Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Сенатын гишүүн Тэд Иохо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа.

Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампын багийнхантай уулзаж хуулийн төслийн хүрээнд ярилцсан байна.

Мөн өчигдөр болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтаар хуулийн төслийг онцолж ярилцсан нь цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт Тэд Иохо итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлж, энэхүү хууль батлагдсанаар малчин иргэдэд орлого нэмэгдэж, ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт гарна гэдгийг илүү олон Конгрессын гишүүдэд хэлж өгөхийг хүссэн юм. Мөн тус улсын хууль тогтоогчдыг урьж авчирбал Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар илүү ойлголттой болж, нягт хамтран ажиллах тул харилцан айлчлалд өндөр ач холбогдол өгч, энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Том үйлдвэрээ дагаж ЖДҮ хөгжинө

Одоо манайд явж байгаа зарчмаар жижиг, дунд үйлдвэр хөл дээрээ босох ч үгүй юм байна. Учир нь жижиг, дунд үйлдвэр том үйлдвэрээ дагаж хөл дээрээ босно. Түүнээс биш ЖДҮ-ийн сан байгуулаад нэмэргүй юм гэдгийг бид бэлхнээ харлаа. Тэр төсөл улстөрчдийн халаасанд орсныг хэн хүнгүй мэдэж авсан. Өмнө нь ЖДҮ-ийн төсөл бариад очсон хүмүүс баахан шаардлагыг нь арай гэж даваад банк руу очоод барьцаа хөрөнгө мэтээс болоод бүдэрчихдэг байсан юм. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрийн төслийн зээл банкаар дамжиж, банкны зээлийн санд бүртгэгддэг байсан. Гэтэл Батзориг сайдын үед л банкаар дамжиж зээл өгөхөө болиод сайд цохоод шийдчихдэг маягтай болчихсон байгаа юм. Төсөл бариад ирсэн Должин, Дулмаа нарт олдохгүй зээл улстөрчдөд юуны ч юм төлөөсөнд өгчихсөн байсан. Ингээд хэвлэлээр энэ булхай дэлгэгдэж, нийтийн эсэргүүцэлтэй тулсан ч ЖДҮ-чин улстөрчдийг хуулиар буруутгасангүй. Учир нь У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг улс төр хийхдээ ЖДҮ-чин гишүүдийг барьцаалж, ашиг гаргаад л өнгөрөх шив.

Ер нь төрөөс явуулж байгаа бодлогоор бол мөнгө өгчихвөл ЖДҮ босно гэж үзээд байгаа. ЖДҮ хэзээ босдог юм гэхээр томоохон үйлдвэр, том салбар босч ирэхэд төрөөс мөнгө гаргасан гаргаагүй дагаж бий болдог. Одоо байгаагаараа байвал юу ч сайжрахгүй. Үйлдвэр байгуулна гээд мөнгө зарсан ч, тэр нь магадгүй улстөрчдөд биш иргэн Дулмаад очсон ч хүн амын гучин хувь ядуу байна гэсэн статистик өөрчлөгдөхгүй. Энэ нь төрөөс явуулж байгаа бодлого буруу байгаад байгааг илэрхийлж байна. ЖДҮ бий болгохын тулд том үйлдвэрүүдийг барьж босгох. Том үйлдвэрийг дагаж ашиг хийсэн компаниуд хөл дээрээ босдог. Хөл дээрээ боссон компаниуд дараа нь арай томоор харж, экспортын тухай ярьж эхэлдэг. ЖДҮ хөл дээрээ боссон жишээнүүд бий. Эрдэнэт, Оюу толгойг дагасан жижиг, дунд үйлдвэрүүд, ялангуяа Оюу толгойд хамтарч байгаа үйлдвэрүүд дэлхийн стандартыг мэдэрч, туршлага сууж байгаа. Өнөөдөр манайд байгаа жижиг бизнес эрхлэгчид гэхээр лангуучид буюу Эрээний ганзагачид, малчид л байгаа юм.

Лангуучдыг үйлдвэрлэгч гэхээсээ амин зуулгаа авч яваа улс гэж болох юм. Малчид ч бас үйлдвэрлэгч гэхэд хэцүү. Тэдний 90 гаруй хувь нь 200 хүртэлх малтай. Энэ нь амьжиргааны түвшиндээ л хүрэлцэнэ үү гэхээс жижиг, дунд үйлдвэрлэл гэхгүй. Манайд жижиг, дунд үйлдвэр ор байхгүй биш л дээ. Хэр хэрэндээ л хичээгээд байгаа хэрнээ дээшээ ахиж өгөхгүй байгаа нь нэгийг хэлнэ бус уу. Төмрийн, модны, оёдлын, хүнсний гээд жижиг үйлдвэрүүд үлгэн салган, хаалгаа барьчихалгүй ажиллаад байгаа нь цөөнгүй. Эд нар хөл дээрээ яагаад босохгүй байна гэхээр яг тэдний үйлдвэрлэдэг барааг Хятадаас хямдаар оруулж ирээд байгаа. Жишээ нь, саяхан баахан хэл ам дагуулсан зам тусгаарлах шар хашааг М.Даваасүрэнгийн “Ган хийц” компани өлхөн хийчихнэ. Гэтэл хэний ч шахаа юм, импортоор ороод ирж л байгаа юм. Ингэхээр жижиг, дунд үйлдвэрүүдээ яаж хөгжүүлэх юм. “Exclusive”-ийн Майцэцэг хэрэндээ л хямдаар оёмол бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд байгаа ч ганзагачид тэдний загварыг хуулбарласныг урдаас авчраад зарсаар л байгаа. Угтаа бол Төрөөс аж үйлдвэрийн талаарх баримтлах бодлого гэж бий. Энд дотооддоо үйлдвэрлэдэг барааг гаднаас авахгүй гэсэн заалтууд байдаг нь санамсаргүй харахад нэг их өөдрөг, эх оронч санаа шиг. Гэтэл дотооддоо үйлдвэрлэдэг, оёмол бүтээгдэхүүн, ширээ сандал, замын хашлага хийдэг хайсыг хүртэл импортоор оруулж ирээд байхаар өнөөх үндэсний үйлдвэрлэгчид босох боломжгүй болж байна.

Тэгвэл ямар гарц байна. Жишээ хэлье л дээ. Лангуучдыг үйлдвэрлэгчид болгохын тулд томоохон оёдлын үйлдвэрүүд нээгдэх ёстой. Учир нь ганзагачдын 70 хувь нь хувцас оруулж ирдэг юм билээ. Малчдыг үйлдвэрлэгч болгохын тулд ноос, арьс, шир, мах боловсруулах, гуравхан төрлийн томоохон үйлдвэр барьчихад л хоёр зуун хоньтой хүн амин зуулга залгуулах төдий биш, бизнес болж хувирна. Манай улс далан сая толгой малтай. Үүнээсээ арван саяыг нь жилдээ иднэ. Жаран саяыг нь хадгалаад байдаг. Тэр нь асар их зардал. Мал сайжруулах эрүүлжүүлэх гэж санаа тавилаа ч вакцин энэ тэрээ ч авч дөнгөхгүй. Жишээ нь Засгийн газар малыг хөлөөр нь гаргах эхний ээлжинд зөв байсан. Хэрэв гаргасан бол малчид арай ахиу мөнгөтэй болох байсан биз. Мөн Эмээлтийн тэнд хог болсон адууны 600 мянган ширийг илжрүүлээгүй байсан бол багаар бодоход зургаан тэрбум төгрөг малчдын халаасанд орох л байсан. Ноос. Манай Ерөнхийлөгч Монголоос экспортлох ноосон, оёмол бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх саналыг АНУ-д тавьсан. Хэрэв энэ саналыг АНУ баталбал жил бүр малчид багаар бодоход кг нь таван мянган төгрөгийн үнэтэй гучин мянган тонн ноосоороо утас ээрээд оёмол бүтээгдэхүүн болгож экспортолбол нэг кг ноос хориос тавин долларын үнэтэй оёмол бүтээгдэхүүн болно гэсэн тооцоо байдаг.

