Categories
мэдээ нийгэм

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн болж байна

Төрийн ордонд болж байгаа зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харъяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна.

“Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үндсэн илтгэл тавьсан бол салбар хуралдаанаар “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит: Шинэчлэл зорилтууд” зэрэг сэдвээр 17 илтгэл хэлэлцэн, цаашдын бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм.

Зөвлөгөөнд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр эдийн засгаа хямралаас гаргах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, татварын тогтолцоог тэгш, шударга болгох, бүртгэл, тайлагнал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын бүтээлч санал санаачилга, хичээл зүтгэл, идэвх оролцоо чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно


МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Ард нийтийн санал асуулгын ирцийг хүргэхийн тулд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх тухай яригдаж эхэллээ. УИХ ямар тохиолдолд тардаг юм бэ?

-Ард нийтийн санал асуулга /АНСА/ юунд зориулагдаж хийгддэг вэ гэдгийг бид харах ёстой. Гурван тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулна гэж хуульд заасан байдаг.

Түүний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөн. Их хурал тарах засаглалын хэлбэр ямар байх эсэхийг асууна гэж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой гарч байгаа улс төржилт.

АНСА явуулаад, эсвэл явуулж чадахгүй байгаа энэ тохиолдолд УИХ тарах ёстой гэх зохицуулалт холбогдох хуулиудад байхгүй. Тэгэхээр өнөөгийн энэ нөхцөл байдлыг улс төржилт гэж харж болно.

-СЕХ-оос Ард нийтийн санал асуулгад 12 тэрбум шаардлагатай гэсэн боловч, УИХ-дээр 30 тэрбум шаардлагатай гэж яригдаж буй. УИХ-ын дарга үүнийг бууруулах чиглэл өгсөн гэж ч мэдэгдсэн.

Ийнхүү хуурамчаар нэмэгдүүлэн төсөв хүрэхгүй байна гэх нэрийдлээр УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх нь гэх хардалт ч байна л даа.

-АНСА-ын тухай хуульд Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд ашиглаж байсан зүйлүүдээ ашиглаж болно гэсэн заалттай байдаг. Тэгэхээр бид сонгуульд хэдэн төгрөгийн зардал гаргадаг юм бэ гэдгийг харах боломжтой болж байна.

Мөн сонгууль шиг ач холбогдол өгөх ёстой байх нь гэж ойлгож болно. Төсвийн асуудлын тухайд шууд тэд байсан гэдгийг би хэлэх боломжгүй. Судлагдсаны үндсэн дээр гарсан төсөв тооцоог УИХ-аар оруулсан болов уу.

Тэрхүү төсөв тооцоо хангалттай гэж СЕХ-ноос тооцсон бол нэмэлт зардал нь юутай холбоотой байсан юм бэ гэдгийг тодруулах ёстой.

Магадгүй ард иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, агуулгыг нь ойлгуулах сурталчилгааны зардлууд орж ирсэн байх гэх таамаг байна.

-Таныхаар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь хэнд ашигтай вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэмлэхүй олонхоороо шийдэж байна гэдэг үүднээс сөрөг хүчин гарч ирж байна.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, санал түүнд давуу эрх үүсгэх байсныг нь болиулсан.

Тэгэхээр буцаад сөргүүлж тавьж байгаа хариу улс төржилт нь засаглалын хэлбэр лүү орж ирж байгаа юм. Засаглалын хэлбэрийг АНСА-аар асуух боломжгүй. Зорилго нь тодорхой.

Олонх дангаараа үүнийг шийдэж чадаж байгаа юм уу, үгүй юу, хэрэв эд нар үүнийг хийчих юм бол засаглалын хэлбэрээр попролт явуулъя л гэж байгаа хэрэг. Ерөөсөө нэг л зүйлийг харах хэрэгтэй.

Эрх баригчид, сөрөг хүчин, улс төрийн намууд, аливаа албан тушаалтнууд өөр өөрийн зүгээс тайлбар тавиад, асуудал дэвшүүлээд байгаа учир нь тэнд эрх ашиг байгаатай л холбоотой.

