Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болно. Хурлаар юу яригдах бол?

-Шинжлэх ухааны ажилтнууд анх удаа улсын хэмжээнд их хурал хийх гэж байна. Монголын шинжлэх ухаан XX зуунд харьцангуй амжилттай, сайн хөгжсөн гэж үздэг. Монголчууд сансарт хүртэл хүн нисгэсэн шүү дээ. Тэр хэмжээнд хүртлээ л шинжлэх ухаан хөгжсөн хэрэг. Гэтэл сүүлийн 30-аад жил шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт багасан, эрдэмтдийн нийгмийн асуудал нь орхигдож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт нь зарим талаар ойлгомжгүй байдалд орсон байна. Ойлгомжгүй гэдэг нь хуучин их сургуулийн багш, судлаач, эрдэмтэд өөр, өөрсдийнхөө чиглэлээр Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд давхар судалгаа хийдэг байсан. Харин Их сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа тусдаа явуулдаг болсноос хойш хүрээлэн, их сургуулиуд салангид мэт болчихсон. Шинжлэх ухааны, академийн болон их сургуулиудын дэргэдэх хүрээлэн гэж тусад нь салгаж ойлгомжгүй зохион байгуулалт хийсэн. Энэ удаагийн Их хурлаараа бүтэц зохион байгуулалт, эрдэмтдийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлууд, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн бие даасан байдал, олсон орлогоо өөрсдөдөө зарцуулдаг болох зэрэг маш олон жил яригдсан асуудлууд хөндөгдөнө.

Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулиудыг өргөн барьсан. Хуулиудтай холбоотойгоор эрдэмтэн, судлаачдаас тодорхой саналууд гарах байх гэж үзэж байгаа. Хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэлийн асуудал яригдана гэж хэлж болно. Мөн өнөөдөр Монголын шинжлэх ухаан хаана явна, ямархуу байр байдалтай байна, ямар асуудал тулгарч байгаа, тэдгээрийг шийдэх гарц гаргалгаа нь юу вэ гэдгийг ярих юм.

-Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг салбарынхан шүүмжилдэг. Үүнд Засгийн газраас хэрхэн анхаарах вэ?

-Судалгаа явуулах санхүүжилт хангалтгүй байгаа. Улсын төсвөөс жилд 10-12 тэрбум орчим төгрөгийг Монголын нийт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулж байна. Энэ нь олон улсын юм уу, гадны өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны томоохон ганц төсөл хэрэгжүүлэхээр л мөнгө юм. Ийм л мөнгийг бүхэл бүтэн нэг улс шинжлэх ухаандаа зарцуулж ирсэн байна. Энэ мөнгөөр л манай 2000-3000 эрдэмтэн, судлаач судалгаа, шинжилгээгээ хийдэг байх нь. Тиймдээ ч “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” болчихоод байгаа юм. Судалгаанууд нь дотроо янз бүр байдаг. Олон улсын түвшний хамтарсан, өөрийн орондоо хийж байгаа макро, бодлогын хэмжээний судалгаанууд байна. Манайд дөнгөж хөгжиж байгаа салбар шинжлэх ухаануудын маш өндөр өртөгтэй нарийн судалгаанууд ч бий. Эдгээрийг дээрх төсвөөр бүрэн сан-хүүжүүлэх боломжгүй. Үндсэндээ бид жолоочид нь УАЗ-469 унуулчихаад Ланд-200 машин шиг хурд хүч гарга, түүн шиг тав тухтай бай гэж шаардаад байгаатай л адил юм.

Иймд бид Засгийн газрын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх зорилтуудыг биелүүлэх чиглэлд анхаарч байна. Ерөнхий сайд өнгөрсөн хавар шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзан санаа бодлыг нь сонссон. Мөн энэхүү Их хурлыг ивээлдээ авч зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Засгийн газрын тэргүүн өөрөө шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч байгаа нь төсөв санхүү болон зохион байгуулалтын хувьд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Ирэх 2020 оны улсын төсөвт шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн байр, лаборатори бүхий цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдын зүгээс Сангийн сайдад чиглэл өгсөн. Энэхүү цогцолбор 2020 оноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж эхэлнэ. Энэ нь тус салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй том хөрөнгө оруулалт болно. Мөн Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийн асуудал төдийгүй эрдэмтдийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажлууд зохион байгуулагдаж байгаа. Эдгээр зүйлс Их хурлаар яригдаж, Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарна байх гэж бодож байна.

-Шинжлэх ухааны салбарын хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан. Ямар гол зохицуулалтууд тусгасан бэ?

-Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар шинжлэх ухаан технологийн талаарх нэр томьёонууд, цаг үеийн шаардлага хангахгүй бүтэц, зохион байгуулалтын асуудлуудыг цэгцэлнэ. 1990-ээд онд баталсан, сүүлд ганц, хоёрхон нэмэлт орсон Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд инноваци зэрэг томъёо нь бараг байхгүй юм. Мөн эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой зохицуулалт орж ирнэ. Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал дээр төрийн бодлогыг тодорхой гаргаж ирж байгаа. Хууль өргөн агуулгатай учир эрдэмтдийн олон жил ярьсан зүйлүүд тусгагдаж байгаа. Олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын болон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, шинжилгээ хийхэд эрхзүйн олон асуудал гарч ирдэг. Тэр бүрийг энэ хуулиараа нарийн зохи-цуулаад явах боломжтой гэж үзэж байгаа.

-Судалгаа, шинжил-гээний санхүүжилтээс гадна ямар өөр асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хөнддөг юм бэ. Нийгмийн асуудлуудыг шийднэ гэж ярьж байна. Энэ хүрээнд тэд ямар байр суурь илэрхийлдэг бол?

-Эрдэмтэд хамгийн да-руухан хүмүүс. Судалгааныхаа санхүүжилтийн асуудлыг л ярина. Өөрсдийнхөө нийгмийн асуудлыг барагтай л бол ярихгүй. Би тэдэнд “Та нар ийм чухал судалгаа, шинжилгээний ажлууд хйиж байгаа бол үүнийгээ олон нийтэд хүргэх хэрэгтэй. Сурталчлах тал руугаа анхаарч, чухал нээлтүүдээ олонд мэдүүлмээр байна” гэдэг юм. Их хурлын үеэр эрдэмтэд тэр дундаа залуу эрдэмтдийн нийгмийн баталгааны асуудал яригдана байх. Нөгөө талаараа тэд үнэхээр л эрдэмтэд юм бол ямар судалгаа, шинжилгээний ажил хийв, тэдгээр нь амьдралд хэрэгтэй байна уу, эсвэл зүгээр л урсгалаараа цаг нөхцөөж, төсвөөс цалин аваад явна уу гэдгийг ч харах хэрэгтэй юм.

-Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь чухал гэдэг. Энэ талын уялдаа холбоо нь ямар байна вэ?

-Төрийн бүх шатны албан тушаалтнууд тодорхой хөрөнгө оруулалт, судалгаа, шинжилгээтэй холбоотой томоохон төсөл хэрэгжүүлж, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны байгууллагуудын судалгаан дээр үндэслэж, тухайн салбарынх нь эрдэмтдийнх нь санаа оноог тусгадаг байх хэрэгтэй. Үүнийг олон жил ярьж байгаа. Төрийн байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагуудаа ингэж уяж өгөх нь тун чухал. Тэгэхгүй бол тэнд эрдэмтэд баахан судалгаа хийж орхидог, дарагдчихсан л байгаад байдаг. Тэрийг нь ашигладаг ч хүн байдаггүй. Яамдууд дээр шийдвэр гаргахдаа шинээр судалгаа хийж байгаа нэртэй хэсэг эрдэмтэд төсөл авдаг. Ийм асуудлуудыг ч цэгцлэх ёстой байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахын тулд УИХ хугацаанаасаа өмнө тарна гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ хугацаанаас өмнө тарах тухай асуудал хоёр оны заагаар яригдаж, цөөнгүй гишүүд гарын үсэг зурсан байх. Тухайн үед Их хурал чадамжгүй болчихлоо, ажлаа хийж чадахгүй нь, гишүүд хариуцлагагүй, хэрэг түвэгт олноороо орооцолдож байна гэдэг үүднээс УИХ тарах нь зүйтэй гэж гишүүд үзсэн. Улмаар энэ асуудал намжсан. Энэ удаад Ерөнхийлөгчийн зүгээс “Үндсэн хуулиа баталчихаад энэ УИХ тар. Энэ Их хурлын гол ажил бол Үндсэн хууль юм” гэж хэлсэн. Гишүүдийн зүгээс ч УИХ Ард нийтийн санал асуулгатайгаа холбоотойгоор сонгуулиа наашлуулчихвал төсвийн 30-иад тэрбум төгрөгт хэмнэлттэй юм гэж ярьж байгаа юм билээ. Түүнээс УИХ чадамжгүй болчихоод хугацаанаасаа өмнө тарах тухай ярьж байгаа хэрэг биш юм гэж миний хувьд ойлгосон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, УИХ нэлээд том ажлыг нугалчихлаа. Цаашлаад Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй юм гэж үзчихсэн. Үүнтэй хамт нэг мөсөн шинэ парламентаа бүрдүүлж, тус парламент нь шинэ Үндсэн хуулиараа үйл ажиллагаагаа явуулбал зүйтэй юм гэдэг зарчмын байр суурийг намын болон бүлгийн удирдлагын түвшинд яригдсан гэж ойлгосон. Ийм асуудлаар гишүүд чөлөөтэй санаа оноогоо хэлээд явж байгаа юм билээ.

-Таны хувьд тэрхүү байр суурийг дэмжиж байгаа юу?

-Нэгэнт Их хурлын гишүүд өөрсдөө Ард нийтийн санал асуулгатайгаа холбоотойгоор сонгуулиа нааш нь татаад явуулчихъя гэж байгаа бол татгалзах зүйл байхгүй. Энэ нь хариуцлагаас мултрах асуудал биш. Инх хурлын сонгуулийн хугацааг нааш нь татаж байгаа нь одоогийн гишүүд хариуцлагаас зугтаж байгаа хэрэг огт биш юм. Тэртэй тэргүй сонгогчдод тайлангаа тавиад, дүнгээ тавиулна. Сонгууль дөхчихсөн учраас эрх баригч нам өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах нь гэж хардаж байгаа байх. Үүнийг олонхоороо л шийдээд явна. Хугацааг нь наашлуулж, Ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явууллаа гээд эрх баригч намд нэмэх оноо авчрахгүй л байх. Сонгууль болдгоороо болж, өрсөлдөгч намууд өрсөлдөөд л явдаг шүү дээ.

Харин өмнө нь УИХ тарахыг дэмжиж байсан гишүүд өнөөдөр “Ерөөсөө тарж болохгүй гэж эрс эсэргүүцэж буйг ойлгохгүй байгаа. Хүн улс төрд явж байгаа бол нэг л байр суурь, зарчимтай яваасай гэж боддог юм.

-Төсөв мөнгө хэмнэх ёстой гэсэн хууль байхгүй. Харин ийм нэрийдлээр парламентын засаглалд буруу жишиг тогтоож, хямралд оруулчих вий, тогтворгүй байдал үүсгэчих вий гэх болгоомжлол байна л даа.

-Их хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүд нэгдэж гарын үсэг зураад, ээлжит бус сонгууль явуулах тохиолдол, тийм нөхцөл байдал тэр бүр амар бүрдэхгүй. Аль ч парламентын үед. Ялангуяа дийлэнх олонхын парламент бүрдэхгүй гэж ярьж байгаа нөхцөлд, олон намын төлөөлөлтэй болсон тохиолдолд бүр бүрдэхгүй. 51 гишүүн дэмжээд парламентаа тараана гэдэг нь тийм амар босго биш. Тэр талаасаа санаа зовохгүй байна.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан болон Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ыг тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэн, хориг тавьсан. Түүний энэхүү шийдвэрт та юу хэлэх вэ?

-УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын хуулийн хэлтсийнхэн тайлбарлах байлгүй. Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд цөөнгүй санал гаргаж, Зөвшилцлийн ажлын хэсгийг өөрөө ахалсан. УИХ дээр яригдсны эцэст Ерөнхийлөгчийн ихэнх заалтууд дэмжигдээгүй. Иймд Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлахгүй гэдгээ мэдэгдэж, түүн дээрээ ч хориг тавьж байгаа байх.

-Зарим сурагч сурах бичгээр бүрэн хангагдаагүй байна гэх гомдол гарч байна. Хэзээ бүрэн хангагдах вэ?

-Хэвлэгдсээр л байна. Өчигдөр (өнөөдөр) багцуудынх нь зөвшөөрөл ирж байна. Нийт 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэнэ. Тэр тийм ч амар ажил биш. Сурах бичиг хэвлэх мөнгөгүй байсан, бүтээсэн. Мөнгө өгч буй газар нь хяналтаа тавин ажиллаж байна. Ямартай ч аравдугаар сарын эх гэхэд сурагчид сурах бичгээр бүрэн хангагдана.

-Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд хэр их байна вэ. Ачаалал дорвитой буурч чадсан уу?

-Ганц, хоёрхон сургууль дээр л бий. Оны сүүл гэхэд хэд, хэдэн сургууль ашиглалтад орно. Тэр сургуулиуд орчихвол гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй болно. Хамгийн их ачаалалтай байдаг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн сургуулиад гурван ээлжээр хичээллэхээ больсон. Өнгөрсөн жил гэхэд 30-аад сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Энэ жил арай л аятайхан болж байна.


