Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д оршин сууж буй иргэдтэйгээ уулзаж, ярилцлаа

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас:

  • Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000,
  • Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000,
  • Баруун бүсийн Лос Анжелест 2000,
  • Сан Францискод 4000,
  • Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байна.

Мөн монгол иргэдийн үүсгэл, санаачилгын 58 холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг аж.

Дээрх хотуудад амьдардаг монголчуудын төлөөлөл болон холбоо, төрийн бус байгууллагыг төлөөлөн ирсэн 180 орчим иргэн оролцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд хөрш хоёр орныхоо Төрийн тэргүүн нартай уулзаж албан гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Энэ удаад Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар АНУ-д айлчилж хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлалаа. Ингэснээр томоохон асуудлуудыг шийдэх боломжтой боллоо хэмээн харж байна. Энэ талаарх мэдээллийг тогтмол авч байгаа тул Америкт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа та бүхнийхээ санал, сэтгэгдлийг сонсоё” хэмээн уулзалтыг нээлээ.

Н.Энхтайван /Нью-Йорк/:

Би Нью-Йорк хотоос энэ уулзалтад зорьж ирлээ. Таныг өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж байхыг олон мэдээнээс харсан. Хоёр орны Ерөнхийлөгч нар чухал асуудлыг хэлэлцэж, Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Монголын ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Энэ төсөл ямар шатандаа яваа бол?

Ө.Энхжин /Вашингтон/: Оффшор данстай хүмүүст хэзээ зохих ёсны шийтгэл өгч, Монголдоо валютаа буцааж оруулах вэ? Би Сингапурт 5 жил, АНУ-д 3 жил амьдарч байна. Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөөд Монгол руугаа валют оруулдаг. Гэвч миний оруулж буй валют оффшор данс руу орж, төгрөг цааснаас хямд боллоо хэмээн санаа зовж байна.

н.Батмөнх /Чикаго/:

Та өчигдөр Стратеги, олон улсын судалгааны төвд очиж Монгол-Хятадын харилцааны асуудлаар ярихдаа Монгол Улс жижиг улс биш гэж хэлсэнд бид бүхэн баяртай байгаа. Энэ дашрамд, Эрдэнэзуу, Амарбаясгалан хийд болон Ноён уулыг Төрийн хамгаалалтад авах хүсэлтээ уламжилж байна.

н.Цог /Вашингтон/:

Би хэдийгээр АНУ-д амьдарч байгаа ч үргэлж Монгол Улсынхаа талаарх мэдээ, мэдээллийг харж байдаг юм. Эрх баригчид улс орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, газрын доорх асар их баялгаа үр ашигтай зарцуулах шаардлагатай байна.

Н.Батзандан /Чикаго/: Монгол Улсын Ерөнхийлөгч Таныг АНУ-д түүхэн айлчлал хийж байгаад маш их баяртай байна. Би “Чикаго хотын Монгол төв”-ийг үүсгэн байгуулсан. Албан бус тоогоор Чикаго хотын эргэн тойронд 10 мянга орчим монгол иргэн амьдардаг. Тиймээс консулын хэлтэс жилдээ 1-2 удаа Чикаго хотод очдог юм. Ийм өндөр ачаалалтай байдаг тул бид сүүлийн таван жилд Чикаго хотод Консулын хэлтэс байгуулах санал гаргаад явж байгаа юм. Энэ асуудалд анхаарлаа хандуулж өгнө үү.

н.Аажим /Вашингтон/:

Өнөөдөр монгол хүмүүсийн хувьд их чухал зүйл болж байна. АНУ-тай Стратегийн түншлэлийн хэмжээнд ажиллана гэдэг агуулгын хувьд маш чухал зүйл. Таныг энд ирсэн дашрамд, хувийн чанартай хүсэлтээ уламжилъя. Манай охин 4 настайгаасаа эхлээд спортын гимнастикаар хичээллэсэн. Гэвч 1977 онд ашиглалтад орж, түүнээс хойш олон хүүхэд хичээллэж ирсэн спорт гимнастикийн ганцхан заалыг нь нураах гэж байгаа гэж сонсоод танд заалыг нь засаж, тохижуулах асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсье.

