Categories
мэдээ цаг-үе

Охид жингээ барьж байна гэж тэжээлийн дутагдалд орсноор үргүйдэл үүсч байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, тэргүүлэх зэргийн эмч, магистр Д.Одончимэгтэй ярилцлаа. Сүүлийн үед залуус гадаад үзэмжиндээ анхаарч, турах гэж улайрч байгаагаас болж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад үргүй болох, өөрөөрөө төрж чадахгүй байх, төрүүлсэн хүүхэд нь өвчин эмгэгтэй гарах зэрэг олон эрсдэл дагуулж байгаа аж.


-Нийгмийн хөгжлийг дагаад залуус гадаад үзэмжиндээ анхаарах хандлага эрс нэмэгдэх боллоо. Булчинлаг, гоолиг сайхан байхын тулд элдэв төрлийн бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх зэргээс болж эрүүл мэндээрээ хохирох явдал гарч байна гэж сонслоо…?

-Бие хүний өөрийнхөө үнэлэмжтэй холбоотой асуудал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Үүний нэг тодорхой жишээ сошиалаар харагддаг шүү дээ. Тэгж ч дэглэм барьж байна. Ингэж ч турна гэх зэргээр бичсэн байдаг. Гэтэл энэ нь яг эрүүл амьдралын хэв маяг байж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Сайн судлахгүйгээр жингээ хэт барих гэж тураах элдэв бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнээс болж охид эрдэс, уургийн дутагдалд орж, асуудал хүндрэх тохиолдол гарч байна. Тухайлбал, над дээр биеийн жингээ барихын тулд хоолноос татгалзаад, сүүлдээ энэ нь сэтгэлзүйн эмгэг болтол хүндэрсэн хүмүүс ирж зөвлөгөө авдаг. Дөнгөж 20 нас гараад л сарын тэмдэг нь зогсчихсон. Үргүйдэл үүссэн гэсэн онош тавигдаад ороод ирж байна. Биеийн жингээ барихын тулд бодисын солилцоонд өөрчлөлт орох хүртэл арга хэмжээ авчихсан хүмүүс байгаа юм.

Түүнчлэн, царай зүсээ сайхан болгохын тулд янз бүрийн хүнсний нэмэлтүүд хэрэглэдэг. Тэрийгээ анагаах ухааны үүднээс судалж, танихгүй байна. Дандаа л бусдыг даган дуурайж, эсвэл сошиал, хэвлэл мэдээллээс авсан мэдээллээр яваад орчихсон байдаг. Тэд хортой үр дагавар нь юу болохыг тооцож чаддаггүй. Наад зах нь нөхөн үржихүйн насанд хүрч байгаа охид, хөвгүүдэд үргүйдэл үүсч байна. Нөхөн үржихүйн гол шинж болсон биений юм ирэхгүй байна. Эрэгтэй хүн дээр эр бэлгийн эсийн ялгарал үгүй болох, эсвэл идэвхгүй эр бэлгийн эс ялгарах асуудал байна. Ялангуяа, фитнесст явж байгаа залуус уургийн бэлдмэл их хэрэглэдэг. Уураг 3-4 жил уусан, одоо хүүхэдтэй болохгүй байна гэж орж ирдэг. Сэтгэлзүйн тусламж авахаар орж ирж байгаа залуусын дагалдах шинжилгээнүүд ийм асуудлуудтай байна.

-Танай дээр эдгээр хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөө авах зорилгоор ирж байна уу. Эсвэл эмэн эмчилгээний түвшинд яригдаж байна уу?

