Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагч эмэгтэй албан хаагчдаар Азид тэргүүлж байна

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендерийн үндэсний холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Чуулганд БХЯ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1300 гаруй мөрдэстэй бүсгүйчүүл оролцож байна.

Чуулга уулзалтад ЗХШТ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат эмэгтэй цэргийн албан хаагчид, хууль сахиулагчдын эрх зүйн байдал, нийгэмд эзлэх байр суурийн талаар илтгэл тавьж, чуулганд оролцож буй байгууллага бүрийн төлөөлөгч, эмэгтэй албан хаагчид үг хэлж үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар чуулганы үйл ажиллагаанд оролцож, цэргийн албанд тэсвэр, тэвчээр, хатуужил гарган, Монгол Улсынхаа төлөө зүтгэж буй эмэгтэй албан хаагчдад баярлаж талархаж буйгаа илэрхийлж баяр хүргэсэн юм. Тэд чуулганд оролцогч төлөөлөгчдийн хамт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлээ.

Өнөөдөр төрийн алба хааж буй эмэгтэй цэргийн албан хаагчдын 17 хувь нь зэвсэгт хүчинд, 9.8 хувь нь хилийн цэрэгт, 19 хувь нь онцгой байдлын албанд, 14 хувь нь цагдаагийн байгуулллагад, 28.6 хувь нь шүүхийн шийдвэр биелүүлэх албанд ажиллаж байна.

Цэрэг, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагуудад ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь тэдний нийгмийн хамгааллыг тусгайлан авч үзэх шаардлагатай байгааг харуулж буйг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тавьсан илтгэлдээ онцолж байлаа. Үүнээс гадна манай эмэгтэй цэргийн албан хаагчид Энхийг дэмжин сахиулах олон улсын үйл ажиллагаанд амжилттай оролцож байна.

2006 оноос хойш манай улсын 645 эмэгтэй офицер, ахлагч нар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь НҮБ-ын шугмаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байна.

Манай улсын хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч бол ЗХЖШ-ын Энхийг дэмжих хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Н.Нямжаргал юм. Тэрээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эмэгтэй цэргийн алба хаагчдын зам мөрийг гаргаснаа чуулганы үеэр хэлж байлаа. Түүхэн бөгөөд хариуцлагатай нэр хүндтэй албанд нэг жил үүрэг гүйцэтгэжээ. Н.Нямжаргал анх 1995 онд Батлан хамгаалах Их сургуульд цэргийн радио холбооны инженерээр элсэн орж байснаас хойш 24 дэх жилдээ алба хааж байна.

Өнөөдөр болж буй мөрдөстэй бүсгүйчүүдийн анхдугаар чуулганы үеэр чуулганд оролцож буй төрийн байгууллагууд эмэгтэй албан хаагчдынхаа ажил үйлсийн түүхэн мөчүүд, гавьяа зүтгэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн гаргасан байв.

Categories
мэдээ нийгэм

45 байгууллагын газраас 20.9 га газрыг хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлсэн байна гэв

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар нар өнөөдөр хэвлэлийн бага хийлээ. Мөн хурлаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай болон газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

“Нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хамтарсан 2019 оны А/151-А/729 тоот “Газрын зөрчлийг арилгах, кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг сайжруулах” тушаалын дагуу манай албанаас Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдлын судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд гаргалаа. Судалгааны ажлын хүрээнд 105 ерөнхий боловсролын сургууль, 154 сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэг, 44 эмнэлэг, нийт 303 байгууллагын газар олголт хийгдсэн байдлыг судлан үзэхэд 45 байгууллагын газраас 20.9 га газрыг хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлсэн байна” гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий ярилаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322, “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/688 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гараж барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан газрын зөрчил арилгах ажил хийгдсэн. 263 байршилд 449 обьект чөлөөлснийг төрлөөр нь авч үзвэл хашаа, хайс 346, өргөтгөл найм, ТҮЦ 32, гараж, контейнер 63-ыг буулгаж тус тус газар чөлөөлсөн. Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 ам метр газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 ам метр талбай чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой боллоо. Хоёрдугаар шатны газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 198 байршлаас 96 байршилд зөрчил арилгаж, ажлын гүйцэтгэл 49 хувьтай хэрэгжиж байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газарт зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй 24 байршилд газар эзэмших гэрчилгээг есдүгээр сарын 5-ны захирамжаар хүчингүй болгосон. Нийт 103 иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг судалж, 69-ийг нь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээд байна аж.

Categories
мэдээ спорт

Т.Тулга Токио-2020 олимпийн эрх авлаа

Монгол Улс 65 кг-д “Токио-2020” олимпийн эрхтэй Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаанаа 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа.

Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. Тэрбээр 20:00 цагт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пуньятай хүрэл медалийн төлөө барилдана.

Энэ бол Монгол Улсын тамирчдын эх орондоо авчирч буй олимпийн гуравдахь эрх юм. Түүнээс өмнө буудлагын тамирчин Ц.Анударь, Э.Даваахүү нар “Токио-2020”-д оролцох тийзээ захиалаад байгаа билээ.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ авлаа

Хэдхэн хоромын өмнө ОУХМ Т.Тулга олимпийн эрхээ авсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл дөнгөж сая “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ өвөртөллөө.

Тэрбээр НурСултан-2019 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жингийн дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг 12:2 оноогоор цэвэр ялж, “Токио-2020” олимпийн наадмын эрхтэй болсноос гадна хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. С.Батцэцэг орой хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдана.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн /2019.09.20/ хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэлээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар баг, хороо, сум, дүүргийн Хурал хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэхээр хуульчилсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Раж Гат цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Бүгд Найрамдах Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Раж Гат цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Махатма Гандигийн нойрсож буй Раж Гат цогцолборт Энэтхэгийн алдартай удирдагчид болон улстөрчдийн чандарыг хадгалдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар тус улсад Төрийн айлчлал хийхээр өчигдөр Шинэ Дели хотноо хүрэлцэн очсон юм.

Төрийн тэргүүнийг өнөөдөр Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд Ерөнхийлөгчийн ордны ёслолын талбайд албан ёсоор угтаж, Энэтхэг улсад тавтай морилохыг хүслээ. Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч нар албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалыг сурвалжилж буй хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд хандан “Олон мянган жилийн түүхтэй, оюун санаагаараа холбогдсон Энэтхэг улсад айлчилж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Энэтхэг улсад айлчилж байсан. Түүнээс хойш 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгт, 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. Энэ удаад миний бие Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Эдгээр айлчлалууд нь хоёр улсын эдийн засаг бусад хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковин болон тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзана.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакциныг 40-45 мянган төгрөгөөр хувийн эмнэлэгүүдэд хийж эхэлжээ

Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин хэмээн ДЭМБ-аас зөвлөдөг.

Томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-д хийх томуугийн вакциныг худалдан авах, гэрээ байгуулах ажлаар холбогдох хүмүүс ажиллаж байгаа бөгөөд вакцин аравдугаар сарын сүүлээр ирэхээр байгаа аж. Тиймээс одоогоор хэдэн хүн тун вакцин ирэх, ямар үнэтэй хийгдэх нь тодорхой болоогүй байгаа юм байна.

Харин зарим хувийн эмнэлэгт БНСУ-аас оруулж ирсэн томуугийн вакцин хийгээд эхэлсэн бөгөөд вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсаныг хэлж байв.

  • “Интермед” эмнэлэг томуугийн вакциныг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд,
  • “Юнимед” эмнэлэг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд,
  • “Тод клиник” 40 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд цаг авч үйлчлүүлэх боломжтой,
  • “Family klinic” 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд,
  • “СОС Медика Монголиа” эмнэлэг аравдугаар сарын эхээр томуугийн вакцин хийж эхэлнэ гэв.

ХӨСҮТ-ээс дараах зөвлөгөөг өгч байна:

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

  • 6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  • 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  • Уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  • Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  • Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох урвал, хүндрэл:

  • Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
  • Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
  • Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ерөнхий анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
  • Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.
  • Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.
Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна

Азийн 16 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатны тэмцээн энэ БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ 9-р сарын 14-ний өдрөөс 22-ны өдрүүдэд болж байна.

Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд” баг Малайз улсад 8-р сарын 31-ээс 09-р сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан.

Манай Өсвөрийн шигшээ баг энэ 9 дүгээр сарын 14-ний өдөр Макаогийн багтай тоглож 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхлэв. Харин 9 дүгээр сарын 16-ны өдөр Австралийн хүчтэй багтай тоглож 2:1 харьцаагаар, 9 дүээр сарын 18-ны өдөр талбайн эзэн Вьетнамын багт 7:0 харьцаатай хожигдол хүлээв. Одоо 9 дүгээр сарын 22-ны өдөр Зүүн Тиморын багтай тоглоно.

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны төлөөлөл болон Ханой хотод суралцаж буй оюутнууд “Залуу чононууд” багаа урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад уухайлан дэмжиж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн мал төхөөрөх газруудад зөрчлийн хэрэг нээжээ

НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах газруудад шалгалт хийжээ. Шалгалтад 25 аж ахуй нэгж хамрагдсан байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, гарал үүслийн гэрчилгээтэй ч худалдан борлуулах гэрээгүй, гарал үүслийн гэрчилгээг тулгаж “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийг мөрдөөгүй байна. Мөн мал төхөөрөх цехийн стандарт, тоног төхөөрөмж, мал хүлээн авах хашаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шалгалтыг үргэлжилж байгаа аж.

Эмээлтийн мал төхөөрөх газруудад зөрчлийн хэрэг нээлээ