Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн шинэ гүүр нээгдлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ны өдөр нээж байсан билээ. Харин хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 16-нд эхлүүлэн хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэн, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох албаны төлөөлөл, зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компаниудын удирдлага, ажилчид, иргэд олон нийт оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Яармаг дахь дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой болж байна. 1971 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй байсан уг гүүрийн засварын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлж, төслийн хоёр эгнээ гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж, өнгөрсөн долоодугаар сарын 09-ний өдөр хөдөлгөөнийг нээсэн. Харин хоёр сарын хугацаанд гүүрийн үлдсэн ажлыг бүрэн гүйцэтгэж, дөрвөн эгнээ төмөрбетон хос гүүрийг өнөөдөр ашиглалтад өгч байна. Зам дагаж хөгжил гэдэг. Та бүхний барьсан гүүрэн байгууламж нийслэл хотын маань хөгжлийг урагшлуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сонсголонгийн төмөрбетон хос гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөн, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, гүүрэн байгууламжийн үндэсний анхны компани болох “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНЭУ-Д ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН ЗАРИМ БАРИМТ БИЧГҮҮД:
  1. Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурлаа.
  2. Соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын 2019-2023 оны хөтөлбөрт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэгийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурав.
  3. Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Үндэсний онцгой байдлын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн талаас тус улсын Үндэсний онцгой байдлын газрын Тамгын газрын гишүүн Ж.В.В.Сарма нар гарын үсэг зурлаа.
  4. Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яам хоорондын ажлын төлөвлөгөөнд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, Энэтхэгийн талаас Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яамны Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний газрын Нарийн бичгийн дарга Ш.А.Чатурвэди нар тус тус гарын үсэг зурлаа.
Categories
мэдээ улс-төр

Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргаж байна.

МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:
  1. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндтой уулзаж, Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийв. Уулзалт, яриа хэлэлцээ илэн далангүй, нөхөрсөг, дотно уур амьсгалд болж өнгөрөв. Яриа хэлэлцээний үеэр хоёр талын болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлуудаар санал солилцов.
  2. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийснийг талууд онцлов. Энэхүү айлчлалын үеэр улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрх, эрх тэгш байдлыг хангах нийтлэг зарчим, Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд 1994 оны 2 дугаар сарын 22-нд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээний үндсэн үзэл санаа болон бусад хоёр талын баримт бичгүүдэд суурилан Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохирсныг талууд тэмдэглэв.
  3. Соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоо, мөн ардчилал, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй орнуудын хувьд Стратегийн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхийг талууд нотлов. Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш болох Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгөө дахин нотлов.
  4. Талууд 2015 оноос хойш төр засгийн дээд удирдлага болон ажил хэргийн түвшинд харилцан айлчлалын давтамж тогтмолжсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Стратегийн түншлэлийн нөөц бололцоог бүрэн ашиглах зорилгоор цаашид дээд, өндөр түвшний айлчлал болон парламентын гишүүд, ахлах албан тушаалтнуудын солилцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцов.
  5. Талууд хоёр талын харилцааг өргөжүүлэхэд байгууллага хоорондын харилцааны механизмуудын тогтмол уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Талууд харилцан сонирхсон бүхий л асуудлын явц байдалд үнэлгээ хийх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ төрлийн яриа хэлэлцээг тогтмол зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг Шинэ Дели хотноо харилцан тохиромжтой цагт зохион байгуулахаар тогтов.
  6. Талууд олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлын чухал асуудлуудаар ижил төстэй байр суурьтай буйг тэмдэглээд, шинээр гарч ирж буй тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэхийн тулд цаашид ч бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биеэ дэмжих уламжлалаа үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах субъектуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотлов.
  7. Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний үндсэн нэгжүүдийг илүү ардчилсан, төлөөлөл сайтай, нээлттэй, үр ашигтай болгохын төлөөх шинэчлэлийн үйл явцыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Талууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүнчлэлийн ангиллыг өнөөгийн бодит байдал болон чиг үүрэгт хариуцлагатай, төлөөлөлтэй, үр дүнтэй байдлаар нийцүүлэн шинэчлэхийн чухлыг онцлов. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын гишүүнээр элсэх Энэтхэг Улсын хүч чармайлтыг монголын тал дэмжихээ дахин илэрхийлэв. Талууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2021-2022, 2023-2024 оны Байнгын бус гишүүний сонгуулиудад харилцан бие биеэ дэмжихээ дахин нотлов.
  8. Талууд хэт даврах үзэл (экстремизм) болон терроризм нь нийт хүн төрөлхтөнд томоохон аюул заналхийлэл болоод буйг хүлээн зөвшөөрч, терроризмын бүхий л хэлбэр, илэрхийллийг эрс буруушааж буйгаа дахин илэрхийлэв. Талууд терроризмыг ямар ч үндэслэлээр зөвтгөх боломжгүй бөгөөд аливаа шашин, итгэл үнэмшил, үндэс угсаа, гарал үүсэлтэй холбон уях учиргүйг дахин нотлов. Талууд терроризмыг таарсан газар бүрт шийдэмгий нухчин дарахаа хатуу илэрхийлж, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа бэхжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалан, террористуудын орогнож буй газрууд болон үйл ажиллагааг устгахад шийдэмгий алхам хийх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Энэтхэг Улс, Монгол Улс энэ чиглэлээр, түүний дотор Олон улсын терроризмын иж бүрэн Конвенцийг эцэслэх асуудалд хамтарч ажиллахаа дахин нотлов.
  9. Талууд терроризм, хүч хэрэглэсэн хэт даврах үзэл зэрэг сорилтыг үр дүнтэй шийдвэрлэх зорилгоор хөгжиж буй орнуудын терроризмын болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
  1. Талууд зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон түүнтэй холбоотой гэмт хэрэг нь санхүүгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байгааг ухамсарлаж, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний банк, санхүүгийн тогтолцоог гэмт этгээд хууль бусаар ашиглахаас хамгаалах үүрэгтэйг дахин нотлов. Талууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлаар олон улсын өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын зөвлөмжийн үндсэн дээр зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тууштай ажиллахаа илэрхийлэв.
  2. Энэтхэгийн тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа” санаачилгаа танилцуулж, энэхүү үзэл санаа нь Энэтхэг, Номхон далайн бүс нутагт олон улсын хууль, дүрмийн удирдлага дор тус бүс нутаг дахь бүхий л улсуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр, тухайн улсуудын хууль ёсны эрх ашигт нийцсэн, нээлттэй, чөлөөтэй бөгөөд хүртээмжтэй бүтцийг цогцлооход оршино хэмээн тайлбарлав.

Монголын тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа”-г хамтын хүчин чармайлтад суурилан Энэтхэг, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал болоод бүхий л улсад хүртээмжтэй хөгжил цэцэглэлийг авч ирэхэд чиглэсэн хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хувьсан өөрчлөгдөж буй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь интеграцчлал, түүний дотор Зүүн Азийн дээд түвшний уулзалтад идэвхтэй оролцох сонирхлоо нотлов.

Талууд чөлөөтэй, нээлттэй, хөгжингүй бөгөөд хүртээмжтэй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг нь тус бүс нутгийн бүх орны төдийгүй дэлхий дахины урт хугацааны эрх ашигт нийцнэ гэдэгт санал нэгдэв.

  1. Талууд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон хил хамгаалах салбарын хамтын ажиллагаа хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээс хойшхи хугацаанд улам өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд эдгээр салбарын өндөр түвшний харилцан айлчлалууд, түүний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын Энэтхэг Улсад, Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайдын Монгол Улсад хийсэн айлчлал болон хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын тогтмол харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэхээр тохиролцов.
  2. Талууд Энэтхэг Улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин заан”, Монгол Улсад зохион байгуулдаг “Хааны эрэлд” зэрэг цэргийн хамтарсан сургуулилтад хоёр орны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тогтмол оролцдогийг сайшаав. Талууд цаашид батлан хамгаалахын салбарын сургалт, солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх, батлан хамгаалах салбарын ажилтан, албан хаагчдыг сургах зэргээр Монголын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэхэд энэтхэгийн талаас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад монголын тал талархал илэрхийлэв. Энхийг сахиулах чиглэл дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо монголын тал илэрхийлэв.

