Categories
мэдээ спорт

Паттаяагийн ДАШТ-ээс М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ

Тайландын Паттаяа хотноо болж буй хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг жинд Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг туухайг өргөж хүрэл медалийн эзэн болов.

Энэ удаагийн ДАШТ-ий энэ жинд огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртлээ. М.Анхцэцэгийн энэ медаль нь ДАШТ-ээс хүртэж буй хоёр дахь хүрэл медаль бөгөөд Монголын туйванчдын түүхэнд бичигдэх хоёр дахь медаль болж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайч, дарга, даавуу…

– ХАЙЧИЛБАР ФЕЛЬЕТОН –

“Хайч, чулуу, даавуу” гэдэг тоглоомоор хүүхдүүд нааддаг. Харин манай дарга нар “хайч дарга, даавуу” гэдэг тоглоомд орчихоод байна. Дарга нар хайч бариад даавуу огтлон, нээлтийн ёслол үйлдээд зогсохоо байсныг хэлж байна.

Саяхан нэг сайд, эхнэрийнхээ гэзгийг зүүдэндээ хайчилснаас болоод засгийн газрын гишүүдийн гарыг хүлж унтуулах нууц журам гарчээ. Жишээлэхэд, эмэгтэй сайд зүүдэндээ хирургийн хутгаар хэнийхээ юуг огтолж болохыг төсөөлшгүй.

ххх

Үүнээс өмнө нь бид, орой гэртээ хариад орныхоо хөшгийг хайчилж байж нойр нь хүрдэг нэг ерөнхий сайдтай байв. Тэрээр, бусдынхаа гарт хайч бариулдаггүй онцлогтой, өөрөө л дайралдсан болгоныг хяргаад дуусдаг нэгэн байсан сан. Сэвлэг үргээх найранд уригдаж очоод бусад зочдод боломж олгоогүй бол нэг хэрэг. харин хорхойссондоо болоод тэнд байсан бүх хүний үсийг хайчлаад ханасангүй. Ойр хавийн амьтны толгойтой үс нь дуусахаар тус газрынх нь хялгасуудыг нэг нэгээр нь огтолсон гэж байгаа, ярих ч юм биш. Ямар сайндаа л, Ерөнхий сайд болсон жилийнхээ намар ургац хураалтаар “Энэ улсын бүх тариаг би л хайчилна” гэж дайраад байхав? Онцлог нь өөрийн хайчаар, өөрөө л хайчилна.

ххх

Харин одоогийн засаг бол хайч, чулуу гэнээ…хадуурчлаа соори. хайч, дарга, даавууг үнэн ардчилжээ. Дарга болгон хайчтай, бас хайчлах юмтай байна. Гэхдээ эрэмбэтэй, тушаал доошлох тутам цаасны хутга, ерийн балиус болж явсаар хорооны дарга, хэсгийн ахлагч нарт дээр сахлын пэрээтэг, хумсны хутга болж буух жишээний.

Гэвч ерийн нэг даавуу хайчлаад байхаас цөмөөрөө уйджээ. ингээд тус тусдаа дорвитой “хайчлалт, огтлолт” бодож олохоор мэрийж. Нээхийн оронд хаахдаа бас хайчилдаг болсон нь ч шинэ засгийн гавьяа.

Зам гүүрийн сайд энэ тал дээрээ нэлээн сүрхий юм гэнэ. тэрээр, өнгөрсөн хавар Дархан-Улаанбаатарын замын засварыг нээхдээ тууз хайчлахын оронд замыг өөрийг нь хайчлана гэж зүтгээд, хайчилсан ч юм байх. “Дархан-Улаанбаатарын замыг хайчлагдсан зам гэхгүй юм бол өөр ямар Дархан-Улаанбаатарын замыг, Дархан-Улаанбаатарын хайчлагдсан зам гэх юм бэ” гэсэн хэллэг зохиогдоод сурах бичигт орсон байна. нээлтийн үеэр тавьсан замаа аанай л хайчилна гээд бодохоор энэ замыг дуусгаад ч яалаа, байлаа ч яалаа? Мөн үү?

ххх

Олны ярихаар бол Зам гүүрийн сайд саяхан “Зам хайчилж болсон юм чинь одоо шат ахиулж огтолно. Замын цагдаагийн гүүрийг өөрийг нь хайчилна гэж дайраад. Эскаабаатарын шанаганд хайч гагнуулаад, өнөө гүүрийг хуваангаа алдсан юм биш үү? туслах нь аргаа барахдаа “Дээр нь зогсож байгаа Ерөнхий сайдын хоёр юуны дундуур хайчилчих гээд байна” гэж баймаажин болиулсан юм байх. “Хайчны цагаан хорхой” туссан сайд нь “Яадгийн, харин ч хоёр ерөнхий сайдтай болох юм биш үү” гээд зүтгээд байсан ч гэх шиг. Яаж болиулсныг бүү мэд, ямар ч байсан замын цагдаагийн гүүрийг голоор нь тахийлгаад үлдсэн ажгуу. худлаа гэвэл очоод хараарай.

Гэснээс, “хайчны цагаан хорхой” гэдгийг зөвөөр ойлгоорой, нэгдүгээрт хайчны өвчин биш, хайч эзэмшигчийн өвчин юм байна. хоёрдугаарт, гэдэсний цагаан хорхойтой хамаагүй сэтгэлийн цагаан хорхой гэнэ.

Гуравдугаарт, хэлэхэд, “хорхой” гэдэг нь шимэгчтэй огоот хамаагүй, зүгээр л дур хорхой хүрээд байдаг, ихэс дээдсийн сэтгэлийн юм байх.

ххх

Сүүлдээ хэтэрхий олон дарга даавуу хайчилж байгаа учраас арай өөр юм бодож олох хэрэг гарчээ. ингээд өндөр дээд тушаалын дарга нарт зориулсан хугалах, хэмхлэх, нулимах ёслол бодож олжээ.

Эртүүд, музейн барилга хариуцсан нөхдүүд эскизээ Ерөнхий сайдаар нулимуулж ёсолсныг манайхан буруугаар ойлгосон, макетийг нь голсон мэтээр андуурсан явдал гарсан байх юм. Ямар нэгэн муухай загвар үйлдсэн, халтуурдсан явдал ерөөсөө болоогүй, харин ч “Музейн шинэ барилгын макетийн нээлтийн нулималт” хэмээх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болоод өнгөрч. Хүүк дарга маань уурлаад загнаад байсан ч юм байхгүй гэв. инээсэн хүний уруул нь татагдаад шүлс гардаггүй учраас нээрвтэх аргаар шүлсээ нэрсэн хэрэг. Гэгээрлийн яамныхан нь дэвттэл нулимуулсан макетаа соёлын өвд бүртгэснээр хэрэг явдал дуусчээ.

ххх

Дүүргийн дарга нэгэн, хэргийн газар татсан цагдаагийн туузыг хайчлан, алга ташуулсан байна. Үүндээ сэтгэл ханасангүй, хэргийн хохирогчийг алга ташсангүй хэмээн уурласан гэнэ. Шүүх эмнэлгийнхэн түүнд “талийгаач болсон хүн алга таших боломжгүй болдоог” гэдгийг тайлбарлаад, оронд нь гэмт хэргийн сэжигтнээр баяр хүргүүлжээ.

ххх

Эрүүлийг хамгаалах Яамны дарга нар хайчлах, огтлох тал дээр амьдралд хамгийн ойр байгаа гэнэ.

Эд өвчтөний мухар олгой дээр тууз нааж байгаад эрхэм гишүүнээр хайчлуулсан нь ердөө захын жишээ. Хирүүргийн хайчтай гишүүн нь замдаа бөглөрөөнд саатаад, өвчтөний норкооз гарчих гээд нэлээн сандаргасан юм байх аа. харин хүүхдийн хүй огтлох эрхэм үүрэг зөвхөн аймаг хотын Засаг дарга нарт л олдож байгаа юм. Гэхдээ овсгоо их чухал гэнэ.

Жишээлэхэд, дүүргийн Засаг дарга шинэ амаржих газрын үүдийг хайчлан нээж байхад овсгоотой итх-ын дарга нь амаржих эхийн савыг хийсвэрээр хайчлан шинэ хүнийг нээснээр цаадахыгаа хол хаяжээ.

