Categories
мэдээ нийгэм

Хошууч А.Отгонбаяр ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр гурванд төрөлд нийт 747,5 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр тэмцээний таталтын төрөлд 210 кг жин өргөж хүрэл медаль, суултын төрөлд 285 кг жин өргөж алтан медаль, шахалтын төрөлд 252,5 кг жин өргөж мөнгөн медалийн эзэн болж, нийлбэр дүнгээр улсын аварга шалгаруулах пауэрлифтингийн -120 кг жинд мөнгөн медалийн эзэн болсон нь энэ юм.

Энэхүү амжилтаараа ирэх аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Тэрээр ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг хааж үг хэллээ.

Монгол
улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч х.баттулга “аравт” олон
улсын морин цэргийн уралдааныг хааж:

“Дайчид аа, албан хаагчид аа

Хүндэт зочид оо, найз нөхөд өө!

Морьтон монголчуудын эх оронд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсанд миний бие нэн баяртай, гүн талархалтай байна.

Морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж, саадыг даван барианд орсон бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуудад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй 80 жилийн ойг нь тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай юм. Бид Халхголын түүхэн ойг мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр зэхэж байна.

ОХУ-ын санаачилгаар зохион байгуулагддаг “Цэргийн тоглолт” олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээс шинээр “Аравт” морин цэргийн уралдааныг оруулж, анхных нь тэмцээнийг Монгол Улс зохион байгуулсанд бид онцгой ач холбогдол өгч байгаа.

“Аравт” морин цэргийн тэмцээн юуны өмнө уламжлалт найрамдал нөхөрлөл, ард түмнүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай. Түүнчлэн аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг ханган бэхжүүлж, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхлыг хамтын хүч, нягт ажиллагаагаар хангах бэлтгэл болж, итгэлцлийг нэмэгдүүлж байна.

“Цэргийн тоглолт” олон улсын уралдаан жилээс жилд хүрээгээ тэлэн байгаатай зэрэгцэн “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо ч нэмэгдэж, улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

Уралдаанд оролцсон баг, тамирчдад дахин талархал дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.

Морьтон дайчдын өлгий нутагт дахин баяртай уулзаж, хүч чадлаа сорих, ур чадвараа гайхуулахыг урья.

Баярлалаа” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар усны ослын 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амиа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 9 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний хариугаар хоёр бөхөөс допинг илэрчээ

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан хэмээн мэдэгдлээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлж буй бөгөөд одоогоор тэдгээр бөхчүүдийн нэрийг нууцалж байгаа аж. Шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Нарантуяа: Гуравдагч хөршийн худалдааны хуулийг оны өмнө батална гэж найдаж байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн АНУ-д айлчилсан айлчлалын талаар ярилцлагаа эхэлье. Манайх АНУ-ын 17 дахь стратегийн түншлэлтэй улс нь боллоо. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүний хувьд энэхүү айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн айлчлал маш үр дүнтэй болсон гэж бодож байна. Ялангуяа Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчрах болно. Ийм учраас энэ асуудал хэлэлцээрийн хамгийн чухал асуудал байлаа. Хуулийн төслийг Конгрессын гишүүд болон Сенатын гишүүд санаачилж өргөн барьсан. Оны өмнө хууль батлагдах байх гэсэн найдвар байгаа. Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдвал манай улс ноос ноолууран бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэх юм. Ингэснээр хөнгөн үйлдвэрийн салбар нь уул уурхайн дараа орох томоохон салбар болох юм. Ерөнхийлөгч Трампын зүгээс энэхүү бодлогоо дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь Конгресс дээр хууль батлахад эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Айлчлалын хүрээнд олон зүйл яригдсан байх. Ноос ноолуураас бусад онцлох ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Хэдийгээр ноос ноолууран оёмол сүлжмэл бүтээгдэхүүн эскпортлоно гэж байгаа боловч тодорхой хугацаанд удах магадлалтай. Мөн нэн тэргүүнд хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн гэдгийг зарласан. 1987 онд эхэлсэн дипломат харилцаа маань өнгөрсөн жилүүдэд батлан хамгаалах, хүмүүнлэгийн салбаруудад нэлээд амжилттай хэрэгжиж байсан. Харин энэхүү айлчлалаар эдийн засгийн бодит салбарт харилцан ашигтай худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ орчин нөхцөлд гаргаж ажиллах боломж бүрдэж байна. АНУ-ын зүгээс Ази тив дэх Монгол орны ардчиллын үндсэн зүйлсийг бэхжүүлэхэд тусалж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн бүс нутгийн нийт ард иргэдийн эрх ашиг бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрхзүйн хүрээнд тогтвортой байдлыг хангаж ажиллахад харилцан бие биенээ дэмжхээ илэрхийлсэн. Монгол улс шудрага ёсыг тогтоох, гадаадад байрлаж буй оффшор бүсийн мөнгийг олж авчрах нь чухал байгаа. Шударга өрсөлдөөний зарчимд нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжыг бүрдүүлэхийн тулд ҮАБ-ын тогтвортой байдлаар хамтарч ажиллана. Түүнчлэн бүс нутагт болон олон улсын аюулгүй байдалд хуулийн байгууллагуудыг хууль сахиулах чиглэлээр идэвхтэй ажиллахаас гадна оффшор зонд байгаа хууль бус мөнгийг илрүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллах боломж нээгдсэн. Монгол, АНУ улс урьд нь ил тод байдлын гэрээг байгуулсан. Тэр гэрээнийхээ бүрэн эрхийг дэлгэрүүлж эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүний төлөө хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй байлгахар боллоо. Монголын хөнгөн үйлдвэрийн салбар болон ноос ноолуурын салбар, сүлжмэл оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх секторт эмэгтэйчүүд ихэнхдээ ажилладаг. Нөгөө талаас эдгээр бүтээгдэхүүнийг малчид бэлтгэн нийлүүлдэг. Энэ салбарыг дэмжсэнээр хөдөө орон нутгийн эдийн засгийг бодитой нэмэгдүүлэх юм. Дээр нь эмэгтэйчүүдийн тогтмол орлоготой ажлын байрыг гэртээ бий болгох боломжыг бүрдүүлж байгаагаараа их ач холбогдолтой болсон.

-Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд “NASA” буюу АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочилж монгол эмэгтэй хүнийг сансарт нисэхэд бэлтгэх, инновацийн чиглэлээр хамтарч ажиллах талаар хөндсөн байсан. Энэ талаар ярихгүй юу?

-АНУ салбар судлалын хүрээнд сансрын жуулчдыг хөгжүүлэх том зорилт тавьж ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд ч сансрын жуулчдын бэлтгэх сургалтын төв байгуулах судалгаа шинжилгээ хийх сонирхолтой.

Энэ талаас хоёр улсын сонирхол нийцэж байгаа. Орчин үеийн шинжлэх ухаан технологийн өндөр мэргэжлийн it технологийн хүмүүстэй хамтарч ажиллах нь бидэнд хэрэгтэй. Дашрамд дурдхад Монголын говьд АНУ-тай хамтарч эрдэм шинжилгээ туршилт сулдалгааны цогц бааз байгуулах боломжийн талаар санал сололцсон. Ерөнхийлөгч нэгдүгээрт, төслийг дэмжүүлэх, хамтарч ажиллах, хоёрдугаарт, монгол эмэгтэй хүнийг сансарт нисгэхэд бэлтгэх тодорхой саналыг тавьсан. НАСА-гийн удирдлагууд энэ чиглэлээр тууштай хамтарч ажиллахаа илэрхийлсэн нь бидний хувьд маш том боломж гэж харж байгаа. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхай хөдөө аж ахуйгаас гадна инноваци, IT технологийг хөгжүүлж хамтарч ажиллах нь эдийн засагт маш чухал салбар болно.

-Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд АНУ-д амьдарч байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Тухайн иргэдийн зүгээс ямар асуулт асууж байсан бэ?

-АНУ-д ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийн зүгээс хоёр иргэншилтэй болохыг асуудлыг түлхүү хөндөж байна. Тэнд амьдарч байгаа олон иргэд үр хүүхэдтэй болж, ихэвчлэн Америкийн иргэншилтэй болчихсон байдаг. Монголдоо хүүхдүүдтэйгээ буцаж ирэхээр гадаадын иргэн шиг виз авах асуудал үүсч байгаа юм. Энэ асуудлыг яаралтай ойрын хугацаанд шийдэж өгөөч гэх хүсэлтийн төрийн тэргүүнээс хүссэн.

Гадаад харилцааны яам болон холбогдох хүмүүс энэ асуудлыг судалж шийдвэрлэж, арга хэмжээ авахаар ажиллаж байгаагаа ч илэрхийлсэн. Тэнд төрсөн монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх уламжлалаа өвлүүлэн үлдээхийг зорьж ажиллахыг төрийн тэргүүн иргэдээс уриалсан. Миний бодлоор монгол соёлын төвийг олноор байгуулах хэрэгтэй. Ийм төв олноор байгуулснаар Монголын түүх соёлыг өвлүүлж үлдээхэд чухал ач холбогдолтой. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл иргэдийн оролцоонд суурилсан эх хэлний мэдлэг олгох сургалтаас эхлээд ГХЯ, БСШУС-ын яамтай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатайг иргэдийн асуултаас харагдаж байлаа.

-Ерөнхиийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзаж байхдаа Оросын нутаг болох Сибирийн ой шатаж байгаа талаар хэлсэн гэх зүйл яригдаж байсан. Энэ хэр бодитой яриа вэ?

-Энэ бол бодитой яриа. Хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтын үеэр манай хоёр хөршийн талаар санал солилцож байх үед Ерөнхийлөгч Сибирийн ойд түймэр гарч байгаа талаар мэдээлэл өгсөн. Байгалийн гамшгийн үед төрийн тэргүүнүүд утсаар ярьж туслах, дэмжих сэтгэгдлээ илэрхийлэх тухай ярьсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Путин руу утасдсан.

-Хэлэлцээр хийгдэх үед хоёр улсын визний асуудал яригдсан болов уу?

-Тодорхойлон визний асуудал яригдаагүй.

-Ярилцлагаа одоо өрнөж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар үргэлжлүүлье. Өнгөрсөн сард нэмэлт, өөрчлөлтийн талаар таван удаагийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн гаргасан санал, төсөлтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн шүү дээ. АН-ын зүгээс ямар тодорхой саналууд хүргүүлсэн бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа гэдэгтэй АН санал нэг байгаа. Гэхдээ 62 гишүүний өргөн барьсан төслөөр бол өнөөдрийн засаглалын тогтворгүй байдлыг арилгах, Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдлыг дэмжих, шударга ёсыг хангах тал дээр төдийлөн хангалттай заалт орж чадаагүй гэж үзэж байгаа. Тиймээс АН хэд хэдэн чухал санал дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд Их хурлыг иргэд тараах процедурыг оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн сонгосон Их хурлын гишүүнээ эргүүлэн татдаг эрхийг нь иргэдэд өгөх хэрэгтэй гэх зарчмын саналыг тавьсан.

Хоёрдугаарт, тогтвортой хөгжлийн бодлого зарчмаа Үндсэн хуульд тусгаснаар түүнд нийцүүлсэн мөрийн хөтөлбөр зорилтыг Засгийн газар бүр өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүдэг байх шаардлагатай байна. Үндсэн хуулийн 5.1 ба 5.4. т эдийн засгийн ерөнхий бүтэц, эдийн засгийн хэрхэн зохицуулах зохицуулалт нь байдаг. Манай Үндсэн хуульд эдийн засгийн харилцаа дутмаг тусгагдсан. Тиймээс төсөвдөө санхүүгийн бодлогыг тусгайлан оруулах тодорхой санал өгсөн. Төсвийн алдагдал улсын өрийн дээд хэмжээг ихэнх орнууд Үндсэн хуулиараа хязгаарлаж дээд хэмжээгээ тогтоосон байдаг. Манай улс ч ингэж тогтоох шаардлагатай байна. Хэдийгээр төсвийн тогтвортой байдлаар хууль гаргаж дөрвөн үзүүлэлтээр тогтоосон ч органик хуулиараа эдгээр заалтыг үгүйсгээд байгаа нь төсөвт сөрөг үр дагавар учруулдаг. АН-ын зүгээс санал болгосон эдгээр саналуудыг ажлын хэсэг тусгах байх гэж найдаж байна. Энэ бүхнээс шалтгаалж АН Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт үргэлжлүүлэн орох эсэхээ тусгайлан үзэх болов уу гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан ямар саналуудтай АН нэг байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналаас давхар дээлийг тайлж Их хурал Засгийн газар харилцан бие биедээ хяналт тэнцлийг хангах талаарх зүйлд санал нэг байгаа. Парламентын засаглалаа бэхжүүлэх, бүх ард нийтийнхээ эрх ашгийг хамгаалах, тэр тусмаа Үндэсний аюулгүй байдлын баталгааг бий болгохын тулд одоогийн гишүүдийн тоог 108 болгон нэмэхийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Шүүх засаглалын тухайд хоёр төслийн хувьд тусгайлан авч үзэх хэрэгтэй байна лээ. Шүүхийн хариуцлагын асуудал дээр дараалсан хяналт тавихыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй. Шударга бус зүйл дан ганц шүүх дээр явагдаж байна гэж хардаггүй.

