Categories
мэдээ нийгэм

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт ачаа тээшний шинэ үйлчилгээг нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй ухаалаг тээврийн систем нэвтрүүлнэ” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтын хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төв, Лавай автобуудалд илгээмжийн ачааны хэсэг байгуулан зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг нэвтрүүлээд байна. Дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан бүртгэлжүүлж, бүртгэлийн програмыг ашиглан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь иргэдийн ачаа тээшийг дайвар нэрээр орон нутгийн болон, Улаанбаатар хотын зорчигч тээврийн төвүүдийн гаднаас, түүнчлэн худалдааны төв, зах зэрэг газруудаас хувиараа тээвэр эрхлэгчид хүлээн авч тээвэрлэдэг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан даатгалтай, баталгаатай тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхийн тулд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХК ийнхүү хамтран ажиллаж байна. Дашрамд дурдахад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран ажилладаг гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд нь аймаг, орон нутаг, сум, суурин газруудад түргэн шуурхай, найдвартай, тогтсон цаг, маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэдэг.

Зорчигч нь тасалбараараа MNS-5012:2011 стандартын 5.7.1 дах хэсэгт заасан 60х30х20-ын харьцаатай 15 кг-аас илүүгүй жинтэй гар тээш, мөн стандартын 5.7.2 дах хэсэгт заасан 60х40х20-ын харьцаатай 20 кг-аас хэтрэхгүй тээшийг автобусаар үнэ төлбөргүй авч явдаг. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчийн тээш нь тухайн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт тээвэрлэж болох зөвшөөрөгдөх хэмжээнээс овор хэмжээ, жингийн хувьд их бол тусгайлсан тээш тээвэрлэх автомашинаар тээвэрлэн хүргүүлнэ.

Харин тус тээшний үйлчилгээгээр бүрэн бүтэн бус сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах бөгөөд бусад тээшинд гэм хор учруулах, бохирдуулах, эвгүй үнэртэй ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, тэжээвэр амьтанг тээвэрлэхээр хүлээж авахыг хориглох юм.


Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ

Он гарсаар Монгол Улсын хэмжээнд эхний 8 сард нийт 3628 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 162 хүн амь насаа алдаж, 57 хүн гэмтэж бэртэн, 26050 толгой мал, амьтан хорогдож, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 24575 хүн, 4613 автомашин ажиллаж, 1049 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 44.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 13.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн ослын 53 удаагийн дуудлагаар 337 хүн, 73 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 64 хүний амь насыг аварч, 76 хүнд тусламж үзүүлсэн.

Цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 162 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-аар өссөн байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Шинжлэх ухаан хорт хавдрыг ялахад их ойрхон байна

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, тэр дундаа хавдрын шинжлэх ухаанд ямар дэвшилтэт технологи нэвтрээд байна вэ. Монголчууд хавдрын шинжлэх ухаан, технологиороо дэлхийтэй зэрэгцэж эхэлсэн гэх боллоо?

-Яг эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан гэж авч үзвэл хамгийн эрчтэй, хүчтэй явж байгаа нь хавдар судлалын шинжлэх ухаан. Үүнийг онкологи гэж нэрлэдэг. Энэ салбар яагаад хүчтэй хөгжиж байна вэ гэхээр хүн төрөлхтөн эрүүл мэндийн салбарт дийлэхгүй байгаа нэг айхавтар өвчин байгаа нь хорт хавдар. 2018 онд Нобелийн шагналыг хорт хавдрын чиглэлээр Америк, Японы хоёр эрдэмтэн авлаа. Бид бүгд хавдрыг ялдаг болоход манай шинжлэх ухаан их ойрхон байна. Нөгөө талаасаа хорт хавдрыг ялах цаг хугацаа их ойртож байгаа гэдэгт би их итгэл үнэмшилтэй байдаг. Тухайлбал, хамгийн энгийн жишээ ярихад хорт хавдрын хожуу үе шатандаа орчихсон, эмчлэгдэхгүй гэж байгаа хүмүүс зөвхөн ганцхан ширхэг эм уугаад жил, хоёр жил хүртэлх хугацаагаар бариад байлгаж байдаг ийм эмнүүд гарчихсан явж байна. Хавдрын эмийн шинжлэх ухаан нь өөрөө бас их хүчтэй хөгжиж байна. Хавдар судлал, анагаах ухааны чиглэл маш их эрчтэй хөгжиж байна гэдгийн нотолгоо бол энэ.

-Тэгвэл яагаад хорт хавдрыг устгачихаж чадахгүй байгаа юм бэ?

