Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгаан эрчим хүч хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 8-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: БЗД 10, 28-р хороо Мягмар АОС, Хужирбулан орчмоор

10:30-17:00 цагт: БЗД 8, 12, 13, 22-р хороо МИК лаборатори /10 кВ/, Жанжины 26, Төмөр замын 1, Чулуун овооны 1-8, Чулуутын 1-8, Улаанхуарангийн 7/А, Б, Дүүрэгийн 6-9-р гудамжууд, Алтан тэвш АОС, 14-р хорооллын 62, 99, 119, 15-р хорооллын 89, ЭТӨЧ 81, 107, 16-р хорооллын 50, 60, Энхтайваны 101-110, 127/1-8, Данзангийн 3, Икс апартментын 4/А-D байрууд, БХЯ-ны БЗА, ШУА-ийн Түүх археологи, Физик технологи, Биологи, Хими, химийн технологийн хүрээлэнгүүд, БО хэмжилзүйн төв, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ЗХЖШ-ын 052-р анги ҮАА хэлтэс, Цэргийн төв эмнэлэг, Үндэсний архивын газар, Амгалан амаржих газар, Энэрэл эмнэлэг, ЦАБ СӨХ болон эдгээрийн ойр орчмоор

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10:30-20:00 цагт: СБД 8-р хороо Амила цэцэрлэг, Иргэн Батсуурь, Батцэцэг, Батдорж, Баттөгс, Эрхийн хөршүүд СӨХ, МУИС ХБ-5, ОБ-3, 4, 5, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЭЗДС, Улаанбаатар зам засвар арчлалт, Эмнэлгийн техник, Цогт баясах үйлс, Гастрологи ХХК-ууд, Очир СӨХ, Дүрслэх урлагийн сургууль болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: БГД 4, 6-р хороо 10-р хороолол 16-25, 101-105, ХД-ийн 27, ТЭЦ-ийн 47, 81-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: ХУД 4-р хороо Яармагийн 2-р буудал, Бизнесийн дээд сургууль, Мөрөөдлиийн дээд сургууль 63-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ББСХ, Алтай хангай ХХК-ууд, Нийслэлийн түргэн тусламж болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

09:00-18:00 цагт: Аргалант сумын Хаан банк, Молцог шим ХХК, Төрийн банк, Иргэн Дамдин, Мобиком, Жимобайл, Петровис ШТС, Жикс 1, 2, 3, Тусжин, Молцог элс жуулчны бааз, Хос бэрс, Лунобатор, Тахь 1, 2 ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

09:30-18:00 цагт: Баянцагаан сум болон Шохой чулууны үйлдвэр, Минералплас ХХК орчмоор

10:00-18:00 цагт: Баяндэлгэр сум

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Categories
мэдээ нийгэм

Жайка төслийн хүрээнд амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яамнаас Япон улсын Жайка төслийн хүрээнд ЭХЭМҮТ болон нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт нийт 24 ширхэг ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө.

2019 оны тавдугаар сараас эхлэн дээрх байгууллагуудад хэрэгжиж буй уг төсөл нь ирэх 2021 оны зургадугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна. Төслийн хүрээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах зорилгоор эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Япон улсад 7-14 хоногийн сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

Төсөл хэрэгжсэнээр:
• Перинаталь үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах
• Эх барихын тусламж, үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах
• Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
• Эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ахиц дэвшил гарах юм.

Дэлхийн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна. Тиймээс нотолгоонд суурилсан, хөтөлбөрт чиглэсэн дэлхийн стандартыг эх орондоо нутагшуулах нь чухал юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван давхраас унах гэж байсан бага насны хүүхдийг аварчээ

Орон сууцны гурван давхраас унах гэж байсан бага насны хүүхдийг Онцгой байдлын алба хаагчид аварч, аюулгүй болгожээ.

Дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд дуудлагын дагуу гал унтраах, аврах 17 дугаар ангийн таван албан хаагч очиж, дөрвөн настай Э хүүг гурван давхрын цонхны тавцан дээр хөлөө унжуулаад сууж байхад нь сунадаг шат ажиглан аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Эцэг эх нь бага насны хүүхдээ ганцааранг нь цоожлоод явсан хойгуур ийм хэрэг гарчээ.

Хүүхдийг асран хамгаалагчийн хамт үлдээж, харгалзах хүнгүй гэрт нь цоожлохгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гансүх: Д.Трамп “Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ярилцсан ноолуурын тухай яриа маш сонирхолтой байлаа” гэж хэлсэн

Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүхтэй Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчиллаа. Гадаад харилцааны яамны зүгээс айлчлалыг хэдийнээс төлөвлөв?

-Монгол, АНУ дипломат харилцаа тогтоогоод 32 жил болсон байна.

2017 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр талаасаа маш өргөн хүрээнд тэмдэглэсэн. Нэн тэргүүнд бид Монгол, АНУ-ын харилцаа жилээс жилд өргөжин тэлж иржээ гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Үүнээс гадна Монгол Улсын АНУ-тай харилцах харилцаа манай гадаад бодлогын үзэл баримтлалд их чухал байр суурь эзэлдэг. Манай гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа юм. Ийм ойр дотно харилцаатай улс орнуудын хувьд өндөр дээд түвшинд айлчлах тухай үргэлжид яригдаж байдаг.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчилсан. Түүнээс өмнө манай Гадаад харилцааны хоёр ч сайд айлчилсан. Энэ бол ерөнхийлөгч Д.Трампын засаг, захиргаа гарч ирснээс хойших үйл явдлууд юм. Энэ бүх айлчлал дараагийн шатны айлчлалуудын бэлтгэл ажил болж явдаг, Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд мөн л эртнээс бэлтгэгдэж эхэлсэн.

Ер нь бол уулзалт бүрт л харилцан айлчлалын тухай ярьдаг. 2017 оны арванхоёрдугаар сард манай улсын Төрийн тэргүүн Д.Трамп Ерөнхийлөгчид захиа бичсэн. Захианы хариу тун хурдан ирсэн, “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол, хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Таныг АНУ-д айлчилна гэдэгт итгэж байна” гэсэн утга агуулгатай хариу байсан.

Энэ бол бидний хувьд урилга. Айлчлалдаа эргэлт буцалтгүй бэлд гэж болно гэсэн үг.

-Ерөнхий сайд АНУ-д айлчлахдаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг баталсан. Энэ нь хоёр улсыг стратегийн түншлэлтэй болгох бэлтгэл, үндэс нь байв уу?

-Харилцаа стратегийн түншлэлд хүрэхэд түүнээс ч урт хугацаа шаардлагатай. Хоёр тал 2007 онд ойр дотно хамтын ажиллагааны тунхаглал гаргасан. Монгол, АНУ-ын харилцааны зарчмуудыг тодорхойлсон баримт бичиг гэсэн үг.

Түүн дээр хоёр орон харилцаагаа цааш нь өргөжүүлнэ, тэлнэ гэсэн зорилт тавьсан. Түүнд үндэслэж явсаар 2018 онд хоёр тал харилцаагаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүргэж ажиллая гэсэн хамтарсан мэдэгдэл гаргасан, ийм тохиролцоонд хүрсэн.

Монгол, АНУ-ын харилцаа улс төрийн хувьд их өндөр түвшинд хүрсэн. Харилцан итгэлцлэл ч тэр. Ер нь бол Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үйл явц зэргийг АНУ-ын талаас үргэлж дэмжиж ирсэн.

Тэр утгаараа ардчилсан зарчмууд, үнэт зүйлс нь хоорондоо таардаг. Үг хэлээ ололцдог, итгэлцэл бий болсон ийм л харилцаа юм. Үүн дээр нэмээд хүчирхэг эдийн засагтай энэ орноос Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эдийн засгийн харилцаагаа тэлэх шаардлага байгаа.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр эдийн засгийн харилцааг өргөтгөх замын зураглалыг гаргасан.

Тэрхүү зураглалд бид эдийн засгийн харилцааг түлхүү хөгжүүлэх, бодитой болгох шаардлагатай байна гэж ярилцсан. Түүнээс хойш ч тодорхой ажлууд хийгдсэн. Тухайлбал, Худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд хоёр Засгийн газар хуралдаад, асуудлуудаа ярилцсан.

Мөн хоёр орны хооронд эдийн засгийн бодлогын яриа хэлэлцээ болсон. Эдийн засгийн асуудлуудаа уялдуулах буюу цаашид юун дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа, яавал харилцан ашигтай байх вэ, Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд тус болох уу зэрэг чиглэлд талууд ажилладаг. Энэ мэтчилэн бидний АНУ-тай харилцаж байгаа сувгууд тэлж, төрөлжиж байгаа.

-Тухайлбал ямар чиглэлүүдэд төрөлжиж байна вэ?

-Гадаад харилцааны яам, Төрийн департмент хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт жил бүр болдог. Энэхүү уулзалтаар хоёр орны хооронд ярьж, хэлэлцэх шаардлагатай ямар л асуудал байна тэр бүрийг хэлэлцдэг.