ххх

“Хайч байвал тууз олдоно, Хайж чадвал туух юм олно” гэж шинэ үеийн найрагчид бичиж байна. арга мухардсан зарим нь гэрийнхээ бүсийг хайчлаад авгайдаа “юм”-аа хайчлуулан алдаж байхад, аргат бяцхан өөр дарга эхнэрийнхээ дотоожинд тууз хадаад тэрийгээ зохих үед нь хайчлан жаргалдаа умбаж байнам. Солонгосын ДЭҮ группийг үндэслэгч Ким Ү Жүнгийн “хорвоо дэлхий уужим, хайчлах юм их байна” гэсэн үг бидэнд урам хайрласаар…

ххх

-Энэ засгийн үед хайч, даавуу хоёр ардчилагдлаа гэж зүгээр нэг хэлээгүй юм. Шинэ залуу намынхан ч хайчлах, огтлох юмтай байгаа нь юутай бахархам. Зббн (Зөв ба буруу нам”)-ын мятрашгүй дарга мухар олгойны утас хайчилсан шигээ амбулатори хэсээд, өөрийгөө подхийлгээд явж байхтай тааралдсан хүн ч байна. Зөв Ба Буруу Намыг “Үнэн ба Зөв”(ҮбЗ) намтай андуурахгүй байхыг хүсье.

Гэтэл Шинэкоов нам (Шина) гэдэг нэн шинэ намын “марсек”-аар томилогдсон, үнэн халуухан нэг нөхөр Дэд станцын нээлт дээр давхиж очоод, сануулахын завдалгүй өндөр хүчдэлийн шугам хайчлаад…бие нь барагтайхан байгаа дуулдав.

Дашрамд сонирхуулахад, намууд ерөнхий нарийн бичгийн даргаа хуучин Зөвлөлийн жишгээр “генсек”гэж товчилдог. Энэ нь “генералный секретарь” гэсэн орос үгийн хураангуй юм. Шинэкоов намынхан энэ үгийг “Генерал и секретарь” гэж тайлаад, улам чанаржуулах үүднээс “маршальный секретарь” гэдэг үг зохиожээ. Түүнийгээ “марсек” гэж товчилсон нь “маршал бөгөөд секретарь” гэсэн хүчирхэг утга ажгуу. Энэ намыг хуучин Шинэ Намтай андуурахгүй байхыг хүсье.

Тэгж ярих юм бол “Шинэ” тодотголтой олон нам мэндэлсний магнайд Шан, ШМан (шан, шаншмаан, шаман?) гээд дурайж байгаа нь Шинэ ардчилсан нам, Шинэ Монгол ардын нам ажгуу. Шинэ намуудын гишүүд нь улаан хөхөөр будсан өндөг солилцон “Манан дахин мэндэлвэй, үнэнхүү мэндэлвэй”, “Ум жидүү мангаалам” гэлцэн ёсолсон ч гэх шиг. тэр ерөөл сэтгэлчлэн бүтвээс ирэх хэдэн жил Манан арилах боловч, түүнээс аймаар шМаншан буюу “ишман ишаан” (бараг л араб үг) бүрхэх нигууртай гэх.

Ойрмогхон, хурал цуглааны индэр дээрээс “Ишмаахан, ишмаахан, манай ишмаахан…” гэсэн хэллэг дуулдах болсон нь ямархан нэг Балжмаахан басганы нэр биш гэнэ. Махн-ынхан нэрээ солж ШМахн (Шинэ Махн) болгосны дуудлага тэр ажээ.

Шинэ намууд төрөөд зогссонгүй. Манай дарга удирдагчид ч нэрээ шинэчлэн бүртгүүлж байгаа юм байна. Саяхан иргэний бүртгэлийнхэн хэд хэдэн төрсний гэрчилгээ олгосны дотор 2019 онд 60, 50, 55, 56 настай байдлаар тус тус мэндэлсэн Шинэнхбаяр, Шинэхүрэлсүх, Шиньмиеэнхболд, Новыйбаттулга…орсон байх жишээний.

2019.09.24

Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээс бүх зүйл шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-МАН УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийхээр гарын үсэг цуглуулж байгаа. Та гарын үсэг зурав уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, шинэ хариуцлага, ёс журам хэрэгжүүлэхийн тулд шинэ бүрэлдэхүүн хэрэгтэй гэж үзсэн учраас гарын үсгээ зурсан. Өнөөдөр энэ асуудал аль ч тал руугаа шийдэгдэж магадгүй байна. Бүлгийн хуралдаанаар ороод яаж л бол яаж шийдэгдэнэ шүү дээ. Олон зүйлс яригдах байх. Нэлээдгүй мэтгэлцээн өрнөх байх.

Ер нь гарын үсэг бүрдчихсэн байгаа. Хуулиараа УИХ-ын гишүүдийн 1/3 буюу 51 гишүүний гарын үсэг байх ёстой шүү дээ. Гэхдээ гарын үсэг бүрдсэн гэдэг тийм ч чухал асуудал биш. Бүлэг дээр бүх зүйл шийдэгдэнэ.

-УИХ тарснаар парламентын дархлаа гэдэг зүйл сөхөгдөнө шүү дээ. Өмнө нь УИХ тарж байгаагүй. Анхны тохиолдол болох гэж байна.

-Анх удаа УИХ тарах талаар ингэж нухацтай яригдаж байна. Тиймээс энэ асуудалд хаана, хаанаа болгоомжтой хандах хэрэгтэй. Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх нь гол асуудал. Парламентын дархлаагаа эрсдэлд оруулчихгүйн төлөө бид явах ёстой. Энэ бол Засгийн газраа унагах гээд гарын үсэг зурж байгаа асуудал биш. Гэхдээ энэ нь улс эх орон, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Удирдлагууд нийтээрээ яриад нэг шийдэлд хүрээгүй байсан юм билээ. Харин үүнд МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийг нэг, нэгээр нь дуудан уулзаж, буруу ойлголт төрүүлж болохгүй. Цаашид энэ асуудлыг бүлгээр хэлэлцэх байх. УИХ-аар хэлэлцэх бусад асуудлууд хойшоо тавигдчихаад байгаа шүү дээ. Энэ асуудал Цэц дээр унах магадлал ч байгаа юм билээ. Өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвших иргэн зургаан сарын өмнө төрийн албанаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн заалттай холбоотойгоор Нөхөн сонгууль явуулах тогтоол Үндсэн хуулийн Цэц дээр унаж байсан.

-Ер нь УИХ тарах нь зөв үү?

-Өнгөрөгч өвөл төрийн эрх барих дээд байгууллага УИХ хоёр сар ажлаа явуулж чадахгүй гацсан. Тэр тохиолдолд ард түмэнд үнэнээ хэлээд тарах нь зөв. Харин өнөөдрийн тухайд УИХ үйл ажиллагаа бүрэн гацахгүй, хэвийн явагдаж байгаа. Дээр нь ээлжит бус сонгууль явуулахад хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд хориг тавилаа. Хуулиараа Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой байдаг. Чуулган хэзээ орох вэ?

-Энэ асуудлаар маргааш(өнөөдөр) чуулган хуралдана. Байнгын хороогоо өглөө нь хуралдуулаад, шууд чуулган руу оруулахаар төлөвлөчихсөн байгаа.

-Ерөнхийлөгч ямар үндэслэлээр хориг тавив?

-Нэгдүгээрт, “Ард нийтийн санал асуулга руу оруулж байгаа эхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн байна лээ. Ийм байж болохгүй. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль гэдэг гарчигтай байх ёстой” гэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэж нэрлээд байгаа нь энэ заалтыг зөрчсөн, харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж нэрлэх ёстой гэсэн байна лээ. 62 гишүүнийн өргөн барьсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэх гарчигт “хууль” гэдэг үг байхгүй байна гээд байгаа юм. Журмын тухай хуулиндаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн энэ агуулгаар өгсөн юм билээ.

-Ерөнхийлөгчийн хориг дэмжигдэх магадлал бий юу?

-Ерөнхийлөгчийн хориг гэдэг барьцгүй. 27 хүн зөвшөөрсөн кноп дарсан тохиолдолд хоригийг хүлээгээд авчихдаг. Тийм болохоор хэлж мэдэхгүй байна. Хуулиараа ядаж 51-ээс доошгүй гишүүн хоригийн эсрэг санал өгч байж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулна даа.

-Өнөөдөр ордноор гишүүн харагдахгүй байх шиг байна лээ. Ирц бүрдэх болов уу?

-Гишүүдийн зарим нь тойргоороо явж байгаа байх. Гэхдээ ирц бүрдэнэ. УИХ-ын тамгын газраас гишүүдэд энэ талаар мэдэгдэж байгаа.

