Categories
мэдээ нийгэм

“Нэг сар-нэг бүтээлч ажил” аяныг өрнүүлж байна

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Нэг сар-нэг бүтээлч ажил” аяныг өрнүүлж, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, 60 гаруй төрлийн бүтээлч ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, алба хаагчдын өрөө, тасалгаа, хурлын болон сургалтын танхим, “Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”, автомашины тавиулан, байгууллагын гадна хашааг шинэчлэн засварлаж, тохижууллаа.

Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Усны сургалтын бааз”, амралт сувиллын газрууд болон байгууллагын гадна ногоон орчныг нэмэгдүүлэх, хашаа хайс болон автомашины граж, хүнсний ногооны зоорь шинээр барих зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is yVfvWetg.jpg

Дээрх бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг алба хаагчид өөрсдийн хүч, дотоод нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэсэн залуусыг шалгаж байна

Энэ сарын 25-нд Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр ….. УББ улсын дугаартай Honda Inside маркийн авто машинаар иргэн М.Э, С.У нар 2 кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлэн, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их хурлаас 1995 онд Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байна. Хоршоо нь өрхийн бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар гэдгийг төсөл өргөн барисан гишүүд онцоллоо. Хоршооны хуулийн төслийн шинэчилсэн найруулгад хоршоог томруулж, төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого агуулагдаж байна. Хоршоог идэвхжүүлэх зорилгоор 100-аас дээш гишүүнтэй, эсхүл 1.0 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоо хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхэлж болохоор, мөн хязгаарлагдмал хүрээнд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж болох зохицуулалт туссан гэлээ. Мөн хоршоо өөрийн хөрөнгөтэй байж, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх боломжийг бүрдүүлэх заалт шинээр оруулсан байна. Үүнээс гадна татвар, нийгмийн даатгал, аудитын асуудлаарх заалтууд орсон гэдгийг төслийг танилцуулахдаа УИХ-ын гишүүн Н.Энхболд дурдлаа. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал хоршоо хөгжих эрхзүйн орчин сайжрах, хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй, удирдлага зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжих, татвар аудитын зөрчилтэй асуудлууд арилах зэрэг эерэг үр дүн гарах учир уг хуулийн төслийг холбогдох Байнгын хороод, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Парагвайтай иргэд харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурав

Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар АНУ-ын Ерөнхийлөгчийн бүх төлөөлөгчдөд зориулсан тусгай арга хэмжээ, АНУ-ын Азийн нийгэмлэг дээрх хэлэлцүүлэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн-Хва, Парагвайн Гадаад хэргийн сайд Антонио Паласиос, Мянганы сорилтын сангийн Дэд Ерөнхийлөгч Э.Уэлчер, НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх НБД А.Алисжабана нартай уулзаж төрөл бүрийн ажил хөтөлбөрүүдийн талаар ярилаа. Парагвайтай иргэд харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурав.

Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. тэрээр терроризм, хил дамнасан гэмт хэрэг, түүн дотроо хар тамхины наймаатай шийдвэртэй тэмцэх шаардлагатай байгаа тухай ярьж, жижиг дунд улс орнуудын иргэдийг хориотой бодисын тээвэрлэлт, түгээлт зэрэг үйл ажиллагаанд татан оролцуулж буй явдлаас урьдчилан сэргийлж, ангижрах чиглэлээр ажиллахад эн тэргүүнд анхаарч, хамтрахыг хүсчээ. Манай улсын зүгээс хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг явуулж буй тэмцлийг дэмжих асуудлыг НҮБ-ын АЗ-ийн түвшинд гаргаж тавьсан юм.

Image may contain: one or more people and people sittingImage may contain: 2 people, people sitting and indoorImage may contain: 2 people, people smiling, people standing

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 27-нд болох үйл явдал

08.00 цагт МҮХАҮТ-д БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бизнес эрхлэгчидтэй уулзаж, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг ярилцана. Утас: 99090339

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88249813, 86150069

09.00 цагт Төрийн ордонд Монголын шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болно.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Дисковер Монголиа-2019” чуулган болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Төрийн албаны шинэтгэл ба хэвлэл мэдээллийн оролцоо” сургалт болно.

10.00 цагт Монголбанкны “В” байранд Монгол Улсын 2019 оны III улирлын инфляцийн тайланг танилцуулах нээлттэй сонсгол болно.

10.00 цагт Их Монгол оффист үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулна. Утас: 91915835

10.00 цагт “I Cinema” кино театрт “Open talks 2019: Мэдээллийн хүртээмж- Хэнийг ч үл орхигдуулна” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулна. Утас: 88000098

11.00 цагт Хөдөө аж ахуйн биржийн байранд тус биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 96005380

11.00 цагт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Аялал жуулчлалын салбарын 65 жилийн ойд зориулсан төгөл байгуулна. Утас: 88054040

11.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд “Аялал жуулчлалын салбарт ямар мэргэжилтэн хэрэгтэй вэ?” арга зүйн сургалт болно Утас: 88054040

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хүннү” мото клубээс Олон улсын мото холбоо байгуулж буй талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт Монголын үндэсний музейд “Сарьдагийн хийдийн нууцыг нээсэн нь” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70110913

12.00 цагт “Мишээл экспо” төвд “ICT-Expo-2019” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:89114787

13.00 цагт “Чингис” зочид буудалд “Тэнгэр үзэл монголын төрт ёсны сэргэн мандлын үзэл санаа болж чадах уу” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Blockware компанийн T.OS Pay аппликейшны нээлт болно. Утас: 7722 5544 88054040

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Монголын хүний төлөө намаас УИХ-ыг тарахыг шаардаж, мэдээлэл хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: УИХ тарвал төрийн эрх мэдэл вакум орчинд орж, нийгмийг тогтворгүй байдал руу чирэх эрсдэлтэй

2019.09.25

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих нь зөв шийдэл гэсэн үг давтамжтай дуулдах боллоо. Энэ байр суурь дээр санаа бодлоо хэлээч?

-Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэсэн сонголтын өмнө авчрах гээд байгаа мэт дүр зураг харагдаад байна л даа. Тавьж байгаа асуулт нь буруу байна. Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдэг чинь дэндүү хялбаршуулсан асуулт. Зарчмын хувьд аль алинд нь сайн, муу юм байдаг. Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярья гэвэл зайлшгүй тавих ёстой нэг шаардлага бий. Парламент дээд, доод гэсэн хоёр танхимтай байх шаардлагатай. Дээд танхим нь үндэсний эрх ашгаар засагладаг, доод танхим нь улс төрийн намуудын сонгосноор, хууль ёсоор засагладаг байх учиртай. Үндэсний эрх ашгаар засаглах, хуулиар засаглах гэдэг ойлголтыг салгах хэрэгтэй.

-Нэг танхимтай парламентын хамгийн том эрсдэл нь юу вэ?

-Явж ирсэн түүхээ л харчих хэрэгтэй. Нэг танхимтай парламенттайгаар явж ирсэн Монголд юу болсон бэ гэсэн асуулт тавиад хармаар байгаа юм. Ерөөсөө л төрийн дээр нам гарсан. Төрийн дээр нам гараад зогсохгүй супер хүмүүс, супер сармагчингууд бий болсон. Нэг танхимтай парламентад супер сармагчингууд бий болдог шүү гэдэг анхааруулга яг нарийндаа Черчиль гэж хүний амнаас унасан. Англид хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгоё гэсэн яриа гарах үед Черчиль “Ардчилал адгийн засаглал” гэж хэлсэн удаатай. Адгийн засаглал гэдэг ойлголтыг хэлэх болсон шалтгаан нь та бид хоёрын яриад суугаа асуудалтай холбоотой. Черчилийн хувьд нэг танхимтай болвол уламжлал алдагддаг, төрийн дээр нам гардаг, супер хүмүүс бий болдог гэдэг утгаар энэ үгээ хэлж, анхааруулга өгч байсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярих шаардлага байгаа бол парламент хоёр танхимтай байх зайлшгүй шаардлагатай. Хоёр танхимгүй парламентын дээр нам гарч болж байгаа юм чинь төрийн дээр нэг хүн мордоход ямар ч асуудал байхгүй.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэж шууд асуух биш, сая таны хэлсэн шиг бусад асуудалтай нь уяж харах ёстой гэж ойлголоо…?

-Бусад асуудалтай нь уяхгүй бол угаасаа утга учиргүй. Ер нь төрийн тэргүүн хэн байхаас үл хамаарч Ерөнхийлөгчийн институцийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь сайн биш. Засгийн газар, хууль тогтоох, шүүх эрх мэдлүүдийг өөр хооронд нь хутгаж үймүүлдэг институци байсаар өнөөг хүрсэн. Будлиан тарьдаг Ерөнхийлөгчийн институцийг аль нэг тал руу нь хамруулах нь тулгамдсан асуудал болчихсон.

Тийм учраас аль засаглалд нь илүүтэйгээр хамруулах вэ гэдгээ тов тодорхой шийдэх учиртай. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд хутгалддаг ийм институцитэй удаан явбал зовлонг нь амссаар ирсэн бид улам л зовлонд унана.


-Таны яриад байгаа энэ зовлонгоос салъя гэсэн бодлоор Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьж эхэлсэн юм болов уу?

