Categories
мэдээ нийгэм

Автобусны яндангийн тортгийг цэвэршүүлэх тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа юм. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Хангарди” ордонд боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн буянт” компанийн төлөөллүүд, Японы Элчин Сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюки, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура, төслийн удирдагч Масанори Комори нар болон бусад холбогдох албаныхан байлцав.

Ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан төслийн хүрээнд гарсан үр дүнг онцолж хэлээд талархлаа илэрхийллээ. Тэрбээр “Төслийн хүрээнд манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой DPF шүүлтүүрийг 24 автобусанд суурилуулсан. Бодит туршилтаар хорт утааг 97 хувь хүртэл бууруулсан үзүүлэлт гарч цаашид хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох нь баталгаажсан” гэв.

Жайка олон улсын байгууллага нь 2017 оноос Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төслөө хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн буянт” гэсэн гурван компанийн 24 автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (MoCobee CT-3 загвартай) болон иж бүрдлийг Япон улсын Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй суурилуулж, өнгөрсөн оны долдугаар сараас туршилтын ажлыг эхлүүлсэн байна.

Тортгийн шүүлтүүр нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн яндангаас гарах их хэмжээний тортгийг шүүж, агаарт хаягдах утааг цэвэршүүлэх зориулалттай систем юм байна. Уг төхөөрөмжийг Японд анх 2003 оноос туршиж эхэлсэн бөгөөд дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машин, гал унтраах машин зэрэгт голлон нэмэлтээр суурилуулан өнөөг хүртэл 15 жил гаруйн хугацаанд тасралтгүй ашигласан хамгийн аюулгүй, найдвартай систем аж.

Улаанбаатар хотод хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжийн жагсаалт:

No.

Төрөл/Загвар

Тодорхойлолт

Тоо

1

Дизелийн Тортгийн Шүүлтүүр (ДТШ),

Загвар: Мокоби СТ-3

Үйлдвэрлэгч: Комотек корпорац

Токио хот орчмын 8 аймгаас олгогдсон БО-ны 002-Д гэрчилгээ

24

2

ДТШ цэвэрлэгч

Загвар: Мокоби RE

Үйлдвэрлэгч: Комотек корпорац

Ажилласан ДТШ цэвэрлэх зориулалттай Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан

15

3

Утааны тортогшил хэмжигч багаж, Загвар: MEXA-600S

Үйлдвэрлэгч: HORIBA

3

4

Хөдөлгүүр цэвэрлэгч,

Загвар: Diesel Pro

Үйлдвэрлэгч: Advantage Engineering, AEC Group Inc.

Тусгай зориулалтын цэвэрлэгээний шингэний хамт

3

5

Нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч, Загвар: EC-600

Үйлдвэрлэгч: REKEN KEIKI Co., Ltd.

6

6

Drive Recorder,

Загвар: XDR-66URG

Үйлдвэрлэгч: WATEX CO., LTD.

24

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 2885 удаагын гал түймэр гарч, 41 хүн галын улмаас амиа алджээ

Он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Обьектын гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 23.6 хувиар өсөж, харин учирсан хохирлын хэмжээ нэг дахин буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

Ази-Номхон далайн орнуудын боловсролын чанарын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа

Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл APQR буюу Ази-Номхон далайн орнуудын байгууллагуудын чанарын үнэлгээг амжилттай хийлгэж, олон улсын чанарын шаардлагыг хангасан байгууллагын гэрчилгээг өчигдөр хүлээн авлаа.

