Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай уулзав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр талуудын ярилцсан зүйлс бодит ажил хэрэг болж, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн ажил хэрэг биелэлээ болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, ирэх 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар ярилцахын сацуу эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар санал солилцов.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ Испанид болсон “Арнольд классик” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Испани улсын Барселон хотноо хэвтээ шахалтын “Арнольд классик” тэмцээнд хүчээ сорьж цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.

Манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор хоёр тамирчин классик төрөлд оролцжээ. “Рио-2016” паралимпийн хүрэл, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цом, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ О.Мөнхбат 212.5 кг шахаж шагналт V байранд шалгарчээ.

Тэмцээнд 74, 83, 93, 105, -120, +120 гэсэн зургаан жингийнхэн нэг дор хоорондоо хүч үзсэн нь өрсөлдөөнтэй бөгөөд тун өрсөлдөөнтэй болсон байна.

Э.Содномдилжээгийн хувьд нийт тамирчдаас хамгийн хүндийг нь өргөсөн ч биеийн жин, өргөсөн жин хоёрыг харьцуулж оноо олгодог тэмцээний дүрмийн дагуу дэд байрт орсон юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин болох Франц эр 73 жинтэй бөгөөд цээжнээс 190 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Замын гэрэлтүүлэгт үзлэг шалгалт хийв

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсээс Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж замын гэрэлтүүлгийн асалтанд үзлэг шалгалт хийлээ.

Нийслэлийн дүүргүүдийн гудамж замуудад нийт 23.281 ширхэг гэрэлтүүлэг байгаагаас 84.5 хувь буюу 19.700 ажиллаж, 15.3 хувь буюу 1.230 ажиллахгүй гэрэлтүүлгийн асалт 94 хувьтай байна.

Гудамж замд толгойгүй болсон 235 шон, ламп нь шатсан 326 шон, хазайсан, унасан, хугарсан 82 шон, утас нь тасарсан 26 шонд эвдрэл гэмтэл тоологдсон бол шинээр 54 байршилд 2924 гэрэлтүүлэг шаардлагатай гэсэн судалгааг хийж холбогдох байгууллагад нь хүргүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах Парагвай Улсад визгүй зорчино

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Антонио Ривастай 2019 оны 9 дүгээр сарын 25-нд уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Парагвайн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэргэцээ “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Ингэснээр манай улсын иргэд тус улсад визгүй зорчих нөхцөл бүрдэж буй.

Categories
мэдээ нийгэм

Завханд гарсан ой хээрийн түймрийг цурманд орууллаа

Энэ сарын 24-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт гарсан ойн түймрийг унтраахаар Аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 108 хүн, нийт 120 хүн, 20 автомашинтай ажиллаж өчигдөр өдөр цурманд оруулсан байна. Одоогоор түймрийг бүрэн гүйцэт унтраагаагүй байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэд шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” өнөөдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлтээр эхэллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, академийн харьяа хүрээлэн, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үзэсгэлэнг нээж хэлэхдээ, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа дурдаад, инновацын тэргүүлэх чиглэлийг Засгийн газраас тогтоож, гарааны компаниудыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Мөн инновацын бүтээгдэхүүн, мэдлэгийн шинэ төрлүүдийг бий болгож, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүрээлэн, их, дээд сургуулиудын дэргэдэх гарааны компаниудыг бойжуулж, өргөжүүлэхэд түлхэц болно гэв.

Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниас бүрдсэн 45 байгууллагын 350 орчим бүтээл, бүтээгдэхүүн дэлгэжээ. Тухайлбал, хоолойн махны үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл, Агаарын чанарыг мэдээлэх систем, Эрүүл мэндийг өдөр тутам хянах зүүдэг төхөөрөмж, Цомцогт бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг ам зайлагч, Экскаваторын зарим эд ангийг үйлдвэрлэх технологи, Угаадасны нүхний бохирыг цэвэрлэх бэлдмэл зэрэг монгол эрдэмтдийн бүтээсэн шилдэг бүтээл, бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Тухайлбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд давирхайтай тос, давирхайтай сүүлний тос, өтгөн барагшун, үсний тэжээлийн тос, ванны давс, гэдэс цэвэрлэх эрдэст цай зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн дэлгэсэн байлаа. Мөн тус хүрээлэнгийн гарааны компаниуд хуурай шар сүү, чацаргана, шар сүүн ванны бөмбөлөг, малын тэжээл, цэвэрлэгээний нунтаг, ус цэнгэгшүүлэгч, гумины бордоо, үнэр дарагч бэлдмэл зэргийг танилцуулж байв.

Тус үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд маргааш үргэлжлэх юм.


