Categories
мэдээ цаг-үе

Б.Энхболд: Төрийн албанд шатлан дэвших шаардлага нь Мерит зарчмыг бүтнээр нь төлөөлөхгүй

Улс төр судлаач, Улс төр судлалын докторант Б.Энхболдтой ярилцлаа.


-төрийн албаны мерит зарчмын талаар ярилцлагаа эхэлье. Мөрит зарчим гэж ер нь ямар ойлголт вэ?

-Мерит зарчмыг товчлон хэлбэл шатлан дэвшүүлэх буюу карьерын (Career based) зарчим, хатуу ажилласан жил заадаггүй албан тушаалын гэж орчуулж болох (position based) зарчмын хослолыг хэлдэг. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 3.1.3-т “чадахуйн зарчим (мерит)” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж зөв зааж өгсөн боловч уг хуулийнхаа гуравдугаар зүйл дэх Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэгтээ ажилласан жилийн хатуу босго тавьж өгснөөрөө Мерит зарчим, шатлан дэвшүүлэх буюу карьерын зарчим хоёрынхоо тэнцвэрийг алдагдуулсан. Одоо үүнийгээ доорх байдлаар Үндсэн хуулинд тусгах гэж байгаа нь Мерит зарчмыг устгасантай ижил үр дүнг авч ирнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Төслийн нэгдүгээр зүйлийн тав дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүнийн хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно гэж тусгахаар УИХ хэлэлцэж байна. Ингээд уншихаар зөв зүйтэй юм шиг уншигдаж байгаа боловч “шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх”…гэснээс харахад мерит зарчим гэдгээ шатлан дэвших гэдэг Мерит зарчмын нэг л шаардлагыг онцгойлон оруулах гэж байгаа нь харагдаж байна.

-Ингээд заахаар яг ямар сөрөг үр дүн авч ирэх вэ?

-Төрийн албанд шинэ салхи орохооргүй болгож байгаа юм. Одоо ажиллаж байгаа олон жил болсон хүнд сурталтнуудыг улам л өөгшүүлнэ гэсэн үг. Мэдээж олон жил ажилласан мэргэжлийн албан хаагчид байгаа. Гэвч үүний хажуугаар дээд шатны удирдлагадаа ч захирагдахаа больсон хүнд сурталтан буглаа нар зөндөө байна. Бидний жишээ болгон ярьдаг хөгжиж чадсан орнуудын хамгийн гол нэг давуу тал хүний нөөц, боловсон хүчнээ авьяас чадвар, хичээл зүтгэл дээр нь тулгуурлан шилж сонгож, томилон дэвшүүлж удаан ажилласан л бол Мерит гэж үзэхээс татгалзсаар байна.

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлахдаа ажилласан жилийн өндөр босго нэгэнт тавьчихсан биз дээ?

-Тийм. Жишээлбэл, Төрийн албаны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. Тэгэхээр төрд заавал мэргэжилтнээр ороод ийм хэмжээний хугацаа зарцуулж байж ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, дүүрэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн дарга болно гэсэн үг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа манайхан батлаад цөөнгүй жил болж “Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя”, “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье” гэж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчнийг ийм хатуу босго тавьж өөрөөс нь доор боловсролтой ахлах мэргэжилтэн болон даргын доор ийм хугацаанд ажилла гэвэл хэдэн чадварлаг боловсон хүчин ажиллах бол. Тэд чинь бас өөрийн гэсэн үнэлэмжтэй хүмүүс. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26.3, 23.2-т “Ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж зааснаас аваад үзэхэд хамгийн хурдандаа одоо мэргэжилтнээр төрийн албанд орж ажиллах хүн найман жил тасралтгүй дэвшин тогтвортой ажиллаж байж яамны хэлтэс, газрын дарга болохоор байна. Хамгийн хурднаараа амжилттай явахад шүү дээ. Яг хуулийн заалтаараа бол яамны газар, хэлтсийн дарга болоход 12 жил төрд ажилласан үүнээс дөрвөн жил нь яамны тасаг албаны даргын түвшний ажил хийсэн байх ёстой. Энэ тавиад байгаа шаардлагуудыг хэн хангаж чадах вэ, тэд төрийн албаны томоохон шинэтгэлийг хийж үргэлжлүүлэхэд хангалттай тархиа цэнэглэж чадаж байгаа юу, хамгийн гол нь тийм хүсэл тэмүүлэл байна уу гэдэг том асуудал шүү.

Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмаар энэ асуудлыг шийдэж чадаагүй юу?

-Төрийн албаны зөвлөл 2019 онд 16 дугаар тогтоолоороо уг журмыг батлахдаа зөвхөн одоо төрийн албан хаагчид дотроос сүүлийн гурван жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь А байх тохиолдолд л ажилласан жилийг 50 хувь бууруулж шатлан дэвшүүлж болно гэх мэт Мерит зарчмыг цогцоор нь харсан журам болж чадаагүй.

Тэгвэл яаж үндсэн хуулинд тусгавал дээр вэ?

-Үндсэн хуулинд тусгахдаа хүрвэл “шатлан дэвших” гэдгийг дангаар оруулахыг хасах эсвэл “шатлан дэвших, чадахуйн зарчмыг хослуулсны үндсэн дээр хэрэгжих бөгөөд”…гэж заах гарц байна.

-Ингэж зааснаар ямар эерэг үр дүнтэй юм бол?

-Төрийн албаны тухай хуулийн ажилласан жилийн өндөр босго тавьсан заалт, хуулийг дагаж гарсан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журамд өөрчлөлт оруулах боломж үүснэ. Өөрөөр хэлбэл төрийн албанд шинэ салхи орох чадварлаг боловсон хүчнээр цус сэлбэгдэж байх боломж үүснэ.


Categories
мэдээ цаг-үе

Монголын үрсийн аминд модон жорлон заналхийлж байна


Хэргийн газар

Баянгол дүүргийн X хороо, Зүүн нарангийн аравдугаар гудамжны … дугаар тоотод энэ сарын 3-ны өдөр ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага оройн 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс тухайн хэргийн мөрөөр сурвалжиллаа. Хэрэг болсон газар очиход хааш хаашаагаа 10 метр зайтай хашаанд гэр бариад хажууханд нь амбаар барьчихсан байна. Гэрээс арван алхмын зайд л хаалга нь дэлгээстэй модон жорлон харагдлаа. Ой таван сартай хөлд ч гүйцэд орж амжаагүй нялх амьтан мөлхөж яваад хаалга нь онгорхой модон жорлонд унаж эндсэн бололтой. Нүхэн жорлонд унасан үрээ бие засахаар орохдоо харж цагдаагийн байгууллагад хандсан ч аль хэдийнэ оройтсон байжээ.

Асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас үүдэж тус эмгэнэлт хэрэг гарсан байна. Бид гэрийн эзэн бололтой 30 эргэм насны залуугаас тодруулга авах гэсэн ч аашлаад ойртуулсангүй. Хаалга нь салхинд савах нүхэн жорлон руу өөр нэг нялх амьтан мөлхөж очоод унаж тарчилж нас барахад ойрхон л харагдана лээ. Монголчууд бид л хайхрамжгүй улс ажээ. Энэ хавийн айл өрхүүд бүгд л нүхэн жорлонтой юм билээ. Эмгэнэлт хэргээс сургамж аваагүй л бололтой. Гэрийнх нь үүднээс таван алхмын зайд л өнгө гандсан модон жорлонгуудын үүд нь дэлгээстэй байсан юм. Эдгээр айл өрхүүд бага насны хүүхэдгүй байж болох ч эднийд зочилсон хэн нэгний хүүхэд цай уух зуур л жорлон руу мөлхөж очоод унаж амиа алдахаар харагдаж байна лээ.

Баянгол дүүргийн X хорооны оршин суугчаас тодруулга авлаа.


-Энэ хавийн айл өрхүүд бүгд л модон жорлонтой юм. Тэр бүрийнх нь хаалга нь дэлгээстэй байна. Энэ нь нялх хүүхдүүдийн аминд халтай юм аа?