Шүүхээс гадна хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хяналт тавьж байгаа прокурорын байгууллага болон төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа байгууллагууд ч хамааралтай.

Categories
мэдээ нийгэм

Монголын тамирчид “Мизуно” брэндийн хувцсаар гоёно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ.

Эхний өдөр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Масахико Шибаяаматай уулзав. Хоёр яамны хооронд 2017 оны хоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлыг хөндөв. Тухайлбал, Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэх хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

“КООСЭН” ЗАГВАРЫН СУРГУУЛИУДЫГ НЭМЖ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаотай уулзав. Салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй “Коосен” хөтөлбөрийг үргэлжлүүлэн цаашид Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Өмнөговь аймагт загварын коллеж нэмж байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ үеэр хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид100 хувь ажлын байраар хангагдаж байгааг Японы Коосэн нийгэмлэгийн удирдлагууд онцолж байлаа.

Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилготой уг Төсөлд 200 оюутныг хөтөлбөрт хамруулахаартөлөвлөжээ. Одоогийн байдлаар 25 оюутан төгсөж, Япон улсад 88, Коосэн сургуульд 27, бэлтгэл хөтөлбөрийн 1-2 дугаар дамжаанд 45 оюутан суралцаж байна.

Монгол оюутнуудыг 3 дугаар курсээс нь Япон Улсын Коосэн сургуульд шилжүүлэн суралцуулахын тулд ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хоёр улирал хичээллэсний дараа оюутнууд механик, цахилгаан, электроник, мэдээллийн систем, хүрээлэн буй орчин, барилга, архитектур мэргэжлээс сонгон суралцдаг байна.

ОЛИМПИЙН НЭЭЛТ, ХААЛТЫН ТОГЛОЛТОД МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДЭЭС ОРОЛЦУУЛАХЫГ ХҮСЛЭЭ

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын “Хост таун” хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа “Монгол хауз” соёлын сурталчилгааны төсөл, олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүки Монголын талаас санаачилга гаргаж, олимпийн асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, дэмжихээ илэрхийлэв.

Мөн “Токио-2020” олимпийн наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Мизуно” брэндийн хувцастай оролцохоор болж гэрээнд гарын үсэг зурлаа. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.

ЖАЙКА-ГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Н.СУЗУКИТЭЙ УУЛЗЛАА

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч, хатагтай Н.Сузукитэй уулзлаа.

Манай улс энэ онд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг баталж, сургууль бүр стандартын шаардлагад нийцсэн гал тогооны орчин бүрдүүлэх, 1-12 дугаар ангийн сурагчдад өдрийн хоолоор үйлчлэх, хоол зүйч, тогооч гээд мэргэжлийн хүний нөөц ажиллах эрх зүйн орчин бүрдүүлсэн гэдгээ танилцуулав.

Япон Улс сургуулийн хоолны газар, хоол, шим тэжээлийн стандарт, эцэг эхийн хяналт, оролцоог амжилттай нэвтрүүлж чадсан туршлагатай учраас хоолзүйч, тогоочийн сургалт, хоол үйлдвэрлэлийн жишиг загвар орчныг бүрдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр Япон-Монголын сургалтын эмнэлэг, бага, дунд сургуулийн барилга барих, хүүхэд төвтэй боловсролыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр нийт найман төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

С.Цогтбаяр: “Электорат” хөдөлгөөний дэмжлэгтэйгээр нэр дэвших залуусыг бид нэр төрөөрөө дэнчин тавьж, батлан дааж байна

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяртай Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийн нэгдэж байгуулсан, УИХ-д нэр дэвших зөв хүнийг тодруулах зорилготой “Электорат” хөдөлгөөний талаар ярилцлаа.


-Таны уран бүтээлийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй байх. Таны зурсан шог зураг тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлын тусгал болж явдаг. Сүүлийн үед нийгмийн ямар сэдэв таны уран бүтээлд илүүтэй тусгалаа олж байна вэ?

-Шог зураг олон төрөлтэй. Сүүлийн үед Монголын улс төр, нийгмийн амьдралд болж байгаа үйл явдлыг хошин шогоор тоймлон үзүүлж байна гэж хэлж болно. Мэдээж улс төрийн амьдрал баян. Нэг талаас хэт хошин болчихсон гэж хэлж болохоор байна. Амьдрал дээр байгаа үйл явдлыг зүгээр зурахад л шог зураг болох жишээтэй тийм нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Тийм болохоор өдөр тутам болж буй үйл явдлуудыг хэвлэл мэдээлэлтэй ойр байдаг хүний хувьд мэдэрч байгаа болохоор сэдэв мундахгүй байна. Технологийн дэвшил бидэн шиг хэвлэл мэдээлэлтэй ойр, энэ салбарын хүмүүст цаг үетэйгээ хамт байх боломжийг олгож байна. Тийм учраас ямар нэг асуудлыг хөндсөн шог зургаа зураад, бусдын хүртээл болгоход надад хэдхэн минутын хугацаа хангалттай. Хуучин уламжлалт хэвлэлийн үед коллегийн хурлаар батлуулах, хэл утга зохиол хянах газар очих, хэвлэлийн эхээ бэлдэх, хэвлэх, тэрийг нь шуудангийн дамжлагаар сум орон нутагт хүргэх зэрэг бүх үйл явц сар үргэлжилдэг байлаа. Одоо бол 10 минутад л бүтээлээ олон нийтэд хүргэх цаг үе ирсэн.

