Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийнхан шинэ цомгоо дэлхий даяар зэрэг нээж байна

“The Hu” хамтлагийнхан “The Gereg” цомгийнхоо нээлтийг өнөөдөр дэлхий даяар нэгэн зэрэг хийж байна. ТУс хамтлагийнхан есдүгээр сарын 11-нээс АНУ даяар гурван сарын турш аялан тоглох концертоо эхлээд байгаа юм. Мөн “Song of women” нэртэй шинэ клип нь YouTube сувагт Монголын цагаар 12:00 цагт албан ёсоор байршаад байна.

Дашрамд дурдахад, “The Hu” хамтлагийнхан өнгөрсөн зургаадугаар сард “Wolf totem”, “Yuve yuve” тэргүүтэй дөрвөн хит дуугаа багтаасан анхны пянзыг гаргасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт хүргүүллээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан өнөөдөр “Туушин” зочид буудалд “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол, практикийн хурал боллоо.

Хуралдаанд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

ИЛГЭЭЛТ:

Монголчууд аа,

Ардчилагчид аа, анд нөхөд өө!

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярт зориулсан цуврал арга хэмжээний нээлтийн ёслолыг хийж буй энэхүү Олон улсын Ардчиллын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон ардчиллын төлөөх анхны цуглаанаас хойш монголчууд бид ардчилалд алхам алхмаар суралцсаар өнөөдрийг хүрч ирлээ. Ардчилал бол хэзээ нэг цагт хүрч очих цэг, эсвэл зорилт биш, байнга суралцах, үргэлж тордож сайжруулж байх ёстой тасралтгүй үйл явц юм.

НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхийг тухайн үеийн авторитар дэглэм бүхий нам төрөөс шаардаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон намын тогтолцоотой болох, чөлөөт сонгууль явуулахыг тулган зөвшөөрүүлж, улмаар 1992 онд Шинэ Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлуулснаар хуулийн засаглал, ардчилсан хэм хэмжээг хууль ёсны болгосон. Ардчилсан хувьсгалын эхэн үед монголчуудын олонх нь сонгосон шинэ нийгмийнхээ талаар ойлголт муутай байсан боловч, алхам алхмаар суралцсаар одоогийн түвшинд хүрсэн нь бодит үнэн мөн билээ.

Өнөөдөр ч бидний дунд ардчиллын талаар ихээхэн гажуудаж гуйвсан ойлголтууд амь бөхтэй оршсоор байгаа нь ч бас үнэн. Улстөрийн ардчилсан дэглэм дэх Ерөнхийлөгчийн ба парламентын засаглал гэсэн хоёр хэлбэрийн тухайд гэхэд туйлын гажуудсан ташаа ойлголт өргөн дэлгэрчээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ард түмнээс шууд сонгох, эсвэл парламентаас сонгох гэдэг дээр ялгаа оршихоос бус хууль тогтоох, улсын төсөв батлах зэрэг эрхийг парламентад хадгалдаг нь Бүгд найрамдах засаглалын суурь юм.

Ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилд Монголын нийгэм олон сорилтыг амжилттай даван туулсаар ирлээ. Хэдийгээр хүнд бэрх цаг үетэй тулгарч, цөөнгүй бэрхшээлтэй учирч байсан ч монголчууд ардчиллаас хэзээ ч үл ухран, ардчиллын үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил, амьдрах ажиллах орчноо болгон төлөвшүүлж чадсан нь өнгөрсөн он жилүүдийн гол ололт амжилт мөн. Ололтын хажуугаар алдаа эндэгдэл ч бас оршиж ирлээ. Нийтийн баялаг, газрын хэвлийн баялгийн талаар бүрэн гүйцэд ойлголтгүй байсны улмаас ашигт малтмалын хуулийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бид алдаа гаргажээ. Ашигт малтмалын лицензийг хэн түрүүлж өргөдөл өгсөн нь авах хууль гаргаснаар эрх мэдэлтэй байсан цөөнх баялагт хяналтаа тогтоох боломжийг олгож орхисон байна. Олигархи-цөөнх нийтийн баялагт хяналтаа тогтоон, үр шимийг нь сорон мөлжиж, баялгийн эзэд болох ард түмэн хоосон үлдсэн нь өнгөрсөн жилүүдийн том сургамж мөн.

Ардчиллыг шинээр бүтээх үйл явц амаргүй байдгийг бидэнтэй ижил цаг хугацаанд шилжилт хийсэн Зүүн Европын орнуудын жишээ нотолж байна. Бүгдэд нь ололт дэвшил, алдаа эндэгдлийн аль аль нь байна. Ганц монголчууд онож, алдаж байсангүй. Ардчилсан түүхийн алдаа эндэгдэл нь бидний багш, оноо нь ч бидний багш байсан.

Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлагыг УИХ-ын олонх хангаж чадсангүй. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оромдож, ардчиллыг улам бүр бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг барьцаанаас гаргах, хүчтэй Ерөнхий сайдаар удирдуулах замаар шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, оновчтой болгох, хариуцлагыг эзэнтэй болгох чиглэлд нэг ч алхам хийсэнгүй. Эсрэгээр, олигархи-цөөнхийн хяналтыг парламент, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалд хэвээр хадгалж үлдэх, өөрсдийн явцуу сонирхлоор нийтийн эрх ашгийг наймаалалцах санаархал бүхий хуулийн орчноо хадгалж үлдлээ.

Эрхэм анд нөхөд өө,

Өнөөдөр Монголын ардчилал амаргүй сорилттой тулгарч нийтийн эрх ашиг уу, олигархи цөөнхийн хязгааргүй шунал уу гэдэг ац сонголттой тулж ирлээ.

Цаашид ардчиллаа улам төгөлдөржүүлэхийн тулд монголчууд бид хууль тогтоогчдоо шууд сонгож ирсэн шигээ гүйцэтгэх засгийн тэргүүн Ерөнхий сайдаа ч шууд сонгодог болъё. Ингэснээр үндсэн хуулийн 3.1-д заасан засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт очно. Үндсэн хуулиндаа ийм агуулга бүхий өөрчлөлт хийж байж Монголын ардчилал аврагдана. Ийм өөрчлөлтийг Монголын нийт ард түмэн болон Ардчилсан нам, МАН, МАХН, Улсын Их Хуралд суудалгүй бусад бүх нам, хөдөлгөөн дэмжинэ гэдэгт итгэж байна.

Олон улсын Ардчиллын энэ өдөр монголчууд бид өндөр сонор сэрэмжтэй байж, ардчилсан үнэт зүйлсээ хамгаалах, олигархуудын санаархал нэвт шингэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг няцаах, түүнийг сөрөн зогсох тал дээр бат нэгдэлтэй байх нь нэн чухал байна. Эс тэгвээс, ардчилалд итгэх олонхын итгэл алдран, тэгш эрх, тэгш хуваарилалт бүдгэрэн холдож, нийгэм баян ядуугийн эрс ялгаралд өртөн улмаар нийгэмд тогтворгүй байдал үүсэх эрсдэл ч бий гэдгийг цаг үргэлж санаж явах учиртай.

Монгол Улс ардчилсан замналаасаа үл ухран, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмаасаа хэзээ ч хазайх ёсгүй гэдэг итгэл үнэмшил олонх монголчуудад байгаа ч, энэ нь бодит үйлс байх эсэх нь нийтийн сонор сэрэмж, хүчин чармайлт, нэгдмэл байдлаас шууд хамааралтай гэдгийг мартаж үл болно.

Олон улсын Ардчиллын өдрийг анх удаа бүх нийтийн баяр болгон зохион байгуулж байгаа Ардчилсан намд талархал дэвшүүлж, ардчиллаа хамгаалах зорилтыг дараагийн гучин жилд ч манлайлан тэргүүлж явахыг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө үеийн үед хөгжин цэцэглэх болтугай.

Сайн үйлс дэлгэрэг”.

Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон НҮБ-ын Суурин зохицуулагч итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Тапан Мишра өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа гардуулав.

Сайд Д.Цогтбаатар НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, манай улс НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирсэнийг тэмдэглэсэн байна. Мөн олон улсын энхтайвны асуудлаарх судалгаа, энхтайвныг түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ноён Т.Мишра Монгол Улс – НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Ноён Тапан Мишра нь Энэтхэг Улсын иргэн бөгөөд НҮБ-ын системд 2003 оноос хойш ажиллаж байгаа ба 2015-2019 онд БНАСАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр ажилласан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадварыг иргэдэд эзэмшүүлж байна

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль “Олон нийтэд зориулсан анхны тусламж” сэдэвт сургалтаар үргэлжилж байна.

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн үндэсний сургагч багш нар удирдан явуулж буй тус сургалтад Сайншанд сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн оюутан, сурагч, багш, ажилчид болоод иргэд хамрагдаж байгаа юм.

Сургалтад хамрагдаж байгаа иргэдэд гамшиг ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлж, гэрчилгээ гардуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Их Британи улстай Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Филип Малон, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Турк, Зүүн Европ, Төв Азийн бүс хариуцсан газрын захирал, ноён Озгур Кутэй тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2000 онд хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулж, 2012 онд Лондон хотруу нислэг гүйцэтгэхээр төлөвлөн, 2013 онд нислэгийн дугаар хамтран эзэмших тухай санамж бичигт гарын үсэг зурж, Берлинээс Лондон руу нисэх 5 дугаар эрх авахаар ярилцаж байсан. Мөн төмөр замын бетон дэр, рейльс төмрийн бэхэлгээний систем нийлүүлэх, ган бүтэцтэй угсардаг гүүрийн технологийг монголд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийх зэргээр Их Британи улстай зам, тээврийн салбарт хамтран ажиллаж байсан туршлагуудаас дурдав. Түүнчлэн тус улсын дэвшилтэт техник технологи, ноу хау-г Монголын төмөр замын салбарт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр Их Британийн төмөр замын бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол”, “RM&S” зэрэг компаниуд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлж эхэлснийг сайшаагаад Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын үндэсний бүтээн байгуулалтыг Монголчууд өөрсдийн нөөц бололцоогоор барьж байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү ажлын дэр бетон үйлдвэрлэх хэсэгт “Пандрол” компанийн бэхэлгээг ашиглаж байгааг онцлов. Цаашид Монгол Улсын төмөр замын томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжих тул бэхэлгээний хэрэгцээ шаардлага их байгаа ба Пандрол бэхэлгээний зарим бүрдэл хэсгүүдийг монголд үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Монголын Иргэний нисэхийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийхэд хамтран ажиллахыг санал болгов.

