Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Бүгд найрамдах холбооны Герман Улсын Штэйн Мюллер инженеринг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Штэйн Мюллер инженеринг компани нь нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах чиглэлээр мэргэшсэн 160 жилийн түүхтэй компани юм байна.

“Герман болон зүүн, төв Европын оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын зуухны шинэчлэлт хийсэн аж. Одоогоор ОХУ-д цахилгаан станцуудын шинэчлэлийг Штэйн Мюллерийн технологи, зөвөлгөө, сургалтад түшиглэн хийх боломжийг судалж байгаа аж. Тус компанийн зүгээс Улаанбаатар хотын удирдлагуудад цахилгаан станцуудын зуух болон уурын зуухнуудыг шинэчлэн утааны хорт байдлыг бууруулахад хамтарч ажиллах, шаардлагатай мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх зорилгоор сургалт зохион байгуулах, Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад өөрсдийн технологийг нэвтрүүлэх саналтай байгаагаа уламжиллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Агаарын бохирдолтой тэмцэхэд энэ төрлийн технологийн дэвшилтэт шийдэл хэрэгтэй байгаа. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллахад нээлттэй. Эцсийн үр дүн хамгийн чухал” гэлээ.

Түүнчлэн талууд цахилгаан станцуудын нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагуудын талаар нээлттэй ярилцав.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх, М.Мэнд-Очир, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, нийслэлийн Төсөл хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав болон Штэйн Мюллер инженеринг компанийн албаны дарга Лутц Брендау, болон Штэйн Мюллер инженеринг компанийн Оросын Холбооны Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Петер Крэемер нар байлцав.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар медалийн төлөө өрсөлдөнө

Оросын холбооны улсын Екатеринбург хотноо эрэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний гуравдугаар тойрог өндөрлөлөө.

Тэмцээний 57 кг-д Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, ОУХМ Э.Цэндбаатар Унгарын боксчин Роланд Гарошийг 5:0-ээр илүүрхэн ялж, шилдэг наймд багтав. Тэрбээр өнөөдөр Ирландын боксчин, энэ оны Европийн аварга Курт Уолкерийг ялвал медалийн болзол хангах юм.

63 кг-д ОУХМ Б.Чинзориг гуравдугаар тойрогт Энэтхэгийн Маниш Каушикт, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү Иорданы Зеяд Еашахт тус бүр 0:5-аар ялагдан үзэгчдийн суудал руу шилжив.

Энэ удаагийн ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрх олгохгүй бөгөөд манай улсаас долоон боксчин тус ДАШТ-д оролцсон юм. Тэднээс эхний даваанд 52 кг-ийн Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновт 2:3-аар, 75 кг-ийн Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновт 0:5-ээр, 81 кг-ийн Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт 0:5-аар, -91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Чинбат МҮБХ-ны тамга тэмдгийг гардуулан өглөө

Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаанд цэг тавьсан талаараа “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан өчигдөр мэдэгдлээ.

Тэрбээр яруу найрагч Ү.Хүрэлбаатарын хамт өмнө нь Р.Нямдорж, Д.Данзан нарын тэргүүлж байсан буюу өдгөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдаж буй холбоог хууль бус хэмээн үзэж, үндсэндээ Бөхийн холбоо хоёр хуваагдсан байдалтай байсан билээ. Тэгвэл “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өчигдөр Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг барьж, тамгыг гардуулан, дараах мэдэгдлийг хийлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ. Үүнд цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах заалтыг оруулсан байна.

Мөн бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тодруулбал, нөхөн сэргээх болон хууль, журам зөрчсөн бичил уурхайнуудыг цуцлах, хууль бусаар олборлолт хийж байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж ахуй нэгжид эрүү үүсгэх гэх мэт хариуцлагын асуудлыг орон нутаг, төрийн бүх шатанд чандлан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

“Эв нэгдэл дуатлон УАШТ”-ий бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ

Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор “Эв нэгдэл дуатлон УАШТ”-нийг 2019 оны 9 дүгээр сарын 21-нд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд гадаад, дотоодын болон тусгай олимпийн тамирчид оролцох боломжтой. Оролцогчдын цахим мэдүүлгийг 2019.09.19-ний өдрийн 15.00 цаг хүртэл авах бөгөөд техникийн зөвлөгөөн 2019.09.20-ны өдрийн 18.30 цагт Монголын Үндэсний олимпын хорооны 4 дүгээр давхрын хурлын танхимд зохион байгуулагдах аж. Энэхүү зөвлөгөөний үеэр гар бүртгэл хийгдэнэ. Тэмцээний өдөр шинээр оролцох тамирчдыг бүртгэх боломжгүй юм байна.

“Эв нэгдэл дуатлон УАШТ” “Элит”, “Сонирхогч”, “Мини дуатлон”, “Багийн буухиа”, “Тусгай олимп” гэсэн таван төрлөөр зохиогдоно. Элит ангиллын оролцогчид засмал замын, бусад ангиллын оролцогчид бартаат замын дугуйгаар тэмцээнд оролцох юм.

Тэмцээний бүртгэлийн хугацаа: 2019 оны 9-р сарын 19-ний өдрийг хүртэл цахимаар бүртгэнэ.

Бүртгэлийн хураамж: Багийн буухиа 30,000 төгрөг, том хүн 20,000 төгрөг хүүхэд 10,000 төгрөг

хүлээн авагч банк: Голомт Банк

хүлээн авах данс: 2015117808 ТӨГ

хүлээн авагчийн нэр: ТӨМӨРХҮН ТРИАТЛОНЫ КЛУБ НҮТББ

гүйлгээний утга: овог нэр, РД /заавал бичих/

БҮРТГЭЛ: 2019 оны 9-р сарын 19-нийг хүртэл зөвхөн цахимаар бүртгэл хийгдэх ба дараах холбоосоор ЭНД дарж бүртгүүлнэ үү

Тэмцээн эхлэх хугацаа: 2019 оны 9-р сарын 21-ний бямба гарагийн 08:00 цагт

Байршил: Баянзүрх дүүрэг, Дүнжингарав төв зам дээр

Тэмцээн дуусах хугацаа: 2019 оны 9-р сарын 21-ний хагасайн өдрийн 17:00 цагт;

Тэмцээнийг олон улсын триатлоны холбооны дүрмийн дагуу Дуатлоны төрлөөр явагдана. Монголын триатлоны холбооноос томилогдсон шүүгч нар удирдан зохион байгуулах юм байна. Шагнал урамшууллын тухайд ангилал тус бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана. Зайгаа амжилттай дуусгасан бүх оролцогч нарт Finisher медалиар шагнана.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Жалгас Адылбаев Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа тэмдэглээд, Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийллээ.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргах эрмэлзлээ илэрхийлээд, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлэхэд түлхүү анхаарч ажиллахыг захив.

