Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо

Замын-Үүд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БНХАУ-ын Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь, БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Дан Инже болон холбогдох бусад байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцлоо.


Монголын талаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн дугаар анги буулгах ажилд оролцох бол барилга угсралтын гүйцэтгэгчээр олон улсад нэр хүндтэй Хятадын “Жунмэй Инженеринг Групп”, менежментийн багаар “China IPPR International Engineering Corporation” шалгарч ажилдаа ороод байна.

Монгол, Хятадын талаас нийтдээ 110 орчим машин техник хэрэгсэл, үндсэн болон туслан гүйцэтгэгчээр 400 гаруй ажилтан хамрагдахаар байна. Эхлээд зорчигч тээврийн цогцолбор, дараа нь ачаа тээврийн цогцолборыг ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаанаар хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхтэй холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцоод байна. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү 0, эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, хөнгөлөлтийн түвшин 40.5 хувьтай байна. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, 27 дугаар тэмдэглэл гарсан. Иймд уг асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асууж, хариулт авсны дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.4 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын хөтөлбөрийн гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж, үг хэлэв. Тэрбээр, Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал асуудал гэдгийг дурдаад төслийн хүрээнд Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүргүүдийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээхэд онцгой анхаарах боломж, бололцоо байгаа эсэхийг тодруулсан.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа эмзэг бүлгийн иргэд хүссэн үедээ, хүссэн газраасаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байгаа. Иймд энэ төслийн хүрээнд зургаан жишиг өрхийн эмнэлэг байгуулна хэмээн хариулж байлаа.

Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн. Энэ туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн нөхцөл хүү нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, санхүүгийн хамтын ажиллагааны хугацаа 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх болно. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж,ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарын дэд бүтцийг санхүүжүүлнэ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлнэ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Тогтохсүрэн асуулт асууж, санал хэлсний дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд орлоцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн хүрээнд дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сэргээх нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн гурван чиглэлээр нийт 33 бодлогын арга хэмжээг авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр эхний санхүүжилт 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 10 дугаар сард улсын төсөвт орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь хүрээнд авч хэрэгжүүлэхээр тохиролцсон бодлогын 10 арга хэмжээг Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 80 сая. ам долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас, 20 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа. Санхүүжилтйийн нөхцлийн тухайд зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, эхний таван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хөгжлийн банкнаас авч буй зээлийн хүү 1.25 хувь, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хүү LIBOR+0.89 хувь болно гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцээр, зээлийн гэрээний төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь зөвшилцөхийг дэмжсэн. Иймд хэлэлцээр, зээлийн гэрээний төслийн зөвшилцөх холбоотой Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг УИХ-ын гишүүн Ч.Улаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо Зээлийн хэлэлцээрүүдийг зөвшилцлөө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн аж.

“Биокомбинат” УТҮГ-ыг өргөтгөх төслийн саналыг 2009 онд анх боловсруулж, 25.0 сая ам.доллароор төсөвлөж байсан үеэс хойш хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Тухайлбал, Монгол Улсын мал сүргийн тоо, толгой сүүлийн жилүүдэд огцом өссөн ба 2018 оны эцсийн байдлаар 66.4 сая толгойд хүрсэн, эдийн засгийн хөгжил эрчимжиж, бүтцийн ихээхэн өөрчлөлтүүд орсон, мөн мал аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх болж мал эмнэлгийн салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэх шаардлага үүссэн аж.

Дээрх үндэслэлийн дагуу төслийн цар хүрээг өөрчилж, нэмэгдүүлсэн ба “Биокомбинат” УТҮГ-ын одоогийн барилгыг өргөтгөх байсан бол олон улсын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэ үйлдвэрийн барилга, лаборатори барихаар шийдвэрлэжээ. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадал /ОМРЛ-ын шаардлага хангасан вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм байна.

Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн нарийвчлал өндөртэй лабораторийн тоног төхөөрөмжсуурилуулахаас гадна үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инжөнерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх аж. Түүнчлэн шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулалтын ажлыг хэрэгжүүлээр төлөвлөжээ.

Монгол Улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч нийт 7,525,000 ам.долларыг зарцуулсан байна.

Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэж жилд дунджаар 10.0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15.0 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм байна.

Төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогч улс болон хөгжихөд “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газарт шинэчлэл хийх энэхүү төсөл чухал ач холбогдолтойг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва төслийн хүрээнд малын вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтойгоос гадна, урт хугацаандаа нэмүү өртөг шингэсэн экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг барьж ажиллах шаардлагатайг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл төслийн хүрээнд малын эрүүл байдлыг хангах, дэлхийн төвшний лабораторитой болох боломж давхар бүрдэж байгааг онцлох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэхүү төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, мал аж ахуйн салбарын хөгжил ойролцоо Уругвай улсын туршлагыг судалж байхад вакцин үйлдвэрлэл нь өндөр технологи шаарддаг, вирус алдагдах аюул их байдаг учраас үйлдвэрээ хааж байхад манай улс зээл авч “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газарт хөрөнгө оруулж байгааг дэмжих боломжгүй хэмээсэн.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэлэлцлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн аж. Энэ туршлага дээр үндэслэн Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн хүүнь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, Санхүүгийн хамтын ажиллагааны хугацааг 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын дэд бүтцийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлэх юм байна.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон хөнгөлөлтэй зээлийн асуудал хэлэлцэгдэж байна, эдгээр зээлийн хөтөлбөрүүдийн зориулалт үр дүнг тооцож үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор3 үе шаттай, 10 жилийн хугацаатай,“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.4 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх ажээ.

Энэ хөрөнгөөр Хан-Уул дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах, хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажил, Улаанбаатар хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх, таван сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхыг хөгжүүлэх ажлууд хийгдэх аж. Хоёрдугаар үе шатны төслийн хүрээнд дараах Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах, нэг сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх, нийслэлийн болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхийг хөгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах ажил хийгдэх юм байна. Гуравдугаар үе шатны төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын зээлийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээнүүдийн төслийг зөвшилцөв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийсэн. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон аж.

Хөтөлбөрийн хүрээнд харилцан тохиролцсон бодлогын арга хэмжээнүүдийг авах замаар төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих замаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд дэмжлэг болох юм байна.

Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авч буй бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, эргэн төлөгдөх хугацаа 30 жил байх юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулахгүй байхыг анхаарууллаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Тамхи тамхин бүтээгдэхүүний худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжын хүрээнд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Тамхины тусгай зөвшөөрөлтэй 82 ААН, 16 иргэн, тамхины тусгай зөвшөөрөлгүй 35 иргэн, нийт 132 аж ахуй нэгж, иргэн хяналт шалгалтанд хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүд Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин тамхи ширхэглэн худалдаалж байгаа нь ЗТХ-ийн 6.3 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтыг зөрчиж байна.

Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч 36 нэр төрлийн 250 ширхэг 365,000 төгрөгний тамхийг улсын байцаагчийн актаар хураан авч улсын орлого болголоо.

Categories
мэдээ нийгэм

Гудамжинд явж байсан иргэдийг шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн этгээдийг илрүүлжээ

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүр хүлээн авчээ.

Мэдээллийн дагуу “Ачит118” чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад тус дүүрэгт оршин суух эрэгтэй Н гэгч архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүссэн байна.

Улмаар гэртээ орж хутга авч гарч, гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган болж байна

Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган өнөөдөр Төрийн ордны А танхимд эхэллээ.

16 орны удирдах түвшний 36 төлөөлөгч “ЖДҮ бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг” сэдвээр чуулж байна.

Чуулганыг зохион байгуулагч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ, “Өнөөдрийн манай даяаршсан нийгэмд дижитал технологи түрснээр дэлхий улам хурдтай хөгжин өөрчлөгдөж байна. Энэ хувьсал нь бизнес эрхлэгчдийг газар сайгүй өрсөлдөх, илүү бүтээмж, үр өгөөжтэй байх, шинэ хэрэглэгчдэд хүрэх боломж олгож байна.

