Categories
мэдээ цаг-үе

М.Саруул-Эрдэнэ: “Өдрийн сонин”-ыхоо уншигчдад АНУ-ын Конгрессын номын сангийн олон сонирхолтой баримт, мэдээллийг хүргэнэ

Манай сонины АНУ дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ Монголд түр хугацаагаар иржээ. Түүнтэй ярилцлаа.


-Монголд хэзээ ирэв. Хаагуур ямар ажлууд амжуулав?

-Наймдугаар сарын 23-ны өдөр Монголдоо ирсэн. Олон ажил амжууллаа. Хэд, хэдэн газар лекц, яриа хийлээ. Эх хэлний өдөр 1000 багш Хүүхдийн ордонд цугласан. Тэнд Төрийн хэлний зөвлөлтэй хамтарч лекц уншлаа. Гадаад хүмүүст монгол хэл заадаг “Содон чимээ” гэж сургууль байдаг. Тэр сургуулийн багш нарт зориулж “Тархины үйл ажиллагаа ба хэл сурах арга барил” гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа. Монгол Услын Боловсролын их сургууль дээр “Хэл заах шинэлэг аргууд” гэсэн цуврал сургалтууд хийж байгаа. Хоёр ном хэвлүүллээ. Нэг нь хуучин л даа. “Сонирхолтой шинжлэх ухаан” гээд. Нөгөөх нь “Эртний Грекийн домог” гээд шинэхэн номоо дөнгөж хэвлэлтээс авлаа. Мөн өнөөдөр (өчигдөр) Америкийн Монгол судлалын төв дээр Америк-Монгол Улсын харилцааны талаар лекц унших гэж байна. Маргааш (өнөөдөр) Далив хутагтын тухай Америк дахь амьдрал байдлынх нь тухай шинээр олдсон янз бүрийн материал, гар бичмэлүүдээр нь Монгол Услын Боловсролын их сургуулийн түүхийн тэнхимтэй хамтран семинар зохион байгуулна. Тэгээд дундуур нь Ховд аймаг руу явж ээжийгээ нутаг үзүүлээд ирлээ.

-Ирэх амралтын өдрүүдээр “Үндэсний номын баяр” болно. Таны ном их эрэлт хэрэгцээтэй байдаг шүү дээ. Та өөрийн биеэр номын баярт оролцож амжих уу?

-Номын баярын хоёр өдрийн нь нэг өдөрт оролцоно. Би 15-ны өдөр АНУ руу явна. Өмнө нь номнуудаа “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн номтой цуг тавиад холоос явуулдаг байсан. Энэ удаад би өөрөө очиж уншигчидтайгаа ойр ярилцаж санал солилцох боломж гарч байгаа. 14-нд номын баяртаа оролцоно. “Өдрийн сонин”-ы асарт сууж байна. Энэ номын баярт нэг шинэ бүтээлтэй оролцохоор төлөвлөөд байна.

-АНУ-д одоо ямар ажил хийж байгаа вэ. Ямар судалгааны ажил дээр ажиллаж байна?

-Би яг одоогоор Америкийн Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтнээр ажиллаж байгаа. Конгрессын номын сангийн сан хөмрөгийг сайн ухаж чадвал Монголтой холбоотой сонирхолтой зүйлсүүд маш их гарахаар байна. Хамгийн гол нь түүнийг хийхэд маш их цаг зав хэрэгтэй. Одоогоор 17-18 дугаар зууны үед гадаадын Монголыг сонирхон зорьж очдог байсан хүмүүсийн тэмдэглэл, Далив хутагтын Америкт байхдаа юу хийж байсан сонин сэтгүүлийн материал, өөрийнх нь гар бичмэлийг судлах санаатай ойрын үед ажиллаж байна.

-Америкт Монголын соёлын өдрүүдийг хийнэ гэсэн. Тэр ажилд та гар бие оролцох уу?

