Categories
мэдээ нийгэм

Сэлбэ гол орчмоос эмэгтэй хүний нүцгэн цогцос олджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сэлбэ гол орчмоос нүцгэн эмэгтэйн цогцос олджээ.

Тодруулбал, өчигдөр /2019.09.15/ 16.00 цагийн орчимд Сэлбэ голын эргээс гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй нүцгэн эмэгтэй хүний цогцос олдсон байна. Урьдчилсан байдлаар уг эмэгтэй бусдад зодуулж, хүчирхийлүүлж нас барсан нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдээд оргон, зайлсан этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна

Есдүгээр сар дундаа орлоо. Хөдөөгүүр хүйтэн бороо асгаж уулынхаа оройгоор нойтон цас хаялж байна. Яг энэ цаг мөчид хөдөөнийхөнд өвс хадлангаа бэлтгэх, мөн өвлийн түлээ түлш модоо бэлтгэх амаргүй хоёр ажил тулгарч ирдэг. Өвс хадлангийн хувьд ургац сайтай байхад асуудалгүй. Олныхоо дэмээр болчихно. Харин мод бэлдэж авна гэдэг хэн бүхэнд амаргүй даваа. Өвлийн бэлтгэл гээд байгаагийн хамгийн гол ажил энэ. “Яаж нэг өвлийнхөө түлштэй залгаж авдаг юм байгаа. Хотод суугаа хүүхдүүд нэг юм бодож л байдаг байлгүй. Өвгөн бид хоёрын хувьд уулнаас мод хийж гаднаа буулгана гэдэг ч санаад санаад сачий хүрэхгүй ажил байх аа” гэж айл гэрийн хөгшид бодолд дарагдаж суудаг. Хөдөө сум суурингийнхны яг бодит амьдрал өнөөдөр ийм л байгаа. Бүгд л модоо яаж бэлдэж авна даа, яаж ийгээд ганц машин мод хашаандаа буулгаад авбал ч болох нь тэр хэмээн шаналж суугаа.

Хөдөө аймаг сумынхны айлууд хашаандаа наад зах нь нэг машин, зарим айл нь 2-3 машин мод буулгана. Одоо бол портероор зөөдөг болсон. Нэг портерт дунджаар дөрвөн метр куб мод багтдаг. Найман метр куб мод хоёр портер болно. Хуучны ЗИЛ-130-ын урт тэвшинд бол 8-9 метр куб мод багтдаг байсныг бид мэднэ. Ингэхээр жирийн нэг айл гэр өвлийн түлшиндээ бараг л 16-18 метр куб мод хэрэглэдэг гэх тооцоо гарч байна. Тэр их модыг хоёр хөгшин, хөрөө сүх барьж ууланд гараад хөрөөдөөд цагаалаад, ачаалаад ирж чадахгүй нь мэдээжийн учир хотоос үр хүүхдүүд нь очиж тусалдаг болсон. Ер нь тэгээд мод хөрөөдөж унагах, унагасан хойноо салаа мөчрүүдийг нь цавчиж салгах, том том ярыг нь авч хаях, холтос зомголыг нь түүхээс аваад хөгшид байтугай залуу идэр хүмүүсийн санааны зоргоор хийгээд байдаг ажил ч биш л дээ. Дээхнэ үед Монгол Улсын модны төлөвлөгөөг хангаж байсан Сэлэнгийн Бэрлэг Бугантын хорих ангийн хоригдлууд мод хийх, уулнаас үхрээр цагаалж буулгах ажлаас бүр нэг нуруугаа авахуулсан морь гэдэг шиг зүрх нь үхчихсэн байдаг сан. Хөөрхий Хадаа аварга хэцүү нэртэд суухдаа хатуу хөтүү гэлтгүй зүтгэж байсан гэдэг. Ийм хүнд хүчир ажил учир хөдөө гадааныхан намрын намар модоо бэлдэж авна гэхээс зүрх алдаж суудаг. Хашаандаа модоо буулгаад авсан айл бол мэдээж өвлийнхөө бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангачихлаа гэсэн үг.

Сум суурин олноор бий болсон 1940, 1950-иад оноос монголчууд модоо түлж эхэлсэн. Түүнээс өмнө нь аргал хөрзөнгөө түлээд амар суудаг байсан. Байшин, хашаа хороотой болоод эхлэхээр аргалын гал гэр орныг нь дулаацуулж дийлэхээ болиод уулнаас мод бэлддэг болсон. Мөн сургууль, эмнэлэг, захиргааны түлээ бэлтгэх гэж бас нэг тамын ажил. Сургуулийн галч, байрны багш, захиргааны зарлага, эмнэлгийн ажилчид гээд олон хүн энэ тамын ажилд дайчлагдана. За тэгээд мод бэлтгэх явцад түймэр ёс юм шиг гарна. “Тэр уулын ар шатаж байна. Арайхийж галыг нь цурманд орууллаа. Модонд явсан нөхдүүд түймэр тавьчихжээ” гэсэн яриа хаа сайгүй дуулддаг. Модонд явсан нөхөд түймэр тавьж уул хангайгаа шатаахаас гадна нойтон мод огтолж ёс бусын үйлдэл гаргадаг. Ёстой нэг гол харламаар, залуу сайхан нойтон моднуудыг толгой дараалан огтлоод алга болдог. Модны гоожин авсан нэрээр тухайн сум суурингийнхаа байцаагч нартай хуйвалдаад хулгайн нөхдүүд ойгоо тэр чигээр нь буулгаж аваад зөөдөг.

Өнгөрсөн өвөл Эрдэнэт хотод нэг машин мод 500 мянга хүрч байсан. Машин гэдэг нь портерийг л хэлж байгаа байлгүй. Тэгэхээр нэг портер мод л 500 мянгатай байх жишээний. Улаанбаатар хотод, модны Цайз захад нэг машин хуш мод 1-3 сая төгрөгийн үнэтэй байна гэж дуулдаж байсан. Одоо бол бүр л нэмэгдэж байгаа. Цайз захын модны худалдаачид нэг машинд 15-20 шоометр, бүр том машин бол 45 шоо метр мод багтдаг тухай хэлж байсан. Ургаа мод, урсгал усаа хайрлах тухай эцэг өвгөд минь сургасаар ирсэн. Энэхүү зарлиг сургаалын эсрэг явж байгаа нь харамсалтай. Гол мөрний ай сав газар, урсгал усны эх ундарга болсон газар цахилгаан хөрөө тачигнаж байдаг. Ингэж бид байгаа бүхнээ барж байгаа хүмүүс л дээ. Монгол орны нийт нутгийн найман хувийг ой мод эзэлж байна гэсэн нарийн судалгаа гарсан. Тэгвэл монголчууд бид тэрхүү найман хувийн ойгоо зүсэж мөнгө олно гэхээсээ түлж дуусгаж байгаа ард түмэн. Хуурай нойтон, хөгшин залуу гэлтгүй газар сайгүй модоо түлж байна.

Энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс зарахыг хориглосон. Үндсэндээ хотын иргэд түүхий нүүрс түлэх аргагүй болсон. Яг үүн шиг Монгол Улсын хөдөөх аймаг, сум суурин болон бүр хөдөөний нөхцөлд мод түлэхийг хориглох шийдвэр гаргавал яасан юм бэ. Хөдөөгийн бид чинь хаяанд байгаа модоо түлэхгүй өөр юугаа түлэх юм гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл нүүрсээ түлэхгүй юу. Тэртэй тэргүй Улаанбаатар хотод хориглочихлоо. Бүр ч таатай нөхцөл бүрдээд ирлээ. Монгол Улс бол нүүрсний хувьд жинхэнэ бассейн болсон орон. Дэлхийд нүүрснийхээ нөөц хэмжээгээр эхний аравт эрэмбэлэгддэг. Монгол Улсын нүүрсний батлагдсан нөөц 37.4 тэрбум тонн. Таамаг нөөц 173.3 тэрбум тонн. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн ердөө 30-аадхан хувьд хийсэн судалгааны дүн. Үүнээс зөвхөн Багануурын уурхай гэхэд л олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.сая тонн баталгаат нүүрсний нөөцтэй. Нүүрс шиг их юм Монголд үнэндээ алга. Улаанбаатар хотоос бусад суурин газар, хөдөөгийнхөн энэ намраас эхлээд нүүрсээ түлдэг болъё. Мод чулуу бэлтгэх гэсэн тэр их дарамтнаасаа одоо салах цаг нь болсон. Амьдралын хэв маяг, хэмнэлээ одоо өөрчилье. Хэрвээ хөдөө гадааны-хан, аймаг сум суурингийнхан нүүрсээ түлээд эхэлбэл Монголын эдийн засагт эргэлт ирнэ. Нүүрсний энэ олон орд уурхайгаа айл өрх бүр дэмжинэ. Дээрээс нь нүүрсийг хотод уурхайгаас нь авчираад айл өрх бүрийн хэрэгцээнд тааруулж шуудайлж савлаад зардаг шиг хөдөөх сууринд тийм нөхцөл дорхноо бүрдэнэ. Сум суурин бараадсан ядарсан хөгшин эмгэн хоёр уулнаас мод авчрах гэж бусдыг царайчлахгүй, хүн амьтны гар харахгүй гэрийнхээ гаднаас л нүүрсээ худалдаж аваад түлнэ. Ингэж өвлийн түлш хүн бүхний гарын дор болж ирнэ. Ийм л зохицуулалт хэрэгтэй харагдаад байх юм.

