Categories
мэдээ нийгэм

Үерийн усанд суусан автомашиныг зорчигчдын хамт гарган авчээ

Өвөрхангай аймагт орсон аадар борооны улмаас үерийн усанд автомашинтайгаа боогдсон иргэдийг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, өчигдөр шөнө буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 22:20 цагт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт орсон усархаг борооны улмаас Вангийн-Овоо уулнаас үер бууж, гурван зорчигчтой явж байсан “Ипсум” загварын суудлын автомашин үерийн усанд суусан тухай дуудлага өчигдөр 23:57 цагт тус аймгийн Онцгой байдлын газар иржээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн гурван албан хаагч, нэг автомашинтай хоёр км замыг туулан 00:08 цагт очиж, 23 минут ажиллаж, автомашинд байсан 35 настай эмэгтэй Д, 10 настай эмэгтэй Н, дөрвөн настай эмэгтэй Г нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийт 72 удаагийн усны осол гарчээ

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар усны ослын хоёр удаагийн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Хэнтийаймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар ажиллаж байна. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас тус сумын Сарги багийн “Ногоо бригад” гэдэг газар хүртэл зүүн зүгт 28 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 15 удаагийн шумбалтыг хийгээд байна. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар ажиллаж байна. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас зүүн зүгт 5 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 36 удаагийн шумбалтыг хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байна

Он гарсаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна.

Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарчээ. Харин өнөөдөр буюу 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явахдаа автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ОХУ болон Монголын баг тамирчид гараанаас гарна

“Олон улсын цэргийн наадам”-д манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаан цэргийн алба хаагчийн бэлтгэл сургуулилт, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорих алсын зайн морин маршид Казахстан, Киргизийн баг тамирчид гараанд гарч эхэлсэн. Өнөөдөр ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид, ОХУ-ын баг тамирчидтай уралдааны замд гарна.

Баг тамирчдыг “Аравт” уралдаан зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй удирдлагууд гараанаас гаргаж өгөх бөгөөд Монгол, ОХУ-ын баг тамирчид хоёр цагийн зайтай гараанаас гарах юм.

Categories
мэдээ нийгэм

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд харилцан туршлага солилцлоо

АНУ-ын Агаарын цэргийн хүчний Энэтхэг-Номхон далайн коммандлалтай хамтарсан “Pacific Angel 19-3” болон “Гамшиг, олныг хамарсан ослын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохион байгуулах нь” сэдэвт сургалтад Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэдлэг ур чадвараа дээшлүүлэн, харилцан туршлага солилцсон юм. Сургалт 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэгт зохион байгуулагдсан бөгөөд сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голд амралтын өдрүүдэд хоёр иргэн осолджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ дөрвөн хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голын усанд живсэн байна. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ өчигдөр ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн харамсалтай хэрэг гарчээ. Онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Бат-Эрдэнэ: Хулгайн эд зүйлсийг удаа дараа худалдаж авбал тав хүртэлх жилээр хорих арга хэмжээ авна

-ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛДЭГ-

Нийслэлийн мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Нийслэлд үйлдэгдэж буй хэрэг зөрчлийн зонхилох хувийг орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Сүүлийн 10 жилийн судалгааг харахад жил дараалан өссөн байдаг. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар буурсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 34.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийг түргэн хугацаанд илрүүлж, шүүхийн шатанд шийдвэрлэж байгаа нь үүнд нөлөөлж байна даа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн 70 гаруй хувь нь хорих ялаар шийтгүүлдэг. Энэ нь ч хулгайн гэмт хэрэг буурахад нөлөөлж байгаа. Гэсэн ч нэг өдөрт л 20 гаруй айл өрх хулгайн гэмт хэрэгт өртсөн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

-Гол төлөв гэр хороололд үйлдэгддэг байсан бол сүүлийн үед орон сууцны айл ухсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа арга хэлбэрийн тухайд тодруулахгүй юу?

-Олон үйлдэл бий л дээ. Орон сууцанд бол тагтаар нь дамжиж вакум цонхыг нь түлхэж орох, бүргэд хаалга эвдэх зэрэг аргаар айлд орж хулгай хийж байна. Харин гэр хороололд бол цоож цуургыг нь эвдэх, эсгий гэрийн тооноор орох зэргээр бусдын эзэмшилд нэвтэрч хулгай хийж байна. Сүүлийн үед ажлын байр, оффис ухсан хэрэг хэд хэд бүртгэгдлээ. Ажлын байранд их хэмжээний бэлэн мөнгө, компьютероос авахуулаад үнэ өртөг өндөртэй эд зүйлс хадгалагдаж байдаг болохоор тэр л дээ.

-Амралт зугаалгын үеэр хөдөө орон нутаг руу аялахад гэр эзгүй үлддэг. Энэ нь хулгайчдад том боломж олгодог шүү. Орон гэрээ эзгүй үлдээж байгаа тохиолдолд юу анхаарах вэ?

-Хөршийн харилцаа холбоо хэрэгтэй. Хажуу, ойролцоо айлдаа захиж үлдээх нь чухал. Хулгайн гэмт хэрэгтэй айл хөршөөрөө, гудамжаараа нийлж тэмцэх хэрэгтэй. Ингэсэн цагт та орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломжтой. Өнөөдөр хажуу хөрш айлаа таньдаг хүн амьтан ховор болжээ. Хажуу айлаас нь гараад зурагт тэврээд явж байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэх сэтгэлтэй хөрш алга болсон байна. “Миний юмыг хулгайлсан юм биш, надад хамаагүй” гэсэн хар амиа бодсон сэтгэхүйтэй болчихож. Хулгайн гэмт хэрэгтэй олуулаа тэмцье гэсэн ухамсар алга байна. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн хэргээс нь шалтгаалаад мэдээллээр хангасан иргэнийг урамшуулж өгдөг. Мэддээллийн нууцыг хадгална. Мөн амралт зугаалга эхэлж, хүний хөл татарсан үед машины эд анги хулгайлах гэмт хэрэг олон үйлдэгдэж байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар албан хаагчид айл өрх бүрээр л орж анхааруулдаг. Цагдаа нарын үгийг тоож сонсож байгаа хүн цөөхөн шүү дээ. Улиг болсон юмаа ярьж явна уу эд нар гэсэн байдлаар хүлээж авна. Харин хулгайд эд зүйлсээ алдчихсан хойноо бол “Яг одоо олж өг” гээд л хашгираад орж ирнэ шүү дээ. Хэргийн мөрөөр нь орж хөрш айлуудаас нь мэдүүлэг авахад “Нэг хүн хашаагаар нь ороод зурагт тэврээд гарч байх шиг байсан. Өөрсдөө юм болов уу гэж санасан. Би мэдэхгүй” гэх тайлбар хэлж байгаа юм. Ингээд илрүүлэлт удааширна. Өнөө хулгайчид нь аль хэдийнэ хувийн машиндаа ачаад, эсвэл такси бариад явчихсан, борлуулчихсан байдаг. Цагдаад хэр шуурхай мэдэгдэнэ, төдий хэмжээгээр түргэн илрүүлнэ. Иргэний үүрэг гэж байгаа шүү дээ. Саахалт айлаас нь эд хогшил тэврээд гарч байхад хэл чимээ өгч, цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх хэрэгтэй. Орон байрны хулгайн гэмт хэрэг нийслэлд үйлдэгдэж буй хэргийн 60 гаруй хувийг эзэлдэг. Хамтраад үүнтэй тэмцвэл гэмт хэргийн тоо статистик буурах гээд байна шүү дээ.

-Хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдсэн хэрнээ худалдаж аваад байдаг хүмүүс бий. Энэ иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хулгайчидтай удаа дараа хамтарч ажиллаж эд зүйлсийг нь худалдаж авсан бол 18.6 буюу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хариуцлага тооцдог. Хулгайн эд зүйлсийг удаа дараа худалдаж авсан бол амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж тав хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх хуулийн заалт бий. Зах зээл байгаа учраас л хулгайчид өдөр тутам айл ухаад байна шүү дээ. Бид ченж гэх улсуудтай тэмцэж шинэ Эрүүгийн хуулинд заалт оруулж өгсөн. Өмнө нь бол торгоод өнгөрдөг байсан. Одоо тийм зүйл байхгүй.

-Орон сууцны айлуудын хаалганд хавчуулж явж байгаа нь тухайн айлыг хулгайчдын хараанд оруулдаг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл тухайн өрх эзгүй байгааг илтгээд өгчихдөг гэх. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үйлчилгээний байгууллагууд брошураа орон сууцны айл өрхийн хаалганд хавчуулж явах тохиолдол байдаг. Үүнийг удаан хугацаанд авахгүй байх нь тухайн өрх эзгүйг илтгээд өгдөг тал бий. Орон сууцанд амьдардаг иргэд ч хөрш айлууд руугаа эзгүй үед нь өглөө оройдоо нэг удаа хараагаа бэлчээгээд байхад гэмгүй. Манайханд одоогоор ийм ухамсар алга. Сая гэгээн цагаан өдөр хоёр давхрын тагт руу нэг иргэн авирч хулгай хийсэн байгаа юм. Эсрэг талын байрнаас нь хэд хэдэн иргэн харж байсан байгаа юм л даа. Тухайн иргэдээс хэргийн талаар тодруулахад “Би мэдэхгүй. Хүн авираад байх шиг байсан. Өөрсдөө гэр лүүгээ орж байна гэж бодсон шүү дээ” гэх тайлбарыг хэлж байгаа юм.

Тухайн иргэн цаг тухайд нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол тухайн айл хулгайн гэмт хэргийн золиос болохгүй байсан. Нэмээд хэлэхэд удаан хугацаанд гэрээ орхиж явж байгаа бол хорооны цагдаадаа мэдэгдэж байх хэрэгтэй. Эргүүл хийх явцдаа ганц нэг тойрчихоод байна.

-Хулгайч нарын арга барил нарийсч машин техник ашиглаж хулгай хийж байгаа тухай мэдээлэл байдаг?

-Бөөнөөрөө явж зохион байгуулалттайгаар хулгайн хэрэг үйлддэг бүлэг этгээдүүд бий. Нэг нь машинтай зогсож байхад нөгөөх нь гэрт орж хулгайн хэргийг гардаж хийнэ. Үлдсэн нь хүн харж байх ч юм уу. Ийм замаар бүлэглэж хулгайн хэрэг үйлддэг. Эдгээр иргэдийн хулгайлсан эд зүйлсийг худалдаж авдаг иргэд нь бэлэн байдаг. Энэ хулгайчид айлуудыг сайтар судалсан байдаг. Энэ айлын авдарт ийм үнэт эдлэл бий гэдгийг мэдчихсэн байдаг. Манайхан Цагаан сараар ч юм уу алт, мөнгөн эдлэл, хөөрөг зэргийнхээ зургийг авч олон нийтийн сүлжээнд байршуулж байгаа нь хулгайчдын олз болж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын сайдын алба хашиж байсан хүний гэрт хулгай орж үнэт эд зүйлсийг нь авсан хэрэг гарсан. Гэмт этгээдүүд гэрийн эзэд хэдэн цагийн үед ажилдаа явдаг, хэзээ ирдгийг нь сайтар судалж байгаа л хулгай хийсэн байгаад юм. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай ажиллаж илрүүлсэн. 2019 он гарсаар орон байрны хулгайн хэрэг үйлддэг 23 бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан. Ер нь орон байрны хулгайн 700 орчим үйлдлийг илрүүлсэн байгаа.

О.ДАШНЯМ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дэлхийг дэлдийлгэх ганц “од”-той болмоор байна

Аялал жуулчлалын улирал ид дундаа байна. Монгол Улсад жилд 600 мянган виз бий. Үүнээс 120 мянга нь жуулчны виз. Үүний 40 мянга нь урд хөршийнхөн. 40 мянга нь БНСУ-ын иргэд. Үлдсэн 40 мянга нь манай улстай харилцаатай 40-50 орны виз. Тэгэхээр нэг улсаас 1000 хүрэхгүй жуулчин ирж байгаа юм. Энэ бол үнэндээ аймшиг. Монгол Улсыг дэлхийд хэн ч мэдэхгүй байна гэсэн үг. БНСУ, Япон, Турк гэсэн гурван орон руу л манайх шууд нислэгтэй. Ухаандаа гуравдагч хөршийн орнууд руу. Өөр хаашаа шууд нисэж байгаа юм. Бид хоёр том гүрний дунд тусгаарлагдсан хэвээр байгаа үнэнтэй эвлэрэх ёстой.