Үнэн хэрэгтээ нийслэлд том үйлдвэрүүд цөөхөн, ажлын байр үндсэндээ ханасан. Гэвч хот руу ирэх хүн урсгал тасраагүй. Нийслэлийн утааг сааруулахын тулд хөдөөгийнхний хот руу нүүх урсгалыг зогсоох шийдвэр өмнөх Засаг дарга гаргасан. Угтаа бол Үндсэн хууль зөрчиж байгаа юм л даа. Ийм шийд гаргахын оронд хоёр зуун хониных нь түүхий эд боловсруулахад зөв бодлого барьсан бол тэд хэний ч шахалтгүй буцаад явчихна. Харин хөдөөнийхний малын түүхий эдийг боловсруулбал хүн амын дөчөөд хувийг хангах үйлдвэрүүд өлхөн баригдах боломжтой гэсэн тооцоо бий.

НҮБ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах талаар дөрөв, таван жил дэмжлэг үзүүлж байна. Хэдхэн жилийн өмнө Японоос хуурай сүү боловсруулах зуугаад машин оруулж ирсэн. Тухайн үедээ энэ машинууд ажиллаад хөдөөгийнхний сүүг худалдаж аваад газар дээр нь хуурай сүү болгон Японд экспортлох тухай яригдаж байсан. Өнөөдөр энэ төслийн хувь заяа юу болсон нь тодорхойгүй байна. Энэ мэтчилэн гадныхны жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн маш олон төсөл санаачилгууд байдаг. Харамсалтай нь Монголын төр дэмжлэг бага үзүүлдэг тухай төсөл хэрэгжүүлэгчид ярьдаг. ЖДҮ-ийг хөгжүүлье гэвэл бодлогоо өөрчилье. Том үйлдвэрүүдийг байгуулъя. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-д зарцуулсан мөнгөөр хэд хэдэн том үйлдвэр байгуулчих боломжтой байсан. Өнөөдөр Монголд бодитоор хөгжиж байгаа ЖДҮ гэвэл Оюу толгойн 200 гаруй, Эрдэнэт үйлдвэрийн ханган нийлүүлэлт хийдэг 100 гаруй компани л юм. Тэгэхээр жижиг, дунд гэсээр ахиж өгөхгүй байгаа үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхийн тулд томоохон үйлдвэрлэлийг дэмжихэд анхаараад үзвэл яасан юм. Тэд аяндаа л ЖДҮ-ээ дэмжээд явчихна шүү дээ.

Д.ТӨГСХҮСЛЭН

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Найр наадам, амралт зугаалгын энэ үед Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн далайц хангалттай байж чадах уу гэдэг эргэлзээтэй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгч, улс төрийн намууд саналаа гаргаж байна. Та хувь гишүүний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ цаг үед ид яригдаж байна. Энэхүү төсөлд тал талын санал гарч байгаа нь зөв юм. Хэдий чинээ сайн хэлэлцэгдэнэ, төдий чинээ сайн боловсруулагдана. Тэр утгаараа иргэний нийгмийн байгууллагууд болон хуульчид, судлаачид идэвхтэй сайн оролцож байна. Гэхдээ найр наадам, амралт зугаалга хавтгайрсан энэ үед албан ажил хийхэд тодорхой бэрхшээл харагдаж байна л даа. Энэ талаасаа хэлэлцүүлгийн эрч, далайц хангалттай байж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрж байна.

Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ юуг, яаж гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна. Гишүүдийн өргөн барьсан төслийг тойрогтоо танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонссон. Маш олон хүний санал бичгээр болон аман хэлбэрээр ирсэн. Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын Тамгын газарт өгсөн. Харин Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг нэгтгэх, тэдгээрийг алиныг нь хэрхэн томъёолж оруулах вэ гэдгийг шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогоор ямар байдлаар өөрчлөгдөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Миний хувьд хамгийн түлхүү өөрчлөх саналтай, илүү судалж уншиж байгаа хэсгүүд нь шүүх засаглалтай холбоотой. Мөн нутгийн удирдлагатай холбоотой хэсэг. Мэдээж өөрчлөлтийн бүхий л зүйл, заалтууд дээр санал бодлоо илэрхийлж, чуулган дээр саналаа хураалтанд байр сууриа баримтлан ажиллана.

-Шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай байх талаар 62 гишүүний өргөн барьсан төсөлд тодорхой оруулж өгсөн санагдсан. Энэ зорилгодоо хүрч чадах болов уу?

-Шүүх засаглал, хараат бус байдал, шүүх шударга үнэн ажиллах, хүн бүрт тэгш хандах явдал нь эцсийн дүндээ хүний эрхийн тухай асуудал юм. Бид одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг маш тодорхой тусгаж өгсөн. Монгол улсын амин сүнс нь хүн бүр нас, яс үндэс, шашин шүтлэг, эдийн засгийн чадавх нөхцөл байдлаас үл хамааран тэгш эрхтэй хэмээн тунхагласан явдал. Хуулийн өмнө, шүүхийн өмнө ч тэгш байх нь маш чухал. Шүүх шударга бус байна гэх шүүмжлэл гараад байгаа шалтгаан нь магадгүй хэт нэг талыг барьж, илүү хүчтэй, мөнгөтэйд нь үйлчилж байгаа юм биш үү гэдэг хардлага гомдол бухимдал нийгэмд байгаатай холбоотой. Шүүх хараат бусаар, хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргадаг байх ус агаар мэт чухал юм. Тиймээс шүүхийн хараат бус, хариуцлагатай байлгах дархалж буй зүйл, заалт маш чухал.

-Төслийн ямар заалтуудыг онцлон үзэж байгаа бол?

-Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал хангалттай бус, зөрчигдөж буй асуудал олон байна. Үүнийг бид янз бүрийн хүрээнд ярьж болно. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон түүний хэрэгжилтийн асуудал, ажлын байрны бэлгийн дарамт, хөгжлийн бэрхшээлээс болоод төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүй байх гэх мэт. Эдгээр нь нийгэмд үнэхээр бодитой байгаа асуудал. Эдгээр асуудлыг шийдэх хамгийн эцсийн шат нь шүүх байгаа юм. Асуудал бүр шүүх рүү очихгүй нь ойлгомжтой л доо. Гэхдээ ямар нэгэн зөрчил, хүндрэл, гэмт хэрэг эцэстээ шүүх дээр л шийдэгдэнэ. Тэр утгаараа шүүгчдийг шүүгчид өөрсдөө сонгож гаргаж ирдэг байх нь зөв.

