Categories
мэдээ нийгэм

Аврагч, гал сөнөөгчид туршлага солилцож байна

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль “Галын эсрэг хариу арга хэмжээ” сэдэвт сургалтаар дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.

АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нарын удирдан явуулж буй тус сургалтад ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид болоод Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн нийт 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар гал унтраах арга ажиллагаа, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангах сэдвийн хүрээнд харилцан туршлага мэдээлэл солилцох дадлагыг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдаас хууль бусаар төлбөр хураамж авсан, тамирын хувцас “шахсан” зөрчилд арга хэмжээ авлаа

СХД-ийн 12 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдэд 40,000 төгрөгөөр бие тамирын хувцас, сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35,000 төгрөг хурааж байна гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ. Шалгалтын явцад тус сургуульд биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК–ны үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

“Уудам Монгол” ахлах сургуулийн 19 хүүхэд өдрийн хоолноос хорджээ

“Фаунд таун” ресторанаас өдрийн хоол нийлүүлдэг “Уудам Монгол” ахлах сургуулийн 14 сурагч хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13-р хороо, “Цэцээ гүн” сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ.

Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллажээ.

“Уудам Монгол” сургуульд энэ сарын 11-ний өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдлоо.

Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Машбат: Ерөнхийлөгч саналаа татлаа гээд Үндсэн хуульд тусгагдсан заалтууд хүчингүй болохгүй

Улс төр судлаач О.Машбаттай ярицлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Энэ үетэй давхцаад Ерөнхийлөгч, АН-ын зүгээс төсөл, саналаа татсан. Ингэхээр Үндсэн хуульд асуудал үүсэх үү?

-Хөндлөнгийн саналаа татах нь тухайн хүний асуудал. Ямар нэгэн хууль зүйн үр дагавар байхгүй. Ерөнхийлөгчийн саналыг аль хэдийнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж хэлэлцээд, шүүхтэй холбоотой баахан заалтыг хасаад, намыг нийт сонгогчийн нэг хувийн дэмжлэгээр байгуулж болно гэж оруулаад санал хураадгаа хураачихсан шүү дээ. Тэрийг одоо буцаах аргагүй. Аль хэдийнэ Үндсэн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн болоод АН-ын төсөл тусчихсан байгаа. Одоо тэр заалт бол Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлт төслийн заалт, хэн санал гаргасан, тэрийгээ татсан уу, үгүй юү, хамаагүй болсон. Зүйрлэвэл, хоол хийж байсан хүн рүү давсаа нэм, давсаа нэм гэсээр байгаад давс нэмүүлчихээд дараа нь ер нь би давс нэм гэсэн саналаа татлаа гээд нэмэргүй, хоол аль хэдийнэ болчихсон. Харин давс нь таарсан уу, шорвог болсон уу гэдэг асуудал л үлдэнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хувьд Ерөнхийлөгчийн саналыг тусгаснаар төдийлөн жин тун нь хэтэрчихээгүй болов уу. Мэдээж эргэлзээ төрүүлсэн асуудал бий, судлаач хүн дандаа л эргэлзэж байдаг л даа.

-Ард нийтийн санал асуулгад Монгол Улсын засаглалын хэлбэр Ерөнхийлөгчийн байх уу, парламент байх уу гэх асуулга оруулах санал өргөн барьсан. Ийм зүйл хуульдаа байдаг уу?

-Ингэж санал авч болохгүй л дээ.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах болон бусад асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэдэг чинь шал өөр хоёр асуудал. Жирийн хүмүүс адилхан сонсогдоод байж магадгүй, гэхдээ хуульч хүнд бол огт өөр хоёр асуудал юм.

Манай улсын түүхэнд ард нийтийн санал асуулга цорын ганц удаа болж байсан. Монгол Улс тусгаар тогтнохыг ард иргэд нь дэмжиж байгаа эсэхийг ард нийтийн санал асуулга явуулж үзээд дэмжиж байвал хүлээн зөвшөөрье гэж Дундад иргэн улсын Засгийн газраас тулгасан, үүний хариуд 1945 онд ийм санал асуулга явуулж Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа нотолж, урд хөрш манай бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн юм.

Түүнээс өмнө нь ч, хойно ч огт санал асуулга явж байгаагүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүү хэл Үндсэн хуулийг өөрийг нь батлах эсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар асууж байгаагүй юм. 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, тэдгээрт оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг огт ард түмнээс асууж байгаагүй, ардын төлөөлөгчид л шууд баталж байсан юм.

Түүхэнд хоёр дахь удаагаа ард нийтийн санал асуулга болох гэж байна. Энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах эсэх асуудлаар явж байна. Энэ төслийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр хариултын нэгийг л сонгох юм. Энэ бол үнэхээр түүхэн үйл явдал. Ард нийтийн санал асуулгаар маш тодорхой, ац утгагүй зүйл асуух ёстой гэдэг наад захын шалгуур. Тусгаар тогтнох уу, үгүй юү? Төслийг батлах уу, үгүй юү? гэх мэт.

Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг маш ерөнхий асуулт юм. Ер нь бол баруунш явах уу, зүүнш явах уу гэж асуугаад байгаа болохоос уул руу авирах уу, ус руу орох уу, яг аль уул, яг аль ус вэ гэдгийг нь огт асуухгүй байна шүү дээ.

Ерөнхийлөгчийн засаглал гэж яг юугаа хэлээд байгаа юм бэ? Ерөнхийлөгчийн засаглал дотроо ядаж л хоёр хэлбэртэй. Америк маягийн, Франц маягийн гэж. Алийг нь хэлээд байгаа юм бэ?

Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлээ тэргүүлэх явдал Парламентын засаглалд ч байдаг, Науру бол парламентын засаглалтай улс, гэхдээ Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгоод засгийн газраа тэргүүлээд явдаг. Зарим оронд Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгоод Ерөнхий сайдаа санал болгож парламентаасаа сонгоод явдаг, тэгэхдээ гүйцэтгэх эрх мэдлээ тэргүүлж байна гэж тооцогдоод явдаг хэлбэр бий. Чех, Словак ийм тогтолцоотой.

Манайх ч ялгаагүй, Үндсэн хуулиа үзэх юм бол Ерөнхийлөгчийн тухай хэсэг гүйцэтгэх эрх мэдлийн тухай хэсэгт тэртэй тэргүй байгаа.

-Ерөнхийлөгчийн засаглалын тухайд?

-Манайхан заримдаа Ерөнхийлөгчийн засаглал гэдгээ сайн ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг Засгийн газрыг Ерөнхийлөгч удирдана гэсэн үг. Дотроо наанадаж хоёр янз байна.Америкийн тухайд засгийн газраа өөрөө толгойлоод явдаг, жишээлбэл Дарханы зам баригдахгүй байгаагийн төлөө Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой. Харин Францад бол ерөнхийлөгч нь ерөнхий сайдаа томилоод явдаг, өөрөө төрийн зөвлөл гэгч юмыг тэргүүлдэг. Гэхдээ ерөнхийлөгчийн үүрэг нь түүхэн улбаанаас хамаараад өөр чиг үүрэгтэй, жишээлбэл Хүндэт Легионы одон гэх хүлэг баатрын нийгэмлэгийн тэргүүн байдаг. Энэ нийгэмлэгийн тэргүүн нь төрийн зөвлөлийн гишүүн байна.Бас Шинжлэх ухааны академийн ректор нь төрийн зөвлөлийн гишүүн байна. Хүлэг баатрын тэр однууд нь санхүүгийн хувьд төсвөөс тусдаа, зохион байгуулалтын хувьд төрөөс тусдаа байдаг. Их бүдүүлэг жишээ татвал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн тэргүүн нь Ерөнхийлөгч байна, захирал нь төрийн зөвлөлийн гишүүн байна гэсэн үг. Хаантай байсан үеэс л уламжилсан тогтолцоо. Тэрнийх нь доор сайд нар нь яамаа тэргүүлээд Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг. Оросууд энэ загварыг авсан боловч Францын түүхэн уламжлалт тогтолцоо байхгүй учраас Ерөнхийлөгчийн улс төрийн золиосонд Ерөнхий сайдыг огцруулдаг болчихоод, одоо дийлэнх судлаачид энэ улсыг дарангуйллын зам руу орлоо гэж дүгнэдэг болчихоод байна.

-Ард нийтийн санал асуулгын талаарх хууль бий юу. Бусад улсад шууд ардчиллын хэлбэр гэгдэх ард нийтийн санал асуулгыг өргөн ашигладаг гэдэг.

-Тийм. Ард нийтийн санал асуулгын талаарх хууль гэж бий. Ялгаатай гэж яриад байгаа юмаа тайлбарлахыг оролдъё. Хүний асуултад хариулах, шийдвэр гаргах хоёр чинь өөр шүү дээ. Хэлбэр талаас нь харвал хоёр хүн ярьж байгаа юм шиг харагдаад адилхан байж магадгүй л дээ.

Яг үүн шиг, хэдийгээр ард нийтийн санал асуулга зохион байгуулалт, хэлбэрийн хувьд ижил боловч яг дээрхтэй адил ялгаатай асуудал юм. Ийм хоёр асуудлыг хооронд нь хольж бүр ч болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах явдал бол хэлбэрийн хувьд ард нийтийн санал асуулга боловч шийдвэр гаргах бүхэл системт процессийн зөвхөн нэг хэсэг.Энд батлах процесс явж байна.

Ард нийтийн санал асуулга өөрөө тусдаа бүхэл бүтэн систем байхгүй юу. Энд төрийн бодлогын тухай асуудлаар санал асуух ёстой, тэрнээс биш дахиж төртэй байх эсэхийг асууж болохгүй.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд гол тусгагдах заалтууд нь орж чадсан уу. Есөн гишүүн танхимаар ажиллах зарчмыг эсэргүүцсэн…

-Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тэдний шийдвэр бусдад таалагдах эсэх нь дараагийн асуудал, жишээ нь тэдний шийдвэр надад мэдээж таалагдаагүй, гэхдээ тэр миний л асуудал.

Засгийн газар тэнхимийн зарчмаар ажиллахгүй болсон нь харамсалтай. Засгийн газрын гишүүн нэг бүрийг парламентаас сонгодог улс дэлхий дээр манайхаас гадна хоёрхон байдаг. Нэг нь Ирланд, нөгөө нь Болгар. Болгар яагаад ийм систем авсныг мэдэхгүй, байдлыг нь харвал Засгийн газар нь манайхаас илүү тогтвортой байгаа юм харагдахгүй л байх шиг байдаг. Ирланд бол 1927 оноос ийм системтэй болсон, одоо бараг 100 жил болох гэж байна. Түүхийг нь харвал тогтвортой, тогтворгүй янз янз л байсан байдаг. Парламентын засаглалтай бусад бүх улсад Ерөнхий сайд нь хэнтэй хариуцлагаа хуваалцаж, хэнээр ажлаа хийлгэх, хэний өмнөөс парламентдаа зэмлүүлэхээ өөрөө мэддэг.

Манай тухайд бол танхимын зарчмаар ажиллана гэдэг бол сонгодог агуулгаараа Монгол Улсад огт хэрэгжиж байгаагүй систем. 1960 оны Үндсэн хууль Засгийн газрын гишүүн бүрийг АИХ-ын тэргүүлэгчдээс томилно заасан байсан. Өмнөх Үндсэн хуулиудад шууд заасан зүйл байхгүй байсан санагдаж байна.Тэгэхээр ийм тогтолцоо бол өмнөх үеийн Үндсэн хуулийн уламжлал болж 1992 онд батлагдсан бололтой юм. Өөрөөр хэлбэл, энэ тухайд хэвэндээ үлдлээ гэсэн үг.

