Categories
гадаад мэдээ

Татварын хугацааг хойшлуулжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп аравдугаар сарын 1-нээс Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөж байсан нэмэлт татварын хугацааг хоёр долоо хоногоор хойшлуулжээ. Тодруулбал, Хятадын 250 ам.долларын тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 30 хувийн татвар ногдуулах байсан юм. Өнгөрсөн сард татварын хэмжээг 25-аас 30 хувь болгон өсгөх шийдвэр гаргасныг АНУ-ын төрийн тэргүүн зарлаж байсан удаатай. Саяхан Хятадын засаг захиргаа АНУ-ын 16 нэр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татварыг жилийн дотор тэглэх болсноо зарлажээ. Хоёр талын төлөөлөгчид ирэх сарын эхээр хэлэлцээний ширээнд суухаар бэлтгэж байгаа юм.

Сануулахад АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайныг шийдвэрлэхээр талууд ажлын хэсгийн түвшинд хэлэлцээ хийж байгаа ч хараахан үр дүнд хүрээгүй байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн шинэ цогцолбор барихаар лобби ажиллагааг эхлүүллээ

Элэгний хорт хавдартай тэмцэх “Элэг нэгт Монголчууд” сангийн Удирдах зөвлөлийн гишүүд болон ХСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзлаа. Тэд ХСҮТ-ийн шинэ төвийн шинэ цогцолбор байгуулахаар лобби ажиллагааг эхлүүлж байгаа аж. Шинэ барилгын ТЭЗҮ ч бэлэн болсон байна. Тиймээс 2020 оны улсын төсөвт ХСҮТ-ийн шинэ барилгын санхүүжилтийг суулгах саналыг хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт тавилаа. Учир нь тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн аж.

Уулзалтын эхэнд ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн өнөөгийн нөхцөл байдал болон шинэ барилгын талаар товч танилцууллаа.

Тэрбээр “Хорт хавдрын өвчлөл алга болно гэж байхгүй. Ирээдүйд ч өвчлөл нэмэгдэнэ. Одоо ачааллаа даахгүй байгаа ХСҮТ 1982 онд байгуулагдсан. Зарим үйлчилгээ коридорт хийгдэж байна. Зай талбайгүйгээс болоод зарим үйлчилгээний чанар муудаж байна. Тиймээс эрс шийдэмгий алхам хийх шаардлагатайг цохон тэмдэглэмээр байна.

Ирээдүйг харсан шинэ цогцолбортой болохын тулд ХСҮТ-ийн хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр 230-аад ортой ажиллаж байгаа. Үүнийг 600 ортой болгох ёстой. Зөвхөн эмнэлгийн тусламж бус холоос ирж байгаа өвчтнүүдэд түр байрлах байр хэрэгтэй байна. Эрт илрүүлэх цогцолборууд хэрэгтэй. Үүнээс гадна хорт хавдрын бүртгэл мэдээллийн төв хамгийн чухал.

Шинээр барих эмнэлгийн барилга 40 000 мкв, бусад туслах байгууламжууд нь 25 000 мкв талбайтай байхаар төлөвлөсөн. Тоног төхөөрөмж, технологийн шийдлийг багтаасан ТЭЗҮ хийсэн. Нийт өртөг нь 303 тэрбум шаардлагатай. Үүний 60 тэрбумыг 2020 оны төсөвт, 2021 онд 120 тэрбум, 2022 онд 41.7 тэрбумаар хуваарилан суулгах санал тавьж байгаагаа хэллээ.

Хариуд нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ ажлыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Гишүүн “Бусдын сайн сайхны төлөө сайхан үйлс эхлүүлэхээр санал санаачилга гаргаж байгаа сангийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Хүн ам өсөхийн хэрээр хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс хорт хавдартай хэрхэн тэмцэх вэ гэдэг төрийн бодлогыг өөр түвшинд гаргах цаг нь болсон.

1980-аад онд баригдсан хавдрын эмнэлэгт нэг давхар ч тоос нэмээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс танай сангийн хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байна. УИХ-ын гишүүний хувиар 2020 оны төсөвт тодорхой хөрөнгийг тусгах санал санаачилгыг гаргаж, УИХ-д лобби бүлэг байгуулан ажиллая гэдгээ та бүхэнд хэлье” гэв.

