Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Дээд боловсролын хөгжлийн хандлагын тухайд

Б.ЧУЛУУНДОРЖ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Монгол улсын Их хурал, Засгийн газраас дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийж Их сургуулиудын Олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газраас шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тодорхойлсон.

Дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх талаар Төр, Засгаас ийнхүү анхаарал тавьж байгаа нь Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд эдгээр харилцан нягт уялдаатай салбарын хөгжилд нэн ач холбогдолтой юм.

1. Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд хиймэл оюун, ДНКмапинг, робот, нано технологи, биотехнологи, 3D принтер, IoT нь эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд эрс өөрчлөлтийн нөхцөлийг бүрэлдүүлж ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг бүтээгдэхүүн, ухаалаг хот, кибер систем нь нийгмийн амьдралын бүхий л орчинд бодит биеллээ олох боллоо.

2016 онд Дэлхийн эдийн засгийн чуулган дээрээс нэртэй бизнесменүүд, эдийн засагчид, судлаачид дэлхийн хүн амын 60 хувь нь ажиллах хүчний тоо өсөхгүй тогтмол болон хорогдож байгаа оронд амьдарч, дэлхийн тэргүүлэх 15 эдийн засаг нь глобал ажиллах хүчний 65 хувийг ажлын байраар хангаж байгааг хэлсэн. (World Economic Forum, Davos 2016, Jonas Prising, Manpower group)

Судлаачдын үзэж байгаагаар 2030 он гэхэд нийт ажлын байрны 60 хувь нь автомат горимд шилжиж 375 сая хүн ажлаа солих, эсвэл шинэ мэдлэг чадвар эзэмших хэрэгтэй болно.

Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар АНУ-д автоматжуулалтын өргөн хэрэглээ нь нэг хэвийн энгийн үйл ажиллагаатай ажлын байрны 47 хувийг эрсдэлд оруулна. (McKincey, Clobal institute, The future of work in America 2019)

Захиргаа, оффисын ажилтнууд нь үүлэн технологи, мобайл интернет хэрэглэж ажлын байр нь уян хатан болохын хамт хиймэл оюун нь багшийн мэргэжлээр ажлын байрыг багасгахад нөлөөлөх ажээ.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар Олон улсын нээлттэй худалдааны бодлого ба шинэ технологийн нөлөөнд Азид ажиллах хүчний тоо 2030 он гэхэд 15 хувиар өсөх төлөвтэй байна.

Судалгаанаас үзэхэд дараагийн 5 жилд ажил мэргэжлийн ангилалд хүчтэй өөрчлөлт гарах нь тодорхой болжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, байнгын ажлын байр, нийгмийн баталгааны асуудал эрсдэлд орж байгаа нийгмийн динамик орчинд өнөөдрийн хараагаар тодорхой ажлын байранд мэргэжилтэн бэлтгэхийн хамт зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох чадварыг эзэмшүүлэх нь дээд боловсролын нэг гол үүрэг болж байна. /Д.В.Ефременко, О.Н.Яницкий, П.О.Ермолаева: О социобиотехническихсистемах, 2019/

Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс 2016 онд, мөн эрдэмтэн судлаачид бүтээлүүддээ Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд аль ч салбарт ажиллах мэргэжилтэн заавал эзэмшсэн байвал зохих суурь чадавхыг тодорхойлсон. Тухайлбал, 2020 онд нэн тэргүүнд шаардагдах 10 ур чадварын тоонд асуудлыг цогцоор шийдвэрлэх, эргэцүүлэн сэтгэх (critical thinking), бүтээлч чадавх, хүмүүсийг зохион байгуулах, хүмүүстэй хамтран ажиллах, сэтгэл хөдлөлийн интеллект (emotional intelligence), шүүн хэлэлцэх ба шийдвэр гаргах, үнэлэмж шингэсэн үйлчилгээг гол болгох, хэлэлцэн зөвшилцөхчадвар, сэтгэлгээний уян хатан чанарыг онцлон нэрлэсэн. /World economic forum, The future of jobs, Annual meeting in Davos, 2016/

Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд нэн шаардлагатай шинэ чадваруудыг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой шинжлэх ухааны салбар, мэргэжлийн талаар хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдагсад дизайн, компьютерын ухаан, хүмүүнлэгийн ухаан, математик, бизнес ба менежмент, байгалийн ухаан, нийгмийн ухаан гэсэн дарааллаар ач холбогдлыг нь үнэлсэн байна. /Global Schools Leadership Alliance, 2017/

Нийгмийн дижитал орчинд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн аль ч салбарт төвлөрлийг сааруулах хандлага хүчтэй болж хэрэглэгчээс нийлүүлэгчид хүрэх горизонталь болон вертикал үйл явцын гинжин холбоо интеграцид орж байна.

Бизнес үйл ажиллагаанд нөөцийн төлөвлөлтийн (ERP) болон хэрэглэгчийг дэмжих системийн шинэ загварууд, хэрэглэгчийн инженерчлэлийн загваруудхэрэглээнд орох боллоо.

Нийтэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хүмүүсийн тодорхой хэрэгцээнд чиглэсэн, үнэлэмж нэмсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд шилжих болж бизнесийн орчинд фирм төвтэй сэтгэлгээнээс сүлжээ төвтэй сэтгэлгээний загварт шилжиж байна.

