар ажилладаг ганц монгол залуу эдний төгсөлтийнх юм байна. Түүнийг Б.Баярбадрах гэдэг. МУИС-иа төгсөөд АНУ-ын анхны атомын бөмбөг зохион бүтээсэн Лос Алмосын лабораторид ажиллаж байж. Түүний дараагаар Монголдоо ирж Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын даргын албыг нэг хэсэг хашиж байгаад 2015 оноос ийнхүү НАСА-д судлаачаар ажиллах болжээ. Ч.Содбилэг гэхэд ХБГНУ-д “Bielef”-ийн сургуульд докторын зэрэг хамгаалж ирээд Физик технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.

Ангидаа хамгийн хошин наргианч гэгддэг О.Хуягцогт эдийн засагчаар Австралид зэрэг хамгаалж ирчихээд Сангийн яаманд газрын дарга хийж байгаад БСШУЯ-нд иржээ. Ангийн анд Т.Төрбатын хувьд Хэнтий аймагт “Петровис”-ыг удирддаг гэнэ. Ангидаа бийлэгжүү нэгэн байсан Д.Бат-Эрдэнэ эдүгээ уулын спортын мастер. “Оном” сангийн Наранбаатарыг монголчууд андахгүй. Элэгний В, С вирусийн эсрэг эмчилгээг Монголд оруулж ирсэн, “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа мундаг залуу зочин ангийнхантай нэг төгсөлт аж. Төгсөлтөөсөө гурав нь мэргэжлээ хойч үеийнхэндээ өвлүүлж яваа гэнэ.

Тэд бол Б.Болортуяа, Ц.Насанбуян, Уранчимэг, Б.Мөнхбат нар юм. Нутагтаа багшлахаас гадна улсын математик, физикийн багш нарын олимпиадыг үргэлж тэргүүлж дуулддагийг ангийнхан онцлон ярьж байв.Мөнгөнбөгж, Одгэрэл хоёр эдүгээ ИНЕГ-т ажилладаг юм байна. Булганы хувьд уул уурхайн компанид ХАБ-ын дарга хийдэг бол Д.Амарсайхан олон улсын байгууллагад ажилладаг. Р.Чагцалсүрэн, Буянжаргал, Доржпалам нар мэргэшсэн нягтлан бодогч. С.Сарангэрэл УБЕГ-т ажилладаг, Чогсомдорж “Алтай Халиун” компанид удирдах албан тушаалтай, М.Энхчимэг Швейцарьт ажиллаж амьдарч байгааг нэг бүрчлэн дуулгалаа.

Эдний ангийн дарга Н.Тэгшбаяр. Тэрээр Цөмийн энергийн газрын дарга, Геологи төв лабораторийн даргын албыг хашиж байв. Одоо тэрээр доктор хамгаалахаар судалгааны ажилдаа шамдахын сацуу хувийн бизнес эрхэлж байгааг дуулгасан юм.

Төгсөлтийнхөн багш нараараа ихээхэн бахархдаг юм байна. Онолын физикийн гавьяат багш Цоохүү, орны онол зааж байсан одоогийн УИХ-ын гишүүн Ундраа, Улам-Оргих, атомын физикийнг доктор Баярхүү,Очирбат, гавьбат багш Хүүхэнхүү, Одбадрах, Энхтөр, Галбадрал гээд нэрлэж байна. Хатуу зарчимч ч гэлээ хүүхдүүдийн төлөө сэтгэлтэй Чулуунцэцэг багшдаа талархаж явдгаа энэ дашрамд дамжуулсан билээ. Дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн мундаг багш нараар физикийн онолыг заалгаж байсан залуус муу явах, мэргэжлээ гутаах эрхгүй гэдгээ тэд сайн ухамсарлажээ. Тийм ч учраас салбар бүртээ нэр хүндтэй ажиллаж байгаагаараа бахархан ярина лээ. Ерөөс физикийн шинжлэх ухаан байгалийн шинжлэх ухааны суурь гэгддэг учир энэ салбарын мэдлэгийг эзэмшсэн хүн аль ч салбар руу хөрвөх чадвартай болдгийг тэд ажил амьдралаараа харуулж явна.

Тэд хэчнээн номын ч гэлээ залуус хойно задгай явсан үе бишгүй олон гэнэ. Атгасан гар шиг бат бөх, нэгдмэл явж ирснийх физик математикийн ямар ч олимпиадад тэргүүн байруудыг эзэлж байдаг, спортын төрлийн тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож явж. Чих халууцуулах муу зүйлд ч тэд холбогдож явсан удаатай гэнэ. Оюутны дөрвөн жил гэдэг хамгийн дурсгалтай сайхан үеүдийн нэг. Тийм ч учраас хөгжилтэй, дурсамжтай мөч тэдний дунд бишгүйдээ тохиолдож байж. Нэг жил Эмэгтэйчүүдийн баяраар охидоо баярлуулахаар ангийн анд Д.Бат-Эрдэнийн гэрт хүлээж авахаар бэлтгэл хийжээ. Хуушуураар сюрприз барихаар бэлдсэн ч хүйтэн усанд гурилаа зуураад гэрээр нэг тос цацарч, сюрприз биш, айлын гэрийг тосоор будаж орхисон хөгжилтэй явдал болжээ. Бас нэг удаа ангиараа Зайсан гарахаар болоход мөнгөтэй хүн байсангүй. Автобусны билетийг хэн нь даахаа ярилцсаар ангийн дарга Н.Тэгшбаяр үүрэг авч, автобусанд сууцгааж. Ангийнхан ороод хамгийн сүүлд ороод тасалбарынхаа тооцоог хийх үүрэгтэй Н.Тэгшбаяр “Би та нарыг танихгүй юм байна” гэж хэлээд автобуснаас ангиараа хөөгдөж бууж байсан түүхтэй гэнэ. Түүнээс болж ангийнхнаараа усанд шидүүлж байсан хөгжилтэй явдлаа тэрээр дурсан ярив. Мөнгөгүй үе оюутан насанд бишгүй олон. Ганцог багшийн ангийнхан сургуулиудын шалгалтын улирал эхлэхээр ШУТИС орчмоор эргэлдэж шалгалтын бодлого бодож мөнгө олдог байжээ. Нэг бодлогыг 170 төгрөгөөр боддог. 10 бодлого бодоод 1700 төгрөг олоод ангиараа “Орон зай” бааранд орж шар айраг хааяахан хүртдэг байжээ.

Ийнхүү дурсамжтай, хөгжилтэй оюутны дөрвөн жилээс хойш эдүгээ 20 жилийг тэд үджээ. Тэмдэглэлт ой нь тохиож байгаа энэ жил МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудад салбар бүрээр физикийн лекц уншихаар бэлтгэж эхэлжээ. Ирэх сараас эхлэн сар бүр нэг төгсөгч лекц уншиж оюутан залууст энэ салбарын шинжлэх ухааны талаар мэдлэг олгохоор болж.

