Categories
мэдээ цаг-үе

С.Сүхбаатар: Өөрийн бүтээлүүдээ бичиж үлдээх нь урлахуйн сангаас оюуны их санд оруулах миний үүрэг болсон

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа.


-Зун амарч чадсан уу, ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Багахан амрах хугацаа гарсан. Энэ хугацаанд дараагийн хийх уран бүтээлийнхээ ажилд орчихсон явж байна. Наадмаар хүүхдийн концерт тавьсан. Тэр тоглолт сайхан боллоо. Сайхан наадлаа. Хөдөө аймгуудын наадам болж байгаа. Дараагийн хийх уран бүтээлдээ орчихсон, төлөвлөгөөгөө гаргаад уран бүтээлчидтэйгээ ярилцаж байгаа. Удахгүй Өмнөд Монгол руу явж, цөөхөн бүжигчинд хоёр бүжиг дэглэж өгөх ажил бий. Мөн намар хийх уран бүтээл, дараа жилийнхээ төлөвлөгөөг боловсруулаад явж байна. Есдүгээр сард Өмнөд Монголоос зохион байгуулдаг монгол туургатан бүжигчдийн уралдаан болно. Тэр уралдаанд Монголынхоо бүжигчидтэй оролцоно. Тэгээд цаашаа бидний төлөвлөсөн Монгол Улсын филармонийн уран бүтээлүүд болон хийхээр төлөвлөсөн олон ажлууд үргэлжилнэ дээ.

-Аавынхаа талаар дурсахгүй юу. Таны маш сайн багш байсан болов уу?

-Урлаг гэдэг нэрийн дор бид урлахуйн ухааныг бүтээдэг. Тэр урлахуйн ухааныг бидэнд багш бий болгож өгсөн. Миний хувьд дунд сургуулиас эхлээд сайхан багш нараар хичээл заалгаж, дараа нь Хөгжим бүжгийн дунд сургуульд орсон. Тэр үедээ багш гэдэг хүний хөдөлмөрийг мэддэггүй байж. Би Хөгжим бүжгийн дунд сургуулийн Ардын бүжгийн багшийн анхны ангийг төгссөн. Гэвч би бүжгийн багшийн ажлаа хийхгүй бүжигчин, бүжиг дэглээч гэдэг мэргэжлийг эзэмшин ажилласан. Сүүлд өөрөөсөө асууж бодоход хэдий би Хөгжим бүжгийн дунд сургууль юм уу бусад дээд сургуулиудад багшлаагүй ч гэсэн биднийг багш хүмүүжүүлдэг. Тэр багш нь хэн бэ гэвэл бидний аав, ээж. Биднийг хүмүүжүүлсэн аав, ээж бүгд багш. Урлаг дотор бүжгийн сургалтын багш, бүжиг заах ухааны багш, түүхэн бүжгийн багш гэж бий. Би Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр оччихоод өөрийнхөө аавыг миний амьдралын анхны багш болсныг тэр үед ойлгож байсан. Яагаад гэвэл миний аав, ээж багш байсан. Миний өвөө, эмээ надад багшилдаг байсан. Эд маань гэрийн багш байж. Дараа нь сургалт, мэргэжлийн багш нарын гарт очсон. Тэгэхээр хүн өөрийн насыг дуустлаа бие биедээ багшилдаг. Бүжигчин хийж байсан ч надад ахмад үеийнх нь багшилдаг. Үеийнхэн нь бүжгийнхээ хөдөлгөөнийг сурахгүй, хайрцаг дэгээ мэдэхгүй бол нэг нэгэндээ заадаг. Эзэмшсэн мэргэжлийнхээ багш дэг журмыг нэг нэгэндээ заадаг. Эзэмшсэн мэргэжлээрээ багшилж явах нь бидний гол суурь гэж би хэлэх гээд байгаа юм. Хүн хүндээ багшлах ёстой. Хүн хүнээсээ сурах ёстой л гэсэн үг.

-Та хотод төрж өссөн. Гэтэл монгол ахуйг яаж тэгж сайн дүрсэлдэг юм бэ?