П.Мөнхнаран /Вашингтон/:

Монгол Улсын Ерөнхийлөгч маань АНУ-ын Ерөнхийлөгчтэй түүхэн уулзалт хийсэнд баяртай байгаа. Би энд сургуулиа төгсөөд гурван жил ажиллаж байна. Миний найзууд АНУ-д ажиллаж, амьдрах гоё байна уу гэж асуудаг. Гэвч, бодит байдал дээрээ тийм биш. Тиймээс залуусыг Монголдоо мэргэжлээрээ ажиллах боломж бий болгож, Төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна” зэргээр иргэд асуулт асууж, санал бодлоо хуваалцлаа.

Оффшор дансны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөхдөө оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Харин хүн бүрийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын суурь нь тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдал хэмээн тодорхойлж, энэ байдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байгаа гэлээ.

Төрийн тэргүүн энэ хүрээнд санал, бодлоо чөлөөтэй хуваалцаж, мөн уулзалтад оролцсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр нар бусад асуудлаар иргэдийн асуултад хариулт өглөө.

Categories
мэдээ нийгэм

Авто болон төмөр замын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэхийг үүрэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан авто болон төмөр замын салбарт хэрэгжиж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгчээ. Тэрбээр, долоодугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар-Дархан, 20-21-ны өдөр Улаанбаатар-Налайхын авто замууд, 26-28-нын өдрүүдэд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбар дээр ажилласан байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг гүйцэтгэхдээ хийдэл гаргахгүй байх, ажлын уялдаа холбоог сайтар хангах, дулааны улирлыг ашиглан ажлаа хурдтай урагшлуулах, төмөр замын дэр бетон, гүүр хоолойн ажлуудыг дотоодын худалдан авалтаар үндэсний аж ахуйн нэгжүүдэд захиалга өгч цаг алдалгүй хийлгэх, зарим хэсгийг газар дээр нь цутгах, төмөр замын рейлс төмрийг яаралтай судалсаны үндсэн дээр захиалга өгч, татан авалт хийж байх хэрэгтэйг онцолсон байна. Мөн ажлын график төлөвлөгөөгөө өдөр, сар, цаг минутаар хэмжиж, бүтээмжээ нэмэгдүүлэх, шуурхай шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг ажлын үндсэн болоод дэд хэсгийн ахлагч нарт цаг алдалгүй мэдээлэн хуралдуулж арга хэмжээ авахуулж байх, хөрөнгө мөнгөө хэмнэлттэй, зөв захиран зарцуулах, явцын аудитыг байнга хийлгэж, алдаа дутагдалгүй, сэтгэл гарган ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

Түүнчлэн сайдын зүгээс авто болон төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцан хийж буй төслийн бүх нэгжүүдэд бороо хуртай өдрүүдэд карьерын олборлолтоо нэмэгдүүлж овоолго үүсгэх, татан авалт хийх, гүүр хоолойн бэхэлгээ, цутгалт зэрэг ажлуудаа зогсоохгүй, ахиулж байх боломжтойг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Анарын цолны мялаалга Дорнод аймгийн Дашбалбар суманд болно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга Дорнод аймгийн Дашбалбар суманд энэ сарын есний өдөр болно. Энэ үеэр их насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан болох аж.

Д.Анарын хувьд 2011 оны үеэс үндэсний бөхийн эрчимтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд улсын начин цолыг тус тус хүртээд байсан юм. Энэ жил төрийн их баяр наадмын тавын даваанд Д.Амарсайхан начинг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж шинээр харцага цол хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Сагсчин О.Дөлгөөнийг дурсаж “Зул өргөх ёслол”-ыг зохион байгуулна

Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “Зул өргөх ёслол’-ыг наймдугаар сарын 3-ны 20.00 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулах гэж байна. Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр бурханы оронд заларсан юм. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь ирэх бөгөөд сонирхсон хэн бүхэн оролцоход нээлттэй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Дэлхийд зэсийн баяжмал үйлдвэрлэх дундаж өртөг 2,500 ам.доллар байхад манайд 4,500 байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Олон улсын математикчдын хурлын үеэр тавьсан илтгэлийн чинь сэдэв сонирхолтой санагдсан. Яагаад зэсийн экспортыг онцолсон бэ?

