Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо.

Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх юм. Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК-ууд гүйцэтгэнэ.

Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна.

Цагийн хуваарь:

• Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад өглөөний 04:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

• ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 12:00 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 260,5 км

Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут

Хөдлөх цэг:

• Монголын талаас: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал

• Оросын талаас: ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

Тариф:

Монгол талаас: Том хүн 26,000 мянга

ОХУ-ын талаас: Том хүн 650 рубль
Хүүхэд: 13,000 мянга 325 рубль

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс олон улсын химийн олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ. Энэ жил Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явсан бөгөөд нийт 80 улсын 309 хүүхэд оролцсон байна.

Химийн олимпиадын нийт онооны 40 хувийг сорилын тэмцээн эзэлдгээрээ байгалийн ухааны төрлийн бусад олимпиадаас ялгаатай. Тиймээс олимпиадад оролцогчдын бэлтгэлийг одоогийнхоос сайжруулахын тулд цаашид материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг сурагчдыг ахалж явсан удирдагч багш нар хэлж байна. Дараагийн Олон улсын химийн олимпиад 2020 оны долдугаар сард Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ улс-төр

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгов

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг стандарт, нормын дагуу нөхөж сэргээж орон нутагт хүлээлгэж өгөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: Хариуцлагатай, ухамсартай, соёлтой хүмүүс хамгийн түрүүнд жорлонгоо өөрчилж байгаа нь ажиглагдсан


Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-“Жорлонгоо өөрчилье”аян өрнөөд тодорхой хугацаа өнгөрчихсөн байна. Одоо юунд төвлөрч ажиллаж байна вэ?

-Бид өнгөрсөн тавдугаар сарын 30-нд худалдаанд гаргах гэж байгаа жорлонгийнхоо талаар олон нийтэд танилцуулсан. Ус хэрэглэдэггүй, нүх ухах шаардлагагүй, хөрс бохирдуулдаггүй, шээс, өтгөнийг тусад нь уутанд авчихдаг хуурай жорлон байна гээд танилцуулсан л даа. Эхний үед хүмүүс худалдаж авахаасаа илүү асуулт тавьж байсан.

Хамгийн их асууж байгаа зүйл угаадсаа хэрхэх вэ.Угаадас, шээс хоёрыг хамтад нь шийдвэрлэх хямд шийдлийг санал болгосон жорлонг Яргайтад “Хуушуур хаус” гэдэг цайны газрын гадаа барьсан. Тэнд хүмүүс биечлэн очиж үзэж харсан.

Худалдан авалт эхэлснээр анх долоо хоногт нэг жорлон зарагдаж байсан бол дараа нь өдөрт нэг борлогдож эхэлсэн. Хоёр cap болоход 70 гаруй жорлон борлуулчихсан байна. Зуны цагт ихэвчлэн зуслангийн айлууд худалдаж авч байна.

Өвөл ч ашиглаж болохуйцаар хийлгэсэн хоёр ч газар байна. Нэг нь Сонгинохайрхан дүүргийн нийтийн жорлон, нөгөө нь айл хийлгэсэн байгаа. Орон сууцны айл ус татдаг жорлонгийнхоо оронд бидний санал болгож байгаа био хуурай жорлонг суулгуулсан.Зусландаа жорлонтой айлууд соруулах үйлчилгээний зардалд их мөнгө зарцуулдаг байжээ.

Мөн Баянхонгор аймагт малчин айл манай жорлонг тавиулсан. Малчин айл ялгаагүй, хөрс бохирдуулдаггүй, үнэргүй жорлонтой болонгуут цагаан идээнийх нь борлуулалт нэмэгдсэн гэнэ. Тэр айлын зардаг цагаан идээг цэвэрхэн цагаан идээ гэж таашаадаг хүмүүс олширчээ. Жорлонг нь үзэх гэж хүмүүс ирээд, цагаан идээг нь ч аваад буцдаг болж.

Мөн бидний санал болгож байгаа био жорлонг Баянхонгор аймагт хүүхдийн зусланд суурилуулсан. Хамгийн анхны айл зусланд, дараа нь Гандангийн дэнжид байдаг айл худалдаж авч байлаа.

Наадмаар Хүй долоон худагт Монголын бизнес зөвлөлийнхөн бидэнд хандаад “Танай жорлонг байрлуулмаар байна” гэх санал тавьж, анхны түрээслэгч болсон юм. Бид Хүй долоон худагт дөрөв хоног ажилласан.

