Categories
мэдээ спорт

Өнөөдөр манай 5 бөх хүчээ сорино

Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөж буй манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдөж буй Б.Болортуяа Киргизийн бөхтэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, хамгийн хүнд жин болох 76 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа, 59 кг-д ААШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, 65 кг-д Х.Болортуяа нар барилдана.

Тодруулбал, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Японы бөх Риогийн олимпын аварга, Дэлхийн хошой аварга Рисако Кавай-тай барилдана. Энэ хоёрын ялсан нь Эквадор болон Германы бөхчүүдийн хэн ялсантай хүч үзнэ. Харин Б.Шоовдорын эхний өрсөлдөгч Румын бөх Катерина Жидачевска байгаа бол Х.Болортуяагийн эхний өрсөлдөгч нь Украины Ирина Колиаденко. О.Бурмаа гавьяатад хүндхэн сугалаа таарсан бөгөөд эхний өрсөлдөгч ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын аварга БНХАУ-ын Жоу Чиан юм. Нур-Султаны дэвжээнд энэ хоёрын хэн ялсан нь 2017 оны Дэлхийн аварга Туркийн бөх Я.Адартай барилдана.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг ерөөлч, магтаалчийг шалгаруулна

Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан Өмнөговь аймагт энэ сарын 23-нд болно.
Тус аймгийн ЗДТГ энэ оныг соёл, урлагийн салбарыг дэмжих жил хэмээн зарласан бөгөөд үүнийхээ хүрээнд улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ. “Монгол ардын аман зохиолын төрөл ерөөл, магтаалыг хойч үедээ уламжлуулан үлдээх, сэргээн хөгжүүлэх нь уралдааны гол зорилго” гэдгийг зохион байгуулагчид онцлов. 21 аймаг, 9 дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан орон нутгийн хэмжээнд тус бүр нэг ерөөлч, магтаалчийг шалгаруулж, оролцуулах юм байна. Тодруулбал, шилдэг 30 ерөөлч, мөн тооны магтаалч улсын уралдаанд өрсөлдөнө. Тэндээс шилдэг зургаан уран бүтээлчийг шалгаруулж урамшуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил” баярын хурлыг нээж үг хэлэв

Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг энэ сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

20 жилийн ойн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 2000 гаруй эмч, сувилагч, ажилтан оролцож байна.

ӨНӨӨДРИЙН БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрүүл мэндийн үйлст зүтгэгчид ээ, эмч нар аа Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд 1996-2000 онд томоохон шинэчлэлт хийсэн нь өрхийн анагаах ухааныг шинээр нэвтрүүлэн өрхийн эмнэлгийн шинэ тогтолцоог үүсгэн байгуулж хөгжүүлсэн явдал байсан юм.

“Бүх нийтийн хамралт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламжид хамруулах” зэрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхэд манай өрхийн эмнэлгийн тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж байна.

21 аймаг, томоохон сум суурин газар болон нийслэлийн 8 дүүргийн 220 өрхийн эмнэлэгт 3000 эмч, мэргэжилтэн ажиллаж, хүн амын 70 хувь буюу 2,4 сая хүнд анхан шатны 100 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, 20 гаруй төрлийн шинжилгээг хийж, 0-5 насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн хяналтад авч, эхийн болон 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Та бүхэнд баяр хүргэе.

Манай бага насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамралт дэлхийн дунджаас дээгүүр байгаа нь өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын ажлыг үнэлэх чухал үзүүлэлт юм.

Өрхийн эмч, мэргэжилтнүүд өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл аж төрөх дадал хэвшил бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох хэмжээнд хүрч, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг дурдахад таатай байна.

Иргэдийнхээ шадар туслагч, хамгийн ойрын эрүүл мэндийн зөвлөх нь болсон Та бүхэнд Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн хөгжсний 20 жилийн ойн халуун мэндийг хүргэж, гэгээн сайхан үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн ивээлээр монголчууд эрүүл энх, амар амгалан аж төрөх болтугай.

Баяралаа, Та бүхэнд.

20 жилийн ойн баярын хуралд амжилт хүсье” гэлээ.