-МУИС ба Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хамтран “Олтимзаци, симуляци, контрол – 2019“ гэсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж дэлхийн олон орноос судлаачид ирж онолын болон практик асуудлуудаар оролцлоо.

Тэнд би “Монгол улсын зэсийн экспортыг загварчлах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Монголчууд бид дэлхийн эдийн засаг руу зэсээр дамжиж интеграцид орж байна гэж хэлж болно.

Эрдэнэт биднийг социалист ертөнцтэй холбож байсан бол одоо Оюу толгойгоор дамжиж бид капитализмтай танилцаж байна гэхэд хилсдэхгүй.

Зэсийн салбар маань яалт ч үгүй манай эдийн засгийн суурь салбар болж байна. Гэтэл зэсийн салбарыг эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс судалсан бүтээл их ховор санагдсан.

-Гэхдээ сая болж өнгөрдөг хурал чинь математикчдынх. Эдийн засгийн асуудал гэхээр…?

-Миний хувьд математикийн онол яриагүй. Математик аргачлалыг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх талаас нь ярьсан л даа. Орчин үед эдийн засгийн судалгааг математик загваргүйгээр хийх аргагүй болоод байна л даа.

-Эконометрикс гэдэг билүү?

-Тийм гэхдээ бас биш. Эконометрикс нь статистик дата ашиглаж эдийн засгийн үзэгдлийг онолд суурилан тайлбарладаг шинжлэх ухаан. Гэтэл зарим үед дата олдоггүй, эсвэл тоо олдсон ч нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байх нь бий. Ийм үед математик загварчлалын аргаар тооцоолол хийж болдог. Бас зарим нэг эдийн засгийн биш үзэгдлүүдийн нөлөөг загвар дээр туршиж үзэх боломжтой.

-Манай зэсийн салбар түүний экспорт гэхээр мэдээж Эрдэнэт, Оюу толгой хоёр байгаа байх. Энэ хоёр үйлдвэрийн экспортыг загварчилсан гэж ойлгож болох уу?

-Болно. Манай хоёр үйлдвэр дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байна. Энэ өрсөлдөөнийг хэрхэн загварчлах вэ гэсэн оролдлого төдий юм. Эдийн засгийн онолын хувьд суурь болгоод ашиглах боломжтой олон онол, урсгал, загвар аргачлал бий. Би хувьдаа тоглоомын онолыг сонгож авсан.

-Жаахан дэлгэрүүлээч, манай уншигчдад сонин байна байх. Олон улсын зах зээл дээр экспорт судалж байж тоглоомын онол гэхээр гайхаад байна л даа?

-Тоглоомын онолын суурийг анх Францын эрдэмтэн Курно тавьсан гэж үздэг. Тэрбээр 1838 онд “Баялгийн онолын математик зарчмыг шинжлэх нь” хэмээх бүтээлдээ цэвэр усны зах зээлд өрсөлдөж буй хоёр олигополь (дуополь) тоглогчийн хооронд үүсэж байсан өрсөлдөөнийг загварчилсан.

Хоёр өрсөлдөгч нэгэн зэрэг шийдвэр гаргах замаар тоо хэмжээгээр хоорондоо өрсөлддөг гэж үзсэн. Дараа нь Германы математикч Фон Нойманн 1928 онд “Нийгмийн тоглоомын онол” хэмээх бүтээлээ нийтлүүлсэн.

Түүнийхээр бол олон тоглогч оролцсон өрсөлдөөн зах зээлд өрнөдөг бөгөөд оролцогч тус бүр хөзөр, шатар гэх мэт тоглоомын адилаар хожлын төлөө “нүүдэг” гэж үзсэн. Мөн нацист Германы үед тэдний эдийн засагч Фон Стакелберг 1934 онд “Зах зээлийн хэлбэр ба тэнцвэр” хэмээх бүтээлээ нийтлүүлсэн байдаг.

