Categories
мэдээ спорт

Манай баг тамирчид туухай өргөлтийн тэмцээнээр алтан медаль хүртлээ

ОХУ-ын Тюмень хотод “Цэргийн наадам”-ын “Инженерийн томьёолол”, “Аюулгүй маршрут” тэмцээнүүд явагдаж байгаа. Дээрх тэмцээнүүдэд оролцож буй орнуудын дунд хоёр өдрийн турш спортын төрлөөр уралдаанууд явагдаж өндөрлөсөн байна.

Баг тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос Монгол Улсын баг тамирчид туухай өргөлтөөр алтан медаль хүртсэн бол гар бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээнүүдэд амжилттай оролцож тус бүр мөнгөн медаль хүртлээ.


Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга өөрийгөө буудсан байдалтай олджээ

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай өчигдөр олджээ. Харамсалтай нь эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алдсан байна. Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилоод байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Атрын 60 жилд зориулсан “Агро Экспо-2019” үзэсгэлэн болно

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд ирэх сарын 3-4-нд Сүхбаатарын талбайд хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний “Агро Экспо-2019” олон улсын үзэсгэлэн болно. ХХААХҮЯ болон “Экспо Монгол” ХХК-иас зохион байгуулах үзэсгэлэнд үзэсгэлэнд дотоод, гадаадын компаниуд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, түүний сортуудын дээжээс дэлгэх юм. Мөн хүнсний ногоо, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн ургамал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүүний чиглэлийн малын үүлдэр угсаа, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, мал эмнэлгийн үйлчилгээ, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Үзэсгэлэнд компани байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гадна хувь хүн, айл өрх ч оролцож боломжтойг зохион байгуулагчид хэлж байна.

“Aгро Экспо-2019” үзэсгэлэнгийн үеэр сагсан бөмбөгийн 3Х3, жудо бөхийн тэмцээн, хоолны шоу, амталгаат худалдаа, урлаг, соёлын тоглолт болж, салбарын мэргэжилтнүүдийн семинар, малчин тариаланчдын зөвлөгөөн, хөдөө аж ахуйн болон хүнсний зах зээлийн чиг хандлага, салбарын бодлогын талаар хэлэлцүүлэг өрнөх аж. Үзэсгэлэнд оролцогчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж танилцуулж шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болох, бизнес хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага, мэдээ мэдээлэл солилцож, шинэ техник технологитой танилцах, гадаад зах зээл дээр гарах боломжийг ашиглах давуу талтай аж.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.agroexpo.mn хаягаар болон 976-11-344010 дугаарын утсаар холбогдож танилцах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаар ОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн.

“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэд харьяа дүүрэгтээ бүртгэлээ баталгаажуулна

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр /2019.08.05/ БНСУ-д ажиллах хүсэлтэй монгол иргэдэд бүртгэлийн дугаар цахимаар олголоо. Цахим бүртгэлийн асуултууд монгол болон солонгос хэл дээр байсан юм.

Цахимаар өөрийн мэдээллийг бүртгүүлж, бүртгэлийн дугаар авсан иргэд 2019 оны 08 сарын 6, 7-ны өдрүүдэд 08;00-12;00, 13;00-17;00 цагийн хооронд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст очиж бүртгэлээ баталгаажуулна. Ингэхдээ 24 ам доллар, 3.5-4.5 харьцах хэмжээний цээж зураг, иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч очих хэрэгтэй. Иргэний үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэх аж.

Бүртгэлээ баталгаажуулсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Ийнхүү хэлний шалгалт болон эрүүл мэндээрээ тэнцсэн иргэд БНСУ-ын ажил олгогчдоос ирсэн ажлын байранд гэрээгээр ажиллах эрхтэй болно. Гэхдээ одоогоор түвшин тогтоох шалгалтын тов гараагүй байна.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

А. 18-аас 39 настай байх (1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 06-ны өдрийн хооронд төрсөн байх)

Б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

В. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

Г. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

Д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно)

Е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш ажиллаагүй байх

Дашрамд дурдахад та энэ удаад бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой. Түүнчлэн хоёр улсын Засгийн газрын гэрээгээр БНСУ-д ажиллах хүч илгээх цорын ганц байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг сонирхож буй иргэд залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудаас сэрэмжлэх нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм

Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулж дурсгалын зоос гаргалаа

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй бөгөөд түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулагддаг бөгөөд энэ жил Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, “Халхын гол 80 жил” дурсгалын зоосыг үйлдвэрлүүллээ.

  • Зоосны нэр: Халхын гол 80 жил
  • Зоосны нэрэлсэн үнэ: 5000 төгрөг
  • Металл: 999 сорьцтой мөнгө
  • Жин: 31,1 грамм
  • Хэмжээ: 39 мм
  • Зоосны худалдан борлуулах үнэ: 300,000 төгрөг

Мөн уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.


  • Зоосны нэр: Хот Мандал
  • Зоосны нэрэлсэн үнэ: 2000 төгрөг
  • Металл: 999 сорьцтой мөнгө
  • Жин: 93,3 грамм
  • Хэмжээ: 65 мм
  • Зоосны худалдан борлуулах үнэ: 1,500,000 төгрөг


Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн бүтээн байгуулалттай танилцаж байна

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хот, Батноров, Баян-Овоо зэрэг тойргийнхоо сумдад ням гарагт ажиллав.

Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулж шинээр хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартаар барихаар болсон бөгөөд сонгосон талбайтай танилцсан юм. Хөл бөмбөгийн талбай Бэрх хотод ашиглалтанд орсноор 41-р тойргийн сумдын дунд хөл бөмбөг болон бусад спортыг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Мөн олон жилийн дараа засвар шинэчлэл хийж байгаа Бэрх хотын Дулааны станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байгаа аж. Гэрээт хугацаандаа буюу хүйтний удирал эхлэхээс өмнө 10-р сард багтаан ашиглалтанд хүлээлгэж өгнө хэмээн гүйцэтгэгч компанийнхан танилцуулсан юм.

Хаагдсан уурхайг түшиглэж хэрэгжихээр болсон Далд уурхайн музей, сургалт судалгааны төв байгуулах төслийн явц болон ТЭЗҮ боловсруулах ажил амжилттай үргэлжилж байтай газар дээр нь очиж танилцав. Уул уурхайн ашигласан ордод нөхөн сэргээлт хийж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болдог гэдэг жишгийг анх удаа нэвтрүүлэх зорилгоор музей, сургалт судалгааны төв бүхий томоохон цогцолборыг Бэрхэд байгуулах гэж байгаа юм.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн хүрээд хийгдэж буй Батноров сумын нутагт баригдаж байгаа “Андлалын өргөө”-ний барилгын ажлын явцтай танилцсан юм. Ажлын явц 60 хувьтай, 11-р сард багтааж ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгч компаниуд болон уран бүтээлчид ажиллаж буйгаа хэлж байв.

Хамгийн гол нь чанартай гүйцэтгэл хийгээрэй. Түүхэн аялал жуулчлал алхам алхамаар урагшилж байна. Саяхан энэ газарт тавьж байсан бол удахгүй 11 дүгээр сард ашиглалтанд хүлээж авах гэж байна. Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр зэрэг бусад сумдад хийгдэхээр төлөвлөгдсөн, түүхэн аялал жуулчлалын бусад томоохон цогцолборуудын эхлэл нь “Андлалын өргөө” гэдгийг онцолсон юм.

Мөн тус сумын төвд шинээр баригдаж байгаа Спорт заалны болон Соёлын төвийн засвар шинэчлэлийн ажилтай танилцсан бөгөөдхэвийн үргэлжилж байв.

Дараа нь Баян-Овоо суманд очиж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм. Тус сумын хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга барихаар болсон бөгөөд гүйцэтгэгч компани нь шалгарч, ажлаа эхлүүлэхээр шав тавьсан юм. Цэцэрлэгийн шинэ байрыг гэрээт хугацаандаа ашиглалтанд оруулна хэмээн гүйцэтгэгч “Гурван бухат” компанийнхан хэлж байлаа. Үүнээс гадна бусад аймаг, сумдад жишиг болох нэг томоохон ажил тус суманд эхлээд байгаа юм. Сумын төвийн олон жил засвар хийгээгүй байсан уурын зуухыг 1,1 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчлэн засварлаж байгаа аж. Ингэснээр Баян-Овоо сум дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн улсын хэмжээний цөөхөн сумдын нэг болох юм.Үүнтэй зэрэгцээд төвийн халаалт, цэвэр усны шугам, хоолой тавих ажил туссумын төвд ид үргэлжилж байв. Бусад сумдад жишиг болохуйц төлөвлөлтөнд суурилсан, хөдөөд тохилог амьдарч болдог гэдгийг баталсан сайн жишээ хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодорхойлсон юм.

Үүнээс гадна тус суманд байдаг Гүрмийн нуурыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.Тиймээс улсын төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаартус нуур руу татсан 8,2 км цахилгаан дамжуулах шугамын ажил дуусч ашиглалтанд хүлээж авлаа.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангав

Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа гэсэн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 44 иргэний /29 том хүн, 15 нь хүүхэд/ аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч, 10 автомашинтайгааар 5 цаг ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, 1 хүүхэд үерийн усанд боогдсон мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн “Хөрсны-Ус соруулах газар”, “Зүүн цахилгаан түгээх шүлжээ” ХХК, “Семахэдра” ХХК, “Дарданговь” ХХК-ийн нийт 55 алба хаагч, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан айл өрхийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, усанд автсан автозамын зорчих хэсгийг сэтэлж үерийн усыг гол руу урсгаж, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлалтын хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 06-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10:30-20:00 цагт: СБД 3-р хороо Ивээлт номун СӨХ, Иргэн Өнөр, Бүрэнжаргал, Идэрцог, Хандсүрэн, Оюунцэцэг, СБД-ийн ЗДТГ, Гурван эвтэн ХХК, ОСНААУГ-ын ХҮТ-8, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, 54, 160-р цэцэрлэгүүд, Мобиком ХХК болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-17:00 цагт: ЧД 4-р хороо Үндэсний түүхийн музей, ТЕГ, Цаг уур орчны шинжилгээний газар, УЕП, ХЗДХЯ ЦЕГ-ын МШУТ, УНДЕГ, ЦЕГ, ЭЦА, ШШГЕГ, ТТАХ-ын нэгдсэн эмнэлэг, Улсын мөрдөн байцаах газар, НТЗ-ны IV байр, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон эдгээрийн ойр орчмоор

10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: ХУД 10-р хороо Онч СӨХ 60/1, 60/2, 61/1, 61/2, 62, 63, 64-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

09:30-18:00 цагт: Баянцагаан сум болон Шохой чулууны үйлдвэр, Минералпла орчмын хэрэглэгчид

10:00-17:00 цагт: Баян сум болон СЭНВО, Алтан оршихуй, ТЭДЭО дэд станцын хэрэглэгчид, Баянхурай, ШШГЕГ-ын харьяа хорих анги, Төмөр замын 14-р зөрлөг, Бамбар, Монгол-Чех, Багахангай орчмоор

10:00-18:00 цагт: Баяндэлгэр сум

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.