Categories
мэдээ цаг-үе

Инженер А.Юмжээ: Монгол оронд целлюлоз үйлдвэрлээд гадагшаа экспортлох бүрэн боломж байна


Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байгаа энэ үед Монголын Хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн амьд түүх болсон химийн инженер технологич А.Юмжээтэй ярилцлаа. Тэрбээр Монголын анхны гурван инженерийн нэг юм.


-Монголд анх хөнгөн үйлдвэр үүсч хөгжсөн түүхээс яриагаа эхэлье?

-1934 онд аж үйлдвэрийн комбинат байгуулж хөнгөн аж үйлвэрийн суурийг анх тавьсан. Үүнээс хойш 1955 он хүртэл эхний 20 жил үндсэндээ анхны суурь тавигдсан үе гэж ойлгож болно. 1935-1980-аад он хүртэл хамгийн эрчимтэйгээр олон шинэ үйлдвэр баригдсан байдаг. Харин 1956-1990 оны сүүлчээр аж үйлвэрийн салбар зогсонги байдалд орсон. Энэ байдал гучаад жил үргэлжиллээ.

-Та өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Галт суманд 1932 онд төрсөн. Сумынхаа бага сургуулиас нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд сурч төгссөн. Эндээс МУИС-ийн Хими-биологийн ангид элсэн орсон. 1956 онд их сургуулийн төгсөх ангид байхад Хятад улсаас цаас, модны том үйлдвэр байгуулахаар болоод тэр үед инженерээр бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй байснаас надтай цуг хоёр гурван оюутныг аж үйлвэрийн яам сонгож авч инженерийн дадлага хийлгэж эхэлсэн. Ингээд 1956-1957 онд аж үйлдвэрийн кабинетийн арьс ширний үйлдвэрт дадлагаа ч хийсэн их сургуулиа ч төгссөн юм. 1956 оноос инженер гэдэг эрхэм нэрийг зүүж аж үйлдвэрийн кабенатаас цалинжиж хөнгөн үйлдвэрийн салбарт хөл тавьсан хүн дээ.

-Ингээд л инженер болов уу?

-МУИС-ийн химийн ангид байхад манай багш нар бүгдээрээ ЗХУ-ын мэргэжилтнүүд байлаа. Тэнд Рубинштэйн гэж мундаг инженер, химич хүн надад багшилж байсан юм. Тэгээд надад “Чи Монголын арьс шир, цаас целлюлозын үйлдвэрүүдийг байгуулах асуудалд гар бие оролц. Өөрөө хими технологийн хичээлдээ их сонирхолтой оюутан байна” гэж надад хэлж байсан юм. Мөн аж үйлдвэрийн яам их сургуулиудын захирлуудтай яриад шинээр байгуулах гэж байгаа цаасны үйлдвэрт явуулъя гэхэд би саналаа өгч явахаар болсон. Эндээс л миний инженер болох гараа эхэлсэн юм шүү дээ. Ингээд цаас, целлюлозны үйлдвэрт ажилласан, үүнтэй танилцсан. Энэ өдрөөс эхлэн 60 гаруй жил инженерийн нэр зүүж явна.

Манай улсын бодлого Хятадад сурахаар явж байгаа хүнээ зүгээр нэг их сургууль төгссөн оюутанг явуулдаггүй. Харин үйлдвэрийн процессыг мэддэг хүнийг явуулж байсан. Миний хувьд 1957 онд их сургуулиа төгсөөд үйлдвэрийн үйл процессын учрыг мэддэг болсныхоо дараа Хятадад очиж цаас, целлюлоз, модны үйлдвэрийн олон инженер мэргэжилтнүүдийг ахалж, өөрөө ч дадлагаа хийж төгссөн. Ингээд 1958 онд буцад ирэхэд Сүхбаатар хотод цаас модны үйлдвэр баригдаад дуусч байсан. Тэндээс эхлээд Хятадын инженерүүдтэй нийлж үйлдвэрээ бүрэн барьж дуусгасан. Ингээд цаас модны үйлдвэр ашиглалтад орж байлаа. Хамгийн их хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал үүрэг нөлөө үзүүлсэн зүйл бол цаас юм. Манайх хэвлэлийн цаас, бичгийн цаас, картон цаас, боодлын цаасыг өөрсдөө улсдаа хийдэг. Улсынхаа цаасны хэрэгцээний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг байлаа. Энэ үйлдвэр 6-7 жил ажиллаад зогссон. Энэ үед Хятад Монголын харьцаа улс төрийн харилцаанаас болоод муудсан. Дээрх үйлдвэр одоо үетэй адилхан дэд бүтцийн хөгжил муу, Улаанбаатараас алслагдсан үйлдвэр байсан л даа. Тиймээс цаасны үйлдвэрээ түр зогсоогоод оронд нь томоохон үйлдвэрийг шинээр байгуулахаар болсон. Ингээд үйлдвэрээ түр зогсоогоод цаасны жинхэнэ дипломтой инженер болгохоор намайг Югослав руу явуулж байлаа. Үүнээс өмнө би зүгээр л химийн хүн байсан. Югославд 1964-1968 оны хооронд сурч жинхэнэ цаасны инженер болсон доо.

-Хаана, ямар ямар ажлууд хийж байв?

-Инженерээр сурч байхдаа Монголын Элчин сайлын яаманд орчуулагч, нарийн бичгийн даргаар ажилладаг байсан. Буцаж ирээд Монголдоо хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар долоон жил ажиллсан. Монголын хөнгөн аж үйлдвэрийн хоёр дахь үе шат 1957-1987-аад он хүртэл эрчимтэй хөгжиж байсан үе. Энэ үед хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд хөнгөн үйлдвэрийн асуудлыг хариуцсан даргаар ажиллаж байлаа. Тухайн үед Унгараас оёдлын үйлдвэр Хятадаас шил, цаас, мод, целлюлозын болон чүдэнзний үйлдвэр шинээр байгуулагдсан байдаг юм. Энэ үед аж үйлдвэрийн яамыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Дамдин гэдэг хүн гучаад жил удирдсан.

Түүнчлэн аж үйлдвэрийн яаманд хөнгөн үйлдвэрийн бүх чанар стандарт, удирдлагын асуудлыг хариуцаж ажиллах хугацаанд арьс ширний үйлдвэрийн нэгдлийн орлогч дарга, арьс ширний эрдэм шинжилгээний туршилтын захирлаар томилж долоон жил ажилласан.