Мөн үеэр талууд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе!

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Саяхи сонгуулийн явдал Ардчилсан нам нэгмөсөн алга болж, түүхийн дурсгалын дэвтэрт мөнхжин хоцорсныг баталлаа. Энэ намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон Энхсайхан нь зөвхөн бие даагчийн хэмжээнд үзэлцэв. Сонгуулийн компани эхлэхээс зургаан сарын өмнө олон нийтийн өмнө шившгийг нь дуудаж дүүжилчихсэн хүнээ намын их хурлаөр бараг л 100 хувийн саналаар тодруулах нь тэр. Дараа нь нөгөө зуун хувьтнаа унагах хөдөлгөөн намын бүх аппарат, давхаргад өрнөлөө.

Бараг арван хуруунд багтах цөөн хүн бүхий сонгуулийн штаб хэрээрээ зүтгэсэн боловч Ардчилсан намын нэр нүүр болсон олон эрхтэн дархтанууд нэр дэвшигчээ зүйл бүрээр хорлож байв. Сонгуулийн тактик сайн, бодож боловсруулсан зүйл байсан авч өөрийн зүгээс дэмжлэггүйгээр барахгүй гутаагдаж алиа алдаж байлаа. Өөрийн нам руу буюу намын нэр дэвшигч рүү хандсан дайралтыг зохион байгуулагч, шууд илэрхийлэгч нар нь намаа төлөөлж төрийн өндөрлөгт очигсод байсан. Засгийн газар дуугарвал нэг санаатай, дугтарвал нэг хүчтэй нэгдсэн баг гэдгээ саяхи сонгуулиар тод харууллаа. Ардчилсан нам нэр дэвшигчдээ ганц ч төргөг өгөөгүй гээд бод доо. Намын бүх шатны нэгжид хандсан “намаа задалсан Энхсайханыг сонгох гэж байгаа юм уу!” гэсэн философилог асуулт-мэссэж чухам Засгийн газрын гэсэн хаягаар шуурхай тарж байсан ба гардагч нь намын удирдлага байв. Сонгуулийн хороо илэрхий булхай хийж байхад чухам Ардчилсан намыг төлөөлж парламентад суугсад хэн хэнээс илүү луйварчдыг өмгөөлж байв.

Монголын өрх болгонд хүрэлцэхүйц хэвлэсэн нугалбар суртчилгааны арван хувь нь эзэндээ хүрч чадсангүй. Үүнийг бөөнөөр нь өрсөлдөгч намынхандаа худалдах, хав дарах, устгаж шатаах явдал Ардчилсан намын анхан шатны байгууллагуудад түгээмэл өрнөсөн. Үүнээс гадна үл оролцох, үнсэн дээр шалз болгон хаях хөдөлгөөн өрнөж, дэмжигчдийг сонгуульд оруулахгүй ажиллагаа явуулсан нь амжилттай боллоо. Хүн амын 30 гаруй хувь нь сонгуульд оролцоогүй дүн бол энэ ажиллагааны үр дүн.

Өдгөө талийгч болчихоод байгаа Ардчилсан нам бол 1990 онд шинээр байгуулагдсан Ардчилсан хүчин гэсэн ерөнхий нэртэй парламентад суудал авсан гурван намын цогцолбор юм. Ийнхүү Ардчилсан нам шинэ Монголын түүхэнд өөрийн гялалзсан сайхан үүргээ биелүүлээд, өдгөө нэгэнт түүхийн дурсамж болон хоцорлоо. Алив улс төрийн намын эцсийн зорилго нь сонгууль байдаг, энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй бол түүнийг их бодож л сонирхогчдын клуб, олон нийтийн байгууллага, бүлэглэл, сайн дурынхан гэх мэтээр нэрлэнэ. Чухам л энэ утгаар Ардчилсан нам улс төрийн байгууллага биш болжээ.

Нам бол масс гэсэн Лениний томьёоллыг баримжаа болгон нээлттэй нийгэмд энэ онолыг хадгалж үлдэх гэсээр яваад байгалийн жамаар Ардчилсан нам аяндаа устаж байна. Ийм утгаар авч үзэх юм бол МАХН ч олон жилийн насгүй. Ардчилсан нам устан алга болж улс төрийн системийн хямрал үүсгэж байгаа нь жам ёсны процесс болохоос эмгэнэл биш юм. Чухам энэ хямрал нээлттэй нийгэмд улс төрийн нам хэрхэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг олон улсын шалгарсан жишгийн системийг Монголд буй болгох бололцоог нээж буй байж болох. “Жаран хоёрын бүлэг”, ”Эвслийн Засгийн газар” гэх мэт нүдэн дээр болж буй процессууд нь хэсэг бүлэг хүн үзэл бодлоосоо урваж шарвасан явдал гэхээсээ одоо үйлчилж буй улс төрийн намын тогтоц өөрөө амьдралтай авцалдахгүй байгаагийн гадаад илрэл.

