Categories
мэдээ нийгэм

​Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчилд арга хэмжээ авлаа

Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчилд арга хэмжээ ноогдууллаа.

НМХГ-ын 70128012 дугаарын утсанд иргэний гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хуяг оргил” ХХК-ийн хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчлийг илрүүлж, хөгцөрч, муудсан бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулж, илэрсэн зөрчилд нь монгол улсын зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын 106 тусгай дугаар ажиллаж эхэллээ

2019 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар 106 /үнэ төлбөргүй/ үйлчилгээг нэвтрүүлж байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заасныг үндэслэн Тагнуулын ерөнхий газар иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор 2006 оноос тусгай дугаар 1800-1280 /энгийн утасны тарифтай/-аар үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Иймд тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх бол 1800-1280, 106 дугаарын утсанд хандахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 4 дахин өсчээ

2019 оны наймдугаар сарын 05-08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,218 дуудлага иржээ.

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд бэртэж, 2 хүүхдийн амь нас хохирсон байна. Гэмтсэн хүүхдүүд эцэг эхийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол нас барсан тав болон найман сартай хоёр хүүхэд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 2019.08.05-ны өдрийн 13:10 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Үржил 2-р баг “Гүнжийн хясаа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 12км/ асфальтан замд Toyota Camry Л жолоочтой автомашин онхолдож жолооч 39настай, эрэгтэй Л нас барсан.
  • 2019.08.05-ны өдрийн 21:35 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн “Өгөөмөр” гэх газар /Сумын төвд/ шороон замд амины Kia Frontier автомашины жолооч Б нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 61настай, эрэгтэй Ж нас барсан.
  • 2019.08.05-ны өдрийн 14:30 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 4-р баг “Бөргөцөгийн ар” гэх газар /Аймгийн төвөөс урагшаа 230 км/ асфальтан замд Toyota Prius автомашины жолооч Ц нь Toyota Harrier Б жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 57 настай, эмэгтэй Ц, зорчигч 69 настай, эрэгтэй Т, 47 настай, эмэгтэй Ө нарын 3 хүн нас барж, жолооч Б, зорчигч Ч нарын 2 хүн гэмтсэн.
  • 2019.08.05-ны өдрийн 23:29 цагийн орчимд СБД-н 15 дугаар хороо “Сод Монгол” ШТС-ын хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 48 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2019.08.06-ны 14:00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1-р баг “Далайн гол” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 119км/ асфальтан замд Toyota Prius автомашины жолооч Б нь Toyota Corolla Axio Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 41 настай, эрэгтэй Г, 53 настай, эрэгтэй Г, 27 настай, эмэгтэй Э, 0.5 сартай, эмэгтэй У нарын 4 хүн нас барсан.
  • 2019.08.06-ны 21:17 цагийн орчимд СХД-н 11 дүгээр хороо Баянхошууны зам, Хонхорын гудамж амины Hyundai Grace С жолоочтой автомашин өнхөрч, явган зорчигч 52 настай, эрэгтэй М-г мөргөж амь нас хохирсон.
  • 2019.08.06-ны 23:03 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо Найрамдлын зам, Орбитын шинэ эцсийн автобусны буудлын урд замд Hyundai Aero City автобусны жолооч Г нь явган зорчигч 55 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2019.08.08-ны өдрийн 18:50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант 3-р багийн “Хуурайн ам” гэх газар /Сумын төвөөс урагшаа 4 км/ шороон замд Toyota Land Cruiser-200 З жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 28 настай, эмэгтэй, Ш, 0.8сартай, эрэгтэй/ Х нарын 2 хүн нас барсан хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
  • 2019.08.08-ны өдрийн 21:30 цагийн орчим БЗД-н 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, “Намнаач” төвийн хойд замд Toyota Prius автомашины жолооч Э нь явган зорчигч 62 настай, эмэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон.

Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 8 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны 3 нь жолооч, 5 нь явган зорчигч байсан байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 149 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 26.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 20.7 хувиар, гэмтсэн хүний тоо 13.6 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 4 дахин өссөн байна.

Хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт зорчиж байхдаа хамгийн аюулгүй гэж боддог ч тэдний буруу үйлдлээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ихсэж байна.

Иймд эцэг, эх та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол-Японы БОАЖ-ын Дэд сайд нарын уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентийн дэд сайд ноён Ичиро Канкэтэй албан ёсны уулзалт хийлээ. Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэ чиглэл, агуулгаар баяжуулан байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн зорилгод нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент ба эко аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх асуудлууд тусгагдсан.

