Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр 29 дэх жилдээ, харин Монгол Улсад 27 дахь жилдээ ёсчлон тэмдэглэж байна.

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2019.09.24) Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 90 гаруй ахмадтай юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Саяхан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж, анхдугаар чуулган хуралдсаны 29 жилийн ойн өдөр тохиосон. Харин өнөөдөр байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар байгуулагдсаны 29 жилийн ой мөн тохиож байна. Та бүхэндээ УИХ-ын Тамгын газар байгуулагдсаны 29 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Ахмадын өдрөөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг, санал сургаалийг нь сонсдог уламжлал хэдийнээ тогтсон. Та бүхэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдах эхлэлийг тавьсан түүхэн гавьяатай хүмүүс. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал болон үе үеийн УИХ-д гишүүнээр, УИХ-ын Тамгын газарт олон төрлийн ажил мэргэжлээр ажиллаж байсан Монгол төрийн жинхэнэ түшээд Та бүхний дунд олон бий. Ард түмэндээ үйлчлэх, төрдөө үнэнчээр зүтгэх төрийн албаны мөн чанарыг тууштай, тогтвортой сахиж чадсан хүмүүс бол яах аргагүй УИХ-ын Тамгын газрын ахмадууд билээ. Та бүхэнтэйгээ зөвхөн баярын өдрөөр уулзаад өнгөрөх нь хангалтгүй. Тиймээс УИХ-ын Тамгын газраас ахмадуудтайгаа ойр ойрхон ажил хэргийн уулзалтыг хийж, зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, үнэ цэнэтэй туршлагаас нь суралцах, зөвлөмжийг нь авдаг байх шинэ санаачилгыг гаргаж байгааг дуулгахад таатай байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Мэдээлэл, судалгааны төвийг бие даасан газар болгохоор ажиллаж байгаа. Энэ намар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Иргэд, олон нийтэд төслийн агуулгын ач холбогдлыг сурталчлан таниулах, тайлбарлах ажилд Та бүхнийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Улсын Их Хурлаас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байна. Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд 7 жилээр нэмэгдсэн байна. Иймд цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой. Сайн талаас нь харвал ажлын чадамж, ажил гүйцэтгэх чадвар хэвээрээ байгаа бол сөрөг тал нь насжилтаа дагаад эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн санд таагүй байдал үүсгэх магадлалтай болж байна. Манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд үүнийг тооцож ажиллах шаардлага үүсэж байгаа. Энэ жил ахмадын өдрийг дэлхий даяар “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д заасан ахмадуудыг нас, хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, угсаа гарал, орлогын байдал болон бусад статусаас үл хамааруулан нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах боломжийг хууль, эрх зүйгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх уриан дор тэмдэглэж байна” гээд Монгол Улсын Их Хурлаас ахмад настнуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, цалин орлого аж байдлыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан Н.Тогтох үг хэлж, Монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Хүндэтгэлийн уулзалтад Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан 60 гаруй ахмад оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 25-ны 08.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын дүнгийн тухай, Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Интерполын Үндэсний төв товчооны даргыг хүлээн авч уулзав

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав /2019.09.23/ “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг зохион байгуулах зорилгоор Монгол Улсад айлчилж буй Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын ЕНБД-ын газрын Урлагийн бүтээлийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Корадо Катесиг хүлээн авч уулзлаа.

Arslan.mn

Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав: “Монгол Улс нь 1991 онд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд гишүүнээр элссэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Интерполоос санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн талаар ярьж, “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт энэ удаагийн уулзалт нь Интерполоос Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа үндэсний хэмжээний ажлын уулзалт болохыг онцолсон юм. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдаас гадна соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажилладаг 10 гаруй төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтэн, алба хаагчид уригдан оролцож байгаа чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо.

Arslan.mn

Ноён Корадо Катесигийн зүгээс энэ удаагийн үндэсний ажлын уулзалтыг Интерполтой хамтран зохион байгуулахад идэвх санааачлага гарган ажилласан явдалд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт талархал илэрхийлээд, Интерполын зүгээс соёлын өвийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр цаашид шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, нягт хамтран ажиллах болно гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Н.Учрал МХХҮА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өнөөдрийн нийгэмд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өдөр бүр шинэчлэгдэн хөгжиж байна. Монгол улсын их хурал, Засгийн газар цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хийх чиглэлд анхаарч холбогдох бодлогуудыг баталж хэрэгжүүлсээр байна.

