Categories
мэдээ нийгэм

Яйзү хотын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа өнөөдөр Яйзү хотын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах ажил эрчимтэй өрнөж буйг онцлон, цаашид 3х3 сагсан бөмбөг, пара таэквондогийн төрөлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

Сонирхуулахад, Япон улсын Шизуока мужийн Яйзү хот “Токио-2020” олимп, паралимпийн наадмын хүрээнд 2015 оноос эхлэн Монголын спортын байгууллагуудтай хамтран ажиллаж, жил бүр чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулж байгаа.

Яйзү хотын төлөөлөгчид нь хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор жил бүр Монгол Улсад айлчилдаг бөгөөд энэ жил тус хотын иргэдийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, 2018 оны дөрөвдүгээр сараас Яйзү хотын иргэдийн дунд өрнөсөн Монгол тамирчдад зориулсан зурагт мессэж илгээх аяны зурвасыг хүлээлгэн өгөв.

Categories
мэдээ нийгэм

Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэл хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрээр танилцуулгадаа “Энэ сарын 5-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар гудамжаар ус ихээр урсаж айлуудын гэр, хашаа усанд автсан байна. Баянзүрх дүүргийн “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам, “Баян монгол” хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн “Хүннү Молл”, АПУ ХХК, “Гэгээнтэн” хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн “Соёолж”, 7 буудал, Баянгол дүүргийн Нарны гүүр, 25 дугаар эмийн сан, Вокзал, “Богд-Ар” хороолол, “Алтай” хотхоны авто зам, нүхэн гарц дагуу ус тогтсон зэрэг нийт 33 удаагийн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвд ирсэн байна.

Дээрх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллалаа” хэмээн дурдлаа.

Хурлын төгсгөлд “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ахлан ажиллахаар болоол байна.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан гамшгаас урдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хэрэгжүүлэн, биелэлт, хэрэгжилтийн талаар цаг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад танилцуулж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ЖДҮД сангаас авсан зээл авсан УИХ-ын гишүүд ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан нь тогтоогдсон гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсанаа “УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ” хэмээн жиргэжээ.

О.Баасанхүү гишүүний хувьд өнгөрсөн долдугаар сарын 24-нд Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хандаж албан тоот явуулсан билээ.
Тэгвэл О.Баасанхүү гишүүнд энэ сарын 1,2-нд дээрх газруудаас хариу ирүүлэхдээ “УИХ-ын найман гишүүнтэй хамаарал бүхий ААН ЖДҮД сангаас авсан зээлээ банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан мөнгө хүүлсэн” гэсэн утга бүхий албан тоотыг илгээсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Ганзориг: Гурван давхар тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн системтэй болох хэрэгтэй

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Таны саяхны нийтлэлд манай улсын тэтгэврийн тогтолцоо олон улсынхаас өөр гэсэн санаа харагдсан. Яг юугаараа өөр вэ?

-Манай улсын тэтгэврийн систем хуучирсан. Тэр талаар хөндсөн юм. Өөрөөр хэлбэл олон улсын тэтгэврийн тогтолцооноос манайх арай өөр байна л гэсэн санаа. Зөвлөлт холбоот улсаас салсан улсууд бүгд ижил системтэй гарсан. Тодруулбал, тэтгэврийн ганц тулгуурт тогтолцоотойгоор. Гэхдээ эдгээр улс бүгд ээлж дарааллан тэтгэврийн реформ хийсэн. Тэтгэврийн реформ гэдэг нь тэтгэврийн олон тулгуурт тогтолцоог нэвтрүүлснийг хэлээд байна л даа. Казахстан 1998, Польш 1999, Латви 2001, Болгар 2002, Хорват 2002, ОХУ 2002 онд тогтолцоогоо өөрчилсөн. Харин яагаад ч юм манай улс л үлдчихсэн.

-Тэтгэврийн олон тулгуурт тогтолцоо гэдгээ тодруулаач?

-Иргэн тэтгэвэрт гарах үедээ гурван давхар тэтгэвэр авах боломж бүхий систем юм. Эхний тулгуур нь улсын тэтгэврийн сан буюу олон улсын хэллэг нь нийгмийн хамгаалал. Иргэдийг тэтгэвэрт гарах үед нь суурь хэрэгцээг нь хангах замаар амьдралын баталгааг нь олгодог гэсэн үг. Хүн ажиллах хугацаандаа албан журмаар шимтгэл төлж, тэтгэвэрт гарах үедээ тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааран суурь тэтгэврийг тогтоодог эхний тулгуур. Энэ тулгуур нь танил байгаа биз?

-Тийм байна. Манай улсын систем үү?

-Яг тийм. Манай улсын систем. Одоо харин үлдсэн хоёр тулгуур нь манайд харьцангуй шинэ ойлголт. Хоёрдох тулгуур нь хуулиар тогтоосон хувиар хүн бүр өөртөө хуримтлал үүсгэх тухай юм. Энэ тулгуурын хувьд яг л эхний тулгуур шигээ ажил хийж буй хүмүүс заавал төлдөг. Гэхдээ төлсөн мөнгө нь яг өөрийнх нь данс руу нь орно. Жил бүр тэрхүү мөнгө нь өсөн нэмэгдэж байдаг давуу талтай. Тэгээд тэтгэвэрт гарах үед нь мөн л адил хуримтлуулсан мөнгө болон өсөн нэмэгдсэн хувийг нь олгодог. Ийнхүү хүн бүр хоёр давхар тулгуураас тэтгэвэр авч эхэлнэ. Харин гурав дахь тулгуур нь ямар нэгэн улсаас заасан хувь гэж байхгүй. Хувь хүн бүр өөрийн хүссэнээр хувийн тэтгэврийн дансандаа хуримтлуулж болно. Зарим нэг хүмүүс залуудаа айхтар их хөдөлмөрсөн байж болно оо доо. Тэр хүн хангалттай хэмжээний тэтгэвэр тогтоолгохыг хүснэ. Үүнийг л бий болгосон тулгуур юм. Гадаадын иргэд тэтгэвэрт гарахдаа гадаад, дотоодоор зугаалаад байдаг нь ийм учиртай. Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоотой учраас тэтгэврийн насныхан нь аялж зугаалж утга учиртай амьдардаг. Манайд бол зөвхөн эхний анхан шатны хэрэгцээг нь хангах төдий л систем бий.