Тэд Монгол Улсын ирээдүйд, нийгэмд сайнаар тусах зүйл нь юу байв гэдгийг тооцоолж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Засаглалын хэлбэрийг өөрчилснөөр тэрхүү систем нь гацахгүй явна гэдгийг тэр хүмүүс баталж чадах уу.

Тийм загварчлал гаргаж ирсэн юм уу. Гэх мэт нарийн зүйл рүү ороод ирэхээр юу ч байхгүй. Энэ мэт улс төржилтөөс иргэд л хохирно.

Улс төр гэдэг өөрөө эрх мэдлийн салбар. Эрх мэдэл гэдэг өөрт нь байр суурь, албан тушаал, бусад дагалдах ашигт байдлыг үүсгэдэг.

Энэ бол зүй тогтол нь. Тиймдээ ч үүнийгээ алдахгүй байх сонирхол улс төрчдөд үргэлж байх болно.

-Хэрэв энэ УИХ хугацаанаасаа өмнө тарчихвал парламентад муу жишиг тогтох эрсдэлтэй юм биш үү. Энэ нь ямар үр дагавартай шийдвэр вэ?

-УИХ тарахыг санаачлах хоёр субъект бий. Тэр нь Ерөнхийлөгч болон парламентын гишүүд өөрсдөө. Үнэхээр гишүүдийн 2/3 нь бид хугацаанаасаа өмнө таръя гэсэн шийдвэр гаргасан юм уу. Тийм байхгүй л байгаа шүү дээ.

Ерөнхийлөгч парламентыг тараахыг хүсэж байна гэдэг зүйл Энхболдын үед байсан болохоос биш өнөөдөр албан ёсоор “Та нар чадамжгүй байна. Тарах хэрэгтэй” гэсэн саналыг парламентын даргад өгчхөөгүй байна.

Тиймээс үүнийг попролт гэж харах ёстой. Хуулиараа дээрх хоёр субъект санаачилсан тохиолдолд хэлэлцээд тарж болно. Энэ нь эрх зүйн хувьд боломжтой.

-Таван гишүүн гарын үсэг зурахад л УИХ-ыг тараах албан бичиг бэлэн болох нь гэх мэдээлэл ч байна. Магадгүй энэ нь бусад гишүүдийг.гарын үсэг зуруулахын төлөөх шахалт байх л даа. Энэ тухайд?

-Гишүүдийн 2/3-ынх нь гарын үсэг бүрдээд энэ асуудал орж ирлээ ч чуулганы хуралдаан дээр дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй. Дотроо хэр эв нэгдэлтэй байж чадах вэ гэдэг асуудал ч үүн дээр хөндөгдөнө.

Манай улс төрийн намын хөгжил, төрийн бодлогын асуудал урвуу байгаагийн баталгаа нь нам доторх фракцтай холбоотой байдаг шүү дээ.

-Зарим гишүүдийн зүгээс энэ удаад парламентын засаглалын дархлаа хөндөгдөж мэдэх учраас УИХ тарахыг дэмжихгүй гэсэн байна. Яригдаад буй энэ асуудлууд парламентын засаглалын дархлаанд нөлөөлөх үү?

-2020 оны сонгууль болоход сайндаа л хагас жилийн зай байна. Сонгууль дөхөж байгаа нь үнэн. Одоогийн АНСА магадгүй өнөөгийн парламентын дүгнэлт болохуйц үр дүнг гаргана гэж болгоомжилж бас болно.

Гэхдээ энэ хоёр тэс ондоо зүйлс. Нэг нь Их хурлын сонгууль, нөгөөх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ард нийтийн санал асуулгаар энэ өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу гэдгийг л харах хэрэгтэй.

УИХ өөрөө чадамжтай, чадамжгүй байна гэдэг чинь өөр асуудал. Үүнийг эхлээд бид ялгаж харах хэрэгтэй.

Парламент үлдсэн хугацаагаа үргэлжлүүлсэн нь дээр гэж миний хувьд харж байгаа. Нэгмөсөн л ээлжит сонгуулиа хийх хэрэгтэй. Ээлжит бус сонгууль хийхээр дахиад зардал нэмэгдэнэ.