“Монголд 1.2 тэрбум шоо метр ой мод байна. Үүний 66 орчим хувь буюу 800 гаруй сая шоо метр мод одоо ургаж байна. Эдгээр модны 30 орчим хувь нь хөгширсөн. Харахад өндөр ч хөрөөдөөд үзэхээр өгөршсөн. Нийт ойн 30 гаруй хувь нь босоогоор эсвэл унаад хатчихсан. 240 гаруй сая шоо метр мод хатсан байдалтай байна. Энэ модыг цэвэрлэхгүй бол ой улам доройтно. Монгол орны ой бол байгалийн унаган ой. Тэр утгаар устах аюул ойрхон байна” гэж ойн чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн С.Батсүх хэлж байна. Ойгоо түлээд дуусчихвал юу болох билээ. Тэгэхээр Монголын төрөөс энэ салбарт зохицуулалт хийх цаг нь ирсэн байна. Нүүрс түлээд хөдөө аймаг сумынхан утаанд дарагдана гэж бодож байгаа байх. Гэвч Улаанбаатар шиг дөрвөн уулын дунд хашигдсан, утаа нь сарниж алга болох боломжгүй, дороо нам суудаг тийм суурин ховор. Дэрэээс нь аймаг сумын хүн амын тоо их хоттой харьцуулахад юман чинээ хүрэхгүй. Улаанбаатарт амьдарч байгаа 390 мянган өрхийн 60 хувь буюу 220 мянган өрх нь гэр хороололд амьдардаг.

Тэгвэл хөдөө суманд дунджаар 1000 гаруй өрх бий. 220 мянган айлын утаатай харьцуулах 1000 айлын утаа хөдөөгийн цэнгэг агаарт юу ч болохгүй. Тэгэхээр агаарын бохирдлын тухай ярихад арай хээнцэрдэнэ. Эдгээр судалгааг тал бүрээс нь аваад үзэхээр хотод хориглосон түүхий нүүрсээ хөдөөдөө түлж эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаг үеийн шаардлага болжээ. Тэгж байж Монгол Улс ой модныхоо экологийг хадгалж үлдэнэ. Харин энэ байдлаар цааш үргэлжилбэл бид ойгоо түлээд дуусна, нүүрсний зах зээлд дотооддоо ямар ч эргэлтгүй зогсоно. Өнөө л модоо бэлтгэдэг хуучин арга, амьдралын дарамт, ойн түймэр, дээрээс нь асар их аваар осол тэр бүгдээсээ салж чадахгүй. Улам ухарна гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

С.Дорждэрэм: “Буянт-Ухаа 2”-ын сонгон шалгаруулалтад гаднаас халдах оролдлого хийснийг илрүүлсэн

Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-970 айлыг орон сууцанд хамруулах ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн АТГ-аас сонгон шалгаруулалтын явцад танай байгууллагын ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэдээлэл гараад байна?

-Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам энэ оны долдугаар сарын эхэнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан. Энэ цагаас хойш Нийслэлийн орон сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын 970 айлын орон сууцыг гурван хэлбэрээр олгохоор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 30 хувийг нь энгийн түрээсээр, 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 40 хувийг нь газар чөлөөлөлтөөр олгоно гэсэн журам батлагдсан. Энгийн түрээс, түрээслээд өмчлөх нөхцөл дээр бүртгүүлж байгаа иргэдийг Нийслэлийн орон сууцны комисс эрэмбийн дагуу юм уу, сугалаагаар шалгаруулна гэсэн журам бий. Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхэд 35058 иргэн хамрагдсан. Ингээд наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд сонгон шалгаруулалтаа нээлттэй хийсэн. Манай байгууллагын ямар нэг албан тушаалтанг АТГ болон цагдаагийн байгууллагад шалгасан асуудал байхгүй.

-Шалгаруулалтыг танай байгууллага хариуцаж явуулсан уу?

-Нийслэлийн орон сууцны корпораци цахим бүртгэлийг зохион байгуулсан. Мөн сонгон шалгаруулалтын дагуу тэнцсэн иргэдийн материалыг нягталж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Орон сууцны комисс цахимаар бүртгүүлсэн иргэдийг журмын дагуу, сонгон шалгаруулах үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын хяналтад явагдсан. Бид наймдугаар сарын 13-нд NOSKubgo.mn корпорацийнхаа вэб сайтаар дамжуулж бүх иргэний бүртгэлийн дугаар овог нэрийг байршууллаа.

-Байршуулсан иргэдийн мэдээллийг харахад хэд хэдэн иргэдийн нэр давхардсан байсан шүү дээ. Энэ ямар учиртай вэ?

-Жижигхэн алдаа. Жишээ нь, хоёр А үсэг бичээд зай авахад гурван тэмдэгт болдог шүү дээ. Үүнтэй ижил ард, эсвэл урд талд нь зай авсан гэсэн үг. Ийм тохиолдол цөөхөн гарсан. Нэр давхардсан хүмүүс сонгогдоогүй.

-Одоо ямар үйл явц үргэлжилж байна. Сонгогдсон иргэдтэй хэзээ гэрээ байгуулах вэ?

-Шалгуурт тэнцсэн иргэд ирээд мэдээлэл зөвлөгөө аваад явж байна. Зарим хүмүүсийн материал нь зөрүүтэй байна л даа. Сонгогдсон иргэдэд орон сууц өмчлөлийн түүх гарч байна, залуу гэр бүлүүдэд гэрлэлтийн баталгаа алга, нийгмийн даатгал төлсөн жил цахим дээр бүртгүүлснээсээ зөрж байх жишээтэй. Энэ бүхнийг нэг бүрчлэн шалгаад явж байна. Цахим мэдээлэл нь цаасаар ирүүлсэн мэдээлэлтэйгээ зөрж байгаа тохиолдолд оронд нь эрэмбийн дагуу дараагийн хүмүүсийг нөхөх асуудлыг ярьж байна. Яг ийм үйл явц өнөөдөр үргэлжилж байна. Гэрээ байгуулах ажил удахгүй эхэлнэ.

-Авлигатай тэмцэх газраас шалгаруулалтын явцад Нийслэлийн орон сууцны корпорацийн систем хакердуулсан, сонгогдсон иргэдийн нэр өөрчлөгдсөн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Манай цахим бүртгэл, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хүн нөлөөлөх ямар ч боломжгүй. Наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө бүртгүүлсэн 35058 ингэний материалыг эксел файлаар нь авчихсан. Үүнд дээр л сонгон шалгаруулалт явуулсан. Нийслэлийн орон сууцны корпорацид ажилладаггүй, бусад байгууллагын хүн системд халдах оролдлого хийснийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ-аас хийсэн. Үүнд Нийслэлийн орон сууцны корпорацийн ажилтан холбогдсон мэт мэдээлэл нийгэмд яваад байна. Бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл олонд нээлттэй байгаа. Бүртгүүлсэн иргэдийн дунд шаардлага хангаагүй хүн байвал та шаардаад мэдээллийг нь нягталж шалгуулах бүрэн боломжтой. 35058 иргэнээс 580 нь тэнцээд бусад нь үлдэж байгаа учраас гомдолтой байх нь аргагүй. 60 хүнээс нэг нь тэнцээд 59 нь хоцорч байна гэсэн үг шүү дээ. Энэ хүмүүс маань янз бүрийн юм яриад яваад байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн нэг ч ажилтан хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаагүй.

-АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан гэж мэдэгдсэн байсан шүү дээ. Танайх дотроосоо системдээ нөлөөлсөн юм биш үү?

-НОСК-д ажилладаггүй, бусад байгууллагад ажилладаг хүн гэж мэдэгдсэн байгаа. Энэ тухай мэдээллийг та бүхэн АТГ-аас лавлаж асууж болно. Манай байгууллагын албан тушаалтан шалгагдаж байгаа бол ингэж барим тавим худлаа хэлэхгүй шүү дээ. Бүх сонгон шалгаруулалт явсны дараа вэб хуудас, бүртгэлийн системд гаднаас халдаж, нэр өөрчлөх оролдлого гарсан. Бид үүнийг нь нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтарч илрүүлээд АТГ, болон Эрүүгийн цагдаад мэдээлэл өгсөн. Энэ нь энгийн биш, мэргэжлийн хүн байх магадлалтай байсан. Бид зөвлөгөө авч АТГ-тай хамтарч ажиллаж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.


-Зөрчлийн тухай хуулийн зорилго, ач холбогдол, зохицуулалтын онцлогийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Урьд нь Монгол Улсад захиргааны зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал зэрэг олон байгууллага хэрэгжүүлдэг байсан бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн болон Татварын ерөнхий хууль зэрэг салбарын хууль тогтоомжоор зохицуулж ирсэн.

Иймээс дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны ололт, эрх зүйн соёл, зохицуулалтын оновчтой арга хэлбэрийг судалж нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тулгарч эхэлсэн.

Мөн зөрчил шалгах ажиллагааг төрийн хяналт шалгалтаас ялгаатай байдлаар зохицуулаагүйгээс салбарын онцлог нэрийн дор салбар бүрд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандартыг тогтоон хэрэгжүүлж байсныг эрх зүйн зохицуулалтын хүрээнд өөрчилж, нэг стандарт, ажиллагаанд оруулсан төрөлжсөн Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудыг баталж дагаж мөрдөж эхэлсээр хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ.

Зөрчлийн тухай хуулийн зорилго нь шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн дэг журмыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл хүний амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгэмд дэг журам, сахилга, хариуцлагыг тогтоодог гол эрх зүйн зохицуулалт бол Зөрчлийн тухай хууль юм. Тэгэхээр ямар ач холбогдолтой хууль болох нь ойлгогдож байгаа байх гэж бодож байна. Мөн уг хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчил бүрийг илрүүлж шийдвэрлэж чадвал гэмт хэргийн гаралт багасч, бусад ноцтой үр дагавар авчирдаг сөрөг зүйлүүдийн учруулж болох хор аюулаас сэргийлэх боломж олгодог нь уг хуулийн гол ач холбогдол юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 27 эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зөрчил шалган шийдвэрлэх эрх олгож харьяалал тогтоосны дагуу цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Зөрчлийн тухай хуульд заасан 214 зөрчлийг шалган шийдвэрлэж, мөн уг хуулиудад заасны дагуу шүүхээс хянан шийдвэрлэх 13 зөрчлийн тусгай журмаар явуулдаг хэрэг бүртгэлийн ажиллагааг гүйцэтгэж байна. Нийт улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн 95 гаруй хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд илрүүлж, шалган шийдвэрлэж байгаагаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн байгууллага голлох үүргийг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна.