Тоглогч бүр өөрсдийн ашгаа хамгийн их байхуйцаар тоо хэмжээгээ сонгоно. Лидер эхэлж “нүүх” бөгөөд дагагч нь тус шийдлийг харгалзан үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ сонгоно гэж үзсэн.

-Тэгвэл манай хоёр үйлдвэр зэсийн зах зээл дээр хожлын төлөө нүүж байх нь. Тоглоом л хойно нэг нь алдаж, нөгөө нь хожиж байдаг байх даа?

-Яах вэ шууд тэгж хэлэхэд хэцүү л дээ. Тоглоомын онол анхандаа хоёрхон тоглогчдын дунд явагддаг битүү загвар дээр суурилсан байсан. Ялсан нь бүгдийг авна. Ялагдсан нь бүхнээ алдана. Гэвч бодит амьдрал дээр тийм биш. Зах зээл дээр олон тоглогч нүүж байдаг.

Тэдний дунд эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэмээр цэг тогтож байдаг гэж үздэг. Энэ цэгийг Нэш тэнцвэр гэдэг л дээ. Энгийнээр хялбарчилж хэлэхэд. Нэш гэхээр манай уншигчид санаж байж магадгүй. Нобелийн шагналт энэ математикчийн тухай “Beautiful mind” гээд кино хүртэл байдаг даа.

Адам Смитийн “амиа хичээх” үзлийг няцаасан загвар гаргаж, улмаар Нобелийн шагнал авсан хүн л дээ. Нэшийнхээр бол тоглогч бүрт сонголт хийх боломжууд бий.Тэгээд нөгөө талын хамгийн оптимал шийдлийг харгалзан үзсэн стратегийг сонгодог. Бусад оролцогчид ч мөн өөрсдөдөө хамгийн ашигтай стратегийг сонгодог.

-Манай үйлдвэрүүдийн стратеги тэгээд ямар байна?

-Шууд хэлэхэд төвөгтэй л дээ. Эрдэнэт, Оюутолгой хоёр маань хоорондоо их өөр үйлдвэрүүд. Түүх нь ч өөр.

Эрдэнэт бол мэдээж социализмын үед баригдсан үйлдвэр. Монгол маань Зөвлөлтийн түүхий эдийн колони байлаа шүү дээ. Яах вэ наанаа бол “коммунизмд хүргэх социалист материал техникийн бааз” ч билүү гоё нэртэй. Тэгээд ч эдийн засгийн амьтан биш. Яагаад гэвэл ашгийн төлөө явдаг эдийн засгийн агентууд бол үнэ буурахаар үйлдвэрлэлээ бууруулдаг эсвэл зогсоодог. Үүнийг эдийн засагчид нийлүүлэлтийн муруй гэдэг л дээ.

Гэтэл Эрдэнэтийн хувьд үнэ буурсан ч тэр өссөн ч тэр хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нийлүүлэлтийн онол л лав үйлчилдэггүй байсан юм билээ.

Оюу толгойн хувьд хэтэрхий залуу байна. Мөн бүтээн байгуулалт нь дуусаагүй тул тоон өгөгдөл нь ч хангалтгүй байна л даа.

-Таны загвар тэгвэл яг юуг хэлээд байна вэ?

-Сүүлийн жилүүдийг тасалж аваад, тэр хугацаанд болсон экспортын хэмжээг илэрхийлэх боломжтой хийсвэр загвар гаргаж авахыг оролдсон.

Ингэхдээ зарим хүчин зүйлийг загвартаа гаднаас шок хэлбэрээр өгнө гэсэн үг. Үйлдвэрлэгч бүрт бодит өгөгдөл бий.

Үүнд суурилагдсан хүчин чадал ба нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг ба зардал. Мөн тоглогч бүрийн өмнө нэг зах зээл бас нэг үнэ байна гэж үзсэн. Ингээд тоглогч бүр ашгаа хамгийн ахиуц байлгах сонголтыг хийнэ гэсэн нөхцөл тавина.