Ийнхүү Монголд Улс төрийн хүчний шинэ хуваарилалт тулгарч байна. Энэ нь хийгдэх ёстой, үүнийг хийхгүйгээр цааш удаан тэсэх гэж оролдвол харин хямрал нь эмгэнэл болон хувирч болох юм. Коммунист үзэл суртлын дараахь нийгмийн шинэ үнэлэмж бүрэлдэн тогтох төдийгүй, төлөөлөл, шийдвэр гаргагчдын нас, ертөнцийг үзэх үзэл, ерөнхий ойлголт нэгэнт жигдэрчээ. Гэтэл өнөөгийн улс төрийн намын тогтоц нь нийгэмд авлига хээл хахууль, гэмт хэрэг, хулгай шамшигдуулал, хариуцлагагүй явдлын “хууль бусаар” оршин тогтнох шимтэй хөрс болсоор байна. Нийгмийн ямар ч байгууламж бүхий оронд, ерөөс хүний нийгэмд гэмт хэрэг гэж үзэгддэг, тэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ял шийтгэл хүлээдэг хүнд гэмт хэргүүд чухамхүү өнөөгийн улс төрийн намын системээр өмгөөлөгдөн харин ч гавьяа зүтгэл мэтээр үнэлэгдэх болжээ. Нийгмийн үнэлэмжийг ингэж хөлөөр нь толгой хийвэл тэр нийгэм улам ядуурч, “хүний” гэсэн дүрмээс холдон “ширэнгийн” гэсэн тодотгол руу ойртоно. Сөнөдөггүй юм гэхэд өндийхгүй.

Ард түмний итгэл үнэмшлээр төрийг удирдах бүлэглэл, тэдэнд хяналт тавих хүчтэй сөрөг хүчний бүлэглэл ямар ч тохиолдолд зайлшгүй хэрэгтэй. Монголд болж буй улс төрийн намын тогтолцооны хямрал нь энэхүү зайлшгүй байх ёстой хоёр орон зайг аль алиныг нь онгойлгож өгч байна. Ардчилсан нам сайн нам байсан, шинэ Монголын түүхэнд, Монголын ард түмний өмнө үнэлж баршгүй гавьяа байгуулсан. Гэвч энэ нам өдгөө байхгүй болж, орон зай нь хоосон үлдлээ.

“Хаан нас барлаа, хаан мандтугай” гэсэн ухаалаг франц үг байдаг. Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг нь хорвоогийн дийлдэшгүй хууль! Ардчилсан нам жамаараа нас барлаа… одоо хэнд “мандтугай” гэсэн ерөөл талбих вэ?!

2005-5-29

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорин хоёр жилийн дараахь уулзалт

Гэр бүлээрээ

Хорин хоёр жилийн өмнө Монгол нутагт хөл тавьж байсан энэ эрийг Алекс Декоте гэдэг. Швейцарийн иргэн, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр Монголын нүүдэлчдийн амьдралыг үзэж сонирхохоор ирсэн байна. Монголд өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан нутгийн найз нь түүнийг “тал нутгийн гайхамшгийг үз” хэмээн ятгажээ. Тэд Монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт очиж, малчин айлд зочилжээ. Цагаан сарын үеэр ирж таарсан болохоор үзэж харах ч зүйл их байсан бололтой. Энэ үеэрээ Алекс талын нүүдэлчдийн тухай, хөдөөгийн малчин айлын өдөр тутмын амьдралыг харуулсан богино хэмжээний бичлэг хийж авчээ. Нутагтаа очоод өнөө бичлэгээ youtube-д оруулснаас хойш өнөө айлтайгаа холбоо барьж чадсангүй. Тухайн үед айл болгонд гар утас, интернэт гэж ч байсангүй. Ингээд л холбоо тасарчээ.

22 жилийн дараахь уулзалт

Алекс бол 50 жил дэлхийн улс орнуудаар хэрэн хэссэн хүн. Очсон орны тоо нь 80 гарчээ. Сэтгүүлчийн хувиар телевиз, радиод ажиллаж, 10 гаруй ном туурвисан аж.

Цаг хугацаа урсан одож, нэг л мэдэхэд 22 жил өнгөрчээ. Алекс ч 75 нас хүрэв. Нэг өдөр youtube дэх монгол ахуйг харуулсан бичлэгийн дор холбоо барихыг хүссэн нэгэн зурвас ирсэн байсан бөгөөд и-мэйл хаягаа үлдээсэн байв. Тэр хаяг руу захидал бичиж, өөрийгөө танилцуулан, холбоо барих хаягаа ч үлдээлээ. Удалгүй түүний хаягаар огт танихгүй хаягнаас захидал ирсэн байв. Захидлыг нээтэл, бурхан минь… Аль тэртээ зүүдний юм шиг холоос түүнд хаяглан захидал иржээ. Улаа бутарсан хацартай бяцхан хүү хээв нэг морь унан хурдалж, адуугаа эргүүлж буй тэр дүр төрх. Хөр цасан дөнгөж ханзарсан жаварт өглөө тэр холоос өлгийтэй хүүхдээ өвөртлөн ирж настнууддаа золгож буй морьтон залуус. Тал нутгийн соньхон амьдрал шууд л нүдэнд нь буугаад ирэв шүү.


Мартин

Захидлыг яаран нээж үзвэл, 22 жилийн өмнө зочилж байсан монгол айлаас түүний амрыг эрэн мэндчилсэн байв. Айлын хүүхдүүд өсч том болоод, түүний youtube-д байршуулсан өөрсдийнхөө бичлэгийг олж үзсэн тухайгаа бичээд, боломжтой бол эх бичлэгийг нь шуудангаар илгээхийг хичээнгүйлэн хүсчээ. “Аль 22 жилийн өмнөх явдал шүү дээ. Яг л зүүд шиг санагдсан. Хэзээ ч бүтэхгүй, биелэхгүй зүйл шиг санагдаж байсан тэр зүйл бүтэх шиг, зүүд бодит болж байгаа мэт санагдсан шүү” хэмээн Алекс сэтгэл догдлон ярьж байлаа. Тэгээд өнөө бичлэгийг шуудангаар биш, өөрөө биечлэн аваачиж өгөхөөр сэтгэл шулуудан, бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Түүнд монгол хэлтэй орчуулагч хэрэгтэй учраас Мартин хэмээх бүсгүй рүү залгаж “хамт Монгол явах боломжтой юу” гэж асуухад өнөөх нь шуудхан зөвшөөрчээ. Хоёр нялх хүүхдээ нөхөртөө даатгаад, ажлаасаа чөлөө аван Монголыг зорьсон энэ швейцарь бүсгүй бол өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирсэн, зан заншил ахуй соёлыг нь боломжийн мэддэг, монгол хэлээр ус цас шиг ярьдаг нэгэн юм. Зөвхөн монгол хэл бус дэлхийн 10 гаруй орны хэлээр чөлөөтэй ярьдаг ховорхон авьяастай энэ бүсгүй монгол нутаг, монгол хүмүүст сэтгэл зүрхнээсээ хайртай. Мөн л Монголд ирэлгүй 12 жил болсон хүн. Энэ хоёрт хоёуланд нь Монгол руу явах нууцхан хүсэл дараатай явсан нь ийн биелж, өдгөө ирээд байгаа нь энэ юм.

