Categories
гадаад мэдээ

БНХАУ 70 жилийн ойгоо тэмдэглэнэ

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр тохиож байгаа аж. Энэ тэмдэглэлт ойн баяраа Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Уг баярыг Хятад улс таван жилд нэг удаа тэмдэглэдэг. Энэ баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тяньмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимэж, тусгайлан бэлтгэжээ.

Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ юм. Баярын нээлтийг ирэх сарын 1-ний өдөр нээх аж. Энэ үеэр ихэнх замуудыг хааж, баярын нээлтийг төв талбайд хийсний дараа хотын төвийн томоохон замуудаар цэргийн хүнд даацын машин болон хамгийн сүүлийн үеийн цэргийн машины парад болох юм байна. Хятад улс энэхүү ойн баяраа нэг жил бэлтгэжээ. Баярын арга хэмжээнд нь улсын байгууллага, хувийн байгууллагууд, энгийн иргэд бүгд хамтран ажиллаж байна.

Баярын бэлтгэлтэй холбоотой нэг сарын хугацаанд долоо хоног бүр зам, метро, томоохон цэнгээний газрууд болон үзвэрийн газруудыг хаасан хэдий ч улсын хамгийн том арга хэмжээний төлөө сэтгэл нэгдсэн иргэд огт төвөгшөөгөөгүй байгаа нь тус баяр иргэн бүрийн хувьд чухал байр суурийг эзэлдэг болохыг харж болохоор байна.

1949-2019 оны хоорон дахь 70 жилийн хугацаанд Хятад улс ард иргэдээ ядуурлаас гаргаж, дэлхийд алдартай дэвшилтэт технологийг зохион бүтээж, дэлхийн соёлыг нэвтрүүлж, нээлттэй болон дэлхийн хоёрдахь хамгийн том, хүчирхэг эдийн засагт гүрэн болж чаджээ. Хятад хүн бүр улс орныхоо өнгөрсөн амжилтаар бахархахаас гадна ирээдүйд улам ихийг хийж бүтээн, бусад улсыг дагуулан хөгжихөөр сэтгэл шулуудсан байна.

Мөн баяртай холбогдуулан есдүгээр сарын 23-наас эхлэн аравдугаар сарын 1-ний өдрийг дуустал Хятад оронд сүүлийн 70 жилд гарсан дэвшилт, өөрчлөлтийг хамгийн сайн харуулж чадах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Хятад хүмүүс төдийгүй гадны зочид улсын хөгжлийн өөрчлөлттэй танилцаж байна. Хятад улс төрсөн өдрөө тэмдэглэсний дараагаар улс даяар аравдугаар сарын 1-7-ны өдрийг хүртэл амрах юм байна. Тиймээс, иргэдийн хувьд аравдугаар сар энэ оны хамгийн сайхан сар байх нь тодорхой.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ цаг-үе

Р.Булгамаа: Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийн эрхийг сэргээх, хамгаалах хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байна

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Нийгэмд шуугиан болж байсан хэргүүдэд та өмгөөлөгчөөр оролцож байсныг санаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин, мөн “Очир” төвд амь насаа алдсан 13 настай охины өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хэргүүд юу болж төгссөн бэ?

-УИХ гишүүн асан Д.Ганхуяг гуайн охины хувьд нийгэмд өсвөр насны охидын дунд далд хэлбэрээр оршин байгаа гэмт үйлдэл, эс үйлдлийн талаар зоригтой мэдээлсэн үйл явдал байсан төдийгүй ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд байгаа хар тамхины хэрэглээ анхаарал татсан асуудал болоод байгааг өөрийн нэр төрийг золиослон байж олон нийтэд мэдээллэсэн. Нэр дурдагдсан хүүхдүүдийг тухайн үед ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас шалгахад холбогдогч хүүхдүүдийн заримаас нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь илэрч зохих хариуцлага хүлээсэн байдаг. Энэ үйл явдал нийгэмд гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, томчууд бидний зүгээс үр хүүхдүүддээ байнга хараа хяналт тавьж байх шаардлагатай гэдгийг харуулсан алхам байсан. Уг хэргийн хувьд хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэж байгаа бөгөөд хүүхдийн нэр төр, хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй хариулах боломжгүй байна.

“Очир” төвд амь насаа алдсан 13 настай охины хэргийн тухайд хоёр жилийн хугацаанд шалгагдаж гурван шатны шүүхээр хянагдаж хуульд заасан журмын дагуу зохих ял шийтгэл авсан. Ял шийтгэлийн тухайд шүүхээс тэр бүр ногдуулаад байдаггүй бүх насаар нь хорих ял оногдуулж шийтгэсэн байгаа.

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж хэрэг сунжруулдаг, ял завшдаг явдал газар авсан тухай их ярьж байна. Зарим шуугиантай хэргүүд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байна. Таны өмгөөлж буй хэргүүдэд ийм зүйл тохиолдож байв уу?

-Миний өмгөөлж буй хэргүүдэд одоогоор ийм зүйл тохиолдоогүй. Хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт одоо үйлчилж буй Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь “нэг” жил байдаг. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тоолдог нь учир дутагдалтай.

Учир нь энэ нь ял завшихад хүргэж байна. Тиймээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас прокурорын яллагдагчаар татах тогтоол гарсан цаг хугацаа хүртэл тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай санал нэг байдаг. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолдог хуультайг мөн хэлэх нь зүйтэй байх.

Жишээлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэтэл уг хэргийг үйлдсэн этгээд хэргийг сунжруулж явсаар байгаад эцэстээ шүүхээс гэмт буруутайд тооцогдсон хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал ажиглагддаг.

-Та ихэвчлэн эрх нь зөрчигдсөн охидын хэргийг өмгөөлдөг. 2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэргийн ялын ялгаа хэр өөр вэ?

-2002 оны Эрүүгийн хуулиар хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь заавал эмэгтэй хүн байх бөгөөд хамгаалагдах объект нь эмэгтэй хүний бэлгийн халдашгүй байдал байна гэж тайлбарлан, хэрэглэж ирсэн. Эрэгтэй хүн, эрэгтэй хүүхэд хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдлыг хүчиндэх гэмт хэрэг биш, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт тооцож байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар “Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно” гэж заасан нь хүйсийн ялгаваргүйгээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг хамгаалах боломжийг бүрдүүлсэн сайн талтай. Түүнчлэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцсон. Ингэснээр зөвхөн бэлгийн харьцаанд орсон эсэхээр хязгаарлалгүй бэлгийн харьцааны шинжтэй бусад үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцдог олон улсын жишигт нийцүүлсэн байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгож, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндэж, урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, харгис хэрцгий аргаар үйлдсэн бол хүндрүүлэхээр заасан. Мөн өсвөр насны хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг онцгойлон эрүүгийн эрх зүйгээр хамгаалсан нэг гол зохицуулалт нь энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол онц хүндрүүлэхээр гэж ч бас заасан байгаа.

-Тэгвэл хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэргийн ялын бодлого ямар байгаа вэ?

-2002 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах хорих ялын хэмжээг 5-10 жил байсныг 2-8 жил болгон ялын дээд болон доод хэмжээг бууруулсан. Онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнд 15-25 жилийн хугацааг 12-20 жил болгон цаазын ялыг халж, бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгасан байдаг. Эндээс үзэхэд, хорих ялын хэмжээг зөөлрүүлсэн нь илт харагддаг юм. 2015 оны Эрүүгийн хуулиар ялын доод, дээд хэмжээний интервалыг сунгаснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай хүний хувийн байдалд тохирсон ялыг сонгож оногдуулах боломж нэмэгдсэн төдийгүй шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикаас харахад энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдэд оногдуулсан биечлэн эдлэх хорих ялын хугацаа мэдэгдэхүйц өссөн байгаа юм.

2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдэж түүний улмаас 530 иргэн хохирсон байдаг. Улсын Дээд шүүхээс гаргасан судалгаанаас харахад 2012-2018 онуудад анхан шатны шүүх хүчиндэх гэмт хэргийг нийт 1695 хүнд холбогдох 1441 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2018 онд шийдвэрлэсэн хүчингийн хэрэг, ял шийтгүүлэгчийг 2012 оны мөн үетэй харьцуулахад өссөн байдаг.

Сүүлийн зургаан жилийн дүнгээс үзэхэд бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байгаад бид онцгой анхаарал хандуулж, дүгнэлт хийхгүй байхын аргагүй. Хүчиндэх гэмт хэргийн 33 хувь нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн байна.

-Ер нь энэ төрлийн хэргийн хүрээнд өөр анхаарал татсан ямар асуудлууд байдаг вэ?

-Юуны өмнө бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг үйлдэж байгаа субьектүүдэд хүлээлгэх хариуцлагаас гадна гэмт хэргийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, хамгаалах вэ гэдэг нь хамгийн чухал байгаа юм. Эрх нь зөрчигдсөн охид, эмэгтэйчүүд хохирогч болоод үлддэг, насан туршдаа сэтгэлийн хүнд дарамт, сэтгэл зүйн эмгэг, сэтгэлийн шархтай үлдэж байгаад гол учир байна. Энэ асуудалд төрийн бодлого, хуулийн тодорхой зохицуулалт үгүйлэгдэж байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон охид, эмэгтэйчүүдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан шууд ба шууд бус хохирлын үнэлгээг тогтоож, нөхөн олговор олгодог зохицуулалтад шилжих хэрэгтэй. Гэмт хэрэгт хохирогч болсон охид эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаан доромжилдог, мэдээлдэг байдлыг таслан зогсоох шаардлагатай. Хохирогчийн сэтгэлийн гэмтлийг цаашид хэрхэн эмчлэх вэ гэдэг асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжтой гарц гаргалгаа байгаа. Төсөвт хүндрэл учруулахгүйгээр ч шийдэж болно. Хохирогчийг сэтгэл заслын болон эрүүл мэндийн үйлчилгээний үнэлгээг гаргаж эмчилгээ сувилгаанд хамруулдаг байж болно. Энэ үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаараа авч яагаад болохгүй гэж. Магадгүй дараа нь гарсан төлбөрийг гэмт хэрэгтнээс шүүхээр тогтоогдсоны дараа төлүүлж төрийг хохиролгүй болгож болно шүү дээ. Амьдрал практик дээр гэм буруу нь шүүхээр шийдвэрлэгдтэл хохирогчид эмчилгээний төлбөрийг шилжүүлэх, төлөх тухай асуудал тун ховор байдаг. Энэ хугацаанд хохирогч улам бүр сэтгэлийн дарамтыг мэдэрдэг. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд төр энэ зэргийн зохицуулалт хийж эмнэж эдгээж авахад болохгүй зүйл гэж юу байх вэ дээ. Сэтгэл шингэсэн, хүнээ гэсэн төрийн бодлого, хууль зүйн зохицуулалт л үгүйлэгдэж байна.