Энэ үед дотоод гадаадын гутал, арьс ширний үйлдвэрлэл, хэрэгцээг бүрэн хангаж байсан юм. Манай нэгдлийн ажлыг улсаас өндөр үнэлж 1977 онд Улс төрийн товчоо, намын төв хороо, сайд нарын зөвлөл манай төв дээр ирж танилцан, цаашид хөгжүүлэх арга хэмжээг ч авч байлаа. Үүнээс улбаалан цаашид дахин шинээр барьж байгуулах шаардлагатай үйлдвэрээр ямааны ноолуур болон тэмээний ноосыг ашиглаж боловсруулах асуудал яригдаж эхэлж билээ. Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд байж байхад Дамдин сайд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг япончууд байгуулах гэж байна. Энд япон, англи хэлтэй хүн хэрэгтэй байна. Чи үндсэн ажлынхаа хажуугаар оролц, тусал гэж хэлж байсан. Ингээд намайг Япон руу дагуулж явдаг байлаа. Гурав дөрвөн жилийн турш үндсэн ажлынхаа хажуугаар “Говь” комбинатыг байгуулах асуудалд анхаарч ажилласан. 1980-аад оны эхээр үйлдвэрийн шинэчлэл явагдаж хуучин үйлдвэрүүд их хэмжээгээр хаагдаж гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг шинээр байгуулах асуудал их яригдсан. Энэ үед “Тэмүүжин-Мэнч” гэж оёдлын томоохон үйлдвэр байгуулагдсан юм. Энэ үйлдвэрт 1990-2007 он хүртэл дэд захирлаар нь ажилласан. Арьс шир, цаас модны үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр, оёдлын үйлдвэр гэсэн таван гол үйлдвэрийн салбарт насаараа ажилласан хүн дээ. Сүүлийн жилүүдэд зогссон арьс шир, цаасны үйлдвэрийг дахин сэргээж байгуулах, хөгжүүлэх талаар өөрийнхөө санал санаачилгыг дэвшүүлсээр явна.

-Арьс, ширний үйлдвэрт ажилласан тухайгаа яриач. Энэ үйлдвэрийг сэргээх нь ямар ашиг тустай вэ?

-Монголын байгалийн гаралтай мод ургамал, мал аж ахуйн гаралтай ноос, арьс ширийг боловсруулах асуудалд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл экспортыг хөгжүүлэхэд хамгийн их нөлөөтэй юм гэдгийг өөрийнхөө мэргэжлээр ойлгож мэдсэн хүн. Арьс ширний үйлдвэр цаас, целлюлозын үйлдвэртэй химийн процессын хувьд их төстэй. Арьсыг том саванд хийгээд халуун бүлээн, химийн бодистой усанд хийж дэвтээж боловсруулдаг. Харин том битүү тогоонд, халуун усанд химийн бодисонд модыг чанаад цаасны үйлдвэрийн түүхий эд болох целлюлозыг хийдэг.

-Та хамгийн анхны англи хэлтэй инженер шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

-1955-1957 оны үед Монгол Улсаас ЗХУ-д бэлтгэгдсэн анхны инженерүүд ирж байлаа. Би бол дотооддоо бэлтгэгдсэн инженерүүдийн нэг. Надтай цуг нэхмэлийн үйлдвэрийн инженер Пүрэвжав, арьс ширний үйлдвэрт Чимиддорж гэсэн гурван залуу инженер байлаа. Бид гурвыг Монголын хамгийн анхны инженерүүд гэж хэлж болно. Засгийн газар инженерүүд бэлтгэх, тэдний санаа бодлыг сонсох дэмжих асуудлыг бодлоготойгоор явуулж байсан. Үүний тод жишээ бол 1960 онд намайг боловсруулах комбинатын ерөнхий инженер байхад, аж үйлдвэрийн кабинетийн ерөнхий инженер Авирмэд, Улаанбаатар хотын мах комбинатын ерөнхий инженер Б.Алтангэрэл гэсэн хорин хэдэн настай гурван залууг Ардын их хурлын депутатаар сонгож байсан нь инженер, үйлдвэрийн бодлогыг улсаас анхаарч байсны илрэл байсан гэж бодож явдаг юм.

-Өнөөдөр Монголд инженерийн байдал ямархуу байна вэ?

-Өнөөгийн инженерийн байдлыг би хоёр талтай авч үзнэ. Нэгдүгээрт, инженерийн тоо маш их болсон. Энэ нь сайн хэрэг. Хамгийн гол нь хөнгөн үйлдвэрийн талаас харахад ихэнх үйлдвэрүүд зогсонги байдалд орсон учраас мэргэжлийнхээ дагуу ажиллах хүн цөөрч өөр салбар луу шилжиж байна. Хоёрдугаарт, бидний үед бэлдсэн инженерүүд үеэ өнгөрөөлөө. Хамгийн туршлагатай, шалгарсан сайн инженерүүд 70, 80 настай болчихсон байна. Шинээр инженерүүд бэлдэж байгаа сургууль их цөөн байна. Зөвхөн арьс ширний салбарын зүгээс харахад Шинжлэх ухаан технологийн их сургууль арьс ширний чиглэлээр элсэлт авч чадахаа байсан харагдаж байсан. Элсэх оюутан ч цөөхөн болж. Төгсөөд гарсан оюутнуудад ажил бага байна. Ийм учраас энэ үйлдвэрүүдийг хурдан босгож төгссөн хүмүүст ажиллах нөхцөлийг нь олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хуучнууд нь дуусаад шинүүд нь энэ салбараас хөндийрч байна.

-Яг ямар чиглэлийн инженерүүд илүү хоцрогдох гэж байна?

-Хамгийн гол нь арьс шир, мод целлюлозын үйлдвэр.

-Монголд сайн чанарын цаас үйлдвэрлэх боломж байна уу?

-Модыг чанаад цаасны түүхий эд болгож, эсгий шиг зөөлхөн ширхэг болгохыг целлюлоз гэдэг. Үүнийг хийх түүхий эд, материал Монголд хангалттай байна. Яагаад гэхээр Монгол орны нийт нутгийн 7.8 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Энэ бол зөвхөн хойд Солонгос улсын бүх нутагтай тэнцэх хэмжээний гэсэн үг. Энэ ой моддын 70-80 хувь нь дандаа хөгширсөн байгаа. Хөгширсөн модыг эртхэн шиг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах ёстой. Барилгын материал ч хийж болно, хэвлэлийн цаас, бичгийн цаас ч хийж болно. Энэ нь залуу модыг огтолж ойд сөргөөр нөлөөлж байгаа зүйл биш шүү дээ. Үүнийг ашиглахад ямар нэгэн сөрөг нөлөө өчүүхэн ч байхгүй. Түүнчлэн маш их модыг хорхой идэж устгаж байна. Тэр модыг муудаж унахаас нь өмнө ашиглах нь зүйтэй. Цаашлаад целлюлоз хийгээд экспортод гаргах бүрэн боломжтой шүү дээ. Ингэх юм бол Азидаа төдийгүй дэлхийд хамгийн сайн чанарын цаас хийдэг Япон улсад ч нийлүүлж болж байна. Япон улс газар нутаг багатай, ойн нөөц багатай шүү дээ. Цаас хийхдээ дандаа гаднаас түүхий эдээ авдаг. Манайд одоо Уул уурхай, эрчим хүчний чиглэлийн инженерүүд маш сайн хөгжиж байна. Манайхан хаанаас ч дутахгүй барилга барьж байна, энерги боловсруулж байна. Одоо хөнгөн хүнсний үйлдвэрийн сэргээгдэх түүхий эд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах инженер их чухал байна.