Хөдөлмөрийн зах зээлд шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хөдөлмөрийн харилцаанд тодорхой хугацаа заасан олон хувилбартай гэрээг хэрэглэх болж, байнгын ажлын байрны тухай эрх зүйн зохицуулалт өөрчлөгдөж бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний динамик орчинд хүний нөөцийн болон мэдээллийн технологийн менежментэд аутсорсинг хэрэглэх нь өргөжсөн.

Энд Нобелийн шагналт эдийн засагч РобертШиллер (Robert J.Shiller) Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд бэлэн байх тухай “Байшингаа галд өртөхөөс нь өмнө даатгалаа хийлгэх хэрэгтэй” гэсэн нь чухал сануулгыг ч дурдахад илүүдэхгүй юм.

Энэ үг нь АҮ-ийн 4-ээр хувьсгалын эринд үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, технологийн дэвшил үндэсний төдийгүй глобал сүлжээнд хэрэгжих болж Засаглалын бүх хүрээнд эрс өөрчлөлт гарахыг анхааруулж байна. Шинэ орчинд удирдлагын дээрээс доош нэг чиглэлтэй шугаман загвар үр дүнгүй болж ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан мэдрэх стратегийн удирдлагын хэв шинж зонхилох болно.

Энэ нийтлэг хандлага нь дээд боловсролд ч нөлөөлж дээд боловсролын эрэлт-нийлүүлэлтийн гинжин холбоонд эрч өөрчлөлт гарч тогтолцооны шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. /Uschi Schreiber, 2017, Schwab, 2015/

2. АҮ-ийн 4-ээр хувьсгалын орчинд дээд боловсролын тогтолцоог нийцүүлэн хөгжүүлэхэд нийгэм – байгаль – технологийн цогц системд хүний дотоод сэтгэлийн орчин, бие даасан байдал, чөлөөт сонголт гэсэн либерал ардчиллын тулгуур ойлголтуудыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээтэй нягт уялдуулсан ухаалаг бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь чухал болж байна.

Хүн амд нийтээр нь, ялангуяа өсвөрийн залуу үед нийгмийн болон технологийн дэвшлийн шинэ шаардлагад дасан зохицох чадвар эзэмшүүлэх, Z үеийнхэнд зориулсан боловсролын 4.0 хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэглээнд оруулах боллоо.

Иймээс хөгжингүй орнуудад дээд боловсролын салбарт байгалийн ухаан, технологи, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, математикийн (STEAM) нэгдэлд тулгуурласан сургалт, судалгааны хөтөлбөрүүдийг чухалчлан хэрэгжүүлэх боллоо.

Хүний бүтээлч сэтгэлгээ, шинэ нөхцөлд дасан зохицох чадвар, сэтгэл хөдлөлийн интеллект болон төрөлхийн авьяасыг шинжлэх ухаан хоорондын уялдаанд тулгуурлан хөгжүүлж аливаа мэргэжлийг сайн эзэмших суурь нь болох зөөлөн чадвар (зарим эрдэмтэд soft ба liquid skills-г холбон үздэг)-ыг эзэмшүүлэхэд хүмүүнлэгийн ухаан чухал үүрэг гүйцэтгэх болов.

Дээд боловсролын салбарт технологийн дэд бүтэц шинэчлэгдэн виртуал орчин бүрдэж хиймэл оюуныг сургалтад хэрэглэх болсноор сургалтын танхимын бус чөлөөт хэлбэр өргөжиж хүмүүс ажлын байрнаасаа хөндийрөхгүй суралцах, мэргэжлээ дээшлүүлэх боломж өргөжиж байна.

Орчин үед виртуал лаборатори, номын сан бүхий дижитал кампус бий болж Их сургууль нь дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын платформ байдлаар хөгжиж байна. Энэ нөхцөлд дээд боловсрол ба бизнес нь хоёр урсгалтай замын горимоор харилцан, Их сургууль нь боловсрол эзэмшүүлэхийн хамт мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талбар боллоо. Алибаба, Ebay, Facebook, Google, Amazon, Wechat, Baidu зэрэг бизнесийн болон боловсролын секторын шинэ санааны платформ дээр босгосон бизнес, технологийн томчууд үүний жишээ болно.

Судлаачдын тооцоолсноор хоёр жилд мэдээллийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа энэ үед Их сургууль нь бизнесийн байгууллагатай хамтран 21-ээр зууны газрын тос гэж нэрлэгдэх их өгөгдөл боловсруулж шинжлэх ухааны солбилцол дээр мэдлэг бүтээж хэрэглээнд оруулах корпоратив сургалт, судалгаа өргөжих боллоо.

Сургалт, судалгааны виртуал орчин нь үйл ажиллагааны эрчмийг нэмэгдүүлж боловсролын үнэ өртгийг бууруулан цаг хугацааг хэмнэж, ингэснээр Их сургууль, хэрэглэгч буюу суралцагсад, бизнесийн байгууллагуудын горизонталь болон вертикал гинжин холбоо илүү үр ашигтай болж байна.

Энэ шинэ орчинд дээд боловсролын салбарт үнээ өсгөхгүйгээр чанараа сайжруулах тухай Америкийн эдийн засагч М.Портерийн (Micheal E.Porter, Competitive advantage: Creating and Sustaining Superior Performance, 1998) санааг тусган сургалт, судалгааны хөтөлбөр, чиглэлүүдээ олон хувилбартай болгон үнэлэмж нэмсэн, өөрийн брэнд хөтөлбөрүүд хэрэгжүүлж зах зээлийн динамикийг сайтар мэдэрч ажиллах нь стратеги бодлогын чухал чиглэл болжээ.