-Хууль зүйн талаас цаашид юуг яаж өөрчлөх хэрэгтэй вэ. Хууль хэрэглэх явцад ямар зүйлүүд илүү анхаарал татаж байна вэ?

-Маш тодорхой хэдэн зүйлийг товчлон хэлье. Нэгдүгээрт нь,Хүчингийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдэд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, нөлөөлөх нөлөөлөл, сөрөг үр дагавар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан ялыг ялгамжтай оногдуулж байгаа хэдий ч олон удаагийн үйлдлээр хүчирхийлснийг тусгайлан анхаарч Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “удаа дараа” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид оруулах нь зүйтэй юм. Мөн энэ гэмт хэргийг үйлдэж байгаа субьектив санаа зорилгод нийцсэн хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Яагаад гэвэл практикаас харахад харилцан тохиролцож зочид буудал явж, бэлгийн харилцаанд орчихоод маргааш нь цагдаагийн байгууллагад намайг хүчиндчихлээ гэж мэдүүлж, улмаар эрэгтэйчүүдийг дарамталдаг, мөнгө шантаажилдаг үйлдлүүд ч гарсаар байгаа. Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь хүч хэрэглэн санаатай үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлээс өөрөөр зохицуулагддаг байх шаардлагатай.

Хоёрдугаарт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт буюу 14-16 настай хүнийг хүчиндсэний улмаас хүнд гэмтэл бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулсан гэсэн шинжийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нэмж оруулан баталгаажуулах шаардлагатай.

Гуравдугаарт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээгээр өөрчлөлтөд орж, сэтгэл санааны хувьд хохирол хүлээдэг учраас төрөөс хүчингийн гэмт хэргийн хохирогчийн шууд болон шууд бус хохирлын үнэлгээг тогтоож, улмаар эмчилдэг, тодорхой мөнгөн дүнгээр нөхөн олговор олгодог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зөвхөн өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөх эрхээр заавал хангах зохицуулалтыг бий болгох, насанд хүрээгүй хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулахыг хориглосон заалтыг нэмэгдүүлэх нь чухал.

Тавдугаарт, Мөн Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсвэл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол”… дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг ба энэ заалтын торгуулийн ял болон зорчих эрх хязгаарлах ялыг уг зүйл хэсгээс хасаж, харин уг зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүчиндэх гэмт хэрэгт торгуулийн ял өгдөг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл ч бий.

-Цаашдаа хуулиа өөрчилж, ялын бодлогоо оновчтой болгох зайлшгүй хэрэгтэй юм байна. Яагаад хүчиндэх, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх хэрэг өсөөд байна вэ?

-Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа үйлдэл энэ төрлийн гэмт хэргийн 33 хувийг эзлээд зогсохгүй энэ гэмт хэрэг ураг төрлийн шинжтэй болоод байгаад гол анхаарлаа хандуулах учиртай байна. Судлаачийн хувьд дүгнэхэд, гэмт хэргийн тоо өсөж, улам бүр санаанд оромгүй хэв шинжтэй болоод байгаагийн цаад учиг нь ердөө л энэ ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурах, сэтгэц нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодисын хэрэглээ өссөн зэрэгтэй шууд холбоотой. Гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтуурсан иргэд үйлдэж байна. Архины зохисгүй хэрэглээ гэмт хэрэг гарах, гэмт хэрэгтэй болох урьтал нөхцөлийг бий болгож байна. Боловсролгүй иргэд гэмт хэргийг түлхүү үйлдэж байна. Засгийн газрын зүгээс Иргэдээ ажилтай, орлоготой болгож, нийгмийг соён гэгээрүүлэхэд бодлогоо чиглүүлж улмаар гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, өөрөөр хэлбэл эцэг эхийн үүрэг хариуцлагыг илүү нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.


Categories
мэдээ улс-төр

Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх санал тавилаа

Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81-р захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсэг өнөөдөр шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа. 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар хот руу оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл дээрх шийдвэрийн дагуу түүхий нүүрсийг орлуулах шахмал түлш бэлтгэх, түгээх ажлын явц ямар байгаатай ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамт очиж танилцан, санал солилцсон юм. Өнөөдөр нийслэл хотын хүн ам 1.500.000-д хүрч, үүнээс гэр хороололд 220.000 айл өрх амьдарч байгаа гэсэн статистик мэдээ байна. Эдгээр айл өрхүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц буюу 600.0 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үүрэгтэйгээр “Таван толгой түлш” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэр хоногт 2150 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид 8000 тонн түлш нийлүүлэх бололцоо байгааг үйлдвэрийн удирдлага дурдлаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар:

-Нөөцийн хувьд асуудалгүй. Иргэд их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд бүртгэлийн картын системд нэгдэх ёстой. Энэ бол Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж үйлдвэрлэгдэж байгаа түлш. Гэтэл аймаг, сумдад түгээгдэх эрсдэл байгаа учраас ингэж картын системд хамруулж байгаа юм гэв.