  1. Талууд хил хамгаалах, хилийн менежментийн чиглэлийн хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, Энэтхэг Улсын Хил хамгаалах хүчин хоорондын хамтын ажиллагааг онцолж, цаашид улам бэхжүүлэхээр тохиров.
  1. Талууд энэтхэгийн тусламжаар Монгол Улсад Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах төслийн явц ахицтай байгааг тэмдэглэв. Энэтхэгийн тал кибер аюулгүй байдлын салбарт чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд монголын талд дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.
  1. Талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, нэн ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мал аж ахуй, уул уурхай, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байгаад санал нийлэв. Энэ хүрээнд талууд малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршлага болон технологи солилцох чиглэлээр хамтран ажиллах тухай иж бүрэн ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв.
  1. Хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн чухлыг талууд онцлон тэмдэглээд, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хоёр талын хэлэлцээрийг байгуулах, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлтийг аль болох шуурхай оруулах тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.
  2. Энэтхэг Улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлийн шугамын хүрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл урагшлан хэрэгжиж байгаад монголын тал сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Энэтхэгийн тал түүхий эдийн тээвэрлэлтийн арга хэрэгслийг Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусгавар болохоос өмнө эцэслэсэн байх нь чухал болохыг дахин онцлов. Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд түүхий эд тээвэрлэлтийн арга хэрэгслийг эцэслэн шийдвэрлэж ашиглалтад оруулсан байх нь нэн чухал гэдэгт Монголын тал санал нэгдэв.

Талууд энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

  1. Энэтхэгийн тал уг төсөлд 236 сая ам.долларын зээлийг нэмэлтээр олгох тухай Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авснаар Энэтхэг Улсын Засгийн газраас уг төсөлд нийт 1,236 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийхээр тогтов.
  2. Талууд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т нэн шаардлагатай буй инженер болон техникийн ажилтнуудыг Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд сургахаар тогтов.
  3. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч буй сорилтуудыг харгалзан сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн Олон улсын нарны холбоо (ОУНХ)-ны гишүүнчлэл халуун бус бүсийн НҮБ-ын гишүүн орнуудад нээлттэй болсныг Монгол Улс талархан хүлээн авч, тус холбоонд элсэх сонирхлоо илэрхийлэв. Энэтхэгийн тал Олон улсын нарны холбооны Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг ОУНХ-ны гишүүн орнууд баталсны дараа уг хэлэлцээрт нэгдэх асуудлыг судалж үзэхийг санал болгов.
  4. Монголын тал Энэтхэгийн “нарны дээвэр” төслийн хэрэгжилтийн туршлагаас судлах, Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг Энэтхэгт сургах сонирхлоо илэрхийлэв.
  5. Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсын Гадаад харилцааны яамны барилгыг ногоон, нарны эрчим хүчний үр ашигтай хэрэглээ бүхий барилга болгон шинэчлэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх шийдвэр гаргасныг зарлав.
  6. Энэтхэг Улсын дэмжлэг туслалцаатайгаар Монгол Улсад Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийг байгуулах ажлын явцыг талууд хэлэлцэв. Энэхүү төсөл Монгол Улсын хүний нөөцийн хөгжил, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг харгалзан хэрэгжилтийг нь эрчимжүүлэхээр талууд тохиролцов.
  7. Талууд гамшгийн менежмент нь хамтын ажиллагааны чухал салбар болохыг онцолж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Энэтхэг Улсын Үндэсний Гамшгийн удирдлагын газар хооронд “Гамшгийн менежмент, гамшгийн эрсдлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн 2018 онд Монгол Улсад болсон байгалийн гамшгийн үеэр Энэтхэг Улсаас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд монголын тал талархал илэрхийлэв.
  8. Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэж, энэ нь алсын зайнаас мэдрэх, хиймэл дагуулын харилцаа холбоо болоод сансрын технологийг нөөцийн менежмент, цаг агаарын урьдчилсан мэдээ, гамшгийн менежмент болон бусад чиглэлээр ашиглах зэрэгт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болохыг онцлов.
  1. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Н.Моди нар Бурхан багш Будда болон түүний шавь нарын сэрэг дүрийг Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин хийдэд ёслол хүндэтгэлтэйгээр залж, энэхүү дурсгал нь хоёр улсын буддын шашны хамтын өв уламжлалын илэрхийлэл, хоёр улсын ард түмний оюун санааны эв нэгдлийн мөнхийн бэлгэдэл болно гэдгийг онцлон тэмдэглэв.
  2. Талууд хоёр улсын Буддын шашны хэлхээ холбоог сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Кушок Бакула Римбүчигийн мэндэлсний 100 жилийн ойг амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлэв. Энэтхэгийн тал энх тайван, ах дүүсийн барилдлагын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Азийн буддистуудын энх тайвны Бага хурал болон Самвад яриа хэлцээний 3 дахь удаагийн уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсанд монголын талд баяр хүргэв.
  3. Талууд Буддын шашны түүхэн уламжлалт харилцаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үнэт зүйл болохыг тэмдэглэж, цаашид бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Хоёр орны хоорондох соёл иргэншлийн хэлхээ холбоог тодорхойлох судалгаа хийж, дэлхий дахинд сурталчлахаар хоёр тал тохиров.

