Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ нүхэн жорлонд унагаж амь насыг нь эрсдүүлж байгаа эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэе

Энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутагт ой зургаан сартай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн зургаадугаар сараас хойш бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барж буй дөрөв дэх тохиолдол нь энэ болж байна.

“Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хоёр настай хүү нүхэн жорлонд унаж нас баржээ” гэх мэдээлэл одоогоос гуравхан сарын өмнө цацагдаж байлаа.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Аварга тосон” нуурын ойролцоо “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газарт эмээтэйгээ хамт амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг наадмын өмнөхөн л бүртгэгдсэн.

Баянгол дүүргийн X хороо, Зүүн нарангийн аравдугаар гудамжны … дугаар тоотод энэ сарын 3-ны өдөр ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэргийн мөрөөр манай сонины сурвалжлах баг ажиллаж сэрэмжлүүлж л байсан.

Эмгэнэлт явдлаас хоёрхон өдрийн дараа хэргийн газарт очиход ой таван сартай хүүгийн амь авч одсон хар жорлонгийн хаалга нь дэлгээстэй л байсан. Энэ хэргийн жишээнүүд манайханд сургамж болохгүй л байна.

Ой таван сартай нялх үрээ нүхэн жорлонд алдсан гэр бүлийн нулимс гүйцэд хатаагүй байхад дахин нэг хүүхэд хар нүхэнд унаж тарчилж нас барлаа.

Нэг үе манайхан нялх үрсээ хэдэн арваар нь халуун тогоонд шалзалж байсан бол нүхэн жорлон гэх аюулын харанга нүүрлээд байгааг дээрх жишээнүүд илтгэж байна.

Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ой зургаан сартай охин нүхэн жорлонд унасан хэргийн мерөөр сурвалжиллаа.

Тус хороонд 2,510 өрхийн 11,365 иргэн амьдардаг ажээ. Энэ нь нийслэлдээ томоохонд тооцогдох үзүүлэлт юм байна.

Хүн амын дийлэнх нь гэр хороололд аж төрдөг тус хороонд хүн амын нягтаршил их. Улсаас олгосон 0.7 га газарт амьдарч байгаа айл өрх энд ховор юм.

Улсаас олгосон 0.7 га газраа хэд хуваачихсан байх тохиолдол олон. Алга дарам газарт амь тэмцэж амьдарч байгаа айлууд энэ хороонд хэдэн зуугаараа байна.

Гэрээс гарахад л хамар дээр нь хаалга нь саваатай жорлон байх нь энэ хороонд бол энгийн үзэгдэл бололтой.

Ой зургаан сартай охин эндсэн хэргийн газарт очиход ч ийм л зураг харагдлаа. Жижигхэн модон хашаанд нэг давхар тоосгон байшин барьжээ. Байшингаас гараад л баруун урагш тав алхмын зайд модон жорлонг барьсан байна. Эрүүл ахуйн тухайд яриад ч хэрэггүй.

Гүйцэд хөлд ороогүй нялх хүүхэд түүртэх юмгүй мөлхөөд очих зайд хоёр метр орчим гүнзгий хар нүхтэй жорлон харагдлаа.

Асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй, хэнэггүй зангийн хар гайгаар хоёр метр гүнзгий хар нүхэнд ой зургаан сартай охин унаж амь насаа алджээ.

Хэргийн газарт Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ажиллаж охины цогцсыг гаргасан байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байгаа.

Өнөөдөр хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Хүнд тэр бүр анзаарагдахгүй байна л даа. Энэ асуудал дээр төр засгаас айхавтар том зүйл шаардахаас илүү өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр гэрээ нэг тойруулаад ажиглачих.

Аюултай зүйл юу байна анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ.

Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн байцаагч очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачхаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд очиж татаад л түлэгдэнэ шүү дээ.

Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Саяхан л жаахан хүүхэд тогонд цохиулаад нас барсан.

Орон сууцын иргэд ч анхаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, сэрэмжлэх хэрэгтэй байна. Аюултай зүйл юу байна. Зас” гэсэн юм.

Нэг үе хүүхдүүд халуун тогоонд хэдэн арваараа түлэгдэж байхад НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч манайд ажиллах үеэрээ “Эцэг эхчүүд хүүхдээ халуун тогоонд түлж байгаа нь нялх үрсийнхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг мөн” гэж хэлж байсан удаатай.

Барууны оронд бага насны хүүхэд ахуйн осолд өртсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдад нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.

Хүүхэд төрүүлсэн бол эрүүл аюулгүй орчинд, өлсгөлгүй өсгөх эцэг эхийн үүрэг гэж Үндсэн хуульд заасан байдаг.

Хүүхдээ хараа хяналтгүй орхиж, хайхрамжгүй, хөнгөн хуумгай хандаж үүргээ биелүүлээгүй асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх цаг ирсэн байна.

Хайхрамжгүй эцэг эх, асран хамгаалагчдын хар балгаар нэг зуны дотор л цэцэг, цэврүү шиг дөрвөн нялх үр хар нүхэнд унаж тарчилж нас барлаа. Өмнө нь энэ ч төрлийн хэрэг цагдаагийн байгууллагад хэдэн зуугаараа бүртгэгдэж байсан юм байна.

Нийслэлд нүхэн жорлонтой 200 гаруй мянган өрх бий. Хөдөө орон нутагт ч олонх нь нүхэн жорлон л хэрэглэдэг. Цаашдаа хэдэн зуун хүүхэд хар нүхэнд унаж амь насаа алдахгүй гэсэн баталгаа алга.

Гэр хороолол руу ороод захын айлын хашааны завсраар шагайхад л жорлонгийн хаалга дэлгээстэй байгаа нь илт харагдана. Нялх үрсийг нүхэн жорлонд дахин алдахгүйн тулд стандарт тогтооё.