-Та “Электорат” хөдөлгөөний идэвхитэй гишүүн. Уг хөдөлгөөн зөв хүнийг олж, дэмжиж, улс орны жолоо атгуулахад зорилгоо чиглүүлж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид нийгмийн байгуулалт, тогтолцоо, системдээ буруу өгөөд байна. Систем бол амьд организм биш шүү дээ. Энэ чинь хүмүүсээс бүрдэж байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн ёс зүй, боловсрол, шударга байдал зэрэг нь чухал гэсэн үг. Бид сонголт дээр анхаарахгүй байна. Зөв хүмүүсээ сонгочихвол бидний өдий хүртэл байгуулсан ардчилсан нийгэм, одоогийн хүрсэн өндөрлөг маань тийм ч муудсан зүйл биш. Дэлхийн маш олон оронтой харьцуулахад бид харьцангуй ардчилсан, үг хэлэх эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна шүү дээ. Бас боломж нь байгаад байна. Гэтэл энэ системийг бүрдүүлж байгаа шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ёс зүй, боловсрол зэрэг нь хангалттай биш учир систем маань бүрэн утгаараа ажиллахгүй байна. Хамаг гол шалтгаан нь хүндээ байгаа юм. Тиймээс бид хүнээ боловсруулах ёстой. Үнэт зүйлээ эргүүлэн тогтоож, ёс зүй, соёл уламжлал, боловсрол, мэдлэгээ сайжруулахад анхаарахгүй бол үндсэн хуулиа хэчнээн засаад хувь хүнээс бүрдэж байгаа энэ дутагдлыг засч чадахгүй. Тиймээс хувь хүний сонголт дээр анхаарах хэрэгтэй. Энэ үүднээс хөдөлгөөнийг дэмжиж байгаа юм.

-“Электорат” хөдөлгөөн бие даагчийг түлхүү дэмжинэ гэж ойлгосон. Улс төрийн намын гишүүдээс бүрэн татгалзах уу?

-Аль ч намд байгаа шилдэг залуу боловсон хүчнүүдийг бид дэмжих бүрэн бололцоотой. Зөвхөн бие даагч гэж ялгасан зүйл байхгүй. Улс төрийн хүчнүүдэд өөр өөрийн гэсэн шилдэг боловсон хүчин бий шүү дээ. Нам дотроо шилдэг, эрүүл саруул дуу хоолойтой залуус байлгүй яахав. Бидний гол концевц бол зөв хүнээ л дэмжье гэж байгаа юм. Зөв хүнээ гаргаж чадвал ийм хүмүүсээс бүрдсэн систем нь өөрөө зөв болно. Зөв системээр удирдагдсан улс орны хөгжил зөв тийшээ явах нь гарцаагүй.

-Зөв хүнийг ямар шалгуураар гаргаж ирэх вэ?

-Зөв хүн гэдгийг маш олон үзүүлэлтээр шүүнэ. Мэдлэг боловсролтой, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ёс зүйтэй. Хүлээлгэх үнэт зүйлтэй. Тийм хүмүүсийг л олж сонгох юмсан гэж зорьж байна. Тийм зөв хүн олон байгаа мөртлөө улс төрийг сонирхож ороогүй. Ямар нэг намд элсээгүй. Намд ороогүй учир улс төрийн дэмжлэггүй байна. Гэтэл нөгөө талд нам дагасан, цүнх барьсан төлөөллүүдийг хэт их сонгоод, буруу яваад байна. Тийм болохоор зөв хүнээс бүрдсэн оюуны болон боловсон хүчний нөөцөө ашиглах хэрэгтэй.

Магадгүй бид энэ сонгуулиар хангалттай үр дүнд хүрч чадахгүй байж мэднэ. Гэхдээ энэ бол эхлэл. Сэхээтнүүд дуугүй байна, амиа бодсон, бэртэгчин гэж ярьдаг. Тэгвэл үүний эсрэг үгүй юм гэж хариулж байна. Бид эх орныхоо төлөө бодож, сэтгэж, үүний төлөө цаг заваа зарцуулж байдаг. Хоорондоо нэгдэж нийлдэг. Үйл зорилгоо нэгтгэж хөдөлж байна гэдгийг харуулсан чухал хөдөлгөөн гэж дэмжиж байгаа.

-УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдэд илүүтэй анхаарч, улс орны ирээдүйн хөгжилтэй холбоотой томоохон асуудлуудад гар бие оролцох нь бага байна гэж шүүмжилдэг. Харин “Электорат” хөдөлгөөний дэмжиж гаргаж ирсэн залуус бодлогын томоохон өөрчлөлтүүдэд төвлөрч ажиллах уу. Ард нь эрдэмтэн судлаачид, сэхээтнүүдээс бүрдсэн зааж зөвлөх том баг байна шүү дээ?

-Гишүүд гарч ирээд зөвхөн орон нутагтаа зам тавих, сонгогч нартаа таалагдахын тулд жижиг сажиг зүйлээр хөөцөлдөөд улс орны хэмжээний бодлогод оролцох, хууль санаачлах зэрэг нь хэдхэн идэвхитэй гишүүдээр хязгаарлагдаж байна. Тийм учраас УИХ эрхзүйн хэмжээнд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Зүгээр нэг орон нутгийн удирдах байгууллагын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлыг УИХ-ын гишүүд хийгээд байх нь утгагүй. Тийм учраас улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогоо хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хууль санаачилж, түүн дээрээ нэгдэж чаддаг гишүүдийг олноор бий болговол УИХ жинхэнэ утгаараа ажиллана.

“Электорат” хөдөлгөөний дэмжлэгтэйгээр гарч ирсэн гишүүдэд өгөх үүрэг даалгавар нь улс орны эрх ашигт нийцсэн бодлого байх юм. Тийм хэмжээний мэдлэг чадвартай хүмүүс ард нь бий. Эх орондоо өөр өөрийн салбартаа олон зүйл хийсэн эрдэмтэн, судлаач, дипломатч, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог сэтгүүлчид хүртэл байгаа. Тийм болохоор эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна.