Төгсөлтийн ойн эцэст дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа ангийнхнаа цуглуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ (II)

Түрүүч нь 192(6293) дугаарт


Ардын уран зохиолч Д.Цоодол төрсөн бууцан дээрээ. 2019.09.09

Элчин Самбуу гуай ирэх буцахдаа оройд нь гарч, овоонд нь чулуу өргөөд хөдөлж асан Талын толгой хөх усан зэрэглээнд өндөлзөн байна. Талын толгойг холоос харахад жижигхэн, гэв чиг дээр нь гараад тэргүүн овоо юуг нь түшин зогсохуйд зөвхөн Бүрэнгийн нутаг төдийгүй Эрдэнэсант, хойд урд Өнжүүл, Өндөрширээт, Дэлгэрхааны уулс цэнхэрлэн харагдана. Монгол найргийн тамгатай түшээ Дөнгөтийн Цоодол аваргыг сугадаад Талын толгой дээр гарлаа. Талынбулагийн айлууд гангар цагаан хун шиг энд тэндгүй цавцайн харагдана. Айл бүхний гадаа адуу мал багширч, салхины үзүүрээс айрагны үнэр сэнхийх нь сайхан. Баруун урдтай Баян уул, наана нь Ихэр зараагийн бууц, тэгээд Жавхлант гэж жавхлантай уул, урдуураа дамнаад ирэхээр Хар чулуу, Хадан чулуу Өршөөлтийн өндөр илхэн. Тэртээд Дэлгэрхааны хойд талын Тарамцагийн нуруу цэнхэртэнэ. Баруун хойно, Эрдэнэсантын урд руу, Дэндэвийн Пүрэвдорж гуайн нутаг Өвөрхангайн Бүрдийн наахна домогт Батхаан уулын бараа тодорч бүдгэрэн сүүмэлзэнэ.

Мөөеө аварга Цоодол зохиолчид “Бид хоёр чинь нэг хошууны хүмүүс” гээд ихэд аминчирхдаг байсан гэдэг. Ус нутгийг нь ийн халиаж зогсохуйд энэ аваргууд чинь яах аргагүй Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууныхан ажээ. Сумын төвийн хойшоо Бүрэнгийн уулс ханарна. Бодонгийн хэц, Баян гуна гээд шовх өндөр уулс, мөн залгаад Далантүрүү, Дулааны уулс намрын хонгор наран дотор дуниарч солонгорно. Энэ бол Монголын тайз дэлгэцийн урлагийн суу билэгт хөвгүүн, төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Гомбожавын Гомбосүрэнгийн нутаг билээ. За тэгээд өнөө аварга Монголын уул, бүсгүй хүний сахиустай гэгддэг Онгонхайрханы зосон улаан өнгө туяаран шаргалтаж байгаа юм. Энд бас л их урлагийн сор болсон бурхад төржээ. Ард олонд “Итгэлт баян” гэж алдаршсан ардын жүжигчин Аюурзанын Очирбат, “Улаанбаатарт байгаа миний аав” киноны гол дүрээр олны сэтгэлд мөнхөрсөн алтан үеийн нэрт жүжигчин, гавьяат Рагчаагийн Дамдинбазарын нутаг гээд бодохгүй юу. Талын толгой дээрээс зүгээр нэг эргэн тойрон дахиа ажаад зогсож байгаа юм биш л дээ. Их уулсын гэгээн дүрийг харж, их уулсын төрүүлсэн гэгээн бурхдыг бодож сэтгэл долгилж зогсоо минь энэ.

Онгонхайрханаас жаахан цаашлаад урд үзүүрээр хойд, урд Өнжүүл, Бичигтийн уулс үзэгдэхүйд Монголын яруу найргийн оргил Бавуугийн Лхагвасүрэн сэтгэлд бууна. Өнжүүлийн цэнхэр уул хонгор намрын салхинд хөхөрч харагдана. Бараа бараандаа төрсөн яруу найргийн бурхад Цоодол, Лхагвасүрэн хоёр сэтгэл нэг явсан. Тэр жил Цоодол багшийн “Миний муусайн найз нарын анхдугаар чуулган” үдэшлэг дуурийн театрт болоход Лхагвасүрэн гуай яруу найргийн шилмэл ботиудаа тэвэрчихсэн “Цоодолынхоо цэнгүүнд би ирэхгүй бол Бүрэнгийн улаан уулс намайг таалахгүй” гэж хэлээд толгойгоо сэжлэн зогсож байсан сан. Үнэхээр л Бүрэнгийн улаан уулс, Өнжүүлийн цэнхэр уулс залгаа оршиж, бараа бараагаа харж баясдаг байх нь. Зүүн талд Төхөмийн цагаан нуурын дээгүүр Сундуйн гозгор, Эрдэнэ хангайн уулс ханарна. Ерөөлийн сайхан нэртэй энэ их уулс бол Монголын бурхан шашинтны тэргүүн их хамба Чойжамц хамбын унасан газар нь. “Хоёр Өнжүүлийн хоорондох Тээгийн хөндий яалт ч үгүй Чой хамбын нутаг” гэж Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий гээд хэлчихэд болох Дэндэвийн Тогмид ах хэлнэ билээ. Хуучин Өнжүүлийн хүн тэрээр Бүрэнгийн хүргэн, бүр ойртуулбал Талынбулагийн хүргэн аж. Цоодол ах, Цэвэлмаа эгч хоёрыгоо ирлээ гэж баярлаад гэргийгээ дагуулан Талын толгой дээр хүрч ирсэн. “Баруунаасаа нар зөв тойрч ханарах энэ их уулсыг урдаас нь бүгдийг нь харж байгаа нь миний Булгуудын хэц дээ” гэж ардын зохиолч бахтай нь аргагүй хэлсэн.

Талын толгой дээр нь гарсных Жамсрангийн Самбуугаа дурсахгүй өнгөрч болохгүй. Багш минь Самбуу гуайнхаа тухай “Алтан аягат хаан буюу хүрээчин Самбуу” гэж бичиж л байсан. Мөн “Элчин Самбуу” гэж жигтэйхэн монгол дууль бичиж л байсан. 1954-1972 оныг хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан тэрээр хөх үйтэн хуар дээл, цагаан сийрсэн малгайтай гуухгар хар хүн Бүрэндээ очно. Өвгөдөд хатуу юм амсуулж, бороо ногоо, мал хуйгаа ярьж сууна. “Сархинаг тоонотой, утаа тортог болсон их том хар гэр зүүн баруун шандын нэгэнд тошиж яваа сарлагийн бух шиг нэвсийж байдаг сан” гэж нутгийнхан нь хэлдэг. Туваан гэж адгуу ууртай хөгшин адуу мал үргээлээ хэмээн өнөө шүтээн Самба сайдынхаа араас салтаагаараа шороо цацсан тухай яриа гараадахав. Ямар учиртай юм, яагаад тэгсэн юм бол гээд багшаасаа асуулаа.

