Categories
мэдээ нийгэм

Ардчилсан хувьсгалын 30 жил 30 их ололт, амжилт

Тэртээ 30 жилийн өмнө Монголд оронд өрнөсөн үйл явдлыг Итар тасс, CNN, BBC, Асейшетид Пресс агентлаг дамжуулахад Африкийн ногоон ширэнгэ, Арабын элсэн цөл, Антарктидыг хүртэл цуурайтан Монголыг мэддэггүй нь мэдэж, мэддэг нь бахархаж байсан* гэж Ардчилсан хувьсгалын нэгэн лидер өгүүлсэн байдаг. Тэр цагаас хойш 30 жил өнгөрөхөд Монголын нийгэмд асар олон өөрчлөлт шинэчлэлт эрчимтэй өрнөж, үнэт зүйлүүд төлөвшин тогтжээ.

Ардчиллыг үнэлэх үнэлэмж, хэмжих хэмжүүр, тэдгээрийг илэрхийлж тодорхойлох асар олон аргачлалууд шинжээчид боловсруулан гаргасан нь бий. Эдгээрийн дотроос хүний эрх, чөлөөт сонгууль, оролцоо, ил тод байдал, иргэдийн хяналт зэрэг ухагдахууныг ардчиллын үнэт зүйлийн нэн тэргүүний хэмжүүр болгож болох юм. Өнгөрсөн 30 жилд Ардчилсан хувьсгалын үр дүнд төлөвшсөн 30 ололт, амжилтыг энэ өгүүлэлд онцлохоор төлөвлөв. Мэдээж хэрэг 30 бүү хэл 300 үнэт зүйл, ололт амжилтыг нэрлэж болно.

Нэг. Хүний эрх, эрх чөлөө.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хэлбэршүүлсэн эрх чөлөөний загварчлалаар Монгол улсад бүх хүн тэгш эрхтэй, аливаа хэлбэрээр ялгаварлагдахгүй, адил боломж, эрх, эрх чөлөөг эдлэхээр тунхаглагдлаа. 1992 оны шинэ Ардчилсан Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд хүний баталгаатай эдлэх, эрх чөлөөг зүйлчлэн заасан байна. Манай Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл бол Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх**.

Манай улс хүний эрхийг хуульчлан баталгаажуулсан хэм хэмжээний хэлбэрээрээ Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнууд дотроо “эрх чөлөөний арал” хэмээн өргөмжлөгддөг.

Хоёр. Тусгаар тогтнол.

Халхын өндөр гэгээн Занабазар Манжийн хаанд 1636 онд дагаар орсноос хойш 1990 он хүртэл 354 жилийн дараа Монголчууд өөрсдөө хэний ч зааваргүйгээр өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй болов. 17 дугаар зуунаас эхлэн Халхын хэрэгт Манжийн төр, 20-р зууны эхэн үед Дундад иргэн улсаас нөлөөлж байсан бол 1920-оод оноос Зөвлөлт гүрний удирдлаганд шилжсэн. Ийнхүү өмнөд ба умард хөршийн нийслэл Бээжин ба Москвагаас бид бүхний эрхийг шийддэг байсныг 1990 онд эцэс болгож Зөвлөлтийн 120 мянган цэрэг, цэргийн анги нэгтгэлүүд, тагнуулын обьект, цөмийн цохилтын бай болох цөмийн зэвсэглэлүүдийг, цэргийн шүүхтэй нь хамт гаргаж, ЗХУ-н бүрэн эрхт төлөөлөгчийн газруудыг татан буулгаж нутаг дэвсгэрээ чөлөөлснөөр Монголчууд өөрсдийн эрхээ өөрсдөө шийдэж бүрэн эрхт тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь баталгаажуулсан юм.

Гурав. Монгол улсын Үндсэн хууль.

Монгол улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төсөлд нийт давхардсан тоогоор 900 гаруй мянган иргэд, байгууллагаас саналыг нь авч, хэд хэдэн үе шаттайгаар хэлэлцэн, Ардын Их Хурлын 12 дах удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаанаар батлав. Уг бичиг баримт нь дэлхий дахинаа Ардчилсан чиг баримжаатай хэмээгдэх 62 орны Үндсэн хуулиас харьцуулсан судалгаа хийж, манай улсын Ардчиллын онцлогт тохирох ололт амжилтыг нь авч тусган, энэ цаг үеийн олон улсын эрх зүйн баримт бичиг, НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд бүрэн нийцсэн, хүний эрхийг баталгаажуулж,Монголчуудын уламжлал, язгуур эрх ашгийг дээдэлж, үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолыг тунхагласан 6 бүлэг, 70 зүйлтэйгээр 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан нь Ардчилсан хувьсгалын ололт амжилтын хамгийн том, хамгийн чухал улс төр, хууль эрх зүйн баримт бичиг болсон юм.

Дөрөв. Нээлттэй, төвийг сахисан гадаад бодлого.

БНМАУ гадаад харилцааны хувьд ЗХУ-тай өөрөөс нь бусад улстай харилцах хүсэлтээ заавал Москвагаас асууж, ихэнхдээ тэр оролдлого нь бүтэлгүйтдэг байв. Социалист чиг баримжаатайгаас бусад оронтой харилцах эрхгүй, тэр бүү хэл нээлттэй ертөнцийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийг унших, сонсох хориотой байв. 1989 он гэхэд ЗХУ-ын бүрэлдэхүүн 15 улс, түүн дээр Лаос, Вьетнам, Энэтхэг, Чили, Куба, Умард Солонгос зэрэг 20 орчим оронтой харилцаатай байсан бол гуравдагч хөршийн бодлогыг дэвшүүлснээр өдгөө дэлхийн 184 оронтой харилцаа тогтоож ихэнхид нь дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулаа нээж улс төр, эдийн засаг, соёлын өргөн харилцаатай байна. 2015 онд Монгол улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын хувьд төвийг сахисан орон байхаа илэрхийлсэн*** билээ.

Тав. Төрийн байгууламжийн шинэ тогтолцоо.

Нам төвтэй, төрд үйлчлэх коммунист нийгмийн элемент болсон иргэдийн зорилго нь нийтийн төлөө зүтгэх явдал байв. Харин 1992 оноос хойш иргэн төвтэй төртэй болж намыг төрийн дээрээс буулгаж засаглалын гадна талд гаргав. Нам бол үзэл суртлаар зааварлан удирдагч биш төрийн хүний нөөцийг бэлдэх үүрэгтэй институти болсон юм. Шинэ төрийн байгууламж нь Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлж, засаглалын үндсэн 3 салаа мөчир Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн харьцангуй ялгааг зааглан салгаж, чиг үүргийг нь тодотгон,Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлогийг гаргаж ирсэн. Нэг намын тогтолцоон дах эрх мэдлийн төвлөрлийг задлаж, авторитари диктатурыг устгав.

Зургаа. Парламентат ёс.

Олонхийн засаглалыг хэрэгжүүлэх сонгодог хувилбар төлөөллийн ардчиллын загвар анхны парламентыг 1992 оны сонгуулийн үр дүнд байгуулав. Хэдий коммунист нам эл сонгуульд үнэмлэхүй ялсан ч парламентын ардчилалын загварыг сонгуулийн аргаар иргэд өөрсдөө хэрхэн төлөвшүүлж болох сонгодог жишээг үзүүлсэн юм. Эдүгээ түүнээс хойш парламентын 7 удаагийн/1992,1996,2000,2004,2008,2012,2016/ ээлжит, мөн цөөн тооны нөхөн сонгууль амжилттай явагдаж давхардсан тоогоор 540 шахам парламентчыг Монголын ард түмэн УИХ-д сонгожээ.7 удаагийн парламент 1992-1996 онд 1, 1996-2000 онд 4, 2000-2004 онд 2, 2004-2008 онд 2, 2008-2012 онд 2, 2012-2016 онд 2, 2016-аас өнөөг хүртэл 2, нийт 15 Засгийн газрыг байгуулж, 300 орчим сайдыг томилсон гэх тоон үзүүлэлтийг бүтээсэн ба нэг парламент дунджаар нэг чуулганаар 38 орчим хууль тогтоомж тогтоол баталж 12 удаагийн ээлжит болон ээлжит бус нийт 20 гаруй чуулганаар давхардсан тоогоор 3000 шахам шийдвэр гаргаж, өдгөө хууль зүйн мэдээллийн цахим сан Legal-info сайтад 704**** хууль, гэрээ, 1900 гаруй тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Парламентат ёс бол Ардчилсан хувьсгалын нэн чухал ололтын нэг юм гэдгийг тодотгох нь зүйтэй.

Долоо. Шүүх засаглалын хараат буй байдлын үндэс.

Хуучин социалист эрх зүйн бүлийн орнуудын жишиг загвараар Шүүхийн салбар Засгийн газарт харьяалагддаг, Засгийн газрыг намын дарга удирдана. Шүүх яамны үйл ажиллагаанд Засгийн газраар дамжуулж намын төв хороо шууд оролцох систем үйлчилж байв. 1992 оны Үндсэн хуулийн 3 дүгээр бүлэгт Шүүх эрх мэдлийг тусад нь бататган хуульчилж өгснөөр Шүүхийн хараат бус бие даасан байдал бүрэлдэх суурь үндэс нь тавигдав. Монгол хүн шударга шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлөх боломжтой болов.

Найм. Төрийн албан хаагчийг намаас тусгаарлав.

МАХН-д элсэхгүй бол олигтой ажилд орох боломжгүй байлаа. Учир нь намд хэдий чинээ үнэнч зүтгэнэ, тэр хэрээр албан тушаал дэвшүүлдэг спойл зарчим юм. Ардчилсан хувьсгалын он жилүүдэд төрийн жинхэнэ албыг намаас зааглаж салгалаа. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч нь иргэдэд алагчлалгүй үйлчлэх хуулийн үүрэг хүлээх болсон юм.

Ес. Орон нутгийн өөрөө удирдах ёсны суурь бүрэлдэв.