Алекс, Мартин хоёр Монголд ирсэнийхээ маргааш шууд л Сэргэлэн суманд байх танилынх руугаа давхижээ. Цаг хугацаа урсан өнгөрсний гэрч Алексийн өтөл царайнд шингээ юу гэлтэй. 20 гаруй жилийн өмнө түүнд цангинатал дуулж өгч байсан Болдоо хүү хэдийнэ өрх тусгаарлаж, амьдрал нь тэгширчээ. Хүүхдүүд том болж, ихэнх нь хот суурин газар амьдарч байгаа аж. Хөдөө машин тэрэг, гар утас, гэрэл цахилгаантай ч болж. Хөгжлийн хэрээр ахуй амьдралд нь өөрчлөлт гарсан ч нүүдэлчний соёл, тал нутгийнхны сайхан сэтгэл яг хэвээрээ байна. “Би арай эрт ирэх ёстой байж. 22 жилийн өмнө намайг ирэхэд ид гялалзаж явсан хүүгийн ээж өнгөрсөн хавар бурхны орныг зорьсонд үнэхээр харамсаж байна” хэмээн швейцарь эр нүдэндээ нулимстай өгүүлж сууна. “Монголчууд их гэр бүлсэг улс. Аав, ээж, ах дүү биенээ гэх элгэн халуун сэтгэлтэй. Би дэлхийн 80 гаруй улсад ажлаар болон аяллаар очсон байна. Тэгж явахад зарим улс орон, хүмүүс өмнө нь уулзаж учирч байсан ч юм шиг хачин дотно санагддаг. Монгол орон, монгол хүмүүс надад яг тийм дотно санагддаг. Тиймээс ч би өөрөө энэ бичлэгийг хүргэж ирсэн юм. Би нас өндөр хүн. Магадгүй, би дахиж ирж чадахгүй байх” хэмээн Алекс ярьж байна. Тэрээр Сэргэлэн суманд Болдоогийнд очоод буцахдаа сэтгэл нь ихэд хөдөлж, нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Болдоогийнхон ч уйлцгааж. Ирж буцах хорвоогийн урсгалд дахин уулзах болзоо тавьж салцгаасан ч, хожмоо инээлдэн учрах тавилан буйг хэн ч мэдэхгүй буй за.

Хорин хоёр жилийн өмнө хийсэн тэрхүү бичлэгийг үзэхийг хүсвэл youtube-ээс Mongolie: un hiver sous la yourte гэсэн нэрээр хайж болно.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Шударга иргэдийн нэгдсэн эвлэл буюу ШИНЭ нам Улсын дээд шүүхэд бүртгэгдлээ, баяр хүргэе…

-Баярлалаа. Бид зургадугаар сард анхдугаар хурлаа хийж байлаа. Үүнээс хойш гурван сарын дараа Улсын дээд шүүхийн албан ёсны шийдвэрээ гаргаж, манай эвсэл нам болж байна. Бидэнтэй нэгдсэн 68 мянган гишүүд, ард иргэд маань бүгд баярлаж байгаа байх. Одооноос эхэлж бидний хийж хэрэгжүүлж, байгаа маш олон ажлууд албан ёсны болно. Мөн ШИНЭ нам тамга тэмдэгтэй байгууллага болсноороо хийж, хэрэгжүүлэх ажлууд маань цоо шинэ шатанд гарах нөхцөлийг бүрдүүлнэ байх.

-Танай нам хичнээн гишүүнтэй вэ?

-Хуулиараа нам байгуулахад албан ёсны гишүүдийн тоог зааж өгсөн байдаг. Тэр хуулийн хэмжээнд нь манай их хурлын төлөөлөгчид, идэвхтэй гишүүдээ элсүүлж, хуулийн шаардлагаа хангаж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Яг манай Шударга иргэдийн нэгдсэн эвлэлийг дэмжиж гарын үсгээ зурж, регистрийн дугаараа бичиж бүртгүүлсэн албан ёсны дэмжигчдийн тоо нийтдээ 70 орчим мянган иргэн бий. Шинэ Үндсэн хууль батлагдах юм бол өнөөдөр дор хаяж 20 гаруй мянган иргэд эвлэлдэн нэгдэж улс төрийн намыг үүсгэн байгуулахаар болсон. Тиймээс шинэ Үндсэн хууль батлагдахад нам байгуулах гишүүний тоог бүрдүүлэх хуулийн шаардлагыг биелүүлчихсэн гэхэд болно.

-Ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ-ын чуулганаар дэмжлээ. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Бидний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр эсрэг байр суурьтай байсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд бид энэ нэмэлт, өөрчлөлтийг сайжруулах зорилготой явж байлаа. Тиймээс саналуудаа төсөлд өгсөн. Бидний олон ч санал төсөлд тусч, энэ өөрчлөлтийн төсөл сайжирсан. Ард иргэдийн санал, бодлын эсрэг гарах гэж байсан олон асуудлуудыг бид болиулж чадсан. Тиймээс бид үүнийг дэмжиж байгаа.