Самбуу гуайн эртний танил ерээд настай Мятавын Туваан гуайг энгэрээдээ асгарсан хүрхрээ мэт цагаан сахлаа шувтраад Самбынхаа тухай ярьж байсныг нь Цоодол зохиолч тэр жил Бүрэнгийн төвд Дорждэрэмийнд сонсчээ. Туваан гуай “Самбуу эрийн ханилгаагаар гойд хүн сэн. Тэр жил би нэг муухай “хэрэг” хийчихээд одоо болтол гэмшиж явдаг юм. Жараад онд юмдаг. Манайх Түмийн адагт гүүгээ барьж байлаа. Зуны аагим халуунд эмнэг унага уяж, олон эмнэг байдас богочилж чөдөрлөөд арай гэж дуустал манайхны хойноос шилэн форд гэнэт гараад ирэв. Адуу үргэж зэл авахуулаад бөөн ажил боллоо. Би уур хүрээд араас нь салтаагаараа шороо цацчихсан юм. Хүн бүр намайг загналаа. Шоронд орох байх л гэнэ. Хаан руугаа салтаагаараа шороо цацаж байдаг, мөн таарсан хүн юм, арай л хэрээс хэтэрлээ, энээ тэрээ болов. Удалгүй миний уур ч гарлаа. Ичдэггүй золиг чинь архи горьдоод оройхон тэднийд бууж билээ. Самбуу намайг загнах байтугай адуу үргээж ажил удлаа гэж харамсаж суусан сан. Мал мэддэг ухаантай хүн тийм сайхан” гэж Туваан гуай хуучилжээ. Самбуу гуайтай холбоотой яриа үүгээр тасрахгүй. Зайдан тэмээнд сундлаад Магнай, Жаран, Арвин бор толгойгоор зээр эргүүлж явсан өнөө “тэнэг” Зундуйгаас гадна бас дахиад “муухай” Гомбын тухай яриа гараад ирэв. Монгол төрийн тэргүүн Самбуу Бүрэн сумын хоршооны манаач “Муухай” Гомботой шатар нүүгээд салдаггүй гэнэ. Ядахад цаадахынх нь бохир завааныг нь яана гэнэ. Сумын дарга нь гар хуруугаа угаа гэж хөөж туугаад, түүнийг нь мэдээгүй Самбуу гуай “өнөө Гомбо хаачив, бушуухан олоод ир” гэж хойноос нь жолоочоо давхиулж юм юм л болдог гэдэг. Дайны дараа оросууд Самбуу гуайд нэг алтан аяга өгсөн юм гэнэ лээ. “Тэр аягаараа дүү минь надад дарс хүртээлээ” гэж олоон жилийн өмнө ах Чимэд нь ярихад түүнийг дуулсан Маналжавын Батсүх гэдэг хүн “Манай голоос төрсөн алтан аягат хаан” гэж нэрлээд үндэсний үзэл гаргав гэж зэмлүүлж байсан удаатай. “Алтан аягат хаан” гэж Самбуугаа Цоодол нь бичсэн нь ийм учиртай байх нь.

Талынбулагийн эхний бууцанд намаржиж буй Амгаагийн Намсрайнд буулаа. Намсрай бол Цоодол найрагчийн гэргий Цэвэлмаагийн төрсөн эгч Чилхаажавын хүү юм. Өршөөлтийн хийдийн хамба Гомбодаш гэлэнгийн хүү Амгаа унзад гэж бурхны номонд нэвтэрсэн, хажидын цээжтэй хүн байжээ. Эцэг өвгөдийнх нь үе дамжиж ирсэн номын алтан баринтгийг хадгалж, бурхан тахилынх нь гал голомтыг сахиж яваа хүн нь Намсрай. Цэвэлмаа эгч төрсөн голомтдоо, төрсөн гэртээ ирээд бурхан тахилдаа сүслэн мөргөж, аав ээжийнхээ гэгээн дүрийн өмнө хадагтай золгож байна. Намсрай ахынх гүүгээ барьчихсан, намрын шар наранд уягдсан номхон унаганууд мөр мөрөө түшин зогсоцгооно. Цоодол найрагч, Цэнджав ах бидэн гүүн зэлэн дээгүүр алхалж адууны цагаан тоосон дунд хийморь сэргэж явлаа. “Цоодол ахыг ирнэ гэж дуулаад айргаа уугаад үзтэл нэг л биш шиг санагдаад. Ахдаа арай ч ийм айраг уулгахгүй ээ. Талынбулагийнхаа айргийг санаж ирж байгаа гэж бодоод Дамбаагийнх руу гараад шогшуулчихсан. Тэднийхээс хөрөнгө авч айргаа сэлбэлээ” хэмээн Намсрай ах хөлс алгадаад ярьж байна. Тэдний айраг онцгой сайхан байна. Адууч аавын хүү би гүүн зэлэн дээр зогсож ахуйд айраг ч гэж аргагүй Бүрэнгийн айраг, намар ч гэж аргагүй Бүрэнгийн намар байна даа хэмээн уяран бодсон. Шар халзан хөхүүр ханын толгойноос өлгөөтэй байгаа нь сайхан харагдсан. Одоо ч ихэнх айл 100-гийн хөх пойшгонд айргаа исгэдэг болсон цаг.

Гэрийн эзэнтэй хол ойр олон зүйлийн тухай ярилаа. Савлхийвэл амнаас нь “Талынбулаг минь” гэх үг ургана. Жилийн дөрвөн улиралд булаг ижийгээ хөхөж яваа хүмүүн. “Нутаг ус гэдэг аав ээжээс ялгаа байдаг юм уу. Сумын төвөөс мордоод Талынбулагаадаа гэлдэрч явахад бүгдийг нь таньдаг өвөө эмээгийнхээ өвөр дээгүүр хөлбөрч яваа юм шиг санагддаг” гэж нулимс гармаар үг хэлсэн. Талынбулагийн унаган хүүхэд ингэж хэлэхээс яахсан билээ. “Цоодол ах намайг сургуульд ороогүй жаахан байхад л манай хүргэн болсон хүн. Төрийн шагнал аваад, “Болор цом” аваад, соёлын гавьяат болоод, ардын уран зохиолч болоод тэр бүрийд нутагтаа ирж байлаа. Цоодол ахыг Талынбулагтаа ирнэ гэхээр сэтгэл нэг л сайхан. Манай нутаг усныхан ахад минь арай ч дэндүү хайртай, ах минь Талынбулаг, Булгуудын хярдаа бүр чиг их хайртай” гэж хэлэхэд нь өнөө аварга зузаан линзтэй шилний цаадах зөөлөн тунгалаг нүдэнд нь нулимс гүйлмэгнэж харагдана билээ. Багштай минь холбоотой өөр гоё дурсамж хэлээч гэхэд, үл ялиг инээмсэглэл татуулаад “Би хоёрдугаар ангидаа аймгийн төвд Цоодол ахынд сууж байлаа. Ах тэр үед хотын эвлэлийн хороон дарга, лут хүн. Тэмүүлэн, Хулан хоёрыг би хардаг ажилтай. Гэрээ их санана. Орондоо шээгээд л байж байсан, гоё дурсамж гэвэл энэ л байна” гээд маасайх нь тэр ээ.

“Төхөмийн цагаан нуур минь дүүрэн сайхан. Хэдийд ч давхиад ирэхэд Булаг минь ундарч, ус гол минь мэлмэрч, нуур минь цэлэлзэж угтдаг. Төхөмийн цагаан дэрсэнд хургаа хариулж явлаа. Олон цагаан хурга байтугай би өөрөө ч харагдахгүй далд ордог тийм л өндөр сайхан дэрс” гэж найрагчийн гэргий Амгаагийн Цэвэлмаа хэлж байна. Хөгшинтэйгөө хамт халуун голомтдоо ирсэн тэрээр нүүр дүүрэн жаргалтай сууна. Ундтай устай, тас тас инээд алдсан хичнээн сайхан хүн билээ. Залуудаа урт хархан гэзэгтэй, усгал хархан нүдтэй дэгжин гоё бүсгүй явсан гэдэг. Одоо чиг дутах юм алга аа. Эрхэмсэг намбатай хийгээд намжиртайхан харагдана. Манайхан Хулан найрагчийг сайхан бүсгүй гэдэг, үнэн л дээ. Гэхдээ ээжийг нь харвал яах бол доо гэж хааяа бодогддог л юм. Хулан найрагчийн Далай ламтай авахуулсан зураг хоймрынх нь авдар дээрх жаазанд харагдана. Намсрай ахын хэлснээр тэрээр хүүхэд гаргатлаа л Талынбулагтаа эмээ өвөөгийндөө байж Талынбулагийн намар, Талынбулагийн найрыг жинхэнэ мэдэрсэн нэгэн. “Батхаан уулын буга” гээд олон сайхан шүлгээ аавынхаа нутгаас, эмээ өвөөгийнхөө голомтноос олсон байх. Намсрай ахынхаас хөдөлж саахалтын хэртээ давхиад Дорждэрэмийн Өлзийдалайн гадаа буулаа. Айлын эхнэр нөхөр хоёр гүүн зэлнээсээ наашаа айсуй. Айраг нь мөн л сайхан.