-Яг ийм үед Ерөнхийлөгчийн засаглал гэсэн асуудал босгож ирж буйг би өөрөөр харж байна. Үүн дээр дөрөөлж нэг хүн парламентын дээр мордох санаархлыг л илэрхийлээд байгаа болов уу. Түүнээс биш илүү сайжруулъя, боловсронгуй болгоё гэдэг асуудал биш гэж би хувьдаа харж байна.

-Ерөнхийлөгчийн институцийг яг аль засаглал руу нь хандуулбал зөв шийдэл болох вэ?

-Өнөөхөндөө энэ сэдвээр онолын маргаан өрнүүлээд дэмий байх. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг яая даа гэж байхад маргааны сэдэв нэмж дэвэргээд хэрэггүй.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэсэн асуултаар санал асуулга явуулахаар боллоо гэж гөрдөж бодъё. Тийм санал асуулга явуулбал иргэдийн олонх ямар хариу өгөх бол?

-Нэгдүгээрт, тийм санал асуулга явагдахгүй. Явагдахгүй юмны талаар хоёулаа ярилцах хэрэггүй байх.

-Хүчтэй удирдагчийг хүссэн нь нийгмийн дийлэнх болчихсон юм биш байгаа гэсэн болгоомжлолоор асуугаад байна л даа?

-Ер нь ямар ч санал асуулга дэмжүүлэх гэж л зохион байгуулагддаг. Тийм учраас ямар ч асуулт тавьсан хүмүүс дэмжих талдаа л байна.

-Юу ч асуусан дэмжих талдаа байна гэж үү?

-Тэгнэ. Олон оронд гарсан зүй тогтолт үзэгдэл.

-Яагаад?

-Санал асуулгаа дэмжүүлэх гэсэн хүчин хамаг ажлаа хийнэ шүү дээ. Хамаг ажлаа хийнэ гэдэг нь суртал нэвтрүүлгээ хийнэ гэсэн үг.

-Ямар ч асуудлыг гоёор харуулж болно гэдэг утгаар нь харвал тийм юм байна шүү?

-Харин тийм. Тэр тусмаа хүмүүсийн бодол богино, ой санамж хэврэг болсон ийм үед ямар ч асуудлыг гоёор харуулахад хүлээгээд авчих эрсдэл өндөр.

-Ой санамж хэврэгшээд байгаа шалтгаан нь юу юм бол?

-Реклам сурталчилгаа хөгжиж байгаатай холбоотой. Чадамж өндөртэй нь гурван минутаас илүү зүйл үзэж чадахаа больсон гэсэн судалгаа хүртэл бий. Реклам гурван секунд, 30 секунд гээд маш богино хугацаатай. Ийм богино зүйлсээр тархийг байнга нүдээд байхаар ой санамжийг хэврэгшүүлж, урт хугацааны зүйлсийг сэтгэх чадваргүй болгочихдог. Ийм тархин дээр улс төрийн реклам мөн л тэгж ажиллана. Өнгөн дээрээ өөрөө саналаа өгч байгаа мэт боловч тархиа бусдад удирдуулахад бэлэн болчихсон нийгэмд бид амьдарч яваа. Үүнээс гадна хүний ой санамж, сэтгэлгээнд манипуляци хийдэг аварга хэрэгслүүд хөгжчихөөд байна. Тэр нь твиттер, фэйсбүүк, инстаграм. Өнгөц харах нь ээ эрх чөлөөтэй зүйлс яриад суугаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийнхөө оюун санааг бусдын манипуляцид өгөөд байгаа л хэлбэр шүү дээ.

-Одоо Үндсэн хуулийн өөрчлөлт рүү яриагаа хазайлгая. Үндсэн хуулийн өөрчлөлтөд парламентын засаглалын дархлааг сайжруулах чигт хэр анхаарсан бол?

-Өнгөрсөн гашуун туршлагаасаа анзаараад харах нь ээ Үндсэн хуульд парламентын засаглалаа яаж бэхжүүлэх вэ гэдэг дээр дажгүй өөрчлөлтүүд тусч байгаа юм билээ. Бүхэлд нь харахад дэмжүүштэй санагдсан.

-Дэмжүүштэй гэдэг нь…?

-Боловсронгуй болгох чиглэл рүү хөдөлж эхэлжээ гэсэн үг.

-Анзаарч харагдахаар, дутуу санагдсан зүйлс байна уу, парламентын засаглалын хувьд?

-Мэдээж яривал юм бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэсэн хувилбараар нь харвал төрийн институциуд нь хүлээн зөвшөөрөөд, нийгмийн дэмжлэг авбал бид шинээр урагшаа ахиж чадна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шүүхийн засаглалыг сайжруулахтай холбоотой заалтуудыг авчихлаа гэсэн шүүмжлэл дуулдаж байна?

-Би тантай Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярихдаа чамлахаар чанга атга гэсэн зарчмыг бариад байгаа. Түүнээс биш илүү сайжруулъя гэвэл ярих зүйл их бий. Энэ тал дээр залуу хуульчид их сайн ажиллаж байна. Зоригтой дуугарч, зөв шийдэл, өөрчлөлт ярьж яваа. Тэдний ярьж яваа зүйлсээс олон санаа гээгдсэн байж болно. Гэхдээ өнөөгийн ярьж буй өөрчлөлтүүдэд буруу гэхээр зүйл ороогүй.

-Засгийн газрын тогтворгүй байдлаараа тэргүүлэх улсын нэг нь манайх. Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ дутагдлыг засах чигт гавьтай өөрчлөлт орохгүй нь гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд давхар дээлтэй байж болохоор өөрчилсөн нь сайн хэрэг. Мэргэжлийн Засгийн газар байгуулах талаас нь харвал яах аргагүй эерэг өөрчлөлт. Хууль тогтоох, гүйцэтгэх гэж тусдаа байх ёстой эрх мэдлийг салгаж өгч байгаа гэдэг утгаараа том өөрчлөлт.

-Засгийн газрыг огцруулахад 19 гишүүн гарын үсэг зурахад хангалттай байсан бол одоо 39 болгоно гэж байгаа. Энэ тийм сүртэй нөлөө үзүүлж чадах заалт мөн үү?

-Мэдрэгдэхээр нөлөө үзүүлнэ. Чанар нь дээшилж байна шүү дээ. Төрийн хэрэгт олон түмний оролцоог УИХ-ын гишүүдээр нь дамжуулж нэмж өгч байгаа гэдэг утгаараа нааштай өөрчлөлт.

-Таны түрүүн хэлсэнчлэн чамлахаар чанга атга гэдэг зарчмаар ингэж харж болох л юм?

-Хоёулаа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр тэр зарчмаар л ярьж байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр хүн бүр хүслээ хэлээд, ингэвэл илүү гоё болох байсан юм гэх мэтээр яриад суувал хэзээ ч төгсөхгүй маргаан болно. Тийм учраас УИХ-ын базсан төсөл дээр л саналаа хэлэх ёстой. Товчхондоо базсан төсөлд буруу юм лав алга, харин ч өмнөхөөсөө сайжирсан байна.

-Эдийн засаг чигт оруулж буй өөрчлөлтөд ч өөлөх зүйл алга уу?

-Хийсэн өөрчлөлтүүд дээр үг, үсгээр маргаад суувал дуусахгүй. Нэг л зүйл хэлье. Үндсэн хуульд тусгах гэж буй өөрчлөлтүүдэд эмгэнэлтэй зүйл байхгүй.

-Ард нийтийн санал асуулгатай хамтатгаад сонгуулийн хугацаагаа наашлуулъя гээд УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулаад эхэллээ. УИХ хугацаанаасаа өмнө тарах нь байх л асуудал уу, эрсдэл дагуулахаар шийдэл үү?

-Сонгуулиас сонгуульд төр уламжлагдаж явах ёстой. Тэр завсар вакум, хийдэл үүсч болохгүй. Өөрөөр хэлбэл УИХ тарчихаад дараагийн УИХ-ыг бүрдтэл сонгууль хүлээгээд сууна гэвэл тэр зуур төрийн эрх мэдэл вакум орчинд очно. Вакум үүсвэл нийгмийг тогтворгүй байдал руу чирч оруулах аюултай. Тэр тусмаа Монгол шиг парламентын ардчиллаар олон жил явчихсан орныг үймүүлье гэсэн сонирхол дотоодод ч, хөрш хоёр гүрэн талаас ч бий. Хөршүүд шууд заналхийлдэггүй юм гэхэд анзаарах нэг өнцөг бий. Хоёр хөрш авторитар дэглэмээ гоё юм шиг харагдуулж чаддаг. Үүнийг нь дуурайж будилснаас болоод тогтворгүй байдал бий болох эрсдэл өндөр.

-УИХ тарлаа гэж бодъё. Тарсаны дараа таны хэлснээр вакум орчин үүсч үймээн шуугиан, жагсаал цуглаан болж, эцэст нь онц байдал тогтоох эрсдэл ч үүсч мэдэх нь. Засаглалын вакум үүссэн тохиолдолд гардаг эрсдэлүүдээр ярилцлагаа үргэлжлүүлье…?

-Засаглалын вакум дотор юу ч болж магадгүй. Урьдчилж таахад хэцүү. Ер нь засаглалын вакум нийгэмд тогтворгүй байдал бий болгоё гэсэн гадны хүчинд маш таатай орчин үүсгэнэ. Засаглалын вакум үүсгэснээсээ болоод зовлон туулсан орнууд бий.