Өрхийн эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 9-р сарын 17-ны өдрийн 149 тогтоолоор Ховд, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар аймагт, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд анхлан байгуулагдаж байжээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр VII байр эзэллээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУлсын Саратов хотод амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, Чех, Украин, Беларусь, ОХУ, БНХАУ, Казахстан, Словак, Польш, Герман, Узбекистан, Азербайжан, Австри, Болгар, Хорват зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож манай баг тамирчид багийн дүнгээр 7 дугаар байранд орсон амжилт үзүүлсэн байна.


Тэмцээний “Довтолгооны шат”-ны төрөлд,

БНБеларус Улсын тамирчин Уколов Никита 12,78 секундийн амжилтаар 1 дүгээр байр,

ОХУ-ын тамирчин Курганский Константин 12,89 секундийн амжилтаар 2 дугаар байр,

Титоренко Станислав 13,12 секундийн амжилтаар 3 дугаар байр тус тус эзэлсэн байна.

“Саадтай 100 метрийн гүйлт”-ын төрөлд,

ОХУ-ын тамирчин Владимир Сидоренко 14,76 секундийн амжилтаар 1-р байр, БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,81 секундийн амжилтаар 2-р байр, ОХУ-ын тамирчин Дамир Курбанов 18,41секундийн амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн бол ОХУ-ын тамирчин Владимир Сидоренкогийн эзэмшиж байсан 14,75 секундийн амжилтыг хагас шигшээ гүйлтэд БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,70 секундийн амжилтаар эвдэж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.

“4х100 метрийн буухиа гүйлт”-ын төрөлд,

ОХУ-ын баг 53,66 секундийн амжилтаар 1-р байр,

Бүгд найрамдах Беларус Улсын баг 56,48 секундийн амжилтаар 2-р байр,

Бүгд найрамдах Болгар улсын баг 57,68 секундийн амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн байна.

“Байлдааны тархалт”-ын төрөлд,

Бүгд найрамдах Казахстан улсын баг 28,14 секундийн амжилтаар 1-р байр,

Бүгд найрамдах Словак улсын баг 26,34 секундийн амжилтаар 2-р байр,

ОХУ-ын баг 25,45 секундийн амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн байна.

Түүнчлэн тус тэмцээнд Монгол Улсын багийн ахлагч, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагч, бэлтгэл хурандаа Г.Баттөгс нар “Саадтай 100м гүйлт”, “4х100м буухиа гүйлт”-ийн төрлүүдэд шүүгчээр орж ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа.
Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод 21 мянган өрх амьдардаг бөгөөд эхний байдлаар сайжруулсан түлш борлуулах 32 цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдагдаж, 2160 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгааг холбогдох албаны мэргэжилтэн танилцууллаа.

Цаашид иргэдэд илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг сайжруулсан түлшээ тогтмол хэрэглэж хэвших уриалгыг иргэдэд танилцуулж, түлшний түгээлт, борлуулалтын ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг дарга ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд Сүхбаатарын талбайд ажиллаж байна

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа. Өнөөдөр Эрүүл мэндийн яам, харьяа эрүүл мэндийн байгууллагууд төв талбайд нээлттэй ажиллаж байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношлогоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэгийг хийж байна.


Categories
мэдээ нийгэм

Элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа тодрууллаа

Голомт банк, Гадаад Харилцааны Яам хамтран зохион байгуулдаг “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” өнгөрсөн амралтын өдөр боллоо.

Энхийн элч, дипломат төлөөлөгчид, алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, албан бус найз нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэг тус тэмцээнд Монгол Улсад өөрийн орныг төлөөлөн суух Элчин Сайдын Яам болон Консулын газар, Олон Улсын байгууллагуудаас бүрдсэн 16 багийн 250 тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний “Алтан цом”-ын эздээр 2018 оны ялагч Японы Элчин Сайдын Яамны баг тамирчид дахин тодорсон бол дэд байрт Казакстаны ЭСЯ-ны баг тамирчид, гуравдугаар байранд БНСУ-ын ЭСЯ-ны баг тамирчид шалгарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНЭУ-ын ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд өчигдөр /2019.09.17/ нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10.20 цагт очиж хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан охины цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эргэн сануулахад, есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хороонд нэг нас ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Шүүхээс хэрэг буцаадаг заалтын цаана хуулийн мафи бий болдог

-ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА, ШҮҮХЭЭС ХЭРЭГ БУЦААХ ГЭДЭГ ХОЁР ЗААЛТЫГ ХУУЛИЙНХАН АВЛИГА АВАХ, ХЭРЭГ ЦАВЧИХДАА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ-

Хуульч Баттөмөрийн Энхбаяртай ярилцлаа.


