Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас 3 хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.29-2019.08.01-ний өдөр нийт 965 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 637 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 22 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 6 хүүхэд бэртэж гэмтсний 5 явган зорчигч, 1 унадаг дугуйтай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтжээ. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 5 хүүхдийн 2 эцэг эхийн хамт гарц, гарамтай газраар замын хөдөлгөөнд оролцож байсан бол 3 ганцаараа гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.07.29 -ны өдрийн 22.34 цагийн үед ХУД-н 10 дугаар хороо Зуун модны зам, Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 45 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

2019.08.01-ний шөнө 02.45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашины жолооч, явган зорчигч 40 настай эрэгтэй Л-ыг мөргөж амь нас хохироосон.

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 18, мөргөлдөх хэлбэрээр 5 тус тус бүртгэгдсэн байна. Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 7 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны 3 жолооч, 4 явган зорчигч байсан байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 116 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 23.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 32,7 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 50 хувиар тус тус өссөж, гэмтсэн хүний тоо 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол, хэрэг нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Эхийн сүүгээр хүүхдээ хооллох нь эх хүүхдэд хоёуланд нь ач тустай

Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна.

Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр иржээ.

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. Энэ ч үүднээс нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох аргыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь, 12-23 сартайд 23 хувиар тус, тус өсдөг байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. Ингэснээр эхийн дархлаа сайжран умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртасч, хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасдаг байна. Мөн хөхөө хангалттай хөхөж, хоол тэжээлийн дуталд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих чадвар өндөр байдаг ба сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй байна.

Эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний зургаан сарын дотор эндэх эрсдэл 2 дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл 5 дахин их, арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл 2 дахин, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл 8 дахин бага байдгийг судлан тогтоожээ. Мөн хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор төрсний дараах цус багадалт, хөхний хорт хавдар, өндгөвч ба умайн хорт хавдар, ясны сийрэгжилт өвчнийг бууруулах ач холбогдолтой. Эхийн сүүгээр хооллох нь төрөлт хоорондын зайг уртасгах, ойрхон жирэмслэх эрсдлийг багасгана. Эхийн сүүгээр хооллох аргыг вирусын эсрэг эмчилгээтэй хослуулснаар эхээс урагт ХДХВ халдвар дамжих эрсдлийг бууруулдаг зэрэг олон давуу талтай юм.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 арга хэмжээг төлөвлөснөөс 60 хувийн биелэлттэй явж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харицуулахад 7.35 хувиар өссөн үзүүлэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь авч үзвэл цахилгаан дулааны эх үүсвэр болох Амгалан, II, III, IV ДЦС-ууд дунджаар 58.5 хувь, инженерийн хангамжийн байгууллагууд 64.5 хувь, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрууд 62.3 хувь, дүүргүүд 55 хувийн биелэлттэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/185 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис 450 сая төгрөгөөр 957 тн, 150 сая төгрөгөөр 500 тн давс худалдан авах цахим тендер зарласан байна. Түүнчлэн УБЗАА-наас 2019-2020 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан нийт 42 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус дулаан дамжуулах төв, НЗЗ-ны I, II, III байрны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүст хандан “Өвлийн улиралд автомашины тэвшин дээрээс ТҮК-ийн ажилтнууд хүрзээр давс цацаад явж байж таарахгүй. Тиймээс энэ чиглэлд зориулалтын машин механизмыг нь авч ажиллуулах нь зүйтэй. Энэ төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн судалгааг гаргаж Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулж ажиллах хэрэгтэй гэв.