Гурав хоногийн турш тайлбар, танилцуулгатайгаар нийтийн жорлон ажиллуулах туршилт хийсэн. Амжилттай болсон. Хүмүүс маш цэвэрхэн хэрэглэсэн. 1,000 гаруй хүн ороход гурав дөрвөн удаа л цэвэрлэх шаардлага гарсан. Хүмүүс хэрхэн хэрэглэхийг мэдчихвэл цэвэрлэхэд хялбар жорлон юм байна гэдэг туршлагаас харлаа.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж маш өндөр байсан болохоор аймаг, орон нутагт наадам зохион байгуулагчид захиалж эхэлсэн. Говьшанхын наадам зохион байгуулагчид эхний захиалагч болсон.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Засаг дарга бидэнтэй хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн. Орон нутгийн зүгээс зохих бэлтгэл хангуулаад, манайхаас найман хүнтэй баг явсан юм.

Говьшанхын наадам дээр “Шээх цэг” гээд цоо шинэ үйлчилгээ бий болгоход хөрөнгө оруулалтын зардал нэлээд гарсан. Тэр зардлыг ТББ дангаараа гаргах асуудалтай байсан учир фэйсбүүк, жиргээгээр Говьшанхын наадамд эко жорлон ажиллуулахад хандив туслалцаа үзүүлэх хүн байвал холбогдохыг хүссэн.

Хоёр компани, нэг хувь хүн хандив өгсөн. Jama Travel компани хоёр сая төгрөгийн хандив өгсөн. Энержи ресурс 10 сая төгрөг хандивласан юм. Канадад амьдардаг хувь хүн нэг “Шээх цэг”-ийн хөшигний зардлыг хандивласан юм. Говь шанхын наадамтай яг зэрэгцээд Ламын гэгээний наадам, Хотгойдын их хурд болсон.

Энэ наадмуудад жорлон гаргаж егөөч гэх санал тавьсан. Хуурай жорлонг хүмүүс мэдэхгүй учраас хүн болгонд тайлбарлаж хэлэх шаардлагатай болж байгаа юм. Жорлонг бохирдуулсан бол цэвэрлэгээний ажлыг давхар хийх баг шуурхай зохион байгуулсан. Жорлон цэвэрхэн байхаар урдах хүндээ дараагийн хүн нь уурлах шаардлагагүй болж байгаа юм.

-Хуурай жорлон гэхээр хамгийн түрүүнд өтгөнөө яах вэ гэдэг асуулт гарах байх?

-Хамгийн сонин нь Био жорлонтой бол өтгөн ямар ч асуудал болдоггүй юм билээ. Өтгөн, шингэн нь тусдаа орж байгаа юм. Хувин дотроо задардаг био уут углана. Уутны ёроолд таван хуруу зузаан үртэс хийчихдэг. Өтгөн дээрээ ариун цэврийн цаасаа хийгээд дээр нь атга үртэс хийчихнэ. Хүн харахад үртэс л харагдана. Хамгийн том асуудлыг шээс үүсгэдэг юм билээ.

-Орон сууцны айлууд хуурай жорлонг хэрхэн хэрэглэх вэ?

-Орон сууцандаа манай жорлонг тавиулсан айл байгаа. Тэр байранд нь ус их тасардаг юм байна л даа. Байрны айлд био жорлон суурилуулах амархан. Бохирын хоолойг нь шээсний хоолойтой нь холбочихож байгаа юм.

Өтгөн нь саван дотор уутанд байна. Уутаа дүүрэхээр амыг нь боогоод жорлон зарсан компанидаа өгчихнө. Агааржуулагч сайтай учраас үнэр гарахгүй. Жорлонгийнхоо агааржуулагчтай холбочихно.

Өтгөн үртсээр дарахаар үнэргүй болчихдог. Үртсэн дотор “Тамир” гээд задлагч бактери хольсон. Манайхны зарж байгаа үртэс бактеритай үртэс. Бактеритай үртсийг өтгөн дээр хийхээр ашигтай бактериуд өтгөнийг задалдаг, био жорлонгоос гарсан хар шороог хотын цэцэрлэгжүүлэлтэд ашигладаг туршлага бий.

-Өтгөнийг хэр удаан, хадгалах боломжтой вэ?

Дөрвөн ам бүлтэй айлын био жорлонд тавьсан уут сарын дараа дүүрнэ гэсэн тооцоо байдаг юм билээ.

Ууттай ялгадсаа бордоошуулах үйлдвэр лүү явуулж болно. Хогонд ч ачуулж болно. Гадаадын орнуудад хогонд ачуулчихдаг. Хогоо задлахад нь ашигтай бактериуд ч тусалдаг юм билээ.