APQR чанарын баталгаажуулалтын гэрчилгээ нь тус байгууллагын үйл ажиллагаа нь олон улсын түвшинд хүрсэн, Ази-Номхон далайн орнуудын боловсролын чанарын баталгаажуулалтын холбооны стандарт, чанарын шаардлагыг хангасан гэдгийг баталж буй хэрэг юм. APQR чанарын баталгаажуулалт авсан байгууллагууд олон улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд үүнд, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд бие дааж болоод хамтарсан хэлбэрээр хийх, өөрийн шинжээчдийг гадаад, дотоодын их дээд сургуулиудад ажиллуулах, хамтарсан сургалт явуулах, мэргэжилтэн солилцох зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой болно. Гэрчилгээг хүлээн авсантай холбогдуулан APQN буюу Ази-Номхон далайн орнуудын боловсролын чанарын баталгаажуулалтын холбооноос “Hearty congratulations on achieving this important international recognition” (Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад тань чин сэтгэлийн баяр хүргэе!) хэмээн баяр хүргэн мэндчилсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх удаагаа зохиогдоно

Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирсэн “Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ ирэх есдүгээр сард зохион байгуулагдах гэж байна.

“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор 2019 оны 9-р сарын 5-6 өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болно.

Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Ж.Золжаргал, Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциацийн ерөнхийлөгч Ян Шианфен нарын зочид болоод “Coal Mongolia-2019” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчид оролцох аж.

Чуулга уулзалтын үеэр Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдал, Кокс-ийн худалдааны асуудал болон гангын зах зээлийн төлөв байдал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна Өмнөговь аймаг болон ӨМӨЗО Баяннуур аймгийн удирдлагууд, хоёр улсын хил гаалийн байгууллагын төлөөлөл, уурхай, тээврийн компаниудын захирлууд нээлттэй хэлэлцүүлэг хийх юм.

Уг чуулга уулзалтаар:

Нүүрсний салбарын зах зээл, үнийн чиг хандлагын талаар дэлхийн шилдэг судлаачдын байр суурийг сонсох

Салбарын лидерүүдтэй нүүр тулан уулзаж бизнесийн харилцаа хамтын ажиллагаа тогтоох

Салбарын бодлого, төлөвлөлт, шинэ төслийн мэдээлэл авах

Хөрөнгө оруулалт татах, Хөрөнгө оруулалтын төслүүдийг олох.

Борлуулалтаа нэмэгдүүлэх

Шинэ техник, технологийн үнэ өртөг, бүтээмжийн мэдээлэл авах

Бага зардлаар цаг хугацаа хэмнэн бизнесээ өргөжүүлэх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм.

Чуулганы ОНЦЛОХ оролцогчид:

Ж.Золжаргал

Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч

Шүэ Вэнлин

Түдэй Тинк Танк Энержи ХХК-ийн Ерөнхийлөгч

Нүүрсний салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд 1993 онд Хятадын Уул Уурхайн Их Сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр дүүргэж бакалаврын зэрэг, 2011 онд мастерын зэргээ хамгаалсан билээ. Тэрээр Хятадын Үндэсний Нүүрс Хэмжилзүйн Холбооны гишүүн ба Шанси мужийн нүүрсний хэлтэст техникийн шинжээч, Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциацид мэргэшсэн шинжээчээр ажиллаж, Wanfang Academic Circle-д мэргэшил дээшлүүлсэн ба өдгөө “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Ян Шианфен

Ян Шианфен, Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциацийн ерөнхийлөгч, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч

Андре Шмит

Герман улсын ATNA Industrial Solutions ХХК, Захирал

Хөү Жихуа

Түдэй Тинк Танк Энержи ХХК-ийн Дэд ерөнхийлөгч

Хөү Жихуа нь 2007 онд мэргэшсэн цолоо авснаас хойш нүүрсний салбарт 10 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-д нэгдэхээсээ өмнө Шанхайн нүүрс худалдааны төвд төслийн ахлах менежерээр ажиллаж байсан ба тэрхүү хугацаандаа маш олон нүүрсний төсөл, судалгаа, мэдээллийн сан, вебсайтыг амжилттай удирдан гүйцэтгэж байсан туршлагатай билээ. Өдгөө “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Мү Веншин

Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциацийн шинжээч, Имэй Инфо-ийн шинжээч

Мү Веншин нь Ёнган группийн Xудалдааны хэлтсийн захирал, Далианы бараа бүтээгдэхүүний биржид коксжих нүүрс хариуцсан илтгэгч мэргэжилтэн, Хятадын Нүүрс Тээвэр, Худалдааны Ассоциацад зах зээлийн судлаач юм.