Categories
мэдээ нийгэм

О.Баярцогт: Талийгаачийн эмчилгээнд цугларсан мөнгөөр спортын ордон байгуулна гэдэг нь худал мэдээлэл

Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөнийг наймдугаар сарын 5-нд АНУ-д эцсийн замд нь үднэ. Сагсан бөмбөгийн дасгалжуулагч багш О.Баярцогт “Талийгаачийн эмчилгээнд цугларсан мөнгөөр ар гэрийнхэн нь сагсчин О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулна гэх мэдээлэл худал гэдгийг хэлмээр байна. Ямар зорилготойгоор ийм мэдээлэл тарааж байгааг ойлгохгүй юм. Миний хувьд ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа. Талийгаачийг ирэх даваа гаригт АНУ-д эцсийн замд нь үднэ” гэв. Талийгаачийн сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг Монголд наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баярхүү: Энэ бичлэгийг нийтэд дэлгэсэн нь маш том урьдчилан сэргийлэх ажил болсон

-АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ШҮҮХЭЭС ЯЛ АВЧИХААД БИ БУРУУГҮЙ БАЙСАН ГЭЭД АРДЫН БААТАР ШИГ ЮМ ЯРИАД ЯВЖ ТААРАХГҮЙ-

Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүүтэй ярилцлаа.


-Саяхан цацсан бичлэгтэй холбоотойгоор нийгэм ихээхэн шуугьж байна. Авлигад асар их хэмжээний мөнгө авсан боловч хэдхэн сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн энэ мэт үйлдлүүд нь олон хүний дургүйцлийг хүргэлээ. Уг бичлэгийг цацах болсон шалтгаан нь юу вэ?

-Эрүүгийн тухай хуульд зааснаар авлигын 10 төрлийн гэмт хэрэг байгаа. Албан тушаалаа урвуулах, хахууль авах, өгөх гэх зэргээр дурдаж болно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа арга барилаас хамаараад баримтжуулж буй нотлох баримтууд янз бүр. Сая нийгэмд цацсан бичлэгийн хувьд хахуульд авсан мөнгөтэйгөө үйлдэл дээрээ баригдсан асуудал юм. Үүнээс гадна авлигын мөнгөө банк санхүүгийн байгууллага, олон улсаар дамжуулах зэргээр хэлбэр дүрсийг нь өөрчлөөд явдаг асуудлууд бий. Албан тушаалаа урвуулж байгаа асуудлууд дээр зөвхөн бэлэн мөнгөнөөс гадна гарын үсэг,баримт бичгүүдээр баталгаажуулдаг гэх зэргээр тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн онцлогоос хамаарч маш олон төрлийн баримтаар нотлогддог гэсэн үг.

Ер нь энэ бичлэгийг харуулж байгаагийн нэг зорилго бол нийгэмд маш том урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байгаа хэлбэр юм. Сүүлийн үед нэг хандлага ажиглагдаад байгаа нь гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, бүр шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүмүүс хүртэл өөрсдийгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гэм буруугүй гэж зарлаж байна. Өөрсдийгөө хэлмэгдсэн, улс төрийн золиос боллоо гэх зэргээр нийгэмд худал мэдээлэл түгээх болсон. Энэ нь эргээд нийгэмд маш эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Тиймээс ингэж цочроо өгөхгүй бол болохгүй байсан.

Бид төрийн албан хаагчдад авлигын эсрэг сургалт сурталчилгааг маш их хийсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хугацаанд буюу өнгөрсөн хоёр жилд 25 мянга орчим төрийн албан хаагчийг сургалтад хамрууллаа. Сургалт, сурталчилгааны ажил хангалттай явагдсан. Гэвч байдал өөрчлөгдөхгүй байгаа учир бид иймэрхүү асуудлуудыг гаргаж тавьж байгаа юм. Энэ бол шүүхээр шийдвэрлэгдсэн хоёр хэргийн жишээ. Ер нь манайд авлигын хэргүүд иймэрхүү хэмжээнд баримтжуулагдсан байдаг. Өөрсдийгөө хэлмэгдсэн, гэм буруугүй гээд зарлаад яваа хүмүүст энэ асуудал хамааралтай. Мөн авлигын гэмт хэрэг үйлдэх сэдэл, зорилго агуулж байгаа хүмүүст ч энэ хэрэг хамааралтай гэдгийг сануулъя.

-Ер нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа зарим хэрэгт улс төрийн “том”-чууд нөлөөлөх оролдлого хэр их гардаг вэ. Дээрх үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нөлөөлөх гэж оролдож байгаа нэг үйлдэл гэж үзэж болох уу?