Дараа нь Эдийн засгийн бодлогын, Худалдаа хөрөнгө оруулалтын, Батлан хамгаалахын, Эрчим хүчний бодлогын зэрэг төрөл бүрийн салбарын зөвлөлдөх уулзалтуудыг хийдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон. Ийнхүү харилцаа маань салбар бүртээ тэлж байгаа.

Энэ бүхэн явсаар хоёр орны харилцаа стратегийн түвшинд ажиллах хэмжээнд хүрчээ. Үүн дээрээ түшиглээд цаашид улам тэлээд явна. Ийм дэс дараалалтай явж байгаа.

-АНУ-ын стратегийн түншлэлтэй 17 улс бий. Тэдгээрт томоохон улс орнууд багтдаг. Таны бодлоор манай улсыг сонирхож буй шалтгаан нь юу вэ?

-АНУ манай гуравдагч хөрш. Хоёр орны харилцаан дээр тэр нь харагддаг. АНУ зөвхөн өндөр хөгжилтэй улсуудтай стратегийн түншлэлтэй гэдэг нь үнэн. Гэхдээ улс орнуудын харилцааг аваад үзэхэд том, жижиг гэдэг ойлголт таардаггүй юм.

Хамгийн гол нь манай улс ардчилсан орон. Зах зээлийн чөлөөт эдийн засагтай, олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс. НҮБ-ийн дүрэмд улс орон ямар байх ёстой гэж заасан яг л тэр шалгуурыг хангасан.

Тиймдээ ч АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай байх боломжтой. Дээрээс нь бид АНУ-тай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаа. Аль аль талаасаа сонирхол нийлж байна л гэсэн үг.

-АНУ-тай стратегийн түншлэлтэй болсноор Монгол Улсад ямар ашигтай вэ. Нэн тэргүүний жишээ нь юу байж байх бол?

-Манай улс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа бодитой болгоё л гэж зорьж байгаа. Энэ асуудал бодитой болно. Хоёр шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, манай улсын зүгээс АНУ-д ноос, ноолууран бүтээгдэхүүнээ татваргүй гаргая гэдэг асуудлыг хөндсөн.

Үүнтэй холбоотойгоор Гуравдагч хөршийн худалдааны хууль АНУ-ийн Конгрессын хоёр танхимаар батлагдах ёстой. Доод танхим бол Төлөөлөгчийн танхим, 435 хүнтэй том танхим.

Дээд танхим буюу Сенат нь 100 хүнтэй. Тэрхүү хууль өнгөрсөн оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлсэн шинэ Конгресс дээр дахин өргөн баригдсан. Доод танхимд нь 40-өөд хүн хамтран зохиогчоор оролцоод, дэмжээд явж байна.

Мөн Сенатын танхимаас 10 гаруй гишүүн тэрхүү хуулийг зэрэг аваад явж байгаа. Айлчлалаар манай Т өрийн тэргүүн Д.Трамп Ерөнхийлөгчид энэ асуудлын талаар сайн ойлгуулсан, Энэ хууль батлагдсанаар ажлын байр бий болгоно, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгож чадна, нүүдлийн соёл иргэншлээ ч хадгалж үлдэх замыг нээнэ.

Тэр утгаараа энэ асуудал нь эдийн засаг, нийгэм, соёлын асар их ач холбогдолтой гэдгийг Төрийн тэргүүн маш сайн тайлбарласан. АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс ч үүнийг хүлээж авч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хэдий өнөө, маргаашдаа биш ч ирэх он жилүүдэд өгөөжөө өгөх, өргөжих асуудал юм.

Хоёрдугаарт, АНУ нь Ази, Энэтхэг, номхон далайн орон руу ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа. 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлачихсан. Монгол Улс нь АНУ-ын түнш, эдийн засгаа солонгоруулахыг зорьдог орны хувьд тэр хөрөнгө оруулалтаас заавал хүртэх ёстой гэж үзэж байгаа юм. Түүнийгээ бодно, ярина.

-Яг ямар учиртай хөрөнгө оруулалт юм бэ?

-Ази, Номхон далайн орнуудтай, тэр дундаа түнш орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах зорилготой. Түүнд нь бид багтах л ёстой. Үүнд стратегийн түншлэлийн харилцаа мөн л хэрэг болно.

-Саяын айлчлал АНУ-ын манай хөрш хоёр оронтой харьцах харьцаанд эерэг уур амьсгал бүрдүүлсэн гэдгийг зарим судлаачид хэлж байсан. Таны хувьд үүнд ямар бодолтой байгаа вэ?

-Хариулахад хэцүү л дээ. АНУ-ын зүгээс Монгол Улс бол хоёр хөрштэй, тэдгээр улсуудтай ойр дотно харилцдаг гэдгийг сайн ойлгож байгаа. Хоёр хөршөөрөө дамжиж далайд болон гуравдагч зах зээлд гардаг гэдгийг ч ойлгож байгаа.

Монгол Улсын хоёр хөрштэйгөө харилцах, мөн өөрөө хөгжих тэр боломжийг л Монгол, АНУ-ын харилцаа дэмжих үр дүнтэй гэж би харж байгаа юм. Ер нь бол ОХУ-ын “ТАСС”, мөн “CNN”, “The Diplomat” зэрэг олон улсын хэвлэлүүдээр айлчлал эерэг үр дүнтэй боллоо гэж буй.

-Хоёр хөршийн зүгээс хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Нэг их цочирдож хүлээж авахгүй байх аа л гэж бодож байгаа. Учир нь энэ зүйлийг гэнэтхэн очоод байгуулчихсан юм биш шүү дээ. Бид өмнө нь ярьдаг л байсан. Зорьдог л байсан. Өнөөдөр л цаасан дээр албан ёсоор бууж байгаа нь энэ. Түүнээс өмнө бид гуравдагч хөршийнхөө орнуудтай тэр дундаа АНУ-тай харилцааны түвшинг ахиулна гэж ярьдаг л байсан.

Жишээ нь, манай улс Япон, Энэтхэг зэрэг улстай стратегийн түншлэлтэй. Эдгээр нь манай гуравдагч хөршүүд. Энэтхэг улстай оюун санааны хөршүүд ч гэдэг шүү дээ. Японы хувьд шилжилтийн хүнд бэрх цаг үеэс өнөөдрийг хүртэл Монгол Улсад тус дэм болж байна. Манай улс Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй.

Түүнийг чөлөөт худалдааны хэлэлцээр гэхэд ч болно Харилцаагаа ийм түвшин аваачсанаар манай улсын гадаад харилцаа тэлж, бидэнд боломж нээгдэж байна л гэж харж байгаа. ОХУ, БНХАУ АНУ гэсэн дэлхийн том гүрнүүдтэй гурвуулантай нь стратегийн түншийн харилцаа тогтоосон болохоор сонин содон харагдаж байж болох байх.

-Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан. Уулзалтаар офшорын асуудлыг хөндсөн байсан.

-Нэн тэргүүнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцсон Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд офшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллана, Монголын талд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байсан.

-Мөн Ерөнхийлөгч “NASA” буюу АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочилсон нь сонирхолтой санагдаж байлаа. Энэ талаар тодруулаач?

-1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн. Манай улс сансрын нисгэгчтэй гэдгийг энэ түүх гэрчилж байгаа юм. Нэг түүх сөхөхөд АНУ-ын сансрын хөлөг 1971 онд орон орны төрийн далбааг cap луу авч яваад, авчирсан байдаг. Тэр дунд Монгол Улсын далбаа ч байсан.

Саран дээр хүрчихээд ирсэн тэрхүү далбааг буцааж өгөхөд нь монголчууд ихэд бэлгэшээн хүлээн авсан. Одоо энэ далбаа Гадаад харилцааны төв архивт хадгалагдаж байгаа. “NASA”-r дэлхийн сансар судлалын чухал төв гэж үздэг. Тэр утгаараа манай тал зочлох санал тавьсан.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч монгол эмэгтэйг сансрын нисгэгчээр “NASA’’-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA’’-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа “NASA”-гийн судалгаа, шинжилгээ, цаашлаад Ангараг гариг руу явах зэрэг асуудалд ихээхэн анхаарал тавьж байгаа юм билээ Энэ болгоныг уялдуулж хамтын ажиллагаанд шинэ салбар бий болгож байна гэж миний зүгээс ойлгож байгаа.

-АНУ-ын талаас энэ удаагийн айлчлалд хэр их ач холбогдол өгсөн бэ?

-Ихээхэн анхаарч, өндөр ач холбогдол өгсөн. Энэ удаагийнх манай улс Ерөнхийлөгчийн түвшинд айлчилж байгаа тав дахь айлчлал. Өмнөх Ерөнхийлөгчид бүгд айлчилж байсан. Өндөр түвшинд анхаарсан гэдгийг илтгэх хоёр хүчин зүйл хэлье л дээ.

Ерөнхийлөгч Д.Трамп манай Еренхийлегчийг угтаж аваад, таван минут орчим ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөсөн байсан. Уулзалт минутаараа төлөвлөгдсөн байдаг л даа. Гэтэл уулзалт таван минут бус 30 гаруй минут үргэлжилсэн. Тус уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээр эхлэх байсан.