Ингээд тоглогч бүр нэгэн зэрэг сонголт хийх буюу максимумчлах цэгийг эрэлхийлнэ гэсэн үг. Ямартаа ч энэ загвар маань ажилласан.

-Манай үйлдвэрүүдийн давуу ба сул тал юу байв?

-Энэ асуултад хариулахын тулд нэг практик асуудлыг тайлбарлах хэрэгтэй болно. Өнөөдөр дэлхий дээр 350 орчим зэсийн уурхай болон баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаар нь ангилбал манай Оюутолгой эхний 20 орчимд, харин Эрдэнэт 30 орчимд жагсаж байна.

Дэлхийн нийт зэсийн уурхайнуудыг нэг зах зээл гэж үзвэл “төгс өрсөлдөөнт” гэсэн ангилалд хамаарч байгаа юм. Хэн нь ч үнэд нөлөөлж чадахгүй, бүгд үнэ хүлээн авагч гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл хэнд нь ч зах зээлд нөлөөлөх аливаа монополь юм уу, олигополь хүч байхгүй гэсэн үг. Гэтэл манай экспортын гол зах зээл Хятадыг аваад үзэхээр шал өөр орчин үүсэж байгаа юм.

Хятад бол зах зээл доторх зах юм. Хятадын импортын зах зээл бол олигополь маягийн хэв шинжид хамаарна. Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд төрийн оролцоо их. Тэгэхээр нэг худалдан авагч гэж үзэж болно.

Мөн Хятадын импортын үнэмлэхүй хувийг маш цөөхөн орны уурхайнууд эзэлдэг. Үүнд, Чили, Перу, Монгол, Австрали, Индонези гэж улсууд орно. Би загвартаа голлох 12 уурхайг сонгож авсан. Эдгээр 12 уурхайн дунд Хятадын төвлөрсөн зах зээлд олигополь маягийн өрсөлдөөн явагдаж байна гэдгийг харуулсан.

Эдгээр өрсөлдөгч компаниудтай харьцуулахад манай үйлдвэрүүдийн зардал хэт өндөр байна. Бас үнийн мэдрэмж их муу байна. Хэрэвзээ Хятад ямар нэг шалтгаанаар импортоо эрс хумилаа гэхэд манай өрсөлдөх чадвар хамгийн муу байгаа нь загварын үр дүнгээс харагдаж байна билээ.

-Их сонирхолтой юм. Нууц биш бол зарим тоо хэлж болох уу?

-Дэлхийд зэсийн баяжмал үйлдвэрлэх дундаж өртөг 2,500 орчим америк доллар байхад манайд 4,500 америк доллар байна. Манай өрсөлдөгч Перу, Чилид тэгвэл бүр 1,000-1,500 доллар байх жишээтэй.

Манайд татварын ачаалал харьцангуй өндөр байна. Тээвэр, цахилгаан, бензин, дизель гээд бүх зардал дээр улаан гэрэл асчихсан байна даа. Оюу толгойн хувьд мэдээж бүтээн байгуулалт гээд зардал өндөр байгаа байх. Эрдэнэтийн хувьд оптимизаци хийх орон зай их байна даа.

-Манай зарим улс төрчид Оюу толгой чинь Эрдэнэтээс дөрөв дахин том байж гурав дахин бага роялти төлдөг гээд байдаг ямар учиртай юм бэ?

-Нөөцөөр нь тэгж андуураад байдаг байх. Тэрнээс биш суурилагдсан хүчин чадал ба экспорт ойролцоо шүү дээ.

Цэвэр зэс рүү шилжүүлэх юм бол нэг нь 120 мянга орчим тн, нөгөө нь 140 мянга орчим тн зэс экспортолж байгаа.

Оюу толгойн хувьд роялти 5 хувь. Эрдэнэтийн хувьд ч мөн роялти таван хувь боловч зэсийн үнэ 6,000 гараад явахаар 11 пункт юм уу түүнээс дээш хувиар нэмэгддэг эд л дээ. Өөрөөр хэлбэл үнэ бага байхад Эрдэнэт, Оюу толгой хоёр адилхан хувь хэмжээгээр роялти төлнө.