-Та бүхэн Стратегийн орд газрын үр өгөөжийн дийлэнх хувь нь ард түмэнд ногдох заалтыг өөрчлөлтийн төсөлд орууллаа шүү дээ…

-Энэ заалт дээр эцсийн мөч хүртэл бид тэмцэж, аргагүйн эрхэнд томьёоллоо оруулсан. Бидний таван гишүүн хуралдаж, бусад гишүүдээ уриалаад, нийт хорин гишүүн болж, нөгөө талтайгаа нэлээд өргөн хүрээтэй яриа хэлэлцээр хийсний үр дүнд боломжийн томьёоллыг оруулж, санал нэгдсэн. Баялгаа авахын төлөө хийсэн энэ томьёолол түүхэнд үлдэх зөв өөрчлөлт болж чадсан юм. Стратегийн энэ том ордуудын үр өгөөжийг цөөхөн гэр бүлд биш нийт ард иргэдэд хүртээх энэ заалт бидний өнгөрсөн өвөлжингөө ард түмэнтэйгээ хамт тэмцсэний гол зорилго байсан шүү дээ. Энэ зорилго маань биелэхэд нэг шат ойртлоо. Гэхдээ бид хэрэгжүүлэхдээ дагаж гарах хуулиараа л гуйвуулчихдаг шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд бүх асуудлыг зөв зохицуулсан байдаг. Даанч Үндсэн хуулиа зөрчиж, мөрдөөгүй олон салбар хууль болон органик хуулиудаараа асуудлыг гажуудуулдаг. Бидний дараагийн гол тэмцэл бол энэ баялгийг ард түмэнд хүртээх асуудлыг гажуудуулахгүй байлгахад анхаарч, сонор сэрэмжтэй байх юм. Шинэ Үндсэн хууль батлагдвал үүнээс хойш гарах гэрээ хэлэлцээр, стратегийн орд газартай холбоотой хуулиуд стратегийн орд газрын үр өгөөжийн 50+1 хувь ард иргэдэд ногдох энэ зохицуулалтаар явна.

-Энэ намар УИХ-ын ээлжит бус сонгууль болох нь гэх яриа гарч эхэллээ. Та бүхэн үүнийг дэмжиж байна уу?

-Эхлээд юу ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө бэлэн болгоё. Ард нийтийн санал асуулгаа явуулъя л даа. Үүний дараа манай бүлэг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр судалгаа хийж байгаа. Монголын өнөөдрийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг бүх талаас нь дүгнэж баялагтаа эзэн болох тэр цаг үеийг яаж ойртуулах вэ гэдгийг ярина. Тиймээс энэ их хурал хийж чадах уу, бололцоо бий юу, ёс суртахуун, хүсэл эрмэлзэл байна уу гэдэг дээр манай бүлэг дүгнэлт хийнэ гэсэн үг. Энэ бүх шийдвэрийг шинэ их хурал бүрэлдэж байж гаргах ёстой байж магадгүй. Харин тэгэхдээ ээлжит сонгууль явагдсаны дараа хийх юм уу, эсвэл сонгууль хүртэл хүлээх хугацаа Монголын ард түмэнд байхгүй гэж үзэж байна уу гэдэг л асуулт байна. Бид бүхий л үед нэг зүйл дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөр ард түмэн юу хүсч байна. Ард түмний шийдвэр юу байна гэдэг л чухал. Тэрнээс энд бид ухаантай царайлж, хуйвалдаж, зөвлөлдөж хийж байгаа асуудалдаа цэг тавих ёстой. Монголын ард түмэн байнгын ажиллагаатай парламентаараа дамжуулж, төрийн эрхийг барьж байна. Ард иргэд төрийн эрхийг барихын тулд л гишүүд байгаа. Чуулган дуусаад бүх тойргоороо гишүүд ажиллах байх. Тэр үеэрээ ард түмнээсээ бүгд захиа даалгавар авах хэрэгтэй. Ард түмэн ээлжит бус сонгуулийг хийе гэдэг шийдвэр гаргаж ч болно шүү дээ. Одоо бол бүх юм нээлттэй. Эндээс эхлээд иймэрхүү чухал асуудлыг ард түмнээрээ шийдүүлдэг үе шат руу орж байна гэж би харж байгаа.

-Ард нийтийн санал асуулга анх удаагаа болох гэж байна. Хуулиндаа хэрхэн явуулахаар заасан байдаг юм бэ?

-1990 оноос хойш анх удаагаа болох гэж байна. Үндсэн хуулийг батлах үйл явцад авууштай зүйл болж байна. Нөгөөх 2000 оны хулгайгаар Үндсэн хуульд орсон дордуулсан долоон өөрчлөлт байна. Тэр сайн, зөв зүйтэй шийдэгдсэн байж болно. Гэхдээ энэ өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан хуйвалдааны арга нь буруу. Үнэндээ хэдэн гишүүн ганц санал хураагаад л хийчихсэн шүү дээ. Үндсэн хуульд ингэж өөрчлөлт оруулдаггүй юм аа. Япон, АНУ гээд гадны улсуудыг хар. Хэдэн арван жилээр маргалдаж, мэтгэлцэж байж нэг л өөрчлөлтийг эх хуульдаа хийж байна шүү дээ. 2000 оны тэр үйл явдал бол үндсэн хуулиа нухчин дарсан, халдлагад өртүүлсэн өөрчлөлт болсон. Энэ бүх бидний зовлонгийн эх үүсвэр тэр дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон шүү дээ. Энэ удаагийн өөрчлөлт үнэхээр парламентаар бодитой хэлэлцүүлэг явж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад ашиглагддаг хууль нь ажиллалаа. Ерөнхийлөгчийн ахалсан ажлын хэсэг нь гарлаа. Тэгээд бүр ард түмнийхээ ч саналыг сонссон. Энэ бол Үндсэн хуулийг батлах хамгийн зөв дэс дараалал. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжсэн ч, дэмжээгүй ч Үндсэн хуульд халдах гэж байгаа бол үүнээс өөр зам байхгүй гэдгийг мэдрүүлж өглөө.