Нийслэлийн хэмжээнд одоогоор 40 орчим сайжруулсан түлш борлуулах цэг ажиллаж байгаа аж. Энэ шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50-60 хувь буурна гэсэн дүгнэлтийг БНСУ-ын лаборатори гаргажээ. Герман, Англи зэрэг орны томоохон хотууд агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байдаг юм байна.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

-Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх буюу түүхий нүүрсийг хориглох, шахмал түлш бий болгох шийдвэр гаргах, гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, ногоон хөгжлийн сан гэх мэт байгаль хамгаалах, хөрсний бохирдлоос сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг сангуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч, шат дараатай арга хэмжээнүүдийг авсан.

Засгийн газраас 62-р тогтоол гарч, түүхий нүүрсийг хориглон, оронд нь сайжруулсан түлж гаргаж, иргэдийн хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх, түгээх үүрэгтэй “Таван толгой түлш” компани байгуулагдан ажиллаж байна гэлээ.

Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150.000 төгрөг байгаа юм байна. Энэ үнээс НӨАТ-ыг чөлөөлбөл хямдрах боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлага албаны хүмүүст санал болголоо.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

-Үйлдвэрийн зүгээс түлшнийхээ чанарт анхаарахаас гадна иргэдийн санхүүгийн боломжийг тооцож, хямдруулах арга зам сэдэж байгаа нь сайшаалтай. Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, тогтоол зөвлөмж гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Тиймээс Засгийн газраас НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийн төсөл бэлдэж, УИХ-д өргөн баривал яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлэх асуудлыг манай ажлын хэсэг хариуцах боломжтой. НӨАТ-аас чөлөөлөхгүй бол тонн тутамд 15.000 төгрөг нэмэгдэхээр байгаа юм байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудалд анхаарч ажиллана гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган: Би барилга барьдаг хүн, 26 байр худалдаж авах уу?

– Лиценз олгосон нь 2016 онд юм билээ. Гэтэл би 2014 онд огцорсон хүн шүү дээ –

Францын компаниас 1.2 сая евро авлигад авч, 26 байр худалдан авсан дэд сайдын тухай мэдээлэл олны анхааралд байна.

АТГ-аас өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний хурлын үеэр “… Дэд сайдаар ажиллахдаа хайгуулын лиценз гаргаж өгснийхөө хариуд Францын компаниас авсан 1.2 сая еврогийн хахуулиараа 26 байр худалдан авсныг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилсэн… ” гэх мэдээлэл агуулсан илтгэлийг Монголын талаас прокурорын байгууллагаас тавьжээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ хэргийн эзэн Шинэчлэлийн Засгийн газрын үед Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган гэж байгаа юм. Үүнийг батлах гэсэн мэдээллүүд УИХ, Засгийн газрын түвшинд ч өнгөрсөн хугацаанд яригдаж байсан билээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Францын нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж нэг сайдад 1.2 сая евро өгсөн байна. Энэ нь Францад шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг миний таньдаг франц хүн надад егсөн” гэж хэвлэлд ярьсан бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулган дээр “Тэр 1.2 сая еврогийн авлигатай холбогдсон хүн бол өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан дэд сайд О.Эрдэнэбулган” гэж мэдэгдсэн. Олон улсын хурал дээр жишээ болгон татагдсан уг хэрэг одоо ямар шатандаа яваа талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Монгол Улсад Францын цөөн тооны компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг.

Тэр дотроо хамгийн том нь ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Арева” компани гэгддэг. Дэд сайдад егсөн авлигын хэрэгтэн нь “Арева” компани гэсэн мэдээллийг ч хэвлэлүүд бичиж эхлээд байгаа. Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганы талаарх асуудал энэ удаа хөндөгдөж байгаа юм биш. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд АТГ-аас албач тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр баривчилж байв. Тухайн үед Шинэчлэлийн Засгийн газар Монгол банкнаас мөнгө гаргаж, аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Ингэхдээ шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн гэж тухайн үед яригдаж байсан бол уран наймаалцсан хэрэгтэй холбогдсон гэсэн мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд албан бусаар мэдээлж байсан юм.

Францын компаниас 1.2 сая еврогийн авлигыг Монголын төрийн албан хаагчид өгсөн шалтгаан нь юу байсан. Ялангуяа авлигын мөнгөөрөө 26 байр худалдаж авсан гэсэн мэдээлэлд олон нийт ихээхэн анхаарч байгаа. Тэгвэл О.Эрдэнэбулган 2012-2014 оны хооронд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байжээ. Түүний тухайн жилүүдийн ХОМ-ийг харахад 2012 онд түүний жилийн нийт орлого 13.4 сая байсан бол 2013 онд 20.4 сая болж өсжээ. Харин мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2012 онд 38 сая байсан бол дараа жил нь 179.6 сая болж өссөн харагдаж байв.

Тэрбээр эхний жил нийтийн орон сууц хоёрыг эзэмшдэг гэж мэдүүлсэн бол 2013 онд нэг болж буурсан байв. Гэхдээ түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эрс өссөн нь анхаарал татахаар байгаа юм.

Тодруулбал, 2012 онд хоёр орон сууцтай, түүнийх нь үнэлгээ 445 сая гэж тэмдэглэсэн бол 2013 онд нэг орон сууцтай болж, үнэлгээ нь 972.1 сая гэжээ. Түүнээс гадна “Сепхеюс групп лимитед” ХХК-д хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн байдаг ажээ.