-Энэ чиглэлийн инженер ховор байгаа байх?

-Маш ховор байна. Сэргээгдэх түүхий эд гэдэг бол газраас ургаж байгаа мод шүү дээ. Манайд жилд маш их хэмжээний сүрэл гардаг. Үүнийг ашиглах инженер хэрэгтэй. Жилд арав гаруй сая мал нядалж байна. Тэр их хэмжээний арьс, ширийг боловсруулах инженерүүд л хэрэгтэй байна. Энэ тал дээр улсаас тодорхой чиглэл гаргаж бодлого явуулах хэрэгтэй болчихоод байна. Тэгвэл уул уурхайгаас илүү ашиг өгнө гэж би боддог юм.

-Инженер мэргэжлийнхээ давуу талыг ярихгүй юу. Энэ мэргэжил хүнд өөрөө хийх үзлийг суулгадаг юм санагддаг?

-Инженер гэдэг бол энэ зууны цаашид ч хэрэгтэй мэргэжил юм. Үүний дотор нь Био-Инженерүүд дэлхийн хөгжлийн ирээдүй. Энэ чиглэлийн инженерийг хөгжүүлэх бүрэн боломж бололцоо манайд байгаа. Түүхий эд нь хангалттай байна шүү дээ. Одоо үүнийг хөгжүүлэх нь л чухал болчихоод байна. Шинэ залуу үеийнхэн энэ талын боломж бололцоогоо харж судалж, хөгжүүлэх хэрэгтэй шүү. Нано технологийг цааш нь гүнзгийрүүлэх ёстой. Целлюлозыг цааш нь боловсруулаад торго, мяндас болгох хэрэгтэй.

Манай улсад малнаасаа дутахгүй баялаг байна. Түүний нэг нь ой юм. Гэтэл ой ашиглалт манайд дутуу байна. Зөвхөн барилга барьж, мебель хийхэд л ашигладаг. Ер нь ихэнхийг нь түлж байна. Герман улсын ойн талбай манайхтай ойролцоо. Тэгсэн мөртлөө жилд 500 гаруй тэрбум евроны орлогыг ойгоосоо олж байна. Манайд болохоор ойгоос олж байгаа татвар түрээс, ой ашигласны хөлс гэж дөнгөж гурав дөрөвхөн тэрбум төгрөг олдог юм байна. Энэ бол дэндүү бага тоо. Үүнд зөв бодлого хэрэгтэй.

-Та “Нийгмийн ёс зүй, боловсон зөв харьцаа”-ны тухай ном бичиж байгаа гэсэн. Энэ талаар?

-Би МУИС-ийн Хими-Биологийн ангийг төгссөн багш хүн. Сүүлд инженерээр суралцаж инженер болсон. Багшаараа ажиллаагүй ч гэсэн надад багшийн сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл зүйн ухаан, заах арга зүйн ухаан байгаа. Энэ программын хичээл үзсэн хүн л дээ. Би сүүлийн хорин жил гадаад дотоодын олон орноор явлаа. Зарим оронд нь тав, арван жил ажиллаж амьдарлаа. Энэ хугацаанд хүн хүнтэйгээ яаж харьцах, нийгэмтэй яаж харьцах, ямар боловсон зөв харьцаа байх ёстой талаар бодож, ажиглаж, харж явлаа. Орон орноор явахдаа олон хүний жаргал зовлон, хагацал гунигийг ч үзлээ. Би сурган хүмүүжүүлэгч хүн учраас олон ном сурах бичгийг ч бас цуглуулж л явсан. Миний эхнэр хүний их эмч хүн. Эмч хүн гэдэг хүний сэтгэл зүйтэй их ойр байдаг юм. Бид хоёр ярилцаад “Британика” гээд орчуулгын найман боть номон дээр ажиллалаа. Би Шинжлэх ухааны тухай номын орчуулган дээр ажиллаж байсан. Хоёр гурван ном ч орчууллаа. Одоо би ном бичвэл яасан юм бэ гэж бодоод нийгмийн ёс зүй, зөв харьцааны талаар бичихээр болсон юм. Энэ талаар судалгаа хийхэд ёс суртахууны талаар ном их цөөн байсан. Байгаа номууд нь тийм ч оновчтой биш байсан л даа. Тэгээд Шинжлэх ухаан боловсролын яаманд энэ ном хийх тухай саналаа тавьсан. Энэ хичээлийн жилээс эхлээд Ерөнхий боловсролын сургуулиудад нийгмийн ёс зүй, Монгол ёс боловсон харьцаа гэсэн хичээлүүд орох гэж байгаа юм байна. Зөв боловсон харьцаа, нийгмийн ёс суртахуун гэдэг бол насан туршийн боловсролын асуудал болжээ. Энэ талаар “Нэпко” хэвлэлийн газар Баабартай очиж уулзсан. Намайг бичээд ирээрэй гэсэн. Энэ номоо ирэх оны эхээр гаргах санаатай байна. Монголын хүүхэд залуудад их хэрэгтэй ном гарах байх гэж харж баярлаж байна. Номоо эхнэртэйгээ хамтарч бичнэ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Дандаа хайрын дуу дуулдаг дуучны аав ээжийгээ санан дурссан дууг сонсоод үзэгч түмэн минь уярч, уйлж суусан биз ээ

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай ярилцлаа.


-Өнгөрсөн зуныг яаж өнгөрөөв, сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцахгүй юу?

