Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважаргал: Мотоцикл малчдын амь насанд заналхийлж байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалтай ярилцлаа.


-Амралт зугаалгын үе үргэлжилж байна. Орон нутгийн замын нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуны улиралд амралт зугаалга, хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөнтэй холбогдуулаад орон нутгийн замд гарах осол хэргийн тоо өсдөг. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол осол хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа ч хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсаар байна. Өчигдөр л гэхэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Тоёото Рав 4” маркийн авто машин осолдож найман сартай охин нас барсан хэрэг бүртгэгдлээ. Бид орон нутгийн замд гарч байгаа осол хэргийг өнгөөр нь авч үзвэл онхолдох хэлбэр зонхилж байна. Онхолдохын цаад талд хурд хэтрүүлэх, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ авч чадахгүй, шөнө оройн цагаар гэрлийн гялбаанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох зөрчлүүд байгаа юм. Мөн хэт удаан жолоо барьж ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцох нь зүүрмэглэж зам тээврийн ноцтой осол хийх эрсдэл дагуулдаг. Ядарсан, нойр хүрсэн тохиолдолд зам чөлөөлж амарч байгаад явах шаардлагатай.

-Жолооч нар аюул саад тулгарсан үед хурдаа хасч зогсоох арга хэмжээ авч чадахгүй байгаа нь ослын нэг шалтгаан болж байгаа талаар яриандаа дурдлаа. Жолооч нарын ур чадварт асуудал байна уу?

-Жолооч замын хөдөлгөөнд оролцож явахад гэнэтийн саад тулгарсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг л хасах ёстой.

Ингэснээр өөрт болон бусдад аюул учрах эрсдлээс хамгаалах боломжтой. Манайхан морь мал урдуур гүйх, гэрлийн гялбаанд орох зэрэгт тойрч гарахаар жолооны хүрдээ эргүүлж байгаа нь замын хажуу руу унах зэрэг ноцтой осол хэргүүд рүү оруулж байгаа юм. Гэнэтийн саад тулгарахад жолооны хүрд мушгихаас өмнө таны хөл тоормосон дээр очих ёстой. Хурд тодорхой хэмжээгээр саарсны дараа хажуу тийш нь дарах гэх зэрэг үйлдлээ хийж болно шүү дээ.

-Зам тээврийн айхавтар осол хэргийн мэдээ, мэдээлэл өдөр бүр л дуулдах юм. ТЦа-наас аян хүртэл өрнүүлж байна. Манайхан анхааруулаад байхад л осолдоод байна. Хэнэггүй байна уу?

-Ноцтой хэргүүд ар араасаа гарч байна. Онцлоод хэлэхэд мотоциклтой осолдож нас барж байгаа хэргүүд хөдөө сумын төвд бараг өдөр бүр л шахуу гарч байна. Манайхан чинь малаа мотоциклоор хариулдаг болсон шүү дээ. Батлагдаагүй зам тээвэр буюу шороон зам дээр бүрэн бус мотоциклтой хурд хэтрүүлж яваад осолдож амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа юм. Орон нутгийн замд л гэхэд мотоциклоос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд олон бий. Тэр бүр цагдаагийн байгууллагад бүртгүүлдэггүй. Хөл гараа хугалах бол энүүхэнд. Өнгөрсөн онд л гэхэд 138 хүн мотоциклтой зорчиж яваад амь насаа алдсан тоон судалгаа бий. Үүний 97 нь орон нутгийн замд ямар нэгэн бүртгэл судалгаагүй мотоциклтой зорчиж яваад амь насаа алдсан байгаа юм. Монголчлоод зассан бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй уул, хадаар хүртэл явж малаа хариулна. Ингэж яваад л осолдож амь насаа алдана. Энэ асуудал дээр бодлогоор анхаарч цэгцлэхгүй бол малчдын амь насанд мотоцикл тодорхой хэмжээгээр заналхийлж байна. Малчид морио унаад малаа хариулах нь эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.

-Ар араасаа ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдэж байгаа нь жолооч нарын сэтгэхүйтэй холбоотой юу. Нэгнийхээ дор орохгүй гэх сэтгэхүйгээр замын хөдөлгөөнд орж байгаа харагддаг?