-Яагаад бид өнөөдөр хорт хавдрыг ялж чадахгүй байна вэ гэхээр хүний дархлааны систем хавдрын эсийг гадны биет гэж таньж чадахгүй байгаадаа л асуудал байгаа юм. Хорт хавдар хүний эрхтэн дотор гадны биет болон ургахдаа гадуураа бамбай зүүчихээд “Би чиний тал шүү. Би өөрийн чинь биеийн нэг хэсэг шүү” гээд дархлааны системийг хуураад байгаа байхгүй юу. Тэр хуураад байгаа бамбай буюу тэр уургийг хүн төрөлхтөн нээчихсэн байхгүй юу, бүтцийг нь. Бүтцийг нь нээчихсэн юм чинь одоо тэрийг устгах аргыг олоход амархан. Тэр бүтэц, тэр бамбайг хуулж хаях технологи нэвтэрчихвэл дархлааны эсүүд хавдрын эсийг дорхноо хайлуулаад залгиад байхгүй болгочихно. Тийм учраас хорт хавдрыг ялах цаг хугацаа ойрхон гэдэг чинь энийг хэлээд байгаа юм. Одоо хорт хавдрын эмчилгээний практикт ийм төрлийн эмнүүд аль хэдийнэ нэвтэрчихсэн. Үүнийг бай эмчилгээ гэж нэрлээд байгаа байхгүй юу. Тэгтэл Монголын хавдар судлалын түвшин хаана явж байгаа вэ гэдэг чинь их чухал. Өнөөдөр бид Шинжлэх ухаан технологийн сан (ШУТ сан)-тай хамтраад 2014 оноос хойш нийтдээ зургаан төсөл хэрэгжүүлж байна. Үүний ачаар өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг тавьж, молекул генетикийн шинжилгээг хийдэг болсон. Тухайлбал, энэ хорт хавдар ямар бүтэцтэй юм бэ. Зөвхөн хорт хавдар гэж таних биш. Хорт хавдар гэж таньсны дараагаар тэр дотроо ямар бүтэцтэй юм, ямар эмэнд илүү дарагдах юм. Хими эмчилгээний мэдрэг чанар гэж нэрлэдэг. Би дэлгэрэнгүй ярьж байна шүү. Нуршиж байна гэж битгий бодоорой.

-Маш ойлгомжтой байна. Баярлалаа.

-Тухайн том хавдар нь генетикийн бүтцийн хувьд мутаци буюу генийн гаж хөгжил нь ямар гаж хөгжилтэй байгааг мэдээд тэр гаж хөгжлийнх нь эсрэг өгдөг эмийг бай эмчилгээ гээд байгаа юм. Тийм оношилгоог хийж өгдөг болсон. Энэ эмчилгээ, практикт нэвтэрчихсэн явж байна. Хөхний хорт хавдар гэхэд гадаргууг нь мэдрэх рецептер гэж бий. Тийм рецептертэй байвал эмчилгээ нь нэг янз. Байхгүй бол тэс хөндлөн өөр эмчилгээтэй. Тэгэхээр ганцхан хими эмчилгээ байдаг гэж ойлгохгүй нь байна шүү. Хими эмчилгээ дотроо бай эмчилгээ. Хими эмчилгээ нь хүртэл ямар эмэнд илүү мэдрэг байх вэ гэдгийг шинжилдэг. Энэ технологио суурьшуулаад авчихлаа. Одоо бид хорт хавдар туссан хүмүүсийн цусанд генийн шинжилгээ хийж үздэг. Эмчилгээнийх нь төлөвлөгөөнд энэ ашиглагддаг болчихсон. Хамгийн энгийнээр хэлэхэд энэ хамгийн ашигтай байрлал. Ийм байхгүй байсансан бол яах вэ. Гадаадад очиж шинжилгээ өгнө, ийм хавдартай хүнд ийм эмчилгээ хийгээд байхдаа яадаг байна гэж дооглох байсан. Асар их алдаатай эмчилгээ явчих аюул байсан. Нөгөө талаасаа гадагшаа явж тэр их үнэтэй оношилгоог хийлгэхэд иргэдээс хичнээн их төгрөг гарах вэ. Бидний тооцоогоор гадагшаа явж 2.3 тэрбум төгрөгөөр тэр оношилгоог хийлгэх хүмүүс байсан. Гэтэл бид 400 сая төгрөгийн төслөөр Монголоос гарах байсан 2.3 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Энэ бол бодитой, ажил хэрэг болсон төсөл гэж би гайхуулах дуртай. Үүгээрээ бас бахархдаг. Тэгэхээр одоо Хавдар судлалын үндэсний төв Молекул генетикийн оношилгоотой болчихсон байна.

Хоёр дахь төсөл нь “Нойр булчирхайн хорт хавдрын мэс засал, эмчилгээг Монголдоо нутагшуулах төсөл” байсан. 230 сая төгрөгийн өртөгтэй төсөл. Энэ төсөл бас амжилттай хэрэгжсэнээр бид гадаадад эмчлэгдэх байсан нойр булчирхайн хавдартай 60 хүнийг Монголдоо эмчилж “Монголын эмч нар эмчилж чаддаг юм аа” гэдгийг харуулсан. Энэ нь өөрөө маш чухал. Нойр булчирхайн толгойн байрлалын хавдрын мэс засал, эмчилгээ хэвлийн хөндийн хамгийн хүнд хагалгаанд тооцогддог. Хүндрэл ихтэй, эрсдэл өндөртэй. Бид энэ төслийг хэрэгжүүлээд 30 хоног доторх нас баралтыг тэг болгосон. Бид хийж чаддаг юм байна гэдгээ харуулсан. Нөгөө талаасаа иргэд итгэдэг болж, эндээ эмчлүүлдэг болж эхэллээ. Энэ бол бидний давуу тал. Үр өгөөжийг нь тооцвол 60 хүний хагалгааг энэ төслийн хүрээнд хийсэн. Хэрвээ зөвхөн энэ 60 хүн гадаадад очиж эмчлүүлсэн бол, ойрын жишээ болгож ярихад БНСУ-д очиж хагалгаа хийлгэсэн бол нэг хагалгаа нь 40 мянган долларын үнэтэй шүү дээ. Энийг 60-д үржүүлэхээр 2.4 сая доллар гадагшаа урсах байсныг бид зогсоосон байна гэсэн үг мөн үү.