-Та тойргоороо ер нь очиж байна уу?

-Би уг нь энэ долоо хоногт тойргоороо явах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл энд гацаанд орчихлоо.

-Ямар гацаанд?

-Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын сонгуулийн хугацааг татаж, ээлжит бус сонгууль явуулах юм уу гэдгийг МАН-ын бүлэг, УИХ-аар хэлэлцэж байж шийд гарна. Энэ асуудлыг тодорхой болсны дараа тойрог руугаа явна даа. Ер нь Үндсэн хуулийн асуудал гацаанд орчихоод байна. АН гэхэд Ард нийтийн санал асуулга явуулбал оролцоно гээд байсан. Гэтэл цагаа тулахаар санаа бодол нь өөрчлөгдчихлөө. Улс төрийн нөхцөл байдал ойр, ойрхон өөрчлөгдөж байна. Одоо хоригийг авах эсэхээс бүх зүйл шийдэгдэнэ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл шинэчлэл болж чадах уу?

-УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бариад одоо хэлэлцээд явж байна. Маш олон санал санаачилгууд гарлаа. Ихэнх нь зөв зүйтэй саналууд байсан. Энэ шинэчлэл 1992 оны Үндсэн хуулийг сайжруулж чадна гэж бодож байна. Тиймээс энэ шинэчлэлийг яадаг ч байсан хийх ёстой.

-Та манай сонинд хэвлэгдсэн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнгийн ярилцлагыг уншсан байх. Хавдрын эмнэлгийн барилгыг томсгох шаардлагагүй гэж байна лээ. Уг нь таны бариулсан эмнэлгийн барилгыг төр авч Хавдрын эмнэлэг болгох нь зүйтэй, ингэснээр хавдрын өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадна гэж олон хүн санал нэгддэг шүү дээ?

-Ер нь манай эмнэлгийн барилгыг аль эртнээс гацаах гэдэг байсан. Энэ бол цаанаасаа том лобби. Би бүр гайхаад байгаа юм. Орчин үеийн дэвшилтэт, том эмнэлгийн барилга баригдах гэж байхад яагаад ингээд байдаг юм бол гэж. Ухаан нь хувийн олон эмнэлгээр үйлчлэх гэж л байх шиг байгаа юм. Миний бодлоор бол нэгдсэн том цогцолбор барьчихвал хамаагүй амар шүү дээ. Одоо бол эрүүл мэндийн салбар яг ТҮЦ шиг л байна. Энд тэнд жижигхэн олон салбартай. Одоо эдгээрийгээ нэгтгэж Супермаркет болгох хэрэгтэй. Гэтэл эрүүл мэндийн салбарыг ТҮЦ-ээр нь байлгах гээд л том цогцолбор барихыг эсэргүүцээд байх шиг. Тэр нь зарим нэг бүлэг хүмүүст ашигтай байгаа нь үнэн. Нэг үгээр хэлбэл улсын эмнэлгүүдээ дорой байлгаж, хувийн жижиг эмнэлгүүдээ чанартай, өндөр үнэтэй байлгах сонирхолтой байна.

-Эмнэлгийн хүчин чадлынхаа талаар ярихгүй юу?

-Эмнэлгийн амбулаториор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх, жилд 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах юм. Хоёроос гурван давхарт амбулатори, үзлэгийн хэсэг, дөрөвдүгээр давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваргүйжүүлэх хэсэг, долдугаар давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байгаа. Эрчимт эмчилгээний өрөөнд хийн таван систем суурилуулсан. Наймаас аравдугаар давхарт хэвтэн эмчлүүлэгчийн тасаг байх юм. Нэг өрөөнд зургаан хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хүсвэл VIP өрөө ч сонгож болно л доо. Орчин цагт хүн бүхний сонголт янз бүр шүү дээ. Зургаан хүн нэг өрөөнд хэвтэхдээ агаар орчны тал дээр ямар нэг санаа зовох шаардлагагүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Эмчлүүлэгчдийн өрөө нь 50 м.кв, ор болгоны дээд хэсэгт хүчилтөрөгчийн систем, өрөөнд нь хөргөлтийн систем байрлуулах юм. Эмнэлгийн 11 давхарт ресторан үйлчилгээний газар, 12 давхарт оффис байрлана. Давхар бүрт агаар шүүх төхөөрөмжтэй. Эмнэлэг бүхэлдээ автоматжсан учраас хэн нэгэн эмч, сувилагч дуудах шаардлагагүй. Ердөө ганцхан товчлуур дарахад л хангалттай. За тэгээд эмнэлэг маань А, В, С гэсэн гурван хэсэгтэй. В,С хэсэгт эмчилгээ, үйлчилгээ байх бол А блок нь эмч, ажиллагсдын сургалт, судалгааны орчин байхаар төлөвлөсөн. Яаралтай үед эмнэлгийн дээр нисдэг тэрэг буух боломжтой. Дотроо усан бассейнтэй, гурван давхар хүртэл урсдаг шаттай. Мөн эмнэлгийн бохир зөөх, ариутгасан эд зүйл зөөх, үйлчлүүлэгч явах зэрэг найман төрлийн лифттэй юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Би Харанга хамтлагаас өмнө Монголын рок попын ертөнцөд гишгэсэн байдаг юм байна

Түрүүч нь 191(6292) дугаарт


МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай ярилцлаа.


-Залуу уран бүтээлчид таны хуучны дууг сэргээн дуулъя гэсэн хүсэлт тавьдаг уу?

-Тавина. Манай залуу шинэ үеийнхэн гарч ирж байна. Зохиогчийн эрх гэж байдаг л даа. Хөгжмийн зохиолчоос нь, дуучнаас ч нь дууг нь аваад дуулж болдог. Ихэнх дуучид хөгжмийн зохиолчид сэтгэл зүрхээрээ бие биедээ уран бүтээл туурвичихдаг. Хэн ч мэдэхгүй тэр уран бүтээл дууг нь продюсерыг нь хийгээд, бичүүлээд, клип хийлгээд дүрсжүүлсний дараа зарим нэгэн хөгжмийн зохиолчид дуугаа дуулуулчихаад өөр дуучинд худалдсан тохиолдол байдаг. Тэр нь ёс зүйгүй л асуудал юм л даа. Энэ тал дээр уян хатан хандах ёстой гэж боддог. Тиймээс залуу дуучиддаа дуугаа хуваалцаж дуулалгүй яах вэ. 1996 онд “Аргагүй амраг” цомогт багтсан “Чи алзахгүй” дуугаа өөрийн шавь Насанбуянтай бичүүлсэн байдаг.

-Та ая зохиогч Ангирмаатай олон жил найзалж байгаа шүү дээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр та бас продюсер хийж байгаа юу?

-Продюсер хийнэ гэдэг дуучныг худалдана гэсэн үг шүү дээ. Би бол худалдаа наймааны юманд оролцох дургүй. Зүгээр өөрийнхөө зүгээс тусалж, Насанбуян шавиа 2007 оноос хойш өөрийнхөө тоглолтод дагуулж явсан. Энэ хугацаанд үнэ төлбөргүй дуулуулсан нь ховор доо. Цалинг нь өгөөд явдаг. Тэгсэн хэр нь би өөрөө шавьдаа чадах эрдмээ сэтгэлээрээ л заадаг. Хэрвээ мөнгө төгрөгөөр заах бол анхнаасаа продюсер хийнэ гээд гэрээ контрактаа хийгээд хуулийн зөвлөхтэй албан ёсны гэрээ хийх болно. Гэтэл манайхны хүнд тусалчихаад араас нь ярьдаг. Буруу ойлголцох зүйлүүд гардаг шүү дээ. Нэг нь хөрөнгө оруулалт хийчихээд тодорхой хэмжээний хувь авна гэж бодсон бол нөгөө хүн нь надад сэтгэлээрээ зүгээр тусалсан гэж бодоод хувиа өгөх бодолгүй ч байдаг юм уу. Тиймэрхүү маргаан гарч л байсан. Манай Ангираагийн хувьд хууль ёсны дагуу гэрээгээ хийдэг. Энэ тал Наранзун продюсер бас сайн ажилладаг. Продюсерыг бол үнэгүй хийдэггүй. Би бол үнэгүй сэтгэлээрээ л хийдэг. Мэргэжлийн продюсер гэдэг ашгийн төлөө явж байгаа бизнес шүү дээ. Би бол авьяасаар бизнес, мөнгө хийх дургүй.