Мөн тэрбээр шинэ эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барих боломжийг судлах саналыг тавилаа. Сонгинохайрхан дүүрэгт Туул гол дагуу 2013 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Абэ Шинзо шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулав

Японд өнгөрсөн долдугаар сард парламентын Дээд танхимын сонгууль болсон. Уг сонгуулиар эрх баригч Либерал-ардчилсан нам олонхи хэвээр үлдсэн. Харин лхагва гаригт Японы ерөнхий сайд Абэ Шинзо Засгийн газрын бүрэлдэхүүндээ халаа сэлгээ хийхээ мэдэгдсэн. Тэрбээр шинээр 13 сайдыг томилсон байна. Тухайлбал, Номхон далай дамнасан түншлэл болон Япон-АНУ-ын худалдааны хэлэлцээний гол төлөөлөгч Тошимицү Мотэгиг Гадаад хэргийн шинэ сайдаар томилсон байна. Тошимицү Мотэги нь Таро Коногийн халааг авж байгаа бол Т.Коно Батлан хамгаалахын сайдаар ажиллах юм. Японы Засгийн газрын шинэ гишүүн болох Шинжиро Коизимиг Байгаль орчны сайдаар томилжээ. Тэрбээр Либерал-ардчилсан намын өсөж яваа залуучуудын нэг. Тэрээр Японы Ерөнхий сайд асан Жүничиро Коизимигийн хүү юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг нээнэ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор есдүгээр сарын 16-ны өдөр 11:00 цагаас “Би хариуцлагатай аав ээж” аяны нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулна.

Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Уг аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх хугацаанд зарлан оюутны ур чадварын “Дэвжээ” тэмцээн, “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн, “Манай хороо-Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдаан гэсэн гурван нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хоёр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн. Энэ жилийн аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн жил үргэлжилж, Нийслэлийн төр захиргааны 87 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой болох юм” хэмээлээ.

Уг жилийн аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгох ажилд бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

М.Помпео давхар алба тушаал хаших уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг өнгөрсөн мягмар гаригт огцруулах болсноо мэдэгдсэн. Жон Болтоны хувьд Иран болон Афганистаны асуудлаар Цагаан ордны тэргүүнтэй нэг бус удаа зөрөлдөж байв. Энэ талаар Д.Трамп мэдэгдэхдээ Ж.Болтон Умард Солонгосын асуудлаар алдаатай бодлого баримталсан. Тус улсын удирдагч Ким Жөн Уныг унагахын тулд “Ливийн загвар”-аар ажиллана гэж сүрдүүлж байсан. Энэ бол гамшиг байлаа. Мөн Умард Солонгосын бүх цөмийн зэвсгийг хурааж авах хатуу нөхцлийг тавьж байсан нь хоёр орны харилцаанд таагүй уур амьсгалыг бий болгож байсан. Үүний дараа Ким Жөн Уны гаргасан хариу үйлдлийг би ойлгож байна. Энэ бол ухаантай хүний ярих зүйл биш” хэмээн сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ онцолжээ. Ажиглагчдын үзэж буйгаар хатуу чиг баримтлагч Ж.Болтоныг Цагаан ордноос явуулснаар Умард Солонгос, Иран, Венесуэльтэй харилцах АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт гарах магадлалтай гэжээ. Үүнтэй зэрэгцэн Ж.Болтоны орны хүнийг томилох асуудал яригдаж байна. Тус албанд таван ч хүн нэр дэвшчихээд байгаа. Хамгийн магадлалтай нь одоогийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео юм байна.

Хэрэв М.Помпео Ж.Болтоны халааг авбал тэрээр давхар алба хаших юм. CNN-ийн мэдээлснээр 50 жилийн өмнө дээрх хоёр албан тушаалыг нэг хүн хашиж байсан тохиолдол бий аж. Тодруулбал, Генри Киссинжер хоёр жилийн турш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.13/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, “Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудпыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Кью Эс Си” ХХК, “Цемент шохой” ХК, “Монголиан коппер корпорэйшн” ХХК, “Цэц мөнх” ХХК, “Рэс” ХХК, “Гурван уул” ХХК, “Тайтлан Ресорсиз Монголиа” ХХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой зарим асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

“Стандарт” банктай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх талаар Засгийн газраас чиглэл, удирдамж өгч ажилласны дүнд 2019 оны 04 дүгээр сарын эхээр 40 сая ам долларыг “Стандарт” банкинд төлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад дахь өр төлбөрийн асуудал хаагдсан бол дотооддоо энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж, шүүхийн шатанд хянагдаж байна.

Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдахаар байна гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 оны эхний 7 сард 342.3 мянган тн зэсийн баяжмал, 3.0 мянган тн молибдены баяжмал үйлдвэрлэж, 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, зардлыг 5.6 хувиар бууруулж ажилласнаар 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн улс, орон нутгийн төсөвт 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 647.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 134.8 хувиар буюу 167.2 тэрбум төгрөгөөр илүү аж.