-Гэхдээ манай систем олон жил явчихсан шүү дээ. Үнэхээр болохгүй байгаа хэрэг үү?

-Би бол шууд тийм гэж хэлнэ. Хэрэв бид тэтгэврийн даатгалын сангийн статистик үзүүлэлтийг харвал сүүлийн зургаан жил тасралтгүй алдагдалтай ажилласан. Жишээ нь 2018 онд улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас авсан хэмээн өөрийн цахим хуудсанд бичсэн байгаа. Тэгсэн атлаа олгож буй тэтгэвэр үнэхээр бага. Дунджаар сарын 340 орчим мянган төгрөг шүү дээ. Энгийн ажил хийгээд явж байсан хүн тэтгэвэрт гармагцаа гурван дахин ядуу болдог.

-Шинэ тогтолцоог нэвтрүүллээ гэж бодъё. Манайханд тэгж их хуримтлал үүсгэх мөнгө байх уу. Дахиад бөөн дарамт биш үү?

-Наад асуудал чинь зөвхөн манайд тулгарсан хэрэг биш. Тийм ч болохоор тэдгээр улсууд үүнийгээ шийдэхийн тулд тодорхой татварын хөнгөлөлтүүд үзүүлдэг юм билээ. Тэгж байж л иргэдэд нь дарамт биш харин эсрэгээрээ амьдралд нь хэрэгтэй хуримтлал үүсдэг. Энэ асуудал зөвхөн манайд тулгамдсан зүйл биш болохоор энэ талаар маш олон судалгааны ажил, ном байдаг.

-Татварын хөнгөлөлт үзүүлэх гэхээр төсвийн алдагдал гэж нэг айхтар юм бий. Алдагдлаа барьж дийлэхгүй асуудалтай нүүр тулах биш үү?

-Манайх ч бас тийм ч татвар багатай улс биш шүү. Яг хувь хүн дээр бодоод үзэхэд орлогоос нь хувь хүний орлогын татвар авна. Нийгмийн даатгалын шимтгэл гээд 25 хувийг авна. Орлогоороо худалдан авалт хийх үед нь НӨАТ гэж 10 хувийн татвар төлнө. Гэтэл тэрхүү бараа нь аль хэдийнээ импортын 0 – 40 хувийг төлсөн байдаг. Ингээд бодохоор багагүй байгаа биз. Үүнээс багахан зэрэг л хөнгөлөлт үзүүлээд, тэр мөнгийг нь иргэнд нь хуримтлал болгож байгаа хэрэг. Тэгээд ч тэр мөнгө ямар Монгол Улсаас гараад явж байгаа биш улсдаа л үлдэж байгаа.

-Хэрэв бид энэхүү системийг нэвтрүүлэхгүй бол юу болох вэ. Манай тэтгэврийн систем дампуурах уу?

-Аль хэдийнээ дампуурчихсан шүү дээ. Ямар ч хувийн компани зургаан жил дарааллан алдагдал хийгээд жишим ч үгүй явахгүй. Тийм ч учраас улсаас тэтгэврийн насыг нэмж нэг үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмж үзэж байна. Одоо сүүлдээ 2027 он гэхэд 65 хүрч байж л тэтгэвэр авах болсон. Гэтэл монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 . Ердөө нэг л жил тэтгэвэр авах зураг харагдаад байгаа юм. Дампуурсан систем гээд байгаагийн учир нь энэ. Тэгээд болоогүй байгаа мөнгийг нь хаа нэгтээ дампуурах гэж байгаа байгууллагад хадгалаад үгүй хийчихдэг гэсэн яриа дуулддаг.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр дамжуулж өөрт хамааралгүй эрх мэдлийг булаацалдаж болохгүй

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихсэн. Шүүх засаглалд оруулсан өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна вэ?

-1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жил өнгөрсөн. Аливаа хуулийн хэрэгжилтийг тодорхой хугацаанд дүгнэн цаашдаа ямар арга хэмжээ авах талаар төлөвлөдөг байх ёстой. Үндсэн хууль тухайн цаг үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, нийгмийн уур амьсгалыг харгалзан үзэж батлагддаг зүйл. Энэ үүднээс өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа нь зөв гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналуудаас хамгийн чухал нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал гэдэгтэй санал нэг байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүд болоод Ерөнхийлөгчийн зүгээс тус тусдаа санал гаргасан байна лээ.

Нэр хүндтэй хуульч, шүүгч, эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн Венецийн комисс, Шүүхийн бие даасан байдлын олон улсын стандарт буюу Монт Скопусын стандарт, эрх зүйн өндөр хөгжил бүхий орнуудын жишгээс харахад шүүгчийг хуульчдын дундаас шилж сонгох, томилох, чөлөөлөх, огцруулах, ёс зүйн болон бусад хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг аль болох нэг хүнээс хараат бусаар зохион байгуулж, шат, шатны шүүгчдийн төлөөллөөс гадна хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон хуульчдын мэргэжлийн байгууллагын оролцоог хангасан байх нь зүйтэй байдаг. Энэ үүднээс гишүүдээс санаачилсан төсөлд илүү дэвшилттэй заалтууд тусгасан гэж үзэж байна.