Төвхнөх гэсээр хавар болно. Хаврын синдромыг хөдөлгөнө. Энэ нь өөрөө тун аюултай.

Парламентын засаглал доголдож байна, энэ хэцүү юм байна гэдгээр массыг угаах боломж бүрдэнэ. Тархи угаалтад өртдөг буурангуй нийгэмд институц руугаа хамаагүй орох нь аюултай.

-Эрх баригчид УИХ тарах мэтээр ярьж байгаа ч үнэн хэрэг дээрээ ээлжит сонгуулийн хугацааг нааш нь татах сонирхолтой байгаа ч гэх юм. Энэ нь хэр зөв юм бэ?

-Гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгаад дараагийн сонгууль зарлагдана, ээлжит сонгууль тэдэнд болно гэсэн хуулийн заалттай шүү дээ. Тэгвэл тэр хуулиа яах юм.

Парламентаа дахиад өөрчлөх юм уу. Хуульд юу гэж заасан байгаа юм, түүнийгээ л хараач гэж хэлмээр байгаа юм. Монгол Улс тэр чигтээ улстөрчдийн нийгэм болчхоод байна.

Энэ асуудлаа эргэж харж, цэгцлээч, эрэмбэ дарааг нь хараач ээ гэж хүсмээр байгаа юм. Ээлжит сонгуулийг арваннэгдүгээр сард нааш нь татна, тэр үеэр АНСА нь болно гэж үзэх юм бол бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байна гээд тангараг өргөчихсөн гишүүд чинь яах юм.

Наанадаж сэтгэл ханамжтай байж чадах юм уу. Ямартаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрсон энэ улс төржилт үе шаттайгаар маш их хийгдэх байх гэж бодож байна.

-Гэхдээ УИХ-ын дарга нь өөрөө УИХ-ыг тараах, парламентын засаглалынхаа дархлааг сулруулах зүйлийг яриад байж болох юм уу. Ер нь энэ УИХ-ын үед парламентын засаглал уначихаж байгаа юм биш үү?

-МАН өөреө парламентын сонгуульд орохдоо ямар зорилго тавьсан юм, мөрийн хөтөлбөр нь биелсэн үү гэх зэргээр бодит байдлыг харах юм бол санаанд орсон зүйлээ яриад байж болохгүй л дээ.

Энэ нам зорьсон зорилгынхоо тодорхой хувийг биелүүлэхийн төлөө зорих ёстой. Янз бүрийн шахалт, үгэнд орохгүй гишүүддээ сануулга өгөх тактик байхыг үгүйсгэхгүй.

Түүнээс бүхэн бүтэн 65 гишүүн нэг намаас гарч ирнэ гэдэг амаргүй. Угтаа энэ нөхцөл байдал нь тэдэнд ашигтай шүүдээ. Үүнийг ахалж байгаа хүн нь ийм юм ярьж байгааг харахад дээрх зорилгоор л болов уу.

Спикер бол хурлын үйл ажиллагааг журмынх нь дагуу явуулах, зохион байгуулах, ямар асуудлуудыг ярилцахыг шийддэг энгийнээр хэлэхэд хамгийн том менежер.

Зорилгод мэддэг, асуудлаа ойлгодог, туршлагатай тийм л хүнийг гишүүд сонгож байгаа. Тиймдээ ч парламентын дарга өөрөө тийм зүйл ярьж байгаа нь миний бодлоор сануулга байх.

Хэрвээ УИХ эхлээд “Таръя” гэх санал оруулж ирээд тарахаар болбол нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно гэж ойлгох хэрэгтэй.

Бид өнөөдөр эдийн засгийн хувьд ямар потенциалтай билээ. Мөн бид олон улсад ямар байр суурьтай, Монгол өөрөө хэн юм бэ гэдгээ бодох хэрэгтэй.

Энэ утгаараа бид аль болох тогтвортой, эвтэй байхыг эрхэмлэх нь чухал. Улс төрөөс болж бид хямармааргүй байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбай дээр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх олгох, солих үйлчилгээ үзүүлж байна

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм. Тухайлбал, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалгыг 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно. Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авч, ажлын 5 хоногийн дараа гаргана. СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс гадаад паспортоо очиж авах юм байна.