-Иргэд Зөрчлийн хууль батлагдсанаас хойш торгууль төлж байгаа талаараа ихээхэн гомдол гаргаж байна. Зарим заалтууд нь өнөөгийн нийгэмтэй зөрчилдөөд байх шиг. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Нийгмийн амьдралд эрх зүйгээс гадна зан заншил, ёс зүй, ёс суртахуун зэрэг олон төрлийн хэм хэмжээ үйлчилж бидний хоорондын харилцааг зохицуулж байдаг. Харин эрх зүйн зохицуулалтын гол чиг үүрэг, ач холбогдлын нэг нь ямар үйлдлийг гэмт хэрэг, зөрчилд тооцохыг шийдвэрлэж, хууль тогтоох үйл ажиллагааны үр дүнд хэлбэржин эрх зүйн хэлбэр буюу хууль тогтоомж болон батлагдаж нийгмийн харилцааг зохицуулдагт оршдог. Иймээс нийгмийн хөгжилтэй уялдан зарим үйлдэл гэмт хэрэг, зөрчилд шинээр тооцогдож, зарим нь хасагдаж байдаг нь хэвийн үйл явц гэж хэлж болно.

Мөн манай иргэдийн эрх зүйн ухамсар, соёлын түвшин нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нийгмийн хэв журам, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан зарим үйлдлийг хэвийн үзэгдэл мэтээр ойлгох,тайлбарлах явдал түгээмэл гарах боллоо.

Түүнчлэн урьд нь бидний зөрчил гэж үздэггүй байсан зарим хууль бус үйлдлүүдийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэж байгаа нь нөлөөлж байгаа гэж үзэх үндэстэй.

-Тэгвэл хүмүүсийн мэддэггүй тоодоггүй байсан ямар үйлдлүүдийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэж байна вэ. Иргэд санаандгүй байж байгаад л хэрэгтэн болчихоод байна шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тодорхой хэлэх боломжтой байлгүй яахав. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчинд бие засах, нус, цэр, тамхины иш хаясан үйлдлийг зөрчилд тооцож нарийвчлан хуульчилсан.

Мөн хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг зөрчлийг танхайрах зөрчлөөс ялгамжтайгаар зохицуулсан. Цаашилбал, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг тусгайлан зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа.

-Замын хөдөлгөөнд оролцох явцдаа усаар цацуулж, эд материал, эрүү мэндээрээ хохирох тохиолдол байдаг. Үүнийг зөрчлийн хуульд тооцдог уу. Тооцдог бол хохирсон иргэн цагдаагийн байгууллагад хэрхэн хандах вэ?

-Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэх, жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэлгүйгээр зорчих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлүүд нь бүгд зөрчил. Мөрөөрөө замын хажуугаар алхаж яваа иргэнийг усаар цацаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан тохиолдолд жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгодог.

Иргэд усаар цацуулсан тохиолдолд тухайн машины улсын дугаарыг тогтоогоод цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн хамт байсан гэрч болон камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой. Хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Орон сууцанд амьдардаг иргэд оройн цагаар засвар хийх, бөөгийн зан үйл хийх зэрэг нь хөрш айлынхаа амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар хэрэг нээх үү?

-Шөнийн цагаар хөгжим чангаар тавих, засвар хийх нэрийдлээр иргэдийг амраахгүй байх, бөөгийн зан үйл гэж тайлбарлан шөнийн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдлүүд бүгд зөрчилд тооцогдоно гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Бусад иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэж байх үүрэгтэй.

Мөн хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях, ил задгай шатаах зэрэг ч зөрчлийн хэрэг. Энэ заалтыг иргэд тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэр хорооллын иргэд ил задгай хогоо шатааж байгаа харагддаг. Энэ цаашлаад гал алдаж түймэр тавих ч эрсдэлтэй үйлдэл.

Түүнчлэн иргэд нийгмийн харилцаанд оролцогчын хувьд батлагдсан хууль тогтоомжийг судалж хүний нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зүй тогтол, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг мөрдөж, зүй зохистой биеэ авч явбал танд зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх харилцаа хэзээ ч үүсэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Categories
мэдээ цаг-үе

Далайн дээрэмчдийн хааны төлөөх тэмцэл “ONE PIECE”

Анимэ ертөнцийн алдартай бүтээлүүдийн нэг бол “One piece“ олон ангит кино юм. Дэрсэн малгайт далайн дээрэмчдийн тухай өгүүлдэг онц сонирхолтой, адал явдалт анимэ. Бүлгийн ахмад Монки Ди Лүффи ертөнцийн үнэт баялаг болох “One piece“-ийг эзэгнэж далайн дээрэмчний хаан болохыг хүсдэг. Энэ ертөнцийн бүхнийг өөрийн болгосон далайн дээрэмчний хаан Голд Рожер цаазлуулахаасаа өмнө хэлсэн сүүлийн үг нь хүмүүсийг далай руу хөтөлжээ. Тэрээр “Миний эрдэнэ үү. Хүсэж байвал авч болно. Хайж ол. Би тэр газар бүхнийг орхисон” гэснээр киноны өрнөл эхэлдэг. Лүффи мөрөөдлөө биелүүлэхийн тулд баг бүрдүүлж, бусад далайн дээрэмчидтэй тулалдаж байгаагаар киноны цувралууд өрнөдөг. Дэлхийн сая сая хүүхэд багачуудын үзэх дуртай кино болсон “One piece“-ийн цуврал анх 1999 оны аравдугаар сараас эхлэн дэлхийн сая, сая хүүхэд багачуудад хүрч эхэлсэн билээ. Зохиогч нь Эйчиро Ода энэ цувралаа таван жил гаргаад зогсооно гэж төлөвлөж байсан ч эдүгээ үргэлжилсээр “One piece“-ийн ертөнцөд 1000 гаруй чөтгөрийн жимс гэж байдаг. Тэр жимснүүд нь онцгой чадвартай чөтгөрүүдийн сүнсийг өөртөө шингээсэн. Идсэн хүнд нь тэр онцгой чадвар илэрнэ. Гэвч нэг сул тал нь чөтгөрийн жимс идсэн хүн далайн усанд сэлэх чадвараа алдана. Харин гол баатар Лүффи долоон настайдаа “Гому-гому-но-ми” буюу биеийн бүх хэсгээ сунгах чадварыг олгож резинэн хүн болгодог чөтгөрийн жимс идсэн байдаг. Тэрээр бага наснаасаа өөрийн домог мэт шүтэж ирсэн далайн дээрэмчин хүчирхэг улаан үст Шанкс болон далайн дээрэмчдийн хаан Gol.D.Roger нараас урам зориг авч дараачийн далайн дээрэмчдийн хаан болох зорилгыг тавьжээ.

Телевизийн цуврал анимэ “One piece“ маш олон дээд амжилтуудыг эзэмшдэг. 2014 онд Гиннесийн амжилтын дэлхийн ном төрөлд Ганцхан зохиогчийн бүтээсэн, дэлхий даяар хамгийн олон хувь хэвлэгдсэн комик хэмээн нэрлэгдэж дээд амжилтыг хүртсэн байна. 2014 он хүртэлх хугацаанд дэлхий даяар нийт 416 сая хувь хэвлэгдэж, 320.866.000 хувь борлуулагдсан үзүүлэлтээрээ дээд амжилтыг тогтоосон байдаг аж. Ингээд One piece анимэгийн гол дүрийн баатруудыг танилцуулъя.

Монки Ди Лүффи: Уан пийсийн гол дүр. Долоон настай байхдаа тэрээр улаан үст Шанкстын багт орохыг хүсэж байсан боловч түүнийг аваагүй. Дээр өгүүлснээр тэрээр тэдний авч явж байсан парамэсиа төрлийн чөтгөрийн жимс идэн өөрийн биеийн бүх хэсгийг сунгах чадвартай болгодог. Тэрээр далайн дээрэмчний хаан болох өөрийн хүслээ даган өөрийн багийг бүрдүүлэн тэмцдэг.

Ророноа Зоро: Тэрээр гурван сэлэмний арга ашиглагч сэлэмчин. Хоёр сэлмээ хоёр гартаа барин нэг сэлмээ амандаа зуун дайтдаг. Тэрээр өмнө нь дэлхийн хамгийн шилдэг сэлэмчин болно гэсэн амлалтыг Күинад өгч байсан. Зоро Лүффигийн анхны хамтрагч.

Нами:Намигийн мөрөөдөл бол дэлхийн газрын зургийг зурах. Нами хулгай хийх зуршилтай, цаг агаарыг маш сайн тааварладаг чадвартай. Лүффи Арлонгийг ялсны дараа тэр мөрөөдлөө дагаж тэдний багт орсон. Түүнийг “Хулгайч муур” гэх нэрээр олон хүмүүс мэддэг.

Усопп: Түүнийг бага байхад түүний эцэг болох Ясопп Улаан-Үст далайн дээрэмчдийн багт байсан юм. Ээж Банкина нь хүндээр өвдсөнөөс болж Усопп эцгийгээ эргэж ирнэ хэмээн худлаа ярих болсон. Ээж нь өнгөрсний дараа Усопп эцэг нь ирэхгүй гэдэгт итгэх болсон. Түүний буудах чадвар тоглоом биш гэдгийг цувралын 322 дугаар ангиас харж болно. 2007 онд Усопп “Шилдэг 10 эр” дүрд өрсөлдөж V байрт орж байсан билээ.