Дээрх үйл явц нь жижиг, том бизнесийн аль алинд нь инновац, сошиал маркетинг, технологийн дэвшлийг авчирч, үр өгөөж гарч байгаа ч ЖДҮ эрхлэгч бизнесүүдэд мэдлэг, туршлага, хөрөнгө санхүү дутмаг хэвээр, шинэ сорилтыг дагуулж байна. Энэ талаар бид туршлагаа солилцон хуваалцаж, жижиг худалдааг дэмжих талаар саналаа хэлэлцэхээр цуглаад байна” гэдгийг тэмдэглэн хэлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон дурдаад, “Бидний хувьд бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлт, зохицуулалтын орчин бий болгох нь чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Мөн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцүүлж, батлахыг эрмэлзэж байна.

У.Хүрэлсүх: Эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй.

Үүний зэрэгцээ зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна” гэдгээ мэдээлж, энэ удаагийн чуулган манай улсын үйлдвэрлэгчдэд олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд харилцан туршлага солилцож, тодорхой санал, санаачилга, үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Чуулганд Япон, Индонез, Филиппин, Тайланд, БНХАУ, Сингапур, Малайз зэрэг орны гадаад, дотоод худалдааг дэмжих байгууллагууд, худалдааны яамны төлөөлөл оролцож, хуралдааныг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (Жетро)-ын тэргүүн Нобухико Сасаки МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар даргалан явуулж байна. Чуулганы эхний илтгэлийг чуулганыг хамтран зохион байгуулагч ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “Ази дахь худалдааны хөнгөлөлт болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр тавилаа.

Төлөөлөгчид үдээс хойш Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг мөрдөгч” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойд зориулсан “Шилдэг мөрдөгч” тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, МБА-ны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл болон тэмцээнд оролцож буй мөрдөгч байцаагч, алба хаагчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд нийт 51 нэгжийн 52 мөрдөн байцаагч оролцож байна.

ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нээж хэлсэн үгэндээ “БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар анх “Мөрдөн байцаах групп”-ыг байгуулснаас хойш өнөөдөр 73 жилийн ойтойгоо золгож байгаа Мөрдөн байцаах албаны нийт хамт олонд баярын мэнд хүргэе.

Анх 1993 онд Улсын Мөрдөн Байцаах Газрын дарга, Цагдаагийн хуранднаа Д.Алтангэрэлийн шийдвэрээр “Мэргэжлийн аварга мөрдөн байцаагч” тэмцээнийг аймаг, нийслэлээс шалгарсан 43 мөрдөн байцаагчийг оролцуулан зохион байгуулж, тус газрын Чухал хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан дэслэгч А.Эрдэнэбаяр түрүүлж байсан түүхтэй.

Мөрдөн Байцаах Албанд зүтгэж буй мөрдөгчиддөө хандаж хэлэхэд төрийн хуулийг чандлан хэрэгжүүлж, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнийг албаны даргаас өгсөн удирдамжийн дагуу зохион байгуулж байна. Тэмцээний гол зорилго нь мөрдөгчдийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мөрдөх ажиллагааны чанар үр дүнг ахиулах, цагдаагийн байгууллагын олон талт үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах юм. Энэ жилийн тэмцээнд 51 нэгжээс 52 шилдэг алба хаагч шалгарч оролцож байна. Мөн тэмцээнд АТГ, Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн байцаагч нар оролцож байгаагаараа онцлогтой. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт найман төрлөөр хурд хүчээ үзэж шилдэгээ шалгаруулна.

Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 10 өрхийн нийт 101 толгой малыг гаргав

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл аюулгүй орчинг бий болгох зорилтын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд үлдсэн малыг албадан гаргах ажлыг зохион байгууллаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн 2,3 дугаар хэлтэс, ‘’Баяндэмбэрэл’’ МЭҮА болон 11,21,23 дугаар хороотой хамтарсан 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дээрх хугацаанд 11 дүгээр хорооны Эмийн ургамалд байрлах хорио цээрийн хашаанд тус хорооны 10 өрхийн нийт 101 толгой малыг хаших арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гараагүй үлдсэн малыг Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Налайх дүүргийн Городок, болон дүүргийн 20 дугаар хороо Богдын ам, 11 дүгээр хороо Сүүл давааны зөвшөөрөгдсөн бүсэд нүүлгэн шилжүүлсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ын сурагчид хоолны хордлогод оржээ