-Анхны тоглолтоо хэзээ хийж байсан юм бэ. Тэр үедээ шинэ жишиг байсан уу?

-1994 онд өөрийн бие даасан тоглолтоо хийгээд уран бүтээлчдийнхээ тасалбарын үнэд жишиг тогтоож байсан. 1992 онд “Зүүдний говь” анхны цомгоо дуучин Ганхуяг, хөгжмийн зохиолч Пүрэвдоржтой хамтран гаргасан. Анх удаа цомгоо 10-15 доллараар зардаг болоод, “Инээмтгий хүн” цомгийг дэлгүүрт 15 доллараар, “Аргагүй амраг” цомгийг хорин доллараар зардаг байлаа. Өнөөдөр хорин доллар гэхээр тавь гаруй мянгаар Улаанбаатарт CD зарагдахгүй байгаа шүү дээ. Дуучдын цомгийн үнэ унасан. Та бүхэн анзаарч байгаа бол байрны м.кв-ын үнэ, барилгын үнэ өсөөд байдаг. Гэтэл уран бүтээлч, дуучдын тоглолтын үнийн ханш хэвэндээ, өсдөггүй. Дуулах үнэ хэвээрээ л байгаа. Гэтэл сошиал медиагаар наадмын нээлтэд дуучид үнэтэй дууллаа гэдэг. Сонгуулиар их мөнгөөр сурталчилгаанд явлаа гэнэ. Соёлын өдрүүдээр Монгол Улсаа төлөөлөн дуулахын тулд хувийн зардлаар онгоцны билетээ аваад явж байсан тохиолдол ч надад бий. Улсыг төлөөлж дуулдаг хэрнээ улсад дансгүй дуучид гудамжиндаа байж л байна. Ерөнхий сайд соёл урлагийн том ордон барина гэж төсөл, макет нь яригдаад явж байгаа. Түүнийг сонсоод уран бүтээлч хүний хувьд их баярласан. Одоо л нэг юм бид орох оронтой болох нь. Гуч гаруй жил дуулахад уран бүтээлчдэд улсаас дэмжлэг туслалцаа байдаггүй. Тэр байтугай орон нутгаар аялан тоглох газруудын түрээс гэдэг ч юм уу тэр тал дээр ерөөсөө анхаардаггүй. Ийм жижигхэн зүйл дээр ч уран бүтээлчид маш их урам, итгэл, найдвар горьдож, тээж явдаг юм. Заавал эд материал биш гэхэд анхаарал хэрэгтэй. Үүн дээр төр засаг минь биднийг анхаарч, уулзаж, ярилцаад сэтгэл зүрхээ нээгээд хурал цуглаан хийвэл зүгээр санагддаг. Уран бүтээлчид ч гэсэн бие биенийхээ ханшийг битгий унагаасай. Бид болон бидний дээд үеийнхэн ямар зам мөр гаргана, тэр замналаар хойд үе дүү нар болон үеийнхэн маань замнана. Тиймээс хойч үедээ сайхан дардан зам мөрийг үлдээх ёстой гэж би боддог.

-Сонсогч хүний хувьд сүүлийн үеийн ямар хамтлаг дуучдыг сонсож байна. Таны сэтгэлд нийцэх хамтлаг дуучид байна уу?

-Би тэр энэ гэж онцлох дургүй. Ямар ч байсан би фм 102.5-ын чартыг сонсох дуртай. Сүүлийн үед надад Казахстаны дуучин Димаш Кудайберген гайхалтай хоолойтой дуучин санагдсан. Манайд оновчтой сайхан хит дуу гаргаж байгаа дуучин Наагий буюу Наранбаатар гээд Филармонийн гоцлол дуучин сайхан хоолойтой залуу байна. “Киви” хамтлагийн ахлагч Ука их сайхан дуунууд гаргаж байна. Залуучуудыг зөв байлдан дагуулж чадаж байна. Наки, дуучин Сэрчмаа. “Никитон” хамтлагийн 25 жилийн ой их сайхан боллоо. “Чи минийх” гэдэг дуу нь их гоё санагдсан. Мөн Чойжоогийн дуунуудад дуртай. Ш.Дулмаа гуайн ач Тэнүүний Регги дуу гарсан байна лээ. Ер нь залуучуудыг бас сонсоно шүү. Гоё гоё аялгуутай дууг даган баясна. Этгээд хоолойтой, өвөрмөц стильтэй дуучид их төрж байна. Монгол HD телевизийн Войс шоунаас төрсөн Энгүүн маш гайхалтай тоглолт хийдэг дуучин байна лээ. Би хоолойг нь сонссон. Говь-Алтай аймагт бид тоглолтоор хамт явсан. Манай Камертоныхон бас их гоё юм аа. Би Ган-Эрдэнэтэй “Монгол туургатан мисс” тэмцээний дууг хамтран дуулсан. Үнэхээр “Камертон” бол “Камертон” л юм байна лээ. Яагаад энэ он удаан жил” Камертон”-той хамтран дуулаагүй юм бол оо гэж би бодсон. Болд хийж байгаа ажилдаа маш чамбай. Аргагүй Жамьян гуайн зээ. Ач нь Никитоны Батчулуун. Рок попыг чимж байгаа хоёр монстер шүү дээ. Удахгүй манай “Харанга” хамтлаг 30 жилийн тоглолтоо хийх гэж байна. Ингээд бодоход би “Харанга” хамтлагаас өмнө 30 жилээ хийсэн гэж бодохоор “Харанга” хамтлагаас өмнө монголын рок попын ертөнцөд гишгэсэн байдаг юм байна. Би “Харанга” хамтлагийнхаа 30 жилийн ойд оролцоно гэж бодож байна. Рок поп гэдэг салшгүй нэгэн хамт олон. Энэ гайхалтай хамт олны нэг хэсэг болж явж байгаадаа бахархаж, баярладаг. Би бүгдэд нь хайртай. Хип хоп ч бай, рок поп ч бай, алтирнатив гээд. Монголын рок попын ертөнцөд анхны удаа пянз гаргасан эмэгтэй алтирнатив дуучин гэдгээр Отгоогоороо бахархдаг. “Гүзээлзгэнэ шиг амт” гэдэг дуу нь маш их таалагддаг. Отгоо маань гэр бүлийнхээ амьдралыг хамгийн түрүүнд зохицуулаад дараа нь уран бүтээлээ хийдэг. Маш өөдрөг, цоглог эмэгтэй. Мөн миний алтан партнёр Дашдондог маань хамгийн том амжилт болсон THE HU хамтлагийн фэнамен гэж ярина шүү дээ. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан фэнамен болсон. Энэ бол рок попын бас нэгэн ялалт хэмээн бид баярлаж яваа. Дашкадаа болон “THE HU” хамтлагтаа баяр хүргэе. Олимпийн аваргууд төрж дэлхийд Монголыг цуурайтуулж байсан шиг Монголынхоо нэрийг дуурсгаж яваад баярлаж яваа шүү.

-Та MN25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж байхад “Би нэг ч амралтын өдөр, нэг бүтэнсайн өдөр гэртээ бүтэн өнжиж үзээгүй” гэж ярьж байсныг санадаг юм. Түүнээс хойш бас олон жил өнгөрч хүүхдүүд тань том боллоо. Завгүй ээжийн ажлаас хэр чөлөөлөгдөж байна. Өөр өөртөө зарцуулах зав гаргаж чадаж байгаа юу?