Орон нутгийн иргэд өөртөө хамаарах асуудлаар шийдвэр гаргах эрхийг зөвхөн өөрсөддөө хадгалж үлдэх эрхийг нь Үндсэн хуулийн дөрөвдүгээрбүлэгт шат шатны ИТХ, ИНХ-ын эрх, үүргийн үндсийгбататган, улмаар Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулж тодотгон дэлгэрүүлснээр иргэд өөрсдөө орон нутагтаа хамтын шийдвэрээ гаргажасуудлаа шийддэг зарчим одоо нэгэнт төлөвшжээ.

Арав. Олон намын тогтолцоо.

Ганцхан удирдагч намтай, ганцхан удирдагчийг тахин шүтдэг дарангуйллын диктатурыг халж олон намын тогтолцоог бий болгов. Ардчиллын анхны жилүүдэд үүссэн эвсэл хөдөлгөөнүүд идэвхижин улмаар нам болон өргөжиж 1992 оны сонгууль гэхэд МоАН, МСМН, МСДН, МҮДН, МШАН болон бусад намууд бүрэлдэн 70 жил ноёрхсон МАХН-тай нэгэн зэрэг өрсөлдөхөөр сонгуулийн хороонд бүртгүүлжээ. Өдгөө УДШ-д 34***** улс төрийн хүчин бүртгэлтэйгээр төвийн бүс болон орон нутгийн өнцөг булан бүрт салбар, үүрээ нээж тэдгээрийн гишүүнчлэлийн тоо хагас саяас хол давсан байна.

Арван нэг. Чөлөөт сонгууль.

Намаас зөвшөөрсөн нэг хүн нэр дэвшээд, ганцаараа өрсөлдөөд, иргэд 99.99 хувиар санал өгч ялдаг байсан хэлбэрийн сонгуулийг халав. 1992 оны анх удаа улс төрийн олон нам сонгуульд оролцов. 1996 онд 10 гаруй нам, 2000 онд 20 шахам намын 700 гаруй нэр дэвшигчид, бие даагчид өрсөлдсөн. Мөн түүнчлэн энэ хугацаанд сонгуулийн можиратор болон пропорацианал системийг жижиг ба томсгосон тойргуудад, мөн хосолсон хувилбараар явуулж чөлөөт сонгуулийн багагүй туршлагыг хуримтлуулаад байна.

Чөлөөт сонгуулийн үр дүнд өмнө дурдсан парламентын 7 удаагийн сонгуульд 540 орчим гишүүнийг, 5 Ерөнхийлөгч/1993 онд П.Очирбат, 1997 онд Н.Багабанди, 2005 онд Н.Энхбаяр, 2009 онд Ц.Элбэгдорж, 2017 онд Х.Баттулга/ийг, мөн аймаг Аймаг, Нийслэлийн ИТХ-д ойролцоогоор давхардсан тоогоор 5580 орчим төлөөлөгч, сум, дүүргийн ИТХ-д 7 удаагийн сонгуулиар давхардсан тоогоор ойролцоогоор 51000 орчим төлөөлөгчийг, 1530 баг 120 гаруй хороон дээр мөн 7 удаагийн сонгуульд давхардсан тоогоор 11500 орчим ИНХ-ын дарга, мөн тооны баг, хорооны Засаг дарга нарыг, үүнээс 4 дахин олон ИНХ-ын тэргүүлэгч нарыг сонгосон байх тооцоог Засаг захиргааны нэгжийн тоонд тулгуурлан гаргаж болох юм.

Арван хоёр. Хувь хүний өмчийн эрхийн баталгаа.

Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт хувийн өмчийг баталгаажууллаа. Иргэн хүн аливаа өмчийг шударгаар олж авах, түүнээ өмчлөх, захиран зарцуулах эрх нь хуулиар хамгаалагдаж, хувийн өмчид халдахыг хуулиар хориглолоо. Мөн оюуны бүтээл туурвих, түүнийгээ бүртгүүлэх, бусдад шилжүүлэх эрхийг ч олгов. Оюуны өмч, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, өв залгамжлал, хөрөнгийн эрхийн бүх хууль тогтоомжийг баталж хувь хүний өмчийн эрхийг бүхий л талаар баталгаажуулсан нь Ардчилсан нийгэм дэх хүний эрхийн маш том баталгаа болж чаджээ.

Арван гурав. Өмч хувьчлалт.

Малыг малчдад, орон сууцыг эзэмшигчдэд нь, газрыг тариаланчдад шилжүүллээ. Эрт дээр үеэс уламжилж ирсэн ардын аж ахуйтныг малаас нь салгаж нийгэмчлэн, элдэв социалист нормоор дарж, өөрсдөө ч мах сүүгээ цадталаа идэх эрхгүй, ноос ноолуураа ашиглах боломжгүй байсан малчид маань буурлынхаа буяныг өөрсдийн дураар эдлэж өсгөн, ашиг шимийг нь хүртэх болов. 300 шахам хөдөө аж ахуйн нэгдлийн бүх малчин өрх өөрийн гэсэн малтай болов.

Арван дөрөв. Малчин өрхийг татвараас чөлөөлөв.

Малчин өрхийн ам бүлийн тоонд мал сүргийг хонин толгойд шилжүүлсэн итгэлцүүрээр татварын хөнгөлөлт үзүүлж, улмаар малчин өрхөд ногдуулах малын хөлийн татварын хэмжээг тэг болгов. Ингэснээр малчин өрхийг татварын дарамтаас чөлөөлөх, амжиргааг дэмжиж өрхийн эдийн засгийг тэтгэх, улмаар уламжлалт мал аж ахуйн салбараа бодлогоор дэмжсэнээр Монгол малын тоо толгой богино хугацаанд үнэмлэхүй ихээр өсөв.

Арван тав. Монголын малын тоо толгой 70 саяд дөхөж ирэв.

Зөвлөлт холбоот улс БНМАУ-ыг мах бэлтгэлийн гол ханган нийлүүлэгчээ хэмээн тооцож Монголыг малыг 200 саяд хүргэх төлөвлөгөөг Москвагаас шамдуулж байсан билээ. Яаж ч хичээгээд социализмын он жилүүдэд 26 саяас давж чадаагүй мал сүргийн тоо 2001 онд 33 сая, 2010 онд 53 сая, 2018 оны жилийн эцсийн тооллогоор 67 сая болж өссөн бөгөөд энэ оны сүүлд 80 саяас давах төлөвтэй байна. Энэ амжилт бол Ардчилсан хувьсгалын он жилүүдэд малчид ба малын хөлөөс авах татварт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, үндэсний уламжлалт ардын аж ахуй “мал төрийн хамгаалалтанд байна”****** гэсэн бодлого барьсны үр дүнд үүссэн эдийн засгийн хамгийн үнэтэй эрхэм ололт юм.

Арван зургаа. Газар өмчлөв.

Эдийн засаг-үйлдвэрлэлийн тулгуур капитал бол газар гэдгийг Марксист эдийн засагчид хүртэл нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч коммунистууд газрыг төрийн хатуу мэдэлд байлгадаг. Харин чөлөөт зах зээл газрыг хувьд шилжүүлснээр үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхижүүлж, эдийн засгийн өсөлтийг авчирна гэж үздэг. Монгол улс иргэдээ өмчтэй, нийгэмдээ чинээлэг суурь давхаргыг бий болгохын тулд иргэн бүртээ үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг хуулиар нээж өгч 2002 онд МУ-н иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр өдгөө нийслэлд 90 мянган хашаа байдгаас түүнийг 100% өмчлүүлж, дээр нь дахиад 100 мянган иргэнд шинээр газар өмчлүүлсэнээр зөвхөн нийслэлд 190 мянган иргэнгазар өмчлөөд байна. Хөдөө орон нутагт ч мөн адил газар өмчлүүлэх ажиллагаа эрчимтэй явагдаж байна.

Арван долоо. Банкны тогтолцоог шинэчлэв.

Зөвхөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн механизмыг санхүүжүүлэх үүрэгтэй тооцооны кассуудын тогтолцоог өөрчилж шинэчлэв. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэдэг төв банк, санхүүгийн системийн чөлөөт тоглогч арилжааны банк гэсэн шатлалтай болсоноор хадгаламжийн хүү өсч үр дүнд нь иргэдийн хадгаламж эрс өсч өнөөдөр нийт хадгаламж 3.4 их наяд төгрөгт хүрч, 715 мянган өрхийн дундаж хадгаламж 2.5 сая төгрөг болсон ба 27000 өрх дунджаар 54 сая төгрөгний хадгаламжтай байгаа нь олон улсын дунджаас дээгүүрт тооцогдоно.

Арван найм. Шашин шүтэх, эс шүтэх эрх нээгдэв.

1930-аад оны хэлмэгдүүлэлтээр 17000 гаруй ламыг шийтгэснээс 14000 орчмыг цаазалж, 700 гаруй сүм хийдийг нурааж шатаан, тоолж баршгүй шашны урлагийн бүтээл бурхан тахил, ном судар, соёлын өвийг устгаж, хурааж авсан байдаг. Энэ бол хэлмэгдлийн дөнгөж эхлэл бөгөөд шашны салбарыг хамарсан хэсэг нь.

Улмаар Буриад зон олонд “геоноцид” буюу “төрлөөр устгах” “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг”-ийг үйлдсэн. Мөн хэлмэгдүүлэлт хүрээгээ тэлж цэргийн салбар, улс төрийн салбар, боловсрол соёл-утга зохиолын салбар, малчдыг хүртэл хамарчээ.

Арван ес. Цагаатгал.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдав.