-Мөн, мөн.

-Энэ чинь амжилт байгаа биз дээ. Одоо тэгээд гадаадад явж эмчлүүлэх өвчний жагсаалтаас нойр булчирхайн толгойн хавдрын мэс засал эмчилгээ хасагдчихаж байгаа юм. Мөн нойр булчирхайн сүүл хэсгийн хагалгааг дурангаар хийдэг. Энэ төслийн хүрээнд бид энэ хагалгааг дурангаар хийж чадна гэдгээ бас харуулсан. Гэх мэтчилэнгээр энэ төслүүд амьдралд нэвтэрсэн. Бидний зориод байгаа зүйл бол үнэндээ бид дэлхийн анагаах ухаанаас нэлээд хоцорчихсон байсан. Тэгвэл ядаж одоо байгаа түвшинд нь очъё гэж үзээд байна. Яахаараа монгол хүн дэлхийн анагаах ухааны том ололтуудыг эх орондоо санхүүгийн дарамтгүй эдэлж болохгүй гэж. Яг энэ утгаараа гурав дахь төсөл явсан. Тэр нь “Элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих төсөл”. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээг нутагшуулах. Үүнд 400 сая төгрөгийг ШУТ сангаас санхүүжилтээр авч, “Элэг нэгт монголчууд” сангийнхан тэрбум төгрөг босгож өгч, ард түмэн бидэнд 64 сая төгрөг хандивлаж, тэгж байж бид Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлсэн. 2018 оны нэгдүгээр сарын 28-нд эхний хагалгааг хийсэн. Одоо 15 хүнд хагалгаа хийчихсэн байж байна. Энэ бол том дэвшил, амжилт. Тэр 400 сая төгрөгөөр асар их чухал хэрэгтэй зүйлээ гүйцээж авч чадсан. Үүний хүрээнд монгол хүн гадагшаа явж элгээ солиулах гэж орон гэрээ зарж, баахан өр шир тавих

шаардлагагүй болж байна. Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр 81, 82 дахь хагалгаагаа хийчихлээ гэж ярьж байна. Хавдар судлалын төв дээр 15 хагалгаа хийчихсэн байна.

-Элэгний хорт хавдрын гол шалтгаан нь юу вэ. Олон янзын шалтгаан ярих юм?

-Элэгний хорт хавдрын шалтгааны 90 хувь нь В, С вирус байхгүй юу. Шалтгааныг нь бид аваад хаячихаар ирээдүйд хавдар тусах байсан хүмүүс тусахгүй нь байна шүү дээ. Ирээдүйд манайд элэгний хорт хавдар тийм их байхаа больчихно. Арван жилийн дараа хоёулаа дахин уулзаж суугаад “Хоёулаа 2019 онд тэгж ярьж байсан. Одоо ямар байна” гэж ярихад В, С вирусийн шалтгаант элэгний хавдар байхгүй болчихсон байх нь. Ямар гоё юм бэ. Маш олон иргэдээ ирээдүйн өвчнөөс хамгаалж чадаж байгаагаараа чухал. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэг шилжүүлэн суулгах хөтөлбөрийг шинжлэх ухааны талаас ихэд дэмжиж өгсөн. Энэ бол анагаах ухааны маш том ололт. Хуучин, 20 жилийн өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд тухайн эмнэлэг бараг л сансарт нисэх гэж байгаа юм шиг л бэлтгэл ажил хийдэг байсан. Гэтэл одоо өдөр тутмын хагалгаа болчихоод байна. Мэдээж эрсдэлгүй юм байхгүй шүү дээ. Олгой авахад хүртэл эрсдэл байгаа шүү дээ. Тийм учраас эрсдэлтэй ч ийм хагалгааг хийж чаддаг хоёрын хоёр эмнэлэг Монголд байна гэдэг манай анагаах ухааны бас л том бахархал гэж бодож байна.