Статистик мэдээллээс үзэхэд тус салбарын нийт орлого 2018 оны эцэс гэхэд 1,2 их наяд төгрөгт хүрч улсын төсөвт 194,4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүрэн холбооны идэвхитэй хэрэглэгчийн тоо 4,2 саяд хүрсэн байна. Энэ чиглэлийг манай улсад хөгжүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо чухлаар тавигдсаар ирсэн.

Тэгвэл Мэдээлэл харилцаа холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал сонгогджээ.

Н.Учрал гишүүний хувьд дижитал эрин үед энэ чиглэлээр бодлого боловсруулах, дижитал шилжилт, цахим засаглалын зорилтыг хэрэгжүүлэх, харилцаа холбооны салбарын хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг дэмжих, холбоочдын эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Мөрөн суманд 100 ортой хүүхдийн эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэхээ амлав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж иргэд хөдөлдмөрчидтэй уулзалт хийв.

Энэ үеэр иргэд “Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай, малын түүхий эд үнэгүйдсэн, Мөн 50 гаруй мянган хүн амтай Мөрөн сумыг хот болгох, эрчим хүчний үнэ нэмэгдэж ард түмэнд дарамт болж байна, Хатгал тосгоныг сум болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж өгөх, “Аспайр майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөөч, “Могойн гол” компанийн асуудлыг судалж хариу өгөөч, төрөлжсөн сургалттай Авъяас сургуулийн барилга шаардлага хангахгүй орчинд хүүхдүүд хичээллэж байна” зэрэг тулгамдаж буй олон асуудлыг хэлж байв.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Мөрөн сумын хүн ам жилээс жилд өсч хүйтний улиралд томуугийн өвчлөл маш их нэмэгддэг. Иймээс Мөрөн суманд хүүхдийн эмнэлэгтэй болох шаардлагатай байна. Ирэх оны улсын төсөвт орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлыг шийдэж өгөх, Хилэнтийн гүүрээс Мөрөн хүртэлх замыг хатуу хучилттай болгох, Дулааны станцын асуудал зэргийг шийдвэрлэх өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хөвсгөлчүүд Хөвсгөл нуураа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Иймээс Ханхын боомтыг олон улсын болгох, мөн Мөрөн нисэх буудлыг олон улсын болгох нь чухал. Байгалийн сайхан бүрдсэн онгон дагшин газар нутгаа хайрлах хэрэгтэй. Би Бүрэнхааны фосфоритын ордыг хэзээ ч ухуулахгүй гэдгийг онцлоод хамгийн түрүүнд Мөрөн суманд 100 ортой хүүхдийн эмнэлгийг барих асуудал, Авьяас сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэнэ. Аймгийн Засаг даргын зарим санал хүсэлтийг судалж байж хариу өгнө” гэдгийг хэллээ.

Мөн иргэдээс хамгийн их ирсэн санал болох иргэн бүр банкны өр зээлтэй, тэр дундаа банкны хүү иргэдийн амьдралд маш их дарамт болж байна гэдэг энэ асуудал зөвхөн Хөвсгөлд биш Монгол Улсын хэмжээнд байна. Иймээс банк санхүүгийн зээлийн асуудал, банкны хүүгийн талаар судалж УИХ-д асуудал оруулахыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд үүрэг болгов.Төрийн албан хаагч хүн ард түмнээс авлига нэхдэггүй, ард түмнээ алагчлахгүй ядарсан хэн нэгэнд сайхан сэтгэлээр тусалж байх хэрэгтэй гэдгийг анхааруулж байв. Энэ үеэр иргэдийн гаргасан зарим санал хүсэлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар хариулт өгөв.

Categories
гадаад мэдээ

В.Путин, С.Шойгу хоёр яагаад Алтайд амардаг вэ?