-Ард нийтийн санал асуулгыг явуулах төсвийг бүрдүүлэхдээ улсын төсвийг танах талаар бас яригдаад байх шиг байна. Түүнчлэн энэ төсвийн мөнгийг идэх гэж байна уу гэх хардлага ч газар авч байна…

-29 тэрбум төгрөг төсөвлөнө гэсэн байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо бол 15 тэрбумаар оруулсан гэж хэлсэн. Яагаад зардлыг хоёр дахин нэмсэн юм гэдгийг хянах нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр Монголын ард түмэн Стратегийн орд газрыг ард түмний мэдэлд өгөх санал асуулгад 10-20 тэрбум төгрөг зарцуулах нь наад захын асуудал. Үүнд би харамсахгүй байгаа.

-Өнгөрсөн лхагва гаригийн чуулганаар “Стратегийн орд” гэх нэршил дээр нэлээд мэтгэлцээн болох шиг боллоо. Ер нь ингэж явах нь хэр зөв юм бэ?

-Манайхан муйхарлаад л байна. Монгол Улсын Үндсэн хуульд гадаад үг оруулчихлаа гээд л бухимдаад байна. Яахаараа стратеги гэдэг үг гадаад үг байдаг юм. Ер нь бүхий л дэлхийн хэл чинь бие биенээ баяжуулж ирсэн шүү дээ. Тиймээс уянгалаг сайхан монгол хэлээ бид баяжуулах ёстой. Бас хамгаалах ёстой. Тэгэхдээ бидний хэлж байгаа зүйлийг гадаад хэлэн дээр шууд ойлгодог байвал зүгээр. Ялангуяа баялагтай холбоотой зүйлийг. Стратеги гэдэг үгийн оронд бид өөр онцгой сайхан үг зохиогоод оруулахаар гадаад хэлэнд тэр үг чинь буухгүй байна. Гадныхан ойлгохгүй байна. Тиймээс бид баялгаа хамгаалж чадахгүй байгаа биз. Монголд байгаа энэ хуулийн нэр томьёог хэрэглэх нь буруу зүйл биш. Энэ үгийг ашигласнаараа харин ч гарах гарцгүй болгож байна. Стратеги бол хуульдаа байгаа, олон улсын түвшинд хөрвөж буух үг.

-Ерөнхийлөгч албан бичиг хүргүүллээ. Өөрийн бүх төсөл, саналыг татаж, Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрээ асууна гэж ярьж байна. Энд ямар байр суурьтай байна вэ?

-Эцсийн эцэст шийдвэр парламентаас гарна шүү дээ. Парламенттайгаа ярилцаад үзэх хэрэгтэй. Гэтэл шууд л Ерөнхийлөгчийн засаглал гэж хэтрүүлээд, гуйвуулаад явчихаж байгаа үйлдлийг нь хараад би гайхаж байна. Тийм бололцоо угаасаа байхгүй. Монголд бүх эрх мэдлийг Үндсэн хуулиар парламентад өгчихсөн байгаа. Гэтэл парламент нь эрх мэдлээсээ татгалзаж, Монголын ард түмэн парламентаараа дамжуулж төрийн эрхийг барьж байгаа энэ эрхээсээ татгалзана гэдэг боломжгүй. Бид 300 жил харийн дарлалд байхдаа Ерөнхийлөгчийн болон хаант засаглалтай байсан гэсэн үг. Үүнээс үзэхэд ганц хүний засаглалын тогтолцоо манайд болохгүй байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд олон зүйлийг бид буруу шийдсэн. Гэхдээ Монголдоо буруу шийдэж байна. Монгол толгойгоороо л бодож Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж байна. Ямар ч байсан энэ төсөл ханатай гарч байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Гун-Аажавын Аюурзана: Гоо зүй гэдэг бол нүүр будалт, ганган хувцас, үс засалт, хотын соёл биш

Монголын XX зууны нэрт эрдэмтэн, урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит сан 2005 оноос эхлэн “Гоо зүйн дээд шагнал”-ыг олгож эхэлсэн билээ. Хоёр жил тутамд олгогддог энэхүү шагнал өнөөдрийг хүртэл тухайн салбарын хамгийн өндөр урамшуулалтай шагнал хэвээр байгаа юм. С.Лувсанвандан сангийн “Гоо зүйн дээд шагнал”-ын энэ жилийн эзнээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана тодорч шагналаа өчигдөр гардан авчээ. Зохиолч Г.Аюурзана шагнал гардан авсныхаа дараа “Уран зохиол ямагт хүний мөн чанарыг дүрслэх гэж, үнэнийг олж харахад уншигчаа хөтлөх гэж, үнэн мөний замд ширхэг ч атугай зул асаах гэж зорьж тэмцэж ирсэн салбар. Энэ онцгой салбарыг хүндэтгэн үзэж, төлөөлөл болгон надад шагнал олгосон “С.Лувсанвандан сан”-гийнханд баярлалаа. Гоо зүйг бүтээхээр зүтгэж яваа уран бүтээлчдээ дэмждэг хэн бүхэн гоо зүйг хамтран туурвигчид юм аа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Гар утсанд нь дэлхийн сонгодог “Өчигдөр” хэмээх дуу эгшиглэсэн түүнтэй өчигдөр уулзаж хөөрөлдлөө.


-Нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн шагнал”-ын эзэн болсонд баяр хүргэе!

-За, баярлалаа. “Сономын Лувсанвандан” сан энэ шагналаараа дамжуулаад гоо зүйн тухай ойлголтыг нийгэмд түгээх зорилготой болов уу гэж ойлгодог. Яг өнөөдрийн хувьд гоо зүйн тухай шинээр ярьж эхлэх, тэгэхдээ бүр өргөн хүрээнд ярьж эхлэх ёстой болчихоод байгааг хүмүүс төдийлөн хайхрахгүй байна л даа. Манай залуусын гоо зүйн хүмүүжлийн тухай ойлголт зүгээр нэг ганган хувцас, үс засалт, нүүр будалт, хотын соёл зэрэг ойлголтын хэмжээнд л байгаа нь нууц биш.

-Гоо зүйн үндсэн утга учир нь яг юу юм бэ?