-Монгол соёлын төв гээд арав гаруй хүнтэй идэвхтэй байгууллага байдаг юм. Америкт амьдардаг монголчууд нэгдсэн. Манайхаас олон улсын Монгол судлалын эрдэмтдийн хурлыг санаачлан зохион байгуулаад 14 дэх жилдээ болох гэж байгаа. Энэ хугацаанд нэг ч удаа тасраагүй. Элчин сайдын яамтай хамтран хийдэг. Үйл ажиллагааны маань цар хүрээ улам тэлж, Элчин сайдын яамны байранд хийдэг байсан бол одоо Смиционы хүрээлэнд хийхээр болсон. Америкийн музейн үзмэрүүд амилаад байдаг хөөрхөн кино байдаг даа. Тэр музейн байранд хийхээр болсон. Энэ бол АНУ-ын төрийн ганцхан музей. АНУ-д ерөөсөө төрийн байгууллага гэж байдаггүй. Төрийн хоёрхон байгууллагатай. Нэг нь Конгрессын номын сан, нөгөө нь Смиционы хүрээлэн. Өөр урлаг соёлтой холбоотой төрийн байгууллага гэж байхгүй. Харин манай монгол соёлын өдрүүд ирэх оны хоёрдугаар сард төрийн хоёр байгууллагад хоёуланд нь зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Энэ их том ажил. Үүнийг далимдуулаад хоёрхон өдөр эрдэмтэд эрдэм шинжилгээний хурлаа тавиад өнгөрөх биш гурав дахь өдөр нь Монголын үндэсний урлаг, урлаг соёлын арга хэмжээг Соёл урлагийн их сургуультай хамтраад хийнэ гэж бодож байгаа.

-Цаашид танд “Өдрийн сонин”-ы уншигчдадаа зориулаад сонин содон зүйл хийхээр төлөвсөн ажлууд бий юу?

-Бий бий. Би “Өдрийн сонин”-ыхоо уншигчдад өөрийнхөө хувийн цуглуулгуудаас болон Конгрессын номын сангаас олон сонирхолтой зүйлүүд гарч ирнэ. Тэр болгоныг аль болох цаг алдалгүй орчуулаад, монгол хэл дээр байвал ийм зүйл байдаг юм байна гэдгийг хурдан шуурхай хүргэхээр төлөвлөөд байна. Жишээлбэл, “Өдрийн сонин”-д эртний материал дотроос Д.Нацагдоржийн өмнө нь хэн ч мэдээгүй, уншаагүй байсан зохиол гарч ирсэн тухай хүргэж байсан. Би өөрөө түүнийг Д.Нацагдоржийн зохиол мөн шүү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон. Тийм том зохиолыг саяхныг хүртэл бид мэдээгүй байсан. Гэх мэтчилэнгээр сонин сайхан зүйлүүд ихийг олохыг хичээнэ. Олсон болгоноо “Өдрийн сонин”-ы уншигчдадаа хуваалцахыг хичээнэ.

-Америкийн номын сан Монголын номын санг бодвол арвин их сан хөмрөгтэй байх?

-Орчин үед гарч байгаа монгол номын сан хөмрөгөөр Монголын номын санг гүйцэхгүй л дээ. Яагаад гэвэл манай номын сангууд дэргэд нь байгаа юм чинь. Шинээр гарч байгаа бараг бүх л номыг авч байгаа болохоор. Гэхдээ манай Конгрессын номын сан шинээр гарч байгаа монгол номыг авна аа авна. Нэг зүйлийг зоригтой хэлэхэд Монголд гарч байгаа бүх чухал номыг Конгрессын номын сан авч байгаа. Монгол номоороо хэдий дутуу ч гэсэн Монголын тухай гадаадад гарсан номууд, энд байхгүй их зүйл тэнд байдаг. Тийм учраас монгол судлаач нар тэнд ажиллавал их сонирхолтой.

-Тэр их арвин сан хөмрөгийг ганцхан хүн судалж барна гэж байхгүй л байх даа?