-Авлигатай тэмцэх газар бол бие даасан, хараат бус, төрийн тусгай байгууллага юм. Гэтэл тодорхой ашиг сонирхол бүхий хүмүүс АТГ-т шалгагдаж байгаа, шалгуулсан хүмүүс бүгд гэм буруугүй байтал Авлигатай тэмцэх газар л хүнийг аваачаад хэлмэгдүүлээд, улс төрийн зорилгоор ажиллаад байдаг юм шиг мессежүүдийг ард түмэнд өгөөд байна.

Ингэхээр ард түмэнд нээрээ тийм юм байх даа гэсэн хандлага бий болоод эхэлж байгаа юм. Авлигатай тэмцэх газарт итгэх олон нийтийн итгэл алдагдаад байх тусам хэн хожих вэ гэвэл “авлигачид” буюу гэмт хэрэгтнүүд л хожоод байна шүү дээ. Гэтэл тэд маш олон хүний боломжийг үгүй хийж, эрх чөлөөг хязгаарлаад,бидний ирээдүйг хулгайлж, улс төрийн албан тушаалаа мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаад явж байгаа нь хэр зөв юм бэ. Энэ өнцгөөс нь бид харж асуудалд хандах ёстой. Манайх мөрдөн шалгадаг байгууллага болохоос гэм буруутайг тогтоодог газар биш. Гэтэл шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хэрнээ үгүй гээд гүрийж байна. Энэ нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахын тулд хөндлөнгөөс нөлөөлж байгаа нэг хэлбэр юм. Товчхондоо албаар биднийг муухай харагдуулах сонирхол их байна гэсэн үг.

-Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх эрхзүйн боломж нь байгаа биз дээ?

-Хууль эрхзүйн хувьд боломжтой.

-Танайд авлигын хэргийг шалгах дундаж хугацаа ямар байна вэ. Ер нь хоёр хүний хооронд маш нууцлагдмал байдлаар өрнөдөг тул авлигын хэргийг илрүүлэх, улмаар нотлох баримт цуглуулах үйл яваад нэлээн цаг хугацаа ордог гэдэг?

-Дундаж хугацааг ярихад хэцүү. Ер нь авлигын хэрэг их онцлогтой. Цагаан захтнуудын гэмт хэрэг юм. Нотлох баримтууд нь цаасан дээр л үлддэг. Маш нууц далд аргаар үйлдэгддэг. Хахууль өгч, авч байгаа хоёрхон этгээдийн дунд болдог гэх зэргээр нарийн төвөгтэй олон асуудал бий. Гэхдээ ул мөр заавал үлддэг. Энэ нотлох баримтуудыг бэхжүүлж авах, хуулийн дагуу тухайн этгээдийн гэм буруутайг нотлох, дээрээс нь мөнгө төгрөгийн гарал үүслийг тогтоох, хаашаа орсон гэх зэргээр шалгаад явахаар хэргийн цар хүрээ асар өргөн болдог. Тийм учраас хугацаа нэлээн орно. Хоёрдугаарт, илэрч буй асуудал дээр ч бэрхшээл байгаа шүү дээ. Тэр дороо илэрдэггүй. 1-2 жилийн дараа гэх зэргээр тодорхой хугацааны дараа илэрнэ. Тэгээд шалгаад явдаг. Тийм учраас цаг хугацаа их ордог гэж ойлгож болно.

-Танайд шалгагдсан хэрэг прокурор руу шилжинэ. Энд мөн тодорхой хугацаа өнгөрнө. Улмаар Шүүх рүү шилжиж шийдвэр гарах хүртэлх хугацааг нэмбэл авлигын хэрэгт цаг хугацаа их орох нь ээ. Мэргэжлийн хяналтын дарга нар, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Р.Онон зэрэг хүмүүсийн тухайд гэмт үйлдэл нь илэрсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон шүү дээ?

-Тийм.

-Танай дээр шалгагдаж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон хэргийн тохиолдол бий юү?

-Байхгүй. Манай дээр шалгагдаж байгаа л бол хөөн хэлэлцэх хугацаандаа байна гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал манайх шалгах үндэслэлгүй болно.