-“Өдрийн сонин”-оос ярилцах хүсэлт тавьсанд таатай байна. Би ойр ойрхон ярилцлага өгөхгүй байхыг хичээдэг л дээ. Зун уран бүтээлийн олз омог ихтэй сайхан өнгөрлөө. 2019 он их сайхан эхэлсэн шигээ сайхан үргэлжилж байна. 2018 онд “Морин хуур” наадамд залуу уран бүтээлч Мөнх-Ертөнцийн хөгжим, Монгол туургатан арга хэмжээнд зориулсан “Монгол туургатан бүсгүйчүүд” гэдэг уран бүтээлийг “Камертон” хамтлагийн дуучин Ган-Эрдэнэтэй хамтран дуулсан. Энэ бүтээлээрээ Гран При шагналыг хүртсэн. Урьд жил нь Навчаа продюсерын найруулсан “Амьдрал” киноны дуу маань дэд байранд орж байлаа. 2018 оноос Өмнөд Монголын яруу найрагч Эрдэнэчимэгийн шүлгээр бүтсэн “Нүд дурлахад бэлэн байдаг уу”, “Өнгөрснийг үлдээе” хэмээх хоёр дууны бичлэгэнд орсон. ОХУ-ын Якутск хотноо ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан “Ээж минь та үргэлж миний сэтгэл зүрхэнд” нэртэй тоглолт хийлээ. Түүнчлэн дотны найз Ангирмаагийнхаа “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтод оролцлоо. Мөн энэ жил орон нутгаар хийсэн аялан тоглолтоо өөрийн төрсөн нутаг Төв аймгаасаа эхлүүлсэн. “Амьдрал” тоглолтоо хамгийн сүүлд Говьсүмбэр аймагт тоглогдоод түр завсарлаад байна. Яагаад гэвэл БНСУ-д ажиллаж амьдарч байгаа элэг нэгт монгол түмэндээ зориулж дөрвөн хотоор аялан тоглолт хийгээд ирлээ. Тоглолтуудыг минь олон байгууллага, хувь хүмүүс ивээн тэтгэж, элэг нэгт монголчууд минь хаа явсан газар маань тусалж, дэмжиж хамтран ажиллаж байлаа. Гадаадын хэд хэдэн байгууллага ч ивээн тэтгэж, гоо сайхан, байр гээд бүх зүйлээр тусалж дэмжиж байсанд энэ дашрамд баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Аравдугаар сарын дундуур баруун аймгуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлнэ хэмээн бодож байгаа. Говийн гурван аймаг үлдээд байгаа.

-Европоор хийсэн аялан тоглолтынхоо талаар?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Европын улсуудад ажиллаж, амьдарч, сурч буй монголчууддаа зориулж, “Би Сараа” аялан тоглолтоо хийсэн. Европын 11 орны 14 хотод тоглоод сар гаруй яваад ирсэн. Тоглолтууддаа сүүлийн үеийн уран бүтээлүүд, хит дуунуудаа дуулж, хоёр жилийн өмнө гаргасан “Зууны дуу хоолой”, “Би Сараа” номоо худалдсан. Мөн “Инээмтгийн хүн” цомгоо үзэгч сонсогчдодоо хүргэсэн байгаа.

-Урьд нь хэзээ Европоор тоглолтоо хийж байв. Дуучин Сарааг Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууд хэр санасан байна?

-Урьд нь 2015 онд Браслав хотноо хандивын тоглолт хийж байлаа. Тоглолтын орлогоороо Баянгол дүүрэгт байсан Хүүхдийн асрамжийн төв буюу одоо Эх хүүхдийг хамгаалах төвд шар өвчнийг илрүүлж оношилдог аппарат хандивласан юм. “Хөх толбот” гээд нийгэмлэгийн урилгаар очиж дуулсан юм. 2015 онд Стокхольм хотод өөрийн бие даасан тоглолтоо хийхдээ Дэлхийн найрал дууны холбоонд тоглолтынхоо орлогын хорин хувийг хандивласан. Түүний дараа 2016 онд бас очсон. Хоёр жилийн дараа очиход үзэгч дүүрэн, хүмүүс намайг үзэх сонсох дуртай хэвээрээ байсан. Сараагаасаа уйдаагүй байна лээ. Тиймээс аялан тоглолтыг цаг хугацааг нь тааруулаад хийвэл сайхан санагдсан. Тоглолт бүрт минь очсон газрын Элчин сайдууд дэмжиж туслан, сайхан хүлээж авч, өөрсдийн биеэр ирж үзэн найрсгаар хүлээж авч байсанд маш их баярласан.

-Та шинэ жилийн дуунуудыг их дуулдаг байх аа. Шинэ жилийн дуунуудаараа тоглолт хийдэг онцлог бас бий шүү дээ?

-Жил бүр уламжлал болгон “Мөнгөн шөнө” тоглолтоо тавьдаг. Энэ тоглолтоо 2013 оноос хийж эхэлсэн. Би хамгийн их шинэ жилийн тухай дуутай дуучин юм байна. UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” ток шоуны шинэ жилийн дууны хатан хаанаар өргөмжлөгдсөн. Тэр цолоороо их бахархаж явдаг.

-Таныг “Хайрын дууч” гэдэг байсан. Сүүлийн үед аав ээжийн тухай дуу их дуулаад байх шиг?

-Дөрөвдүгээр сарын 20-нд өөрийнхөө төрсөн өдрөөр ээжийнхээ гэгээн дурсгал, аавдаа зориулаад “Амьдрал” нэртэй тоглолтоо тавьсан. Энэ тоглолтоороо маш олон хүнийг уйлуулсан сурагтай байна лээ. Яагаад гэвэл ээж, аавын тухай маш олон сэтгэл хөдөлгөсөн дуунууд, ээж аав, миний бага насыг харуулсан дүрс бичлэг, видеогоор чимэглэсэн, Цэргийн ансамбелийн найрал дуу, Монгол Улсын морин хуурын чуулга оролцсон миний хувьд өвөрмөц, дахин давтагдашгүй тоглолт боллоо. Тоглолтын маань бичлэг удахгүй Юнивишний видео санд орох байх. Ээжийнхээ дурсгалд зориулан “Дэргэд гэрэлтэх ижий”, аавдаа зориулаад “Тэнгэр аав” хэмээх уран бүтээл гаргалаа. Дандаа хайрын дуу дуулдаг дуучин аав ээжийгээ санан дурссан дууг сонсоход уянгын халилтай үзэгч түмэн минь уярч, хайлж, дуулж, уйлж суусан биз ээ.

-Аялан тоглолт хийхэд хүндрэл хэр гардаг вэ?

-Очсон газар бүр сайхан хүлээж авч их тусалж дэмждэг л дээ. Сүүлийн үед хөдөө орон нутгаар аялан тоглолт их явдаг болж. Тэр утгаараа танхим дүүрэх болов уу гэж санаа зовж байсан ч намайг үзэхээр хүмүүс их ирдэг үүнд нь сэтгэл хангалуун, баярлаж явдаг. Тэр бүрт нь хоёр цагийн мартагдашгүй сайхан тоглолт үзүүлэхийг хичээж, амьд хоолойгоороо дуулж, сэтгэлийн бэлгээ барьдаг. Хамтлаг дуучид хөдөө орон нутгаар тоглолтоо тавихдаа цагийн хуваариа зөв гаргаж, нэг нэгэнтэйгээ давхцахгүй баймаар юм билээ. Тоглолт тавиулж байгаа цаад театраасаа зөвшөөрлөө аваад театр нь ч зөвшөөрөл өгөхдөө цагийг нь зөв хувиарлаж нэг нэгэнтэйгээ давхцахгүй, боловсон байгаасай гэж хүссэн. Зарим тохиолдолд бусад хамтлаг дуучидтай давхцах тохиолдол гарсан л даа.