Энэ их хэлмэгдүүлэлтэд өртөж хохирсон хүмүүсийг цагаатгах боломжийг Ардчилсан хувьсгал эхлүүлж хэрэгжүүлэв. Цагаатгалын комисс 31210******* хүнийг цагаатгасан ба одоо ч цагаатгах ажил үргэлжилж байна. Төр нь иргэнээ хөнөөсөн энэ аймшигт үйлдэлд Монгол улсын төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 80 жилийн дараа хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдээс албан ёсоор уучлалт гуйсан юм. Харин цуст хэлмэгдүүлэлтийг гардан үйлдсэн улс төрийн хүчин, түүний залуу халаа, үзэл баримтлал, байр суурийг залгамжлан хамгаалагчид өнөөдрийг хүртэл дуугүй суусаар.

Хорь. Ард түмний соён гэгээрэл, чөлөөтэй бүтээж туурвих эрх

Хилийн чандаас оруулж ирж буй номны хавтсыг нь хүртэл хуулж шалгадаг байв. Зөвхөн Марксизм, Ленинизмын онолын үзэл суртлыг цээжлэхийг шаарддаг, түүнээс бусдыг уншихыг хатуу хориглодог хаалттай ертөнцийн цонхыг нээхэд утга зохиол, шинжлэх ухаанд өөрчлөлт дэвшлүүд гарч ирлээ. Ард түмэн Хэнтийн хүү Ренчингийн Чойномын эрх чөлөөг хүсэмжилсэн хориотой шүлгүүдийг нь нас барснаас нь арав гаруй жилийн дараа бүрэн эхээр нь уншиж, Чинагийн Галсан, Мэнд-Ооёо, Урианхай нарын бүтээл Нобелийн утга зохиолын номинацид нэр дэвшиж, НҮБ-ийн цэргийн шинжээч Д.Эрдэнэцогт олон улсын багийнхантайгаа хамтран химийн зэвсгийг хорогдуулах чиглэлээр хийсэн ажлаараа энхтайвны Нобелийн шагнал хүртэв. Модернист шүлэгч Баатарын Галсансүх, сэтгүүлч Төрмөнх нарын Нохойн орон кино олон улсын кино наадмуудаас 20 гран при хүртлээ. Мөн Баабар тэргүүтэн соён гэгээрүүлэгчид, олон арван паблишингийн компаниуд, Д.Чойжамц, Г.Пүрэвбат, Х.Баасансүрэн нарын шашны соён гэгээрүүлэгчид төрөн гарав.

Монголын их дээд сургууль ба түүнийг төгсөгчдийн тоо хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээрээ нэлээд өндөр түвшинд гарч ирлээ. Энэ бол нээлттэй, чөлөөт нийгмийн үр дүн юм.

Хорин нэг. Чөлөөт хэвлэл.

Нээлттэй нийгмийн хамгийн том цонх. Өнөөдөр өдөр тутмын 10 орчим сонин, 70 гаруй тв, 100 гаруй мэдээллийн сайт, олон зуун сонин сэтгүүл ажиллаж, дөрөвдэхч засаглалын үүргээ эрчимтэй гүйцэтгэж байна. Ардчилсан хувьсгалыг үгүйсгэн бичдэг зарим чөлөөт хэвлэлд Ардчилсан хувьсгал өөрөө чөлөөтэй эрхийг нь олгодог.

Хорин хоёр. Үндэсний соёл уламжлалаа дээдлэн сэргээв.

Айх айдасгүйгээр “Цагаан сар”-ын үндэсний уламжлалт баяраа тэмдэглэдэг болов. Цагаан сараа Майн баяраар сольж, цагаан сахалтай өвгөд, Чингэсийнхээ хөргийг хойморт залдаг байснаа болиод Лениний зургийг өлгөдөг болсон байв. 1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын Нууц товчооны 750 жилийн ой”-г өргөн дэлгэр тэмдэглэснээр Монголын ард түмэн Үндэсний түүхэн уламжлалаа сэргээн дээдэлж буйн илрэл томоохон бэлэгдэл арга хэмжээ болсон юм.

Хорин гурав. Зах зээлийн эдийн засгийн зарчимыг төлөвшүүлэв.

Зөвлөлтийн зээлээр тэжээлгэж байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг тартагтаа тулав. ЗХУ-ын зүгээс БНМАУ-тай олон улсын худалдааны жамаар харьцаж байна гэх боловч дотооддоо 1 рублийн үнэтэй барааг Монголоос 39 копекоор авч, Монголд 1 рубль 56 копекоор зарж байв. Энэ нь эдийн засгийг туйлдуулан хуримтлалгүй болгож 1986-1990 он гэхэд Монгол улс жил тутам 506 сая шилжих рубль буюу тэр үеийн зарласан ханшаар 704 сая ам долларын зээл тусламж авч******** “их өр” гэгч хуримтлагдав.

Ардчилсан хувьсгалын эхний он жилүүдэд умард ба өмнөд хөрштэй чөлөөт худалдааны бодлого барьж импортын татварыг тэглэв. Төрөөс хатуу тогтоосон тарифуудыг чөлөөлөн, шударга өрсөлдөөнд шилжүүлж, үнэ чөлөөлөх чиглэлээр Засгийн газрын зүгээс оновчтой зохицуулалтыг хийснээр хөшиж зогссон эдийн засаг чөлөөт зах зээлийн зарчмаар урагшлан хөгжих үндэс суурь нь тавигдав. Оросоос хараат бус болсноор гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлж, Алт хөтөлбөр зэрэг уул уурхайн төслүүдийг хөдөлгөх алхмуудыг хийснээр үндэсний эдийн засаг бие даан сэргэв.

Хорин дөрөв. Хүний хөгжил ба Монгол хүний оюун санааны ололт, чадавхи.

Хүний хөгжлийн индексийг тооцох олон улсын аргачлал нь нарийвчилсан төрөл бүрийн шалгуураар 0-1 хүртэлх бутархай оноо өгч дүгнэдэг. 1990 онд Монгол хүний хөгжлийн дундаж 0,6-аас доош үзүүлэлттэй буюу үлгэн салган тэг дунд нь байж. Харин 2015 онд 0.735 болж өссөн бол 2019 оны байдлаар 0.8-ийг давжээ. Энэ бол 30 жилийн хугацаанд хөгжлийн хэмжүүрийг 80 хувьд хүргэсэн үнэмлэхүй амжилт юм. “Энэ үзүүлэлтээрээ Герман 0.926 оноогоор дэлхийд 4-р байрт, Норвеги 0.949-р 1-т явж байна”*********, нийгмийн стресс, дарамтгүй Монгол залуучууд эрчимтэй хөдөлмөрлөвөл эдгээр тархинуудыг гүйцэхэд 20 жил хангалттай.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол хүний хөгжлийн үзүүлэлт үнэмлэхүй дээшилснээр Монгол хүмүүс олимп, дэлхийн аварга болж, Дэлхийн дуурийн урлагийн тайзыг эзэгнэж, Японы мэргэжлийн сумод дараалан аваргалж байна. Жудоч Найдангийн Түвшинбаяр, мэргэн буудагч Отрядын Гүндэгмаа, ширэн нударгатан Сэрдамба, Бадар-Ууган, алтан гургалдайн цээл хоолойт Ариунбаатар, ёкозүна Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж, Ананд нар болМонгол “хүний хөгжил”-ийн үзүүлэлтийн сонгодог жишээ юм. Гэхдээ зөвхөн спортын салбарынхны жишээг энд түлхүү дурьдсаны учир нь шинжлэх ухаан судалгааны салбарынхныг хоёрдугаарт тавьсных биш гэдгийг дурьдууштай.

Хорин тав. Монгол хүний амьдралын чанарын ахиц.

Өнөөдөр Монгол хүн хэрэглээндээ дунджаар 214 нэр төрлийн барааг*********** хэрэглэж, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ/facebook, twitter, linkedin, instagramm гэх мэт/ний хэрэгслээр өндөр хурдны интернэт ашиглан гадаад орчинтой цаг алдалгүй шууд холбогдож, дэлхийд тэргүүлэх технологийн компаниудын брэндийг амьдрал ахуйдаа хэрэглэж байна. Тухайлбал Toyota-ийн автомашин, apple, huawеi, Samsung-ийн гар утас, компьютерүүд, Microsoft-ийн программууд Монгол хүний өдөр тутмын хэвийн хэрэглээ болжээ. Монгол хүний жин 1980-аад оноос хойш 15 кг-аар нэмэгдэж, биеийн тамир, эүүл мэнд хэвийн зохих түвшиндээ ирж сайжирсан,5 өрх тутамд 1 орон сууц ногдож, 3 хүн тутмын нэг нь автомашин унаж, 1 хүн 2 гар утас хэрэглэж байгаа хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлж байна.

Хорин зургаа. Хүүхдийн мөнгө.

Хүн амын өсөлтийн бодлогыг дэмжиж хүүхэд бүрт Засгийн газраас мөнгөн тэтгэмж олгодог болов. Социализмын он жилүүдэд Зөвлөлтөөс Монголын малыг өсгөхөд хэт анхаарч, хүнийг нь орхигдуулж байв. Одоо хүртэл ОХУ-д Тува, Алтайн БНУ-д эм мал тутамд рублиэр урамшуулал өгдөг ба харин алслагдсан энэ бүс нутгийн ард түмэн, хүүхэд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал орхигдсоноос хойд хөршид бослого тэмцэл өрнөөд байгаа билээ. Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш төрөлт нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл буурч, бага насны хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал багассан байна.

Хорин долоо. Монгол улс ба “Цөмийн зэвсэггүй бүс” статус.

1992 онд Монгол улс Цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болохоо зарлав. Уг асуудлаар 1998 онд НҮБ-аас дэмжсэн шийдвэр гаргасан бол, 2012 онд Монгол улс цөмийн зэвсгээс ангид байхаа зарласан 20 жилийн ойгоор Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 5 орон/ОХУ, БНХАУ, Их Британи, АНУ, Франц/ууд хамтарсан тунхаглал батлав. Хамтарсан тунхаглалаар МУ-д цөмийн аюул учирсан тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн орнууд туслах, мөн улмаар ОХУ, БНХАУ-ууд олон улсын эрх зүйн хүрээнд МУ-н цөмийн зэвсэггүй бүсийг хамгаалах үүргээ санаж биелүүлэхээ амласан нь бидний хувьд батлан хамгаалах бодлогоо гадаад аюулгүй байдлын хувьд баталгаажуулсан хамгийн том ололт амжилт юм.

