Categories
мэдээ эдийн-засаг

Амарсайхан: Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Хурлын эхэнд “Билл Мелинда Гэйтс” сангийн тэргүүн, хатагтай Мелинда Гэйтсээс ирүүлсэн мэндчилгээг дамжуулж, Оксфортын их сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн эдийн засгийн профессор Стефан Деркон “Технологийн хөгжлийн комиссын танилцуулга, улс орнууд дижиталчлалд хэрхэн бэлэн байх ёстой вэ” сэдвээр, “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн захирал Б.Болор-Эрдэнэ дижитал эдийн засгийн загвар боловсруулах “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн үр дүнг танилцуулж, илтгэл тавьсан юм.

Бага хурал “Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү” хэлэлцүүлгээр үргэлжилж, панелистуудаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Ерөнхий сайдын ажлын албаны эдийн засгийн бодлогын зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ, “Анд Глобал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар, “Ай Си Ти” групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн нар оролцов.


Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зорилго, зорилт болон нийт эдийн засагт дижитал хувьсгалыг хэрхэн холбох боломж, цахим эрин дэх Монгол Улсын бэлэн байдал, цаашид баримтлах стратеги, үндэсний технологийн шийдлүүдийн талаар болон технологийн салбарын олон улсын томоохон оролцогч талуудтай хамтран ажиллах боломжуудыг тодорхойлох зэрэг асуудлаар панелистууд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Улаанбаатар хот цахим шилжилтийн талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар Хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дэлхий нийтэд өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төв болох нийслэл хотын иргэдийн амьдрал, хөгжилд ч зайлшгүй нөлөөлнө. Иргэдийн хүсэл шаардлага хүлээлт ч их байна. Эхний ээлжинд бид гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернетийн үйлчилгээ хүргэж байна. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргасан. Бид гэр хорооллын иргэдийн дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Мөн Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.

Төслийн хүрээнд Аксесс Сольюшинс ХХК болон Оксфортын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын цахим хөгжлийн бэлэн байдлын судалгааг хийж, технологийн хөгжлийг ашиглан эдийн засгийн хөгжлийг хурдасгах стратегийг боловсруулсан байна. Өнөөдрийн хурлын үеэр судалгааны үр дүнг танилцуулж, цаашид баримтлах цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн талаар стратегийг хэлэлцэх, технологийн салбарын хүний нөөц болон боловсролын дижиталчлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

​“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ маргааш эхэлнэ

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм.

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр есдүгээр сарын 20-нд “Баяжуулсан хүнс”, есдүгээр сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”, есдүгээр сарын 22-нд “Мах сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Органик хүнс” өдөрлөгийг тус бүр зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна

БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч “Чингис хаан” хаадын музейг байгуулах тухайд санал нэгтэй дэмжиж байв.

Түүнчлэн соёл, урлагийн салбарт Монгол Улсын Засгийн газраас анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа нь ард иргэдээ соён гэгээрүүлж байгаа хэрэг гэж үзэж буйгаа ахмад эрдэмтэд хэлэв.

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг тус музейд харуулах аж. Үүгээр дамжуулж, Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрлөхтний түүхэнд оюун санааны ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой гэв.

“Чингис хаан” хаадын музейн зургийн төслийг архитектор Д.Балдан хийсэн байна. Төрийн ордны баруун хойно буюу Байгалийн түүхийн музей байрлаж байсан газарт тус музейг шинээр байгуулах бөгөөд энэ байршлыг өөрчлөхгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Гадаад хийц, хэлбэрийг дахин хэлэлцэж, эрдэмтдийн саналыг тусган гэр хэлбэрт оруулах эсэх зэрэг асуудлыг судалж танилцуулахыг зураг төслийн багийнханд үүрэг болгов. Засгийн газраас бүх талаар дэмжиж ажиллана гэв.

Төлөвлөгдсөн 3300 мкв эдэлбэр газрын 2500 мкв талбайд долоон давхар барилгыг төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзлэнэ. Үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна гэв. Эрдэмтэд Монгол Улсын хаадын талаархи эд, өлгийн зүйлс, түүх, ном, судар, олдвор арвин. Иймд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой, хялбар байдлаар хаадынхаа түүхийг хүргэх тал дээр анхаарч ажиллахыг сануулж байв. Мөн музейн барилгыг чанартай, үнэт метал, эрдэнийн чулуу оролцуулах гэх зэргээр хийх саналыг зарим эрдэмтэд гаргасан.

Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа учир үзмэрүүдийг сэргээн засварлах, гадаад улс орнуудад хадгалагдаж буй дахин давтагдашгүй, түүхийн хосгүй үнэт олдворуудын эх хуулбарыг хийх, хувь цуглуулагчдаасаа дэмжлэг авах зэрэг бусад бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ажиллах тал дээр ажлын хэсгийн гишүүд анхаарах нь зүйтэй гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна. Холбоо барих утас: 70116004

Categories
мэдээ нийгэм

Вирус, нянгууд хувьсаж урьд хожид байгаагүй шинэ халдварт өвчин үүсч байна

Дэлхий дээр халдварт өвчний дотор зоонозын халдвар 75-80 хувийг, түүний дотор вируст халдвар 75 хувийг эзэлдэг. Монгол орны мал, араатан амьтад, жигүүртэн, хачиг, шумуул, эгэл биетэн халдварын агууламжтай байгаа нь зоонозын 30 гаруй өвчин гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж вирус, нянгууд хувьсаж, урьд хожид байгаагүй шинэ халдварт өвчин үүсч буй нь салбар бүрийг нягт хамтран ажиллахыг сануулж буй. Иймд нэг улс, нэг салбар дангаараа шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй /Зика, эбола зэрэг вирус/-тэй тэмцэж чадахгүй учир дэлхийн бусад орнууд нийгмийн бүх салбарууд “Нэг эрүүл мэнд” үзэл санаан дор нэгдэж, ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ. Тус үзэл баримтлалаар хийгдэх эрдэм шинжилгээний хурлын үеэр судалгаанд суурилсан шийдвэр гарахад ашиглах, практик үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. “Нэг эрүүл мэнд” ОУ-ын VI симпозиумыг 9 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд хуралд гадаадын 6 орны 25 төлөөлөгч, дотоодын 95 төлөөлөгч оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Уран жолоодлого-2019” тэмцээн зохион байгуулав

“Уран жолоодлого-2019” тэмцээн зохион байгуулав

Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа.

Тэмцээнийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдлагууд хамтран шүүж дүгнэсэн бөгөөд 9 баг, тамирчид оролцсоноос 1-р байрт, Эрдэм транс ХХК-ийн 2-р баг, 2-р байрт Эрдэм транс ХХК-ийн 1-р баг, 3-р байрт ДЮЦ ХХК шалгарлаа. Мөн тус тэмцээний үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны “Салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр нэг, “Хүндэт жуух бичиг”-ээр гурван жолоочийг тус тус шагнав гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс технологийн хувьсгалыг хурдан, үр дүнтэй хийх боломжтой

“Цахим эрин дэх нүүдэлчид” Олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Дэлхий дахинд өнөөдөр технологийн хөгжил эрчимтэй явагдаж, нийгэм, эдийн засгийн ихэнх салбарт нөлөөгөө үзүүлэн аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэгдэх хэмжээнд ирлээ. Улс орнууд мэдээлэл технологийн салбарт илүү анхаарч, эрчимтэй хөгжүүлэн тус хувьсгалд мөр зэрэгцэн урагшлахаар эрмэлзэж байна.

Бүс нутгийн болон хөгжиж буй орнууд дотроос Монгол Улс нь байгалийн нөөц баялаг ихтэй, газарзүйн байршил, насны хувьд харьцангуй залуу хүн ам, суурь боловсролын түвшин өндөр зэрэг суурь үзүүлэлтүүдээр илүү байгаа нь технологийн хувьсгалыг илүү хурдан, илүү үр дүнтэй хийх боломжтойг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газар нь цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хийх чиглэлд анхаарч холбогдох бодлогуудыг баталж хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Засгийн газраас 2017 онд баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025”, 2018 онд баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн.

Цахим засаглал, төрийн дижитал шилжилтийн суурь болох иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, байгууллага хооронд мэдээлэл солилцох “Хур” систем, иргэнийг цахим орчинд таньж үйлчилгээ үзүүлэх боломжийг нээх “Дан” системүүд амжилттай нэвтэрч, бизнесүүд, иргэдэд үр ашгаа өгсөөр байна.

Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлж, “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлууд хийгдэж байна.

Хувийн хэвшлийн байгууллагууд, гарааны бизнесүүд мөн амжилттай ажиллаж, Монголдоо төдийгүй бүс нутгийн орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж байгаа сайхан жишээнүүд олон байна. Дижитал хөгжил, дижиталчлалд суурилсан эдийн засгийн хөгжлийг иргэн бүрт хүртээмжтэй, нийгмийн бүх бүлгүүдэд өгөөжтэй хэлбэрээр хүргэх тухай асуудлыг бид орхигдуулж болохгүй.

Монгол Улсын дижитал хөгжлийн бэлэн байдлыг үнэлэх, бодлогын зөвлөмж гаргах зорилго бүхий “Цахим Эрин дэх Монгол Улс” төсөл Монгол Улсын Засгийн Газар, Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн Газар, “Мелинда Гэйтс” сангийн дэмжлэгтэйгээр Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Технологийн Хөгжлийн Комисс болон Аксесс Сольюшнс ХХК нар хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн судалгааны үр дүнг танилцуулах, улмаар судалгааний үр дүнд суурилан цаашид Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах зөвлөмжийг хэлэлцэхээр тус чуулганд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, боловсролын байгууллагууд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, олон улсын зочид, төлөөлөгчдөд цаг заваа гарган оролцож байгаад талархал илэрхийлье.

Өнөөдрийн чуулганаар та бүхнийг мэдлэг оюунаа дайчлан Монгол Улсын дижитал хөгжлийн стратегид үнэтэй хувь нэмэр болохуйц чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ хэмээн итгэж байна.

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогт: ШЕЗ-ийн тал хувийг шүүгчдээс бүрдүүлдэг байх зохицуулалтыг хийж өгсөн нь зөв. Хэрэгжүүлбэл том дэвшил болно

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсэг болох “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогттой ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж ард нийтийн санал асуулга явуулахаар боллоо. Таны хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд орсон зүйл заалтуудад ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын иргэд аливаа эрх зүйн маргаантай асуудлаа шүүхээр шийдүүлэхэд ямар боломж бололцоо, тогтолцоо байхыг Үндсэн хуулиар зохицуулдаг. Эхнээсээ Шүүх эрх мэдлийн зохицуулалт шүүхийн хараат бус байдлыг хангасан, хариуцлагагүй хүмүүсээс салах зүйл рүү зорьсон Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ойлгож байгаа. Энэ өөрчлөлтийг дэмжихгүй шүүгч, хуульч, иргэн, улстөрч үгүй байх. Шүүхийг институцийнх нь хувьд биеийг нь даалгах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хариуцлагатай ажилладаг, хариуцлага хүлээдэг байх тогтолцоог бий болгохыг зорьж байгаа.

Нөгөө талаас Үндсэн хуульд шүүх эрх мэдлийн хэсэгт өөрчлөлт оруулах шаардлага байсан уу, үгүй юу гэх асуулт гарч ирнэ.

1992 оны Үндсэн хуулийг боловсруулж байхад тухайн үеийн НҮБ-ын хүний эрхийн комиссоос олон улсын шүүх судлалын экспертүүд манайд зөвлөгөө өгч байсан баримт байдаг. Энэ баримтад тухайн үеийн хурлын тэмдэглэл, гадныхны өгсөн зөвлөгөөнд юу, юу хэлж ярьж байсан нь бий. Тэдгээр экспертүүдийн манайд өгч байсан гол зүйл нь ШЕЗ-ийн байгууллага нь шүүхийг улс төрөөс бусад институциэс бие даалгаж ажиллуулах, шүүхийн хараат бус байдалд асуудал үүсвэл хамгаалах үүрэгтэй гэх зөвлөгөө байв. Нарийн яривал ШЕЗ нь хамгаалж тулалдах үүрэгтэй институци. Энэ институциэ хэн байгуулах, яаж байгуулах, хэрхэн хамгаалах, тэр тусмаа хамгаалахын тулд өөрөө хэнээс хараат биш байхыг нарийн тодорхой зааж өгөхгүй бол шүүхийн хараат бус байдалд асуудал үүснэ гэдгийг ч анхааруулж байсан. 1992 оны Үндсэн хуулиар энэ асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалахад оршино. Тэрнээс бусад асуудал нь дараагийн асуудал. Үүнийг зааж өгөөгүйгээс болоод 1992 оноос хойш шүүх өөрөө төрийн бусад институциэс бие дааж үйл ажиллагаа явуулахад хүнд байсан.

