Categories
мэдээ цаг-үе

Л.Ганбаяр: Хүүхдийн зүрхний хагалгааг Монголдоо хийх боломжийг бүрдүүлнэ


Монгол, Солонгосын хүүхдийн мэс засалч эмч нарын анхдугаар симпозиум боллоо. Ирээдүйн төлөө хамтдаа уриатай тус симпозиум нь өнгөрсөн баасан гаригт болсон юм. Энэ үеэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяртай ярилцлаа.

-Хүүхдийн мэс заслын анхдугаар симпозиумын зорилго нь юу вэ?

-Энэ удаагийн симпозиум нь хүүхдийн мэс заслын анхдугаарх нь болж буй юм. Хүүхдийн ерөнхий мэс засал тэр дундаа хүүхдийн зүрхний, дурангийн, элэг бөөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх, одоо байгаа түвшнээс нэгээр ахиулах, Солонгос улсад хэрэглэж буй орчин үеийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор хийгдэж байна.

-БНСУ-ын хүүхдийн мэс заслын эмч нартай хамтран зохион байгуулж байгаа юм байна. БНСУ-аас хэдэн эмч ирсэн бэ?

-Солонгос улсаас нийт 12 хүүхдийн мэс засалч эмч ирсэн. Харин манай улсаас улсын, хувийн эмнэлэг болон хөдөө орон нутгийн хүүхдийн мэс заслын нийт 80-85 эмч нарын бүрэлдэхүүнтэй болж байна. Ер нь аль ч улсад хүүхдийн мэс заслын эмч нар цөөхөн байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн мэс заслын өвчин бага гэдэгтээ гол нь биш нэг дор цогцоор нь тусламж үзүүлдэг. Энэ нь олон эмч бус цөөхөн эмчээр олон зүйлийг хийдгээрээ онцлог.

-Манай улсад хүүхдийн мэс засалч эмч хэр олон бэ?

-Манай улсад хүүхдийн мэс засалгүй аймаг зөндөө байна. Үүнээс үүдээд солонгос эмч нартай хамтраад 0-3 насны хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, хүүхдэд дурангаар мэс засал хийж байгаа одоогийн түвшнийг ахиулах, хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн гурван чиглэлээр семинарт илтгэл хэлэлцүүлж байна.

-Жилдээ хэдэн хүүхэд төлөвлөгөөт мэс засалд ордог вэ?

-Жилд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн ерөнхий мэс заслын тасаг хамгийн их мэс заслыг хийдэг. Жилдээ бид 6000 гаруй мэс заслын ажилбарыг хийнэ. Нийт мэс заслын 75-80 хувь нь яаралтайгаар хийгддэг. Үлдсэн 20-25 хувь нь төлөвлөгөөт мэс засал байдаг. Яаралтай мэс засал нь арьс зөөлөн эдийн идээ буглаа, олгой, түгжрэл гэх мэт орно.

-Сүүлийн жилүүдэд ямар мэс заслууд ихэвчлэн хийж байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд идээт буглааны хагалгааг хотын оршин суугчид дийлэнх нь хийлгэж байгаа.

-Голчлон ямар төлөвлөгөөт мэс заслыг хийдэг вэ?

-Төлөвлөгөөт мэс засал нь зүрх, дуран, эрхтэн шилжүүлэх нь мэс заслууд байна. Ер нь төлөвлөгөөт мэс засал нь голцуу хэвлийн хөндий, үе мөч, яс тулгуур эрхтний мэс заслууд юм. Зүрхний мэс заслыг Улсын гуравдугаар эмнэлэг амжилттай хийж байсан. Манай эмнэлэг 0-3 насны зүрхний төрөлхийн гажигтай зарим хүүхдэд төлөвлөгөөт мэс засал хийдэг юм. Тус мэс засал нь маш хүнд учраас олон тоног төхөөрөмж шаарддаг.

-Мэс засал хийх зориулалтын багаж, тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ хэр вэ?

-Австрийн төсөл, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгээр тоног төхөөрөмжүүдийг сайтар бэлдэж чадсан. Эдгээр бэлтгэгдээд байгаа тоног төхөөрөмжүүд ЭХЭМҮТ-д байгаа. Мөн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, ЭХЭМҮТ-ийн захиргаа 90 хувийн тоног төхөөрөмжүүдийг оруулаад ирчихсэн. Одоогоор гол нь эмч эрүүл мэндийн ажилтнуудаа сургах, сургалтаа Монголд явуулах, хүний нөөцөө бэлдэх нь илүү чухал байна. Хүүхдийн мэс засал тэр дундаа хүүхдийн ерөнхий мэс засал хийх тухай симпозиум өмнө нь болж байгаагүй. Манай ЭХЭМҮТ-д хүүхдийн мэс заслын бүх төрөлжсөн сургалтыг жилдээ 1-2 удаа явуулахаар бэлдэж байгаа юм.

-БНСУ-аас ирсэн эмч нартай өмнө нь хамтарч ажиллаж байсан уу?