Хороо дүүргийн цагдаа нар хяналт тавьж жорлонгийн хаалга нь дэлгээстэй айл өрхүүдэд сануулга өгч, алдаа дутагдлаа арилгаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч байя.

Гудамжид нус, цэрээ хаях, тамхи татах, замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацах төдийд л шууд торгодог болсон шүү дээ.

Хүүхдийн аминд халтай стандарт бус жорлон ашиглаж байгаа айл өрхүүдийг торгох зүйл заалтыг Зөрчлийн тухай хуульд суулгаж өгье. Хаалга нь дэлгээстэй жорлонд таны хүүхэд биш юм аа гэхэд, танайд зочилсон хэн нэгний хүүхэд унаж амь насаа алдахгүй гэх баталгаа алга.

Хүүхдээ нүхэн жорлонд унагаж амь эрсдүүлж байгаа эцэг, эхчүүд бол хүний амь бүрэлгэж байгаа гэмт хэрэгтнүүд мөн.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2019” олон улсын сургалт команд штабын сургуулиар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран найм дахь удаагаа Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль команд штабын сургуулиар үргэлжилж байна.

Команд штабын сургуульд Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг,Төрийн цэргийн байгууллагууд,Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын 200 орчим төлөөлөл оролцож байгаа юм.

Оролцогчид бүлэгт хуваагдан газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, үер, хүн, малын гоц халдварт өвчин, орон нутгийн онцлогоос хамааран үйлдвэрлэлийн осол, галт тэрэгний болон зам тээврийн осол, химийн хорт бодисын алдагдал зэрэг цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Сургалт, дадлага сургууль нь гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн байгууллага 1691 иргэнд үйлчилжээ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 09 дүгээр сарын 19-ны Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр улсын бүртгэлийн ерөнхий газраас нийт 20 гаруй төрлийн үйлчилгээг 1691 иргэнд газар дээр нь шуурхай хүргэж, 5281 иргэнд гарын авлага тарааж, 3001 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Үүнээс иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 1365, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 74, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 92, архивын чиглэлээр 160 иргэнд лавлагаа олгож үйлчиллээ. Энэ өдөр улсын бүртгэлийн байгууллага үйлчлүүлэгч ихтэй, ачаалал өндөртэй ажилласан бөгөөд нийт үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн дийлэнх хувийг иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэд эзэлж байсан юм. Өөрөөр хэлбэл нийт үйлчилгээ авсан иргэдийн зөвхөн 1254 нь хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэхээ авахаар хандсан. Эдгээр иргэдийг чирэгдүүлэхгүй, үйлчилгээг газар дээр нь хүргэхийн тулд зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч, ажиллаж буй албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлж ажилласны үр дүнд дээрх иргэдийн үнэмлэхийг өдөрт нь хэвлэж 21.00 цаг хүртэл тарааж олгов. Нээлттэй өдөрлөгөөр улсын бүртгэлийн ерөнхий газрын нийт 80 гаруй албан хаагч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байрлах 5 буудлаас 7 буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн байхад нь баривчилжээ

Өнгөрсөн шөнө Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүүг хар тамхины хэрэглэсэн байх үед нь цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Тодруулбал, дуучин Б.Амархүүг нэгэн зочид буудлын гадаах зогсоол дээр өөрийн улаан өнгийн бенз автомашиндаа байхад нь баривчилсан бөгөөд автомашинд нь болон гэрт нь нэгжлэг хийгээд цагдан хорих байр луу авч явжээ. Түүний гэр тухайн зочид буудлын дээд давхарт байрладаг байна. Уг хэргийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ-ны нээлттэй өдөрлөг эхэлж байна

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх нээлттэй өдөрлөг үргэлжилж байна. Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам 08.30-17.30 цаг хүртэл Сүхбаатарын талбайд нээлттэй ажиллана.

Тус яамны нээлттэй өдөрлөгийн үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн кадастрын лавлагааг үнэ төлбөргүй авах боломжтой. Мөн сайжруулсан түлш, гэр байшингийн дулаалга, мөнгөн усны хор хөнөөл, усны бохирдлыг бууруулах арга зам зэрэг мэдээллийг авах боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн дуртай нь зарласан хэвлэлийн хуралд гүйж очмооргүй байна

Нэрт тоймч Александр Гоерлах популистууд хэвлэлийнхний номер нэг дайсан гэж хэлсэн юм. Популист улстөрчдийн нийгэмд нөлөөлөх нөлөөллийн хор уршиг их байдаг. Манайхан сүүлийн үед популист улстөрчдөө попууд гэж нэрлэх болсон. Попууд улстөрчдөөр хязгаарлагдахгүй. Ямар ч хамаагүй аргаар юу ч хамаагүй яриад өөрөө тодорч, өрөөлд гай тарьдаг попууд манайд зөндөө.