-Тэнд Монголын талаар асар их баримт бий. Мэдээж ганц хүн судалж дуусна гэж байхгүй. Тиймээс монгол судлаач эрдэмтэд, Монголын төрийн бус байгууллагууд, Монголынхоо түүхийг сонирхдог хэн бүхэн манайхтай хамтран ажиллаж болно шүү. Тиймээс надтай “Өдрийн сонин”-оор дамжуулан хамтран ажиллах хүсэлт тавибал хэзээд нээлттэй шүү гэдгийг энэ дашрамд уншигчдадаа хүргэе.


Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бодийн төрөл олж, сайн хүнтэй учирна

Аргын тооллын есдүгээр сарын 18, Буд гариг. Билгийн тооллын 19, шар морь өдөр. Өдрийн наран 06:32 цагт мандан 18:59 цагт жаргана. Энэ өдөр нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд ихэс дээдэст тангараг, амлалт өгөх зэрэгт сайн. Байшин сууц тохижуулах, морь худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бодийн төрөл олж, сайн хүнтэй учирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Итгэл найдвар, боломж-Улаанбаатар 2019” амжилттай зохион байгуулагдлаа

ХХБанк нь олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын тэргүүлэгч MoneyGram үйлчилгээний манлайлагч агентын хувьд Ахиллис Монгол ОУБ-аас зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд тамирчдыг дэмжих, тэдэнд урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгөх зорилготой марафон гүйлтийг ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн бүх нийтийн марафонд 6-н насны ангилалд нийт 1’100 гаруй тамирчид оролцсоноос гадна ХХБанкны хамт олон өргөнөөр оролцож хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин 1 өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүллээ. Үүнээс гадна 16 байгууллагын нийт 200 гаруй сайн дурын ажилтнууд нэгэн зорилгын дор нэгдсэн томоохон сайн үйлсийн ажил болж өндөрлөлөө.

Үйл ажиллагаанаас цугларсан хандив, орлого нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тамирчдыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, тив Дэлхийн олон улсын марафонд оролцох боломж бүрдүүлэхэд зориулагдах юм.

Хөгжил дэвшилд хамтдаа
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХХБанкны сошиалд нэгдээрэй.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран шалгалт хийжээ.

Шалгалтын явцад хичээлийн I дүгээр байр нь 9 дүгээр сарын 16-ны байдлаар хэрэглээний халуун усаар хангагдаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойнд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй. “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-аас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг хангалтгүй/ дутуу/, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрдөгддөггүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн цэцэрлэгийн гал тогоонд хэрэглэгдэж буй ундны уснаас 2 дээж, аяга, таваг, халбага, сэрээ, ажлын ширээ, ажлын хувцас зэргээс нийт 20 ширхэг арчдас, хүнсний бүтээгдэхүүнээс 12 ширхэг сорьц, есдүгээр сарын 13 өдрийн хоолны 8 дээж зэргийг авч НМХГ-ын Төв лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм. Прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтын халдваргүйжүүлж байгаа аж.

Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дах заалтыг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

НМХГ-ын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийгдлээ.

Шалгалтаар 2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үнэслэн торгуулийн арга хэмжээ авч, сургалтын төлбөрийг буцаан олгуулж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоолоо.



Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны академиар зочилж, багш сурагчидтай уулзалт хийлээ.

Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг хамруулжээ.

Эдгээр тэмцээнд хамгийн бага нь 2 настай, хамгийн ахмад нь 73 настай тамирчид оролцож байсан бөгөөд оюуны спортод насны хязгаар байхгүй. Эндээс шалгарсан шилдэг тамирчдаасаа шигшээ багаа бүрдүүлж, олон улсын 54 тэмцээнд оролцсон. Одоогийн байдлаар ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж, нийтдээ 937 медалийг хүртээд байна. Дэлхийн 54 дээд амжилтын 30-ийг манай тамирчид эзэмшиж байгаа талаар тус академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар хэлж байлаа.