-Та бүхний дэмжлэгтэйгээр ирэх оны сонгуульд гарч ирсэн төлөөллүүд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө ямар томоохон алхамуудыг хамгийн түрүүн хэрэгжүүлээсэй гэж та хүсч байна вэ?

-Үр дүнг одоо тааварлаж хэлж чадахгүй. Магадгүй нэг бус нэлээн хэдэн хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Аль нэг намтай хамтраад засаг байгуулах хэмжээний улс төрийн хүчин болоод гараад ирж болно. Мэдээж зөв хүмүүсээ сонгож чадвал зөв үр дүн л гарна. Надад онцгойлон дэмжиж байгаа мундаг залуус бий. Тэр хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд аваачихын төлөө өөрөөсөө болон найз нөхдийн хүрээнд чадах юмаа хийнэ. Энэ бол миний улстөрд идэвхитэй оролцож байгаагийн хэлбэр. Түүнээс биш би өөрийгөө улстөрд шууд оролцох хэмжээний мэдлэг боловсролтой, төлөвшиж тогтсон хүн гэж үздэггүй. Миний оролцож байгаа улс төр бол миний уран бүтээл, “Электорат” хөдөлгөөн. Энэ надад хангалттай.

-Та бүхний шүүлтүүрээр гарч ирсэн хүмүүсийг хэзээнээс ард иргэдийн дунд хэлэлцүүлэх вэ?

-Маш олон хүний нэр ирсэн. Эдгээрээс өмнө нь улс төрийн албан тушаал эрхэлж, сайд дарга, УИХ-ын гишүүн байсан, том бизнес эрхэлж буй хүмүүсээс эхний шүүлтүүрээр татгалзаж байгаа. Дараа нь үлдсэн хүмүүсээс судалж, итгэл даах, бидний шаардлагыг хангах хүмүүсийг сонгосон эхний хүмүүс намар гэхэд танилцуулагдаад явчих байх. Мэдээж нийт олноор чөлөөтэй хэлэлцэнэ. Онлайнаар санал авна. Тийм болохоор хүн болгон оролцох боломжтой гэсэн үг.

-Мэдээж эцсийн сонголтыг ард түмэн хийнэ?

-Тэгэлгүй яахав. Бид зохих шүүлтүүрт оруулж, зөв гэсэн хүмүүсээ ард түмэнд санал болгож батлан дааж байгаа юм. Бид энэ хүн таны итгэлийг дааж сонгогдвол хувийн эрх ашгаа бодохгүйгээр улс орныхоо төлөө зөв, шударга ажиллаж чадах хүн гэж батлан дааж, нэр төрөөрөө дэнчин тавиад санал болгож байна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллахыг хориглоно

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өчигдөр хуралдав.

Ажлын багийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Ажлын багийн хуралдаанаар УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулсан зөвшилцлийн ажлын багаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулга, саналын томьёололтой танилцлаа.

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Зөвшилцлийн ажлын баг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болно хэмээн үзсэн байна. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа аж.

Тодруулбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн “Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна. Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэх саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.

Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасах Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлийн ажлын баг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгасан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг хэвээр нь үлдээж буй юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэнийг Төрийн нарийн бичгийн даргаар 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн ажлын багийн саналын дагуу хассан байна.

Мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 193, 194 дэх хэсгийг нэгтгэн “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” хэмээн найруулжээ. Улмаар “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан ажлын багийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэхэд анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Түүнчлэн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолжээ.

Хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг өнөөдөр хуралдах зөвшилцлийн ажлын багт танилцуулах аж. Улмаар энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд баг болон төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг дахин хуралдаж, саналын томьёоллыг эцэслэх юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна

Дэлхийн ноолуурын бараг тал хувийг хангадаг манай улсад цэнхэр гаригийн ноолуурын зах зээл дээр голлох тоглогч байх том боломж бий. Өнөөхөндөө Азийн Монголоос бэлдсэн ноолуурын ихэнх нь урд хөрш рүү бараг түүхийгээрээ гарчихаж байна. Бүх ноолуураа ээрч, утас болгож, бүр цаашлуулж яривал цамц, пальто үйлдвэрлээд экспортолдог болчихвол ноолуурын салбар сэвхийгээд ирнэ. Товчхондоо дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна. Ингэж хэлсэн нь цаанаа учиртай. АНУ-ын Конгрессын зарим гишүүний өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл ноолуурын салбарт итгэл найдварын гэрэл асаасан төслүүдийн нэг болоод буй. Ноос, ноолуур, оёдол гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарын хийсэн оёсныг АНУ руу татваргүй экспортлох агуулгатай энэ төсөл батлагдвал Монголын эдийн засагт овоо доллар цутгана. Яг өдийд АНУ-д айлчилж яваа Ерөнхийлөгчөөс эхтэй санаачилга л даа. Салбарын холбоо нь компаниудтайгаа амьд харилцаатай, хүчтэй ажилладаг гэсэн давуу тал лав л ноос, ноолуурынхнаас анзаарагддаг. Нэг талаас төр, нөгөө талаас Монголын ноос ноолуурын холбоо ийм агуулгатай төсөл АНУ-ын сенатын анхааралд ороход идэвхтэй ажилласныг өнгөрсөнд өрнөсөн үйл явдлуудаас харчихаж болно. Хэдийгээр энэ төсөл сенатын хэлэлцүүлгээр орж, эцэслэн батлагдаагүй ч сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд эерэг хүлээлт үүсгэж байна. Бараг л батлагдчих болов уу.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр АНУ-ын Стратеги, олон улс судлалын төвд “Монгол, Америкийн харилцааны төлөв байдал” сэдвээр лекц уншихдаа “Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна. Тухайлбал, ноолуурын салбараар жишээлье. Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцоолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм. Энд тодруулан тайлбарлахад, Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессын гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн онцолж харагдсан. Төрийн тэргүүний зүгээс анхаарч байгаагийн маш тод илрэл. Хоёр улсын Ерөнхийлөгч нар товлосон цагаа сунгаж уулзсан гэх мэт айлчлалтай холбоотой мэдээллүүдээс үүргээ гүйцэтгэсэн, үр дүнтэй айлчлал болж байна гээд дүгнэчихэж болохоор байна.