Элчин сайд Филип Малон, Б.Энх-Амгалан сайдыг хүлээн авч уулзаж, санал солилцож байгаад талархал илэрхийлээд дээр дурдсан асуудлуудад анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгав. Мөн өнгөрөгч 7 дугаар сард нээлтээ хийсэн шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хоёр улсын Иргэний нисэхийн байгууллагуудын хооронд яриа хэлцэл хийгдэж, удахгүй шийдэлд хүрнэ гэдгийг онцоллоо. Ингэснээр хоёр улсын Иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаа дараагийн шинэ шатанд гарч, өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв. Мөн Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас 150-250 сая ам.долларын санхүүжилт хийх бололцоотой бөгөөд Монгол Улсын зам, тээвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж байгаа гэдгийг илэрхийлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгос, Японы хилээр махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдвал 2-25 сая төгрөгөөр торгуулна

Манай иргэд гадаадад зорчихдоо малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, хиам, борц зэрэг хүнсийг очоод хэрэглэх, хүний дайвар байдлаар, мөн найз нөхдөдөө бэлэг болгож, амсуулах зорилгоор авч явах нь түгээмэл байдаг.

Хоёр жилийн өмнө АНУ-ын хилээр 19 кг мах, адууны засаа оруулах гэж байгаад баригдаж бөөн шуугиан тарьж байв. Мөн Өмнөд Солонгосын хилээр мах махан бүтээгдэхүүн оруулах гэж байгаад хураалгасан тохиолдол тоймгүй. Бүр тарваганы тулам оруулах гэж зүтгэсэн тохиолдол ч бий.

Тэгвэл монголчууд хамгийн их зорчдог томоохон орнуудад малын гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэж оролдсон тохиолдолд өндөр торгууль тавих, цаашлаад баривчлах хүртэл хариуцлага ногдуулах болжээ.

Манай улсын иргэд хоёр хөршөөс гадна Өмнөд Солонгос руу хамгийн их зорчиж байгаа аж. Одоогоор тус улсад манай 46 мянган иргэн оршин сууж байна. Мөн тус улсын хилээр малын гаралтай бүтээгдэхүүн оруулах гэж завддаг тохиолдлоор ч манайхан тэргүүлдэг аж.

Тэгвэл энэ жил Африкийн гахайн мялзан, шүлхий өвчин, шувууны томуугийн вируст өвчин зэрэг мал амьтны гаралтай халдварт өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түүхий мах, хиам, хатаасан мах зэрэг бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглоод байна. Хэрэв энэ төрлийн мэдүүлэгт тэмдэглэлгүй оруулсан тохиолдолд эхний удаад нэг сая, хоёр дахь удаад гурван сая, гурав дахь удаад таван сая воны торгууль тавьж байгаа аж.

Хэрэв мал амьтны халдварт өвчин дэгдсэн бүс нутгаас мах, махан бүтээгдэхүүн оруулж ирэхээр завдсан бол торгуулийн хэмжээ 2-3 дахин өсөж буй юм. Энэ тохиолдолд эхний удаад таван сая воны торгууль хүлээнэ. Гадаад харилцааны яаманд энэ чиглэлийн тоо баримтыг нэгтгэж гаргахад түвэгтэй. Учир нь тус улсын хил гааль дээр дээрх зөрчлөөр торгууль хүлээж байгаа хүн бүрийн мэдээллийг яам руу ирүүлдэггүй.

Гэхдээ ийм зөрчил маш их байгааг гэдгийг хэлсэн. Тухайлбал, нэг оюутан бусдын дайвар ачааг шалгалгүй авч явснаас болж дотор нь борц байсан нь хил дээр илэрч, гэрийнх нь хаягаар нэг сая вонны торгуулийн хуудас ирсэн байна. Өнөөгийн төгрөгийн үнэ цэнээр 2 сая 300 гаруй мянга болж байна.

Зарим иргэн гар аргаар бэлтгэсэн мах бус үйлдвэрийн сав баглаа боодолтой, лаазалсан мах, махан бүтээгдэхүүнийг хилээр оруулж болно хэмээн эндүүрдэг.

