Categories
мэдээ улс-төр

Норовлин суманд баригдах “Шихихутаг-Их засаг” цогцолборын шавыг тавилаа

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Уран дөш хайрханы энгэрт баригдахаар болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа. 2019-2020 оны улсын төсөвт уг төслийн санхүүжилтийн зарим хэсэг нь тусгагдсан байгаа юм.

Түүний санаачилсан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа юм. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 41-р тойргийн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг татах Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой төслүүд хэмээн үзэж БОАЖЯ-наас уг төслийг дэмжин хамтарч ажиллаж байгаа юм.

Чингис хотоос Дадал сум хүртэл хэд хэдэн сумыг холбосон 250 км урттай “Түүхэн аялал жуулчлалын зам”-ын ажил бас эхлээд явж байгаа билээ. Эдгээрээс Батноров суманд баригдаж буй Тэмүүжин, Боорчи нарын андгай тавьж, анд бололцсон газар хэмээн түүхэнд үлдсэн Хөхүүрийн тал, Дэлгэр-Өлзийт хайрханд “Андлалын өргөө” цогцолборын ажлын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувьтай байгаатай Л.Оюун-Эрдэнэ сайд газар дээр нь очиж танилцсан.

Энэ мэтчилэн Дадал суманд гэхэд л Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Тэнгэрийн хаан” цогцолбор, Биндэр суманд Монголын анхны Их хуралдай хуралдсан түүхэн газарт “Их хуралдай” цогцолбор, Галшар суманд Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалын цогцолборууд зэрэг олон бүтээн байгуулалтыг шинээр бий болгохоор ажиллаж байна.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Норовлин сумын төвөөс холгүй орших Уран дөш уулын энгэрт “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг барих бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Норовлин суманд ажиллах үеэрээ шавыг нь тавьсан юм. Уран дөш уул нь төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Тиймээс уг газрыг сонгосон бөгөөд Цонжин болдогийн “Чингис хааны хөшөөт цогцолбор”, “Морин хуур”, “Их Майдар” төслийг санаачлагч, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын Дадал, Батноров суманд хэрэгжиж байгаа цогцолборуудын загварыг зохиосон МУУГЗ, барималч М.Эрдэмбилэг энэ удаагийн “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын скиз зураг, загварыг мөн гаргасан. Харин барилгын гүйцэтгэгчээр “Эл Си Би” ХХК ажиллахаар шалгарсан юм.

Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны газрын дарга С.Баясгалан дүгнэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Азын дугаар зарна гэсэн хуурамч заранд хууртахгүй байхыг анхаарууллаа

Авто тээврийн үндэсний төвөөс УАА гэх автомашины улсын дугаарын шинэ серийг өнгөрсөн сарын сүүлээр задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн билээ. Шинэ сери задарсантай холбоотойгоор дугаар олгох ажлыг хөнгөвчилж иргэдэд нээлттэй байдлаар цахимаар олгож эхэлсэн юм. Ингэхдээ бүх дугаарыг 7600 төгрөгөөр иргэдэд олгож байна. Харин цахим сүлжээнд “Автомашины азын дугаар ченжүүдийн гарт орж, өндөр үнээр худалдаалагдаж байна. Саяхан задарсан шинэ серийн азын дугаарууд 25-28 саяд хүрч байна” гэх мэдээлэл гараад байгаа. Энэ асуудалд Авто тээврийн үндэсний төвөөс “Автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол залилан. Автомашины бүх улсын дугаарын хураамж 7600 төгрөг байдаг. Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой” гэсэн тайлбар өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын дүрэмт хувцасыг хаанаас авах боломжтой вэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасыг хаанаас авах, ямар үнэтэй байгааг танилцуулж байна.

“БҮТЭЭЛЧ ҮЙЛС” ХК

Үндсэн иж бүрдэл, үнэ Нэмэлт иж бүрдэл, үнэ
Бага анги
/I-V/
Эмэгтэй Эмэгтэй сарафан 49.000₮ Бага анги
/I-V/
Сорочкан цамц 18.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 43.000₮ Зангиа 3000₮
Эрэгтэй өмд 27.000₮
Дунд анги
/VI-IX/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 51.000₮ Дунд анги
/VI-IX/
Сорочкан цамц 20.000₮
Эмэгтэй юбка 34.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 53.000₮ Зангиа 3500₮
Эрэгтэй өмд 36.000₮
Ахлах анги
/X-XII/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 75.000₮ Ахлах анги
/X-XII/
Сорочкан цамц 22.000₮
Эмэгтэй юбка 35.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 80.000₮ Зангиа 6000₮
Эрэгтэй өмд 45.000₮

“Бүтээлч үйлс” ХК-ийн дүрэмт хувцас худалдаалах цэгүүд

(Тодруулсан цэгүүд нь одоо ажиллаж байгаа, үлдсэн нь наймдугаар сарын 10-наас худалдаалж эхэлнэ)

Улаанбаатар хотод /утас: 70110147/

  • Ялалтын талбай
  • Улсын Их Дэлгүүрийн 5 давхарт
  • Улсын Их Дэлгүүрийн урд фантам
  • Алтжин Бөмбөгөр төвийн №1506
  • Алтжин шөнийх захын C1
  • Хан-Уул дүүргийн Соёлын ордон
  • Нарантуул захын Баялаг ундраа төвийн 2 давхарт №143-148
  • 11-р сургуулийн урд “Сурагчийн дүрэмт хувцас худалдаа”
  • Хархорин захын автобусны буудлын урд байрны 2 давхарт
  • Яармагийн Оргил худалдааны төв
  • Дүнжингарав худалдааны төв, Хичээл экспо
  • Налайх дүүргийн Соёлын ордон
  • Багануур дүүрэг, Хэрлэн төв

Хөдөө, Орон нутагт (Доорх бүх цэгээр худалдаалж байгаа)

  • Ховд аймаг, Ховд хот, Төв гудамж, Давхар дэлгүүрийн 2 давхарт /утас: 89541500/
  • Увс аймаг, Улаангом хот, Захын хойд талд Өгөөж төвийн 3 давхарт /утас: 99921704/
  • Баян-Өлгий аймаг, Өлгий хот, Цамбагарав рестораны эсрэг талд Анэж Од төвийн 3 давхарт
  • Хөвсгөл аймаг, Мөрөн хот /утас: 93234848/
    -Өнөр Худалдааны төвийн 1 давхарт /утас: 89890901/
    -Титэм 2 худалдааны төвийн 2 давхарт/ утас: 86168830/
  • Завхан аймаг, Улиастай хот, Баруун бүсийн худалдааны төвийн 2 давхарт /утас: 94669966/
  • Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Найрамдал хотхон /утас: 80244858/

“ТӨМӨР ТРЕЙД” ХХК

Үндсэн иж бүрдэл, үнэ
Бага анги
/I-V/
Эмэгтэй Эмэгтэй сарафан 46.000₮
Эмэгтэй цамц 15.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 41.000₮
Эрэгтэй өмд 25.500₮
Эрэгтэй цамц 15.000₮
Дунд анги
/VI-VIII/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 49.000₮
Эмэгтэй юбка 32.500₮
Эмэгтэй цамц 19.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 50.000₮
Эрэгтэй өмд 33.000₮
Эрэгтэй цамц 19.000₮
Ахлах анги
/IX-XII/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 71.000₮
Эмэгтэй юбка 35.000₮
Эмэгтэй цамц 22.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 71.000₮
Эрэгтэй өмд 45.000₮
Эрэгтэй цамц 22.000₮

*Зангиа үнэгүй дагалдана

“Төмөр Трейд” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцас худалдаалах цэгүүд:

Улаанбаатар хотод:

  • “Төмөр Трейд” ХХК-ийн нэрийн дэлгүүр МЗХ-ны байрны зүүн талд
  • Улсын цирк (наймдугаар сарын 6-наас)
  • Монголын үйлдвэрчний эвлэлийн соёл төв ордон (наймдугаар сарын 10-наас)
  • Дүнжингарав худалдааны төв (наймдугаар сарын 12-ноос)
  • Сүхбаатарын талбай (наймдугаар сарын 16-наас)

Орон нутагт:

  • Өвөрхангай аймагт
  • Ховд аймагт
  • Дорнод аймагт

Утас: 99872121, 88816969


“БАТ ЗҮҮ” ХХК

Анги Хүйс Төрөл Нэгж үнэ Бүтээгдэхүүний иж бүрдэл үнэ / Бэлэгтэй/
Бага анги
/I-V/
Эрэгтэй Хүрэм 37,000₮ 69,900₮
Дотортой өмд, өмдний шуумаг тогтоогч бэлгэнд
Өмд 28,000₮
Дотортой өмд 30,000₮
Цамц 14,000₮
Зангиа 3,000₮
Эмэгтэй Сарафан 41,000₮ 49,000₮
Цамц бэлгэнд
Цамц 14,000₮
Зангиа 3,000₮
Дунд анги
/VI-IX/
Эрэгтэй Хүрэм 45,000₮ 86,000₮
Цамц, өмдний шуумаг тогтоогч бэлгэнд
Өмд 35,000₮
Цамц 16,000₮
Зангиа 3,500₮
Эмэгтэй Хүрэм 45,000₮ 84,000₮
Цамц бэлгэнд
Юбка 33,000₮
Цамц 16,000₮
Зангиа 3,500₮
Ахлах анги
/X-XII/
Эрэгтэй Хүрэм 65,000₮ 108,000₮
Цамц, өмдний шуумаг тогтоогч бэлгэнд
Өмд 36,000₮
Цамц 16,000₮
Зангиа 3,500₮
Эмэгтэй Хүрэм 65,000₮ 106,000₮
Цамц бэлгэнд
Юбка 33,000₮
Цамц 16,000₮
Зангиа 3,500₮

Энэ жилийн борлуулалтын онцлог нь:

  • Бага ангийн эрэгтэйн иж бүрдэлд өвлийн өмд бэлгэнд
  • Бага ангийн эмэгтэй иж бүрдэл авсан цамц бэлгэнд,
  • Дунд ангийн эрэгтэй болон эмэгтэй иж бүрдэлд цамц бэлгэнд
  • Эрэгтэй бүхий л иж бүрдэлд өмдний шуумагны наалт тус тус бэлгэнд өгнө.

“Бат Зүү” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцас худалдаалах цэгүүд:

• Дүнжингарав 246-р лангуу (8-р сарын 6-наас)
• Хархорин 3 давхарт 188-р лангуу (8-р сарын 8-наас)
• Имарт сүлжээ дэлгүүрүүд (8-р сарын 8-наас)
• Хуучин Бөмбөгөр 4-3-р лангуу (8 сарын 10-наас)
• Сүхбаатарын талбай (8 сарын 10-наас)


“ӨЭЛҮН МЕНЧ” ХХК

Үндсэн иж бүрдэл, үнэ Нэмэлт иж бүрдэл, үнэ
Бага анги
/I-V/
Эмэгтэй Эмэгтэй сарафан 49.000₮ Бага анги
/I-V/
Сорочкан цамц 18.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 43.000₮ Зангиа 3000₮
Эрэгтэй өмд 27.000₮
Дунд анги
/VI-IX/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 51.000₮ Дунд анги
/VI-IX/
Сорочкан цамц 20.000₮
Эмэгтэй юбка 34.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 53.000₮ Зангиа 3000₮
Эрэгтэй өмд 36.000₮
Ахлах анги
/X-XII/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 75.000₮ Ахлах анги
/X-XII/
Сорочкан цамц 22.000₮
Эмэгтэй юбка 35.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 80.000₮ Зангиа 6000₮
Эрэгтэй өмд 45.000₮

“Өүлэн” брэндийн сурагчийн дүрэмт хувцас худалдаалах цэгүүд:

• Сүлжмэлийн үйлдвэрийн гадаа асарт
• Баялаг ундраа худалдааны төвийн 2 давхарт баруун хойд буланд 240-р павильон
• Дүнжингарав худалдааны төвийн 29 болон 30-р павильон /Хоолны газрын зүүн хаалгаар ороод 2-р эгнээнд/ ажиллаж байна.