Миний хувьд ганцаарчилсан уулзалтын цаг сунжирсан тул өргөтгөсөн хэлэлцээр цагтаа хавчигдах нь дээ гэж санаа зовж байсан. Олзуурхууштай нь өргөтгөсөн хэлэлцээр 30 минут үргэлжилнэ гэснээрээ үргэлжилсэн.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс бүх яриа хэлэлцээний турш хамт байсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дарга Марк Грийн зэрэг болон албаны бусад төлөөлөгч тэрхүү хэлэлцээнд хамт оролцсон.

Энэ нь хоёр тал тэр дундаа АНУ-ын тал харилцаандаа маш өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илэрхийлэл гэж харагдсан шүү.

Төрийн тэргүүний зүгээс манайд АНУ-ын эдийн засгийн оролцоо, хөрөнгө оруулалт маш чухал байна гэдгийг сайтар тайлбарлаж өгсөн Ерөнхийлөгч өөрөө ч үүнийгээ хэлж байсан. Яриа хэлэлцээний үеэр сонин, содон санаа ундран гарч, яриа идэвхтэй өрнөж, үр дүн гарсан байгаа юм.

Өргөтгөсөн хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Д.Трамп “Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ярилцсан ноолуурын тухай яриа маш сонирхолтой байлаа” гэж хэлсэн Шинэ мэдээллийг өгч, бодит байдлыг ойлгуулж чадсан хэрэг л дээ.

-Ерөнхийлөгчийн АНУ-дахь айлчлалыг Гадаад харилцааны яам тун чамбай зохион байгууллаа гэж дүгнэх хүн олон байна. Гэхдээ томилсон туршлагатай орчуулагч нь байгаагүй учир орчуулга нь дулимаг боллоо гэх шүүмжлэл ч байна. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүний хувьд тэрхүү асуудлыг тодруулаач?

-Айлчлалд ам сайтай байгаад энэ ажлын бэлтгэлийг хангаж ажилласан хүмүүсийн хувьд сэтгэл өндөр байгаа. Орчуулагчийн тухайд сошиалоор шуугиад байгаа шиг тийм зүйл болоогүй гэж бодож байна.

Учир нь тэр арга хэмжээн дээр манай хоёр орчуулагч хоёулаа бэлэн байсан. Харин асуулт, хариултын үеэр багахан гацаа гарсан. Тодруулбал, англиар асуусан асуултыг Түвшинзаяа Ерөнхийлөгчид орчуулж өгсөн.

Харин Ерөнхийлөгчийн ярьсныг өөр нэг орчуулагч индэр дээрээс уулзалтад ирсэн хүмүүст орчуулах ёстой байсан юм. Гэтэл индрийн орчуулагчид яриа бүрэн сонсогдохгүй байна гэсэн тул Түвшинзаяа үргэлжлүүлээд орчуулсан Улсынхаа Ерөнхийлөгчийг ярьж байх үед хэн ч, тэр дундаа зохион байгуулж буй бидний зүгээс тасалдуулж, дахин яриулах нөхцөлийг үүсгэхийг хүсээгүй.

Тиймээс Түвшинзаяа бүгдийг орчуулсан. Нөгөө орчуулагч тэнд зогсож л байсан, алга болоогүй Түвшинзаяа бол сайн орчуулсан, сайн ч орчуулагч АНУ-д сургууль төгссөн, Ерөнхийлөгчид орчуулга хийдэг тийм л хүн. Хэрвээ тэр хүн орчуулж чадахгүй байсан бол би ч, өөр бусад албаны хүмүүс ч зогсоох, солиход бэлэн байсан. Гэхдээ тийм зүйл болоогүй.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурцад холбогдох шүүх хурал энэ сарын 12-нд болно

Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь оум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ыг хүртэл хойшлуулж шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзжээ. Ингэснээр энэ сарын 12-нд болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор боллоо. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг оролцуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Фейсбүүкээр залилан хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Долдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан гэж цагдаагийн байгууллагад ханджээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газар шалгалт явуулж, 19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Олон нийтийн сүлжээгээр бусдыг залилсан хэрэг сүүлийн үед нэмэгдэх болсон. Тиймээс,

-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.
-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх
-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай дансруу шилжүүлэхийг иргэдэд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Сибирийн гал түймэр дэлхийн дулааралд нөлөөлнө

Сибирийн гал түймрийн утаа, үнс нурам дэлхийн дулаарал, Арктикийн мөс хайлахад хувь нэмрээ оруулах болно хэмээн мэргэжилтнүүд мэдэгдсэнийг CBS news мэдээллээ. Дэлхийн цаг уурын судлаачдын үзэж буйгаар, мөсөн дээр унасан үнс нурам түүнийг хар болгож, нарны туяаг ойлгох боломжийг алдагдуулдаг гэнэ. Тиймээс мөсний гадаргууд дулаан хуримтлагдаж Арктикийн мөсийг эрчимтэй хайлуулдаг байна. Үүнтэй зэрэгцээд хүлэмжийн хий эрчимтэй ялгарснаар цаг уур өөрчлөгдөж, ирээдүйд илүү их түймэр гар нөхцлийг бүрдүүлдэг аж. Том талбайг хамарсан ойн түймрээс үүдэн нүүрс хүчлийн хий их ялгардаг бөгөөд тэр нь том хотын ялгаруулдаг хийтэй тэнцдэг байна. 2019 онд экологийн байгууллагуудын гаргасан тооцоогоор 12 сая га бүхий ой мод дэлхий дахинаа шатсан явдал хүлэмжийн хий ихээр цацагдахад хүргэжээ. Хойд мөсөн туйлын хилээр 100 гаруй ойн түймэр гарсан болохыг эрдэмтэд тогтоосон байна. Багйалийн гамшигт энэ үзэгдэлд онцгой гэх зүйл байхгүй ч сүүлийн жилүүдэд тоо нь эрс нэмэгдэж эхэлсэн явдлыг дэлхийг хамарсан дулааралтай холбон тайлбарлаж байгаа юм. Дахин сануулахад Сибирьт гурван сая га ой шатсан бөгөөд унтраах ажиллагаа явагдаж эхэлсэн билээ. Сүүлийн гурван жилийн дотор ойн түймрээс үүдэн 68.9 тэрбум рублийн хохирол учирчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрийгөө хангах гоё (уу?!)

ЭХЛЭЛ

Зурагтаар харлаа. Энэ жил манай улс гурилынхаа хэрэгцээг өөрсдөө хангах болж гэнэ ээ. Гадныхан гурил өгөхгүй гэсэн юм биш ээ. Их тариа хураасан, тэрийгээ идэх юм байх аа. Сайн байна гэж магтъя. Эхний ээлжинд гурилаар өөрсдийгөө хангадаг байж, тэгээд төмсөөр, луувангаар, дунайский салаатаар хангана.

Харин эндээс өөрөө өөрийгөө хангах нь тийм сайхан хэрэг үү? Бусадтай хамтран хангах муухай юм уу. Зарим нэг хэрэгцээг ерөөсөө бусадтай хамтран хангаж байхаар бурханаас заяасан ч юм биш байгаа? Ийм бодол санаа хаанаас эхтэй юм бэ? Ер нь улс болгон л юухнаар ч болов өөрөө өөрийгөө хангах гээд зүтгэвэл дэлхий яахсан бол гэхчлэнгийн бодол төрөх аж.

НЭГ. ӨӨРӨӨСӨӨ ЖИГШИХ ҮЗЭГДЭЛ

Саяхан хөдөөнөөс нүүж ирсэн хүмүүсээ манай хотынхон их адлана аа. “Хөдөөнийхөн хотыг ёстой баллаж байна аа л гэнэ. Хөдөө царайлчихаад замын дүрэм мэдэхгүй л гэнэ. Чи ч ёстой хөдөөний амьтан шиг харагдаж байна л гэнэ”. Тиим ч биз. Харин энэ бүхний цаана “Би бол хөдөөнийх биш байгаа юм. Би хөдөөнийх биш учраас ингэхгүй л дээ” гэсэн логик нэвт шингээстэй сонсогдоно. Хүн бүрт өөрийг нь хөдөөнийх гэж бодох үндэстэй, эсвэл хөдөөнийх шиг харагдуулаад байдаг “нэг юм” байна аа. Хэн ч биднийг хар арьстан гэж андуурахгүй учраас “Би хар биш болохоороо”, “тэр лав негр байх аа” гэхчлэн ярих хэрэгцээ гардаггүй билээ. Хүнийг танья гэвэл хайрлаж байгаа юмыг харахаасаа илүү үзэн ядаж байгаа юмыг нь ажигла…гэж. Үзэн ядаж байгаа юмынх нь ул мөр сэтгэл зүрхэнд нь байж л байдаг юм.

Хархоринг байгуулаад найман зуун, Өнөөгийн нийслэл үндэслэгдээд 400-гаад, Улаанбаатар байгуулагдаад 90-ээд жил улирсан боловч биднээс салдаггүй нэг “хөдөөний юм” бидэнд үнэхээр байгаа юм аа. Өдөр бүр л тэр “юм” нь сэтгэл зүрхний гүнд “би энд байгаа шүү” гэж хашгираад байгаа учраас бид санаа зовнидог, ичингүйрдэг. Ичингүйрэхдээ бусдын “тэр юм”-ыг дуудаж сэтгэлээ хөнгөлдөг. Хотын замын түгжрэл, хог хаягдлаас эхлээд бүхий л проблемоо хөдөөгөөрөө байгаа нөхөд рүүгээ чихээд хаясны дараа сэтгэл хөнгөрнө. Түр л хөнгөрөхөөс бүр хөнгөрөхгүй.