Их хэлмэгдүүлэлтийн баривчилгааны үеэр Бүрэнгээс 300 гаруй лам нарыг бариад явсан юм гэдэг. Тэдний нэг Лувсандондог гэж тайж ялаа эдэлж дуусаад Булгуудын хярдаа иржээ. Тэрээр Булгуудын хярынхаа айлд бууж айраг уугаад “Мөн байна, манай Булгуудын хярын айраг мөн байна” гэж хашгирах шахам хэлээд учиргүй уйлсан тухай яриа байдаг. Тэр олон жил шоронд яс суухдаа Булгуудынхаа хярын айргийг л санаж байж, хөөрхий минь. Тэгэхээр Булгуудын хяр, Талынбулагийн айрганд бас л нэг учир бий. Булгуудын хяртай Дундговийн Эрдэнэдалай залгаж оршдог. Төмөр замын Раш, Дундговь нутгаас төр түшилцэж явсан, монгол төрийн тулхтай сайхан түшээдийн нэг Норжмаагийн Тогтох гээд Эрдэнэдалайнхан Цоодол найрагчтай нэг дорынх гэж ярьдаг. Эрдэнэдалайг айраг адууны орон гэж хэлдэг нь цаана нь Бүрэнгийн нэр байдаг байх нь. Өлзийдалайн гүүн зэлнээс хөдлөөд Талынбулагийн арын бууц буюу ардын зохиолч Дөнгөтийн Цоодолын хүй цөглөсөн бууцанд нь очлоо. “Авто механикийн сургуульд орохгүй. Би хотод юм бичдэг зохиолч, сэтгүүлч хүн болно” гэж тэртээ жараад оны эхээр 16 настай хүү хар жигүүн тэрлэгтэй Талынбулагаасаа гарсан. Тэгвэл ард түмний хайртай найрагч болоод ажаагийнхаа үеийн аргил өвгөд шиг дүнжгэр сайхан эр болчихоод буурал халимагтай, дал хол гарсан өвгөн найрагч ийнхүү бууцандаа ирж хөрвөөлөө.

Монгол найргийн энэ их оргил тэртээ дөчин дөрвөн оны алдарт мичин жилийн зуднаар ижийнхээ гэдсэнд сумаасаа хойш Уулынхаанд өвөлжсөн байдаг юм. Дөнгөт ажаагийнх зудын хөлд ширвэгдэн хамаг малаасаа салж, дөчин таван оны хавар зуны заагаар энэхүү арын бууцанд ирээд буухад нь Цоодол найрагч төрсөн түүхтэй. Нар зөв уйлан тамгатай, улаан бор олон азарга адуунаасаа ердөө гуравхан бор морьтой үлдэж байсан гэх. Тэгэхэд аливаад барьц алддаггүй ажаа нь гол горойсноо хэлж, гэхдээ Булгуудын хэц маань байхад болно доо хэмээн уужирч байснаа дурсчээ. Багшийг минь улаан цурав юм ижийгээсээ төрөхөд жоожоо Чойжамц гэж хөгшин шөлний хонь төхөөрч, Самбуу гуайн далан насны ойд уригдан дуулж байсан Хишигтийн Дэндэв нэрийг нь өгчээ. “Яагаад чамд Цоодол гэдэг манай нутагт байдаггүй этгээд нэр өгсөн юм бэ гэвэл манайхныг Уулынхнаас буцаад нүүж явахад Өвөрхангайгаас адуу эрж яваа гэж сульдсан морьтой хархүн ирж хоносон юм. Би дуншиж өвдөөд нутгаа хүрэлгүй төрчих юм биш байгаа гэж айж байтал тэр хүн зоосдоод “Нутгаа хүртэл алзахгүй ээ. Хүү төрнө. Тэгвэл манай нутгийн Цоодол гэдэг нэрийг өгчихөд гэмгүй юм байна. Та нарыг зовоохгүй хүн болно. Өссөн хойноо л гэртээ тогтохгүй юм байна” гэсэн юм. Хэлсэн бүгд нь үнэн байсан. Миний хүү хамрын ханиад хүрч ажаа ижийгээ зовоосон биш дээ гэж ижий минь хэдийнэ буурал орчихсон хүү намайгаа магтаж суудаг сан” хэмээн багш минь төрсөн бууцнаа уяралтайгаар хэлсэн. Явуулын тэр хүн яасан ч үнэн хэлсэн юм бэ дээ гэж уяран өгүүлсэн.

Өчүүхэн миний бие ийнхүү өндөр багшийнхаа төрсөн бууцан дээр нь мөрийг нь түшээд зогсож байна. Тэр жилийн намар Долгорын Нямаа ахтайгаа Дэл Хөнжлийнх нь уулсаар хамт явж Хирс таван толгойн Үүдэн бууцанд нь очиж билээ. Мөн Их газрын чулуу, Билгэх хайрхнаар галигуулан Долгорын Цэнджав ахын бууцанд очиж, мань аварга хөрвөөж л байсан. Хоёр жилийн өмнө их Лодойдамба гуайн төрсөн бууц Хантайширын Сүхийн хоолойд нь зогсож байлаа, дараахан нь цас будагнасан намрын тэр орой монгол найргийн дархан цэц Пүрэвдорж гуайнхаа Эрээн уулын хормойд Хажуу булгийнх нь буурал хондонд очиж байлаа.Багштайгаа, агуу их Сүүеэтэйгээ Явуухулан найрагчийн Тасархайн бууцанд “Би хаана төрөө вэ” шүлгийг нь уншиж явлаа. Урианхай ахын “Инээд шиг хуучин хүний амьдралд” шүлэг нь “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтаж тэрхүү баярыг “Хатанбаатар” Лхагвын Эрдэнэбулган анх санаачлан идэр есийн жавар гялганасан дүн өвлөөр Бугат суманд нь хийхэд Ханжаргалант хайрхан, Чачиртын шар ширэнгэд нь очиж шүлгээ уншиж явжээ. Монголын их яруу найргийн бурхдын төрсөн газарт шүлгээ уншиж онгод цалгиаж яваа хувь заяагаа өндөр багшийнхаа Бүрэнгийн тэнгэр дор бодохуйд уйлмаар чиг болсноо нуух юун.


Categories
мэдээ цаг-үе

Урлаг судлаач, багш М.Аминаа: Хүмүүс “Монголынхоо урлагийг судлахгүй юм уу, өвөөгийнхөө “Өвгөн хуурч”-ийг тайлбарлаач” гэж асуух нь бий!