Эх орноо, элгэн саднаа, эцэг өвгөдөө доош нь хийж байгаа юм биш. Монгол орныхоо мууг дуудах гээд байгаа юм биш. Зүгээр л дэлхийд Монголоо арай өөрөөр таниулах цаг нэгэнт болжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Дэлхий нийтээрээ мэддэг, дэлхийн мэдээллийн сувгуудын овоо хараанд байдаг нэг ч монгол хүн алга. Чин үнэнийг хэлье, Чингис хааныг маань орчин үеийн дэлхий мэддэггүй юмаа. Манай олимпийн аваргуудыг нэг ч хүн таньдаггүй юм. Уудам тал нутаг, зах хязгааргүй говь хээр, уртын дуу, морин хуур, наадам… ерөөсөө мэддэггүй юм. Мэддэг болох арга бол монгол гэсэн тодотголтой дэлхийн “од”-ыг бэлдэх, бий болгох. Эсвэл дэлхийн одуудын анхаарлыг Монгол руу хандуулах, эх орондоо авчрах, тэдэнд долигонож, байдгаа барих нь чухал боллоо. Тэднийг дагаад дэлхийн хэдэн зуун сая хүн явж байдаг юм. Монголын төр засаг аялал жуулчлалд, эх орноо гадаадад сурталчлахад чамгүй хөрөнгө зарж байна. Тэр хөрөнгийг “од” бий болгох, “од”-уудыг авчрах, ийм хоёр зүйлд зарцуулъя. Тэгж гэмээнэ хүссэн хүсээгүй дэлхийн жуулчид монголчуудын ямар ч оролцоогүйгээр хүрээд ирнэ. Тийм урсгал нээгдсэн үед нислэгийн тийз, жуулчдын ая тухтай орчин… гэх мэт нь бүгдээрээ жижиг асуудлууд болно.

Жишээ нь бид үнэхээр алсыг хардаг байсан бол ерэн он дөнгөж гарангуут Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хажууд сэрийж сарайгаад хэвтэж байсан Хятадын Батлан хамгаалахын сайд Лин Бяогийн эхнэртэйгээ хамт зугтаж яваад сүйрсэн онгоцны сэгийг тэр хэвээр нь хадгалаад, ямар нэг хэлбэрээр, ая данг нь олж тохижуулаад, хятадуудад зориулсан үзмэр болгочих байлаа. Тэгж чадсан бол өнөөдөр Монгол Улс урд хөршөөс дор хаяж 20 сая жуулчин хүлээгээд авчихсан, энэ тоо жилээс жилд өсөж, чинээлэг хятадуудын мөнгийг сааж суух байлаа. Учир нь Лин Бяо нь тухайн үедээ Хятадын хоёрдугаар хүн, Мао Зэдуныг залгамжлагч гэгдэж байсан юм. Тийм болохоор хятад хүн бүр түүний онгоцны сүйрлийг сонирхдог. Дорнод аймгийн хил гааль ерэн оны эхээр Манжуураар хамгийн түрүүнд нээгдэж хөршүүд орж ирсэн. Ирсэн хятад бүхэн ажлаа амжуулаад ганцхан зүйл хүсдэг байсан нь Лин Бяогийн сүйрсэн онгоцны сэг дээр очъё гэсэн хүсэлттэй. Тэр нь Дорнодоос 300 гаруй км, шороон замаар, түүнийг огт тоохгүйгээр цувцгааж байсан. Үүнийг тухайн үеийн дорнодчууд бүгд мэднэ. Ирэхэд нь хээр талд онгоцны сэг төмөр нь л байдаг. Баахан зураг дарж шуугилдаж байгаад буцдаг байлаа. Гэтэл төд удалгүй хаягдал төмөр хятад руу гаргаж эхэлсэн. Нэг өглөө харах нь ээ, өнөө онгоцны сэг төмрүүдийг цэмбийтэл ачаад явчихсан байдаг. Ингээд дэлхийн тэрбум хүний анхаарлыг онцгой ихээр татаж байсан үзмэр байхгүй болсон доо.

Ерэн оны дундуур дэлхий мэдэхгүй Монгол Улсад Холливүүдийн жүжигчин Жулиа Робертс ирж Төв аймгийн малчин Ц.Хэнмэдэх гуайнд сар орчим амьдарч баримтат кино хийж баруунд цацсан. Үнэнийг л хэлье, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын тухай энэ баримтат кино шиг дэлхийд Монгол Улсыг таниулсан, хэдэн зуун сая хүн үзэж танилцсан сурталчилгаа байхгүй. Өнөөдөр ч гараагүй л байна. Ядаж л Монголд сэм сэмхэн ирж буцаад байгаа Стивен Сигалыг Монголын пиарчид яагаад ашиглаж чадахгүй байгаа юм бэ. Эхнэр Эрдэнэтуяа нь эх орноо гэсэн сэтгэлтэй, жинхэнэ монгол эмэгтэй л байна лээ шүү дээ. Дэлхийн аль ч улсын, ямар ч нэр төртэй эрчүүд эхнэрийнхээ үгнээс гардаггүй байлгүй дээ, монгол эрчүүд шиг.

Европт Монголыг сурталчлах өдрүүд гэж төр засаг, яам тамгын том бүрэлдэхүүн оролцсон, том төсөвтэй, баахан дуучид, жүжигчид, загвар өмсөгчид… өөр юу юу ч оролцдог билээ, олон зуун хүн онгоц хөлслөн, тив дамнан очдог арга хэмжээ байна. Бараг уламжлалт байх шүү. Үнэхээр европчууд тэнд нь цуглаад, бөөн юм болж байдаг гээд бодохоор их инээдтэй. Европт амьдардаг монголчууд тэндээс авсан эхнэр юм уу, нөхрөө, тэднийхээ хамаатан саднуудыг, за тэгээд Монголын Элчин сайдын яамдынхан найз нөхдөө дуудчихсан байдаг. Тэр сүртэй арга хэмжээнд нь Европ тивийн улс орны иргэдийн хэн нь сайн дураараа ирсэн нь байдаггүй. Манайхан болохоор Европт гудамжны нохой нь Монголыг мэдэхээр боллоо гэсэн юм ярьсаар эх орондоо ирдэг. Эхэнд бичсэн статистикаар бол Европоос жилд мянган жуулчин ирдэг юм уу.