Энэ бол бидний нүүдэлчний сэтгэлгээ. Сэтгэл дотор байгаа зовлон, толбо биш. Сэтгэлгээ нь өөрөө. Бид түүнийгээ зөнгөөрөө мэдрээд, амь зуух аж төрөх сэтгэлгээний шинэ загвар хэрэгтэй байгааг ухаараад л, тэр хэрээрээ өөрөөсөө жигшээд байгаа юм. Гэвч өөрийгөө буруутгах, жигших хэцүү учраас бусад рүү чихээд байгаа хэрэг. Усанд тогтмол ордог болчих, зөвхөн ногоон гэрлээр уулзвар нэвтэрдэг болох бол амархан. Харин сэтгэлгээний хэв загвараа өөрчлөх үнэн амаргүй.

ХОЁР. ИРГЭНШЛЭЭС ГАДУУР АМЬДРАХ ФИЛОСОФИ

Нүүдэлчний сэтгэлгээ ихээхэн аминч. Нүүдэлчид бараг 100 хувь байгалиас хараат боловч өөрснөө байгальд хамгийн хүйтэн сэтгэлээр ханддаг хүмүүс. Бүр “Цөл бол нүүдэлчдийн бүтээл”, “Нүүдэлчид бол байгалийн төрсөн хүү гэхээсээ өргөмөл хүү” гэсэн цэцэн үг хэллэг ч байдгийг сонсоо л байлгүй. Учир нь тэд цаг агаар, нутаг бэлчээрийн гарцаас хараат байхынхаа хэрээр цаг агаар, газар нутгаас хараат бус байдаг. Говьд өвөлжөөд, хангайд зусаад байгаа нь говийн халуун, хангайн хүйтнээс хэр хэмжээгээрээ хараат бус болоод байгаа хэрэг. Гангаас дайжиж нүүгээд, зудаас холдож оторлоод байгаа нь ч мөн адил. Сольж болоод байгаа юм, байхгүй байсан ч болно оо доо.

Харин тариачин хүн бол газартаа үүрд хадаастай. Гантай жил зунтай газар очиж тариагаа ургуулаад хохиролгүй харьж ирэх боломж огт байхгүй. Газар бол тэдний юугаар ч сольшгүй эрдэнэ. Амь наснаас үнэтэй. Үхсэн хойно нь үр ач нь тэр газрын шимээр амь зогоох учиртай.

Харин бэлчээрийг олж болно. Шилж болно. Шинэ бэлчээр таалагдвал тэндээ амьдарсан ч болно. Зах хязгаар нутгийн мянга мянган малчин малаа туусаар ирж Эрдэнэт –Дархан-Улаанбаатарын Алтан гурвалжинд төвхнөсөөр…Одоо яриад л эхэлнэ. Отрын нутаг гээд л. Энэ өвөл тэр тэр аймаг сум, энэ аймаг руу оторлоно гээд хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн ярина. Отор гэдэг чинь уг нутгаа түр хаях тухай яриа юм шүү дээ.

Энэ хэрээр нүүдэлчид хөрш хамтрагчиддаа үнэнч бус. Нарийн яривал мал өсөх, бэлчээр нутаг хомсдох үед айл хөрш шиг дараа тээр байхгүй. Хээр талд гурваас илүү айл нэг хот болвол ядаж л хавийн аргал түлш олдохгүй. За даа, их төлөв аавынхтайгаа, хүүгийнхтэйгээ байхад л хот айлын лимит хэтрэхдээ тулчихна.

Энэ өнцгөөсөө бол нүүдэлч хүмүүсийн нөхөрлөл нь хамтын эрх ашиг дээр тулгуурлаагүй хамтрал. Хувь хувийн сонирхлоо давсан хамтын үнэт зүйл дээр тогтоогүй тийм нөхөрлөл бол хамтын ажиллагаа гэхээсээ илүү үерхэл ч гэмээр зүйл. Уулзаж хуучилна, харилцан бие биеэ хэснэ, яахав нүүж суухад нь тусална биз. Хэн нэгэнтэй нөхөрлөхгүй л бол бүтэхгүй ажил гэж нүүдэлчинд үндсэндээ байхгүй. Тийм болохоор энэ айлтай нөхөрлөх гэтэл асуудал гараад байвал түүнээ шийдэх, буулт хийх, зохицоход цаг зав гаргахыг хүсэхгүй. Зүгээр л салаад нүүчихнэ. Шинэ нутагт өөр найз байж л байгаа. Магадгүй тэр нь ч бас хуучин найзтайгаа муудалцчихсан шинэ найз ирэхийг хүлээгээд сууж байж ч болно. Иргэншсэн ертөнцийн хүмүүсийн эвдрэл хагарал нь эрх ашгийн ноцтой зөрчлөөс үүдэлтэй бол нүүдэлчид жаахан уйдахаараа л салдаг. Учир нь тэдэнд эрх ашигсаад байх юм үгүй тул юу нь зөрчигдөх билээ.

Монголчууд “Хүний царай харахгүй амьдрах” гэж ярих дуртай. Энэ бол хэнээс хамааралгүй аж төрөх гэсэн үг. Хэнээс ч хамааралгүй амьдрахын тулд хээрээр гэр, хэцээр дэр хийх нигууртай. Эрх чөлөөний үнэр цээж дүүрэн сэнгэнэсэн энэ үг яг цаагуураа бол иргэншлээс гадуур амьдарна гэсэн санаа юм даг уу.

ГУРАВ. ХОТЫН НҮҮДЭЛЧИД

Гэвч бид юугаар ч сольшгүй дундын эрх ашигтай, салаад нүүх аргагүй хотшилтой болсон учраас нүүдэлчний үерхлээс салж хүн төрөлхтний унаган сонирхол болсон хамтын сонирхол дээрээ тулгуурлан нөхөрлөж сурах хэрэгтэй байна.

Бидний хүссэн үедээ айлсаж, салдаг нүүдэлчний сэтгэлгээ өнөөгийн амьдралд ч хэвээрээ. Хуучны МАХН чинь МАН ба МАХН болоод салаад давхиад байгаа нь хоёр хоньчных айлсаж зусчихаад, ярих юм багасаад, уйдахаараа авгай хүүхдээсээ болоод ч юмуу хэрэлдчихээд салж нүүж байгаа л хэрэг шүү дээ.

Ер нь “Очиж очиж энүүнд буулт хийгээд байхдаа яахав”, “ Тэр жил намайг яалаа, мартаж болохгүй ээ” гэхчлэнгийн шалтгаанаар айлаасаа салж нүүх, саахалтын хүнээ нэг нүдээрээ харахгүй болох нь нүүдэлчин хүнд өнчин ишигний ч гарз болохгүй. Харин иргэншин суурьшсан хүн ингэж хандвал бизнесээ төдийгүй ирээдүйгээ нураана. Чухам ийм мянга мянган жилийн турш “салж нүүгээд болоод ирсэн” шалтаг шалтгаанууд өнөөдрийн монгол орны хөгжил, дэвшлийн олон үүдийг хааж, аль хэдийнэ үр шимээ өгөөд эхэлчихсэн байх учиртай бүтээн байгуулалтыг нурааж байна.

Нүүдэлчин хүн нүүдэлчин сэтгэхүйтэй байх нь зөв төдийгүй оршин тогтнох арга нь. Харин суугуул хотынхон нүүдэлчнээрээ сэтгэх нь хөгжлийн тушаа. Монголын хөгжлийн чөдөр нь малчин нүүдэлчид бус, малаа орхиод саяхнаас ирэгсэд ч бус. Харин малчнаа байгаад үе өнгөрөөсөн атлаа малчин толгойтойгоо яваа тэр үе давхрааныхан болоод байна. Өвөг дээдэс өөрийгөө болоод малаа харьцуулан удтал ажигласны эцэст нэг зүйр үг хэлжээ. “Морь удах тусам ижилсэж, хүн удах тусам толхилцоно”. Бид мянга мянганаар ярих баатарлаг түүхтэй. Харин ядаж л зуун зуун дамжих баялаг ирээдүйтэй байхын тулд үерхэхээс нөхөрлөлд, ямар ч уйдаа, гэр зуурын хэрүүлийг давах хамтын ажиллагаанд сурах цаг. “Хамрыг нь харсан чинь шал дургүй хүрчихлээ” гэдэг шалтгаан агуу том бүтээн байгуулалт, ховор олдох ирээдүйг нурааж болохгүй.