-Хөдөлгөөний эрчимтэй үед уралдах хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байна. Хурд ямар эрсдэл дагуулдгийг ухамсарлахаа больчихсон байгаа юм. Орон нутгийн замд гүйцэж түрүүлж сүлжиж давхиж байгаагаас л осол хэргийн олонх нь үйлдэгдэж байгаа шүү дээ. Ялангуяа гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэж байгаа их эрсдэл дагуулдаг. Нэг машин гүйцээд ирэхээр нь “Энэ яахаараа миний урд гардаг юм” гээд дагаад хурдаа нэмдэг муухай сэтгэхгүй манайхны тархинаас арилахгүй байна. Зам тээврийн осол хэрэг гэдэг бол санамсар болгоомжгүйгээс үйлдэгддэгээрээ бусад хэргээс ялгаатай. Жилдээ 500-600 хүн нас бараад, 1200-1300 нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж байгаа чинь ерөөсөө анхаарал болгоомжгүй үйлдэгдэж байгаа хэргүүдтэй шууд холбоотой.

-Ханбогдод машин осолдож найман сартай охин амь насаа алдсан талаар та яриандаа дурдсан. Манайхан хүүхэд тээвэрлэх тал дээр ойлголт дутмаг байна уу. Бага насны хүүхдүүд орон нутгийн замд цонхоороо толгойгоо гаргаад л зорчих юм?

-Тийм. Хүүхэд тээвэрлэх тал дээр ямар ч ойлголтгүй байна. Өнгөрсөн жил 47 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан. Үүний 90 орчим хувьд нь орон нутгийн замд эцэг эхтэйгээ зорчиж яваад осолдсон байгаа юм. Орон нутгийн замд зорчихдоо эцэг эхчүүд бага насны хүүхдийг өвөр дээрээ авч явдаг. Хөдөлгөөнд оролцож явахад гэнэтийн аюул саад тулгарахад таны өвөр дээрх жаахан хүүхэд тань жийргэвч болж байгаа юм. Хөнгөхөн ослын үед л урд салхины шил очоод мөргөнө шүү дээ. Та хамгийн хайртай хүмүүсээ өвөр дээрээ асарч хамгаалаад явж байна гэж ойлгодог. Энэ бол эсрэгээрээ. Хамгийн хайртай хүмүүсээрээ жийргэвч хийж амь насыг хохироож байна гэсэн үг. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх ёстой. 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудалд бүс тохируулагчтайгаар тээвэрлэх хэрэгтэй. Зориулалтын суудалд тээвэрлээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас арга хэмжээг цаг тухай бүрт нь авч байгаа. Бүх постон дээр энэ төрлийн хяналтыг тавьж ажиллаж байна.

-ТЦа-наас 21 аймагт хурд хэмжигч байршуулсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-ТЦА-наас 21 аймгийг нэг км-ийн зайнаас тээврийн хэрэгслийн хурдыг бүрэн тодорхойлох чадамжтай хурд хэмжигчээр хангасан. Орон нутгийн замд 88-120 км хүртэл хурд хийхэд таны гэрийн хаягаар торгуулийн хуудас очих болно. 120-иос дээш км цаг хурдалбал тухайн газар цагдаа зогсоож эрх хасах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд орон нутгийн замд зорчихдоо энд цагдаа алга гэсэн сэтгэхүйгээр ханддаг цаг ард хоцорсон. Цагдаа байхгүй ч хурд хэмжигч ажиллаж таны гэрийн хаягаар торгуулийн хуудас очно шүү гэдгийг дахин анхааруулъя.

-Хөдөө гарч байгаа жолооч бүхэн л авто машинаа өндөрлүүлнэ гэж ярих болж. Энэ нь осол хэрэг гарах шалтгаан болж байна гэх юм. Энэ талаар жолооч нарт зөвлөхгүй юу?

-Үйлдвэрийн стандартыг нь эвдэж өндөрлөх нь осол хэрэг гарахад нөлөөлж байгаа. Өндөрлөсөн тээврийн хэрэгслээр орон нутгийн замд зорчиж явахдаа хурдаа зөв тохируулах нь чухал. Эргэлтэн дээр өндөрлөсөн, болон үйлдвэрийн стандартаараа яваа тээврийн хэрэгслийн ялгаа гардаг. Үүнийг ухамсарлаж орон нутгийн замд хурдаа зөв тохируулах хэрэгтэй байна. Ер нь тэгээд 80 км цагийн хурдтай явахад осол хэрэгт өртөх магадлал эрс буурна гэж ойлгож болно.