Мөн томилгооны сонсгол заавал хийдэг байх чухал. Томилгооны сонсгол хийх ёстой гэсэн энэ саналыг хамгийн зөв дэвшил гэж харж байгаа. Жишээлбэл, шүүгчдэд тавигдах шаардлага, ажлын туршлага нь ямар байх эсэхийг тодорхой зааж өгөх ёстой. Одоо ч битүү морь гэдэг шиг гэнэтийн зүйл болдог шүү дээ. Ийм гэнэтийн хэлбэрээс татгалзаж нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тухайн хүний ёс зүй, ажилд хандах хандлага, боловсрол, мэдлэг, чадвар гээд бүх талыг нь судалж мэдэх, нээлттэй ярилцах бололцоо бүрдэнэ. Хуульд заасан шалгуур үзүүлэлтээс гадна, нийгэмд ч энэ хүн хэн бэ гэдгийг нь таних мэдэх боломж олгоно. Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн зэргийг хуульчлан зааж өгөх нь улс төрөөс үл хамаарах, тогтвортой ажиллах зарчмыг бүрдүүлж өгөх юм. Ийм том дэвшилтэй зарчмууд орлоо гэж харж болно.

-Нутгийн удирдлагын тогтолцоон дээр цөөнгүй өөрчлөлтүүд яригдаж байна. Гишүүдийн саналын дагуу дэмжигдээгүй нь бий. Эдгээр дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хүмүүс анхан шатан дээрээ буюу баг хороон дээрээ асар их талцаж, намчирхаж байна. Гэтэл энэ талцал дундуур яг тухайн орон нутгийн тулгамдсан асуудал орхигдох нь цөөнгүй. Хороон доторх зам, бэлчээр тариалангийн асуудал, цахилгааны эх үүсвэр, төрийн үйлчилгээний хүртээмж ч гэдэг юм уу. Угтаа эдгээр асуудлууд нам засгаас үл хамааран иргэдэд тэгш, хүртээмжтэй байж, амьдрах таатай орчин бүрдүүлэх ёстой юм. Амьдралын чанарт нөлөөтэй асуудлууд шүү дээ. Амьдралын чанарт нөлөөтэй практик асуудал дээр хамтын шийдвэр гаргах бололцоогоо хаагаад хэт намчирхаад байх нь зохимжгүй. Тулгамдсан асуудлуудаа эрэмбэлж шийдвэрлэж чадахгүй, намчирхлын линзээр аливааг хараад байж болох уу даа.

-Сумын Засаг даргаа иргэд өөрсдөө сонгох нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Сумын Иргэдийн хурлыг сонгочихоод тэндээсээ сумын Засаг даргыг томилдог байгаа нь иргэдийн хурлын үзэмжийн асуудал болох хандлагатай. Харин иргэдэд сум оронд шаардлагатай асуудлаа шийдвэрлүүлэх боломж, шууд байдлаар оролцох, шаардах зам нь илүү тодорхой байх нь зохистой. Тэр утгаараа орон нутгийн удирдлагыг иргэд шууд өөрсдөө сонгодог байх нь тухайн орон нутгийн асуудлаа улс төржилгүйгээр шийдэх чухал ач холбогдолтой. Мөн тухайн орон нутгийн манлайлагчийн ур чадварыг шийдвэр гаргах хариуцлагатай уях нь маш чухал байгаад байгаа юм. Ямартаа ч хот, дүүрэг, сумын Засаг даргын сонгуулийг хэрхэх, аль шатандаа сонгодог болох вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад илүү тодорхой болох байх. 62 гишүүний өргөн барьсан төсөлд сумын Засаг дарга нь багийн дарга нарыг, дүүргийн дарга нар хорооны дарга нараа томилдог болохоор тусгасан. Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг дүүргийн иргэдийн төлөөлөгч дундаас сонгоно гэдэг дээр багагүй маргаан үүсээд байгаа.

Гэхдээ шат шатны нутгийн удирдах засаглалын систем анхан, дунд, дээд шатны ажил уялдаатай явж чадаж байна уу. Ямар нэгэн байдлаар засаглалын хийдэл, завхрал гарч байна уу гэвэл тийм тохиолдол газар сайгүй. Төсвийн хяналт, тендерийн асуудал, төсвийн зарцуулалтын үр ашиг бүгд л энэ уялдаа холбоогүй харилцан хяналт алдагдсанаас болж байна. Авлига цэцэглэж төсөв үр ашиг муутай зарцуулагдаж байна. Жишээлбэл Улаанбаатарт сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгт хүүхдүүд сугалаагаар азаа үзэж байхад, орон нутагт цөөхөн сурагчтай сургууль өргөтгөл барьж байх жишээний. Төсөв оновчтой байж чадаж байна уу? Сүрьеэтэй тэмцэх асуудал ямар байгаа билээ. Гэтэл эмч нь ажиллуулж чадахгүй багаж хаа нэгтээ тоосонд дарагдаад агуулахад байгаа тохиолдол ч бий. Тийм учраас яах аргагүй үүнийг өөрчилж салхи оруулж, ахиц дэвшил гаргах цаг нь болсон. Тэр утгаараа засаглалыг сайжруулах нь төрийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлнө.

-Хотууд бий болох нөхцөл бүрдүүлэх нь зөв үү?

-Хотын төвлөрлийг сааруулах, зөв зохион байгуулах гэдэг нь хүн бүрт хамаатай асуудал. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл, утаа ярианы гол сэдвүүдийн нэг болж байна. Энэ нь хүн амын төвлөрөл их, хэт хурдтай хотожсонтой холбоотой нь ойлгомжтой. Гэсэн ч хүн хаана амьдрахаа сонгох эрхтэй учраас бид буруушаах боломжгүй. Төрийн үйлчилгээний хүртээмжтэй оновчтой болгоход илүү ухаалаг шийдэл хэрэгтэй байна. Жишээ нь хотын түгжрэл боловсролын системийн чанар хүртээмжтэй холбоотой их байна. Эцэг, эхчүүд аль болох сайн багш, сургуулийг эрэлхийлнэ. Тэр утгаараа хаяръялалын бус сургуульд оруулах нь ч энүүхэнд. Үүн дээр нэмээд нийтийн тээврийн хүртээмж муу, сургуулийн автобус байхгүйн гачигдал нэмэгддэг. Тиймдээ ч хүн болгон хүүхдүүдээ хүргэж өгч, орой нь авах шаардлага тулгарна.

Цэцэрлэг ч ялгаагүй. Хол байсан ч хамаагүй цэцэрлэгтэй байхыг эрмэлзэнэ. Энэ байдал түгжрэлд нөлөөлж байна. Тэгэхээр зөвхөн түгжрэлийг шийдэхэд л боловсролын асуудал, зам тээврийн асуудал, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгуулагууд, нийслэл дүүргийн шийдвэр гаргагчид хамтарч ажиллаж байж сая шийдэж магадгүй. Гэтэл уялдаа холбоо сайнгүй байна. Нөгөө талдаа зоригтой шинэчлэхийн тулд шинэ дүүрэг, дагуул хотууд, засаг захиргааны нэгж бий болгох хэрэгтэй. Улмаар хаана хэрэгцээ байна тэнд үйлчилгээг хүргэх шийдлийг хамтдаа хийж чаддаг байх ёстой юм. Шинэ хот, тосгон, дүүрэг дагуул хот, дүүргийн удирдлага гээд асуудлуудаа зөв зохистой шийдэх зайлшгүй шаардлага байгаа. Жишээ нь технологийн парк, чөлөөт бүс, их сургууль судалгааны хотхон, соёл шашны төв гээд онцлогтой хотуудыг бий болговол нэг шийдэл. Хотын статусыг тодорхой болгон хэд хэдэн метрополитан бүсийг хөгжүүлэх бололцоог нь бий болговол төвлөрөл саарч, амьдрах орчин илүү таатай болох боломж бүрдэнэ.