ДӨРӨВ. НУТГАА ХАЯГСДЫН ЗӨВЛӨЛ

Хэн нэгэнтэй уулзаж учран нөхөрлөх нь хүний хүний төрөлхийн зөн. Хүн угаасаа сүрэглэн амьдрах зориулалттай нийгмийн амьтан. Хамтын эрх ашиг нь хүнийг нийлүүлэх, ойртуулах шалтаг юм. Ийм шалтаг нүүдэлчдэд бараг үгүй. Гэхдээ хамтрах шалтагтай байх учиртай. Тиймэрхүү хамтын ажиллагааны шалтаг бодож олсон нь нутгархал. Нутагтаа нутгархана гэж байхгүй, хүний газар очиж л нутгархана. Тэгэхээр нутгаа орхих нь монгол хүний нэг үндсэн шинж болж таарч байна. Нутаг гэдэг бол тийм ч хагацаж саламгүй зүйл биш ажгуу.

Өнөөдөр Улаанбаатар дахь хөдөө “нутгийн зөвлөл”-үүд шиг хүчирхэг хамтын ажиллагаа байхгүй. Ямар ч нам, эвсэл, холдингоос бат бэх. Нутаг хүрэх зай нутгаа хайрлах хайр хоёр шууд пропорциональ болох нь нутгийн зөвлөлүүдийн байдлаас харагддаг.

Ингэж хөгжөөд явбал Дарамсала дахь Төвдийн дүрвэгчдийн Засгийн газар, Улаанбаатар дахь аймаг, аймгийн зөвлөл хоёрын ялгаа юу байна гэхээр болох дог. Цаашдаа улс нь бие даасан аймгуудын холбооноос, аймгууд нь өөртөө засах эрхтэй сумдаас тогтдог болох юмуу? Аягүй бол зарим аймаг-улс нь Монголын аймгуудын холбооноос гарч тусгаар тогтнох ч юмуу, өөр хэн нэгэнтэй нийлэхдээ тулах юм уу хаашаа юм бэ?

Хоёр нам дээр шийдэж хүчрээгүй маргааныг нутгийн зөвлөл зохицуулах нь нэг бус. Өнөөдөр Монголын улс төрийн бодлого болбоос нам бүлгүүдийн зөвшилцлөөс илүү нутгийн зөвлөлүүдийн ойлголцол дээр оршин тогтнож байх ч магадгүй амой. Тэгвэл хот гэж юу болж таарч байна аа. Нутгийн зөвлөлөөр толгойлуулсан хөдөөнийхний нийлбэр л байгаа биз дээ. Нутгархаж “хөдөө”-нийхөөрөө сайрхана. Тэгснээ байчихаад “муусайн хөдөөнийхөн” болчихно.

ТАВ. ХӨДӨӨНӨӨ БУЙ ХОТЫНХОН

Хөдөөнийхөн бас хотоо магтахгүй ээ. Хотод юмны үнэ аймаар л гэнэ. Утаа ихтэй учраас хортой л гэнэ. Хулигаан ихтэй л гэнэ. Тэр дуу шуугианд яаж тэсдэг л юм гэнэ. Үнээн үнэн. Хажуу айлаа танихгүй, хөршийндөө орж гардаггүй, хотынхон хүн муутай л гэнэ. Бас л үнээн. Уул нь нэг хорооололд хоёрхон айл байдаг бол ядаж уйдаж хүний мөрөөс болохдоо бие биедээ орж, хүн чанар заах л байх л даа.

Гэхдээ хамгийн гол нь тэр хүн өөрөө хот орж хүний дайтай явах, паартай байшинд сууж, паалантай суултуурт хүндрэх хүн ёсны мөрөөдөлтэй л байгаа. Харин бололцоогүйдээ хавчигдаад мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна гэж гутарч сууснаас “Хот муухай учраас л би явахгүй байгаа” аятай ярьж, шүүмжилж суух нь сэтгэлд таатай. Тэрээр хамгийн эхний боломж гармагц л хүний дайтай аж төрөхийн тулд хот руу хөдөлнө. Тэгээд нутгийн зөвлөлдөө элсэж, төрсөн нутгаа хайрлах кампанит ажилд дуугаа нэмнэ.

Уржнан байна уу даа, …аймгийн N хот айлын дээхнэ орших намагтай гарам дээр Хаммер жийп суужээ. Ер нь шавар гэдэг бол машинаас илүү жолоочийн ур чадварыг шалгадаг бартаа юм шүү дээ. Яахав дээ, хүчтэй том тэргэндээ аархсан нөхөр л болгоомж алдахгүй юу. Шавар дээр элэгдсэн Хаммерийг гаргах амаргүй байж таарна. Гэхдээ л гаргаж чадсан учраас сарын дараа биднийг түүгээр дайрахад ул мөргүй явчихсан байлаа. Харин тэр хавийнхан Хаммер-ийг оролцуулаад бүх төрлийн жипийг үзэн ядах кампани өрнүүлжээ. “Ёстой дэмий унаа л гэнэ. Хайран мөнгөөрөө тийм юм авдаг хүн мөн тэнэгээ л гэнэ”. Жийп бүү хэл ойрын үед мотоцикль авдаг нь ч юу л бол гэмээр нөхөр тамхи гуйнгаа “За ёстой Хаммер л авахгүй минь” хэмээн андгайлан ярьж байна. Харин “Уаз 469” бол унаа юм аа гэнэ. Тиим ээ, Уаз 469 бол цэргийн техник, бартаа туулахдаа сайн. Хамгийн гол нь тэдэнд Хаммер байхгүй, Уаз-469 бол байгаад учир нь оршино. Тэгэхээс гэсэн шиг биднийг цаашлахын хэрд нэг 69 ирээд суучихсан харагдсан. Тэглээ гээд сэдэв хувирахгүй. Хүн өөрт дутагдсан үгүйлэгдсэн юмаа “хэрэгцээгүй”-г нь гайхаж сэтгэлээ засдаг. Өөрт буй сул талаасаа ичихдээ түүнийгээ бусдад наан сэтгэлээ засдаг. Манайхан муу учраас ингэж байгаа юм биш. Ерөөсөө л хүн учраас тэгж байгаа юм.

ТӨГСГӨЛ

Арвин их тариа хураасан нөхдөд баяр хүргэнэ ээ. Ямартаа, тариа хураахын эсрэг юм бичих гэсэн биш. Гурилаас эхлээд юухнаар болов өөрийгөө хангах санаа мөрөөдөл нүүдэлчний амьдралын аминч мөн чанараас эхтэй тухай л ярих гэснээс биш.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд хамтран амьдрах сүрэглэх зөн совиндоо хөтлөгдөн суурьшиж нийгэмшиж иржээ. Харин энэ бүхнээс хамгийн удаан жил, хамгийн хол байлгаж чадсан зүйл бол нүүдэл. Мал болоод бэлчээрээс хамаатай тэр нүүдэл. Өөрийнх хувь заяаг бусадтай холбоод уячих юм бүхнээс нүүдэлчин зайлсхийдэг. Учир нь тиим хүчин зүйл байх аваас чөлөөтэй сэлгэн нүүхэд садаа болдог. Тиим учраас хоол унд, дээл хувцсаа өөрөө өөрийгөө хангана. Хамтын бүтээн байгуулалт сэдэж түүндээ менежмэнт хийсэн хүн баатар бус, хэний ч тусламжийг авахгүй байж чадсан этгээд баатар. Өөрөөр хэлбэл, улслалтын систем зохиож бариулсан хүн баатар биш, харин улслалтын системгүйгээр болоод ирсэн нүүдэлч л баатар.

Нүүдэлч амьдрал сэтгэхүй хүнийг маш аминч болгодог. Бидний нэг хэсэг нь нинжа болоод байгалиа яасан хэрцгий сүйтгэж байна аа. Тэр газар орон сөнөвөл сөнөг, өөр газар очоод ухах юм чинь гэсэн нүүдэлч сэтгэлгээнийх. Туул голын эргийг сайн дурынхан цэвэрлээд л бусад нь эргүүлж бохирлоод л байна. Туул голын эрэг сөнөлөө гэхэд өөр голын эрэг дээр очоод зугаалчих юм чинь гэсэн нүүдэлчний сэтгэлгээнийх.

Төрсөн барьсан гээд сүйд болдог нутгаа төвөггүй орхиод хотод ирээд нутгийн зөвлөлдөө ороод л “Төрөлх нутгаа хөгжүүлье энээ тэрээ” болчихож болж л байна. Тэнд нь байхдаа хөгжүүлээгүй юмаа, тэртээгээс хөгжүүлэх гэх нь нүүдэлчний л шинж. Тэхээр бид цөмөөрөө Монголоо орхичихоод улс улсад байгуулсан “Эх орны зөвлөл”-өөрөө дамжуулан нутгаа хайрлаад давгүй явж чадах л улс.

Нөхөрлөлгүйгээр, хамтын ажиллагаагүйгээр, нийт дундын эрхэм дээд ашгийн тулд хүлээх хүлцэлгүйгээр, ер нь юугүйгээр ч байж чадахыг хичээх энэ сэтгэхүй биднийг өөрөө өөрийгөө хангах нь сайн гэж итгүүлээд байгаа юм. Хүн төрөлхтөн хэн нэгнээсээ хамааралтай байхын хэрээр хүчирхэг байхаар заяагджээ. Тэрний тарьсан тариаг Дорж авч тээрэмддэг, Доржийн тээрэмдсэн гурилыг манайх авдаг, миний барьсан талхыг Дорж, тэр хоёр иддэг гэхчлэнгээр сүлжилдэж байж сая амьдрал төгөлдөр болно. Харин Тэрний, Доржийн, манай гурав тариагаа өөрөө тариад, өөрөө тээрэмдээд, өөрөө идэх гээд үзвэл яах бол доо хөөрхий. Дэлхий ертөнц ч тэр мэт. Харилцан хамаарал, бие биеэ тэтгэдэг байдал нь нийт хүн төрөлхтний амар амгаланаар зэрэгцэн орших үндсэн хэрэгцээ болж байна.