Хорин найм. Цаазын ялгүй Монгол улс.

2012.01.05-ний өдөр Иргэний болон улсын төрийн эрхийн пактад нэгдэн орох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал баталсанаар Монгол улс цаазын ялаас татгалзсан 97 дах орон болов. Энэ үйл явдал Ардчилал, хүний эрхийн талд баттай зогсож буйн илэрхийлэл болсон юм. Эмнести Интернэшл олон улсын хүний эрхийн байгууллага мэдэгдэлдээ: Цаазаар авах ял шийтгэлтэй 58 биш 57 орон байдаг гэж бичигдэх боллоо гэсэн бол Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс: Цаазаар авах ялыг үгүй болгох санаачлагыг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэж, биелэлтийг нь ажил хэрэг болгосон МУ-н Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид талархал илэрхийлж байна*********** гэжээ.

Хорин ес. Орон нутгийн хөгжлийн сан болон Шилэн дансны тухай хууль.

Ардчилал оролцоогоор амилан босч, ил тод байдлаар амьдардгийг Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд биеэрээ мэдэрлээ. Төсөв, санхүүгийн шийдвэрийг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд гаргадаг байсан бол орон нутгийн иргэд өөрсдөө гаргаж, түүнийхээ зарцуулалтыг хянадаг иргэдийн оролцоотой, ил тол ардчилал Орон нутгийн хөгжлийн сан болон Шилэн дансны тухай хуулиар амилан амьдарлаа. Энэ бол ардчилал улам бүр нарийвчлагдаж байгаагийн, магадгүй Скандиновын орнуудын оролцооны загварчлал руу дөхөж буйн илрэл мөн байж болох.Энэ органик хууль бол өнгөрсөн хугацаанд Монголын Ардчилал өөрийн “лаборатори”-даа гаргаж авсан унаган “бүтээгдэхүүн” нь, хамгийн хэм хэмжээлэг ололт маань байж болно. Энэ бол улам бүр шинжлэн судалж, сайжруулан хөгжүүлэх ёстой үр хөврөл мөн.

Гуч. Шинэ цагийн Ардчилсан МОНГОЛ ХҮН.

Ардчиллын үнэт зүйлсийн үнэ цэнэ, түүний үр шимээр амьдрал ахуйгаа өөд нь татаж яваа Монгол хүн энэ улсын хамгийн үнэт баялаг. Аюулгүй байдлаа хуулиар хамгаалуулж, хийж бүтээх бүх эрх чөлөө нь нээлттэй, оюун санааны хүлээснээс тавигдаж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн бие хүн-иргэнийг төлөвшүүлсэн нь Ардчилсан хувьсгалын топ/best/ололт юм. Энэ цагийн Монгол хүн боловсрол, сэтгэлзүй, хэрэглээ, хандлага, соёл, өрсөлдөх чадвараараа аль хэдийн “дэлхийн иргэн” болж нэгэнт төлөвшжээ.

1989-1990 онд Монголын Ардчилсан хувьсгалтай хамт мэндэлсэн Монгол хүүхэд өнөөдөр 30 насыг хүрч байна. Энэ үеийнхэн бол Монгол Үндэстний залуу үе. Аль ч улс орны залуу үе бол ямар ч нийгмийг өөрчлөх потенциалыг өөртөө агуулдаг гэж үздэг. Монголын ардчилалд популизм, авлига, коммунизмын үлдэгдэл хог шаарнуудын зүгээс хийж буй ардчиллын эсрэг суртал ухуулга, ялзарсан улс төрчдийн ёс суртахуун гэх мэт бэрхшээл тулгамдаж байгаа ч үүнийг Ардчилсан хувьсгалтай чацуу залуу үе нь засаж залруулж чадна, тэдэнд тийм нөөц, тэдэнтэй тэмцэх зориг, үнэт зүйлийн төлөвшил бий.

1990 онд социалист нийгэм задарсны дараа Монголын ард түмэн амьдралын итгэл үнэмшлийн асар том хоосон орон зайд үлдэж Ардчиллын үнэт зүйлийг ойлгож, эзэмшиж, амьдралдаа амилуулж амжаагүй байх тэр хугацаанд ардчилсан хувьсгалын талаар эерэг бус ойлголтууд нийгэмд нэлээд үлдсэн байдаг. Гэвч Ардчиллыг хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрдөг хэний ч хойч үе Ардчиллын нөхцөлд амьдарна. Харин тэр үед төрсөн, ардчилалтай хамт бойжсон хүүхэд залуус бол нийгэмтэйгээ хамт өсөн хөгжиж чөлөөт нийгмийн үнэ цэнийг ойлгож, ашиг боломжийг нь хүртэж байна. Энэ утгаараа залуучууд бол энэ цаг үеийн эзэд юм. Энэ цаг үеийн эзэд маань ардчиллынхаа үнэт зүйлийг мэдэрсэн, амьдралаараа үнэ цэнийг нь амилуулж яваа. Харин өнөөдрийн нийгмийг зонхилон манлайлж байгаа улс төр, эдийн засгийн элитүүд багагүй “илжирсэн” байна. Эдгээр нөхдийг өөрчилж, хандлагыг өөрчлөн сайжруулахын тулд ухамсрын хувьсгал цаг үе тулан ирж. Ухамсрын хувьсгал хийх арга бол ард түмэн улс төрийн амьдралд нээлттэй боломжоо ашиглан идэвхитэй оролцох явдал юм.

Монголыг өдгөө дэлхий дахинд “Ардчиллын арал”, “Эрх чөлөөний арал”, “Бүс нутаг дах “аюулгүй байдлын арал” хэмээн үнэлж, ардчиллын жишээ болгож, туршлага судлахаар тэд зорин ирцгээж байна.

Ардчилсан хувьсгал Монгол орны ч, Монгол хүний ч амьдралын тэнхлэгийг өөрчилж, түүхийг эргүүлж, шинэ нийгэм, шинэ цагийн эхийг тавьсан гэж Д.Бямбасүрэн гуай өгүүлжээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой бол нийт Монгол үндэстний хотол түмний баяр мөн.

Эх сурвалж:

  • *Зам бартаатай ч үйлс ариун. 2000 он. Ардчилсан намын сонгуулийн штаб. Р.Амаржаргал
  • ** Ардчиллаас ухрах зам байхгүй. 2004 он.Д.Бямбасүрэн/МУ-н 17 дах Ерөнхий сайд, Др, проф/
  • ***Википедиа чөлөөт нэвтэрхий толь
  • ****www.legalinfo.mn хууль зүйн мэдээллийн цахим хуудас
  • *****УДШ-ийн цахим хуудас
  • ******Монгол улсын Үндсэн хууль
  • *******Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын цахим хуудас
  • ********Ардчиллаас ухрах зам байхгүй. 2004 он.Д.Бямбасүрэн/МУ-н 17 дах Ерөнхий сайд, Др, проф/
  • *********Монголын Ардчиллын үнэт зүйлийн талаар – өгүүлэл. 2019. Петэр Шаллер. www.baabar.mn
  • **********ҮСХ-ны статистик мэдээллийн 1212.nm цахим хуудас
  • ***********Хүний эрхийн Үндэсний комиссын цахим хуудас

Бусад эх сурвал:

  • Ардчиллын алдаа оноотой он жилүдд 2010 Ш.Одонтөр
  • Цонх сэтгүүл 2003 он 10 сар.
  • Ардчиллын үнэт зүйл ба дархлаажуулалт 2003 он С.Ламбаа
  • Хүний хөгжлийн сангийн тухай хууль
  • Төсвийн тухай хууль
  • Шилэн дансны тухай хууль

Судлаач Ц.Чойжамц

Categories
мэдээ нийгэм

Авто үйлчилгээний 683 барилгаас гал гарч болзошгүй 2483 зөрчлийг илрүүлжээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто үйлчилгээний барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 683 барилга байгууламж хамрагдснаас гал түймэр гарч болзошгүй 2483 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Илэрсэн зөрчил, дутагдлаас хяналт шалгалт хийх явцад 769 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтын явцад барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл норм дүрмийн заалтыг зөрчиж, объектод галын дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй. барилгын нөөц гарц болон зам гарцан дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй.

Мөн байгууламжийн цахилгааны монтаж шаардлага хангаагүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг ил харагдахуйц газар байрлуулаагүй, барилга байгууламжийн давхар тус бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ Вьетнам улсын Элчин сайдын яамны ажилтанг зодож, танхайрчээ

Өчигдөр орой 20:10 цагийн үед “Вьетнам улсын Элчин сайдын яамны ажилтанг согтуу монгол хүн зодсон байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Вьетнам улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Дао Нгуен Фy нь БЗД-ийн 11-р хороо “River bich resort” амралтын газраас гарч явах үед нь Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух хаягтай “М” /эрэгтэй, 41 настай/ нь согтуурсан үедээ биед нь халдаж танхайрсан байна.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Хөвсгөл аймгийн эмнэлэгт 20 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг, дулааны станцад ажиллалаа.

Мөрөн сумын Улсын тэргүүний “Хөх сувд” I цэцэрлэг 2018 онд өргөтгөлийн барилга ашиглалтад хүлээн авснаар 37 багш, ажиллагсадтай, есөн бүлэгт 400 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Аймгийн хэмжээнд улсын 45, хувийн таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 2020 он гэхэд бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахыг зорьж байгааг аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлэв.

Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. 1500 орчим эмч, ажиллагсадтай эмнэлэг 135 000 орчим хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэдэг байна. Эмнэлэгт шаардлагатай байгаа 10 гаруй нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг энэ үеэр хүлээлгэн өглөө.