Винсмөүк Санжи: Аялагчдын тогооч болох 19 настай Санжи Улаан хөлт Зеффийн шавь нарын нэг билээ. Зефф түүнийг далайд живж байхад нь аварсан юм. Зефф Санжид хоол хийхээс гадна өшиглөлтийн талаар зааж сургажээ. Түүнийг Хар хөлт Санжи гэдэг. Санжи тэнгэрийн алхалт, зургаан хүч, сарны алхаа хийж сурсан байдаг.

Тони Тони Чоппер: Цор ганц жимс болох “Hito Hito no Mi”-г идсэн цаа буга юм. Тэр эмч болохын тулд Өвлийн арлаас ирсэн бөгөөд Гранд шугаманд төрсөн дэрсэн малгайтны гишүүдийн нэг юм. Түүний мөрөөдөл нь бүх өвчнийг эмчлэх чадалтай эмч болох. Энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд Чоппер дэлхий даяар аялахыг хүсдэг. Тэрбээр багийн зургаа дахь гишүүн.

Нико Робин: Чөтгөрийн хүүхэд нэрээрээ алдартай дэрсэн малгайтын археологич бол Робин. Тэрээр баруун цэнхэрт байрладаг байсан охара арлын амьд үлдсэн цорын ганц хүн юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д “Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн зөвшөөрөгддөг юм шиг байж болох уу” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Даваа гаригийн дугаар уншигчдаа “Танайд өнжье” булангаараа угтдаг уламжлалтай билээ. Энэ удаад хоол зүйч, ШУТИС-ийн багш М.Пүрэвжавынд өнжсон юм. Нэг болон 13 дугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Ардчилсан Үндсэн хууль
тогтоогчдын холбооны
ерөнхийлөгч, АИХ-ын дэд
дарга асан Ж.Гомбожавтай
ярилцлаа. Энэхүү ярилцлагыг нэг, 11 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Манай сонины нийтлэлийн бодологыг тодорхойлдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн
зөвшөөрөгддөг юм шиг байж болох уу” болон “17 сая төгрөг төсөвлөсөн театрын
барилгын макет олны доог тохуу боллоо” нийтлэлүүд хэвлэгдлээ.

Улс төрийн хоёр, тавдугаар нүүрнээс УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлэлцсэн асуудлуудыг уншиж сонирхоорой.

Дэлхийн мэдээ”-ний есдүгээр нүүрэнд Японы хамгийн залуу сайд
Шинжиро Коизүмигийн талаар бэлтгэлээ.

Нийслэлийн орон сууцны
корпорацийн дэд захирал
С.Дорждэрэмээс цаг үеийн
асуудлаар тодруулга
авлаа, долдугаар нүүрнээс уншаарай.

Монгол Улсын гавьяат
жүжигчин Уухааны
Батбаатартай хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрнээс унших боломжтой бол Монголын уул уурхайн
үндэсний ассоциацийн
Удирдах зөвлөлийн дарга
А.Билгүүний ярилцлагыг 17 дугаар нүүрэнд хэвлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

УЛААНБУУДАЙН ТОНН ТУТАМД ОЛГОДОГ УРАМШУУЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм.

Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа юм байна. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.

Тэд өнөөдөр Төв аймгийн Цээл суманд үргэлжлүүлэн ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Цэнднадмид: Эд хөрөнгө, нэр төр, ашиг сонирхол, амбицыг аз жаргалтай амьдрахад тусална гэж бодвол асар том төөрөгдөл


Ч.Цэнднадмид багш Шри Шри Рави Шанкарын хамт

Амьдрах урлаг бясалгалын төвийн багш Ч.Цэнднадмидтай ярилцлаа.


-НҮБ-ын зөвлөх, Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар энэ сарын 7-нд Сүхбаатарын талбайд олон нийттэй уулзсан. Үүний дараагаар сошиалаар “Монголчууд мунхарчээ, харийн шашинд оржээ” гэх мэтээр шүүмжлэгсэд гарч ирсэн. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Гүрүдэв Шри Шри Рави Шанкар багш Монголд айлчлаад буцлаа. Багш маань зөвхөн Монголд ирсэн юм биш л дээ. Дэлхийг тойрон явж, дэлхийн олон олон сая хүнтэй уулздаг. Хүний дотор гэрэл гэгээ, аз жаргал гэж зүйл байдаг юм. Гэтэл хүн аз жаргал, гэрэл гэгээгээ гаднаас ихэвчлэн хайж байна. Би аз жаргалтай болохын тулд тийм юмтай болмоор байна, аз жаргалтай амьдрахын тулд тэгмээр байна, ингэмээр байна гэдэг. Гадагшаа чиглэсэн хэтэрхий ийм их хүсэл, мөрөөдөлтэй амьдарцгааж байна. Иймээс энэ оюун ухааны их мастер маань “Өөрсдийнхөө дотор руу чиглэ. Өөрийн тань дотор амар амгалан байгаа. Дотор тань эрч хүч, аз жаргал байгаа” гэдгийг бидэнд таниулж, хэлж өгч байгаа юм. Ялгаагүй, миний хувьд ч тэр багштайгаа уулзаагүй, учраагүй байхдаа хориод жилийн өмнө мөн л тэгж бодож байсан. “Би аз жаргалтай байхын тулд яах ёстой вэ. Их эд хөрөнгөтэй болох уу, эсвэл том албан тушаалд очиж том дарга болох ёстой юм болов уу. Яавал би эрх мэдэл, эрх чөлөөтэй амьдралаар амьдрах юм бэ” гэж боддог байсан. Ямар ч хүн ийм бодол боддог. Бидний сэтгэл гадагшаа чиглэсэн үед энэ амьдралдаа хэзээ ч аз жаргалтай болж, түүнд хүрч чаддаггүй юм байна. Гадагшаа чиглэсэн юм хэзээ ч дуусашгүй. Хүүхэд маань том болоосой гэнэ. Хүүхэд нь том болчихоор “Одоо нэг сургуульд оруулаад авбал уу” гэнэ. Сургуульд орчихоор нь “Сургуульд орох нь орчихлоо. Одоо нэг их, дээд сургууль төгсгөчихвөл бол оо” гэнэ. Их, дээд сургууль төгсчихөөр нь төгсчихлөө гээд тэр чигээр нь орхидоггүй. “Энийгээ нэг ажилд оруулчих юмсан” гэнэ. Ажилд орчихоор “Сайн хань ижилтэй болгочих юмсан” гэнэ. Энэ нь ерөөсөө дуусахгүй. Гадагшаа тэмүүлсэн сэтгэл дэлхий ертөнцийн хүмүүсийг ядрааж байна. Хүмүүсийг аз жаргалтай, амар амгалан байх тэр чадварыг алдагдуулж байна. Хүн ямар үед бүтээлч, амжилттай байдаг вэ гэхээр дотоод сэтгэл амар амгалан байгаа үед. Дотоод сэтгэлийн түвшинд илүү хангалуун, бүрэн дүүрэн мэдрэмж төрж байгаа үед хүн амжилттай амьдардаг. Юмыг дутуу гэж бодож байгаа үед дандаа зовлонтой, амнаас нь гомдол, гоншигонол, шүүмжлэл, доромжлол, муухай үгс цувардаг. Багш маань дэлхийг тойрон явж өнөөдөр бидэн дээр ирж, бидний энэ их эргэчихсэн, буруу амьдралыг зөв болгох гээд сайхан мэдлэг түгээж, амьсгал, иогийн дасгалыг зургаагаас 100 настай хүнд хүртэл заах хөтөлбөрүүдийг бий болгоод байна. Энэ хөтөлбөрүүдэд хамрагдсан хүмүүс маань дотроосоо сэрээд “Өө би чинь буруу явж иржээ” гэж ухаардаг. Манай хичээлд 80 настай, их сургуульд багшилж байсан профессор хүн ч сууж байсан. Тэр хүн таван өдрийн хичээлд суучихаад “Би чинь ер нь их муухай биеэ тоосон хүн байжээ” гэж хэлсэн шүү дээ. Тэр хүн маш их оюун ухаанч, шинжлэх ухаанч, профессор хүн. Насаараа их сургуульд багшилсан гэхээр ямар ухаантай хүн байх вэ. Тэгтэл тэр хүн манай хичээлд таван удаа суусны дараа тийм мэдрэмж төрж байна шүү дээ.

-Хүмүүс газар нутгийн төлөөх ч юм уу, ямар нэг намын эсрэг жагсаал, утааны эсрэг цуглаанд тийм олноороо очоогүй. Гэтэл Шри Шри Рави Шанкар багшийн бясалгалд суух гэж тэр олон мянган хүн очсон нь тэд сэтгэлийн амар амгаланг юунаас ч илүү хүсч, эрэлхийлж байгааг харууллаа. Хүмүүс энэ цагт сэтгэлийн амар амгаланг маш их хүсч байна?

-Багшийн маань монголчуудтай уулзсан тэр уулзалт дэлхийн 89 оронд шууд хүрч, шууд бичлэгийг нь 50 мянган хүн шэйрлэсэн байна билээ. Дээрхийн гэгээнтнийг монголчууд хамгийн том талбайдаа ямар олуулаа хүлээн авсныг дэлхий даяар харж “Монгол ямар гайхалтай орон бэ” гэдгийг харсан. Шри Шри Рави Шанкар багшийг хэн бэ гэдгийг дэлхий нийт таньчихсан юм л даа. 150, 160-аад оронд Амьдрах урлаг төвүүд нээгдсэн. Тухайн улс орны төрийн тэргүүнүүд нь багшийг хүндэтгэдэг.