“Синдром Арт шоу”. Ийм этгээд, сонин нэртэй урлагийн лекц дуулиан шуугиантайгаар саяхан болоод өнгөрлөө. Монголд урьд өмнө нь болж байгаагүй уг арга хэмжээг Урлаг судлаач М.Аминаа хэмээх “бие жижигтэй ч бэлчээр томтой” нэгэн бүсгүй зохион байгуулсан юм. Дүрслэх урлаг , дизайны “Анима” сургуулийн багш тэрээр Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн гуайн зээнцэр гэдгийг хэлэхэд илүүдэхгүй санагдана. Бидэнд хэдийнэ танил болсон “Өвгөн хуурч” бүтээлийг зурсан, зураач Ү.Ядамсүрэн гуайн Монголын урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нэрлэвэл баршгүй. Харин түүний үр удам ийнхүү үйл хэргийг нь тасралтгүй үргэлжлүүлэн, хөгжүүлж яваад талархах сэтгэл төрснийг нуух юун.


-Магадгүй ярилцлага бүхэн таны өвөөгийн талаар асууж эхэлдэг байж мэднэ. Учир нь алдар нэртэй хүний үргэлжлэл байна гэдэг нэг талаараа их хүнд ачаа байх. Гэхдээ энэ удаа урлаг судлаач, багш М.Аминаагийн талаар илүү ихийг мэдмээр байна?

-Монголын хамгийн анхны Ардын зураач Үржингийн Ядамсүрэн гэдэг том хүний нэрээр манай гэр бүлийнхэн овоглож явдаг. Монголын зураач, урчуудын эвлэлийн тулгын чулууг тавилцсан түүхэн хүний үргэлжлэл байна гэдэг сэтгэл зүйн хувьд их том ачаа болдог нь үнэн. Тийм гайхамшигтай хүний үр удам муу амьдрах, муу нэртэй явах нь зохисгүй. Миний өвөө 1986 онд таалал төгсөж, 1991 онд би төрсөн. Тиймээс би өвөөгийнхөө өвөр тоглож өсөөгүй л дээ. Гэвч би түүний гэргий, Монголын зээгт наамлын урлагт хувь нэмрээ оруулсан Люня эмээгийнхээ өвөр дээр өссөн. Өвөөгийн уур амьсгал одоо ч манай гэр бүлд мэдрэгддэг юм. Түүний эдэлж хэрэглэж асан зүйлс, ховор нандин цуглуулгууд, захиас үгс гээд л. Өвөөгийнхөө бий болгосон дэг сургуулийн дагуу манай гэр бүл бүгдээрээ урлагийн хүмүүс, зураач нар байдаг. Оросын зохиолч И.С.Тургеневийн “Эцэг, хүү” зохиолд “Нэг үеийнхэн алддаг, тэр алдаагаа дараа үеийнхэндээ захиж хэлдэг ч дараа үеийнхэн нь суралцдаггүй, өөр өөрийнхөөрөө алдсаар л байдаг” гэж гардаг. Тэгэхээр би бас л нэг дараа үеийнх нь алдаа гаргаж яваа төлөөлөл юм л даа. Огт алдаа гаргалгүй, цагаан цаас мэт амьдарч, өвөөгийнхөө нэр төрийг өргөж явна гэж угаас байхгүй шүү дээ. Аминаагийн хувьд гэр бүлээсээ авсан зүйл маш их. Хар нялхаасаа л урлагийн тогоонд буцалж өссөн хүний хувьд сэтгэл зүй, үзэл бодол гээд яг л урлагийн хүн шиг төлөвшсөн. Өвөөгийн хувьд их намуухан, төлөв төвшин, тогтуун хүн байсан бол би эсрэгээрээ. Их сахилгагүйн дээр яг л өөрийнхөөрөө амьдардаг. Ямар сайндаа л 10-н жилээ төгсчихөөд их сургуульд оролгүй бүтэн нэг жил анархист маягаар амьдарч байх вэ дээ. Дэврүүн сэтгэлтэй, эмоци ихтэй, ямар нэг хайрцагт баригдахгүй гэсэн үзэлтэй, амьдарлынхаа зарчмыг эрх чөлөөтэй тал руу нь дөвийлгөж явсан цаг үе надад бий. Урлагийн нөлөө энд маш их.

-Өвөөгийнхөө бүтээлийг хэзээ судлах вэ. Ажиглаад байхад дандаа дэлхийн энтэй уран бүтээлчдийг танилцуулж, бүтээлийг нь судалсан харагддаг?

-Хүмүүс яг ингэж асуудаг. Монголынхоо урлагийг судлахгүй юмуу? Өвөөгийнхөө “Өвгөн хуурч”-ийг задлаад тайлбарлаач гэх мэтээр. Гэтэл хүн хамгийн сайн мэддэг, хайрладаг зүйлээ нандин байлгахыг хүсдэг. Монголын урлагийг дэлхийд таниулах, өвөөгийнхөө уран бүтээлийг судална гэдэг багаар бодоход докторын зэрэг хамгаалсны дараа яригдах их чухал асуудал юм. Миний хэтийн зорилго гэж болно.

-Аминаа зураг зурдаг уу.Эмэгтэй хүнд урлаг гэдэг их харгис гэж би сонссон юм, энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Элэнц хуланц, эмээ өвөө, ээж аав, ах дүүс гээд бүгд зураач. Би л ганцаараа зурдаггүй. Ямар сайндаа манай гэрийнхэн “Зурж чадахгүй болохоороо зураг шүүмжлэх гээд урлаг судлаач болчихлоо” гэж шоглодог юм. Би ээжийнхээ сургуульд нэг жил зургийн ангид нь суралцсан л даа. Надад зургийн авьяас байсан ч судлал тал нь илүү их сонирхол татсан. Уран зургийн ертөнц надаар дутахгүй шүү дээ. Леонардо Да Винчи, Ван Гог, Микеланжело төрчихлөө. Гэтэл тэд нарыг үзэх үзэгчдэд тайлбар хэрэгтэй. Би зураач, зураачдын бүтээл, үзэгчдийг холбох гүүр байхыг илүүд үзсэн юм л даа. Эмэгтэй хүнд урлаг “харгис” гэдэг нь үнэн. Би үүнийг хувийнхаа амьдрал дээр мэдэрсэн. Амьдрал зохиож үзээд 100 хувь гэр бүлийнхээ амьдралд цаг гаргах их хэцүү байлаа. Тиймээс хэн нэгнийг илүү их гомдоохоосоо өмнө, мөн залуу байгаа учраас урлагаа сонгосон доо.

-Таныг тун удахгүй ОХУ И.Е.Репиний академид суралцахаар явна гэж дуулсан?

-Репиний академи бол миний мөрөөдөл. Миний ээж Репиний академи, өвөө Сурриковын академийг төгссөн. Эмээ, эмээгийн дүү Туяа зураач мөн л Репиний академийг дүүргээд ирсэн. Тиймээс би дөрөв дэх үеийн төлөөлөл болж байна. Удмынхаа, улсынхаа нэрийг өргөхөөс гадна дэлхий нийтэд сонгодог урлагийг утгаар нь авч яваа тус академид сурна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Тантай ярилцахад их гоё, халуун сэтгэл мэдрэгдээд байх юм. Урлаг судлаач болоогүй бол ямар мэргэжилтэй болох вэ?