Тэрээр 2007-2013 онд China United Steel Group-д коксжих нүүрсний менежерээр, 2013-2016 онд баялгийн бүлгийг нэмэгдүүлэх зорилгоор Хонг Конгд металл дамжуулагчийн туслахаар тус тус ажиллаж байсан. Мөн кокс, коксжих нүүрс, ган, төмрийн хүдрийн зах зээлд 10 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Түүнчлэн коксын үйлдвэрлэлийн гинжин хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж, Macquarie Bank, UBS Bank, Dalian Commodity Exchange and Safety Supervision Bureau-н уулзалтуудад илтгэгчээр уригдан оролцож байсан ба түүний нийтлэл болон илтгэлүүд нь Хятадын металлургийн мэдээ, Хятадын нүүрсний мэдээ, The Futures Daily-д нийтлэгдэж байсан түүхтэй билээ.

Б.Чинзориг

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны Ерөнхийлөгч

Б.Чинзориг, МАМБХолбооны Ерөнхийлөгч, ШУТИС Геологи Уул уурхайн сургуулийг 2000 онд Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр бакалавр, 2002 онд Уул уурхайн менежмент мэргэжлээр магистр хамгаалсан. 2011 онд “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” (Уул уурхайн компаниудын жишээн дээр) сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2014 онд ШУТИС-н эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дэд профессор цол хүртсэн. Тэрээр Монгол улсын эрдэс баялагийн цогцолборын тогтвортой хөгжлийн чиглэлээр 40 гаруй илтгэл, өгүүлэл бичиж нийтлүүлсэн ба 10 гаруй эхтгэл, гарын авлага гаргасан. Түүнчлэн Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэгийн тэргүүн бөгөөд МАМБХолбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Томас Мюллер

Герман улсын ATNA Industrial Solutions ХХК, Маркетинг болон борлуулалтын албаны захирал

Жаомин Дуан

BGTG ХХК Олон улсын төслийн хэлтсийн орлогч захирал

Жаомин Дуан БНХАУ-ын Шанси мужид төрсөн, 2009 онд Хятадын Уул уурхай, Технологийн Их Сургуулийг Эрдэс боловсруулалтын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2012 онд Кентукки хотын их сургуульд Уул уурхайн инженер мэргэжлээр магистр хамгаалсан, Өдгөө BGTG-ийн олон улсын төслийн хэлтэсд орлогч захирлын алба хашиж байна.

Мартин Бунзел

Schaunburg MAB GmbH компанийн бизнес хөгжлийн менежер

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн бэлэглэсэн моринд Д.Трамп “Ялалт” гэсэн нэр өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад монгол адуу бэлэглэсэн тухай америкийн хэвлэлүүд тэдний уулзалтын үеэр сонирхон асууж байсан билээ. Энэ үеэр Дональд Трамп бэлгийн мориныхоо зургийг харсан тухай хэлээд мөн түүнийг Ялалт гэж нэрлэсэн тухайгаа ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ялалтыг Д.Трампын хүү Бэррон Трампад дурсгаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэглэсэн адууны зургийг Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Стефани Гришэм твиттер дэх албан ёсны хуудастаа хуваалцсан байна.

Тэрбээр Монголчуудын энэхүү уламжлалт бэлгэнд талархал илэрхийлээд Ялалтыг эх нутагтаа үлдэх тухай жиргэсэн байна.