  1. Энэтхэгийн тал Буддын шашны нийтлэг өвийг хадгалах, таниулах зорилтын хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг монголын талын байгууллагуудад хадгалагдаж буй Буддын шашны гар бичмэлүүдийг цахимжуулахад дэмжлэг үзүүлэх саналаа дахин нотолсныг монголын тал талархан хүлээн авав.
  2. Талууд хоёр талын Стратегийн түншлэлийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор иргэд хоорондын солилцоог цаашид нэмэгдүүлэх, визийн дэглэмийг хялбаршуулах чиглэлээр харилцан хийж буй алхмыг өндрөөр үнэлэв. Энэтхэгийн тал богино хугацаагаар зорчигч монгол иргэдийг цахим визийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргасанд монголын тал талархал илэрхийлэв. Монголын тал аялал жуулчлалыг дэмжих хүрээнд богино хугацаагаар зорчигч энэтхэгийн иргэдэд хил дээр виз олгож эхэлснийг зарлав.
  3. Оюутан, залуусын солилцоог хөхиүлэн дэмжих хүрээнд энэтхэгийн тал Буддын шашны судлалаар Энэтхэгт суралцах хүсэлтэй монгол оюутнуудад Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-ийн арван тэтгэлэг, монголын тал Монгол судлалд сонирхолтой энэтхэг оюутнуудад хоёр тэтгэлгийг тус тус олгохоо зарлав.
  4. Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан “Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” ахицтай хэрэгжиж байгааг талууд тэмдэглээд, энэ салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр тохиролцов.
  5. Талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 64 жилийн түүхэн харилцааны хөгжилд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Энэхүү найрамдал, ах дүүсийн харилцааг нотолж, талууд 2020 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг хоёр орны соёл, түүхэн нийтлэг өвийг онцолсон цуврал арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэхээр тохиролцов. Энэтхэгийн Засгийн газар энэхүү түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад “Энэтхэгийн наадам”-ыг 2020 онд зохион байгуулахаа илэрхийлэв.
  6. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл болон урт хугацааны, найрсаг, нөхөрсөг харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдал боллоо.
Categories
мэдээ нийгэм