-Жишээ нь?

-Хол яваад хэрэггүй, Орос, Хятад гэсэн хөршүүдээсээ харчих хэрэгтэй. Жишээ нь, урд хөршид Моа Зэдун “Их үсрэлтийн бодлого” гэж эдийн засгийн том бодлого хэрэгжүүлсэн. Айл бүр гаднаа төмөр хайлуулж, бэлдэц гаргаж, газар тариалангаа хамгаална гээд бүх шувуугаа буудаж явсан он цагууд урд хөршийн түүхэнд бий. Их үсрэлтийн бодлого амжилтгүй болж, хүмүүсийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн. Их үсрэлтийг удирдсан коммунист намын дарга нь хариуцлага үүрэх болонгуут засаглалын вакум үүсгэчихсэн. Залуусыг ахмад үеийнхнийх нь эсрэг турхирч, улаан хамгаалагчид гэж бий болж, соёлын хувьсгал өрнөж байсан. Манайд засаглалын вакум үүсвэл тогтворгүй байдал газар авч хятад маягийн соёлын хувсгалын байдал орчныг бий болгохыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас УИХ-ыг тараана гэж ярьж зүтгэх нь буруу. УИХ харин сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлаж болно. Энэ бол өөрт нь байгаа эрх. Эсрэгээрээ өөрсдийгөө тараана гэвэл засаглалын вакум үүсэх аюултай.

-Сошиал дахь хүмүүсийн байр суурь, сэтгэгдлээс харахад хүчтэй удирдагч хэрэгтэй гэсэн сэтгэл зүйтэй хэсэг бий болчихсон юм шиг санагддаг. Танд тэгж санагддаг уу?

-Ингэж тэгж санагддаг гэхээс илүү хүчтэй удирдагчтай авторитар дэглэм гэж юу болох тухай ярья. Манай улс яг энэ бүс нутагтаа бараг ардчиллын арал болчихсон орон. Хятад, ОХУ хоёулаа авторитар дэглэмтэй улс орнууд. Хоёулаа ардчилалгүй. Суртал нэвтрүүлэг, эрх мэдэл, мөнгөн дээр тогтож яваа дэглэмүүд. Суртал нэвтрүүлэг, эрх мэдэл, мөнгө, айдас хүйдэс дээр тогтоож байгаа нийгэм хөндлөнгөөс их гоё, болоод яваа мэт харагддаг ч удаан насалдаггүй. Алсдаа хөгжлөө боомилох бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Тэгэхээр ийм дэглэм хүсэхээр зүйл биш. Хоёр хөршийнхөө нөлөөнд байгаа учраас буруу үлгэр аваад яваа тал бий. Тэр утгаараа нэг хүнд түшсэн авторитар дэглэмийг хүсэх биш, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэх нь илүү чухал.

-АТГ авлигатай тэмцэх нэрийдлээр бичлэг цацах гэх мэтээр хүний эрхэнд халдаад байна, улс төрийн зэвсэг болчихлоо гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Авлигатай тэмцэх ёстой гэдэг дээр бүгдээрээ санал нэгдчихье, эхлээд. Авлигатай тэмцэхийг ардчилалтай тэмцэх ажил болгочихвол буруу. Ийм хандлага үзэгдэл олон оронд болоод өрнөчихсөн. Авлигатай тэмцэх сайн үйл хэргийг ардчилалтай тэмцэх ажиллагаа болгосон орон өчнөөн. Тийм ч учраас энэ газрыг байгуулах тухай яриа эхлэх үед нийгэм, учир мэдэх хүмүүст ийм эргэлзээ, болгоомжлол байсан. Харамсалтай нь ерөнхий хандлагыг нь харвал авлигатай тэмцэх гэсэн агуулга нь багасч, улам бүр улс төрийн зэвсэг болж хувираад яваа нь санаа зовоож байгаа.

-Ерөнхий сайд байсан хүний тань хувьд асууя. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн лицензүүдийг хомроголон цуцалж байна. Цаана нь ямар ч шалтгаан байж болно л доо, гэхдээ хөрөнгө оруулалт, бизнесийн орчин талаас нь харвал гарах эрсдэл нь өндөр юм шиг харагдаад байх юм?

-Сэтгэл хөдлөл дээр тоглосон популизм хөгжчихөөд өөрөө өөртөө гай дуудсан ийм зүйл өрнөөд байна л даа. Ерөнхийд нь харвал дотоодын ч бай, гадаадын ч бай хөрөнгө оруулагчдыг хөөж, тэдэнд таагүй орчин бий болгож буй нөхцөлөөрөө Монголд гай чирч байна. Сэтгэл хөдлөлөөр, популизмаар тоглодгоо болих хэрэгтэй.

-Харамсалтай нь болих янз алга. Сонгууль дөхөх тусам гаарах байх аа?

-Тэгвэл сонгуулиар ийм хүмүүсийг өөрчлөхөөс өөр гарц байхгүй л дээ.

-Судалгаа хийгээд харахаар Ерөнхий сайд шиг хандлага гаргаж буй улстөрчдөд харин ч ханараад байгаа юм биш үү, сонгогчдын сэтгэл зүй?

-Миний хувьд судлаачийнхаа тухайд социологийн янз бүрийн судалгаа хараад сууж байна. Ерөнхийд нь базаад хэлбэл намуудын нэр хүнд байхгүй болчихсон. Мэр сэр улсын хуурмаг нэр хүнд өндөр байгаа. Жишээлбэл, Ерөнхий сайдынх. Гэхдээ Ерөнхий сайдын рейтинг өндөр байгаа гэдэг нь МАН ялна гэсэн үг биш. Тийм учраас нэг улстөрчийн нэр хүндийг дагаад намын нэр хүнд, рейтинг өссөн гэж эндүүрэх хэрэггүй гэж хэлмээр байна, нам гэж гүйдэг хүмүүст. Намууд бодлогоо цэгцэлж ирээдүйгээ зөв харж хөдлөхөөс нааш нэг, хоёр хүн дээр түшсэн, лидерээ дагаж намирсан улс төр хол явж чадахгүй. Бараг 2020 оноор энэ асуудал цэгцлэгдэнэ гэж би хувьдаа бодож байна.

-Сошиалын хандлагыг анзаарахад 2020 онд харин ч сэлэм эргүүлэгчдийг сонгох магадлал өндөр байгаа юм биш үү?

-Бүгдээрээ утсаа мааждаг болсон гэдэгтэй санал нэг байна. Тийм учраас сошиал медиагийн үүрэг роль асар өндөр болсон нь ойлгомжтой. Гэхдээ сошиал медиагаар олсон нэр хүнддээ түшиж үйл ажиллагаа явуулдаг улс төр хол явахгүй.

-Гол хоёр намын нэр хүнд навс унасан гэхээр ирэх сонгуулиар сонгогчид хүнийг нь харж саналаа өгөхөөр байна гэсэн үг үү?

-Нэг юм хэлье. Сонгогчид эрх баригч намын эсрэг санал өгөх магадлал асар өндөр байгаа.

-Яагаад?

-Өнөөдрийн болж байгаа үзэгдэлтэй холбоотой. Эрх баригч намд санал өгөхгүй байя гэхээр цаана нь асар өргөн хүрээнээс, олон хүний дундаас сонголт хийх хэрэгтэй болж таарна аа даа. Тэгэхээр миний хувьд МАН, АН-аас гадна байгаа хүн болоод жижиг улстөрийн намууд сонгуулиа хэрхэн зохион байгуулахаас олон зүйл хамаарна гэж хэлмээр байна.

-Гуравдагч нам хүчтэй, зөв гарч ирвэл орон зай байгаа юу?

-Нам гэдгийнхээ хувьд байхгүй болов уу. АН, МАН лав биш, гэхдээ ямар ч байсан нэг чиглэлд сэтгэдэг хүмүүсийг сонгохыг эрмэлзэх байх.

-“Электорат” гэх мэт хөдөлгөөнийхний дэмжээд яваа хүмүүсийг дэмжих магадлал өндөр гэж хэлэх гээд байна уу, та?

-Ганц “Электорат” ч биш “Түмний 76”, хуульч залуус гээд нийгэм жижиг хэсэг бүлэг, овог аймгаар задарчихсан. Тэднээс сонгогчдын сэтгэлд хүрэх нэгдсэн платформ гаргаж чадсанд нь л илүү боломж олдох байх. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд АН-д МАН-аас илүү боломж бий. АН дотоод зөрчлөө арилгаад, жижиг намуудыг өөртөө багтааж сонгуульд оролцвол сонгогчдын дэмжлэгийг илүүтэй авах бололцоо харагдаж байгаа.