Төв талбай дээрээс үзүүлэх үйлчилгээнүүд:

  1. Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
  2. Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй/
  3. Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
  4. Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
  5. Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
  6. Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
  7. Барьцааны гэрээ дуусгавар болгох
  8. Хуулбар хийлгэх
  9. Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
  10. Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
  11. Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
  12. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
  13. Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
    Хязгаарлагдмал хариуцлагатай компани
    Холбоо /ТББ/ – Нөхөрлөл
  14. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:- Хуулийн этгээдийн оноосон нэрийн – Хуулийн этгээдийн хаягийн – Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн – Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын – Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны – Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
  15. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох
  16. Төрсний бүртгэлийн лавлагаа
  17. Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
  18. Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
  19. Гэрлэлт сэргээсний лавлагаа
  20. Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
  21. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
  22. Нас барсны бүртгэлийн лавлагаа
  23. Цахим үнэмлэхний лавлагаа
  24. Гадаад паспорт аваагүй лавлагаа
  25. Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
  26. Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
  27. Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
  28. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
  29. Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
  30. Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
  31. Регистрийн дугаарын лавлагаа
  32. Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
  33. 1 дүгээр маягтын лавлагаа
  34. Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
  35. Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
  36. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  37. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  38. Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа авах боломжтой.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас жолооны үнэмлэх нөхөн олгох, солиход бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авахаас гадна жолооны үнэмлэхний лавлагаа олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ бүтэнсайнд НӨАТ-ын сугалааны тохиролтой

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 09 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 09-р сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах, стратеги төлөвлөгөө боловсруулах нь” сургалт явагдаж байна

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улс хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болсон юм. Тэгвэл аюулгүй хот бий болгох зорилтын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт Завхан аймгийн төв Улиастай суманд болж байна.

Сургалтад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа нар оролцож байна.

Түүнчлэн баруун бүсийн таван аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, Завхан аймгийн төр захиргааны байгууллагуудын төлөөллүүд сургалтад хамрагдаж байгаа юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн есөн чиглэлийг түр хугацаагаар өөрчилнө

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамыг хөдөлгөөнийг хязгаарлагдана.

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний

  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
  • Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”
  • Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”
  • Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”
  • Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”
  • Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”
  • ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”
  • ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 19-нд болох үйл явдал

09:00 цагт: “UB Grand” зочид буудалд Ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөнболно. Уг зөвлөгөөнд 21 аймгийн ойн анги орно. Утас: 88054040

09:00 цагт: “Блю Скай” Зочид Буудалд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар”-ыг танилцуулах хурал болно. Утас: 99755726

10:00 цагт: нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт НМХГ-ын зөвлөлийн хурлаар Зочид буудал болон Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийгдсэн хяналт шалгалтыг хэлэлцэнэ. Утас: 91887887

10:00 цагт: МҮХАҮТ-д Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна. Утас: 99090339, 86118404

11:00 цагт: Хангарди ордонд “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлага цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МАХН-ын залуучууд байгалийн баялгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “49 дүгээр гудамж” театрт Монголын моно жүжгийн төвөөс тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Ялагчдын цуваа-2019” моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийн хэвлэлийн хурал болно. Утас: 96117878

12:30 цагт: “Мишээл экспо”-д Намрын ногоон өдрүүд арга хэмжээ эхэлнэ.Е

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цогоо ба бусад

Ертөнц болоод улс гүрнийг шинэтгэгч үүрийн туяа шиг эрин бий. Эрин үе бүхэн өөрийн баатруудтай. Амь насаа биш юм аа гэхэд аж төрлөөс эхлээд хуучин тогтцоор үнэлэгддэг олон “үнэт” зүйлээ золиосолсон мянга мянган баатрууд энэ өглөөг авчирдаг. Тэд бүгдээрээ туг барьсан цуутнууд байдаггүй. 1990-ээд онд эхэлсэн Монголын ардчилсан хувьсгал ч тийм.

Ардчилсан хувьсгалын гол баатруудыг ард түмэн мэддэг. Тэд өнөөдөр ч улс төрийн үйл хэргээ идэвхтэй үргэлжлүүлсээр байна.