-Та өөрийн дуунуудаа тоолж байв уу. Дууны урын сандаа хэчнээн дуутай бол?

-200 гаруй дуу урын санд минь орчихсон. Монголдоо Монгол контент компани, үүрэн телефонуудын hitone, ringtone, unimusic, до ре ми үйлчилгээ зэрэг дуунуудыг давтаж сонсох үйлчилгээнүүдтэй би гэрээ хийсэн. Өмнөд Монголд сонсогчид бас их байдаг учраас “Эгшиг” гээд Өмнөд Монголын сайттай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр миний дуунуудыг ганцхан Монголдоо биш, Өмнөд Монголд бас сонсох боломжтой болсон.

-Таны хамгийн үнэтэй бүтсэн клип ямар дууных вэ?

-Үнэтэй гэвэл Жи интертаймент группийн хийсэн, Heineken шар айраг тэр үед 15 сая төгрөгөөр ивээн тэтгэж байсан “Салхины хээ” дууны клипийг 2000 онд хийж байсан. “Хаврын ганц улиас” дууны клипийг On&Off продакшн хийж, Blue Drag­on компани ивээн тэтгэж, арав гаруй сая төгрөгөөр хийж байлаа. Мөн “Төрсөн өдрийн аялгуу” дууны клипийг арван мянган доллараар MCS групп ивээн тэтгэж байсан санагдаж байна. Миний хувьд үнэ цэнэтэй клипүүд л дээ. Одоо бол клип дүрсжүүлэлт үнэтэй болчихсон учир уран бүтээлчид байн байн клип гаргаж чадахгүй ч гоё фото зургаар баяжуулаад Youtube-ээр цацахад зүгээр юм уу гэж боддог болсон. Би Youtube.com-д өөрийн гэсэн Б.Сарантуяа гэдэг cувагтай болсон. Түүгээр дамжуулан миний сүүлийн үеийн уран бүтээлийг сонсох боломжтой.

-Н.Жанцанноров гуай “1930-аад онд Ичинхорлоо, 1980-аад онд Норовбанзад, хамгийн сүүлд таныг Гоолингоо дууг хүмүүсийн сэтгэлд хүрэхээр сайхан амилуулсан” гэж хэлсэн байдаг. Сүүлийн үеийн залуус Норовбанзад, Ичинхорлоо гуайг танихгүй болж. Энэ дууг таниар төсөөлөх болсон. Та “Гоолингоо” дууг яагаад дуулахаар болсон талаараа ярихгүй юу?

-Гоолингоо дууг би 1995 оны үеэр дуулъя гэсэн бодол төрж эхэлсэн. Анх нэрийг сонсоод содон санагдаж, ямар дуу байдаг юм гэх бодол төрсөн. Хүнээс дам дамаа сонсоод л байсан. 1995 онд “Инээмтгий хүн” цомогтоо “Өнчин цагаан ботго” дууг дуулж оруулсан. Тэр дууг Норовбанзад гуай дуулсан байдаг юм. Уртын дуучин Цоодол гуай надад тэр дууг яаж дуулахыг зааж өгч байсан. Тэр үед “Аргагүй амраг” дууг хэрхэн дуулах, “Гоолингоо” дууг яаж дуулах вэ гэж асуухад надад дуулж өгч, би дектафон дээр бичиж авч байсан юм. Тэгж бичиж авсан торгон мөч надад их сэтгэгдэл үлдээсэн. “Гоолингоо”-г шинээр дуулж сэргээхэд миний ач гавьяа нэг их байхгүй гэж би боддог. Найруулгыг Gao yang гэдэг залуу хийсэн. Нэг тийм нисдэг тэрэг ч юм шиг, сэнс эргэлдээд ч байгаа юм шиг шуум сонсогддог. Үүн дээр би дээр үеийнхээр нь дуулна гэж найруулагчид ерөөсөө ярьж өгөөгүй л дээ. Тэр хүн өөрөө “Чи дээр үеийнх шиг пянз тоглуулж байгаа юм шиг дугараадхаач” гэж хэлсэн. Сингапурт техник, технологи нь хөгжчихсөн айхавтар оронд цагаан шуум энэ тэр гэж юм байхгүй. Тэгээд тусгай юм шажигнуулж, “Зүүдээ нарны минь дотроосоо хө” (дуулав) гээд би өөрөө дуурайхгүй юу. Тэгсэн түүнийг хүмүүс Ичинхорлоо гуай дуулсан гэж боддог юм байна лээ. Тэгтэл тэр нь би өөрөө байсан юм л даа.

Тэгээд дуугаа бичүүлэх гэж үзлээ. Тэгтэл бүрэн хоолойгоор дуулж болдоггүй юм билээ. Нэлээн гансарсан хоолойгоор дуулахын тулд би өглөө 10:00 цагаас хойш бичүүлээд болсонгүй. Тэгээд шөнийн 01:00-04:00 цагийн хооронд бичүүлсэн дээ. Тэгж л сайхан болсон. Бэрхшээл их гарсан. Сингапуруудтай хэл нэвтрэлцэхгүй. Аль аль нь хальт мулт англи хэлтэй. Тиймэрхүү адал явдалтай бичүүлсэн. Бичүүлсэн хойноо л гайхамшигтай уран бүтээл туурвиж дээ хэмээн бодож байлаа. Дараа нь залуу уран бүтээлч Хишигдалай энэ дууг дуулсан байна лээ. Тэр нь их таалагдсан.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Дарангуйлагч болох гарын авлага” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өөрчлөлтийг хөдөлгөх хүч эмэгтэй манлайлагчид” сэдэвт
бизнес уулзалтыг Америкийн
худалдааны танхимаас
өчигдөр зохион байгуулав. Энэ тухай нэг болон 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Жил бүр 4000 гаруй хүн сүрьеэ өвчнөөр өвчилж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ талаарх сурвалжлагыг нэг, 19 дүгээр нүүрэнд хэвлэлээ.

Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын
сайд асан Л.Гантөмөр болон УИХ-ын гишүүн
М.Билэгттэй ярилцсан ярилцлагуудаг тус тус уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Дарангуйлагч болох
гарын авлага” нийтлэл хэвлэгдлээ.

Төв аймгийн Угтаалцайдам
суманд цагдаа нар шалгалт
явуулах үеэр 61 настай иргэн
нас барсан хэрэг энэ сарын 23-ны өдөр гарсан юм. Хэргийн
газарт “Өдрийн сонин”-ны
сурвалжлах баг ажиллалаа. Энэхүү сурвалжлагыг долдугаар нүүрнээс уншаарай.