Малчин өрхүүдэд жижигхэн нүх ухаад булаад бай гэж зөвлөсөн. Нарийнхан шуудуу ухаад булаад яваад байхад дараа нь ямар ч мод бут тарьсан ургана. Байгальд ямар ч хоргүй. Бордоошоод задарчихаж байгаа юм.

Манайхан жорлонгийн гүнзгий нүх ухаад, өтгөн шингэнээ хольчихоор бордоошихгүй, муухай үнэртээд, байгаль орчныг бохирдуулаад байгаа юм. Манай энэ хуурай үртэстэй холилдсон бактеритай өтгөн задарсан хогны уутыг нь цоолоод модны нүхэнд булчихаар дээрээс нь нар тусаад бороо орохоор байгалийн замаар урвал явагдаад, шороо болоод хувирчихаж байгаа юм.

Шороо болгох уу, нүхний ёроолд ялзруулаад байх уу гэдэг л байна. Үнэхээр хогны үйлчилгээ, жорлонгийн ялгадас цуглуулж зөөвөрлөх үйлчилгээ байхгүй тохиолдолд био хаягдлаа булах нарийхан шуудуу ухах ёстой юм билээ.

Гадныхан тэр тусмаа Европын айлууд хашаагаа хүрээлээд битүү мод тарьчихсан байдаг. Манайд мод ургахгүй нь хөрсөндөө байгаа юм. Жаахан ухаад ирэхээр хайрга элс гараад ирдэг. Модны үндсийг тэжээх зүйл байдаггүй. Ирээдүйд мод тарья гэж бодож байгаа бол жижиг жижиг нүх ухаад био жорлонгийн түүхий эдээ хийчих гэж хэлээд байгаа юм. Жилийн дараа мод тарихад газрын тэжээлтэнд бүрэлдэх юм.

-Био жорлонг хаанаас оруулж ирдэг вэ?

-“Жорлонгоо өөрчилье” баг Финлянд улсаас Биолан хуурай эко жорлонг худалдан борлуулах онцгой эрхийг нь авсан.

Манай “Нутгийн шийдэл”, “Мини шийдэл” гээд хоёр субъект байна.“Мини шийдье” гэдэг цоо шинээр бий болсон жорлон борлуулж байгаа аж ахуйн нэгж. Нөгөө нь миний удирдаж байгаа төрийн бус байгууллага. Жорлонгоо өөрчлөх гэж байгаа хүмүүст зээл гаргаж байгаа.

-Үнийн хувьд ямар боломжууд байна вэ. Зээлийн талаар тодорхой ярьж өгнө үү?

-Жорлонгийн үнэ 800 мянга, кабины үнэ 880 мянга угаадасны систем 600 мянга 1,000 доллараар жорлонтой болно гэсэн үг.

Жорлонд зээл өгдөг банк байхгүй учраас манай “Нутгийн шийдэл” эрсдлийн санг босгож байгаа юм. Бид эрсдлийн сангийн хөрөнгө босгоод, “Та нар лизингээ гарга” гэж байгаа юм. Эхлээд 20 хувийн урьдчилгаа төлөөд 20 сарын турш хүүгүйгээр төлбөрөө төлөөд явна. 20:20 гэдэг зээлийн систем гаргасан. Энэ нь эхлээд 160 мянган төгрөг төлөөд, cap бүр 32 мянган төгрөг төлөх юм.

Хүүгүй зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байна. Зуны шийдэлд хүмүүс сэтгэл ханамжтай байгаа. Харин өвөл өндөр өртөгтэй гарчихаад байна. Жорлонгоо дулаалгатай байшин дотор буюу гэртээ оруулж ирэх шаардлагатай болно. Бид өвлийн шийдлийг хийж байна. Одоогийн байдлаар хамгийн сайн худалдан авалт хийсэн нь Баянхонгор аймаг байна.

Жорлонгоо өөрчилж чадаж байгаа хүн соёл ухамсрын хувьд өндөр. Хариуцлагатай, соёлтой, ухамсартай хүмүүс хамгийн түрүүнд жорлонгоо өөрчилж байгаа нь ажиглагдсан.

Categories
гадаад мэдээ

Хонг Конгоор дамжин өнгөрөхдөө анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна

Хонг Конгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг долоон дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна.