-Нүхэн жорлонгийн асуудал хүнд шүү. Газар нь жижигхэн учраас гэр, жорлон хоёр нь хаяа дэрлээд л байдаг юм. Зун бол үнэр танар нь дийлдэхгүй, хэцүү. Хүүхэд, нохой уначих гээд байдаг юм. Таван алхмын зайтай юманд чинь мөлхөөд л оччихно шүү дээ. Зарим нэг нь хаалгандаа түгжээ хийдэг л дээ. Салхинд саваад онгойчихдог байх. Өвөл бол халтираад уначих гээд байдаг. Банз нь мөстөөд асуудалтай шүү. Ер нь хүүхдээс хараа салгах аргагүй болсон үе л дээ. Бороо ороход халиад ирдэг аюул бий. Аймшигтай дүр зураг шүү дээ. Үүнээс шалтгаалаад халдварт өвчин гарч байна гэх юм билээ. Эмнэлэг домнолго бараадсан хүмүүс бишгүйдээ харагдах юм.

-Танай хөршийн нялх хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан байсан. Ер нь энэ төрлийн хэрэг олон бүртгэгддэг үү?

-Сонсож амжаагүй л байна. Эцэг эх, асран хамгаалагчийн л хариуцлагатай холбоотой асуудал шүү дээ. Тэр нялх амьтан яаж зовж амьсгал хураасан бол, бодохоос ч зүрх эмтэрмээр юм. Эцэг эх нь хаана, юу хийгээд ухаанаа алдчихдаг юм бол доо. Өмнө нь хүүхэд модон жорлонд уналаа гэж би дуулаагүй юм байна. Гэр, жорлон нь ойрхон байдаг учраас мөлхөж яваад л очиж унах аюултайг мэднэ гэв.

Энэ жилийн тухайд ийм төрлийн хэрэг бүртгэгдэж буй эхний тохиолдол нь энэ биш юм. “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хоёр настай хүү нүхэн жорлонд унаж нас баржээ” гэх мэдээлэл одоогоос гуравхан сарын өмнө цацагдаж байлаа. Үүний дараахан нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Аварга тосон” нуурын ойролцоо “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газарт эмээтэйгээ хамт амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Тухай бүрт нь халаглаад өнгөрч байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд бага насны гурван ч хүүхэд модон жорлон гэх хар нүхэнд унаж нас баржээ. Үүнээс өмнө нь ч ийм төрлийн хэрэг хэдэн 100-гаараа л бүртгэгдэж байсан талаар Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ой таван сартай хүүхэд жорлонд унаж амь насаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ анхны тохиолдол биш л дээ. Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байгаа. Хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Хүнд тэр бүр анзаарагдахгүй. Энэ асуудал дээр төр засгаас айхавтар том шаардахаас илүү өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр гэрээ нэг тойруулаад ажиглачих. Аюултай зүйл юу байна анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ. Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн байцаагч очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачихаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд тань очиж татаад л түлэгдэнэ шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Саяхан л жаахан хүүхэд тогонд цохиулаад нас барсан шүү дээ. Орон сууц хорооллын иргэд ч анзаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, жишээ авч сэрэмжлэх хэрэгтэй” гэсэн юм. Олон улсад аюулыг илрүүлэх өдрийг зарладаг юм байна. Энэ өдрийн хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг гэнэ. Үр дүнд нь аюул ослын тоон үзүүлэлт буурсан жишээ байдаг юм байна.

Өнөөдөр нийслэлд 200 орчим мянган өрх гэр хороололд амьдарч байгаа. Тэр бүр модон жорлонтой. Орон нутагт ч олонх нь модон л жорлон хэрэглэдэг. Энэ бүхнийг орон сууцжуулж, боловсон жорлонгоор хангах боломж одоохондоо алга. Айл бүр орон сууцанд тухалтал хэдэн ч нялх хүүхэд энэ жишгээр амь насаа алдахыг тооцоолох аргагүй. Нүхэн жорлон эрүүл ахуй, байгаль экологид хор хохирол учруулж байсан бол өнөөдөр таны хүүхдийн амь насанд бодитоор заналхийлээд эхэлсэн байна. Өрхийн тэргүүн, хүүхэд асран хамгаалагчид модон жорлонгийн үүдийг түгжээд л хэвших юм бол таны нялх үр хар нүхэнд унаж тарчилж нас барахгүй гэсэн үг. Нүхэн жорлон гэх хар нүхэнд хүүхэд унаж амь насаа алддаг тохиолдлыг энэ хэргээр зогсооё. Үүний тулд иргэд жорлонгийнхоо хаалганд түгжээ хийгээд л хаагаад хэвших хэрэгтэй. Хотын ойр орчимд байрлах, иргэд гэр бүлээрээ очдог амралтын газрууд ч энэ асуудалд ач холбогдол өгч анхаарах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Нэг ангийнхан гэдгээ ч мэдэхгүй байгаа НЭГ АНГИЙНХАН