Үнэ өсөхөөр нь Эрдэнэт гурав дахин их хувь хэмжээгээр төлөөд байгаа. Энэ нь Эрдэнэтэд их хортой нөлөө үзүүлдэг. Уг нь манайхан оросуудыг шахаж байгаад зэс хайлуулах үйлдвэр бариулах гэж өсөн нэмэгдэх роялтиг хэт өндөр тавьсан байх гэж харддаг.

Гэвч одоо нөхцөл байдал эрс өөрчлөгдөөд байхад нөгөө гэнэтийн мэхээ мартаад дасал болчихсон гэсэн үг.

-Тэгэхээр таныхаар өсөн нэмэгдэх роялтиг бууруулах ёстой гэсэн үг үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Эрдэнэтийн бүтээмж буурч байна. Шаардлагагүй олон мянган хүн ажиллуулж байна. Нийгмийн талаасаа буруутгах аргагүй. Гэтэл олон улсын чөлөөт зах зээл бол хатуу ширүүн эд.

Эрдэнэтийн агуулга буурч байгаа, уул техникийн нөхцөл нь хүндэрч байгаа, нөөц нь рекламдаад байгаа шиг их биш шүү дээ. Одоо зөөлөн газардуулахад бэлдэх ёстой. Хүн нэмж ажилд авах хэрэггүй.

Техник, технологийн шинэчлэл хийх замаар зардлын оптимизаци хийх хэрэгтэй байна. Мөн ашигт малтмалын хуульд байгаа өсөн нэмэгдэх балай шатлалыг өөрчлөх хэрэгтэй. Эрдэнэтийг хангалттай л мөлжлөө. Одоо хаалтад нь зориулж жаахан орлого үлдээх хэрэгтэй.

-Та ярианы эхэнд Эрдэнэт бол социализмын үйлдвэр, Оюутолгой бол капиталист цаг үеийнх гэж хэлсэн. Жаахан тодруулаач?

-1960-аад онд Чехийн геологичид Эрдэнэтийн ордыг олж илрүүлсэн байдаг. Тухайн үед дэлхийн зэсийн зах зээлд АНУ, Замби ба Чили улсууд тэргүүлж байв.1960-1970 онд ЗХУ шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж эхэлсэн.

Мөн түүнчлэн дэлхийг капиталист ба социалист гэх хоёр ертөнцөд хуваасан “хүйтэн дайн” үргэлжилж байсан. 1970 онд Чилийн Марксист Алленде Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, АНУ-ын компаниудын мэдэлд байсан Чилийн томоохон зэсийн уурхайнуудыг нийгэмчлэх, төрийн мэдэлд авах ажлыг эхлүүлсэн түүхтэй. Тэгээд АНУ Чилийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.

1972 онд инфляц 140 хувьд хүрч, эдийн засгийн гэнэтийн уналт гүнзгийрсэн байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт эрс татарсан төдийгүй, гадагшилж эхэлсэн, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхээ зогсоосон. Иргэд банканд байсан хадгаламжаа татаж хатуу валют руу хөрвүүлэх замаар гадагшаа байршуулж эхэлсэн гэх зэрэг шалтгаантай.

Үр дүнд нь үйлдвэрүүд олноор дампуурч, ажилгүйдэл эрс өссөн. Засгийн газар инфляцтай тэмцэх зорилгоор будаа, гурил гэх зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг хатуу тогтоож эхэлснээр сая онцолсон бараануудын хомсдол үүсэж, улмаар хар зах дээр дээрх бараануудын үнэ эрс өссөн.

1973 оны эхэн үед Чилийн инфляц 800 хувьд хүрч байсан тул сонгогчид, ард иргэд нь Аллендегийн засаг захиргаанд дургүйцлээ илэрхийлж ажил хаялт, жагсаал цуглааныг олноор нь зохион байгуулах болсон юм.

Эдийн засгийн тогтворгүй байдал нь улс төр, нийгмийн тогтворгүй байдал болон өргөжсөн тул Чилийн арми 1973 оны есдүгээр сард төрийн эргэлт хийснээр Пиночет хэмээх дарангуйлагчийн эрин үе эхэлсэн гэж түүхчид үздэг.