-Засгийн газар тогтвортой ажиллаж чадах уу?

-Тогтвортой байдлыг хангахын тулд конструктив механизмыг, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулахын тулд шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт дэвшүүлэх хэрэгтэй гэсэн саналыг төсөлд өргөн барьсан. Ингэсэн бол харьцангуй тогтворжих байсан.

УИХ дээр энэ асуудлыг нэлээн шүүмжилсэн. Ийм тогтолцоотой болбол Ерөнхий сайд огцордоггүй болно гэж зарим нь эмээсэн, зарим нь Ерөнхий сайдыг огцруулж, дараагийн Ерөнхий сайдыг томилох үед эрх баригч намын ашиг сонирхол илэрхийлэгдэхгүй болох нь гэсэн.

Ингээд Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барихын тулд нийт гишүүний дөрөвний нэг, шийдвэрийг батлахын тулд нийт гишүүний олонх гэсэн хоёр нөхцөлтэй үлдсэн. Хамгийн гол нь шинэ Ерөнхий сайдыг томилохгүй 30 хоновол Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж хариуцлага тооцдог болж байна. Улс төрийн тэмцлийн золиос болгож Ерөнхий сайдыг огцруулчихаад хоорондоо учраа олж чадахгүй байвал Ерөнхийлөгч тараах нь байна. Цаашдаа олон суудал авах нам гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Энэ бол УИХ-ын хувьд их эрсдэлтэй механизм руу явж байгаа юм.

Энэ бол Засгийн газрыг тогтвортой болгохын тухайд бусад орнуудад бас л түгээмэл байдаг зохицуулалт.

-Шүүх эрх мэдэлд гол заалтууд орж чадсан болов уу?

-Гол заалтууд маань тусгагдсан. Илүү тодорхой дэлгэрэнгүй зохицуулалт хийх санаатай байсан. Ерөнхийлөгч тодорхой байж болохгүй, зохион байгуулалтын асуудлыг тусгаж болохгүй гэсэн. Энэ саналыг хүлээж аваад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн хариуцлагын хороог байгуулах зарчим, бүрэлдэхүүнийг томилох зарчмыг заасан. Цаашдаа УИХ-ын протоколыг үзээд эдгээр заалтын үзэл санааг органик хуульдаа шингээгээд явж болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан мэдээ

Энэхүү фельетон нь меламин агуулаагүй, бодит баримт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, консервант нэмээгүй, хүний эрүүл мэндэд хоргүй, бас ашиггүй….УМХГ-ын байцаагчийн тодорхойлолтоос

Муу мэдээнд дурладаг улсыг бүр гайхах юм. Хүүхдийн эндэгдэл, бурхан болоочийн эзлэх хувь зэргийг тоолж улсынхаа эзлэх байрыг ухраах хэрэг хэнд байна аа. Баримтыг өөрчлөхгүйгээр өөр өнцгөөс нь тоолбол хамаагүй сайхан мэдээ гарна шүү дээ. Ухаандаа “Өнгөрөгч онд манай орны 2,600.000 иргэн нас бараагүй” сайхан статистик байж л байна.

Мөнгөний ханшийг очиж очиж өнгөрсөн оны мөн үетэй ухрааж харьцуулан олон түмний сэтгэлийг булингартуулах хэрэг алга. Түүний оронд монгол төгрөгний ханш ирэх оныхтой харьцуулахад 50 хувиар чангарсан баярлууштай баримт бэлэн байхад.

Ер нь өнөөгийн бидэнд зориулж хэлсэн болуу гэмээр “Өнгөрснөө ярьдаг ард түмэн хоцрогдож ирээдүйгээ харсан улс хөгждөг” гэсэн эртний Грегийн мэргэн үг ч бий.

Манайхан бензиний үнэ өсч байна хэмээн бухимдахын оронд “Хойтонгийн өдий үеийг бодоход шатах тослох материалын үнэ 80 хувиар хямд” байгаад баясч яагаад болохгүй билээ?

Манайх ардчиллын жишгээр дэлхийд тэргүүлэх боломжгүй гэдгийг бодолцоод нийт ардчиллын төлөө тэмцэгчдээ хүн амдаа хуваагаад үзэх гэсэн чинь… урдаа тэгтэй бутархай тоо гараад болдоггүй ээ. Тэгвэл нэг шударга ёсонд ногдох шударга ёсны төлөө тэмцэгчийнхээ тоог гаргаад ирэхээр тэргүүлэх эгнээнд шууд орчихож болж байна.

Гэмт хэргийн салбар их онцлогтой. Дандаа буурсан үзүүлэлт чухал байдаг. Гэхдээ энэ салбарын тоо бүртгэлийг сайхан байлгах арга бас бий юм аа. Хулгай хийсэн хүний тоо өсч байгаа сөрөг үзүүлэлтийн оронд “хулгай хийдэггүй хүний тоо эрчимтэй буурч буй” статистикийг ашиглаж яагаад болохгүй гэж.

Муу мэдээг сайхан болгоод зогсохгүй, сайн мэдээг ч улам гоё болгох учиртай. Манай тамирчид олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль авлаа. Бид ч баярлаад л бие биедээ яриад байлаа. Тэгсэн чинь саяхан нэг хүнд “ Манайх хоёр алт олимпоос аваад. Мөн сайхнаа” гэтэл урдаас “тэгээд яачихаав” гэдэг байгаа. Энэ бол бид мэдээг улам сайжруулах тал дээр цаг алдсаны жишээ л дээ. Хоёр алт, хоёр мөнгөн медалиа АНУ, Хятадтай харьцуулаад авч үзвэл манай улс их хойгуур орж байна. Гэвч үлийн цагаан оготно тутамдаа харьцуулаад үзэхээр дэлхийд гуравт, цианиднатрит хордсон талбайдаа хуваагаад үзэхээр бидний урдуур гишгэх амьтан гарахгүй байгаа юм. Хувцсаа угааж өмсөж байж гоё харагддаг шиг мэдээг цаг тутам, минут тутам сайжруулж байж сонсголтой яруу, сэтгэл хөдлөм байдлаа хадгалдаг номтой.