View image on Twitter

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн удирдлагууд үндэсний спортын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ

Төв аймгийн удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Төв нутгийн нэрийг өндөрт өргөсөн үндэсний спортын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал, улсын их баяр наадамд 40 сумнаас 39 онож түрүүлэн Монгол Улсын “Мэргэн” цол хүртсэн Зуунмод сумын иргэн Э.Цогбаяр, Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж 7 давж түрүүлэн Монгол Улсын “Шонхор” цол хүртсэн Заамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Ган-Эрдэнэ, мөн амжилттай барилдан 4 давж шөвгийн 8-д үлдсэн сурагч Н.Нямдаваа, Батсүмбэр сумын сурагч Н.Баттулга, Хурдан морины уралдаанд 1 түрүү, 4 айраг, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд азаргатүрүүлгэсэн Баян сумын уяач Б.Нямжав, шүдлэн насанд түрүү хүртсэн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаяр нарт Аргалант суманд зохион байгуулагдсан “Төв түмний цэнгэл” баяр наадмын үеэр аймгийн ИТХ болон Засаг даргаас хүндэтгэл үзүүлсэн байна.

Мөн энэ үеэр “Монгол Улсын мэргэн” Э.Цогбаярыг үндэсний сурын харваагаар өндөр амжилт үзүүлснийг үнэлж, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Categories
мэдээ нийгэм

​“Армейские игры-2019”-д оролцох баг тамирчид тэмцээний газар орондоо очжээ

“Армейские игры-2019” цэргийн мэргэжлийн олон төрөлтийн олон улсын тэмцээнд дэлхийн 10 улсын нутагт дэвсгэрт ирэх 8 сарын 3-ны өдөр нээлтээ хийнэ. Цэргийн наадамд Азербайджан, Алжир, Бангладеш, Беларусь, Египет, ОХУ, Монгол Улс, БНХАУ зэрэг 34 улсын 216 багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид уралдааны нийт 31 төрлөөр оролцох юм.

Манай улсын Зэвсэгт хүчнээс уг олон улсын уралдаанд 5 төрөлд хүч үзэн оролцоно. Тэмцээний нэгэн төрөл болох “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг манай улс эх орондоо зохиохоор болсон бөгөөд тамирчид бэлтгэлээ хэдийнээ эхлүүлээд байгаа билээ.

Цэргийн наадмын Олон Улсын шүүгчээр ЗХЖШ-ын Стартеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн томилогдон Москва хотноо ажиллаж байна. Энэ сарын 25-ны өдөр “Танкийн биатлон”, “Инженерийн томъолол” тэмцээнүүдэд оролцох бие бүрэлдэхүүн Москва хотноо байрлах “Алабино” сургалтын төв, “Тюмен” хотод иржээ.

Энэ жилийн танкийн биатлон тэмцээнд дэлхийн 25 орны 500 гаруй танкчид оролцох бөгөөд энэ сарын 29-ний өдөр оролцогч орнууд танкийн өнгө болон уралдах замаа сонгож, танкуудаа хүлээн авна. ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан танкийн биатлонд оролцох танкчид 6 дахь жилдээ оролцож байгаа. Танкийн биатлон тэмцээний энэ жилийн нэг онцлог нь өмнөх жил оролцсон баг тамирчдыг чансаагаар нь ангилан 1,2 дугаар хэсэгт хуваан тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Манай танкчид нэгдүгээр хэсэгт буюу 2018 онд эхний 12 дугаарт эрэмбэлэгдсэн улсууд болох ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан, Серби, Иран, Армения, Венесуэл, Киргиз, Сири гэсэн 11 орны баг тамирчидтай өрсөлдөхөөр болоод байна. Энэ жилийн манай улсын танкчид чансаагаараа 25 орноос ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан улсын дараа 6 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа н.Энхцогоор ахлуулсан “Инженерийн томъолол” тэмцээнд манай цэргийн инженерүүд анх удаа оролцож байгаа агаад ОХУ-ын “Тюмен” хотод болно.

ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзоригоор ахлагчтай ”Мэргэн буудагчийн зааг” тэмцээний тамирчид болон ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батнямаар ахлуулсан “Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцох баг тамирчид энэ сарын 26-ны өдөр эх орноосоо мордсон бөгөөд энэ сарын 30-ны өдөр Москва хотноо ирж тэмцээний бэлтгэлээ хангаж эхэлжээ. Харин мэргэн буудагчид цааш Беларусь улсыг зориод байгаа аж.