Харин зөвхөн сумандаа, гол усандаа ардчиллагч олон зуун мянган хүнийг улс орон мэдэхгүй. Улс хэмжээний шинэтгэгчид ихэнхдээ алдар цуугийн титэм дор марш эгшиглүүлэн алхдаг бол алс хязгаарын шинэтгэгч нар гол төлөв ад шоо үзэгдэн, гадуурхагдсаар мартагддаг. Та нар мэднэ дээ. Сум суманд, хороо хоринд “ардчиллын” хоч зүүсэн гандан бууршгүй хэдэн “ард” байдгийг. Амьдрал ахуй нь ихэнхдээ сүрхийгүй ээ. Ху намынхан бол бүр үзэхгүй. Хуучин цагсан бол “Намын эсрэг бүлэг” болгоод дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөхсөн гэж битүү мөрөөднө. Аргагүй шүү дээ. Өөрөө хэзээ ч дарга болохгүй, болгоё гэхнээ чадахгүй бас өөрөө хүсэхгүй.

Тийм хүмүүс шиг улаан садаа байхгүй санагдана. Уг нь дарга даамал болгочихдог бол аваа өгөө, ашиг сонирхол яриад үг хэлээ олж болмоор… Гэтэл тэгдэггүй. Өрөөлийг ч дарга болгож идүүлж уулгадаггүй, өөрөө ч дарга даамал болж идэж уудаггүй. Ардчилсан хүчний шинэ цагийн зүтгэлтнүүд болохоор нүдэн дээрээ “тэр гуай ч манай партизан хүн дээ” гэж хүндлэх байдал үзүүлэвч цаанаа бөөн тээршаадаг. Нэг талаас нь харахад энэ нийгмийг эрүүл саруул байлгах гол эрэг шураг ч юм шиг, нөгөө нэг харахад хэвийн урагшлах замын саад бартаа ч юм шиг. Гол нь тэдэнд хот газрын хувьсгалчид шиг дасан өөрчлөгдөх бодол сонирхол огт байдаггүй. Орон нутгийн “хувьсгалын хүүхдүүд” үнэн сэтгэлээрээ, хоёргүй нэг санаагаар “өөрийн шударга гэж үзсэн” үйл хэргийн төлөө үздэг байхад улсын хэмжээнд их төвөгтэй. Үнэн мөнөөсөө эсэргүүцээд байна уу? Энэ мөнгөн дээрээ тохиролцох гээд байна уу, ялгахад бэрх. Ер нь бол улсын хэмжээний “хувьсгалчийн роль”-ийг ерөнхийдөө бизнесийн чанартай болсон гэж нийгмийн зүгээс хардах болсон. Аргагүй ш дээ, уул уурхайн баян компаниудтай “хэн нь цоглог тэмцэх вэ” гэсэн уралдаан зарласан аятай л юмс байн байн болдог, тэгснээ алуулаагүй, айлгуулаагүй мөртлөө больчихоод тэдний өрсөлдөгч пүүсийн муу муухайг дуудах аянд мордоно. Нэг ийм, баян компаниуд тойрсон тухайн хэргээ бүтээгээд тугаа буулгачихдаг “явуулын хувьсгалч” олон болжээ. Аа тийм бас зарим нь улс доторх хувьсгалыг орхиод нам дотроо, яамкан дотроо хувьсгал хийнэ гээд үзэж тарж байна. Намаа ч юм уу, яамаа, эсвэл нүхээ үндсээр нь өөрчлөөд хаях нь уу гэхээр үгүй, өөрийнхөө албан тушаалыг л шинэчлээд зогсчихож байна.