Ер нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах замаар шүүх, шүүгчид шударга ажиллах орчныг бүрдүүлэх боломжтой болно гэдгийг бид хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй байна. Шүүх улстөрчдөөс, бизнесийн бүлэглэлүүдээс хамааралтай өнөөгийн байдлыг засахгүйгээр урагшаа алхах боломжгүй болжээ. Иргэд ч үүнийг хүсч, шаардаж байна. Жирийн иргэдийн асуудлыг түргэн, шуурхай шийдчихдэг хэрнээ томоохон уул уурхай, хөрөнгө мөнгөтэй холбоотой, эсвэл улстөрчид оролцсон хэрэг, маргааныг шүүх хуулийн дагуу хараат бусаар бие даасан шийдвэрлэж чадахгүй тохиолдол олон гарлаа.

Тийм учраас шүүгчдийг шилж сонгохоос эхлээд томилох, чөлөөлөх, огцруулах үйл ажиллагааг хуулийн дагуу хараат бус зохион байгуулдаг хууль, эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх ёстой. Нэг анхаарах зүйл бол эрх зүйн орчныг нь сайжруулах нэрээр Дээд шүүхийн гишүүдийн томилгоог хугацаатай болгох гэж байгаа нь буруу. Дахин томилогдох, эсвэл дараа, дараагийн ажлаа бодоод шүүгчид улстөрчид, бизнесийн бүлэглэлд талтай, зүй бус шийдвэр гаргахаас сэргийлж шүүгчийн томилгоо хугацаагүй байдаг жишигтэй юм.

-Гишүүдийн зүгээс өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-ын хянан шалгах түр хороо гэж байгуулах талаар санал оруулж ирсэн?

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах, Ерөнхий сайдыг огцруулах, томилох конструктив журмын талаарх саналуудыг дэмжиж байгаа. Өнөөдөр УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцаа, эрх мэдлийн хуваарилалт болоод Засгийн газрын тогтвортой байдлыг харахаар зайлшгүй засах ёстой зүйлс олон байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 14 Засгийн газар ажиллаж, бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж 1.8 жил байсан нь үүний нотолгоо. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэг талаас хүчтэй Ерөнхий сайд толгойлсон Засгийн газар, нөгөө талаас УИХ-ын зүгээс Засгийн газарт тавих хяналтыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Аливаа зүйл хоёр талтай. Төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрийг тогтоох нь чухал. Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүллээ гээд нөгөө талдаа УИХ-аас Засгийн газарт тавих хяналтыг сулруулж болохгүй. Жишээлбэл, УИХ баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд хяналт тавих чадамжгүй байвал ноцтой асуудал үүснэ. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх ЖДҮ-ийн хэрэг дээр энэ асуудал тодорхой харагдсан. Зохисгүй байдлыг засах нэг арга нь УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах явдал. Нөгөө талаас нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын хянан шалгах түр хороо гэж байгуулах санал оруулж ирсэн нь цаашид УИХ-ын хяналтын функцыг сайжруулахад зөв алхам болно.

-Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа саналын нэг нь гишүүдийн тоог 108, ажиллах хугацааг таван жил болгох санал бий. Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий юу?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмж болно. Гэхдээ гишүүдийн тоог нэмэх нь өнөөдөр тулгамдсан асуудал биш. Бид юуны түрүүнд тулгамдсан асуудлуудаа шийдэх ёстой. Үндсэн хуульд ард иргэдийн хүсэл зоригт тулгуурлан нийгмийн дэмжлэг, хөрс суурь бүрдсэн үед л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна гээд бүх зүйлийг нэг дор шийдэх гээд байгаа нь бас буруу л даа. Ул суурьтай сайтар судалж, үр дагаврыг урьдчилан тооцоолон харж байж, алхам алхмаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр ямар асуудлыг шийдэх нийгмийн хөрс суурь бүрдсэн байна, иргэдийн үзэл бодол хаана төвлөрч нийтээрээ дэмжиж байгааг улстөрчид анхаарах ёстой. Дараа дараагийн асуудлыг тухайн цаг үед нь шийдээд явахгүй бол оруулсан өөрчлөлтийнх нь хууль ёсны шинж чанар алдагдахад хүргэдэг. Үндсэн хуулийг улс төрийн утгаар нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ гэж үздэг. Иргэд дэмжихгүй байгаа зарим зүйлийг хүчээр шийдэх хэрэг байна уу. Хүчтэй, хариуцлагатай, тогтвортой Засгийн газрыг бий болгох, улс төр, бизнесийн бүлэглэлээс хамааралгүй, хараат бус, шударга шүүх засаглал, хариуцлагатай, ёс зүйтэй шүүгчид, хотын эрх зүйн статусыг бий болгох зэрэг асуудлуудыг ард түмэн шийдэх ёстой гэж үзэж байх шиг байна. Гэтэл эдгээрээс гадна бүх асуудлыг нэг дор шийдэх гээд байгаа нь магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гацаанд оруулах, ард нийтийн санал асуулгаар дэмжигдэхгүй байх нөхцөл байдалд оруулах вий гэж болгоомжилж байна.

-Сумын Засаг даргыг иргэдээс сонгох хэр зөв шийдэл вэ?