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн
• УИД-ийн урд задгай талбайд асарт
• Сүхбаатарын талбайд асарт тус тус худалдана

Утас: 77105858, 80089002, 80089003, 80089004, 80089005, 80089006

*Энэ жилийн онцлог нь бага ангийн охидын сарафан нэг товчтой байсан бол урдуураа тэр чигтээ товчтой болж өмсөж тайлахад амар болжээ.


“ШИЛМЭЛ ЗАГВАР” ХХК

Үндсэн иж бүрдэл, үнэ Нэмэлт иж бүрдэл, үнэ
Бага анги
/I-V/
Эмэгтэй Эмэгтэй сарафан 49.000₮ Бага анги
/I-V/
Сорочкан цамц 18.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 43.000₮ Зангиа 3000₮
Эрэгтэй өмд 27.000₮
Дунд анги
/VI-IX/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 51.000₮ Дунд анги
/VI-IX/
Сорочкан цамц 20.000₮
Эмэгтэй юбка 34.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 53.000₮ Зангиа 6000₮
Эрэгтэй өмд 36.000₮
Ахлах анги
/X-XII/
Эмэгтэй Эмэгтэй хүрэм 75.000₮ Ахлах анги
/X-XII/
Сорочкан цамц 22.000₮
Эмэгтэй юбка 35.000₮
Эрэгтэй Эрэгтэй хүрэм 80.000₮ Зангиа 6000₮
Эрэгтэй өмд 45.000₮

“Шилмэл загвар” ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцас худалдаалах цэгүүд:

(Доор дурдсан цэгүүдэд наймдугаар сарын 10-наас эхэлж худалдаална)

Улаанбаатар хот:

  • Баруун дөрвөн зам, Голомт хотхон, Шинэ Өргөө 2 давхарт “Шилмэл загвар Fashion center”
  • III, IV хорооллын Ахуй үйлчилгээний төвийн гадна талд
  • III, IV хорооллын Номин их дэлгүүрийн гадна талд
  • Баялаг-Ундраа худалдааны төв

Орон нутагт:

  • Дархан-Уул аймгийн Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн гадна талд
  • Дорнод аймагт 13 дугаар цэцэрлэгийн хажуу талд
  • Эрдэнэт хот

Утас: 11-331612

Categories
мэдээ улс-төр

Дэд ажлын хэсгүүд хуралдана

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажлын хэсгүүд хуралдаж байна. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч өөрийн саналаа хуулийн төслөөр тусгайлан хүргүүлсэн бол сөрөг хүчин АН саналаа өгөөд байгаа. Мөн улс төрийн 14 хүчин энэ асуудлаар шаардлага хүргүүлсэн.

Өчигдөр ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд хуралдсан. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг хуралдах юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт сайд нар орон нутагт томилолттой байсан учраас Засгийн газар хуралдаагүй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийг долоо дордуулсан түүх

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Юутай ч энэ өөрчлөлт тодотгол нь УИХ, Засгийн газрыг өнөөгийн байгаагаас нь илүү том хямралд орохоос сэргийлж чадсан гэж боддог. Энэ бол Энхбаяр бид хоёрын хамтын бүтээл, тухайн үеийн парламентын нийт гишүүдийн оролцоо юм. Би энэ тухай урьд нь огт бичиж, нийтэд зарлаж байгаагүй, зөвхөн өөр дотроо л бахархаж байсан билээ. Сохор хүн дүйвээнээр, соотон нохой чимээнээр гэгчээр сонгуульд зориулж мушгин гуйвуулсан яриа хийрхэл дэлгэрсэнд олон түмэн ямар ач холбогдолтой болсныг нь ойлгосон юмгүйгээр автаад ирэхээр тэдэнд таалагдах гэсэн зүхэл хараал үерийн ус шиг. Олны энэ ойлголтгүй байдал түр зуурынх гэж бодож байна. Цагийн аяст хүмүүс ойлгоно. Тэр цагт Энхбаяр бид хоёрыг зөв алхам зөв цагт нь зоригтой хийжээ гэж үнэлэх болно.


ҮНДСЭН ХУУЛИЙГ ДОЛОО ДОРДУУЛСАН ТҮҮХ

Үндсэн хууль нь тухайн орны улс төр, эрх зүй, эдийн засгийн тогтолцоог тодорхойлдог онцгой статус бүхий дээд зарчмын хууль юм. АНУ анх Үндсэн хуулиа батлахаас өмнө дэлхийн хаана ч ийм цогц хуулийн зарчим онц хэрэггүй байсан бололтой. Тэр үед хаана ч хаан улс орноо захирдаг байсан болохоор тухайн хүн, их бодож бүлэг хүний хувирч өөрчлөгдөж болдог, хөгжүүлэн нарийсгаж, эсвэл тэр чигээр нь цуцалж болдог тогтолцоо л байсан биз. Америкчуудаас өмнө нийгмийн тэгш тогтолцоо буй болгосон Англи, Швед, Голланд гэх мэтийн орнууд ерөөсөө Үндсэн хууль хийсэнгүй, гол хэдэн хуулиараа Үндсэн хуулийг орлуулах болсон.

Үндсэн хууль гол зарчим тодорхойлдог, тогтсон тэр хайрцагаас нь халилгүйгээр араас нь органик хуулиуд дагалдан нийгмийн хэв хэмжээг тогтооно. Үндсэн хуулийг зохиохдоо төсөөлсөн тогтолцоогоо зураглан харуулдаг, тиймээс үндсэн зарчмын асуудлаа орхигдуулах, тодорхой бусаар томьёолох зэрэг нь байнга тохиолддог бэрхшээл. Иймээс тодруулах, нэмэлт өөрчлөлт хийх, шинэчлэх, цоо шинээр зохиох зэрэг нь практикт байдаг л явдал. Тухайлбал, АНУ-ын Үндсэн хуулийг батлахад орхигдуулсан гол зарчмуудыг үргэлж нэмэлт хуулиар тодотгоод явдаг. Ийм нэмэлт эдүгээ хорь гаруй бий. Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт гэдэгт АНУ-ын хууль тогтоох байгууллага шашин, хэвлэл, олон нийтийн байгууллагын тухай, тэднийг дэмжсэн болон хориглосон хууль тогтоомж гаргаж болохгүй гэж байгаа. Үүнийг эх Үндсэн хуулиасаа чухал зарчим гэж үздэг. Гэтэл архи дарсыг тус улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх, түгээх, тээвэрлэх, борлуулахыг хориглосон нэмэлт нь тун айхавтар сөрөг үр дагавар учруулсан тул арваад жилийн дараа бас нэг нэмэлтээр цуцлан хүчингүй болгожээ.

Франц анхны Үндсэн хуулиа 1791 онд баталсан боловч түүнээс хойш маш олон удаа шинэчилсэн. Хамгийн сүүлчийнх нь 1958 онд Тавдугаар Бүгд найрамдах улс байгуулагдахад шинэчилжээ. Сүүлчийн Үндсэн хуулинд 2000, 2008 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хууль нь ерөнхий төсөөллөөр зохиогддог учраас заалт болгон нь амьдралтай тулан шалгагддаггүй учир тунхаг хэлбэрээр яваад байдаг. Судлаачдын өгүүлж буйгаар Францын сүүлчийн Үндсэн хууль хэрэгжээд жар гаруй жил болж байгаа боловч ердөө 30 хувь нь амьдралаар шалгагдсан аж.

Монгол Улс ХХ зуунд Үндсэн хууль гэж шууд нэрлэсэн 4, Үндсэн хуулийн зэрэг зиндаатай хууль зарлиг тогтоол 4-ийг тус тус гарган хэрэгжүүлжээ. 1992 онд баталсан Үндсэн хууль 1996-2000 онд хүнд шалгуур туулсан юм. Үүнийг ойлгосон УИХ 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд Үндсэн хуулинд тодотгол хийсэн ба тэрийг нь тухайн парламент 100 хувийн ирцтэйгээр нэгэн саналаар баталсан билээ. Өнөөдөр энэ тодотголын “албан ёсны” хоч нь “дордуулсан долоо”.

1996 оны сонгуулийн дүн Ардчилсан холбоо эвсэлд 50 суудал, МАХН-д 25 суудал, бие даагчид нэг суудал авчирсан юм. Үндсэн хуулинд тусгаснаар алив хуулийг гишүүдийн гуравны хоёр дэмжсэн тохиолдолд батлагдахаар тусгажээ. Энэ нь хууль батлагдахад даруй 51 гишүүний дэмжлэг хэрэгтэй болж буй хэрэг. Чухам энэ заалт цөөнхөд тун ашигтай тусав. Өөрсдийнх нь хүссэнээр болохгүй бол шууд л хурал хаяна. Нөгөөтэйгүүр эрх баригч хүчнээ юу ч хийлгэхгүй боймолсноор олон түмний дунд нэр хүндийг нь унагахад ашиглана. Ойлгосоор байж, энэ нь төрийн машиныг гацааж байгааг мэдсээр байж зориуд зөрүүдлэн юу ч байсан хамаагүй сульдуулан онхолдуулахад хэрэглэдэг тогтсон арга болж хувирлаа. Тэр дөрвөн жилд сөрөг хүчин 140 орчим удаа хурал хаяж парламентыг юу ч хийлгэх аргагүй болгож байлаа. Ерөнхий сайд Энхсайханы үед реформ эрчтэй явж байсан. Гэвч түүнийг Ардчилсан холбоо эвсэл хүчээр огцруулсан юм. Тэгэнгүүт тэрээр “хөдөөний фракц” гэгчийг байгуулан өөрийн талын дараагийн Засгийн газарт дайсагнаж эхэлсэн нь сөрөг хүчинд томоохон олз боллоо.

Энхсайхан УИХ-ын гишүүн биш байсан тул “Элсний 13” хоч авсан “дотоод сөрөг хүчнийг” До. Ганболд гэгч удирдана. Эрх баригч хүчин хурал хийсний дараа тэрээр тодорхой болзсон өрөө рүү явж очно. Тэр өрөөнд Нямдорж, Бямбадорж хоёр шатар тоглоод сууж байх. Уг нь аль алин нь нүүдлээс цаашгүй гарууд л даа. До тэдэнд өөрийн бүлэг нь ямар шийдвэр гаргасныг ховлоод яах талаар асууна. Мань хоёр намын дарга Энхбаяраас эцсийн шийд асууна. Иймэрхүү л механизм үйлчлэх болсон юм.

1998 онд Засгийн газар солигдсон, Элсний 13-ын дотоод сөрөг хүчин буй болсон, банк санхүүгийн реформ хийгдсэн, Казиногийн хууль батлагдсан, Зориг алагдсан, МАХН-ын удирдлагын хүсэлт шахалтаар Эрдэнэтийн даргыг сольсон гээд олон асуудал бараг зэрэгцлээ. Мэдээж эндээс элснийхэн шударга эх орончид мөнөөс мөн, Банкны тогтолцоог шинэчилсэн биш идээд уучихсан, Казиногийн хууль баталснаар хээл хахууль авцгаасан, Зоригийг ардчилсан хүчнийхэн өөрснөө нухчихсан, Эрдэнэтийг идэж уухын тулд өөрсөндөө авсан гэх мэтийн суртал нэвтрүүлгийг хүн үнэмштэл эрчимтэй гааруулж эхэллээ. Тэд мэдээллийн бүх хэрэгслийг гартаа оруулсан дээрээ эсэргүүцлийн цуглаан жагсаал байнга зохион түүнээ гүтгэлэг доромжлолоор хангалттай чимэглэнэ. Хариу үнэнийг яаж ч тайлбарлаад нийгэм хүлээж авахгүй болжээ.