-Авлигын гэмт хэргийн улмаас он гарснаас хойш хагас жилийн байдлаар 11 их наяд 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан тухай мэдээлсэн. Маш өндөр дүн сонсогдож байна. Хохирлыг хэрхэн тооцож байгаа вэ?

-Манайд шалгагдаж байгаа авлигын хэргийн хэмжээнд тооцож гаргасан, бодитой мөнгөн хэлбэрээр учирч байгаа хохирлын дүн юм. Ер нь авлигын хор уршиг зөвхөн мөнгөөр илэрхийлэгдэхгүй. Үүний цаана алдагдсан боломжууд, хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, эд хөрөнгө гээд олон асуудал яригддаг. Энэ мэтээр хор уршгийг бүрэн тооцно гэвэл хэцүү. Тухайлбал, хахууль авч хилээр оруулсан чанаргүй бүтээгдэхүүнээс болж хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохиров гэх зэргээр хохирлыг бодоод үзвэл хэмжих аргагүй. Зөвхөн хахуульд авсан мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг тооцно гэвэл өрөөсгөл юм. Манайхан сургуулийн удирдлагууд авлига авсан бол жараахай, улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг акулууд гэх зэргээр ялгаж ярьдаг. Гэтэл үүндээ гол нь биш. Ямар ч тохиолдолд цаана нь учруулж байгаа хор хохирол асар их байдаг. Авлигаас болж хэчнээн хүн ямар боломжоо алдсаныг тооцох аргагүй. Нийгэмд хор уршиг учруулж байна шүү дээ, том жижгээсээ үл хамаараад.

-Энэ оны эхний хагас жилд 11 их наяд 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.8 дахин өссөн үзүүлэлттэй байсан. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол яагаад гэнэт ингэж их өсөв өө?

-Сүүлийн үед гарч байгаа хэргүүдийн учруулж байгаа хохирлыг бодитой тооцоод ирэхээр хэмжээ ингэж өсч байгаа юм.

-Хохирлын хэмжээ өссөн ч хохирол нөхөн төлүүлэлт 27 хувиар буурсан урвуу хамаарал байна. Ер нь хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдээс улс, олон нийтэд учирсан хохирлыг гаргуулж авах чиглэлээр хэрхэн анхаарч байна вэ?

Жилээр нь харьцуулсан үзүүлэлт шүү дээ. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн тоо өссөн. Мөн хохирол барагдуулалтад их анхаарч ажиллаж байгаа. Жишээ нь, манайхаас Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох асуудал дээр Авлигын эсрэг хуулийн дагуу прокурор руу бичиг явуулсан. Прокурор шүүх рүү хандаж, шүүхээс шийдвэр гарсан байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорын газарт шүүхэд төрийг төлөөлөх нэгж байгуулагдаад хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

-Иргэдийн дунд ийм хандлага байна. Тодруулбал, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд өмнө нь төрд ажиллаж байх үедээ өөр олон хүнээс авлига авч амташсан байх магадлалтай. Тиймээс зөвхөн илэрсэн хэргээс нь гадна өмнө нь төрд ажиллаж байсан үеэс нь эхлээд шалгавал маш их зүйл гарч ирнэ. Хариуцлагыг ингэж бүрэн дүүрэн оногдуулах ёстой. Тэгэхгүй бол авлига авч байгаад нэг үйлдэл нь илэрлээ гэхэд тухайн үйлдэлдээ хариуцлага хүлээсэн болоод өмнөх авлигын “ашиг”-уудаа аваад үлдэж байна гэж ярьж байна. Энэ тухай та хариулт өгөх боломжтой юу?

-Өмнө нь мэдэгдэхгүй байгаа хэргүүдийг яах вэ гэж байна гэж ойлголоо. Хэрэв тэгээд яваад байвал энэ хэргүүд чинь шийдэгдэхгүй шүү дээ. Улам их хугацаа шаардана. Чи ганцхан энэ хэргийг үйлдээгүй. Ер нь чи өөр хэрэг хийсэн л байгаа гээд ухаад суугаад байна гэдэг бол буруу ойлголт. Гэхдээ тодорхой хэмжээнд шалгаж байгаа шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр гэмт үйлдэл илрүүлж шалгасан тохиолдлууд өнгөрсөн жилийн тайланд олон бий.