-Дархан, Эрдэнэт зэрэг зарим томоохон хотуудыг засаг захиргааны нэгж болгохоос бусад засаг захиргааны нэгжид хамаарах заалтыг хувьдаа дэмжихгүй байгаа. Монгол Улс нэгдмэл улс. Нэгдмэл улсад хууль тогтоох болон хууль тогтоомжийн биелэлтийг улс орон даяар хангуулах үндсэн чиг үүрэгтэй төрийн гүйцэтгэх эрх мэдэл үл хуваагдах шинжтэй байдаг. Тэгж байж Засгийн газрын зүгээс төрийн бодлогын хэрэгжилтийг засаг захиргааны бүх нэгж, шатанд нэгдмэл бодлогоор зангидаж, удирдан зохион байгуулах боломжтой болно. Энэ бол нэгдмэл улсын үндсэн шинж. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг орны нийгэм, эдийн засгийн амьдралын асуудлыг парламентаас баталсан хуулийн хүрээнд иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн харьцангуй бие даан шийдвэрлэх эрхтэй байдаг бол Засаг дарга нь төрийн нэгдмэл удирдлагын зарчмын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг мөр, хэлбэрэлтгүй зохион байгуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээд шатны албан тушаалтны өмнө хариуцаж ажилладаг.Гэтэл нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сум, дүүргийн Засаг даргыг иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгохоор тусгасан нь төрийн гүйцэтгэх эрх мэдэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид зохих ёсоор хэрэгжих, хууль тогтоомжийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулах боломжийг хязгаарлаж болзошгүй. Ер нь тэгээд улс төрчид маань сайн мэдэхгүй зүйлээрээ туршилт хийж болохгүй шүү. Үр дагаврыг нь хожим даахгүй юм болох вий. Жалга довны үзэл гаарч, тусгаар улсын нэгдмэл бодлогод хожим нөхөж болшгүй хохирол учрахаас болгоомжлох хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дотор ҮАБЗ-ийг Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхээс булаацалдсан байдлаар орж ирж байна гэх шүүмжлэлүүд байна?

-ҮАБЗ гэдэг үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үүссэн ноцтой асуудлуудыг шийдвэрлэх, шуурхай удирдлагаар хангах үүрэгтэй байгууллага болохоос Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хянаад чиглэл өгдөг газар биш ээ. Улс төрийн нам сонгуульд оролцохдоо ард түмний өмнө амлалт өгч, ялсан нам, Ерөнхий сайд амлалтандаа тулгуурлаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ баталдаг. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө биелүүлсэн үү, амласан амлалтандаа хүрч чадсан уу, үгүй юу гэдэгт дараагийн сонгуулиар ард түмэн дүнгээ тавьдаг. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн оролцоод байх асуудал биш, цэвэр Ерөнхий сайд, УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр дамжуулж өөрт хамааралгүй эрх мэдлийг булаацалдаж болохгүй.

-19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь оруулж ирэх эрхтэй гэх заалт оруулж байгаа. Гишүүүдийн тоог 19 гээд заачихаар нөгөө л тогтворгүй Засгийн газар үргэлжлэх вий гэх болгоомжлолууд байна?

-Төрийн эрх мэдэл харилцан хяналттай, тэнцвэртэй байх ёстой. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хариуцлагагүй, ёс зүйгүй, хууль тогтоомж зөрчсөн бол хариуцлага тооцох эрхийг УИХ-д үлдээх нь зөв. Ард түмнээс сонгогдсон парламентын итгэлийг Засгийн газар хүлээсэн байх нь зохилтой. Гэхдээ миний хувьд 19 гишүүн гэдэг санал зөв биш санагдаж байгаа. УИХ-ын гишүүдийн олонхи буюу 39-өөс доошгүй гишүүн Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй, Засгийн газар хариуцлагагүй, хууль тогтоомжийг биелүүлэхгүй байна гэж үзвэл огцруулах саналаа дараагийн Ерөнхий сайд болох хүний нэрийн хамт өргөн мэдүүлж, шийдвэрлэдэг байх нь парламентын хяналтыг зохистой хэрэгжүүлэхэд хэрэг болно. Өөрөөр хэлбэл, нэг талаас Засгийн газар тогтвортой ажиллах, нөгөө талаас УИХ-ын олонхын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох боломж аль аль хадгалагдана.

НБД-ыг 10 жилээр сонгоно гэсэн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж ирсэн байсан. ТНБД-ын албан тушаалыг Үндсэн хуульд тусгаж өгөх хэр зүйтэй вэ?

-Төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрөөс хараат бус, тогтвортой ажиллуулах мерит зарчим гэж бий. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг хөндөж байгаа нь сайн хэрэг. Дэмжиж байна.Томьёоллын хувьд харин эргэж харах зүйлс байна лээ. Манай өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь өнгөрсөн хугацаандтөрийн жинхэнэ албыг улс төрөөс хэт хараат, тогтворгүй байлгасны шууд үр дагавар. Манай төрийн албаныхантай харилцаж байгаа гадаад, дотоодын төр, хувийн хэвшлийн байгууллагууд танай төрийн алба дөрвөн жил тутам өөрчлөгдөж байна. Өмнө нь хийж байсан ажлыг мэддэг хүн алга. Нэг хэсэг нь дөнгөж ажлын дөртэй болж байтал дараагийн нам нь гарч ирээд халчихдаг гэж хэлдэг. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудыг харахад мэргэшсэн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах замаартөрийн ажлыг үр дүнтэй явуулдаг. Мэргэшсэн, тогтвортой гэдгийн цаана хариуцлагатай төрийн алба байна. Мөнгөөр, улс төрийн намын харьяаллаартомилогдсон хүмүүс төрийн албыг хувийн ашиг сонирхлоор ашиглаад байгаа юм.

-Цаг үетэй холбогдуулж асуухад саяхан интернэтээр МХЕГ-ын дарга авлига авсан бичлэг цацагдлаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал авлигын хэргүүдийг өөгшүүлж байна гэх юм?