Молекул генетикийн түвшинд оношлоод хөх, ходоод, өндгөвчний хорт хавдрыг орчин үед яаж эмчилж байна вэ гэдэг дээр санхүүжилт аваад төслөө хийгээд дуусч байна. Нэг ёсондоо дэлхий дээрх хорт хавдрын эмчилгээний түвшинд монгол хүмүүсийг эмчлэхийн төлөө хичээж ажиллаж байгаа арга зам нь энэ. Хавдар судлалын үндэсний төв гэсэн нэрэнд судлал гэсэн үг бий. Бид хавдар судлалын чиглэлээр нэлээд ажил хийдэг. D вирусийн халдвар дэлхийд элбэг биш. Харин Монгол бол онцгой бүс. Энэ вирус нь халдвар үүсэх шалтгааныг нэмэгдүүлдэг. Нийт хүн амын дунд В вирусийн халдвар 10 орчим хувь бий. Тэр 10 орчим хувийн 60 хувь нь D вирус хавсарсан байдаг. Монголд В вирусийн шалтгаант элэгний хавдар үүсч байгаа тохиолдол хурдацтай явж байгаа. Үүний шалтгаан нь D вирус юм байна гэдэг нь батлагдсан

-Манай улсыг ямар жишээн дээр онцолж байна вэ?

-Их хоцорсон байдлаасаа гарч одоо дэлхий нийттэй зэрэгцэж ирлээ гэдэг мэдээлэл тавигдлаа. Бид өнгөрсөн зургадугаар сард туяа эмчилгээний шинэ хоёр аппаратаа ашиглалтад авлаа. Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн жил “Үерт автлаа” гэж шуугиан дэгдэж, тэрийг далимдуулж баахан муу сайн мэдээлэл их явсан. Бид ямар ч байсан тэр хоёр шинэ аппаратаа ашиглалтад авч чадлаа. Одоо эмчилгээнд ашиглагдаад явж байна. Тэр бол өөрөө бүхэл бүтэн технологи. Энэ аппаратыг тавьснаар бид 20 жилийн хоцрогдлоосоо салж байгаа байхгүй юу. Хорт хавдрыг туяагаар түлж устгахдаа хажуугийн эрүүл эрхтэнүүдийг бага гэмтээх технологи гэж ойлгож болно. Энэ технологи асар их зардалтай. Бид гурван сая еврогийн өртөгтэй хоёр аппаратаа суурилуулчихаад байгаа шүү дээ. Энэ үнэтэй технологийн зөвхөн арчилгааны зардал жилд тэрбум төгрөг болж байна. Тэгтэл тэр нь төсөвт байдаггүй. Энэ аппарат нь үе үе гацна, программ, технологийн янз янзын алдаа гарна. Тэр бүгдийг засуулна гэхээр үнэ нь талийж өгнө. Сервисийн үйлчилгээ авчихвал бүтэн жилийн турш байнгын засвар, үйлчилгээ хийгдээд байна. Монгол Улс маш олон жил хоцорч хоцорч одоо л туяа эмчилгээгээр дэлхийн хэмжээнд мөр зэрэгцэх хэмжээнд очлоо.

-Нийслэл хот дахь эмнэлгүүдээс хамгийн их ачаалалтай байдаг нь Хавдар судлалын үндэсний төв. Танай төвийг хотоос гаргах, эсвэл төвлөрлийг бууруулах зорилгоор зарим үйлчилгээг нь өөр эмнэлэгт шилжүүлэх ёстой гэх мэтээр янз бүрийн санал гардаг?

-Хавдар судлалын үндэсний төв дээр хэт их төвлөрөл байна. Үүнийгээ орон нутаг, аймгуудын эмнэлгүүд рүү шилжүүлэх хэрэгтэй гэдэг. Энэ бол зөв. Би үүнийг дэмждэг. Гэхдээ ямар ямар үйлчилгээг төвлөрлөөс гаргах ёстой вэ гэдэг дээр бодох ёстой юм. Тухайлбал, хими эмчилгээг орон нутаг хийдэг болооч ээ. Төсөвт нь суулгаач ээ гэдэг асуудал тавьдаг. Хими эмчилгээг нэг удаа хийлгээд л дуусахгүй. 4-10 удаа хийдэг. Тэр тоолонд иргэн Улаанбаатар хотыг зорьдог. Тэгэхийнхээ оронд эхний курс эмчилгээг эндээ хийлгэлээ. Дараа дараачийнхаа эмчилгээг орон нутагтаа хийлгэг л дээ. Эм нь байж байвал нэг протоколоор хийгдээд явчихдаг эмчилгээ. Тэрийг нь хавдрын эмч нь хянаад явахад болдог. Мөн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ байна. Нийт хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Хорт хавдар гэдэг онош сонссон хүмүүсийн 60 хувь нь жилээс илүү амьдарч чадахгүй байна шүү дээ. Тийм их хүн төгсгөлийн шатандаа очиж байна гэсэн үг. Тэр хүмүүст үзүүлдэг хөнгөвчлөх тусламж үйлчилгээг орон гэрийнх нь хажууд үзүүлэх хэрэгтэй. Тэрийг дэмжихээр ажиллаж байна. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын системээс үүнийх нь төлөө санхүүжилт өгч байгаа. Тэгэхээр орон нутгийн эмнэлгүүд өөрсдөө асар их хичээл зүтгэлтэй ажиллавал бүх юм нь бэлэн байж байна. Боловсон хүчнээ сайжруул. Бид сургалтууд байнга зохион байгуулж байна. Харин туяа эмчилгээ хэцүү. Асар их тоног төхөөрөмж, технологи шаарддаг. Би дээр ярьсан шүү дээ. Зөвхөн сервис нь жилдээ тэрбум төгрөг гэж. Тоног төхөөрөмж авах тухай энд яриагүй. Туяа эмчилгээ хийхэд нэг эмч ажилладаггүй. Таван хүн ажилладаг. Тэр олон боловсон хүчнийг яаж бэлтгэх вэ. Тийм учраас төвлөрлөөс гаргах, гаргахгүй юмнууд гэж байна. Тэгэхээр үүнийг шийдвэр гаргагчид бодож байх ёстой. Амныхаа зоргоороо бурдаг хүмүүс зөндөө болчихоод байна. “Хавдрыг ингэж болно, тэгж болно” гэж ярьдаг их мэдэгчид олон.