-2013 онд шүүхийн шинэчлэл хийгдэж байсан санагдаж байна?

-Зөвхөн 2013 онд шүүхийн шинэчлэл хийгээд өнгөрсөн юм биш. 1992 оноос эхлээд шинэчлэл хийгдэж байсан, шүүхийн шинэчлэл тасралтгүй үргэлжилдэг зүйл. 2013 онд ШЕЗ-ийг харьцангуй бие даалгая гэж байсан. Одоо ч шинэчлэл хийх гэж байна. Эцсийн бүлэгтээ Их хурал дээр дарга нарын набор болгож өөрчлөх гээд, Ерөнхийлөгч түүнийг нь буруу гэж хориг тавьсан атлаа зөрүүлээд ШЕЗ-ийн бүх гишүүнийг Ерөнхийлөгч томилдог болчихсон. Үндсэн хуульд тодорхой зохицуулалт байхгүйгээс ердийн хуулиар Ерөнхийлөгч, парламент хэн байх, ямар байдалтай бүрдэх, ямар зорилготой байна зэргээс хамаараад ШЕЗ-ийг хүссэнээрээ бүрдүүлэх, өөрчлөх боломж байсан. Энэ үйлдэл ч хэд хэдэн удаа давтагдсан. Ихэнхдээ ШЕЗ-ийн асуудал шүүхийг өөрийн удирдах байгууллага болохын хувьд бие даалган ажиллуулах гэхээс илүүтэй түүнийг бүрдүүлж, томилоход нөлөөтэй байх тал руу явсаар ирсэн.

-Шүүхийг хараат бус, бие даасан байх гол зүйлс нь тусгагдсан гэж та харж байна уу?

-Хоёрдугаар хэлэлцүүлгээр шүүх эрх мэдлийн хүрээнд тодорхой заалтууд дэмжигдсэн. Нэгдүгээрт, ШЕЗ-ийг ердийн хуулиар нааш цааш нь болгож савчуулахаас сэргийлж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд ШЕЗ-ийг яаж байгуулахыг зааж өгөхдөө шүүхийн өөрөө удирдах ёсны байгууллага, шүүхийг бусад улс төрийн байгууллагуудаас бие даалгаж, хамгаалах байгууллага учраас шүүгчдийн өөрсдийнх нь оролцоог баталгаажуулж байна. ШЕЗ-ийн бүрэлдэхүүн Ерөнхийлөгчөөс, эсхүл парламентаас томилогдоод байхаар яаж тэднээс шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах юм. Хамгийн гол хамгаалалт бол эдгээр таван шүүгч-гишүүн нь сонгогдсоноороо ШЕЗ-ийн гишүүний эрх нь хэрэгжээд явахад байгаа юм. Ухаан нь сонгогдсоны дараа аль нэг улс төрийн байгууллага, албан тушаалтнаас дахин зөвшөөрөл, батламж, томилгоо шаардлагагүй болох юм. Тэгэхээр тэрхүү мөн чанарыг дор хаяж 50 хувийг нь шүүгчдээс бүрдүүлдэг байх зохицуулалтыг хийж өгч байгаа нь гавьяа гэж харж байгаа.Шүүхийн зөвлөлийг байгуулдаг Евро-модель бий. Энэ нь Европын улсууд шүүхийн зөвлөлийг бүрдүүлэх хэв. Гол зарчим нь ШЕЗ-ийн 50+1 хувь нь шүүгчид байх ёстой. Үлдсэн хэсэг нь мэргэжлийн байгууллагын төлөөллүүд байхыг зөвлөдөг.Өөрөөр хэлбэл ШЕЗ-ийн арван гишүүний үлдсэн нь олон талын төлөөллөөс бүрдэх ёстой. Ерөнхийлөгч, парламент, шүүгчдийн холбоо, Засгийн газар, хуульчдын холбооноос бүрдэх ёстой. Мөн нээлттэй нэр дэвшүүлэх гэсэн зарчим орж ирж байгаа нь авууштай, аль нэг даргын халааснаас нэр гарч ирсэн хүн биш болзол шаардлагыг хангасан хүн бүр нэр дэвших, нээлттэйгээр өрсөлдөн томилогдох боломж нээгдэнэ. Тэрнээс дахиад л тав нь улс төрийн нэг институциэс давамгай байдлаар бүрдэж болохгүй байх үзэл баримтлалаар төсөл өргөн баригдсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд өөрчлөлт оруулахдаа үзэл баримтлалын хувьд хангалттай тодорхойлсон, хэлэлцүүлгийн тэмдэглэл, төслийн тайлбаруудад суулгаад өгчихсөн.