Categories
мэдээ нийгэм

​“Дисковер Монголиа-2019” уул уурхайн чуулган маргааш эхэлнэ

Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган “Дисковер Монголиа-2019” ШангриЛа-д маргааш эхлэх гэж байна. Өмнөх жилүүдэд хоёр өдөр болдог байсан уг чуулган энэ жил нэг өдөрт болох юм. Чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэлээр нээх бол “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхай салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавихаар болжээ. Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой” төслийн явцын талаар илтгэл тавих юм байна. Чуулганы үдээс өмнөх хуралдааныонцлох илтгэлийг Фэнвэй эрчим хүч мэдээллийн үйлчилгээ лимитед компанийн ерөнхийлөгч Чанг Юү Жин тавина. Тэрээр “БНХАУ болон дэлхийн нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавих аж. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Таван толгой IPO: Төрийн өмчит компанийг олон улсын зах зээлд гаргах нь” сэдвээр илтгэл тавина гэж чуулганы хөтөлбөрт тусгажээ.

Үндсэн хуралдааны дараа чуулганы оролцогчид “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь” сэдвээрхуралдах нь. Тус хуралдааны үеэр “Лайон менежер лимитед” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Видапп “Олон улсын зах зээл: Өнгөрсөн жилийн хугацаанд хөрөнгө оруулагчийн хандлага хэрхэн өөрчлөгдөв” сэдвээр илтгэл тавих бол Оюу толгойнхэмжээний үнэ цэнэтэй дараагийн ордын хайгуулын ажлыг хийж буй “Кинкора коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг өрөмдлөгийн явцаа танилцуулахаар болжээ. Тус хуралдааны үеэр “Эрдэнэ ресурс девелопмент” корпорацийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг “Алтны өндөр агуулга бүхий шинэ дүүргийг хөгжүүлэх нь” сэдэвтэй илтгэл тавих юм байна. Хөвсгөлийн Овоотын ордоос нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буй “Аспайр майнинг” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл “Монголын дараагийн коксжих нүүрсний уурхайг байгуулах нь” сэдвээр илтгэл тавина гэж чуулганы зохион байгуулагчид хэлж байна.

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан эрчим хүчийг онцолно. Эрчим хүчийг онцолсон хуралдааны даргалагч нь Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан. Тус хуралдааны үеэр “Эликсир энержи лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг “Дотоодын зах зээлийг нүүрсний давхаргын метанаар хангах тухай” гэсэн сэдвээр илтгэл тавих юм. Үүнээс гадна “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. Уг илтгэлүүдийн дараа “Монгол улсын геологийн боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

“Дисковер Монголиа-2019” чуулганы сүүлийн хуралдаан “Монгол улсын хөгжлийг дэмжих нь” гэсэн сэдэв дор өрнөнө. Тус хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Нэгдсэн Ази хэмээх тодорхойлолт нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. “Ковер Монголиа”-гийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл улстөрийн нөхцөл байдлын тухай илтгэл тавих аж. Уг хуралдааны хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮС-ийн дэргэдэх олон улсын зөвлөлийн дарга Камерон МакРей, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану нар оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Сүүлийн 3 жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг боллоо.

Улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр сүүлийн 2 жилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн, татварын орлого сайжирсан, ажил эрхлэлт нэмэгдэн ажилгүйдлийн түвшин буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн, тэр дундаа бизнесийн зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээл дээр ч сэргэлт бий болсны илэрхийлэл юм.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь орчимд бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлнэ.

Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөц (цэврээр)-ийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна.

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн, зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж, уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар, гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд, өндөр өсөлтийг дэмжихэд чиглэсэн дунд хугацаанд баримтлах бодлого стратегийн хүрээнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ.

Төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. Цаашид 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу:

1.Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байх;

2.Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2020 онд тухайн жилийн ДНБ-ий 5.1 хувиас илүүгүй байх;

3.Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь ДНБ-ий 75.0 хувиас хэтрэхгүй байх;

4.Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь тухайн жилийн өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; гэсэн 4 тусгай шаардлагыг хангаж, 2020 оны төсвийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2.074.7 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1.296.3 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал аж. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгасан байна.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод бонд гаргахгүй аж.

Ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байх, нийт зарлага 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээнд хамрагдсан хүнсний ногоо, жимс жимсгэний 99.8 хувь нь шаардлага хангажээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоодын болон импортын хүнсний ногоо, жимс жимсгэний чанар аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж буй эсэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгаалах, ургамлын өвчин, хортон, хог ургамал, пестицидийн үлдэгдэл тодорхойлох урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

50 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс 840 дээж авч үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулахад 99.8 хувь нь ургамлын өвчин, хортон, токсин, нян судлал, пестицид, нитратын үзүүлэлтүүдээр шаардлага хангаж байлаа.

Шинжилгээнд хамрагдсан дээжний 52.3 хувь нь дотоодод тариалсан, 47.6 хувь нь импортын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ эзэлж байна.