-Эдийн засаг талын нэг асуулт байна. Манай улсын эдийн засагт тулгарч байгаа том бэрхшээл, эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Дэлхийн нөхцөл орчныг харвал Монголын нийгэм, эдийн засгийн байдал эмзэг төлөвт байгаа. ОХУ барууны хоригт ороод зургаа дахь жилдээ яваа. Хоригоос болоод Оросын ард түмний бодит орлого зургаа дахь жилдээ унаж байна. Тэгэхээр хойд хөршийн байдал хүндрэх дүр зураг харагдаж байна. Хятад, Америк хоёрын дунд худалдааны дайн урт хугацаанд үргэлжилчихлээ. Нөхцөл байдал бидний төсөөлж суугаа шиг амархан биш болчихлоо. Энэ оны эхний хагас жилд хятадууд эдийн засгийн өсөлтөө 6.2 хувиар өссөн гэж зарласан. Гэтэл тэр тоонд нь итгэдэг хөрөнгө оруулагч, улс орон улам бүр багасаад байгаа. Итгэл алдарч явааг нь тойруу олон тоогоор нотолж болно. Хятадад автомашины борлуулалт 30 хувиар унасан байгаа юм. Автомашин үйлдвэрлэл, худалдаа Хятадын ДНБ-ий үйлдвэрлэлийн 10 хувийг бүрдүүлдэг. Бодит байдал ийм атал эдийн засгийн өсөлтөө 6.2 хувиар өслөө гэж зарлаж яваа нь “Хятадын эрх баригчид мэдээллээ худлаа хийдэг болжээ” гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байна. Эдийн засгийн байдал хоёр талд хүндэрч буй нь биднийг эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд оруулах эрсдэлтэй. Энэ эмзэг байдал 2020 оноос илүү их мэдрэгдэнэ. Тэгэхээр нөхцөл байдлаа томоор харах хэрэгтэй. Дотоод нөхцөл байдлаа нарийн анзаарч, бодлоготой урагшлахаас аргагүй. Харамсалтай нь тэгж чадахгүй байна л даа.

-Таны АТГ-т шалгагдаж эхэлсэн асуудал юу болж байна?

-Улс төр болохоор зовоосон хэвээр л байна. АТГ-т дуудаж байгаа. Асууж байцааж байна. Зөв ойлголцох юмсан гээд бүх асуултад нь хариулаад явж байна даа.

-Асуудгаа л асууж байна уу?

-Асуудгаа асуугаад зогсохгүй л дээ. Хүний санаанд оромгүй сонин сонин сэдэлтэй зүйл асууна. Цаанаа л нэг юм хайсан шинжтэй. Хийж буй ажлыг нь унагаад яахав гэдэг үүднээс энэ талаар дуугарахгүй байгаа. Үнэн зөвийг олоход туслах гэдэг үүднээс чимээгүй яваа. Шаардлага гарвал дуугарна.


Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ

Монгол найргийн нэгэн сайхан оргил Дөнгөтийн Цоодолтой төрсөн бууцанд нь хамт очоод ирлээ. Бүрэнгээ, Талынбулагаа, Булгуудын хяраа, Сарваацуцахын талаа, Төхөмийн цагаан нуураа цаг үргэлжид зүрх алдан санадаг их найрагчийн нутагт дөрөө харшуулан бууна гэдэг өндөр хувь заяа ажгуу. Талынбулагт ёстой нэг хонгор сайхан намар болж байна. Дэлдэн чихт хонин тогоонууд гал дээрээс сална гэж үгүй, цагаанд суугаастай хөлс алдсан бүрхээр тогоон дээрээс ховхорноо номгүй, улаа бутарсан өвгөд гэрийн хоймор эзэгнэх Бүрэнгийнх нь намар зүсээрээ байна лээ. Жулдрайхан миний ачит багш бол өндөр Цоодол юм. Багштайгаа, ерэн жилийн ойтойгоо золгосон Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айлыг удирдаж яваа Долгорын Цэнджав зохиолчтой гурвуул Бүрэнгийн намраар ирж буй минь энэ. Багш минь Монгол гэж аварга нэртэй уулынхаа хөтөл дээр дөрөө мултлан нутгийнхаа барааг хараад, урьхан хонгор салхинд нь нулимс чийгтэж зогссон сон. Монголын хөтөл дээр аялгуут найрагчийгаа сумын засаг ноён, сургуулийн багш нар гээд олон чиг хүмүүс уруул чимчигнүүлсэн Бүрэнгийнхээ айрагтай угтсан. “Алтан хундагын дэлбээнд нь мөнгөн шүүдэр сөгнөөстэй, Аавын мөртэй шороонд нь есөн эрдэнэ үелээстэй…” хэмээх дуун суваргынх нь өмнө угтаж байгаа юм. Тийм л дээдийн хүндэтгэл байдаг юм билээ. Эцэг өвгөдийнх нь гэгээн дүрийг хадгалж үлдсэн эрдэнийн шигтгээт уул усаа хараад баярлахгүй хэн байх билээ. Ардын зохиолч маань Ажнай, Өндөрмагнай, Талынтолгой, Баянуул, Цахиурт, Арслан, Хэвтээ гээд бурхны тэмээ туйлахдаа талаар нэг мөнгөн аяга тараан хаяж тэр бүгд нь хөмөрч тогтсон юм шиг бөмбийсөн олон толгод, ухаагийнхаа барааг хараад жаргал гээчийг амссан.

Тэртээ хойно Бүрэн хайрхан дүнхийж байна. Найрагч хүү минь ирлээ дээ гэсэн шиг улам дүнжгэр сайхан харагдана. “Би Бүрэнгийн уулын оройд ажаагаа дагаж хааяа гардаг байлаа. Тэртээ дор хоёр Төхөмийн нуур хоёр мөнгөн төгрөг шиг цагаарч, сумын жаахан төв борлойно. Адуу мал бэлчиж яваа нь аргал хоргол шиг жаалхан.

Эргэн тойрон үүл манан цэнхэртэнэ. Ажаа минь “Тээр зүүнтэй Богд Дүнжингарав гэж их том уул байдаг. Богд уул, Бүрэн хоёр бие биенээ харж байдаг юм гэнэ лээ. Сайн хардаа” гэв. Манаран хөхрөн байгаа үүл манан дунд би юу ч олж харсангүй. Миний Бүрэн уул бол би биш. Богд уулыг харж байгаа. Сайн ч муу ч төрсөн хүү нь би юм. Тэгэхээр намайг ч гэсэн уул минь харж түшиж явдаг” нэгэнтээ хэлж билээ л.

Хурганы хүүхэд зүүрмэглээд бүсээ гээчихсэн юм шиг нарийхан жаахан булаг. Энэ бол Талынбулаг. Цоодол найрагчийн хэлснээр “Талынбулагийн вант улс” энд оршино. Энэ нутгийн хамаг горхи булаг тэртээд цэнхэрлэн байх Булгуудын хяр тийш яаран сандран урсах атал гагц Талын булаг эгц хойшоо бүр газрын өөд зүтгэдэг зөрүүд ус. Зөрүүд нь гагц энэ бус, өвлийн дүн хүйтэн тачигнаад явчихад хамаг булаг горхиуд хөлдөж, Бүрэнгээс хойш гурван өртөө Туулын гол мөсөн дороо хадаалж байхад Талынбулаг л уур манан савсуулна. Яаж ч цас дарж, дэрс цантаж зунжин намаржин ганганасан шувуун дуу тасарч байсан ч мөсөн хучлагаа зад тийрч зунаасаа ч арай элбэг, хуучнаасаа арай ч илүү сүр ороод эх оргил нөгөө зөөлөн мандал нь орсон буурын хөөс шиг цайран цавцайн ойр тойрны айлуудын хүн малыг ундаалсаар урин хавартай золгодог юм гэсэн. Үүнийг нь мэддэг нэг хэсэг айл өвөл боллоо гээд тэртээ хойд зүгийн уулс руу нүүхгүй. Булгийнхаа хэдэн толгод, дэрс харгана бутыг бараадсан цөөхөн өвөлжөөнд овоо хэдэн сар болно. Сумын хойд талаар түүнээс ч хол явж өвөлжсөн айлууд хавар буцаж ирэхэд “Онд сайхан орлоо, яахав булагтайгаа, хэдэн толгодтойгоо элбэж хамжаад хүнтэй малтайгаа мэнд амар л өвлийг давлаа” гэлцсээр хөхүүн хөөртэй тосоцгоодог гэдэг нь тийм учиртай. Тэр л вант улсын булаг тохойд Гөөгөө Агвааныхан, Дуут Доржпаламынхан, баруун тийшээ Цахиурт гэдэг ганцхан хяр даваад Чимидийн Сосор, хөмсөг Нанзаддоржийн Миенгийнхэн, Цахиуртын урдхантай Чимэддорж өвгөнийх хүргэнийхтэйгээ, мөн олон хүүхэдтэй Дорж гэдэг хөлс алдсан өвгөнийх үр ачтайгаа нийлээд нэгэн их хот айл нэвсийцгээн аж төрдөг байж. Энэ л бурхдын үр ач нар эдүгээ Талынбулагтаа эцэг өвгөдийнхөө буурийг тамгалсаар халуун голомтоо сахиж сууна.