PS: Манай эдийн засаг нь нефьт бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр замаар уламжлаад Оросоос бүрэн хараат байгаа явдал, түүнчлэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хандах тэдний дээрэнгүй сэтгэлгээ нь бидний Нүүдэлчний АМИНЧ үзлийг тэтгэх гадаад хүчин зүйл болж байна. Ганцхан бидэнд ч ингэж хандаж байгаа юм биш. Шатдаг хийгээр дамжуулан өрнөдийн зах зээлээ яаж байна. Хэрэглэгчдээ үргэлж итгэл найдвар төрүүлж, урам өгч байж зах зээлээ хадгалдаг бизнесийн алтан дүрмийн эсрэг энэ байдал Оросыг өөрийг нь ганцаардуулах аюул дагуулж байгаа юм. Өнөөдөр дэлхий дахинд Оросын агуу том зэх ззээлд нэвтрэх эрмэлзэлтэй зэрэгцэн тус тусын зах зээлийг аль болох Оросоос хамааралгүй болгох эрмэлзэл хүчтэй болж байна.

Нөгөө талаас ОХУ-ын байр суурь, хавчих сүр далайлгах хандлага нь наанадаж л хоёр чиглэлээр “сайн” нөлөө үзүүлж байна. Нэгдүгээрт, нэг улсаас бүрэн хамааралтай байхын хор нөлөөг биетээр ойлгуулж, хүрээгээ тэлэхийн чухлыг мэдрүүлж байгаа юм. Хоёрдугаарт, ХХ зууны туршид бий болсон Орос(Зөвлөлт)-ыг Монголын цор ганц хань нөхөр, аврагч гэх үзлийн инерцийг арилгахад бас ихээхэн тус нэмэр болж байна.

2011.09.07

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Их хурлын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцдог хууль зайлшгүй байх ёстой

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай намын зүгээс 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хүлээж авах боломжгүй гэж удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл яагаад хоёрдугаар хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг оруулж ирэх болов?

-Манай намын зүгээс 62 гишүүний оруулж ирж байгаа Үндсэн хуулийн төсөл дээр ямар нэгэн байр суурийг илэрхийлэхгүй гэж үзэж байсан. Тиймээс дэмжинэ, дэмжихгүй гэх асуудлыг одоо хүртэл илэрхийлээгүй. Өдгөө ч тэр байр суурь дээрээ зогсч байгаа. Яахав Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас тодорхой саналуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж ирсэн. Тиймээс бид Ерөнхийлөгчийн саналыг судалж үзэх шаардлага гарсан л даа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуульд яаж тусгах вэ гэдэг дээр оролцох нь зүйтэй гэж үзэж УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд Ардчилсан нам оролцож байгаа. Мөн бид Ерөнхийлөгч болон УИХ-ын 62 гишүүний санал гэхээсээ илүү Ардчилсан нам өөрсдийнхөө саналыг оруулъя гэж үзсэн. Тиймээс өөрсдийнхөө саналыг хүргүүлсэн. Бидний хүргүүлсэн эдгээр саналуудыг авч хэлэлцэхгүй, олонхоороо хүч түрж асуудалд хандах юм бол бид нар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн зөвшилцлөөс гарна. Тэрийгээ ч илэрхийлчихсэн байгаа.

-Парламентын засаглалыг бэхжүүлэх талаар та бүхний санал дээр тусгасан байсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалтыг саналаар оруулж байгаа юм билээ. Энэ саналыг ямар үндэслэлээр оруулсан бэ?

-Монгол Улсын засаглалын хэлбэр тодорхой байх ёстой. Одоогийн Үндсэн хуульд буй институци хоорондын харилцаа, зохицуулалт нь хоёрдмол засаглалтай болж харагдуулахад хүрээд байгаа юм. Уг нь Монгол Улс парламентын засаглалтай. Гэсэн ч яг цэвэр парламентын засаглалтай юу гэдгийг хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, төрийн институци хоорондын харилцаа, институциудын явуулж буй үйл ажиллагаа, хуулиар олгогдсон эрх үүрэг гэх мэт бүх зүйлийг нь аваад үзвэл хоёрдмол засаглалын шинж ажиглагдаж байна. Парламент нь Ерөнхийлөгчөөс хамааралтай, Ерөнхийлөгч нь парламентаасаа хамааралтай. Ийм хоёрдмол нөхцөл байдлаас болж маш олон асуудлууд бий болж байна. Тэгэхээр хуулиараа бид парламентын засаглалтай улс л юм бол бусад улс орнуудын жишгээр их хурлаасаа Ерөнхийлөгч өө сонгодог болъё. Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогдсон ч хуульд заасан эрхээ хэрэгжүүлээд явна гэсэн үг. Ингэж л засаглалын хэлбэрээ тодорхой болгож, цаашлах нь зүйтэй.

-Таны зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг УИХ-аар оруулж ирж байсан. Ардчилсан намын санал дээр мөн УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал байгаа юм билээ?

-Өдгөө олонх болсон нам нь хариуцлага алдсан гишүүддээ ердөөсөө хариуцлага тооцохоо болчихжээ. Жишээ нь ЖДҮХС-гаас өчнөөн тэрбумаар нь хөрөнгө, мөнгө идэж, завшиж, ашиглачихсан, улайм цайм хууль зөрччихсөн нөхдүүдэд ямар ч хариуцлага тооцохгүй байна. 800 гаруй сая төгрөгийн концесс аваад завшчихсан этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцсонгүй. Зөвхөн өнөөдрийн эрх баригчид төдийгүй цаашид олонх болсон намууд хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн хариуцлага тооцохгүй байх асуудал цаашид улам даамжрах магадлалтай байна.

Тиймээс Үндсэн хуулиар хэрвээ тухайн гишүүн УИХ-ын гишүүний хувьд өргөсөн тангаргаасаа няцаж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, хууль зөрчсөн гэдэг нь нотлогдвол шууд хуулийн хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татдаг байх ёстой. Үүнийг л Үндсэн хуульд суулгаж өгөх нь зүйтэй. Ингэснээр гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллаж чадахгүй, хариуцлага алддаг гишүүддээ хариуцлага тооцно. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажлаа мэддэг гишүүдэд энэ бол асуудал биш шүү дээ.

-Тэгэхээр энэ санал таны өргөн барьсан хуультай уялдаж байгаа юм байна, тийм үү?

-Яахав уялдаж байгаа. Хамгийн гол нь аль хувилбараар батлагдах нь сонин биш, Их хурлын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцдог тодорхой хуулийн гарц гаргалгаа байх ёстой юм.

-Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаар та бүхэн санал оруулж буй юм билээ?

-Үүнийг нэлээн сайн судалж шийдэх ёстой. Жишээ нь, сумын Засаг даргыг шууд ард иргэдээс сонгодог байх заалт зөв, буруу эсэхийг бодох л асуудал. Нэг хэмжээ хязгааргүй, эрх дархтай хүн гарч ирчихээд дараа нь төрийн нэгдмэл бодлогыг алдагдуулаад орон нутагтаа бие даасан үйл ажиллагаа явуулж, гадныхантай нийлж хуйвалдаад янз бүрийн зүйл хийгээд яваад байвал хэцүү. Эсвэл ах дүү хамаатан саднаараа нийлээд нэгийгээ гаргачихдаг. Тэр нь баригддаггүй, захирагддаггүй болчихвол яах вэ. Тэгвэл тэр хүнтэй хариуцлага тооцоход хэцүү болно шүү дээ. Үүнийг судлах ёстой. Тэгж байж орон нутгийн бие даасан байдал, эрх мэдлийн асуудлыг ярих хэрэгтэй.

-Тэгэхээр орон нутагт төрийн бодлого нөлөөлөхгүй болох магадлалтай юм байна шүү дээ?

-Орон нутагт төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудал нь одоо байгаа бүтцээр дамжуулаад хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Цаашдаа орон нутгийн бие даасан байдал, эрх мэдэл, засаглалыг бэхжүүлэх талаар зайлшгүй хийх ёстой алхмууд байгаа. Тэгэхдээ маш сайн судалгаатай, олон талаас нь харж байж алхмаа хийхгүй бол болохгүй. Энэ асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдчихвэл дараа нь гарах үр дагавар сөрөг байх магадлалтай. Тэгэхээр тэр сөрөг хүчин зүйлийг дараа нь засч залруулахад хэцүү болно шүү дээ.

-Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоох асуудлыг АН хөндсөн. Ямар ч үр нөлөөгүй өр тавих асуудал өдгөө Засгийн газарт бий шүү дээ?

