Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгав. Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд нөхөн сэргээлт тус тус хийжээ. Төлөвлөгөө ёсоор “БМНС” ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. “Улз” ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол “Алтай голд” ХХК 15 га-аас 9 га-д, “Батдөлгөөнмөрөн” ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт 110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хувиараар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлтийг явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэргээр 13 хүүхэд шалгагджээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд “2019 оны эхний есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн. Мөн энэ үеийг өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулахад 32.2 хувиар өссөн бол холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.

Насны хувьд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байна. Мөн 5.1 хувь нь буюу 13 насанд хүрээгүй 15-18 насныхан эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна. 2019 оны есдүгээр сарын байдлаар гадаад улсын нийт 11 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Монгол Улсад түр болон байнгын оршин суудаг гадаадын иргэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдах асуудал жил бүр ихэсч байгаа. Тухайлбал, Франц, Герман, Нигери, Энэтхэг, Турк, АНУ, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэд тус тус шалгагдаж байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнээс олон улсын шуудан илгээмж ашиглан дээрх хэргийг үйлдсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүнд Тайланд, Нидерланд, Герман, Испани, БНХАУ, АНУ зэрэг улсуудаас монгол улс руу хар тамхи оруулж ирсэн. Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх чиглэлээр байнгын тасралтгүй эрчимтэй үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Үүний нэг хэлбэр бол мансууруулах бодисын хэрэглээ байж болзошгүй эмзэг цэг, байршилд хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаа. Сүүлийн үед зарим нэг олны танил хүмүүс цахим хуудсаараа дамжуулан ургамлын гаралтай мансууруулах бодисын хэрэглээг зөвтгөсөн хуулиар хэрэглэхийг зөвшөөрөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Хэдийгээр ардчилсан нийгэмд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой боловч Монгол Улс хуульдаа ургамлын гаралтай мансууруулах бодисыг хориглодог. Дээрээс нь Монгол Улс НҮБ-ын мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн конвенцод нэгдэн орсон. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хүрээллийг харахад ихэнх хувь нь найз нөхөд, танилуудын хүрээнд хэрэглэдэг хамтран оролцдог нь тогтоогдсон. Ялангуяа Монгол Улсын ирээдүй бид бүхний хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудын дунд аюул нүүрлээд байна.Иймэрхүү яриа гаргаад хүүхэд залуусыг уруу татан, турхирч, сурталчлаад байгаа хүмүүстэй бид хатуу тэмцэнэ. Нухчин дарна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ

Image result for ​АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс” сэдвээр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард Олон нийтийн зөвлөлийнхөн Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд болон Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дарьганга, Замын-Үүд, Айраг, Шивээговь сумдад ажилласан байна. Ажиллах хугацаандаа түүврийн аргаар 640 иргэнийг судалгаанд оролцуулж, 40 иргэнтэй уулзаж, ЖДҮ-ийн 11 нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ. Уг ажлынхаа үр дүнгийн талаар Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээллээ. Тэрбээр “96.9 хувь Орон Нутгийн Хөгжүүлэх Сан, Сум Хөгжүүлэх Сангийн төсөв, зээл олголт буцаалтын талаар мэдэхгүй, 77.03 хувьд Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт явагдаагүй, 90.6 хувь нь Авлигыг мэдээлэх утас байдгийг мэдэхгүй, Эмнэлэг, ЗДТГ, Хууль хүчний байгууллага хүнд суртал чирэгдэл ихтэйгээрээ тэргүүлж байна.” гэв.

Мөн “Авлигаас ангид байх гол үндэс нь төсвөө, сангуудын хуримтлал хөрөнгөө, хэдэн төгрөгийн зээл хэн авч байгааг, ямар үйлдвэрлэл явуулах гэж байгааг, ашиг сонирхолын зөрчилгүй байхын тулд яаж ажиллаж байгаа зэрэг иргэд зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах, АТГ-ын мэдээлэл хүлээн авах утсыг нийтийн нүдэнд байрлуулах зэрэг ажлуудыг улсын хэмжээнд явуулахыг Засгийн газраас үүрэг болгох хэрэгтэй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Таван буудлаас долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2 хоног хаана

Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийж байгаатай холбоотойгоор энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд таван буудлаас долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дулааны инженер Х.Цолмонбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил есдүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ. Уг ажлын хүрээнд таван буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг хүсч байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ улс-төр