-Солонгос улсаас ирсэн эмч нарын заримтай нь өмнө нь хамтарч ажиллаж байсан. Цаашид бид солонгос профессоруудтай нээлттэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Тус уулзалтаар сургалтын үйл ажиллагаа, хамтран ажиллах тухай ярилцах юм. Монгол Улсад Солонгосын “Самсунг” эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч нар жилдээ нэг удаа ирж мэс засал хийдэг. Тэд 20-30 өвчтөн үзээд 5-6 өвчтөнийг сонгон мэс заслыг хийж өгдөг.

-Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын ажиллагаа хийгдэж байсан уу?

-Одоогоор Монгол Улсад хүүхдийн зүрхний 30 гаруй мэс заслын ажиллагааг хийсэн. Үр дүн нь 100 хувь байна. Зүрхний хагалгааг хийсний дараа төгс хагалгааг хийх шаардлагатай. Гэтэл тус хагалгааг Монголын нөхцөлд хийх боломжгүй. Зүрхний гаж хөгжилтэй хүүхдүүд гадаад явж эмчилгээ хийлгэж байна. Харин өнөөдрийн симпозиумаар тус хагалгааг Монголдоо хийх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

-Хөдөө орон нутгаас хагалгаа хийлгэхээр хэр их хүүхэд ирдэг вэ?

-ЭХЭМҮТ-д хийгдэж буй нийт хагалгааны 60-70 хувь нь хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хийдэг. Өнөөдөр Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 47 хүүхдээс яаралтай хагалгаа хийх 10 гаруй хүүхэд байна.

-Хагалгааны зардал хэд орчим төгрөг болдог вэ?

-Монгол Улсад эмчилгээний зардал гэж Ж.Эрдэнэбат сайд байх үед үнэгүй байсан. Зөвхөн өндөр үнэтэй хагалгааны нэг хувийг төлнө. Хагалгааны зардал хамгийн ихдээ 10 сая хүрэхгүй байх ёстой.

-Монгол Улсад анх удаа 2014 онд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байдаг. Тус хагалгааг элэг шилжүүлэн суулгах багаараа хийсэн гэсэн үү?

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг БНСУ-ын АСА эмнэлэг ЭХЭМҮТ эмнэлэг хамтарсан. Монгол Улсад Эрүүл мэндийн яаманд элэг шилжүүлэн суулгах баг гэж байдаг. Тус багт Нэгдүгээр төв эмнэлгийн, ЭХЭМҮТ-ийн, БНСУ-ын АСА эмнэлгийн эмч нар байдаг. Гэхдээ Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 0-7 насны хүүхдэд бид хийх боломжгүй.

-Төлөвлөгөөт хагалгааг дунджаар хэдэн цаг хийдэг вэ?

-Хүүхдэд дээд талд нь 16-18 цагийн хагалгааг хийдэг. Жишээлбэл, хэвлийн хагалгаа гэхэд дунджаар 6-8 цаг хийнэ. Сүүлийн жилүүдэд элэг, цөс, ходоодны хагалгаанууд ихээхэн хийгдэж байна.

Э.НАРАНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн олимп”-д оролцох алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод 2019 оны 08 дугаар сарын 08-аас 18-ны хооронд зохиогдох “Цагдаагийн олимп”-д оролцох алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.

Дэлхийн цагдаа болон галын тоглолт нь 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид тав дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Энэ удаагийн цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын есөн төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангаад байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Япон дахь Монгол Улсын соёлын элчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийллээ.

Энэ үеэрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан”-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широгийн зүгээс гардуулав

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Дэд ажлын хэсгүүд хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгүүдийн үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх таван багц сэдвийн хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөл, иргэд, судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл саналаа танилцуулсан. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр улс төрийн 17 намын төлөөллийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал солилцсон юм.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд өнөөдөр хуралдаж байна.

Дэд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажиллаж байна. Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн болон Томъёоллын зэрэг зургаан дэд хэсэг ажиллаж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд 29 538 иргэн бүртгүүлжээ

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс энэ сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. Бүртгэлийн цонх өнгөрсөн сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна. Энэ сарын 02-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Бүртгэл 08 дугаар сарын 04-ний өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар төмөр замын түүхт 70 жилийн ой тохиож байна

Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхт 70 жилийн ой, төмөр замчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр төмөр замтай ажил, амьдралаа холбосон ажилтан албан хаагчид, ахмад буурлууд төр засгийн байгууллагуудаар хөдөлмөр алдраа үнэлүүлэн, одон тэмдгээр энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд тохиож байна.

1949 онд Монголын анхны галт тэрэг УБТЗ-ын галт тэрэгний буудал дээр ирснээс хойш төмөр замын бүтээн байгуулалтын нөр их ажил өрнөсөн түүхтэй. 70 жилий ойн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УБТЗ-ын удирдлагууд улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн төмөр замчдад баяр хүргэлээ. Үйл ажиллагаанд нийт 3000 орчим төмөр замчид оролцлоо.