Эцэг, эхчүүдийг сургуулийн үүднээс буцаагаад нэгдүгээр ангийнхныг багш нар нь анги анги руугаа дагуулаад орууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хошой тэргүүний “Шавь” цогцолбор сургууль өнөө жил нэгдүгээр ангийн “К” хүртэлх бүлэгт зургаан настнуудыг авчээ. “Нэг ангийнхан” буландаа Ц.Төгсбаяр багштай нэгийн “Б” ангийнхныг урилаа.

13 цагт ангидаа орчихсон байх ёстой. Гэвч ганц хоёр хоцорсон хүүхдүүдийг хүлээж авсны дараа ирцээ бүртгэлээ. Ангийн багш Ц.Төгсбаяр “Хүүхдүүд ээ, багш нь юу гэж хэллээ. Багштайгаа зэрэгцэж ярьж болохгүй гэсэн шүү дээ”, “Та нарыг ингээд бүгд яриад байхаар найзынх нь дуу сонсогдохгүй байна” гэж бяцхан сурагчдадаа байн байн сануулах боловч нэмэргүй. Нэгнийх нь нэрийг дуудахаар энд тэнд зэрэг зэрэг “Байна”, “Байна”, “Байна” гэнэ. Багш “Нэрийг нь дуудсан хүүхэд л өөрийнхөө нэрийг сонсоод гараа өргөх ёстой” гэж хэлээд ч тусыг олсонгүй. 50 гаруй хүүхдийн нэрийг нэг бүрчлэн дуудаж ирц авсны дараа багш нэг сурагчийнхаа цүнхийг өргөөд “Энэ юу вэ” гэвэл бүгд нэгэн зэрэг “Цүнх” гэв. Цүнхэндээ байгаа бүх юмаа ширээн дээрээ гаргаарай гэж хэлэнгүүт сурагчид цүнхээ ухаж дотор нь байгаа юмнуудаа дэлгэлээ. Дэвтэр, зургийн дэвтэр, харандаа, балны сав, гялгар уут, даавуун ууттай аяга таваг, халбаганы иж бүрдэл, алчуур, хуурай, нойтон сальфетка гээд эд зүйлсээ ширээн дээр гаргалаа. Багш хичээлийн хэрэгслүүдийг нь нэг бүрчлэн танилцуулсны дараа буцаагаад цүнхэнд нь хийхэд дахин сануулж “Энэ юу билээ” гэж асуув. “Дэвтэр, өнгийн харандаа, өнгийн цаас, зургийн дэвтэр, пиналь (үзэг, харандааны сав), хайч, шугам, баллуур, цавуу, харандаа, бал, үзүүрлэгч” гэж нэг нэгээр нь нэгэн зэрэг чанга нэрлэцгээв. Багш “Энэ бүгд нийлээд юу билээ… Тийм ээ, хичээлийн хэрэгсэл” гэв. Мөн “Энэ цүнх хүнд байна. Хүнд цүнх үүрвэл яах билээ” гэтэл нэг хүүхэд “Жижгэрнэ” гэв. Бас хэдэн хүүхэд “Нуруу” гэв. Багш “Хүнд цүнх үүрвэл нуруу өвдөнө. Тийм болохоор яах билээ, хөнгөн цүнх үүрэх ёстой” гэж сануулав. Проро, лего, Супермен, “Frozen”-ын Алиса, Анна гээд хүүхэлдэйн кино, тоглоомын баатруудын зурагтай цүнх, дэвтэр, бал харандаа, үзүүрлэгч гээд зүсэн зүйлийн хичээлийн хэрэгсэл ширээнүүд дээр эрээлжилж, хаа сайгүй гялгар уут шажигнаж, хүүхдүүд цүнх, саваа нэгжээд тун завгүй болцгоов. Хөвгүүдийн цүнх бор, цэнхэр, хөх, хар өнгө голлодог бол охидын цүнх, харандааны сав буюу пиналь гээд бүх эд зүйлс нь гялалзаж гялтганасан саатай, шигтгээтэй ягаан, шар өнгөтэй. Охидын цүнх эмх цэгцтэй, хичээлийн хэрэгслээр дүүрсэн бол хөвгүүдийн цүнхэнд аяга, таваг, халбаганы иж бүрдэл байх нь тэр. Гялгар уутнаас нь гаргаагүй, шив шинээрээ. Тэр бүү хэл нэг хүү ширээн дээрээ шаазан аяга, сэнжтэй шаазан аяга гаргаад тавьчихаж. Тэгтэл хоёрдугаар эгнээний гуравдугаар ширээнд сууж байсан хөвгүүн коршоокон малгай гэж ярьдаг даа, хээр хөдөө явахаар өмсдөг, цэргийн хээрийн хувцас, майхны нэг тийм эрээн өнгөтэй. Тийм малгайг дараад өмсчихсөн сууж байна. Багш нь “Хүүе ээ, малгайгаар яах нь вэ. Тайлаарай” гэв.