-2006 онд би охин Хулангаа гаргачихсан, хүү минь есөн настай, дүүгийнхээ охиныг өөр дээрээ авчихсан зургаан настай байсан. Ингээд гурван бяцхан хүүхэдтэйгээ, настай ээжтэйгээ, эгчийнхээ 16 настай хүүг бас хамт өсгөлцөөд ер нь бол шаггүй байсан. Амьдралын нэлээд зүйлийг зах зухаас нь үзсэн. Гэхдээ тэр үедээ амьдрал хэр хүнд хэцүүг төсөөлж байгаагүй. Хүн ууланд гарахдаа хэр өндөрт гарахаа төсөөлдөггүйтэй адил би ч тэр оргил руу мацсан. Оргилд нь гарсан хойноо таашаал авах уу, үгүй гэдэг л байдаг юм байна. Тэгээд он удаан жил өөрөөсөө харамлаж, өрөөл бусдын төлөө амьдарсан минь талаар болоогүйг өнөөдөр өөртөө хэлж чадаж байгаа, хүлээн зөвшөөрч байгаадаа баяртай байна. Хүүхдүүд минь том болж том хүү минь 22 нас хүрлээ. Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэлээ. Хүү минь сургуулиа төгсөх гэж байна. Манай хоёр том оюутан болсон. Бага нь наймдугаар ангийн сурагч. Тэр үеийн ачаалал минь харьцангуй багассан. Хүний амьдралд бэрхшээл тулгарвал хэрхэн даван туулахыг миний аав ээж надад бодитоор зааж өгч байсан. Би гайхдаг юм. Ээж аав минь сэтгэл санаагаар унаад, уйлж унжаад, гараа унжуулаад ажил бүтэхгүй байна гэж гомдол нэхэж байхыг би нэг ч удаа хараагүй. Миний аав ээж өөдрөг үзэлтэй хүмүүс байсан. Тиймээс би ч гэсэн тэгж л өсч хүмүүжсэн юм шиг байна. Хүүхдүүдээ ч тийм маягаар хүмүүжүүлэхийг хичээдэг. Би хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн гэж одоохондоо хэлж чадахгүй. Яаж хүмүүжүүлснийг аяндаа цаг хугацаа харуулах биз. Мянга сайн хүмүүжүүллээ гээд хувь хүний заяа төөрөг, үйлийн үр гэж байдаг. Түүгээрээ л явах байх. Би аль болох өнгөрүүлсэн амьдралдаа муу зүйл хийхгүй, үр хүүхдэд минь муугаар нөлөөлөхгүйгээр сайн сайхан амьдруулахын төлөө маш их зүйлд өөрөө золиос хийж, өөрийнхөө хийх дуртай зүйлээсээ хайртай бүхнээсээ би хагацаж салж чадаж байсан. Энэ он удаан жил орь ганцаар амьдарсны үр шим гарч байгаа байх гэж бодож байна. Тайзан дээр би үзэгч сонсогчдодоо хүндлүүлж хайрлуулж, тайзан дээр хатан хаан шиг дээшээ байсан энэ амьдрал минь магадгүй миний энэ ганцаардсан үеийг дүүргэж байсан байх л даа. Яах аргагүй дүүргэж байсан. Би уйдах дургүй хүн. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж, уран бүтээл туурвиад, өөрийгөө ажлаар дүүргэдэг байсан. Тэр бүтээлч зан минь надад өөрт болон үзэгчдэд минь сайнаар нөлөөлсөн. Үзэгч түмэн минь хайртай дуучныхаа 22 цомгийг хүлээн авчээ. Ид од болон гялалзаж байх үедээ тайзнаасаа хурдан буусан одууд байдаг. Тийм баймааргүй санагддаг. Дурсан санах дурсамжтай, бахархах уран бүтээлтэй тийм түүх, өвийг хойч үедээ үлдээх юмсан гэж бодож явдаг.

-Уран бүтээлч хүн учир бүхий л дуундаа хайртай байх. Тэр дундаа таны хамгийн онцлоод сонгоод хэлчих хамгийн хайртай дуу тань аль нь вэ?

-Хараад байхад “Хайрын бурхан” гоё дуу юм байна. “Учралын бльюс”, “Дуучин чамдаа”, “Би жаргалтай” гээд дуунууддаа би их хайртай.

-33 жил урлагт зүтгэлээ. Энэ хугацаанд үзэгчдийн хөгжмийн боловсрол хэр өөрчлөгдөж, өссөн бол?

-Өсөлгүй яахав. Гайхамшигтай өссөн. Үзэгч түмэн минь амьдаараа дуулж байна уу, амаа хөдөлгөж байна уу бүгдийг мэдэж байна. Хоёрдугаарт, дуураймал гадны хөгжмийг хуулбарлахыг хүлээн зөвшөөрөхөө больсон. Жинхэнэ сэтгэлийн угаас гарсан хөгжмийг 100 хувь давтан дуулж чадаж байна. Маш их мэдрэмжтэй. Монголын нийгэм хөгширч байгаа биш өсч байгаа. Монгол хүний потенциал ямар өндөр гэдгийг өдөр болгон шахам л батлан харуулж чадаж байна. Тэр утгаараа манай үзэгч сонсогчдын хөгжмийн боловсрол маш их дээшилсэн.

-Та он удаан жил хамтран ажилласан хөгжмийн зохиолчдоо байнга л шинэ уран бүтээл хийж өгөөсэй гэж боддог байх. Магадгүй шинэ залуу олонд танигдаагүй уран бүтээлч нар танд “Миний уран бүтээлийг амилуулаад өгөөч” гэж хүсэлт тавьдаг уу?

-Тавина, тавина. Би гэхдээ цензуртай ханддаг. Таалагдсан дуугаа дуулна. Таалагдахгүй бол татгалзана. Гэсэн хэдий ч би энэ хөгжмийн зохиолчоос олон дуу авсан энэ хүнээс одоо юм гарахгүй гэж би хэзээ ч боддоггүй. Дахиад нэг надад дуу зохиогоосой. Яавал би энэ хөгжмийн зохиолчид таалагдах бол гэж үргэлж боддог. Он удаан жил хит дууг нь дуулчихаад, яруу найрагч хөгжмийн зохиолчдоо таалагдах гээд л би явдаг. Магадгүй энэ гэгэлгэн сэтгэлгээ минь хөгжмийн зохиолч, яруу найрагч уран бүтээлчдэд маань таалагддаг байх л даа. Би уран бүтээлдээ хэзээ ч гар татдаггүй.


Categories
мэдээ цаг-үе

Хөтлөгч Санти: Инээх дуртай хүн бүхэн “Мамбо”-г сонсдог


“Mambo” нэвтрүүлгийн үеэр

“Mambo” нэвтрүүлгийн хөтлөгч Санти буюу Б.Үйлстөгстэй ярилцлаа.


-Таныг хүмүүс Санти гэдэг нэрээр тань илүүтэй мэддэг. Энэ нь ямар учиртай нэр вэ?

-Санти бол мөрөөдлөөрөө олсон нэр л дээ. “Goal” гэж кино байдаг шүү дээ. Тэр кинон дээр Сантиаго Мунез гэж гол дүрийн залуу гардаг. Тэр залуу хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэй ч аав нь түүнийг хар ажилчин болгох гэж мөрөөдлийг нь үгүйсгэдэг. Сантиаго мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцсэнээр эцэст нь мөрөөдөлдөө хүрдэг. Би 12, 13 настай байхдаа энэ киног үзсэн юм. Би FM радиогийн хөтлөгч, хип хоп дуучин болох мөрөөдөлтэй байсан ч аав минь намайг шашны сургуульд оруулж лам болгох төлөвлөгөөтэй байлаа. Яагаад вэ гэвэл өвөө маань том лам хүн байсан.

“Goal” киноны төгсгөлд Сантиаго мөрөөдөлдөө хүрчихээд “Yeah!” гэж хэлээд хашгирдаг. Тэр хэсгийг хараад “Би ч гэсэн мөрөөдлийнхөө төлөө явж байгаа юм чинь Сантиаго болъё” гээд өөртөө “Санти” гэж нэр өгсөн юм.

-Та FM радиогийн хөтлөгчөөр хэдэн жил ажилласан бэ. Хэзээнээс энэ салбарт ажиллаж эхэлсэн бэ. Таны уг мэргэжил юу вэ?

-Миний нэрийг Б.Үйлстөгс гэдэг. Харин А.Үйлстөгөлдөр гэж мундаг хөтлөгч байсныг хүмүүс мэдэх байх. Хөтлөгч А.Үйлстөгөлдөрийн FM 101.7 радиогоор хөтөлдөг нэвтрүүлгүүдийг манай ах, эгч нар их сонсдог байлаа. Намайг тэд “Үйлс ээ! Чи яг хөтлөгч болно. Хөтлөгч шүү” гэнэ. Тэгээд байхаар нь А.Үйлстөгөлдөрийн нэвтрүүлгүүдийг сонсоод тэр хөтлөгчийг сонсох дуртай болж, нэвтрүүлгүүдэд нь дурлаж, FM радиогийн хөтлөгч болох мөрөөдөлтэй болж хувирсан. Тэрнээс өмнө би брейк бүжиг бүжиглэдэг байлаа. 16, 17 нас хүрээд FM 101.7 радиод хөтлөгчийн шалгаруулалтад тэнцээд сар гаруй ажиллачихаад FM 104 радиод орж байлаа. Тэр үед Тамара, Жошуа, Аманда, Матилда гэсэн хөтлөгчид байлаа.