-Би урлагийг сонгоогүй, урлаг намайг сонгосон гэж хэлэх дуртай. Би 6 дугаар ангидаа хуульч, есдүгээр ангидаа банк санхүүгийн мэргэжилтэй болно гэж боддог байв. Түүнийхээ төлөө ч суралцаж байсан. Гэтэл хүнд хувь заяаны буюу бурхны дуудлага байдаг юм байна билээ. Хүн болж төрснийхөө хувьд хийх ёстой, гүйцэлдүүлэх зүйлс бий. Тэр нь мэдээж бидний дотоод сэтгэлийн хүсэл тэмүүллээс шалтгаална. Надад сонголт байсан. Гэвч би урлагийн хүмүүсийн амьдарлыг харж өссөн учраас тэнд миний орон зай байгааг ухаарч, тэнд би хэрэгтэй гэдгийг мэдэрсэн гэх үү дээ.

-Саяхан таны зохион байгуулсан “Синдром арт-шоу” хэмээх урьд өмнө нь хийгдэж байгаагүй урлагийн цогц арга хэмжээ боллоо. Яагаад энэ арга хэмжээг хийх болсон бэ?

-Лекц гэдэг өөрөө их уйтгартай үг л дээ. Лекцийг аль болох сонирхолтой байлгах гэдэг хүсэл эрмэлзэл манай 10 жилийн түүхийн багшаас улбаатай. Тэр багш маань хичээлээ маш уйтгартай заадаг байлаа л даа. МЭӨ-өөс эхлээд тэддүгээр хуудасны “байжээ” хүртэл хуулаад бич гэх жишээний. Харин азаар нэг удаа өвөөгийн номын санг ухаж байгаад түүхийн маш гоё ном олж уншсан юм. Тэгээд л түүх гэдэг чинь тухайн багшийн зааснаас шал өөр, бүр эсрэгээрээ маш сонирхолтой болохыг өөртөө нээсэн юм. Уншсан түүхээ найзууддаа ярих хүсэл сонирхол төрж эхэлсэн. Мөн өөрөө оюутнуудад багшилж эхэлснээс хойш мэддэг зүйлсээ хүмүүст хүргэмээр болсон доо. Жишээ нь: Хүн алт оллоо гэж бодоход өөртөө хадгалаад л байвал утгагүй. Харин түүнийгээ бусдад түгээвэл хүн бүр ямар нэг зүйлийг бүтээж, бий болгож эхэлнэ. Оюуны баялаг яг л үүн лугаа. Олон хүнд түгээх тусам хамтдаа аз жаргалтай амьдарна.

-Маш олон хүн уг арга хэмжээнд ирсэн. Арт шоуны онцлог нь юу вэ?

-Дээр та хэлсэн шүү дээ. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй үйл ажиллагаа гэж. Тэр бол үнэн. 700 хүн ирж арт шоуг маань үзэж, өөрсдийн оюун санаанд хөрөнгө оруулалт хийлээ. Арт шоу маань маш олон төрөлтэй байсан. Урлагийн лекц, модерн бүжиг, богино кино, мексик үндэсний хамтлаг бүжиг, авианы урлаг буюу саунд арт, уран зургийн үзэсгэлэн гэх мэт сонирхолтой зүйлсээр дүүрэн байв. Урлагийн түүхийг уйдаахгүйгээр, унтуулахгүйгээр хэрхэн тавьж болохыг харууллаа. Хамгийн гол нь монголын уран бүтээлчид дэлхийн хэмжээний урлагийг хэрхэн өөрийнхөөрөө мэдэрч, Монголын хөрсөнд буулгасныг тэндээс харсан байх. Үүгээрээ бусад лекцүүдээс онцлогтой байлаа.

-Урлагийн лекцээрээ Винсент Ван Гог, Сальводар Дали, Фрида Кало нарыг онцолсон байсан. Мөн нэр нь ч сонирхол татаж байна?

-Тийм ээ. Нэрний хувьд “дром” гэдэг нь гүйх, хөдөлгөөн гэсэн үг. Ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөн гэнэт илрэх агшныг хэлж байгаа юм. Зураач нар хорвоо ертөнцийг жирийн хүнээс илүү мэдрэмжтэйгээр хүлээж авдгийнхаа хүчинд урлагийг бүтээдэг. Урлагийг бүтээж байгаа нь энгийн хэв маягт нийцэхгүй, хайрцагнаас гарсан зүйл байдаг учраас “Синдром” гэж нэрлээд,өдгөө ч олон хүний тархины түгжээг мулталж буй тод зам мөртэй уран бүтээлчдийг сонгосон. Ван Гогийн хувьд зураач хүн ямар байх ёстой вэ? гэдгийг харуулсан хүн. Тэрээр өөрийн карьерээ хөөгөөд мөнгөтэй болох замыг сонгож болох байсан ч тэгээгүй. Сайн дураараа урлагт өөрийн амь нас, эрч хүч, амьдарлыг зориулсан. Амьдралынхаа сүүлийн 10 жилд уран бүтээлээ туурвиж, 2000 гаруй зураг зурсан байдаг. Өдөрт 1-2 зураг зурж байсан гэж бодохоор маш их хөдөлмөр, эрч хүч, сэтгэлийн тэнхээ харагдаж байгаа юм. Авьяасаас илүү хөдөлмөр чухал гэдгийг ойлгосон бүтээлч байжээ. Түүний чихээ огтолсон түүх их сонин. Мэргэжил нэгт сайн найз Поль Гогентой урлагийг хөгжүүлэх нэгэн бүлгэм болж, уран бүтээлээ туурвихаар Францын өмнө зүгийн Арль тосгоны шар байшинд хамт амьдрахаар шийдсэн боловч нэг тэнгэрт хоёр наран мандахгүй гэдгийн үлгэрээр хоёр сарын дараа муудалцаж, зодоон цохиондоо хүрч. Угийн сэтгэл хөдлөл өндөртэй, эмзэг мэдрэмтгий Ван Гог найз руугаа сахлын хутгатай дайрснаа гэнэт ухаан орж, гэмшсэндээ өөрийн чихээ огтолсон гэдэг. Тасалсан чихээ өөрийн байнга очиж зураг зурдаг байсан биеэ үнэлэгчдийн газарт аваачин, Рашель нэртэй бүсгүйд бэлэглэсэн түүхтэй. Сальводар Далигийн хувьд өөрийнхөө хувь ертөнцийг олон нийтэд тулгаж чадсан зураач гэдгээрээ онцлог. Тэрээр маш ганцаардмал, нуугдмал байсны дээр маш олон төрлийн авьяастай хүн байсан. Түүний хачин жигтэй үйлдлүүд ардаа маш том филисофитой байдгаараа онцлог. Фридагийн хувьд 18 настайдаа автобусны осолд орж, амьд гарах найдлагагүй гэгдсэн ч сэтгэлийн хатаараа бүхнийг даван туулж чадсан гайхамшигтай эмэгтэй юм. Тэрээр ослынхоо дараа 35 удаа хагалгаанд орсон түүхтэй. Түүний нөхөр мөн л алдартай зураач байсан агаад тэдний хайр дурлалын ээдрээтэй түүхийг ирсэн хүмүүстээ тайлбарлан таниуллаа.

-Нийтдээ хичнээн лекц уншсан юм бэ. Залуухан, эрч хүчтэй ийм урлаг судлаач хүч түрэн орж ирж байгаад талархууштай санагдана?