-Та дэд сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банканд шалгалт хийж, 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн тухай мэдээлж байсан. Эдгээр хэрэг эхнээсээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-2012-2016 оны үед эдийн засаг, улс төр, хуулийн агуулгаараа хамгийн их дуулиан болж яригдсан асуудал бол бондын зарцуулалт. Бондуудын зарцуулалт үр ашиггүй, авлига их байна. Хууль дүрэм үйлчлэхгүй байна, хоёр гурван төсөвтэй болсон байна гэх зүйлсийг маш их ярьсан.

Тухайн үед сөрөг хүчин байсан МАН ч их ярьж байсан. Тэр ч утгаараа 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт бондын зарцуулалтыг шалгаж хуулийн хариуцлага ногдуулна гэдэг зорилт тавьсан.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орсон. Засгийн газар дөнгөж байгуулагдсан даруй 2016 оны наймдугаар сард анх Хөгжлийн банкийг шалгасан. Тухайн үед дэд сайдын ажлаа аваад маргаашаас нь Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан.

Монгол банк, Хууль зүйн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Сангийн яам, Мэргэжлийн хяналт зэрэг маш өргөн бүрэлдэхүүнтэй баг орж ажилласан.

Үр дүнд нь хууль эрх зүйн орчин ерөөсөө болохгүй байна гэж үзээд хууль эрх зүйн орчныг нь тэр дор нь бичээд өөрчилчихсөн. Тэгээд арваннэгдүгээр сард Хөгжлийн банкны хуулийг шинэчилж баталсан. Ингээд Засгийн газар, УИХ дээр шалгалтын дүнг танилцуулсан.

Хөгжлийн банк дээр үндсэндээ гурван их наядын зээлтэй холбоотой асуудал хөндөгдсөн. 1,500 гаруй аж ахуйн нэгжид олгосон зээл, түүний үр ашиг зарцуулалт гээд иж бүрэн хяналтын нэгдсэн шалгалт хийсэн.

Шалгалтын дүнгээр 1.3 их наядын дүн бүхий багц 19 зөрчлийг хууль хяналтын байгууллагаар дахин нарийвчилж шалгуулах шаардлагатай төдийгүй гэмт хэргийн шинжтэй гэж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллагад шилжүүлснээс хойш гурван жил болчихлоо.

Энэ дотроос Амгалангийн станцтай холбоотой Эрчим хүчний сайд байсан Сономпил авлига авсан хэргээр анхан шатны шүүхээс ял авах шиг боллоо. Бусад нь үндсэндээ алга болчих шиг боллоо. Сая АТГ эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаяр, УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар нарт холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болголоо гэж мэдээлсэн.

-Тухайн үед шалгалтын дүнг яагаад нууцалсан юм бэ?

-Би сүүлийн хагас жил энэ асуудлыг ярьж байна. Танай сонинд өмнө нь өгсөн ярилцлагадаа ч хэлсэн. Хэвлэл мэдээллүүдээр ч ярьж байгаа. Тухайн үеийн шалгалтын дүнг яагаад нууцалсан гэхээр санхүүгийн үзүүлэлт нь нь Хөгжлийн банк үндсэндээ дампуурсан гэсэн дүгнэлт гарсан. Хөгжлийн банкны эргэлтийн зээл нь гурван их наяд төгрөг.

Хөгжлийн банк гадаад эх үүсвэрээс нэн хөнгөлөлттэй байдлаар зээл авч дотоодоо санхүүжүүлдэг. Тэгэхээр дампуурсан гэх сигнал өгөхөөр нэгдүгээрт, гадаад нөхөд нь хөрөнгөө татаж эхэлбэл бүр хүнд байдалд орох гээд байсан. Хоёрдугаарт, манайх валютын сангийн хөтөлбөрт орох хэлэлцээр явагдаж байсан. Улс орноороо дампуурчих гээд болдоггүй.