Харин жигнэсэн, савласан, хатаасан зэрэг үйлдвэрийн савлагаа, боодолтой ямар ч бүтээгдэхүүн хориотой аж. Мөн үүнд ургамлын гаралтай бүтээгдэхүүн буюу жимс, ногоо ч хамааралтай болохыг хэлсэн юм.

Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх бол Хилийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авах ёстой. Ийм тусгай бичиггүй бол тус улсын хуулиар хориглосон бүх бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх нь хууль бус аж.

Хэрэв аргагүйн эрхэнд авч ирсэн бол “Аялагчдын гар тээшний мэдүүлэг”-т тэмдэглэж, нисэхийн болон боомтын хорио цээрийн газарт мэдэгдэхийг зөвлөж байна. Хорио цээрийн хяналт шалгалт хийгдэж буй нисэх буудалд монголчуудын хамгийн их зорчдог Инчеон, Бусан зэрэг долоон буудал багтаж байна.

Япон улсын тухайд мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага илүү чанга байгаа аж. Тодруулбал, энэ жилээс зорчигчийн тээшнээс импортын мэдүүлэггүй махан болон малын гаралтай бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд гурав хүртэлх жилийн ял, нэг сая иен хүртэл мөнгөн торгуулиар торгохоор болжээ. Ингэхдээ ямар ч тохиолдолд хатуу арга хэмжээ авна гэдгийг тус улсын холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна. Нэг сая иен нь төгрөгөөр тооцвол 24-25 саятай дүйж байгаа юм.

АНУ-ын хувьд мөн л гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглодог. Үүнд махны орцтой үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бульон хүртэл багтахыг анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн, жимс, хүнсний ногоо тоо ширхгээс үл хамаарч, нэг ширхэг байсан ч хураан авах болно. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн авч яваагаа гаалийн мэдүүлэгт бөглөөгүй тохиолдолд эхний удаа 300 ам.доллар, хоёр дахь удаа 500 ам.доллар гэх мэтээр торгуулийн хэмжээ нэмэгдэнэ. Энэ төрлийн бүтээгдэхүүн авч яваа тохиолдолд гааль, хилийн ажилтанд мэдэгдэх шаардлагатай аж. Тэд тухайн бүтээгдэхүүн хилээр оруулах эсэхийг нягтлан үзнэ.

Тиймээс малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг аз туршиж хилээр авч гарах гэж байгаад их хэмжээний торгууль хүлээх эрсдэлтэйг анхаарах шаардлагатай аж. Хэдийгээр монгол малын мах амт, чанар сайтай ч улс орон бүрт махны хэрэглээ өндөр байдаг. Солонгос улсын хувьд нэг кг хонины мах 10 гаруй мянган воны ханштай. Иймд хэн нэгнийг заавал авч яв хэмээн шахаж шаардах, мөн өөртөө эрсдэл учруулж энэ төрлийн бүтээгдэхүүн авч явах шаардлагагүй аж.

Зөвхөн мах ч гэлтгүй хилээр давах гэж байгаа бол ачаагаа сайтар нягталж байх шаардлагатай аж. Тухайлбал, өнгөрсөн сард сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлтгэх зорилгоор урд хөршийн хил давсан Д гэх залуугийн халааснаас таван ширхэг сум гарч ирснээр саатуулагдаж, одоо болтол БНХАУ-д шалгагдаж байна. Тэрбээр урд хөрш рүү зорчихоос хэд хоногийн өмнө анд явсан аж.

Энэ үед халаасандаа ангийн бууны сум хийсэн байжээ. Улмаар БНХАУ руу зорчих үедээ халаас, тээшээ шалгалгүй гарсан нь ийн хэрэгт унахад нөлөөлсөн байна. Хэдийгээр ангийн бууны хэдхэн ширхэг сум боловч тус улсын хуулиар энэ нь галт зэвсгийн ангилалд хамаарч, үүнийг дагаад хариуцлага хүлээлгэх зүйл заалт нь ч хүндрээд ирдэг байна.

Үүнээс гадна БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд “20,000 юань буюу 5,000 ам.доллараас дээш валют”-ыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог аж. Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгаж, мөнгөн дүнгийн 9 хувьтай тэнцэх хэмжээний валютаар торгодог байна.

Бусад томоохон улсуудын хувьд биедээ авч явж болох мөнгөний дээд хэмжээ 10,000 ам.доллар байна.