Дараагийн асуудал нь энэ хийрхэлийг дагаад Ардчилсан хүчин өөрийн Засгийн газраа дөрөв дахин солилоо. Нэгэнт Элсний 13-аар бэхэжсэн сөрөг хүчин үүнийг тун амархан ядах юмгүй шийдэж байв. Өөрсдийнх нь гараар өөрсдийг нь. Зориг алагдсаны дараа “Зоригийн фракц” гэсэн нэртэй шинэ бүлэглэл буй болов. Үнэндээ тийм фракц байгаагүй, байсан гэж үзэхэд Зоригтой ойр байсан хүмүүсээс нэг нь ч энэхүү дотоод сөрөг хүчинд хамрагдаагүй юм. Дээр нь сум Дашзэгвэ гэх мэтийн бие даасан гарууд өөрийн нам хүчний эсрэг чадлаараа тэмцэж “шударга үнэний талд” баттай зогсов. Парламентын гуравны хоёр суудал авсан эрх баригч Ардчилсан хүчний эвсэл үнэн хэрэгтээ цөөнх болж хувирав. Саналыг яагаад ч юм нууцаар өгнө. Ингэхэд л Засгийн газрыг хүссэн цагтаа нууцаар санал өгөөд л онхолдуулж орхино.

Улс орны хамгийн чухал асуудал бол улсын нэгдсэн төсвийг батлах явдал юм. Цөөнх хариуцлага хүлээдэггүй. Гэвч үнэн хэрэгтээ олонх болсон тэдний ганц зорилго нь дур дураараа албан ёсны эрх баригчдыг гутаан, хийх гэсэн ажлыг нь дампууруулах явдал юм. Иймээс Сангийн яаманд бэлдэж Засгийн газраас оруулж ирсэн 1999 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэх үед сөрөг хүчин ба тэдний талын эх орончид дур дураараа самарч өглөө. Жалга болгон өөрийн дивтаадыг сонгодог тогтолцоотой болохоор үнэн хэрэгтээ эрх авсан тэд хурал хаях, төрийн машиныг гацаахаараа сүрдүүлэн нэгдсэн төсвийг тал тал тийш нь чангаан тарааж, нийгмийн нэгдсэн бодлогыг талаар нэг цацав. Төсөв ийм дур зоргын болох аваас ерөөсөө ч парламентын оршин тогтнож буй нь утга учраа алдана.

Дараагийн шинээр гарч ирсэн бужигнаан огцорсон Засгийн газрын оронд шинээр танхим томилох асуудал гэж босож ирэх нь тэр. Элбэгдоржийг юу ч гэсэн эхлээд огцруулж орхисон боловч дараагийн Ерөнхий сайдыг сонгон нэрлэж томилох асуудал бараг хагас жил үргэлжилсэн. Огцроод сайдын үүрэг гүйцэтгэгч (СҮГ) нэртэй болсон Засгийн газар энэ урт хугацаанд ямар ч шийдвэр гаргаж чадахаа болилоо. Энэ үхмэл байдлын цаад сурвалж нь Ерөнхийлөгчийн оролцоо байсан юм. Үндсэн хуулинд “зөвшилцөх” гэсэн тодорхой бус үг байдаг. Ерөнхий сайд болон сайд нар, шүүгч, прокурор, цэцийн гишүүн, төв банкны ерөнхийлөгч болон өөр олон албан тушаалтныг томилохдоо хэн нэгэнтэй аль нэг субьект зөвшилцөнө гэж байгаа. Энэ нь чухам хэн нь эцсийн шийд гаргах эрхтэй нь тодорхой бус. Ерөнхий сайдыг томилохдоо УИХ нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж тусгасан аж. Ерөнхий сайдыг УИХ томилох уу, Ерөнхийлөгч үү? Зөвшилцөөд тохирохгүй бол хэн нь эцсийн шийд гаргах вэ? Шийд гаргаж чадахгүй бол улс орон гүйцэтгэх засаглалгүйгээр гацаж болдгийг тухайн явдал тод харуулсан.

УИХ Ерөнхий сайдад Да.Ганболдын нэрийг дэвшүүлтэл Ерөнхийлөгч зөвшилцөхөөс татгалзав. Энэ нь ч түүнд тавьсан хувийн хүсэлтийг хүлээж аваагүй гэх цаанаа учир жанцантай байсан юм, Ерөнхий сайдыг УИХ томилох илүү эрх мэдэлтэй гэж үзэж Ганболдын нэрийг долоон удаа дэвшүүлэхэд Ерөнхийлөгч долоон удаа зөвшилцлөөс татгалзсан. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа хэдэн хүний нэр өөрийн зүгээс дэвшүүлж, энэ тохиолдолд зөвшилцөж болно гэдгээ илэрхийлжээ. Энэ бол “зөвшилцөх” гэсэн үгийг хортойгоор ашиглаж буй хэрэг, юу гэвэл Үндсэн хуульд тусгасан парламентын засаглал гэдгийн утгыг алдагдуулж Ерөнхийлөгчийн засаглал руу гулсуулж буй хэрэг. Хэрвээ парламентын сонгуульд олонх суудал авсан бүлэглэл өөрийн үзэмжээр Засгийн газраа байгуулж чадахгүй юм бол сонгууль ч өөрөө утгагүй хэрэг шүү дээ. АНУ-д Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүн өөрөө Засгийн газраа шууд толгойлдог. Хагас Ерөнхийлөгчийн гэгддэг Франц хувилбар ба түүнийг дуурайсан, Солонгос, Орос зэрэг оронд Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилдог ч Ерөнхий сайд нь үнэн хэрэгтээ Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргын зиндааны үүрэгтэй байдаг. Монгол нь Үндсэн хуулиараа бүрэн парламентын засаглалтай учраас хуулинд заасны дагуу Ерөнхийлөгч нэг удаа хориг тавихаас илүүг хийх бололцоогүй юм. Ганболдыг долоо онхолдсоны дараа УИХ арга барагдан Бат-Үүл, Ганхуяг нарын нэрийг дараалан дэвшүүлж үзсэн боловч бас л Ерөнхийлөгчийн шаардлагыг хангасангүй. Ингээд бууж өгөн, бараг хагас жил өнгөрсөн хойно Ерөнхийлөгчийн нэрлэсэн хүнийг томилох санал хүргүүлж байж арай гэж “зөвшилцсөн” болсон.

1992 оны Үндсэн хуульд тусгасан дээрх дөрвөн заалт амьдралын шалгуур даахгүй нь тодорхой боллоо. Цаашид эдгээр заалт энэ хэвээрээ тодорхой бус нөхцөлтэйгөө үргэлжлээд байх ахул Монголын төр чадамжгүй болж, хэн нь ч хэзээ ч өөрийн эрх ашигт тохируулан хааш нь чирч гудчин аюул нүүрлэнэ. Тэнэглэхэд хязгаар бий, гэвч дараагийн сонгуульд ялах нь тодорхой болсон хүмүүсийн масс хийрхэлд хязгаар байдаггүй юм билээ. Дотоод сөрөг хүчнийхэн ч нэгэнт гишүүн болж амташсан учир энэ амжилтаа нахихаар идэвхийлэн өөрсдийн гарч ирсэн нам эвслээ нөгөөдүүлээсээ илүү хараан зүхэж, шүлс цэрээрээ будаж гарлаа. Зарим нь парламентын дотор болон гадна шинээр улс төрийн нам байгуулж ирэх сонгуульд амжилт олохын тулд эх орныхоо төлөө хөөрхий гэмгүй цээжээ олны нүдэн дээр хонхойж цоортол нь бөмбөр мэт нүдэж өгдөг юм байна. Тэд бүгдээрээ өөрсдийгөө Ардчилсан хүчинтэй, ялангуяа удирдлагатай огт хамаагүй, харин ч тэднийг хар нялхаасаа үзэн ядаж өссөн шахам юм сурталдана. Гэвч дараагийн сонгуульд Ардчилсан хүчин ор мөргүй хусагдана гэдэг нь ялангуяа Зоригийг хороосны дараа бүр ч илэрхий болчихсон байсан даа. 2000 оны сонгуульд МАХН хамгийн багаар бодоход 80 гаруй хувийн санал авна гэж би тэр үед бичиж байсан нь сонины хуудсанд үлджээ. Баабар сонгуульд зориулж олны толгойг эргүүлж байна гэх сүрт эсэргүүцэл, эгдүүцэл ч хэвлэлд үлдсэн.

Хийрхсэн олны явдал нүд хорсом зэвүүнтэй ч Үндсэн хуульд буй дээрх голлосон зангилаа заалтыг засахгүй бол эд гэхээсээ улс оронд хамаг хохирол нь бууна. Чадамжгүй сул дорой засаг л эцсийн бөлөгт алив улс орныг балладаг. Гэвч ийм засвар нэмэлт тодотгол хийе хэмээн миний бие санал тавьбал яагаад ч хүлээн авагдахгүй. Үүнд тусалж чадах хүн нь өдгөө хэмжээгүй эрх дархтай болсон, маргаашийн Ерөнхий сайд Энхбаяр мөнөөс мөн. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт тодотгол зөвхөн түүнд өөрт нь ашигтай, таалагдаж байж гэмээнэ тэр зөвшөөрөх нь тодорхой. Энхбаярын албан тасалгаа минийхээс холгүй, хэдхэн хаалганы цаана. Ингээд би Энхбаяр даргатай уулзсан юм.

Дөрвөн заалт бүхий саналаа түүнд ярьлаа.

1. Хууль батлах квотыг багасгахгүй бол хууль тогтоох байгууллага бойкотод өртөж төрийн машин гацах аюул учирдаг юм байна гэдгийг бид бүгдээрээ харлаа. Энэ удаа манай тал хохирч танай тал хожсон мэт боловч шидсэн чулуу эргэж эзнээ онодог. Гэвч төрийн машин гацсаны хохирол нийт улс оронд хортойг бид бүгд ойлгосон байх.

2. УИХ зарим санал хураалтыг нууцаар өгдөгийг больё. Нэг талаас ард түмнээс ил тодоор сонгогдчихоод зарим чухал асуудал, түүний дотор Засгийн газрыг огцруулах асуудлыг нууцаар санал хураахаар аль ч нам бүлэглэлд хангалттай олон урвагчид байдаг юм байна, тэд өөрсдийн Засгийн газраа дуртай үедээ сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад унагаж болдог юм байна гэдгийг хамтдаа харлаа. Мөн л шидсэн чулуу эргэж буухдаа эзнийхээ толгойг хага цохих магадлал өндөр шүү дээ.

3. Засгийн газраас оруулж ирсэн улсын нэгдсэн төсвийг гишүүд дур дураараа самарч болдог тогтолцооноос татгалзъя. Төсвийг дуртай нь самарч болдог юм бол Засгийн газар байгаад ч ямар хэрэг байна?

4. “Зөвшилцөх” гэсэн үгийг тодотгож, хэнд нь илүү эрх мэдэл байж эцсийн шийдвэр гаргах эрхтэйг нэг мөр тогтооё. Сул дорой Засгийн газар улс оронд аюултай ч Засгийн газраа байгуулж чадахгүй бол бүр хортой болохыг чи бид нүдээр харлаа. Энэ байдал мөн л шидсэн чулуу эзнээ эргэж онохын үлгэр маягаар цаашид давтагдах болно.