Ийм санхүүгийн асуудалтай байсан учраас шийдвэр гаргагч нарт хаалттай байдлаар танилцуулахаас өөр аргагүй болсон. Хуулийн байгууллагад шилжүүлсэн зөрчлүүдийг нь нууцлаагүй. Тухайн үед би хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлж байсан.

-Бусад зөрчлүүд нь хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа юу?

-Би одоо ямар шатанд явж байгааг мэдэхгүй байна. Тухайн үед шалгалтын 150 гаруй хуудас эх материал болоод зөрчил дутагдлыг яагаад гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа дүгнэлтүүд илтгэх хуудас буюу 25 хүний гарын үсэг зурсан эх материалыг тэр чигээр нь шилжүүлсэн.

-Эдгээр зөрчлүүд эхнээсээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болох нь гэх хардлага байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны заалт хэргээс мултрахад нөлөө үзүүлж байгааг шүүмжилж байна л даа?

-Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгоно гэдэг хэргийг шууд хаана гэсэн үг. Мэргэжлийн хяналтынхны авлигын бичлэг гарснаар хөөн хэлэлцэх хугацаа болохгүй юм байна гэдгийг анзаарч эхэллээ.

Энэ хуулийг хэрэглэж байгаа мэргэжлийн хуульчид, шүүх, прокурор, мөрдөгч, байнгын мониторинг хийж байсан ажлын хэсэг байсан. Анх хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг илрүүлэнгүүт хэрэг үүсгээд зогсоодог, тоолохоо больдог байсан.

УИХ дээр шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацааг тоолно болгоод өөрчилчихсөн. Тэгэхээр шалгаж байгаа хугацаа, шүүхийн процессууд явж байгаа хугацаа тоологдоод тэр хугацаанд нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэргүүд хэрэгсэхгүй болоод байгаа юм.

2017 оны зун энэ тухай хууль батлагдаад долдугаар сарын 1 -нээс нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Есдүгээр сард нь С.Бямбацогт сайд байнгын үйл ажиллагаа мониторинг хийх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг надаар ахлуулж байгуулж байсан.

Тэр ажлын хэсэг хамгийн эхэнд энэ зүйлийг өөрчилье гэдэг саналаа бэлтгэсэн. Х.Нямбаатар гишүүн 2018 оны хавар 400 гаруй хуульчдын зөвлөгөөнөөр үүнийг өөрчилье гэдэг саналыг хууль зүйн сайдад өгсөн одоо хүртэл өөрчлөхгүй байгаа талаар ярьж байсан.

Миний хувьд энэ хуулийг боловсронгуй болгох хуульд өөрчлөлт хийх ажлын хэсгийг яаман дээрээ ахалж байсан. 2018 оны хавар, зун нь бэлдээд сайдын ширээн дээр тавьчихсан төсөл байхгүй юу. Ганц хөөн хэлэлцэх хугацаа ч биш.

Засгаас 2016 онд боогоод өгчихсөн төслийг УИХ дээр өөрчилчихсөнөөс болоод асуудал гараад эхэлсэн. 2018 оны хавар л хөөн хэлэлцэх хугацааг засах төсөл бэлтгэгдсэн байсан гэхээр бүтэн жил хагас дарчихсан байна.

Дөнгөж өчигдөр л Ц.Нямдорж сайд УИХ-д хуулийн төслөө өргөн барьсан мэдээ гарлаа. Энэ хугацаанд өдөр бүр шахуу авлигын хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад байна. Эцсийн дүндээ шударга ёс ярих, авлига хээл хахуультай тэмцэх, ёс суртахууны ч улс төрийн ч эрхгүй болж хувирч байна. Ээлж дараагаараа нүдэн дээр хэрэгсэхгүй болж байна.

Энэ хуйвалдаанд хуулийнхан ч орж байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хэн хэний ямар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах гэж байгааг олон нийтэд нээлттэй хэлдэггүй. Нууж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болчихсон гэж тайлбарладаг.