Ер нь юмыг өөрийг нь сайжруулахын оронд холбогдох мэдээллийг сайжруулдаг арга нэн эртнээс улбаатай. Эдийн засагчид эрт дээр үеэс үүнийг нээгээд ард түмнээ жаргуулахад хэрэглэж ирсэн юм. Тэд “нэг хүнд ноогдох хүнс”-ний хэмжээ багасаад ирвэл “нэг хүнсэнд ноогдож байгаа хүн”-ий тоо өссөн гэдэг мэдээ тайлан гаргадаг, малынх нь тоо цөөрөөд ирэхээр толгойных нь оронд хөлийг нь тоолоод олон болгочихдог байж. Үнэн хэрэгтээ сайн, муу юм гэж байдаггүй харин сайнаар ба муугаар мэдээлэгдсэн юм л байдаг гэдээг. “Сүүнд хор байжээ” гэсэн өгүүлбэрийг “Хоронд сүү байжээ” болгож өөрчлөөд нэг унш даа, бараг л сайн мэдээ болчихож гэм.

Ер нь социализмын хүнд бэрх жилүүдийг манай ард түмэн “сайхан мэдээ”-ний хүчээр давсан юм шүү. “Ам нээвэл микрофоноо нээ” гэж өвөг дээдэс сургасан тул социалист, капиталист хоёр системийн хүнээ жаргаах аргачлалын ялгааг хэлээд өгчихье. Нарийндаа бол хүн л өөрийгөө жаргаана уу гэхээс хүнийг очиж жаргаадаг төр, нийгэм гэж байгаагүй юм л даа, гэхдээ яахав. Социализм бол “ард түмэн ирээдүйд ингэж жаргана, тэгж цэнгэнэ” гэж ухуулж жаргаадаг. Харин капитализм бол “ирээдүйтэй харьцуулахад чи ийм жаргалтай, тийм цэнгэлтэй байна” гэж ойлгуулдаг. Нэг хэсэг нь “жаргах юм байна”, нөгөө нь “жаргаж байгаа юм байна” гэж тус тус бодуулдаг ийм л онцлогтой.

Та нар аягүй сироозны юм ярьж байхад инээх гээд байх юм. Мэдээг сайхан болгох аргачлал хүн төрөлхтний амьдралыг гэрэл гэгээтэй болгож ирсэн түүхтэй юм шүү. Наад захын жишээ хэлэхэд бид чинь “Миний амьдрах хугацаа төдөн жилээр хорогдлоо” гэж тоолдоггүй, “амьдарсан жил минь төдөөр нэмэгдлээ” гэж тооцох аргачлалаар явдагтаа л жаргалтай байдаг аа. Ямрав даа, жанжин минь.

2009.11.17

Categories
мэдээ нийгэм

Зарим дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдэд санууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
10:30-20:00 цагт 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
10:00-18:00 цагт Гүнийн худаг, Хөнгөн цагааны үйлдвэр.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг эхэллээ

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд эхэллээ. Үзэсгэлэн-худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, зах зээлээ өргөжүүлэх, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлэх, шинэ зах зээлд гарах түншлэлийг бий болгох зорилготой арга хэмжээ юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Беларус улс түнш орноор оролцож байна. Тус улсын “Белаз”, Минскийн тракторын үйлдвэр, “Могилолифтмаш”, дарсны болон хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл ирээд байгаа аж. Мөн үзэсгэлэн-худалдаан дээр БНСУ, БНХАУ, ОХУ, Тайванийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 12-нд болох үйл явдлууд

09.00 цагт Төрийн ордонд Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган болно.

09:00 цагт “Corporate convention” төвд Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно.

09:00 цагт Засгийн газрын II байранд “OCLC WorldCat-Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” номын санч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно. Утас: 99849000

10.00 цагт Чехийн ЭСЯ-нд БНЧУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсын Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны санхүүжилтээр “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч гардуулах ёслолын ажиллагаа болно.

10:00 цагт ХНХЯ-нд “Жендэрт суурилсан хүчирхийлэл, нийгмийн ажлын арга зүй” сэдэвт жишиг хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг танилцуулж, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн албан хэрэгцээнд хүлээлгэн өгнө.

11:00 цагт АН-ын төв байранд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэр болон маргааш болох арга хэмжээтэй холбоотой асуудлаар мэдээлнэ.

11:00 цагт Засгийн газрын III байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний найман сарын статистик мэдээллийг танилцуулна.

11:00 цагт Хангарди ордонд Японы соёлын наадмын хэвлэлийн хурал болно.

14:00 цагт “Мишээл экспо” төвд МҮХАҮТ болон нийслэлийн ЗЗДТГ хамтран 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл” олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт болно.

14:00 цагт ШУТИС-ийн төв байранд “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг болно. Утас: 86664646

16:00 цагт ХХААХҮЯ-нд байгууллага, аж ахуй нэгжийг хамруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “3R” хөдөлгөөний талаар мэдээлнэ. Утас: 88087892

Үндэсний мэдээлийн төвд

12.00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийн талаар хэвлэлийн хурал зарлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: 1939 онд халуун цус бүлээн амиараа хамгаалсан Халх голын бүс нутгийг бид 2015 онд хуулийн хүрээнд бас дахин хамгаалж авч үлдэж чадсан

ХХАА-ийн сайд асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Халх голын байлдааны 80 жилийн ой саяхан боллоо. Та салбарын сайдаар ажиллаж байхдаа энэ бүс нутагт нэлээн анхаарч байсан?