Спорт бол хүн төрөлхтний талаас илүү хувь нь байнга сонирхож байдаг агуу сэдэв. Тэгвэл тэр Криштиану Роналдуг, Усэйн Болт, Майкл Жордан, Майк Тайсон… ер нь дэлхий мэддэг л бол хэн ч байсан яадаг юм, дэлхий тэр чигээрээ ууж идэх, унтаж хэвтэхийг нь хүртэл цаг үргэлж харж тандаж байдаг “од”-уудыг Монголд урьж авчраад долоо хоног байлгая. Түүнийг нь дэлхий рүү “Монголд” гэсэн автортой цацъя. Дэлхийн мэдээллийн бүх сувгууд шүүрээд авна. Ямар ч үр дүн гардаггүй Монголыг сурталчлах өдөрлөгт зарцуулсан мөнгөний чинь, ямар ч үр дүн гардаггүй аялал жуулчлалын яаманд зориулж буй төсвийн чинь өчүүхэн хувь нь л үүнд зориулагдана. Эдгээр хүмүүс нэг бүрт их удахдаа гурван сая ам.доллар л зарцуулагдана. Таван тэрбум хүн тэдгээр “од”-уудын монгол малчны гэрт айраг ууж суугааг үзнэ. Монголд очих сэдэл таван сая хүнд нь төрнө. Ядахдаа ингэж харахгүй бол манай аялал жуулчлалын салбар явахгүй юм байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван үндсэн салбарт тулгуурлан эдийн засаг хөгжинө гээд байгаа биз дээ.

Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах, Монгол руу ирэх сэдлийг дэлхийн жуулчдад төрүүлэх бүх л боломж бололцоог эрж олон, хийж хэрэгжүүье. Хийх хүн арга аа олдог, хийхгүй хүн шалтагаа олдог гэдэг шиг жуулчдыг сая саяар нь авчрах боломж байна, даанч онгоцны тийзний үнэ өндөр, нислэг цөөхөн, ирлээ ч аятайхан бие засуулчих жорлон ч алга гэх шиг… юм ярихаа боль. Усэйн Болтыг дэлхийн “од” болсноос хойш ядуу африкчуудаас бүрдсэн, өчүүхэн жижиг арал улс Ямайкт жилд 10 сая жуулчин очоод байгааг та бүгд уншсан л биз дээ. Ямайкт тэгээд гоё онгоцууд өдөр шөнөгүй жуулчин зөөгөөд, өндөр зэрэглэлийн зочид буудлууд сүндэрлэж байдаг гэж бодож байна уу. Манайх шиг модон жорлон ч байхгүй газар. Өнөө айхавтар өт хорхой, могой шавьжнаас нь жуулчид байтугай нутгийн иргэд мөнхөд айж болгоомжилж байдаг газар. Дэлхийн сая сая жуулчин тэгээд юунд нь болоод тийшээ цуваад байгаа юм. Зөвхөн Усэйн Болт гэсэн брэндийн төрж өссөн, ажиллаж амьдардаг газар орныг үзэх гэж л тэр. Аялал жуулчлал гэдэг аль ч утгаараа ямар нэг брэндийг дагаж хөгждөг байна. Тэгвэл Монголд дэлхийг дэлдийлгэх, дэлхийн жуулчдыг хэдэн саяар нь татах юу ч алга…

Categories
мэдээ цаг-үе

Ардын дууч Алтанжаргалынх

Ардын дууны гэдгээрээ танигдсан, “Идэр жинчин”, “6 маа”, “Дөмөн” гэсэн гурван цомог бүтээж олны хүртээл болгосон Б.Алтанжаргалынд өнжихөөр өнгөрсөн амралтын өдөр Багануурыг зорилоо. “Багануур” хувьцаат компанид экскаваторын жолоо мушгидаг уурхайчин залуу гэдгийг утсаар ярихдаа л мэдэв. “Дүүргийн төвд таван давхар орон сууцнуудын хавьцаа ирээд залгаарай” гэж байна. Цомхон цэвэрхэн хорооллоос зааж өгсөн байрыг нь төвөггүй олчихлоо. Гэргийтэйгээ инээд хөөр болчихсон үүдэндээ хүлээж байна. Гэрийн эзэн нэлээд шооч, алиа гэдэг нь илт. “Намайг анх харсан хүмүүс чи мөн үү гэдэг юм. Та нар бас тийм харцаар хараад байна уу үгүй юү. Би клипэн дээрээ гардгаасаа өөр байгаа биз” гэж хошигносоор зочны өрөөндөө урилаа. Гэрийн эзэгтэй “Холоос сэтгүүлчид ирнэ гээд өглөөнөөс хойш бэлдлээ” гэж хэлээд даруухан инээмсэглэсээр галын өрөө рүүгээ явав.

Хоол, унд, чихэр жимс, айраг цагаа дүүрэн ширээний ард сууцгааснаар халуун яриа өрнөв. Зочны өрөөний хойморт Морин хуурын чуулгатай дуулж буй Б.Алтанжаргалын зураг харагдана. Ер нь энэ өрөөний ханыг чимсэн зурагнууд бүгд л дуучных юм. Зураг сонирхож суугааг анзаарсан гэрийн эзэгтэй “Манай хүний эмээ жил бүр цагаан сараар л айлчилж ирдэг юм. Өнөө жил орж ирснээ “Өөрийгөө шүтсэн муу золиг” гэж манай хүнийг зэмлэсэн. Уг нь би л ханиа хүндэлж зургийг нь жаазалж ханандаа өлгөсөн юм” гээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэн Булганы наадмын нээлтэнд оролцоод шөнийн дөрвөн цагт гэртээ ирсэн гэнэ. Б.Алтанжаргал эхээс зургуулаа айлын гурав дахь хүүхэд аж. Аав, ээж нь Төв аймгийн уугуул, хоёулаа аймгийнхаа урчуудын эвлэлд ажилладаг байж.

Багаасаа дуу дуулах дуртай, ээж нь хөтлөөд л уралдаан тэмцээнд оролцуулаад явдаг байжээ. Өвөө нь Төв аймгийн Алтанбулаг сумаас төрсөн алдарт уяач юм байна. Уяач өвөө нь Б.Алтанжаргалыг зургаан наснаас нь л хурдны морь унуулах болж. Морин дэл дээр гийнгоо хадааж өссөн нь амьсгаа задлах маш том дасгал байсан болов уу гэж байна. 16 нас хүртлээ хурдны морь унажээ.