Тэд ардчилсан нийгэмд хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдгийг мэддэг, тэрийг далимдуулж юу дуртайгаа, хаа дуртай газраа ярьдаг болж. Үр дүн нь нийгэмд хортой . Тэр хэрээр хэн дуртай нь хэвлэлийн хурал зарлах юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч тоймгүй олон болж. Дэргэдээ хэвлэлийн хурал хийдэг төвүүдтэй нь ч олон юм. Хэвлэлийн хурал хийх заалны үнэ ч хямдхан юм. Ингээд дуртай нь очоод хэвлэлийн хурал хийх бүх боломж бүрдлээ. Тэнд нөгөө үй олон хэвлэлүүд нь очно. Үзэж барахааргүй олон телевиз нь оройжин баахан хэвлэлийн хурлууд дамжуулна. Өмнөговийн нэг томоо биетэй эр нус нулимстайгаа хутгалдчихсан хэнгэнэтэл уйлаад телевизээр оройжин гарлаа. Санаандгүй харсан хүн бол ихэд эмгэнэлт явдал тохиолдож дээ гэж бодохоор. Лавлаад сонссон газар нутгаа ухуулахгүй гэж уул уурхайн компанийг эсэргүүцэж тэмцэж байгаа юм гэнэ. Үнэхээр л төрсөн нутаг усанд нь уул уурхайн компани хууль зөрчөөд сүйд хийсэн юм байх гэж л хүн бодохоор. Арай мэдээлэлтэй, юмны наад цаадахыг боддог зарим нь нэг их итгэсэн ч үгүй. Маргаашнаас нь л өнөөх тэмцэгч маань нинжа байсныг илчилсэн зураг нийтэд дэлгэгдлээ. Хэвлэл мэдээллийнхэн иймэрхүү мэдээллийг ялгаж салгаж олон нийтэд дамжуулж баймаар юм. Улс орны язгуур эрх ашигт харшилсан, популизм хийсэн, хэт хувийн шинжтэй, ач холбогдол багатай, цаад далд санаа нь ойлгомжтой, хэвлэлийн хурлууд руу хошуурцгааж, нийтэд түгээж дамжуулахаа зогсооё. Сүүлдээ өөрөөс нь өөр хэнд ч хамаагүй, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодсон, асуудлаар хэвлэлийн хурал зарлаж уйлалддаг боллоо. Өөрийнхөө эрх ашгийг зүгээр нэг яриад зогсохгүй, өрөөлийн нэр хүндэд халдахыг нь яана. Зарим хэвлэлүүд шууд лайв хийж байтал хэвлэлийн хурал хийж байгаа нөхөр цээжээ дэлдэн нүцгэлж, цочтол орилоод явчихна.

Хэвлэлийн хурал шууд явж байхад түмний нүдэн дээр өөрийгөө шатааж байсан хүнийг санаж байна. Ийм үйлдэл айдас хүйдсээс өөр нийгэмд нөлөөлөх юм юу байхав дээ. Хамгийн сүүлд Чөлөөт бөхийн дэлхийн аваргад охиноо явуулсангүй гэж нэг нэг аав хамаг хувцсаа тайлаад шидчихлээ. Охиныг нь явуулахгүй бол амиа хорлоно гэж айлгаж байх юм. Аминаас нь үнэтэй ямар гээчийн тэмцээнд уралдаан гээч вэ. Чөлөөтийн дэлхийн аваргад явахыг Чөлөөт бөхийн холбоо энэ тэр нь дүрэм журмынхаа дагуул шийддэг байлгүй дээ. Аав болгон охиноо явуулна гээд тэмцээд эхлэх юм бол дүрэм журам, холбоо энэ тэр нь байгаад ч яах билээ дээ. Дур дураараа хэвлэлийн хурал хийгээд л хамгийн хүчтэй хашгирсан аавын охин тэмцээнд явчихдаг бол хамаа алга. Угтаа бол хэний ч охин тэмцээнд явсан байлаа ч ялалт байгуулж, медаль авчирна гэдэг баталгаагүй шүү дээ. Секундын хооронд л атганд орчихлоо гэж андуурсан алтан медаль хөлийн ганц гишгэгдлийн алдаанаас л алдуурч оддог шүү дээ.

Манай хэвлэлийнхэн хэн нь хэн бэ, хэн нь юу ярьдаг билээ гэдгийг мэддэг болсон доо. Өнөө хэн хэвлэлийн хурал зарлаж. Өнөөхөө л ярина биз гээд очдоггүй олон тохиолдол байдаг биз дээ. Мөнгийг нь аваад хэвлэлийн хурал хийхийг зөвшөөрсөн байгууллага л ичсэн нүүрэндээ мэдээллийг нь хүргэж, өнөө хүн ганцаар ярьж, өөрөө асуултад хариулсаар гарах нь бий. Энэ мэтчилэн торойтол нь үлдээгээд тоож очихгүй байвал дахин дахин мөнгө төлж хэвлэлийн хурлын заал түрээслэхээ болих биз. Түүнээс биш хэн дуртайгийнх нь үгийг дамжуулаад байвал хэвлэл мэдээллийн нэр хүнд унаад байна.

Өнгөрсөн жил МАН-ын Бага хурал болоход эрх баригчид хаалттай хуралдана гэж хэвлэлийнхнийг хүйтэнд хөөгөөд гаргаж байсан. Дараа нь хэвлэлийн бага хурал зарлахад хэвлэлийнхэн бойкот хийж, энэ хурлынх нь талаар олон нийтэд мэдээлэхгүй гээд хаяад гарч байсан. Хэлэх үггүй л үлдэж байсан. Нэгдэж нийлээд эсэргүүцвэл болдог л юм билээ.