-Би таргалчих вий гэсэн айдастай болчихож байгаа юм. Айдастай, түгшилттэй хүн энэ бүхнийг даван туулахын тулд ямар нэг арга хэрэглэдэг. Жишээлбэл, жингээ хасах ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэнэ. Ингэснээр таргалахгүй байх гэж үздэг. Гэтэл энэ эм нь үндсэн тусламж болж чадахгүй байна. Энэ тохиолдолд айдсын эсрэг, сэтгэл түгшилт, гутралын эсрэг эмэн эмчилгээ хавсран хийх тохиолдол байна. Зарим хүний хувьд бүр хэвтэн эмчлүүлэх заалт үүссэн байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө манай хүүхдийн тасагт 18 настай охин хэвтсэн. Тэр биеийн жингийнхээ 30 хувийг алдчихсан. Орж ирэхдээ бидний нүдэнд их л туранхай харагдаж байгаа юм. Гэтэл судсаар нь дусал хийж, эрдэс нөхөх гэхэд бүх зүйлээс татгалзаж байна. Тиймээс хүчээр эмчилгээнд оруулахаас өөр аргагүй байх жишээтэй.

-Дусал хийлгэхээс татгалзаж байгаа шалтгаан нь юу вэ?

-Таргалчихна гэсэн айдас. Энэ тохиолдолд тухайн хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд нөхцөл байдлыг өөрчлөхөд хэцүү. Сэтгэцэд нөлөөт эмийн эмчилгээг хавсаргах шаардлага гардаг. Нөгөөтэйгүүр, тураах эм удаан хэрэглэснээр тодорхой хэмжээгээр бодисын солилцоонд нөлөөлж сэтгэл гутралд ордог зүйл байдаг. Жишээлбэл, махлаг эмэгтэй хүн байж болно. Энэ хэвийн зүйл. Гэтэл үүнийгээ хэвийн биш гэж үзээд өөрийгөө бөөлжүүлээд, туулгаад байвал сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч байна гэсэн үг. Ер нь энэ бүхний цаана тоглолт хийдэг хүмүүс байна. Ийм юм тэдэн хүнийг эдгээсэн, үүнийг хэрэглээд эрүүл болно гэх зэргээр баталгаа нотолгоогүй зүйлийг сурталчилдаг.

-Хоолоо сойсоор байгаад хэт турсан эмэгтэйгээс эрүүл хүүхэд төрөх магадлал бага уу?

-Туранхай, тэжээлийн доройтолтой эмэгтэйгээс цус багадалт, рахит, тэжээлийн доройтолтой хүүхэд л гарна. Хүүхэд нь төрөөд өвчин орооно. Эх, эцэг ахиад хямарна. Иймэрхүү зүйл байгаад байна.

-Энэ байдлыг нийгмийн хөгжлийг дагаад гарч ирж байгаа нэг сөрөг хандлага гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Ер нь манайд дээрх хүмүүс хэзээ ч өөрөө ирдэггүй. Ар гэрийнхээ шахалтаар ирж байгаа юм. Энэ хүүхэд хоолоо сойгоод болохгүй байна гэх зэргээр ар гэр нь авчирдаг. Үүнтэй холбоотойгоор сэтгэцийн эрүүл мэндийн боловсролын асуудал хөндөгдөж байна.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

Дуу цахилгаантай, усархаг бороо орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Маргааш өдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

2019 оны наймдугаар сарын 4-ний 20:00 цагаас 5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр ширүүснэ.

Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө сэрүүсч нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар аадар бороо, өдөртөө нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө сэрүүсч нутгийн баруун хэсгээр 23-28 градус, зүүн хэсгээр 20-25 градус дулаан байна.

НАЙМДУГААР САРЫН 06-10-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажлын явц шахуу төлөвлөгөөтэйгөөр хийж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээхийг хотын удирдлагууд үүрэг болгожээ.

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрийн ажлын явц 90 хувьтай гүүрэн гарцын ажил үргэлжилж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон төсөл юм.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн
бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид есдүгээр сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр түрээсийн орон сууцны цахим бүртгэл дуусна

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэл өнөөдөр /2019.08.04/ шөнө 00.00 цагт хаагдахыг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

Цахим бүртгэлийг 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд наймдугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна.

Ингээд түрээсийн орон сууцанд бүртгүүлэх анкет бөглөхдөө иргэд юуг анхаарах ёстойг танилцуулъя.