-Миний үс урт болохоор хотод төрсөн гэж бодсон уу. Монголын театр хотод бий болоогүй шүү дээ. Хөдөө бий болсон юм байна лээ. Говийн догшин хутагт Данзанравжаа гэдэг хүн Монголын ард түмэн дундаас төрөн гарсан домог, түүх, хууч яриа, хошин яриа, туульс, магтаал ерөөлийг бүхэл бүтэн театр болох хэмжээний бүтээлүүд байгааг олж хараад говьдоо анх удаа Монголын урлагийн бүтээлүүдийг нэг цогц болгох театрыг барьсан юм байна лээ. Театр гэж би орчин үеийн барилгыг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд Монголын анхны театрын суурийг тавьж тэндээ өөрийн оюуны бүтээл Саранхөхөөг тавьсан. Тэр хүн өөрөө театрын их зохиолч, уран бүтээлч хүн байсан. Монголын театрын оюуны бүтээлүүдийг багцалж явсан сэхээтэн хүн. Миний аав тэр нутагт нь төрсөн нэг бууцны хүмүүс. Бүжгээрээ дагнан, бүжгийн урлаг руу зүтгэсэн. Биет ба биет бусаар, арга билгээр төрдөг зон олны хөдөлгөөнийг цуглуулж хийж чадсан хүний үр удам нь би. Би ардын бүжгийг Ардын багш Г.Долгорсүрэн гэдэг хүнээс сурч, түүнтэй хамтран сонгодог бүжгийг хөгжүүлж явсан Жав, Ардын дуу бүжгийн чуулгын бүжгийн дэгийг Дамдин багшаар заалгасан. Эдгээр хүмүүсийн буянаар хүнээ магтан дуулах энэ урлаг руу орж ирсэн. Би хотод төрсөн нь үнэн. Хотод төрөхдөө би гэрт төрсөн. Монгол хүн угаас малчин, нүүдэлчин гаралтай. Бүжигчин болох бодол ухаан, яс цусанд минь шингэж, ардын уламжлалт ухааныг үе залгамжлан үлдээсэн. Монгол хүний яс цусанд шингэсэн, эд эсийг тэжээж байдаг тэр омогшил надад бий.

-Таны бага хүү бүжигчин болох сонирхолтой байхад та “Тэртэй тэргүй бидний цусанд бүжигчин болох өгөгдөл бий. Өөр чиглэлээр яв” гэхэд морин хуурч болсон гэсэн. Хүүгээ яагаад бүжигчин болгоогүй вэ. Эсвэл урлагаас өөр чиглэлээр явуулах бодол байсан уу?

-Урлахуйн ухаан гэдэг хүн төрөлхтний эртний нийлмэл том ухаан. Ямар ч гүн ухаан, физик, хими, шинжлэх ухааныг хөдөлгөөнөөр л бүтээдэг. Ертөнц, байгалийн харилцаа бүгд өөрсдөө хөдөлж, харьцаж байдаг. Хүн гэдэг өөрсдийн хөдөлгөөнийг тус тусын мэргэжил болгон баяжуулж чаддаг. Хөдөлгөөн гэхээр зөвхөн бүжигчин юм шиг ойлгоод байдаг. Бид хөдөлгөөнийг бүтээж чаддаг. Олон төрлийн шинжлэх ухааныг хөдөлгөөнөөр илэрхийлж болдог. Хот хөдөөгийн ялгаа миний үед бага байсан. Өнөөдөр хот хөдөөгийн ялгаа их болчихсон. Дэлхий өөрөө бөөрөнхий, хүний оюун ухаан тархин дотроо бөөрөнхий. Монголчууд гэр гэдэг бөөрөнхий ертөнцийг XXI зуун хүртэл аваад үлдсэн. Хүний оюун ухаан өнхөрч явдаг. Босоо тэнхлэгийнх биш. Нар, сар, ертөнц бүгд эргэдэг. Огтлолцдог. Бүжгийн урлаг бие хүний хөдөлгөөнийг биет бөгөөд биет бус өв болгон XXI зуун хүртэл хадгалж чадсан. Энэ бол бүжгийн урлаг, хүний урлаг. Хүний хөдөлгөөн. Бүх зүйл урлахуйн ухаанаар бий болдог. Бүжиг, хөгжим, дуу, яруу найраг, уран зураг, уран баримал гэдэг бол бид өөрсдөө байхгүй юу. Түүнийгээ харж байгаа нүдээрээ өөр өөр өвөрмөцөөр хийдэг. Манай бага хүү морин хуурчаар төгссөн. Хөдөлгөөн тэртэй тэргүй өөрт нь заяагдсан. Өөртөө заяагдсан хөдөлгөөнөөр тэр арван хуруу нь бие, оюун ухаанаа мэдэрч байж хуурыг тоглодог юм. Хуур тоглоно гэдэг хөдөлгөөн. Хөдөлгөөнгүйгээр юуг ч бүтээхгүй. Хөдөлгөөнөөс хөдөлгөөний хооронд хүн амьдардаг учраас давхар мэргэжлийг эзэмшсэн. Хуурч болсон. Том Амараа маань бүжигчнээр төгссөн. “Хар сарнай” төрөө магтан дуулж чадна. Муу хэлж чадна. Ая эгшгээр миний хүү хүнийг уйлуулж чадна. Бүжгийн хөдөлгөөнөөр Сүхбаатар миний бие Монголын олон мянган мэргэжлийг илэрхийлж чадна. Барилгачин, саальчин, адуучин, мужаан гээд. Тэд биднийг үзээд миний эзэмшсэн мэргэжил ийм сайхан юм байна шүү дээ гэж шагширтал нь хөдөлгөөнөөр илэрхийлж чадна. Тэд биднийг үзээд хариу алга таших хөдөлгөөнөөр баярласан, бахархсан, хөөрсөн сэтгэгдлээ илэрхийлнэ. Хүнээ магтан дуулдаг урлагийн нэг төрлийг бид өвлөж авсан юм.