-Гол төлөв ямар насны жолооч нар зам тээврийн осол хэрэгт өртөж байна вэ?

-Сүүлийн нэг сарын хугацаанд үйлдэгдсэн осол хэргээс шүүхэд 20-30 насны залуус өртөж байна. Амралт зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.


Categories
мэдээ эдийн-засаг

12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 44,738,081 төгрөгийн үнийн дүн бүхий 179,516 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мерекс” ХК (MRX+10.82%) болон “Сүү” XK (SUU+3.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хар Тарвагатай” ХК (TVT-14.85%) болон “Стандарт Агрикалчер Групп” ХК (SOH-11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 0.08 хувиар өсч, 20512.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,530,318,889,021.62 төгрөг боллоо.

Categories
мэдээ улс-төр

“Жайка”-гаас амаржих газруудад тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яам, Жайка олон улсын байгууллага хамтран 2019-2021 оны хооронд ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж буй юм. Энэ төслийн хүрээнд өнөөдөр (2019.07.08) Жайка олон улсын байгууллагаас ЭХЭМҮТ болон нийслэлийн гурван амаржих газарт 24 ширхэг ургийн хяналтын монитор, дагалдах хэрэгслийг гардуулав.

Тоног төхөөрөмжийн нийт өртөг 851 сая төгрөг бөгөөд түүнийг ажиллуулах эмч, инженер техникийн ажилчдыг Япон улсад 7-14 хоногийн сургалтад хамруулах юм байна. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр:

-Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах

-Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах

-Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

-Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гарна хэмээн үзжээ.

Өмнө нь 1000 төрөлт тутамд 18 нярай энддэг байсан бол төсөл хэрэгжсэнээр энэ тоо 10-аар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас гаргасан саналыг төсөлд тусгах асуудлаар хуралдлаа

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд буюу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд ажлын хэсэг өнөөдөр /2019.08.07/ хамтарч хуралдлаа.

Хуралдаанд дэд ажлын хэсгийн ахлагч,нарийн бичгийн дарга нар, зарим дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч,Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулан хийж буй болон цаашид хийгдэх ажлын талаар, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаархи цуврал хэлэлцүүлгийн талаар танилцууллаа.

Тэрбээр, цуврал хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал хэлж, асуулт асуусан хүмүүсийн тоо зэрэг статистик баримтын зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг онцлон танилцуулав.

Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улстөрийн намуудын зүгээс тавьж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улстөрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийллээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж сонсгов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн хийсэн дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж, Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар нар санал, байр сууриа илэрхийлсэн.

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулсан таван өдрийн хэлэлцүүлэг, УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр иргэдийн гаргасан болон УИХ-ын нэр дээр иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлж буй гэх зэрэг бүхий л саналуудыг нэгбүрчлэн авч үзэн, нэгтгэн томъёолж, төсөлд тусгах чиглэлийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон иргэдийн цогцсыг гаргажээ

Монгол Улсын Шадар Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн голын усанд осолдсон хоёр иргэний эрэн хайх ажиллагааны нөхцөл байдалтай танилцлаа. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчимд 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/, Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ 08.04-ний өдрийн 12:30 цагт тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Дээрх хоёр эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, 4 завь, 2 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол-Япон улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны наймдугаар сарын 5-ны өдөр Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн асан Асано Кацухитог хүлээн авч уулзлаа. Асано Кацухито Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн чиглэлд хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийнхээ талаар танилцуулжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хэрэгжүүлхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжихээ илэрхийлээд Монголын мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ. Уулзалтын үеэр Асано Кацухито Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн мэндчилгээг уламжлав