Харин дагаж гарах шүүхийн тухай хууль бол энэ үзэл баримтлалаар л гарах ёстой. Ингэж байж ШЕЗ гэх байгууллага бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангасан өөрчлөлт гарч ирнэ. Бодит байдал дээр Үндсэн хуульд оруулсан заалтыг үзэл баримтлалынх нь хүрээнд шүүхийн хуулиудад зааж өгөх, хамгаалж, хангаж ажиллах хүмүүс томилогдож байж хэрэгжинэ. Хэрвээ энэ зохицуулалт хүчин төгөлдөр болвол Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй энэ байгууллага хэрхэн ажиллах нь шүүгч нараас маш их хамаарна. Зөв хэрэгжүүлээд явбал ШЕЗ-ийн бүрэлдэхүүн хэрхэн зохион байгуулагдахыг зааж өгсөн нь маш том дэвшил авчрах гарц. Хэдийгээр анхны эрдэмтэн судлаачдын санал болгож, боловсруулж байсан төсөл шүүгчийн томилгоотой асуудал бүрэн дүүрэн шийдвэрлэгдэж чадаагүй ч энэ ШЕЗ-ийн хэсэгт ахиц гарна гэж бодож байгаа.

-Шүүх засаглалын бие даасан байдлыг хангах талаар анхны төсөлд шүүхийн хэсгийн зүйл заалтууд нэлээд дэлгэрэнгүй тусгагдсан байсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр нэлээд ерөнхий болж орж ирж байгаа. Хэтэрхий хумигдчихав уу?

-Анх өргөн барихаас өмнө яригдаж байсан төсөл дээр шүүхийн тогтолцооны асуудлыг тодорхой болгоё гэх санал явж байсан. Гэхдээ энэ санал өргөн баригдсан төсөлд тусгагдаагүй. Монгол Улсын шүүхийн тогтолцоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс хатуу хамааралтай байх асуудлыг өөрчилье гэж байсан юм.

Ерөнхийлөгч хэлэлцүүлгийн явцад энэ асуудлаар өөрийнхөө саналыг гаргасан. Энэ саналд шүүхийн тогтолцооны гажуудлыг засъя гэдэг санал гаргасан. Шүүх байгуулах ажил эдийн засаг, хүн амын төвлөрөл, нүүдэл шийдлийн байдлаас хамаараад хүндээ хүрч үйлчлэхүйцээр тухай бүртээ уян хатан шийдэгддэг байх ёстой. Түүнд нь нийцүүлж шүүхийн тогтолцоог тухайн цаг үед нь хэрэг маргааны гаралт зэргээс хамаараад өөрчлөн байгуулах боломжийг хязгаарлачихсан байсан. Энэ нь тогтолцооны гажуудал засагдах боломж руугаа орчихлоо гэсэн үг. Үүний цаана Монгол Улсын иргэн шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд очиход боломжит байдлыг нь хангахад чиглэсэн тогтолцоог бүрдүүлэх үүд нээгдсэн, ийм зохицуулалт юм. Иргэдийн зүгээс шүүхийг хараат бус байхыг хүсч байгаа. Нөгөө талаас ч шүүгчид ч үнэхээр хараат бусаар ажлаа хийхийг хүсч байна.

-Сахилгын хороо гэж байх нь зөв үү?