-Халх голын байлдаан бол Монголын тусгаар тогтнолд онцгой хамаатай, өнөөдөр ч дэлхий дахинаа түүхэн ач холбогдлоо алдаагүй хэвээрэй байгаа үйл явдал. Энэхүү түүхт ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путин Монгол улсад айлчиллаа. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал олон чухал үйл явдлуудаар дүүрэн байсан.

-Таны хувьд сайдаар ажиллаж байхдаа Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс төслийг санаачилж байсан. Энэ талаар яриагаа эхэлье?

– ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путины 2019 оны 9-р сарын 03-04-нд Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын нэгэн томоохон хэсэг бол ОХУ-ын Төрийн Думын эмэгтэй гишүүдийн “Женское собрание парламенского клуба” байгууллага анх удаа Монголд “Стратегийн төсөл”-өө танилцуулж, Олон улсын диалоги явуулсан үйл явдал юм. ОХУ-ын Элчин сайдын яам, РЦНК-Монгол дахь Оросын ШУ соёлын төв, ОХУ-ын Россотрудничества байгууллага, ОХУ-ын Төрийн Думын “Женское собрание парламенского клуба” байгууллагууд хамтран зохион байгуулсан энэхүү Олон улсын диалагид миний бие уригдан, өөрийн санаачлан эхлүүлсэн Халх гол ҮБББ-ийн талаар илтгэл тавьсан. Халх гол-Орос монгол эрэлхэг дайчдын халуун амь бүлээн цусаар хамгаалагдсан нутаг. Үүнээс хойших Халх голын бүтээн байгуулалттай холбоотой түүх зөвхөн өнөөдрийн л ярьж байгаа түүх байсангүй. ЗХУ-ын Коммунист нам 1967-1980 онуудад Халх голд атар газар эзэмших талаар Монгол-Оросын хамтарсан атарын судалгааны экспедици томилон ажлуулсан байдаг. Анхны эрчимжсэн аж ахуйн ТЭЗҮ-г ЗХУ, БНМАУ-ын эрдэмтэд хамтран хийж Халх голын бүс нутгийг хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн эрчимжсэн аж ахуй байгуулахаар хөгжлийн схем төлөвлөгөө гаргаад үүний дүнд анхны аж ахуй байгуулагдаж байсан түүхтэй. Дорнодын мухар улаанд үүлдэрийн 5 мянган үхэр, 2 мянган барга үйлдэрийн хонь бордох цогцолбор барих төлөвлөгөө гаргаад эхний үйл ажиллагаа явагдаж байсан байдаг. Хөдөө аж ахуйн зориулалтаар хадгалж ирсэн энэ газар нутгийн зориулалтыг сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр газрын тос, уул уурхайд ашиглуулахаар өгч байна. 2016 оны байдлаар Халх голын сумын нутаг, дархан цаазат газраас бусад хэсэгт буюу Дорнод аймгийн нутаг дэсгэрийн 44 хувийг газрын тосны хайгуул, олборлолт хийгдэхээр олгосон байдаг. Гэтэл тухайн нутагт газрын тосны олборлолтоос сум орон нутагт хөгжил авчирсан зүйлгүй. Жилээс жилд экспорт нэмэгдэж байгаа ч Монгол улсад тэр тусмаа орон нутагт өгөөж муутай байгаа. Намайг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд байх үед Буйр 22 талбайг Петро Чайна Дачин Тамсаг компани хайгуулын лизензтэй байсныг түр буцааж эргээд олборлолтын лиценз болгохоор тухайн үеийн Уул уурхайн сайд Засгийн газрын хуралдаанаар оруулж байтлуулах гэж байсан. Тодруулж хэлбэл 784 мянган га газрыг уул уурхай, газрын тосны ашиглалтын лизеценз болгож Петро Чайна Дачин Тамсаг компанид ашиглуулахаар бэлдэж байсан гэсэн үг. Энэ сиймхийгээр тухайн үеийн хуулийн гаргалгаар ХАА-ын Чөлөөт бүс болгож улсын тусгай хамгаалалтад авсан. Өөрөөр хэлбэл бид Халх голын бүс нутгийг уул уурхайгаас хамгаалж Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахаар ногоон тамга дарж, улсын хамгаалалтад авсан гэсэн үг. Тэр үед орон нутгийн иргэд чөлөөт бүс гэдэгт нэлээд эмзэглэсэн учраас дараа нь газрын тухай хуульд өөрчлөлт орсноор Хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс болгож улсын тусгай хамгаалалтад авсан. Намайг сайдаар ажиллаж байх үед Халх голын бүс нутгийг газрын тос олборлох зорилгоор ашиглах гэж байгааг иргэд эсэргүүцэж байсан. Халх голын бүс нутагтэрчимжсэн ХАА-н зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж аль эртнээс төлөвлөгөө судалгаа нь гараад бэлтгэгдчихсэн газрыг газрын тос, уул уурхайд өгч байгаа юм. Би тухайн үед 500 мянган га газрыг ХАА-н зориулалтаар улсын тусгай хамгаалалтад авч хуулиар хамгаалж чадсан. Халх голын бүтээн байгуулалтын бүсэд юу хийхийг зорьж байна ямар зорилготойгоор бүтээн байгуулалтын бүс гэж нэрлэж байгаа талаараа удаа дараа олон нийтийн сүлжээ, радио телевиз, сонин хэвлэлд ярилцлага өгч байсан. Мөн уржигдар зохион байгуулагдсан олон улсын диалогт уригдан очиж танилцуулга хийлээ. ОХУ-ын эмэгтэй гишүүдийн женское собрание байгууллага нь монголд хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Уг байгууллага нь дэлхийн 40 гаруй улсад хамтын ажиллагаа явуулдаг. Энэхүү хамтын үйл ажиллагаандаа монголыг төлөөлжнамайг төлөөлж ажиллач г гэж урьсан. Миний хувьд УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгэг байгуулагдахад өмнөх парламентад идэвхтэй ажиллаж байсан. Энэ хугацаанд хийсэн үйл ажиллагаа туршлагаасаа танилцуулсан. Сонгуулийн хуулийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд эмэгтэйчүүдийн илүү сонгогдох боломж бололцоог олгох квот мөнгөний хүчин зүйлээс бага байлгах зэрэг нэлээн хуулийн шинэчлэлтүүдийг хийсэн.