Categories
мэдээ нийгэм

Боксчин Г.Ган-Эрдэнэ “Heavy HittersPromotions” компанитай гэрээ байгууллаа

Олимпийн гишүүн асан Ган-Эрдэнэ Ганхуяг Өмнөд Солонгосоос гаралтай “Heavy HittersPromotions” захирал (Энди Ким) компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ганхуяг 350 гаруй тулаан хийсэн байна. Тэрбээр 2016 оны Рио Олимпийн наадамд Монголоо төлөөлөн оролцсон бөгөөд оны сүүлчээс өмнө Солонгос улсад зохиогдох дэлхийн томоохон зөвшөөрлийн тэмцээний бүсийн аварга шалгаруулах тэмцээнд дебютээ хийхээр төлөвлөжээ. Монгол тулаанч, пан азийн аварга Лхагваа нь өмнө Солонгос компанитай гэрээ хийж солонгос улсад бэлтгэл хийн олон тэмцээнд амжилт үзүүлж байсан түүхтэй. Ганхуяг хөнгөн жингийн ангилалд тулалдана.Heavy HittersPromotions” захирал Энди Ким нь богино хугацаанд маш олон хүнийг дэлхийн аварга болох замыг нь нээн хамтарч ажилласаар ирсэн. Хамгийн сүүлд тэрээр ес дэх тулаандаа жилийн өмнө дэлхийн аварга цол хүртсэн Мухаммед Васемийг удирдсан юм. Васем ялалтад богино хугацаанд хүрсэн бөгөөд Энди Ким захирал Ганхуягийг мөн дэлхийн аварга болох бүрэн боломжтой гэж үзэж байна. “Ган-Эрдэнэ бол мэргэжлийн ур чадвартай, маш уран тоглолттой, Мэргэжлийн түвшинд дэлхийн аварга болох бүрэн боломжтой гэж Солонгосын талын захиралЭнди Ким хэлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсэг хуралдлаа

Гадаад харилцааны яаманд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдаан болов. Хуралдаанд БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал бөгөөд ЗГХК-ын Хятадын талын Ажлын хэсгийн дарга Ян Вэйчюнь, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал бөгөөд ЗГХК-ын Монголын талын Ажлын хэсгийн дарга Т.Жанабазар нар төлөөлөгчдөө ахлан оролцжээ. Ажлын хэсгийн хуралдаанаар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, тээврийн хамтын ажиллагааг урагшлуулах, манайхаас БНХАУ-д экспортлох махны хоригийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх хэлэлцжээ. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг урагшлуулах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Баянхонгор аймгийн Шинэжинст сумынханд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

Улсын Их Хурлаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсох үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж яваа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 2-3 парламент дамжиж боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас ард түмнийхээ засаглах эрхийг хангахын тулд энэ өөрчлөлтийг хийж байна. Хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг иржээ. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш, бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоогоо хангаж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав.

Сумын Засаг даргын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч адилхан. Улсын түвшинд харвал Засгийн газарт ч төстэй байдал бий. Манай тогтолцоонд нэгэнт буй болсон гажуудлыг засаж, гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, парламентыг хариуцлагатай, шүүхийг хараат бус, орон нутгийн захиргааг боловсронгуй болгохын тулд, төр засгаас ард олныхоо төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн санал нэн чухал болохыг онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай хэмээн хүсэв.

Шинэжинстийнхэн төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Үг хэлсэн хүн бүр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлж, сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг нахааруулж байлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас Шинэжинст сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар асууж тодруулан, хариулт авлаа.


Залуучууд хөдөлмөрлөж чадвал сумандаа сайхан амьдрах боломж байна гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочиллоо.

Ш.Ганбат, “2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж эхэлсэн. Одоогоор ээж, эхнэртэйгээ хамтарч ажилладаг. Сард дунджаар 80 орчим нэхий боловсруулж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 15 нэхий элдэж боловсруулах боломжтой. Түүхий эдээ малчдаас авдаг. Гэхдээ цэвэрхэн хуулж, анхны боловсруулалтаа сайн хийсэн арьс авахыг боддог. Тиймэрхүү арьсыг 2000 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Элдсэн нэхийгээ ихэвчлэн малчдад дээл хувцас хийхэд нь зориулж арилждаг. Нэг дээлэнд 8-15 нэхий ордог.

Хаягдал гаргахгүйн тулд жижиг хэсгүүдийг дэгтий, нударганы бэлдэц болгож өгдөг. Нэхий боловсруулах технологийг Улаанбаатар хотод сургалтад сууж сурсан. Одоогоор гэртээ нэхийгээ элдэж боловсруулдаг, хүйтний улирал эхлэхээс өмнө ажлын байраа барьж дуусгана гэж бодож байгаа. Санхүүгийн хувьд өөрөө л болгож байна. Янз бүрийн төсөл, зээлд хамрагдах гэж үзсэн. Даанч барьцаа хөрөнгө байхгүй гээд олддоггүй юм байна билээ.