“Сайн санааны үйлс” өдөрлөг болов

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб /ЭДК/Улаанбаатарт суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран “Улаанбаатар” зочид буудалд уламжлалт “Сайн санааны үйлс “өдөрлөгөө энэ сарын 14-нд зохион байгуулав. 2001 оноос хойш жил бүр зохиож буй тус өдөрлөгийн нээлтэд ЭДК-ын тэргүүн С.Онон, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос болон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий Каур Гурмит нар оролцов. Тэд хэлсэн үгэндээ, ЭДК-ээс өнгөрсөн хугацаанд эмзэг бүлгийнхэнд зориулан хэрэгжүүлж буй төслүүдийн ач холбогдлыг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид сайн санааны үйлс улам дэлгэрэх ерөөл дэвшүүлэв. Сайн санааны үйлст зориулсан тус өдөрлөгт Вьетнам, Казахстан, Лаос, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон болон Европын Холбооны ЭСЯ-д идэвхтэй оролцож өөрийн орны соёл урлаг, зан заншилаа танилцуулж, үндэсний хоолны дээжээсээ олон нийтэд сонирхуулав. Мөн ЭДК-ын сайн санааны үйлсийг дэмжиж, тус өдөрлөгт Гоёл кашмер, Инару ХХК, Силк роуд мэжик, АВС эко, Санширо, Эмэгтэй энтерпренерүүдийн хоршоо зэрэг дотоодын аж ахуйн нэгж оролцож, малын гаралтай түүхий эд ашиглан бүтээсэн органик гоо сайханы, арьс шир, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлгэж, сурталчлав.

Categories
гадаад мэдээ

2022 оны өвлийн олимпын бэлгэ тэмдгээр хулсны байвгайг сонгожээ

БНХАУ-д 2022 онд болох Өвлийн олимпын наадмын албан ёсны бэлгэ тэмдгээр хулсны баавгайг сонгож, “Bing Dwen Dwen” гэж нэрлэсэн байна.

Найрсаг, өгөөмөр зан чанартай, өвлийн спортын бүхий л зүйлийг хайрладаг гэсэн бэлгэдлээр хулсны баавгайг сонгожээ. Мөн өвлийг илэрхийлэгч гол элемэнтүүдийн нэг болсон мөсөөр хулсны баавгайг хувцаслажээ. Өвлийн олимпын наамдын бэлгэ тэмдгийн загварыг гаргахын тулд Бээжин хотын Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо 2018 оны 8 дугаар сард дэлхий даяар тэмцээн зохион байгуулсан байна. Энэхүү тэмцээнд нийт 5816 бүтээл ирүүлснээс 10 бүтээлийг энэ оны нэгдүгээр сард шалгаруулж, тэдгээрийн дундаас “Bing Dwen Dwen”-ийг сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт 32 цэгт сайжруулсан түлш борлуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн баталсан цэгүүдэд сайжруулсан шахмал түлш борлуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүдэд ажиллалаа. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороонд 21 мянган өрх амьдардаг бөгөөд эхний байдлаар сайжруулсан түлш борлуулах 32 цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдаж, 2160 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгааг холбогдох албаны мэргэжилтэн танилцууллаа. Цаашид илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг сайжруулсан түлшээ тогтмол хэрэглэж хэвших уриалгыг иргэдэд танилцуулж, түлшний түгээлт, борлуулалтын ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг дарга хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Тууш замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарах зүйл

Монголын анхы тууш зам нь Улаанбаатар хот – Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урттай.

Уг Тууш зам нь “Яармагийн товчоо – Айцын даваа – Түргэний гүүр – Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.31. “тууш зам” гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ.

    Тууш замд дараахь хөдөлгөөнийг хориглоно:

    • явган зорчигч,
    • ердийн хөсөг,
    • унадаг дугуй, мопед,
    • трактор болон өөрөө явдаг машин механизм,
    • техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;

      Тууш замд дараахь үйлдлийг хориглоно:

      • жолоодлогын дадлага хийх
      • ухрах болон буцаж эргэх;
      • түр ба удаан зогсох;
      • бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах;

      Тууш замын хурд

      Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

      Тээврийн хэрэгслийн хурдыг тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглох бөгөөд дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:

      • автобусаар хүн тээвэрлэх үед цагт 80 км;
      • мотоцикл, чиргүүлтэй автомашин цагт 80 км;
      • хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх үед цагт 50 км;
      • механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км;

      Categories
      мэдээ нийгэм

      Мишээл экспо-д “Намрын ногоон өдрүүд” эхэллээ

      Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ “Мишээл ЭКСПО” төвд өнөөдөр эхэлж байна. Өдөрлөгт нийслэл, 21 аймгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа бөгөөд энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

      Энэ жил “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа өмнөх жилүүдийн “Намрын ногоон өдрүүд”-ээс онцлогтой аж.

      Categories
      мэдээ нийгэм

      Утаа, дуу ихтэй автомашины гэрчилгээг түр хураана

      Утаа хаялт ихтэй, дуу намсгуур нь стандартад нийцээгүй зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулж, арга хэмжээ тооцуулахаар оношилгооны төвүүдэд шилжүүлэн ажиллаж байна.

      Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа хаялт ихтэй/, мөн 4.4. Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /бүдүүн яндантай/ зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж агаар орчныг бохирдуулж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч хүн, хуулийн этгээдийн зүгээс үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарал хандуулах шаардлагатай байна.