Монгол танкчид улаан өнгийн танкаараа дахин уралдана

Энэ сарын 29-ны өдөр “Танкийн биатлон”тэмццээнд оролцох 25 орны танкчид танкийн өнгө болон гараагаа сугалжээ. Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийнхаа өнгө гарааг тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалав.

Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танкийг сугалсан юм. Улаан өнгө нь манай танкчидын хувьд ихэд ивээлтэй өнгө гэгдэж, хүч чадлыг билэгдэж ирсэн. Өмнөх 2 жилд ч мөн энэхүү өнгийг сугалан уралдаж байсан нь амжилтаа ахиулсан үзүүлэлтийг гаргаж байсан. Тийнхүү манай танкчид ирэх 8 дугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд 3 дугаар гараанд Сири, Венесуэл, Казакстан улсын танкчидтай уралдахаар боллоо. Эл өдөр оролцогч 25 орны танкчид шодож авсан өнгийн танкуудаа хүлээн авч үзлэг оношлогоог хийн, уралдах зам маршруттайгаа танилцжээ.

Монголын цэргийн тогооч нар дөрөв дэх жилдээ ур чадвараа сорино

Цэргийн наадмын нэг төрөл ” Хээрийн гал тогоо” тэмцээнд манай улсын цэргийн тогооч нар 4 дэх жилдээ оролцож байна. Энэ жил уг тэмцээнд 10 орны цэргийн тогооч нар оролцох юм. 7 дугаар сарын 31-ний өдөр оролцогч орнууд сугалаагаа сугалан, Олон улсын шүүгч, багийн ахлагч хурандаа Б.Батням багаа төлөөлөн сугалсанаар манай улс Казахстан, Азарбайджан улсын хатуухан багуудтай учраа таарлаа. Учир нь дээрхи 2 орон өнгөрсөн жил 3, 4 дүгээр байруудыг эзлэж байсан удаатай. Ийнхүү манай тогооч нар эхний хэсгийн тэмцээнээ 8 сарын 6-ны өдөр буудлагаар эхлүүлэх бол 8 дугаар сарын 7-ны өдөр хар хайрцаг, талх нарийн боовны төрлөөр тэмцээнээ үргэлжлүүлнэ ээ. Тогооч нарын хувьд өмнөх жилүүдэд оролцож байсан туршлагатай агаад дасгалжуулагч болон техникийн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Энэ өдөр мөн багууд тэмцээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлээ хүлээн авав.

Categories
мэдээ нийгэм

Обьектын гал түймрийн дуудлага 23,6 хувиар өсчээ

Он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Обьектын гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 23.6 хувиар өсөж, харин учирсан хохирлын хэмжээ нэг дахин буурсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Гэр” төслийн эхний шатанд 15 өрхөд гэр олголоо

Төв аймгийн Засаг даргын санаачлагаар Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд зорилтот бүлгийн иргэдийг орон байраар хангаж иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх зорилгоор “ГЭР” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд сум бүрт 3 гэр, нийт 27 сумын 81 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсэн юм. Төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд Аргалант суманд зохион байгуулагдсан “Төв түмний цэнгэл” баяр наадмын үеэр Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Лүн, Угтаалцайдам сумын 15 өрхөд гэр олголоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Наксэн хоршоо Сүхбаатар аймагтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан энэ оны тавдугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр тус улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирсон билээ.

Үүний дагуу тус хоршооны дарга Чун Жэе Ёонг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өчигдөр зочиллоо. Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжил, Сүхбаатар аймгаас аймаг, сум, хоршооны ерөнхий мэдээллийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэж тогтлоо.

Наксэн хоршоо нь Монгол Улсад “Загвар хоршоо” байгуулахад хууль эрх зүйн зөвлөгөө, хоршооны хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан уулзалтад оролцогсдод хандан Монгол Улсын Засгийн газар болон тус яамны зүгээс энэхүү хамтын ажиллагааг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно гэж мэдэгдлээ.