-Авлига авсан хэрэгтнүүдийн заримынх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон тухай, мөн заримд нь Эрүүгийн хуульд заасан сонгох ялын улмаас торгох ял ногдуулсан тухай уншсан, сонссон. Харамсалтай. Угтаа хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бүх улсын эрүүгийн хуульд байдаг хууль зүйн ойлголт. Гэхдээ зарим төрлийн буюу онц ноцтой гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар хуульчилсан байдаг. Манай улсын хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, хээл хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх мэт авлига, албан тушаалын гэмт хэргүүд төрийг аажмаар мэрж устгаж байгаа онц ноцтой гэмт хэрэг тул хөөн хэлэлцэх хугацаа байхгүй нь зөв гэж боддог. Энэ төрлийн гэмт хэргийг жирийн хэрэгтэй адилтгаж болохгүй юм. Ямар ч хугацаа өнгөрсөн гэм буруутайд нь хариуцлага хүлээлгэдэг байх ёстой .

Categories
мэдээ нийгэм

Галд түлэгдсэн есөн хүн ГССҮТ-д эмчлүүлж байна

Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг байшин шатсаны улмаас 12 хүн гэмтэж, нэг хүүхэд амиа алджээ. Уг байшинд Булган аймгаас Налайх дүүрэг рүү явах замдаа нийт 15 хүн амарч байсан аж. Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдөр 13.33 цагаас 18.20 цагийн хооронд Зэвсэгт Хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр иргэдийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ.Харин иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн мөн Улаанбаатарт авч ирсэн байна. Урьдчилсан байдлаар уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж мэдээлжээ. Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраасан байна. Галд түлэгдсэн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ээс мэдээлэхдээ “Архангай аймгийн Өгийнуур сумаас галд түлэгдсэн 9 хүн манай дээр эмчлүүлж байна. Үүний 4 нь энгийн тасагт байгаа бол тав нь Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Таван хүний биеийн байдал хүнд байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэж Онцгой байдлын албанд мэдээлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Монгол Улс дэлхийн глобал гүрэн АНУ-тай стратегийн түншлэлд асар богино хугацаанд хүрчихлээ


Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүүтэй Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил болж байна. Хоёр орны харилцааны талаар та юу хэлэх вэ?

-Энэ 32 жилийн харилцааны түүх сөхөж хариулах шаардлагагүй. Барагдахгүй том сэдэв байна.

Ганц өгүүлбэрээр “Энэ харилцаа прогрессоор хөгжин дэвжиж ирсэн” гэж л хэлэх байна. Харилцааны түвшин тасралтгүй ахисаар дээд цэгтээ хүрсэн. Үүнээс цааш бид л хоёр талаасаа чармайн ажиллаж харилцааныхаа хүрсэн түвшинг бэхжүүлэх ёстой.

-Айлчлалын үр дүнтэй холбоотойгоор асуухад стратегийн түншлэл гэдэг нь манай улсын хувьд хэзээ, хэрхэн өрнөсөн асуудал юм бэ?

-Энэ бол “Хүйтэн дайн”-аас хойших олон улсын харилцаанд түгээмэлжсэн үзэгдэл. Ялангуяа олон улсын харилцааны том тоглогч их гүрнүүд ийм түншлэл байгуулдаг.

Манай улсын хувьд 20 гаруй жилийн түүхэнд хамаарах асуудал юм. Анх Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал баталж байхдаа “стратегийн түнш”, “гурав дахь хөрш”-ийн талаар тодорхой заалт, тодруулга, томьёолол тусгаагүй юм билээ.

1996 онд Ардчилсан хүчний Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө анхлан “АНУ-тай тогтоосон хамтын ажиллагааг манай гадаад бодлогын гол түшиг тулгуур гэж үзэж, энэ хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино”, “Японтой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино” гэсэн заалт тусгаснаас үүдээд стратегийн түнш, гуравдагч хөрш гэсэн ойлголт манай гадаад харилцаанд төлөвшин буй болсон.

2000 онд тэрхүү Засгийн газрын гадаад бодлогын хэрэгжилтийг дүгнэж үзэхэд АНУ-ыг “гуравдагч хөршөө” хэмээн үзэж, түүн рүү бодлогоо түлхүү чиглүүлсэн, Японтой иж бүрэн түншлэлийн харилцааны үндсийг тавьж бэхжүүлж чадсан үр дүн харагддаг.

-Тэр үеийн Засгийн газрын үеэс л хэрэгжиж эхэлсэн байх нь?

-Тийм гэх үү дээ. 2000 онд байгуулагдсан шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлберт дээрх заалтын агуулга, ач холбогдлыг өөрчлөхгүйгээр “Монгол Улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөхөд АНУ-тай тогтоосон харилцаа чухал ач холбогдолтой гэж үзэж, харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллана”, “Японтой тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид бататган өргөтгөн хөгжүүлнэ” гэж оруулсан байдаг.

Тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 оны намар АНУ-д айлчилснаас хойш АНУ руу хандах хандлага хоёр хөрштэй тогтоосон харилцааны ач холбогдлоос давах тийшээ хандаж, энэ чиглэлээр сурталчилгаа өргөн хийгдсэн. Манай улс АНУ, Япон улсыг стратегийн гол түншээ хэмээн үзэж, хоёр талын харилцааны бодлогоо түүн дээр томьёолж байгаа нь тэр үеэс тодорхой харагдсан.

Нөгөө хоёр улсын зүгээс ч тэгж дүгнэх нөхцөл нэгэнтээ бүрдсэн. Их Монгол Улс байгуулагдсан ойн жил манай улс гадаад харилцааны арвин ургац хураасан. 2006 оноор жишээлэхэд манай улс 10 хүрэхгүй жилд юуны өмнө хоёр их хөрштэйгөө тэнцвэртэй, идэвхтэй хамтын ажиллагаа явуулахыг чухалчилж, тэр зорилгоо бүрэн ханган биелүүлсэн байсан.

Монгол Улсаас хөрш хоёр гүрэнтэй харилцах харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, ОХУ-тай сайн хөршийн уламжлалт түншлэлийн харилцаа, БНХАУ-тай сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг төлөвшүүлсэн.