-Хотын статустай болсноороо ямар давуу талтай байх вэ?

-Тухайн хот хүн амьдрахад хэр зэрэг таатай вэ гэдгээс хамаараад татвартай болох нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой юм. Харин энэ боломжийг нээж өгөх дагалдах хуулиуд нь хурдтайгаар батлагдаж чадах уу зэрэг дээр анхаарах ёстой. Олон улсын жишиг харахад амьдрахад таатай хотууд асар өндөр татвартай байдаг. Тэр хот хэдий чинээ тааламжтай сайхан байна төдий чинээ татвартай байх нь бий.

-Та залууыг хамарсан уулзалтууд зохион байгуулж байгаа. Тэдгээрийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх байр суурь, оролцоо ямар байна вэ. Та хэрхэн дүгнэв?

-Тун саяхан “Залуусын дуу хоолой” чуулга уулзалт зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Үндсэн хуультай холбоотой илтгэлүүдийг залуучууд маш анхааралтай сонсч олон асуулт гарч байв. Тухайлбал “Үндсэн хуульд өөрчлөлт хийснээр бидний амьдрал сайжрах уу эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх үү” гэж асууж байна. Асар их хамаатай асуудал шүү дээ. Засаглал зөв, тодорхой, шударга байж гэмээнэ төсвийн хөрөнгийг хулгайлах боломж бүрдэхгүй. Төсвийн хөрөнгийг зөв зүйтэй зарцуулваас эдийн засгийн өсөлт бүрдэнэ. Манай төрийн өндөрлөгүүд ийш, тийш яваад зээл авчирлаа гэцгээдэг. Өр тавьж байгаагаа маш их зүйл хийж байна гэж тайлбарладаг. Үнэн хэрэг дээрээ зээл авчхаад гарын салаагаараа урсгаж байснаас аваагүй нь дээр бус уу. Энэ мэт байдлаас болоод Монголын эдийн засгийн нөхцөл бололцоо муу байна. Бизнес эрхлэхэд татварын дарамт ихтэй, авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Үүнээс болоод л залуус харь орныг зорьж байгаа. 40 гаруй мянган залуус Солонгост очиж ажиллаж байна. Тэд “3D – Dirty, Dangerous, Difficult” буюу бохир, хүнд, хэцүү ажлыг голдуу байна. Тэд залуу нас, эрүүл мэндээ золиослон солонгосчуудын хийхийг хүсдэггүй ажлыг хийж байна шүү дээ. Гэтэл төрд байгаа хэд нь гадаадад ажиллагсдын тоо квот нэмснээ бахархаж сууна. Ийм зүйлээр бахархаж байгаад ичиж байна. Энэ бол бахархал бус. Залуучууд маань яаж ийж байгаад Солонгос явчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөх ёстой хэрэг үү. Тэд маань арай өөр гэгээлэг, глобал хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх, түүнээ ажил хэрэг болгодог боломж хэрэгтэй байтал тэдгээр нь хаашаа хулгайлагдаж байгаа вэ. Засаглал муу, авлигатай, төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулдаг, дундаас нь хулгайлах явдал байгаа учраас залуучуудын боломж хаагдаад байна. Хүссэндээ бус аргагүй байдалд хүрч Солонгос явж байна. Ийм нөхцөл байдлаас гаргахын тулд цалин өндөр, бизнесийн боломж сайн байх хэрэгтэй. Энэ бүхэн сайн засаглалаар л бий болно гэж би бат итгэдэг.

Бид шинэ Үндсэн хуулиа батлаад хэдийнэ 30-иад жил болжээ. Одоо бид нэмэлт, өөрчлөлт оруулбал лавтайяа дараагийн 20, 30 амьдралд нөлөөлнө. Тиймээс бид бүгдээрээ идэвхтэй байж, санаа бодол, дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй юм.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Таван толгойн IPO-г яаравчлахгүй бол нүүрсний зах зээл дэх орон зайгаа алдаж мэдэхээр байна

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Өнөөгийн байдал гэж яривал нааштай гэж хэлнэ. Гэхдээ өсөлт нь өндөр ч эрсдэлтэй зүйлс бий. Эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайн салбарт тулгуурлаж байна. Нийт эдийн засгийн 50 шахам хувь нь уул уурхайн салбар, энэ салбарт хэрэгжиж буй төслүүдээс шалтгаалж байгаа.

-Ер нь энэ жил эдийн засгийн өсөлт хадгалагдах боломжтой юу?

-Өсөлт хадгалагдах боломжтой. Гэхдээ гол нөлөөлөх зүйл нь уул уурхай, төсвийн хөрөнгө оруулалт.

-Таны сая хэлсэн хоёр шалтгаан санаж төлөвлөсөн шиг байхгүй тохиолдолд өсөлт хадгалагдахгүй нь ээ?

-Тэгэх эрсдэл бий. Үүнээс гадна өөр нэг шалтгаан бийг онцлохгүй орхиж болохгүй. Саяхан Статистикийн хороо ядуурлын мэдээ гаргалаа. Эдийн засаг эргэж сэргэсэн хоёр жилийн хугацаанд ядуурал дорвитой буураагүй нь статистикаас харагдаж байна. Эдийн засгийн өсөлтийн хүртээмж муу, нийт массдаа нөлөөлөхгүй явна гэсэн үг. Үүнийг урт хугацааны эдийн засгийн бодлогоор зөв болгох ёстой.

-Эдийн засгийн өсөлтийг нийт иргэдэд хүртээмжтэй болгох ямар гарц шийдлүүд байна?

-Засгийн газрын зүгээс эдийн засгийн тулах цэг болж яваа уул уурхайн салбарт үүссэн асуудлуудыг зөв шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн эхлээд анхаарах асуудал бол Оюу толгойн гэрээ. Энэ төслийг цаашид хэрхэн зөв үргэлжлүүлэх вэ гэдгийг шийдвэрлэхээс гадна Таван толгойн асуудлыг харж үзэх хэрэгтэй. Таван толгойн асуудлыг өмнөх туршлагадаа тулгуурлаж шийдвэрлэх шаардлага байна. Таван толгой Оюу толгойн дараа хэрэгжих магадлалтай ганц том төсөл. Нэг том төсөлтэй байх, хоёр том төсөл зэрэг хэрэгжих огт өөр. Өөрөөр хэлбэл Оюу толгой, Таван толгой төсөл зэрэг хэрэгжвэл уул уурхайн ирээдүйн урт хугацааны бодлого илүү тогтвортой болно.

-Таван толгойн IPO-г хийх тал дээр салбарын яамнаас нэлээд өндөр оролцоо, идэвхтэй ажиллаж байгаа ч Засгийн газар зүгээс онцгойлж анхаарахгүй байх шиг анзаарагдах юм. IPO-гоос өөр гарц бий гэж хараад байгаа юм болов уу?