Нийгэм муухай болж байна гэвэл хэвлэлийнхэн бидний оролцоо ч бас байсан. Тиймээс нийгмээ эрүүлжүүлэх, сайн мэдээ, ач холбогдолтой, бодит мэдээллийг хүргэж байя. Өмнө нь хэвлэлийн бага хурлыг нийгмийн сор болсон хүмүүс хийдэг байлаа. Гэтэл одоо хүний охиныг явуулахгүй өөрийн охиноо тэмцээнд явуулах гэж, эсвэл уул уурхайн компаниудаас шантаажны мөнгөө авч чадахгүй болохоороо л ийм ч төрийн бус байгууллага, тийм ч эх оронч, тэмцэгч гээд нэг л их хахир хоолойгоор чанга дуугарсан, ааг омгоо багтааж ядсан хүмүүс шүлсээ үсчүүлэн нийгмээр нь доромжилж байна. Зарим нь бүр тогтмол хэвлэлийн хурал хийнэ. Хэсэг мартагнаад ирэхээрээ л сануулах гэдэг юм уу, эсвэл шантаажны мөнгө нь дуусч эхэлдэг юм уу, магад зарим нь од болох гэж, нийгэмд танигдах гэхээрээ хэвлэл мэдээллийнхэн биднийг ашиглаад байна шүү дээ. Эднийг ингэж давраахаа больцгооё. Ямар ч бодлогогүй, ямарч цензургүй дуртай нь яриад, тэрийг хэвлэлийнхэн дамжуулаад байвал олон нийтийн мэдэх эрхэнд бид ч бас халдаж байгаа хэрэг шүү дээ. Тэднийг дамжуулснаараа бид өнөөх хувийн ашиг сонирхлоороо хурал зарласан нөхөдтэйгөө адилхан болчихоод байна. Зөв буруу, худал үнэн мэдээллийг ялгаж салгаж, цензур тавих хэрэгтэй . Хүүхдийнхээ төлөө тэр холбоон дээр нь очоод хашгирах эрх нь тэр хүнд бий. Муу муухай юм ярьж, муухай үйл хийвэл, шуналаа гүйцэлдүүлмээр байгаагаа илэрхийлмээр бол ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий газартаа очоод л ярь. Тэдний хувийн асуудал, хувийн шунал нийтэд хамаагүй.

Хэвлэлийн хурал зөндөө зарлагддаг. Ихэнх нь л нэг байгууллага өөрийнхөө асуудлыг ярьдаг. Эсвэл нэг нөхөр таван хүүхдэд атга чихэр өгснөө гайхуулах гээд ч зарлаж байгаа харагддаг. Одоо албан ёсоор хэвлэлийн хурал хийж байгаа цөөн хэдэн газар л байна. Үндэсний Статистикийн газрын улирал бүр хийдэг нийгэм, эдийн засгийн байдлын талаархи мэдээлэл, бол АТГ-аас сар бүр хийдэг мэдээлэл, Цагдаагийн байгууллагаас хийдэг цаг үеийн асуудлаарх мэдээлэл. Үүнийг бол олон нийтэд хүргэх хэрэгтэй. Мөн төрийн ордонд Засгийн газар, УИХ-ын гишүүд болж байгаа үйл явц, батлагдсан хууль журам, тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа илэрхийлж, мэдээлэл хүргэдэг. Энэ бол албан ёсны, буух эзэнтэй, буцах хаягтай, олон нийт мэдвэл зохих мэдээллүүд юм.

Буурь суурьтай, хариуцлагатай редакциуд хэвлэлийн хурлыг тэр бүр дамжуулаад байх нь багасч байгааг бас хэлэх хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх нь шантаажчины юм уу, өөрийн эрх ашгаа өндөрт өргөгчийн эрх юм байж. Харин дамжуулахгүй, нэвтрүүлэхгүй байх эрх нь хэвлэлийнхний асуудал.

Тиймээс болсон бүх хэвлэлийн хурлыг өөгшүүлж дамжуулаад байвал конкурсэд унасан хүүхдээ өмгөөлж, дээд сургуульд орох ёстой гэж орилоод зурагтаар гарахад сийхгүй болж. Зэрлэг өрнөд гэгчээр үнэхээр зэрлэг балмад үйл үйлдлээ нийтэд цацах болж. Баахан олон хаан, хатад ч гарч ирлээ. Тэд сошиалд зориулж цацахаасаа илүүтэй хэвлэлийг ашиглах сонирхолтой. Учир нь итгэл үнэмшил илүү төрнө гэдгийг мэдэж байна шүү дээ. Энийг сэвж хөөрцөглөхгүй байя. Нийгэмд тустай, нийтэд хамааралтай мэдээг хүргэж, соёлыг түгээх, хэвшүүлэх шаардлагатай байна. Дандаа гоё сайхан биш ч үнэн бодит, олонхи мэдвэл зохилтойг нь хүргэе. 1980-аад оны сүүлээр Баруун Германы Канцлер Коль “Хоёр Герман нэгдэх боломжтой” гэж яриан дундаа хэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон хүргэсэн нь өвсөнд тавьсан түймэр шиг л хүчээ авч эцэстээ үр дүн нь Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэн. Цагдаагийнхны санаачилсан Нэг хором тэвчье”, Яараад яахав дээ” аяныг хүн бүрт хүргэхэд харамсах зүйлгүй байлаа.

Сэтгүүл зүйн онолын чухал ойлголтуудад мэдээ, нийтлэлийн үр нөлөө гэж бий. Бид мэдээлэл түгээхдээ тэрхүү үр нөлөөг сайтар бодож байх ёстой. Тиймээс ч хэн дуртай нь зарласан хэвлэлийн хурал руу гүйж очоод баймааргүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ыхон нэг өдрийнхөө цалингаа Ж.Жаргалсайханы эмчилгээнд хандивлалаа


Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах “Жаргалын мод” хандивын аянд “Өдрийн сонин”-ы хамт олон нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Үзэг нэгт сэтгүүлч бүсгүй маань эрүүл болж, үр хүүхэдтэйгээ жаргалтай амьдрах тэр сайхан өдрүүдийн төлөө Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын редакци, сэтгүүлчид ч мөн хандивын аянд нэгдээрэй.

“Нэгнээ харсаар байж үхүүлэх шиг аймшиг хүн төрөлхтөнд байдаггүй” хэмээн манай сонин бичиж байлаа. Шинжлэх ухаан шинэ түвшинд гарч, ямар ч өвчнийг эмчлэх заавар зөвлөгөө нь бэлэн байсаар байтал бид “мөнгөгүй” гээд өвчний өмнө өвдөг сөхрөөд суух нь хэтэрхий эмгэнэлтэй хэрэг. Монголын төр даатгалын мөнгийг фитнесст зарцуулж тансаглаж суухаар өвдөж зовсон хэдэн монголчуудаа эмчлүүлэх арга гарц хайж олоосой. Эмчилгээний сан байгуулаасай. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх цаг нь болсон хэмээн бид бичиж байлаа.