-Хясан боогдуулсны улмаас авлига өгөхөөс аргагүй байдалд орсон. Үүнийгээ эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх зохицуулалт хэзээ туссан бэ?

-Энэ нь 2017 оны шинэ Эрүүгийн хуульд туссан зохицуулалт юм. Хахууль авах, өгөх чинь гэмт хэрэг. Албан тушаалтны хясан боогдуулсан үйл ажиллагааны улмаас аргагүй байдалд ороод хахууль өгөөд тэрийгээ эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэсэн зохицуулалт бий болсон. Ингэснээр сая МХЕГ-ын албан тушаалтнуудын хэрэг дээр таван хүн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн шүү дээ. Шинэ хуулийн заалт амьдрал дээр хэрэгжсэн тохиолдлуудын нэг нь энэ юм.

-Сайн дураараа хахууль өгсөн ч үүнийгээ мэдээлсэн бол хариуцлагаас чөлөөлөх жишиг зарим оронд байдаг юм билээ. Авлига өгсөн нь адилхан хариуцлага үүрдэг болохоор энэ хэрэг улам л нуугдмал болоод байна уу гэж дүгнэх тохиолдол байна. Ер нь авлигын хэргийг илрүүлж, хариуцлага тооцох байдлыг улам бүр нэмэгдүүлэхийн тулд яах вэ гэсэн эрэл хайгуултай холбогдуулж уг асуултыг тавьж байна?

-Авч байгаа нь гэмт хэрэг юм бол өгч байгаа ч мөн гэмт хэрэг шүү дээ. Албан тушаалтан авах сонирхолгүй байхад нэг нөхөр аваачиж өгчихөөд хүнийг гүтгээд өөрөө зүгээр өнгөрөөд байж болохгүй. Эрүүгийн хуульд ч ийм тайлбар байгаа. Албаар хүнийг гэмт хэрэгт холбогдуулах зорилгоор, санаатайгаар өгсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудалд хамаарахгүй гэсэн зохицуулалт бий.

-Хахуульд авсан мөнгөө хэрхэн захиран зарцуулж байна вэ. Бусдын нэр дээр үл хөдлөх хөрөнгө болгох, олон улсын банк санхүүгийн байгууллагууд руу шилжүүлэх, офшшор бүс ч гэж ярьдаг. Энэ мэтээр олон арга байгаа байх. Энэ хөрөнгө болгоныг илрүүлэх боломж хэр вэ?

-Илрүүлэх боломжтой. Жишээ нь насаараа бизнес хийж, шударга хөдөлмөрөөрөө баялаг бүтээсэн хүний хажууд ямар ч бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй, цалингаас өөр орлогогүй атал маш өндөр үнэтэй орон сууцанд зэрэгцэж амьдраад, үнэтэй машин унаад явж байвал шударга санагдах уу. Буруу замаар хөрөнгөжөөд байгаа хүмүүс чинь ичихгүй байна. Өөрөө цэвэр хөдөлмөрөөрөө олчихсон юм шиг нүүр бардам байж, хүмүүсийн дунд инээгээд, баян цатгалангаа гайхуулаад явж байна. Хулгайлаад авдаг юм байж. Тэгвэл тэд хөрөнгөө ашиглах боломжгүй байх ёстой. Үүнд ард түмний оролцоо байх учиртай юм. Бизнесгүй, цалингаас өөр орлогогүй байж өндөр үнэтэй байранд зэрэгцэж амьдраад байна гэдэг чинь утгагүй асуудал. Бид энэ бүхнийг нь хүлцээд тэвчээд байгаа ч юм шиг. Тэгэх ёстой юм шиг хүлээж аваад байна гэдэг чинь бидний нийгмийн оролцоог харуулж байна. Авлигачид баярхах бус ичих ёстой.