-Сүүлийн үед “Хавдар бол өвчин биш. Ердөө л В16 витамины дутагдал” гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж, иргэд тэрэнд нь итгэж байгаа бололтой. Тантай уулзсаных үүнд шинжлэх ухаанч, албан ёсны хариулт авъя?

-Шинжлэх ухаан гэж юу юм бэ. Шинжлэх ухаан бол нотолгоо. Шинжлэх ухаан тэнцүү нотолгоо гэж хэлнэ. Нотолж өгч байгаа байхгүй юу. Тэр нотолгоогүй юмыг дагаж явдаг манай иргэд гэнэн сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Гишүүнэ уугаад л зүгээр болчихно гэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн захирал Чимэдээ бид хоёр энэ тухай ярихад тэрээр “Судар бичигт гишүүнэ гэдэг ургамал зөвхөн өтгөн хаталтын эсрэг гэж бичээстэй байгаа шүү дээ” гэсэн. Монголчууд аль эрт үеэсээ судлаад бичээд үлдээчихсэн. Өтгөн хаталтын эсрэг зажилж иддэг. Харин ч хүмүүст хэлэхэд, өтгөн хатдаг хүмүүс энэ ургамлыг сайн ид. Ялангуяа эмэгтэйчүүдэд өтгөн хаталтын асуудал их байна. Шинжлэх ухаан тэнцүү нотолгоо. Анагаах ухааны шинжлэх ухаан дандаа нотолгоонд тулгуурлаж явдаг. Ард иргэддээ сониноор дамжуулж хэлэхэд, нотолгоогүй, сошиалаар бичигдэж байгаа янз янзын мэдээллийг битгий ингэж давлагаалуулж, үнэмшиж итгээч ээ. Харамсалтай тохиолдлууд байна. Эдгэх боломжтой байсаар байтал зугтаад янз бүрийн өвс ч юм уу, ховс хийлгэж яваад эмчилгээгүй болоод буцаж ирж байгаа тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр айхавтар их сурталчилгаа хийж байгаа юмнууд руу, хүний өвчин зовлонгоор бизнес хийх гэсэн юманд нь битгий автаач. Хоёрдугаарт, ард иргэд бие биедээ тусалж байгаа нэрээр “Тэр хүн тийм юм уугаад зүгээр болчихсон” гээд нэг нэгэндээ зөвлөдөг. Битгий ингээч. Энэ нь тус биш гай болдог шүү. Тиймээс ядаж “Мэргэжлийн хүнээс нь асуу” гэдэг өгүүлбэр хэлээч дээ. В16 витамин яриад байна. Тэр яриад байгаа юм биш шүү. Өнөөдөр хүн төрөлхтний хэрэглэж байгаа идэш, ууш хаа байсан XVII, XVIII зууны үеийнхээс огт өөр болсон. Өнөөдөр бидний ууж идэж байгаа хүнсэнд витаминууд хангалттай байна. Дээрээс нь нэмэлтээр витамин хэрэглэх нь зөв. Энэ бүгд нь хорт хавдар гэдэг өвчнийг шууд алга болгочихно гэдэг нь дэндүү өрөөсгөл ойлголт. Нотолгоонд тулгуурласан материал дээр үндэслэж юм бич. Тэгэхгүйгээр хамаагүй ингэж дайрч давшилж болохгүй. Бусдад гай болно шүү гэж онцолъё.

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулсан эмнэлгийн барилгыг төр авч хавдрын эмнэлэг болгох нь зүйтэй, ингэснээр хавдрын өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадна гэж олон хүн санал нэгддэг. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Хавдар судлалын үндэсний төв 1982 онд баригдаад түүнээс хойш өргөтгөл нь бүтэн долоон жил баригдаж байж хагас дутуу дууссан. Маш муу өргөтгөл болсон. Гүйцэтгэж байгаад хийгээгүй ажлынхаа төлөө мөнгөө авчихсан компанид бид эрүүгийн хэрэг үүсгүүлчихээд явж байна. Энэ байшин өнөөдрийн зах зээл, хүн амын өсөлт, энэ их өвчлөлтэй тэмцэхэд орон зай, талбайн хувьд үнэхээр хүрэлцэхгүй байгаа. Тэр ч утгаараа бид энэ эмнэлгийн зай талбайг яаж богино хугацаанд томсгох вэ гэдэг эрэл хайгуул хийгээд УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийн зориулалтаар барьсан барилга тохирох юм байна гэсэн үүднээс хүсэлт тавьсан юм, Эрүүл мэндийн яаманд. Д.Сарангэрэл сайд энэ нөхцөл байдлыг маш сайн ойлгож, үүн дээр дэмжлэг үзүүлж ажиллая гэдгээ илэрхийлж манлайлалтай оролцсон. Засгийн газар ч үүнийг ойлгосон. Гэхдээ бид худалдаж авахгүй. Хэрвээ худалдаад авбал энэ байшингийн 10 мянган метр квадрат талбай ч хангалттай биш. Бид ирээдүйг харсан, 20 жилийн дараахь бид яах ёстой вэ гэдгээ бодож явах ёстой.