Эдгээр санал Энхбаярт үнэхээр таалагдсан. Шууд зөвшөөрсөн. Тэрээр дараагийн Ерөнхий сайдаар томилогдох нь бараг баталгаатай гэдгээ өөрөө сайн мэдэж байсан. Гэвч нууц санал хураалтаар түүнийг огцруулж болно, одоогийн Ерөнхийлөгчтэй харилцаа тун тааруутай учир түүнийг УИХ нэрийг нь дэвшүүлээд оруулаад ирэхэд долоо дахин онхолдуулах бололцоо бүр ч илүү магадлалтайг ч ойлгож байгаа. Харин тэр Үндсэн хуульд нэмэлт тодотгол оруулах саналыг өөрөө эхэлж санаачилахаас цааргалав. Надаар могой бариулах гээд байх шиг. Дахиж дивтаат болох хүсэл сонирхолгүй болсон би нүцгэн гараараа могой барьж болж л байна, гэхдээ би эхэлж санал тавьснаар бүр бүтэлгүй болж хувирна. Энхбаяр надад өөрийн намын таван “том хуульчтай” уулзаж энэ санаагаа хэлэхийг санал болгов. Тэд санал гаргахаар араас нь үхтлээ дэмжих гэнэ. Таван том гээд байгаа нь Нямдорж, Бямбадорж, Шаравдорж, Төмөр, Лундаажанцан. Би зөвшөөрсөн. Эднээс хамгийн хялбар нь Төмөр, Лундаа хоёр. Төмөр бид хоёр зэрэгцээ өрөөнд суудаг, биенийхээрээ өдөрт хэд хэд орж гардаг, дотно харилцаатай, олон юманд санал нийлдэг. Лундаажанцан хууль эрхийн талаар хамгийн сайн мэдлэгтэй бөгөөд зөв ойлголттой нэгэн, даанч аймхай нь хэтийдсэн хүн л дээ. Үнэхээр тэр хоёр миний саналыг бүрэн дэмжсэн.

Бямбадорж ч санал нийлсэн, гэхдээ тун хашир үзэж аль болох намайг холхоноос ажиглаж суухыг зөвлөв. Шаравдоржтой уулзахгүй гэдгийгээ би Энхбаярт шууд хэлсэн. Надтай таарч байсан олноос хамгийн хүний адаг болсон тэр амийтантай ойртохоос сэжиг хүрдэг учир өөрөө ярилц гэсэн юм. Хамгийн зовлонтой хүн Нямка. Бид хоёр уг нь дажгүй нөхөрлөж байсан юм. Харин найз маань банкны реформын үед хамгийн бузар гүтгэлгийг зохиож, цуглаан жагсаалд хамгийн чангаар орилж, мэдээллийн хэрэгслээр хамгийн олон, хамгийн урт удаан ярьсан нь.

Би түүнд учрыг тайлбарлах гэж хэд хэд оролдсон, хашир ганцхан хариутай “Би ард түмнийхээ талд баттай зогсоно”. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт тодотгол илүү чухал байсан учир би түүнийг гэртээ урилаа. Орой үдэш болчихсон байсан, “манайхаар гялс ороод гаръя” л гэсэн юм. Уг нь би шил юм задлаад учир жанцан ярья гэж бодсон. Харин мань хүн гэрт орж ирчихээд хувцсаа ч тайлсангүй, гуйгаад байхад сандал дээр ч суусангүй. Би Энхбаярт ярьсныгаа үг үсэггүй давтав. Мань эр ямар ч хариу хэлэлгүй баахан номхон зогсож байснаа “За би харьлаа, шөнө болчихлоо”. Би түүнээс хариу шаардав. “Юу ч гэсэн намынхаа нөхөдтэй зөвлөлдөнө” гээд гараад явчихсан. Намайг яах гэж гэртээ урьж буйг, юу хэлэх гэж байгааг мань эр мэдэж байсан бололтой.

Энхбаяр бид хоёрын тохиролцсоноор мань таван том хуульч санал шургуулна, түүнийг нь дарга дэмжин хэлэлцэнэ. Мөн Ардчилсан хүчний дотоод сөрөг хүчний эх орончдыг тэдний бүлэг зөөлөн ятгаж үгэндээ оруулна. Харин би эрх баригч хүчин нэр хүлээсэн цөөнхийн хэдийнхээ голлох нөлөөтэй хэдийгээ ятгах үүрэгтэй. Бүх юм санаснаар бүтэж асар богино хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт тодотголын эх загвар бэлэн боллоо. Миний гаргасан дөрвөн саналын гурав нь хүлээн авагдаж, улсын нэгдсэн төсвийг дураараа самрахгүй гэдгийг нь зөвшөөрсөнгүй. МАХН буюу Энхбаярын бүлгээс өөрсдийн дөрвөн саналыг нэмжээ. Хууль томьёолох, өргөн барих ажилд би огт оролцоогүй, Бямбадоржийн зөвлөсний дагуу, холхоноос ажиглаж суусан. Үүнээс хойш ч Энхбаяртай дахиж уулзаагүй. Ингээд дараа сонгуулиас зургаан сарын өмнө амжиж 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд Үндсэн хуулийн нэмэлт тодотголыг УИХ нэгэн дуугаар баталсан билээ. Хуулийг батлуулахын өмнө би үүнийг Чимид гуайд үзүүлж болно гэсэн “санкци” авч байсан.

Хожим бодохноо эдгээр нэмэлт тодотгол байгаагүй бол хууль тогтоох дээд байгууллага маань төдийгүй Гүйцэтгэх засаглал, Үндсэн хуулийн Цэц ямархуу төвөгтэй байдалд дахин дахин орооцолдож улс орон байгаагаасаа хүнд хохиролд орох байсан бол гэж боддог. Мэдээж би тухайлан Энхбаярт тусалъя, аваръя гэж эхнээс нь төлөвлөөгүй. Энхбаяр Засгийн оройд гарлаа ч ээлж нь ирэхээр эргээд л бууна, харин Монгол төр цааш үргэлжилсээр байх болно. Энэ тодотголын хүчээр Ерөнхий сайд Энхбаярыг хуйвалдаанаар огцруулах гэсэн хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн. Бараг цусан өст дайсан нь болчихсон тэр үеийн Ерөнхийлөгч түүнийг Ерөнхий сайдын сэнтий рүү ойртуулахгүй байж чадаагүй, тэрээр өөрийг нь авч хаях гээд нэгэнт шийдчихсэн байсан аюулаас золоор ч юм уу мултарч даван гарсан. Чухам түүнийг буруутгах гэж өөрийнх нь “дотоод сөрөг хүчнээс” анхлан эдгээр тодотголд “дордуулсан долоо” гэсэн хоч анхлан өгсөн төдийгүй процедурын үл ялиг зөрчлийг гул барин Цэцээр дамжуулан баахан хэрүүл уруул үүсгэж байсан. Мэдээж таван тодотгол байсан бол “тамтаггүй тав”, гурав байсан бол “гутамшигт гурав” гэх мэтээр толгой холбох л байсан. Дордуулсан долоог, ялангуяа миний сэдсэн дээрх гурван заалтыг хууль эрх зүйн үүднээс үндэслэлтэй буруутгасан нэг ч тохиолдол өдий болтол сонсоогүй явна. Харин Болор цомын уралдаанд оролцож буй шүлэгч шиг “дордуулсан долоо нь” хэмээн цахиртуулах авч өөрснөө тэр долоогоо уншаа ч үгүй яваа нь царайнаас нь ил. Чухам тэр нэмэлтээс болоод Монгол Улс балран сүйдэж байгаа юм шиг, хэрэв ийм тодотгол байгаагүй бол улс орон маань хөгжлийн түвшингээр Америк, Японы урд гарчихсан байх юм шиг эш мухаргүй хийрхсэн сурталчилгаа улам чанга сонстох болсон учир урьдын явдлыг эргэж дурсаж байна.

Юутай ч энэ өөрчлөлт тодотгол нь УИХ, Засгийн газрыг өнөөгийн байгаагаас нь илүү том хямрал руу түлхэхээс сэргийлж чадсан гэж боддог. Энэ бол Энхбаяр бид хоёрын хамтын бүтээл, тухайн үеийн парламентын нийт гишүүдийн оролцоо юм. Би энэ тухай урьд нь огт бичиж, нийтэд зарлаж байгаагүй, зөвхөн өөр дотроо л бахархаж байсан билээ. Сохор хүн дүйвээнээр, соотон нохой чимээнээр гэгчээр сонгуульд зориулж мушгин гуйвуулсан яриа хийрхэл дэлгэрсэнд олон түмэн ямар ач холбогдолтой болсныг нь ойлгосон юмгүйгээр автаад ирэхээр тэдэнд таалагдах гэсэн зүхэл хараал үерийн ус шиг. Олны энэ ойлголтгүй байдал түр зуурынх гэж бодож байна. Цагийн аяст хүмүүс ойлгоно. Тэр цагт Энхбаяр бид хоёрыг зөв алхам зөв цагт нь зоригтой хийжээ гэж үнэлэх болно.

2019.8.3.

Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Дарханы зам ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.


-Аялал жуулчлалын саруудад хамгийн түрүүнд авто замын асуудал хөндөгддөг. Салбарын зүгээс энэ жил ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манай яам салбарын бодлогыг тодорхойлж, бодлогын хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үүрэгтэй. Олон жил аж ахуйн ажил руу хэт их хутгалдсан. Дарга, цэрэггүй зам барих гээд байна л даа. Одоо энэ бүхнийг зөв голдирол руу нь оруулж, өөр өөрсдийн хийх ёстой ажлаа хийж, хийлгэх ёстой хүнээр нь ажлыг нь хийлгэх тогтолцоо бүтэц рүү шилжих гээд ажиллаж байна. Энэ хүрээнд салбарынхаа бодлогыг тодорхойллоо. Жишээ нь, авто тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хуучин би авто тээврийн бодлого хэрэгжүүлэлтийн зохицуулах газрын дарга байхдаа боловсруулаад батлуулсан. Энэ бодлого маань найман жилийн хугацаатай төлөвлөгөө гараад явж байна. Мөн агаарын тээврийн талаарх бодлого 2020 он хүртэл бий. Төмөр замын бодлого тодорхой хугацаа байхгүй. Ингээд эдгээр бодлого хоорондоо уялдаа холбоогүй яваад байгаа учраас бодлогуудаа нэгтгэж үйл ажиллагаа явуулах, Засгийн газраас өгсөн чиглэл, бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу урт хугацааны бодлогоо тодорхойлъё гэх ажил руу ороод явж байна. Ингээд салбарын бодлогоо 25 жилээр төлөвлөлөө. 25 жилд техник технологийн дэвшлийг дэлхий нийтээрээ ч тааж тааварлах боломжгүй байна. Мэдээлэл технологийн чиглэлээр холбогдох газрууд нь бодлого боловсруулахад ойрын таван жилээс цаадахыг төлөвлөхөд хүндрэлтэй байгаа. Хурдацтай хөгжиж байгаа техник технологийн энэ үед цаашид хичнээн дэвшилтэт зүйлс хэрэглээнд нэвтрэхийг мэдэхгүй. Тэгэхээр бид 25 жилд ямар бодлого баримтлах талаар бодлогын чиглэлүүдээ тодорхойлоод холбогдох газруудад нь өгч салбарынхаа нэгдсэн уялдаа холбоог бий болгох тал дээр түлхүү ажиллаж байна. Өнөөдөр бодлогын яам болохын тулд манай яамны бүтэц зохион байгуулалт ямар байхыг яриад дуусч байна. Удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж, яамны стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөө шинэчилж батлуулаад тодорхой зохион байгуулалтын шинэчлэлтүүд хийгдэнэ. Олон жил бодлогынхоо асуудлаа ардаа орхиод зөвхөн өдөр тутмын нэг зам барих, нэг барилга барих зүйл рүү анхаарлаа хандуулаад ирчихсэн.