Аймаг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй ч оргил үед буюу 10-04 дүгээр сарын хооронд ачаалал ихэсч өдөртөө 120 хүртэл хүүхэд хэвтэн эмчлүүлдэг тухай Нэгдсэн эмнэлэгийн дарга С.Чагнаадорж танилцуулав. 100 ортой хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд зургаан суманд жишиг эмнэлэг байгуулах төслийн хоёр нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Тариалан суманд хэрэгжих юм.Мөрөн суманд барьж байгаа Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлгийн барилгын ажлын явц 75 хувьтай байна.

Ерөнхий сайд мөн дулааны станцаар орлоо. Станц 1700 орчим хэрэглэгчийг дулаанаар хангаж байна. Ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгаа учир энэ оноос шинээр хэрэглэгч нэмж холбох боломжгүй болсон. Иймээс өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байгааг ерөнхий инженер Ш.Нямханд хэлэв. Түүний танилцуулснаас үзвэл орон нутгийн нүүрсний онцлогт тохирсон, байгаль экологид сөрөг нөлөө багатай зуух сонгох, станцыг өргөтгөхөд урьдчилсан байдлаар 2.3-2.5 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХБНГУ-ын Бавари муж улсын Дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Андреас Цвергер: Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт манай орныхоос зарчмын ялгаатай байна


ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн дэргэдэх “Эрх зүйн боловсрол” академи 2001 оноос сангийн Монгол дахь түншлэгч байгууллагын нэг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран шүүгч нарын дунд жил бүр туршлага солилцох уулзалт явуулдаг уламжлалтай.

ШЕЗ-ийн захиргааны эрх зүйн сургагч багш нартай явуулсан уулзалтад Германы Берлин муж улсын Нийгмийн шүүхийн шүүгч, Бранденбург муж улсын Хууль зүйн академийн багш доктор Жессика Фогт 2019 оны зургаадугаар сард оролцсон бол есдүгээр сарын 18-20-нд явагдсан эрүүгийн эрх зүйн сургагч багш нарын уулзалтад Бавари муж улсын Бамберг дахь Муж улсын дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Андреас Цвергер уригдаж оролцлоо.


-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.

-Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Андреас Цвергер гэдэг, ХБНГУ-ын 16 муж улсын нэг болох Бавари муж улсын дээд шүүхэд дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

Ханнс-Зайделийн сангийн урилгаар Азид, тэр дотроо танай сайхан оронд анх удаа зочилж мэргэжил нэгт нөхөдтэйгөө туршлага, мэдээлэл солилцох завшаан тохиосонд баяртай байна.

-Уулзалтын үеэр шүүгч нар ямар сэдвийг илүүтэй сонирхож байв?

-Танай улсын Эрүүгийн хууль саяхан шинэчлэгдсэнтэй холбоотойгоор шүүгч нарын дунд нэг мөр ойлгох шаардлагатай сэдэв олон байна гэж ойлгосон.

Бид маш өргөн хүрээнд мэдээлэл солилцсоны дотор танай нийгмийн анхаарлыг ихээр татаж буй хөөн хэлэлцэх хугацаа, эрүү шүүлт тулгах, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа авлига хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжих гэх мэт сэдвийг хөндөж ярилцсан.

-Сүүлийн үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар авлигын хэргийг хэрэгсэхгүй болгох явдал олон нийтийн дургүйцлийг хүргэх болсон. Танай улс ийм асуудалтай тулгарч байв уу?

-Монголд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт манай орныхоос зарчмын том ялгаатайг анзаарсан.

Германд хөөн хэлэлцэх хугацаа дуусах бараг боломжгүй. Учир нь мөрдөн шалгах үйл ажиллагааны алхам бүрт уг хугацаа эхнээсээ тоологдож эхэлдэг байхаар зохицуулсан.

Уг хугацааг хэрэг үйлдсэн мөчөөс тоолж эхэлдэг. Мөрдөн шалгах ажиллагааг эхлэх, сэжигтэнд энэ талаар мэдэгдэх, сэжигтнийг байцаах, гэрчээс мэдүүлэг авах, хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүхээс нэмэлт мөрдөн шалгалт явуулах гэх мэт хэргийг илрүүлэхэд чиглэсэн алхам тус бүрд уг хугацаа дахин дахин шинээр тоологдож эхэлдэг.

Хөөн хэлэлцэх хугацааны зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан дуусгахад оршдоггүй. Гэмт хэргийн хортой үр дагавар нь цаг хугацааны явцад шарх мэт аажмаар илааршдаг гэж үздэг.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах алхам хэрэгжүүлэх болгонд тэрхүү шарх сэдэрч, хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаа нь шинээр эхлэх ёстой гэсэн зарчим цаана нь агуулагдаж байдаг.

Иймд Германд хөөн хэлэлцэх хугацаа дуусах асуудал гардаггүй. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацааны дээд хязгаар гэж байдаг.

Аливаа эрүүгийн гэмт хэргийн нийт хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд заасан хэмжээг хоёроор үржүүлснээс илүүгүй байх хязгаартай.

Аллагын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тооцдоггүй.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг хэдийд ч илэрсэн бай мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгтэнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг.

Миний ойлгосноор Монголд хөөн хэлэлцэх хугацаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд үргэлжлэн тоологдсоор байдаг.

Монголд хөөн хэлэлцэх хугацаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаг хугацааны хязгаар тогтоох, яаравчлах зорилготой юм байна.

Мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн ажиллагаа хугацаандаа дуусахгүй бол гэмт этгээд ял завших боломжтой. Энэ нь шударга ёсны зарчимд тийм ч сайн нийцэх шийдэл биш.

Гэхдээ мэдээж танай манай аль ч шийдэл өөрийн гэсэн давуу болон сул талтайг мартаж болохгүй.

-Монголын хөөн хэлэлцэх хугацааны талаарх өнөөгийн зохицуулалтын давуу тал нь юу гэж та харж байна вэ?

-Нэгдүгээрт, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа богино хугацаанд явагдаж дуусна, хоёрдугаарт, нотлох баримтын чанар харьцангуй сайн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгдсэнээс хойш удах тусам нотлох баримтын чанар дорддог. Эдгээр давуу талыг нэрлэж болох байх. Гэхдээ маш том сул тал бий.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад олон тооны гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор хэрэг хаагдаж ял завших боломж бүрддэг.

Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буйг мэдэж буй этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж ял завших хүлээлт нь хуулиар хамгаалбал зохих үнэт зүйл бий юм.

-Танай улс эрүү шүүлтээс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?

-Мөрдөн шалгах шатанд хууль зөрчиж нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авахтай тэмцэх хамгийн үр дүнтэй механизм бол эрүү шүүлт тулгаж олж авсан нотлох баримтыг шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх явдал.

Хэрэв хууль зөрчиж мэдүүлэг авсан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа илэрвэл хянан шийдвэрлэх ажиллагааг дахин эхлүүлэх боломжтой.

Шүүх хэргийг дахин хянахдаа хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт огт байхгүй гэх итгэл үнэмшилд тулгуурлах үүрэгтэй.

Эрүү шүүлтэд өртсөн шүүгдэгч өмнөх мэдүүлгээ үнэн байсан гэж дахин мэдүүлсэн байлаа ч түүнийг нотлох баримт гэж шүүх авч үзэхгүй.

Гагцхүү бусад нотлох баримтаар нотлогдож байж тухайн хүнийг гэмт хэрэгт буруутгаж ял оноох боломжтой.

Энэ нь мөрдөн шалгах байгууллага нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулах сонирхол сэдлийг үгүй хийх үр дүнтэй арга юм.

-Албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа авлигын гэмт хэргийн талаар Германы хуульд хэрхэн зохицуулсан байдаг вэ. Манай зохицуулалтаас хэр ялгаатай вэ?

-Манай улсын Эрүүгийн хуулийн 30 дугаар бүлэг бүхэлдээ албан тушаал, авлигын гэмт хэрэгт зориулагдсан.

Уг бүлэгт албан тушаалын байдлаа ашиглан өөртөө буюу бусдад давуу тал бий болгох, авлига өгөх, авах, хуулийг зориуд мушгин тайлбарлаж хэрэглэх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын биед гэмтэл учруулах, мэдүүлэг авахдаа албадлага хэрэглэх, гэм буруугүй хүнийг мөрдөх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бичиг баримт хуурамчаар үйлдэх, хураамжийг хууль бусаар өндөр тогтоох, төрийн болон албаны нууцыг задруулах гэмт хэргийн талаар зохицуулсан байдаг.

Мөн саяхнаас Эрүүгийн хуульд сонгуулийн үр дүнд мандат авсан албан тушаалтны өөртөө давуу эрх олж авах, хээл хахууль авах зэрэг гэмт хэрэг шинээр зохицуулагдсан.

Үүний зэрэгцээ зарим төрлийн гэмт хэргийг албан тушаалтан үйлдвэл ял хүндрүүлэх нөхцөл болдог.

-Авлигын гэмт хэргийг Германд хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Германы Эрүүгийн хуульд төрийн албан хаагч албан үүргээ зөрчихгүйгээр эсхүл зөрчиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг ялгамжтайгаар зохицуулсан байдаг.

Хэрэв албан үүргээ зөрчиж үйлдсэн бол завдалт ч гэмт хэрэгт тооцогддог. Манай улсад шүүгч, прокурор, мандат авснаас бусад төрийн албан хаагч халдашгүй эрх эдэлдэггүй.

Гэхдээ тэдгээрт авах сахилгын арга хэмжээг сахилгын бие даасан шүүхээр, эрүүгийн хэргийг нь эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэдэг.

-Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн тухайд?

-Германы Эрүүгийн хуульд ийм төрлийн гэмт хэрэг тусгагдаагүй.

Монголын Эрүүгийн хуулийн зохицуулалтаас харвал албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол уг гэмт хэргээр яллагдах боломжтой юм байна.