“Талынбулагаас хойш Ажнайгаас зүүхэн урд хөөрхөн хүүхний хацрын хонхорхой ч юм уу, эс өгөөд үхрийн нэрмэл хийж уугаад ширээн дээр тавьсан мөнгөн аяганы хонхорхой ч юм уу, энэ ЦэдэнИшийн хонхор. Тэртээ урд Булгуудын хяр баруун тийшээ харахнаа нямбай эзэгтэй донжийг нь олж өрсөн эд юмс шиг. Арслан Хэвтээ, их бага Цахиуртын ухаа хяр тоогоороо. Тэр зүүнтэй Магнай Арвин бор толгой Түрүү ухаа, Түмийн ухаа Шархотгор бурхан тэнгэрийн эрх жаал тарааж хаяад наадан суугаа тоглоом оо, тоглоом. Энд манайх намарждаг байлаа. Өглөө эрт ажаагийн чөдөртэй морийг барьж ирэх гээд өвсөн дундуур хазаар барин гүйдэгсэн. Ижий минь хэдэн халзан үнээгээ ээлжлэн сааж, хувинд сүү шор шор хийлгэн суух. Гэрээс минь аргалын цэнхэр утаа чанх өөдөө бойпороос савсах арцны утаархуу савсаад гоёо, гоё” гэж ардын зохиолч булгийнхаа жирмэн урсгалаас магнайдаа адислахдаа хэлсэн. “Манай ажаа дураараа хүний ганц хүү явжээ. Ижийг хаа тэртээ Бүрэнгийн уулнаас хонин дээрээс нь оргуулж ирээд энэ довонд айл болж анхны галаа асааж байсан гэдэг. Талынбулагаасаа морио усалж хэдэн хүүхдээ гарахад угааж хөвөөн дээр нь жил болгон зусч зунжин “Түмэн эх”, “Жаргалтайн дэлгэр” дуулж явлаа миний ажаа” гэж өр зөөлөн сэтгэл, халуун хайраар ачит эцгээ дурсаж байлаа.

Ажаа нь сэтгэлд нь бодогдож, Булгуудынх нь хэц нүдэнд үзэгдэж, Бүрэнгийнхээ хөх тэнгэр дор жаргал амсан зогсох мөчид багш минь “Харамчийнхны дууль”аа хэрхэн олсноо хуваалцсан юм. “Би зургаад орох жилээ аймгийн сургуульд явалгүй бүтэн сараар хожимдлоо. Айраг цагаа дэлгэрсэн сайхан зуны дараа элбэг тэнүүн намар залгаад байв. Манайх хаачих вэ, Талынбулагтаа зусаад тэрүүхэндээ замын бууцанд өвөлжихөөр хороо хотоо засчихаад байсан юм. Ажаа бид хоёр зун их борооноор алдсан азарган үрээтэй хэдэн адууныхаа эрэлд гарч Эрдэнэдалай орлоо. Одоо санахад Булгуудын хяраа самнаад зүлэгтэй тэнүүн хар улаан чих гээд зөндөө газар явжээ. Хаал бол гүү барьсан хүрээчин, хороочин ирсэн гэр барьсан гээд дуулсан, хуурдсан айлуудаар орж адуу эрсэн найр хурим эрсэн хоёрын алин болох нь мэдэгдэхгүй шахам явжээ. Тэгтэл ашгүй Хярын суга хэмээх газраас өнөө хэдийгээ олоод буцах замдаа Булгуудын хяраас гардаггүй чөрх Лувсандорж, Ямаат Цэрэнпил бас Ёндон Сүрьеэ гээд олон гэртэй хот айлд буусан юм. Лувсандоржийнд нь эхлээд ортол мөн л найртай таарчихлаа. Дөнгөө ирлээ алив дээшээ л болов. Эцэг найрын том дуучны хувьд гэнэтийн явдал ч биш хойморт гараад нэг их удсан ч үгүй дуулуулъя Дөнгөөгөөр, “Жаргалтайн дэлгэр”-ийг нь дуулуулъя энээ тэрээ гэлцлээ. Тэр үед есөн сар нэгэнт гарчихсан цаг болохоор өнгөрсөн шөнө нь хүйтэрч гараад харахад тэртээ хой хойд Батхаан ууланд цас орчихсон орой нь гялалзан гялтганаж гэрт ч ялгаагүй сэрүү оргивч намрын хоь шим шингэсэн өтгөн шаргал айраг нэрмэл тогтоож суугаа томчууд анзаарсан янзгүй эцгийг дагаж айлд хонож өнжсөөр жаахан зутарсан би л харих сан, аймгийн сургуульд явах сан гэж эрх биш санан суувч намайг гэх янз ажаад минь үгүй.

Хэдийгээр ганц том хярын ар өвөрт байдаг ч говийнхон амьдрал ахуй нь манайхнаас арай л өөр маягтай. Том том хүрэн бор хүүхнүүд их багагүй хөл нүцгэн эрчүүдтэйгээ ана мана наргиж хуруудаж дэмбээдэхдээ бүр ч галзуу том том хулаар залгилна. Хот хүрээний айлуудын маягтай хямд ч хамаагүй элдэв толь шил их бага жаазтай зураг хоймрын авдар дээгүүрээ манайхан шиг өрсөн нь ховор. Соёлжоогүй юм гэж дунд сургуульд гэрээ санан санан ганц жил болсноос цаашгүй дотуур байрны шаврай би бодож суужээ. Гүү саах боллоо. Би ч гэсэн унага татаж өгөхөөр зэлэн дээр очлоо. Намрын номхон унага татаж зогсох зуур авгай хүүхнүүд гэр ярьсан түрүүчийн яриагаа үргэлжлүүлэв бололтой “манай үрэгддэг хүү одоо байвал дөч хүрээгүй сайхан эр явж байх байж дээ” гэхэд өнөө нэг нь “Ерөө ер, манайх ах Бандгайн хүү танай муу хүүтэй чацуу байсан юм гэнэ лээ. Хоёулаа тэгж үрэгдэх ёстой байсан юм байжээ, хөөрхий” гэж ярилцсан байх нь…”.

“…Унахын учиргүй хоёр сайхан хархүү

Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм

Хамгийн хүнд цагт эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй ээ” гэх төгсгөл хэсэгт нь зүрх ёгхийж, дээшээ нэг юм өгсөөд эрхгүй нулимс мэлмэрээд ирдэг. Ажаагаа дагаж адуутайгаа цуг олсон дууль нь өөрийг нь бүтэн найрагч болгож бүх Монголоор алдаршуулна чинээ хэрхэн санах билээ сэн. “Харамчийнхны дууль-ийг уншаад би уйлдаг” гэж одоо л Ерөнхийлөгчийн дэргэд оодроод байгаа болохоос нэгэн цагт Монголын халуун зүрх явсан Асашёорюү аварга ярьдаг л юм.

Талынбулагийн урьхан хонгор салхинд илбүүлэн зогсож ахуйд бас нэгэн дурсамж дурдатгалын хуудас эргэх нь тэр. “Далан зургаан оны хавар. Хотод сургууль төгсөөд байх үе. Хоёр хүүхэдтэй дээр нь авгай хариугүй төрөх гэж байдаг. Удахгүй тавуулаа болох айлд толгой хоргодох оромж байсангүй. Улаан цуравтай манайхыг багтааж шингээх айл хаана байдгийг бурхан л мэдэх болов уу. Гэр аваад суучих зам байвч яаж гэхээс үстэй толгой арзайна. Оюутан ахуйн хэдэн жил айлын халаасанд байсан болохоор дахиад айлд гэхэд зүрх үхнэ. Ийм л үед нэг өдөр айлын утсаар “Би Дэжидийн Чойжил байнаа, Танайхыг сууц сураглаж байна гэж би нутгийнхаа Мөндөөлийн Цэндээс сонслоо. Би Москвад суугаа Монголын элчинд гурван жил явах гэж байна. Манай сууц удахгүй суларна, орвол ор”. Ийм л зүйл болсон юм гэдэг. Талынбулагийнхны нэгэндээ хайртай халуун сэтгэл энэ юм. Гэхдээ хуучирдаггүй дээлний учир юмаа гэсэн. Чойжил гуай тэртээ дөчин зургаан онд Улаанбаатарыг зорьж Талынбулагаасаа ижил хоёр хар морьтой нэгийг нь унаж нөгөөг нь хөтлөөд мөнгөн эмээл хазаар ташууртай сайхан хүү гарчээ. Тийн явахдаа Төхөмийн дэрсний хөвөөнд сүүлд Цоодол найрагчийн хадам болсон Гомбодашийн Амгаа гуайнхаар оржээ. Амгаа гуай Чойжил хүүгийн унасан морь эмээлийг нь харж бахдаад, харин “наад өмсөж яваа дээл чинь базаахгүй юм байна, ийм сайхан хархүү эмжээр нь урагдсан дээлтэй явна гэж юу байхав” гээд Цэдэнбалжин хөгшиндөө хэлэн хоймрын авдраасаа сайхан хүрэн чисчүү дээл гаргаж өмсгөжээ. Тэрхүү дээлний ач буяныг санаж 30жилийн дараа хоёр хөгшний охинд нь гурван нялх хүүхэдтэйгээ тэвдэж явахад нь орон байраа өгсөн байгаа юм.

“Бүрэнгийнхэн нэгэндээ их хайртай, хоорондоо их эвтэй, тусч халуун сэтгэлтэй хүмүүс” гэж Төв аймгийнхан нь өөрсдөө хэлээд байдаг. Цоодол зохиолчийнд орон байраа асууж сураглаж байгаад өгсөн Чойжил гуайн сэтгэлийг бодоход, за тэгээд Талынбулагийнхны өвгөдийн үүх түүхээс харахад Бүрэнгийнхний ноён нуруу эрхгүй мэдрэгдэнэ. Бүтэн заяанд төрсөн хүмүүс гэдэг нь аандаа анзаарагдана.

