Categories
мэдээ нийгэм

Чингис хааны музей, байгалийн түүхий музей, Үндэсний урлагийн их театрын зураг төслийн явцыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.

Хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж 14,570 мкв талбайг хамарсан, долоон давхар Чингис хааны музейг байгуулна. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан ч музейн барилгын зураг төслийг хийх тендер шалгаруулалт удааширсны улмаас цаг алдаж, загвар төсөл гараагүй байна. Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй Хатанбаатар компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.

Үндэсний урлагийн их театр нь 4000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн аж. Гэрэл, дууны орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзэгчид үзмэр, үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байх аж. Төслийн баг барилгын зургийг энэ онд дуусгаж, барилга угсралтыг ирэх оны 5-6 сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна гэлээ.

Тэрбээр; “Монголын төр сүүлийн 30 жил уул, уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Тиймээс Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ач холбогдол өгч бодлогоо хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театрын музейг барьж ашиглалтад оруулах явдал. Үүнд дарга нар маш хариуцлагатай бай. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе. Эдгээр музей, театрыг барих газрын асуудал, зураг төслийг боловсруулах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг өгөөд жил орчим болж байхад гүйцэтгэл хийгдээгүйд дунд шатны дарга нар буруутай. Төрийн ажил удаашруулж байгаа албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Гадаад, дотоодод бэлтгэгдсэн өндөр боловсрол, мэдлэг, чадалтай боловсон хүчин, чадварлаг залуус төрийн албанд орж чадахгүй, авлига хээл хахуулийг нь өгч чадахгүй гудманд байж байна. Ажлаа хий ж чадахгүй байгаа бол тэтгэвэрт гараад тэдэнд ажлаа өг. Засгийн газраас гаргасан шийдвэр биелэлээ олж байх ёстой. Элдэв шалтаг хэлсээр цаг алдаж буйд бухимдалтай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

​”Сүү” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана

“Сүү” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №06 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг 33 мөнгө буюу нийт 1,143,416,667 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг тус компанийн 2019 онд хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, 2019 оны 9-р сарын 9-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “ҮЦТХТ” ТӨХК-аар дамжуулан тараахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Таван Толгой” ХК болон туслан гүйцэтгэгч компаниудад торгуулийн арга хэмжээ авлаа

Өмнөговь аймгийн МХГ-ын даргын баталсан 16/171 тоот удирдамжийн дагуу “Эрдэнэс Таван Толгой” ХК болон туслан гүйцэтгэгч “Хишиг арвин индустриал” ХХК, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Моннис интернэшнл” ХХК-ын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тус хяналт шалгалтаар дээрх байгууллагууд Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, батлагдсан стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлэн Монгол улсын Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нийт 29,600,000₮ /Хорин есөн сая зургаан зуун мянган төгрөг/ -ийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын дарга Д.Мөнхчулууныг цагдан хорьжээ

АТГ-аас Хилийн 0218 дугаар ангийн захирагч, Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын дарга, хурандаа Д.Мөнхчулууныг саатуулж, Цагдан хорих 461-р ангид хорьжээ.

Түүнийг ангийн орлогчийн хамтаар цагдан хорьсон бөгөөд тэднийг хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг оролдсон байж болзошгүй хэмээн үзсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орчны бохирдол үүсгэсэн аж ахуй нэгжид мэдэгдэл хүргүүллээ

Баянзүрх дүүргийн 14-р хороо Өгөөмөр авто техникийн худалдааны төвийн хойд талд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, орчны бохирдол үүсгэсэн аж ахуй нэгжид хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын хүрээнд холбогдох хууль зөрчсөн “Мавангүй” ХХК-д эзэмшил газартаа байрласан хог хаягдлыг цэвэрлэж, зөрчлөө арилгах тухай мэдэгдэл хүргүүллээ.



Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоны нээлтэд оролцож, үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдсан уг хандивын гүйлтийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Тамирчид, оролцогчид оо,

Хүрэлцэн ирсэн хүмүүс ээ,

Та бүхэнд “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар 2019” бүх нийтийн марафонд оролцохоор, үзэхээр, дэмжихээр цаг зав, сэтгэл гарган ирсэнд талархал илэрхийлье.