ОХУ-тай “Их өр”-ийн дансыг дугуйлсан түүхэн үе байлаа. Монгол Улсын гадаад бодлогын нэн чухал тулгуур болох өрнө, дорнын тэргүүлэх чиглэлийн улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгох зорилт үе шаттай, амжилттай хэрэгжиж эхэлсэн.

АНУ-тай стратегийн түншлэл тогтоох, Японтой XXI зууны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг урагшлуулах чиглэлээр ажиллаж, БНСУ-тай ”Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, Канадтай “Өргөн хүрээтэй түншлэл” тогтоож, Монгол-Энэтхэгийн харилцааг олон зууны соёлын уламжлалт түүхэн харилцаа бүхий “Оюун санааны хөршүүд” хэмээн хоёр талдаа үздэг, Европын Холбоотой Түншлэлийн гэрээ байгуулах, Турк улстай “Иж бүрэн түншлэл” хөгжүүлэх нөхцөлөө бүрдүүлчихсэн байсан гээд бяцхан түүх сөхөж болно.


-Ямар шалгуураар түншлэлээ үнэлдэг, тодорхойлдог юм бэ?

-Хоёр талын өндөр дээд хэмжээний удаа дараагийн айлчлалууд, айлчлалын давтамжийн ойртолт, айлчлалаар ярилцаж шийдсэн асуудал, манай улсад үзүүлсэн, үзүүлдэг улс төр-эдийн засаг, санхүү, хүмүүнлэг, бусад хэлбэрийн тусламжууд, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал нэгдэж ирсэн зэрэг олон үзүүлэлтээр АНУ, Японыг стратегийн түнш гэж нотолж болохоор байсан л даа.

Стратегийн түншлэл гэж тэр үедээ нэрлээгүй ч хэрэг дээрээ стратегийн гэхээр үйл явдлууд өрнөсөн. Манай улс Ирак, Афганистанд НҮБ-ын мандатгүй, тэгсэн хэр нь АНУ, НАТО-гийн командлалын хүрээнд цэргээ илгээсэн.

АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод манай бүс нутаг тэргүүлэх чиглэлд нь тооцогдож, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага, олон улсын харилцааны өрнөлтийг дагалдан АНУ нь Ази-Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгч байгаагийн хүрээнд Монгол руу хандах АНУ-ын бодлого томьёологдож эхэлсэн. Гэхдээ бүр эрчтэйгээр.

Монгол Улс АСЕАН-ы бүсийн форумд элссэн нь уг эвслийн бүх орны гэхээсээ АНУ-ын сонирхол байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Тэр үеэс л Монгол бол Азийн бүс нутагт ардчиллаараа хошуучилж яваа, ардчилал зах зээлийн харилцаа руу шилжих шилжилтийг нэгэн зэрэг хослуулан, тогтвортой хэрэгжүүлж байгаа цөөхөн орны нэг хэмээн АНУ, Япон, Өрнөд Европт ихээхэн үнэлдэг болсон. Энэхүү үнэлгээн дээр нөхцөлдсөн тодорхой эрх ашиг байсан учраас тэдгээр орон манай ардчилал шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь дэмжиж тусалсан.

-Стратегийн түншлэлийг яаж, ямар учраас байгуулдаг талаар тодруулаач?

-Бусад улс орнуудын хоёр талын харилцааны практикаас үзэхэд стратегийн түншлэлийг албан ёсны эрх зүйн баримт бичигт дурдсан байдаг ч яг тэр утгаар нь шууд нэрлэсэн тохиолдол тэр бүр байхгүй. Бусад улс орнуудын өөр хоорондын харилцааны практикаас үзэхэд, харилцааныхаа өнгө аяс, цар хүрээ, төлөв байдлыг стратегийн түншлэл гэж нэрлэсэн нь ч бий.

Хоёр хөршөөр жишээлье. ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаанд 1994 оноос конструктивное партнерство гэсэн нэр томьёо анх гарч ирсэн. 1997 онд Москвад “Олон туйлт дэлхий, дэлхийн шинэ дэг журам төлөвшүүлэх тухай Орос-Хятадын хамтарсан тунхаглал” гэдгийг байгуулахдаа “XXI зууны стратегийн харилцан ажиллагаа” гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн.

Түүнээс хойш стратегийн түншлэл гэж олон улсын хэмжээнд нэрлэгдэж яваа ч энэ талаар ямар нэгэн тусгай баримт бичиг гаргаагүй.

1992-2000 онд Орос-Хятадын хооронд байгуулсан удаа дараагийн тунхаглал, мэдэгдэл, хамтарсан албан мэдээнүүдийн үзэл санааг нэгтгэн 2001 онд Москва хотноо Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан.

Гэрээний нэгдүгээр зүйлд ерөнхий утгаар “хоёр тал сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа, эрх тэгш итгэлцсэн түншлэл, стратегийн харилцан ажиллагаа хөгжүүлнэ” гэж заажээ. Энэ заалтыг Орос-Хятадын Төрийн тэргүүнүүдийн Москвагийн хамтарсан мэдэгдэлд “харилцааны түүхэн сонголт” гэж нэрлээд, олон улсын шинэ шударга, зөв дэг журам тогтооход гол ач холбогдолтой гэж үзжээ.

ОХУ, БНХАУ-ын удаа дараагийн хамтарсан тунхаглалд “Хоёр орон найрсаг харилцааны болон стратегийн түншлэлийн харилцааны түүхэн үе шатуудыг туулж, түншлэл, стратегийн харилцан ажиллагааны үе шатанд дэвшин орлоо” хэмээн тунхаглажээ.