Манай салбар өөрөө ачаа эсвэл хүн хоёрыг зөөх гол үүрэгтэй. Салбарын үзүүлэлт хагас жилийн байдлаар хэт өнөөдрийн барилга байшин гэх ажил руу яваад том үзүүлэлтээ мартчихсан учраас зорчигч эргэх тээвэр өмнөх жилээсээ 10 хувиар буурсан байна. Салбарын үзүүлэлтийг хэдэн хүн зөөв, хэдэн тонн ачаа зөөв гэдгээр дүгнэдэг. Тиймээс салбарын урт хугацааны бодлогоо тодорхойлох нь хамгийн чухал байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 110 мянга гаруй км авто замтай. Аймгийн төвөөс сум руу, сумаас сум хооронд, хилийн боомт руу, сумын доторх, нийслэлийн доторх замууд нийлээд 110 мянга гаруй км байна. Авто замын тухай хуулиараа эдгээр замыг олон улсын чанартай зам, улсын чанартай зам, тусгай зориулалтын зам, хот хоорондын зам, хот доторх зам зэргээр ангилчихсан. Энэ хуулиар Зам, тээврийн хөгжлийн яам олон улсын болон улсын чанартай замыг хариуцдаг, өмчлөгч нь гэсэн үг. Бусад замууд бол тухайн аймгуудын иргэдийн хурал нь хариуцаад явдаг, тэдний өмч байдаг. Гэхдээ яамны зүгээс нэгдсэн бодлогоор хаанаас хаашаа зам тавих уу, эдийн засгийн хувьд ямар үр ашигтай байна, ямар техник технологиор нэвтрүүлэх үү гэдгийг яам зангидаж явдаг. Энэ жилээс хуулиараа хариуцсан замаа л өөрсдөө хариуцъя гэх санал тавьж байгаа. Олон улсын болон улсын чанартай замын тендерийг бид зарлаад замаа бариулж дүгнэе гэж байгаа юм. Нийслэлээс аймаг руу очиж байгаа замыг улсын чанартай зам гэж нэрлэдэг. Нийслэлээс хилийн боомтууд руу очиж байгаа замыг олон улсын чанартай зам гэж нэрлэж байгаа юм. Мөн тусгай зориулалтын зам гэх шинэ ангиллын зам гарч ирсэн. Энэ нь уул уурхай дагасан нийтийн хэрэгцээний замаас арай өөр стандарт дүрэм журам мөрддөг замуудыг тусгай зориулалтын зам гэж нэрлээд байгаа юм. Энэ замуудын засвар арчилт хийх, шинээр зам барих нь манай яамны ажил.

-Зам завсрын ажил удаашралтай байгаа талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг.

-Авто замын тухай хууиар замын зурвас газар гэж бий. Замын зурвас газар тухайн хариуцагчынх нь өмчлөлд байхаар хуульд заасан. Тэгтэл өнөөдөр бид олон улсын болон улсын чанартай замынхаа зурвас газрыг одоо хүртэл эзэмшилдээ аваагүй. Эзэмшилдээ аваагүйн хор уршиг яаж гарч байна. Үнэн хэрэгтээ замаар дүүрэн дэд бүтцийн шугам сүлжээ явж байна. Аль нэг аймаг сум нь нээх үнэтэй хаалга хашаа барьчихсан. Мөн оршуулгууд байна. Энэ бүхний эзнийг нь олж зөөх зөөвөрлөх хэрэгтэй болж байгаа юм. Эдгээрийг замаас холдуулахад 204 км зам дээр улсын төсвөөс 6.5 тэрбум төгрөг гаргаж байгаа. Нөгөө л хийх ёстой ажлаа хийгээгүйгээс болоод илүү зардал гаргаад байна. Тиймээс зурвас газраа өөрсдөө мэддэг болъё гэж байгаа юм. Булшны асуудлыг аваад үзэхэд хамаагүй түрж орхилгүй эзнийг нь олоорой гэхээр олддоггүй. Тэгээд л хайж сураад явна. Түүнчлэн энд тэндгүй овоо босгочихно. Орон нутгийн зүгээс манай нутгийнхан тахидаг гэхдээ бид оролцохгүй, зөөхөд татгалзах юмгүй гэдэг. Тэгтэл энэ доогуур чинь дулаан цахилгааны хоолой, кабель зэрэг олон зүйл байдаг. Цаашдаа зурвас газраа өөрсдийн өмч болгочихдог юм бол дараагийн ажил ч шуурхай явна. Зардал ч хэмнэнэ. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой замын ажил удаад байна гэх шүүмжлэлийн гол зангилаа нь энэ тэнд байршуулсан эдгээр зүйлсээс шалтгаалж байна.

-Дарханы замыг дөрвөн эгнээ болгох гээд замыг хаасан. Харин хажуугаар нь явж байгаа зам зорчиход маш хүндрэлтэй байгаа талаар иргэд ярьж байна. Дархан, налайхын зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Иргэд маань жоохон хүлээцтэй хандаасай гэж хүсч байна. Бүтээн байгуулалтын ажил цаг агаараас шалтгаалаад богинохон хугацаанд хийж гүйцэтгэх хэрэгтэй болдог. Энэ богинохон хугацаанд шуурхай ажиллахын тулд замыг бүрэн хааж засвараа хийх шаардлагатай байна. Хажуугаар нь бид түр зам хийж байна. Гуравхан сар ашиглах зам дээр хэдэн зуун сая төгрөг зарж хатуу хучилттай болгох нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй. Зөвхөн Дарханы замын ажил явагдаж байгаа гурав дөрвөн сар явах замыг засмал зам шиг байхыг шаардаад байна. Бид аль болохоор замын нүхийг бөглөх, шороо тоос босохгүй байх талаар анхаарч ажиллаж байна. Дарханы замыг одоо байгаа замаар нь явуулж байгаад хажуугаар нь шинэ замаа тавьчихгүй яасан юм гэдэг зүйл яриад байгаа. Тэгж болдог байсан бол болно л доо. Гэхдээ одоогийн Дарханы хоёр эгнээтэй замд их засвар хийж байгаа. Энэ их засварыг Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Дөрвөн эгнээтэй болох учраас хажууд нь хоёр эгнээтэй шинээр зам барина. Харин шинэ замыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Энэ хоёр нийлж Улаанбаатар Дархан чиглэлийн дөрвөн эгнээ зам бий болно. Хөнгөлөлттэй зээл нь хамгийн эхлээд гэрээ хэлэлцээр хийгээд бүтчихсэн нь Азийн хөгжлийн банк. Энэ банкны санхүүжилтээр бид шинэ зам барих боломж байхгүй. Их засварт зориулж байгаа хөрөнгө оруулалт. Тэгэхээр бид хуучин замаараа явуулаад хажуугаар нь шинэ зам барьж болохгүй. Европын сэргээн босголтын хөгжлийн банк манайхтай гэрээ хэлэлцээр байгуулсан. Тусгайлсан зээлийн хэлэлцээр батлагдаж дуусаагүй байна. Шинээр баригдах хоёр эгнээ замын ажил намар эхлээд ирэх жил хүртэл үргэлжилнэ. Богинохон хугацаанд хурдан шуурхай зам засварын ажил хийе гэдэг үүднээс зам засварыг эхлүүлсэн. Энэ намар арваннэгдүгээр сард бидний төлөвлөгөөр одооны их засварын замын зорчих хэсгийг хатуу хучилттай болгож дуусгах юм. Ингээд хөдөлгөөн нээгдэнэ. Харин ирэх жил нийтдээ дөрвөн эгнээтэй замтай болно гэсэн үг.

Налайхын зам мөн адил арваннэгдүгээр сард зорчих хэсгийг нь дуусгана. Ирэх жил явган хүний замтай, унадаг дугуйн замтай, бүрэн гэрэлтүүлэгтэй зам болох юм. Манайх авто замын хувьд гурван замаар Азийн авто замын сүлжээнд холбогдсон. Энэ гурван зам олон улсын зэрэглэлтэй олон улсын тээвэрлэлт явагдах зам байгаа. Цаашдаа нийслэл хотоо 21 аймагтай хатуу хучилттай авто замаар холбоё, хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбоё гэдэг зорилттой ажиллаж байна. зүүн болоод урд талын аймгууд хатуу хучилттай замаар холбогдсон. Эндээс үзэхээр 110 гаруй сум хатуу хучилттай замаар холбогдсон. 21 аймгаа хатуу хучилттай замаар холбоход маш өндөр өртөг шаардаж байгаа. Гол замуудаасаа сумуудаа холбох үүднээс хямд өртөгтэй авто замын технилогиор холбох гээд ЖАЙЗА олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Хямд өртөгтэй авто замын технологи гэхээр ямар технологийг хэлж байна вэ?

-Жайкагийн хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд өмнө нь орон нутгийн ажилгүй иргэдийг газар шорооны ажилд татан оролцуулдаг байсан. Гаднаас өндөр техник технологи авчирч их зардал гаргахгүйгээр орон нутгийн иргэдэд цалин хөлсийг нь олгоод ажлын байраар хангаж ажиллуулж байсан. Хөдөлгөөний эрчмээс шалтгаалаад хучилтыг нь арай бага хийдэг. Цаашдаа хөдөлгөөний эрчим нэмэгдэх буюу санхүүгийн боломжтой болвол нэмээд хучаад явах боломжтой. Хямд гээд муу зам гэж ойлгож болохгүй л дээ. Өнөөдөр хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил дуусаагүй байгаа. Мөн гурван улсын дамжин өнгөрөх хэлэлцээрийн хүрээнд наймдугаар сараас эхлээд гурван улсын дамжин өнгөрөх тээвэр явна. Бүх эрх зүйн зохицуулалтыг нь хийчихсэн. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага дамжин өнгөрөх тээвэр шууд хийж болно. Авто зам дээр 21 аймгаа хатуу хучилттай замаар холбоод дуусчихвал сумуудаа хилийн боомттой холбох ажлууд явагдаж байна. Хилээс гарч байгаа бол тухайн нутгийн дэд бүтэцтэй холбогдсон байх ёстой.

-Нүүрс тээвэрлэлтээс манайх ашиг хүртэж байна уу?

-Нүүрс тээвэрлэлтийн зохицуулалт зохион байгуулалт хангалтгүй учраас тээвэрлэлтээс нь бид үр ашиг хүртэж чадахгүй байгаа. Жолоочид эрүүл мэнд, нийгмийн даатгал төлж, ажлын байртай болж байна гэдэг нэг талаас ашиг байна. Гэхдээ үүнээс цааш ашиг хүртэх боломжууд бий. Энэ боломжуудаа ашиглаж чадахгүй байна.

-Төмөр зам баригдах асуудал цаг үед яригддаг сэдэв. Таван толгойн нүүрсийг Гашуунсухайт хүргэх төмөр замыг манайхан өөрсдөө тавих боломжтой юу?

-Төмөр зам тээвэр логистикийн зардал гээд нэгж бүтээгдэхүүнд ногдож байгаа тухайн бүтээгдэхүүний үнийн хэдэн хувийг эзэлж байна вэ гэдгийг олон улсад тооцож үздэг үзүүлэлт байдаг. Энэ нь тээвэр худалдааг хэр оновчтой зөв зохион байгуулж байна вэ гэдгийг дүгнэдэг гэсэн үг. Манайд нэгж бүтээгдэхүүний 30 хувь нь тээвэр логистикийн зардал байгаа. Төмөр зам баривал төмөр замаар тээвэрлээд эхлэхээр үүнээс гурав дахин хямд байх тооцоо судалгаа бий. Хөгжиж байгаа орнууд 8-10 хувьд тээвэр логистикийн зардлаа барьж байгаа. Манайд авто тээврээр явж байгаа зардал өндөр учраас төмөр замын тээвэр болон бусад хямд төрлөөр сонгох зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн жил төмөр замын гол шугамаар 27 сая тонн ачаа тээвэрлэсэн. Иргэдийн зүгээс төмөр замыг хос болгох, цахилгаан болгох зэрэг санал ирдэг. Аливаа зүйл өөрөө эдийн засгийн хэмнэлттэй үр ашигтай аюулгүй байдалд байх ёстой зэрэг олон шалгуурууд бий. Олон улсад ч жилдээ 30 сая тонноос дээш ачаа тээвэрлэлт хийгээд ирэхээр хос болгох нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн тооцоо бий. Жилд 100 сая тонноос дээш ачаа тээвэрлэхээр болбол хос бөгөөд цахилгаан байж үр ашигтай ажиллана. Үр ашгийн хувьд улсаас татаас аваад байх юм бол энэ маань өөрөө удаан тогтож чадахгүй.