Цоодол зохиолчийн Манжаа, Дунгаа, Ар халхын сэргэлэн Дугжаа, мөнгөн Амбаагаас аваад олон гоё дүрийг хүмүүс мэдэх болсон. “Уужуу Дондог”, “Тэмээ Самдан”, “Ороо Эрэнцэн”, “Буруу Довдон” тэгээд өнөө “Тэнэг”, “Харамчийнхан” бол бүр эртний танилууд л даа. Сүүлд “Шар тэмээний нутаг”, “Хонины боол”, “Хөеө”, “Нулимс холоос харагдахгүй”, “Талынбулагийн вант улс” гээд бүтээлүүдээс нь олон сайхан дүрүүд бидний сэтгэлд орж ирсэн билээ. Талынбулагт очоод тэр бүгдийг сонсож байх нь ээ, бүгд л бодит хүмүүс гэдгийг эрх биш гадарласан. Яахаараа тийм их наргиан наадаантай, гэнэн цайлган, гэм хоргүй өр зөөлөн хүмүүс төрдөг юм бэ дээ гэж бодохоор. Бүгд л онигооны баатрууд. Тэдний нэг бол яах аргагүй Тугдаан Гомбожав гуай. Цо аварга Го-гийнхоо тухай ярих нь бөөн инээдэм болж байгаа юм.

“Гомбожав гуайг уг нь энэ Булгуудын хярын хүн, ноёны адуучин энэ тэр гээд залуудаа иртэй явсан гэцгээх. Түүнийг хүмүүс Тугдаан гэдэг. Тугдайсан дожной эр болохоор нь тэгсэн биз ээ. Гомбожав гуайг худлаа хэлдэг гэдэг ч яаж хэлдгийг нь би мэддэггүй байв. Нэгэн зун очсон үеэрээ саваагүйтэн тэднийхээр зориуд буув. Гэр нь жаахан хуучин муу бүрээстэй юм. намайг ороход хоймроо суугаад арьс элдэж суугаа нь тун доожоогүй харагдлаа. Арьс нь нас гүйцсэн том хониных байх аа. Нэхийнийхээ нэг талыг гуталдаа тумлайдан өшиглөөд хэдрэгдэж байгаа нь элдэж байгаа гэхээсээ илүү арьсаар хучаад хэвтэж байгаа юм шиг харагдана. Чих нь соотойж нүд нь соомгоноод яг л хүүхэд. Ийм хүн ч зална даа гэх шиг юм шууд бодогдлоо. Хүн юу л асууна дандаа үзсэн, мэдсэн, дийлсэн гэдэг юм гэнэ лээ. Мэнд усыг нь мэдээд жаахан сууж байснаа өвгөний чургар бие хааг дотроо жахан голсон шиг харж “та барилдаж явсан юм гэнэ лээ. Их Монгол Шаравжамц аваргатай барилдаж байв уу” гэлээ. Энэ яаж байна надаар дамшиглаж байна уу гэсэн бололтой өөдөөс цоолгосхийн харснаа ярихгүй байж тэссэнгүй бололтой “үзсэн” гэж өөдөөс дорхноо хариулаатахлаа. За тэгээд яаж барилдав гэсэн чинь өвгөн хэллээ. Ээ базарваань, аварга цап хийгээд л миний баруун мөрнөөс бариад авлаа. Нөгөө гараараа шуудагдаад авлаа. Би мөн нэг гараараа мөрнөөс нь барьж нөгөө гараараа шуудагдаад авлаа. Тэгтэл аварга шурхийгээд намайг засаадаад авлаа. Би ч аваргыг засаад авлаа. Хүүе Гомбожав гуай, таны нэг гар аваргын мөрнөөс нөгөө гар шуудагнаас нь барьж байгаа. Одоо засаадахаар чинь таны гар хэд юм бэ. Го дорноо сийрч өө золиг нэг гараа тавьж л дээ гэж байна. Аварга намайг чулуудаж орхилоо. Яагаад тэр вэ, та адилхан л мөрнөөс барьсан, шуудагдсан, засаадсан гэтэл эхлээд засаадсан нь хаядаг золиг юм билээ л гээд Гомбожав гуай шилбэлзэж суулаа” гэсэн юм.

“Булгуудын хяраас харж суутал Арвин бор толгой бүр ч содон үзэгдэнэ. Нутаг нь үзэгдэж санагдахаар эзэд нь дагаад санагддаг шиг байна. Энэ Арвин Төхөмийн хөвөөнөөс хүн болсоор гараагүй Зундуй гэж болхгор бор хар хүн байлаа. Одоо үед өргөмжлөл гардаагүй, аварга тэргүүн гэгдээгүй хүн Монголд алга. Үнэндээ тэр гялгар цол гуншин манай нэгдүгээр багийн Зундуй гуайд хүртээгүй юм аа. Ардын нэгдэл гэж байхад дунд цагирагны малчин байхыг нь би мэднэ. Нэгдлийн хөрөнгө үрэв, нийтийн өмч идэв гэж дуулдаагүй. Арвин бор толгойн аль ч сугад байдаг юм хонь дагасан Зундуйг л би мэднэ. Тэр жилийн хавар Төхөмийн дэрсэнд хонь ямаа ид төллөж төлийн жижүүрт гарч, нойргүй хоноод маргааш нь хотондоо авгайтайгаа нялх хурга ишиг амлуулах гэж завгүй байсан Зундуйг санаж байна. Хонгор гэдэг талын уулын хажууд хүмүүс хороо барьцгааж байхад “Хүргэн хүү” киноны Дэмбэрэл шиг ноорхой хөвөнтэй дээлтэй чулуу үүрээд зүтгэж явсан Зундуй… дандаа зав чөлөөгүй Зундуй он жилийн цэнхэр хөшгөн цаанаас зурс зурс үзэгдээд өнгөрөх шиг. Тэнэг билээ гээд тэнэж төөрөөд тэмээтэй нийлээд яваагүй л Зундуй байгаа юм даа” гэхэд нь бас л нэг барам шиг хүний ургаад ирнэ.

Тэнэг Зундуйгаа тэр жил төрийн тэргүүн Самбуу гуай 70 насныхаа ойн найранд уригдсан Бүрэнгийн аварга малчин Ширчин, уртын дууч Дэндэв, сум нэгдлийн дарга Доржпалам нараас асуусан юм гэдэг. Үнэндээ Зундуй Самбуу хоёр Арвин бор толгойд нэг муу цахиур буутай цагаан зээрэнд тэмээ түлхэж явсан хүүхдүүд. Түүнийг нь Бүрэнгийн урд талын Пунцагийн Баяр, Мятавын Туваан гээд аргил аргил өвгөд нь гэрчилж байсан гэдэг. Багш минь Тэнэг Зундуйгаа “Төрийн тэргүүний анд” гэж өргөмжилнө. “Элчин Самбуу” шүлгэнд нь ч өнөө Зундуй нь гардаг. “Тэнэг” хэмээх зартай шүлгээ ч өнөө муу Зундуйгаа бодож л бичсэн байж таарна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганзориг: Ойн бизнес хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн

Хуучнаар ойн цагдаа буюу орчин цагийн хэллэгээр байгаль хамгаалагч нар өчигдөр чуулав. Нийтээр тэмдэглэх баяр, ёслолын хуулийн дагуу жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт “Ойн модны салбарын ажилчдын өдөр” гэж тэмдэглэдэг. Энэ өдрөө тэмдэглэх хүрээнд төрийн албанд зүтгэж байгаа салбарын инженер, техникийн ажилчдын хүрээнд өдөрлөг зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгөөр байгаль хамгаалагч нар хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар тус зөвлөгөөнийг зохион байгуулагчдын нэг БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ойн хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээх албаны дарга Б.Ганзоригтой ярилцлаа.


-Зөвлөгөөнд хэн оролцож, юу ярьж байна?

-Сум болон сум дундын ангиудаас төлөөлөгчид оролцож байна. Ажил үүргээ гүйцэтгэхэд ямар бэрхшээл тохиолдож байгаа, түүнийг хэрхэн даван туулах талаар ярилцаж байгаа. 39 ойн анги, таван нэгж оролцож байгаа.

-Анги, нэгж гэж юу вэ?

-Ойн анги гэдэг нь 450 мянган га ойн санг хариуцаж байгаа нэгж. Ойн нэгж нь нутаг дэвсгэрээр ойн ангиудаа удирдлагаар хангадаг нэгж.

-Манай нутаг дэвсгэрийн хэдэн хувийг ой эзэлдэг вэ?

-Мэргэжлийн хүмүүс 11 хувь гэж үздэг. Энэ хувь хэвээрээ л байгаа.

-Найман хувь гэж яриад байгаа шүү дээ.

-Найман хувь гэдэг нь яг мод ургаж байгаа талбараа тооцож ярьж байгаа юм. Хуулиар шатсан талбай, үржүүлгийн болон бэлтгэлийн талбайг ойн санд оруулж тооцно. Энэ нийлбэрээр 11 хувь болдог.

-Манай ойн эрүүл мэнд ямар байгаа бол?

-Ойн эрүүл мэндийг олон шалгуураар тооцно. Манай нийт ойн санг ерөнхийдөө хөгшин талдаа гэж хэлж болно. 70 орчим хувь нь хөгширсөнд тооцогдоно.