Энэ удаагийн хоёр улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалтаад өнгөрсөн хугацаанд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болоод ирэх жилүүдэд хийгдэх төлөвлөгөөт ажлын явц, биелэлтийн талаар хэлэлцлээ. Тодруулбал

Улаанбаатар хотын агаарын бохирдын асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Япон улс нь Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах салбарт үзүүлэх хамтын ажиллагаагаараа манлайлах үүрэгтэй оролцож ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхи сайжруулах, агаарын бохирдлын ялгарлын тооллого зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. 2017 оноос “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийг дэмжиж техникийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах, шингээгчийг нэмэгдүүлэх арга стратеги боловсруулж, хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавхи бий болох зэрэг томоохон хүлээлт байгаа гэдэгээ уулзалтын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцлон хэлж байлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх төслийн 1,2 дугаар үе шат амжилттай хэрэгжиж дуусан бөгөөд 3 дугаар үе шат нь 2023 он хүртэл хэрэгжихээр болоод байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээрээ төр болон нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцоо, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх сайжирна гэж үзэж буй юм.

Хоёр улсын яамдын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хойш хэрэгжиж байгаа давхар үр ашиг бүхий (Co-benefit) зуухны төслийг (HOB-Heat Only Boiler) жилээс жилд сайжруулан цаашид албан ёсоор Хамтарсан Кредит Олгох Механизмын загвар төсөл болгон нэгдсэн халаалтын системд холбогдоогүй алслагдмал бүс нутгийн дулааны системийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үр өгөөжтэй ажил гэдгийг хоёр тал харилцан зөвшилцөж холбогдох ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Монгол Улс 2018 оны санхүүгийн жилд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах болсон билээ. Энэ хүрээнд 200 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх хүрээнд 2 улсын холбогдох байгууллага /JIC-Японы Олон улсын хамтын ажиллагааны систем, МУ-ын Сангийн яам/ өнгөрсөн 06 дугаар сард Агентийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах буцалтгүй тусламж нь манай улсын байгаль орчны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсонд бид гүнээ талархаж байгааг дэд сайд Ц.Батбаяр ноён Ичиро Канкэтэй уулзах үеэрээ илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ ерөнхийлөгчид өргөн барилаа

Холбооны Бүгд
Найрамдах Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
томилогдон ирсэн Ёорн Розенберг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ноён Ёорн Розенбергийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлийг ХБНГУ-ын Засгийн газар анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд талархаж явдгаа илэрхийлсэн юм.

Мөн хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд Германы талаас хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж байсан гэдгийг дурдаад, эдүгээ Монгол Улс үр ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлоход тэргүүлэх ач холбогдол өгч буй гэдгээ хэллээ.

Малын гаралтай түүхий эд, ноолуурыг нано болон биотехнологиор боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах хөдөө аж ахуйн боломж байгаан дээр дагуул хот бий болгох, эко хот байгуулах чиглэлээр өмнө нь ярьсан яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгоход Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв.

Ноён Ёорн Розенберг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдох хүсэлтээ өөрөө гаргасан гэдгээ тодотгоод дипломатын албанд 30 жил ажиллахдаа үргэлж эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарч байсан тул Төрийн тэргүүний онцолсон салбар, төсөл хөтөлбөрүүдтэй биеслэн танилцаж анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм.

Мөн энэ сард болох Герман улсаас бусад улсад суух Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн хуралд оролцох үеэрээ улсынхаа Канцлертай уулзаж, Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко байгуулах төслийг эргэн сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дамжуулахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Морь нь түрүүлээгүй гэх шалтгаанаар унаач хүүхдийг зодож гэмтээжээ

Төв аймгийн Баянчандмань суманд овооны наадмын үеэр өөрийн эзэмшлийн морь нь түрүүлээгүй гэх шалтгаанаар морь унаач хүүхдийг зодож танхайрчээ.

Тодруулбал, тус аймгийн наадамд морь унаж уралдсан 10 настай хүүг морины эзэн болох М нь “Миний морийг түрүүлгэсэнгүй” хэмээн зодож бага насны хүүхдийн эрүүл мэндэд санаатайгаар хүнд гэмтэл учруулж гарыг нь хугалж, толгой руу нь ташуурдан цохиж гэмтэл учруулсан байна.

Хүү аав ээжтэйгээ амьдардаг бөгөөд айлд хурдан морь унадаг байсан бөгөөд хүү морины эзнийхээс зугтааж, ээж аавтайгаа холбоо барьж дуудсан аж.