-Аав хүү гурав гурван үеийн уран бүтээлчид хэмээн хамтран тоглолт хийж байсан бил үү?

-Гурвуулаа нийлж тоглолт хийж байсан удаа байхгүй. Гурвуулаа нийлж тоглолтод оролцож байсан үе бол бий. Өнөөдрийг хүртэл би Монголынхоо түүхэн уламжлалыг харуулсан бүтээл туурвил хийсэн мөртлөө хүмүүсийн хэлдгээр нэг ч тайлан тоглолт, концерт хийж байгаагүй. Нэг ч шигтгээ болгож хийгээгүй явж байна. Зохиолоор ярих юм бол би роман, тууж, өгүүллэг, шүлэг, найраглал, дөрвөн мөртийг хийчихсэн хүн. Тэгвэл яагаад өнөөдөр Сүхбаатар уран бүтээлийнхээ тайланг хийхгүй байгаа юм бэ. Тайлан гэдэг нэг өөр. Үүнийг цогцлоож ард түмэнд түгээх нь бас өөр хэрэг гэж би ойлгоод байна. Бүжиглэхийн тулд ардын урлагийн хөгжим зохиогдсон. Дуу, шүлэг, яруу найраг, туульс, магтаал ерөөлийг бид судалж байгаа боловч, нэгдмэл нэг урлагийг бүтээсэн ч гэсэн өөрийн бүтээсэн 40-50-аад жилийн хугацаанд иж бүрэн байшингаа цогцоор нь бариагүй. Энэ миний залхуугийнх уу, гүндүүгүй явдгийн хар гай юу. Хэнэггүй явсан юм уу. Уг нь бүтээсэн зүйлээ багц болгож бүтээх ёстой юм. Би хийсэн уран бүтээлээ кино дэлгэцийн урлагт, телевизийн урлагт мөнхөлж үлдээх нь гарцаагүй. Над шиг олон уран бүтээл хийсэн ч алдар цол хүртээгүй олон уран бүтээлчийг би мэднэ. Бүх урлагийн төрөлд бий. Спорт руу орохоо больё. Гэхдээ урлаг, спорт хоёр нэгэн төрлийн золиослогдсон энэ биеэ хайргүй нүдэж гэмтээж, зовоож их хөлс, их гэмтлийг хоёулаа үүрч чаддаг төрөл. Үүгээрээ урлаг, спорт хоёр төстэй.

-Спорт, урлаг хоёрт ижил төстэй тал бий гэж хэлэх гээд байна уу?

-Спортыг эзэмшсэн хүмүүс ухаалгаар удирдаж чадсан. Тиймээс спортыг Монголдоо сурталчилж, спортыг бишрүүлж чадсан миний үеийнхэн болоод өмнөх үеийнхнээрээ би бахархаж явдаг. Урлахуйн ухаан гэдэг энэ төрлийг сурталчилж чадаагүй, ойлгуулж чадаагүй явж байгаа нь миний үеийнхэн, өмнөх үеийнхний дутагдал. Харамсах зүйл, бодох зүйл бидэнд их байдаг.

-Та хийсэн бүтээлүүдээ нэгтгэсэн ном бичих үү?