-Удахгүй 70 хувь нь устана гэсэн үг үү?

-Үгүй л дээ. Хөгшин мод үхэж байгаа мод гэсэн үг биш. Цаашид техникийн болц нь нэмэгдэхгүй болсон модыг хөгшин гэж үзэж байгаа юм. Техникийн болц гэдэг нь тэр модноос авах ашиг шимийг хэлнэ. Хэдийгээр модны ашиг шим нэмэгдэхгүй ч хэдэн зуун жил мод амьдарч, байгальд үзүүлэх үүргээ гүйцэтгэж чадна.

-Хорхой шавьжинд баригдсан хэсэг байгаа гэдэг.

-2018 оны тооллогоор 300 гаруй мянган га ойд тийм асуудал гарсан. Энэ жил 60-аад мянган га ойд эрүүлжүүлэх ажил зохион байгуулж байна. Сүүлийн хоёр жилд ойн хөнөөлт шавьжийн тархалт 40 гаруй хувиар буурсан.

-Түймэрт хэр их ой сүйдсэн бэ?

-Энэ жил 300 гаруй ойн түймэр гарсан мэдээ бий. Хохирлын хэмжээ гарах арай болоогүй байна.

-Дэлхийд гарч байгаа том түймрүүд аглаг зэлүүд ойд ургамлын олон жилийн хур хаягдлаас болж түлш шиг асаад дийлдэггүй гэсэн мэдээ байдаг.

-Үнэн. Манайх цэвэрлэгээний чиглэлээр судалгаа хийгээд дүнгээ гаргасан. Өнөөгийн байдлаар 60 гаруй сая га ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай. Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлээд бага ч гэсэн цэвэрлэгээ хийж байна.

-Хаана цэвэрлэгээ хийж байна?

-Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр гэх мэт сумуудад цэвэрлэгээ хийж байна.

-Цэвэрлэгээг хэн хийдэг вэ?

-Мэргэжлийн байгууллагууд орон нутгаас зөвшөөрөл авч хийдэг. Цэвэрлэгээгээр босоо мод авахгүй. Олон жил дагтаршаад шатамхай бодис шиг болдог хэсгийг л цэвэрлэнэ. Харин хатаад цаашид амьдрах чадваргүй болсон зарим модыг цэвэрлэж байгаа.

-Тийм мод байх уу?

-Богд ууланд бий.

-Далимдуулаад Богд уулыг нүцгэлээд байшин барьчихгүй биз дээ?

-Тийм ямар ч боломж байхгүй.

-Ой цэвэрлэхийн тулд цэвэрлэх саналаа гаргасан байгууллага мөнгө төлөх үү, эсвэл ой цэвэрлэж өглөө гээд төр мөнгө өгөх үү?

-Ой цэвэрлэх санал гаргасан байгууллага орон нутагт “гоожинг”-оо л төл, тэгээд л болно. Зарим сум, багийн иргэдийн ихэнх нь ойн цэвэрлэгээнээс түлээний хэрэгцээгээ хангадаг.

-“Гоожин”-д хэдэн төгрөг төлөх вэ?

-Эрхийн бичиг 2500 төгрөг. Хэмжээнээсээ хамаараад 300-400 мянга. Ер нь нэг их үнэтэй биш.

-Шавьжинд идэгдсэн модыг авч болох уу?

-Болно. Гэхдээ тухайн сумын ИТХ шийднэ.

-Говьд ойн анги байдаг уу?

-Байгаа. Манай улсын нийт ойн сан сангийн 20 шахам хувийг заган ой эзэлдэг. 6-7 сая га газар заган ойтой.

-Говьд ихээхэн хэмжээний ой байгуулсан иргэд байдаг гэсэн.

-Байгаа. 2-3 гавьяат цолтой хүмүүс бий. Харамсалтай нь энэ зөвлөгөөнд оролцоогүй. Энд ойн ангиудын мэргэжилтнүүд ирсэн юм.

-Ойн байцаагч нар уу?

-Одоогийн хэллэгээр Байгаль орчны хяналтын улсын байцаагч.

-Хэн томилдог вэ?

-Байгаль орчны хяналтын улсын байцаагчийг МХЕГ. Тэр торгууль, шийтгэл оноох эрхтэй, хяналт тавьдаг хүн. Байгаль орчны байцаагч нь ойтой харьцах мэргэжлийн бодлого хэрэгжүүлдэг хүн. Нэг нь бодлого хэрэгжүүлнэ, нөгөө нь хяналт тавьдаг байцаагч сум бүрт бий.

-Төр ойгоо бүрэн хянаж чадаж байгаа гэсэн үг үү?

-Тийм.

-Тужийн нарс сүйдсэн гэж ярьдаг байсан.

-Монголын ойчдын хамгийн том ажил, бахархал. 20 жилийн турш сүйдсэн 17 мянган га талбайг сэргээж төрд хүлээлгэн өгсөн дөө.

-Бид ойн сан багатай байж мод түлэх нь зөв үү, асар их нүүрстэй байж багахан ойгоосоо түлээ бэлтгэх нь буруу гэж үздэг хүмүүс цөөнгүй байна?

-Ойн мэргэжилтнүүд бас тэгж үздэг. Хэрэгжих боломжтой санал шүү дээ. Өнөөдөр орон нутагт цэвэрлэсэн модоо боловсруулаад шахмал түлш болгодог Германы технологийг хэрэгжүүлж байгаа газрууд байна. Булган, Сэлэнгэ аймгуудад хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлээд эхэлчихсэн.

-Хувийн хэвшлийнхний тарьсан ойг хувийн гэх үү, төрийн гэх үү?

-Хэрэв тарьсан ойгоо төрд худалдах хүсэлтэй бол төр худалдан авна. Төрд худалдахгүй гэвэл хувьдаа л үлдэнэ.

-Би чацаргана тариад түүнийгээ үнэлээд банкнаас зээл авахад та нар үнэлгээ хийж өгөх үү, чанар, үр өгөөж гээд банк бас хаширлана даа.

-Банктайгаа л тохирчихвол, үнэлгээ хийхэд асуудал байхгүй. Жишээлбэл, алимны модыг үнэлэхэд хэдэн жил өгөөжөө өгсөн, цаашид олох өгөөж, төрд худалдаад хэдэн жил ашиг олох гээд мэргэжлийн үнэлгээ байдаг.

-Ойн бизнес хийхэд төрөөс дэмжих үү, хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?

-Мэдээж байгаль орчинг сайжруулах бизнес учраас дэмжинэ. Өнөөдөр засч, нэмэх юм байгаа ч ойн хууль их боломжийн орчин бүрдүүлсэн.

-Энэ жил самар түүлгэхгүй гэсэн яриа байна.

-Самар дөрвөн жилд нэг удаа ихээр ургадаг. Энэ жил ургац муутай. Улсын хэмжээнд хоёр суманд л ахуйн зориулалтаар самар түүх зөвшөөрөл өгсөн.


Categories
мэдээ улс-төр

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барилаа. Монгол Улсын Их хурлаас 1995 онд Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байна. Хоршоо нь өрхийн бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар гэдгийг төсөл өргөн барисан гишүүд онцоллоо.

Хоршооны хуулийн төслийн шинэчилсэн найруулгад хоршоог томруулж, төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого агуулагдаж байна. Хоршоог идэвхжүүлэх зорилгоор 100-аас дээш гишүүнтэй, эсхүл 1.0 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоо хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхэлж болохоор, мөн хязгаарлагдмал хүрээнд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж болох зохицуулалт туссан гэлээ. Мөн хоршоо өөрийн хөрөнгөтэй байж, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх боломжийг бүрдүүлэх заалт шинээр оруулсан байна. Үүнээс гадна татвар, нийгмийн даатгал, аудитын асуудлаарх заалтууд орсон гэдгийг төслийг танилцуулахдаа УИХ-ын гишүүн Н.Энхболд дурдлаа.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал хоршоо хөгжих эрхзүйн орчин сайжрах, хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй, удирдлага зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжих, татвар аудитын зөрчилтэй асуудлууд арилах зэрэг эерэг үр дүн гарах учир уг хуулийн төслийг холбогдох Байнгын хороод, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

О.Эрхэс: Олон эрэгтэй маке ап артистууд дундаас ялгарч гарч ирэхийн тулд өөр дээрээ эмэгтэй будалтыг хийж эхэлсэн

Охид бүсгүйчүүд сүүлийн үед нүүр будалт, маке ап урлагийг ихээр сонирхох болсон. Энэ удаагийн залуучуудад зориулсан буландаа маке ап урлагийг Монголдоо хөгжүүлж байгаа эрэгтэй Маке up artist О.Эрхэстэй ярилцлаа.


-Maкe up artist чиглэлийг яагаад сонгох болов. Мэргэжлийн сургуульд сурсан уу?

-Би урлагийн сургуулиар бүрэн дунд боловсролоо эзэмшсэн. Сургуульд маань аравдугаар ангиас тайзны нүүр будалтын хичээл ордог. Тэр цагаас цаашид энэ чиглэлээр явъя хэмээн бодож, барьж авсан л даа. Хоёр жил гаруй Youtube.com-оос бичлэг үзэж өөрөө сурч эхэлсэн. Тэгээд өөрийгөө мэргэжлийнх болохгүй бол болохгүй юм байна гэдгийг мэдрээд мэргэжлийн сургалтад сууж төгссөн.