2006 онд Соёл урлагийн их сургуулийг уртын дуучин мэргэжлээр төгссөнөө ярив. Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэрийн шавь гэнэ. Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн цайг оочлонгоо “Мэргэжлээрээ ямар нэгэн урлагийн байгууллагад харьяалагдаж ажилладаггүй. Уурхайн ажлынхаа хажуугаар уран бүтээлээ туурвидаг. Уурхайн ажил сайхан ч эрсдэлтэй. Хариуцлага өндөртэй байхгүй бол болохгүй. Өндөр хүчдэлтэй ажилладаг болохоор нэг л болгоомж алдвал үнс болчих эрсдэлтэй. Газар ухаж байгаа нь монголчуудын сэтгэлгээ, хандлага талаас сайн зүйл биш гэгддэг боловч хүмүүст дулаан гэрэл гэгээ түгээж байгаа болохоор буян юм гэж эерүүлэн боддог. Алтан уурхай минь гэж залбираад л ажилладаг даа” хэмээв. Өглөө ээлжнээсээ буугаад л Улаанбаатар руу явдаг аж. Бичлэгэнд орох, клипний зураг авахуулах, хүмүүстэй уулзах зэрэг уран бүтээлийн ажлаа тэгж амжуулдаг гэнэ.

Гэргий Тунгалаг нь мөн л Багануурын уурхайд ажилладаг юм байна. Охин Сэрчмаа нь энэ жил сургуульд орно. Аавынхаа бүх дууг цээжээр мэддэг, жинхэнэ фэн нь. Ааваасаа салахгүй эрхлэх Сэрчмаа охин эхэндээ жаахан бишүүрхэнгүй байснаа сүүлдээ бидэнтэй элдвийг дуржигнуулж, ээжийнхээ хийсэн пиццаг амтархаж, их л хөгжилтэй болчихов.

Хос залуус гэр бүл болсон түүхээ ам уралдуулан ярив. Тунгалаг Багануур дүүргийн унаган хүүхэд юм билээ. Бүсгүй их сургуулиа төгсчихөөд хотод амьдардаг байж. Б.Алтанжаргал харин Багануурт ирээд суурьшчихсан байж л дээ. 2012 оны зун Багануурын наадам үзэж явахдаа танилцжээ. Болзож эхлээд долоо хоноод л хоёр гэрийнхэнтэйгээ танилцаад гэрлэчихэж. Эхнэрээ эмээ дээрээ дагуулж оччихоод гарсных нь дараа “Та нар надад ямар ч үг хэлээд нэмэргүй, би нэгэнт шийдчихсэн, гэрлэнэ” л гэж. “Дүүриймаа” дуугаа клип болгочихсон, бас ч гэж олонд танигдсан байсан ч дуучин гэдгээ хэлээгүй нуучихаж. Эхнэр нь нөхрөө дуучин гэдгийг сүүлд найзаасаа сонсчээ. Дуучин гэдгийг нь сүүлд мэдэхгүй байх үед нь албаар солгой хоолойгоор дуулж өгдөг байснаа яриад бөөн инээд болов. Нөхрийнхөө солгойрч дуулахыг сонссон бүсгүй “Чи дуулах үнэхээр тийм дуртай юм уу, дуулаад хэрэггүй байх аа” гэж зөвлөдөг байж.

Тунгалаг “Манай Багануур тохьтой, цэвэрхэн гоё дүүрэг. Ажлаа хийгээд илүү зарлага гаргахгүй сайхан амьдрах боломжтой. Залууст яг л тохирсон, стресс багатай сайхан газар” гэж хэлээд охиныхоо гарыг угаалгахаар угаалгынхаа өрөө рүү явлаа.

Б.Алтанжаргалын ах, эгч болон яг доод талынх нь дүү уурхайд ажилладаг юм байна. Харин нэг дүү нь бурханч лам Пүрэвбатын шавь, бурхан урлаач залуу бий гэнэ. Отгон дүү охин нь Хөдөө аж ахуйн их сургуульд мэргэжлээрээ ажиллдаг юм байна. Анх ээжийнхээ дэргэд амьдарч, асарч тойглохоор Багануур хотод ирж байж. Багануур компанид ажилладаг ах нь манай дуучин дүү бий гэж удирдлагууддаа санал болгосноор анх ажилд орж байжээ. Ажлын гараагаа харуулаас эхэлсэн гэнэ. Гэрийн эзэн бидэнд айраг аягалангаа “Эхний хоёр, гурван жил бол урлаг соёлын бүхий л тэмцээн наадамд нь урдаа барьдаг дуучин нь байлаа. Одоо ч хуучин бууны хугархай болж дээ” гээд хөгжилтэй инээв.

Эхнэр нь бичиж найруулах авьяастай, фэйсбүүк хуудсыг нь хөтөлдөг юм байна. Б.Алтанжаргал эхнэрийгээ хамгийн том зөвлөгч, шилдэг туслах, мундаг шүүмжлэгч гэж тодорхойлов. Бас хөрсөн дээр нь буулгадаг ганц хүн гэж хошигноод авна лээ. Тунгалаг нөхрийнхөө тоглолтын бэлтгэл, клипний зураг авалт, шинэ цомгийн ажил, билет захиалга гээд уран бүтээлийнх нь бүх ажлыг зохицуулдаг гэнэ. Б.Алтанжаргал эхнэр рүүгээ инээмсэглэн хараад “Манай хүн чинь дууны эрэл хайгуул хийнэ. Бүр түүхийг нь судална. Сүүлийн үед миний дуулалтан дээр хүртэл зөвлөгөө өгдөг болоод байгаа шүү” гэж байна.

Түүний үзэгч фэнүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Ганц “галзуу фэн” байдаг нь франц эмэгтэй аж. Ноднин жил анхны бие даасан тоглолтоо хийхэд нь онлайнаар билетээ захиалж авчихаад хаа холын Францаас нисэж ирж үзчихээд буцаж. Дараа нь Багануур дүүрэгт хийсэн тоглолтыг нь мөн л ирж үзчихээд хамт зургаа даруулж гар барьчихаад нутаг буцсан гэх. Ардын дуу дуулдаг дуучдаас вэб сайт ажиллуулдаг ганц хүн нь Б.Алтанжаргал гэнэ. Франц фэн нь өнөө сайт руу нь ороод л тоглолтынх мэдээллийг авч, дууг нь сонсдог аж.