-Та авлигад авсан мөнгөө ашиглах боломжгүй байх хэрэгтэй гэлээ. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд олон нийт төрийн албан тушаалтнуудыг сайн хянаж байх хэрэгтэй юм байна?

-Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байна. Цалингаас гадна ямар нэг орлоготой бол тэрийгээ бүртгүүлдэг. Хууль бус орлого олох байдлыг хязгаарлаж орлого, зарлагыг нь хянаж байна гэсэн үг. Жишээ нь жилд 20-30 саяын орлоготой мөртлөө 500-600 саяар нь байр, үнэтэй машин авсан бол энэ мөнгийг хаанаас олсноо тайлбарлах хэрэг гарна шүү дээ. Энэ нь авлигын хэргээс урьдчилан сэргийлж байгаа бас нэг ажил юм. Гэхдээ өөрийнхөө нэр дээр худалдаж авахгүй. Ах дүү, хамаатан садан гэдэг юм уу, өөр хүний нэр дээр худалдаж аваад ашиглаад эхэлчихнэ. Тийм тохиолдолд хажуу хавирганд нь байгаа хүмүүс хараад чи ийм үнэтэй машин яаж авсан юм бэ гэдгийг хянаж байх ёстой. Энэ хяналт байснаар тухайн хүн чинь орлогоосоо давсан зарлага гаргаж чадахгүй болно. Хүмүүс хэлчих вий гэж айна. Хууль бус хөрөнгөө ашиглаж чадахгүй байх ёстой.

-Манайхан авлигын гэмт хэргийг мэдээлэх юм бол үйлдлийг нь батлах ёстой гэж ойлгох явдал түгээмэл байна. Тиймээс энэ авлига авсан байж болзошгүй гэж харддаг ч хууль хяналтын байгууллага дээр бөөн чирэгдэл болно, батал гэж шаардана гээд мэдээлэл өгдөггүй юм болов уу гэж анзаарагддаг?

-Заавал батлах ёстой гэсэн зүйл байхгүй. Үүн дээр би хардаж байна гэж өргөдөл гомдол өгч болно шүү дээ. Түүнээс биш та авлигын мэдээлэл өгсөн бол үүнийгээ заавал батлах ёстой гэсэн зүйл байхгүй.

-Олон улсад авлигатай амжилттай тэмцсэн ямар жишээнүүд байна вэ. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсэн жишээг дурдахгүй юу?

-Хонгконгийнх хамгийн шилдэг жишээ гэж яригддаг. 1970-аад оны үед гал комманд, түргэн тусламж нь ирээд мөнгө өгөхгүй бол галыг нь унтраадаггүй, хүнийг нь эмчилдэггүй байсан. Одоо бол Хонгконгчуудын 99 хувь нь авлигыг үзэн ядаж байна. Тэд авлигын тохиолдол гарвал шууд мэдээлэхэд бэлэн байдаг ийм үзэл хандлагатай болсон. Ерөөсөө л авлигыг олон нийт хянадаг байх ёстой гэж яриад байгаа нь энэ. Бидэнд нэг муухай хандлага байна. Бүгд авлига муухай гэж мэдээд байдаг. Гэтэл яг өөрт асуудал тулгарсан үед буруу замаар шийдэх гэж оролддог. Ийм хандлагад дассан байна. Үүнийг өөрчлөх ёстой.

-Ял завших боломж бүрдээд ирэхээр авлигатай тэмцэх ямар ч ажил үр дүнгүй болдог гэж олон улсын судлаачид хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэргийг илрүүлж, нотлох баримт бүрдүүлж өгөөд байхад гэм буруутай этгээд нь хуулийн цоорхой ашиглаж ялаас мултраад байвал авлигатай тэмцэх ажил бүх түвшинд үр дүнгүй болно. Тэгэхээр хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчны хувьд та юу хэлэх вэ?