Хуульч, өмгөөлөгч
Р.Булгамаатай хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

“Дэлхийн хүн” нүүрээс аймшгийн кохиолын хаан гэгддэг Стивен Кингийн талаарх сонирхолтой нийтлэлийг унших боломжтой.

Түүнчлэн “Хэлэх эрхийн индэр”, “Суу билигтний өлгий” нүүрүүдийг бэлтгэн хэвлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дотоод хяналтын журам, бусад дүрмийг мөрдөж ажиллаагүй зөрчлийг шалган шийдвэрлэлээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа согтууруулах ундаа, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй хоолны газарт гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар “Булгат мөрөн” ХХК-ийн ресторан нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчийн дотоод хяналтын журам, бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, температурын горимыг мөрдөж ажиллаагүй байсныг илрүүлж, ЗТХ-ийн дагуу шийтгэлийн арга хэмжээг авч, стандартын ангилал, зэрэглэлийг бууруулах тусгай зөвшөөрлийг цуцлах, саналыг дүүргийн ХХҮХэлтэст хүргүүлж ажиллалаа.


Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Тэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дараах агуулга бүхий шаардлагыг хүргүүлж, хуулийн хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.
Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан бичгээр Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасныг үндэслэн хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлт өгсөн болно. Хүсэлт илгээснээс хойш УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос албан ёсны хариу ирээгүй тул дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,
Нэг. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах,
Хоёр. Бид уучлахгүй хөдөлгөөний 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан хүсэлтийн хариуг бичгээр ирүүлэхийг шаардаж байна” гэжээ.
Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлээд хариуг энэ долоо хоногт багтаан албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.
Тэрбээр, “Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг УИХ-ын гишүүдээс тэр дундаа дэд хорооны гишүүдээс байнга шаардаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Дэд хорооны даргын хувьд одоо УИХ-ын даргад хүсэлт тавьж, Ёс зүйн дэд хороог хуралдуулах товыг тогтооно. Бид УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчилж байна” гээд Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг бүртгэхээс татгалзлаа

Улсын дээд шүүх зурган илэрцүүд

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Баяраа нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Categories
мэдээ соёл-урлаг

“Франц, Италийн романтик бүсгүйчүүд” тоглолт болно

МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн Францын дуурийн дуучин Лирисса Токсанеллитэй хамтран “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо энэ сарын 30-нд УДБЭТ-т үзэгчдэд толилуулна. Монголд анх удаа Франц Улсаас мэргэжлийн дуурийн дуучин ирж буйгаараа энэхүү тоглолт онцлогтой. Тоглолтод УДБЭТ-ын симфони оркестр, найрал дуучид оролцох бол удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү ажиллах юм. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсэгт Францын, хоёрдугаар хэсэгт Италийн хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлээс дуулна. Тоглолт Франц, Италийн сонгодог урлаг, тэр дундаа дуурийн алдартай ари болон хоршлоос бүрдэж байгаа учраас “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” хэмээн нэрлэсэн гэдгийг дуучид тодотгов.

Францын дуучин Лирисса Токсанелли сопрано хоолойтой, итали гаралтай францын иргэн, дуурийн дуучин, төгөлдөр хуурч юм. Одоо тэрбээр Франц болон гадаадад тогтмол “Мастер класс”-ын хичээл заадаг уран бүтээлч юм. Тэрбээр хэлэхдээ, “Монголд өчигдөр ирлээ. Онгоцноос буухад цэлгэр тал угтсан нь маш сайхан санагдсан. Нарлаг сайхан цаг агаартай, хүмүүс нь их тайван алхаатай, найрсаг юм. Дараа ирэхдээ улам их зүйл үзэж, танилцана. Ануу маань /дуучин Б.Мягмарсүрэн/ Парист манай сургуульд дуулаачийн чиглэлээр сурч байхад бид хоёр багш, шавийн харилцаатай болсон. Тэр үед Ануу сонгодог тоглолтоо Монголд хийх санал тавьсан. Бидний олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн төсөл ийнхүү биеллээ олж байна. Францад дууриар суралцах гэж Азиас олон хүн ирдэг ч шавь нар дунд маань Ануутай дүйцэхүйц хүн одоогоор байхгүй. Ануу маань хичээнгүй, дайчин, хөдөлмөрч, авьяастай сурагч, дуучин. Ийм сайхан шавьтайгаа эх оронд нь тоглох гэж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Энэ үеэр дуучин Б.Мягмарсүрэн цаашид хоёр жил тутам гадаадаас сонгодог урлагийн дуучид урьж, Монголынхоо үзэгчдэд уран бүтээлийг нь хүргэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.Тоглолтын ивээн тэтгэгчээр БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих сан, БНФУ-ын ЭСЯ, МИАТ, “Эм импекс концерн”, “Хөвсгөл лэйк” компани ивээн тэтгэж байна.

Categories
мэдээ спорт

Волейболын залуучуудын АШТ үргэлжилж байна

Волейболын залуучуудын АШТ үргэлжилж байна

Монголын волейболын холбооноос зохион байгуулж байгаа Залуучуудын УАШТ спортын төв ордонд энэ сарын 23-ны өдөр эхэллээ. Уг тэмцээн энэ сарын 29-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй есөн баг, нийт 250 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд бямба гараг хүртэл үргэлжлээд хагас шигшээ болон шигшээ тоглолт ирэх амралтын өдрүүдэд болно.

Эмэгтэй төрөл

А хэсэг:

  • Хилчин-1
  • Хилчин-2
  • Энакоре
  • Дабл бол

В хэсэг:

  • Алтайн барс
  • Хобби Эйс
  • Дархан Өег
  • Булган Бүрэгхангай

С хэсэг:

  • Уурхайчин
  • Тэнүүн-Огоо
  • Эрчим

Эрэгтэй төрөл

А хэсэг:

  • Хасу Мегаватт
  • Эрчим
  • Залуу Монгол

В хэсэг:

  • ХААИС Тандерс
  • Уурхайчин
  • Ноён

С хэсэг:

  • Хос Бар
  • Хилчин Алтайн Барс
  • ҮБТДС
Categories
мэдээ нийгэм

“Үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн хандлагыг судлах” сэдвээр сургалт боллоо

“Үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн хандлагыг судлах” сэдвээр сургалт боллоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчдын дунд “Үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн хандлагыг судлах” сэдвээр “Potential education and training center” төвийн сургагч багш Э. Тунгалагийг урьж сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 28 мэргэжилтэн хамрагдаж, үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн зөв харьцаж, тэдний дотоод ухамсар, мөн чанарыг таньж ойлгох, ялангуяа өөрөө өөрийгөө эхлээд үнэлж дүгнэх, ажилтан төвтэй үйлчилгээний арга барилд хэрхэн суралцах талаар чухал мэдлэг мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.