Эцэст нь монголчууд мах, махан бүтээгдэхүүнийг “вакумдаж” тугалган цаас зэргээр маш сайн ороовол нохой үнэртэж чадахгүй, мэдэлгүй гаргачихна хэмээн эндүүрдэг. Тэгвэл үнэрч нохой ачаан дотроос ганц чимх мансууруулах бодисыг ч илрүүлэх чадалтай аж. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн илрүүлэх нь бүр ч амархан гэсэн үг.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар тамхинд холбогдсон алдартнуудыг мэдээллийн бүх хэрэгслээр гаргахыг хориглоё

Монголд хар тамхи тахлын хэмжээнд очлоо. Хууль хяналтын байгууллага, холбогдох газрууд өндөржүүлсэн байдалд шилжлээ. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага онцгой анхаарах цаг боллоо. Хар тамхины хэрэгт Монголын залуу, өсвөр үеийнхэн маш ихээр холбогдож, энэ байдлаараа живэх нь. Хүүхэд залуусын шүтэн биширдэг, даган дуурайдаг, үг үйлдэл, өмссөн зүүсэн бүгдээс нь үлгэр авдаг урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс олноороо хар тамхины хэрэгт холбогдож, цөөнгүй нь хуулийн хариуцлага хүлээх болов. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдгээр олны танил хар тамхичдыг онцгой ихээр сурталчилж байгаа нь залуу үеийнхэнд ийнхүү муугаар нөлөөлж эхэллээ. Хар тамхинд нэр холбогдсон алдартнуудыг өдөр шөнөгүй нийтлэл, нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, зар сурталчилгаандаа тоглуулж байгаа нь тэднээр дамжуулан хар тамхийг сурталчилсан үйлдэл болсныг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа. Хуулийн хэллэгээр бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины гэмт хэргийн нэг хэсэг, шууд болон шууд бусаар хар тамхичдыг дэмжиж, сурталчилагсад болсон байна. Үүнд цэг тавих эцсийн арга нь хар тамхитай нэр холбогдсон урлаг соёлын алдартнуудыг нийтлэл, нэвтрүүлгээрээ гаргасан мэдээллийн бүх хэрэгслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, лицензийг нь хураах явдал гэжээ. Байдал иймдээ хүрчээ, сэтгүүлчид ээ. Бид бол нийгмийг зөв зүйлд хөтлөх, буруугаас сэрэмжлүүлэх үүрэгтэй. Хар тамхи хэрэглэдэг олны танил хүмүүс гаднаасаа хүртэл андашгүй байдгийг “Өдрийн сонин” олон удаагийн цуврал нийтлэл сурвалжлагаараа хүргэж ирсэн. Наад зах нь телевизийн нэвтрүүлэгт орохдоо нөгөөдөхөө заавал хэрэглэдэг. Хэрэглэсэн хүний нүд айхавтар улайдаг учраас түүнийгээ нуух гэж хар шил зүүдгийг хүртэл бичиж, “Хар нүдний шил зүүсэн дуучин хуурчин алдартнуудыг телевизээр битгий гаргаач…” хэмээн уриалж байлаа. Уриалга маань энэ цаг дор дахиад давтагдахад хүрч байна. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага, сэтгүүлчид ээ! Бүгдээрээ улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг дэмжигч, сурталчилагсад байхаа өнөөдрөөс эхлээд зогсооё. Энэ уриалгыг уншиж суугаа таны хажууд, хаалганы чинь цаана, ажлын чинь үүдэнд, цайны ширээний чинь дэргэд хар тамхичид зогсож байж ч мэдэх нь. Нийтлэл, нэвтрүүлэг дууссаны чинь дараа нөгөөдөхөө барьчихсан хар нүдний шилтэн хажууд чинь “Татах уу” гээд зогсож байж ч мэдэх нь. Наад “од”-ууд чинь нэг харсан таны хүү, охиныг чинь, ах дүүс, анд нөхдийг чинь дагуулчихсан, мансууруулчихсан явж байвал та яах вэ… Ийм хүмүүсийг тэгвэл өнөөдрөөс эхлээд редакцийнхаа хаалгаар бүү шагайлга. Үүнийг “Өдрийн сонин” уриалж байна.

“ӨДРИЙН СОНИН”-Ы ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Тус компани хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг санууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: СБД 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: БХД Гүнийн худаг, Хөнгөн цагааны үйлдвэр

ТӨВ АЙМАГ

09:00-18:00 цагт: Эрдэнэ сумын Нисэх онгоцны клуб, Уян хайрхан, Баясгалант өргөө, Монгол элс, Бүти, Сэрүүн сэлбэ, Ай Эф соонс, Дэнж элс, Түмэн хишигтэн-2, Ногоон Ази, Иргэн Мөнхжаргал, Золжаргал, Дашцэрэн, Алтанцэцэг, Ууганбаяр, Александр, Бадамханд, Энхням, Жадамба, Отгонбаяр, Энхтуяа, Оюунбилэг /ногоо/, Цэнгэл, Жигжиднямаа, Эрдэнэбаатар, Долгормаа, Таваг буудлагын төв, Ультра грийн, Жимобайл, Монгол хаад, Сайхан булган, Нарны орон, Морьтон шанкур, Хийморьт хишигтэн, Илд бамбай, Бамбай, Шилийн булаг, Ичонсанворлд, Женко тур, Женко бюри-1, Эхэн трейд, Хорстрек, Хүннү, Скайтел, Хайрын билэг, Энжой, Тулгат гацаа, Мандал жуулчин, Загас үржүүлэг, Харзтай, Азжаргал, Халиун трэвл.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросыг дагагсдын ороо нь гарсан бол хэлэх хэдэн үг байна