-Гоо зүйд олон ай категори байдаг. Сайхнаас эхлээд муухай хүртэл, эмгэнэлтээс эхлээд хошин хүртэл. Гэхдээ ердийн нэг сайхан биш, бүр төсөөлшгүй гойд сайхан зүйлийг амьдралаас олж харсан сэтгэл хөдлөл, гүн мэдрэмжээс л жинхэнэ урлаг төрдөг. Энд гоо зүйн мэдрэмж таашаал онцгой үүрэгтэй. Гоо зүйн таашаал гэдэг бол олонхыг дагаж шуурсан, худлаа дүр эсгэсэн зүйл биш, төрмөл мөн чанар. Би нэг зугаатай жишээ татъя. “Дон Кихот” романд Санчо Пансагийн хоёр нагац гээд нутаг орондоо алдартай архичид гардаг даа. Нэг удаа тосгоныхон баяр тэмдэглэж, урьд хожид байгаагүй, маш олон жил дарсан онцгой дарсаа задалж л дээ. Тэгээд “мэргэжлийн архичин” шахам хоёроо дуудаад дээжлэн амсуулж. Санчогийн нэг нагац дарсыг амсаж үзмэгцээ “За, нэг жаахан сур л амтагдаад байна, тиймгүй сэн бол ч янзын дарс юм аа” гэж. Нөгөө нагац нь харин “Үл мэдэгхэн төмрийн амт орчихоогүй бол ч хосгүй дарс болох байжээ” гэж оношилдог. Дараа нь тосгоноороо ууцгааж. “Үхсэн элэнцгийнх нь сур, төмөр! Будаач будаач гэхээр сахлаа будав гээч болох нь. Энэ муу хоёр согтуу толгой ийм сайхан дарс амсаж үзээ ч үгүй байж” гэлцэн бүгдээрээ Санчогийн нагацуудыг муулж, бүр шоолон тохуурхацгаажээ. Найр цэнгэл өндөрлөж, маргааш өглөө нь онцгой дарсны хоосорсон торхыг цэвэрлэхээр нээтэл ёроолоос нь төө хэрийн суран үдээс, бас нэг жаахан төмрийн хэлтэрхий олджээ. Гоо зүйн дээд таашаал гэдэг бол алив зүйлд ийм нарийн мэдрэмжтэй хандахыг хэлж байгаа юм. Энд дарсаар жишээлүүлж л ярьж байгаа болохоос, урлаг, уран зохиол түүнээс хэдэн хувь илүү мэргэжсэн, онцгой түвшинд бэлтгэгдсэн, цэгцтэй боловсорсон таашаал мэдрэмжийг шаардана шүү дээ. Тийм хэмжээний мэдрэмж таашаалгүй бүтээгдсэн урлаг бол урлаг биш, завхрал юм.

-Өнөөдөр гоо зүйн хүмүүжлийн тухай шинээр ярих цаг болчихоод байна гэж та хэллээ. Гоо зүйн хүмүүжил юугаараа тийм амин чухал гэж?

-Урлаг, гоо зүйн хүмүүжил хүнийг буруу замаар явуулдаггүй, нийгмийг эрүүл саруул болгодог нь нэгэнт батлагдчихсан зүйл. Хоёр жилийн өмнө би өөрийнхөө фэйсбүүк хуудсанд Америк дахь хувийн шоронгийн бизнес, Нидерланд дахь урлагийн боловсролын хөтөлбөр хоёрыг харьцуулсан бичвэр оруулж байсныг санаж байна уу. Урлаг, уран зохиолын хичээлээр голландчууд тусгай хөтөлбөр зохиогоод, сургуулиуддаа дугуйлан нээгээд, төрөөсөө санхүүжүүлээд явсан юм билээ. Урлагийн хөтөлбөрт хамрагдаж өссөн хүүхдүүд насанд хүрсний дараагаас эхлээд Нидерланд гэмт хэргийн гаралтаар дэлхийд хамгийн доогуур улс болж, шоронгууд нь эзгүйрч бусад орноос хоригдол импортолж хуяг харгалзагчдаа ажилтай байлгахад хүрч байгаа. Энэ мэт жишээг шагшаад суулгүй, өнөө маргаашгүй л шууд хэрэгжүүлээд эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгө бизнес л ярьж, эд хөрөнгө, улс төрийн талцаанд л шимтэн өсч буй хүүхдүүдэд улс орныхоо ирээдүйг даатгаад бид ер нь өөрийн гэсэн юмтай үлдэхгүйд хүрч ч мэднэ.

-Тэгэхээр хүнийг хүн болгодог хичээлүүд болох уран зохиол, урлагийн сургалтдаа онцгой анхаарах хэрэгтэй гэсэн үг байх нь ээ дээ?

-Тийм ээ, гоо зүй гэдэг бол энэ л юм. Гоо зүйн хүмүүжил ёс зүйтэй иргэдийг, гоо зүйн боловсрол урлагийн мэдрэмжтэй иргэдийг бий болгодог. Ёс зүйгүй, алиа марзан, сагсуу бурангуй уран бүтээлчид зонхилж байгаа улс оронд урлаг жинхэнэ утгаараа хөгждөггүй. Урлаг жинхэнэ утгаараа цэцэглээгүй улс оронд бүдүүлэг харанхуй үзэл санаа хэзээ ч арилдаггүй. “Гоо зүйн дээд шагнал” хэмээсэн, дээд таашаал руу чиглэсэн нэр томьёо гаргаж ирснийг нь бодоход “Лувсанвандан сан”-гийн бодлого ч үүн рүү чиглэх зорилготой болов уу гэж бодож байна.

-Та ер нь Баянхонгор аймгийн уугуул их эрдэмтнийг аль хэр мэдэх вэ?