Ингээд харахад нийгмийг орвонгоор хувьсган эргүүлэгчдийн үе нэгэнт өнгөрөн одсон бололтой. Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романы баатар болох гурван жинчин Хятадын иргэний дайны үймээн самуун дунд орчихдог юм. Дотор газрын хэл ус, зан заншил мэдэхгүй нүүдэлчин ардууд “хятадууд юунаасаа болж ингэж алалдаад” байгаагийн учрыг тааж ядна. Ингээд хамгийн ахмад болох жингийн даамал Хүрэл өвгөн “Мэдэж ядах юу байх вэ? Зэрэг жинсээ л булаалдаа биз” гэж цэцэн мэргэн дүгнэлт хийдэг. Өнөө хувьсгалчийн туг барьсан олон олон хүний хийж буй “Цаг төрийн үймээн”ийг монголчууд жинчин Хүрэлийн нүдээр харах нь их болж. Дээр нь 1990 оны маягийн хувьсгал хийх гэхээр юутай хээтэй нь самууруулчих гээд хэцүү болчихсныг өнгөрсөн зун харлаа.

Чухамхүү нийгмийг хувьсган шинэтгэж орвонгоор нь эргүүлэх хувь заяатай хүмүүсийн магнайд төрсөн хүн бол бурхан болооч С.Цогтсайхан байлаа. Олон түмэн түүнийг зохиосон дууных нь нэрээр “Хонх”ны Цогтсайхан хэмээдэг. Үнэн хэрэгтээ тэрээр нийгмийг сэрээсэн хувьсгалыг эхлүүлэх хонхыг цохисон баатар. Тэрээр биднийг “Ивээлт намын уриан дуунаар, Илгээлт аваад Говийг зорих” юм дуулан төөрөлдөж явахад хонх цохин сэрээгээд “Албан тасалгааны цонхоор л амьдрал сайхан харагдаж” байгаагаас биш “Рашаантын 18”д шал ондоо байгааг тэр л үзүүлж билээ. Зовж зүдэрч, дээр нь доромжлогдож байгаагаа харсан ард түмэн сэрж босон Сүхбаатарын талбайдаа ирцгээсэн билээ.

Ингэж сэрээж дуудсан хүмүүсийн нэг үнэхээр Цогоо. Ийм хүмүүс хөрч хөшиж царцсан хорвоог орвонгоор нь эргүүлэх гэж төрдөг юм. Хог ургамал дүүрч битүүрэн атаршсан газарт хүмүүсийг тэжээх үр тариа ургуулахын талд хөрсийг нь эргүүлээд ир хэмээн анжис барьсан элчээ Бурхан илгээдэг. Тэдний нэг Цогтсайхан. Хог ургамлаасаа салж элдэншсэн уриншсан талд үр тариа найгахын цагт Бурхад элчээ эргүүлэн дууддаг билээ. Тэдний нэг ч бас Бурхан болооч Цогоо.

Бурхан болооч хэзээ ч “сумын хувьсгалч” шиг амьдарч, хотоос ирсэн Ардчилсан холбооны хүнээс “Ардчиллын од” тэмдэг аваад харьж тэвчихгүй, хурц цолгин нэгэн байсан.

Бурхан болооч хэзээ ч “зэрэг жинсээ голсон” нөхөд хувьсгал ба шинэтгэл, эх оронч үзлийн ариун тугийг барьсан явахыг тэвчиж амьд байхгүй халуун цустай, оргилуун нэгэн байлаа.

Бидний “болж бүтээд байгаа” гэх энэ цагийг Цогоо тэвчиж амьдрахгүй, энэ цаг үе ч Цогоос тэсвэрлэн дааж барахгүй байсан мэт. Ийм болохоор л Цогоо хэмээх нэгэн гайхалтай үзэгдлийг Бурхан бидэнд өгөөд эргүүлэн авсан билээ.

Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр “Цогтсайхан бид хоёр чинь…” гэж ирээд хууч хөөрдөг найз нөхдийнх нь нэг би биш байлаа. Би хэзээ ч түүнтэй аяга тагш юм хуваан ууж, сэтгэлээ нээлцэж явсангүй. Бас хэзээ ч гэр орноороо оролцож ижий ахай бололцсонгүй. Би түүний уран бүтээлийг хүндэлдэг, онгирч хэлэхэд бид бие биеэ харилцан хүндлэлцдэг хоёр байв. Хэрвээ хэрвээ…бол бид нэн дотно анд болох ч байсан байж мэднэ. Учир нь Бурхан болооч манай “Өдрийн сонин”-ы тоймч болохоор шийдсэн байлаа. Ингээд тэрээр ажилдаа жинхэнэ орохынхоо урьд өдөр нэг шар ширээ ачиж ирлээ.