Бид том төлөвлөгөө тавьж явна. Зүгээр л маргааш байраа томсгоод явах тухай биш. Ирээдүйд бид яаж амьдрах юм. Ирээдүйд бид хорт хавдар өвчний тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгаж чадах юм уу. Би одоо ингээд хэдхэн жил ажил хийгээд больчихлоо. Дараагийн хүн дахиад л яг энэ сэдвийг ярина ш дээ. Би хөгшрөөд өвдөнө ш дээ. Хэн ч хорт хавдраар өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй. Өвдөхөд эх оронд нь дэлхийн ололт амжилтууд хэдийнэ суучихсан, гадагшаа явж эмчлүүлье гээд хүнээс мөнгө гуйхгүйгээр эндээ эмчлүүлмээр байна шүү дээ. Үр хүүхдэдээ дараа болмооргүй байна шүү дээ. Тийм системийг бий болгомоор байна. Ийм болоход хэн дургүйцээд байгаа юм????? Асуултын таван тэмдэгтэй асууя. Тэр мэргэн түргэн, мундаг мэддэг улсууд та нарыг би өрөөндөө урьж байна. Мэтгэлцээн хийе л дээ. Монгол хүн эрүүл байх, хорт хавдраа эмчлүүлж чаддаг байхад яагаад та дургүйцээд байгаа юм. Эсвэл та нарт хувийн ашиг сонирхол байгаа юм уу. Эсвэл улсын эмнэлэг нь дорой буурай байгаад хажуугаар нь хувийн эмнэлгүүд ашигтай ажиллах сонирхол байна уу????? Улсын эмнэлгүүдийг тойроод хувийн олон эмнэлгүүд байгаад байна. Эд нарт асар том сонирхол яваад байна. Улсын эмнэлгийг сул дорой байлгаад, тэр орон зай талбайгаас нь, даахгүй байгаа юмнаас нь бизнес хийдэг. Энэ сэтгэлгээ, ийм юмнууд шургачихсан явж байх вий. Хавдар судлалын үндэсний төв том байшин, талбайтай болсны хэрэггүй, менежмэнтээ сайжруулчихвал болчихно ш дээ гэж зориуд бичээд байгаа нөхөр нь манай төвийн яг ар талд өндөр байшин бариад сууж байгаа байхгүй юу. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Зөвхөн хувийн эрх ашиг, бизнесийн төлөө бүхэл бүтэн улсын эмнэлгийг дорой байлгах сонирхол хэнд байгаа юм бэ????? гэдэг чухал асуултыг тавьж байна. Хэн үүнийг хүсээд байна вэ.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.

-Замын хөдөлгөөнд оролцох явцдаа усаар цацуулж, эд материал, эрүү мэндээрээ хохирох тохиолдол байдаг. Үүнийг зөрчилд тооцдог уу. Тооцдог бол хохирсон иргэн цагдаагийн байгууллагад хэрхэн хандах вэ?

-Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэх, жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэлгүйгээр зорчих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлүүд нь бүгд зөрчил. Мөрөөрөө замын хажуугаар алхаж яваа иргэнийг усаар цацаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан тохиолдолд жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгодог.

Иргэд усаар цацуулсан тохиолдолд тухайн машины улсын дугаарыг тогтоогоод цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн хамт байсан гэрч болон камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой. Хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Орон сууцанд амьдардаг иргэд оройн цагаар засвар хийх, бөөгийн зан үйл хийх зэрэг нь хөрш айлынхаа амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулиар хэрэг нээх үү?

-Шөнийн цагаар хөгжим чангаар тавих, засвар хийх нэрийдлээр иргэдийг амраахгүй байх, бөөгийн зан үйл гэж тайлбарлан шөнийн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдлүүд бүгд зөрчилд тооцогдоно гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Бусад иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэж байх үүрэгтэй.

Мөн хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях, ил задгай шатаах зэрэг ч зөрчлийн хэрэг. Энэ заалтыг иргэд тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэр хорооллын иргэд ил задгай хогоо шатааж байгаа харагддаг. Энэ цаашлаад гал алдаж түймэр тавих ч эрсдэлтэй үйлдэл.