“Жаст”-ын Батхүүгийн хэрэг энэ сард хугацаа нь дуусна. Бараг хугацааг нь дуусгаж байгаад хуулийг нь өөрчлөх төслийг өргөн барьж байх шиг байна.

Үүний цаана хуйвалдаан байгаа гэж харж байгаа. Анхнаасаа зохион байгуулалттай хуулийг өөрчилсөн, Засгаас оруулж ирсэн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн, авлигачдад ашигтай болгож хувиргасан. Үүний үр дагавраар Хөгжлийн банкныхны хэрэг хэрэгсэхгүй болж байна. Мөнгөн дүн нь маш их шүү дээ. Мөн төмөр замынхны хэрэг хэрэгсэхгүй л болж байгаа байх.

Сая чуулган дээр “Жаст”-ын Батхүүгийн хэргийн ард Олон овоот-Алтан-Нямдорж гэсэн схем явж байна гэж ярьж л байсан. Зохион байгуулалттай их наяд төгрөгийн авлига албан тушаалтай холбоотой мөнгө идсэн хэргийг хэрэгсэхгүй болгох зорилготой хуулийнхан, улстөрчид, бизнесийнхэн оролцсон хуйвалдаан явж байна.

Энэ бол нэн ойлгомжтой болсон. Өнгөрсөн хавраас эхлээд хөөн хэлэлцэх хугацаа болохгүй байна өөрчлөх ёстой гээд яриад л байсан. Гишүүд, сайдууд нь зүгээр яриад л байгаа байхгүй юу. Үйлдэл хийхгүй.

-Хөгжлийн банктай холбоотой зөрчил илрүүлсэнтэй холбогдуулан гишүүд таныг дарамталж байсан гэдэг?

-Хөгжлийн банкийг шалгасны дараа чамайг намынхнаар чинь зайлуулна гэж занаж байсан нь биеллээ оллоо гэж танай сонинд ярилцлагадаа хэлж л байсан.

Тэр хүмүүс хүнээ явуулчихсан, хэргээ хэрэгсэхгүй болгочихсон юм чинь тэд одоо ялчихсан л с байгаа биз дээ.

-Хөгжлийн банкны зөрчлүүдийг нууцаас гаргаж ил тод мэдээлэхэд гацаагаад байгаа зүйл юу гэж та харж байна вэ?

-Засгийн газар хүссэн хэргээ нууцаас гаргаад байгаа биз дээ. Ц.Нямдорж сайд өөрөө улсын нууц задалсан.

Цензургүй ярианд орохдоо нууц шүүхийн шийдвэрийг камерын өмнө гаргаж уншаад Монгол Улсын тагнуулын гүйцэтгэх ажилтны нэрийг зарлачихсан.

Ингээд өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгэнгүүт нөгөө шүүхийн шийдвэрийг улсын нууцаас гаргах Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар тогтоол оруулаад өөрөө ял авахгүйн тулд нууцаас гаргачихсан.

Мань мэт Хөгжлийн банкны дүнг ил ярьсан бол бариад шоронд хийчихнэ шүү дээ. Тийм учраас Хөгжлийн банкны шалгалтын дүнг нууцаас гарга гээд байгаа юм. Одоо тэнд нууцлаад байх юм байхгүй.

-Шүүхээс хэрэг буцаадаг заалтын тухай та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд анхнаасаа шүүхээс хэрэг буцаадаг байх ёсгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. 2002 онд Эрүүгийн хууль батлагдаж байх үед УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байсан.

Тэр үед шүүхээс буцаах ёсгүй гэх дүгнэлтийг байнгын хороонд өгч байсан. Байнгын хороон дарга Ц.Шаравдорж их дэмжиж байсан. Гэвч УИХ хүлээж аваагүй. 2015 онд шинэ Эрүүгийн хууль батлагдахад шүүхээс буцаадаг болгочихсон байсан.

2014 онд Х.Тэмүүжин сайд байхдаа шүүхээс хэрэг буцаадгийг нь хасаад өргөн барьсан юм билээ. Тэрийг нь эсэргүүцээд батлуулаагүй буцаасан. Дараа нь Д.Дорлигжав сайд болоод шүүхээс хэрэг буцаадаг заалтыг оруулж батлуулсан юм билээ.