-Тийм ээ. “Ном хийе, Сүхээ. Чи бол уран бүтээлийг судалгаан дээрээс хийдэг” гэж олон хүн надад хэлж байсан. Судалгаа хий, судлаач бол гэдэг үүргийг аав минь надад өгсөн юм. Бодоод байсан чинь аав ч өгөөгүй. Монгол угсаатны арвин их түүх, өнө эртний уламжлал хэлээд байсан юм байна лээ. Аавын 101 жилийн ойгоор нь би “Монгол угсаатны бүжгийн дэг” гэдэг аавын арван уран бүтээлийг түүвэрлэсэн номыг сайн нөхдийн хамт бүтээлцсэн. Энэ жишээгээр олон ном хийх үүрэг, олон уран бүтээлийг хойч үедээ үлдээх ёстойгоо мэдэрсэн. Тэр тусмаа бүжгийн урлагийг судлахдаа Монголын шүлэг, яруу найраг, ардын дуу, хөгжмийн татлага гарцаагүй надтай хамт үлддэг юм байна. Тэгэхээр зөвхөн бүжгийн урлагийг судлаагүй юм байна. Монголын уламжлалт ардын яриа, хөдөлгөөний урлаг, хөгжмийг судалсан түүх байгаа. Үүнийг гарцаагүй хийх ёстойгоо ойлгоод явж байгаа. Тогтвортой сууж намба суух нас юм уу, бие минь болоогүй юм шиг байна. Хөдөлгөөний урлагаар явсаар би өнөөдөр идэр насандаа оччихсон. Дараагийн тэр насандаа хэзээ очих бол гэсэн их гүн бодлын нэгэн хэлхээнд би өөрөө орчихсон явна. Хөдөлгөөний урлагаа би өнөөдөр бүтээж чадсан. Үүнийг бусад хүмүүс уншиж, харахгүй бол цаана нь байгаа гүн ухааны сэтгэхүйг мэдрэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Анх нэгдүгээр ангидаа сурахдаа багшдаа суу гээд загнуулж байсан шиг суух урлаг руу шилжиж гүн бодлоор хийх нь өнөөдөр миний үүрэг болчихсон.

-Ер нь бол хийнэ. Гэхдээ цаг нь болоогүй гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хийгээд эхэлчихсэн байна. Оюун ухаанаа боловсруулаад хийсэн тэр олон бүжгийн дэгүүд, бүжгийн найруулгууд, цуглуулсан язгуур татлага хөгжим, ардын уламжлалт дуунууд, их ард түмний бүтээн байгуулсан хөдөлгөөнүүдийг бүтээсэн мөртлөө бичиж үлдээх нь урлахуйн сангаас оюуны их санд оруулах нь миний үүрэг болсон. Үүнийг бодоод бас өнөөдөр цуглаад сууж байгаа. Бичих, суух гэдэг бас их чадвар шаардана. Миний аавын ухааныг зааж өгсөн олон эрдэмтэн, багш нар бий. Тэд уран бүтээл биш ном бүтээж байсан. Би уран бүтээл бүтээсэн. Одоо ном бүтээхэд тэр багш нар, найз нөхдийнхөө буурь зааж суусан бичгийн ажлыг хийх ёстой. Монголынхоо түүхийг судалж, ард түмнийхээ зан заншлыг бүтээлдээ бий болгочихож. Тэгэхээр би монголчуудын салж одсон угсаатан Өмнөд Монгол, Тува, Халимаг, Буриад үндэстэн ястнуудтайгаа хамтран ажиллана. Мөн ОХУ, БНХАУ-ын сургуулиудад монгол урлагийн түүхийн хичээл орохдоо заах түүхийг бичиж үлдээх зорилго бий. Тэгэхгүй бол биднээс тасарч одсон тэр үндэстэн ястнуудын, их улсуудын түүх болчихвий гэсэн бодол төрдөг. Үүнийг миний нөхдүүд ч надад хэлдэг. Би ч энэ түүх уламжлалыг гарцаагүй бичих нэг төлөөлөл нь гэдгээ ойлгосон.