Хичээл эхлэв. Багш “Харандаагаа зөв бариарай” гээд харандаагаа хэрхэн зөв барихыг агаарт барьж үзүүлэв. “Багш аа, би зөв барьж байна уу”, “Багш аа, намайг хар даа”, “Энэ зөв үү”, “Би зөв барьж чадаж байгаа биз дээ, би бүүр дөрвөн настай байхдаа барьж сурсан юм чинь” гээд энд тэнд ам амандаа ярьж багшаа дуудна. Мэдээж тавин хэдэн хүүхэд дээр зэрэг очиж чадахгүй учир Ц.Төгсбаяр багш хүүхэд нэг бүр дээр очиж, харандааг нь зөв бариулна.

Гуравдугаар ширээний ард зогсож байсан над руу хоёрдугаар ширээний арынхан болон гуравдугаар ширээнийхэн бүгд гараа харуулж “Багш аа, би зөв барьж байна уу” гээд харцгаав. Чадах чинээгээрээ л харандааг нь зөв бариулав.

Ц.Төгсбаяр багш самбарт эмч, цагдаа, сурагч, засварчны зурагтай хуудас наагаад “Эдгээр хүмүүст юу юу хэрэгтэй билээ. Хэрэгтэй эд зүйлтэй нь холбож зураарай” гэлээ. Хүүхдүүд тараасан цаасан дээрх цагдаа, эмч, сурагч, засварчны зургийг чагнуур, цүнх, бороохой, багажны хайрцагтай харандаагаар холбож зурах байлаа. Багшийгаа ярихад хүүхдүүд огт өөр зүйл, хичээлд хамааралгүй ч гэмээр юм ярина. Зарим нь аль түрүүнд асуусан асуултад хариулж байгаа харагдана. “Ээжийнхээ утасны дугаарыг бичүүлээд ирсэн”, “Манайд ийм бороохой байгаа юм чинь” гээд чангаар бүгдэд сонсогдохоор ярина. “Багш аа, ингэж холбоно тийм ээ”, “Энэ хоёрыг холбоно, тийм ээ” гээд дахиад л хүүхдүүд эргэж хараад намайг дуудаж цаасаа үзүүлэв. Юуг, юутай яаж холбохыг нь заалаа. Үүний дараа хүүхдүүд цүнхний зургийг будах байв. Ж.Марал, Г.Буяндалай нар цүнхээ өнгө өнгөөр ялгаад ихэд сайхан буджээ. Хүүхдүүд харин будах хичээлдээ бол багшаа тэр болгон дуудсангүй шүү. Тэгтэл гуравдугаар салааны урдуур сууж байсан Б.Чинхүслэн хамрынхаа хоёр нүх рүү хоёулан руу нь харандаа чихчихсэн эргэж хараад арын хүүхдүүдээ инээлгэж байдаг байгаа. Сандарсандаа болохгүй, аюултай гэдгийг сануулж дохио өгвөл харандаагаа ашгүй авчихлаа шүү. О.Мөнх-Эрдэнэ, Г.Чингүүн Б.Чинхүслэн, Г.Чинзориг, Т.Содномдорж, Ж.Марал нараас “Ангийнхнаа хэр таньдаг вэ”, “Найзуудынхаа нэрийг мэдэх үү”, “Та нар нэг ангийнхан мөн үү” гэж асуусан чинь “Найзтай. Найзаа чамайг хэн гэдэг билээ”, “Багш аа, ангийнхан гэж юу вэ. Аль анги вэ”, “Найзынхаа нэрийг мартчихаж”, “Багшийн нэр үү. Мартчихсан байна. Ээжээсээ асууя” гэсэн хариулт өгцгөөв. Тэд “Бид хамтдаа дөрвөн жил сурах байх даа” гэцгээж байлаа.