Халх гол, Путин, орос ах гээд Монголын нийгэм өнгөрсөн хэд хоногийг хийрхлийн байдалд өнгөрөөлөө. Энэ бүхнээс хараад Оросыг шүтэгч зарим нэг нөхдөд хэлэхэд бид өнгөрсөн соц нийгэмд яг л ийм байсан. Бүх зүйл орос мэргэжилтний захиргаа, зандралт дор болдог байв. Энгийн нэг үйлдвэрийн даргын тушаалаас эхлээд төрийн тэргүүн нь шийдвэр гаргахдаа Кремль рүү утас цохидог байсан он жилүүдийг бид мартаагүй байна. Тэр үеийг мэдэрсэн өдөр хоногуудыг сая үдэв. Орос даргын зандралтад манай том дарга нар яаж нохойн гөлөг шиг болдгийг бид нүдээрээ харлаа. Орос дарга зандрахад Сүхбаатарын талбайг, уулын замыг хэрхэн мэрийж угаахыг харж авав. Уг нь бол ард түмнийхээ төлөө энгийн өдрөөр ч зам, талбайгаа угааж цэвэрлэж байх ёстойсон. Энэ яахав гэхэд, цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагынхан гадны мэргэжилтний заавраар яаж ард түмнийхээ амыг барьж байгааг мөн харав. Монгол Улс, Монголын ард түмэн том гүрний хараанд байвал яах байсныг анзаарав уу, ер нь. Өөрсдөө биш, өөр хүний заавраар дарамтлаад байх юм.

Айлчлал Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхацсан нь онцлог байв. Халх голын дайныг энэ цагт өөр өөр өнцгөөс харж тайлбарлаж байгаа ч Монголын газар шороонд үүрд нойрссон монгол, орос цэргүүдийн гавьяаг бид мартах ёсгүй, ямар ч үед хүндэтгэлтэй хандах учиртай. Харин хичнээн хоногийн өмнөөс бэлдэж, хүлээлт үүсгэсэн Оросын ерөнхийлөгчийн сүртэй эхэлсэн айлчлал даржин дууслаа гэж ажиглагчид дүгнэж байна. Айлчлалын дараа хэдэн санамж бичиг л тэврээд хоцров. Манай Батлан хамгаалах яам зэвсэг техникийн гэрээг үргэлжлүүлэн хийнэ гээд хөөрөөд байгаа. Гэрээ хэлэлцээрээ дуусгах нь зөв л байх. Гэхдээ хоёр хөршийнхөө хэнтэй нь байлдах гээд хэнээс нь зэвсэг аваад байгаа юм бол. Ядахдаа дуугүй хийж болдоггүй ажил уу. Путины айлчлал хоёр ядуу айл нэг нэгэндээ зочилж байгаа мэт гунигтайдуу үйл явдал боллоо гэмээр ч юм уу. Тэднийх ч юм өгсөнгүй, манайд авъя гэсэн ч юм байсангүй, тэгсгээд л болоод өнгөрөв. Үйл явдлыг харж байхад, бид хэт нэг талыг барьж дөвчигнөж байж тусалж дэмждэг улсуудаа үргээчих вий, гурав дахь хөршийн бодлогодоо сэв суулгачих вий гэсэн болгоомжлол төрж байна. Оросыг дагаж ороо нь орогсод нэг зүйлийг мэдэх хэрэгтэй байна. Урд хөрш дайсан биш, хойд хөрш ах биш. Нийгэм ч энэ гажиг ойлголтоосоо даруй салах хэрэгтэй юм. Угтаа бол зүгээр л манай хөрш хоёр орон гэдэг утгаар нь эн тэнцүү харилцах, хандах ёстой. Гурав дахь хөршдөө ч тэр, тэнцүү ханд. Сайнтай муутай, өөр өөрийн эрх ашигтай улс үндэстэн, хүн төрөлхтөн гэдэг утгаар нь тэгш, эн тэнцүү хандах ёстой. Хэт нэг талыг барихгүй тэгж тэгш хандаж сурч гэмээнэ бидэнд ч мөн тэгж хандана.

Эрх баригчдын гар хөл болсон ногоон малгайтнууд орос мэргэжилтний үгээр ард түмнийг яаж тохуурхахыг бид сая харав. Тэд эргээд сэргэхэд бэв бэлэн байна. Путины эсрэг жагсчих вий гэхээс үхтэлээ айсан бололтой, тэд. Харин ч зарим жагсаалыг нь өөрсдөө зохион байгуулж, хэлэх гээд чадахгүй байгаа үгээ тэднээр хэлүүлж, шахаанд орвол тэдэн рүү бухаж бултаж болох байсан биш үү. “Аа, эд нар дандаа ингэж байдаг юм гэсэн юм яриад, ардчилсан орны иргэд шиг хээв нэг сууж болох л байсан. Ардчилсан орны нүүр царай иймэрхүү л байдаг. Жагсаж л байдаг, эсэргүүцэж л байдаг, ердийн л үзэгдэл шүү дээ. Гэтэл анх удаа шүүмжлэл харж байгаа мэт, хааж боогоод, шөнө үдшээр хаалга үүдийг нь нүдэж дарамтлаад юу болов оо.