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөлд сенат толгой дохих хэд хэдэн шалтгаан бий. Эхний том шалтгаан бол Монголын ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд танигдсан орон зай. Манай ноолуурын үйлдвэрийнхэн Европ, Америкт бүтээгдэхүүнийхээ чанараар нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн. Монгол ноолуур гэсэн брэндийг бүтээчихсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Саяхан Европын нэг том бизнесмэн манай улсын үндэсний компанийн захирлыг сураглаж очоод уулзаж л дээ. Өнөөх нь ноолуурын салбарын том компанийн захирал л даа. Европын бизнесмэнд өнөө компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто жигтэйхэн таалагдсан гэнэ. Ийм шалтгаанаар Монголыг зорьж ирээд хэд хэдэн пальто аваад буцжээ. Хэрийн брэндийг таашаадаггүй дэлхийн том бизнесмэний таашаалд монгол компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто таалагдана гэдэг мэдээж тохиолдлын хэрэг биш. Дэлхийн брэнд чансаанд хүрсний л илрэл.

Монголын ноолууранд Америкийн зах зээл үүдээ нээх дараагийн шалтгаан нь худалдааны дайн. Дэлхийн худалдааны дайн энэ янзаараа өрнөж, илүү даамжирвал Америк Хятадаас биш манайхаас ноолууран бүтээгдэхүүн авахыг илүүд үзнэ. АНУ, Хятадын дунд өрнөсөн худалдааны дайны ирээдүйг шинжээчид янз бүрээр харж байна. Нэг хэсэг нь ингэсгээд намжина гэж байгаа бол нөгөө зарим нь удаан хугацаанд үргэлжилнэ, технологийн хүйтэн дайн гэсэн онош руу ойртлоо гэцгээж буй. Шинжээчдийн таамгийг анзаарахад худалдааны дайн сунжирч магадгүй таамаг зураг давамгайлаад эхэлчихлээ.

Монгол ноолуурын өөр нэг давуу тал гэвэл төрийн тэргүүний хэлсэнчлэн малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэл байгальд ээлтэй шат дамжлагатай гэсэн онцлог нь. Дэлхий даяараа ногоон эдийн засаг, зөв үйлдвэрлэл ярьж эхэлсэн энэ үед цохож хэлэхээс аргагүй олзуурхал. Бас манайх эрс тэс уур амьсгалтай орон учраас монгол ямааны ноолуур хүйтэнд дулаан хадгалдаг, дулаанд чийгтүүлдэггүй гэх мэт онцгой чанартай. Үүнийг нь дэлхий мөн л хүлээн зөвшөөрчихсөн.

Эцэст нь нэг зүйлийг онцлохгүй орхиж болохгүй. АНУ гэдэг аварга зах зээл Монголын ноолуурт үүдээ нээлээ гэж бодъё. Тэр үед яг өнөөгийнхөөрөө байвал ноолуураа Америк руу экспортлоод хүссэн төсөөлсөн их мөнгөө олж чадахгүй. Яг өнөөгийнхөөрөө гэхээр гайхаж мэднэ. Дэлхийд брэнд болсон ноолуур энэ тэр гэж биччихээд яагаад ингэж хэлэв гэсэн эргэлзээ олон хүнд төрж магадгүй. Ноолуурын салбарт хандаж буй төрийн хандлагыг хэлээд байна л даа. Ноолуурын салбарынхан “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч байгаа. Гэхдээ үйлдвэрлэлээ сэвхийлгэх хэмжээний бага хүүтэй зээл биш. Арилжааны банкуудын хүүнээс арай бага ч, дарамт болохоор хэмжээний өндөр хүүтэй зээл энэ салбарынханд очдог. Компаниуд эргэлтийн хөрөнгийн зээлээр хомс байдаг нь ийм учиртай. Эргэлтийн хөрөнгө багатай учраас малчдын бэлтгэдэг ноолуурын ихэнхийг урд хөршийн бизнес эрхлэгчид худалдаж авч, угаагаад аваад гарчихдаг юм.

Ноолуурынханд бас нэг зовлон бий. Технологио сайжруулъя гээд тоног төхөөрөмж оруулаад ирэхээр гаалийн татварт хамгийг нь авчихдаг. Уг нь доллар оруулж ирдэг том салбарынхаа технологио сайжруулъя, үйлдвэрлэлээ тэлье гэсэн компаниудыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжчихэд болохгүй юмгүй. Энэ мэт ноолуурын салбарынханд хамаатай суурь асуудлуудыг шийдэж байж ноолуураа АНУ руу экспортолж ашиг олно. Бүр тодруулж хэлбэл АНУ-ын сенат “Монголын ноолууран бүтээгдэхүүний татваргүйгээр импортолъё” гэж толгой дохивол манай ноолуурынхан төрийн бүрэн дэмжлэгтэй байж л их доллар олно.


Categories
мэдээ цаг-үе

Д.Сүнжид: 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бид огт хөндөхгүй байна

Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өөрийн төсөл, саналаа танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр хэлэлцүүлэгт дурдагдаагүй төсөл, саналыг оруулсан нь хуульчид болоод иргэдийн анхаарлыг татаж байгаа. Та 62 гишүүний өргөн барьсан төслийн нутгийн удирдлагын дэд ажлын хэсэгт ажилласан. Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр нутгийн удирдлагын хэсэгт орж буй заалтуудад ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “Улаанбаатар улсын нийслэл мөн” гэж заасан байдаг. Энэ заалтыг өөрчлөх санал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр орж ирсэн байна лээ. Дэмжүүштэй санал. Өмнө нь нутгийн удирдлагын хэсэгт ажилласан манай судлаачид Үндсэн хуулиас Улаанбаатар гэх өгүүлбэрийг хасъя гэдэг саналыг оруулж байсан. Улаанбаатар гэдэг үгийг хасчихвал “Төрийн дээд байгууллагууд орших хотыг нийслэл гэнэ ээ” гэх өгүүлбэр л Үндсэн хуулинд үлдэх юм. Тэгэхээр өдгөө яригдаж буй улсын нийслэлийг өөр хот руу шилжүүлэх санаа боломжтой болно. Энэ заалт УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл дээр хөндөгдөөгүй цоо шинэ санал. Гэхдээ шинэ санал учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа хэрхэн авч үзэх вэ гэдэг тодорхойгүй байна.