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн өөр өөр бүлгийн таван сурагч гэдэс нь эвгүйрхэж эмнэлэгт хандсан бөгөөд гадуур эмчилгээ хийлгэж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг эхлүүлж тус сургуулийн Үдийн цай, хоол, ахуйн ус, орчноос дээж, арчдас аван шинжилгээнд өгч, сургуулийн байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгүүлэв. Мөн тус сургуулийн нийт хүүхдэд тандалт судалгаа явуулахад 11 хүүхэд нэмж өвчилсөн байж болзошгүй байна. Сургуулийн төвлөрсөн усан хангамжийн системд эвдрэл гарсан тул зөөврийн ус хэрэглэж байгаа аж.

Түүнчлэн энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн 13 дугаар хороо, Цэцээ гүн компанийн байранд байрлах “Уудам монгол эдүкэйшн” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хандаж, 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сурагчид Фаунд тайн ресторанаас хүргэлтээр ирсэн шөл, котлет, салат зэргийг идсэн бөгөөд үүнээс хойш хордлогын шинж тэмдэг үзүүлж эмнэлэгт яаралтай ханджээ. НМХГ-аас тус хоолыг нийлүүлсэн ресторан, сургуулийн анги танхимаас арчдас, шүүлтүүртэй усны савнаас дээж аван шинжлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилтэй холбогдуулан төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хийж байна.

Categories
мэдээ улс-төр

АН ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар МАН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачилгаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. Мөн АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын загвар нь ямар байх, ямар асуудлаар санал асуулгыг явуулах талаар судалж, МАН-тай зөвшилцөх зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж, дэд даргаар хуульч Х.Тэмүүжин ажиллах юм байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан маргааш болох Ардчилалын баярын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг дэлхийн Ардчилалын баярын өдөр болгон зарласан. Энэ шийдвэрийн хүрээнд Монгол улс ардчилалын 30 жилийн тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Манай нам энэ сарын 13-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд Ардчилалын баярын ард түмэнтэйгээ хамтран тэмдэглэх шийдвэрийг гарган зохион байгуулалтын ажлаа хийгээд явж байна. Ойн арга хэмжээний хүрээнд “Өчигдөр ба өнөөдрийн Монгол” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн. Мөн маргааш Монгол улс ардчилалын замаар 30 жил сэдэвт “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол, практикийн хурлыг Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Нийслэлийн бүх дүүргүүдийн Ардчилсан нам оролцсон нээлттэй өдөрлөгийн зохион байгуулна. Нээлттэй өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэг тус, тусдаа өөрсдийн онцлог үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Ардчилалын замнал, алдаа оноо, сургамж, сорилт таван боть номын нэгдүгээр боть номын нээлтийг хийнэ. Мөн Сүхбаатарын талбайд хоолны фистиваль, урлагийн тоглолт, ховор чамин автомашины үзэсгэлэн, спортын арга хэмжээ явагдахаас гадна орой Монголын хамгийн том лазерын шоу, бүх оддын тоглолт болно” гэлээ.

Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ард нийтийн санал асуулгын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “АН-ын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж нийгэм, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн шийдвэрийг гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хувилбарыг бид дэмжиж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгаа. Учир нь Ерөнхийлөгч болон АН-аас гаргасан санал хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ороогүй. Анхны зорилтоосоо нэмэлт, өөрчлөлтийн төсөл ухарсан. Үндсэн хуульд оруулах шаардлага хангасан төсөл байж чадахгүй.

Тиймээс хоёрдугаар төслөөр ард нийтийн санал асуулга явуулахыг бид эсэргүүцэж байна.

Ардчилсан нам ажлын хэсэг байгуулан ард нийтийн санал асуулгыг ямар асуултаар явуулах, загвар эх нь ямар байх, ямар хүрээнд явуулах асуудлаар судалж эрх баригчтай зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан. Ардчилсан нам цаашид ардчилалаас ухрахгүй, сонгодог парламентаа хөгжүүлэхийн тулд тууштай ажиллана” гэлээ.