“Miss Universe Mongolia 2019” тэмцээний тэргүүн миссээр Б.Гүнзаяа тодорлоо

“Miss Universe Mongolia 2019” тэмцээн “UB palace”-ийн их танхимд өнөөдөр /2019.09.20/ тэргүүн миссээ тодрууллаа. Тэмцээнд 50 гаруй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өрсөлдсөнөөс мисс Б.Гүнзаяа тэргүүн миссийн эзэн боллоо. “Miss Universe Mongolia 2019” тэмцээний хоёрдугаар байрт мисс И.Төгсөө, гуравдугаар байрт мисс Г.Дүүрэнжаргал нар тодорлоо. “Miss Universe Mongolia 2019” тэмцээний тэргүүн мисс Б.Гүнзаяа нь Дэлхийн 90 гаруй орны миссүүдтэй өрсөлдөх “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй болж байна. Үндэсний ялагчийг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд “Miss universe 2018” тэмцээний тэргүүн мисс Д.Долгион, топ модель Г.Уранцэцэг, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин А.Гэрэлцэцэг нар ажилласан юм. Сүүлийн шатанд шилдэг зургаан бүсгүй Англи хэлний мэдлэгээрээ өрсөлдөж, тэргүүн миссээ ийнхүү тодруулав. Тус тэмцээнийг “Стар” телевиз шууд дамжуулан үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингаравын уулзвараас Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг хаалаа

Олон нийтийг хамарсан арга хэмжээний улмаас зарим замыг хаах талаар Тээврийн цагдаагийн газраас мэдэгдлээ. Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний 09:00-16:00 цагийн хооронд хаана. “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болох тул ийн замыг хааж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, ярилцсан билээ.

Үүний дараа БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч Венкая Найду Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар Ерөнхийлөгчийн ордонд уулзалдсан юм.

Рам Натх Ковинд: Газрын тос боловсруулах үйлдвэр хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндтой уулзахдаа Эрхэм Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын оюун санааны хөрш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Энэтхэгийн анд нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг эх орондоо тавтай морилохыг хүсээд энэ удаагийн айлчлал нь ойр дотно хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэсэн юм.

Манай хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил тохиох 65 жилийн ойг ёслол төгөлдөр, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгч нар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Мөн буддизмд суурилсан, газар зүйн байршлаас үл хамааран нягт холбогддог хоёр улс бурхны шашин номын чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд байх эртний судар бичгүүдийг цахимжуулан, илүү өргөн хүрээнд олон нийтийн хүртээл болгох ажлыг тал бүрээс нь дэмжиж ажиллах асуудлаар ярилцсан юм.

Шашин номын харилцаанаас гадна сансар огторгуй, цахимжуулалт, кибер аюулгүй байдал зэрэг өсөн нэмэгдэж буй эдийн засгийн үр ашигтай салбаруудад хамтран ажиллах, одоогийн харилцааг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгтэй талууд санал нэгдсэн билээ.

Мөн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд газрын тос боловсруулах үйлдвэр цаг хугацаандаа баригдаж, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвхөн нефть бус бүх төрлийн бараа болон зорчигч тээврийг хөгжүүлэх боломжтой

БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражяа Сабхагийн дарга Венкая Найду мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахдаа газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг өргөн хүрээнд ярилцсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нефть дамжуулах хоолой барихаас илүүтэй, төмөр зам тавих асуудлаар Ерөнхий сайд Н.Модитой нэгдсэн ойлголтод хүрсэн гэдгээ хэлж, төмөр зам тавьснаар ганцхан нефть бус бүх төрлийн бүтээгдэхүүн, зорчигч тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх олон талын үр өгөөжтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражяа Сабхагийн зүгээс Монгол Улсын дээрх саналыг дэмжин, хамтран ажиллахыг урилаа.

Талууд мөн боловсрол, соёл, хүмүүнлэгийн болон бусад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд дараах автозамууд хаалттай байна

нийслэл зам хаана зурган илэрцүүдУлаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байрлах 5 буудлаас 7 буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

image

image

Categories
мэдээ нийгэм

Ойн салбарынхныг чадавхжуулах сургалт эхэллээ

Ойн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Ойн анги, Ойн нэгж, Ойн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, чадавхжуулах сургалт эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд 21 аймгийн төлөөллүүд оролцож хууль бус мод бэлтгэл болон ойн хөнөөлт шавж, ой ашиглалт, ойн дагалдах баялаг, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх, ойн нөөц зэрэг сэдвүүдээр бие биенээсээ туршлага судалж байгаа аж.