Дээхнэ үед бол нэгдүгээр ангид ороод л номхон суухыг эхэлж сурдаг байсан сан. Эгц урагшаа хараад, нуруугаа цэхлээд ширээн дээр зүүн гаран дээрээ баруун гараа тавиад юм ярихаар бол баруун гараа өргөж “Багш аа, би” гэж зөвшөөрөл авдаг байсан. Харин зургаан настнуудын хувьд эрх чөлөөтэй, нэг их хүлээс, тушаал, сахилгад баригдахгүй хэрнээ багшийгаа юм хэлэхэд анхаарах нь сайн юм. Харин анхаарал нь хэдхэн секунд хэртэй л тогтдог бололтой. Багш “Чишшш…чимээгүй хүүхдүүд ээ. Та нарыг зэрэг зэрэг яриад байвал бусдын чинь яриаг багш нь сонсохгүй шүү дээ” гэж их зөөлөн аргадаж, ойлгуулна. Урагшаа цэх хараад суудлаасаа босохгүй номхон сууж байгаа хүүхэд алга. Хүн эвшээж байгаа хүнийг хараад дагаж эвшээдэг рефлекстэй. Тэр рефлекс бол энэ ангийнханд ёстой сайн бололтой. Нэгдүгээр салаанд нэг нь эвшээвэл, нөгөө хоёр салааны аль нэг ширээний хүүхэд заавал үргэлжлүүлж эвшээнэ. Багш хүүхдүүддээ ярьж, самбар дээр юм зааж байхад зарим хүүхэд эргэж хараад суучихна. Ангийн ханан дахь самбар, үзүүлэнг сонирхоно. Цүнхээ онгично. Ширээн дээрээ байсан ус, ундаа, жүүснээсээ байн байн ууна. Ширээ дэрлэнэ. Тэгтэл багш “Энэ их халуунд наад малгай чинь юу вэ. Яагаад малгайгаа өмсчихөөд байгаа юм бэ” гээд өнөө хоёрдугаар салааны хүүд хандаж хэлбэл цаадах нь бушуухан шиг малгайгаа аваад цүнх рүүгээ хийхээр тонгойлоо. Багш юм ярьж, зааж зааварлаж байхад огт өөр сэдвийн юм ярина, өөр сэдэвтэй юм асууна. Хөндлөнгөөс харахад инээдэмтэй ч багш тэр болгонд асуултыг нь хоосон буцаахгүй.

Багш сурагчдаас “Нэг ангийнхан гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бол. Та нар нэг анги мөн үү” гэвэл хүүхдүүдийн гараа өргөх нь өргөөд, босох нь босоод, ярих нь ярина. “Хамт тоглоно”, “Хамт хичээлээ хийнэ”, “Хамт зурагт үзнэ”, “Хамт хоолоо иддэг”, “Хамт гадаа тоглодог”, “Би найзыгаа халбагагүй ирэхэд халбагаа өгдөг”, “Найзтайгаа зодолдож болохгүй”, “Найзтайгаа эв найртай байх ёстой”, “Найзтайгаа найрамдалтай байх ёстой” гэж хүүхэд бүр бодлоо хуваалцав. Ангийн багш Ц.Төгсбаяр “За хүүхдүүд ээ, нэг ангийнхан гэж тэгэхээр ямар хүмүүсийг хэлэх нь вэ. Хамтдаа тоглож, хамтдаа хичээлээ хийж, хамт хоолоо идэж, нэгэндээ тусалж, эв найртай хамт байдаг хүүхдүүдийг хэлэх нь байна, тийм үү” гэвэл “Тийм ээ” гэлээ.