-Мэдээж хамгийн төгс хувилбар гэж байхгүй. Тухайн улс орныхоо онцлог, эрхзүйн систем зэргүүдээс хамаараад янз бүрийн хууль эрхзүйн орчин үйлчилж байгаа. Манайд бол хууль эрхзүйн хувьд засаж сайжруулах ёстой зүйл ч бий. Ололттой давуу талууд ч байгаа. Гол нь хариуцлага хүлээдэг байх ёстой. Ингэж байж дараа дараагийн хүмүүст авлигаас урьдчилан сэргийлэх дохио болно. Яахав, хариуцлага хүлээгээд явж байна л даа. Гэхдээ энэ чинь нийгэмд тэгш бус харагдаад байна шүү дээ. Тодорхой хэсэг нь хүлээдэг. Тодорхой хэсэг нь хүлээдэггүй гэх ч юм уу. Миний ярилцлагын эхэнд хэлсэнчлэн, гэм буруутай нь нотлогдсон, шүүхээс ял авсан атал би зүгээр байсан юм чинь гээд ардын баатар шиг юм яриад яваад байж таарахгүй. Энэ бол хүлээн зөвшөөрч үл болох асуудал. Тэр хүмүүсийн үгийг бид сонсдоггүй байх ёстой. Түүнээс биш нээрээ хэлмэгдсэн ч юм болов уу, улс төрийн золиос болсон биз гээд өрөвдөөд байж болохгүй. Ичих ёстой биз дээ, тэр хүмүүс.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжилж байна

Жолооны үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвөөс мэдээлж байна. Энэ ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хийж буй аж. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хагас жилийн хугацаанд хэвлэлийн бэлдэц тасарсан шалтгаанаар жолооны үнэмлэх хэвлэх ажил саатаж түр үнэмлэх олгож байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгааг тус газраас хэллээ. Өнгөрсөн онд худалдан авах ажиллагаанаас шалтгаалаад жолооны үнэмлэхний хэвлэх бэлдэц, дагалдах хор, хэрэгсэл тасалджээ. Энэ оны гуравдугаар сараас бэлдэц болон дагалдах хор, хэрэгслийг бүрэн нийлүүлж эхэлсэн байна. Жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц болон хэвлэх машины хор худалдан авахад жилд дунджаар 1.3-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Жил бүр 50 мянга орчим иргэн жолоодох эрхийн үнэмлэх шинээр авдаг бол мөн 40 мянга орчим иргэн хаяж гээгдүүлсэн үнэмлэхээ нөхөн захиалдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 946 хүний амь насыг авран хамгааллаа

Монгол Улсын хэмжээнд эхний 7 сард нийт 3398 удаа аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас146 хүн амь насаа алдаж, 42 хүн гэмтэж бэртэн 25858 толгой мал, амьтан хорогдож, 30.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Хүснэгт 1. Өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал

Аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо

Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 22471хүн, 4216 автомашин ажиллаж, 946 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тээврийн хэрэгслийн ослын 46 удаагийн дуудлагаар автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 23хүний амь насыг аварч, 69 хүнд тусламж үзүүлсэн.

Цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 13.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Нас баралт

2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 146 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26%-аар өссөн байна.

Хүснэгт 2. Аюулт үзэгдэл ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулалт

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо

Үүний 26 /18 хувь/ нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хүүхэд /46 хувь/ обьектын гал түймэрт өртөж, 11 хүүхэд /42 хувь/ үер, усны осолд өртөж нас барсан байна.

Хүснэгт 3. Аюулт үзэгдэл ослоор нас барсан хүн насны бүлэг, хүйсээр

Хүснэгт 4. Аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо бүс нутгаар

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Иргэний боловсрол хичээлийн шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу зохиогдож буй “Монгол ёс, хүмүүжил” номын хэлэлцүүлэг болов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг “Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэн ачаалал дүүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах ажил хийгдэж дууссан, удахгүй орон даяар багш нарын сургалтууд зохион байгуулна. Энэ хүрээнд хуучин “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж, 1-5 дугаар ангийн сурах бичиг зохиогдсон. Хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн баг ажлаа танилцуулж, сурах бичгийн төсөлдөө санал, шүүмжлэлийг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа”-г нээлтийн үгэндээ онцлов. Хэлэлцүүлэгт боловсрол судлалын эрдэмтэн, судлаачид болон сургалтын менежер, багш нарын төлөөлөл оролцсон юм.