“Хөдөлмөрийн бүтээмжийг өнгөрсөн онтой харьцуулахад зургаан хувиар өссөн. Төмөр замчид баяр наадмаа тээврийн өндөр үзүүлэлттэй угтдаг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмөр замын тээврийн эргэлт найман хувиар өслөө. Энэ жил Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотой манай төмөр замын орлого эрс өссөн үзүүлэлттэй байна. Цаашид ч бас энэ эрчээрээ сайхан ажиллана” гэж УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн салбарыг шинэчилнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбатын хийсэн танилцуулгад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1793 автобусны олонхынх нь насжилт дуусаж буй талаар дурдагдав. Мөн нийтийн тээврээр зорчдог нийт хүмүүсийн 56 хувь нь төлбөрөө төлдөг ч автобус компаниудад санхүүжилтийг машин цагаар тооцон олгосноос асуудал үүсэж буй аж.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусны чиглэл давхцал ихтэй тул яаралтай шинэчлэх шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Үүнээс гадна шалгалтын явцад “Улаанбаатар смарт карт” компаниас олон зөрчил илэрчээ. Санхүүжилт олгохдоо машин цагийг буруу хэмждэг, үндэсний дата төвтэй холбогдоогүй учир тухайн байгууллагын дансанд хэдэн төгрөгийн орлого төвлөрч, хэдийг нь зарлагаддаг нь тодорхой байсан гэнэ. Тиймээс ажлын хэсгийнхэн шаталсан тээвэрт яаралтай шилжих санал гаргасан юм. Ингэснээр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх боломж бүрдэх аж.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийтийн тээврийн салбар стратегийн ач холбогдол өндөртэй учир хариуцлагатай хандах ёстой. “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагаа, чиглэлийн зохион байгуулалт, нөхөн олговор, ажиллагсдын хариуцлага, ёс зүй гээд сайжруулах асуудал олон байна. Бид нийтийн тээврийн салбарыг илүү ухаалаг болгоход анхаарч ажиллах ёстой” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид нийтийн тээврийн салбарыг шинэчлэх бодлого боловсруулж, хуралдаанд оруулах чиглэл өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

“Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” нь төрийн албан ёсны баримт бичиг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалах, хамгаалах, олон улсад таниулах зорилгоор Монголын уламжлалт анагаах ухааны түүх, үе үеийн эмч, эрдэмтэн мэргэдийн намтар, шилдэг бүтээлүүдийг гадаад дотоодын түүхэн эх сурвалжаас нэгтгэж, эмхэтгэн “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээлийг олон нийтийн хүртээл болгох санаачилга гаргасан билээ.

Энэхүү санаачилгыг Эрүүл мэндийн яам дэмжиж, “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээх үйл ажиллагааг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилтийг шийдвэрлэжээ.

“Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” нь хүн төрөлхтний хосгүй гайхамшигт, үнэ цэнэтэй соёлын өв болох бөгөөд Төрийн албан ёсны баримт бичиг болох юм.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/292 тоот тушаалаар “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть”-ийг хянан тохиолдуулж, эмхэтгэн хэвлүүлэх редакцын зөвлөлийг ШУ-ны доктор, профессор Ш.Чоймаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, академич, АШУ-ны доктор, профессор Ш.Болд нараар ахлуулан байгуулсан.

Редакцын зөвлөл өчигдөр анхны хурлаа хуралдуулж дараах асуудлыг шийдвэрлэв.

Үүнд: Уламжлалт анагаах ухааны бүтээлүүдээс орчуулагдсан байгаа бүтээлүүдийг редакцын зөвлөлийн гишүүдэд хуваарилан хянуулж, хэвлэлтэд бэлтгэх, Орчуулсан бүтээлийг төвд хэлний эх судар, эх бичмэлийг хавсарган хэвлүүлэх, эхний ботиудын эхний дугааруудад уламжлалт анагаахын эртний маарамба, оточ, эрдэмтэн, эмч нарын намтар түүх, хөрөг зураг, уламжлалт анагаахын сургуулийн түүхийг тусгах, монголын уламжлалт анагаах ухааны толь бичгийг оруулах, Редакцын зөвлөлийн багаар ажиллах боломжийг бүрдүүлж, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдмийн өргөөнд ажлын байр бий болгох; Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть бүтээлд оруулах бүтээлүүдэд тавигдах шалгуур үзүүлэлтийг хэлэлцэж санал авлаа.

Categories
мэдээ нийгэм

Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-ын Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Монгол Улсын Өргөмжит консул, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн тэргүүн Жэймс Вагенландер тэргүүтэй төлөөлөгчид байлцсан бөгөөд талууд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэв.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар Денвер хот 2001 онд ах, дүүгийн харилцаа тогтоосноос хойш найрсаг хамтын ажиллагаа маань өргөжин тэлж байна. Манай хотын захиргааны зүгээс мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор Денвер хотод богино хугацаанд дадлагаар ажиллуулж, туршлага солилцох хүсэлтэй байна. Цаашид хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.
Денвер хотын төлөөлөгчдийн зүгээс ирэх сард хотын Захирагчийг албан ёсны айлчлал хийхийг уриад, хоёр хотын захиргааны ажилтнуудыг туршлага солилцох, богино хугацаанд дадлагажуулах асуудлыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд болон Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, Үүр, Туул, Ерөө, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Идэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Туул гол Лүн, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 3-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.