Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй дэн буудлуудын тусгай зөвшөөрлийг цуцална

Өнөөдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зөвлөлийн хурлаар зочид буудлуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ.

Шалгалтад хамрагдсан 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж, ахуй нэгжээс нийт 393 зөрчил илэрч, 28,6 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан байна.

Буудлуудын ажилчдын 49 буюу тал хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, маш их хэмжээний гэдэсний халдвар, савханцар, нян бактер илэрсэн, ахуйн цагаан хэрэглэлээ угааж, ариутгадаггүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг, зориулалтын бус байшин, барилгатай гэх мэт ноцтой зөрчлүүд ихээр илэрчээ.

Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын зөвлөлийн хурлаар шалгалтад хамрагдсан 39 дэн буудлаас их болон дунд зөрчилтэй 34 дэн буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлэхээр болов. Мөн ажилчид нь шинжилгээнд хамрагдаагүй зочид буудлуудын нэр, хаягийг ил болгож, иргэдэд анхааруулах үүрэг өглөө.

Үүнээс гадна зочид буудал болон дэн буудлын хажууд, зориулалтын бус өрөөнд ариун цэврийн шаардлага хангаагүй гоо сайхны газруудыг гаргах шаардлагыг холбогдох газарт хүргүүлэхээр боллоо.

Categories
гадаад мэдээ

Индонезийн эмэгтэйчүүдийн гэрлэх доод насыг хуульчилжээ

Индонезийн одоогийн хууль тогтоомжид зааснаар охидыг 16 настайгаас, хөвгүүдийг 19 настайгаас гэрлэхийг зөвшөөрдөг байна. Тэгвэл тус улсын парламент насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн гэрлэх доод насыг 19 болгон нэмэгдүүлжээ. Индонезийн Төлөөлөгчдийн танхимын цахим хуудаст дурдсанаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэрлэлтийн тухай хуулийг шинэчлэн найруулах талаар санал нэгдсэнийг онцолсон байна. Индонез улс нь насанд хүрээгүй сүйт бүсгүйн тоогоор дэлхийд наймдугаарт бичигддэг байна. Энэ талаар “Girls Not Brides” байгууллагаас мэдээлжээ. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн гаргасан тайланд Индонезид охидын 14 хувь нь 18 наснаасаа өмнө, нэг хувь нь 15 наснаасаа өмнө гэрлэдэг гэжээ. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь ядуурал, нийгмийн дэг журам, ёс заншил, шашны номлол аж. “Girls Not Brides”-ийн Гүйцэтгэх захирал Рейчел Йейтс “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Индонезийн парламентын шийдвэр нь охид, хөвгүүдийн амьдралд адил боломж олгохыг хүлээн зөвшөөрөх эерэг алхам болж байна” гэв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд нэвтрүүлэх, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг GIZ байгууллагын төслийн нэгж, Жендэрийн Үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Долгор, шинжээч Ш.Солонго нар гүйцэтгэжээ. Эдгээр судалгааны дүнд суурилсан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг нийслэл, дүүргүүд дээр байгуулсан ажлын хэсгүүд оролцоонд суурилсан аргачлалаар боловсрууллаа. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас НЗДТГ-т албан ёсоор нийслэл болон хоёр дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа жендэрийн дэд хорооны даргын хувьд СХД, БЗД-ийн дүүргүүдийн дэд хөтөлбөрийн төслийг Засаг даргын орлогч нарт нь гардуулж өгөв.

Нийслэлийн дэд хөтөлбөрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, НИТХ-ын чуулганаар 2019 онд багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөж холбогдох хүмүүст чиглэл өглөө. Тус хөтөлбөрүүд батлагдсанаар нийслэлийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, орон нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломж нэмэгдэх юм.

Categories
гадаад мэдээ

Орос, Хятадын засгийн газрын тэргүүнүүд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав

ОХУ-ын Санкт-Пететрбург хотноо мягмар гаригт ОХУ, БНХАУ-ын ерөнхий сайд нар уулзжээ. Энэ нь хоёр орны гүйцэтгэх засаглалын тэргүүнүүдийн 24 дэх удаагийн уулзалт болж байгаа юм. Талууд олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон юм. Мөн хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн байна. Уулзалтын төгсгөлд хоёр орны Засгийн газрын тэргүүнүүд “хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Өдөр хоног өнгөрөх тусам УИХ ажиллах чадамжгүй нь батлагдаж байна

МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус нам өнөөгийн УИХ-ыг цаашид үйл ажиллагаа явуулах ёсзүйн эрхгүй, хуульзүйн чадамжгүй хэмээн үзлээ. Тиймээс парламентыг хугацаанаасаа өмнөх тарах шаардлагыг гаргаж, УИХ-д хүргүүлж буй аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өдөр хоног өнгөрөх тусам УИХ ажиллах чадамжгүй нь батлагдаж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь анхнаасаа хууль бусаар эхэлсэн. УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан төслөөс шал өөр зүйл хэлэлцсэн. Дараагийн үйл ажиллагаанууд нь бүхэлдээ Үндсэн хуулийг зөрчсөн. Тэр хууль бус ажлаасаа бултахын тулд иргэдээс асууна гэж ард түмнийг хам хэрэгтэн болгох гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Техникийн болон онолын сургалтууд зохион байгуулагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд техникийн болон онолын нийт 19 төрлийн сургалтыг зохион байгууллаа.