Ийм зохицуулалт нь манай эрх зүйн орчинд тохирохгүй. Хүнийг өөрөөр нь буруутгуулах, яллуулахаар албадахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг.

-Цалингаас өөр орлогогүй төрийн албан хаагч нүдэн дээр хөлжөөд байх тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Германд банк санхүү, эд хөрөнгийн бүртгэлийн зэрэг бусад байгууллага мөнгөн болон эд хөрөнгийн сэжиг бүхий шилжүүлэг, хөдөлгөөнийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээдэг.

Ийнхүү цугларсан нотлох баримтыг үндэслээд хуулийн байгууллага албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, нотлох боломжтой.

-Парламентын гишүүд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэдгээрийн халдашгүй дархан эрхийн асуудал хөндөгддөг. Германы парламент гишүүдийнхээ бүрэн эрхийг хамгаалж үлддэг үү, эсвэл мөрдөн шалгах байгууллагад ажиллах боломжийг нь олгодог уу?

-Германд Бундестаг (Холбооны парламент) болон Ландтаг (муж улсын парламент)-ийн гишүүд халдашгүй дархан эрх эдэлдэг.

Сонгуулийн дараа шинэ парламент бүрдээд юуны өмнө үйл ажиллагааныхаа журмыг баталдаг ба энэ хүрээнд парламентын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх талаар урьдчилан журамладаг.

Одоо мөрдөгдөж буй журмаар гүтгэж доромжлохоос бусад Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт Бундестагийн гишүүний эсрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг урьдчилаад олгосон.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг заавал албан ёсоор бичгээр гаргуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж болно.

Гүтгэлэг доромжлолыг онцгойлон авч үзсэн нь парламентын өдөр тутмын үйл ажиллагаа болох улс төрийн мэтгэлцээнийг хамгаалж үлдэх зорилготой юм.

Харин парламентын гишүүний эрхэд халдахуйц мөрдөн шалгах арга хэмжээ авах, тухайлбал орон байр, албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх, гишүүнийг цагдан хорих гэх мэт ажиллагаанд өмнө дурдсан урьдчилан олгосон ерөнхий зөвшөөрөл хамаарахгүй.

Мөн дээрх урьдчилсан зөвшөөрөл нь мөрдөн шалгах ажиллагаа дуусаж хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд бас хамаардаггүй.

Үүнд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвшөөрлийг парламентаас албан ёсоор бичгээр гаргуулж авсан байхыг шаарддаг.

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, мөрдөн шалгах байгууллага парламентын гишүүдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг ихэнх гэмт хэргийн тухайд чөлөөтэй явуулж болно.

Харин шүүн таслах ажиллагаа явуулахад заавал албан ёсоор бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бичгээр гаргасан шийдвэрийг парламентаас авах шаардлагатай.

Бундестагийн энэ жишгийг ХБНГУ-ын 16 муж улсын парламент ч мөн загвар болгон авч хэрэглэдэг.

-Бундестаг гишүүнээ мөрдөн шалгахыг зөвшөөр-сөн ч шүүхээр хянуулахыг зөвшөөрөхгүй байх тохиолдол элбэг байдаг уу?

-Аль ч парламент мөрдөн шалгах байгууллагад итгэдэггүй гэх сөрөг имижийг олон нийтийн өмнө бүрдүүлэхийг хүсдэггүй. Иймд таны дурдсан тохиолдол гарах боломжгүй.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Танд ч гэсэн баярлалаа. Т a бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийнхэн 86 иргэний амь насыг аварчээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 2140 гаруй алба хаагч, 760 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 86 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Мөн голын усанд суусан 8 автомашиныг татан гаргаж, 23 иргэнийг зөөвөрлөн аюулгүй болгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины УАЕ сери олгож эхэллээ

Автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр автомашины УАЕ сери олгож эхэлжээ. Хоёр сарын өмнөөс олгож эхэлсэн УАА сери дууссан учир үргэлжлүүлэн УАЕ сери олгохоор болжээ.

Дугаарын үсэг солих эрх бүхий байгууллага бол Зам тээврийн яам, үүнийг жолооч нарт олгох асуудлыг Автотээврийн үндэсний төв хариуцдаг.

УАЕ серийн дугаар авахыг хүссэн жолооч нар Автотээврийн үндэсний төвийн https://burtgel.transdep.mn/ гэсэн цахим хуудсанд нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэй сонгох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.

Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцан дахь байр сууриа танилцуулав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нээлтийн үгэндээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нийгмийн хамгааллыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, зохистой хөдөлмөрийг бий болгох хэрэгсэл хэмээгээд, 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлүүд тулгарч буйг дурдан, тэгш бус байдал газар авч байгааг онцлов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга хэлсэн үгэндээ НҮБ-ын үйл ажиллагаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстойг тэмдэглэж, дэлхий дахины өмнө тулгарч буй олон сорилтыг даван туулахын тулд хамтран ажиллах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, ядуурлыг устгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, чанартай боловсрол болгох, нийгмийн тэгш оролцоог хангахыг гишүүн орнуудад уриалав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.


Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монакогийн Хан Хоёрдугаар Альберт, Азербайжан, Норвеги, Серб, Тринидад ба Тобаго, Мальта Улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай” Мальта Улсын Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурав.

Түүнчлэн Фэйсбүкээс зохион байгуулж буй булангаар зочилж, ярилцлага өгөв. Хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймаг болон таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг тус компаниас санууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23 гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Иргэн Энх-Амгалан, Христийн цуглааны байр, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Хан дөлгөөн, Тавин ус, Ану сервис, Галуут мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

11:00-17:00 цагт: 10-р хороо Хурд интернэйшнл ХХК, Хурд групп /Грийт голд стар констракшн/, Уурын зуух, хуучин Нисэхийн цагаан хаалга орчмоор

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 25-р хороо Одонтын 25 Т-12-р гудамжууд, Ди Энд Юу ХХК болон ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 6-р хороо Тэрэлж, Горхийн байгалийн цогцолбор газрын жуулчны баазууд, айл өрхүүд, Баяка трейд, Линдингхана, Их Биндэр хайрхан, Иргэн Оюунсүрэн, Цэрэндорж, Мөнхжаргал, Төгөлдөр, Отгонбаяр, Лхагвасүрэн, Стройка, Юнител, Гюүдэн хаус, Ном, Өндөр улаан, Эмина, Немо смарт, Болор, Гарьдын шилтгээн, Баяр импекс, Минжин хүүхдийн зуслан, Алтай травель, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Дүнхэн-Уул, Өнөр жуулчин, Ламиран дацан, Жавхлант, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, Тэнгэр алтай травель, УБ-2, Гацуурт, Эрдэнэ сумын ЗД, Жигмэдсанжаа, Талын сондор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

10:00-18:00 цагт: 1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр, 3-р хороо Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор, 3, 4-р хороо Тоосгоны үйлдвэр, Уурхайнууд

ТӨВ АЙМАГ

09:00-20:00 цагт: Батсүмбэр сум Хужирын тохой, Мандалын ар, Цагаан нуга, Будаан толгойн гэр хороолол, Иргэн Жамъян, Улсын асрамжийн газар, МШХХТГ, Баянгол жимс, Скаут, Батсол, Соёл зуслан, Баянгол зуслан, Баянгол амралт, Миний зуслан, Сөгнөгөрийн амралт орчмоор, Батсүмбэр сум 1-р баг, Отгонбаатарын ферм, Бигхарвест, Поливит, МУИС-ийн полигон, Даваасамбуу, Үдлэг орчмоор,

10:00-18:00 цагт: Эрдэнэ сум Өлзийт зуслан, Өвөржанчивлан рашаан сувилал, Тамган өндөр радио реле, Алтны уурхайнууд.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарангуйлагч болох гарын авлага

Жан Жак Руссо “Нийгмийн гэрээний тухай эргэцүүлэл” зохиолдоо “Их санаархалтай ямар ч удирдагч эрх мэдлээ хуульчилж, захирах захирагдах ёсыг үүрэг болгон хувиргаж чадаагүй тохиолдолд дарангуйлагч болж чаддаггүй” гэжээ. Зөвхөн цэргийн эргэлт гэх мэтийн хүчирхийллээр л дандаа дарангуйлагч тодордог юм биш. Гитлер, Муссолини мэтийнх нь чөлөөт ардчилсан оронд шударга сонгуулиар төрийн эрх авсан. Нээлттэй нийгмийн оройд гарч ирсэн олон удирдагч шат дараалсан арга хэрэглэсний дараа жинхэнэ дарангуйлагч болж зарим нь цуст махчин болон хувирдаг. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах механизмгүй сул дорой байвал дарангуйлагч төрөх магадлал үргэлж нээлттэй байдаг. Олны дэмжлэг, нийтийн сонгуулиар улс орны толгойд гарсан удирдагч шат дараалсан үйлдлийн эцэст дарангуйлагч болон хувирдаг процессийн нийтлэг ерөнхий схем гэвэл:

1. Танил тал, ах дүү хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулан өөрийн овог отгийг байгуулна. Үүнийгээ хээл хахууль, арын хаалга, сүрдүүлэг, барьцаалах, дарамтлах, худалдаж авах зэрэг олон аргаар өргөжүүлнэ. Энэ нь гагцхүү бүдүүлэг ядуу оронд хэрэглэдэг арга төдий биш. Баян тарган, хөгжингүй, ардчилсан оронд ч элдэв хуулийн цоорхой ашиглан хөнгөлөлт, урамшуулалтыг хэтрүүлэн хэрэглэж болдог. Гэхдээ авлига нь богино хугацаанд ашиглаж болдог тактик болохоос урт хугацааны стратеги биш. Тун итгэлтэй гарын доорх хүмүүсээрээ эдгээрийг хийлгэх, гэхдээ эвгүй болоод ирвэл тэдэндээ бурууг тохож хариуцлагыг нь хүлээлгэн золигт гаргахад бэлэн байх.