Иймээс Их сургууль, хэрэглэгч ба бизнесийн гинжин холбоог үндэсний хүрээгээр хязгаарлахгүй Олон улсын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх нь Монголын дээд боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Гадаадын Их сургуулиудтай хамтарсан хос зэрэг олгох хөтөлбөр, франчайз хөтөлбөрийг хэрэгжүүлж боловсролын үйлчилгээнд аутсорсингын хэлбэрийг өргөжүүлэх нь дээд боловсролын салбарт Олон улсын стандартыг нэвтрүүлэхийн хамт авьяас чадварын гадагшлах урсгалыг багасгах угтвар нөхцөл болно. Үүнтэй холбогдуулан боловсролын зэрэг олгох арга хэлбэр, е-сургалт, мэргэжлийн хөтөлбөр, мэргэжлийн индекс тодорхойлох хууль, эрх зүйн зохицуулалтад зарим өөрчлөлт хийх хэрэгтэй болно.

Мэдлэгийн эдийн засгийн орчинд Их сургуульд бүх түвшний сургалтын хөтөлбөрүүд судалгаанд суурилсан байх нь нийтлэг шаардлага болж байна. Энэ бол Их сургууль нь судалгаанд суурилсан сургалтаар мэдлэг дамжуулахаас илүүтэй шинэ мэдлэг бүтээх, боловсруулж хэрэглээнд оруулах чадвар эзэмшүүлэхийг чухалчлах болсныг харуулна.

Их сургуулийн өндөр эрэмбийн хөтөлбөрүүд судалгааг дэмжин өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Докторын боловсролтой мэргэжилтнүүд инноваци, технологийн дэвшлийн нэг хөдөлгөх хүчин болж энэ түвшний боловсролтой мэргэжилтнийг бизнесийн том компаниуд илүүтэй сонирхох болжээ. (A comparative analysis of graduate employment prospects in European labour market,Branine.M, Avramenko.A, 2015)

Иймээс Австрали, Тайванд үйлдвэрлэлд чиглэсэн докторын хөтөлбөр, зарим хөгжингүй оронд эмийн үйлдвэрлэлд хандсан өндөр эрэмбийн хөтөлбөр, АНУ зэрэг оронд бизнесийн хэрэгцээнд тулгуурласан биотехнологи, бизнес, санхүүгийн менежментийн докторын хөтөлбөрүүд нь мэдлэг ба инновацын хүчтэй сүлжээг бүрдүүлж байна.

Докторын зэрэгтэй тэргүүлэх судлаач бэлтгэхэд их сургууль, бизнесийн болон технологийн компаниуд хоорондын болон мэргэжлийн салбаруудын судлаачдын хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх талаар Карнегын сан, Европын төгсөлтийн дараах сургалтын төв, Фордын сан зэрэг байгууллага, сангууд томоохон санаачилгууд гарган ажиллаж ихээхэн үр дүнд хүрч байгаа жишээг ч манай Их сургууль, хүрээлэн, бизнесийн байгууллагуудад анхаарах нь зүйтэй бизээ.

Судалгаанд суурилсан, шинжлэх ухааны багтаамж ихтэй сургалтыг өргөжүүлэхэд STEAM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, математик) хөтөлбөрүүд шинжлэх ухааны салбар хоорондын солбилцолд суурилсан, асуудал шийдвэрлэхэд чиглэсэн шинжээрээ тэргүүлэх ач холбогдолтой байна. Тухайлбал, Станфордын их сургуульд синтетик түлш, биопластик, токсикологийн асуудлыг агаарын бохирдолтой холбон судлах хими, биологи, хүрээлэн буй орчин судлалын солбилцол дээрх хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Массачусетын технологийн институт, Харвардын их сургуулиуд компьютерын ухаан, бизнесийн удирдлага, сэтгэл судлалын интегратив хөтөлбөр био эрчим хүч, био инженерийн гэх мэт тэргүүлэх шинэлэг чиглэлээр сургалт-судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлж мэргэжлийн төдийгүй “зөөлөн” чадавхыг эзэмшүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн ухааны 4.0 курс нь байгалийн ухаан, инженер технологийн хөтөлбөрүүдтэй нягт уялдаж шинэ нөхцөл байдалд дасан зохицох катализатор болж сургалтын хүнийг хөгжүүлэх чиглэлийг улам хүчтэй болгож байна.

Тэргүүлэх хөгжилтэй орны их сургуулиудад Засгийн газар нь технологийн ололтыг ашиглан хүний үйл ажиллагаанд хяналт тавих боломж өргөжиж байгаа нөхцөлд хүний хувийн дотоод ертөнц, чөлөөт байдал, ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн бэхжүүлж нийгмийн, бизнесийн харилцаанд эерэг уур амьсгал, соёлыг төлөвшүүлэхэд хүмүүнлэгийн ухаан, зөөлөн чадавхын ач холбогдол улам нэмэгдэж байна.

Станфордын их сургууль нь “Станфорд 2025” төсөл боловсруулж хөдөлмөрийн зах зээл, шинжлэх ухаан, технологийн эрчимтэй өөрчлөлтийн шаардлагад нийцүүлэн төгсөгчдийнхөө мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь Их сургуулиуд насан туршийн боловсролын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэх болсны жишээ юм.

Манай оронд өндөр эрэмбийн сургалтын хөтөлбөрүүд нь Их сургуулиуд болон ШУА, хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны чухал талбар болж байна.