“Ойн ашиглалттай холбоотойгоор хууль бус мод бэлтгэлийн асуудал яригддаг. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлийн бодлого, ойн ангиудын идэвхтэй оролцооны үр дүнд хууль бус мод бэлтгэл жилээс жилд буурч байгааг зөвлөгөөний үеэр ойн салбарынхан онцолж байлаа.

Ойн сан бүхий аймгуудад ойгоо нөхөн сэргээх зорилгоор мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ нь үр дүнгээ өгч судалгаагаар тогтоогдсон манай орны ой хөгширсөн гэх дүгнэлтийг өөрчлөх эрчимтэй ажил болж буйг орон нутгийн оролцогчид хэлж байв.

Түүнчлэн ойн салбарын хүний нөөц, мэргэжилтэн боловсон хүчний дутмаг байдал болон хууль эрхзүйн орчин, тулгамдаж буй асуудал гээд салбарын асуудлыг тэд 3 өдөр хэлэлцэх юм.

Ойн анги, байгууллагын ажилтнуудыг онол, практик хослуулан чадавхжуулах нь нэн тэргүүний шаардлага болсон гэдгийг зөвлөгөөний үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлж байлаа. Энэ ч үүднээс ойн салбарын тэр дундаа Ойн ангиудын мэргэжилтнүүдийн дунд энэ жилээс эхлэн ур чадварын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн гэдгийг онцолж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн болно.

Хориг тавих тухай албан бичиг:

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй явуулбал зохих талаар миний бие 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд сануулан, удаа дараа анхааруулсан боловч үл ойшоон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.

Хууль ёсыг чанд баримталж, нийгмийн зөвшилцөл, ойлголцлын хүрээнд явуулах ёстой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь сайн зүйл авч ирдэггүйг 2000 оны нэмэлт, өөрчлөлтүүд бүрэн харуулсан. Тодруулбал 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг олон нийт дордуулсан 7 өөрчлөлт хэмээн нэрлэж, Үндсэн хуульд орсон цагаас нь хойш өнөөг хүртэл шүүмжилж ирлээ. Энэ удаагийн оролдлого ч мөн дордуулсан 7 өөрчлөлтийг засна гэсэн уриа лоозонтойгоор эхэлж, үл бүтэх байдлаар өрнөлөө.

Монгол Ардын Нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонхийн суудал авч, төрийн эрхийг дангаар барьж байх үедээ Үндсэн хуульд дордуулсан 7 өөрчлөлтийг оруулсан байдаг бөгөөд уг өөрчлөлт улс орны хөгжил, улс төр, нийгмийн амьдралд сөрөг муу нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл өнгөрсөн хугацаанд тасраагүйтэй адил тухайн өөрчлөлтийг оруулах үед явагдсан хууль тогтоох байгууллагын хуулийн зөрчил бүхий үйл ажиллагаатай холбогдсон маргаан бас тасраагүй гэж хэлж болно.

Тодотговол Улсын Их Хурал хууль болон тогтоол гаргаж байхаар заасан тухайн үеийн хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчиж, 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр батлаагүйтэй холбогдон үүссэн маргаан Үндсэн хуулийн цэцийн хэмжээнд олон жил өрнөсөн байх бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан хэмээн дүгнэж болохоор байна.

2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан энэхүү журмын тухай хууль нь зарим маргааныг бүрэн цэглэсэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон харилцаа, аливаа үйл ажиллагааг нэг бүрчлэн зохицуулсан, чандлан мөрдвөл зохих хууль болсон. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг энэ хуульд бүрэн нийцүүлж, хууль зүйн зөрчил, маргаангүйгээр шийдвэрлэх нь зүй ёсны шаардлага болно.

Харамсалтай нь Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна. Тухайлбал:

  1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж заасан бол тус хуулийн 6 дугаар зүйлийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 7 дугаар зүйлийн “Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 8 дугаар зүйлийн “Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 9 дүгээр зүйлийн “Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 10 дугаар зүйлийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавих шаардлага”, 11 дүгээр зүйлийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх” зэрэг зохицуулалтууд нь бүхэлдээ Үндсэн хуульд “зөвхөн хуулиар” нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг бататган, холбогдох харилцааг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой зохицуулжээ.