-Таван толгойн хувьд IPO гаргах хувилбарыг яамны зүгээс санал болгоод удаж байна. Таван толгойн асуудлыг шийдвэрлэх үндсэн гаргалгаа нь IPO. Энэ асуудал удаж буй шалтгаан нь тодорхой бус байна. Өнөөдрийн хувьд IPO хийх хамгийн таатай мөч. Нэгдүгээрт нүүрсний үнэ өндөр, “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаж байна. Арваад жилийн түүхэндээ сүүлийн хоёр жил л ашигтай ажиллаж байгаа. Хоёрдугаар шалтгаан нь нүүрсний зах зээлтэй холбоотой. Дэлхийн уул уурхайн салбарын хувьд нүүрс хэр удаан үнэ цэнэтэй, эрэлт өндөр бүтээгдэхүүн байх нь өнөө хэр тодорхой биш хэвээр байна. Манай улсын хувьд цаашид нүүрсний зах зээл дэх байр суурь өнөөгийн янзаараа үргэлжлэх эсэх нь ч тодорхой бус. Нүүрсний том төслөө цаг алдалгүй хэрэгжүүлэх энэ мэт шалтгаанууд байна. Таван толгойн IPO-н бэлтгэл ажил дажгүй хэмжээнд хийгдсэн. Улс төрийн түвшинд хурдтай ажиллах шаардлага бий. Хурдлахгүй бол Монгол Улс уул уурхайн нүүрсний зах зээл дээр байр сууриа алдах магадлалтай байна.

-IPO хийхэд улс төрийн шийдвэр гаргалтаас өөр ямар саад бэрхшээл бий бол, эдийн засаг талаасаа ч юм уу?

– IPO хийхэд эдийн засгийн хувьд төсөл нь бэлэн үү гэдэг асуудалтай байна. Хэрхэн яаж, хаана гаргах вэ гэдгээ зөв шийдэх хэрэгтэй. IPO хийхэд тулгамдах асуудал дээр давтаад онцлоход улс төрийн хүрээн дэх бодлогын байр суурь саад болж мэднэ.

-Таван толгойн IPO-г шууд олон улсын зах зээлд гаргах, эхлээд дотоодын хөрөнгийн зах зээлдээ гаргах гэсэн хувилбарууд дуулддаг. Таны хувьд аль нь илүү зөв шийдэл гэж бодож байна?

-Эхлээд Монголын зах зээлд гаргах нь зүйтэй, ард түмэн угаасаа эзэмших эрхтэй байгаа, тэгэхээр Ашигт малтмалын хуулиа бариад Монголын зах зээл дээр гаргаад үндсэн 1072 хувьцаагаа амь оруулчих хэрэгтэй гэсэн байр суурь бий. Үүний дараа гадаадын зах зээл дээр гаргавал зөв шийдэл болно гэж ирээд ярьж байна. Байж болох хувилбар гэдгийг үгүйсгэхгүй. Энэ хувилбар зөв байж болох ч цаг хугацааны хувьд асуудалтай. Юуны түрүүнд “Эрдэнэс Таван толгой”-г олон нийтийн компани болгож, томоохон хөрөнгө оруулалт татаж, нүүрс угааж баяжуулах дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ талаас нь харвал аль болох цаг алдалгүйгээр олон улсын зах зээл дээр гаргах хувилбарыг сонгох шаардлагатай. Мэдээж ингэхийн тулд олон саад тулгарна. Гэхдээ хэрэгжүүлье гэсэн нэг санаагаар урагшилж, улс төр, эдийн засгийн хувьд нэгдмэл байр суурьтай байж чадвал бүтнэ.

-Таван толгойн ордыг бүхлээр нь биш хэсэгчилж IPO хийх хувилбар дуулдаж байгаа. Үүн дээр ямар байр суурьтай яваа вэ?

-Ордын хувьд хэсэгчилж гаргах нь зүйтэй. Таван толгойн бүлэг ордын сайн хэрэгжиж чадахуйц хэсгийг эхлээд онцлох нь зөв л дөө.

-Гадны аль биржид гаргавал бидний хувьд илүү таатай шийдэл болох вэ?

-Хонгконгийн хөрөнгийн бирж гэсэн ойлголт хандлага олон нийтийн дунд болон тодорхой хэсэгт бий. Уул уурхайн яамны мэдээллээс анзаарахад Нью-Йоркийн, Торонтогийн, Лондонгийн хөрөнгийн бирж гэж сонсогдож байсан. Уг нь манай улсын хувьд нөхцөл шаардлага багатай, шалгуур нь харьцангуй өндөр биш хөрөнгийн бирж нь зүгээр юм. Хонгконгийн хөрөнгийн биржийг сонгоход нэг асуудал бий. Компанийн засаглал, нягтлан бодох бүртгэл тохирохгүй гэх мэт шалтгаануудаар Монголд бүртгэлтэй компанийг хүлээж авахгүй байх талтай. Гэхдээ энэ асуудалд бид улс төржилтийг биш үндэсний язгуур эрх ашгаа бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр ашиг талаас нь асуудалд хандах шаардлага бий. Ингэж чадвал бид Таван толгойн IPO-г амжилттай хийнэ. Таван толгойн IPO-г амжилттай хийж чадвал олон улсын нүүрсний зах зээл дээр байр сууриа бэхжүүлж чадна. Үүнээс гадна Таван толгойн бүлэг ордыг урт хугацаанд ашиглах боломж ч бүрдэнэ. Таван толгойд нэг асуудал маш тод анзаарагддаг. Өнөөгийн ажиллаж буй хэлбэрээрээ цаашилбал энэ том орд цаашид тогтвортойгоор он удаан жил ажиллана гэдэг эргэлзээтэй санагддаг. Миний хувьд уул уурхайн нарийн мэргэжилтэй хүн биш. Гэхдээ сүүлийн үед цацагдаж буй мэдээллээс анзаарахад ордын нүүрсийг сорчлон олборлож буй нь тод харагддаг. Өрмийг нь хамах маягаар, өнгөн хэсэгт байгаа сайн чанарын коксжих нүүрсийг нь сорчилж олборлоод байвал эцэстээ чанар муутай нүүрс нь үлдэж таарна. Тэр үед Таван толгой ордын үнэ цэнэ бууна гэдэг нь хэнд ч тодорхой асуудал. Дахин хэлэхэд одоо бол гурав, дөрөвдүгээр давхаргын хамгийн сайн чанарын коксжих нүүрсийг олборлож түүхийгээр нь экспортолж байна. Ингэж олборлож байгаагаа ашигтай ажиллалаа, их мөнгө оллоо гэж бахархан мэдээлэх нь хэр зөв юм бол. Бодох л асуудал.

-Олон улсын зах зээлд IPO хийж том ордоо хөдөлгөхийн давуу тал их л дээ. Наанадаж л улс төрийн нөлөө, оролцоо, үргүй зарцуулалт багасах байх, тийм үү?