Тамирчдын ур чадвар дэлхийд үнэлэгддэг ч тэмцээн уралдаанд явахад санхүүгийн бэрхшээл хамгийн түгээмэл байдаг. Төрөөс энэ тал дээр дэмжлэг үзүүлбэл тамирчид илүү амжилт гаргах боломж бүрэн байгааг ч УИХ-ын даргад уламжиллаа.

Тус академи нь орон нутгийн хүүхэд, багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Сум, багт байгаа хүүхдүүддээ өөрийг хөгжүүлэхэд нь туслах үүднээс гэрээт салбаруудаа долоо аймагт байгуулсан байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудаас хэдийнээ Ази, дэлхийн аваргууд төржээ. Хөвсгөл аймагт салбараа нээгээд 6 сарын дараа улсын аваргын тэмцээнээс 12 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн зэргээс харвал манай улсын хүүхэд залуусын оюуны чадамж өндөр байгааг илтгэж байгаа юм.


Үүнийг зөвхөн спорт гэдэг талаас нь харах биш, сурах арга барил олгох сургалтын нэг хэлбэр гэж үзэх хэрэгтэй. Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж, бүтээлчээр сурах боломжийг бүрдүүлж, юмыг олон талаас нь харах чадварыг оюун ухааны академийн хөтөлбөрөөр олгодог аж. Зөвхөн тоо бодох, хөзөр тогтоох, тоо цээжилж байгаа нь “мөсөн уулын орой” буюу ил харагдаж байгаа хэсэг нь юм. Үүний цаана хүүхдийн оюуны олон суурь чадварууд хөгжиж байдаг. Тухайлбал, анхаарлаа төвлөрүүлэх, сууж сурах, бүтээлчээр сэтгэж суралцах зэргийг дурдаж болно.

Оюуны экспорт хийх урилга саналыг 20 гаруй улсаас ирүүлснээс одоогийн байдлаар гурван улсад амжилттай нэвтрүүлсэн байна. Цаашдаа Монголоос боловсролын экспортыг хийх бололцоо бүрдэж байгааг тус академийнхан хэлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Оюун ухааны чадамжаараа Монгол залуус дэлхийд гайхуулж байна. 13 секундэд 52 хөзрийг дэс дараагаар нь цээжлээд зөв байрлуулж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн хүүхэд байна. Мөн Б.Янжиндулам ой тогтоолтын шинэ амжилтыг тогтоож, 13 хэлээр чөлөөтэй ярьж байна гээд дурдвал олон хүүхдүүд байна. Олон улсын тэмцээнд ой тогтоолтын шинэ арга, технологийг ашиглаад манай хүүхдүүд мундаг сайн оролцож байгаад баяртай байна. Энэ спортыг төрөөс дорвитой дэмжиж байгаа зүйл алга. Гэтэл ОХУ, БНХАУ-аас анхаарал тавиад салбаруудыг нь нээж байна. Дэлхий даяараа үүнийг сургалтын шинэ арга хэлбэр болгон ашиглаж эхэллээ. Энэ бол сургалтын хөтөлбөрт цоо шинэ дэвшил авчирч байна. Ийм учраас газар дээр нь ирж үзэж, судалж, иргэддээ сурталчлах хэрэгтэй байна. Мөн өөрсдийн санаачилгаараа аймаг, орон нутагт салбаруудаа байгуулж байна. Баянхонгор аймагт энэ сарын сүүлээр салбараа нээх юм байна. Хүүхэд, залуус гар утас, компьютерт донтож байгаа энэ цаг үед бид төрөөс дэмжих ёстой. Эцэг эхчүүд, хүүхдүүд өөрсдөө сонирхолтой байх хэрэгтэй байна. Зөвхөн тэмцээнд оролцдог хүүхдүүдийг бэлтгэдэггүй гэдгийг л эцэг эхчүүд, хүүхдүүд ойлгох хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Олон улсын Их мастер Э.Пүрэвжав: Ирэх онд олимпын аварга болох зорилготой байна