-2006-2008 оны үе шүү дээ?

-Тийм тийм. Тэд FM-ээсээ гарч дараагийн үеийн хөтлөгчид нь орж ирсэн л дээ. Шинэ үеийн хөтлөгч нь болж 200 гаруй хүнтэй өрсөлдөөд тэнцэж байсан юм. Тус FM-д хөтлөгчид нь өөрийнхөө нэрээр явахыг зөвшөөрдөггүй болохоор өнөө миний Санти гэсэн нэр энд яг тохирсон. Санти гэдэг нэрээр дөрвөн жилийн турш нэвтрүүлэг хөтөлсөн. Тухайн үед “Мамбо”, “Хадам ээжийг хашаа давахаас нь өмнө очиж амбаардъя”, “Сантиг маажих уу”, “Ам банзал” гэх мэт нэвтрүүлэг хөтөлдөг байлаа (инээв). Тэр хугацаандаа хоёр ч удаа FM-ийн шилдэг хөтлөгч болж байлаа.

-Оны шилдэг хөтлөгч байх аа?

-Шинэ жилээр шалгаруулдаг шүү дээ. 2012 онд “Хүсэл, мөрөөдөл” нэртэй тоглолтоо UB palace-д хийж байлаа. Анх удаа FM-ийн хөтлөгч тоглолт хийсэн нь тэр. Бичлэг нь youtube-д бий. Бүх реклам сурталчилгаагаа FM радиогоороо зарлахад 1000 хүнтэй танхим пиг дүүрч билээ. Яагаад вэ гэвэл миний царайг харахын тулд. Би тэнд жүжиглэсэн, бүжиглэсэн, хөтөлсөн. Би ямар мэргэжилтэй вэ гэхээр яг одоо жүжигчний мэргэжлээр сураад төгсөх гэж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарын шавь нь. Үүнээс өмнө би ямар нэг мэргэжлээр суралцаагүй. Ангийн хүүхдүүд маань үргэлжлүүлж сурч, хичээл сургуулийн хооронд явж байхад би FM радио руугаа, ажил руугаа гүйдэг байлаа. Фэйсбүүк гарч ирж, хүмүүс тийш шуураад yahoo мессенжер алга болсон. Тэр үеэс фэйсбүүкт өөрийнхөө нэвтрүүлгүүдийг тавьж “Santii fm” гэж пэйж хуудас нээсэн. “Мамбо” нэвтрүүлгүүдийнхээ хүнээр тоглосон хэсгүүдийг монтажилж оруулдаг болоод дөрөв, таван жил болчихлоо.

-Пэйж тань одоо хичнээн дагагчтай болоод байна вэ?

-Пэйж маань 200 мянган дагагчтай, нэвтрүүлгийн үзэлт 300 мянгаас нэг саяд хүрдэг. Ихэнх нэвтрүүлгүүд нь инээдтэй ч нийгэм рүү чиглэсэн, болохгүй бүтэхгүй байгаа залуусын бичлэгийг тусгай байршуулдаг. Нэвтрүүлгийг үзэгчид мэднэ дээ, PC тоглоомонд донтчихсон бацааны бичлэгийг хүмүүс их шэйрлэж үзсэн. Үзэлт нь 1.2 саяд хүрсэн байх жишээтэй. Хэдийгээр тэр бичлэг инээдэм боловчиг цаана нь юу болж байгаа, миний охин, миний хүү хэнтэй нийлж, нөхөрлөөд байна вэ гэдгийг инээдээр дамжуулаад мэдэх боломжтой.

-Та телевизэд бас ажилласан байх аа?

-Тэгсэн. VTV телевизэд хоёр жил ажилласан. Би телевизийн урлаг руу орох мөрөөдөлтэй.

-Радиогийн хөтлөгч хүн сонсогчтойгоо дуу хоолойгоороо холбогддог. Таны дуу хоолойг, таны хөтөлдөг нэвтрүүлгүүдийг л сонсдог хүмүүс байдаг юм билээ?

-FM-ийн шилдэг хөтлөгч болохын тулд, бусдаас онцгой байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. FM-ийн хөтлөгчдөд ангилал байдаг юм. Хүчтэй, цоглог, рок хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч гэвэл “Хээе, сайн байцгаана уу” гээд хүчтэй ярьж эхэлнэ. Даруухан, хайрын тухай нэвтрүүлгийн хөтлөгч бол “Сайн байцгаана уу” хэмээн зөөлөн шивнэж буй мэт ярина. “Тавтай нойрсоорой” нэвтрүүлгийг хөтлөхөөр бол бас дуу хоолойгоо аядуу зөөлөн болгоно. Харин миний хувьд энэ бүх шинжийг өөртөө агуулсан хөтлөгч болъё гэж цоо шинэ дүрэм зохиосон юм. Машины араа шиг нэгний нэг, нэгний хоёр, нэгний гурав, нэгний дөрөв гэсэн ярианы дөрвөн темпертэй. Нэгний нэг гэдэг нь эфирийн энгийн хоолой. “Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе”. Нэгний хоёр гэдэг нь дурлуулах хоолой. “Сайн байцгаана уу. Та бүхэнтэй Санти хамтдаа байна. Ингээд бүгдээрээ хайрын дуу сонсоцгооё” гэхэд миний дуу хоолойг хайртай хүнийхээ дуу хоолойгоор төсөөлнө. Бэкхэм, Брэт Питт байна ч гэж төсөөлнө. Тэгж татдаг. Нэгний гурав гэдэг нь ярианы хурд. Энэ нь ур чадвараар зодох. Ямар хурдан сэтгэж байна аа, яаж ийм олон өгүүлбэрүүдийг бодохгүйгээр ярьж байна аа гэж сонсогчдын гайхлыг төрүүлнэ. Нэгний дөрөв гэдэг нь эмоци. Орилж чанга ярих, анхаарлыг нь татах. Ийм дүрмийг би өөртөө суулгахын тулд хөдөлмөрлөж, машин араагаа сольдог шиг энэ дөрвөн темперийг хаана нь яаж дуугаргах вэ, хаана нь зогсоож, дараагийнхыг нь оруулах вэ гэдгийг их сайн тооцоолдог байсан. Ингэж ажилладаг байсныг минь сонсогчид мэддэггүй байсан. Санти гэдэг хөтлөгчийн гол мөн чанар үүн дээр л оршдог, юуг нь нуух вэ дээ. “Мамбо” нэвтрүүлэг хөтлөхдөө ч би энэ өсөлт, уналтыг байнга хийдэг. Гэнэт нэг хүнээр тоглочихоод аргадахдаа ээжид нь зориулж шүлэг уншина. Шүлгээ үнэн сэтгэлээсээ уншдаг болохоор нүдэнд минь нулимс цийлэгнэнэ. Миний хийж байгаа тэр бүхэн үнэн байдаг болохоор хэдэн мянган шэйр, олон мянган үзэгч байдаг байх л даа. Хоолойг минь сонсоод хүмүүс янз янзаар төсөөлнө.

-“Мамбо” нэвтрүүлэгт хүмүүс утсаар холбогдож, ойр дотныхоо хүнээр тоглуулах хүсэлтээ илэрхийлдэг шүү дээ. Ингэхэд таны нэвтрүүлгийг үздэг хүмүүсийн насыг сонирхож болох уу. Залуус голдуу байх уу?

-Насаар нь ангилах боломжгүй. Бүх насныхан сонсдог. Инээх дуртай хүн бүхэн “Мамбо”-г сонсдог. Би сая “Авьяас асгарсан шөнө” mambo comedy тоглолтоо хийхэд 60 гарчихсан хүмүүс ирж үзэцгээсэн. “Чиний нэвтрүүлгийг сонсохоороо бид хоёр хэрэлдэхээ болиод инээлддэг” гэж байсан. Миний нэвтрүүлэгт хүмүүс дуртай. 99 хувь нь эерэг энергитэй сэтгэгдэл бичдэг. Хүн чинь олонхоо дагана шүү дээ. Үнэхээр 70, 80 хувь нь “Наад нэвтрүүлгээ болиоч” гээд байвал би больж болно шүү дээ. Гэхдээ холбогдсон хүн маань өөрийнхөө хүсэлтээр захиалгаа өгдөг. Тоглосныхоо дараа “Энэ тоглоом байсан шүү” гэж хэлдэг. Миний энэ нэвтрүүлгийг залуус дуурайгаад буруудах нь бий. Ямар нэг байгууллага, албан тушаалтны нэрийг барьж утсаар тоглож ярих нь хуулиараа хориотой байдаг. Би Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хошууч Эрдэнэбулгантай хамтарч ажилладаг. Үүнийг хүмүүс мэддэггүй. Би хуулийн хүрээнд нэвтрүүлгээ явуулах ёстой. Миний нэвтрүүлгийг дуурайгаад хүмүүс рүү утсаар ярьж тоглоод цагдаагийн газарт дуудагддаг залуус бий.

