Categories
мэдээ нийгэм

Долоон буудлын зам хаалттай тул өөр зам сонгон зорчоорой

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийхтэй холбогдуулж, энэ сарын 20-ны 23:00 цагаас эхлэн Долоон буудлаас Таван буудал хүртэлх авто замыг бүрэн хаасан юм. Авто замыг есдүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хаасан тул хөдөлгөөнд оролцогч та бүхнийг бусад замыг сонгохыг сануулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2019.09.22)Орхон аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллах үеэрээ

Шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаа, “Бэрэн”металл гангийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт ДЦС-ын өргөтгөл, Орхон аймагт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудтай тус тус танилцаж, “Эх орон дуудаж байна” 3000 залуусын цугларалт уулзалтад оролцох юм. Мөн 17:00 цагаас Уурхайчин соёл урлагийн цогцолборт иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“The Hu” хамтлагийн шинэ цомог iTunes чартын хоёрдугаарт бичигдэж байна

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд нээлтээ хийсэн. Тус хамтлаг цомгийн нээлттэйгээ зэрэгцүүлэн АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлээд буй. “Youtube” орчнооc “The Hu”-хамтлагийн дууг сонсохоор өдөр бүр ханддаг олон сая сонсогчид нь маш идэвхтэйгээр тэдний шинэ цомгийг худалдан авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар “Gerege” цомог “iTunes Chart”-д хоёрдугаар байранд жагсч байна. Тэдний ард дуучин Yanny-гийн “Ultimate Yanni” хэмээх цомог оржээ.

Categories
мэдээ нийгэм

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэх газарт байрлах “Аум Алт” компанитай ашиглалтын нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нэг аж ахуйн нэгж, 19 иргэний олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоож, 35 экскаватор, 1 бульдозер, 34 ковш, 55 хүнд даацын ачааны автомашин болон гэр, усан буу, алт угаах тоног төхөөрөмж зэргийг буулгууллаа.

Тухайн иргэд, аж ахуйн нэгжийн олборлолт явуулж байсан газарт нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөхийг “Аум Алт” ХХК-д даалгав.

Мөн тус суманд олборлолт хийж байсан “Баярс гоулд” компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчидтай хамтран шалгахад нөхөн сэргээлт хийгдээгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байв. Түүнчлэн “Аум Алт” компани ТЭЗҮ шинэчлэх шаардлагатай, зөвшөөрөлгүй блокоос олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймд эдгээр компаниудын олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгахыг үүрэг болголоо.

“Аум Алт” ХХК нь 2016 онд 60 га, 2017 онд 80 га, 2018 онд 50 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2019 онд 50 га, Баярс гоулд ХХК 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын аврагчдыг олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвартайг онцоллоо

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт 09 дүгээр сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж, дүгнэлт хэлэлцүүлгийг хийлээ.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Өмнөд, Зүүн бүсийн аймгуудыг хамруулан “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик, дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод команд штабын сургууль гэсэн 4 чиглэлээр 21 төрлийн сургалтыг зохион байгуулсан.

Дадлага сургуулийн хүрээнд гамшиг, ослын хор уршгийг арилгах үйл ажиллагааны үед холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах зорилготой “Ослын үеийн удирдлагын систем”, гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр харилцан туршлага солилцох академикийн сургалтуудыг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.

Сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын аврагчидтай хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад гарсан химийн осол болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.

Мөн Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуульд 99,5 хувь буюу 12 мянга гаруй хүн хамрагдсан бол хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлагыг явуулж, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангууллаа.

Түүнчлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор команд штабын сургуулийг зохион байгууллаа. Тус сургуульд Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг,Төрийн цэргийн байгууллагууд,Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын 200 орчим төлөөлөл оролцсон юм.

Дүгнэлт хэлэлцүүлгээр энэ удаагийн олон улсын сургалтаар бүсийн аймгуудын харилцан ажиллагаа ажлын уялдаа холбоо сайжирч, гамшгийн үед мэдээ мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэхээс гадна гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадвар дээшиллээ. Түүнчлэн Монголын аврагчдын чадвар олон улсын түвшинд хүрч, хаана ч үүрэг гүйцэтгэх боломжтой байгааг сургалтыг хамтран зохион байгуулагч Ази, номхон далайн цэргийн командлалын мэргэжилтнүүд онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийлээ

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Нийслэл, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Дорноговь аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Тээвэр зохицуулалтын алба, Сайншанд сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиа зэрэг 30 гаруй байгууллагын 450 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Мөн Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуульд 99,5 хувь буюу 12 мянга гаруй иргэд хамрагдсан бол хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлагыг явуулж, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийг шалгав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд болон “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ажиллалаа.

Тус дүүрэгт сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, дөрвөн бөөний дундын цэг, 130 гаруй жижиглэнгийн цэг ажиллаж байна. Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй удирдлагууд тус дүүргийн нэгдүгээр хороонд байрлах дундын бөөний цэгийн үйл ажиллагааг шалгаж, борлуулагч нартай уулзав. Одоогийн байдлаар дундын бөөний нэг цэгт 700 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Борлуулагчид сайжруулсан түлшний борлуулалт сайн байгааг дуулгаад, иргэдээс ямар нэгэн гомдол ирүүлээгүй гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг жижиглэнгийн цэгүүдэд тонноор буулгахдаа задгайгаар биш, 25 кг-ын савалгаатай ирүүлж байвал борлуулагчдын ажил илүү хялбар байх болно гэдгийг учирлалаа. Нийслэлийн удирдлагууд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан нэгдүгээр хорооны айлуудаар орж, шахмал түлшний хэрэглээний талаар санал солилцлоо. Өндөр настан н.Дангаа хэлэхдээ, “Сайжруулсан түлш шаталт сайн, бас илчлэгээ удаан хугацаагаар барьж байна. Түүхий нүүрсийг бодвол асах явцдаа хэсэгхэн утаа гарч байгаад, бүрэн шатаад ирэхээрээ утаа гаргахгүй байна” гэв. Хотын Захирагчийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөцийг дундын бөөний цэгүүдэд нэмэгдүүлж ажиллахыг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оров

Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийх тул Долоон буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамын хөдөлгөөнийг энэ амралтын өдрүүдэд хязгаарлана.

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”

Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”

Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”

Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”

Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”

Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”

ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”

ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”

чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байгаа тул нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг анхаарууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг төв талбайгаас аваарай

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэж байгаа юм.

Өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сүхбаатарын талбайд нээлттэй ажиллана.

Энэ өдөр ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга, хурандаа З.Жаргалсайхан нар өчигдөр /2019.09.20/Алтай хотхон, Нарны гүүр орчмын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Нарны гүүрийн урд доогуур хэсэгт сөрөг хөдөлгөөнтэй болгох асуудлыг Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга хурандаа З.Жаргалсайхан тавив. Хотын удирдлагууд тухайн газарт автомашины ачаалал ихтэй учраас хөдөлгөөнийг сааруулахаар Замын Цагдаагийн газрын гаргасан судалгаа график зураглалыг үндэслэн нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өглөө.

Мөн Гурвалжингийн гүүрний урд хэсэг ТЭЦ-3-ийн баруун талын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулах үүрэг чиглэлийг хотын Захирагч өглөө.