3. Мэдлэгийн нийгэмд судалгааны Их сургууль гэдэг ойлголт нь цөөн тооны брэнд Их сургуулиудын хүрээнээс хальж нийтийн болон хувийн өмчийн Их сургуулиуд судалгаа, инновацын ажлаа өргөжүүлэхдээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны зохистой харьцааг интенсив ба экстенсив хэв шинжээр ханган хөгжиж байна. (Carnegie Classification, the 2015 edition)

Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хамтын хөрөнгө оруулалтаар нээлттэй лабораториуд байгуулж эрдэмтдийн хамтарсан багууд ажилладаг нь дэлхийн тэргүүлэх орнуудын нийтлэг жишиг болжээ. Биотехнологийн салбарт АНУ-ын судлаачид дэлхийд тэргүүлж байгаа нь энэ хэлбэрийн хамтын ажиллагааны үр дүн юм. (The new normal in funding University science, Daniel J Howard, Frank M. Larid, 2013) Энд Их сургууль бизнес, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоог хангасан глобал лабораторийн сүлжээг үүсгэдэг Олон улсын туршлагыг дурдаж болно.

Энтрепрейнершип 3.0-н орчинд “Их сургууль-Start up-Корпараци” гэсэн бизнесийн шинэ хэлбэр үүсч өргөжсөн.

NASDAQ-н ерөнхий захирал В. Грейфелдиин хэлснээр start up компаниуд өнөөдөр эдийн засгийн утгаар бодит биеллээ олсон бөгөөд маргаашийн эдийн засгийг тодорхойлоход чухал үүрэгтэй ажээ. Хөгжингүй орнуудад цаг уурын өөрчлөлт, цэвэр эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, усны хангамж, эрүүл мэндийн салбарт stаrt up компаниуд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Их сургуулийн start up компаниуд нь жижиг, дунд бизнестэй хамтран ЖДҮ-ийн салбарт үнэлэмж нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Судалгаа, инновацын үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүжүүлэлтийн механизм онцгой үүрэгтэй. Дэлхийн тэргүүлэх орнуудын туршлагаас харахад Засгийн газраас судалгааны үр дүн, патент зэрэг оюуны өмчийг баталгаажуулан арилжааны горимд шилжүүлэх эрх зүйн механизмыг оновчтой болгосноор Их сургууль ба үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болдог.

Ийм санаачилга үр дүнд хүрдгийн бодит жишээ нь АНУ-д 2013 оноос Их сургуулиудын судалгааны ажлыг эдийн засаг, зах зээлийн механизмаар дэмжих Линкольны төсөл хэрэгжүүлж амжилтад хүрсэн явдал юм. Японд сүүлийн 10 жилд Их сургуулийн судалгааны үндсэн дээр зөвхөн нэг жилд дунджаар 1600-1800 патентыг хэрэглээнд оруулж гадаадын судлаачидтай хамтран эзэмших патент 2 дахин нэмэгдэж патентаас олох орлого нь эрс өсчээ. Англи, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй оронд их сургуулийн судалгааны ажлыг үнэлэн санхүүжүүлэхэд чанар, импактфактор, патент, хэрэглээнд орсон байдлын эдийн засгийн үзүүлэлтийг чухалчилдаг.

БНСУ, Тайван зэрэг Азийн орнуудад судалгааны ажлын 25-30 хувь нь жижиг, дунд бизнесийн байгууллагаас санхүүжиж энэ нь улмаар Их сургуулиудын гарааны компаниудын өргөжих нэг суурь болж байна. (Technology transfer, intellecfual property and effective university-industry partnerships. WIPO, 2007)

Инновацын болон технологи дамжуулах хэрэглээний судалгааг үйлдвэр, бизнесийн байгууллага илүүтэй сонирхож санхүүжүүлдэг бол нийгмийн чиглэлтэй судалгааг грантын хэлбэрээр санхүүжүүлэх нь нийтлэг байна.

АНУ-ын болон Европын орны туршлагаас үзэхэд Их сургуулийн байгалийн ухаан, инженерийн чиглэлийн хэрэглээний судалгааг санхүүжүүлэхэд бизнес, үйлдвэрлэлийн байгууллага, суурь судалгаанд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бол нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны судалгааг бизнесийн байгууллагаас гадна Их сургууль өөрөө санхүүжүүлдэг. Гадаадын улсуудад Засгийн газрын захиалга, санхүүжүүлэлтээр хийдэг их сургуулийн судалгааны зонхилох хувь нь батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, экологи, нийгмийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг.

Дэлхийн тэргүүлэх орнуудад Их сургуулийн судалгааг зохион байгуулж санхүүжүүлдэг үр ашигтай арга хэлбэрийг судлан хэрэгжүүлэх нь шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэхэд практик ач холбогдолтой юм.

4. Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд Монгол орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дээд боловсрол, шинжлэх ухаан тэргүүлэх үүрэг гүйцэтгэх чухал цаг үе ирж байна.

Дэлхийн банкнаас гаргасан 2018 оны глобал өрсөлдөх чадварын үзүүлэлтээр болон инновацын чадавхаар 99-р, компаниудын инновацын үзүүлэлтээр 82-р, судалгааны бүтээлийг хэвлүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байдлаар 107-р, судалгаа хөгжүүлэлтийн ажилд зориулсан ДНБ-д харьцуулсан санхүүжүүлэлтээр 96-р байранд эрэмбэлэгдэж байна.

Энэ байдалд дүгнэлт хийж Монгол орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах бодит шаардлага тавигдаж байна.

Тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээнээс залуу үе, иргэдийн боловсрол эзэмших боломж шууд хамааралтай байдаг учир манай орны Их сургуулиуд нь үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж улсынхаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үйл хэрэгт тэргүүлэн оролцох үүрэг хүлээж байна. /The shape of things to come: Higher education global trends and emerging opportunities to 2020, Going global 2012/

Судалгаа, инновацын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр БСШУСЯ-аас АХБ-тай хамтран нийтийн болон хувийн өмчийн Их сургууль, судалгааны байгууллагыг хамруулан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхэлж байгаа нь нэн чухал юм.

Манай оронд уул уурхай, газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжин хими, технологийн судалгааг өргөжүүлэх, бодит шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Эмийн үйлдвэрлэлд хувийн сектор зонхилж байгаа энэ үед өөрийн орны ургамлын болон бусад нөөцийг ашиглан эм бэлдмэл боловсруулж хэрэглээнд оруулах чиглэлээр судалгаа хийх зайлшгүй хэрэгцээ байдаг.

Монголд хөдөө аж ахуйд хувийн сектор зонхилох болсон нөхцөлд газар тариалан, мал аж ахуйд шинэ технологи нэвтрүүлэх , шинэ үүлдэр, сортыг бий болгох, малын өвчнийг анагаах, ургамлын гарцыг сайжруулах чиглэлээр хувийн сектор, бизнесийн байгууллагын захиалгаар судалгаа хийж санхүүжүүлэлтийн эх үүсвэр татах боломж бий.

Их сургуулиуд хүнсний аюулгүй байдал, том хотууд ба орон нутгийн оюуны болон соёлын нийтлэг шинжийг төлөвшүүлэх, хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн эрүүл ахуйн зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломж байна.

Хөгжингүй орнуудын жишгээр дижитал хүмүүнлэгийн ухаан, тархи судлалын хүрээнд, анагаах ухаан, мэдээллийн технологи ба хүмүүнлэгийн ухааны солбицол дээр хүний кибер орон зайд ажиллах чадварыг хөгжүүлэх, стрессээс хамгаалах, нийгмийн мэдээллийн экологийн орчинг бүрдүүлэхэд ач холбогдолтой чиглэлүүдийг өргөжүүлэхэд манай орны шинжлэх ухааны байгууллага, Их сургуулиуд чухал үүрэг хүлээж байна.

Нийгмийн салбарын судалгаанд, мөн үйлдвэрлэл, бизнесийн захиалгат судалгаанд гадаадын Их сургуулиудтай хамтран виртуал төслийн багууд байгуулан ажиллах боломж байна.

Зарим орон хөгжингүй орны тэргүүлэх Их сургуулиудтай шууд хамтран судалгаа шинжилгээ хийдэг (Сингапур-МТИ (MIT) хамтын түншлэл) сайн жишгийг манай оронд хэрэгжүүлэхэд ч болох юм.

Судалгаа, инновац, энтрепрейнер үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд spin off компани, роялт хэлбэрийг ашиглаж Их сургууль, хүрээлэнгүүдийн судалгааны арилжааны чиглэлийг дэмжвэл нэн хэрэгтэй байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх загвар нь шинэ үнэлэмж бүтээх загвар руу шилжиж байгаа орчин үед судалгаа инновацид суурилсан үнэлэмжийн глобал гинжин холбоонд Их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчидтэй хамтран ажиллах зохион байгуулалтын таатай бүтээлч орчинг бүрдүүлж ил тод, хамтын хариуцлагын механизм хэрэгжүүлэх нь чухал байна.

Бизнесийн эрэлт нийлүүлэлтийн орчинд нээлттэй тогтолцооны хүчин зүйл үйлчлэх учир үйл ажиллагааны хэв загварыг олон хувилбартай, орлогын эх үүсвэрийг адил олон урсгалтай болгон төвлөрлийг сааруулж бие даасан санаачилгыг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн болон татварын механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Их сургуулийн менежмент байгууллагын болон өмчийн хэв шинжээр хязгаарлагдахгүй, шинэ төлөвт шилжиж байгаа нөхцөлд Их сургуулиуд нь бизнес, үйлдвэрлэл, судалгааны хүрээлэнтэй хамтран мэдлэгийн hub байгууланажилладаг жишгийг ч манай нөхцөлд хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Мэдлэгийн нийгэмд интанжибл (оюуны) капитал үнэд орж, байгууллагын удирдлага нь лидер, хамтран бүтээгч байж, хэрэглэгч нь үйлдвэрлэл, үйлчилгээнд хувь нэмэр оруулагч, ажиллагсад нь хамтран зүтгэгч байж Их сургууль нээлттэй системийн төлөвт шилжиж байгаа (Trends in industry-university relationships, 2016) энэ нийтлэг хандлагыг Монгол орны нөхцөлд нийцүүлэн хэрэглэх нь Монголын дээд боловсролын академик орчинг боловсронгуй болгоход нэн хэрэгтэй юм.

Дээд боловсрол, судалгаа, инновац, бизнесийн шинэ эко тогтолцоог бүрдүүлснээрМонголын Их сургуулиуд, ШУА-ын хүрээлэнгүүд үндэсний бизнесийн байгууллагуудтай хамтран, мөн хөгжингүй орнуудын Их сургуулиуд, эрдэмтэдтэй нягт холбоотой ажиллаж улсынхаа хөгжилд илүү жинтэй хувь нэмэр оруулах болно.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болж байна

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд болж байна. 800 гаруй эрдэмтэн, судлаач салбарынхаа ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэн төрөөс батлан хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар “шинжлэх ухаанаа дэмжинэ”, “шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ” гэж амладаг ч “мөнгөтэй болохоороо дэмжинэ” гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Монгол хүн оюуны өндөр чадавхитай гэдгийг дэлхийд харуулж байгаа өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна. Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв.