Одоогоор хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Удаа дараагийн зөрчлөө арилгаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төслийн дагуу богино хугацаанд хийлгэж, үерийн далан суваг хааж барилга барьсны улмаас учирсан хохирлыг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар бүрэн барагдуулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

“Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас зарим газрын айлын хашаа усанд автсан, ус тогтсон зэрэг 33 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар ажлын хэсэг томилогдож, богино хугацаанд нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулж ажилласан. Мөн зөрчилтэй байсан дөрвөн ААН-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна” хэмээн ажлын хэсгийн гишүүн, НОБГ-ын тэргүүн дэд дарга Н.Нямхорлоо мэдээллээ.

“Их хэмжээний усархаг борооны улмаас гэмтэл үүссэн, ус ихээр тогтсон газруудад нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дүүргүүдийг хариуцсан инженер техникийн мэргэжилтнүүд холбогдох байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт хийсэн. Нийслэлийн гол гудамж замуудад тогтсон их хэмжээний усыг соруулах, эвдрэл гэмтлийг засах, лаг шавар шавхайг цэвэрлэх ажлыг Геодизи усны байгууламж, Зам засвар арчлалтын газар гэх мэтчилэн холбогдох байгууллагуудтай хамтран 24 цагаар хоёр ээлжээр өндөржүүлсэн байдалд ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийт гарсан хохирлыг тогтоохоор судалж байна. Хоёр аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж Наадамчдын гудамжны зам дагуу их хэмжээний ус хуримтлагдсан. Хотын дарга холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй газар дээр нь очиж танилцаад, зөрчилтэй зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох үүрэг өгсөн. Хот доторх авто замын сүлжээ хангалттай бий болсон тул нийслэлээс гэр хороолол руу авто замынхаа сүлжээг өргөтгөх бодлогыг бид барьж байгаа. Авто замд зориулагдан гарч буй бүх төсөв хөрөнгө, иргэдийн халааснаас гардаг учраас зөвшөөрөлтэй газар барилгаа барих хэрэгтэй” хэмээн ажлын хэсгийн гишүүн, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра онцоллоо.

“Дөрвөн компанийн барилгын үйл ажиллагааг зогсоосон. Үүний гурван компани нь архитектур төлөвлөгөөний даалгавар болон эскиз зураг батлуулсан боловч ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй. Нэг компани огт зөвшөөрөл аваагүй. Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн барилгын үед шаардах хуудас мэдэгдэж байсан” талаар ажлын хэсгийн гишүүн НХБХГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал хэллээ.

“Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан “Талст ширээт” ХХК, “Хөрш заанууд”, “Амундра” гэх компаниудын үйл ажиллагааг өмнө нь зогсоож байсан. Өнгөрсөн гурван сард урьдчилсан шалгалтаар барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр зарим барилгыг зогсоож, ахлах байцаагчийн дүгнэлтийг компаниудад өгч, холбогдох хуулийн байгууллагуудад мэдэгдэж байсан.

Гэвч өнөөдрийг хүртэл дээрх асуудлыг шийдээгүйн улмаас Наадамчдын гудамжны зам үерт автсан нөхцөл байдал үүссэн. Нийслэлийн хэмжээнд жилд 700 орчим барилга баригддаг. Барилгыг эхлэхийн өмнө болон баригдаж байх үед мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Мэргэжлийн хяналтын газраас баригдаж байгаа бүх барилга байгууламжид жилд 2-5 удаа шалгалт явуулдаг” хэмээн НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга ярилаа.

Categories
мэдээ спорт

Д.Анарын цолны мялаалга наадам Дорнод аймгийн Дашбалбар суманд болж байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга Дорнод аймгийн Дашбалбар суманд өнөөдөр болж байна.

Д.Анарын хувьд 2011 оны үеэс үндэсний бөхийн эрчимтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд улсын начин цолыг тус тус хүртээд байсан юм. Энэ жил төрийн их баяр наадмын тавын даваанд Д.Амарсайхан начинг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж шинээр харцага цол хүртсэн билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн 8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Хараа, Онон, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Орхон, өврийн Түй, Байдраг, Буянт, Завхан, Онги, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны Ерөө, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Цагаантуруут, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Намир, Хариг болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-35 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Түүнчлэн үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх ,
  • Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм

Төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус төслийн гуравдугаар ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүнг ярилцаж, цаашид ямар төлөвлөгөөний дагуу ажиллах талаар хэлэлцлээ.

Тус ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг төлөвлөх, цогц байдлаар хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны баг”-ийг байгуулан ажиллаж байна. Мөн Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран ‘Бэлэн бай’, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулан бүс нутгийн хэмжээнд сургалт, сурталчилгааг зохион ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.