Б.Алтанжаргал “Дууны судалгаа хийхэд яг хэддүгээр зуунд зохиогдсон дуу вэ гэдгийг олж тогтооход хэцүү, их бүрхэг байдаг. Зуун зуунаасаа шалтгаалаад үг хэллэг нь бас өөр өөр. Хамгийн эртний дуу бол одоогийн судлагдсан байдлаар Чингис хааны үеийн төрийн дуулал болох “Эртний сайхан”. Мөн л 13 дугаар зуунд монголчууд ардын дуугаа зохион дуулдаг байж. 17, 18 дугаар зуунаас дууны үг нь илүү уран тансаг, дэлгэрэнгүй болж ирсэн байдаг юм. Найр нээж, өндөрлүүлдэг “Өвгөн шувуу хоёр”, “Түмэн эх”, “Энх мэндийн баяр” гэх зэрэг дуунууд цаг хугацааны хувьд маш эртний, мөн л 13 дугаар зуунд хамаарагддаг. Монголчууд тусгаар улсаа байгуулан нэг туурганд нэгдсэнээс хойш, найр наадам хийдэг болсон цагаас л ардын дуу үүсч хөгжиж ирсэн болов уу” гэж ярилаа.

Дуулах дуртай дууг нь сонирхоход эр хүний хийморь сэргээж, огшоосон уртын дуунуудаа дуулах дуртай гэж байна. “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг аялах дуртай. Дархад ястны дуунд бас их дуртайгаа ярив. Аялгуу нь өвөрмөц сайхан санагддаг аж.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеэр зохиогдсон Богд хаант улсын төрийн дуулал болох “Зуун лангийн жороо луус”-ыг сэргээж дуулахаар төлөвлөжээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Боловсрол соёлын газраас хэрэгжүүлж буй “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн хоёр дахь групын бүрэлдэхүүнд багтжээ. Уртын дууг яг зохиогдсон газарт нь очиж нутгийн аялгуугаар нь хэрхэн дуулдгийг судлахаар болж. “Бид л очиж яриулж, мэдэж авахгүй бол жинхэнэ оригнал өв тээгч маань яг тэр л хонхортоо үлдчих эрсдэлтэй” гэж байна.

Шинэ уран бүтээл гаргах, шинэ клипний зардлаа цалингаараа л болгодог гэнэ. “Идэр жинчин” цомогтоо хайртай, ид эрчимтэй дуулж явсан үедээ гаргасан болохоор дуунууд нь ч чансаа сайтай хэмээн сонирхуулав.

Сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахгүй, дуугаа дуулахгүй зургаан жил болжээ. Гэрийн эзэн “Энэ хугацаанд урлагийн байгууллагад орж, урлагийн замналаар тасралтгүй явж болох байсан ч тэгээгүй. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Хийх ёстой юмаа хийх ёстой цагтаа л хийж яваа” гэж байна.

Ноднин Багануур хотдоо тоглолт зохион байгуулж хамт ажилладаг уурхайчныхаа хүүгийн эмчилгээнд хандив өргөж. Уурхайчин дуучин гээд уул уурхайнхан урьж дуулуулах дуртай бололтой. Оюутолгой зэрэг уул уурхайн компанийн үйл ажиллагаан дээр очиж дуулахад тайзнаас буулгахгүй тав зургаа дахиулах энүүхэнд гэнэ.

Байсхийгээд л ардын дуу, үндэсний урлаг, алтан уурхайгаа бахархан ярих дуучин залуу “Омголон явсан үе бий надад. Уран бүтээл хүнийг их өөрчилдөг юм билээ. Одоо бол их тайван уужуу болсон. Уртын дуу надад ихийг өгсөн. Бараг бясалгал байх гэж боддог. Ийм сайхан дуу дуулахын шид юу гээч. Хүнд муу санах, атгаг бодол гэх мэт муу бүхэн үргэчихдэг. Ардын дуу их сайхан. Хүн байгальтайгаа ойр байсан үед зохиогдсон болохоор сэтгэлд илүү ойр тусдаг байх шүү. Аялгууг нь сонсохоор л тайвширч, яг тухайн нутаг, орчинд нь оччихсон мэт болдог. “Тосонгийн орой” дууг дуулж, сонсохоор өндөр уулс нүдэнд харагдаж сэтгэлд буух жишээний. Ардын дуунаас их ухаарал авдаг. Уртын дуу бол сонгодог урлаг. Дуурийн дуу сонсдог хүмүүс өөрсдийгөө сонгодог урлаг сонссдог гэж хэлдэг. Гэсэн атлаа язгуурын, элит урлагаа тоохгүй, зүгээр л бэлгэдлийн чанартай ханддагт нь харамсдаг” гэлээ.

Аялгуу нь аргадаж, үг нь зэмлэдэг ардын дууны “ханхүү” Б.Алтанжаргалынд бүтэн өдөр өнжиж амьдрал ахуй хийгээд уран бүтээлийнх нь талаар яриулан суухад цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн юм.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батчулуун: Телевизийн антенийг идэр ес эхэлсэн байхад барьж байлаа

2005 онд хуучнаар Радио телевизийн сүлжээний газар одоогийн Үндэсний радио телевизийн сүлжээний улсын төсөвт үйлдвэрийн газрын техникч, инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад настан Ж.Батчулуунтай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотын хамгийн өндөр байгууламж гэгдэх Монголын үндэсний радио телевизийн антенийг барихад гар бие оролцож явсан гурван монгол иргэний нэг нь юм.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1946 онд төрсөн. 1953 онд хотод орж ирээд сургуульд суусан. Хожуу сурсан л даа. 16 дугаар сургуульд дөрөвдүгээр ангиа төгссөн. Ахлах ангиа Тавдугаар сургуульд дүүргэсэн. Тэр үед би Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Ш.Дэлгэржаргал нартай нэг ангид сурдаг. Үй зайгүй найзууд явлаа. Сургуулиа төгсөөд Тээвэр холбооны яаманд саналаараа очсон. 1965 онд Телевизийн курс хичээллүүлж эхэлсэнд би сурлагаараа тэнцээд орсон юм.

-Ямар чиглэлээр сурсан бэ?