-IPO-хийх олон зам байна. Бонд гаргах, нэг хөрөнгө оруулагчтай тулж гэрээ байгуулах гэх мэт олон арга бий. Таны асуусан үнэн л дээ. IPO хийхийн давуу тал олон. Хамгийн том олзуурхал гэвэл бүх л үйл ажиллагаандаа олон улсын стандарт барина. Таван толгойн бүлэг ордыг хэсэгчилж IPO хийнэ гэж байгаа нь нэг талаас улс төрийн эрсдэлээ тооцсон хэрэг л дээ. Бүхэлд нь гээд зүтгэхээр улс төрийн нөлөөлөл нэмэгдэж, улс төрийн хязгаарлалтанд орох магадлалтай. Өмнөх туршлагаа харах хэрэгтэй. Наад захын жишээ нь Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудал байна. Өмнөх Засгийн газрын үед Таван толгойг хөдөлгөхөөр ярьж байсан гэрээг зогсоосон нь зөвхөн улс төртэй холбоотой. Улс төрийн нөлөөлөл нь их байсан. Тухайн гэрээг эдийн засгийн талаас харвал олон давуу тал байсан шүү. Гол худалдан авагч талынхаа үндсэн төлөөллийг оруулчихсан, нүүрсний зах зээл дээр нэлээд туршлагатай “Сүмитома” багтчихсан, Монголын төлөөлөл гэхэд л энэ зах зээл дээр олон жил амжилттай тоглосон “Энержи ресурс”. Эдийн засгийн өнцгөөс харвал сайн хослол. Гэхдээ төмөр замыг хэн барих, хэн эзэмших, урт хугацаанд аль тал нь ашиглах гэх мэт үндэсний эрх ашигт нөлөөлөх асуудал дээр болгоомжтой хандсан байж магадгүй. Эцэст нь хэлэхэд нэг зүйл тодорхой байсан. Таван толгойн гэрээг зогсоосон шалтгаан нь 100 хувь улс төр. Өнөөдөр ч тухайн үеийн гэрээ тойрсон улстөржилт дуусаагүй яваа. Хэрэгжээгүй, байгуулагдаагүй гэрээгээр нэгнийгээ буруутгаад л явж байх жишээтэй. Тийм учраас Д.Сумъяабазар сайд Таван толгойн тодорхой хэсгийг авч, олон нийтийн компани байгуулж, иргэдийнхээ 1072 хувьцааг амилуулж, Монгол Улсын эдийн засагт үр ашиг бүхий олон улсын засаглалтай хөрөнгийн бирж дээр IPO гаргана гэсэн шийдэлд хүрсэн байх.

Э.НАРАНЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганмягмар: Ихэр охидыг төрөхөд Чинжигийн маань багш Н.Жанцанноров, Б.Шарав ах хоёр нөхөр минь юм шиг өөриймсөг хандаж байсан

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Охин нь аавынхаа зураг дээр цэцэг зурсан ажээ.

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг 1955 онд Булган аймгийн Могод суманд төржээ. Тэрээр 1975 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийг, 1986 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус, тус төгссөн. Анхны багш нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров бөгөөд анхны уран бүтээл нь “Учран золгохын ерөөл” дуу байв. Урын сандаа 300 гаруй нийтийн болон найрал дуутай бөгөөд цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвижээ. 1990 онд “Илдэн уулын цуурай” оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн байна. 1994 онд “Дууны хорвоо” бүтээл нь шилдэг бүтээлээр шалгарч “Морин хуур” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн. “Илдэн уулын цуурай”, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Ус мөрөн олон чиг”, “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл” бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртжээ.

Д.Урианхай, Д.Ганмягмар нар.

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн гэргий, сэтгүүлч Даваасүрэнгийн Ганмягмартай уулзаж хөөрөлдлөө.


-Та ямар ажил хийж байна даа?

-Сүүлийн үед нас явж, намба суугаад ч гэх юм уу үнэний мөр, үйлийн үрийн учир шалтгааныг ойлгохоор бясалгалыг судалж нэлээд үзлээ. Бясалгал руу орох шалтгаан маань эрүүл мэндтэй холбоотой байсан. Олон эмнэлгээр явсан ч үр дүн муутай байлаа. Зарим эмнэлгийнх нь төлбөр өндөр байна. Өөрийн хийж чадах юм өөрийгөө л таних учраас олон хүн, амьтан ах дүүд төвөг удахгүйгээр эмчилчих санаатай бясалгалд шимтсэн. Хүн эрүүл амьдрах учиртай. Эх хүн чинь үр хүүхдийнхээ төлөө л зүтгэж явдаг. Тиймээс рейки бясалгалын тухай сонсоод багштай нь уулзаж эмчлэгдэхгүй гэж байсан өвчнөөсөө салсандаа баяртай явдаг. Нурууны үе шохойжчихсон байсан. Хусах хэрэгтэй, Монголд хийдэггүй эмчилгээ, Бээжин рүү яв гэсэн оноштой байсан. Маш их өвддөг байлаа. Хүүхдүүд маань ч жаахан байж. Рейкигийн багш маань Турсун гээд мундаг хүн байдаг. Академич Цэрэнсодном гуайн бэр шүү дээ. Өнгөрөгч хавар “Манай бэр” реалити шоунд оролцож байсан даа. Хүний бие махбод чинь энергийн цогцолбор байдаг. Таван махбод, таван хий, арга билгээс бие махбод бүрдэж байдаг байгалийн бүтээгдэхүүн юм байна шүү дээ. Өөрийн биеийн урсгалын энергийг жигд байлгаад байхад хүн эрүүл саруул яваад байх боломжтой юм байна. Багшаараа эмчлүүлснээр нурууны шохойжилт байхгүй болж, рентгэн зураг авахуулахад эмч намайг “Эв эрүүл байж” гэж бараг аашилсан.

-Бясалгалаар нурууны шохойжилт алга болчихож байна гэсэн үг үү?

-Бясалгал, энергийн дамжуулалт их эерэг үр дүнд хүрдэг. Энэ рейкигээр анагаагдахгүй өвчин гэж байдаггүй гэж ярьдаг. Хорт хавдартай хүн хүртэл эдгэрсэн. Нэгдүгээр эмнэлгийн нэг сувилагч өөрийгөө үүгээр эмчилсэн байдаг. Хараагүй хүүхдийг хүртэл хараа оруулсан тухай уран сайхны кино ч байдаг. Хүн өөрөө хичээгээд орчин, байгаль дэлхийгээ таниад ирэхийн цагт зөв хүн байх, эрүүл байх гэдэг дэргэд байдаг юм байна. 2000-аад оны эхээр “Агнистын гэгээ” цуврал гарч эхэлж байлаа. Нэг зуны амралтаар эхний дөрвөн ботийг авч уншаад “Мял Богдын гэгээрсэн түүх” үнэхээр гайхалтай санагдаж байсан. Цааш нь гайхан биширч явсаар “Жавзандамба хутагт төв”-ийн “Лавайн эгшиг” радиог сонсдог болсон. Нямсамбуу гавьжийн сониорхолтой ярилцлага, хичээлүүд их явна. Ингэж Нямсамбуу багшийн Буддын “Сонсъё, ойлгоё, хэрэгжүүлье” сэдэвт хичээлд сууж байлаа. Учир шалтгааныг ухах гэсэн зам мөр явсаар одоо “Жавзандамба хутагт төв”-ийн “Зохист аялгуу-89.7” радиод ажиллаж байна.

Д.Ганмягмар хүү, охидын хамт

-Таны хань, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн жаран насны ой хэдэн жилийн өмнө болж байсан. Аавыгаа тэнгэрийн оронд одоход зөрж ирсэн ихэр охид нь одоо өчнөөн том болцгоосон байлгүй?

-Талийгаачаасаа хойш зовлон, жаргалтай амьдралын харгуйг туулж л явна. Хүний хань гэдэг нэгэн биеийн хоёр тал. Хүний амьдрал дээр ч арга билиг тэнцвэртэй байх учиртай. Эхнэр, нөхөр хоёр ч гэр бүлээ авч явах, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэвч, харамсалтай нь бид хоёр олон жил хамтдаа сайхан амьдарч чадаагүй. Талийгаач маань хоёр охиноо төрөхөөс нь арваадхан хоногийн өмнө өнгөрч, үхэл амьдрал хоёр солигдож байсан. Тэр айхтар хүнд үеийг бодвол цаг хугацаа олон жилийг ардаа үдэж. Талийгаачийг өнгөрөхөд надад үнэхээр хүнд хэцүү байсан. Дөнгөж төрчихсөн, нялх хоёр хүүхэдтэй. Бие тулгар эмнэлгээс гарч ирж, талийгаачийнхаа ажил явдлыг хийчихээд буцаад эмнэлэгт хэвтэж төрж байсан. Талийгаач маань намайг Нэгдүгээр төрөх эмнэлэгт өөрөө дагуулж очиж Үйлст эмчийн хяналтад оруулж байсан. Сайхан алтан гартай эмч, сувилагч нарын буянаар энх тунх төрж байлаа. Миний хоёр охиныг төрдөг өдөр ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай хөдөлмөрийн баатар цол авч байлаа.