“Монголросцветмет” ТӨҮГ 2019 оны эхний хагаст үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг ханган биелүүлж, 22.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн 3 дугаар зүйлд “….тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө Монгол Улсын Бага хуралд оруулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. Монгол Улсын Бага хурал зайлшгүй гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж, Улсын Бага Хурлын чуулганы чөлөөт цагт хугацаа сунгах шаардлага гарвал Монгол Улсын Засгийн газар нь саналаа Улсын Бага Хурлын зохих Байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр дараа чуулганд оруулж батлуулахаар онцгой дэглэмийг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж тус тус заасны дагуу онцгой дэглэмийг сунгах асуудлыг УИХ-д тавьж буй юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Эрдэнэт” үйлдвэрт цаашид хэчнээн жил ашиглах нөөц байгааг тодруулсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сүүлийн хоёр жил геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгийг онцлоод геологи, хайгуулын ажлын урьдчилсан дүнгээр “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг өнөөгийн хүчин чадлаар ашиглахад 60 жил хүрэлцэнэ гэсэн тооцоо гарсныг дуулгасан. Ордын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгааг хийх явцдаа мөн хил хязгаарыг нарийвчлан тогтоосон гэдгийг тэрбээр дурдаад зөвхөн Эрдэнэтийн овоогоор хязгаарлалгүй 60 км-ын радиуст хайгуул хийгдэж буйг тодруулан хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Зэсийн үнэ унаж байна. Тэр хэмжээгээр орлого буурна. Үйлдвэрийн нөхцөл байдал ямар байгаа вэ хэмээн асуусан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Зэсийн үнэ унаж байна. Улсын төсөвт тусгасан үнээс 430 ам.доллараар доогуур байна. Ордоос олборлож буй хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсч байна. Гэсэн хэдий ч ашиг орлогоо бууруулахгүй байхын төлөө ажиллаж, өртөг зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Эхний найман сарын гүйцэтгэлээр өртөг зардлыг хоёр хувиар буюу 30-аар тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн хугацаанд 680 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ. Өнгөрсөн онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. Сахилга дэг журмыг өндөр байлгаж, бүхий л түвшинд хэмнэлтийн бодлогыг баримтлаж ажиллаж байна гэсэн хариулт өгсөн юм.

Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “…Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана…” гэж заасныг тодотголоо.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь МАН-ын намын бүлгээс 14, АН-ын зөвлөлөөс 23, Байнгын хороодоос 47, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүдээс 15, нийтдээ 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүлэх санал ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, цаашлаад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг Байнгын хороодоос эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал ирүүлснийг тусгасан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийг тусгасныг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбоглдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд “Шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай гээд шүүхтэй холбоотой хуулийн төслүүдийг боловсруулж, оруулж ирэх шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ард түмний хүсэн хүлээж байгаа хуулийн төслүүдийг дараалал харгалзахгүй оруулж, хэлэлцэх шаардлагатай” гэсэн саналуудыг хэлж байлаа. Ж.Мөнхбат гишүүний хувьд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт төрийн тендерт төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани оролцохгүй байхаар зохицуулсан хуулийн төслийг боловсруулаад Засгийн газраас санал авахаар явуулсан. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын хамт малын хулгайн ялыг чангатгах талаар Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулсан тул намрын чуулганаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлэхийг хүсэв.

Уг тогтоолын төсөлд дурдсанаар 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд

1/Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2/Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22/Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

23/Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

25/Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26/Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27/Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

28/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

29/Бусад.

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Нөхөн үржихүйн зохицуулалтыг дэмжих тухай, Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний стандарт хангасан зориулалтын сав баглаа боодол хэрэглэхийг зөвлөж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “КОКО ДЕСЕРТ” ХХК нь хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж байсан үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулсан. Үүнтэй холбогдуулан НМХГ-ын төв лабораторид тарагны дээжийг авч, шинжилгээнд хамруулсан. Сорилтын үр дүн буюу шинжилгээний хариу 9-р сарын 10-нд эцэслэн гарлаа.

Шинжилгээний үр дүнгээр гэдэсний бүлгийн нян Enterobacter spp илэрсэн нь Монгол улсын “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ. Техникийн ерөнхий шаардлага” болох MNS 6308:2012 стандартын шаардлага хангаагүй гарсан.