Оросыг дагагсдад дахин нэг үг хэлье. Хэрэв Америкийн ерөнхийлөгч Трамп Монголд айлчилж ирвэл заавал жагсаарай. Ингэж байж л бид ардчиллаа аварч, хамгаалж үлдэнэ. Өнгөрсөн хэд хоног эрх баригчид танигдахааргүй өөр болсон. Юун ардчилал, эрх чөлөө, юун үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хаа сайгүй хааж боож мөрдөж эхлэв. Харин манай сэхээтнүүд бахархмаар сайн байлаа. Тэд хэнээс ч айлгүй үгээ хэлж, үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр тарааж байсан. Яаж ч дарсан тэд Хонконгийн ардчилагчдаас ч илүү гарахаар байж чадлаа. Тэд бол бусдаас илүү уншиж мэдсэн, юмыг өөрөөр харж чаддаг, анализ дүгнэлт нь бодитой, боловсрол мэдлэг өндөр учраас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Ийм л үзэл бодлоосоо урвадаггүй зоригтнууд хаана ч ардчиллын бат суурь болсоор байдаг билээ. Тэднийг хараад Монголд ямар ч дарангуйлагч гарч ирсэн ардчиллыг дийлэхээсээ өнгөрсөн юм байна гэх бахархал төрж байв. Ардчилал ард түмний ухамсарт бат суусан юм байна гэж харлаа.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс ноолуурын салбарт 20 сая эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолно

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Улаанцав, Хөххот, Тунляо хотуудад Монгол-Хятадын экспо арга хэмжээ гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэх үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрдэж байсан юм. Өмнө нь 2015, 2017 онуудад болж байсан экспогийн арга хэмжээнд давхардсан тоогоор 700 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож 2.28 тэрбум орчим юанийн өртөгтэй, хамтын ажиллагааны 278 бичиг баримтад гарын үсэг зурж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд одоо ч хэрэгжиж байгаа юм байна.

Энэ жилийн арга хэмжээг Монголын талаас ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам, БСШУС-ын яам, МҮХАҮТ, Мишээл экспо зэрэг газрууд хамтран зохион байгууллаа. Харин Хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт удирдлагын газар, Соёлын танхим, Шинжлэх ухааны танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ. 2015 болон 2017 оны экспогоос нийт 1.13 тэрбум юанийн орлуулалт хийжээ. Энэ жил ч мөн адил бизнес эрхлэгчид өндөр хүлээлттэй байгаа юм. Монгол Улсын гадаад худалдааны 65 орчим хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлдэг бөгөөд мөнгөн дүнгээр бодвол өнгөрсөн оны эцсийн байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн статистик тоо байна.

Мөн энэ жилийн Монгол-Хятадын экспо арга хэмжээнд зөвхөн хоёр орон бус өөр бусад орнууд ч анхаарал хандуулан оролцлоо. ОХУ, БНСУ, Япон зэрэг улсын өндөр түвшний зочид төлөөлөгчид, Бээжин хотын удирдлагууд, Хонконг, Макао зэрэг Хятадын томоохон мужуудын төлөөллүүд болон аж ахуйн нэгжүүд гээд 7.000 хүн оролцож байгаа нь уг арга хэмжээ ихээхэн тэлж байгаагийн илрэл гэж зохион байгуулагчид дүгнэж байв.

Экспогийн үеэр болсон чухал арга хэмжээний нэг нь Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт байлаа. Ер нь анагаах ухааны технологийн судалгаа, боловсруулалт, цөлжилтийг бууруулах судалгаа, түүнчлэн үйлдвэрлэлийн инкубатор, хамтарсан лаборатори, технологи дамжуулах төвийн төслүүд идэвхтэй дэмжигддэг тухай дурдаж байлаа. Энэ үеэр ӨМОЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Чен Шиао Бэй, “Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа нь Хятад, Монголын Экспо-ийн нэг чухал хэсэг юм. Энэ удаагийн “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын гол сэдэв нь бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжилд чиглэсэн бодлогын орчныг сурталчлах, хөгжлийн гол чиглэлийг сурталчлах, хамтын ажиллагааны төслийг сурталчлахад оршино. Хятад, Монголын гүйцэтгэгч компаниуд ногоон орчин, орчин үеийн мал аж ахуй, орчин үеийн эрчим хүчний эдийн засаг, их өгөгдлийг ашиглах болон боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлийн гол сурталчилгааг нягт хамтран ажиллаж зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ нийт 41 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай, хамтын ажиллагааны голлох 53 гэрээ байгуулах төслийг эхлүүлэх, нийт 59.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 63 хэлэлцээрийн төслийг эхлүүлнэ. Энэ удаа Хятад, Монгол, Орос, Япон зэрэг улсын 650 гаруй зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээлэл оролцож байна хэмээн онцолж байлаа.

