Categories
мэдээ нийгэм

“Монгол-Хятадын экспо-2019”-д 400 ААН оролцох боломжтой

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунглио хотуудад ирэх сарын 6-10-нд болох “Монгол-Хятадын экспо-2019”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэлсэн талаар өнөөдөр ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Энэ удаагийн экспо Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болно. Гурав дахь удаагийн экспод оролцох дотоодын ААН-үүдийг энэ сарын 2-ноос эхлэн МҮХАҮТ болон Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, “Мишээл экспо” ХХК компани нэгэн зэрэг бүртгэж байна. Бүртгэл энэ сарын 12-нд өндөрлөнө. Үзэсгэлэнд манай улсаас 400 ААН оролцох боломжтойгоос одоогоор 200 гаруй бүртгүүлжээ. Нэг ААН-д 9 ам дөрвөлжин талбай ногдох юм.

“Монгол-Хятадын экспо-2019”-гоор эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, стандарт хэмжилзүйн хамтын ажиллагааны чуулган, Монголын дүр төрхийг харуулсан үзэсгэлэн, ноос ноолууран бүтээгдэхүүний загварын шоу зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үзэсгэлэн-худалдааны хувьд БНХАУ сүү сүүн бүтээгдэхүүн болон гахайн мах, зөгийн бал зэргийг хилээр оруулахыг хориглоод байна. Гэхдээ БНХАУ-д мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөлтэй ААН-үүд оролцох боломжтой юм. Экспогийн үзэсгэлэн-худалдаанд голлох худалдан авагчид нь өвөрмонгол, хятад хүмүүс байх тул компани, бараа бүтээгдэхүүний танилцуулгаа хятад хэл дээр хэвлүүлэх, wechat-аар төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан юм. 2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж буй энэхүү экспогийн анхны жил манай улсаас 250 ААН оролцож, 1.2 сая юанийн борлуулалт хийсэн. Харин хоёр дахь удаагийн экспогийн үеэр нийт 400 аж ахуйн нэгж оролцож, 6.2 сая юанийн бүтээгдэхүүн борлуулжээ. Монгол Улс БНХАУ-тай 2020 онд гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа энэ үед уг экспо томоохон түлхэц өгөх болно гэдгийг зохион байгуулагчид илэрхийлж байна. Экспод Монгол, БНХАУ-аас гадна ОХУ, БНСУ, Итали улсын төлөөлөл оролцох аж

Categories
мэдээ нийгэм

Samsung Galaxy Note 10 гар утас нээлтээ хийлээ

Өнөөдөр Нью Йорк хотод Samsung Galaxy Note 10 гар утас нээлтээ хийлээ. Та энэхүү утаснаас өмнөх загвараас илүү зүйлүүдийг харах боломжтой юм.

Galaxy Note 10 загвар нь 6,3 инч дэлгэцтэй, харин Note 10 plus загвар нь 6,8 инч дэлгэцтэй. Дээрх хоёр загвар нь hole-puch selfie камертай.

Үнийн хувьд Note 10 утас нь 949 доллар, Note 10 plus загвар нь 1099 доллараас эхэлж байна.

Энэхүү загварт нэмж оруулсан “S Pen” нь алсаас камерын линз хооронд шилжих чадвартай. Мөн тус утас нь “Super fast” гэсэн функцтэй бөгөөд энэ нь цөөхөн минут цэнэглээд цэнэгээ олон цагаар барих чадвар юм.

Г.Ануударь

Categories
мэдээ нийгэм

Суудлын автомашин мөргөлдөж, дөрвөн хүн амиа алджээ

Төв аймгийн Баянцагаан сумын Алтад багийн “Зуугийн-Овоо” гэдэг газар хоёр суудлын автомашин мөргөлдөж, дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарчээ. Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин, “Королла” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас амиа алдсан дөрвөн хүний цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр оффшор бүсэд монголын 611 компани бүртгэлтэй байна

“Ард түмний онц зөвлөл” ТББ-аас оффшорчдын асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан. Мөн ерөнхийлөгч тус улсад айлчилснаар бид бүхний эмзэглэн яригддаг оффшорын асуудалд томоохон алхам хийгдлээ “АТОЗ” ТББ-ын зүгээс үзэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга нь “Оффшор дансанд нуусан 17 тэрбум долларыг эх орондоо авчрахгүй бол ерөнхийлөгчөөс шууд огцорно” хэмээн монголын 3 сая ард түмэнтэй гэрээ байгуулж байсан.

Хоёр оффшор бүсэд монголын 611 компани бүртгэлтэй байна. Үүнээс 272 компани Их Британы арлуудад, 193 компани Хонг Конгд, 68 компани Швейцарт, бусад нь Люксенбург, Вагама, Кипр, Гаутены арлуудад, Панама, Ирланд, Гибралтар, Летхейншенд бүртгэлтэй байна.