-Таны санаанаас гардаггүй “Мамбо” гэвэл?

-Бүх нэвтрүүлэг маань хөгжилтэй болдог. Хөгжилтэй гэхээсээ мартагддаггүй нэг “Мамбо” бий. Хувцасны дэлгүүрт арван хэдэн жил худалдагчаар тууштай, үнэнч ажилласан нэгэн менежер байжээ. Гаднаас нь харахад тэр хүн тэр дэлгүүрийн сайн ажилтан. Тэгтэл тэрээр гадны жуулчин орж ирэхээр хувцасны шошгыг нь сольж үнэ нэмж зардаг тухай мэдээллийг захирал нь олж мэдээд манай нэвтрүүлэгт хандлаа. Сэжиг авсан захирал “Манай энэ менежер Жонни гэж нэг орчуулагчтай хамтраад байх шиг байна” гэлээ. Тэгэхээр нь би тэр Жоннигийн танил нь болж залгаад “Би зуу гаруй жуулчин оруулж ирж байгаа. Эд нарт хэдэн хувцас үнэтэйхэн шиг зараад өг. Хоёулаа ашгаа хуваая” гэсэн чинь “Тэгье” гэж байна. Ингээд 50, 50 саяар ашгаа хуваахаар боллоо. Нэвтрүүлэг явж байгаа шүү дээ. Ингэж тэр хүн баригдсан байдаг юм. Энэ нь хэдий тэр менежерийг хоолноос нь салгаж байгаа ч нөгөө талдаа тэр компанийн орлогыг бууруулаад байсан хүнийг зогсоосон байх жишээтэй. Цагдаагийн хийх ажлыг л нэг удаагийн нэвтрүүлгээрээ илчилсэн. Салчихсан байсан хосыг нэвтрүүлгээрээ нийлүүлж байсан удаа ч бий.

-Хүн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, тэр мэргэжлээрээ тууштай ажиллаж, жанжин шугамнаасаа хазайхгүй явна гэдэг одоо үед хэцүү болжээ. Ялангуяа залууст ийм чанар бага. Таныг анзаараад байхад ямар ч үед, хэзээ ч өөрийнхөө сонирхол, дуртай ажлаасаа холдоогүй, хүүхэд байхаасаа дурласан ажлаа улам хөгжүүлээд явж байгаа нь зарим залууст юм бодогдуулдаг шүү?

-Уйгагүй байдаг залуус ховор. Би хүн инээлгэх дуртай. Жүжигчин Бооёо (Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболдыг хэлэв.сурв) ах миний мөрөөдөл байхгүй юу. FM хөтөлсөн ч хөгжилтэй, “Мамбо” нэвтрүүлгээ хийсэн ч хөгжилтэй, телевизийн нэвтрүүлэгт ч хөгжилтэй. Хүнийг инээлгэхийг хүсдэг. Би эндээс гараад гудамжинд хүнтэй уулзвал тэр хүнийг инээлгэхийг хүснэ. Хүй долоон худагт гэр бүлээрээ наадам үзээд явж байсан ч хуушуур зарж байгаа ахыг инээлгэхийг хүснэ. Энэ бол миний дотор байдаг зүйл. Надтай хамт FM радиогоос ажлын гараагаа эхлүүлсэн хөтлөгчид бүгд өөр өөр ажил хийгээд явж байна. Гэтэл би хийдэг ажлаа хийгээд л, фэйсбүүкээр ч хамаагүй “Мамбо” нэвтрүүлгээ хүргээд явж байгаа. Энэ бол миний мөрөөдөл байхгүй юу. Нэг юм олоод харчихсан байгаа биз дээ. Түүндээ би хүрнэ. Дундаас нь шантардаг хүмүүс бол янз янзын юм ярина л даа. “Чи наадхаасаа өөр ажил хийж болдоггүй юм уу”, “Чи үүнээс өөр юм хийх чадваргүй юм уу” ч гэнэ. Тэднийг тоохгүй явснаар, тууштай явснаар амжилт ирдэг юм байна. Тэрний нэг илрэл нь би одоо тэрийг бага багаар мэдрээд л яваад байна. Радиод би дөрвөн жил ажиллаад гүйцэтгэх захирал нь болсон. “Мамбо” нэвтрүүлгийг хүн үзэх болов уу гэж бодож байтал 200 мянган хүн дагаж үзэж байна. Хувь продакшныг дээд тал нь 100 гаруй мянган хүн дагадаг бол хувь нэг хүнийг 200 мянган хүн дагана гэдэг бол амжилт. Телевизэд ажиллаад нүүр гарч, цаашилбал “Авьяаслаг монголчууд” зэрэг шоуг хөтлөх ч юм уу, тийм мөрөөдөл байна. Дөнгөж comedy хийж эхэлж байгаа хүнийг ганцаараа тоглолт хийхэд 300 хүн ирж үзэхгүй дээ. Би “Намайг 20 хүн үзсэн ч яадаг юм” гэж бодоод тоглолтоо хийхэд би өөртөө итгээгүй. 300 хүн ирж, тасалбаргүй үлдсэн, суудал олдоогүй хүмүүс буцсан. Хоёр дахь удаагаа тоглоход дахиад 300 хүн ирсэн. Уг нь 120 хүний тасалбар гаргасан юм. Одоо гурав дахь тоглолтоо хийнэ. Ийм их дэмжигчтэй болчихсон байна гэдэг бол амжилт байхгүйт юу, тууштай явсаны үр дүн.

-“Мамбо” нэвтрүүлгийн үеэр та хүнд, эвгүй байдалд орлоо ч маш сурмаг гарч чаддаг. Таны хурдан түргэн, ойлгомжтой ярьдгийг тань бэлэн цэцэлж байна гэж хардаг. Монголд бэлэн цэцэлдэг, цээж сайтай мундаг хүмүүс олон байсан. Одоо ч хөдөө орон нутагт бэлэн цэцэлж ерөөдөг, хот айлыг тэр чигт нь инээлгэж чаддаг дуу шуутай, яриа хөөрөөтэй хүмүүс бий шүү. Та тэдний л нэг байх. Та аль нутгийн хүн бэ?

-Манайх Ховдын Дарвийн айл. Манай өвөө уртын дуу дуулдаг, нөгөө өвөө маань эрдэм номтой том лам байсан гэж ярьдаг юм. Манай удамд над шиг ингэж ярьдаг хүн байхгүй. Би хүүхэд байхаасаа л онигоо ярьдаг байлаа. Мөн би шашны сургуульд шавилж байлаа. Дөрвөн жил. Маш хэцүү ном, судруудыг цээжлүүлнэ. Энэ чинь хэл ярианы маш том дасгал болсон. Би чинь шашны сургуулийг алтан медальтай төгсч байлаа. “Мамбо” нэвтрүүлэг бол маш хэцүү. Шууд лайваар хүн рүү залгаж тоглоно. Тэр тоглуулж байгаа хүнд дарах улаан товч байгаа. Тэр хүн гар утасныхаа дуудлага салгах улаан товчийг дарахад л миний нэвтрүүлэг дуусна. Тэр улаан товчийг даруулахгүйн тулд эхлээд би итгүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд төсөөлөн бодтол нь, нүдэнд нь харагдтал нь дүрсэлж ярина. Энэ бүгд жүжиглэлт. Магадгүй авьяас шаардана. Хүмүүс “Мамбо”-г үзээд намайг мундаг сэтгэж байна гэж харж байгаа. Үүнд нөгөө нэгний нэг, нэгний хоёр, нэгний гурав гээд нөгөө темперүүд чинь машины араа шиг солигдож явж байгаа. Дээрээс нь судалгаа явж байгаа.

-Хөтлөгч Санти Улаанбаатар хотын хүн амын гуравны нэг рүү нь утасдаж “Мамбо”-гоо хийсэн гэдэг яриа бий шүү?