Түүнчлэн иргэд нийгмийн харилцаанд оролцогчын хувьд батлагдсан хууль тогтоомжийг судалж хүний нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зүй тогтол, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг мөрдөж, зүй зохистой биеэ авч явбал танд зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх харилцаа хэзээ ч үүсэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас нэмэлтээр 60 автобус үйлчилгээнд гаргана

Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэл, бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган иргэдэд үйлчилж байна. Аравдугаар сарын 01-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж, цагийн хуваарийг динамик байдлаар буюу өглөө, оройн ачаалалтай цагуудад ажиллах автобусны гаралтын тоог нэмэгдүүлэн 940 автобусыг үйлчилгээнд ажиллуулснаар хүлээгдлийн хугацааг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Ч52 буюу ”3,4-р хороолол-Зайсан” чиглэлийг иргэдийн зорчих эрэлтэд нийцүүлэн Зайсан толгойг тойрч явахаар төлөвлөн аравдугаар сарын 1-ний өдрөөс есөн автобус 8 минут тутамд үйлчилнэ. Шинээр явах замналын дагуу автобусны хоёр зогсоол нэмж байгуулна” хэмээн танилцуулгадаа онцлон дурдав.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны есдүгээр сараас хойш хот нийтийн аж ахуй болон авто зам, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, нийтийн тээвэр зэргээр ирүүлсэн гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн талаарх товч мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ч.Ган-Очир хийв. Тэрбээр “Телеграм программаар 1083 удаагийн гэрэлтүүлэг асалттай холбоотой зөрчил бүртгэгдсэн. Үүнээс гэрэлтүүлэг асахгүй 1036, асаалттай нэг, шонг хазайлгасан /мөргөсөн/ 28, кабель унжсан, ил гарсан 12, шон таггүй хоёр, гэрэлтүүлгийн толгой эвдэрсэн дөрвөн зөрчлийг холбогдох гэрэлтүүлгийн компаниудад мэдэгдэж, засварын ажилд хяналт тавьж ажилласан. Есдүгээр сарын 1-20-ны хугацаанд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй холбоотой ирсэн нийт гомдлын 85-90 хувь нь хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй байгаа талаарх мэдээлэл, гомдол эзэлж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр энэ сарын 22-ны өдөр Орхон аймагт ажиллаж буй бөгөөд ажлын айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрээр орж, уурхайчдын төлөөлөлтэй уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний удирдлагын багийнхан хүлээн авч, ажлаа танилцууллаа.

“Эрдэнэт үйлдвэр сүүлийн гурван жилд Ил уурхайн гүнд болон ойр орчимд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд цаашид 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Анх уг ордыг илрүүлэхдээ дунджаар 300 метрийн гүнд өрөмдөж байсан бол сүүлийн жилүүдэд бид хамгийн гүн цооногт 1,3 км-ийн өрөмдлөг хийж, хүдрийн нөөц байгааг илрүүлсэн. Нөөц баялагийг өсгөх бодлого хэрэгжүүлэхдээ бид уурхайг тэлэх зорилго тавьж, 60 орчим километрийн радиуст хайгуулын ажлыг хийж байна. Ашиглалтын эхэн үетэй харьцуулахад өнөөдөр хүдэр дэх металлын агуулга 2 дахин буурч, уул геологийн нөхцөл хүндэрч байгаа. Үүнийг манай хамт олон технологийн сайжруулалт, уулын ажлын зөв горимоор үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулан ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд барьж ажилласнаар уурхайн тогтвортой ажиллах үндсийг хангаж байна. Өртөг зардлаа бууруулахын тулд агаарын тандалтыг ч мөн хийж байгаа. Энэ бүхний үр дүнд Эрдэнэтийн орд газрын баялаг наанадаж 60 жилийн нөөцтэйг тогтоож, үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр уртасгаад байна” гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн “амин чухал” асуудлаас Ерөнхий сайдад мэдээлэл өгөв. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай жилд 36 сая тонн хүдэр олборлож байна. Өнөөдрийн байдлаар үүний 31.5 сая тонн нь Баяжуулах үйлдвэрт уламжлалт буюу флотацийн аргаар боловсруулагдаж байна. Үлдсэн хэсэг нь исэлдсэн хүдэр буюу ядуу агуулгатай тусгай овоолгод хадгалдаг. Эдгээрийг цаашид оновчтой, үр ашигтай технологиор боловсруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг ч тэрээр ярилаа.

Уулын ажлын төлөвлөлтөөс эхлээд уурхайн бүх үйл явцыг хянах зориулалттай Питрам удирдлагын системийг Эрдэнэт үйлдвэр 2017 оноос эхлэн нэвтрүүлсэн. Олборлож буй хүдрийн агуулгыг тогтвортой байлгахад гол үүрэгтэй энэхүү хяналтын системийг нэвтрүүлсэн гурван компани дэлхийн хэмжээнд байдгийн нэг нь Эрдэнэт үйлдвэр юм. Техник технологийн шинэчлэлийг орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн дадлага, туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг үйлдвэрлэлийн бүх шатанд тогтвортой ажиллуулах бодлого чиглэлээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр танилцуулж, энэхүү боломжоор ханган ажиллаж байгаа одоогийн Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илэрхийллээ.

Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ил уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Баяжуулах үйлдвэрээр орж, үйлдвэрлэлийн цехийн өргөтгөлийн өнөөгийн байдлыг үзэж сонирхов. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн өргөтгөлийн анхны ээлж 1989 онд 5.5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд 6 сая тонноор хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж ашиглалтад оруулжээ. Уг өргөтгөлийг хийснээр өнөөдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний жигд ажиллагааг хангаж байна. Цаашид дахин ийм өргөтгөл барьж, ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэлдээ дурьдлаа. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, технологийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ хөдөлмөр зохион байгуулалтын нарийн горим, цагийн балансыг нягт тооцоолсны үндсэн дээр хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй ажиллах нь бидний үндсэн зорилтын нэг гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд байрлах Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонссон. Энд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд гурван жил хүртэл хугацаа шаардагдаж буй, санхүү хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэх гарцаа хамтдаа ярилцаж, судалж олсон гээд өнөөгийн үйл ажиллагаа, ахиц дэвшил, ололт амжилтын талаар тодорхой мэдээлэв. Түүнчлэн сүүлийн 20 жилийн турш “толгойн өвчин” гэж нэрлэгдсээр ирсэн цагаан тоосыг дарах ажлыг эрчимтэй хийж буй, хэдийгээр хүндрэл бэрхшээл ихтэй ч энэ асуудлыг ирэх жил бүрэн шийдвэрлэх боломж нээгдсэнийг ч дурьдсан. Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж буй Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжилж байна. Бид өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан. Тиймээс одоогийн байдлаар Засгийн газарт тавьж шийдүүлэх асуудалгүй. Монгол Улсын Засгийн газраас бидний хийх ажил, зорилтыг тов тодорхой болгож, тогтоол шийдвэр баталж өгсөн. Одоо бид зөвхөн хамтын хүчээр хийж бүтээх ажил үлдэж байна. Манай үйлдвэр 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй. Цаашид бид үйлдвэрлэл болон эдийн засгийн өнөөгийн түвшинг бууруулахгүй байхын төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны эхний 8 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн нь эдийн засгийн үзүүлэлтэнд ч эерэгээр нөлөөлж байгаа юм. Оны эхний 8 сард Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Оны төгсгөлд энэ тоо 790 тэрбумд хүрэх боломж бүрджээ.

Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийн хамт олон, уурхайчдын ажил үйлсэд сайн үнэлгээ өгч, “Засгийн газраас ямар нэг зүйл хүсэхгүй өөрсдөө бүгдийг хийх бүрэн боломж байна” гэдэгт сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Мөн Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, улс орон нутгийн төсөвт бүрдүүлдэг хувь нэмрээ жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй нийт ажилтан, уурхайчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Аймгууд цэвэрлэх байгууламжтай болохоор боллоо

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зарим аймгийн цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэхээр болжээ. Тухайлбал, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дархан зэрэг аймагт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар болсон байна. Мөн Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламж барих, өргөтгөн шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хийх аж. Франц Улсын зээлээр барьсан Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх ажил 90 гаруй хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын талаарх мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “2019 онд өөрийн хөрөнгөөр хийгдэх их, урсгал засварын ажлыг нэгтгэн хэлэлцэж, календарчилсан төлөвлөгөө гарган, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулан мөрдөж ажиллаж байна. Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих арван ажилд тендер зарлаж, есөн ажил 100 хувь дуусаж, нэг ажил 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Урсгал засвараар 106 ширхэг цахилгааны тоолуур, 161 нэр төрлийн тоноглол урсгал засвараар 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Усны даралт бууруулах хаалт, термометр, цэвэр, бохир усны худгийн таг, шугам сүлжээний дулаалга, гадна, дотор ариутгах татуургын холбох хэрэгсэл, бөмбөлгөн хаалт, ялтсан дулаан солилцуурын жийрэг, ялтас, цахилгааны тоноглол 100 хувь нийлүүлэгдэн ажил хийгдсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн хэрэглээнд хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Эрүүл мэндийн төв хамтран “Хуванцар савны хэрэглээ, түүний хор хөнөөл” сэдэвт сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд болон хороодод зохион байгуулсан юм. Сүүлийн жилүүдэд “Цэнхэр, шар” гэх тодотголтой химийн бодис хадгалах, зөөвөрлөх зориулалт бүхий хуванцар савны хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хордлого судлал болон Эрдэм шинжилгээний нийгэмлэгээс хуванцар савны хэрэглэгээг багасгах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, тандалт судалгааг хийсээр байгаа юм.

Тодруулбал, хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний устай харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их, сүүнд хүнд металл болох кадьми стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрагт 4.4 дахин их буюу хүний биед маш ноцтой хохирол үзүүлэхүйц дүн гарсан байна.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахуйн хэрэглээнд хуванцар савыг хэрэглэхгүй, ашиглахгүй байж, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2019 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо.

Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн удирдлагын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн талаас тус улсын Гамшгийн удирдлагын газрын Тамгын газрын гишүүн Ж.В.В.Сарма нар гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.