Ингэж зэсийн нийлүүлэлтэд ихээхэн чухал нөлөөтэй Чили улсад “капиталистуудыг дэмжигч” төрийн эрх барих болсон учир ЗХУ болон социалист нөхөрлөлийн орнуудад зэсийн түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болох шаардлага тулгарч, Эрдэнэтэд хөрөнгө оруулах шийдвэр гарахад нөлөөлсөн байдаг юм.

Хоёрдугаарт Зөвлөлт, Хятадын хилийн мөргөлдөөн болж таарсан. За тэгээд Вьетнам-Хятадын тулаан байна.

Чехэд гарсан Прагын хавар хувьсгалыг нухчин дарахын тулд Оросууд танкаа оруулсан зэргээр Брежневийн номлол оргил үедээ хүрсэн үед Монголыг зөвхөн түүхий эдийн колони биш, мөн буффер бүс биш харин социалист амжилтын жишээ болгож дэлхийд харуулах гэсэн хэрэгцээ улам үнэд орсон байдаг. Оюутолгойн хувьд бүгд мэдэж байгаа. Дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулагч татаж хамтарсан үйлдвэр байгуулаад капитализмын зах зухтай танилцаад явж байна.

-Зэсийн зах зээлд ирээдүйд манай өрсөлдөгч хэн бэ?

-Перу улс. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт их татаж 28.3 тэрбум ам.доллар цуглуулсан тул хүчин чадал нь эрс өснө.

Categories
мэдээ нийгэм

Авлигын талаар мэдээлэл авах тусгай дугаар ажиллаж эхэллээ

Онцгой байдлын байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөний 2.2.3-т заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл авах тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ.

Өнөөдрөөс эхлэн 7777-8998 тусгай дугаарын утсанд холбогдон гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч, бүртгэлжүүлэн цаг тухайд нь хянан шийдвэрлэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлгийгзохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдий саналыг сонссон.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсож үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж байна.

Тэрбээр өнөөдөр /2019.07.31/ Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээнд оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг ирээд байна. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог болж буй нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Ийн сонгогдсоноор сумын Засаг дарга төв Засгийн газраа сонсохгүй, тусгаарлаад байх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Тэгвэл ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав.

Сумын Засаг дарга нарын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь нэн төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч бас бий. Улсын түвшинд харвал Засгийн газар ч төстэй байдалд бий. Манай тогтолцооны гол гажуудлыг засаж, хэсэг бүлэг хүмүүсийн шахалтаас ангид шат шатны гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортойгоор ард олны төлөө ажиллах боломжийг бүрдүүлэхээр Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв.

Сумаа шинэчлэх аян эхлүүлэхийг уриалав

Хөдөөд хот шиг амьдарч болохын жишээг харуулж, Монгол Улсын хэмжээнд жишиг болон хөгжиж яваа сум бол Дундговь аймгийн Гурвансайхан сум. Сумын шинэчлэлийг эхлүүлснээс хойш өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус суманд хийгдэх шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байгааг тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулав.

2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр анхны уулзалтаа хийхэд гурван хүн, 2 долоо хоногийн дараа хийсэн уулзалтад 6 хүн ирж байсан тухай тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн сумын шинэчлэлийн ажлаа эхэлсэн тухайгаа дурсан ярьсан байдаг.

Цаашдаа иргэд ирж оролцох нь нэмэгдэж, санал бодлоо солилцон хамтран хөрөнгө босгож, иргэд өөрсдөө хандив, мөнгө өгч, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар ОНХС-ийн хөрөнгөө оруулж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зэргээр сум, Нутгийн зөвлөл, иргэд бүгд идэвхийлэн оролцсоноор өнөөдрийн үр дүнд хүрчээ.

Эхний ээлжинд сумын төвийн айл өрхүүд гудамж дагуу жигдрэн блокон суурьтай сараалжин хашаагаар ижилсэж, цэвэр бохир усны шугам, халаалт дулааны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа барьж, 3 км засмал зам тавьж, гэрэлтүүлэг хийжээ.