Зургаан настнууд бол эцэг, эх, эмээ өвөөгийн хайр халамжинд зургаан жил бөмбөрсөн айлуудын хамгийн өхөөрдөм, хүн бүрийн хайрыг татсан хайрын эзэд байдаг. Тэд хэдийгээр сурагч болж, дөнгөж гурав дахь өдрөө л сургуульдаа ирж, ангидаа сууж байгаа ч уйлж, дуугаа хураах нь харьцангуй багассан байдаг бололтой. Зургаан настай 50 гаруй хүүхэдтэй ангид ганцхан багш ажиллана гэдэг нэлээд чанга юм билээ шүү. Багш хүүхэд тус бүртэй тулж ажиллахад цаг их ордог юм байна. “Сурвалжлагч, гэрэл зурагчин хоёр манай ангийн тухай сонинд нийтлэл бичихээр иржээ” гэж танилцуулсан ч гэлээ зургаан настнуудын хувьд ангид нь орж ирсэн том хүн болгон багш. “Багш аа, багш аа” гэж дуудаж “Энийг ямар өнгөөр зурах вэ, энийг ингэж холбох нь зөв үү, би цүнх зурж чадахгүй байна, надад энийг заагаад өгөөч, би алийг будах вэ, би одоо юу хийх вэ” гэж асуултаар булж, ширээнээс ширээнд дуудаж, салаанаас салаа руу явуулж байлаа. Хүүхэд дуудаж байхад очихгүй байлтай биш. Нэгэнд нь юм зааж байхад эргэн тойрны хүүхэд бүгдээрээ зурсан зургаа үзүүлж “Багш аа, энэ болж уу” гэж асууна. Айхавтар хашгирч, уйлж унжихгүй ч хоорондоо ярилцах нь, багшаасаа асуух нь, “Багш аа” гэж дуудах ер дуусдаггүй юм байна. Бага ангийн багш, тэр дундаа зургаан настай хүүхдүүдийн багш байхад хүнээс асар их тэвчээр ухаан, төлөвшил шаарддаг нь тодорхой аж. Гуравдугаар ширээний хөвгүүдээс “Та нар нэг анги мөн үү” гэвэл түрүүхэн багшийнхаа хариултад нэгэн зэрэг “Тийм” гэж хариулснаа мартав бололтой “Нэг ангиа, багш аа. Юу гэсэн бэ. Нэг ангийнхан гэж юу вэ” гэж анх удаа сонссон аятай гайхан асууснаа “Би цүнхээ гоё будчихсан. Хар даа” гээд будсан зургаа харуулав. Зарим нь асуултад хариулахгүй таг дуугүй өөдөөс харна. “Та нар бүгдээрээ нэг ангийнхан шүү. Нэгийн “Б” гэсэн анги шүү. Хамтдаа олон жил сурна, за юу” гэвэл “Хэд, дөчин хоног уу” гэж асуув.

Нэгийн “Б” ангийн багш Ц.Төгсбаяртай завсарлагааны үеэр цөөн хором ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?

-Би 12 дахь жилдээ багшилж байна.

-Зургаан настнуудын хэд дэх ангиа авч байна вэ?

-Гурав дахь удаагаа зургаан настай сурагчдыг хүлээн авч байна.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

-54 хүүхэдтэй. Сургуулийн зүгээс өнөөдөр ширээ, сандал нэмж тавихаар гурваараа суусан хүүхдүүд маань хоёр хоёроороо суучихаар сурахад их тухтай болно доо. Бас сурах бичиг ирж байгаа. Үдээс хойш авна.

Манай хүүхдүүд сургуульд дөнгөж орж байгаа болохоор бие биеэ танихгүй. Нэг анги гэдгээ мэдэхгүй байгаа. Хичээлийн эхний өдөр бүгдийг нь танилцуулж, анги хамт олон гэж юу вэ, бие биедээ яаж тусалдаг зэрэг ойлголтуудыг өгсөн ч даанч мартчихсан (инээв). Хажуудаа сууж байгаа хүүхдийнхээ нэрийг ч тогтоож амжаагүй л байгаа байхгүй юу. Өнөөдөр хамтдаа сууж байгаа гурав дахь өдөр нь. Эхний өдөр хичээлдээ ирчихээд маргааш нь нийтийн амралт гээд амарчихсан болохоор мартах нь аргагүй юм.