Тун удахгүй Оросын ерөнхийлөгч Владимир Путин хэд хоног амрахаар Тува (Урианхайн хязгаар) тодруулбал, Алтайн уулыг зорих бөгөөд энэ нь уламжлал болсон. Оросын дээдчүүдээс төрийн тэргүүнтэй хамт алс хязгаарын бөглүү тайгад хэд хоногийг цугтаа өнгөрүүлдэг цорын ганц хүн бол Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу билээ.

Яагаад Шойгу гэж, яагаад Тувад гэж гэдэг асуулт гарч ирнэ. С.Шойгу бол Тувагаас гаралтай, харин Тува нь Чингис хааны эзэнт гүрний нэгэн хэсэг бөгөөд түүний эцэг нь тува, эх нь орос үндэстэн. Шойгу өөрийгөө үнэн алдартны шашинтан гэдэг.

Москвагийн Улаан талбайд жил бүр болдог цэргийн парадын үед С.Шойгу бусдад харуулахын тулд загалмайт тугаа дэрвүүлдэг. Түүний санаачилгаар Москвагийн ойролцоо зэвсэгт хүчнийхээ албан хаагчдад зориулж үнэн алдартны шашны сүм барих ажлыг эхлүүлчихээд байгаа. Гэсэн хэдий ч Батлан хамгаалахын сайд өөрийн үндэс угсаа, түүхээ мартдаггүй хүн. Үүний нэг тод жишээ нь “Тувагийн гайхамшигт хүмүүсийн амьдрал” хэмээх цуврал ном хэвлүүлэхийг санаачлан эхнийхээ ботийг Чингис хааны жанжнуудын нэг болох Сүбээдэйд зориулжээ. Энэ номыг Тувагийн хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн асан Кадыр-оол Бичилдэй бичсэн бөгөөд тэрээр С.Шойгуг Монгол эзэнт гүрний жанжны хойд дүр гэж үздэг.

Үнэн алдартны шашинтай сайд багаасаа бөөгийн шашны зан үйлд ойр байсан бөгөөд энэ нь Оросын ерөнхийлөгчийн дотны хамтран зүтгэгч, нууцлаг зөвлөгч болоход нь тусалсан гэсэн яриа ч бий. Үнэхээр ч С.Шойгу бүр 1990 оноос хойш Оросын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд түүн шиг удаан байсан хүн бараг үгүй. Тэрээр Оросын анхны ерөнхийлөгч Б.Ельцинтэй хамтран ажиллаж өнөөдрийг хүртэл ОХУ-д засгийн эрхийг барьж буй “Нэгдмэл Орос” намыг байгуулалцсан нэгэн. В.Путины дараа орох нэр хүндтэй төрийн зүтгэлтэн бөгөөд энэ олон жилийн туршид хүлээн зөвшөөрөгдөж чадсан улстөрч. Хамгийн гол нь Оросын дээдчүүдээс С.Шойгу л ерөнхийлөгч В.Путинтэй хамт өнөөгийн үймээнт ертөнцөөс ангид орших, шүтлэг бишрэлийн далд ертөнц орших үзэсгэлэнт Алтайн уулст очиж цугтаа амардаг. С.Шойгу 1991-2012 онуудад Онцгой байдлын сайд байхдаа гал түймэр, газар хөдлөлт, үер ус, осол, сүйрэл, алан хядлагатай тэмцэж, ард иргэд нь гай зовлонд нэрвэгдсэн үед тусалж ирснээр нэр хүндтэй болсон. Гэтэл Оросын хариуцлагатай албан хаагчдаас нэг нь ч иймэрхүү зүйлтэй зууралдаггүй байсан. Гамшиг нүүрлэсэн газар С.Шойгугийн удирдлага дор ажилладаг хүмүүс хамгийн түрүүнд очиж жирийн иргэдэд тусалдаг.

Орос оронд гай зовлон нүүрлэхэд бөө мөргөл хэрхэн тус болдгийг хүмүүс төдийлөн ойлгохгүй байх. С.Шойгуг гэнэт нүүрлэдэг гай гамшигтай тэмцэх өөрийн гэсэн аргатай хэмээн ярьцгаадаг. Тиймээс ч улс орныхоо батлан хамгаалахтай холбоотой ер бусын санал санаачилга, төслийг боловсруулдаг хэмээнэ.