2. Нийгмийн эсэргүүцэл дургүйцэл гарахад тэрнийг дарахад бэлэн, хүч хэрэглэхээс буцахгүй бүтэц буй болгох. Пакистаны Мушараф, Конгогийн Мобуту, Угандын Иди Амин зэрэг дарангуйлагчид эхнээсээ цэргийн эрхтнүүд байсан. Юутай ч иргэний төлөөлөгч ч байсан хүчний байгууллагыг хяналтандаа авах хэрэгтэй. Ардчиллын нэр хүнд дарангуйллаас дандаа дээгүүр байдаг юм биш. Үнэндээ хүмүүс эмх замбараагүй байдал үүсэхэд дарангуйллыг илүүд үздэг. Сталин ч, Мао ч үй олон хүнийг хядсан ч гэсэн нийгмийн эмх журмыг сахиж чадаж байсан учир олон түмний ихэнх нь тэднийг дэмжиж байсан. Хүчний байгууллага хяналтанд орж ирэхгүй бол тэдний эсрэг өөр хүчнийг ашиглаж болно. Маогийн их үсрэлт дампуурч үй олон хүн турж үхсний дараа Хятадын арми ч, дотоодын цэрэг ч, тэр байтугай төрийн удирдлага ч түүнийг дэмжихээ больсон. Тэгэнгүүт тэрээр хүүхэд залуучуудыг бүгдийнх нь эсрэг тухиран Соёлын хувьсгал гэгчийг зохион байгуулснаар эрх мэдлээ эргүүлэн авч байсан. Дараа нь хүүхэд залуучуудаа эргэж дарж авсан. Зохион байгуулалттайгаар зориудаар эмх замбараагүй байдал өдөөн буй болгочихоод түүнээ өөрөө дарж авах нь дарангуйлагч болохоор тэмүүлж буй хүний хувьд цус урсгасан ч бай нийгмийн зүгээс талархал дэмжлэг хүлээдэг. Сүүлийн үед энэ аргыг Түрэгийн Эрдоган тун амжилттай хэрэгжүүлж байна. Путин ч ийм аргад дуртай.

3. Дарангуйлагч болохын тулд хүмүүсийн дунд «өөрийн хүн» гэсэн ойлголт буй болгох хэрэгтэй. Дуу шуугиантай том төсөл хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхээр амлах, тэр нь хүн амд тун таалагдан өөдрөг үзэл буй болгосон байх ёстой юм. Ялангуяа энэ нь эх оронч шинж чанартай, нийгмийн дунд хамгийн их бэрхшээл үүсгэж байгаа зүйл рүү хандах ёстой. Энэ нь нийгмийн тодорхой эрүүл саруул хүчний зүгээс үзүүлэх эсэргүүцэл шүүмжлэлийг дарж авахад тун нааштай нөлөө үзүүлнэ. Улс эх орон, нийгэм ард түмнийг аврах хамгаалах, сайн сайханд хүргэх гэж зүтгэж байхад урвагчид, гадны тавиулууд, хорон санаатнууд үүнийг эсэргүүцэж байна гэсэн суртал нэвтрүүлгийг үр дүнтэйгээр тогтмол хүчтэй явуулахад тэд нийгмийн дэмжлэггүй болно. Эдийн засгийг тогтворжуулах, ажлын байрыг олноор нь буй болгохуйц дэд бүтцийн томоохон төслийг дуу шуугиантайгаар зарлах зэрэг нь нийгэмд нөлөөлөх суурь баазыг өргөтгөнө. Удирдагч болсон даруйдаа улс орныхоо өнөөгийн байдлыг гутамшгийн үлгэр дуурайл хэмээн цоллоод, өөрөө тун удахгүй ард түмнээ цэнгэлийн манлайд ааваачина гэж зарлах нь дарангуйлагч болох санаатны эхний мэдэгдэл. Ираны шах Рэзи Пэхлэви улс орноо дор нь өрнөджүүлж 1980 онд Английг гүйцэж түрүүлнэ гэж амалж байв. Гэтэл араас нь гарч ирсэн Хомэйни улс орноо эргэж лалжуулан диваажинд аваачина гэсэн боловч хэт тулгар үзэлт террорист орон болгон хувиргав. Конгогийн Ерөнхийлөгч Мобуту Сэсо Сэко урьдах бүх түүхээ үгүйсгээд шинээр диваажин байгуулахаар шийдэн улсынхаа нэрийг хүртэл өөрчилж, «Заир улс одоо сэхээнд байна, би улсаа эхлээд эмнэлэгт хэвтүүлнэ, тэгээд мэс заслалд оруулна, тэгээд эдгээнэ, удахгүй дэлхийн хамгийн хүчирхэг тамирчин болгоно» гэж ярьж байв. Яг адилхан жишээ ХХ зуунд Орост хоёр удаа тохиосон.

4. Өөрийнхөө дайснуудыг зайлуулах… эсвэл тас тэврэх нь зорьсондоо хүрэх гол арга. Угандын дарангуйлагч Иди Амин хэдэн жил Ерөнхийлөгч байхдаа бүх дайснаа, түүний дотор өөрийн ойр шадар хүмүүсээ хуйгаар нь алж устгасан. Тэрээр 300 мянган хүн цааш нь харуулсан. Харин хөрш оронтойгоо дайсагналцаж байсан учир Танзаны цэрэг орж ирэн түүнийг зайлуулсан. Камбожид Пол Потын дэглэм вьетнамчуудад нам цохиулсан. Иймээс хөрш орнуудтайгаа нөхөрсөг харьцаатай биш бол энэ нь явцгүй арга юм. Гэтэл Чойбалсан, Цэдэнбал нарын дарангуйллын тогтолцоо зөвхөн хүчирхэг хөрш орны дэмжлэгээр тогтож байлаа. Үүний оронд ардчилсан тогтолцооноос дарангуйлалд шилжихийн тулд дайснаа худалдаж аван хараандаа байлгасан нь хамаагүй дээр. Назарбаевтай өрсөлдөж байсан найрагч Сулимановыг Италид элчин сайдаар томилоод тэр чигээр нь мартчихсан. Зимбабвэгийн дарангуйлагч Мугабэ болохоор өөртэй нь сөргөлдсөн болгоныг хажуудаа авчран том албан тушаалд томилж байв. Нэг үгэндээ улс төрийн дайснуудаа хажуудаа авчраад хармайндаа хийчих нь илүү үр дүнтэй.

5. Нийгмийн дайсан буй болгож (байхгүй бол шинээр бодож олох) түүнтэй тууштай тэмцэх хэрэгтэй. Сталин, Чөрчилл, дө Голл, Рүзвэльт нар аугаа удирдагчаар түүхэнд тодорсон гол шалтгаан нь нацист Герман, түүний толгойлогч Гитлер юм. Макэдоны Александр, Чингис, Наполеон нар цэргийн гарамгай жанжид, гэхдээ улс орноо дайнаар өргөжүүлэн томсгосноор үндэсний баатрууд болсон. ХХ зуунд төрсөн дарангуйлагчдын хагас нь түрэмгийлэл, эсвэл эх орноо хамгаалсан дайн байлдаанд оролцсоноор ард түмэндээ хайрлагдаж байв гэсэн судалгаа ч бий. Путины алдар гавьяаг өргөн авч яваа гол хүчин зүйл нь түүний хөрш орнууд руугаа түрэмгийлэл үйлдсэн, газар нутгийг нь булааж авсанд оршино. Гэвч орчин үеийн ертөнцөд дайн байлдаан түрэмгийллээр алдарших нь эгзэгтэй, осолтой. Тэтчэр Фолкландын арлын төлөө Аргентинтай байлдсанаар үнэлэгдсэн бол түүнээс тун удалгүй Тони Блэйр Ирактай байлдсанаар нэр хүнд нь шууд унаж байв. Иймээс дайн байлдаан хийлгүйгээр улс оронд нь заналхийлэгч аль нэг гадны улсыг, эсвэл тодорхой хүчин болон хүнийг харааж загнан ард түмнээ зоригжуулах нь хавьгүй хялбар мөртөө аюулгүй арга юм. Хүйтэн дайны үед Хятадын аюул гэдгийг буй болгон ард түмнээ байнга сэрэмжлүүлж байсан нь Монголд тогтож байсан дарангуйллын дэглэмийг бэхжүүлэх гол учиг байлаа. Хойд Солонгос ч АНУ ба түүний гарын бээлий Өмнөд Солонгосыг зүхэхийн зэрэгцээ байлдвал эх орноо хамгаалж дөнгөнө гэсэн суртал нэвтрүүлгээр дэглэмээ хадгалсаар ирсэн. Камбожийн Пол Потын дэглэм вьетнамчуудаар, Аргентины цэргийн дэглэм англичуудаар, Вэнэсүэлийн Чааваасын дэглэм америкчуудаар, Кубын Кастрогийн дэглэм мөн америкчуудаар, Азэрбаджаны дэглэм армянчуудаар, Иран, Саудын Араб бие биенээрээ, Түрэг дахь Эрдоганы дэглэм күрд үндэстнээр… гэх мэтээр ард түмнээ айлган дэглэмээ авч явсаар ирлээ.