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат ахлагчтай сурах бичиг зохиогчдын баг сурах бичиг зохиох ажлын явц, баримталж буй зарчмууд, тулгарч буй бэрхшээлүүдээ танилцуулав. Сурах бичиг “би, чи, бид” буюу өөрийгөө хөгжүүлье, бусдыг хүндлэе, баярлуулъя, уламжлалт ёс заншлаасаа суралцъя гэсэн гурван хэсгээс бүтжээ. Дараа нь багш, судлаачид саналаа хэллээ. Тухайлбал хүүхдүүд хэдийгээр монгол хүн болж төлөвших ёстой ч, дэлхийн иргэн байх учиртайг онцлоод хэтэрхий уламжлал, заншлын асуудлаар хайрцаглахгүй байж, илүү шинжлэх ухаанч байр сууринаас хандахыг анхаарууллаа. Мөн хот, хөдөөгийн соёл, ахуй орчны ялгааг харгалзах, ингэхдээ санамсаргүй байдлаар үзэл, хандлагын ялгаварлан гадуурхалыг бий болгохгүй байх, хүүхдэд хялбар ойлгомжтой зураг, дэглэлттэй байлгах, зарим эхийн хэл найруулгыг боловсронгуй болгох зэрэг саналуудыг хэлэв.

Сурах бичигт уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулж, аливаа асуудлыг зөвхөн ёс уламжлал, заншлын үүднээс биш өнөөдөр хэрхэн зөв шийдвэрлэж, өнөөдрөөс маргаашид хэрэглэгдэх боломж бүхий амьд агуулгатай байх, түүнчлэн нэр томьёо, үг сонголт, найруулгын хувьд хүүхдүүдэд зориулагдсан байх ёстойг оролцогчид онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Эрхүү муж энэ зун хоёр дахь удаагаа үерийн гамшигт нэрвэгдээд байна

ОХУ-ын Эрхүү муж энэ зун хоёр дахь удаагаа үерийн гамшигт нэрвэгдээд байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр энд орсон хүчтэй аадар борооны дараа 1,700 гаруй амины орон сууц усанд автаж, эрх баригчид онц байдал зарласан юм. Эхний үер зургаадугаар сарын сүүлээр эхэлж, долдугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн. Энэ үеэр Эрхүү мужийн нийт 109 тосгон суурингийн 11,000 орчим байр сууц үерийн усанд автаж, 42,000 хүний амьдралд хохирол учруулсан юм. Мөн 25 хүн амь үрэгдэж, долоон хүн сураггүй болоод байгаа. Эрхүү мужийн Тулун хотын оршин суугч хоёр дахь үерийн гамшгийн нөхцөл байдлыг дроноор буулгаснаа YouTube сүлжээнд нийтэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочлов

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын ордонд Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сенатын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Жэймс Риш, тус байнгын хорооны гишүүн, сенатор Э.Марки нарын төлөөлөгчид угтаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Америкийн хамтын ажиллагаа дипломат харилцаа 30 гаруй жилийн хугацаанд нэн идэвхтэй хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ. Мөн айлчлалаар АНУ-ын Төрийн тэргүүнтэй Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн асуудлаар ярилцсан гээд хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүссэн юм. Тухайлбал, Монголын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа нь уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлт бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар бодит өсөлтгүй байгааг хэллээ. Уг хуулийн төсөл батлагдвал манай улсад 30-40 мянган ажлын байр нэмэгдэж эдийн засгийн болон нийгмийн ач холбогдол нь богино хугацаанд гарна гэсэн тооцоо, судалгаа хийсэн талаар танилцууллаа. Байнгын хорооны гишүүд Монголын ноос, ноолуурын зах зээлийн талаар сонирхсон зүйлээ асууж, хариулт авсан юм.

Мөн талууд Солонгосын хойг, энхийг сахиулах ажиллагаа, Монгол дахь ардчиллын өнөөгийн байдал зэрэг өргөн хүрээний сэдвээр дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.