Одоохондоо манай төрд бидний төлөө ийм гарц хайж, бодлого боловсруулах сөхөө алга, гарын үсгийн аянд харайлдаж байна. Тиймээс бид бие биедээ найдаж, хандив цуглуулахаас өөр арга алга. Олны тус оломгүй далай гэдэгчлэн сайхан сэтгэлт хүмүүс, байгууллага “Жаргалын мод”-нд өглөг буяны гараа сунгаж байгаад талархал илэрхийлье. Ж.Жаргалсайханы биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах шаардлагатай болоод байгаа юм.Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм байна. Мөн удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс энэхүү хандивыг манай хэвлэлийнхэн, сэтгүүлчид маань цааш нь түүчээлэн дэлгэрүүлээрэй.

Хандивын данс: Ж.Жаргалсайхан-Хаанбанк 5076 114356,

Төрийнбанк-105 700 275109

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Энэ цаг үед Их хурал тарвал маш том эрсдэл дагуулна

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Их хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудал яригдаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж байна гэх мэдээлэл явж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ талаар албан ёсоор мэдээлсэн нам, улстөрчид одоогоор алга. Албан бусаар ийм яриа яваад байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар ч өөрөө Их хурлыг тараах яриа явж байгааг яриад байгаа хэрнээ албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байна.

-Нэлээд олон гишүүд гарын үсэг зурсан гэх мэдээлэл явж байсан. Их хурлыг хугацаанаасаа өмнө тараах асуудлыг та дэмжих үү?

-Бид хоёр жилийн өмнө ёс зүйгүй, хариуцлагагүй энэ Их хурал тарах ёстой гэсэн мэдэгдэл хийж байсан. 10 гаруй хүний гарын үсэг зурсан процесс явагдаж л байсан. Өнөөдөр эрх баригчид сонгууль дөхөөд ирэхээр гэнэтхэн УИХ-ыг тараана гэх зүйл яригдаж байгаагийн цаад учир нь юу вэ. Нэгдүгээрт, эрх баригч нам хариуцлагаас зугтаасан үйлдэл гэж харж байгаа. Хоёрдугаарт, ЖДҮ-ийн сангаас зээл авсан хэрэг, 60 тэрбумын хэрэг, авлига албан тушаал, концесс гээд эрх барьж байгаа намд гялайж гялтайх зүйл юу ч байхгүй. Тэд энэ бүх хариуцлагаас зугтаахын тулд бүх л буруу зүйлээ парламентад нааж үлдээгээд парламентыг тарааж, өөрсдөө цэвэрхэн нэр дэвшинэ гэж тооцож байх шиг байна. Харин ч иргэд сонгогчид энэ тал дээр нэлээд нухацтай хандаж сонголтоо хийнэ. Парламент тараах гэж байгаа нь башир арга шүү дээ. Сайндаа ч Их хурлыг тараах гээд байгаа юм биш. Ард түмний тархийг угаах, төөрөгдүүлэх, тодорхой суудал хадгалж үлдэх гэсэн л зорилготой. Энэ цаг үед Их хурал тарвал маш том эрсдэл дагуулна. 2020 оны төсвийн хууль аравдугаар сард хэлэлцэгдэх гэж байна. Төсвийн хууль гэдэг Үндсэн хуультай дүйцэхүйц маш чухал хууль. Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын хэлэлцүүлгээр дөрвөн удаа ордог. Ердийн хууль хоёр удаа чуулганаар ороод, гурав дах дээрээ батлагддаг. Төсвийн хууль тухайн улс орны ирэх жилийн нийгэм эдийн засгийн гол түлхүүр буюу айлаар бол өрхийн төсөв шүү дээ. Энэ хуулиа ч хэлэлцэж эхлээгүй. Түүнчлэн энэ мэт маш олон асуудлаас зугтааж байгаа хэрэг.

-УИХ-ыг тараах асуудал яригдаж байгаа нь парламентын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглал руу оруулах гэж байгаа үйлдэл ч гэж харж байна?

-Энэ ямар ч боломжгүй асуудал. Одоо манайд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хууль өөрөө парламентын засаглал, парламентын институци хоорондын засаглалтай үед төрийн байгууллагууд, парламентын засаглалтай улсын нөхцөл байдал, эрх зүйн харилцааг зохицуулахаар хийгдсэн хууль. Хэрвээ засаглалын эрхийг солино гэж байгаа бол цоо шинэ Үндсэн хууль санаачилж, баталж байж өөрчилнө.

-Засгийн газрыг кабинетаараа ажиллаж чадаж байгаа гэж та үзэж байна уу?

-Энэ Засгийн газар кабинатаараа ажиллаж байна уу, үгүй юу гэдэг нь гол асуудал биш. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байж чадаж байна уу, олон түмэнд хүрч чадаж байна уу гэдэг нь чухал.

2016 оны сонгуулиар олонх болж, МАН-ын амлаж байсан мөрийн хөтөлбөрүүдээс нэг нь ч хэрэгжсэнгүй. Хэрэгжүүлэхгүй байна. Харин популизм хийсэн үйл ажиллагаа яваад байна. Ерөнхий сайд нь маш олон хүн загналаа. Загнаад байхаас хариуцлага тооцож байгаа үйлдэл алга.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Ан-ын зүгээс ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж байна уу?