-Уг төслийг яагаад Халх голд эхлүүлэх болсон бэ?

-Монголын газрын зургийг харахад Баян-Өлгийн Цагаан нуураас эхлээд Дорнодын халх голын ХАА-н бүтээн байгуулалтын бүс хүртэл хойд хэсгийг харах юм бол мал аж ахуй ХАА зонхилсон бүс нутаг. Үүнийгээ ногоон хөгжлийн коридор гэж нэрлээд энд уламжлалт мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй түүнийгээ дэмжсэн хүнс хөнгөн үйлдвэр хойд бүсдээ байх хэрэгтэй болж байгаа юм. Энэ хэсгийгээ Монгол улс Төрийн бодлогоор ХАА-н ногоон коридор гэж зарлаад энэ бэлчээр нутгаа уул уурхайгаас хамгаалах хэрэгтэй байгаа юм. Монгол улсын хөгжлийн тулгууруудын нэг бол яалт ч үгүй Хариуцлагатай Уул уурхай. Үүнийгээ зөв бодлогоор удирдан зохион байгуулж чадвал улс орон хөгжилгүй яахав. Бүх газартаа нийтлэг лицензийг олгож байгаа нь буруу юм. Тухайлбал Халх гол орчимд 1967 оноос хойш үе үеийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийж ХАА-н зориулалтаар тус бүс нутгийг ашиглах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Тийм ч учраас хөрсний болон бусад шинжилгээнүүдийг иж бүрэн цогцоор нь хийж холбогдох ТЭЗҮ, загвар аж ахуйн загварчлалыг нь бэлэн болгож ирээдүйд ашигдах үүц газар хэмээн хадгалж авч үлдсэн байдаг.Угтаан бол ХАА салбар бол Монгол улсын хөгжлийн гол тулгуур багана юм. Тэгэхээр би бол Уул уурхай ХАА зэрэгцэн хөгжихдөө Ногоон хөгжлийн коридор хэсэг болох хойд нутгаа уул уурхайгаас зааглах нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. ХХАЯ дээр ХАА-н эдэлбэр газар нутгийн талаарххийгдсэн судалгаанууд байдаг. Тэдгээрийн нэг нь Эрчимжсэн болон хагас эрчимжсэн МАА, ХАА-н эдэлбэр газар нутгийг тодорхойлсон хөгжлийн судалдаа юм. Уг судалгаагаар хамгийн тохиромжтой байршлуудын нэг нь Халх голын бүс нутаг гэж гарсан байдаг. Бид ХАА-н тэр дундаа газар тариалан МАА-н хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүс нутгийн хүсний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Үүнийг дагаад ХАА-н үйлдвэрлэлийн бүс бий болж тэнд ажлын байр нэмэгдээд зогсохгүй ХАА-н экспорт хөгжих бүрэн боломжтой.


-Ямар зориулалтаар төрөлжүүлж ашиглах боломжтой байсан бэ. Тухайн үед нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан?

– ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн судалгаагаар Хагас эрчимжсан Мал аж ахуй, бэлчээрийн зориулалтаар 51 хувь, Газар тариалангийн зориулалтаар 27 хувь, Аялал жуулчлалд 16 хувь, Үйлдвэр үйлчилгээний бүс нь 5 хувь байхаар төлөвлөж байсан. Хамгийн гол нь тэнд алс хязгаар нутагт энэ бүтээн байгуулалтын бүс бий болсноор ажлын байр ихээр бий болох байсан. Эхний судалгаагаар 1000 гаруй ажлын байр бий болно гэсэн судалгаа гарсан байдаг. Сургалт судалгаа үйлдвэрийн төвүүд болон жишиг загварын бүс болно. Хамгийн гол нь хил орчмын нутгууд эзэнгүй байна. Эзэнгүй байдлыг далимдуулж хууль бусаар орж ирэх газар нутгийг гадныханд эзэмшүүлэх байдал гарч ирж байсан. Тухайлбал халх гол орчимд 30 мянган га газрыг солонгосуудад хууль бусаар өгчихсөн. Мөн хятад иргэний эзэмшилд олон мянган га газрыг өгчихсөн байсан. Тухайн орон нутгийн засаг дарга орон нутгийн удирдлагууд нь хууль бус зүйл хийсэн байсан. Би тэнд очиж судалгаа мэдээллүүд олж авснаар хууль бус үйл ажиллагаануудыг таслан зогсоосон. Улс өөрийн тусгай хамгаалалтад 500 мянган га газраа авснаар хууль бус хулгайг таслан зогсоож байгаа юм. Малчдыг яаж орлоготой болгох вэ гэж ярьдаг ч бэлчээрийн даац өсөөд байна. Төв зам дагуу малчид маань малын гаралтай бүтээгдэхүүнээ зарахын тулд төв газраа барааддаг. Ингээд бэлчээрийн доройтол үүсдэг. Нийслэл хотод орж байж зарж борлуулахаас өөр замгүй. Сүүлийн үед мах хятад эзэнтэй ченжүүдийн гарт орлоо гэдэг. Би ХХАА-н сайдаар ажиллаж байхдаа махны экспортын чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Тухайлбал шүлхий өвчин их гээд манайхаас түүхий мах авахгүй хоригтой байсан. Үүнийг бүсчлээд баруун таван аймгаа эрүүл бүс гэж тогтоолгоод БНХАУ-ын түүхий мах гаргах экспортлох эрхийг авч байлаа. Мэдээж үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байх ёстой учраас үйлдвэрүүдээ олон улсын стандартад нийцүүлэх аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хөнгөлөлттэй зээлд хамруулах адестачлалд оруулснаар өмнө нь нэг ч компани эрх аваагүй байсан бол найман компани вьетнам руу хонь ямааны мах, Хятад улсруу 20 гаруй ОХУ-руу 26 компани мах экспортлох эрхтэй болгосон. Төвийн аймгуудаа дараагийн эрүүл бүсэд оруулах бэлтгэл ажлыг хийж байсан. Зүүн бүс нэлээд шүлхий гардаг. Дээр нь зэрлэг амьтдын нүүдэл ихтэй учраас урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажлаа эрчимтэй явуулсан. Харамсалтай нь сонгуулийн дараа эрүүл бүсэд хүртэл хяналтаа алдчихсан. Ахиад Монгол Улс хорио цээрийн дэглэмтэй болчихсон. Малчид болоод бэлчээрийн даацаа бодсон ч тодорхой хэмжээний малаа эргэлтэд оруулж байх ёстой. Ер нь бол Малын гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр олон улсын худалдаанд гаргах боломжтой байгаа юм. Ингэхийн тулд хэсэгчилсэн малын эрүүл бүсүүдийг бий болгох шаардлагатай байгаа юм. Халх голын бүс нутагт Малын өвчингүй хэсэгчилсэн эрүүл бүсүүдийг бий болгож угэрүүлжүүлсэн бүсэд малчид малаа өгөн эрүүлжүүлээд, шахаж бордоод, мах махан бүтээгдэхүүн, арьс бусад бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар боловсруулаад тэр бүс нутгаа хангахаас гадна экспортод гаргах боломжтой байгаа. Энэ бүс нутагт махны эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа. Сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ байнга буурч байхад махны үнэ байнгын өсөлттэй байгаа. Эдгээр байдлыг харж үзээд хил орчмын хязгаар нутагт эрчимжсэн малын эрүүл бүсийн цогцолборыг бий болгох шаардлагатай. Ийм газруудыг Халх гол гэлтгүй бусад газруудад байгуулая гээд Хятад улсаас өгөх 1 тэрбум төгрөгийн зээлээс 12 мах боловсруулах түүнийг дагалдуулсан малыг эрүүлжүүлэх, шахаж бордох цогцолборыг байгуулахаар шийдвэр гаргаад орон нутагт нь сонгон шалгаруулалт явуулаад Монгол компаниуд аж ахуй эрхлээд явуулахаар зохион байгуулаад дараагийн Засгийн газар үлдээсэн. Харамсалтай нь дараагийн Засгий газар өмнөх үйл ажиллагааг бүгдийг нь зогсоосон. Хил орчимд 12 үйлдвэр байгуулагдаж, махаа эрүүлжүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаж байсан бол өдийд малчид маань орлоготой, ажлын байр шинээр бий болж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж, хүнсний аюулгүй байдал сайжирч, гадаад худалдаа, ХАА-н экспорт нэмэгдэх байлаа. Нам гэлгүйгээр өмнөх Засгийн газрын хийж байсан чухал үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэх явах нь зүйтэй гэж би үздэг. Мөн аялал жуулчлалын бүс байгуулагдсанаараа түүхэн дурсгалт газрууд болоод суманд ажиллаж байгаа хүмүүст боломжууд гарах байсан. Зүүн бүсэд ХАА-н Аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал Газар тариалан, Мал аж ахуй, Хүнсний үйлдвэрээсээ дутахааргүй ашиг орлоготой байх судалдаа хүртэл хийгдсэн байдаг. Халх гол маань эмзэг хөрстэй учраас хөрсөнд нь тааруулсан газар тариалан эрхлэх, жимс жимсгэнэ, ногооны аж ахуй эрхлэх газар тариалангийн технологийн журам стандартуудыг бий болгосон байсан. Тиймч учраас бид тухайн үед Тариалангийн тухай хуулийг шинээр батлуулж улмаар хөрсний эвдрэл, элэгдэл, цөлжилтөөс хамгаалах тухай заалтуудыг уг хуульд тусгасан.

Ер нь зүүн бүс тэр дундаа Дорнод аймгийн Халх гол суманд орон нутаг дураараа газар олгодог байсныг таслан зогсоосон учраас, ЗГ-ын зөвшөөрөлгүй атар газрыг дур мэдэн хагалж газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсныг нь зогсоосон учраас тухайн үед бидний эсрэг худлаа ташаа мэдээлэл тарааж эсэргүүцэл зохион байгуулж байсан.Үүний ард зарим нэг улстөрийн нам, нэр дэвших сонирхолтой хүмүүс гүтгэлийн шинжтэй мэдээлэл тарааж ард иргэдэд буруу ташаа мэдээлэл түгээх үзэгдэл их байсан. Тийм ч учраас намайг ТЕГ, АТГ, цагдаа, шүүх прокурор гээд бүх л хянуулж болох газарт өгсөн байдаг. Би ч тэдгээр байгуулагуудаар нь шалгуулж үнэн зөвийг шалгуулсан. Хууль хяналтын байгууллагууд шалгаж үзээд гүтгэлэг гэдгийг тогтоогоод хуулийн дагуу холбогдох хүмүүст нь торгууль ноогдуулж арга хэмжээ авсан байдаг.

-Халх гол бүтээн байгуулалтын бүсийн үйл ажиллагаа хэрэгжээд эхэлхэд хэзээнээс үр ашгаа өгөх байв?