Та өнөөдөр ямар нэгэн хоол идлээ. Тэр хоолны тань ногоог хэн нэгэн тарьсан байж таараа. Зүрхний сайн эм гээд л ууж байгаа. Тэр эмийг хэн зохион бүтээсэн юм бэ. Доктор, профессор, анагаах ухааны том эрдэмтэн л бүтээсэн. Хүн өвдөхөд хэн туслах вэ. Эмч нар тусална. Тэгвэл сэтгэл санаа хямрахад хэн тусалдаг юм бэ. Оюун санааны лидерүүд тусалдаг юм. Оюуны санааны лидер гэж хэнийг хэлдэг вэ. Оюун санааг бид нараас илүү мэдчихсэн хүмүүсийг хэлдэг. Хүн болгон толгойн эм үйлдвэрлэж, зохион бүтээж чадах уу. Толгойн өвчнийг яавал эдгээх вэ гэдгийг анагаах ухааны эрдэмтэн хүн л мэднэ. Тэгвэл өнөөдөр Рави Шанкар гэдэг энэ хүн амьсгалаар өөрийгөө яаж эрүүлжүүлэх вэ гэдгийг нээчихсэн эрдэмтэн хүн шүү дээ. Менделеев үелэх системийнхээ хагасыг зүүдэндээ харж, учрыг нь олсон. Түүнийг зүүдэндээ нээлт хийлээ гээд “Өө энэ чинь шашны хүн байна, мухар сүсэгтэй, зүүд ярьсан хүн байна” гэсэнгүй. Ийм юман дээр монгол хүмүүсийн оюун санаа задрах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол монгол хүний сэтгэлгээний хөгжил зогсонги байдалд орчихоод байна.

-Та сая ярилаа. Сэтгэл санаа хямрахад хэн тусалдаг юм бэ гэж. Хүмүүс сэтгэлээ, бухимдлаа илэрхийлдэг гол талбар нь сошиал болжээ. Тэнд л дотоод сэтгэлээ нээж, хамаг муу үгээ урсгаж, шүүмжилж, доромжилж байж уужирдаг хүмүүс их байна?

-Энэ маш тодорхой харагдаж байгаа. Багшийг ирэхэд Сүхбаатарын талбай дээр олон мянган хүн ирлээ. Хүмүүс маш шигүү суучихсан байсан. Тэгтэл энэ үйл ажиллагааны дараа сошиалаар янз бүрийн юм бичих юм даа. Бичиж байгаа тэр хүмүүсийг харахаар өөр хүмүүсийн хувьд уур нь хүрээд байх шиг байна. Бясалгалын багш бид нарын хувьд, миний хувьд тэр хүмүүсийг хайрлаж байгаа. Яагаад гэхээр хүн мэдэхгүй л юмаа шүүмжилдэг. Мэдэх юмаа тэгэхгүй. Талбай дээр ирсэн хүмүүс бол мэдчихсэн хүмүүс. Мэдэхгүй мөртлөө дагаад ирчихсэн хүмүүс бол тэр мэдэх зүйлд ойртчихсон хүмүүс юм. Ирээгүй мөртлөө эсвэл хажуунаас нь харсан хүмүүс итгэл алдраад “Ээ энэ бол худлаа” гэсэн байх л даа. Нарыг муу хэлэхэд нар яах ч үгүй шүү дээ. Тэнгэрт байгаа нарыг “Энэ нар арай л хачин. Үүл наагуур нь орчихоор муухай болчих юм аа. Ер нь нараар яадаг юм” гээд байвал хэн ядрах вэ. Нарыг үгүйсгээд байгаа хүн өөрөө л ядарна. Гүрүдэв гэдэг хүн ямар хүн байдаг вэ гэхээр сэтгэлээ ялчихсан асар том орон зай байдаг юм. Харахдаа хөгшин, залуугаар нь харж, энэтхэг, монголоор нь ялгаж харж байгаа хүмүүс Монголд байна л даа. Тийм хүмүүс байна гэдэг нь тэдгээр хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдээс харагдаж байна. Гэхдээ би тэр хүмүүсийг хайрлаж байна. Удахгүй тэд үүнийг ойлгох болно. Мэдрэх болно. Энэ насандаа ойлгохгүй бол дараа насандаа ойлгоно гэдэгт би итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр монгол хүмүүс асар их ухаантай. Сэтгэлийн хувьд нэг удаа нээгдээд дотроосоо тэнүүн болоод ирэх юм бол монголчууд маш сайхан хүмүүс.

-Том албан тушаалд сууж, жийп машин унаж, асар их мөнгөтэй болвол сая аз жаргалтай болно гэж боддог хүмүүс их. Баян хүнд дургүй хэрнээ бүгд баяжихын төлөө юугаа ч золиослоход бэлэн. Хүмүүс яавал аз жаргалтай амьдрах юм бэ. Албан тушаал, мөнгө бидэнд аз жаргалыг өгдөг үү?

-Бид яагаад оюун санаагаа залах лидер, багштай байх ёстой юм бэ. Бид өөр өөрсдийнхөө сэтгэлийг хянаад мэдээд явчихаж чаддаг байсан бол бидэнд оюун санаагаа яаж залах тухай заагаад байх шаардлага байхгүй байсан. Гэтэл дэлхий, хүн төрөлхтөн яагаад ийм багштай болохыг хүсч байна вэ. Яагаад вэ гэвэл бид оюун санаа, сэтгэлээ өөрсдөө хянаж дийлдэггүй. Сэтгэл гэдэг хүний оршихуйн гурав дахь түвшинд том орон зай байгаа. Тэр сэтгэл л муухай үгийг хэлүүлж, муухай болгож харуулна. Хичнээн ч сайхан юмыг муухай болгож харуулдаг. Сэтгэл яагаад юм бүгдийг муухайгаар хараад эхлэв гэхээр сэтгэл нь жижигрээд, агшаад ирэхээрээ тийм болчихдог. Түүнээс биш тэр муухай юм бичээд байгаа хүмүүс туйлын муухай хүмүүс биш. Тэр хүмүүс бол эрдэнэт хүн. Тэр хүн ээждээ анх төрөхдөө ямар хөөрхөн хүүхэд мэндэлсэн билээ. Ямар хөөрхөн, гэнэн цайлган хүүхэд явлаа, тэд. Тэр хүмүүс өсч том болоод нас биед хүрч нийгэмд орж, амьдралын эрээн бараан, сайн мууг даван туулсаар ирсэн. Даван туулсаар ирэхдээ амьдралын үнэн мөнийг ойлгох тал дээр дутмаг яваатай холбоотойгоор л энэ үйлдэл болоод байгаа юм. Их л эд хөрөнгөтэй бол сайхан амьдарна, мөнгө байвал сайхан болно, эсвэл бидний дээр байгаа УИХ-ын 76 гишүүн зөв, сайхан болчихвол бид зөв сайхан амьдарна гэж бодоод байгаа нь нэг талаар буруу. Бидний дээр хэн байгаад, тэд ямар хууль, шийдвэр гарснаар улс орон цаашид яаж явах нь хамааралтай. Гэхдээ хамгийн гол хамааралтай зүйл нь та өөрөө. Өөрөө өөрийнхөө сэтгэлийг хянаж, өөрийнхөө сэтгэлийг ялан давж, ядаж л архи, тамхи хэрэглэдэггүй. Ядаж хүнтэй эвтэйхэн харьцдаг, ямарваа юмыг энэрэх, нигүүлсэх сэтгэлээр эхлээд харж чаддаг чадвартай болно гэдэг бол тухайн хүний өөрийнх нь чадвар. Ямар ч юмны сайн талыг эхлээд харж чадна гэдэг бол амьдрах ур чадвар. Тэгтэл сайн юмыг муухайгаар харна, муухай юмыг сайхан болгож харна гэдэг бол тухайн хүнийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Юм эсрэгээрээ ингэж харагдаад байхаар тэр хүн яаж хүний дайтай явах вэ дээ. Материаллаг юмтай байвал сайхан байна гэж бодоод байгаа нь буруугаа хүн рүү чихэхэд хүргэдэг.

Монгол хүн баян байх ёстой. Тэгтэл энэ дээр байгаа хүмүүс буруу бодлого явуулаад ядууруулчихлаа гэж яриад байгаа. Улс орны бодлого нөлөөлөх нь мэдээж. Гэхдээ хэн ядуураад байгаа юм гэхээр өөрийнх нь сэтгэл жижигрээд ядуураад ирэхээр өөрийг нь ядуу болгочихдог. Түүнээс биш улс орны бодлогоос болоод та туйлын ядуу болчихоод байгаа юм биш шүү.

Зах зээлд орсны дараахан дэлгүүрийн лангуу бараагүй болж, картаар бараа олгодог байсан ч бид ямар хөгжилтэй байсан юм бэ. Би арван жилийн багш байлаа. Дэлгүүрт ирсэн барааг байгууллагуудад хуваарилна. Сам, биеийн тамирын хувцас, цамц тараана. Тэрэн дундаа тамирын хослол бол хамгийн том, үнэтэй бараа нь. Картын бараануудыг манай сургуулийн багш нарт сугалаагаар өгнө. Сугалуулна. Сугалаа сугалтал надад биеийн тамирын хослол таарчихлаа. Тэгсэн чинь манай сургуулийнхан “Цэнднадмид аа, дараагийн удаад чи сугалаанд орохгүй шүү. Чи хамгийн том барааг нь авчихлаа” гэж байсан шүү дээ. Тэр үед нэг ширхэг сам сугалаад л хязгааргүй баяртай байсан ш дээ, монголчууд. Баярлаад л “Би сам авчихлаа”, “Би биеийн тамирын өмд, цамцтай болчихлоо” гэж тэрэндээ ханамжтай байсан. Тэгэхээр бараа байхгүй болохоор муудчихаж байна уу, эд хөрөнгөгүй болохоор баяр баясгалан алга болчихож байна уу. Үгүй байгаа биз дээ. Эд хөрөнгө, нэр төр, ашиг сонирхол, амбицыг аз жаргалтай амьдрахад тусална гэж бодоод байгаа нь асар том төөрөгдөл болчихоод байна.

-Эрдэмтэд хүн яавал аз жаргалтай байх вэ гэдэг асуултад хариулт олохын тулд олон жил судалгаа, эрэл хайгуул хийгээд эцэст нь хайр бол аз жаргал юм байна гэж тогтсон. Хайрлах, хайрлуулах мэдрэмж л хүнийг аз жаргалтай болгоно. Тийм үү?