Шинжлэх ухааны салбарт 4300 орчим хүн ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм. Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Японы “ЖАЙКА” ОУБ-аас “Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрт хамрагдагсад өөрсдийн орондоо гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт манлайллыг үзүүлэх ба “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах олон улсын түвшинд явагдах яриа хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэн оролцох юм. Иймд доорх шаардлагыг хангасан алба хаагчид ОБЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Гантулга /утасны дугаар: 262510, 92010440/-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

  1. Тэтгэлэгт хөтөлбөрийн нэр:

“Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх нь”

Сургалтын хугацаа:
Магистрын хөтөлбөр: 2 жил (2020 оны 10 сар – 2022 оны 9 сар)
Докторын хөтөлбөр: 3 жил (2020 оны 10 сар – 2023 оны 9 сар)

Хамрагдах салбар: Үндэсний Гамшгийн эрсдэлийг бууруулах агентлаг

Тавигдах шаардлага:
– Бакалаврын зэрэгтэй байх,
– Англи хэлний мэдлэгтэй байх, /Тухайн сургуулиас тавигдах хэлний шаардлага/
– Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл байх,
– Магистрын хөтөлбөрт хамрагдагсад 35 наснаас доош байх,
– Докторын хөтөлбөрт хамрагдагсад 40 наснаас доош байх,

Квотын хэмжээ:
5 хүн

Шаардагдах хэл:
Англи хэл

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр хотжилтын үйл явц хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар хот суурин газрын тогтвортой хөгжлийг хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадварыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх нь шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, хот суурин газрын тогтвортой хөгжлийг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой билээ. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлагаа солилцон, цаашид хот суурин газарт тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлд шинжлэх ухаанч үнэтэй санал зөвлөмж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Олон улсын хуралд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Япон, БНСУ, ОХУ, Хятад, Монгол Улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна.

Эрдэмтэн, судлаачид “Гамшгийг тэсвэрлэх чадвартай хот” үндсэн хуралдаан, “Газар хөдлөлт ба бусад байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал”, “Гал түймэр болон бусад үйл ажиллагаатай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт салбар хуралдааны хүрээнд илтгэл хэлэлцүүлж байгаа юм.

Хурлаар хэлэлцүүлэгдэж байгаа илтгэлүүдийн дэвшүүлсэн саналыг нэгтгэн хот, суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйг тусгаж өгөх нэгдсэн зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн есдүгээр сарын 24-ний өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны долоодугаар сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлэв.

Мөн арга хэмжээний үеэр Беларусь, Киргизийн Гадаад хэргийн сайд, АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Г.Алтан: Ш.Батхүүгээс 60 тэрбум төгрөгөөр худалдан авсан “Олон овоот”-ын лицензүүд Монголбанкны барьцаанд хураагдсан

“Алтжин” группийн захирал Г.Алтантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Стандарт” банкинд төлсөн Эрдэнэтийн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж төлүүлэх ёстой гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл бас “Олон овоот”-ыг Ш.Батхүү танд бэлэглэсэн гэж яриад байна. Та үүнд хариулт өнгө үү?

-“Олон овоот гоулд” ХХК-ийг би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан. Худалдах, худалдан авах гэрээ болон 60 тэрбум төгрөгөөр авсан тооцоо нийлсэн акт бий. Тухайн үед долларын ханш 1000 гаруй төгрөг байсан нь 60 сая ам.доллараар авсан гэсэн үг юм.

-“Олон овоот гоулд” ХХК-ийн лицензүүд одоо таны мэдэлд байдаг гэсэн үг үү?

-Ц.Мянганбаяр,Ш.Батхүү нар Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үед авсан байдаг. Эдгээр зээлийг төлөөгүй тул дээрх дөрвөн банк бүх лицензийг барьцаалсан. Одоо лицензүүдийг Монголбанк хураасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “Олон овоот гоулд” ХХК-д байгаа бүх техник тоног төхөөрөмж, нэг ширхэг хадаасыг хүртэл бүгдийг нь битүүмжилсэн байдаг. Банкуудаас авсан зээлээс гадна бусад компаниудад ч мөн олон тэрбумын өртэй. Намайг “Олон овоот гоулд” ХХК-ийг авахад тус компани нийтдээ 346 тэрбум төгрөгийн өртэй, тухайн жилийн ашиг орлогын мэдээгээр (-67 тэрбум) төгрөгийн алдагдалтай ажилласан байсан. Би энэ компанийг авангуутаа бүх үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Мянганбаярын ашигт малтмалын нөөцөөр хамгаалсан тайлангаар 25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон.

Тийм ч учир өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь тэг зогсолтын байдалтай байна.

-Танай орд газарт шохойны нөөц байдаг уу?

-Шохойны орд газар байдаг. Тэгэхдээ хайгуул хийгдээгүй учраас хэр хэмжээний нөөц байгааг би ч мэдэхгүй. Шохой Монголын уудам нутагт хаа сайгүй л байдаг юм даа.

Танай шохойн ордыг 10 сая ам.доллараар худалдаж авъя гэхэд та 100 сая ам.доллар гээд өгөөгүй гэдэг нь үнэн үү?