-Манай нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн шийдвэрийг дэмжихгүй. Яагаад гэхээр энэ төслийн хувьд анх 62 гишүүн өргөн барьсан төсөл дотор ганц нэг авах зүйл байсан. Гэтэл бүгдийг нь унагаачихсан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс зүйл заалт ороогүй юм шиг байна. АН-ын зүгээс 25 зүйл заалт бүхий дөрвөн гол санал өргөн барьсан ч нэг нь ч дэмжигдээгүй. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулна гэвэл манай нам дэмжих боломжгүй.


Categories
мэдээ цаг-үе

Өмнийн говийн хүчтэнүүдийн магнай Гомбо-Аюушийн Дэмүүл

Хярын гурван алтгана гэж гоё нэртэй газар Дэмүүл арслан төрсөн байдаг. Тэр жил Долгорын Нямаа найрагчтай Дэл Хөнжлийнх нь уулсаар хамт явахад “Дэмүүл арслангийн төрсөн бууц энүүхэн зүүн тийш ойрхон бий” гэж байсан. Өмнийн говийн Манлай, Цогт-Овоо, Дундговийн Өлзийт залгаа учир Говь Шанхын хэц, Дэл Хөнжлийн уулс, Хярын гурван алтгана айлсах нь мэдээж. Хүчит арслангийн нутаг Манлай сумаар дайрч говийн ухаа ягаан уулсыг нь харж явсан байх юм. Хангай газрын хүү надад бодогдох байтугай халх даяар цуутай арслангийн тухай домог мэт яриа тасардаггүй. Олон чиг хүний сэтгэлд ойр байж, Монгол орны хаа ч гэсэн Өмнийн говийн энэ л хүчтэний тухай яригддаг нь сонин. Хуучны өвгөд, Монголын хүчит аварга, арслангууд Дэмүүлийгээ дурсаж байж сая нэг бах нь ханах шиг болдог.

Түүний шулуун шударга, эрмэг зоримог зан, хэнд ч үгээ хэлдэг эрсхэн чанар нь нөхдийнхөө сэтгэлд орших үнэ цэнийг хадгалдаг ч юм болов уу. “Дэнж нь хазайхгүй бол Дэмүүл хүү унахгүй ээ” гэж хориодхон насандаа хэлсэн энэ үг бөхийн ертөнцөд тарни мэт нэршиж үлджээ. Дундговь аймгийн наадамд барилдахаар очихдоо Шарын Доржтовуу гэж аатай бөхийн өмнөөс тэр үгийг хэлсэн байдаг. Доржтовуу нь алдарт Түвдэндорж аваргыг улсын наадмын зургаагийн даваанд унагаж байсан бөх л дөө. Аймгийнхаа наадамд ирж зодоглосон аатай залуу Дэмүүлийг их шөвгийн дөрөвт амласнаа дуулгажээ. Нэг муу үрээтэй морь барианы газар шогшуулж явахад нь Доржтовуу агсал сайхан хүлэгтэй дайрчих шахан дэргэдүүр нь гарахдаа амлаж авснаа гайхуулахад нь дургүй хүрээд дээрх үгийг хэлчихсэн байна. Уг түүхийг хүмүүс бараг л гадарлана. Хамгийн гол нь Дэмүүл хэлсэндээ хүрч түрүүлсэн байгаа юм. Арслангийн бөхийн гараа, олны дундах дуулиан шуугиан тэгж эхэлсэн байдаг.

Жаран нэгэн онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар 28 бөхөөс 24 давж улсын заан цолыг шууд хүртжээ. Тэр жилийнхээ наадамд Архангайн Түзэлийн Зундуй заантай тунаж барилдаад өвдөг шороодсон байдаг. 1961-1973 оны хооронд амжилтынх нь оргил үе байсан юм. Энэ хугацаанд төрийн наадамд зодоглохдоо есөн удаа шөвгөрч МБАТ-ний спартакиадын цол чимэг олгодог барилдааныг оролцуулаад 11 удаа шөвгөрсөн бахдам амжилт үзүүлсэн. Жар, далаад он бол Хоёр Мөнх ид байсан, Дамдин аварга, Бээжин аварга, Цэрэн аварга ид байсан, мөн Батсуурь аварга хариагүй байсан үе. За тэгээд аваргын дайтай арслангууд гэгддэг Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Уламбаярын Мижиддорж, тэмээ өргөдөг Бямбын Жамъяндорж, Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн нарын домогт хүчтэнүүд монгол бөхийн дэвжээнд нэгэн зэрэг төрж, ир бяраа үзэхэд тэдний дунд Дэмүүл арслан арал заан тодорч, арваннэгэн удаа шөвгөрсөн байх юм. Хамгийн онцгой жил бол төрт ёсны наадмын түрүү бөхөөр шалгарсан жаран есөн оны наадам. Өнөө домогт Хоёр Мөнхийн хасагддаг жил. Дэмүүл заан цолтой зодоглож “азарга” Лхагваа начингаар тав, Архангайн Далайн Жамц арслангаар зургаа, Эрдэнэ-Очир арслангаар долоо давж, их шөвөгт шалгараад наймын даваанд Дамдин аваргад амлуулсан. Үндсэндээ их шөвөгт Дамдин аварга, Мөөеө аварга, Баянаа аварга, Дэмүүл арслан энэ дөрөв үлдэж байгаа хэрэг. Монгол бөхийн магнай болсон гурван дархан аваргатай үлдсэн нь тэр. Тухайн наадамд Дэмүүлийн хувьд хамгийн хэцүү учраа мэдээж Эрдэнэ-Очир арслан. Долоогийн даваанд тэр хоёр тунасан. Хэн давсан нь Хоёр Мөнхийн нэгтэй түрүү үзүүрт хүрэх нь тодорхой байв. Эрдэнэ-Очир гуай Дэмүүлийнхээ уурыг барж, шарыг нь гозойлгож байж хаядаг тухайгаа ярьсан байдаг. Жараад оны сүүлд үед Эрдэнэ-Очир арсланг шороодуулах бөх ховор байсан юм билээ. Баянаа аваргыг хамгийн олон хаясан хүн нь Эрдэнэ-Очир гуайг гэдэг байх шүү.