Хуулийн ийм тодорхой шаардлага, зохицуулалтуудыг Улсын Их Хурал илэрхий зөрчиж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр хэлэлцэн шийдвэрлээгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэнд огт нийцэхгүй байгаагаас гадна улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон гол хуульд хууль зөрчсөн байдлаар өөрчлөлт оруулж, нийгмийн зөрчил, маргааныг улам дэвэргэх шалтгаан нэмж буй нь туйлаас зохимжгүй үйлдэл мөн гэж дүгнэж байна.

Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад баримтлах ёстой гол хуулийг илэрхий зөрчсөн Улсын Их Хурлын энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг болох тул нийгэмд томоохон эсэргүүцэл, тэмцэл бий болгож, улс орныг бүхэлд нь хямрааж мэдэх эрсдэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж маш тодорхой заасныг Монгол Ардын Нам, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд онцгойлон үзэж, анхаарвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн шаардлагыг зөрчсөн, үүнээсээ улбаалан тухайн хуулийн олон зүйл, заалтыг мөн зөрчөөд байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулиас гадуур үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд хууль ёсыг үгүйсгэсэн, Үндсэн хуульт байгуулалд халдсан ийм үйл ажиллагаанд нийт ард түмнээ татан оролцуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

  1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүлсэн Д.Лүндээжанцан нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх заалтаас гадна 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн бол хууль зүйн шаардлага хангаагүй төслийг хүлээн авч хэлэлцсэнээр Улсын Их Хурал мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйл нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавих шаардлага”-ыг тогтоосон бол тус зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна”, 10.1.1-д “Үндсэн хуулийн зохих зүйл болон энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчимд бүрэн нийцэж байгааг буюу харшлаагүйг нотолсон тайлбар хавсаргасан байна” гэж заасан байдаг.

Мөн тухайн хуулийн 5 дугаар зүйлд Улсын Их Хурал болон хууль санаачлагч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд 3 үндсэн зарчмыг баримтална, эдгээр 3 зарчмын нэг нь “Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах” зарчим байна гэж заасан бөгөөд энэ зарчмыг “Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулах” зэрэг заавал хэрэгжүүлэхийг шаардсан 4 төрлийн арга замаар хангаж, хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагааны хүрээнд хуулийн дээрх зарчим, шаардлагууд бүрэн зөрчигдөөд байна. Тиймээс төсөл өргөн мэдүүлэх, хүлээн авах болон хэлэлцэн шийдвэрлэхтэй холбогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагааг бүхэлд нь хууль бус буюу хууль бусаар явагдсан гэж дүгнэхээс өөр аргагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй гэж заажээ.

  1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн …Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно” гэж заасан бол мөн хуулийн 10 дугаар зүйлээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавих шаардлага”-ыг, 11 дүгээр зүйлээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх” журмыг тус тус хуульчлан тогтоожээ.

Хуулийн эдгээр зохицуулалт Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг маргаангүй илэрхийлсэн бол ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл улам бататгасан байна.

Тухайлбал тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт “Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно”, 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийг албажуулах, нийтлэх, хүчин төгөлдөр болсонд тооцох асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна”, 17 дугаар зүйлийн 17.10 дахь хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуульд Улсын Их Хурал ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг хориглоно” гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтууд ард нийтийн санал асуулгаар Улсын Их Хурал хэлэлцсэн хуулийн төслөө оруулж, дэмжигдсэн тохиолдолд тухайн төсөл нь хууль болон батлагдана гэдгийг тодорхой зааж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь хуулийн энэ тодорхой шаардлагыг огт хангасангүй.

Ард нийтийн санал асуулгыг хууль зүйн ийм илэрхий зөрчилтэйгөөр явуулж, ард түмнээ хууль бус үйл ажиллагаанд татан оролцуулах нь Үндсэн хуулийн дархлааг үгүй хийх, хууль дээдлэх ёсыг устгах, улмаар улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх муу үр дагавартай тул зөвшөөрөх аргагүй юм.