-Теникийн чиглэлээр. Телевиз гэдэг нэг талаараа уран бүтээл. Нөгөө талаараа үзэл суртлын хамгийн том зэвсэг. Тухайн үед Тээвэр холбооны яаманд би жолооч болъё л гэсэн бодолтой очсон. 1965 оны долдугаар сарын 15-нд Төмөр замын Текникум дээр хуваарь ирж 17 хүүхдийн нэр дурдсанд миний нэр орсон байсан. Нийт 40 хүн мэргэжил дээшлүүлэх курст явсан юм. Хурдасгасан хугацаатай. Зургаан сар онолоо үзээд нэг жил дадлага хийх нөхцөлтэй. Улаабаатарт хоёр сар хичээллээд Ленинград руу 17 хүүхэд, Москвад 23 хүүхэд явсан.

-Та Ленинградаас шууд ирээд Үндэсний телевизэд инженерээр орсон юм уу?

-Зургаан сар хичээллэхдээ антень, нэвтрүүлэх станц, хүлээн авах станц, хэмжилт, цахилгаан техник гэх мэт арав гаруй хичээл орсон. Эндээс явахдаа хүн болгонд мэргэжил заагаад явуулсан. Очоод шууд л дээд сургуулийн багш нар орчуулга байхгүй орос хэлээр хичээлээ зааж эхэлсэн. Би радио гэж юу байдгийг мэдэхгүй. Сонсож л өссөн. Телевиз гэж юу байдгийг мэдэхгүй. Би телевизийн нэвтрүүлэгч антений техникч гэсэн мэргэжлээр суралцахаар болсон. Тэгэхэд явсан хүмүүсээс дээд сургууль төгссөн гурван хүн, 3-10 жил ажилласан 17 хүн, арван жил төгссөн 19 хүүхэд явсан юм. Түүнээс хоёр хүн нь буцсан. Тэгээд зургаан сарын курсээ дуусгаад нэг жилийн дадлагатаа гарч байтал 1966 оны арванхоёрдугаар сарын 22-нд гэнэтхэн намайг дуудлаа. Цэнджав гэдэг хүн “Чиний мэргэжлийн ажил эхэлсэн. Чи тэнд очиж ажилла” гээд би буцаж ирсэн юм. Шинэ жил болохын арай өмнөхөн Монголдоо ирээд амарч байгаад Холбооны яаманд очсон. Чулуун гэдэг хүнтэй уулз гээд уулзтал “Чамайг антен дээр ажиллуулах болсон. Хоёр орос хүнтэй цуг ажиллана. Очоод уулз” гээд 1967 оны нэгдүгээр сарын 10-нд ажилдаа орсон юм.

-Таныг очиход антений ажил эхэлсэн байсан уу?

-Тэр хоёр орос бүх материалаа өдөр өдрөөр нь дугаарлаад тавьчихсан байсан. Антен 16 метр босчихсон, суурь нь зургаан метр гүн суусан байлаа. Өргөх цамхгийг агаарт тогтоочихсон байсан юм. Антений талаар мэргэжсэн М.Дорж, Н.Тогоонтөмөр гэж хүн хоёр байсан. Н.Тогоотөмөр нь антений инженер, М.Дорж нь явуулын станцын антений техникч байсан юм.

-Үндэсний телевизийн антенийг босгоход хичнээн хүн гар бие оролцсон юм бэ?

-12 орос, үлдсэн нь монгол ажилчид оролцсон.

-Хэр хугацаанд барьсан юм бэ?

-Би нэгдүгээр сарын 10-нд ирсэн шүү дээ. Тавдугаар сарын 15 гэхэд дуусаад нэвтрүүлэхэд бэлэн болсон. Үнэндээ Үндэсний телевизийг есдүгээр сарын 27-нд байгуулагдсан гэж ярьдаг. Түүнээс өмнө наадам дамжуулсан шүү дээ. Антенийг дүн өвлийн хүйтэнд идэр ес эхэлсэн байхад барьсан. Хаврын хавсарга салхитай үед л антенийг босгосон юм.

-Яагаад зуны дулаан улиралд бариагүй юм бэ?

-Зун бороо их орно. Аянга цахилгаан ихтэй. Зун аюултай учир өвөл барьдаг. Ер нь өвөл барих ёстой юм л даа.

-Одоо антенийг бариад 50 гаруй жил болчихлоо. Энэ хугацаанд эвдрэл гэмтэл учирч байгаа байх даа?

-Элэгдэл хогодолд орно л доо. Гэхдээ засвар будгийн ажил сайн хийх хэрэгтэй. 5-6 жилийн өмнө антениа сольсон. Цамхаг бол 186 метр өндөр. Дээр нь 13 метр антен бий. Манай орон их уулархаг. Манай станцын радиус 90 км-т л цацах үүрэгтэй. Дээр үед Төв аймаг, зуслангийн айлуудад телевиз үзэхэд дүрс муу байдаг байсан шүү дээ. Одоо бол ямар ч саадгүй болчихсон.

-Яаж тэгэж саадгүй гарах болов?

-Дахин дамжуулах станцыг байгуулсан. Дамжуулах байгууламж гэж ярьдаг шүү дээ. Энэ бол дамжуулах байгууламж биш.

-Телевизийн антень барина гэдэг бусад барилга байгууламж барихаас юугаараа ялгаатай вэ?

-Манайх бол Үндэсний телевизээс тусдаа байгууллага. Радио телевизийн сүлжээний газар одоогийн Үндэсний радио телевизийн сүлжээний улсын төсөвт үйлдвэрийн газар болсон. Телевизийн бүх техникийг хариуцдаг газар. 1934 онд радио анх ашиглалтад орсон. Үүнээс үндэслэж манай 85 жилийн ой болж байгаа. Телевизийн антень барина гэдэг бусад барилгаас хамаагүй өөр. Өвөл барих ёстой. Өндөрт аюултай орчинд ажиллана. Тохируулга холболт бүгд өөр.

-Өөр та хаана ажиллаж байв?

-Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Баян-Өлгий, Өмнөговь аймагт манай байгууллагын радио телевизийн станц ажилладаг. Тэдгээр байгууллагуудынхаа бүх засвар, тохижилтыг хийнэ. Тохижилтыг тэндхийн ажилчид өөрсдөө хийнэ. Засвар хийхэд хүн хүч дутмаг байвал эндээс хүн очиж хийнэ. Бидэнд хийхэд хамгийн хүндрэлтэй ажил нь телевизийн дуу дүрсний тохируулга. Үүнийг нэгдсэн сүлжээгээр сар бүр хийдэг. Би Монголын бүх антень дээр ажилласан. Хонхорын радио станцид бүгдэд нь ажилласан.