– Би оюуны спортоор 2014 оны намраас эхлэн хичээллэсэн. Одоо тав жилдээ хичээллэж байна. Анх аавтайгаа хамт энэ академи дээр ирж байсан. Хичээллэх явцдаа тамирчин болно гэж шийдээд зорилго тавьсан. Энэ хугацаанд улсын аварга, ази, дэлхийн аварга, олимп гээд авч болох бүхий л цол, аваргын шагналыг хүртсэн байна. Ой тогтоолтын арван үндсэн төрөл байдгаас миний хувьд үг цээжлэх төрөлд илүү амжилт гаргасан. Дээд амжилтыг эзэмшиж байсан ч өөрийн улсын тамирчинд алдсан. (инээв) 2020 онд Оюуны олимп болно. Дөрвөн жилдээ нэг удаа болдог энэ олимпоос 2016 онд мөнгөн медаль хүртэж байсан. Ирэх оны олимпоос алтан медаль авах зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна. Одоо үед манай үе тэнгийнхэн тархиа бага ажиллуулж, технологид хэт автах болсон. Зөвхөн энэ спорт гэлтгүй оюунаа хөгжүүлэх, өөрийгөө нээх спортоор хичээллэвэл амжилт гаргах боломж их байгааг хэлмээр байна.

Олон улсын Их мастер Э.Лхагвадулам: Хэт механикаар хүчээр цээжилбэл эргээд амархан мартдаг

– Дөрвөн жилийн өмнөөс энэ спортоор хичээллэсэн. Одоогоор өсвөр насны дэлхийн 18 дээд амжилтын 14-ийг нь эзэмшиж байна. Ямар ч хүн энэ спортоор хичээллээд ой тогтоолтын тамирчин болж болно. Бүхий л мэдээллийг богино хугацаанд цээжлэх боломжтой байдаг. Бусдаас илүү авьяас шаардахгүй. Өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг. Гол нь тууштай бэлтгэл хамгийн чухал байдаг. Бид ерөнхий боловсролын сургуульдаа цээжлэх ёстой зүйлээ хэт механикаар хүчээр цээжлээд эргээд маш амархан мартдаг. Харин ой тогтоолтын аргыг ашиглаад цээжилбэл богино хугацаанд мартахгүйгээр цээжилж сурдаг давуу талтай. Манай шигшээ багийн тамирчид хоёр долоо хоногийн дараа Азийн аваргын тэмцээнд явах гэж байна. Одоогоор тэмцээний бэлтгэлээ базааж байна.

Categories
мэдээ нийгэм

Бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны есдүгээр сарын 17-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байна. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна.

Энэ оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээ хүлээлтээс давж, бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдлаа.

Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн улам гүнзгийрч, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэн, цаашид гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага өндөр байна.

Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцтэй болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна. Иймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.


Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор хүлээн авлаа.

Тус порталд олборлох салбарын засаглал, эрх зүйн зохицуулалт, байгаль орчны менежмент, уурхайн хаалт, уул уурхайн кадастр, тус салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн чиглэлээр цахим санг бүрдүүлсэн.

Мөн стратегийн орлогын менежменттэй холбоотой дотоодын болон олон улсын бодлого, зохицуулалт, сайн туршлага зэрэг 100 гаруй судалгаа, тайлан, сургалтын материал зэргийг агуулсан сургалтын цахим санг бий болгоод байна. Цаашид ч салбарын хүрээнд бий болсон геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн чиглэлийн сургалт, судалгаа, бодлогын баримт бичгүүдээс гадна олборлох салбар дахь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, материалыг мөн давхар агуулж баяжуулах юм.

УУХҮЯ-аас салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамтран олборлох салбарын олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтийн хэрэгцээнд ашиглаж болно. Мөн сургалт, судалгааны материалыг энэхүү порталд нэмж оруулах зэргээр салбарын үйл ажиллагааг дэмжиж, оюутан, судлаач, мэргэжилтнүүдийг хөгжүүлэх боломжийг хамтран бий болгохыг уриалж байна.

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор энэ оны 10 дугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.