-Тэр үнэн шүү. Би FM-д дөрвөн жил ажиллахдаа долоо хоногт миний нэвтрүүлэг хоёр удаа явдаг байсан. Нэг удаад таван хүнээр тоглоно. Жилдээ багаар бодоход 300 гаруй хүнээр тоглоно. Үүн дээр тоглуулсан хүнээ нэмэхээр тоо нь хоёрт үржигдэнэ. Үүн дээр найман жилийн турш явсан “Мамбо” нэвтрүүлгүүдийн оролцогчдыг нэмэхээр бараг нэг сая хүн болдог юм. “Мамбо” нэвтрүүлэгт оролцсон, тоглуулсан, захиалсан хүмүүс нь нэг саяд хүрч байгаа юм чинь энэ нэвтрүүлгийг монголчуудын гурав хүн тутмын нэг нь ч юм уу, таван хүний хоёр нь мэдэх ёстой (инээв). Та “Цаасан шувуу” дууг минь сонссон уу.

-Сонссон.

-Энгийн лайв хийж байгаад л тэр дууг зохиогоод дуулчихсан юм. Тэгээд лайваасаа тасдаж аваад оруулсан. ТВ5-ын хөтлөгч Чак Мөнхбат фэйсбүүктээ “Хэр баргийн бичлэг үзээд инээдэг хүн биш дээ би. Нулимсаа гартал инээлээ” гээд оруулчихсан байна билээ. Тэр бичлэг долоон мянган шэйртэй, нэг сая хүн үзчихсэн байна билээ. Тэр бичлэгийг миний пэйжээс мянган хүн шэйрлэж, 300 мянган хүн үзчихээд байгаа.

Миний нэвтрүүлэг хэдийгээр чөлөөтэй боловч сошиалд байдаг зарим нэг хэвийн бус хүмүүс шиг хэзээ ч болохгүй. Би Ц.Төмөрбаатар гэдэг мундаг хүний шавь. Би энэ хүнтэй үргэлж хамт явах учраас өөрийгөө цэнэх хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зөв байх хэрэгтэй. Би одоо хүртэл архи, тамхи хэрэглэж үзээгүй. Эхнэр, хүүхдийнхээ хамт гурвуулаа мөрөөдлийнхөө төлөө амьдардаг. Сонсогчдодоо хандаж хэлэхэд, Мамбо Санти гэдэг хүнийг FM-ийн хөтлөгч байхаас нь эхлүүлээд дэмжиж ирсэн хүмүүс байна. Дэмжсээр л байгаарай, яагаад вэ гэвэл би юмаа хийсээр л байх болно. Mambo comedy, комедигоо хэзээ ч орхихгүй. Энэ урлаг улам хөгжинө. Инээдмийн кинонд тоглох, шинэ жилээр үзэгчдэдээ инээдмийн хөтөлбөр хүргэх тал дээр би ажиллана. Уран бүтээлээрээ хүнийг инээлгэх, зугаацуулах ажлаа хэзээ ч орхихгүй. Энэ бол миний хобби. Орой болгон боддог мөрөөдөл минь. Тэр хүртэл минь хамт байгаарай гэж сонсогчдодоо хэлье.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Хайч, дарга, даавуу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хайч, дарга, даавуу…” хэмээн өгүүлжээ.

“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх”-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Ерөнхий сайд асан М.Энхсайхан: УИХ тарвал төрийн эрх мэдэл вакум орчинд орж, нийгмийг тогтворгүй байдал руу чирэх эрсдэлтэй” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Алдагдсан боломжийг эргүүлэх алхам” хэмээн “Томилолт” нүүрт өгүүлжээ.

“АХБ: ОУВС Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөр тасалдах эрсдэл бий” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлэв.

“Томилолт” нүүрт “Төмс, хүнсний ногооны хураалт ид үргэлжилж харин тариа хураалт удааширч байна” хэмээн бичжээ.

“Биологийн ухааны доктор, профессор Б.Мягмарсүрэн: Улс орны хөгжил эрдэмтдээсээ асуулт асууж, сонсохоос эхэлдэг” хэмээн “Багш” нүүрт ярилаа.

“Дэлхийн зөн олон улсын байгууллагын өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийн менежер Т.Энхцэцэг: Амьдралын дасгалжуулагч арга нь эерэг нөлөөлж, ядуурлаас гаргах үндэс болж байна” гэж “Нийгэм” нүүрт ярив.

“Баримт, үйл явдал” нүүрт “Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган: Би барилга барьдаг хүн, 26 байр худалдаж авах уу?” хэмээн ярив.

“Д.Трампад итгэл үзүүлэх асуудлыг хөндөв” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “С.Халиунаа: Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах эсэхийг хуульчид анхааралтай ажиглаж байна” гэв.

“Дүнжингарав” худалдааны төвийн дэд захирал Л.Батхүү: Манай түрээс хамгийн багаар явж ирсэн” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

“Эрүүл мэнд” нүүрт “Мари Стопс олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал И.Цацрал: Бид 160 гаруй мянган эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг түгээсэн байна” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газартай хамтран ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Шин Кансоб нар өнөөдөр нийслэлийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэндийн бодлогын тасгийн багийн ахлагч Пак Хан Сог, Чон Бүг их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн орлогч дарга Гүон Жихён, Хана эмнэлгийн удирдлагын хэлтсийн дарга Сон Тэжан, Чонжү эрүүл мэндийн төвийн удирдлагын хэлтсийн дарга И Бёнги болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд НЭМГ болон БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, дадлага сургалт зэргийг зохион байгуулах бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ харилцан сургалтанд хамруулж туршлага солилцох, БНСУ-ын хойд Чүнчон мужийн эмнэлгүүдэд оношилгоо, эмчилгээ хийхээр зорьж очсон нийслэлийн иргэдэд тодорхой хэмжээгээр үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

БНСУ-н улсын болон хувийн хэвшлийн тэргүүлэх зэрэглэлийн эмнэлгүүдийн албан ёсны төлөөлөгчийн газар болох “PSW” ХХК нь Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээнд олон удаагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлагадаа тулгуурлан цаашид улсын болон томоохон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг мэргэшил дээшлүүлэх сургалт дадлагад хамрагдах, эрүүл мэндийн чиглэлээр бусад улс орныг тэргүүлж буй БНСУ-н төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, анагаахын сургуулиудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа нийлүүлэлт, ашиглалтын талаарх сургалт зөвлөгөө болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, эрүүл мэндийн салбарт оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалтыг тогтмол хийдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Лхамгармаа, П.Орхон нар гал голомтоо бадраалаа

Монголын чөлөөт бөхийн хоёр шилдэг тамирчин өнөөдөр хуримаа хийж гал голомтоо бадрааж байна.

Энэ нь “Парис-2017” ДАШТ-ий алт, Азийн АШТ-ий алт, мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, Азийн АШТ-ий хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, Парисын Гранпригийн аварга ОУХМ Нармандахын Лхамгармаа нар юм.

Тэд хамтдаа 2017 онд Парисын ДАШТ-д хамтдаа эх орноо төлөөлөн оролцож дэлхийн шилдгүүдээ өрсөлдөж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын зөвлөмж

Сүүлийн үед хот суурин газарт зэрлэг амьтад орж ирэх явдал нэмэгдэж байгаа тул аюулгүй байдлын үүднээс дараах шаардлагуудыг мөрдлөг болгоорой.

  • Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна.
  • Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдон явахыг анхааруулж байна. Учир нь эх амьтан идэш тэжээл хайж явахдаа ч төлтэйгөө ямагт ойрхон байх бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд догшин авир гаргах нь олонтаа.
  • Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.
  • Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх нь зүйтэй.

Нийслэл хотод зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-318003, Нийслэлийн шуурхай мэдээллийн 11-310005 утсанд мэдээлэхийг хүсье гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан зөрчлийг арилгууллаа

МХЕГ-ын даргын баталсан 01/240 тоот “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхит, Санзайн зам, 23 тоотод байрлах “Баян Монгол хоршоо” Дундын хоршооны “Баяжих” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй болох нь тогтоогдсон тул шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 37 нэрийн 119 ширхэг, 214.670 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүллээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах супермаркетад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Анунгоо“ ХХК нь хадгалалтын хугацаа дуусах хугацаа дөхсөн бэлэн гоймонг сургууль, цэцэрлэгийн орчинд нийлүүлсэн үйлдлийг илрүүлж, нийт 3 нэрийн 3470.0 кг, 8.755.942 төгрөгийн үнэ бүхий бэлэн гоймонг зах зээлээс татан авхуулж зөрчлийг арилгуулж ажиллалаа.