  • Та зөвхөн суурин компьютероор бүртгэл хийх боломжтой
  • Анкетыг кирилл үсгээр үг, өгүүлбэр товчлохгүйгээр бичнэ
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй хэсгийн мэдээллийг заавал бөглөнө
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоо, үсгэн мэдээлэл бичих хэсэгт үсгэн тэмдэглэгээ хийнэ
  • Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл хийх боломжтой тул өөрт тохирох зөв ангилалыг сонгоно уу
  • Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин мэдээллээ засварлах боломжгүйг анхаарна уу
  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой. Хэрэв худал мэдээлэл бүртгүүлсэн бол мэдээллийн сангийн хар жагсаалтад орж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
  • Өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэд оочер харгалзахгүй дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай
  • Хэрэв нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйл хаягаар сэргээлгэн авах боломжтой. Аль алийг нь мартсан бол иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт өргөдлөө бичин, цахим үнэмлэхийн хамт хандаж сэргээнэ.

Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод, нээлттэй, цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан. Цахим бүртгэлийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот найман бүлгийн иргэд хамрагдах боломжтой. Үүнд, ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн бүлгийн иргэд хүсэлтээ бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн усны гамшгийн үед хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зөвлөмж

Хур тунадас, аадар бороо их хэмжээгээр орж усны үерт айл өрх, аж ахуйн нэгжүүд автах нөхцөл үүсч байгаатайхолбогдуулан хүнсний аюулгүй байдал алдагдах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үерийн улмаас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол бохирдохоос урьдчилан сэргийлж ус орж болзошгүй ажлын байранд хамгаалалт хийх, зоорийн давхарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалахгүй байх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 1 метрээс доошгүй өндөрт хурааж, сав баглаа боодлын битүүмжлэлийг шалгаж бүрэн бүтэн байдлыг хангах,

2.Үер усанд автан бохирлогдсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон битүүмжлэлтэй хэдий ч сав баглаа боодол нь бохирдсон, эвдэрч хэмхэрсэн, гэмтсэн хүнсийг худалдан борлуулахгүй байх,

3.Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн сав суулга, баглаа, боодолтой байсан хэдий ч үерт автсан нөхцөлд огт хэрэглэхгүй устгах,

4.Бага насны хүүхдийн угж, аяга сав зэрэг бүтээгдэхүүн бохирлогдсон бол огт ашиглахгүй хэрэглээнээс хасч, устгах,

5.Модон болон ус, үнэр, амт шингээх материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, суулга, халбага, сэрээ, аяга, хутгуур, гампанз зэрэг хэрэгслийг аадрын болон шар усны үерт автсан нөхцөлд дахин ашиглахгүйгээр устгах,

6.Угааж, ариутгаж болох гадаргуу бүхий хүнсний зориулалтын сав, суулга, аяга тавгийг цэвэрлэхдээ эхлээд цэвэр усаар зайлж, угаалгын бодисоор угаах, сайтар хатаах, хүнсний зориулалтын ариутгалын бодист 1 минутаас багагүй хугацаагаар байлгаж ариутгах, дахин цэвэр усаар зайлж, хатаах байдлаар сайтар цэвэрлэх,

7.Иргэд, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гэр орон, ажлын байр, хувцас, хэрэгсэл, гарын ариун цэврийг сахин угаалга, цэвэрлэгээ хийх,

8.Үер, усанд автсан нөхцөлд ажлын байр, тоног, төхөөрөмж, гэр орны ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэргийг анхаарах нь зүйтэй.

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм.

Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих хүсэлтийг тус сумын иргэд гаргасны дагуу санхүүжилтыг 2018 оны улсын төсөвттусгуулсан бөгөөд ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан юм. Тус барилгын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи Констракшн” ХХК шалгарсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй, хэвийн явагдаж байгаа, төлөвлөгөөт хугацаандаа буюу ирэх 09 дүгээр сарын 01 гэхэд ашиглалтанд хүлээлгэж өгөх боломжтой талаар тус компанийн инженер А.Боргил танилцуулсан юм. Мөн тус сумын төвд шаардлагатай дэд бүтцийн шугам хоолойг шинээр тавихад шаардагдах санхүүжилт зэрэг хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Дараа нь тус сумын Сантийн хоолой буюу 3-р багийн төвд шинээр баригдсан Халхын сүүлчийн Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн хөшөөний нээлтэнд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн үр хүүхэд, ач гуч, нутгийн иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд цаашид Алтан ургийн сүүлчийн Сэцэн ханд зориулсан томоохон цогцолборыг байгуулах хүсэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс хүссэн юм. Үр хүүхдүүдийнх нь хүсэлтийг дэмжиж байгаа бөгөөд түүхэн аялал жуулчлалын бүстэй хэрхэн холбох асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн.

Дараа нь Галшар сумын Хужирт бригадын төвд Өвгөн ноён, Хардал жанжин бэйс М.Пүрэвжавын дурсгалын цогцолбор, аялал жуулчлалын төвийн шав тавих ёслолд оролцов. Мөн энд цогцолбор шинээр бйагуулахтай холбогдуулж 16,5 км-ийн урт 35/10/0.4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус бригад руу татах ажил дуусч, ашиглалтанд хүлээж авсан юм.Тус сумын харъяат Хасу мегават” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш энэхүү цогцолборын бүхий л ажилд гар бие оролцож байгаа юм. Түүний дэмжлэгтэйгээр энэхүү бригадыг түшиглэж бий болох цогцолборын цахилгааныг шийдсэн гэсэн үг. Мөн саяхан газрын гүнээс цэвэр ус гаргах ажил дууссан байна. Тэгэхээр цахилгаан, ундны усны асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг. Одоо Хужирт бригадын хуучирч, муудсан барилгыг сэргээж зочид буудал, рестораны зориулалтаар ашиглахаар засварын ажил хийгдэж байна.

Монгол морины удам угсааг хадгалан Галшар үүлдрийг үүсгэж, морины соёлыг үр хойчдоо өвлүүлэх түүхэн үүргийг гүйцэтгэсэн Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалд зориулсан энэхүү цогцолбороор дамжуулж Галшар сумыг, Галшар адууг түүхэн аялал жуулчлалтай холбож, Монгол моринысудалгааны гол төв болгохыг зорьж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга “Аравт” олон улсын уралдаанд оролцогчдод амжилт хүслээ

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан өчигдөр эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд амжилт хүсч, илгээлт ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсад анх удаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж байгаад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.

“Аравт” бол Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс уламжлан, Чингис хаан “Их Монгол” улсыг байгуулах үестээ улам боловсронгуй болгож, улсаа засаглахад ашигласан цэрэг-иргэний шинжийг хослуулсан засаг захиргааны систем. Монголын төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд алдаршсан нарийн чанд зохион байгуулалттай нэгж бүтэц байлаа. Монголын түүх бол морьтон дайчдын түүх гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Чингис хаан болон түүний залгамжлагчдын дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулал бол чухамдаа морин цэргийн түүх юм” гээд уралдаанд оролцогчид, ажиглагчдад амжилт хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Бид монгол хүлгийн эзэд гэдгээ баталж “Аравт”-д түрүүлэхийн төлөө хичээж байна”

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцож байгаа ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрджээ.

Олонх нь Зэвсэгт хүчний уралдаан тэмцээний тэргүүн эгнээнд явдаг тамирчид. Тухайлбал, тасгийн дарга, дэслэгч Т.Түмэнцэнд гэхэд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик, гурван төрөлт, саадын зурвас мэргэн буудагчийн хоёр төрөлт, өвлийн хоёр төрөлт, зуны таван төрөлт, цэрэгжлийн гимнастик гээд олон уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн спортын мастер. Жүдо бөхийн дэд мастер. Зэвсэгт хүчний уралдаан тэмцээн бүрт манлайлан оролцдог дэслэгч маань Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн биеийн тамир, спортын дарга бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумынх. Магадгүй малчин айлд төрж өссөн түүний хувьд эмнэг сургаж, хурдны морь унах нь гар доорх “ажил” нь байх.