-Өө, мэдэлгүй яахав. Хүмүүс голчлон гоо зүйн номыг нь л яриад байдаг. Тухайн үедээ төдийгүй, одоо ч гэсэн гоо зүйн чиглэлээр бичигдсэн цэгцтэй барьцтай, бараг л ганц сурах бичиг болохоор тийн ярих нь аргагүй л дээ. Гэхдээ “бага” Лувсанвандан гуай бас уран зохиол судлаач, утга зохиол шинжээч хүн байсан юм аа. Манай зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлд байсан, утга зохиол судлалын олон ном зохиол туурвисан хүн шүү дээ.

-Та саяхан Казахстан улс явлаа гэсэн. Ямар ажлаар яваад ирэв?

-Азийн зохиолчдын анхдугаар форум гээч томоохон арга хэмжээ зохиогдлоо. 54 орноос төлөөлөгч урьснаас, Монголоос Г.Мэнд-Ооёо, Р.Сураган бид гурав оролцлоо. Уг нь Өлзийг урьсан ч өөрөө очсонгүй.

-Казахстанд таны танил уран бүтээлчид олон байдаг байлгүй?

-Өө, олон олон. Олжас Сүлейменов агаатай сая дахин уулзаж, нэгэн оройжин хамт сууж олон зүйлийн яриа дэлгэлээ. Домогт яруу найрагч одоо 83 хүрч байгаа болохоор хатуу юм тогтоохоо хязгаарладаг болсон гэнэ. Гэхдээ л явахынхаа урьд орой өрөөнд нь тухалж удаан ярьж суусан. “Дахиж надтай хундага тулгах боломж чамд олдохгүй ч байж мэднэ шүү” гэхээр нь яалт ч үгүй нэлээд хэдэн хундага юм юм холиод… (инээв). Шөнө дүл болтол ярьж суугаад сэтгэл өег буцаж ирлээ. Буцаж ирээд зургуудаа харж суутал би Олжас агаатай нийт таван удаа уулзсан юм байна. Сайхан аз завшаан шүү.

-Ёстой сайхан тохиол. Ная ерээд оны заагаар монгол хэлээр шүлэг зохиолоо туурвиж байсан Х.Жүкель гэж найрагч одоо чухам юу хийдэг юм бол доо?

-Уран бүтээлээ хийсээр явна аа. Сүүлд миний “Цасны роман”-ыг казах хэлэнд орчуулсан. Өнгөрөгч хавар Сураган, Жүкел бид гурав хамтарч Чингис хааны удмын яруу найрагч Бахытжан Канапьяновын шилмэл шүлгийн түүврийг “Мөчир” нэрээр монгол хэлнээ гаргаж, бүх томоохон номын сангуудад түгээлээ. Чи ч миний орчуулсан эл номын талаар бичсэн дээ.

-Ингэхэд тантай хамт саяын хуралд оролцсон Баян-Өлгийн яруу найрагч Сүраганыг та хэрхэн үнэлдэг вэ?

-Өө, их сайн яруу найрагч шүү дээ. Казахстанд бол түүнийг “Орчин үеийн казах хэлт яруу найрагт өөрчлөлт шинэчлэлт авчирсан” гэж маш өндрөөр үнэлдэг юм. Яваандаа монгол хэлээр номоо гаргах байлгүй дээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Намаршаад, ид ажилдаа, ичээндээ ордог цаг минь ирж явна. Төлөвлөсөн зүйл бий, бий.

-Яруу найрагч Л.Өлзийтөгсийн уран бүтээлийн олз омог их байна уу?

-Өлзий гадаадын нэг уран зохиолын төслөөс сонирхолтой санал хүлээн аваад шүүгч болж хувирсан. Одоо тэгээд, надтай ч үг солих завгүй хүн л суугаад байна. Онлайнаар бүх ажил нь явагдах юм билээ. Шат шатны шүүгч болон ерөнхий шүүгч гээд нэг хэсэг яруу найрагч байх. Хамгийн эцсийн шатанд шалгарсан яруу найрагчийн бүтээлд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт бичих эрхтэй буюу шүүгчдийн ажилд шүүлт хийдэг шүүгч гээд өөр хэдэн яруу найрагч байх. Их нарийн ажил юм аа. Шүүгчдэд хахууль өгөх магадлалтай гэж үздэг тул олон улсын иймэрхүү шалгаруулалтын шүүгчид нууц байдаг юм билээ. Анх гэрээ байгуулахдаа л “Ямар шалгаруулалтын хэд дэх шатны шүүгчээр ажиллаж байгаагаа зарлан мэдээлэх хориотой” гэж анхааруулсан. Тиймээс өөрөө энэ талаар юу ч ярихгүй байгаа. Үүнийг нь мэдэхгүй уншигчид гудамжинд тааралдах болгондоо “Өлзийгийн шинэ ном хэзээ гарах гэж байна” гээд надаас л нэхээд байх юм. (инээв) Шинэ ном ойрд гаргахгүй байх аа.

-Энэ хавраас “Хүрээлэн” нэвтрүүлгийнхэнтэй хөдөөгүүр баахан явав уу. Монгол орныхоо байгаль, ан амьтны тухай нэвтрүүлэг бэлдэхэд ямаршуухан сэтгэгдэл төрж байв?

-Үнэхээр сайхан аялал болсон шүү. Монгол орон минь ямар гайхамшиг юм бэ гэдгийг ахин шинээр нээсэн, ер бусын өдрүүд байлаа. “Хүрээлэн” бол гоо зүйн болоод танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой нэвтрүүлэг гэж тэдний хэвлэлийн бага хурал дээр би хэлсэн дээ. Байгалийг танихад ч бас гоо зүйн мэдрэмж амин чухал. Тийм ч учраас сая шагнал гардаж авахдаа “Сүүлийн гучаад жилд бид эх байгалиа сүйтгэх, эвдэрч цөлжсөн нутгаа буцааж нөхөн сэргээх хоёрын алинд нь илүү их хөрөнгө оруулсан билээ. Энэ ч бас гоо зүйн асуудал” гэж хэлсэн юм.

-Найруулагч Бямбын таны зохиолоор хийж буй кино юу болов?

-Мэдээж, Бямбаа ах найруулсан юм чинь сайн кино болсон нь тодорхой. Мөдхөн үзэгчдэд хүрэх байх аа.