-ХАА-н бүтээн байгуулалт бол бидний чадах л ажил. Тариалан эрхлээд 60 жил болж байна. Бусад газартай харьцуулахад Халх голын бүс нутаг нь илүү дулаан бас чийглэг сайхан уур амьсгалтай. Тийм ч учраас дээр үед Халх голын сангийн аж ахуй байгуулна гээд үхэр хонины аж ахуй байгуулж байсан байдаг юм. Тэрний үлдэгдэл ч өнөөдөр байж л байдаг. Нэг жилийн дараа гэхэд хорио цээрийн бүсээ байгуулаад цахилгаан, ус, боловсруулах үйлдвэр, зам эрчим хүчний ТЭЗҮ хийгдээд 2017 оноос дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлээд аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаа явуулж эхэлнэ. 2018 оноос худалдааг нэг цонхны бодлогоор явуулна гэсэн төлөвлөгөө гарсан байсан л даа. Харамсалтай нь Засгийн газар солигдоод зогсонги байдалд орсон. Ганц халх гол гэлтгүй 12 аймагт ХАА-н бүтээн байгуулалтын цогцолборууд, мал боловсруулах үйлдвэрээ түшиглээд хийгдэнэ гэсэн төлөвлөгөө байсан. Төвлөрлийг сааруулаад аль болох орон нутагт ХАА-г бүтээн байгуулалтыг ихээр бий болгоё гэж зорьсон. Ер нь бол төрд тогтвортой бодлого хэрэгтэй байна. Нэг нам солигдоод өмнөх ажлаа үгүйсгэмээргүй байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн саналын тэдэн хувийг авна гэдэг зүйл анхнаасаа байхгүй байсан

Ард нийтийн санал асуулга болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.


-Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30-31-нд явуулахаар товлов. Манай улс анх удаа Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах гэж байна шүү дээ..

-Парламентаар хэлэлцэгдээд хоёр дахь шатандаа явж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг иргэдэд үзүүлж, танилцуулахаар Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах гэж байна.

Ард иргэд уг төсөлтэй танилцаад энэ хуулийн төслийг зөвшөөрөх эсэхээ шийднэ гэсэн үг.

Тиймээс ерөөсөө зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг л асуултыг тавина шүү дээ. Иргэдэд уг хуулийн төслийг таниулах, мэдээллээр хангах асуудлыг уиХ, Засгийн газар болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар хариуцах хуулийн зохицуулалттай.

-Хуулиараа Ард нийтийн санал асуулгын дүнг шууд хүлээж авах уу?

-Санал хураасны дараа УИХ санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана. Тэгээд УИХ-ын гишүүдийн олонх санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцох хуультай.

-Санал асуулгад иргэдийн олонх оролцоогүй бол яах вэ?

-Дахин санал асуулга явуулахгүй. Уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үздэг.

-Ард нийтийн санал асуулгыг явуулахад 28 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэсэн. Энэ төсвийг хаанаас гаргах вэ?

-Төсвийн асуудал дээр УИХ ерөнхий шийдвэрийг нь гаргаад өгчихнө. Уг нь Засгийн газар нөөцөөрөө төсвөө бүрдүүлнэ гэж ярьж байх шиг байна. Мөнгөний асуудал тийм ч бэлэн байхгүй байгаа болов уу.

-МАН-ын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн Ард нийтийн санал асуулгад оруулж байгаа саналд байр сууриа нэгтгэв үү?

-Эцсийн байдлаар нэгдсэн хариу гаргаагүй байгаа.

-Хувь гишүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна..

-Бидний хэлэлцэж буй асуудал дотор энэ тухай байхгүй. Тиймээс Ард нийтийн санал асуулгаар зөвхөн Үндсэн хуулийнхаа саналыг иргэдээс асуух байх.

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан өөрийн саналаа бүрэн татна гэлээ шүү дээ?

-Одоо миний харж байгаагаар төсөлд хэнээс, хаанаас ирүүлсэн санал вэ гэдэг нь хамаагүй болсон. Ажлын хэсэг, байнгын хороогоор боловсруулагдаад УИХ-аар хэлэлцсэн яг л явдаг зарчмаараа явсан ийм асуудалд саналаа татна гэсэн ойлголт байх ёсгүй.

-Ерөнхийлөгчийн саналын наян хувь нь төсөлд ороогүй учраас ийм шийдвэр гаргалаа гэж ярьж байх шиг байна…

-Ерөнхийлөгчийн саналын тэдэн хувийг авна гэдэг зүйл анхнаасаа байхгүй байсан. УИХ-ын 62 гишүүн өөрсдийн саналаа өргөн бариад олон нийтэд танилцуулаад явсан. Энэ үеэр Ерөнхийлөгч нэгдүгээр хэлэлцүүлэг явсны дараа өөрийн саналыг оруулж ирснээр процедур алдагдсан. Мэдээж бид Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг авъя гэж хамтарсан ажлын хэсэг байгуулсан.

Энэ ажлын хэсэг л хоорондоо ярьж, хэлэлцэж зарим хэсгийг нь авч, заримыг нь унагаасан шүү дээ. Тиймээс энэ асуудалд бага саналыг төсөлд авлаа гэдэг асуудал байхгүй л дээ. Нэгэнт УИХ-аар ороод хуулийнхаа дагуу байнгын хороогоор орж, процедураараа яваад л батлагдсан. Зарчмынхаа дагуу явж байгаа хууль шүү дээ.

-Өдгөө хэлэлцэгдэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл шинэчлэл болж чадах уу?

-Нэлээд том шинэчлэлт болно гэж харж байгаа. Шүүхтэй холбоотой шинэчлэл, нутгийн удирдлагын түвш-нийг дээшлүүлсэн, УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль батлах босгыг өндөрсгөсөн зэрэг чухал заалтууд тусгагдсан. Тиймээс энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад цааш хэрэгжүүлээд явах нь зүйтэй.