-Аналог системээс тоон системд шилжсэн гээд байгаа. Энэ системийн ялгаа юу байдаг юм бол?

-Би түүнийг сайн мэдэхгүй байна. Намайг тэтгэвэрт гарснаас хойш шилжсэн систем.

-Таны үеийн аналог систем яаж ажилладаг байсан бэ?

-Хүн болгон антен тавина, телевиз засна гэж ярьдаг байлаа. тэр чинь хүн болгон хийгээд байдаг ажил биш. Хүлээн авагч гэдэг хүн болгон оролдоод байдаг эд биш. Телевизорыг цаанаас нь тохируулга хийчихсэн байдаг. Тэр тохируулга алдагдвал эргээд тохируулна цацна гэж байхгүй. Анх авснаараа гамтай хэрэглэх ёстой. Ганц нэг ламп шатахад түүнийг сольж засч болно л доо.

-Антен эвдрэл бага авахад будгийн ажил хамгийн чухал юм аа даа?

-Будаг антенийг зэврэлтээс хамгаалдаг. Зэвэрчих юм бол элэгдэл хурдан явагдана.

-Манай орны анхны станц хэзээ байгуулагдаж байсан юм бол?

-Улаанхуаранд хоёр өндөр гэж байдаг даа. Тэнд анх хятадууд радио станц байгуулж байсан юм билээ. Одоо тэр хавьд нь айлууд буучихсан. 98, 99 метрийн өндөр. 100 метрийг нь буулгаад аваад явчихсан байна лээ. Түүнийг 1919 онд барьсан гэдэг. Манж, Хятадын дарлалын үед Монголд болж байсан үйл явдлыг урагш дамжуулах үүрэгтэй байж. Миний бодлоор одоо тэр сайхан түүхэн дурсгалтай зүйлийг будаад ашиглачихвал хэрэгтэй л санагддаг.

-Телевизийн бүх техник хэрэгслээ засна гэхээр камер, дуу бичлэг гээд бүх төрлийн техникүүдээ засах уу?

-Би бол жижиг хэрэглэлүүдийг засдаггүй. Тусдаа хүмүүс ажилладаг. Дондогравдан гэж хүн бий. Тэр хүн камер хэрэглэл засдаг байсаар гавьяат холбоочин болсон. Манай курсээс гурван гавьяат төрсөн. Одсүрэн, Гантөмөр, Баяраа гэсэн хүмүүс.

-Өвөл өндөрт ажиллана гэдэг маш их тэвчээр шаардсан ажил байх даа?

-1983 оноос хойш би эрүүл мэндээ анхааръя гэж боддог болсон. Яагаад гэвэл Хандгайтад Берлиний нэг станц байсан. Тэр антенийг буулгахаар болоод би очсон юм. Тэр үед Улаанбаатар хотоос телевизийн антен, гурав, дөрөвдүгээр станцын яндан энэ гурав л харагдаж байгаа юм. Нүүгэлтсэн цагаан утаа. Тэгээд л энэ утаан дунд ажиллахад дэмий юм байна гэж бодоод Холбооны яаманд өргөдлөө өгөөд Хонхорын станц руу очсон. Амгалангаас цааш утаа байхгүй. Цэвэр агаартай байдаг байлаа. Хонхорын радио станц өвлийн дүн хүйтэнд шөнөдөө 40-50 градус хүртэл хүйтэрнэ. Тэгээд долгион нь тасардаг. Түүнийг янзлахаар гарахад хөвөнтэй өмдөн дотуур хоёр давхар ноосон өмд өмссөн байхад л юу ч өмсөөгүй юм шиг сийгдэг. Тийм л хүнд нөхцөлд ажилладаг байлаа.

-Дэлхийн хамгийн өндөр телевизийн антень хэдэн метр вэ, хаанахын антен юм бол оо?

-Францынх гэж ярьдаг. Яг хэдэн метрийг би сайн мэдэхгүй байна. 700 гаруй гэж ярьдаг. Миний мэдэхээр Москвагийн телевизийн антен 533 метр. Ленинградын антен дээр би өөрөө ажиллаж байсан. Тэр бол 316 метр.

-Мэдээж өндөр дээр ажиллаж байгаа учир аюулгүй ажиллагааны дүрмийг сахидаг байсан байх?

-Тийм. Манайд аюулгүй ажиллагааны нарийн дүрэмтэй. Түүнийг ягштал биелүүлдэг. Жишээ нь, би хэдэн метрийн өндөрт ажилах уу, хаана юу хийх үү, ямар завсарлаагаатай байх гэдгээ нэгд нэгэнгүй рапорт дээр бичнэ. Тэгээд гарын үсгээ зураад ажилдаа гардаг. Би 39 жил ажиллахдаа аюулгүй ажиллагааны дүрмээ л ягштал биелүүлж ирсэн дээ.

-Таны мэргэжлийг хүүхдүүдээс тань өвлөж авсан хүн бий юү?

-Бага хүү миний мэргэжлийг өвлөсөн. Одоо телевизийн нэвтрүүлэх станцид антений инженер хийдэг. Хүнд хэцүү байна гэж ер нь хэлдэггүй. Хүн дурласан зүйлээ хүнд хэцүү гэж ярьдаггүй шүү дээ. Хүүгээ би бага байхад нь Хонхорын станцид хэд хэдэн удаа дагуулж очсон л доо. Түүнийг хараад л дурласан юм шиг байгаа юм. Одоо мэргэжлээрээ арваад жил ажиллаж байна.

-Хүү тань таны мэргэжлийг өвлөнө гэхэд юу бодогдож байв. Сургаж захидаг зүйл бий юү?

-Өөрөө дурлаад сонгосон болохоор дуртай л байсан. Би хүүдээ ганц л зүйл захидаг юм. Дээр байхдаа хүнтэй битгий маргалдаарай. Ууртай уцаартай, түргэн ааштай хүмүүс байна. Цохиод унагааж магадгүй. Хүнтэй маргалдвал хурдхан шиг буулт хийгээрэй л гэдэг. Миний баримталдаг ганц зарчим бол энэ. Орос багш нар ч тэгж сургадаг байсан.