Батлагдсаны дараа 2016 онд манай нам Засгийн эрх аваад би боловсронгуй болгох заалтыг яам дээрээ ахалж, шүүхээс буцаадаг байж болохгүй гэж үзэж байсан.

Шүүхээс хэрэг буцаадгийн цаана хуулийн мафи байдаг. Хуулийн мафи гэдэг нь хэргийг алга болгодог, шантааж хийдэг, хонгил үүсгэдэг, авлига аадаг боломжтой хууль эрх зүйн тогтолцоо байна гэсэн үг. Тийм учраас хуулийн мафийг нэн тэргүүнд хуулиар нь устгах ёстой.

Мөн хуулийнхны маш том хуйвалдаан үүсгэчихдэг. Шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгчдийн хооронд хуйвалдаан үүсгэчихдэг.

Ингээд хэргээ зунгааралдуулна. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалт руу буцаалгаж байгаад мөрдөн байцаалтаас нь хэргийг хэрэгсэхгүй болгочихдог, дахиж шүүх рүү нь оруулахгүй.

Энэ хуйвалдаанд шүүгч, прокурор, мөрдөгч бүгд оролцдог. Авлигын сүлжээ үүсгэдэг заалт. Мөрдөн байцаалтад буцаадаггүй байх ёстой зарчим нь эрх зүйт тогтолцоотой, шударга шүүхийн тогтолцоотой бүх улсад байдаг ердийн зарчим.

Манай Үндсэн хуульд байгаа зарчим. Үндсэн хуульд хоёр зарчим бичиж егсөн байдаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно. Энэ зарчим шүүгч нарт өөрсдөд нь хамаатай байдаг.

Шүүгч хүн гэмт буруутай гэх шийдвэр гаргах хүртлээ хэн нэгнийг урьдчилж гэмт хэрэг үйлдсэн гэж ерөөсөө дүгнэж болохгүй гэдэг зарчим. Шүүхээс хэрэг буцаагаад байна гэдэг нь энэ бол хэрэг үйлдэх,нь үйлдсэн байна. Гэхдээ прокурор сайн нотолж чадаагүй байна.

Мөрдөгч дутуу ажилласан байна. Дахиж энэ хүний хэргийг найдвартайгаар нь боогоод ир гэсэн үг. Үнэхээр мөрдөгч, прокурор тэр хүнийг нотолж чадаагүй бол хэргийг нь хэрэгсэхгүй болгох ёстой. Нотлогдсон бол яллаад явах хэрэгтэй. Хоёрхон сонголт байдаг.

Гурав дахь сонголт гаргаж ирчхээд байгаа юм. Намайг ажлаа авч байх үед шүүхэд шилжиж байгаа 10 хэрэг тутмын нэг нь буцдаг байсан. Үүний цаана авлига байна гэдэг нь ойлгомжтой.

Бөөн хэл ам болж байж шүүхээс буцаадгийг авч хаясан. Тухайн үед хууль зүйн байнгын хороо 100 хувь буцаадаг байх ёстой гэж байхад миний хувьд гишүүдэд “лобби” хийнэ гэх юм уу буцаадаг байж болохгүй гэдгийг тайлбарлаж байсан.

Бүлгийн хаалттай хурал дээр Ц.Нямдорж сайд Энхбаярыг зайлуул, гишүүдэд лобби хийгээд буцаадаг заалтыг байхгүй болгоод яваад байна гэж ярьж л байсан. Энэ тал дээр хамгийн харшилдсан хүмүүс шүүхийнхэн.

Тэр дотроо Улсын дээд шүүх. Анхан болон давж заалдах шатныхан маш зөв гэж үзсэн. Шүүхээс буцаадаг заалт байсан үед дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүгч нарт чиглэл өгөөд байсан.

Энэ хэргийг ингэж шийд, шийдэхгүй бол буцаана шүү гэх мэтээр албан бусаар чиглэл егөөд байгаа талаар ярьж л байсан. Хэнээс ч хараат бусаар хэргээ шийддэг болох нь гээд анхан, давж заалдах шатны шүүгчид баяртай байсан.