Олон нийтийн дунд шуугиан тариад байгаа 1.2 сая еврогийн авлига, 26 байрных нь асуудлаар О.Эрдэнэбулгантай холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.


-Таныг Францын компанитай лиценз наймаалцаж 1.2 сая еврогийн авлига авч, түүгээрээ 26 байр худалдаж авсан мэдээлэл тархаад байна. Энэ явдал үнэн үү?

-Би барилга барьдаг хүн. Жишээ нь, 26 байр худалдаж авсан байх уу. Дэд сайд лиценз олгох нь байтугай огт үүрэггүй байх.

Тэр олгогдсон лиценз гэдэг нь 2016 оны асуудал юм байна. 2014 онд би огцорсон хүн шүү дээ. Тэгэхээр би албан тушаалаа ашиглах ямар ч боломжгүй.

Нотлогдохгүй байх. Энэ бол улс төрийн асуудал.

-Гэхдээ үүнийг олон улсын хурал дээр ярилаа шүү дээ?

-Хууль хяналтын байгууллага ажлаа хийж байгаа энэ үед би ийм тийм гэж яриад байх нь зохимжгүй.

Энэ сэвэлт хийж байгаа сайт, мэдээллийн байгууллагуудыг хууль хяналтын байгууллагад өгч нэр төрөө сэргээлгэнэ.

-1.2 сая еврогийн авлигын хэрэгтэй холбогдуулж таныг хууль хяналтынхан дуудаж байцаасан, эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал гарсан уу?

-Тийм юм огт байхгүй.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Алтай таван богдод алга болсон Америкийн жуулчинг эрэн хайх ажил түр зогсчээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай таван богд ууланд АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй алга болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Эрэн хайх ажиллагаа явагдаж байсан ч өчигдөр /2019.09.25/ таван цаг тасралтгүй цас орсны улмаас эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.

Хэргийг эргэн сануулахад, АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй П нь есдүгээр сарын 18-ны өдөр Алтай таван богд ууланд авиралт хийгээд маргааш өдөр нь буцаж ирэх байсан боловч одоог болтол эргэж ирээгүй байгаа юм. Түүнийг сураггүй алга болсон талаарх мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас есдүгээр сарын 23-ны өдөр аймгийн Цагдаагийн байгууллагад тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах саналыг хүргүүлсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцоно

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 27-нд буюу маргааш “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Олон улсын хуралд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Япон, БНСУ, ОХУ, Хятад, Монгол Улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцох юм.

Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэн, судлаачид 40 гаруй илтгэл хэлэлцүүлнэ.

Хурлаар хэлэлцүүлэгдэх илтгэлүүдийн дэвшүүлсэн саналыг нэгтгэн хот, суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйг тусгаж өгөх нэгдсэн зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирлыг АТГ-аас саатуулжээ

“Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг өчигдөр орой АТГ-аас саатуулсан байна.

Түүнийг нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээ тендерт ялуулсны төлөө тус компаниудаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал хойшиллоо

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн ч хойшиллоо.

Учир Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шүүх хуралдаантай болж давхацсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгөхийг хүсчээ. Энэ хүсэлтийг шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.

Тэднийг 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гантөмөр: Парламент өөрийгөө бэхжүүлж чадахгүй байгаа нь Ерөнхийлөгчийг илүү товойлгож харагдуулж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар олон нийт анхаарлаа хандуулж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга (АНСА) явуулахаар боллоо. Таны хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байна вэ?

-Засаглалын түвшинд засч залруулах асуудлууд байна. Эдгээр асуудлаа шийдье. Ялангуяа Ерөнхий сайд болоод гүйцэтгэх засаглалын бие даасан үйл ажиллагаа явуулах боломж их хомсхон. Их хурлаас бүрэн хараат байгаа талаар яриа гараад удаж байгаа. Хоёрдугаарт, бодлого төлөвлөлт хийхэд хүнд, тогтвортой ажиллах боломж бүрдэхгүй байна.

Мэргэжлийн хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлж болохгүй байна гэдэг. Гуравдугаарт, хуулийн байгууллагын бие даасан байдал түвэгтэй байна. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн институциэс шууд хамааралтай хуулийн байгууллага хажуудаа АТГ гэх мөрдөх газартай болчихсон. Мөрдөх алба, прокурор, шүүх нэг хүний шууд удирдлагад байх нь их осолтой байна. Өрсөлдөгч улстөрийн хүчний өөр үзэл санааг нугачин дарах боломжийг олгож байна гэх гурван зүйл дээр фокусалсан.

