Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний борооны улмаас түгжрэл, саатал үүсч байна

Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо орж замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөе. Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 05-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Categories
мэдээ нийгэм

32 байршлыг “Нийтийн эдэлбэр газар”-т хамааруулан тогтоолоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлууллаа.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон боловч зарим байршлуудад нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна.

Энэ нь уг байршлуудын хил зааг, эргэлтийн солбицлыг баталгаажуулаагүй, нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгээгүй, холбогдох байгууллагад хариуцуулаагүй, ашиглалтын байдалд тавих хяналт сул байсантай холбоотой юм.

Тиймээс өнөөдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн 32 байршлыг “Нийтийн эдэлбэр газар”-т хамааруулан тогтоож, нийтээр ашиглах, цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Дайчин алдрын замаар” дугуйн аялал эхэллээ

Халх голоор аялах унадаг дугуйчдын гараа өчигдөр буюу энэ сарын 04-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос эхэллээ.

Улаанбаатар хот, Дорнод аймгийн дугуйн клубуудын 25 дугуйчдаас бүрдсэн “Дайчин алдрын замаар” аялал Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор болж байна. Дугуйчид Мэнэнгийн талыг туулж, Буйр нуур орж таван өдөр аялаад наймдугаар сарын 8-нд Халх гол суманд очих юм.

Дугуйчид нийт 430 км замыг хээрийн шороон замаар туулах юм. Аялалд хамгийн залуу нь 20, ахмад нь 50 настай дугуйчин оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна.

Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв.

Дараа нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа нийслэлд зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэхдээ “Нийслэлийн хэмжээнд 2018 оноос он дамжсан болон 2019 онд нийт Нийслэлийн Засаг даргаас 498.8 тэрбум төгрөгний нийт төсөвт өртөгтэй 917 төсөл арга хэмжээний эрх шилжсэн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 411, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 240, нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 73 төсөл арга хэмжээнүүд хэрэгжиж байна” гэсэн юм.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, элсэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл хүргэлээ. Тэрбээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн.

Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүрээнд “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд багачууд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Наймдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагийн байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдсэн байна.

Мөн нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, Удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал зэрэгт хяналт, шалгалт хийж, холбогдох дүгнэлтийг гарган БСШУСЯ, НМХГ-т хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмын төсөл боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээв.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар хариуцсан дүүрэг, дүүрэгт очиж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих ажил ямар шатанд байна. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх ажил ямар шатанд хэрэгжиж байна.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Амгалан” амаржих газрын хажуу талд тогтмол шөнийн цагаар архи, согтууруулах ундаагаар үйлчилж, үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл, гомдлууд ирж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонсож, “Амгалан” амаржих газартай холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд өнөөдөртөө багтаан шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах, хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчыг стандартын дагуу байршуулах ажлуудыг холбогдох газрууд зохион байгуулах шаардлагатай. Наймдугаар сарын 15 гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажил дууссан байх ёстой. Хичээл эхлэхэд хүүхдүүдийн ая тух, суралцах боломжийг алдагдуулах будаг, шунх ямар нэгэн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх зүйл үнэртэж байх ёсгүй. Энэ талд маш сайн анхаарч, холбогдох байгууллагууд гүйцэтгэлийг хянаж ажилла” хэмээв.

Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд гэр хорооллын айл өрхийн амьдрах орчны судалгааг гаргах, иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгах, нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын бодис, давсыг зам дээр цацдаг машин тоног, төхөөрөмжийн судалгааг гаргаж танилцуулах, ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороотой байгаа тул нийтийн эзэмшлийн гудамж, явган зам болон авто замын цэвэрлэгээ болон үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээ зэргийг тогтмол хийж ажиллахыг онцгойлон анхааруулж, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Categories
мэдээ нийгэм

Хулгайгаар үйл ажиллагаа явуулж байсан уурхайд осол гарч хоёр хүн амиа алджээ

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ.

Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж байх үед уг осол гарчээ.

Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээг энэ сарын 15-нд дуусгахыг үүрэг болголоо

“2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах хүрээнд ЕБС, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулж, хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагааг хянаж, сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагчыг стандартын дагуу байршуулах ажлыг холбогдох газрууд зохион байгуулах шаардлагатай байгаа”-г онцоллоо.

Тэрээр, наймдугаар сарын 15-н гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажил дууссан байх ёстой. Хичээл эхлэхэд хүүхдүүдийн ая тух, суралцах боломжийг алдагдуулах будаг, шунх ямар нэгэн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх зүйл үнэртэж байх ёсгүй. Энд маш сайн анхаарч, холбогдох байгууллагууд гүйцэтгэлийг хянаж ажиллахыг үүрэг болгов.

2019-2020 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга барьж байна. Мөн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийжээ. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдүүдийг долдугаар сарын 22-ноос эхлэн наймдугаар сарын 22-ныг дуустал цахимаар бүртгэсэн. Наймдугаар сарын 2-ны байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгүүлээд байгаа юм.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг, Х.Болортуяа нар Варшавын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа

Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга С.Батцэцэг 68 кг-д хоёр дахь удаагаа, олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа 65 кг-д анх удаа түрүүлж Варшавын тэнгэрт алтан соёмбот далбаагаа өргүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байранд орсон байна.

Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт энэхүү тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга 61 кг-д мөнгө, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 59 кг-д, Б.Бямбадорж 74 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр өнөөдөр буюу 05-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.

Түүнчлэн үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх,

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй компаниудад арга хэмжээ авчээ

Баянгол дүүргийн 2 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Их голомтын элч” ХХК болон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “АКМИ ХОЛДИНГ” ХХК-уудад хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг мөрдөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй зэрэг зөрчилд арга хэмжээ ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгч ажиллалаа.

Categories
мэдээ улс-төр

Авлигын хэргээр ял завшуулахгүй байх талаар Ажлын хэсэг байгуулагджээ

Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтсан байна.