Моринд эрэмгий, спортод гарамгай энэ залуу эх орондоо зохион байгуулагдаж байгаа морин цэргийн уралдаанд монгол цэрэг л түрүүлэх ёстой. Түүний төлөө манай баг тамирчид маш их хичээж байгаа, багийн дасгалжуулагч, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг өөрийнх нь хүүхэд шигээ хайрлаж, зэмлэж байдагт нь баярлаж явдаг гэлээ. Аав, ээж нь уралдааны хаалтын ёслолыг нь үзэхээр хөдөөнөөс ирэх болсонд баяртай буйгаа ч дуулгалаа.

Тус багийн олон шилдэг тамирчны нэг нь дэслэгч Г.Цэнд-Аюуш (256), дэслэгч Г.Өлзийбаяр (232), ахлагч М.Идэрбат (330) нар юм. Дэслэгч Г.Цэнд-Аюуш мөн л Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн сагсан бөмбөг болон гар бөмбөгийн шилдэг довтлогч. Монгол Улсын Зэвсэгт хүчний тэргүүний алба хаагчдаас шигшигдэж, “Аравт”-ын анхны оролцогч болж байгаадаа баяртай байгаа. Хамгийн том зорилт нь багаараа түрүүлэх гэсэн бол дэслэгч морь бугуйлдахдаа сурмаг дэслэгч Г.Өлзийбаяр баг хамт олноо нэг гар шиг цул гэж онцлов.

Тэдний хувьд онооноос нь “чангаах” дасгал харьцангуй гайгүй. Зургаадугаар сараас эхэлсэн сургалтын үр дүнг одоо л харах ёстой. Бид монгол хүлгийн эзэд гэдгээ баталж, “Аравт”-д түрүүлэхийн төлөө бүгд хичээж байгаа гэлээ. Харин ахлагч М.Идэрбатын хувьд 2012 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэснээс хойш Зэвсэгт хүчинд алба хааж байна. 2013, 2014, 2017, 2019 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд анги байгууллагаараа амжилттай оролцсон шилдэг ахлагч юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийтийн тээврийн Ч:68, ШҮ:2 чиглэлүүд явахгүй

Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн 972 айлын орон сууцын 18 барилгын гадна инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн ажил”-ын үргэлжлэл болох ф473мм хоолойн сувагчлал шинээр болон хуучин ф219мм шугам хоолойн буулгалтын ажлыг 2019 оны наймдугаар сарын 4-ний шөнийн 01.00 цагаас наймдугаар сарын 5-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр болоод байна.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 шар”, ХО:7 “Туул тосгон – Био комбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кино театр – Хүнсний 4 дэлгүүр”, Ч:15 “Нисэх – Сонсголон – 5шар – 3-р эмнэлэг” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны наймдугаар сарын 04-ний өдөр Ч:68 “Буянт-Ухаа 2 хороолол -Нисэх”, ШҮ:2 “Нисэх – МУБИС-Ард кино театр” чиглэлүүд түр зогсоно.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн үнэмлэх хуурамчаар үйлдэж, хоёр жил ашигласан этгээдийг дөрвөн сая төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамчаар үйлдэж, залилан хийдэг байсан этгээдэд шүүхээс дөрвөн сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад иргэн Б.Анхбаяр нь хуурамч бичиг баримт, энгэрийн тэмдэг хийн, хоёр жилийн хугацаанд ашигласан нь тогтоогджээ.

Тэрбээр цагдаагийн нэр барьж 2018 оны аравдугаар сараас эхлэн оройн цагаар ажиллаад, автобусны зогсоол дээр байгаа машинуудын жолооч нарын үнэмлэхийг хурааж, буцааж өгөхдөө 10-20 мянган төгрөг авдаг байжээ. Мөн үнэмлэхээ үзүүлэн төлбөртэй зогсоолд машинаа үнэгүй байршуулах зэргээр бусадтай дээрэнгүй харьцдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болсон байна.

Иргэн Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 23.2.1 (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах) зүйл ангиар шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.