-Хот гэдэг нэгжийг бие дааж Үндсэн хуульд оруулж ирэх санал Ерөнхийлөгчийн төсөлд мөн орж ирсэн шүү дээ?

-Үүнийг дэмжихгүй байгаа. Энэ санал дээр манай ажлын хэсгүүд бусад улс орнуудын жишгийг судалж, өөрсдийн улсын түүхийг харж дүгнэлт гаргасан. Тодруулбал, хот гэдэг тусдаа нэгж байх албагүй юм байна. Хот, тосгоныг байгуулах боломжийг нээлттэй байлгах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Яагаад гэвэл Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг судалсан баг 2018 онд нэг тайлан гаргахдаа Монгол Улсад хот, тосгон хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийн асуудал биш юм байна гэсэн үр дүнг гаргасан. Хотуудыг хөгжүүлэх шаардлага манай улсад байгаа шүү дээ. Гэхдээ хөгжихгүй байгаа шалтгаан нь Үндсэн хууль биш юм. Харин Хот, сумын эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт салбар хуулийг хөгжүүлэх хэрэгтэй. Бид өнгөрсөн 20 жилд энэ салбар хуулиндаа ер нэмэлт, өөрчлөлт хийсэнгүй. Тоосонд дараад мартчихсан байжээ. Одоо Хот, сумын эрх зүйн байдлын тухай хуулиндаа өөрчлөлт хийж, иргэдийнхээ тоо болон чиг үүргийг нь зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэх хоёр албан тушаалыг нэг хүн дээр тохчихоод байгаа. Үүнийг хуулиар нь салгаж, чиг үүргийг нь тус тусад нь зааж өгөх ёстой. Хот төсөвгүй бол чиг үүрэг гэж ярьж болохгүй шүү дээ. Тиймээс хотын төсвийг салбарын хуулиараа зохицуулах хэрэгтэй.

-Энэ асуудал дээр гадны улсуудад ямар сайн жишээ байдаг юм бол. Манай улсад тохирох боломжтой сайн туршлагууд бий юу?

-Манайх суурин соёл иргэншилтэй болоод удаагүй. Тиймээс хотын хөгжил гэдэг бидний хувьд шинэлэг зүйл. Бидэнд бусад улсын жишгийг автоматаар авах боломж байхгүй. Тиймээс өөрсдөдөө тохирсон бодлогоор хөгжих хэрэгтэй юм билээ.

-Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгоё гэх саналыг Ерөнхийлөгч дэмжсэн байна лээ. Энэ заалт судлаач, ард иргэдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байгаа шүү дээ?

-Энэ санал дээр судлаач хүний үүднээс санал нэгдэхгүй байгаа. Яагаад гэвэл эндээс гарах бүх үр дагаврыг нь урьдчилан тооцоолох боломжгүй байна. Өмнө нь ийм жишгээр манай улс явж байгаагүй. Хэрвээ шууд 329 сум, есөн дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгох юм бол үр дагавар нь яаж гарах вэ гэдэг бүрхэг байна. Бүх сонгуульд мониторинг хийсэн багууд мөнгө асар хүчтэй байна гэдэг. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлж байгаа ийм үед сумын Засаг даргын сонгуульд энэ хүчин зүйл яаж сөргөөр илэрлээ олох вэ гэдэг болгоомжлол байна. Монгол Улсын төрийн байгууламж нэгдмэл байх ёстой. Тийм учраас төрийн гаргаж байгаа шийдвэр бүх суманд хэрэгжиж байх ёстой. Тэгэхээр иргэдээсээ сонгогдчихсон Засаг дарга иргэдийнхээ өмнө амласан зүйлээ хэрэгжүүлэх гэж Засгийн газар, яамны тушаалыг дагахгүй байвал яах вэ. Иймэрхүү нөхцөл байдлууд үүсэх магадлалтай, бүрэн зураглалаа харж чадахгүй байгаа энэ үед уг заалтыг Үндсэн хуульд оруулахаа больчихсон нь дээр. Түүнчлэн 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бид огт хөндөхгүй байна. Тэр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал дээр бид нар нэмж тоосго өрж байна гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн үзэл баримтлал чинь нутгийн өөрөө удирдлагыг иргэдийн хурал хэрэгжүүлнэ гэж заачихсан байгаа байхгүй юу. Харин Засаг дарга нэгдмэл байгууламжтай улсын хувьд төрийн төв байгууллагаас буюу Засгийн газраас ирж буй шийдвэрийг хэрэгжүүлж байх үүрэгтэй. Тэгэхээр Засаг дарга иргэдээс сонгогдох ямар ч шаардлагагүй.

-Татвар тогтоох өмчийн эрхийг дэмжих санал УИХ-ын 62 гишүүний оруулж ирсэн төсөл дээр бий. Энд таны байр суурь ямар байна?

-Өөрөө төсвөө бүрдүүлдэг сум бараг байхгүй шахуу байна. Аймгийн төвийн хэдэн сумд, Өмнөговь аймгийн Цогтцэций гээд цөөхөн сум л төсвөө бүрдүүлж байна. Сум хөгжихгүй байгаа нь хуулийн асуудал биш эдийн засгийн асуудал юм билээ. Эдийн засгийн хөшүүрэг гэхээр суманд ажлын байр алга, аж ахуйн нэгжүүд алга, бизнес хөгжихгүй байна. Яагаад гэвэл 300 гаруй сумдын 150 нь 3000 хүрэхгүй хүн амтай. Тэгээд яг хөдөлмөрийн насны иргэн 1000 хүрэхгүй байх жишээний. Тийм газар яаж эдийн засгийг хөгжүүлэх юм бэ. Тэгэхээр сум бүрийн өөр өөрсдийнх нь онцлог хувийн үйлдвэрлэлд нь тохирсон татвар тогтоовол бас нэгэн хөшүүрэг болох боломжтой. Өөрсдөө өмчийн захиран зарцуулах эрхтэй бол эдийн засагт эерэг нөлөөтэй болов уу гэдэг үүднээс дэмжиж болмоор санагдаж байгаа. Гэхдээ заахдаа хашилтад маш сайн тайлбарлахгүй бол татвар гэдэг өөрөө хэзээ ч туйлын утгаараа хэрэглэгддэггүй. Дандаа Их хурлаас заасан хүрээнд хэрэгждэг. Одоо манай улсад орон нутагт хуулиар 13 төрлийн татвар авдаг юм.