Үнэхээр ч С.Шойгуг Батлан хамгаалахын сайд болсноос хойш Оросын аврагчид, цэргийн албан хаагчдад өндөр мэдрэмжтэй байх чадварыг эзэмшүүлэх аргачлалыг боловсруулсан нь зүгээр нэг тохиолдол биш болов уу. Энэ талаар 10003 дугаар цэргийн ангийн захирагч асан дэслэгч- генерал Алексей Савинагийн ярьснаас эш татсан байдаг. ОХУ-ын БХЯ-ны албан ёсны хэвлэл “Армийн эмхэтгэл” сэтгүүлд хурандаа Николай Поросковын бичсэн “Ирээдүйн дайны эрэлхэг цэрэг” өгүүлэлд Оросын дайчдад өндөр мэдрэмжтэй болох чадварыг суулгах аргачлал боловсруулж түүний тусламжтайгаар дайсныхаа оюун санаанд нэвтэрч төсөөлөн бодох “төвийн үйл ажиллагааг” нь сарниулж болно хэмээн бичжээ. Уг нийтлэл хэвлэгдсэний дараахан баруунд Оросын хакерууд хаа сайгүй нэвтэрч байгаа талаар цуу яриа далайн давлагаа мэт тархах болсон нь өөрийн эрхгүй гайхал төрүүлнэ.

С.Шойгу Батлан хамгаалахын сайд болсноос хойш Оросын аврагчид ЗХУ-ын үед хэрэглэж байсан энергийн хүчний талбайг алслагдсан зайд тархаах талаарх судалгааны ажлаа сэргээсэн гэсэн мэдээлэл үе үе гарах болсон. Энэ ер бусын үзэгдлийн талаар судлаачид ярихдаа Никола Теслагийн тайлбарлашгүй туршилттай холбодог хэдий ч үүнийг батлах онол одоо ч байхгүй.

Оросуудад энергийн хүчийг дамжуулах боломж олдсон байж ч мэднэ. Тэд үүнийгээ агаараас хамгаалах “С-200”, “С-300” сөнөөгч онгоц нисгэсэн хэмээн далдалж байж ч болох. Энергийн хүчийг тархаах, эрчим хүчийг дамжуулах буюу алсын зайд дохиолол тараахад ашиглагддаг. Үүнийг Арабын хойг орчинд буй GPS-тэй холбон бичдэг. С.Шойгу уг төхөөрөмжөө аль хэдийнэ Крым, Сири, Турк, Иран, Энэтхэг, Хятад Венесуэл, Кубад байрлуулчихсан гэдэг. Сири болон дэлхийн бусад бүс орнуудад байгаа Оросын РЭБ систем илт давуу байдаг НАТО-гийнхныг нэлээд сандраадаг. АНУ-ын Европт байрлаж байсан хуурай замын хүчний командлагч дэслэгч- генерал Бен Ходжес (Ben Hodges): Сирид өрнөөд буй цахим дайнд оросуудын маш их амжилт оролцсон гэхэд үнэмшихэд хэцүү” гэжээ. Ингэж ярьснаас хойш зарим их мэдэгчид С.Шойгугийн тухай цуу яриа дэгдээсэн.

Оросын үнэн алдартны шашинтууд 1000 жилийн өмнө Константинопольд байсан шүтлэг нэгтнүүдээ үхлийн аюулаас аварсан гэдэг. Буддын шашинд огторгуй мандалд буй “хамгаалагч хүрд” хэмээх ойлголт байдаг. Тэр нь ямар ч гай барцадаас авардаг гэгддэг В.Путин, Шойгу хоёр зүгээр ч нэг Тувад очдоггүй гэсэн мэдээлэл Оросын хэвлэлээр цацагддаг. Тэд улс орныхоо аюулгүй байдлын талаар бусдын сонорт хүргэхгүй, аминчлан ярилцахаар алс холыг зорьдог гэх нь ч бий.