Надад олон хүмүүс баярлалаа гэж байсан. Өнгөрсөн хавар Дээд шүүхийнхэн лоббидсоор байгаад шүүхээс хэрэг буцаадгийг дахиад хуульд оруулчхаж байгаа юм. Хэнд ашигтай гэхээр дээд шүүхийн шүүгчдэд ашигтай. Авлига авдаг гол нүх нь.

Маш тодорхой жишээ хэлэхэд, хүргэн Дэнзэнгийн 17 тэрбумын хэрэг Улсын дээд шүүхээс хууль бусаар мөрдөн байцаалтад буцаагаад хэрэгсэхгүй болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутай гэж үзээд хорих ял өгсөн байхад дээд шүүх хууль зөрчиж мөрдөн байцаалтад буцаачихсан.

Ингээд нөгөө хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихсон. Хөөн хэлэлцэх хугацаа, шүүхээс хэрэг буцаах гэдэг хоёр заалт хуулийнхны авлига авах, хэрэг цавчихдаа хамгийн их ашигладаг гол хоёр заалт.

Энэ хоёр заалтыг хууль тогтоогчид амилуулчхаж байгаа юм. Шүүх прокурорынхныг хараагаад хэрэггүй. Энэ хүмүүс хүчин төгөлдөр хууль л хэрэглэнэ.

Мөн энэ хүмүүсийн үгэнд орж хууль хийгээд байж болохгүй. Ерөнхий суурь зарчмаа барьж хууль хийх ёстой. Үүний гор гарч байна л даа. Өдөр тутам шүүхээс хэрэг буцлаа гэдэг л мэдээ сонсож байгаа. Яагаад гэхээр шүүгчид хэрэг шийдэж чадахаа больчихсон. Олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг буцааж байгаа нь өөрөөсөө зайлуулж байна гэсэн үг.

Шүүгчийн шийдвэр заавал олон түмэнд таалагдах албагүй. Хуулиа бариад шударгаар л шийдэх хэрэгтэй. Авлигын хэрэг амархан хэрэг биш. АТГ-ынхан маш удаан хугацаа зарцуулж байж нэг хэрэг илрүүлдэг.

Арай гэж илрүүлсэн хэргийг нь прокурор дээр зунгааралдуулаад шүүхээс буцаадаг. Хамгийн гол нь өөр дээр нь хэрэг нь ирдэггүй. Зургаан сарын өмнө шүүхээс буцаасан хэрэг нь ирдэггүй. Тиймээс АТГ-аас бичлэг үзүүлж байгааг зөв гэж бодож байгаа.

Хүмүүс АТГ-ынхан ажлаа хийхгүй байна гэдэг. Асуудал нь хуулиасаа болж байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн хавар УИХ дээр шүүхээс буцаадаг заалтыг сэргээх үед улсын ерөнхий прокурор маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Шүүхээс буцааж болохгүй, харин ч хариуцлагатай ажиллаад эхэлж байна гэж хэлж л байсан. Ингэж хэлээд байхад нь буцаагаад сэргээчхэж байгаа юм. Тиймээс УИХ нэн даруй засах хэрэгтэй. Тэгэхгүй бол Үндсэн хууль гурван cap ярьж байх хооронд Хөгжлийн банкны хэрэг хэрэгсэхгүй болчхож байна.

-Авлига, албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой юу?

-Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2016 онд Засгийн газраас өргөн барьсан заалтаар байлгах ёстой. Гэмт хэргийг илрүүллээ, эрүүгийн хэрэг үүсгэлээ, хөөн хэлэлцэх хугацаа зогсох ёстой. Гэмт хэрэг хийснийг илрүүлчихсэн байхад ямар ч хугацаагаар шалгаж болно.

Шүүхийн шийдвэр гарсан гээд өөрчилчихөөр шалгаж байх хугацаа чинь хөөн хэлэлцэх хугацаандаа тоологдоод дуусчихаад байгаа юм Ялангуяа авлига албан тушаалын хэрэг томоохон учраас жилээс дээш хугацаагаар шалгана. Энэ хооронд хугацаа нь дуусчихаад байна. Огт хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгож болохгүй л дээ. Харин авлига албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолдгийг болимоор юм билээ.