-Хайр гэж ярихаар манайхан дөнгөж гэрлэж байгаа хосын хоорондох хайрыг хэлнэ гэж ойлгоод байдаг. Гэрлийн чийдэн анх Монголд орж ирэхэд “Иличийн гэрэл гэж ийм сайхан юм байдаг аа” гэж гайхан хүлээж авсан шиг хайр гэдгийг одоо ярихаар оюун нь сайн задарч өгөөгүй байна. Би ч тийм явсан. Ерөөсөө л бид чинь энэ хорвоод өөр өөр төрхтэй гүйж явдаг ч бүгдээрээ хайран дунд амьдардаг юм байна шүү дээ гэж ойлгосон. Багш маань “Энэ ертөнцийн нууц бол өгөхөд оршино” гэдэг. Тэрийг хүртэл эхлээд ойлгодоггүй байж. Өгнө гэдэг нь байгаагаараа, байгалиараа, илүү дутуу зангүй, юмыг үгүйсгэсэн, янз бүр болсон сэтгэлгүй байх. Бид ярьдаг шүү дээ. Хөдөөний хүмүүс яг байгаагаараа байдаг гэж. Хөдөө очихоор тэр хүмүүс яагаад байгаагаараа байдаг вэ. Тэд бидэн шиг давчуу орон зайд ороогүй, хөдөө тал шигээ тайван байдаг тэр байдал нь хадгалагдаад байдаг. Улаанбаатарт ороод ирэхээр яагаад сөргөөцөх, үгүйсгэх, шүүмжлэх байдал нь ихсээд байна вэ гэхээр нөгөө л нэг ойрхон байшингийн хана харж, түгжрэлд саатаж, зурагтаа асаангуут муухай юм харна, фэйсбүүк рүү оронгуут сөрөг мэдээлэл урсана. Ингээд байхаар хүмүүс түгжигддэг.

-Бид яавал аз жаргалтай байх вэ?

-Хүн бол таван мэдрэхүйтэй. Нүдээрээ юмыг харна. Чихээрээ юмыг сонсоно. Амаараа юмыг амтална. Хүнд гараа хүргэвэл хүрэлцэнэ. Аав, ээждээ гараа хүргээд илээд “Ээж ээ, аав аа, хайртай шүү” гэхэд хайрыг илүү дотогшоо мэдэрдэг.

Юмыг харахдаа байгаагаар нь харах ур чадвар бий. Нөгөөх нь шунаж харах. “Дахин харахсан”. Харуулаад байхад “Дахиад нэг харахсан” гэнэ. Энэ яаж байна вэ, хараа нь шунаж байна. Юм сонсоно. Нэг удаа сайхан дуу сонсоод сайхан уяраад хайлаад нулимс гарвал гараад л дахин сонсох шаардлагагүй. Энэ бол сонсох мэдрэмжийн маань ач тус. Сонсох мэдрэмж юунд зориулагдсан бэ. Тухайн үед сонсох хэрэгцээтэй зүйлээ их сайхнаар сонсох. Үүнд л заяагдсан. Тэгтэл муухай зүйлийг сонсоно. Өнөөгийн нийгэмд хүний таван мэдрэхүйн хоол хэвийн хэмжээндээ байхаа больчихоод байна. Алдагдаад байна. Сайхан зүйлийг сонслоо, боллоо. Тэрийгээ орхиод босох чадвартай байх ёстой. Энэ бол сонсох чадвар. Юм амталж идэх. Амталж идэхэд сайхан байлаа. “Сайхан хоол байна шүү, гоё байлаа. Баярлалаа” гээд сэтгэл хангалуун бослоо. Боллоо. “Дахиад идэх юмсан. Тэр хоол их гоё байсан шүү”, “Бүр илүү гоё амттай юм байна уу”. Амтанд шунах гэж энэ. Хүрэлцэх мэдрэхүй, “Ээж ээ би таныг тэвэрье”. Тэвэрлээ. Нэг их урт санаа алдаад тэврээд “Ээж ээ, би танд хайртай шүү”, “Аавдаа, ээждээ хайртай шүү” гэж хэлээд л бол оо. Тэгтэл “Дахиад тэвэрье л дээ, ээж ээ. Дахиад нэг тэвэрчихье л дээ” гээд байвал ээжид нь төвөгтэй санагдах уу. Тэгэхээр энэ таван мэдрэхүй шунаад ирэхээрээ эргэн тойрондоо ч төвөгтэй, өөртөө ч төвөгтэй болдог. Ээж дээрээ очсон үедээ нэг л тэврэхэд бол оо. Тэгтэл “Дахиад тэвэрье, дахиад тэвэрье” гээд байхаар өөрийнх нь сэтгэл тогтворгүй зовлонтой болж, дахин дахин тэврүүлээд байхаар ээж нь “Чи яасан төвөгтэй юм. Одоо болно ш дээ” гэж хэлэхэд хүргэнэ. Яг энэ. Хүнийг аз жаргалгүй байлгаад байгаа юм чинь энэ. Таван мэдрэхүйд татагдах. Таван мэдрэхүйдээ хэтэрхий хүлэгдэх. Гэрээсээ өөр газар очоод хоол идэхээрээ “Пөөх, давсгүй, амтгүй хэрэг алга” гээд хүний хийсэн хоолыг түлхэнэ. Тэр ямар ч хоол байсан амин дэмтэй л бол зүгээр ид. Давсгүй ч байсан идчих чадвартай байх. Энэ нь таны идэх, амтлах мэдрэхүйг хэвийн хэмжээнд байгааг харуулна. Гэтэл голж шилээд “Гоё, муухай хоол” гээд. Нүдээрээ “Энэ хөөрхөн, тэр царай муутай” гэнэ. Харц чинь юмыг хэт ингэж юмыг ялган салган харах нь зовлон. Юмыг сонсохдоо энэ их гоё, энэ их муухай. Муухай юм чинь больё гэнэ. Ингэж юмыг хэтэрхий их ялган салган сонсох нь зовлон. Зарим газар очиход маш их шуугиантай байлаа. Та ганцаараа байгаа юм шиг байж болно. Боломжтой. Гэвч тэрийг боломжгүй болгоод байгаа зүйл нь таны өөрийн тань сонсох чадвар тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй. Сонсох чадвар чинь чадваргүй байна гэсэн үг.

-Тэгвэл яагаад монголчууд нэгнээ үгүйсгээд байдаг болчихов оо?

-Тэр хүн сайхан юмыг хараад ч, муухай юмыг хараад ч эсрэгээр нь харна гэдэг чинь тэнцвэрээ алдаж байна гэсэн үг. Сайхан юмыг хараад “Энэ худлаа. Энэ шиг худлаа юм байхгүй” гэнэ. Сайхан юм хүсч байгаа хүмүүсийг бүгдийг нь үгүйсгэнэ. Муухай юмыг хараад “Энийг хар даа. Энэ яг тэгнэ л дээ” гэж итгээд, түүнийг улам баталгаажуулаад цааш явна. Тэгж юмыг харж байгаа бол та өөрийгөө нэг удаа ч болов маш сайн харахгүй бол болохоо байчихжээ л гэсэн үг. Арван тавны сайхан дүүрэн сарыг “Ямар сайхан мэлтийсэн сар вэ” гэж чин сэтгэлээсээ бишрэн гайхаж харж байхад нөгөөдөх нь “Гамбиртай адилхан юм” гэж харна. Багшийн маань ингэж хэлсэн мэдлэг байдаг юм. “Өлсч байгаа хүнд сар гамбир шиг харагдана” гэж. Талбай дээр оюун санаагаараа нэгдээд сууж байгаа хүмүүсийг холоос хараад “Малнууд” гэж байна. Тэнд байгаа хүмүүс мал болох уу. Үгүй. Харин мал гэж бодож байгаа хүнд өөрт нь зовлон ирж байгаа. Өөрөө өөртөө төвөг удаж байгаа гэсэн үг. Мал гэж хэлж, бичиж байгаа хүн мал биш шүү дээ. Бас л нэг сайхан хүн байгаа. Бас л нэг сайхан гэр бүлийн гишүүн. Гэр бүлийнхээ хайрыг мэдэрдэг. Тэд нь ч тэр хүнээс сайхан хайрыг нь хүсдэг. Тэр муухай үг гаргаж байгаа хүнийг “Миний охин, миний хань, миний аав, миний ээж” гээд хайрлаж байгаа өчнөөн хүн цаана нь байгаа. Тэгтэл тэр олон хүний өмнө хариуцлага хүлээсэн хүн өнөөдөр сайхан юманд нэгдээд сууж байгаа хүмүүсийг хараад муу үг хэлж байна гэдэг чинь хариуцлагагүйтэй л холбоотой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жавхлан: Ард нийтийн санал асуулгын ирц 50 хувьд хүрэхгүй байх эрсдэлтэй

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох саналыг дэмжлээ. Энэ зохицуулалтыг бид юу гэж ойлговол зохих вэ?

-Өөрийн тань асуусан асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орж буй эдийн засгийн агуулгатай хоёр асуудлын нэг нь. Нөгөөх нь төсөвт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын эх үүсвэрийг нэмэхгүй байх асуудал. Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмэнд хүртээмжтэй байхыг хамгийн зөвөөр томьёолох ёстой л доо. Ний нуугүй хэлэхэд энэ сүүлийн томьёолол тодорхойгүй зүйлүүдийг агуулсан гэж харагдахаар байна. Тиймдээ ч санаанд хүрээгүй.

-Яг ямар тодорхойгүй зүйлүүдийг агуулсан байна вэ?