6. Дарангуйлагч болохын тулд юун түрүүн өөрийн орны иргэдийн дийлэнхийнхний оюун санаа зүрх сэтгэлийг нэг тийш нь чиглүүлж, итгэл үнэмшлийг нь олж авах ёстой. Чухам ингэж байж бат ар талтай болж чадна. Ингэхийн тулд юун түрүүн чөлөөт мэдээллийн урсгалыг хяналтандаа авах ёстой, учир нь чухам түүгээр л янз бүрийн хүчтэй шүүмжлэл өрнөдөг. Мэдээллийн хэрэгслэлийг Гитлер, Эрдоган нарын нэгэн адилаар өөрийн дэглэмийг магтан сайшаасан суртал нэвтрүүлгийн хүчирхэг машин болгон хувиргах ёстой юм. Мянмарын цэргийн хунт мэдээллийн хэрэгслийг хуйгаар нь хааж байсан нь орчин үеийн ертөнцөд үл таарах мулгуу арга болно. Ардчилсан сонгуулиар гарч ирсэн удирдагч дарангуйлагч болохдоо арай ухаалаг олон янз арга хэрэглэдэг. Увайгүй сэтгүүлчдийг худалдан авч өөрийгөө тойруулаад тэднээрээ гүтгэлэг, дайралт, доромжлол, гуйвуулга хийлгэн үүний дараа эрх мэдлээрээ далимдуулан шүүх цагдаа цэрэг зэргээр дарамтлан мэдээллийн хэрэгслийг айлган номхруулах Путины арга гэж байна. Өөртэй нь сөргөлдсөн болгоныг мэдээллийн хэрэгслээр гүтгэн авлига, татвар зэрэгт холбож аваад дараа нь шүүхийн болон хүчний байгууллагаар сүрдүүлэх, шийтгэх түүний аргыг олон газар дуурайн давтаж байгаа. Хэрэв үнэ өртөг хамаагүй гэж үзвэл Италийн Бэрлүсконигийн шиг улс орондоо байгаа хамаг хүчирхэг мэдээллийн хэрэгслийг өөрийн хувийн өмч болгож байгаад түүгээрээ хамгаалуулах болон дарамтлуулах арга бий. Дарангуйлагч болохоор санаархаж буй хэн ч гэсэн мэдээд авчихмаар нэгэн судалгааны хачирхалтай үр дүн байна. 2007 онд Би Би Сиээс 14 оронд олон мянган хүнээс авсан судалгаагаар хүн амын 40 хувь нь нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн хэрэгслийг чөлөөт мэдээллээс илүүд үздэг юм байна. Мэдээллийн хэрэгслийг хянах, бүр илүү дээр нь өөртөө эзэмших нь маш чухал.

7. Дарангуйллын тогтолцоонд хамгийн хүчтэй үйлчилдэг механизм нь үзэл суртал гэхээсээ айдас байдаг. Хүмүүний өөрийгөө хамгаалах нийтлэг зөн совин нь юун түрүүн айдас. Дарангуйлагч дээрх олон шат дараалсан арга хэмжээ авсны дараа нийгэмд айдас буй болгох явдлыг алхам алхамаар чангалсаар бололцооны хэрээр эцэст нь тулгана. Нийгмийн тодорхой тун цөөн хэсэг айдаггүй. Тэднийг юун түрүүн үзэл суртлын утгаар буруутган гутаана. Дараа нь элдэв гэмт хэрэгтэй холбогдуулж гүтгэн айлгана. Эцэст нь нийгмээс тусгаарлана. Энэ бол олон түмнийг айлгах үзүүлэн тоглолт юм. Үүнийг нь олон түмэн үнэмшсэн ч, эс үнэмшсэн ч гол нь айдастаа баригдан сөрдөггүй. Зарим нь амаа хамхина, олонх нь нэмж дэвсэнэ. Нийгэм яг л сургуультай зуудаг нохой шиг болон хувирдаг. Иймээс л үүний дараа дарангуйлагч дараалсан шударга сонгууль явуулаад ч айдастай нийгмийн дэмжлэг хүлээн сэнтийдээ үхэн үхтлээ хадагддаг аж. Хүмүүсийн дийлэнх нь яагаад Путиныг, Модурог, Лукашенког, Чаушеског, Пак Жон Хиг, Мугабэг, Маркосыг, Мубаракийг, Асадыг нийтийн сонгуулиар дэмжин улираан сонгоод байдгийн нууц энд бий.

8. Дарангуйлагч болохын тулд өөрийн байр суурийг зөвтгөсөн үзэл суртлыг зохион буй болгох хэрэгтэй. Үүнд мөнгө ёстой хайран биш! Бүхий л түүхийн турш бүх дарангуйлагчид өөрийн засаглалыг хуульчилж байсан. Нэн эртний бүдүүлэг омог отгийн толгойлогчид улс төрийн төдийгүй шашин мөргөлийн удирдагч болж өөрсдийгөө бурхан, хувилгаан, шидтэн гэж заралж байв. Дундад зууны үед арай соёлжоод өөрийн засаглалыг албажуулахын тулд мөнгө цаас, цаг хугацаа идэвхи хүч заран байж сүм хийд босгох болжээ. Энэ нь уламжлагдан улам боловсон болсоор Францын Луи хаанууд сүрлэг ордон хөшөө дурсгал босгож (Өлсгөлөн хүмүүс талх нэхэн жагсахад «талх байхгүй бол тэдэнд бялуу өг» гэж хатан хаан Мари Антонити хэлж байв) байсан бол Наполеон Парисыг хүчирхэг гүрний нийслэл болгон зассан. Их Петр газар мундсан юм шиг Хойд мөсөн далайн захад өөрийн нэрээр нэрэлсэн Санкт Петербург хотыг хүний хүүрэн дунд (хотыг байгуулахад хэдэн зуун мянган хүн үхсэн гэдэг) босгожээ. Сталин Москваг цоо шинэчилсэн. Мэдээж бүгд үргүй зардал. Орчин үед ч шинэ хот, хөшөө дурсгалыг ямар ч тооцоогүйгээр олноор үйлдэн үзэл сурталд ашиглах нь дарангуйлагчдын дуртай тоглоом. Анвар Садатын эзгүй цөлд босгосон ч хүн ирж суурьшдаггүй «10р сарын 24ний нэрэмжит» аварга хот, Нигерийн эрхтнүүдийн шинэ нийслэл босгохоор төлөвлөн тийш татсан мянган км ланжгар хурдны зам (мөнгө хүрээгүй учир шинэ нийслэл баригдаагүй) зэрэг нь үүний наад захын жишээ. Иргэд нь хэдэн саяараа өлсөж үхэж байхад байгуулсан Ким Ир Сэний бунхны өртөг тэрбум доллар. Зөвлөлтийн харьяат асан дунд Азийн орнуудын нийслэлийн төвийн барилга бунхан хөшөө дурсгалыг хараарай, хайран мөнгө? Английн VIII Хэнри хаан бүр даварч эхнэрээсээ салах гэснийг нь Ромын пап зөвшөөрөөгүйгээс тэндээс тусгаарлан Англикан гэх цоо шинэ шашны урсгал зохион буй болгосон байдаг. Орчин үед маоизм, сталинизм гэх мэтийн нэг хүнийг тахин шүтэх загвар буй болж эхэлсэн. Угсаатны ялгарал, шашин болон хэлний ондоо байдалд түшиглэн өөрийн үндэстнийг нэгтгэх маягаар үзэл суртал явуулж өөрийнхөө хуульчлагдсан удирдагч болохыг баталгаажуулдаг арга өдгөө ялангуяа Африкт их өргөн дэлгэрсэн. Тодорхой үзэл санаатай өөрийнхийгөө сөргүүлэн тавьж хавьгүй илүү дээр болохыг сурталдан үнэмшүүлж түүнээ хуульчилдаг арга байна. Үүнд фашизм, нацизм, коммунизм багтана. Улс үндэстэнд учрах аюул гэгчээр нийгмийг сурталдан нэгтгэж түүнээ хуульчлах ёс байна. Зөвхөн удирдагч л тухайн нийгмийг чиглүүлэн авч явж чадна, өөр хэн ч чадахгүй учир төрийг үе удам дамжуулан залгамжлах ёстой гэсэн суртлаар дарангуйллаа үргэлжлүүлэх хуультай орон бол Хойд Солонгос. Энэ маягийн хуульчлагдсан төр нэлээд халдвартай бололтой. Эдгээрийн аль нь ч байлаа өнөөгийн нийгэмд үүнийгээ хуулийг шинээр зохиох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зэрэг соёлтой арга хэрэглэдэг. Хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь Үндсэн хуулийг шинээр хийх, өөрчлөлт оруулах, зарим заалтыг хасах нэмэх гэх мэт. Эрдоган, Си Жиньпин, Путин, Уго Чааваас, Лукашенко, хуучин зөвлөлтийн дунд азийн орнуудын тэргүүн нар, Латин Америк, Африкийн толгойлогчид… гээд орчин үеийн маш олон удирдагч энэ аргаар төрийн тэргүүнээс үнэмлэхүй дарангуйлагч болон хувирсан. Үүгээрээ далимдуулан юун түрүүн шүүх эрх мэдлийг өөртөө бөөгнөрүүлдэг. Улмаар дамжуулан хүчний байгууллага, мэдээллийн хэрэгслэл, шашин, улс төрийн нам бүлэг, олон нийтийн байгууллага зэргийг хяналтандаа авдаг. Ийнхүү өөрийн өмч маягийн хувийн улс оронтой болдог ажгуу. Нэгэнт тодрон дарангуйлагч болчихвол цааш нь нийгмээ хэрхэн авч явдагийг Жоорж Орвэл 1948 онд бичсэн «1984» зохиолдоо маш тодорхой дүрсэлсэн юм. Тийм нийгэмд хоригдсон ард түмэн тэндээсээ мөд гарч чаддаггүйг түүхийн сургамж батална.

Жич: Фатали Могаддам, Микал Хэм, Шэри Бөрман, Жозэф Райт, Эжэ Төмөлхуран, Фрэнсис Фукуяама, Жэрад Даймонд, Баринтон Мүүр, Филип ба Поол Коллинз, … гэх мэт зохиолч, социологич, түүхч, психологич, философичдын нэлээд бүтээлээс санаа аван үүнийг бичлээ. 2008 оны тавдугаар сарын 27-нд миний бие “Наадам болохгүй, найр болно” гэсэн өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Би үзмэрч, мэрэгч төлөгч биш, гээд байдал тэр тал руугаа чиглээд байгаа нь аль ч эрүүл саруулаар сэтгэдэг хүнд илэрхий болж байв. Сарын дараа “долоон сарын нэгэн” болсон. Анхаарууллаа шүү, сүүлд нь намайг буруутгав аа!?

2019.9.20