  1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд бусад шийдвэр нь тогтоолын хэлбэртэй байна” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-ийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт зөрчигдсөнөөр хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, түүнчлэн дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг тус тус зөрчигдсөн гэж үзэж байна.

  1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” гэж заажээ.

Гэтэл Улсын Их Хурал 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтыг үндэслэхгүй орхиж, зөвхөн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн, мөн түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг огт үндэслээгүй орхигдуулсан байгаа нь хууль зүйн зөрчилтэй төдийгүй цаашид гаргах сөрөг үр дагавар ихтэй шийдвэр гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.

Ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар бүлгээс гадна Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн хүрээнд зохион байгуулж явуулах шаардлагатай гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн “…Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” гэсэн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг бүрэн тодорхой илэрхийлсэн байна.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар смарт карт” компанийн мэдээллийг нээлттэй болгохыг үүрэгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна. Машин/цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа” хэмээн танилцуулав.

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруул, танай байгууллага бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналтаа тавьж байгаагийн хувьд үүн дээрээ дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Ажлын байрны хяналтыг сайжруулж, жолооч нарынхаа хувцас хэрэглэлийг жигдрүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэ. Жолооч нараар орой ажил тарсны дараа автобус цэвэрлүүлдэг байдлаа зогсоо. Цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг хүн хүчний бүтэц зохион байгуулалтаа хий. Өдөржин замын хөдөлгөөнд оролцож, түгжрэл дунд явж явж ирээд шууд гэртээ хариад амарч чадахгүй автобусаа цэвэрлэдэг байж болохгүй” хэмээлээ.

Мөн “Холбогдох байгууллагууд хяналтаа тавиад ирэх сарын 20 гэхэд орлогоо хянаж, зарлагаа багасгах, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлыг нүдэнд үзэгдэж гарт баригдахаар, иргэд, үйлчлүүлэгчдэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг хий. Бидэнд зүгээр суух цаг хугацаа байхгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн ханга. Хар утаа ялгаруулдаг, орчин бохирдуулдаг автобуснуудыг жагсаалаас гарга. Хэзээ шаардлага хангана тэр үед нь шугаманд гарга. Жолооч нарын сахилга бат, хариуцлага, хувийн соёл, ариун цэвэр гэх мэт ажлын байрны хяналтыг хатуу зохион байгуулалтад оруул. Жолооч нарыг сургалтад хамруулж байгаа бол сургасан шиг сурга. Долоо хоног бүр нийслэлийн Иргэний танхимд сургалт зохион байгуул. Танай байгууллагатай хамтран ажиллаж байгаа 19 компанид нийслэлд өгөх өрөө төлж дуусга, 2020 оны нэгдүгээр сараас өмнө багадаа 300 автобусны парк шинэчлэл хийх хугацаатай үүрэг даалгавар өг. Парк шинэчлэл хийж чадахгүй, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэггүй компаниудтай хот дахин хамтарч ажиллахгүй.

“Улаанбаатар смарт карт” компанийн бүх систем, хяналт, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг долоо хоногийн дотор Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд, Санхүү, төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэл, аудит, хяналт, шинжилгээний үнэлгээний газар болон улаанбаатарчуудын өмнө нээлттэй болгож өгөх хугацаатай үүрэг даалгавар өг. “Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэлд хяналтаа тавь. Оролцоогоо нэмэгдүүл. Танайх системээ бүрэн хяналтандаа авч, “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал. Хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байдаг, тэр мөнгөө хэмнэж, алдагдалгүй болох гэж байна гээд ард түмнийг морь мал мэт чихэлдүүлж, ачиж явж огт болохгүй. Түүнчлэн такси үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа хувь иргэдийг бүртгэж зохион байгуулалтад оруул. Такси үйлчилгээнийхнийг ирэх сарын 1 гэхэд бүртгэж зохион байгуулалтад оруулсан байх ёстой” хэмээн хугацаатай үүрэг даалгавар өглөө.