-Шүүгчид хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо Үндсэн хуулийн түвшинд хуульчлагдлаа. Сахилгын хороо гэх нэршилтэйгээр хоёрдугаар хэлэлцүүлгээр шийдэгдлээ. Парламентын өргөн барьсан төсөл дээр шүүхийн хариуцлагын хороо гэдэг нэртэй байсан. Нэршил л өөр болохоос энэ хоёрын чиг үүрэг яг ижил. Сахилга алдсан шүүгчийн асуудлыг шийддэг тогтолцоо нь ШЕЗ-өөс, шүүхээс харьцангуй бие даан ажиллах төдийгүй, шүүх, шүүгчийн намнах улс төрийн манипуляцын хэрэгслэл болохооргүй байх ёстой. Хэрэв энэ байгууллага дахиад л нэг улс төрийн байгууллага, улстөрч нэг институциэс хараат байвал шүүхийн хараат бус байдал үгүй болно. Энэ сахилгын асуудлаар далимдуулаад шүүх шүүгчийн итгэл үнэмшил, хуулиараа шийдвэр гаргах боломжгүйд хүргэх аюултай байдаг. Ийм байдалд хүргэхгүйн тулд анхны өргөн баригдсан төсөл нь олон талаас бүрдсэн, бүрэлдэхүүн улстөрчдөөс хамааралгүй, мэргэжлийн бүрэлдэхүүн шийддэг байх гэсэн үзэл баримтлалаар өргөн баригдсан учраас энэ үзэл баримтлалын дагуу ердийн хуульдаа суух ёстой юм. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа энэ зохицуулалт ерөнхий байдлаар дэмжигдлээ. Бүрэлдэхүүнийг нь хуулиар зааж өгнө гэсний дагуу нэг улс төрийн байгууллагын дор эсхүл дан шүүгчээс бүрдүүлчихвэл дахиад л хол явахгүй.

Түүнчлэн сахилгын хорооны шийдвэр гарлаа гэхэд сахилгын хорооны шийдвэрийг зохих ёсоор хянуулдаг тогтолцоо байх ёстой. Нэгдүгээр хэлэлцүүлгээр шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг Цэцээр хянуулдаг байхаар заачихсан байсан. Хөндлөнгийн хяналтын зохицуулалт байхгүй бол шүүгчийг хэлмэгдүүлэх, айлгах, хариуцлага гэдгээр далимдуулах тогтолцоо болж хувирахыг үгүйсгэхгүй. Мөн шүүх хараат бус ажиллах нэг үндсэн шалгуур шүүгчийг хугацаагүйгээр томилох гэж үздэг. Шүүгчийн ажлыг эрхлэх тэр эх сурвалж нь мэргэжил, туршлага, ёс зүй гэсэн гурван зүйл байдаг. Энэ гурван заалт алсуураа шүүхийг бие даалгах, шүүгчийг хариуцлагажуулах, иргэдийн шилжилт хөдөлгөөн хэрэг маргааны гаралттай уялдсан шүүхийн тогтолцоотой болоход хүргэх учиртай. Одоо яриад байгаа сахилгын хороо иргэдийн хүсээд байгаа шүүхийг хариуцлагажуулахтай холбоотой Үндсэн хуулийн түвшинд анхаарч үзэж байгаагийн бодит илрэл. Шүүхийг хараат бус, бие даалгаж ажиллуулахтай холбоотой асуудал ШЕЗ-ийн заалтаар зохих хэмжээнд тусгагдсан. Шүүхийн хараат бус бие даасан байдал гэдэг шүүгчийг хамгаалах гээд байгаа зүйл ердөө биш. Шүүхээр хэргийг нь шийдүүлж байгаа иргэн, хуулийн этгээд, бизнес, компаниуд, татвар төлөгчдийг аливаа нөлөөлөлгүйгээр, хэргийг нь шийдэж буй шүүгч нь дарамтад орохгүй асуудлаа шийдүүлэх вакум орчинг л бүрдүүлж өгч байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ.

Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан байна.

Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломжтой болжээ.

Мөн тохижилтийн ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулсан аж.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс одоогоор байнгын урсацтай 35-ыг нь хашиж хамгаалаад байна гэж нийслэл Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдын яамд болон Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол улсын элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар Булангийн орнуудтай худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд онцоллоо. Харин Беларусь Улсад Элчин сайдын яам байгуулснаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх юм. Мөн манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, бараа эргэлтийг сайжруулах, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг тодотголоо.

Манжуур хотод Консулын газар нээснээр Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг иүргэн шуурхай үзүүлэх боломжтой болох юм. Абу Даби, Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрыг тус бүр 3 орон тоотой байхаар төлөвлөж, зардлыг тооцсон бөгөөд Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрын санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгажээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар иймээс УИХ-ын тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, баталж өгөхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.