Categories
мэдээ нийгэм

Налайхын зам 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын нийт замын гүйцэтгэл 85 хувьтай байгаа аж. Харин далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан, замын хучилтын ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр тус замын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөжээ. Нэмж мэдээлэхэд, уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа юм. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу талтай гэдгийг албаныхан тайлбарлаж байна.

Categories
мэдээ спорт

Манай футзалын шигшээ Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Монголын футзалын үндэсний шигшээ баг Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтуудаа хийхэд нэг сарын хугацаа үлджээ.

Урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой зүүн талаараа хиллэдэг Ордос хотод 10 дугаар сарын 22-26-нд болно. Монголын шигшээ баг БНХАУ, Тайвань, Хонконгтой нэг хэсэгт багтсан бол “В” хэсэгт Япон, БНСУ, Макаогийн багууд өрсөлдөнө.

Тус хоёр хэсгийг тэргүүлэгчид дараагийн эрхээ шууд авах бол хэсгийн хоёрдугаар байрын багууд 10 дугаар сарын 26-нд “Плэй офф”-ын тоглолт хийж, хожсон нь хэсэгт тэргүүлэгчдийн хамтаар 2020 онд Туркместанд болох Ази тивийн АШТ-д эрхээ авах юм.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын үндэсний шигшээ баг энэ удаагийн өрсөлдөгчид болох БНХАУ, Тайвань, Хонконгийн багуудтай өмнө нь тоглож байсан талаар сонирхуулахад, Монгол 8:3 Хонконг 2015.11.14, Монгол 1:4 БНХАУ 2015.11.18, Монгол 3:5 Тайвань 2015.11.19, Монгол 2:6 Тайвань 2017.11.05

Футзалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн: Ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэ-Очир, Хаалгачийн дасгалжуулагч: Ш.Баянжаргал, Багийн эмч: Г.Ариунбайгаль.

Тоглогчид: П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, Э.Пүрэвдорж, Э.Ганзориг, Т.Анхбаяр, Ц.Билгүүн, С.Наранбаатар, Я.Алтансүх, Б.Амгаланбат, А.Тэмүүлэн, Э.Ууганбаяр, Э.Мөнхтэнгэр

Хаалгачид: М.Чанцал, Б.Бадамсэрээжид

Categories
мэдээ нийгэм

Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг олон нийтэд зарлана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж үйлчилгээнд гаргана

Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэл, бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган иргэдэд үйлчилж байна. Аравдугаар сарын 01-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж, цагийн хуваарийг динамик байдлаар буюу өглөө, оройн ачаалалтай цагуудад ажиллах автобусны гаралтын тоог нэмэгдүүлэн 940 автобусыг үйлчилгээнд ажиллуулснаар хүлээгдлийн хугацааг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Ч52 буюу ”3,4-р хороолол-Зайсан” чиглэлийг иргэдийн зорчих эрэлтэд нийцүүлэн Зайсан толгойг тойрч явахаар төлөвлөн аравдугаар сарын 1-ний өдрөөс есөн автобус 8 минут тутамд үйлчилнэ. Шинээр явах замналын дагуу автобусны хоёр зогсоол нэмж байгуулна” хэмээн танилцуулгадаа онцлон дурдав.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны есдүгээр сараас хойш хот нийтийн аж ахуй болон авто зам, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, нийтийн тээвэр зэргээр ирүүлсэн гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн талаарх товч мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ч.Ган-Очир хийв. Тэрбээр “Телеграм программаар 1083 удаагийн гэрэлтүүлэг асалттай холбоотой зөрчил бүртгэгдсэн. Үүнээс гэрэлтүүлэг асахгүй 1036, асаалттай нэг, шонг хазайлгасан /мөргөсөн/ 28, кабель унжсан, ил гарсан 12, шон таггүй хоёр, гэрэлтүүлгийн толгой эвдэрсэн дөрвөн зөрчлийг холбогдох гэрэлтүүлгийн компаниудад мэдэгдэж, засварын ажилд хяналт тавьж ажилласан. Есдүгээр сарын 1-20-ны хугацаанд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй холбоотой ирсэн нийт гомдлын 85-90 хувь нь хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй байгаа талаарх мэдээлэл, гомдол эзэлж байна” хэмээв.

Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын талаарх мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “2019 онд өөрийн хөрөнгөөр хийгдэх их, урсгал засварын ажлыг нэгтгэн хэлэлцэж, календарчилсан төлөвлөгөө гарган, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулан мөрдөж ажиллаж байна. Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих арван ажилд тендер зарлаж, есөн ажил 100 хувь дуусаж, нэг ажил 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Урсгал засвараар 106 ширхэг цахилгааны тоолуур, 161 нэр төрлийн тоноглол урсгал засвараар 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Усны даралт бууруулах хаалт, термометр, цэвэр, бохир усны худгийн таг, шугам сүлжээний дулаалга, гадна, дотор ариутгах татуургын холбох хэрэгсэл, бөмбөлгөн хаалт, ялтсан дулаан солилцуурын жийрэг, ялтас, цахилгааны тоноглол 100 хувь нийлүүлэгдэн ажил хийгдсэн” гэсэн юм.

Зөвлөгөөний үеэр Хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэлийн Агаарын чанарын бүсэд байгаа 290 халаалтын зууханд утаа шүүгч шүүлтүүр суурилуулах ажилд захиалагч, гүйцэтгэгч хяналт тавих ажил юу болсон, Цахилгаан халаагуурт шилжих сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтад нэмэлтээр орсон зургаан цэцэрлэгийн хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх ажил ямар шатанд хийгдэж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах, Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах”-ыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгов. Мөн төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, Нийтийн Тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, чанарт хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу сайтар зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус онцгойлон үүрэг чиглэл болголоо. Түүнчлэн “Аравдугаар сарын 1-нээс эхлээд бид ажил аваад хийж чадаагүй, гэрээ байгуулаад үнээ нэмдэг, илүү мөнгө нэхдэг, ажлаа хийж чаддаггүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй, дадлага туршлагагүй хотын ажлыг хойш нь татсан, дээрээс нь төсвийн хөрөнгийг үргүй зарцуулдаг компаниудыг олон нийтэд зарлаж, цаашид хотын болон бусад төрийн байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй байх асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн хатуу анхааруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хуримтлалтай “Монгол мөрөөдөл”

Аливаа улс орны эдийн засгийн дархлааг тогтоодог нэг хүчин зүйл нь тухайн улсын иргэдийн нийт хуримтлал буюу “Үндэсний хуримтлал” гэдэг ойлголт байдаг билээ. Хуримтлалаараа дэлхийд тэргүүлдэг Швейцар, Швед, Герман зэрэг орнуудад иргэдийнх нь 95%-иас дээш хувь нь өөрийн хуримтлалтай байдаг ба өнгөрсөн 20-н жилийн хугацаанд эдгээр улсын өрх, гэрүүд нийт орлогынхоо 8-10%-ийг тогтмол хуримтлуулдаг гэсэн судалгааг “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-аас гаргажээ. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөрөө “Иргэн баян бол улс баян” гэдгийн тод жишээг харуулж буй эдгээр орнууд хөгжлийн замналаа иргэдийн хуримтлал хийгээд хүүхэд бүрд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлуулах дадал зуршлыг бий болгохоос эхлүүлсэн аж.

Тэгвэл Монгол улсын хувьд нийт өрхийн 76% нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээллийг “Үндэсний статистикийн хорооны тайлан”-гаас харж болно. Улс орны ирээдүйг жолоодох хүүхэд багачууддаа багаас нь хуримтлалын ач тусыг ойлгуулах, хуримтлалтай, санхүүгийн баталгаатай иргэн болж төлөвшүүлэх нь улс орны өнөөгийн бодлогын түвшинд тэргүүний ач холбогдол өгч анхаарах зүйлүүдийн нэг байж болох юм.