-Улаанбаатар Даланзадгад чиглэлийн замд нүүрс тээвэрлэсний улмаас эвдрэл гарч байна. Том оврын автотээврийг өөр замаар зорчуулах боломж бий юу?

-Улаанбаатарын иргэдийг утаагүй түлшээр хангах үүднээс сайжруулсан нүүрсийг тээвэрлээд явж байгаа. Тээврийн ачаалал нэмэгдээд энэ зам эвдэрч байгаа асуудлууд байна. Аль аль талдаа л зохицуулалт хийх гээд ажиллаж байгаа. Давтамжаараа их ачаалал авахаар зам эвдэрч байна. Энэ жилийн сайжруулсан нүүрсний хэрэгцээ 600 мянган тонн учраас энэ хэмжээг нийслэл рүү оруултал зөөж таарна. Цаашдаа төмөр зам тавигдаад ирэхээр төмөр замаар тээвэрлэнэ.

-Манайд замын засварт хичнээн төгрөг төсөвлөдөг юм бэ?

-2015 онд хийсэн судалгаанаас харахад 2013 онд нийтдээ 947.1 тэр бум төгрөг авто зам шинээр барихад зарцуулсан. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.5 хувийг эзэлж байсан. 2014 онд 600 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувийг эзэлж байсан. Олон улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.5-2 хувьд л шинэ зам барьдаг. Зам засварын ажилдаа 2013 онд манайх 19 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь ДНБ-ийн 0.1 хувийг, 2014 онд 0.2 хувийг эзэлж байсан. Тэгтэл олон улсад ДНБ-ийн 0.4-1 хувийг зам засварын ажилдаа зарцуулдаг. Манайх урвуу болчихоод байгаа юм л даа. Бид их зам барьж байгаа бол замын засварт зарцуулагдаж байгаа мөнгө нь жил бүр нэмэгдэж байх ёстой. Гэтэл байх ёстой хэмжээнээс 4-10 дахин бага мөнгө төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн жил шаардлагатай замд засвар арчилт хийхэд 60 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байсан. 30 тэрбум батлагдсан. Зам засварт зарцуулж байгаа санхүүжилт хангалтгүй байгаа юм. Зам засварт зарцуулж байгаа мөнгийг улсын төсвөөс, хоёрдугаарт зам ашигласны төлбөрөөс босгодог. Одоогоор энэ хоёр зүйлээс бүрдээд явж байгаа. Үүнийгээ бид өөрчлөөд хэд хэдэн эх үүсвэрээс авдаг болгож байна. Жишээ нь, авто машин дизель түлшний онцгой албан татвараас, импортын татвараас авч байна. Заавал улсын төсвөөс хараат бус замын санхүүжилтээ бүрдүүлээд шаардлагатай замын арчилтын бэлэн байдлыг хангах зарчмаар ажиллаж байгаа юм. Замыг чанаргүй барьж байгаа асуудал байгааг үгүйсгэхгүй. Замыг нэгж талбайд дарж байгаа даралт эвддэг. Манайд даацаараа явж байгаа эсэх хяналт байдаггүй. Ингэхээр бид зөвхөн зам ашигласан төлбөр авахын хажуугаар ашиглалтын хяналт тавих төсөл эхлээд явж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Цогтсайхан: Бид монгол гэдгээрээ омогшиж, үндэсний урлагаараа бахархаж, тэр нэрээ өндөрт өргөхийн төлөө явдаг

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, СУИС-ийн дуулах урлагийн багш МУГЖ С.Цогтсайхантай ярилцлаа.


-Зуны улирлыг хэрхэн өнгөрүүлж байна. Үндэсний урлагийн их театр өдөр бүр тоглолт тавьж байгаа гэсэн. Амарч чадсан уу?

-Бид наадмын бэлтгэл ажил гэсээр явтал зун талдаа орчихдог. Долдугаар сарын 11-12-ны наадмын арга хэмжээнд манай Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог. Төрийн концерт болон Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн ёслолд оролцдог учир долдугаар сарын 13-ны өдрийг хүртэл ачаалалтай байсан. Түүнээс хойш үргэлжлүүлээд өдөр бүр 18:00 цагт манай театр дээр жуулчдад зориулсан концерт тавигдаж байгаа. Жил бүр тавигддаг. Бусад салбарын хүмүүс амраад, аялаад алжаалаа тайлаад амарч байдаг бол манай театрынхан илүү их ажилтай байдаг. Гэхдээ манай байгууллага олон хүний бүрэлдэхүүнтэй болохоор дотроо зохион байгуулалт хийн уран бүтээлчдээ амраадаг. Монгол Улсын Ардын жүжигчин Д.Самбуу ахын 70 насны ой тохиож, түүний урлагт 50 жил ажилласан тэгш ой давхар тохиосон учраас Архангайн нутгийн зөвлөл энэ хүний “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэх томоохон арга хэмжээ зохиосон юм. Энэ арга хэмжээнд манай байгууллагын хамт олон бас хүндэтгэл үзүүлэн оролцоод ирсэн. Тэр далимаараа арын сайхан хангайн үзэсгэлэнт газраар аялаад ирлээ.

-Урлагийн хүний хувьд наадмын нээлтийн ёслолд оролцоно гэдэг хамгийн нэр хүндтэй зүйл байх. Та хэдэн жил наадмын нээлтийн ёслолд оролцож байна. Тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэн нь хэзээнийх вэ?

-1996 оноос хойш гэхээр 22,23 дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага автоматаар наадмын нээлтийн ёслолд оролцдог. Уламжлал болон тогтчихсон. Энэ хугацаанд би наадмын арга хэмжээг алгассан жил байгаа болов уу. Сайн санахгүй байна. Жил бүрийн наадмын нээлт үнэхээр сайхан болдог. Бараг оролцохгүй бол үгүйлэгдэх маягтай. Хэрвээ оролцохгүй бол сэтгэл догдолж үгүйлэх хэмжээний болчихсон гэж хэлж болно. Жил бүрийн л наадам сайхан байдаг. Тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэн нь хэдэн оныг нь сайн санахгүй юм. Бага залуу байж. Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Н.Норовбанзад багшийг нисдэг тэргэнд дуулаад Төв цэнгэлдэхийг тойруулан, Онгоцноос буулгадаг нээлт санаанаас гардаггүй юм. Залуу дуучид нэг эгнээгээр урд нь зогсчихсон нисдэг тэрэг тойрч ирээд ард багшийг буулгаад гоцлоод дуулж байсан юм. Түүнийг нь бид хамтран дуулсан. Онгоцноос бууж ирэхэд нь яаж бууж байгаа бол гэж сонирхоод эргэж хармаар санагдаад сэтгэл догдолж байсан тэр наадам сэтгэлд тодхон үлджээ.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Дуучин болох эхлэл хэзээнээс тавигдсан юм бол?

-Бага нас хөдөө өнгөрсөн. Би малчны хүүхэд. Хурга ишиг хариулж, сүү цагаан идээ хийж өссөн. Хүүхэд байхад сумын наадам гэдэг маш гоё. Морь унаж байгаа хүүхэд бүрээ танина. Барилдаж байгаа бөх бүрээ мэднэ. Морь уяачдаа бүгдийг нь танина. Тэр утгаараа сумын наадам хамгийн сайхан. Сумын наадмаа үзээд, хүүхдүүд шон тойрч, гийнгоолохыг сонсох, найр наадамд томчуудын дуулахыг сонсох сайхан шүү. Нутгийн томчууд маань найр наадамдаа хүүхдүүдээ унт, гарж тогло гэх мэтээр цааргалаад байдаггүй. Найран дээр нутгийн өвгөчүүлийн олон сайхан дууг чих тавин сонсдог. Сурах гэж биш ч гэсэн сонирхож дурладаг. Түүнийгээ дагаад хөгждөг. Тэр цагаас дуучин мэргэжлийг эзэмших сонирхол хүсэл мөрөөдөлтэй болсон гэж хэлж болно.

-Ардын дуу ард түмэн дундаас төрдөг шүү дээ. Сүүлийн үед ардын дуу шинээр төрж байгаа болов уу?

-Мэдээж ардын дуу гэж хэлээд байгаа боловч энэ нь нэг зохиосон зохиогчтой байж таараа. Тэр зохиосон хүн нь тодорхой биш учраас ардын дуу гэж яваад байдаг юм болов уу. Одоо дуулаад байгаа олон сайхан нийтийн дуу бий. Ард түмэнд хүрээд хүмүүс сонсох дуртай болчихсон. Энэ дуунууд ч гэсэн магадгүй хэдэн зуун жилийн дараа багахан өөрчлөгдөөд ч юм уу, дуулагдаж магадгүй шүү дээ. Тэр үед бас л ардын дуу гэж ярина. Тэгэхээр ардын дуу төрөөд л байгаа гэж хэлж болно.

-Та өнгөрсөн хавар Арабын хааны нэрэмжит олон улсын тэмцээнээс Гранпри шагналыг авсан байсан?

-Өнгөрсөн гуравдугаар сард АНЭУ-ын эзэн хааных нь нэрэмжит тэмцээн дэлхийн мэргэжлийн ардын урлагийн уран бүтээлчдийн дунд зохиогдсон тэр наадамд 100-аад орон оролцсон. Ардын урлагийн бүх төрлөөр болсон. Нэг орон бүх төрлийг авчирна гэж байхгүй шүү дээ. Зарим орон загвар зонхилсон бол, зарим нь дуу, зарим нь бүжиг зонхилон оролцож байсан. Энэ уралдаанд гоцлол номер уртын дуугаараа Гранпри шагналыг хүртсэн. Хэдийгээр 100-гаад орон оролцсон олон улсын том тэмцээн байсан ч зургаан гран при шагналтай, хоёр тусгай байртай өрсөлдөөн ихтэй тэмцээн байсан. Манайхаас Үндэсний урлагийн их театрын морин хуурч, хөөмийч Хөсөгтөн хамтлагийн гишүүн В.Батзориг, Монгол костьюмс, уран нугаралт зэрэг үндэсний онцлогийг харуулах хэд хэдэн газраас нийлж явсан. Монгол бол тэнд үнэхээр өвөрмөц, гайхамшигтай байж чадсан учраас зургаан гранпригийн хоёрыг нь авсан. Монгол костьюмс маш олон үндэсний хувцасны коллекц, ястан үндэстний загварууд, Хүннү гүрний үеийн хувцас, Алтан ордны үеийн хувцас, Урлах эрдэм дээд сургуулиас орчин үеийн авангард загвартай үндэсний хувцсыг харуулсан. Эртний үеийн хувцаснууд нь үндэсний натур байж чадсан. Шүр сувд нь жинхэнэ. Мөнгөн өмсгөл хэрэгсэл нь бас жинхэнэ байсан учир бусад орны хувцаснаас ялгарч байсан л даа. Гадаадынхан манай үндэсний хувцсыг маш ихээр сонирхож, олноор үзэж байсан.

-Олон улсын тайзан дээр гарч зогсоход юу бодогддог вэ?