Монгол Улсад 2018 оны байдлаар 105,730 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагаас 35,589 нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 92,5% нь 15-аас дээш насныхан бөгөөд тэдний зөвхөн 21,1% нь хөдөлмөр эрхэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн идэвхтэй харилцаанд орж, сурч боловсроход орчны хандлага, сэтгэл зүй маш чухал байдаг. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хүрээлэл болон хүрээлэн буй орчны саад бэрхшээл, тэгш бус байдлаас шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон мянга мянган иргэддээ Та бид сэтгэл санааны болон харилцаа хандлагын дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлэн хамтдаа гүйхээр сэтгэл нэгдэн энэ талбай дээр зогсож байгаад би талархаж байна. Та бүхэнд баярлалаа.

Өнөөдөр марафонд гүйх хүн бүрийн алхам, километр, туулсан зай бүр нь бид хамтдаа урагш алхаж, хамтын оролцоогоор нийгмээ бүтээж байгаагийн илэрхийлэл болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийгөө өөрчлөх хүч, урам зориг болон хүрэх болно. Нэгэндээ урам хайрлацгаая, хамтдаа гүйцгээе, хамтдаа хөгжицгөөе.

Энэхүү гэгээн үйлсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд, бие биеэ дэмжих сэтгэл зүрхтэй монгол хүнийхээ хувиар өргөнөөр оролцоосой хэмээн уриалж байна.

Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн төгөлдөр.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд урам зориг, итгэл найдвар дүүрэн, эв нэгдэлтэй амьдрах болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр агаартай-автомашингүй өдөр” хоёр өдөр үргэлжилнэ

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр болно.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг хийнэ. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд голын дагуу цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээнээс үүссэн болон ТҮК-уудын ачиж тээвэрлэж хүрэлцэхгүй байгаа үүсмэл болон хур хог хаягдлыг УБЗАА-аас нэмэлт машин гаргаж, цэвэрлэж ачуулах арга хэмжээ авна. Дүүргүүдийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрт байрлах хөшөө баримлыг угааж цэвэрлэнэ. Мөн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос төвийн зургаан дүүргийн 30 байршилд ангилсан хог хаягдлыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авах ажиллагаа зохион байгуулна” хэмээлээ.

“Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлаа танилцуулна. Энэ өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдана гэж Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон мэдээлэл өгсөн юм.

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 15-ны ням гарагийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөсөн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газар мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Маргааш номын баяртай

Үндэсний номын баяр энэ амралтын өдрүүдээр төв талбайд 09:00-19:00 цагт зохион байгуулагдана.

Уг арга хэмжээгээр аж ахуйн нэгжүүд болон зохиолчид өөрдсийн бүтээлийг тодорхой хувиар хямдруулан уншигчдадаа хүргэдэг уламжлалтай. Маргааш “Өдрийн сонин”-ы асарт 11:00-13:00 цагийн хооронд Да.Ганболд болон “Эртний Грекийн домог” номын зохиолч, “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч, хэл шинжлэлч М.Саруул-эрдэнэ өөрийн биеэр ирж гарын үсэгтэй номоо борлуулна. Мөн “Өдрийн сонин”-ы зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдийн гаргасан номууд зарагдах юм.

Энэ удаагийн Үндэсний номын баярт оролцохоор 120 орчим зохиолч, аж ахуйн нэгж бүртгүүлжээ. Мөн “Үндэсний номын баяр-2019”-ын нэг онцлог нь олонд танигдсан эрхмүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцах юм.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэх юм.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөг болно.

Энэ үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм.

Энэ өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, гаалийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар ирсэн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “Гаалийн цахим системд нэвтрэх эрх” нээж өгөх, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулах зэрэг төрийн үйлчилгээ үзүүлнэ.

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бүтэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Цаашид:

– 2019.9.17 Гадаад харилцааны яам

– 2019.9.18 Эрүүл мэндийн яам

– 2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам

– 2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам

– 2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

– 2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам

– 2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам

– 2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

– 2019.9.25 Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам

– 2019.9.26 Эрчим хүчний яам

– 2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны

өдөрлөг болох бөгөөд яам, харьяа агентлаг бүр ажлаа танилцуулж, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөөд байна.

2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.