-Хайгуул хийгдээгүй, нөөц нь тогтоогдоогүй ордыг юун 10 сая доллараар авах вэ, нэг төгрөгөөр ч авах хүн олдохгүй. Нэг төгрөгөөр ч хамаагүй энэ шохойн ордыг минь авчихвал бусдад төлөх 346 тэрбум төгрөгийн үүрэг тэр хүнд шилжиж миний өр мундаг нимгэрэх нь, тийм ээ.

-Та тэгээд ийм их өртэйг нь мэдсээр байж яагаад 60 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм бэ?

-Мянганбаяр луйвар, залилан хийж 25 тонноор нөөц батлуулсныг би ч мэдээгүй, зарж буй Батхүү ч мэдээгүй. Үгүйдээ 25 тонн биш юм аа гэхэд 10 тонн алт гарна гэж хатуу итгэлтэй байсан. Тийм ч учир Батхүү алтандаа хүрэх зорилготой 67 тэрбум төгрөгөөр хад цөмлөн багахан хорооллын хэмжээтэй доош 105 метр нүх ухаж байхав дээ. Тэр хадыг өрөмдөнө, тэсэлнэ, тээвэрлэнэ. Би ч гэсэн үгүйдээ 10 тонн алт байдаг юм бол ухаад өрийг нь төлөөд Батхүүгээс авах ёстой мөнгөө олоод авна гэж найдсан хэрэг.

Одоо та “олон овоот”-ыг эргэлтэд оруулж, хайгуул энэ тэр хийе гэвэл болохгүй гэсэн үг үү?

-Доошоо 105 метр ухаад юу ч байхгүй нь тодорхой болсон. Хайгуул хийнэ гэдэг бол үндсэндээ сохроор тэмтчээд байх хэрэг. Хайгуул бол асар өндөр өртөгтэй ажил. Би тэгээд нэмж мөнгө хаях уу. Юун худалдан авах.Хайгуул хамтарч хийе гэсэн санал ч ирдэггүй.

-“Жаст”-ын Ш.Батхүүтэй та бизнесийн түншүүд байсан. Одоо түүнтэй уулзаж байгаа юу. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Батхүүтэй хамтарч бизнес хийж байгаагүй. Батхүүд мөнгө зээлдүүлдэг байсан нь үнэн. Тэр мөнгөө олж аваагүй нь бас үнэн. Одоо Батхүүтэй уулздаггүй.

-Өнгөрсөн жил тантай уулзаж байхад таны хүү Э.сүрэнд төрийн банк мөнгө өгөхгүй гэж мэдэгдэж байсан. Хүү тань Төрийн банкнаас 32.8 сая ам.доллараа авч чадсан уу, юу болсон бэ?

-Яг авч харагдаач.

-Банк ярихаар л таны нэр гарч ирээд байдаг боллоо. Капитал банкны гол харилцагчдын нэг нь та байсан гэдэг. Капитал дампуурсан, та мөнгөө авч чадсан уу?

-Яг авч харагдаач. Төрийн банкнаас 100 тэрбум, Капитал банкнаас 100 тэрбумын авлагатай. Банк болгон дээр мөнгөө алдаж луйвардуулж байх юм даа. Капитал банкинд мөнгө хадгалуулсан нь үнэн. Хадгалуулсан мөнгөө авч чадаагүй. Жишээ нь, та

-Ямартаа ч 1200 хадгаламж эзэмшигч иргэн байна гэсэн.Үндсэндээ бүгд мөнгөө авсан. Одоо мөнгөө авч чадаагүй 27 хүн л үлдсэн.

-Тэгвэл үлдсэн 27 хүний нэг нь та байх нь ээ. мөнгөө олж авах найдвар байна уу?

-Бишрэлтийн А.Ариунболд, УиХ-ын гишүүн Б.Ундармаа нар банкинд орж ирж байгаа мөнгийг өөрийн мэтээр ойлгож андуурмааргүй юм. Банкинд орсон бүгдийг банкнаасаа зувчуулаад үндсэндээ нэг их наяд төгрөгт хүрэхээр үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.

Гаднаас орж ирсэн Дорж ч юм уу, Дулмаа ч юм уу хүмүүсийн хадгаламжийн мөнгийг зувчуулсаар байгаад хувьдаа хөрөнгөтэй болсон гэсэн үг. Наанаа өндөр хүү амлах ч юм уу, үнэн худал үлгэр яриад хадгаламж хуримтлуулаад байсан байна. Үндсэндээ маш мундаг залилан үйлдсэн этгээд юм билээ.

-Их наяд гэдэг маш их тоо. үл хөдлөх хөрөнгийг нь зараад 27 хүний хохирлыг барагдуулах боломжтой юм биш үү?

-27 хүний мөнгийг байтугай бүх хохирогч нарын мөнгийг төлөх боломжтой. Харин хэдийд гэдгийг бүү мэд.

-Таны банкнаас авах авлага 100 тэрбумаар яригдаж байна. Таныг ямар бизнес хийдэг талаар хүмүүс их сонирхдог…

-Миний их олон жилийн хуримтлал юм аа. Би 1990 оноос хойш бизнес хийсэн. Би болон миний хоёр хүү, манай гэр бүлийн гишүүд мөнгө үрдэггүй юм билээ. Нэг төгрөг дээр нэмэх нь нэг төгрөг гэж хуримтлуулсаар ирсэн. Татварт мэдүүлсэн, татвараа өгсөн. Санаа зоволтгүй. Хэн ч эргээд шалгасан хаанаас ямар эх үүсвэрээр энэ мөнгийг олсон гэдэг нь тов тодорхой харагдана. Хаанаас ч ирсэн шалгуулахад бэлэн. Миний төрд ажилласан гэвэл Анагаахын дээдэд тэнхимийн эрхлэгч л байсан хүн. Тэндээс ширээ сандал л авахгүй бол өөр юу авах вэ дээ.