-Эх орноо төлөөлж маш олон тайзан дээр гарсан. Уралдаан гэхээр арай өөр л дөө. Эх орноо сурталчлах, тоглолт гээд явбал бас арай өөр. Уралдаан гэдэг нь илүү ач холбогдол өгч, илүү хариуцлага хүлээдэг зүйл. Бид Монгол гэдгээрээ омогшиж, үндэсний урлаг урлагаараа бахархаж, тэр нэрээ өндөрт өргөхийн тулд явдаг. Аливаа нэгэн шагнал авлаа гэхэд ганц би авч байгаа хэрэг биш. Энэ бол Монголын үндэсний урлаг. Уртын дуу энэ том наадмын шагналыг авч байгаа болохоор Монгол гэдэг нэрийг хаа ч явсан хамгийн өндөрт өргөх үүрэг үүрдэг. Улс орон болгоны өөрийнх нь үндэсний урлаг гэдэг мэдээж ард түмэндээ хамгийн нэр хүндтэй өндөрт өргөх эрхэм зүйл. Тэгэхээр бүхэл бүтэн үндэстнээ төлөөлж байгаа болохоор хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Миний харж байгаагаар олон тайзанд гарахад манай үндэсний урлаг аль ч талаараа онцлог байж чаддаг. Яагаад гэвэл гадаадынхан хөгжмийн боловсрол маш өндөртэй байдаг. Тэрийг хүлээж авч байгаа байдал нь ондоо. Бараг өөдөөс хөгжмийн онол ярих нь холгүй хүлээж авдаг. Тэр бүгдээс манай үндэсний урлаг ялгарч, тэр өндөр боловсролтой хүмүүст хүрч чаддаг юм.

-Наймдугаар сард Дундговийн уртын дуучид цуглан томоохон хэмжээний тоглолт тавина гэж сонссон?

-Наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Дундговь аймгийн Их газрын чулуу хэмээх газарт байрлах Н.Норовбанзад багшийн нэрэмжит задгай театр бий. Тэнд 3000 уртын дууч, морин хуурчдын маш том наадам болно. Ийм том арга хэмжээ урьд нь хаана ч, хэзээ ч болж байгаагүй. Энэ наадамд Дундговь аймгийн бүх уртын дуучин, морин хуурчид оролцоно. Бүх мэргэжлийн болон мэргэжлийн бус Дундговь аймгийн уугуул суугуул уран бүтээлчид хамрагдана. Задгай байгальд гэдэг утгаараа энэ бол маш өвөрмөц сайхан наадам болно. Тэгэхээр уншигчид маань энэ сайхан наадмыг хүрэлцэн ирж сонирхоорой гэж хүсч байна.

-Жилийн дөрвөн улиралд завгүй ажилладаг таны хувьд ар гэрийнхээ амьдралыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Хүн баярлаж байхад бид ажиллаж, үйлчлэх үүрэгтэй. Хүний амралтын хугацаанд зориулж бид үйлчилгээ үзүүлдэг хүмүүс учраас тэрэн дээр зохицуулалт хийдэг.

-Хүн болгоны сэтгэлд хоногшсон дуу гэж байдаг. Таний хувьд ямар дуу дурсамж сэдрээдэг вэ?

-Бэхбатын хөгжим Загдын шүлэг “Уяхан цэнхэр хавар” дууг аравдугаар анги төгсөх үеэр гитартай маш их дуулдаг байсан. Энэ дууг дуулахаар, сонсохоор арван жилд суралцаж байсан үеүд дурсагддаг. Би ээжийн тухай дууг маш их сонсдог. Ээжийн дуунуудыг сонсохдоо эх хүн, эмэгтэй хүн гэдэг утгаар сонсохоор илүү уян байдаг юм. Биднийг хүүхэд байхад их дуулагддаг байсан “торхтой зайрмаг, цөцгийтэй зайрмаг, шоколадтай зайрмаг би ч дуртай чи ч дуртай цөмөөрөө дуртай” гээд энэ дууг гоцлол дуулж байгаа хүүхэд болгон дуулдаг байсан. Бас “Борхон тойрмын захад

Цагаан хөөрхөн ботго” гээд их дуулдаг байлаа. Бас хүүхэд болгон дааганы тухай дууг дуулдаг байсан. Ийм гоё гоё дуунуудыг сонсохоор дөрөв, тавдугаар ангид суралцаж байсан тэр цаг үе санаанд ордог.

-Таныг ээж тань хэр дэмждэг байсан бэ?

Одооны эцэг, эхчүүд хүүхдүүдээ чиглүүлж багаас нь ийм хүн болгоно. Тэгэхээр энэ чиглэлээр бэлдье гээд сургалтанд хамруулдаг. Миний ээжийн хувьд нэгдлийн малчин хүн. Хүүхдээ сургуульд нь даалгачихсан. Надад дуулах авьяас байсан болохоор тэрийг нь багш нар хөгжүүлээд уралдаан тэмцээнд бэлдэж дуулуулдаг. Дугуйланд хамруулсаар хөгжиж ирсэн. Ээж маань намайг ямар зурсан зураг хувь тавилан байсны дагуу л явуулсаар байгаад өдий зэрэгт хүргэсэн дээ. Гэхдээ ээж маань аймаг, зэргэлдээ сумруу урлагийн үзлэг, тэмцээн уралдаанд явлаа гэхэд “яв яв” гээд дэмждэг байлаа. Охиндоо шинэ тирко, гуталтай явуулах гэж хичээдэг. Тэмцээн дээрээ парчик өмсөөрэй гэхэд шинэ парчик, үсний тууз авч өгөх жишээтэй. Ээжийн маань дэмжиж байгаа хэлбэр нь энэ байсан. Миний ээж бүрэг ичимхий, даруу хүн байсан болохоор дэмжлэг нь үгээр илэрдэггүй. Харин үйлдлээрээ үзүүлдэг хүн байсан.

-Таны эцэг, эх дуулдаг хүмүүс байсан уу?

-Аав маань сайхан дуулдаг байсан гэж ээж хэлдэг юм. Намайг бага, байхад аав минь тэнгэрт хальсан болохоор би аавыгаа сайн мэддэггүй. Ээж минь их сайхан дуулдаг хүн бий. Ээжээс илүү эмээ маань сайхан дуулдаг хүн байсан сан. Тиймээс миний хувьд цаанаасаа өгөгдөлтэй хүүхэд байсан болохоор дуучин мэргэжил эзэмшсэн байх. Удам угшилд нь дуулдаг хүн байгаагүй бол дуулдаг хүүхэд төрнө гэж байхгүй байх.

-Таны гэр бүлээс дуучин мэргэжил сонгосон хүн байдаг уу?

-Манайх зургаан хүүхэдтэй айл. Ах, эгчийн хүүхдүүдээс дуулаачийн мэргэжлээр сураад төгссөн хүмүүс байгаа. Миний өөрийн төрсөн ах, эгч, дүү нараас бол байхгүй. Гэхдээ орон нутагтаа сайхан дуулцгаадаг. Тухайлбал, сумын шинэ жилийн арга хэмжээ ч гэдэг юм уу, хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн дундах тэмцээнд оролцдог.

-Таны хүүхдүүд дуучин мэргэжилтэй болно гэвэл та хэрхэн хүлээж авах вэ?

Би их айхтар дэмжээд гүйхгүй байх. Манай хүүхэд дуулах гэж оролдоод л байна. Урлагийн хүн болно. Урлагаар явна гэдэг амар асуудал биш. Маш их цаг хугацаа шаардлагатай. Тэсвэр хатуужил хэрэгтэй. Тухайлбал, дуулдаг хүүхэд байлаа гэхэд дүүрэг, хот, аймгийн ямарваа нэгэн уралдаан тэмцээнд оролцоход бэлдэх цаг хугацаа зарцуулагдана. Гэртээ амарч байгаад тайзан дээр гарна гэдэг зүйл байдаггүй. Тиймээс одоохондоо айхтар дэмжээгүй байна. Яахав, нас нь бага байна. Цаашид гоц гойд болох шинжтэй, өөрөө урлагт дурлаад байвал дэмжинэ гэж боддог. Түүнээс биш одоогоор хичээл номых нь цаг хугацаанаас хомслох хүсэлгүй байна.

-Урлагийн тайз хатуу гэдэг. Танд шантарч байсан үе бий юу?

-Би шантарч байгаагүй. Үнэндээ би энэ ажлыг дуртайдаа хийж байна. Урлагийн тайзан дээр өдий хүртэл тууштай байхын шалтгаан нь дуртай зүйлээ ажил болгон хийж байгаа болохоор тэр. Миний хувьд өнөөдөр шантрах эрх байхгүй. Бидний ажлын хувьд гэвэл эхлээд үзэгчдэдээ гоо сайхны таашаалыг өгдөг. Дараа нь сонорыг нь дуу хуураар мялааж байдаг учраас их сайхан ажил хийдэг гэж боддог.

Э.НАРАНЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Б.Цэдэнсодном: Батмөнх зааныг лавхан сугадаад л авчихвал учиртай гэж бодож байлаа

Өнөө жилийн улсын их баяр наадмаар тав давж улсын цолны болзол хангасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат залуу начин Баянзулын Цэдэнсодномтой ярилцлаа.


-Баяр наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж бэлтгэл сайн байгаагаа харуулсан. Наадмаар начин болно гэж багцаалж байв уу?

-Өнгөрсөн жилийн 365 өдрийн турш бэлтгэлтэй байсан даа. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө орно. Бэлтгэлийн формоо сайн хадгалсан. Бүх цэргийн наадамд л цол чимгээ ахиулна гэж төлөвлөж бэлтгэл сургуулилтаа хийсэн дээ. Санасандаа хүртэл барилдаж үзүүрлэсэн. Бүх цэргийн наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөх улсын цол авчихаад байдаг шүү дээ. Үүнийг дотроо бодож бэлгэшээж байлаа. Эрэмбээ ахиулаад 40-50 хүний урд гарчихсан болохоор цол авна даа гэсэн зорилготой төрийн наадамдаа бараалхсан.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж улсын цол хүртэв?

-Улсын наадамд хоёр дахь жилдээ л барилдаж байгаа минь энэ. Өнгөрсөн жил анх удаагаа наадмын дэвжээнд гарахад олон хүний өмнө сандарч, биеэ бариад олигтой хөдөлж ч болдоггүй юм билээ. Орой нь ч нойр хүрэхгүй гэгэлзэж, элдвийн юм бодоод тун хэцүү. Нойр муутай хүн ч яаж барилдах билээ дээ. Сая наадмын өмнө нойр хоолондоо ч их сайн байсан шүү. 11-нд хоёр давчихаад бөх гэгч сайхан унтаж амраад л барилдаанаа үргэлжлүүлсэн. Ер нь бэлтгэл сайн байхад ийм, тийм юм бодоод, нервтээд байдаггүй, сайн төвлөрдөг юм билээ. Өөртөө ч итгэлтэй, санасан барилдаанаа л гаргадгийг сая наадмаар ойлголоо.

-Таны “Их Монголын хүчтэн дэвжээ”-нээс улсын цолны тааварт байсан Ж.Наранбаатар, О.Наранбаатар, Б.Лхагвадорж гээд арслангууд бүгд л наадмын эхний өдөр барилдаанаа өндөрлүүлсэн. Мөн дэвжээний тэргүүн бөхчүүдийн нэг Б.Сангисүрэн начин ч энэ даваанд тахим өгч байгаа харагдсан. Энэ нь таны сэтгэл зүйд яаж нөлөөлөв?

-Энэ жилийн тухайд манай аймгийн наадам эрт болсон л доо. Улсын наадамд “Их Монголын хүчтэн” дэвжээнээс 77 бөх барилдсан. Улсын цол авна гэж тооцоолж байсан сайн аймгийн арслангууд маань хоёрын даваанд уначихаар дотор эвгүй болж л байлаа. Яаж хөдөлмөрлөснийг нь нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн болохоор тэр шүү дээ. “Нэг ч гэсэн цол авахгүй бол болохгүй шүү” гэж дотоод хүнтэйгээ яриад л барилдсан даа. Манайхан ч намайг хурцалж зоригжуулж өгч байсан.

-Аймгийн арслангуудад хоёрын давааны оноолт хэцүү гэж бөхчүүд ярьдаг. Таны хувьд Дорнодын Д.Ариунмөрөнтэй оноолт таарсан шүү дээ. Барилдаан ямар болов?