Азийн хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас 250 мянган ам.доллар, Туркийн сангаас 250 сая төгрөг, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, дээр нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр эхний хөрөнгө босчээ.

Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийнхээ цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мод тарьж, ногоон байгууламж бий болгох шаардлагатай байсан тул Дэлгэрцогт сумын нутгаас үржил шимт хөрс татан, сумынхаа төвийн хатуу хөрсийг сольж, зүлэгжүүлж, мод бут тарьж эхэлсэн байна.

Сумандаа сайхан амьдарч болдог жишгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэд харуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар сайшааж байлаа. Сумын шинэчлэл цаашдаа үргэлжилж, сумын төвдөө нэгдсэн халаалтад холбогдож, Соёл, спорт, Суугаант цогцолбор, 12 жилийн сургууль, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг барьж, 2018 онд халаалтын шугамыг гудамж бүрийн эхэнд ойртуулан холбожээ. Ингэснээр 8 айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа бөгөөд цаашдаа бүх айлуудаа халаалт, цэвэр, бохир устай болгохоор ажиллаж байгаа ажээ. Энэ мэтчилэн бусдын сайн туршлагаас суралцаж, хөгжих боломж Өлзийт суманд бүрэн байгаагч тэрбээр хэлж, сумаа шинэчлэх аяныг эхлүүлэхийг уриалав.

Ингэхийн тулд сумын иргэд нийтээрээ оролцож, саналаа нэгтгэсний дараагаар дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай ч онцоллоо. Хоорондоо сайтар хэлэлцэж, зорилгоо тодорхой болгож чадвал хандлага өөрчлөгдөнө. Аливаа зүйлийг хийнэ гэдэг нэг хэрэг. Хийснээ арчилж, авч явна гэдэг чухал гэдгийг ч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн хэлж байлаа.

Хот суурин газраас сум орон нутагт шилжиж ирэх хөдөлгөөн нэмэгдсэн. Малчдын амьдрал нэг үеэ бодвол сайжирч, мөнгөн хадгаламжийн хэмжээ нэмэгдэх, сум болон аймгийн төвд орон сууцтай болох нь ихэссэн зэрэг эерэг нөлөө гарч эхэлжээ. Өнгөрсөн онд тус сум 4,2 сая мал тоолуулснаас энэ онд 1,8 сая төл хүлээн авсан байна. Малчид тооноос илүү чанарт анхаарч байгаа ч бэлчээрийн асуудал тулгарсан хэвээр байгаа. Сум орон нутгийн удирдлагууд залуу малчдыг дэмжиж малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэхдээ малчдын бүтээгдэхүүн зах зээлд үнэ цэнэ багатай байдгийн дээр хог дээр хаягдах түүхий эд олон байгааг сануулж, энэ чиглэлд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг хэлж байлаа.

“Зуслангийн өдөрлөг” арга хэмжээний үеэр залуу хойч үедээ үндэсний өв соёлыг өвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан юм.

Мөн Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын баг Өлзийт сумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар маргааш /2019.08.01/ Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Автомашин явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2019 оны наймдугаар дугаар сарын 01-ны шөнө 02:45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашин явган зорчигч 40 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн байна.

2019.07.31-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 262 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүн гэмтэж нэг хүн нас барсан байна.

Гэмтэж бэртсэн хүний хоёр нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Долоон настай охины дөрвөн хурууг тасалсан этгээдийн шүүх хурал болно

Долоон настай охиныг нагац ах нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарын дөрвөн хурууг цавчиж тасалсан хэрэг гарсан. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагаас хэлэлцэх юм. Бага насны хүүхдийг зодож, гэмтээсэн Чинтөр гэгчид эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар ял төлөвлөөд байгаа аж.

Хэргийг сануулахад, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ч нь 2019 оны тавдугаар сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг сүхээр тасласан бөгөөд охин яаралтай хагалгаанд орсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар долоодугаар сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцов.

АНУ-ын талаас тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон Конгрессийн зарим гишүүн оролцлоо.

Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн юм.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж, дэмжлэг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо.

Уулзалтын үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм.