Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх, боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хөгжил, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүний тулд хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд шууд хэлхээ холбоо тогтооход анхаарч ажиллана гэв.

Монгол, Исландын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай буйгаа Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессон тэмдэглээд хоёр орны боловсрол, соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэхээр Элчин сайдын дэвшүүлсэн саналыг дэмжиж, холбогдох албадад чиглэл өгөх болохоо илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд цэргийн хээрийн гал тогоо ажиллана

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.

Өнөөдөр 11 цагаас Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөрлөгтэй. Өдөрлөгийн үеэр Батлан хамгаалах салбарын харьяа байгууллагууд мэдээлэл өгнө.

Мөн жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, эмнэлгийн үзлэг болж зэвсэг техникийн үзвэр дэлгэгдэх аж. Түүнчлэн цэргийн хээрийн гал тогоо ажиллаж, цэрэг татлага, БХИС-д элсэн суралцах тухай, энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Дураараа биш дүрмээрээ” аяныг эхлүүлж байна

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрөгч зургадугаар сард “Яараад яах вэ” аяныг зарласан. Энэхүү аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан дүн гарсан.

Харин энэ удаад Цагдаагийн ерөнхий газар, ТЦА, Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, “Оюутолгой” ХК хамтран “Дураараа биш дүрмээрээ” аяныг эхлүүлж буйгаа өнөөдөр мэдээллээ. Энэхүү аянаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор эхлүүлж буй аж.

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах, дүрмээрээ зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурна гэдгийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат хэллээ.

Жолооч нар:

– Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх

– Хурд хэтрүүлэхгүй байх

– Хамгаалах бүсээ зүүж хэвших

Дээрх гурван асуудалд анхаарал хандуулах юм бол зам тээврийн ослыг 50 хувь бууруулах боломжтой гэдгийг албаныхан анхааруулж байна. “Дураараа биш дүрмээрээ” аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулах аж. Дүрмээр соёлыг тогтооно гэдгийг энэхүү аянаар уриалж байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Дураараа биш дүрмээрээ” аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа аж.

Ослын шалтгааныг авч үзвэл жолооч нар дүрмээ биелүүлдэггүйгээс ихэвчлэн гардаг байна. Тухайлбал гэрлэн дохио шилжчихээс амжиж уулзвар нэвтрэх гэж яараад зам тээврийн осол гаргадаг. Улмаар тухайн уулзвар дээр өдөржин түгжрэл үүсэх тохиолдол байдаг аж. Тиймээс дүрмээрээ хөдөлгөөнд оролцох нэн шаардлагатай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа хүний аминд хүрсэн эсэхийг задлан шинжилгээний хариугаар тогтооно гэв

Цагдаагийн алба хаагчид хүний аминд хүрсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.

Тэрээр “Юуны өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээ Улаанбаатар хотод хийгдэнэ. Тиймээс амь нас хохирсон шалтгааныг тайлбарлах боломжгүй.

Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн эмнэлэгт 2019.09.23-ны өдөр 19.40 цагт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 62 настай Г нас барсан байсан.

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед болсон явдлын талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл өгсөн байна. Гэхдээ цагдаагийн эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй учраас зөрүүтэй тайлбарууд хийсэн байна гэж үзэжн юу болсон талаар товчхон мэдээлэл өгөхийг зорилоо. Гэхдээ хэн нэгэн хүнийг хамгаалах гэсэн зүйлгүй гэдгийг хэлье.

Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад нь тус сумын нутагт гар хөл нь цус болсон хүн дэлгүүрийн үүдэнд орилж, хашхирсан байдалтай харагдсан. Улмаар цагдаагийн хоёр алба хаагч очиж шалгахад Г гэгч иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогодсон. Гар, хөл нь цус болсон нь үхэр гаргачихаад ажилчдынхаа хоолыг бэлтгэхээр явж байсантай холбоотой байсан.

Цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг авч яваад сумын цагдаагийн хэлтэст хүргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээр нь шалгалтын ажиллагаа явуулж шалгана гэхэд цагдаагийн алба хаагч иргэн хооронд маргаан үүссэн байна. Цагдаагийн хэлтэс рүү авч явах хугацаанд мөн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэг рүү хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн. Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Хэн нэгнийг өмгөөлөх биш хэргийн бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. Задлан шинжилгээний хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно.

Хоёр цагдаа хаячихаад зугтсан гэх асуудал яригдсан. Үүнийг тодруулахад тухайн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэхэд дөрвөн залуу хүрч ирээд биед нь халдсан асуудал байгаа. Ахлах офицерийн толгой хавдсан, автомашин жолоодож явсан цагдаагийн алба хаагчийн тархи хагарсан мэдээлэлтэй бйна. Цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүнийг шалгана.

Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байгаа. Бүх асуудал хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэгдэнэ” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Гантулга: Эрчүүд цэвэршилтийн үедээ тайван бус, түргэн ууртай, гутранги болж бусдаас зайлсхийх хандлага гаргадаг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч, бэлгийн эмгэг судлаач эмч Г.Гантулгатай ярилцлаа.


-Цэвэршилт гэж ярихаар зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэж ойлгох нь бий. Эрэгтэйчүүдийн хувьд хэдэн наснаас ихэвчлэн цэвэршдэг вэ. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн настай харьцуулахад арай хожуу байх уу?

Цэвэршилт буюу бэлгийн идэвх буурах байдал нь 55 наснаас эхэлдэг гэж үздэг.

Гэхдээ тухайн хуний биеийн байдал буюу эрүүл мэнд стресс, сэтгэл зүйн байдал, амьдралын хэв маягаас шалтгаалж 5-7 жилийн дараагаас ч бэлгийн идэвх буурч болно.

Энэ нь эмэгтэйчүүдээс хожуу эхэлдэг гэсэн үг юм. Эрчүүдийн бэлгийн идэвх 55-80 нас хүртэл аажмаар буурдаг.

-50, 60 настай эрчүүд их уур бухимдалтай, цухалдангуй, нэг үгээр их муухай ааштай байх нь бий. Ялангуяа замын хөдөлгөөнд оролцож байхад энэ байдал их ажиглагдах юм. Энэ насны эрчүүдийн сэтгэл зүй, сэтгэцэд чухам ямар өөрчлөлтүүд гардаг юм бэ?

-Нас ахих тусам эрчүүдийн бэлгийн даавар болох тестостероны хэмжээ буурч эхэлдэг. Энэ нь сэтгэл зүйн болон бэлгийн идэвхэд нөлөөлдөг.

Бэлгийн идэвхтэй байдалд өөрчлөлт олсноор тухайн эрэгтэй хүн өөрийгөө хэт их хянах, биеэ шалгах буюу биеэ чагнах, өөрийгөө хүчлэх залуу байсан үетэйгээ харьцуулах байдлаар стресст өртөж, сэтгэл түгших, айх зэргээр тогтворгүй болж эхэлдэг.

-Эрчүүд цэвэршилтийн тухай ярих дургүй, энэ сэдвийг хөндөх сонирхолгүй байдаг нь ямар учиртай вэ?

-Эрчүүдийн хувьд бэлгийн идэвх буурч буй байдлаа тэр болгон илэрхийлж, туслалцаа авч чаддаггүй.

Энэ нь тухайн эрэгтэйг өөртөө итгэлгүй, өөрийн үнэлэмж буурах, ичих. сэтгэлээр унах, өөрийн биед гарч буй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэх байдалд хүргэдэг.

Эдгээр сэтгэл хөдлөл, сөрөг бодлуудаас болж эрчүүд маань тайван бус, түргэн ууртай, гутранги, бусдаас зайлсхийх хандлагыг гэр бүл болон хүрээлэн буй хүмүүстээ гаргадаг.

Эрчүүд маань энэ талаар эмэгтэйчүүдийг бодвол гадагш илэрхийлж гаргах талдаа хаалттай, тэр болгон илэрхийлж чаддаггүй. Учир нь эрэгтэйчүүдийн хувийн зан чанар, сэтгэл зүйн онцлог болон төрж өссөн орчин, хүмүүжлийн байдал, бэлгийн амьдралын мэдлэг дутмаг байдал нь үүнд нөлөөлдөг.

-Тэгвэл ийм асуудалтай тулгарч буй эрчүүд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Гэр бүлийнхэн нь тэдэнтэй хэрхэн харьцвал зүйтэй вэ?

-Бэлгийн идэвх буурах энэ үеийг удаашруулж, тайван хүлээж авахын тулд эрчүүд маань дараах зүйлсийг анхаарч, амьдралын хэвийл болгох нь зүйтэй.

Тогтмол эрүүл хооллох, тогтмол цагт унтаж амрах, өдөр болгон биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх, гэр бүл болон бэлгийн хамтрагчтайгаа нээлттэй илэн далангүй харилцах, хорт зуршлаас зайлсхийх, шаардлагатай үед урологи, сэтгэл засалч эмч гэсэн мэргэжлийн хүмүүсээс тусламж авах хэрэгтэй.

ЦЭВЭРШИЛТ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭР УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ ВЭ

Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар эрчүүдийн цэвэршилт 50-60 насанд эхэлдэг.

Сүүлийн үед цэвэршилтийн нас харьцангуй залуужих болжээ. Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь эрт цэвэршихэд нөлөөлж байгаа аж.

Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа тухайн хүний эрүүл мэнддээ хэр анхаардгаас хамааран янз бүр байдаг.

Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил үргэлжлэх нь бий. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулдаг.

ЦЭВЭРШИЛТ ЭХЭЛЖ БАЙГААГ МЭДЭЖ БОЛОХ УУ

Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг.

Гэхдээ ийм шинж тэмдэг нь ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад түр зуур илэрч болно.

Харин урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандаж, эмчийн хяналтад орох хэрэгтэй.

Мэдээж байгалийн жам ёсоор цэвэршилт эхэлж байгаа бол санаа зовох шаардлагагүй. Харин энэ шинжүүд харьцангуй эрт буюу 40-45 насанд эхэлбэл андрологийн эмчид яаралтай хандаарай.

Биеийн ерөнхий байдал суларч, даралт ихсэж, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх, таргалах зэрэг өөрчлөлт биед гардаг. Эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санаа ч хямардаг.

ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэл болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой юм.

Цэвэршилт эрт эхэлж буйн дохио нь шөнө олон шээх, бэлгийн дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно.

Цэвэршилт эхлэх насыг хойшлуулахын тулд архи тамхинаас хол байх, хоолны дэглэм баримтлах, өөрийгөө залуу эрч, хүчтэй байлгаж баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх, агаар салхинд гарч байх хэрэгтэй.

Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг эрчүүд өөртөө илүү анхаарал тавих хэрэгтэй.

Цэвэршилтийн үед өөрийн дуртай таашаал авдаг зүйлээ хийх. Найз нөхөд болон гэр бүлийн гишүүдээс дэмжлэг авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Түүнчлэн амин дэм, эрдэс бодисын нэмэлт тэжээл авах, эрүүл хооллолтын дэглэм барьж тогтмол дасгал хийх, йогийн дасгал, бясалгал болон амьсгалаа зохицуулах дасгал хийвэл зүйтэй.

Харин кофейн, шоколад, спиртийн төрлийн ундаа, халуун ногоо нь нүүр цээжээр халуу оргих шинжийг улам ихэсгэнэ.

Хоол хүнсэндээ кальци ихээр агуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх хэрэгтэй бөгөөд ислэг ихтэй, эрдэс давсаар баялаг, кали магни ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд дааврын хэвийн байдлыг хадгалахад чухал нөлөөтэй.

Цэвэршсэн бол бэлгийн харилцаанд орж болохгүй гэж зарим хүмүүс ойлгодог. Энэ бол маш буруу ойлголт. Цэвэршсэн бол бэлгийн харилцаанд орж болно. Too нь холдох боловч бэлгийн таашаал авах нь хэвийн байдаг.

Барууны оронд цэвэршсэн эрчүүд бэлгийн дур хүсэл өдөөх бэлдмэл хэрэглэхийг илүүд үздэг бол Азийн эрчүүд уламжлалт эм тангаар энэ асуудлаа шийддэг бөгөөд 70, 80 нас хүртлээ бэлгийн харилцаанд ордог юм байна.

Хятад, Энэтхэг зэрэг оронд 80 настайдаа үрийн зулай үнэрлэдэг тохиолдол олон байдаг нь үүнийг нотолдог билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНЭУ-ын нарны эрчим хүчний “Тата Пауэр Солар” болон технологийн “Инфосис” компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж ярилцлаа.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, байшингийн дээврийн чанартай нарны панел үйлдвэрлэл, угсралтаар улсдаа тэргүүлдэг бөгөөд улсынхаа 13 мужид 2.7 гигаватт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж, 100 гаруй байгууллагын эрчим хүчний хэрэгцээг хангадаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тата Пауэр Солар” компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачилга болоод энэ санаачилгад компани ямар оролцоо, хамтын ажиллагаатай байж болох талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 онд байгуулагдсан Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй зөвлөгөө, мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний 228 мянга гаруй ажилтантай “Инфосис” компанид зочилж, хамтран ажиллах асуудлаар санал, бодлоо солилцов.

Энэ компани анх 250 ам.долларын үндсэн хөрөнгөтэй байсан бол 2019 оны байдлаар 11.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж өргөжин тэлжээ.

Өдгөө дэлхий даяар хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монгол залуусыг дэлхийн томоохон компанид ажиллах ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэх асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын хяналт тавин ажиллаж байна

НМХГ-ын даргын 2019 оны А/46 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан хуваарийн дагуу “Өлзийт” , Налайхын АТШН товчоонд 24 цагаар байнгын хяналт тавин, зорчигч болон тээврийн хэрэгсэлд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараан урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Орлогод нийцсэн орон сууц” төслийн 940 айлын байрыг ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шавийг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр уг төслийн явц, хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь ажиллав.

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч байгаа. Үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны 1 ам метр нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүгдийг нь нэг дор байхаар төлөвлөсөн нь давуу тал болж байгаа” хэмээлээ.

“Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна. Манай компани нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай хамтран өнгөрсөн тавдугаар сарын 14-нд уг төслийг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Дорнын их гэгээ” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн О.Одбаяр ярилаа.

Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм байна.

Үүний дараа хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлэх талбайд очлоо. Нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэгээс авахуулаад төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн орон сууцны иж бүрэн хороолол барихаар төлөвлөөд байгаа аж.

“Эхний ээлжинд бид 46 га талбайд төлөвлөлт хийж байгаа. Дэд бүтцээ бид өөрсдөө шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалтаа зарлахад бэлэн болоод байна. Бид компаниудтай барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна.

Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон бусад газарт газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулна. Зарим талбар дээр компаниуд нэгдээд орж болно” хэмээн НОСК ХК-ийн захирал Б.Сүхбаатар ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд олон өрхийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орлогод нийцсэн орон сууц гэхээрээ хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн орон сууцыг хэлнэ. Түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа орлогод нийцүүлсэн гэж байгаа.

НОСК ХК, хувийн хэвшилтэй хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтыг шинэ зохион байгуулалтаар эхлүүлж байна. Нийслэл газраа шийдэж, дэд бүтцээ татаж өгнө. Ингээд чадвартай, хариуцлагатай барилгын компаниудыг энэ ажилд оруулна. Ирэх хавраас Морингийн даваанд жишиг төлөвлөлттэй орон сууцны хороолол баригдаж эхэлнэ. Энд амины болон нийтийн орон сууцны аль аль нь байна. Морингийн даваа руу Яармаг нисэх чиглэлийн замаар ирэх ганц замтай болчихоод байгаа.

Бид шууд нисэх, Морингийн давааны замаас 22-ын товчоо руу холбох зам дэд бүтцээ давхар төлөвлөөд явна. Хотыг задлах, захаас нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Морингийн даваа орчмын айл өрхүүд орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны “Land Cruiser GX-200” маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Тус шуурхай албаны автомашиныг аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээлгэн өгсөн бөгөөд Засаг даргын тамгын газар болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн ургац хураалт 47 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь албан томилолт Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Тэрээр Тариалан сумын “Алтандуулга” ХХК-ийн тариалангийн талбайд очиж ургац хураалтын байдалтай танилцав. Хөвсгөл аймаг энэ жил 170 орчим мянган га талбайд үр тариа тариа, үүнээс 16558 га талбайд улаан буудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235.5, хүнсний ногоо 178.7, ногоон тэжээл 810, рапс 3453 га талбайд тариалжээ. Өнөөдрийн байдлаар 10882 тонн ургац, үүний дотор төмс 510 тонн, хүнсний ногоо 390 тонныг хурааж авсан, ургац хураалт 47 хувьтай байна.

Тариалангийн бүс нутгийн газрын хөрс харилцан адилгүй байдаг учир Улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулахдаа бүсчилж байхыг ахмад тариаланч, агрономич Ж.Жаргалсайхан Ерөнхий сайдад санал болгов. Хөвсгөл аймаг цаг уурын сэрүүвтэр нөхцөлд уулын өвөр, нөмөр нөөлөг бараадаж газар тариалан эрхэлдэг. Бүх боломжоо дайчлан ажилладаг ч ургац хураалтаараа улсдаа тэргүүлэх болзол хангадаггүй байна. Энэ саналыг Ерөнхий сайд судалж үзэхээ хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Мөрөн хотод иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.