Хонины нэхийг сайхан боловсруулчихвал зөвхөн манайд ч гэлтгүй Өвөрмонголд зах зээл байна. Сумандаа сайхан ажиллаж амьдрах боломж байна. Төр засаг болон орон нутгийн удирдлагуудаас бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах, борлуулах чиглэлээр жаахан л дэмжээд өгвөл орон нутагт сайхан амьдарч болж байна. Хонины нэхийг элдэхэд гардаг хялгасаар дулаалгын матаериал хийж болмоор санагдаад байгаа юм. Залуучууд өөрсдөө санаачлаад, хөдөлмөрлөвөл хийх ажил их байна. Түүнийг нь төр засгаас санхүүгээр дэмжих хэрэгтэй байна” гэж ярилаа.

Тэрбээр мөн хонины хорголоор галладаг зуухыг өөрөө зохион бүтээж, 2018 оны намраас хэрэглээндээ ашиглаж байгаа юм байна. Энэ зуухандаа модлог ургамал түлдэггүй бөгөөд хонины хоргол, аргал, хомоол зэргийг багахан хэмжээний нүүрстэй хольж түлдэг байна. “Энэ зуухыг ашиглах нь говийн экосистемд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Модлог ургамал түлэхгүй учраас загаа хамгаалахад нэмэр болно. Илч сайтай, дулаанаа сайн хадгалдаг. Нэг портер нүүрс 10 дугаар сард авсан, одоо хүртэл түлж байна. Нэг зуух ойролцоогоор 90 орчим мянган төгрөгөөр бүтдэг гэж танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан нарийн мэргэжлийн эмч нар, гар утасны засвар, үсчин гоо сайхны баг ажилласны зэрэгцээ спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, аймгийн татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн байгууллагууд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлсэнд иргэд ихэд талархалтай байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үерийн далан хаасан “Талст ширээт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.

Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автаад байна. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин , аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/167 дугаартай захирамжаар “Талст ширээт” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож байжээ. “Талст ширээт” компанийн архетиктур төлөвлөлтийн даалгавар, нарийвчилсан ажлын зураг нь баталгаажсан боловч барилгыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй барилга барьж байжээ.

“Өнгөрсөн зургаадугаар сард тухайн нутаг дэвсгэрийн хойд талын авто зам, замын байгууламжийн эвдрэлийн нөхцөл байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийсэн. Шалгалтаар их хэмжээний их хэмжээний бороо орсны улмаас гадаргууны болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий гэсэн дүгнэлтийг тухайн байгууллагад өгсөн ч тухайн компанийн удирдлагууд хүлээж аваагүй” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаа ярилаа.

“Үерийн усны даланг хааж барилга барьсан байна гэдгийг удаа дараа холбогдож сануулсан. “Талст ширээт” компанийн удирдлагууд нэг ч удаа үерийн усны далангийн зураг бариад ирж байгаагүй. Авто замын хөгжлийн газраас удаа дараа шаардлагыг тавьж, үерийн ус авто замруу орох нөхцөл байдал үүсэн байна шүү гэдэг дүгнэлтийг өгсөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэв.

“Авто зам хөгжлийн газарт үерийн далан гаргах асуудлаар тухайн ярилцаж байсан. Үерийн далан гаргах зураг төсөл бэлэн болж байгаа энд зам дагуух моднуудыг өөр газарт шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мод шилжүүлж өгөөгүйн улмаас бид үерийн далангаа гаргаж чадахгүй байгаа” хэмээн Талст ширээт ХХК”-ний захирал н.Даваадорж тайлбарлав.

“Барилга эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байж, үерийн усны даланг хааж барилга барьчихаад одоо усанд автсан энэ зам талбайг хар. Зөвшөөрөлгүй 10-20 давхар барилга барих болохоороо барьж болдог хирнээ үерийн усны даланг заавал зөвшөөрөлтэй барина гэж болох уу. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн, явган хүний замыг шавар шавхайнд хутгаж олон иргэдийг хохироосон хохиролыг танай компани бүрэн төлж барагдуул. Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Геодизи зураг зүйн хяналтын газрууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж хяналтаа сайжруул. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоо. Өнөөдөртөө багтааж үерийн даланг засаж үерийн усыг зайлуулах ажлыг түргэн шуурхай ажиллахыг” Хотын захирагч С.Амарсайхан үүрэг болголоо.

Түүнчлэн Хотын захирагч Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаазөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож холбогдох байгууллагуудыг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.