Тэдний мэдээлсэнээр нийт 17 тэрбум доллар оффшор бүсээс оруулж ирэх ёстой ч одоогийн байдлаар 200 гаруй сая ам.долларыг эх орондоо эргүүлэн оруулж ирээд байна.

Г.Ануударь

Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн төв музей үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна

Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-нээс татан буулгах Засгийн газрын 281 дүгээр тогтоол гарч, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх болсон. Үүнтэй холбоотойгоор тус музейн үйл ажиллагаа түр хугацаанд зогсч, хаалгаа барьж буй талаар мэдээлэл цацагдсан билээ. Өнөөдрийн байдлаар үлэг гүрвэлийн төв музей үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус музейн захирал Н.Жавзмаа “Манай музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Татан буугдсан асуудал байхгүй” гэсэн тайлбар өглөө. Одоогоор тус музейд Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг дэлгээгүй байна. Цаашид сан хөмрөгт нь хадгалж буй өв соёлын үнэт олдвор, байгалийн өвүүдийг дэлгэснээр Үлэг гүрвэлийн төв музей нь Байгалийн түүхийн музейн нэгдүгээр байр гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

И.Эрдэнэшагай агсны гэр бүлд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болсон байна. Талийгаач 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Цэргийн наадам-2019” нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж оролцлоо

“Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээн 8 дугаар сарын 3-ны өдөр 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж 39 орны 223 баг тамирчид цэргийн мэргэжлийн 32 төрөлд өрсөлдөж байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж уригдан оролцсон юм.

Түүнийг дагалдан Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны албаны хүмүүс болон батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г. Энхбаатар нар Цэргийн наадмын нэгэн томоохон төрөл болох “Танкийн биатлон” тэмцээнд оролцож буй баг тамирчдынхаа 8 дугаар сарын 4-ний өдөр уралдсан эхний гарааг үзэж сонирхон, баг тамирчдаа дэмжлээ.

Ахлах дэслэгч М.Тамир даргатай танкийн нэгдүгээр экипаж Сири, Венесуель, Казахстан улстай уралдан 2 дугаар байранд орсон сайхан амжилт үзүүлсэн юм. Дэд сайд Т.Дуламдорж цэргийн наадамд 4 дэх жилдээ оролцож буй “Хээрийн гал тогоо” цэргийн тогооч нартайгаа уулзан амжилт хүссэн. Тэрбээр, “Жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, төрөл нь нэмэгдсээр буй цэргийн наадамд Монгол Улс оролцогч орон байсан бол одоо зохион байгуулагч орон болж эх орондоо “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг амжилттай зохион байгуулж байна.

Тиймээс цаашид батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдынхаа уг наадамд оролцох нөхцөл бололцоог сайжруулж, цэргийн мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэн, зэвсэглэл техник, хувцас хэрэгслэл гэх мэт бүхий л зүйл дээр нь анхааран ажиллах ёстой юм” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

– Эх орон, ирээдүй хойч үедээ уламжлалт сэтгэлгээ, дархлаа уламжлуулан үлдээх зорилгоор “Хязгааргүй дуулал” төрийн бус байгууллагын “Уран бүтээлчид-Улсын хилээр” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв.

– Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

– Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх юм.

– Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгав.

– Үндэсний урлагийн их театрын цогцолбор барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар судалж шийдвэрлэхээр болов.

– “Автозамын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”, “Автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос Автозамын санд төвлөрүүлэх хувь хэмжээ”-г хавсралтаар батлав. 2020 онд автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос нэг тонн тутамд 18 мянган төгрөгийг Автозамын санд төвлөрүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гал сөнөөгчийн эмчилгээний зардалд 100 сая төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд 07 дугаар сарын 29-нд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. 10 аж ахуйн нэгжид хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар “Мултипак” ХХК нь хамгаалалтын зурвасыг бүрэн чөлөөлсөн бол үүрэг даалгаврыг биелүүлээгүй дөрвөн аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, хамгаалалтын зурваст байрлуулсан контейнерууд, автомашин техник хэрэгслүүд, төмөр бэлдэц, асгасан шороо зэргийг зөөж, зайлуулах ажлуудыг хийлгэв. Улмаар газар чөлөөлөх асуудлыг холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах, техник болон объект байрлуулах нь хүчтэй бороо, салхи, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, бусад болзошгүй аюулын үед гал гарах, цахилгаанд цохиулах, улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохирч болзошгүй нөхцөлийг бий болгож байгаа юм. Түүнчлэн шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, шугам таслах, гэмтээх, засвар үйлчилгээ явуулахад хүндрэл учруулдаг.

Иймд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас газарт байрлаж буй иргэд, аж аж ахуйн нэгж, байгууллага хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж яаралтай зурвас газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр зурвас газарт үйл ажиллагаа явуулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.