-Чинжигийн найз нөхөд нь ирж байв уу?

-Хүнд үед хүний хамгийн ойр дотны нөхөд нь л байдаг юм байна лээ. Б.Шарав ах маань тэгэхэд дэргэд байлаа. Ханийн минь багш Жанцанноров гуай гүйж ирж байлаа. Академич Ж.Болдбаатар ахын гэргий яруу найрагч Оюунчимэг эгч ирж байсан. (Нулимс нь цийлгэнэж, хоолой нь зангираад ирэв. сур) Жанцанноров гуай, Шарав ах хоёр бараг л нөхрийг минь орлож байгаа юм шиг орж ирээд эмч нартай уулзаж их өөриймсөг хандаж байсан. Баярлаад баршгүй дээ.

-Тэр тэнгэрлиг туурвигчийн бүтээлүүдийг олон түмэнд хүргэх гэж хичээнгүйлэн зүтгэж байгаад тань Монголын ард түмэн баярлаж явдаг даа?

-Түүнийгээ тэнгэрт одсоноос хойш олон олон жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд талийгаачийнхаа уран бүтээлүүдийг дуугаргаж байх юмсан, бүтээлийг нь мөнхөд эгшиглүүлж байх юмсан гэсэн зорилгоор тоглолтуудыг тасралтгүй хийсэн. Тухайн үед дуулагдаагүй байсан дуунуудыг дуулуулчих гээд цэгцэлж ирлээ. Он өнгөрөх тусам ачаалал их л болоод байдаг юм байна. Ноднин жил талийгаачийн маань үеэл дүү нар нь Д.Содномдоржийн шүлэг “Учран золгохын ерөөл” дууных нь хөшөөг Булган аймгийн төвд Соёлын ордны төгсөгчдөд зориулсан цэцэрлэгт босгосон. “Дууны хорвоо” улсын уралдааныг гурав дахь удаагаа явууллаа. Болж өгвөл, таван жилийн давтамжтай тасалчихалгүй хийх юмсан гэсэн бодол байгаа. Дууны бүтээлүүдийг нь эмхлээд хэвлүүлсэн учраас 2015 оноос хойш хөгжмийн бүтээлүүдийг нь хэвлүүлэх ажилд орсон. “Илдэн уулсын цуурай” оротари, “Нэгдүгээр симфони”, “Ятгын концерт” зэрэг бүтээлүүдийг шивчихсэн байгаа. Оюутан ахуйдаа бичсэн прелюди зэрэг хөгжмийн зохиолуудыг шивүүлэхээр шилжүүлчихээд байгаа.


Ээж, охид. Булган хот. 2018 он.

-Хөгжмийн бүтээлүүд нь тэгвэл удахгүй олон түмний хүртээл болох нь ээ?

-Одоогийн байдлаар хяналтын шатанд явж байна. Амьхандаа л ойрын үед хийчих юмсан гэж хичээх юм даа.

-Ихэр хоёр охин тань Монгол Улсын консерваторид сураад байна уу?

-Монгол Улсын консерваторийн сонгодог хөгжмийн ангиудад сурсан. Ч.Номинцэцэг маань утсан хөгжим (эрдүү хийл)-ийн анги төгсөөд үргэлжлүүлэн суралцаж байна. Ч.Сувданцэцэг маань төгөлдөр хуурын анги төгсөөд СУИС-ийн концертмейстрийн ангид суралцаж байгаа.

-Чинжигийн унаган багын анд, их хөгжмийн зохиолч Б.Шарав агсан төрөөсөө хөдөлмөрийн баатар хэмээх хүндэт цол хүртээд удалгүй бурхан зүг одлоо. Шагнал авах үед нь очиж баяр хүргэв үү?

-Шагнал авсан өдөр нь очоогүй. Наадмын өмнө 10-ны өдөр хоёр охинтойгоо эмнэлэгт очиж эргэсэн. Энэ л бидний сүүлчийн уулзалт байж. Ийм хурдан явчихна гэж яаж төсөөлөх билээ дээ. Жаахан сууж байгаад “Хурдан тэнхрээд гоё болоод гараад ирээрэй” гээд гарсан. Шарав ахыг гэргий Ганаа нь сахиж байлаа. Тэгтэл наадмын дараахан Шарав ах минь бурхны орныг зорилоо доо. Шарав ах минь талийгаачаас хойш уран бүтээл, ойн үйл ажиллагаа гээд бүх л юманд зөвлөж, бидэнд хамгийн ойр байсан даа. Түүнийг өвдсөнөөс хойш харамсалтай нь тийм ч олон удаа уулзаж чадаагүй. Хүнийг өвдчихсөн байхад ойрхон ойрхон очоод байдаг ч ямар байдаг юм. Эмнэлэгт очиход бид гурвыг үнсээд, бие нь өвдөөд үнэхээр их шаналгаатай байгаа нь анзаарагдсан. Бурхан болсныг нь дуулаад “Шарав ах маань явчихлаа. Тэнгэрийн оронд Чинжигтэйгээ, Билэгжаргалтайгаа уулзаж байгаа байх даа. Ийм сайхан аялгуунуудаараа хүн олноо баясгаж, зөвхөн Монголдоо гэлгүй хүн төрөлхтнийг соён гэгээрүүлсэн улс Бурханы оронд л төрөх нь дамжиггүй” гэж бодсон. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг болохоор энэ миний л өөрийгөө тайвшруулах гэсэн арга биз дээ. Миний хоёр охин ч “Ээж ээ, тэд одоо уулзаж байгаа байх даа” гээд байгаа юм. Хүүхдүүдэд маань энэ хагацал их сонин байсан. Яагаад гэвэл тэд минь аавынхаа гарыг атгаж үзсэн биш. Шарав ахтай ойр байсан болохоор хүнд туссан шүү. (Нулимсаа залгин залгин зангирч байв. сур) Надаас илүү айхтар үг хэлж байсан. “Ээж ээ, ойрхон ойрхон эргэж очих минь яалаа даа” гэж байгаа юм.

-Нялх амьтдын сэтгэл ч цаанаа л нэг эмтрээд байгаа л даа?

-Харин тэгэх минь яалаа л гэж хэлэхээс өөр үггүй болох юм. Хүүхдүүд минь ийм байдалтай л байлаа даа.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье дөө, хоёулаа. 25 дугаар суваг телевизэд ажиллаж байхдаа “Хорьдугаар зууны шилдэг дуунууд” нэвтрүүлэг хийдэг байл уу?