Эдгээр сургалтууд нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтан болон томилгоот бие бүрэлдэхүүний гамшигтай тэмцэх аргазүйг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

Онолын болон танхимын сургалтаа бататгах, гамшгаас хамгаалах арга ажиллагаанд харилцан туршлага солилцох зорилгоор Монгол, Америкийн аврагчид газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх дадлага, сургуулийг энэ сарын 21-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” сэдэвт олон улсын хурал боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ( MEFIN)-тэй хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” сэдэвт төр, хувийн хэвшлийн олон улсын зөвлөлдөх ээлжит VII уулзалтыг Улаанбаатар хотноо есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уулзалтыг нээж СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, GIZ RFPI ASIA III төслийн удирдагч Антонис Малагардис, GIZ Mongolia OIC байгууллагыг төлөөлж хатагтай Биети Диппмар нар үг хэлсэн.

Уулзалтаар тус сүлжээний ( MEFIN) байнгын гишүүн орнуудад болох Филиппин, Индонез, Пакистан, Шри Ланка, Вьетнам улсаас болон ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Швейцар, Герман улсаас төлөөлөгчид ирж, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалын эрхзүйн орчин ба зохицуулалт, бизнес загвар, технологид суурилсан даатгал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд туршлага солилцох боломжийг олгосон юм.

Хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалын талаар нэгдмэл нэг ойлголттой байх тухай болон хууль эрх зүйн зохицуулалт, технологийн дэвшил, оролцогч бусад улс орнуудын туршлага, уур амьсгалын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох гол зорилтот бүлэг, зорилтот түвшин зэрэг асуудлыг онцлон хэлэлцлээ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын 80 иргэнийг саатуулжээ

ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны хил хамгаалах газраас Умард Солонгосын 80 иргэнийг саатуулсан талаар мэдээлжээ. Уг хэрэг өчигдөр гарсан байна.

Тус албаныхан тэнгисийн биологийн нөөцийг хамгаалах арга хэмжээний үеэр ийн илрүүлжээ. Хулгайгаар загасчилж байсан тэднийг саатуулах үеэр эсэргүүцэн гал нээжээ. Энэ үеэр Оросын гурван хилчин шархадсан байна. Оросын хил хамгаалагчид Умард Солонгосын загас агнуурын хоёр хөлөг, 11 моторт завийг саатуулсан аж. Хууль бусаар хил зөрчин загас агнах асуудал нэг бус удаа гарч байжээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Умард Солонгосын тал 15 хүнтэй Оросын загас агнуурын хөлгийг саатуулаад суллаж байжээ. Болсон явдалтай холбогдуулан БНАСАУ-ын хэргийг түр хамаарагч Жин Жонг Хёпийг ОХУ-ын гадаад хэргийн яаман дээр дуудсан байна. Жин Жон Хёп хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд тайлбар хийхээс татгалзжээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ыг зорино

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин удахгүй АНУ-ыг зорино. Тэрээр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулганд оролцох юм байна. Гэвч энэ нь айлчлалынх нь гол зорилго биш бололтой.

Өмнөд Солонгосын төрийн тэргүүн юуны өмнө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай яриа хэлэлцээ хийхийг чухалчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АНУ ба Умард Солонгосын хоорондох яриа хэлэлцээг сэргээх тал дээр бүхий л талаар хүчин чармайх юм байна.

Ажиглагчдын үзэж буйгаар БНСУ-ын төрийн тэргүүн энэхүү үйлдлээрээ Солонгосын хойгийн асуудлаарх зуучлалын үүргээ идэвхжүүлэх гэнэ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Д.Трампыг Пхеньянд урьсан тухай мэдээлэл цацагдсан удаатай. Харин АНУ-ын ерөнхийлөгч энэхүү уулзалтад бэлгэлгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Мүн Жэ Ин Нью-Йоркт очих тухай мэдээлэл цацагдахаас хэд хоногийн өмнө тэрээр НҮБ-ын Ерөнхий ассамблейд улсаа төлөөлүүлж ерөнхий сайд Ли Нак Ён эсхүл Гадаад хэргийн сайд Кан Гён Хва нарыг явуулах талаар хөндөж байсан. Гэвч шийдвэрээ өөрчлөн өөрөө оролцохоор болсон. Тэрээр энэ боломжоо ашиглан умард хөрштэйгөө харилцаагаа сэргээхээр чармайж байна.

Учир нь сүүлийн хэдэн сар Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийн асуудлаар АНУ, БНАСАУ-ын хооронд зуучлах улс хэрэггүй гэсэн удаатай. Ким Жөн Ун мөн “Хоёр Солонгос хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж өнгөн дээрээ хэлэх авч юу ч хийхгүй байна” хэмээн шүүмжилсэн.

БНСУ-ын төрийн тэргүүн есдүгээр сарын 22-нд Нью-Йоркт очих юм. Тэрээр тус хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлнэ. 74 дэх тус чуулган есдүгээр сарын 17-нд эхэлжээ. Энэ удаагийн чуулган “Ядуурлыг арилгах, чанартай боловсрол, цаг уурын үйл ажиллагаа, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт хүчин чармайлтыг дэмжих” сэдвийн хүрээнд болж буй юм. Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтэрриш, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Тиджани Мохамед Бунди, НҮБ-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид оролцжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулган есдүгээр сарын 16-нд өндөрлөсөн аж.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2019” олон улсын сургалтаар аврагчдад техникийн болон онолын мэдлэг олголоо

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд техникийн болон онолын нийт 19 төрлийн сургалтыг зохион байгууллаа.

Эдгээр сургалтууд нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтан болон томилгоот бие бүрэлдэхүүний гамшигтай тэмцэх аргазүйг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

Онолын болон танхимын сургалтаа бататгах, гамшгаас хамгаалах арга ажиллагаанд харилцан туршлага солилцох зорилгоор Монгол, Америкийн аврагчид газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх дадлага, сургуулийг энэ сарын 21-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.