Дөрөв дэх нь мэдээж хэрэг эдийн засаг өсөхгүй, хөрөнгө оруулалтын орчин болж өгөхгүй байна. Тиймээс хувийн өмчийг илүү эрхэмлэдэг хуулийн зүйл заалтыг яаж хийх вэ гэдэг. Энэ асуудлууд зөвхөн Үндсэн хуулиас ургаж гараагүйг хүн бүр мэдэж байгаа. Улстөрчдийн ёс зүйтэй их холбогдоно. Улстөрчдийн ёс зүй үе солигдож байж хэрхэн өөрчлөгдөхийг харах учиртай. Харамсалтай нь улс төрийн намууд клентийн тогтолцоо буюу нэг үгээр хэлбэл тодорхой хэсэг хүмүүсийн барьцаанд байна гэж ч ярьдаг шүү дээ. Улс төрийн намаар дамжин орж ирж байгаа залуу үед итгэх итгэл хүчтэй биш гэдэг шалтгаанаас улстөрчдийн ёс зүй ойрын үед өөрчлөгдөхгүй гэх дүгнэлтээс Үндсэн хуулийн өөрчлөлтүүд яригдсан. Өөрөөр хэлбэл, хуулиар улстөрчдийн ёс зүйг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр дурдсан дөрвөн асуудлыг шийдэх учиртай. Харамсалтай нь өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн нөхцөл байдлыг харахад хэтэрхий хүрээгээ тэлсэн, олон зүйлийг нэг дор шийдэх гэж оролдсон, олон байр суурийг нэгтгэх гэж хичээснээс болж эдгээр асуудлыг шийдэж чадсангүй. Жишээ нь, байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэсэн нэр томьёо оруулчихлаа. Аль аль байр суурийг оруулах гээд хүн ойлгохгүй зүйл заалт гаргаж байна.

-Парламентын гишүүдийн ёс зүйг хуулиар хөндөх байсан гэлээ. Гишүүд хэр ёс зүйтэй байна вэ?

-Ёс зүй гэдэг хууль тогтоох эрх мэдэл надад байна гэдгээ бүрэн гүйцэд ойлгох хэрэгтэй. Надад болоод надаар дамжиж парламентад байна. Хууль тогтоох эрх мэдэл өөрт нь байгаа үед гүйцэтгэх засаглал руу шунаж болохгүй. Яагаад гэхээр тогтоож байгаа хүн нь гүйцэтгэж байгаа хүн рүүгээ тэмүүлээд аль алиных нь дүрд тоглохоор бүх зүйлийг будлиантуулж харагдуулж байна. Хамгийн гол асуудал нь сайд болгоныг Их хурлаар хэлэлцдэгт л алдаа байдаг. Их хурал хууль тогтоох байгууллага атал бүрэн эрхт лоббичид буюу төлөөлөгчдийг гүйцэтгэх засаглал руу шахаж оруулдаг. Гадна талдаа фракц гэж нэрлэдэг шүү дээ. Ингэхээр танхимын нэгдсэн бодлого алдагдаж, Ерөнхий сайд хүчгүй болж байна гэсэн үг. Гүйцэтгэх засаглал хүчтэй байхын тулд Ерөнхий сайд кабенитын гишүүдээ өөрөө сонгодог, Их хурлаар ордоггүй байх ёстой. Их хурлын гишүүн байх, эсэх нь дараагийн асуудал. Хамгийн гол нь Ерөнхий сайд өөрөө Засгийн газраа удирдах хэрэгтэй.

-АНСА явуулахтай уялдуулаад засаглалын хэлбэрийг асуух санал Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан. Парламентын засаглалын тухайд та юу хэлэх вэ?

-Парламентын засаглал Монгол Улсад маш тохиромжтой. Яагаад гэхээр олуулаа ярьдаг. Би түрүүнд хэлсэн. Асуудал хаана байна гэхээр нэгжээд явбал улстөрчдийн ёс зүйнд байна. Хууль улстөрчдийг буруу бай гэж хэлэхгүй байгаа. Үндсэн хуульд парламент төрийн эрх барих дээд байгууллага гээд заагаад өгчихсөн. Харамсалтай нь парламентын гишүүдийн ёс зүйн асуудал парламентад эргэлзэх эргэлзээг бий болгож байгаа юм. Ёс зүйгээс улбаалаад эрх мэдлийн төлөөх тэмцэл парламентыг муухай харагдуулж байна. Нэг үгээр хэлбэл сайд болох уралдаан өрнөдөг. Манайд шууд сонгууль явдаг, тойрог жижигхэн. Энэ нь төсөв санхүүд хүндрэл учруулдаг. Энэ асуудлуудаа шийдэх шийдлийг олох ёстой.