Ардчилсан холбооноос авлаа гэсэн билүү дээ. Ширээгээ нэг уужуу буланд тавиад “За би маргааш энд ирээд сууна. Хоёулаа нийлээд ёстой алж өгнө” гэсэн санаатай үг хэлээд гар барин гарч одсон билээ. Тэгээд маргааш…нөгөөдөр нь… ер нь хэзээ ч ирээгүй. Учир нь тэр бурхан болсон билээ.

2009.01.17

Categories
мэдээ цаг-үе

Б.Мягмаржав: Иргэд гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай утас зэргийг хэрэглэх нь гал түймэр гарахад нөлөөлдөг

Ойрын өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа. Энгийн үед өдөрт гурван дуудлага бүртгэгддэг бол энэ тоо даруй хоёр дахин өсөөд байгаа юм байна. Тэр дундаа айлын гэр шатах тохиолдол нэмэгджээ. Нийслэлийн онцгой байдлын газрын Галын аюулын хор хөнөөл урьдчилан сэргийлэх талаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржавтай ярилцлаа.


-Ойрын өдрүүдэд айлын гэр шатсан тохиолдол олон гарч байна. Галын шалтгааны нөхцөл нь юу байна вэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Үүний талаас илүү хувийг нь ил задгай хог, хогийн сувгийн гал түймэр эзэлж байгаа юм. Шалтгаан нөхцөлийг нь судлаад харахад иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэж гал гарсан байдаг. Нийт дуудлагын 40 орчим хувь нь барилга байгууламж буюу гэр хорооллын айл өрх галд өртсөн байна. Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрх гал түймэрт өртөх тохиолдолд нэмэгдэх хандлагатай байгаа нь хүйтэн сэрүүний улирал ойртож байгаатай холбоотой. Айл өрхүүд гал түлж, цахилгаан халаагуур хэрэглэж эхэлсэн. Иргэдийн санамсар болгоомжтой л холбоотой асуудал. Цахилгаан тоног төхөөрөмж, зуух нь галын аюулгүй байдал хангагдсан эсэхийг мэргэжлийн хүмүүс дуудаад үзүүлэх нь өөрийнхөө өмч хөрөнгийг эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Манай байгууллагаас айл өрх бүрт төлөвлөгөөт ажлын хүрээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхааруулна. Гарч буй гал түймрийн дуудлага бүрт судалгаа хийж галын аюулын эрсдэлийг нь анхааруулаад байхад л хайхрамжгүй үйл явц гаргаснаар эд хөрөнгөөр хохирсон тохиолдол байгаа.

-Цахилгаан, монтажаас үүдэж гал гарах тохиолдол олон байх. Иргэд юуг анхаарах вэ?

-Гэр хорооллын түвшинд гарч байгаа галын дийлэнх хувь нь цахилгаан ашиглалт, угсралтын буруутай ажиллагаатай холбоотой байна. Энгийнээр тайлбарлая л даа. Ирэн Бат 2003 онд хувийн байшин барилаа. Тухайн үед шинээр цахилгааны утас тавина. Энэ утасныхаа дундын ашиглалтын засварыг хийдэггүй. Хэдэн жил хэрэглээд ирэхээр тухайн утсанд хэт ачаалал үүсч байгаа юм. Орон байрныхаа цахилгаан хэрэглээг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол олон. Мөн цахилгааны утсанд механик хэлбэрээр холболт хийнэ. Цахилгааны утасны голчийн эсэргүүцэл, ачаалал даах чадвар нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Манайхан энэ бүхнийг нарийн судлалгүй хооронд нь залгадаг. Энэ нь цахилгаанаас үүдэж гал гарах эсрдэлд хүргэж байгаа юм.

-Галын гамшиг хэлж ирдэггүй. Хувийн сууц барихаар зэхэж буй иргэдэд та ямар материалыг санал болгох вэ. Ямар материал галд тэсвэртэй байдаг юм бэ?