-Өрийн дээд хэмжээг тогтоох асуудлыг шийдэхгүй бол хэцүүдэх гээд байна. 2012-2016 онд Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газрын үед өрийн таазыг 58 хувь болгоё гэж ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл энэ хэд дайрч, довтолж Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг алдагдууллаа, эдийн засгийн аюулгүй байдлыг бий болголоо, Монголын өр авлага талийлаа гээд л улс төр хийж байсан шүү дээ. Харин өдгөө өрийн хэмжээ гэдэг зүйл байхгүй болчихжээ. Аль хэдийнэ 100 гараад явчихсан. Аль олонх болсон нам нь дураараа авирлаж, санхүүгийн сахилга батгүй яваад байх юм бол энэ улс орон хэцүүднэ. Өрийн хэмжээ улам л талийна. Энд зохицуулалт хэрэгтэй. Ямар ч нам гарч ирсэн Үндсэн хуулийг дагаж, биелүүлэх үүрэгтэй учраас эцэг хуулиндаа өрийн дээд хэмжээг тогтоож өгөх нь зүйтэй. Үндсэн хуулиар тогтоогоод өгснийх нь дараа олонх болсон ямар ч нам зөрчиж чадахгүй шүү дээ.

-Ерөнхийлөгч болон 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг байгуулагдчихсан явж байгаа. Энэ хоёр төслөөс Үндсэн хуульд зайлшгүй орох ёстой заалтууд байна уу?

-62 гишүүний оруулж ирсэн төсөл дээр ямар нэг зөвшилцөх, хэлэлцэх шаардлага бидэнд байхгүй. УИХ-д эрх барьж байгаа МАН-ын 64 гишүүн бий. Эдгээр гишүүдийн 70-80 хувь нь хуулийн хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Ийм ёс зүйн хариуцлага алдчихсан улс төрийн нам өнөөдөр Үндсэн хуулинд гар хүрэх эрх зүйн чадамжгүй юм. Тиймээс тэдний оруулж ирсэн төсөл дотроос сайн, муу аль ч заалтыг дэмжиж оролцохгүй. Ерөнхийлөгчийн оруулж ирж буй санал дээр манай намын хуулийн ажлын хэсэг, хуульч гишүүд хамтран ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээс бид байр сууриа илэрхийлнэ.

-Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлал дээр ямар байр суурьтай байна?

-Америк гэх том гүрэнтэй Монгол Улс энэ тэнцүү стратегийн түншлэлийн гэрээ байгуулна гэдэг Монгол Улсын хувьд харьцангуй ашигтай, том ажил болсон. Гэхдээ стратегийн түншлэлийн хүрээнд хийх ажлуудаа бид тодорхой болгох хэрэгтэй. Стратегийн түншлэлээ үр ашигтай түншлэлийн хэлбэрт шилжүүлэх ёстой. Зөвхөн нэг гэрээ хийгээд орхих биш, үр дүнтэй ажил болгох нь зүйтэй. Энэ тал дээр манайхан илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй болов уу. Түүнчлэн үүнийг дагаад ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулж, АНУ-ын зах зээлд гаргаж, татваргүйгээр нийлүүлэх гэх мэтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулах ёстой.

-Улс төрийн бодлого дээр юу ажиглагдав?

-Бидний зүгээс улс төрийн бодлого илүү няхуур, нямбай харьцах нь зүйтэй болов уу. Хоёр хөршийн талаар барьж байгаа байр сууриа болгоомжтой илэрхийлэх ёстой. Бидэнд бодох юм олон байна шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Батболд: Манай оюутнууд санхүүгээ шийдэхээс гадна мэргэжилдээ туршлагаждаг

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын тэнхимийн эрхлэгч Д.Батболдтой ярилцлаа.


-Та хэдэн оноос хойш МУБИС-д багшилж байна вэ?

-Би их сургуулиа төгсөөд багшилж эхэлсэн. 2008 оноос өнөөдрийг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд спорт аялал жуулчлалын чиглэлээр багшилж байна.

-Яагаад спорт, аялал жуулчлалыг сонирхох болсон юм бэ?

-Би байгалийн аялал жуулчлалын мэргэжилтэй, аялах, гэрэл зураг авах дуртай хүн л дээ.Тиймээс энэ чиглэлээр ажиллахад дөхөм байдаг. Спорт аялал жуулчлал үүн дотроо адал явдалт аялал дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байна. Манай орны өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл ахуй нь энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж өндөртэй. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэх хэрэгцээ шаардлага байгаа юм. Манай сургуулийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр бол энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэдэг. Тиймээс МУБИС-ийн БТС-д багшилж эхэлснээс хойш тус хөтөлбөрийг хөгжүүлэх үүрэг, хариуцлага оноогдсон.

-Спорт, аялал жуулчлал гэдэг мэргэжлээр өөр сургууль боловсон хүчин бэлтгэдэггүй байх аа?

-Тиймээ. Зөвхөн МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд л бэлтгэдэг. 2005 оноос тус мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Энэ мэргэжил нь аялал жуулчлалын бусад мэргэжлээс онцлог. Аяллын их туршлага, чадвар шаарддаг учраас практикад сургалтад тулгуурладаг онцлогтой.Намайг анх спорт аялал жуулчлалын багшаар ирж байхад хөтөлбөр газарзүйд суурилсан байлаа. Бид хөтөлбөрөө хөгжүүлэхийн тулд зах зээлийн эрэлт хэрэгцээ, олон улсын туршлага, аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага гээд багагүй судалгаа хийж дөрвөн удаа шинэчлэлт хийсэн. Хөтөлбөрийн маань 40 орчим хувийг практик, дадлага эзэлдэг. Одоо манай хөтөлбөр аялал жуулчлалын салбартаа жишиг хөтөлбөр болсон гэж үзэж байна. 2012 оноос хойш төгссөн төгсөгчдийнхөө ажил эрхлэлтийн судалгааг үзэхэд 70 орчим хувь нь аялал жуулчлалын салбартаа мэргэжлээрээ ажиллаж байгаад баяртай байдаг. Цаашид оюутнуудынхаа гадаад хэлний мэдлэгийг улам сайжруулах зорилгоор мэргэжлийн хичээлүүдээ англи хэлээр явуулахаар төлөвлөж байгаа.

-Өвөрмөц шийдлээр ангиа тохижуулжээ?

-Тийм ээ. Суралцах орчин гэдэг хамгийн чухал шүү дээ. Сургууль бол оюутнуудын хувьд хоёр дахь гэр нь байх учиртай. Тиймээс суралцахад таатай орчинг бий болгох зорилгоор ангиа “Аялал жуулчлалын контент хөгжүүлэлтийн төв” болгох бичил төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн хэтийн зорилго нь оюутнууд дадлагынхаа явцад аялал жуулчлалын сонирхол татах контентуудыг бүтээж монголын аялал жуулчлалыг нийтэд сурталчлах явдал юм. Уг ажлын хүрээнд энэ хавар бид спорт аялал жуулчлалын ангидаа бүрэн засвар хийж, уламжлалт болон орчин үеийн интертерээр тохижуулж ногоон орчныг бий болгосон. Үндсэндээ Монгол гэр, байгалийн хослолыг орчин үеийн шийдлээр цогцлоохыг зорьсон. Тиймээс зарим ханандаа монгол гэрийн ханаар хийж, таазандаа тооно байрлуулсан. Мөн оюутнуудын суух хэсгийн таазыг ойн цоорхойгоор тэнгэр харагдаж буйгаар тохижуулсан. Буйдан, түшлэгтэй сандал гээд л аль болох тохилог орчныг бий болгохыг хичээсэн. Одоо оюутнууд маань тохилог орчиндоо өөрсдөө хичээж суралцах л үлдлээ.

-Санхүүжилтээ яаж шийдсэн бэ?

-Хамтран ажилладаг нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аялал жуулчлалын компаниудад ангиа “Аялал жуулчлалын контент хөгжүүлэлтийн төв” болгох бичил төслөө танилцуулж, санхүүжилтээ бага багаар цуглуулсан. Бидний төслийг арваад компани дэмжиж санхүүжилт нь боссон. Санхүүжилт босоод ирэнгүүт сургууль болон төгсөгчид маань тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Оюутнууд маань ангиа цэцэрлэгжүүлэх аян өрнүүлж эхэлсэн. Ингээд л тал талаасаа боломж бололцоогоороо санхүүжилт босгож ангиа сайхан тохилог болгосон доо.

-Тэдгээр аяллын компаниудад танай сургуулийн төгсөгчид ажилладаг байх даа?

-Байгаа. Манай компанид сайн мэргэжилтэн хүүхдүүд бэлтгэж өгч хамтран ажилладаг учраас бид туслалгүй яахав гээд саналыг уриалгахан хүлээж авсан байгууллагууд олон бий. Дээрээс нь тэдгээр аялал жуучлалын компаниудад оюутнууд маань цалинтай дадлага хийдэг. Оюутнууд санхүүгийн асуудлаа шийдэхээс гадна мэргэжлийнхээ хувьд дадлага туршлагатай болчихож байгаа юм. Хариуцлагатай байгууллагууд ирээдүйн мэр-гэжилтнүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулж байна.