-Баярлалаа. Сүүлийн хоёр жилд нийтдээ 100 гаруй лекцийг олон нийтэд толилуулсан байна. Анхны лекц маань “Шар хадны өвчтөн зураач”, “Мөөмний түүх” гэх мэтээр олны анхаарлыг татсан сахилгагүй нэртэй байлаа. Сүүлдээ “Урлаг амьдарлын талх уу? Дарс уу?” гэхчлэн олон талын анализтай лекцүүдийг тавьж эхэлсэн. Мөн Монголын уран зургийн галерейтэй хамтран 500 хүнд “Урлагийг ойлгохуй” лекц тавьсан нь үнэхээр олзуурхам амжилт байлаа. Энэ жилийн хувьд Францын дууч бяцхан шувуухай Эдит Пиафын тухай лекц маань хамгийн их сэтгэлд хүрлээ. Эдит Пиаф дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийнхөө нэр хүндээр олзны цэргүүдээ аварч гарч байсан түүхтэй. Тэр бүү хэл дайны үед түүний дууг сонссон хүмүүст эх орноо хамгаалах урам зориг орж байсан гэдэг. Энэ бол яах аргагүй урлагийн маш том нөлөө.

-Манай нийгэм өнөөхөндөө хөгжиж буй. Урлагийн лекц тавихад олон нийт хэрхэн хүлээж авдаг вэ. Өөрөөр хэлбэл танхим дүүрч байх юм уу?

-Аливаа улсын хөгжил хоёр зүйл дээр тогтож байдаг. Нэг нь материаллаг нөөц, нөгөө нь оюун санааны нөөц. Манай Монголд уул уурхай, бизнесийн орчин, мал аж ахуй гэх мэтээр материаллаг нөөцтэй. Харин оюуны боловсролын хувьд хөгжиж буй улс учраас хоцрогдсон тал бий. Ер нь бол оюуны нөөц сайтай, гүн боловсролтой байж л тухайн эд баялаг, хөрөнгөө хэрхэн зөв зарцуулахаа ойлгоно. Эдийн засаг, урлаг хоёрыг холбоотой хөгжүүлж, ижил түвшинд байлгаснаар улс орон хөгжингүй төлөвт очно. Жишээ нь, Австрали, Америкт татвар төлөгч нар орлогынхоо 15 хувийг урлагийн байгууллагад хандивласнаар татвараас чөлөөлөгддөг юм билээ. Энэ мэтчилэн системтэй хандвал хөгжлийн явц хурдсах боломжтой гэж боддог. Миний лекц харьцангуй олны анхаарлын төвд байж, эрэлттэй байгаа нь мэдрэгддэг. Түүнийгээ ч сая “Синдром арт-шоу”-гаараа батлан харуулсандаа баяртай байна.

-Европын нэлээдгүй орнуудаар судалгааны ажил хийж аялсан юм билээ. Урлагийн хувьд хамгийн их таалагдсан улс орон аль нь вэ?

-Тийм ээ. Европын Итали, Герман, Серб, Швейцарь, Франц гэх мэт голлох улсуудаар явж, судалгааны ажил хийсэн л дээ. Эндээс Итали улс маш их таалагдсан. Жижиг кафегаас өгсүүлээд л бүхэлдээ урлагийн хот юм. Тиймээс Итали руу хэд хэдэн ч удаа явсан. Хамгийн их догдлуулж, дулаахан мэдрэмж төрүүлдэг нь Оросын Третьяковын галерей юм. Тийшээ орохоор л Шишкин, Васнецов, Репин нарын зураг хараад л баймаар нөмөр нөөлөгтэй, дулаахан мэдрэмж төрүүлдэг дээ.

-Та дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуульд багшилдаг. Оюутнууд чинь танд их хайртай юм билээ. Яаж тэдний хайртай багш болсон юм бэ?

-Би өөрөө залуу хүн учраас зургаан жил л багшилсан туршлагатай. Анх багшилж байхад олон хүндрэл тулгарч байлаа. Би 152 см өндөртэй. Царай нь оюутнуудаасаа ялгарахгүй. Нэлээн өндөр өсгийтэй гутал өмсөж, нүүрээ сайн будаж байгаад л хичээлээ заадаг байсан. Би анхны хичээлээ таван хоног нойргүй сууж байж бэлдсэн юм. Өөрөө их сандруу, айдастай байсан учраас тэр. Гэтэл яг тэр өдөр манай нэг оюутан хичээл дээр босож ирснээ “Тас тавьчихаарай” гээд гараад явж билээ. Эрх мэдэл, сүрдүүлгээр хүүхдүүдийн хайр хүндлэлийг хүлээдэг цаг нэгэнт өнгөрсөн. Бид нар бол багш нараасаа айдаг, зодуулаад, занчуулаад сураад дууссан. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ маш өөр болсныг би мэдэрсэн учраас тэдэнтэй найз мэт харилцаж эхэлсэн. Учир нь “Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм” гээд итгэлтэй биш хүн хэлчихвэл хүүхэд сонсоод л өнгөрнө. Харин найз нь тэгж хэлвэл “Яагаад?” гэж асууна. Тиймээс би “найз шиг байх” гэдэг зарчмыг баримталдаг юм.

-Багш хүн гэдэг өөрөө үлгэр дуурайл байдаг. Таны хувьд багш нараасаа хэнийг даган дуурайж, хайрлан хүндэлдэг вэ?

-XVI зуунд Буддын шашин Монголд орж ирснээр лам төвтэй үзэл бий болсон. Тухайн үеийн лам багш бол хүүхдийг хар багаас нь хооллож ундалж, ном зааж, ажилд сургадаг хамгийн чухал хүн байсан. Нэг талаас эцэг эх нь лам багш бол ариун гэгээн хүн, нөгөө талаас хүүхдийнх нь зам мөрийг, цаашдын амьдрал, карьерийг нь зааж чиглүүлдэг хүн гэдэг утгаараа маш их хүндэлж дээдэлдэг байжээ. Орчин үеийн багш хүн бурханчлагдан шүтэгдэх гэхээсээ илүү мэдлэгээ дамжуулах үүрэг бүхий хүн байх ёстой болж байна. Миний хувьд олон сайхан багш нараасаа сурч мэдсэн зүйлээ боловсруулж, мэдлэгт хувиргасны үндсэн дээр хүүхдүүдэд дамжуулах үүрэгтэй гэдгээ би ухамсарладаг. Миний хамгийн эрхэм багш бол ээж. Миний ээж “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булган гэж эмэгтэй бий. Би сургууль дээр “Захирал аа” гээд гэртээ “Ээж ээ” гэж дууддаг. Намайг багаас минь дагуулж, сургасан даа. Хамтдаа ой модоор зугаалж, сургууль дээр нь өнжиж, тэр бүрийдээ оюуны боловсролыг минь зангидаж байсан юм билээ. Тав зургаан настайгаас минь л боловсролын минь суурийг маш сайн тавьж өгсөн. МУИС-д ороод зураач, урлаг судлаач Болдбаатар багштайгаа учирсан. Тухайн үедээ багшдаа дургүй байлаа. Биднийг хайрцаглаад, боогоод байгаа юм шиг санагдаад их гомдож явсан. Яг дөрөвдүгээр курс төгсөхдөө энэ багшаасаа их зүйл суралцсан гэдгээ ойлгосон юм. Хичнээн үзэл бодлын зөрчилтэй байсан ч маш их зүйлийг сурчээ. Мөн МУИС-ийн Хэрлэн багшийгаа дурдахгүй өнгөрч болохгүй. Хүүхэдтэй нэг бүрчлэн тулж ажилладаг тийм багш ховор. Энэ мэтчилэн олон сайхан багш нар минь байгаа.