Энэ нян нь Enterobacteriaceae бүлэгт хамаарагддаг, грам сөрөг, спор үүсгэдэггүй, хүний бүдүүн гэдсэнд байдаг хэвийн бичил биетэн хэдий ч тодорхой нөхцөл бүрдэхэд /дархлаа сулрах, суурь өвчлөл, бохирдсон хоол хүнс хэрэглэх гэх мэт/ өвчлөл болон хордлого үүсгэдэг байна.

Цаашид үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгжүүд нь 2012 оны ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ 10.1.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах, мөн Монгол Улсын Засгийн газрын2011 оны 311 дүгээр тогтоол “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг мөрдөж, стандарт шаардлага хангасан зориулалтын сав, баглаа боодлыг хэрэглэх шаардлагатай байгааг Мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Ахмадуудын ДАШТ-ээс Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ

ХБНГУ-ын Зуль хотод зохиогдож буй ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын буудлагын спортын холбооны 14 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнээс тэмцээний эхний өдөр 10м-ийн хийн урт бууны төрөлд Ц.Мөнх-Эрдэнэ, 50м-ийн хэвтээ дасгалын эрэгтэй төрөлд С.Батнасан, эмэгтэй төрөлд Н.Цэрэндолгор нар аваргалсан билээ. Тэгвэл .

Categories
мэдээ улс-төр

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт иргэд ээ,

Үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын ажилтнууд аа,

Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

1990 оны бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр байнгын ажиллагаатай анхны парламент – Улсын Бага Хурал байгуулагдаж, есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаас хойш 29 жил өнгөрчээ.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентат ёсыг шинжлэх ухааны чухал нээлт гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн үүх түүхийг бүтээсээр ирсэн.

Өдгөө Монгол Улсын Их Хурал сургамж, туршлагаа цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж, улс гэр, иргэн түмнийхээ ирээдүйн зам мөрийг цэгцлэн тэгшлэх зорилгоор сүүлийн гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн өргөн хүрээний зөвшилцлийг ханган, хуулийн дагуу боловсруулан хэлэлцэж, бэлэн болгосон төслөө ард түмнээсээ асуухаар шийдвэрлэсэн цаг үетэй энэ удаагийн Парламентын өдөр давхцаж байна.

Энэхүү “Ард нийтийн санал асуулга” бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон иргэний онцгой эрхийг 1945 оноос хойш анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа түүхэн үйл явдал юм.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах ардчилсан Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр хичээн зүтгэсэн өнгөрсөн 29 жилд амжилт ололт арвин, алдаа гажуудал ч багагүй байлаа.

Төрийн эрх мэдэл хуваарилалтын харилцан тэнцэл хангалтгүй, засаглалын хариуцлага, тогтвортой байдал, хяналт сул, баялгийн хуваарилалт тэгш бус, хууль тогтоомж явцуу бүлэглэл, эрх мэдэлтэнд үйлчилдэг болж, шударга ёс алдагдсанаар иргэдийн төрдөө, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, улмаар ядуурал, авлига ужгирсан нь хүн бүхэнд тодорхой байна.

Парламентын засаглалтай улс орны хувьд Монгол Улсын Их Хурал эдгээр алдаа, гажуудлыг засах онцгой үүрэг хүлээж буйгаа ухамсарлаж, хууль батлах босгыг өндөрсгөх, УИХ-ын эрх мэдлийг багасгаж, хариуцлагыг чангатгах, “давхар дээл”-ийг хязгаарлах, мэргэжлийн Засгийн газар байгуулах боломжийг Ерөнхий сайдад олгох, өргөсөн тангаргаа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж хариуцлага тооцох, шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шударга, тэгш хүртээх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг томоохон өөрчлөлтийг араасаа дагуулах шинэтгэлийн шинж чанартай олон суурь зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байна.

Эрхэм иргэд ээ,

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн билээ.

Тиймээс парламентын бүгд найрамдах улсын тогтолцоогоо төгөлдөршүүлж, төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрхээ идэвхтэй ашиглахыг Та бүхнээсээ хүсье.

Цэгцлэх цаг ирж, цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна. Шийдэл, төсөл бэлэн боллоо. Цэгцрэх хөдөлгөөнийг түшин дэмжих нь Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй хүн бүхний журамт үүрэг, нэр төрийн хэрэг мөн.

Мөнх тэнгэрээс заяат монгол түмэн минь амар амгалан, аз жаргалтай, төр улс маань түвшин тогтвортой, хөгжил дэвшил өрнүүн дэлгэр байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2019 оны 09 сарын 13 Улаанбаатар хот.