-Дандаа өөртөө будалт хийж охид бүсгүйчүүдэд хичээл заадаг юм байна лээ. Пэйжээ хэзээ нээж, олонд хэзээнээс танигдах болов?

-Би мэргэжлийн артист болоод нэг жил гаруй хугацаа болох гэж байна. Түрүү жилийн есдүгээр сарын хорин хэднээс сургалтад суугаад төгсөнгүүтээ пэйжээ нээсэн. Тэр үед өөрийнхөө таньдаг хэдэн хүний л хүрээлэл дотроо 30-40 лайктай л байдаг байлаа. Тэгээд гадаадын маке up артистуудыг хариуцаж, инстаграм, youtube-ээр ажиллаж эхэлсэн. Гадаадад эрэгтэй артист нь харьцангуй давамгайлчихсан. Содон туссан зүйл нь өөрсөд дээрээ будалт хийдэг. Тэр нь илүү хандалт авдаг. Юм үзэж нүд тайлсан хүмүүс өөрөөр хүлээж авдаг юм байна лээ. Тэр хүмүүс шиг хүлээж авах болов уу гэж эхэндээ айж байлаа. Тэгээд л зориг гаргаж өөр дээрээ будалт хийж сошиалд цацаж эхэлсэн үр дүн нь ямар ч байсан хамаагүй хийе л гэж шийдсэн. Одоогийн нийгэмд хэн шинийг санаачилж шинээр сэтгэж байна, тэр хүн л амжилтад хүрч олонд танигдаж чадна. Олон эрэгтэй маке ап артистууд байдаг тэр дундаас ялгарч гарч ирэхийн тулд өөр дээрээ эмэгтэй будалтыг хийгээд илүү хүмүүсийн анхаарлыг татах юм байна гэж бодсон. Энэ бол ердөө л маркетинг шүү дээ зарим хүмүүс буруугаар ойлгоод муулах зэрэг үйлдлүүд гаргадаг. Тэр үед нь би тэр хүмүүсийг өөрчлөхийн тулд үгээрээ байнга ярих биш үйлдлээрээ хийж үзүүлсэн. Тэгснээрээ хүмүүсийн хандлага илүү эерэг болж илүү намайг дэмждэг, ойлгодог, хамгаалдаг болж эхэлсэн. Би энэ урлагт анхдагч биш л дээ. Гэхдээ анхдагч юм шиг гарч ирж чадсан. Надаар төлөөлүүлээд энэ урлагт дуртай болсон цаашлаад энэ урлагт эрэгтэй хүн байдаггүй гэж боддог байсан хүмүүс өөрчлөгдөж эхэлсэн.

-Сургалт зохион байгуулдаг гэсэн. Энэ чиглэлээр суръя гэсэн хүмүүс хаана хандах вэ. Өөрийн пэйжээр дамжуулан их хүн холбогддог уу?

-Ихэвчлэн миний пэйж хуудсанд ханддаг. Бүсгүйчүүддээ зориулаад ажлын цагаасаа тусад нь цаг гаргаад ганцаарчилсан сургалт заадаг. Өөр ийм төрлийн сургалтуудад хүмүүс төлбөртэй сурдаг. Тухайн сургалтууд нь хямд үнэтэй үр өгөөж муутай хүнд хүрч чаддаггүй юм шиг санагддаг. Мөн сошиал хуудсаар дамжуулаад сайн дурын сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтын маань зорилго нь үр өгөөжтэй гэрээс гарах боломжгүй эсвэл хөдөө орон нутаг гадаадад амьдардаг бүсгүйчүүдэд зориулж явуулдаг. Ганц би заахгүйгээр өөр хоорондоо мэдсэн сурсанаа солилцох групп нээж, түүгээрээ дамжуулан үнэгүй хичээл заадаг. Долоо хоногт нэг удаа бичлэгээ оруулаад дан ганц залуу охид бүсгүйчүүдэд биш, нас насны хүмүүст зориулж хэрэгтэй мэдээллийг өгдөг юм.

-Нүүр будалт гэдэг зүйл одоо илүү мэргэжлийн тал руугаа хөгжөөд явж байна. Монгол эмэгтэйд зориулсан тусгай будалт гэж байх уу. Эмэгтэйчүүддээ зориулан нүүр будах зөвлөгөө өгөхгүй юу?

-Ерөнхийдөө монгол эмэгтэй, гадаад эмэгтэй гэсэн юм байхгүй. Эмэгтэй хүний хувьд нүүр будах үндсэн зарчим байдаг. Эхлээд суурь буюу арьсаа цэвэрлээд бэлтгэж өгөх хэрэгтэй, арьс арчилгаа маш сайн хийгдсэн байх шаардлагатай. Арьс өөрөө бэлэн болж байж дараагийн будалтыг хүлээж авдаг. Хүмүүс дан будгаар арьсаа гоё болгочих юм шиг ойлголттой байдаг болохоор арьс арчилгаандаа анхаарал тавьж чаддаггүй. Арьсандаа анхаарсаны дараа ихэнх бүсгүйчүүд крем түрхдэг. Хэдий нэг талаараа арьсыг крем гоё болгож байгаа ч адилхан л химийн найрлагатай учраас арьсыг хордуулж байдаг. Үүнээс хамгаалахын тулд бэйс праймэр гэдэг зүйлийг хэрэглэнэ. Ихэнх бүсгүйчүүд маань үүнийг мэддэггүй учраас лайв болгон дээрээ хэлж зөвлөдөг. Намайг зорьж ирдэг хүмүүс нүүр будах сууриндаа илүү анхаарах болсон нь анзаарагддаг. Тэр талаараа бас би бүсгүйчүүддээ эерэг талаас нь нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна. Надаас нүүр будалтын техникийг бүрэн авч чадаж байгаа гэж найддаг.

-Манай орны эрс тэс уур амьсгалд охид бүсгүйчүүд маань арьсаа яаж хамгаалах ёстой вэ?

-Монголчууд дундад Азидаа ордог шүү дээ. Ази ч биш, Европ ч биш дунд нь байдаг. Манайд солонгос, японы арьс арчилгааны бүтээгдэхүүн их орж ирдэг. Тэдгээр орны уур амьсгал манайхаас өөр шүү дээ. Хувь хүний арьсны онцлог гэж бас тусдаа бий. Ихэнх дэлгүүрүүдээр явахаар тестрийн бүтээгдэхүүн байдаггүй. Шууд л амаараа “Энэ таны арьсанд тохирно, чийгшүүлнэ” гэж зөвлөдөг. Гэтэл нөгөө бүтээгдэхүүн нь тухайн хүний арьсанд тохирдоггүй үр дүн өгдөггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахын өмнө өөрийгөө тестэрлэж үзээд, тэгэхгүй гаднаас нь хараад энэ тохирно гэх буруу.

-Тэгэхээр өөрийнхөө арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн авахын тулд заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой гэсэн үг үү?

-Заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад, арьсаа зөв оношлуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөрийгөө гэнэт би тослогжоод байна, тослог арьстай юм байна гэж болохгүй. Яг үнэндээ арьс хуурайшиж эхлэхээрээ тосоо илүү ялгаруулдаг.

-Анх ажлаа эхлээд өөрийгөө будахаар гэр бүлийнхэн, найз охин тань яаж хүлээж авч байв?

-Одоогоор надад найз охин байхгүй. Ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулаад явж байна. гэр бүлийн хувьд миний өмнөө тавьсан зорилгыг минь хүндэлдэг, намайг дэмждэг. Би учир зүггүй, ямар ч бодлогогүйгээр энэ мэргэжлийг сонгоогүй. Цааш цаашдаа юу хийх, шат шатны золрилгоо тодорхойлоод үргэлжлүүлэн яаж сурах, ямар чиглэлээр илүү дагнан хөгжүүлэх гээд ойрын үеийн бүх зорилго, зорилтоо тодорхойлчихсон. Тэр бүхнийгээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, зөвлөдөг. Тиймээс гэрийнхэн минь намайг маш сайн дэмждэг. Тэр дундаа ээж минь намайг илүү ойлгож, тусалж, ард минь дэмжлэг болж байдаг даа.

-Цаашид Монголд маке ап хэр хөгжих бол. Ирээдүйгээ яаж төсөөлж байна?

-Би Монголдоо байгаад байвал байгаад л байна. Тиймээс илүү өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрон, гадаадад гарч, илүү мэргэжлийн чиглэлээр сурна. Сурсан мэдсэн бүхнээ эх орондоо ирж, зааж зөвлөн, цаашид маке ап урлагийг Монголдоо илүү мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэхийн тулд ажиллах болно.

-Нүүр будахад тодорхой заасан хугацаа байдаг уу?

-Мэргэжлийн маке апчид ерөнхийдөө дөчин минутаас нэг цаг гучин минут орчим байдаг. Будалт бүхэн өөр өөрийн онцлогтой. Гоёлын будалтыг хэдэн минутад хийх үү, өдөр тутмын будалт, тайзны будалт өөр өөр. Миний баримталдаг хугацаа дөчин минутаас нэг цаг гучин минут л байдаг.

Б.АМАР