-Урлаг судлаач хүнийхээ хувьд энгийн бидэнд ойлгогдохоор хариулаач. Урлаг гэж юу юм бэ?

-Бидний амьдрал тэр чигээрээ урлаг юм. Жижиг гэлтгүй бүх зүйлд урлаг шингэсэн байдаг. Жишээ нь, чупа чупс гээд иштэй чихрийг идэж үзээгүй хүн гэж лав үгүй. Гэтэл тэр чихрийн цаасны дизайныг мань Сальводар Дали гаргасан байх юм. Хүний сэтгэл зүй ямагт урлагаас шалтгаалж байдаг л даа. Гэртээ ямар чийдэн өлгөж, цонхондоо ямар хөшиг татсанаас шалтгаална. Гэр бол хүний тав тух, хамгаалагч цайз байдаг шүү дээ. Гэртээ амар амгалан, айдас хүйдэсгүй байж байгаад гадагшаа нийгэмтэй харилцахад ч урлаг үйлчилж л байдаг. Автобусны буудал ямар байх вэ? Байшин барилга ямар хэв маягтай байх уу? гэдгээс өгсүүлээд нүдээр хүртэж буй бүхэн урлаг юм. Гол нь таны сэтгэл зүрхийг түйвээгээд, онгичоод өөрөөсөө ч нуудаг айдас, стресс, бухимдал, зовлонг чинь гаргаж ирээд анагааж буй нь урлаг. Тиймээс урлагийг ганцхан үгээр “Эм” гэж ойлгож болно.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна.

Г.ЗАНДАНШАТАР: ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ

Тэрбээр 2019.09.27-ны өдөр Баянхонгор аймгийн “Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдэг брэнд бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.

Энэ жилийн үзэсгэлэнд Баянхонгор аймгийн 19 сумын 85 иргэн, аж ахуйн нэгж оролцов.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь хүнсний хангамж, үндэсний үйлдвэрлэлийн гол тулгуур бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох чухал салбар юм. Энэ утгаараа тус аймаг энэ оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлажээ.

Газар тариалангийн салбарт манай улсын ДНБ-ий 19 хувь, нийт ажиллах хүчний 30 хувь төвлөрч байна. Монгол Улсын Их Хурлаас сүүлийн жилүүүдэд хүнс, хөнгөн үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч байгаа юм. Аймгийн хэмжээнд 2017 онд төмс, хүнсний ногоо, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 57 орчим сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, 30 өрхөд газар олгож, гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байгааг аймгийн Засаг дарга хэллээ.

2018 онд мөн 30 өрхийг жимс, жимсгэнэ тариалах хөтөлбөрт хамруулсан байна. Түүнчлэн тариалан эрхлэгчдийн цахилгаан, эрчим хүчний шугамын асуудлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлж, “Баян-Өндөр Эрчим хүч” компанитай хамтран Бумбатын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тариалан эрхлэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй тоног төхөөрөмжөөр хангах, орчин үеийн стандартад нийцэх хүлэмжтэй болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогоо шинэчилсний дүнд дотоодын төмс, хүнсний ногоо, улаан буудайн хэрэгцээгээ бүрэн хангаж чадах хэмжээнд хүрсэн байна. Энэ бол Та бүхний хүч хөдөлмөрийн үр шим юм. Төрөөс цаашид хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлага байна. Хүн амын эрүүл мэнд, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангахад эрүүл хүнсээр ард иргэдээ хангах асуудал хамгийн чухалд тооцогдож байна. Ийм учраас тариаланчдаа дэмжих бодлогыг шат шатандаа анхаарах ёстой. Төрөөс татварын хөнгөлөлт, техник тоног төхөөрөмжөөр хангахад тууштай дэмжлэг үзүүлнэ. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Тиймээс иргэд ч дотооддоо тарьж ургуулсан эрүүл хүнсийг хэрэглэж байхыг уриалж байна” гээд нийт тариаланч, үйлдвэрлэл эрхлэгчдэд ургацын баярын болон олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар болон албаны хүмүүс үзэсгэлэнд оролцогчидтой уулзаж, ярилцлаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн нийт сумдын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллөөс гадна Төв, Дархан-Уул, Завхан аймгаас өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон бөгөөд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гар урлал, модон урлал, эмийн ургамал, эсгий урлал, бэлэг дурсгал, хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэсэн байлаа.

ШУДАРГА НИЙГМИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛ, ЗОРИЛГО НЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Өлзийт сумын Ахмадын баярын үйл ажиллагаанд оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.

Өлзийт сумын Ахмадын хороо өнгөрөгч долдугаар сард 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Улсын тэргүүний Ахмадын хороо гэдгээрээ онцлог юм. Тус сум 3900 гаруй хүн амтай, 380 гаруй ахмад настантай бөгөөд 60-аас дээш насны 240 ахмад байдаг байна. Хамгийн ахмад нь энэ жил 105 насыг зооглож буй О.Доржхүү гуай юм. Өлзийт сумын Ахмад хороо 7 бүлэгт хуваагдаж, 14 хоногоор ээлжлэн үйл ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулдаг байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жил нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдад хичээлийн бүрэн хэрэгсэл бэлэглэлээ. Тус суманд энэ жил 6 нас хүрч, сургуулийн босгыг анхлан алхаж буй 53 сурагч байгаа аж. Дашрамд тэмдэглэхэд, УИХ-ын дарга Г.Занданшатар 1977 онд Өлзийт сумын сургуульд нэгдүгээр ангид орж байсан юм.

Ахмадуудтай уулзах үеэрээ тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Баянхонгор аймгийн Өлзийт суманд “Шинэ сумын төв” төслийг Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийгдэж байгааг УИХ-ын дарга тэмдэглээд, энэ бүтээн байгуулалтыг хийхэд иргэн бүрийн идэвх оролцоо чухал болохыг санууллаа.

Мөн тэрбээр, “Шударга ёсыг тогтоож, эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн тулд эрх зүйн шинэ хувьсгал хийх ёстой. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Шударга шүүхийг бий болгох, байгалийн баялагтаа иргэд өөрсдөө эзэн байх, хариуцлагатай парламент, тогтвортой Засгийн газар, өөрийн эрх мэдэл, хөгжлийн бодлоготой орон нутгийн тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээрээ батлуулахаар ажиллаж байгаа. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гээд Монгол төрийн төлөө, монгол хүний төлөө ажил үйлсэд ухамсарт амьдралаа зориулж, ХХ зууны түүхийг өөрсдийн гараар бүтээсэн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор сумын Шаргалжуут багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Иргэд хот тосгоны эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох, байгалийн баялгийг ашиглахдаа ард нийтээсээ асуудаг байх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зохицуулалт оруулж байгааг илүүтэй дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Шаргалжуут 8 дугаар баг нь 1400 орчим хүн амтай, 250 гаруй малчин өрхтэй, сумын хэмжээнд хамгийн олон малчин өрхтэй баг юм. Малжуулах төсөлд 16-34 насны 60 залуу гэр бүлийг хамруулжээ. 2017 онд тус багт улсын төсвийн хөрөнгөөр 75 хүүхдийн цэцэрлэг, 10 ортой хүн эмнэлэг шинээр ашиглалтад орсон. 2020 онд 240 хүүхдийн сургуулийн байрыг барихаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.