Парламентын томилгооны эрх мэдлийг хязгаарлаад гүйцэтгэх засаглалын бие даасан байдал, парламентын засаглалыг бэхжүүлэх нь үндсэн суурь. Гүйцэтгэх засаглал биеэ дагаад явж байхад парламент хуулиа ярьж байх л хэрэгтэй шүү дээ. Хууль Монгол Улсад засаглаж байдаг. Өөрөөр хэлбэл хууль батлах байгууллага Засгийн газрын хоорондын эрх мэдлийн төлөөх нэгдэл нь юу ч биш болгож байгаа юм. Юу ч биш гэдэг нь парламентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу гэх эргэлзээг парламент өөрөө бий болгодог. Эрх мэдлийн төлөөх тэмцэл нь Шүүх засаглалд очиж халддаг. Энэ халдварлаж байгаа процесс парламентын засаглалыг явуургүй юм шиг харагдуулдаг. Шийдэл нь их тодорхой. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилно. Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хашихгүй гэсэн ганцхан өгүүлбэр байхад болно. Засгийн газрын импичментийг Их хурал ярьж болно. Тэр нь дараагийн асуудал. Ерөнхий сайдыг огцруулахдаа тодорхой квотоор огцруулна гэснийг өөрчлөлтөд оруулсан байна лээ. Гэхдээ дээд талын хоёр нь байхгүй тохиолдолд гурав дахийг хийлээ гэхэд сэглэж байгаа л хэрэг байхгүй юу. Эрх мэдлийн төлөөх тэмцэл парламентад дахиад үлдэнэ ээ л гэсэн үг. Улс төр цэвэршихгүй. Парламентын бие даасан байдлыг нэмэгдүүлэх өөрчлөлт явсангүй. Ингэхээр нөгөө талаас нь тэгвэл Ерөнхийлөгчийн засаглалыг санал болгооч гэж байна. Парламент өөрийгөө бэхжүүлэх алхмаа хийж чадахгүй гүйцэтгэх эрх мэдэл рүү шунахаар өмнөх алдаануудаа давтаад байна. Энэ алдаанууд нь Ерөнхийлөгчийг илүү товойлгож харагдуулаад байгаа юм. Угтаа парламент хуулиа тогтоогоод, гүйцэтгэх засаглал гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлж чадвал Ерөнхийлөгчид оролцох нүх сүв гарахгүй юм л даа. Одоогийн хуулиар Ерөнхийлөгч гадаад талдаа эх орноо төлөөлдөг, шүүх засаглалыг удирддаг, эв нэгдлийг эрхэмлэгч үндсэн байр суурь дээрээ л үлдэх юм. Парламент өөрөө эрх мэдэлд хүрэхийн тулд гүйцэтгэх засаглалд нөлөөлөхийн тулд, мөнгө хийхийн тулд Ерөнхийлөгчийн оролцоог хүчтэй болгож байгаа юм. Парламент өөрийгөө идэвхжүүлж чадах хүртлээ одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа энэ хуулиараа явах нь зүйтэй.

-Манайд төрийн дархлаа гэгч байна уу?

-Монгол Улсын төрийн дархлаа гурван зүйлд бий. Нэгдүгээрт, Монголын их түүхэнд байгаа юм. Монгол их түүхтэй орон. Тэр хооронд жаргал ч, зовлон ч бий. Хоёрдугаарт, Монголын ардчилал. Ардчилал эрх чөлөө бол монгол төрийн дархлаа. Гуравдугаарт, Хувийн өмч. Монголчууд үем дамжсан хөрөнгө бүтээж байна. Капитал, ноухау оюуны өмчийг бүтээж байна. Эдгээр чинь л төр оршин тогтнох баталгаа.

-АНСА явуулах нь зөв гэж үзэж байна уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээс асууя гэж байгаа бол хийсэн төсөл нь өөрөө бүрэн шийдэл болох хэрэгтэй. Бүрэн шийдлээ олоогүй байж асууна гэдэг ёс зүйн дээд хэмжээний доголдолд орсны илэрхийлэл. Бид ингэж парламентын засаглалыг бэхжүүлэх үү, харин ингэж үү гэх асуулт тавих ёстой. Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлэх үү, парлемант санал хурааж томилох уу гэвэл асуулт мөн. Одоогийн өөрчлөлтөө зөв үү, буруу юу гэж асуух нь юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсийн үйл хэрэг. Ард нийтийн санал асуулгыг миний хувьд тулгалт гэж харж байгаа. Ямар ч шийдвэргүй зүйлийг тулгаж байна.

-Шүүх эрх мэдлийн хүрээнд орсон заалтууд улстөрчдөөс хараат бус бие даасан байж чадахаар байна гэж та харж байна уу?

-Аливаа юм дарааллаараа явах ёстой. шүүх эрх мэдэл Яагаад шүүх эрх мэдэл одоо яригдаад байгаа шиг нэг хүний контрол руу тэмүүлээд байна гэхээр хууль тогтоох байгууллагынхан гүйцэтгэх засаглал руу хутгалдаад ирэхээр шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн хүчтэй нөлөөнд аваачих суурь нь болоод байна. Бид үндэсгүй ургамал шиг харж болохгүй л дээ. Шийдэл хийх гээд өнгөцхөн харагдаж байгааг л өөрчлөх гэж байгаа бол урт хугацаандаа ямар ч явуургүй. Парламентын засаглал бэхжихгүйгээр шүүх засаглал хараат бус байх боломжгүй. Сүүлийн жилүүдэд шүүх тогтолцооны шинэчлүүд нэлээд хийгдэж амжилтад хүрсэн зүйл олон шүү. Наад зах нь шүүхийг тэр чигт нь контролдож чадахгүй учраас хонгил гэх яриа гарч байна шүү дээ.

-АН-ын дотоод байдал нэлээд зөрчилдөөнтэй байгаа нь нийгэмд тод харагдаж байна. АН-ын шинэчлэл хийв үү. Үзэл санаа нь юу байна вэ?