-Улсын цолны төлөө зүтгэж байгаа залуу бөхчүүд энэ даваанд хоорондоо нугардаг. Энэ ч утгаараа бөх сонирхогчдын анхаарлыг татдаг л даа. Би Ариунмөрөнтэй таарч барилдсан. Бид хоёрын барилдааны хэв маяг үндсэндээ яг адилхан. Түрүүлж сугадсан нь л даваа авна гэж тооцоолсон. Гараад л сугадаж мушгиад даваа авсан даа. Өмнө нь заалны барилдаанд нэг удаа өвдөг шороодож байсан. Сая чухал даваанд би даагаа нэхсэн.

-Дөрвийн даваанд та Б.Батмөнх заантай оноолт таарч барилдсан. Ер нь наадмын өмнө энэ оноолтын даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Бэлтгэл гайгүй болохоор гурав бол давчихна, ямартай ч оноолтын даваанд гарна гэж дотроо тооцож байгаа юм л даа. Цэргийн наадмаар эрэмбээ ахиулсан учраас арслангуудаас зөрж Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан гээд гардиудтай барилдана гэж төлөвлөж бэлтгэлээ базаасан. Б.Батмөнх заантай оноолт таарснаа сонсчихоод “Зааныг лавхан сугадаад л дайрчихвал учиртай” гэж бодож байлаа. Санасан барьцандаа хүрээд л мэхээ даалгасан даа. Батмөнх ахыг анх удаа л давж үзсэн минь энэ. Өмнө нь өрсөж чадалгүй тахимдуулаад л уначихдаг байсан.

-Начны даваанд нутгийн тань харцага Х.Гантулга амлаж барилдсан?

-Харцага ах маань намайг цаашдаа сайн барилдана гэж итгэл хүлээлгэж цолны даваанд амласан. Итгэлийг нь алдчихгүйн тулд илүү хичээж том цолд хүрэх даалгавартайгаа ухамсарлаж байгаа. Нутгийн ахдаа талархаж буйгаа энэ завшааныг ашиглаж хэлье.

-Зургаагийн даваанд түрүү бөхийн аманд очсон. Улсын цол авчихаад ханасан уу. Баярлаад барилдаанаа гаргаж чаддаггүй гэж ахмад бөхчүүд ярьдаг юм билээ?

-Ханаагүй ээ. Э.Оюунболд аварга бид хоёр нэг үеийн бөхчүүд. Сүүлд нь харамсахгүйн тулд санасан бодсоноо хийгээд зоригтой барилдана даа гэж төлөвлөөд гарсан. Сэрвүүгээс барилдаан шийдэх гээд болоогүй ээ. Давхар шуудагнаас мөргүүлээд унасан. Тэр барьцыг задалчихсан бол шоо шидээд азаа үзэх байсан. Бидний үеийн төлөөллөөс улсын аварга цолтон төрсөнд нь баяртай байгаа. Аварга болоод гүйхэд нь өөрөө болчихсон юм шиг л баярласан даа.

-Шинэ цол хүртсэн эхний баяраа хэнтэй хуваалцав?

-Гэр бүлийнхэнтэйгээ л хуваалцсан даа. Хүү маань намайг цэнгэлдэхэд очиж дэмжсэн юм. Тав давчихаад ирэхэд их л баярлаж байсан шүү.

-Аав, ээж тань их баярласан байх. Наадмын дараа хэзээ нутагтаа очив?

-Аав, ээж минь жирийн л малчин улс. Наадмын өмнө намайг цол авчих болов уу гэж их горьдож байсан юм билээ. Би ч бэлтгэл сургуулилт гэж яваад тухтай ярьж амжаагүй. Долдугаар сарын эхээр аав маань “Аав, ээж нь наадмаар хот орж Төв цэнгэлдэхэд бөх үзмээр байна” гэж хэлж байсан. Амжихаа болиод аймгаас 30 инчийн том зурагт худалдаж аваад хүүгийнхээ барилдахыг харсан байна лээ. Намайг тав давахад л манай хоёр хот гараад давхисан байгаа юм. Шөнөжин зүтгээд л 13-ны өдрийн өглөө гэхэд хотод ирчихсэн хүүгийнхээ баярыг хуваалцсан. Мөн ч сайхан байсан даа.

-Цолоороо дуудуулж ямар ямар наадамд барилдав?

-Аймгийнхаа цагдаагийн газрын 80 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Аймгийн цол хүртэж байсан цэнгэлдэхдээ улсын цол авчихаад очиход нутгийн зон олон минь мөн ч сайхан хүлээж авч байна лээ. Дараахан нь Баянхонгорт Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадамд очиж барилдлаа. Бөхийн өргөөнд шинэ цолоороо дуудуулж барилдахыг хүлээж сууна даа.

-Шинэ начин анхны сумын наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зодог өмсдөг хүүхэд сумын наадмаа их л хүлээдэг байсан биз?

-Би хөдөө өссөн хүүхэд. Моринд их хорхойтой. Аавыгаа дагаад морь уях гэж оролдоно. 2010 онд юм даа. Төрөлх Зүүнбаян-Улаан сумынхаа наадамд морь уралдуулахаар болж хавар нь барьсан юм. Тэгсэн аав маань сумаас шинэ зодог шуудаг аваад өгсөн. Наадам ч боллоо. Өнөө зодгийг нь бүслээд л, хусуураа хавчуулчихаад сумын төв рүүгээ давхиж явснаа одоо бодоход сайхан байдаг юм. Наадамдаа ирээд өмнөх барилдаандаа анхаарна. Давааны зай завсраар морь луугаа нэг өнгийнө. Наадамдаа үзүүрлэж сумын начин болж, уясан хүлэг маань 13-аар давхиж одтой сайхан наадаж билээ. 17-хон настай хүү байгаа өвөртлөөд улсын наадамд үзүүрлэчихсэн юм шиг л сүр бараатай амьтан гэртээ харьсан даа. Энэ үеэс л хот орж бэлтгэл хийж том бөх болох бодол тээж эхэлсэн дээ.

-Хот руу хэдэн онд орж ирэв. Заалны барилдаанд гарч том бөхчүүдийг дэргэдээс нь харчихаад ямар сэтгэгдэл төрж байв?

-Анх хотод ирчихээд шинэ оюутан үндэсний бөхийн бэлтгэлийг өдөр бүр хийнэ. Заримдаа Спортын төв ордонд З.Дүвчин багш дээр ирж чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг. Заалны барилдааныг мөн ч их хүлээнэ шүү дээ. Арай хийж амралтын өдрийн барилдаан болоход бөхийн тоо нь гүйцчихсэн гээд, багтахгүй буцах тохиолдол их. Бэлтгэлээ шалгадаг ганц барилдаан маань сар бүр зохион байгуулагддаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан. Үеийн залуустайгаа энд барилдаад дөрөв, тав давсан нь улс аймгийн цолтнуудын аманд гарах эрхээ авдаг байлаа. Анх улсын цолтнуудын барилдаанд зодоглоод гарахад чинь том том бөхчүүдээс сүрдэнэ шүү дээ. Батмөнх заантай их олон таарч барилдаж байлаа. Эхлээд ч ганцхан тахимдуулчихаад үсрээд өгнө. Унасан барилдаандаа дүгнэлт хийгээд дараа дараагийн барилдаануудад нь гарынх нь аяыг даахтайгаа болж байгаа юм. Заантай дан, давхар золгоонд хүрдэг болоод л их урам орж байгаа юм. Улсын заантай давхар золгож барилдсан хүнд чинь өнөө сумын заанууд чинь жижигхэн харагдаад болдоггүй. Аймгийн цолтнуудтай ч барилдчихмаар санагддаг болж байгаа юм. Батмөнх зааныг давж чадаагүй ч сайн барилдаж унаад байхаар сэтгэл зүй их өөр болж байлаа. Өөрийн барилдааныхаа арга барилыг олж эхэлсэн нь л тэр юм билээ. Ингээд амжилт маань шат шатаар ахисан юм даа. Аймгийн харцага болоод, дараагаар нь аймгийн арслан цолд хүрсэн. Аймгийн арслан болчихоод л хурдхан шиг улсын наадамд барилдаж үзэх юмсан гэсэн хүсэл төрж билээ.

-Сугадаж дайрдаг, суйлдаг барилдааны хэв маягийг танд хэн суулгаж өгсөн бэ?

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат сумын заан н.Мөнхжаргал гэж хүн бий. Тэр хүнээр л анх бөхийн эрдэм заалгуулж байлаа. Дунд сургуульдаа чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Түргэн барилддаг маань үүнтэй холбоотой болов уу гэж боддог юм. Одоо бол улсын арслан До.Ганхуяг ахын удирдлагад барилдааны арга техник, барьц байрлалаа заалгуулаад явж байна.

-Барилдааны тань онцлог юу вэ?

-Барилдах гэж гарчихаад өрсөлдөгчөө налаад зогсоод байхыг хүсдэггүй. Түргэн барилдахыг боддог юм.

-Таныг дэмждэг олон пүүс компани байдаг байх?

-2014 оноос “АПУ” компанийн нэр дээрээс барилдаж байна. Лхагвасүрэн ахдаа, Эрдэнэбилэг захиралдаа бэлтгэл сургуулилт хийхэд дэмжиж тусалдагт нь их баярладаг юм. Мөн Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олонд талархал дэвшүүлье. Намайг дэмждэг олон ах бий. Тэр бүгдийн сайхан сэтгэлийн үзүүрт би өдий зэрэгтэй явдаг юм. “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагууд До.Ганхуяг арслан, ардын багш Ч.Дамдиншарав, Т.Санчир заан нарын бөхчүүд сурсан мэдсэндээ харамгүй хэлж зөвлөж өгдөгт нь талархаж явдаг даа.

Бидний ярилцаж байхад хажууд жаахан хүү суусан нь шинэ начингийн хүү Жиндбаатар ажээ. Аавынхаа шинэ цолны баярыг хамгийн түрүүнд хуваалцсан тэрбээр бөхөд их дуртай юм билээ. Удахгүй зодог шуудаг авч үеийнхэнтэйгээ барилдах юм гэсэн. Цэдэнсодном начин хүүгээ том цолтой бөх болохыг бэлгэдэж аймгийн арслан цолтойдоо өмсөж олон наадамд зодоглосон малгайгаа бэлэглэсэн гэсэн. Үеийнхэн дундаа биерхүү гэмээр энэ хүү хэдхэн жилийн дараа монгол бөхийн ногоон дэвжээнд нэрээ цуурайтуулах биз ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Үндсэн хуулийг долоо дордуулсан түүх” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Үндсэн хуулийг долоо дордуулсан түүх” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Их хурлын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцдог хууль зайлшгүй байх ёстой” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Өдрийн сурвалжлага” нүүрт “Орон сууцны мкв нь нэг сая төгрөгийн өртөгөөр босч 3.2 саяар зарагдаж байна” хэмээн өгүүлжээ.

“ Түмний итгэл Сумади” ТББ-ын тэргүүн үзмэрч, зурхайч Н.Төвшинжаргал: Улстөрчид үр хойчоо баллаж байна” хэмээн “Энэ тухай” нүүрт ярьсан байна.

“Эдийн засагч, судлаач Х.Батсуурь: Манайх үнэхээр оффшортой тэмцэхийг хүсвэл боломж нь нээлттэй болсон” гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Цаг үе” нүүрт “Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл: Хариуцлагатай, ухамсартай, соёлтой хүмүүс хамгийн түрүүнд жорлонгоо өөрчилж байгаа нь ажиглагдсан” гэж ярилаа.

“Уул уурхай” нүүрт “Геологи-менералогийн шинжлэх ухааны доктор, профессор ахмад геологич Д.Товуудорж: Геологийн фондыг устгасан явдал маш том алдаа” хэмээн ярьсан байна.

“Өд бэх” нүүрт “Сэлэнгийн Пүрэврэнцэн” хэмээн өгүүлжээ.

“Мэргэшсэн үнэмлэхтэй жолооч нар олон улсад тээвэрлэлт хийх эрхтэй” хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

“Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат: Уран сайхан барилдаж олон хүнийг үндэсний бөх рүү татах нь бидний үүрэг” хэмээн “Дэвжээ” нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