Эх сурвалж: Олон улсын тоймч Сергей Петренко

Бэлтгэсэн: Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Дарханы замын асфальтан хучилт эхэллээ

Улаанбаатар – Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн байна. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Малын ногоон тэжээл тариалах, даршлах туршлага нэвтрүүлжээ

Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон-Алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаанын ололтыг нэвтрүүлэх төв 2019 онд Төв аймгийн Сүмбэр, Борнуур суманд малын ногоон тэжээл, царгас тариалах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд эрчимжсэн аж ахуй эрхэлж буй малчид хамтран ногоон тэжээл тариалснаар өөрсдөө тэжээлээ үйлдвэрлэн, худалдан авах тэжээлийн зардлаа бууруулж чаджээ. Малчдын оролцоотой тариалалт хийснээр малчид тэжээл тариалах дадлага, туршлага олж авснаар цаашид аж ахуй эрхлэхэд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх, аж ахуйгаа эрхлэхэд хөрөнгө оруулалт болж байв

Малын холимог ногоон тэжээл нь байгалийн хадланг бодвол малд шингэх шингэц, шимт чанар сайтай учир малын ашиг шимийн гарцад сайнаар нөлөөлөх юм. Царгас олон наст ургамал нь нэгэнт тарьсан байхад жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, уургийн хаан гэгддэг малын хүчит тэжээл төдийгүй хөрсийг нөхөн сэргээдэг байна. Харин 2019 онд Төв аймгийн Сүмбэр, Борнуур суманд тус бүр 30 га-д ногоон тэжээл, 5 га-д тус тус царгас тариалсан байна. 1 га талбайн 50 хувьд улаан буудай, 38 хувьд овьёос, 12 хувьд арвай тарихаар тооцоолжээ. Ингэж тарьсан тэжээлийн холимог нь энгийн малын тэжээлийг бодвол чанар сайтай байдаг учраас малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд тустай юм.

Төв аймгийн Борнуур, Сүмбэр суманд малын ногоон тэжээл тариалахад “Тайшир өргөө”- ХХК-тай хамтран 2 сумын Сумын бэлчээр ашиглах хэсгийн малчдын нийт 60 га талбайд тариалах холимог ногоон тэжээл, 10 га талбайд тариалах олон наст тэжээлийн ургамал болох царгасын сайн чанарын үрээр хангаж, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтай үрийн нормыг тооцоолон тарилтыг хийж гүйцэтгэжээ. Сум, орон нутгийн удирдлагаас дэмжиж бэлчээр ашиглах хэсгийн малчиддаа хүн хүч, техникийн туслалцаа үзүүлж ажилласан байна.

Энэ жил тэжээл тариалахдаа хугацаагаа зөв сонгож, хур чийг угтуулж тариалснаар тэдний тооцоолсноос илүү их ургац хураан авч, БАХ-ын малчид хөдөлмөрийн үр шимээ хүртэж байна. Төв аймгийн Сүмбэр сумын Бэлчээр ашиглалтын хэсгийн малчид ногоон тэжээл хураан авч эхэлсэн байна. Энэ жил тариалсан ногоон тэжээлийн ургацынхаа 30 хувийг даршлах ажлын зохион байгууллаа. Даршилсан ногоон тэжээлийг ирэх хавар худалдаанд гаргаж, олсон орлогоороо үрийг худалдан авч тариалахаар төлөвлөж байна. Үлдсэн тэжээлийн ургамалын Бэлчээрийн ашиглалтын хэсгийн малчид өөрсдийн хэрэгцээнд ашиглах юм.

Төв аймгийн Борнуур суманд Тайшир өргөө ХХК малын ногоон тэжээл тариалж, хураалт үргэлжилж байна. Тус компани үхэр, хонины эрчимжсэн аж ахуйд ногоон тэжээл нийлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын 20 алба хаагч энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IX ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 280 гаруйалба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Тэрбээр Онцгой байдлын албаны тугийг есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүхэд гардуулан өгсөн юм.

НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IX ээлжинд Онцгой байдлын албаны 20 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шашны чиглэлээр суралцаж буй оюутнуудад Энэтхэгийн Засгийн газраас тэтгэлэг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын хүрээнд нэлээд хэдэн асуудал яригдсаны нэг нь тус улсад сурч буй монгол оюутнуудад тэтгэлэг олгох явдал юм байна. Тодруулбал, буддын шашны чиглэлээр тус улсад сурч буй оюутнуудад Энэтхэгийн Засгийн газраас тэтгэлэг олгохоор болжээ.