-Хэдий танай ангийнхан одоо нэг ангийнхан гэдгээ ойлгохгүй байгаа ч нэг ангийнхан шүү дээ. Хожим нь сургуулиа төгсөөд насан туршдаа нэг ангийнхан гэж явахаа мэдэхгүй байгаа ч дараа жилийн өдийд 35 үсгээ мэдчихсэн, үг холбоод уншчихдаг болчих учраас манай сонины энэ нийтлэлийг уншаад нэг ангийнхан гэдгээ мэдэх байх гэж бодож байна шүү?

-Нэгдүгээр ангиасаа хамт сураад 12 дугаар ангиа төгстөлөө нэг анги, нэг хамт олон болж явж байгаа учраас нэг ангийнхан гэдэг нэгэндээ тустай дэмтэй, биенээ дэмждэг, хүндэлдэг байх ёстой. Тийм хүмүүсийг л нэг ангийнхан гэнэ. Миний хувьд зөв хүн байх талаас нь л хүүхдүүддээ маш их захиж хэлдэг дээ. Нэгнийхээ үгийг хүлээж авдаг, сайн сонсох л хэрэгтэй дээ. Тэгж байж л нэг анги, хамт олон болдог.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад төгс жаргалан болно

Аргын тооллын есдүгээр сарын 13, Сугар гариг. Билгийн тооллын 14, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:25цагт мандан 19:10 цагт жаргана. Энэ өдөр мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих зэрэгт сайн. Урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь бар, туулай,могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад төгс жаргалан болно.

Categories
мэдээ нийгэм

Япон соёлын наадам Сүхбаатарын талбайд болно

Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайдзохион байгуулагдах гэж байна.

Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр арав дахь зохион байгуулагдах тус наадам энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдана.

Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. Одоогоор Япон улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагын төлөөлөгч оролцох хүсэлтээ ирүүлсэн аж.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний хөгжмийн “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулахаас гадна кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Биата Транкманыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцов.

Мөн өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын идсэн хоолноос дээж авч лабораторид хүргүүллээ

“Уудам Монгол” едүкейшн сургуульд хоол нийлүүлдэг байсан “Рааш булаг” ХХК-ийн “The fountain” рестораны үйл ажиллагаанд Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад тус ресторан нь “Уудам Монгол” едүкейшн сургуульд халуун хоол хүргэж өгөхдөө нэг удаагийн саванд савлаж, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын бус хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын авто машинаар тээвэрлэж, 40-50 минутанд боловсруулсан хоолоо хүргэж өгдөг зөрчлийг гаргасан байна.

Хордлого гарсан 09 дүгээр сарын 11-ний өдөр тус компаниас зутан шөл үхрийн махан котлет, япон маягаар амталсан төмсний салатаар сурагчдад үйлчилжээ. Улсын байцаагчид тухайн өдрийн 3 хоолны дээж, эрүүл зүйн нян судлалын 10 арчдас, ундны ус, цагаан будаа, золотая янта майонез, дашида хамтлагч, давс, хар перец гэсэн 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн, 1 удаагийн 1,2 дугаар хоолны хуванцар савнаас дээж авч НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

​“Токио 2020” олимпын наадамд оролцох тамирчдын хувцасны загварыг танилцууллаа

Салбарын яамнаас “Токио 2020” зуны олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг зарлаж, дүнг нь гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр наадамд оролцох баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг танилцууллаа.




Categories
мэдээ нийгэм

Мансууруулах ургамал түүж бэлтгэдэг этгээдүүдийг баривчилжээ

Хар тамхитай тэмцэх газраас хяналт шалгалт, ажиллагаанууд үргэлжилсээр байна. 2019 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр ….аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэн, гар аргаар боловсруулж байсан 2 этгээдийг баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

Хөдөө орон нутагт болон орон нутгийн замд явагдаж байгаа хяналт, шалгалт, ажиллагааны явцад энэ төрлийн хэд хэдэн хэргийг илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ШИНЭ нам улс төрийн 34 дэх намаар бүртгэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачлан өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ намын хүсэлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хэлэлцэж бүртгэж авлаа. Ингэснээр Монголын улс төрийн 34 дэх намаар бүртгэгдэж байна.
Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.
Ингэснээр дээрх “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл“ нам Монгол Улсад улс төрийн ажил явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгасан байна.