-Тэр томьёолол дотор гурван түлхүүр үг байгаа юм. Стратегийн ач холбогдол, дийлэнх, үр өгөөж гэсэн түлхүүр үгнүүд байна. Эндээс үр өгөөж гэдэг үг нь хамгийн их анхаарал татаж байна. Үр өгөөж гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн, эсвэл санхүүгийн ойлголтоор маш өргөн утга агуулгатай. Стратегийн ордоос ард түмэн хувьцаа хэлбэрээр ногдол ашиг авч болно. Дотоодын бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлж болно. Монголын төрд татвар хэлбэрээр буюу нийтийн санд төлж буй төлбөр ч үр өгөөж болох юм. Мөн ямар ч хэлбэрээр дийлэнх байж болох нь. Үүний цаана ногдол ашиг хуваарилахгүй, хувьцаа эзэмшихгүйгээр зөвхөн татвар болон бусад худалдан авалт, төлбөрийн хэлбэрээр Монголын ард түмэнд ирж буй үр өгөөж нь дийлэнх хэлбэрээр байж болох нь. Эсвэл огт татвар төлдөггүй, дотоодын худалдан авалт хийдэггүй зөвхөн хувьцаа нь дийлэнх хэлбэрээр байх гэх мэтчилэн тодорхойгүй зүйлүүдийг агуулж байгаа юм.

-Үүний үр дагавар нь юу байж болох вэ?

-Тодорхойгүй зүйлүүд агуулах тусамаа цаашдаа энэ том төслүүдийг хөдөлгөхөд дараагийн Засгийн газрууд дээр улам л их дарамт ирнэ. Өөрөөр хэлбэл, аль ч Засгийн газар энэ заалтын дагуу аливаа зүйл хөдөлгөхөд үргэлж айдастай байх болно. Дараагийн том төслүүдийг татаж унагах орон зайг нээгээд үлдээчихэж байна гэж хувь гишүүний зүгээс дүгнэж байна. Тиймдээ ч сэтгэл дундуур үлдсэн гэж хэлж болно. Бүлэг дээр энэ асуудлыг шийдсэн. Бид бүлгийн шийдвэрээ дагаад энэ асуудлыг дэмжсэн. Мөн том утгаараа Үндсэн хуулиа амжилттай цааш явуулахын төлөө дэмжсэн л дээ. Үндсэн хуульд орсон энэ заалттай холбогдож дараа нь гарах органик хуулиудаа маш сайн хийх хэрэгтэй. Гэхдээ л органик хууль бол органик л хууль шүү дээ. Аль ч УИХ тэрийг хөндөж чадна.

-Төсөв хэлэлцэж байх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэхгүй байхаар боллоо. Үүнийг зарим гишүүд УИХ өөрийн төсөв батлах эрхээсээ татгалзлаа гэж шүүмжилж байсан. Нөгөө талаараа төсвийн сахилга батыг дээшлүүлэх сайн зохицуулалт гэдгийг судлаачид онцолж байна. Таны хувьд?

-УИХ-ын төсвийн сахилга батыг дээшлүүлэх гэсэн аргаа барсан л заалт юм. Манай зарим гишүүд УИХ өөрийнхөө үндсэн эрхээсээ татгалзаж байна гэж буруушааж байгаа. Үүнийг сонсох ёстой л өнцөг гэж үзсэн. Дээрээс нь ямар ч Засгийн газар, Ерөнхий сайд гарч ирээ билээ, тэр хүний үзэмжээр явахаар бол энэ нь тун аюултай. Бид Үндсэн хуулиараа Засгийн газрыг хүчтэй, тогтвортой болголоо. Энэ нь нэг талаар сайн хэрэг. Хэрэв ард түмэнд ээлгүй Засгийн газар, Ерөнхий сайд гарч ирвэл, дээрээс нь ийм бүрэн эрхтэй байгаа тохиолдолд УИХ халдаж чадахгүйгээр төсөвөө батална. Ийм төсөв баталчих юм бол нэг талаараа эрсдэлтэй зүйл мөн. Өнөөдөр бид 76 жижиг төсөв баталж байхаар хөгжлийнхөө дунд урт хугацаанд тогтвортой байх тэр төсвийг батлаад явах нь зөв. Дунд, урт хугацааны төсөв, хөгжлийн бодлогоо УИХ нь баталдаг, түүнийхээ хүрээнд Засгийн газар нь төсвийн хүрээний мэдэгдлээ оруулж ирэн урьдчилан танилцуулаад, дараа нь төсвийнхөө хууль болгодог горим руу орох нь хамгийн чухал байгаа юм. Ямартаа ч Үндсэн хуульд орсон тэрхүү зохицуулалтыг тун зөв хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Ээлжит бус сонгууль хийнэ гэх мэдээллүүд байна. Та үүнийг дэмжих үү?

-Үүнийг би сонгуультай холбож харахгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн шаардлага. Үндсэн хуулийг Ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болсон. Энэ нь ч хамгийн зөв шийдвэр, ард түмнээс асуух нь тун зөв. Хугацаа нь 45 хоног гэхээр арваннэгдүгээр сар гарч таарна. Бид Ерөнхийлөгчийн сонгуулиар 65 хүрэхтэй үгүйтэй ирцтэйгээр санал өгсөн. Тийм байхад арваннэгдүгээр сард болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ард нийтийн санал асуулгын ирц 50 хувьд хүрэхгүй байх эрсдэлтэй. Хэрвээ хүрч чадахгүй гэвэл УИХ-ын ээлжит сонгуулиар болгох уу, эсвэл нааш нь татаж сонгууль өгөх улс төрийн идэвх дээр нь тулгуурлах уу гэдгийг ярих нь зөв. Үндсэн хуулиа л Ард нийтээр батлуулах нь чухал. Түүнээс сонгуулийг нэгдүгээр асуудал гэж бодохгүй байна.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс хийж буй улс төр л гэж хүмүүс дүгнээд байгаа л даа.

-Улстөрч, улс төрийн хүчнүүд өөр, өөрсдийнхөө өнцгөөр л тайлбарлах байх. Миний хувьд хамгийн чухал нь Үндсэн хуулиа л ард нийтээр батлуулах. Сонгуулийг нааш татах нь хоёр шатны шийдвэр байна. Энэ дөрвөн жил ажлаа хийгээд дараагийн сонгуулиар дүнгээ тавиулна гэж бодож, төлөвлөж байгаа олон гишүүн бий. 2020 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаа байна. Энэ хооронд маш их ажил амжуулна. Энэ гурван жил үргэлжлэн хийгдэж байгаа ажил цөөнгүй бий. Хийсэн зүйлүүдээ 2020 ондоо тайлагнахаар төлөвлөж буй гишүүдэд ээлжит бус сонгууль хийх нь маш хохиролтой. Гэхдээ том утгаараа энэ зөвхөн гишүүдийн шийдэх ёстой асуудал биш, сонгууль гэдэг улс төрийн намын асуудал юм. Улс төрийн нам сонгуульд ордог болохоос гишүүн ордоггүй. Ийм том, жижиг хоёр асуудал байгаа юм.

-Арваннэгдүгээр сард сонгуулиа хийчихээр дараагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа хэдийг хүртэл тооцогдох юм бэ?

-Үндсэн хуульд тангараг өргөснөөсөө хойш дөрвөн жил үргэлжилнэ гэж заасан байдаг. Үүнийг зөрчиж болохгүй.

-Тун удахгүй төсөв хэлэлцэнэ. Ирэх жилийн төсөв ямар байх бол?

-Төсөв Засгийн газрын зардлыг томьёолж өгөхөөс гадна хөгжлийн бодлогыг тодорхойлдог байх хэрэгтэй. Төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр гол макро бодлогын хэрэгсэл байдаг. Төсөв өөрөө хөгжлийн бодлогыг чадаж байна уу, үгүй юу гэдгийг Сангийн яам мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ улс төр нь энэ яамд тийм боломжийг нь өгөхгүй байна. Улс төр өөрөө ийм чөтгөрийн гурвалжин руу орчихсон учраас үүнээс гарах гэж арга ядсандаа төсвийн талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заалт оруулж байна. Сангийн яам чадахгүй дээ биш. Улс төр нь боломж олгохгүй байгаа хэрэг. Тиймдээ ч төсөв хөгжлийн төсөв болж орж ирж чадахгүй байгаа юм. Үндсэн хуульдаа тусгаж өгснөөр байдал эрс дээрдэнэ гэж бодож байна.

-Та өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдрийн эдийн засгийн байдлын дүгнэлтийг бид ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай шууд холбож харах хэрэгтэй. Бид хоёр жилийн өмнө хүнд байдалд орон олон улсад өөрсдийнхөө байгаа байдалд дүн тавиулчихсан. Тэр л бид нарын дүн байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд макро үзүүлэлтүүд маань тодорхой түвшинд сайжирч байна. Банкны систем тогтворжиж, бүтцийн өөрчлөлтүүд хийгдлээ. Төсвийн алдагдал заасан хэмжээгээр жил бүр шат дараатай багасч байна. Манай гадаад өрийн менежмэнт эерэг болж, зээлжих зэрэглэл огцом сайжирч байсан, тогтвортой хэвээрээ байгаа. Цаашид ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр амжилттай гарвал манай гадаад зээлжих зэрэглэл өсөх хүлээлт бий. Мөн хугацаанд Төв банкнаас явуулж буй инфляци онилсон бодлогын үр дүнд инфляци нэг оронтой тоон дээрээ байна. Зорилтот түвшин болох найм орчим хувь дээрээ байгаа. Төсөв, мөнгөний бодлого тал дээрээ макро тэнцвэрүүд харьцангуй тогтмолжиж ирж байна.

-“Саарал жагсаалт”-д орох эрсдэл бий юү?