Ийм л жил Дэмүүл нь Эрдэнэ-Очирыг давж, дараа нь Дамдин аваргыг давснаар арслан цолонд хүрсэн түүхтэй. “Хоёр Мөнх хасагдаад та түрүүлчихлээ. Мөн ч азтай хүн юм аа” гэж наадмын дараа нэг нь асуухад, тийм ээ би их азтай хүн. Гэхдээ хоёр цагийн турш хоорондоо үзэлцсэн хоёр Мөнхийн хэн нь ч миний гарыг нугалах тэнхэлгүй болсон байсан гэж бардам хариулсан байдаг. Ёстой л өөрийнх нь хэлснээр “Одоо л нэг боломж гарлаа. Олон жил махлуулж унаж байсны хувьд хэн давсныг нь баараггүй хаяна” хэмээн хорхой нь хүрч байсан нь үнэн. Улс төрийн хоёр Мөнхийг хасахад Дамдин аварга “Амжилт дээшлэх нь” гэж баярласан бол Дэмүүл гуай машид харамссан юм билээ. Тэр тухайгаа 1995 онд өнгөрөхөөсөө цөөхөн хоногийн өмнө соёлын гавьяат Сүрэнгийн Зэвсэгт ярьсан удаатай. Арслангийн аатай он жилүүдийг өөрөөр нь хэлүүлж түүхийн баримт болгон үлдээсэн нь Зэвсэг сэтгүүлчийн гавьяа мөн.

Сонин болгоход, жаран есөн оны наадмын өмнө Мөөеө аварга лам дээр очиж “Энэ жилийн наадмаар Баянмөнх бид хоёрын хэн нь түрүүлэх вэ” гэж асуусан тухай яриа хөөрөө бий. Өнөө лам нь Мөөеөгийн өөдөөс хараад “Та хоёрын хэн нь ч түрүүлэхгүй юм байна” гэхэд, Баянмөнх бид хоёроос өөр ямар аавын хүү төрийн наадамд түрүүлдэг юм. Чи юу ч мэддэггүй юм байна гэж уурласан гэдэг. Үнэндээ тааварлахын аргагүй сонин түүхтэй наадам болж алдарт хоёр Мөнх хасагдан Монголын говь нутгаас төрийн наадмын түрүү бөх анхлан тодорсон. Энэ л алтан хувь заяа Дэмүүл гуайд оногджээ. Харин дараа жил нь буюу 1970 оны наадмаар Мөөеө, Баянаа хоёр эзгүй байж тааран урьд жилийнх нь түрүү бөх шинэхэн арслан аварга цол бодож ирээд Дагвасүрэн арслангаар долоо даван их шөвөгт шалгараад Бээжин аваргын хөл суйлаанд уначихсан гэдэг.

Өвөг эцэг нь Өлзийтөөр нутагладаг Цоо жанжин гэж тайж хүн байжээ. Аав Гомбо-Аюуш нь бие томтой лагс бүдүүн хүн байсан тухай яригддаг. Тэгэхээр Дэмүүл гуай аавыгаа дуурайсан лагс бүдүүн, гэдэс томтой хүн байсан. Том гэдэстэй нь холбоотой яриа хөөрөө зөндөө л байдаг. Ямар сайндаа “Ийм том гүзээтэй байж та яаж барилддаг байна аа” хэмээн гайхаж асуусан нөхрийн саваагүй асуултад “Миний энэ гүзээ чинь тарган хонины мах, таанын айраг багтдаг гүзээ. Энэ биендээ тохирсон эзэн хүндээ заяасан эрхтэн. Та нарт ийм гүзээ байвал барилдах нь байтугай бааж ч чадахгүй” гэж хэлсэн тухай инээд наргиан сонсогддог. Өмнийн говиосоо хорин настайдаа хот орж ирсэн залуу Жаамаа хэмээх бөхийн засуулынд байж цагдаа хүртэл хийж явсан юм билээ. Тийн явахдаа анхныхаа ханьтай танилцжээ. Анхных нь хань Завхан нутгийн хүн байжээ. Говийн хүнтэй нийлж хоёр хүүхдийг нь төрүүлээд ханийгаа даган Өмнөговь явах гэхэд ээж нь “Том охиноо хүний хүн дагуулан алс говь руу би явуулахгүй” гэж хэлээд явуулаагүй гэдэг. Дэмүүл гуайн хамгийн том охин Соёлтой одоогоос арав гаруй жилийн тэртээ хөөрөлдөж суусан сан. Соёл эгч аавыгаа ёстой нэг элгээ өмөртөл санадаг нэгэн. Багадаа наадам болохыг, ялангуяа аавыгаа Өмнийн говиос барилдахаар ирэхийг нь хоног тоолон хүлээдэг байсан гэх.