-Бас л банктай холбоотой нэг асуулт байна. төрийн банкийг хувьчлах тухай яригдаж байгаа. г.Алтан 75 тэрбум төгрөгөөр хувьчилж авах гэж байгаа гэх юм…

-Хувьчилж авах тухай бодол ч орж ирээгүй. Хувьчилж авахаар тэнд хөрөнгө байна уу даа.

Та бизнесийн хүн учраас Монголын улс төрийг анзаарч ажлаа зохицуулдаг биз. Улстөрчдийн гаргаж байгаа хууль, шийдвэрүүд зарим тохиолдолд ажилд сөргөөр нөлөөлдөг үү?

-Би улс төр сонирхдоггүй, хутгалддаггүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг.

-УИх тарах ёстой гээд гишүүд өөрсдөө гарын үсэг зурж байна. хэрэв тарвал төрийн ийм тогтворгүй байдал бизнест яаж нөлөөлдөг вэ?

-Улс төрийн шийдвэрүүдийг хэрхэн яаж гарахыг л ажиглаж сууна.

-Таныг хүмүүс гадаадад амьдардаг гэж ойлгодог. Энэ зун хаагуур амрав даа…

-Би зөвхөн Монголдоо. Е паспорт ч байхгүй мэт амьдардаг. Энэ зун гадаадаар зугаалах, амрах байтугай нэг хоног ч хотоос гарч амарч чадсангүй. Бизнес хийдэг хүмүүс амрах эрхгүй, амралтын өдөргүй ажилладаг. 24 цаг ажилладаг гэвэл хилсдэхгүй байх аа.

Categories
мэдээ нийгэм

“Эрсдэлгүй хороо” аяны хүрээнд гал түймрийн дуудлага 49 хороонд буурчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр дүнг иргэдийн оролцоотой дээшлүүлэх, гамшиг осол, гал түймрийн дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй хороо” аяныг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгууллаа.

Тус аян нь нийслэлийн 380 жилийн ойг угтаж, Засаг даргын Тамгын газраас 2019 онд дэвшүүлсэн “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгох” зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн “Шилдэг хороо, Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд зохион явагдсан юм.

Аяны хугацаанд НОБГ-ын дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтран гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 138 удаа, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг, арга хэмжээг 107 удаа зохион байгуулж, нийт 17,693 өрх, 79,495 иргэнд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, мэдээлэл хүргэж ажилласан байна.

“Эрсдэлгүй хороо” аяны удирдамжид заасан шалгуур 10 үзүүлэлтийн дагуу хороодыг дүгнэхэд 152 хорооноос 67 хороо нь 90-100 оноо, 74 нь 81-90 оноогоор үнэлэгдсэн байна. Харин нийт 141 хороо нь “Эрсдэл бага”, 7 хороо нь “Эрсдэл дунд”, 4 хороо нь “Эрсдэл их” гэсэн үнэлгээтэй тус тус дүгнэгджээ.

“Эрсдэлгүй хороо” аяны удирдамжид заасан шалгуур 10 үзүүлэлтийн дагуу хороодыг дүгнэхэд 152 хорооноос 67 хороо нь 90-100 оноо, 74 нь 81-90 оноогоор үнэлэгдсэн байна. Харин нийт 141 хороо нь “Эрсдэл бага”, 7 хороо нь “Эрсдэл дунд”, 4 хороо нь “Эрсдэл их” гэсэн үнэлгээтэй дүгнэгджээ.

Дээрх дүнг 2018 онд зохион байгуулсан “Эрсдэлгүй хороо” аяны дүнтэй харьцуулбал “Эрсдэл бага” гэсэн үнэлгээтэй хорооны тоо 42-оор буюу 42.4 хувиар өсөж, “Эрсдэл дунд” гэсэн үнэлгээтэй хорооны тоо 42-оор буюу 85.7 хувиар буурсны зэрэгцээ гал түймрийн дуудлага 49 хороонд буурсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Адууны хар гэдэс зөвшөөрөлгүй боловсруулж буй иргэний үйл ажиллагааг зогсоолоо

Иргэний ирүүлсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Товчооны зам ХД-154 тоотод байрлах адууны хар гэдэс боловсруулах үйл ажиллагаа явуулж буй иргэнд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар иргэн А.Д нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд адууны хар гэдэс, боловсруулж буй зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.



Categories
мэдээ нийгэм

22 настай эрэгтэйн амийг хороосон хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24-ний өдөр орон сууцны 00 давхарт хүн нас барсан тухай дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, 23 настай эрэгтэй М нь 22 настай эрэгтэй Г-ийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Сэжигтэн этгээд нь урьдчилсан байдлаар хохирогчийг өс хонзонгийн сэдлээр санаатайгаар амь насанд нь халдсан болох нь тогтоогджээ.

Хэргийн газарт цагдаа нар шалгалт хийхэд хохирогчийн цээжний зүүн хэсэгт, цээжний баруун хэсэгт нэг, зүүн доод хэсэгт гурван удаа хурц иртэй зүйлээр хутгалсан байсан аж. Улмаар талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ нас барсан байжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр жилийн хугацаанд хүчингийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгвэл уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.9.27/ 10:00 цагт товлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