“Америк мөрөөдөл” гэх ойлголт буюу философийг бид барууны ном сонин, Холливудын киноноос олонтоо сонсож өссөн. Энэхүү философи нь улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөө, эрүүл Америк өрх гэрүүдийн талаарх мөрөөдөл, үндэсний үзэл санаа бөгөөд яс үндэс, гарал угсаа, арьс өнгө, нийгмийн давхарга, амьдралын боломжоос үл хамааран иргэн бүрд мөрөөдөлдөө хүрэх гарааны нөхцөл адил тэгш гэсэн санааг агуулсан байдаг аж. Үүнтэй адилаар “Монгол мөрөөдөл”-ийг бий болгож, ирээдүйн үрсийнхээ хүсэл мөрөөдлийг бодит болгоход эцэг, эхчүүдийн үүрэг, санаачилга нэн чухал байна. Бид одооноос хүүхдээ мөнгөтэй зөв харилцах, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулж, сайн сайхан ирээдүйг бүтээх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Хүүхэд мөрөөдлөө эцэг эхийнхээ дэмжлэг, урмаар бүтээдэг. Өнөөдрөөс эхлэн хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэхэд тууштай хуримтлалыг дадал болгоорой. Худалдаа, хөгжлийн банкны Хүүхдийн хадгаламж Таны бяцхан үрийг мөрөөдөлд нь хөтлөн, оргилд хүрэх замыг нь 4 дахин хурдасгах болно.

Эцэг, эх Та бүхэн Худалдаа, хөгжлийн банктай хамт санхүүгийн мэдлэгтэй, ирээдүй нь баталгаатай Монголын үрс, “Хуримтлалтай Монгол мөрөөдөл”-ийг бодит болгоход хамтдаа тэмүүлцгээе.

Худалдаа, хөгжлийн банкны Хүүхдийн хадгаламжийн жишээ тооцоололтой танилцана уу.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Чернобыль” цуврал Эмми шагналаас хоёр төрөлд ялалт байгуулжээ

АНУ-ын Лос-Анжелес хотноо Microsoft театрт 71 дэх удаагийн Эмми шагнал гардуулах ёслол болж байна. АНУ-ын хамгийн нэр хүндтэй телевизийн шагнал болох Эмми шагналыг дэлхий даяар ихээхэн шуугиан тарьсан “Чернобыль” цуврал хоёр нэр төрлөөр хүртжээ. Тодруулбал, богино хэмжээний цувралын шилдэг найруулга, богино хэмжээний цуврал болон киноны шилдэг зохиол гэсэн хоёр нэр төрлийн ялагч болсон байна. Энэ цуврал Эмми шагналын 19 нэр төрөлд дэвшснээрээ 32 нэр төрөлд дэвшсэн “Хаадын тоглоом” цувралын араас бичигдэж байгаа юм. “Чернобыль” цуврал нь Америкийн НВО суваг Британийн Sky телевизийн сүлжээтэй хамтран бүтээсэн, 1986 оны Чернобылийн АЦС-ын ослын талаар өгүүлсэн. Цувралын нээлт АНУ-д 2019 оны тавдугаар сарын зургаанд, Их Британид 2019 оны тавдугаар сарын долооны өдөр болсон юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цуврал кино “Шилдэг драмын цуврал” шагналыг хүртжээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулсан “Emmy Awards” наадмын 71 удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “HBO” сувгийн уран бүтээл “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цуврал кино “Шилдэг драмын цуврал” шагналыг хүртжээ.

Зохиолч Жорж Р.Р.Мартины “Гал мөсний дуун” уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Game of Thrones” цуврал кино “Шилдэг драмын цуврал” хэмээх шагналыг дөрөв дэх удаагаа хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 2015, 2016, 2018 онд тус тус хүртэж байсан юм.

Мөн уг цувралд Тирион Ланнистерын дүрийг бүтээсэн Питер Динклаж “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэнээр дөрөв дэх “Emmy”-гээ гардан авсан байна. Тэрбээр энэ төрөлд найман удаа нэр дэвшиж, 2011, 2015, 2018 онд шагналын эзнээр тодорч байжээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүлийн их сургуулийн олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ. 2020 оноос барилга, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2023 онд анхны элсэлтээ авах төлөвлөгөөтэй байна. Тус сургуулийн оюутнууд 3+1 буюу Монгол Улсад гурван жил суралцаад дадлагажих хөтөлбөрөө БНСУ-д дүүргэнэ. Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно гэв. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гадаад улстай хамтарсан сургууль байгуулж, кампус хэлбэрээр хөгжүүлж буй сайн туршлага бидэнд буй, тухайлбал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль гэдгийг дурдаад танай төслийн хувьд орон нутагт хэрэгжүүлэхээрээ онцлог, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм гэлээ. Тиймээс мэргэжил, боловсролын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх, багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон Сөүл хотын их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Жэ Сонг Ху, мөн сургуулийн хот төлөвлөлтийн олон улсын сургуулийн захирал Пак Хён нар оролцов.