-Ямар хүн ямар түвшний байшин барилга барьж байгаагаас шалтгаалах байх даа. Зориулалтаасаа шалтгаалаад байшин барилгын материалын үнэ ханш өөр өөр тусна. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангахад нэн чухал зүйл нь барилга байгууламжийн хийц болон цахилгааны дотуур монтаж юм. Ачаалал даах сайн чанарын нэг утсаар төрөлжүүлж холбох хэрэгтэй. Барилга байгууламжийн галд тэсвэржилтийн зэрэг гэж байдаг. Модон барилга бол галд тэсвэржилтийн тавдугаар зэрэгтэй. Шаталт өндөртэй гэсэн үг шүү дээ. Нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа хувийн сууц бүхий барилга байгууламжийн цөөнгүй хэсэг нь тоосго, модон каркасаар хийсэн байдаг. Гал тэсвэржилтийн гуравдугаар зэрэгтэй гэсэн үг. Барилга барихаар зэхэж буй иргэд галд тэсвэржилтийн зэрэг өндөртэй, галд тэсвэрлэн шатдаг материалыг сонгох нь зохистой. Хувийн хэвшлүүд гаднаас барилгын материал оруулж ирэхдээ Гамшиг судлалын хүрээлэнгээр үнэлүүлж, шинжилгээ хийлгэх нь цөөнгүй байдаг. Харин томоохон аж ахуйн нэгж байгууллагууд нь барилга барихдаа материалаа галын сорьцын шинжилгээнд хамруулдаг болсон байна лээ. Энэ шинжилгээгээр дан ганц гал ч бус газар хөдлөлтийн үеийн тэсвэр нь ч давхар гарч ирдэг. Иргэд ч шинжлүүлээд хэвших л хэрэгтэй. Манайд өнөөдөр хэвшээгүй байна л даа. Өнөөгийн нийгмийн дутагдалтай тал гэж ойлгож болно. Гэхдээ хуучны үеийг бодвол тодорхой хэмжээнд байгууллагууд барилгын материалаа шинжлүүлдэг болоод байгаа.

-Одоо цаг агаар улам л сэрүүснэ. Галлагаа нэмэгдэнэ. Тэр хэрээр гал түймрийн эрсдэл нэмэгдэх үү?

-Ес эхлэхэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. Өглөө гарахдаа зуухаа дүүртэл галлаад л эзгүй орхино. Энэ хооронд пийшин, зуухны аюулгүй байдал нь хангагдаагүй айл өрх галд автах өндөр эрсдэлтэй. Иргэд өөсрдөө орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаад сурчих ёстой. Дараа нь урь ороход зусландаа буусан айл өрх зориулалтын бус газар өвс, хог шатааж байгаад гал алдах тохиолдол элбэг. Мөн гагнуур хийж буй иргэдийн сонор сэрэмжгүйгээс хамаарч галд алдах эрсдэл бий. Удахгүй шөнийн тариф хэрэгжинэ. Иргэд цахилгаан ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаагүй байж цахилгаан халаагуур ашиглана. Үүнээс өмнө цахилгаан дамжуулах утас энэ хэрэглээг бүрэн дааж чадаж байна уу гэдгийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах хэрэгтэй. Мөн эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх, үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох, тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх, гэр сууцны цахилаан дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх, эсвэл хянуулах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа нэг хэлбэр юм. Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь 25А-ын автоматын даах чадлаар хязгаарлагддаг тул цахилгаан хэрэгслийнхээ чадамжийг шалгуулах нь зөв. Чадамжаас үндэслээд халаагуур залгахад ерөнхий монтажны утас ачааллаа даах уу гэдгийг тодорхойлуулах нь чухал. Жишээ нь, нийтийн байранд амьдардаг иргэд тухайн сууцныхаа цахилгаан монтаж ямар зориулалтаар хийгдсэнийг тодорхойлсны үндсэн дээр халаагуур зэргийг залгах хэрэгтэй. Нэмээд хэлэхэд халуун үнс нурмаа хийх зориулалтын сав бэлтгэх, пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангах нь зүйтэй.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсад Төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.