Categories
мэдээ цаг-үе

Волейболчин хөвгүүдтэй, онц сурлагатан охидтой манай ангийнхан

2013 оны хавар. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрдмийн баярын өдөр. Тэр өдөр нар ээсэн, сэвэлзүүр салхитай үлгэрийн мэт өдөр байж билээ. Эрдмийн баяр эхлэх дөхсөн ч энэ жилийн 11-ийнхэн буюу төгсөх ангийнхан жагсаалд алга. Багш нар доод үеийн сурагчид гээд л бүгд гайхсан харцтай. Төд удалгүй сургуулийн зогсоолд бага оврын автобус ирж зогсон, хаалга нь зөөлхнөөр нээгдэв. 10 жилийн турш сурлага, урлаг, спортоороо манлайлсныг батлах медалиа зүүсэн сурагчид бууж ирлээ. Зарим нь энгэрийн туузан дээрээ зай завсаргүй медаль зүүжээ. Энэ бол 2013 оны Сэлэнгэ аймгийн Орхон сумын төгсөх ангийнхан буюу манай ангийнхан юм. Манай ангийг есөн хүү, долоон охин төгссөн. Орхон сумын сургуулийг төгссөн хүүхдүүд бүгд волейболчид байдаг. Анги дааж төгсгөсөн багш минь Б.Ганхуяг. Волейболын спортын мастер төдийгүй сургуулийн волейболын шигшээ багийн дасгалжуулагч. Түүнчлэн Орос хэлний багш. Чанга гараар ангийнхан болоод шигшээ багийн тамирчдаа хүмүүжүүлдэг байсан болоод ч тэр үү, тамхи татаж, буруу замаар орсон хүүхэд шавь нар дунд нь үгүй. Хааяа түргэн ууртай ч шавь нараа гэх их хайраар биднийг хүмүүжүүлж билээ. Биднийг 11 дүгээр ангид ороход сургуулийн волейболын нэгдүгээр шигшээ багийн бүрэлдэхүүн манай ангиас бүрдэж байсан юм. Ангид волейболын багт тоглодоггүй хөвгүүн гэж үгүй. Ангийн маань хөвгүүн Г.Энхжин аравдугаар ангиасаа хойш сургуулийн шигшээ багийн ахлагчийн туузыг зүүсэн. Толгой сийрэг, шийдвэр гаргах чадвартай гээд багийн ахлагч байх бүхий л шинж нь бүрдсэн тоглогч. Царайлаг болохоор охидын дунд ч алдартай байсныг нь нуугаад яахав. Харин багийн шилдэг тоглогч, онооны машин бол Д.Отгонбаяр. Хурдтай, хүчтэй, зоригтой тэрбээр Сэлэнгэ аймгийн шигшээ багтаа ч шилдэгт нь тооцогдож байв. IQ-гийн олимпиадад бас хүчийг үзнэ ээ. Дээр нь сургуулийн атаманыг ч хийнэ. Холбон тоглогчоор ангийн хүү дөлгөөхөн Б.Баянжаргал тоглоно. Манай нутгийнхан түүнийг “сунадаг соёо” гэдгээр нь сайн мэднэ дээ. Түүнчлэн манай ангийн дарга Д.Сүх-Эрдэнэ сургуулийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд тоглоно. Өндөр нуруу, чийрэг биетэйн дээр маш хичээнгүй. Нэг ёсондоо багийн тулгуур багана байлаа. Бага ангиас эхлүүлээд ариун цэврийн даргын албыг найман жил гүйцэтгэсэн. Ес төгсөх жил ангийн дарга болж, тушаал дэвшиж билээ. Ангийнхан дунд физикээр толгой цохидог Б.Бат-Оргил маань хамгаалагч хийнэ. Хаалтны хажуугаар зоосон бөмбөгийг босгоод ирдэг найдвартай ар тал байж билээ. М.Төрболд маань сумандаа “нисдэг Төрөө” гэх хочтой. Доороо пүрштэй юм шиг л үсэрдэг байлаа шүү дээ. Ангийн реппер буюу урлагийн үзлэгээр ангийнхнаа чирдэг байсан ганц хүүхэд нь Д.Амарбаясгалан. Хип хоп дууг мундаг үглэнэ. Сургуулийн дотуур байранд байдаг учраас тэндээ бас атаман хийнэ. Гэхдээ хал балгүй. Математикийн аваргаа мартаж болохгүй. М.Бямбасүрэн маань тун чиг хэвлүүхэн яриатай, гаднаас нь харахад онц сурлагатан гэж хэлэхээргүй хөдөлгөөнтэй хүү байсансан. Өдгөө нисгэгч болох гээд л таваргаж яваа байх даа. Миний хувьд волейболын багийн хоёр номерын довтлогчоор тоглодог байлаа. Сайн муу тоглох нь гол биш. Ангийнхантайгаа мөр зэрэгцэн волейболын талбайд тоглоно гэдэг хамгийн сайхан дурсамж байдаг юм билээ. Ангиараа улсын чанартай Волейболын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн гэдгээрээ бид бахархдаг. Аймагтаа ч аваргын түвшинд үргэлж яригдана. Арга ч үгүй биз. Дунд ангид орсон жилдээ сургуулийнхаа аваргаас хүрэл медаль хүртэж 11 дүгээр ангийн ах нараа мулталж явлаа. Долдугаар ангиасаа эхлээд дөрвөн жил дараалж сургуулийн аварга болсон гэхээр ямар хоншоортой хөвгүүд байсныг илтгэх байх. Ийм л мастер багштай, спортлог ангийнхан байж билээ.