Үүнээс үүдэн наймдугаар сарын 5-ны 07:00 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоожээ. Жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг Консулын газраас зөвлөж байна. Мөн Хонг Конгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 04:00 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

12 настай охиныг удаа дараа хүчирхийлсэн этгээдэд ял оноожээ

Энэ оны долдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17 настай Т нь 12 настай А-г удаа дараа хүчирхийлсэн хэргээр зургаан жилийн хорих ял сонссон байна. Уг хэргийн цаана 12 настай охин таван сартай жирэмсэлсэн байгаа юм.

Хэрэг ил болсон шалтгаан нь улс орон даяар бага насны охидыг жирэмсэлж, үр хөндүүлж байгаа учир шалтгааныг тогтоохоор эрүүл мэндийн байгууллагууд ажилласан байна. Гэтэл насанд хүрээгүй буюу 12 настай охин үр хөндүүлсэн тохиолдол гарсныг шалгахад хүчиндүүлснээс болж жирэмсэлсэн болох нь тогтоогджээ.

Ийнхүү Баянзүрх дүүргийн цагдаад хандан мэдээлснээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр “Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолбор”асрамжийн газарт байнгын амьдардаг байсан 12 настай охиныг 17 настай эрэгтэй хүүхэд урт хугацааны турш бэлгийн дарамтад байлгаж хүчиндэж улмаар жирэмсэн болгосон нь эцэслэн тогтоогдсон байна.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Хохирогч охин өдгөө өөрийн ээж дээрээ байгаа. Хэрэг гарсны дараа удалгүй охин асрамжийн газарт байхаа больсон гэв. Харин хэрэг үйлдсэн гэх 17 настай Т нь өмгөөлөгчийн хамтаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэх ба тун удахгүй шүүх хуралдаан болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Төв аймгийн Баянцагаан сумын Алтад багийн “Зуугийн-Овоо” гэдэг газар (Төв аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, Дундговь аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т) хоёр суудлын автомашин мөргөлдөж, дөрвөн хүн нас барсан хэрэг гарчээ.

Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 6-ны өдрийн 15:53 цагт хүлээн авч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 100 км зам туулан 17:50 цагт хэргийн газарт очсон байна.

Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин, “Королла” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас хохирсон Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Г /41 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Э/27 настай, эмэгтэй/, У /5 сартай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Нийслэл хотод 08 дугаар сарын 06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж, үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа.

Тухайлбал,

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги болон Цагдаагийн хэлтсийн нийт 13 алба хаагч, 2 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулсан.

Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 27 дугаар хороо “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, мөн 27 дугаар хорооны “Чухаг” хотхоны 21 дүгээр байрны зоорийн давхар, 7 дугаар хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж “Мана” амралтын газрын барилга болон 21 дүгээр байрны усыг насосоор соруулж, гудамжны усыг 5 метрийн урт шуудуу ухаж зайлуулсан.

Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Тахилт”-ын дөрөвдүгээр гудамжны 21, 67, 128 тоот хашаа, мөн тус хорооны “Доод салхит”-ын зургадугаар гудамжны 52/а, 52/б, 53 тоот хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг зайлуулсан.

Хан-Уул дүүргийн 4,10 дугаар хороо 35 дугаар байрны зоорийн давхар, 1 айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, гэр, хашааны усыг 5 метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн давхарт орсон усыг насосоор соруулан зайлуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3135 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 35 иргэн амь насаа алджээ. Үүний 21 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж:

Яндангийн цонолт, халалтаас хамгаалах:

Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийндээврээс 60-80см-ээс дээш байх.

Үнс нурмаа ил задгай асгахгүй байх:

Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.

Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх:

Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх,

Гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх:

Хялбар гал гаргах асаагуур, чүдэнзийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт нууж тавих,

Хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах:

Хийн зуухны буруу хэрэглээний улмаас гал түймэр гарах тохиолдол ихсэж байгаа учир хийн зуух ашиглах заавар, зөвлөмжийг дагах,

Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах:

Утаа мэдрэгчийн хэвийн ажиллагаа болон гал унтраагуурын хадгалах хугацааг тогтмол шалгаж, гэр бүлийн гишүүдээ гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар зааж сургах.

Дуудлага өгөх, бусдад мэдэгдэх:

Гал гарсан тохиолдолд 101 утсанд яаралтай дуудлага өгөх. Өөрөө дуудлага өгөх боломжгүй бол хөрш айлуудаасаа тусламж хүс, чанга дуугаар хашхирч бусдад мэдэгдэх,

Галын машины замыг чөлөөлөх, мэдээллээр хангах:

Галын машин ирэх замыг чөлөөлж, гал гарсан газарт очих замыг зааж өгөх. Галын голомт хаана байгааг тодорхой хэлж, гэр байшингийн дотор хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.