БНХАУ нь түншлэлийн харилцааг 20 орчим улс оронтой тогтоосон. Тодотгол нэр нь харилцааны онцлогийг тусгасан, өөр хоорондоо ялгаатай. ОХУ-тай стратегийн түншлэлийн, Японтой энх тайван, хөгжлийн төлөө хамтын ажиллагааны түншлэлийн, Энэтхэгтэй бүтээлч хамтын ажиллагааны түншлэлийн, Францтай XXI зуунд чиглэсэн урт хугацааны бүрэн түншлэлийн, Европын холбоотой урт хугацааны тогтвортой түншлэлийн, Бразилтай урт хугацааны, тогтвортой түншлэлийн, АСЕАН-тай сайн хөршийн харилцан итгэх түншлэлийн харилцаа, Монголтой стратегийн иж бүрэн түншлэл тогтоон хөгжүүлсэн гэхчлэн жишээлж болно.

-Стратегийн түншлэлтэй орон бусад эвсэл, холбоо, хамтын байгууллагат нэгдэхдээ юу анхаарах ёстой юм. Түншлэлтэй орныхоо эрх ашгийг хөндсөн эвсэл, холбоонд нэгдэж болдог юм уу?

-Стратегийн түншлэл гэдэг нь дотроо бас дэстэй. Жишээ нь Монгол, Хятад хоёр стратегийн иж бүрэн түншлэлтэй, ОХУ-тай мөн ийм түншлэлд хүрнэ гэдгийг бид бас анхаарах ёстой.

Стратегийн түншлэл гэдэг нь харилцаа, хамтын ажиллагааны дээд шат. Түүнээс дээшээ ахина гэвэл холбоотны түвшинд хүрэх л үлдээд байна.

Манай улсын ардчиллын жилүүдэд сонгож авсан гадаад бодлогын гол онцлог бол эвсэл, холбоонд нэгдэхгүй байх явдал. Тийм ч учраас манай улс стратегийн түншлэлээс цаашаа дараагийн түвшин рүү ахихыг эрмэлзэхгүй л болов уу. Т ийм цаг үе ч тулгарахгүй болов уу. Тэр утгаар манай улс нь түншлэлтэй орныхоо эрх ашгийг хөндөх алхам хийхгүй биз ээ.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэгт ч юм уу элсэх боломж нь хязгаарлагдах уу. Хийж болохгүй зүйлүүд нь юу байна вэ?

-АНУ-тай стратегийн түншлэлтэй болж байгаа, ШХАБ-д Монгол Улс ажиглагч байгаа хоёрыг эсрэгцүүлж тавихгүй байх нь чухал юм. ШХАБ-д жинхлэх, жинхлэхгүй н ь Монгол-Америкийн стратегийн түншлэлээс ч хамаарах юм биш.

Тиймдээ ч манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Вашингтоноос шууд Бангкок руу нисэж АСЕАН-ы бүсийн форумын Сайд нарын хуралд оролцсон. Хуралд оролцохдоо хамгийн түрүүн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Г адаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай уулзаж Вашингтонд гаргасан тунхаглалаа тайлбарласан.

Үүний сацуу түншлэлийн харилцаа бүхий Япон, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзсан нь харилцан итгэсэн сайн хөршийн найрсаг харилцаандаа манай улс үнэнч байна, түншлэлийн харилцаат бүх улстай найрсгаар ажил хэрэгчээр хамтран ажиллах болно гэдгийн дипломат илэрхийлэл болсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хоёр хөрш, АНУ, Япон, Энэтхэг бүгдтэй нь улс төрийн итгэлцсэн харилцаанаас гадна эдийн засаг-бизнес, эрх зүй, батлан хамгаалах, эрүүлийг хамгаалах, байгаль орчин, соёл боловсрол зэрэг бүх салбарт иж бүрэн хамтран ажиллах, хамтын ажиллагааны бүх салбарт бүрэн итгэлцсэн байх, хамтын ажиллагааны бүх салбарыг институцчилэхийн төлөө явж байна гэдгээ нотолсон юм биш үү. Нэг үгээр манай гадаад бодлогод тэнцвэрийг хангасан, балансалсан алхам хэрэгжиж байна гэдгийн нотолгоо.

-Стратегийн түншлэлийн хүрээнд ямар эрх ашиг бий болох вэ?

-Дөнгөж сая Вашингтонд байгуулсан стратегийн түншлэлийн эхний үг өгүүлбэрийг сөхөөд үзье л дээ. “Стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж” гээд эхэлж байгаа юм.

Монгол-АНУ, Монгол-Японы хооронд түншлэлийн харилцаагаа улс төрийн баримт бичгүүдэд томьёолсон.

Улс төрийн зөвлөлдөх байнгын механизм бий болгож хэвшүүлсэн, цэргийн салбарт хамтран ажилладаг, улс төр-аюулгүй байдал, эдийн засаг-бизнес, соёл-боловсрол, эрүүлийг хамгаалах, цэргийн зэрэг бүх салбарт бид энэ хамтын ажиллагааны үр шимийг үзэж, хүртэж байдаг гэдгээр нэг ёсны шалгуур тавьж байгаа.

Ийм хамтын ажиллагаа өрнүүлсэн нөхцөлд харилцаа хамтын ажиллагааны өрнөлт, цаашдын төлөвийг эрх зүйн хувьд шинэчлэн тодорхойлж баталгаажуулсан улс төрийн шинэ баримт бичиг байгуулдаг нь энэ тунхаглал шүү дээ.

-Зарим хүмүүс Монголтой стратегийн түншлэл тогтоох нь АНУ-д ямар ч ашиггүй гэж байна. Ямар ч ашиггүй байсан бол ингэж түншлэл байгуулах уу. АНУ-д яг ямар ашигтай байна вэ?

-АНУ ашиг харж ийм түншлэл байгуулахгүй. Манай хоёр улсын нийтлэг ашиг сонирхол гээд “стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмууд” гээд тов тодорхой заагаад өгчихлөө шүү дээ.

-Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд АНУ-д айлчилсан. Энэ үеэрээ талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай албан мэдээ гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцсон. Харин Ерөнхийлөгчийн айлчлалын дүнд АНУ-тай стратегийн түншлэлтэй орон боллоо. Үндсэндээ жил хүрэхгүй хугацааны дотор Монгол, АНУ-ын харилцаа хоёр шат ахилаа. Үүнээс үзэхэд АНУ-д Монгол хэрэгтэй улс гэдгийг илтгэж буй хэрэг биш үү. Энэ тухай та юу гэж дүгнэх вэ?

-Харин тийм. Монгол АНУ-д хэрэгтэй болоод л түвшинг нь ахиулж байгаа юм биш үү.

-Стратегийн түншлэлтэй болсноороо Монгол Улсад яг ямар ашигтай вэ. Эдийн засаг, геополиткийн үр ашиг нь юу вэ?

-Залхуурал, ядуурлынхаа өнцгөөс манайхны асуудаг ярьдаг сэдэв л байна.

Одоо нэгэнтээ АНУ-тай ийм өндөр түвшинд хүрчихсэн юм чинь тэдэн тэрбум ам.доллар, бэлэг, бэлгийн хороолол, мөнгөн тусламж ороод ирнэ гээд манай зарим иргэд горьдоод суучихыг бол үгүйсгэхгүй ээ. Манайхны ийм хүсэл дээр тоглодог дотоодын популизм ч бий.

Стратегийн түншлэл гэдэг бол мөнгөн дүнгээр үнэлэгдэх бодит үйл биш юм. Итгэлцлийн түвшин, хамтын ажиллагаа хөгжүүлэх бат бэх хөрс суурь, сэтгэхүй түүнийг нь улс төрийн талаас төлөвшүүлж буй болгож байгаа хэлбэр юм.

Түүнээс бус эдийн засгийн үр ашиг шууд нэхэх нь утгагүй, гэнэн болчимгүй хэрэг. Ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг ЕТГ-ын дарга З.Энхболд маш оновчтой томьёолсон байна билээ.

“Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнөх бүх Ерөнхийлөгч нар уул уурхай ярьдаг байсан. Яагаад уул уурхайн оронд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулах тухай яриад байна гэхээр манай улсын эдийн засгийг олон төрөлтэй болгохгүй бол уул уурхай хангалттай ажлын байр үүсгэхгүй байна. Тиймээс бүх уулзалтын номер нэг сэдэв нь Монголын гуравдагч хөршийн худалдааны тухай буюу татварын асуудал байгаа юм.

Мал аж ахуйгаар амьдардаг 200 мянган өрх, бүтээгдэхүүн болгож хувиргах олон мянган ажлын байрны тухай яригдаж байгаа учраас хамгийн чухал сэдэв болоод байна” гэсэн байсан.

-Ерөнхийлөгчийн айлчлалыг төсөөллөөс давсан үр дүнтэй боллоо гэж нийтдээ үзэж байна. Та олон улс судлаачийн хувьд юу гэж бодож байна вэ. Мөн олон улсад юу гэж ярьж, дүгнэж байгаа бол?

-Ерөнхийлөгч Х.Баттулга цагийг мэдэрдэг маш сайн дипломатч, улстөрч гэдгээ харуулсан болов уу. Хоёр хөрш рүүгээ түлхүү ажиллаж байснаа гуравдагч хөрш рүүгээ ийм том “харайлт” хийнэ гэж гадаадад байтугай дотооддоо ч төсөөлөөгүй байсан байх.

Хоёр хөрштэй нь уячихъя, тэр эргүүлгээс холдуулахгүй байя гэсэн хүсэл гадаад, дотоодод мэр сэр байсныг үгүйсгэхгүй.

Дэлхийн энтэй зэрэгцэн ажиллаж чадаж байна. Монголын дипломат алба ингэж ажиллаж чадлаа. Азийн цээжин дэх энэ жижиг буурай Монгол Улс дэлхийн глобал гүрэнтэй хамтран ажиллаад тэр нь бүр стратегийн түншлэлийн түвшинд асар богино хугацаанд хүрчихлээ гэдгийг харуулж чадсанд айлчлалын гол ач холбогдол оршино.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн мэдлэг олгох 1870 багшийг чадавхижуулна

БСШУСЯ-наас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээнд 550 сургагч багшийг бэлтгэх сургалтыг эхлүүлээд байна.

Сургалтаар бэлтгэгдсэн багш нар цаашид орон нутаг, нийслэлд нийт 44000 багш, сургуулийн удирдлагыг хамруулан сургалтын хөтөлбөрийг дэмжих арга зүйн сургалтыг зохион байгуулах юм.

Нийт 22 судлагдахуун дотор санхүүгийн мэдлэг олгох, “Бизнес судлал” судлагдахуун багтаж буй бөгөөд Монголбанк Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор тус судлагдахууныг заах түүх, нийгмийн ухааны 1870 багшийг чадавхижуулахад Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСВУ-ын нийгмийн аюулгүй байдлын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн Аюулгүй Байдлын Яамны Хөдөлгөөнт эргүүл, хамгаалалтын газрын дарга, дэслэгч генерал Фам Күог Гыөнг тэргүүтэй зочид, төлөөлөгчид энэ сарын 05-ны өдөр ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Тус уулзалтын үеэр Нийслэлийн цагдаагийн газраас морьт эргүүлийг хэрхэн ажиллуулдаг талаар товч танилцуулга хийж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын зочид, төлөөлөгчид Монголын цагдаагийн байгууллагад хэв журам сахиулах ажиллагаанд морьт эргүүлийн гүйцэтгэх үүрэг, морьт эргүүл хэрхэн ажиллаж байгаа талаар туршлага судалсан юм.

Цаашид манай улсын цагдаагийн байгууллага энэ чиглэлээр туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.