-Ардчилсан Намын үзэл санаа их тодорхой болсон. Баруун төвийн нам байна. Яг энэ цаг үед өөрийгөө баруун төвийн нам гэж өөрийгөө зарлах нам олдохгүй байх. АН хүмүүсийн язгуур эрх ашиг, эрх чөлөөг хамгаална, түүний төлөө тууштай явна гэдгээ хэлсэн. Үүнээс болоод тодорхой хүмүүс энэ намд байх сонирхолгүй болж эхэлнэ. Энэ бол тодорхой. Тэр хүмүүс нь ч гараад явж байна. Баруун төвийн үзэл санаа Монгол Улсад амьдрах уу гэвэл амьдрана. Монголчууд энэ үзлийг дэмжих үү гэвэл дэмжинэ. АН өөрийнхөө үзэл санааг 30 жилийн дараа дахин хурцлаад илүү ил тод болгож, төөрөгдөл багатай болохоор үүндээ уялдуулсан улс орны хөгжлийн платформыг гаргаж ирэх юм бол дэвшил болно. Энэ үзэл санаагаар зэвсэглэхгүй болохоор ялсан, ялагдсан үед ч улс төрийн нам эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл бий болчихоод байгаа юм. Дутагдал нь энэ. Энэ алдаа дутагдлыг АН зассан. Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс тойроод давхиад байгааг харж байна л даа. Нэг ёсондоо АН маш тодорхой шинэчлэл хийсэн. Үзэл санаа нь их бүдэг байсан. Үнэт зүйлээ ярих биш. Дандаа ажил хийдэг Засгийн газрын нам болж хувирсан. Ингээд ирэхээр янз бүрийн үзэл санаатай хүмүүс цугладаг. Төрөл зүйлийн үзэл санаатай хүмүүс нэг дээвэр дор орохоор дандаа будлиан үүсдэг. Гаргаж байгаа шийдвэр нь ямар үзэл санаан дээр суурилж гарч байгаа нь тодорхойгүй болдог. Одоо их тодорхой болж байна л даа. Бид баруун төвийн үзэл дээрээ шийдвэрээ гаргана. Өөр үзэл философиор битгий хандаарай. Зүүний нам шиг аашлахгүй, тийм шийдвэр ердөө гаргахгүй гэдгээ тодорхой болгосон. АНд хийх ажил асар их байна.

-АН одоогийн парламентад сөрөг хүчин байж чадаж байна уу?

-Сөрөхийн тулд сөрөх шаардлагагүй. Цөөхөн суудалтай нам сөрөхийн тулд сөрөөд байх утгагүй. Ядаж 20 суудалтай байвал өөр хэрэг. Сөрөг хүчин гэдэг ялахын төлөөх үйл хэрэг биш. Ялахын төлөөх үйл хэрэг гэдэг Монголоо биш, намаа бодож шийдвэр гаргадаг л зүйл. АН намаа бодсон үйлдэл хийхээс илүү Монголоо бодсон үйлдэл хийж байна гэж харж байгаа.

-Ардчилал бидэнд юу өгсөн юм бэ?

-Дээр хэлсэнчлэн Ардчилал бидэнд төрийн дархлааг илүү баяжуулсан. Монголчуудад ирээдүйг өгсөн. Ирээдүй гэдэг нь монголчуудын хөгжил дэвшлийг хэлж байгаа юм. Монгол Улс хөгжих цорын ганц боломж бол ардчилал, эрх чөлөө.

-Бүх зүйлийн бурууг Ардчилал руу түлхдэг шүү дээ. Юуны учир тэр юм бол?

-Хэн гэдгээс хамаарна. Буруу гэдэг асуудал байна гэсэн үг. Асуудлынхаа мөн чанарыг таниагүй хүмүүс бурууг юу руу ч чихэж болно. Аливаа зүйлийн учир олдог, ном сонин уншдаг, ертөнцийг таньсан, оюун ухаантай хүмүүс ардчилал руу хэзээ ч буруу чихэхгүй. Хүмүүсийн эрх чөлөөг хэзээ ч буруу зүйл гэж хэлэхгүй. Мунхаг харанхуй явцуу эрх ашигтай улс төрийн хожоо хайсан хүмүүсийн л үг. Тэр хүмүүсийн үгийг монголчуудын үг юм шиг хүлээж авч болохгүй л дээ. Монголд ямар ч дарангуйлагч төрж чадахгүй. Амьдрах хугацаа нь маш богинохон. Ордон дотроо л дарангуйлагч байж магадгүй. Ордноос гараад хэн ч биш. Ардчилал ирээдүйг авчираад өгчихсөн. Айдас хүйдэс алга. Маш ойлгомжтой зүйлийг шүүж болохгүй ш дээ. Тийм биз дээ. Хүн амьдрахад ус хэрэгтэй. Түүн шиг Монгол Улс хөгжихөд ардчилал хэрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

Байгаль орчны салбарын багц хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Уг хуулийн төслийн хамт “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

1. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталснаар Монгол орны усны салбарын салбар дундын зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежементийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ.

2. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар байгаль орчны салбарт хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудын уялдаа холбоо сайжирч, хоорондын зөрчил, давхардал, хийдэл арилж, эрх зүйн орчин сайжирна.

3. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, бүс нутгийн ойн салбарт хамтын ажиллагааг нэмэх замаар төсөл хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх боломж бүрдэх юм. Тус байгууллага 2012 оноос хойш гишүүн орнуудынхаа 300 мянгаас 2.5 сая ам.долларын төсөвтэй 30 гаруй төслийг санхүүжүүлсэн байна.

4. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд хятад хэлийг тус байгууллагын албан ёсны жагсаалтад оруулж буй юм. Ингэснээр БНХАУ дэлхийн аялал жуулчлалын болон бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээгээ сайжруулах юм. Монгол Улс уг нэмэлтийг соёрхон баталсан тохиолдолд эдгээр төсөл хөтөлбөрүүдээс ашиг хүртэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.