Сурлагаараа ч дутахгүй сайн байлаа, манай ангийнхан. Ангийн маань охин Б.Батхишиг бүх хичээлдээ жигд сайн. Сургуулийнхаа онц сурлагатнууд дунд номер нэг нь байлаа. Бас сурагчдын зөвлөлийн дарга хийнэ. Жил бүр сургуулийн шилдэг сурагчид нэр дэвшинэ. Даруухан дөлгөөн зантай ч цагаа тулахаар асар дайчин болчихно. Аймаг, бүсийн чанартай олимпиадыг дуусгасан даа. Харин Б.Батчимэг маань олон талын авьяастай. Сурвал сурсан шиг сурчихдаг. Тэгээд ч болоогүй волейболчин. Онц сурдаг, спортлог болохоор сургуульд нэлээд өндөр байр суурьтай. Үндэсний бүжгийг ч уяраана. Б.Тунгалаг маань харин сургуулийнхаа хамгийн үзэсгэлэнтэй охин нь байлаа. Сургуулийн хөвгүүд хандраастай. Харин бид хамгаалагчийг нь хийнэ. Шалгалт бүр дээр л “А” үнэлгээг авна. Хичээхгүй ч хичээлдээ сайн хүүхдүүд байдаг даа. Яг л тийм охин байсан. Хааяа ангийн хөвгүүд маань өдөж, шоглож байгаад уйлуулчихна. Тэгээд эгчид нь мөн ч их загнуулдаг байж билээ. Түүний хамгийн сайн найз нь Б.Намуунзул. Тэр хими, биологийн өвчтөн байж билээ. Тийм ч учраас хичээлийн хэнээтэн байсан. Бас хамгийн хошин мэдрэмжтэй нь. Хоч өгөхдөө мастер. Шүлэг бичих авьяастай байсан юм. Б.Намуунзул мөрөөдөлдөө үнэнч байсны хүчинд өдгөө Анагаах ухааны их сургуулийг төгсч, чадварлаг эмч болсон билээ. Ангийн охид дундаас өөрийн гэсэн бодолтой, хамгийн ухаалаг нь О.Баттамир байсан. Шулуун шударга зантай. Мөрөөдөлдөө үнэнч. Мэдээж хичээлдээ сайн. Ярьж, хэлж байгаа, биеэ авч яваа үйлдэл бүрээс нь бид үлгэр дуйраал авдаг байж билээ. Хүрэхэд л хугараад уначихаар эмзэгхэн охид байдаг даа. Тэр бол манай ангийн Ж.Буянжаргал юм. Гэхдээ тэр эмзэгхэн чанарын цаана хамгийн тэвчээртэй, дайчин чанар нь нуугддаг байсан юм. Ангийн сурлагатай охидын буянд л манай хэдэн эрчүүд арван жилээ төгссөн гэхэд хилсдэхгүй дээ.

УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН АВАРГА БОЛСОН БИШ АХ НАРТАА ТООСОО ГӨВҮҮЛЭВ

2009 оны өвөл Орхоны сургуулийн урлагийн үзлэг боллоо. Энэ сургуулийн үзлэгээс л сумын шинэ жилд тоглогдох урлагийн үзүүлбэрүүдийг соёлын төвийн эрхлэгч сонгож авдаг. Бид наймдугаар ангийн сурагчид байсан учраас сумын шинэ жилийн концертод орж чадна гэдэгтээ тийм ч их итгэлтэй байсангүй. Гэхдээ тэр жил манайхан нэлээд өвөрмөц сэтгэж урлагийн үзлэгт орсон юм. Хамтлаг дуун дээрээ нөгөө л нэг зохиолын дуу биш тухайн үед од болж байсан “Outlaw” хамтлагийн дууг дуулахаар болов. Хөдөөний хүүхдүүд бид хип хоп дууг тайзан дээрээс дуулна гэдэг шинэлэг санаа байлаа. Б.Тунгалаг, Д.Амарбаясгалан бид гурав энэ даалгаврыг авсан юм. Намрын ажлаар ангиараа явах үедээ Г.Төрболдыг гайхалтай уртын дууч юм байна гэдгийг манайхан мэдэж авсан. Гоцлол дууны төрлийг тэрээр авч гарах болов. Гоцлол бүжгийг Г.Энхжин, язгуур урлагийг Б.Бат-Оргил, Г.Энхжин бид хэд ятга, ёочин тоглож аргалахаар боллоо. Бид нэлээд бэлдсэний эцэст тэр жил аваргаар нь тодорсон юм. Манай ангийнхны бэлдсэн бүх урлагийн номер сумын шинэ жилийн тоглолтод орохоор болж, баяр хөөртэйгөөр тарсан даа. Урлагийн үзлэгээсээ тарж явах замдаа ангийн хөвгүүд бид шаралхсан дээд ангийн ах нараараа тоосоо гөвүүлж, маргааш нь хөх эрээн нүүртэй сургуульдаа ирж билээ. Тэр цагаас урлагаараа ч сургуульдаа шилдэг нь болсон доо, манай ангийнхан.

Манай сургуулийн сурагчдыг намрын ажилгүйгээр төсөөлшгүй. Есдүгээр сарын 1-нд хичээл орохоос эхлээд арваннэгдүгээр сар хүртэл таван мянган төгрөгийн цалинтай төмс хураалтын ажилд оролцоно. Төмс хураагаад бүтэн өдөр халуун наранд ажиллана гэдэг бэрх даваа. Дээр нь бидний цалин ангийн фондын мөнгөнд орно. Намрын ажил дуусахад сая гаруй төгрөг фондод цуглачихдаг байлаа. Энэ намрын ажлын үед л бидний хамгийн гүн дурсамжууд өсвөр настай минь үлджээ. Намрын ажлаа тараад ачааны машины тэвшин дээр ачигдаад харьж явахдаа ядрахыг мэдэхгүй л хөгжилддөг байж билээ. Дуу дуулж, гитар тоглон шөнийн харанхуйд сэвэлзээ салхинд нүүрээ илбүүлэн бодолд автан суух юутай сайхан байдаг гээч. Ангийнхныхаа талаар бодоход энэ мэт олон сайхан дурсамж сэргэдэг юм. Манай ангийнхны хувьд ажил амьдралын гараа нь дөнгөж эхэлж байна. Улс нийгмийнхээ бүхий л салбарт өөр өөрсдийнхөө зам зураг, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа болохоор хожим нь манай ангиас ард түмэн, нийгэмд танигдсан ямар мундаг том хүмүүс төрөн гарахыг таашгүй. Одоо бол эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулцгаагаад л явж байна даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Улсаараа нэг тойрог болбол сонгуульд нэр дэвшигчид сонинтой нөхөрлөхөөс өөр аргагүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Оюу толгой” компанийн
гүйцэтгэх захирал Армандо
Торрес тэргүүтэй хүмүүс
өчигдөр төслийнхөө
хоёрдугаар улирлын тайланг
хэвлэлийнхэнд танилцууллаа. Энэ тухай нэг, зургадугаар нүүрэнд нийтэллээ.

Монгол Улсын баатар Жамбаагийн Загас “Түүхчид аавыг минь Монгол Улсын гурван дайнд оролцсон цорын ганц хүн гэдэг” хэмээн өгүүлжээ. Түүнийг аавуудын баярын өдрийг тохиолдуулан урьж ярилцсан юм. Ярилцлагыг нэг болон 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд нийтэллээ.

Манай сонины брэнд нүүр болох гуравдугаар нүүрэнд “Улсаараа нэг тойрог болбол сонгуульд нэр
дэвшигчид сонинтой нөхөрлөхөөс өөр аргагүй” нийтлэл хэвлэгдлээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер, ОХУ-ын Батлан
хамгаалахын орлогч сайд А.В.Фомин нар манай улсад айлчилж байгаа билээ. Эдгээр айлчлалын тухай улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Энэ сарын 7-ны өдөр
Төрийн ордны зүүн талд
Хүмүүнлэгийн ухааны их
сургуулийн дэргэд, “Сентоза
фүүд корт”-ын баруун талд
байрлах хашаанд гэнэт
газар цөмөрч, ер бусын том
хонгил илэрчээ. Энэ талаар долдугаар нүүрнээс унших боломжтой.