-Танай сургуулийн спорт, аялал жуулчлалын ангийнхан эндээсээ ажлын байраа бэлдээд гарч байна гэсэн үг үү?

-Манай оюутнууд маань суралцах хугацаандаа гурван удаа дадлага хийдэг. Нэг, хоёрдугаар курстээ танилцах болон бүс нутгийн үйлдвэрлэлийн зуны дадлага хийнэ. Гуравдугаар курсээсээ үйлдвэрлэлийн дадлагатаа гардаг. Манай сургуультай хамтарч ажилладаг15-16 компани бий. Тус компаниуд дээр цалинтай дадлага хийдэг. Оюутнууд гуравдугаар курсээс тухайн компанидаа ажиллаад явчихдаг. Энэ жилээс эхлээд үйлдвэрлэлийн дадлагаа Япон улсын спорт аялалын цогцолборуудад цалинтай хийгээд эхэлсэн. Энэ дадлагаар оюутнууд өндөр хөгжилтэй орны аялал жуулчлалын тэргүүн туршлага, соёлоос суралцана, юм үзэж нүд тайлна, санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээнд шийднэ.

-Уул уурхай нүүрс гэх мэтээс өөрөөр цаашид Монгол Улсын эдийн засгийн бодлого нь аялал жуулчлал гэж үзэж байна. Энэ нь хамгийн ирээдүйтэй мэргэжил үү?

-Тэгэлгүй яахав. Аялал жуулчлал нь дэлхийн хэмжээнд эхний гуравт багтдаг үйлдвэрлэлийн салбар шүү дээ. Дэлхий дахинд жилдээ тэрбум гаруй хүмүүс олон улсын аялал жуулчлал хийж байна. Дэлхийн долоон хүн тутмын нэг нь олон улсаар, 5-6 нь дотооддоо аялал хийж байна. Аялал жуулчлал нь хүмүүсийн хэрэгцээ болж хувирсан. Орчин үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж биеийн хүч, эр зориг, авхаалж самбаа шаардсан аяллуудыг илүү сонирхдог болсон. Нөгөө талаасаа манай орон өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгальтай, өвөрмөц зан заншил, нүүдлийн соёлтой. Гэтэл энэ нь яг өнөөдрийн хүмүүсийн хүсээд байгаа зүйл юм. Товчхондоо адал явдалтай аялал гэсэн үг.

Энэ салбарт дэлхий дахинд 270 сая хүн ажиллаж байна. Цаашид манай орны эдийн засгийн гол салбаруудын нэг нь болно. Тиймээс энэ салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээ нэмэгдэх нь тодорхой.

-Ангийн тохижилт сайжраад, тав тухтай орчин бүрдээд ирэхээр оюутнуудын хичээл чармайлт нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Өөр ангийн оюутнууд хичээлээ тараад л гараад явцгаадаг бол манай оюутнууд ангидаа хичээл номоо хийгээд сууж л байдаг. Мөн засварын ажил явагдаж байхад оюутнууд маань бид юу хийх вэ гээд олон санал санаачлагууд гаргасан. Оюутнууд өөрсдөө авч тавьсан зүйлдээ ариг гамтай ханддаг. Нэгдүгээр курст дөнгөж орж байгаа оюутнууддаа зориулан дээд курсынхан нь санамж хийгээд наачихсан. Мөн төгсөгчид маань боломжоороо тусалъя гээд ирсэн. Энэ ажилд төгсөгч, оюутнууд, сургууль бүгд оролцсон. Бид төслийнхөө дараагийн шатанд ангидаа 10 гаруй компьютер авах санаатай байгаа.

-Танай хөтөлбөрийн уриа их сонирхол татлаа.

Манай спорт аялал жуулчлалын хөтөлбөр “Зорилготой монгол хүмүүнийг бүтээнэ” гэсэн уриатай. Уриа маань дотроо үнэт зүйл, зорилго, хувь хүний хөгжлийн чадваруудыг агуулдаг. Бид нэн түрүүнд эх оронч зорилготой монгол хүмүүнийг бүтээнэ гэсэн зарчмыг баримталж ажилладаг. Монгол хүн бүр эх оронч, эх орноороо, эх түүхээрээ, монгол хүн гэдгээрээ бахархаж байх ёстой. Энэ үзлийг суулгахын тулд бид “Эх оронч 21” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэр хөтөлбөр нь суралцах хугацаандаа 21 аймгаар аялна гэсэн үг. Монгол орон усны нөөц маш багатай. Ихэнх газар нь говь, хээр учраас модгүй байдаг. Үүнийг нүдээр үзэж, биеээрээ мэдэрсэн оюутнуудад эх орноо хайрлах сэтгэхүй аяндаа төлөвшдөг. Эхнээсээ оюутнууд маань 21 аймгаар аялах зорилготой болчихсон. Үүндээ зориулаад төлөвлөгөө гаргаад санхүүгийнхээ асуудлыг эртнээс шийдэж байна. Ингээд хүүхдүүд өөрсдөө зорилготой болчихож байгаа юм. Мөн бидний урианд хөдөлмөрч, бүтээлч,санаачлагатай, өв соёлоо тээгч, нөхөрсөг, хүмүүжилтэй, хариуцлагатай, зөв монгол хүн гэх мэт олон утга агуулга бий. Аяллаар яваад ирэхээр энэ бүгдийг нэг нэгээр нь сурч, байдаг. Тэгэхээр зөвхөн онолын хичээлээр чи ийм байх ёстой гэх биш өөрөөр нь өөрийг нь бүтээлгэж байна гэсэн үг.

-Таньд монгол орны очиж үзээгүй газар бий юу?

-Байгаа. Манай орон чинь үнэхээр уудам нутагтай. Би 21 аймгаар нийт таван удаа тойрсон байна. Ингэж явах даа 13 суманд очиж үзээгүй. Би хувьдаа ойрын хоёр жилийн дотор энэ 13 суманд очиж үзнэ гэсэн зорилго тавьсан.

-Цахим орчинд байгаа сайхан байгалийн зураг бас хүний аялах хүслийг өдөөдөг шүү?

-Цахим орчинд гоё зураг хараад тус газар луу очиж үзэх хүсэл төрж байгаа нь хүний гэрэл зургаас авч буй мэдрэмж юм. Зураг, бичлэгээс маш их мэдээлэл авдаг. Монголын олон гоё зураг байх нь Монгол руу зорьж ирэх сэдлийг хүмүүст суулгаж байна гэсэн үг. Зөвхөн гадаадынхан гэлтгүй манайхан өөрсдөө ч гэсэн их аялдаг болжээ. Сүүлийн жилийн судалгаагаар жилдээ сая орчим хүмүүс дотооддоо аялал хийж байна. Зураг дарахад хувь хүний мэдрэмж хөгжинө. Мөн юмсыг харах өнцөг нь өөрчлөгдөнө. Тухайлбал, нэг юмыг дөрвөлжин гэж харахаас өөрөөр сүүдрийг нь олж харна. Энэ нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг. Тэгэхээр бүтээлч монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Эхэндээ оюутнууд маань харсан зүйлийнхээ зургийг дардаг. Сүүлдээ бодож эхэлдэг. Би ингэж авах ёстой юм байна гээд. Энэ зургаараа ийм зүйлийг харуулъя гэх ч юм уу. Авсан зургаа боловсруулж видео хэлбэрт оруулдаг. Богино хэмжээний шторк хийгээд, олон нийтийн сүлжээнд тавиад түүнийгээ хөгжүүлчихдэг оюутнуудыг бэлтгэнэ. Үүгээр хүмүүсийг өөрийн аялал жуулчлалдаа татна. Аялал жуулчлал нь өөрөө бизнес учраас үүнийгээ олон түмэнд хүргэх нэг арга юм. Энэ нь дэлхий дахинд маш хурдацтай хөгжиж байна. Энэ жилдээ бид нарт туршлага бага байна. Хоёр жилийн дараа гэхэд манай оюутнууд чанаржчихна. Дээрээс нь өөрсдөө контентоо хийгээд аялалаа зохион байгуулдаг болчихвол маркетингийн чиглэлээр ажиллах бололцоотой. Манайд маркетингийн менежер хийж буй төгсөгчид олон бий. Мөн аялал зохион байгуулаад, хөтөч хийж байгаа. Энэ нь өмнө үеээсээ илүү их сайжирч байна гэсэн үг. Сайнаар ашиглавал цахим орчин их сайхан юм. Мөн төгсөгчид оюутнууддаа зөвлөнө, заана, чиглүүлнэ. Манайх “Төгс аялагч” гээд клубтэй. Тэрнийхээ шугамаар ах, эгч нараа уриад үйл ажиллагаа зохион байгуулдаг. Жишээлбэл, хамт аялал хийх, гэрэл зураг дарах гэх мэт. Ингээд хамтын үйл ажиллагаа зохион байгуулахаар сурч буй оюутнуудын итгэл үнэмшил нь улам нэмэгдэж сурах хүсэл эрмэлзлийг нь бадрааж өгдөг. Манай хөтөлбөрийн эцсийн зорилго бол зорилготой зөв монгол хүнийг л бий болгох юм.

Э.НАРАНЗАЯА