-Би урлаг соёлын нэвтрүүлгүүд ихэвчлэн хийдэг байсан даа. “Дуу төрсөн түүх”, “Мартахгүй” зэрэг нэвтрүүлгүүд байна. Миний хамгийн анх хийсэн нэвтрүүлэг гэвэл “Кино эхлэхийн өмнө” уран бүтээлчдийн уулзалт байна. Манай телевиз байгуулагдсаныхаа нэг жилийн ойг угтаад уран бүтээлийн уралдаан зарласан юм. Тэр уралдаанд зориулж инженер Жаргалсайхан эгч бид хоёр “Цогт тайж” уран сайхны киноны уран бүтээлчидтэй уулзаж, тухайн үедээ хөл хөдөлгөөн болж Дуурийн театраас “Учиртай гурван толгой” дуурийн ар талын хөшгийг авчирч, сэнс үлээлгэн тайзаа бэлдэж ярилцаж байсан. Тэр үед тайзаа гэрлээр л зоддог байлаа шүү дээ. Тэр нэвтрүүлэг уралдаанд түрүүлсэн. Намраас нь Авирмэд ах, Алтай ах эд нар “Энэ нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлж хийе” гэж шийдсэнээр “Кино эхлэхийн өмнө” нэвтрүүлэг маш олон жил явсан. Анхандаа би хөтөлж байлаа. Авирмэд ах хөтөлж байсан. Дараа нь “Нэгийг харьцах нэг”-ийн Оюунаа эгч, хааяа нэг “Мандухай цэцэн хатан” кинонд Алтжингийн дүрийг бүтээсэн жүжигчин Отгонтогос хөтөлж байсан даа. 25 дугаар сувагт ажиллаж байхдаа уран бүтээлчидтэй их ойр байлаа. Яруу найрагч, зохиолчдыг урьдаг “Өврийн дэвтэр” нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. “Мартахгүй” гэж дурсамж нэвтрүүлэг хийнэ. Монголын урчуудын эвлэлийн ойд зориулж “Урлан” гэдэг хөрөг нэвтрүүлэгтээ Монголын гайхамшигт зураачдаа, Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг түмэн олонд танилцуулж, танин мэдэхүйн хүрээг нь тэлж байсандаа баяртай байдаг. Уран зураг бол харах яруу найраг гэдэг үнэн үг шүү. “Хорьдугаар зууны дуунууд” нэвтрүүлгийн тухайд манай хамт олны уран бүтээлчдийн санаачлан хийсэн нэвтрүүлэг. Р.Энхбазар ах ч хийж байсан. Манай Бүрэнжаргал ч хийж байсан. Энэ бол миний санаачилсан нэвтрүүлэг биш. 2017 онд “Хорьдугаар зууны дуунууд”-аа дахин хийхдээ хамтарч ажиллаач гэж З.Алтай ах урьсан юм. Зуун дамнан эгшиглэж байгаа дуунуудын түүхийг хүмүүст ахин таниулах зорилготой нэвтрүүлэг дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна” хэмээн өгүүлжээ.

“Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Үндсэн хуульд эрх мэдлийн байгууллага нэмэгдвэл хувийн ашиг сонирхол, хуйвалдаан улам даамжирна” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Монгол Улс, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлалаа” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Cover Mongo – lia” компанийн ерөнхий захирал Б.Мөнхдөл: Саарал жагсаалтад орох эсэхийг энэ сард шийдэх юм билээ” хэмээн ярьсан байна.

“Зуны амралтаараа йогоор хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн талаарх сонирхолтой сурвалжлагыг XI нүүрнээс уншаарай.

“Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар: Өөрийн бүтээлүүдээ бичиж үлдээх нь урлахуйн сангаас оюуны их санд оруулах миний үүрэг болсон” хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

“Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр: “Электорат” хөдөлгөөний дэмжлэгтэйгээр нэр дэвших залуусыг бид нэр төрөөрөө дэнчин тавьж, батлан дааж байна” гэж“Энэ тухай” нүүрт ярив.

“Волейболчин хөвгүүдтэй, онц сурлагатан охидтой манай ангийнхан” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү: Энэ бичлэгийг нийтэд дэлгэсэн нь маш том урьдчилан сэргийлэх ажил болсон” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Доктор Д.Золбоо: Туркээр дамжуулаад Европын холбоо, бүс нутгийн зах зээлд нэвтрэх боломж хангалттай бий” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Ном ярьж өгье” буланд “Икигай” номын тухай өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Жилд 50 мянган жолооны үнэмлэх шинээр хэвлэж байна

Жолооны үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвөөс мэдээлж байна.

Энэ ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хийж буй аж. Харин жолооны үнэмлэх хэвлэн гарах ажил саатаж оочер дугаар ихтэй байгаа талаар тодруулахад, өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хагас жилийн хугацаанд хэвлэлийн бэлдэц тасарсан шалтгаанаар жолооны үнэмлэх хэвлэх ажил саатаж түр үнэмлэх олгож байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ын бүртгэл, хяналтын төвөөс мэдээлж байна.

Өнгөрсөн онд худалдан авах ажиллагаанаас шалтгаалаад жолооны үнэмлэхний хэвлэх бэлдэц, дагалдах хор, хэрэгсэл худалдан авах байдал доголджээ. Энэ оны гуравдугаар сараас бэлдэц болон дагалдах хор, хэрэгслийг бүрэн нийлүүлж эхэлснээр одоогийн байдлаар хүлээгдэж байсан үнэмлэхүүдийг 100 хувь хэвлэн тарааж байгаа аж.

Жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц болон хэвлэх машины хор худалдан авахад жилд дунджаар 1.3-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Жил бүр 50 мянга орчим иргэн жолоодох эрхийн үнэмлэх шинээр авдаг бол мөн 40 мянга орчим иргэн хаяж гээгдүүлсэн үнэмлэхээ нөхөн захиалдаг байна. Одоо ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвөөс иргэдэд жолооны үнэмлэхийг олгож байна. Харин аймаг, орон нутагт жолоодох эрхийн үнэмлэхийг “Монгол шуудан” компани, аймгуудын Тээврийн цагдаагийн тасаг, нийслэлд “Дүнжингарав” болон “Драгон” төв, бүртгэл, хяналтын төвөөс түгээж байна.

Categories
мэдээ нийгэм

“Баянмонгол” хорооллын нүхэн гарцны зүүн талын туслах замыг хаана

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаах шаардлагатай болжээ.

Иймд хөдөлгөөнд оролцогч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийв.

АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байлаа.

Төрийн тэргүүн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ эрхлэх боломж өргөн байгаа гэдгийг хэлж, тэр дундаа хөдөө аж ахуй, өндөр технологи, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарт хөрөнгө оруулахдаа технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахад онцгойлон анхаарах хэрэгтэйг тодотгон хэллээ.

Уулзалтад, АНУ-ын Төрийн Департамент, Худалдааны яам, Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Монсүүн Блокчайн, Вүүд Капитал партнерс, Рио Тинто, Боинг зэрэг хувийн болон төрийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Талийгаач О.Дөлгөөний эмчилгээнд цуглаад үлдсэн мөнгөөр спортын ордон барихаар шийдвэрлэжээ

Монголын сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар сарын 28-нд харамсалтайгаар хорвоог орхин одсон билээ.

О.Дөлгөөний биеийн байдал муудсан гэнэтийн мэдээ Монголын ард түмнийг нэгтгэж, “Pray4Dulguun” олон улсын хэмжээний хандивын аяныг өрнүүлсэн. Талийгаачийн эмчилгээнд нийтдээ 1.25 тэрбум төгрөг цугларсан байна. Эмчилгээнд зориулагдаагүй үлдсэн мөнгөөр ар гэрийнхэн нь сагсчин О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулахаар болжээ.