Дашрамд дурдахад 101 жилийн баялаг түүхтэй Сөүл хотын их сургуульд өнөөгийн байдлаар 25 монгол оюутан элссэн бөгөөд зарим нь хэдийнэ төгсөөд эх орондоо иржээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулна.

Улс эх орны оюун тархи болох эрдэмтэд анх удаа чуулж, тулгамдсан асуудлаа ярилцаж, гарц шийдэл олох гэж буй энэхүү Анхдугаар их хурлын талаар БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал М.Тунгалаг, Монголын Их дээд сургуулийн консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга, нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Шинжлэх ухаан ажилтны анхдугаар Их хурал нь Монгол Улсын төр, засгаас шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил, дэвшлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, зорилтыг цаг тухай бүрт нь тодорхойлон, хууль эрх зүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч байгаагийн нэг илрэл хэмээн тэд онцоллоо.

Анхдугаар их хурлын нээлтийн арга хэмжээ нэгдсэн хуралдааныг 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд, салбар хуралдааныг 09 дүгээр сарын 26-ны өдөр “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”; “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц; “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт; “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг 09 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талын академич Ширэндэвийн нэрэмжит талбайд, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулна.

Салбар хуралдаанаар Монголын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого шийдвэр гаргахад шинжлэх ухааны судалгаа шнжилгээнд суурилах, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц бий болгох, тэдгээрт ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ажилтны ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бэхжүүлэх зэрэг шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэнэ.

Уг их хуралд шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 800 төлөөлөгч оролцох юм.

Анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” 30 жилийн ойгоороо “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолт хийнэ

Image may contain: 10 people, people smiling, people playing musical instruments, people standing and text

“Харанга” 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ

“Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хамтлагийн ойд зориулсан олон үйл ажиллагаа болох бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ 30 жил уран бүтээл туурвиж байгаа гэдгээрээ дэлхийд ховорт тооцогдох тус хамтлагийн түүхийг өгүүлсэн баримтат, реалити нэвтрүүлэг хүргэх аж. Мөн “Volume-1” пянз гаргахаар зэхэж байгаа юм байна. Тэд 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд гаргасан “Бодлын тэнгис”, 2003 онд гаргасан “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлэхээр болжээ.

Ойдоо зориулсан нэгэн томоохон арга хэмжээ хийх нь “Замд гаръя” тоглолт. Тоглолт ирэх сарын 19-нд 15.00 цагт “Буянт-Ухаа” ордонд болно. Тоглолтод “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The limons”, “A sound”, “Rec on”, Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр нар оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим тоглоомын газруудад шалгалт хийлээ

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс цахим тоглоомын газруудад нэгдсэн үзлэг шалгалтыг зохион байгууллаа.

Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд эдгээр газраар өдөрт 9500 орчим хүүхэд, залуус үйлчлүүлж байна.

Шалгалтыг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хамтран зохион байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан 16 газарт МУ-ын Засгийн газрын 410 дугаар тогтоол “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандарт, “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага” стандарт MNS 6423:2013-уудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн 6 газарт хариуцлага тооцлоо.

Тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ шалгалтын үеэр “Хяналт шалгалтын үеэр цахим тоглоомын газрууд нь цагийн хуваарь хэтрүүлэн хүүхэд залуусыг шөнийн цагаар болон хоногоор тоглуулах зөрчил дийлэнх хувийг нь эзэлж байна. Үүнээс шалтгаалж хүүхэд, залуучуудын бие, сэтгэл зүй доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Ялангуяа шөнө оройн цагаар дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.

Мөн удаа дараа зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй нэр бүхий 1 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр ажиллаж байна” гэж ярьлаа.

Шалгалтын явцад алба хаагчдаас хууль бусаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 1 газрыг илрүүлэн үйл ажиллагааг хааж шалгалтын ажиллагааг явуулж байна.