Түүнчлэн уламжлалт “Нэг ангийнхан”, “Ном ярьж өгье” булангуудаа болон дэлхий дахинд болж буй үйл явдлуудыг баасан гаригийн дугаараас уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын морьтон дайчид тэргүүн байр эзэллээ

“Аравт” олон улсын цэргийн тэмцээн өнөөдөр хаалтаа хийлээ. Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэг хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, баяр хүргэн үг хэлсэн юм. Тэрээр:

-Олон улсын наадамд оролцож, саад бэрхийг туулж давсан бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуулад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээшгүй. Удахгүй 80 жилийн ойгоо тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалт авчирсан гавьяатай хэмээв.

Мөн энэхүү арга хэмжээнд манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Фомин оролцсон юм.

Олон улсын цэргийн багийнхан оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсын морьтон дайчид тэргүүн байрыг эзэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтөнд авлигын эсрэг заалт тусгах ёстой

Ардчилсан намын шинэчлэл хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн өөрчлөлтөд авлигын эсрэг шинэ зүйл заалтыг санаачлан тусгахаар болжээ. Уг заалтыг Үндсэн хуульд тусгаснаар олон нийт авлигын эсрэг тэмцэх боломж бүрдэх ёстой. Ингэснээр сүүлийн 30 жил бугшсан авлига хээл хахуулийн асуудал арилах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд болон АН-ын удирдлагууд Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгыг хэлэлцэхдээ хариуцлагын тухайд “амаа үдүүлсэн” гэдгийг онцлов. Энэ тухай тус хөдөлгөөнийхөн “Өнгөрсөн 30 жилд төрийн өндөр албан тушаалтан, хоёр намын эрх баригчдын дунд нэг ч хариуцлагын асуудал яригдаагүй. Авлигын асуудалд нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Төрийн алба бүүхэл нэг байгууллагын алба хаагч тэрбумаар нь авлига авчхаад 40 сая төгрөгөөр торгуулж буй нь Монголд авлига байх ёстой гэсэн л асуудал болчхоод байна. Улс төрийн намуудад авлига үүрлэсэн байна. Иймд ард түмнээрээ авлигатай тэмцэх ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдэд 18 жилийн хорих ял оноолоо

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн М болон Г нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг өнгөрсөн сард хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хэргийн талаар тодруулбал, 24 настай, эрэгтэй М нь 2016 оны наймдугаар сард бага насны буюу 6 нас 10 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн, 20 настай, эрэгтэй Г нь 2018 оны дөрөвдүгээр сард 14 нас 6 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс М-ийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Г-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шилийн голд болсон барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлжээ

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон Монгол үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ.

Харин их шөвөгт улсын харцага Н.Золбоо улсын начин Б.Батжаргал нар үлдсэн байна. Улсын баяр наадмаар допингийн асуудлаас болж барилдаж чадаагүй бөхчүүд наадмын дараа орон нутгийн ойн баяр наадмууд болон ӨМӨЗО-нд ийн барилдаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Халхын гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэн энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж үзэсгэлэн гаргана. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “…Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 12-ноос 25-ны хооронд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.

Categories
гадаад мэдээ

Тайваньд ахин газар хөдөлжээ

Өнөөдөр Тайванийн зүүн эргээс холгүй далайн гүнд 6.4 магнитуудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь нийслэл Тайбей хотод мэдрэгджээ.

Өглөөний 5:28-д Илань хотоос холгүй далайн 30 километрийн гүнд газар хөдлөлтийн голомт мэдрэгдсэн хэмээн Хятадын Газар хөдлөлт судлалын хүрээлэнгийнхэн мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас Тайбэй хотын 1400 гаруй барилга, байшин цахилгаангүй болжээ. Газар хөдлөлттэй холбогдуулан гамшгийн үед хариу арга хэмжээ авах төв бэлэн байдалд шилжжээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперт морь бэлэглэлээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр Пентагоны тэргүүний хувиар хийх анхны гадаад айлчлалаа Ази тивийн таван улсаас эхлэхээр болсны нэг нь Монгол Улс юм.

Тэрбээр өнөөдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийсэн. Уулзалтын дараа Н.Энхболд түүнд хонгор зүсмийн морь бэлэглэлээ. Тэрээр морь бэлгэнд авсан сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Эрэмгий дайчин, энх тайвныг эрхэмлэгч байсан Генерал Жорж Маршалын нэрээр энэхүү адуугаа нэрлэж байна” хэмээсэн байна. Түүнчлэн тэрбээр цэргийн Их хар сүлдний өргөө орж хүндэтгэл үзүүлсэн юм.