Харин Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээг хоёр тал гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн.

Иймд дээрх зорилтод хүргэх үүднээс хоёр тал онцгой анхаарч, гурав дахь удаагийн Монгол-Хятадын Экспогийн “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах” хэсгийн үндсэн томоохон арга хэмжээ болох “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”- д 600 гаруй зочид төлөөлөгчдийг оролцуулж байна. Энэхүү арга хэмжээгээр гадаад, дотоодын зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын нэн таатай орчныг сурталчилж, гол тэргүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьсон. Энэхүү хурлаар Монгол Улсаас Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулахаас гадна Монгол Улсын 43 орчим байгууллагын төлөөлөл өөрийн 56 төслийг БНХАУ-ын болон бусад улсуудын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох зорилгоор хүрэлцэн ирээд байна.

Үүнээс ХАА, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 24, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн гурав, барилгын материал үйлдвэрлэлийн тав, аялал жуулчлалын гурав, хөнгөн үйлдвэрийн ес, уул уурхайн нэг, мэдээллийн технологийн хоёр, усан цахилгаан станцын нэг, нийгмийн үйлчилгээний салбарын зургаа, стратегийн хөгжиж буй салбарын хоёр төсөл байгаа. Цаашид БНХАУ-ын аж ахуйн нэгж, байгууллагууд манай төсөл танилцуулах байгууллагуудтай холбогдож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн найдаж байна” гэсэн юм. Ямартаа ч эдгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлбэл Монголд чамлахааргүй хөрөнгө оруулалт орж ирэх нь. Хөрөнгө оруулалт бол эдийн засаг, ажлын байр, тэр хэрээр иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлдөг бодит хүчин зүйл билээ. Тун саяхныг болтол Монголын дотоодын үйлдвэрлэгчдийг эсгий таавчиг, түлхүүрийн эсгий оосроос өөр дориухан юм хийж чадахгүй гэсэн шүүмжлэл их байсан. Тэгвэл энэ жилийн экспо арга хэмжээ уг шүүмжлэлийг бүрэн үгүйсгэсэн гэхэд болно. Монголын үйлдвэрлэгчид инноваци шингэсэн, хийц загвар сайтай, чанартай сайн бүтээгдэхүүнийг үнэхээр хийж чаддаг болжээ. Үүний нэг жишээ нь ноолууран бүтээгдэхүүн. Монгол ноолуурын ширхэг харьцангуй урт байдаг учраас боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргасны дараа бөөсөрч элдэв болох нь хамаагүй бага байдаг аж. Ноолуурын салбарынхан тун ойрын ирээдүйд 20 сая эцсийн бүтээгдэхүүн экспортолно гэсэн зорилго тавиад байна. Монгол, Хятад улсууд нийлээд дэлхийн ноолуурын 90 хувийг дангаар хангадаг. Ноолуурыг “Зөөлөн алт” хэмээн нэрийдэж, гадны орнууд зөвхөн тансаг хэрэглээндээ хэрэглэдэг нь тухайн бүтээгдэхүүний чансааг илэрхийлнэ. Түүнчлэн бид ноолуурыг өргөн хэрэглээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй л болохоос дэлхий дахинд энэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр байна. Тэр битгий хэл бидний “аймаар халуун” гэж боддог Вьетнамд хүртэл ноолууран бүтээгдэхүүний эрэлт ихээхэн нэмэгдэж байгаа гэх. Харин зарим нэгэн даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс “Ноолуур бол тийм аятай эд биш. Ямааг тамлаж байж ноолуурыг нь салгаж авдаг” гэх зэрэг сөрөг сурталчилгааг ихээр тараах болсон аж. Тиймээс дэлхийн ноолуурын 90-ээд хувийн хангаж байгаа Монгол болон Хятад улсууд хамтран ноолуурын зах зээлээ хамгаалах бодлогоо нэгтгэх шаардлага тулаад байгаа юм байна. Мөн ноолуурын чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэд уг бүтээгдэхүүнээ хэрхэн сайн боловсруулах, илүү үр дүнд яаж хүргэх вэ гэдэг талаар ч хэрхэн хамтран ажиллах талаараа экспогийн үеэр ярилцсан.

Юутай ч ноолуурын болон бусад салбарт өмнө ярьсан ажлуудаа хэрэгжүүлээд явж байна. Ойрын ирээдүйд төлөвлөөд байгаа ярианууд ажил хэрэг болоод явбал Монголын эдийн засагт чамгүй нөлөө үзүүлэх олон төсөл хөтөлбөрүүд байгаа нь сайшаалтай. Экспо зохион байгуулагдсан өдрүүдэд Монгол-Хятадын стандартчилал, технологи дамжуулалт болон инновацийн хамтын ажиллагаа гэх мэт олон салбар хуралдаан, яриа хэлэлцээр болсон юм.