-Манайхан заавал “Саарал жагсаалт”-руу орж байж л “Энэ чинь юу болж байна вэ” гэж бодож эхэлдэг. Одоо ч анзаарч байгаа хүн алга. Өмнө нь энэ жагсаалтад байгаагүй юм шиг л. Бид 2008 онд “Саарал жагсаалт”-д ороод 2013 онд гарсан. Гэтэл одоо тэр жагсаалтад байсныг санаж байгаа хүн алга. Жагсаалтаас гарсныхаа маргаашаас нь л мартчихсан. Уг нь бид нөхцөл байдлаа улам сайжруулаад буцаад тэр жагсаалт руу орохгүйн төлөө ажиллах ёстой. Энэ жагсаалтад орвол бид эдийн засгийн хувьд маш их хохирол амсна. Энэ өөрөө маш том асуудал. Гэтэл бид жижиг хүрээнд яриад байна. Ганц институци болох Төв банк, Хууль зүй, дотоод хэргийн яамны л асуудал мэт үзэж байна. Энэ бол улс эх орны, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын асуудал.

Бид хуулиудыг нь сайжруулж өгөх ёстой. Хар жагсаалт руу орох гээд байгаа шүүх засаглалтай холбоотой асуудлууд байна. Үндэсний аюулгүй байдал дээр үүнийг анхаарах хэрэгтэй. Ил тодын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгийг “цагаатгасан”. Энэ мэтчилэн терроризм санхүүжилт, мөнгө угаалтын эсрэг дэлхий нийтээрээ тэмцдэг дүрмийг бид удаа дараа зөрчжээ. Бид “Саарал жагсаалт”-д орж, хүнд байдалд орсноо мартчихсан л энэ хооронд сахилгагүйтсэн. Хэрэв бид эргээд орчих юм бол цөөнгүй жил байж таарна, энэ хооронд санхүүгийн маш их хохирол амсна.


Categories
мэдээ цаг-үе

Н.Зоригт: Дэлхийн жишигт нийцсэн гутал үйлдвэрлэсэн минь Оюу толгой компанитай гэрээ байгуулахад хүргэлээ

Гутлын үйлдвэрийн “Хос-Аз” компани “Оюу толгой” компанийн ажилчдад гурван жил гутал нийлүүлэхээр боллоо.


Үүний хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан гутал үйлдвэрлэж нийлүүлэхээр гурван жилийн хугацаатай, 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг өчигдөр байгуулж гарын үсэг зурав.

Энэ үеэр “Хос-Аз” ХХК-ийн захирал Н.Зоригттой ярилцлаа.

-Оюу толгой компанийн нийт хичнээн ажилчдад гутал нийлүүлж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар гурван мянган ажилчдад гутал нийлүүлж байна. Бид жилдээ 10-20 мянган чанартай гутал хийж нийлүүлэх бүрэн боломжтой. Гэрээнийхээ хүрээнд Оюу толгойн уурхайн ажилчдад жилдээ “S3” олон улсын стандартын 5000 хос гутлыг нийлүүлнэ. S3 чанарын шаардлага нь 7-8 төрлийн стандарттай байдаг. Жишээлбэл, ус нэвтэрдэггүй, хадаас, эсвэл өөр үзүүртэй зүйл дээр гишгэвэл доороос нь хатгахгүй, хөл дээр хамгийн багадаа 20-30 кг-ын хүнд зүйл унахад хөл гэмтэхгүй, 200 жоулын даацтай, 20 кг-ын цохилтыг даах чадвартай.

-Гуталнуудаа ямар материалаар хийдэг вэ?

-Манайх үхэр, хонь, ямааны арьсаар гуталнуудаа хийдэг. Гутлаа бүгдийг нь арьсаар хийх боломжгүй. Яг зориулалтынхаа дагуу толгой, зул, түрий зэрэг хэсэгт нь ямар арьсаар хийвэл тохиромжтой вэ гэдгийг нь харгалзаж хийнэ. Өөрөөр хэлбэл арьсан материалуудаа хольж хийдэг гэсэн үг. Түрий хэсэг нь урагдахгүй учир заавал арьсаар хийхгүй гэх мэт.

-Оюу толгой компанид ямар төрлийн арьсаар хийсэн гутал нийлүүлж байна?

-“Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй “Монголд үйлдвэрлэв”стратегийн хүрээнд зарлагдсан нээлттэй сонгон шалгаруултад оролцож, олон нөхцөл, шалгуурыг давсны үндсэн дээр монгол үхрийн арьсыг ашиглаж, монгол инженерийн ур ухаан шингэсэн хөдөлмөр хамгааллын гутал нийлүүлэх болсондоо баяртай байна.

Манай “Хос-Аз” ХХК уул уурхайн салбар, бага насны хүүхдэд, томчуудад зориулсан малчдад зориулсан гэх мэт олон төрлийн гутал хийдэг. Оюу толгой ХХК үхрийн арьсаар хийсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гутал үйлдвэрлэж нийлүүлж байна. Гуталны хувьд усанд тэсвэртэй. Өөрөөр хэлбэл 2-3 цаг усан дотор явахад ус чийгийг дотогш нэвтрүүлэхгүй гэсэн үг. Гуталны дотор талынх нь материал нь хасах, нэмэх 40 градусыг дотогш нэвтрүүлэхгүй барьдаг. Гутлын дотор талын хатуу ул нь гутлыг хадаас зэрэг үзүүртэй зүйл дээр гишгэхэд хамгаалах болно. Тогийг бүрэн дамжуулахгүй бол маш их хэмжээний эсэргүүцэл үүсээд хүний хөл халдаг. Ямар нэгэн байдлаар тухайн хүн тогтой ус барихад тог газардана. Учир нь энэ гутал уландаа хүртэл гадагшлуулагчтай. Монгол анх удаа тог гадагшлуулагчтай гутал хийлээ. Бид энэ гутлыг гадаадад экспортлоход болохгүй зүйл үгүй. Дэлхийн чанар стандартад нийцсэн гутлыг манайх хийж чадлаа шүү дээ.


-Дэлхийн стандартад нийцсэн сайн чанарын гутлыг хийхийн тулд судалгаа хийсэн байх. Хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Энэ гутлыг хийхийн тулд нэг жил бэлдсэн. Туршилт жил хагас явагдсан. Хүний хөлний размерт тааруулж хийх, зузаан оймс өмсвөл яах бол гэх мэтчилэн туршилтуудаа хийсэн. Хийж байхдаа гуталнуудаа Оюу толгой компанид өгөхөд Шанхай, Герман руу явуулаад долоон стандартыг хангасан байна уу гэдгийг шалгуулсаар шалгалтыг давж бүх стандартад тэнцсэн.

-Хамгийн их ажиллагаагаа шаардсан нь гуталны аль хэсэг байв?

-Тог цохиулдаггүй хэрнээ контиктив болгох газардуулах байсан. Бид гуталны гишгэдэг хэсэг дээр нь шийдэж хийсэн. Үүнийг хийхэд инженер цахилгаанчны ур ухаан хэрэгтэй байсан.

-Та үйлвэрийнхээ талаар ярихгүй юу?

-Би анх 1997 онд цөөхөн хүнтэйгээр гутлын цех байгуулж байсан. 2005 онд өргөтгөл барьж “Хос-Аз” нэртэй гутлын үйлдвэр болгосон. Үүнээс хойш 10 жилийн дараа энэ үйлдвэрээ дахин шинээр байгуулсан. Энэ үйлдвэрийг гуравдагч буюу хагас генераторын үйлдвэр гэж ойлгож болно. Дөрөв дэх гэвэл удирдлагатай, комьютертэй болоод явчихна. Тав дахь гэвэл робот болоод явчихна. Бидний мөрөөдөл бол роботтой болох.

-Хэдэн ажилчинтай вэ?

-Одоогоор 80 хүн ажиллаж байна. Манай үйлдвэр хагас автоматжсан учраас цөөхөн хүн шаардагдаж байна. Хуучнаар гар механикаар хийвэл 200 гаруй ажилчин шаардагдана.

-Нийт хэдэн төрлийн гутал хийж байна?

-Бид “Оюу толгой” гэлтгүй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Таван толгой зэрэг компаниудад гутал үйлдвэрлэж өгөх нөөц бололцоотой. Манай компани зөвхөн Оюу толгой компанид зориулж гутал үйлвэрлээд байгаа юм биш шүү дээ. Монгол эх орондоо Монголын үйлдвэрүүд юм хийж, үйлвэрлэж бүтээж чаддаг гэдгийг харуулж байгаа хэрэг.

Загварын хувьд жилдээ 40-50 төрлийн загвар үйлдвэрлэдэг. Төрлийн хувьд хөдөлмөр хамгаалалтын, нийтийн эрэгтэй, эмэгтэй гутал, цэрэг армийн гутал, даавуун төрлийн гуталнууд хийж байна.

Зарим гуталнуудын нийт материалын 60-70 хувь нь хиймэл материалаар хийгддэг. Харин 30 хувь нь дөнгөж арьсан материал орсон байх жишээтэй. Хүний хөдөлгөөн ихтэй, хөл гишгэх, урагдах хэсэгт нь арьсаар хийдэг. Гутал зөөлөн, уян байх хэрэгтэй.

-Иргэд үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэ ихтэй байна гэж шүүмжилдэг шүү дээ?

-Гэгээнтэнд манай үйлвэрийн хүүхдийн гутлын дэлгүүр байдаг. Энэ дэлгүүр байгуулагдаад гурван жил байна. Борлуулалт сайтай шүү. Монголчууд бид Монголд үйлдвэрлэсэн бол хямдхан байх ёстой гэсэн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Энэ бол Монголын бүхэн хямдхан цалинтай, амьдралын хамгийн доод түвшинд байна гэсэнтэй утга нэг үг шүү дээ. Бид Хятадтай үнээр өрсөлдөх гэдэг буруу, эдийн засгийн бодлого гаргасан учраас улс эх орны үйлдвэр зогсчихоод байна гэж би хардаг юм. Түүнээс биш монголчууд бид хийж чадахгүйдээ биш. Аж үйлдвэрийн салбарыг хаашаа явж байгаа вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд үүнийг яаж өвлүүлэх ёстой вэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Аж үйлдвэрийн салбарыг үнээр удирдаж болдоггүй юм шүү дээ.

Б.ОЮУНЖАРГАЛ