“Манайх Сэлбийн гүүрний урд талд байхад аав охиноо санаад гээд холооос дуранддаг байсан гэсэн. Надад анхных нь хүүхэд болоод тэр үү амь шигээ хайртай. Наадмын өглөө аав минь нутгийнхаа бөхчүүдийг “ЗИЛ-130”-ынхаа тэвшин дээр ачаад барилдахаар ирнэ. Тэгээд дүүтэйгээ хуваагаад аваарай гээд даалингаасаа зуутын дэвсгэрт гаргаж өгнө. Аавтайгаа уулзсан тэр өдөр жинхэнэ аз жаргал гэгчийг амталдаг байсан. Наадам тарсны орой бөхийн засуул Жаамаа ахынд очиж аавынхаа өвөрт унтана. Том гүзээг нь тэврээд унтахад аавын хөлсний үнэр одоо бодоход ямар гоё санагддаг байв. Бэтгэртлээ санасан сэтгэл маань тэгж л дэвтэх шиг болдогсон” хэмээн уйлаад ярьж билээ. “Аав ирэхээрээ хол байдаг, их санадаг болоод ч тэр үү надад тэр үеийн үнэтэй гоё чихрийг хайрцаг хайрцгаар нь авч өгнө. Намайг байнга чихэртэй явдаг болохоор хүүхдүүд их найзалдаг байсан” гэх үгс нь ч нэг л дотно санагддаг юм. “Би одоо Цэнгэлдэх орж бөх үзэж чаддаггүй юм. Энэ л зүлэгт ногоон дэнжийг аав минь хотойтол дэвж, энэ хийморьлог дэвжээ аавыг минь алс говь нутгаас нь дуудан надтай уулзуулдаг байсан даа гэж бодоход эрхгүй хоёр нүдний нулимс асгараад ирдэг” гэж билээ.

Тэрээр аавыгаа нэг л удаа баярлуулсан гэж хэлсэн. Ерэн таван онд Улаанбаатар сонины нэрэмжит арслангуудын барилдааны үеэр тухайн үеийн бүхий л домогт арслангуудын хамт аавыгаа урьж нэгэн сайхан цайллага хийжээ. Соёл эгч гэр бүлийнхээ хүний хамт арслангуудын цайллагыг зохион байгуулсан аж. Түүнд аав нь ёстой нэг дэлгэр сайхан баярласан нь илт. “Би ийм охинтой, ийм хүүтэй хүн” гэж байн байн л хэлээд байжээ. “Радио Ганбаа” гэгддэг бөхийн нэрт тайлбарлагч соёлын гавьяат Агвааны Ганбаатар тэргүүтэй хүмүүс онгоцны буудалд дээр хүндэт арслангаа нутаг руу нь гаргаж өгчээ. Тэр жил Дэмүүл гуай жаран насандаа бурхан болсон юм. Өөрийгөө бугуйл сайн хаяж чадна, бөх барилдаж чадна, наймаа хийж чадна гэж хэлж, түүндээ хүрч амьдралаараа баталж ирсэн гэдэг.

Жаран зургааны их үерийн жилийн наадмаар Дэмүүл гуай Бадамсэрээжид арсланг гуйвж унатал нь алгадчихсан юм гэнэ лээ. Зургаагийн даваанд Дорнодын Түвшин гэж цэргийн залуу бөхийг амлаж барилдаад унагажээ. Тэгтэл бөхийн тайлбарлагч Бадамсэрээжид “Дэмүүл унасан” гээд зарлачихаж л дээ. Чухам юунаас болсон юм, ямар чиг л гэсэн Дэмүүлийг унасан гээд хэлчихсэн байна. Тэр жил Түвшин заан болсон л доо. Дэмүүл гуай тахимаа өгчихөөд шууд Бадамсэрээжид арслан дээр очиж “Чи хүнийг давсан байхад унасан гэж зарлалаа. Май үүнийг зарж ид” хэмээн гутлаа сарвайхад “Би хүний хуучин гутал зарж идэхдээ тулаагүй” гэхэд нь “Май тэгвэл үүнийг ав” гээд ахмад арсланг гуйвтал алгадчихаад яваад өгсөн гэдэг.

Маргааш нь Дэмүүлийн гомдлоор наадмын комисс хуралдахад “Би Өмнөговь аймгийн олон зуун мянган хөдөлмөрчдийг төлөөлж наадамдаа барилдаж байгаа нэг муу тостой жолооч. Та нар намайг унаагүй байхад унасан хэмээн луйвардлаа. Дахиад ингэх юм бол би зүгээр өнгөрөөхгүй шүү. Хойтон жилийн наадмаар хутга түрийлж ирнэ” гэж хэлсэн тухай ч яригддаг. Харин тэр жил Баянмөнх аварга зургаагийн даваанд амлахад нь хэрхэн шаралхаж аатай үг хэлснээ ярьсан байдаг.

“Өдий олон хүн дотроос намайг амлаад байхдаа яадаг юм бодоод Өвгөнхүү начин тэргүүтэй бөхчүүд шуудагныхаа зүүн талын уяаг чангалууллаа. Хуруу бүү хэл хумс орохгүй болтол нь чангалаарай. Туулын голын усыг цалгилтал бяр гаргана даа гээд хэлчихсэн нь тэр л дээ. Баянмөнх миний шуудагны зүүн талаас барьвал ганцхан сэжээд хаячихна. Баруун талаас барьвал би дагуулаад гуядчихна” хэмээн өгүүлсэн байдаг.

Ёстой л Туулын усыг цалгилтал аатай барилдаж явсан хүчит арслангийн энэ мэт олон дурсамж дурдатгалыг өгүүлээд барахгүй. Өмнөговь аймгийн төвд ч, төрсөн суманд ч арслангийн хөшөө босч, бараг л жил бүхэн нэрэмжит барилдаан нь болж өмнийн говийн ард түмэн домогт арслангаа хүндэтгэн дурссаар байна. Нутгийнхаа Ламаажав, Пүрэв, Манлайжав, Санжаа, Норов гээд олон бөхчүүдээ дагуулан Төв цэнгэлдэхийн баруун урд хаалгаар халхайтал сүр бараатай орж ирдэг, тугийн мандлын өмнө дэвж шавчихаад Цэнгэлдэхийн урд зүг рүү хамгийн түрүүнд гүзээгээ унжуулан гүйж олныг баясгадаг тэрээр яалт ч үгүй монгол наадмын чимэг байлаа.