-Ерөнхийлөгчийн зүгээс засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө иргэдийн хурал, иргэдийн саналыг үндэслэн гэдгийг хасаад шууд Засгийн газар, УИХ-д оруулж баталдаг болгохоор оруулж ирсэн байна?

-Зөв зүйтэй санал. Их хурлын оруулж ирсэн төсөл дээр энэ санал байхгүй шүү дээ. Өмнө нь бид хэд энэ заалтын үндэслэн гэдгийг хасаад харгалзан болгоход санал нэгдэж байсан. Яагаад гэвэл энэ заалтын өөрчлөлт хүн ам зүйн тоо, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой юм. Сум судалдаг бие даасан судлаачдын судалгаагаар 3000 хүнээс доош хүн амтай сумдыг нэгтгэх боломжтой гэж ярьдаг. Нэн даруй өөр сумтай нэгтгэж болох сумдын тоо гэхэд 87 байна гэсэн судалгаа гарсан.

Энд сумдын онцлогийг нь харгалзан үзэх ёстой. Хил орчмын сумд гэхэд татан буугдаж болдоггүй юм байна. Одоогоор аймгийн төвүүдтэй ойрхон, эсвэл хоорондоо 5-10 км-ийн зайтай 87 сумыг нэгтгэх боломжтой байна. Өдгөө сумын ИТХ-ын саналаар сумдууд хоорондоо нэгдэж, өөрчлөгдөх боломжтой юм. Тэгэхээр сумдууд хоорондоо нэгдэх боломж бараг байхгүй. Яагаад гэвэл иргэд сумаа тараамааргүй байна гэдэг учраас ИТХ нь тийм шийдвэр гаргаж зүрхлэхгүй байна. Гэхдээ нэгтгэхгүй бол сумд хөгжихгүй шүү дээ.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар ярьж байгаа. Сум, дүүрэг болон нийслэл, аймаг яг адилхан статустай явдаг. Гэтэл хүн ам, эдийн засгийн хувьд харьцангуй шүү дээ?

-Энэ дээр дэд ажлын хэсэг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн. Одоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэх нэг хуулийн дор заачихаад яваад байгаа. Тэр хуульд Сум, дүүрэг болон нийслэл, аймаг яг адилхан статустай яваад байгаа. Үүнийгээ болиод аймгийн тухай хууль, дүүргийн тухай хууль, сумын тухай хууль, нийслэлийн тухай хууль гэж тусдаа зохицуулъя гэж ярьж байгаа. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд хамгийн их хүн амтай дүүрэг. 300 гаруй мянган хүн амтай. Гэтэл сумд нь 3000 хүн амтай байдаг. 300 мянган хүн амд үйлчлэх, 3000 хүн амд үйлчлэх гэдэг асар ондоо гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс сум, дүүргийн гэдгээ больж, салгая гэж ярьж байгаа. Сум, дүүргийн чиг үүрэг ондоо байдаг. Сум гэхэд мал аж, ахуй, хадлан гээд явчихдаг. Дүүрэг тэрнээс нь өөр чиг үүрэгтэй ажиллана. Өнөөдөр сум, дүүрэг хоёрыг ижил статусаар авч үздэг. Гэтэл хүн ам, нөхцөлийн хувьд аваад үзэхээр тэс өөр шүү дээ. Ингэхээр сум, дүүргийг холбоо үгээр нэрлэж, зэрэгцүүлж ойлгох нь өрөөсгөл болж байгаа юм. Тиймээс тус тусдаа, эрхтэй, үүрэгтэй байх нь тухайн нэгжүүдийн хөгжил, өрсөлдөх чадварт чухал ач холбогдолтой. 1992 оны Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байх зарчмыг тодруулж, нөгөө талаас чиг үүргийг оновчтой ялгаж зааглахын тулд иргэнд ойр сум, дүүргийг үндсэн нэгж гэж томьёолох нь ач холбогдолтой. Аймаг, нийслэл дээр ч мөн энэ ялгаагүй. Хүн амын тоогоор нь аваад үзсэн ч, эдийн засгийн нөөцөөр нь харсан ч Эрдэнэт, Дархан хоёр улсын зэрэглэлтэй хот болох боломжтой.

Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон аймгийн зэрэглэлтэй хот нь хэвээрээ, үүнийхээ өөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсийг нь салбарын хуулиар тогтоох талаар ярьсан. Одоо бол ихэнхдээ хотын юм уу тосгоны захирагч бөгөөд Засаг дарга гэж хамт нэрлэж, чиг үүргийн хувьд ч нэг байдаг. Гэтэл захирагч, Засаг дарга нь гүйцэтгэх үүргийн хувьд өөр байх ёстой. Тусдаа өөрийн удирдлагатай байгаагүй нь Монгол Улсад хот жинхэнэ утгаараа хөгжих, удирдлагын тогтолцооны тулгамдсан асуудал болсон. Тиймээс таван тусдаа хууль гаргая гэдэг дээр санал нэгдээд байгаа.

-Гадаадын улс орнуудад улсынхаа нийслэлийг ангид авч үздэг жишиг бий. Үүнийг авч хэрэгжүүлэх боломжтой юу?

-Нийслэл бусад хотоос төрийг удирдах дээд байгууллагууд байрладгаараа л өөр. Төр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг нийслэл хариуцдаг гэсэн үг. Тэгэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа зохицуулаад явах боломжтой. Ерөнхийлөгчийн саналаар нийслэл заавал Улаанбаатарт байх албагүй. Харин ч өөр газар руу шилжүүлснээр Улаанбаатарын асуудал дундарч, эдийн засгийн төвлөрөл саарах боломж үүсч магадгүй. Энэ бол өнөө маргаашийн асуудал биш.