Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдийг зодсон уяачыг шалгаж байна

Төв аймгийн Баянчандмань суманд овооны тахилгын үеэр хурдан морь унаач хүүхдийг морио түрүүлгэсэнгүй гэж уяач нь гэртээ ташуураар зодож, бэртээсэн тухай мэдээлэл цацагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгийн мэдээлснээр дээрх мэдээллийн дагуу энэ хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Хохирогч М гэх 10 настай хүүд халдсан этгээд М гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.

Хохирогч М нь наймдугаар сарын 8-нд дааганы уралдаанд 67 дугаартай уралдсан. Түүнийг түрүү авсангүй гэж морины эзэн уяач зодох үед зугтаж гэрийнхэнтэйгээ холбоо барьж мэдэгджээ. Одоогоор хүү гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Кувейт улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

2020 онд Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил тохиох бөгөөд энэ ойг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэл хотод сүүлийн үед үргэлжлэн орж буй борооны улмаас Сүхбаатар дүүргийн гэр хорооллын зарим гудамжнууд үерт автах эрсдэлтэй байгаа.

Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой комисс, ажил хариуцсан мэргэжилтнүүд байнгын бэлэн байдалд ажиллаж, дээрх гудамжнуудад шуурхай арга хэмжээ аван Засаг даргын нөөцөөс хөрөнгийг нь шийдвэрлэн хуучин далан суваг, шуудууг сэргээн засварлах, цэвэрлэх, шинээр ухах, тогтсон усыг соруулж, цаг агаарын урьдчилан сэргийлэх, үер усны аюулын үед хэрхэн ажиллах тухай мэдээллийг тогтмол хүргэж байна.

Тухайлбал: 13 хороо Рашааны 11, 12 дугаар гудамж, 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 83, 84 дүгээр гудамж, 17 дугаар хорооны 52, 53 гудамжнуудад үерийн усыг зайлуулах, хамгаалах ажлууд хийгдлээ гэж Сүхбаатар дүүргийн Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөөгүйгээс далан барих ажил зогсож, олон айл үерийн усанд автжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажилласан байна.

Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна.

Анх 2015 онд “Ардааган” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн боловч зарим айлууд газраа чөлөөлөөгүй улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.

“Ардааган” ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр “Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна” хэмээн ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, цэвэрлүүлээд усанд автсан айлуудын сувагчиллыг гаргаж, өөр энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга.

Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй. Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд. Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Хотын Захирагч албаны төлөөллийн хамтаар тэр орчмын газраар явж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Иргэдийн зүгээс дөрвөн жил гацаж одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа үерийн хамгаалалтын сувгийн ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг онцолж хэлээд, энэ ажил хийгдэж дуусвал зуны улиралд үерт автахгүй, өвөлдөө халиа тошин үүсэхгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг хотын Захирагчид хэлж байв.

Түүнчлэн тэр орчимд байгаа олон нийтийн гудамж талбайд ил задгай хог шороо хаясан байсныг яаралтай цэвэрлүүлж, хүүхэд багачууд тоглох нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

Categories
мэдээ нийгэм

Зориулалтын бус гудсан дээр хөвж явсан бага насны хүүхдүүдийг аварчээ

Онцгой байдлын аврагчид нуурын гүн рүү хөвж явсан бага насны хүүхдүүдийг аврарчээ. Тодруулбал, Хяргас нууранд амарч зугаалж явсан Улаанбаатар хотын харьяат 4-5 насны хоёр хүүхэд зориулалтын бус хийлдэг гудсаар тоглож байгаад эргээс 200 метрийн зайтай хөвж явсан аж.

Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварсан байна.

Үер усны улмаас гол, нуур цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа болгоомжтой байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Ч.Гантулга: Орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилт 80 хувьтай байна

Энэ оны тавдугаар сарын 15-аас агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэлд нэвтрүүлэхгүй, гэр хороололд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулж сайжруулсан шахмал түлш худалдаанд гаргаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ирэх аравдугаар сараас агаарын бохирдол буурна гэж үзэж байна. Тус хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ онд хийхээр төлөвлөсөн 32 ажлын хэрэгжилт 80 хувьтай явж байна. Юун түрүүнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй “Тавантолгой түлш” ХХК-ийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, нөөц бүрдүүлэх, 600 гаруй км-ийн цаанаас зөөдөг түүхий эдийн тээвэрлэлтийг төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч байна. Түүнчлэн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороог найдвартай эрчим хүчээр хангах Хүчит шонхрын дэд станцыг барих, төвийн дулаанд холбох боломжгүй 21 сургууль, цэцэрлэгийн нүүрсээр халдаг бойлерыг газ болон вакум усан халаалтын бойлероор солих ажил хийж байна.

Дараагийн томоохон ажлын нэг бол гэр хороололд агаарын бохирдлын мониторинг, амьдрах орчны судалгаа хийх юм. Энэ ажилд 4208 орон тооны бус ажилтныг дайчилж байгаа бөгөөд одоогоор 60 гаруй хувьтай явж байна. Судалгаанд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн зургаан дүүргийн гэр хороололд оршин суугаа 220 мянган айл өрхийг хамруулна. Тухайн айлын хэрэглэдэг зуухны төрөл, халаагуурын тоо, шөнийн тоолуурт хамрагдсан эсэх, цаашлаад өрхийн орлого, тэр ч бүү хэл бие засах байгууламж буюу жорлонгийн төрөл зэрэг 31 асуултаас бүрдсэн судалгааг үндэслэн төрийн бодлогыг илүү оновчтой чиглүүлэх юм. Судалгааны үр дүн буюу гэр хорооллын өнөөгийн байдлыг ирэх аравдугаар сард Засгийн газар болон олон нийтэд танилцуулна. Техник технологийг дэмжих ажлын хүрээнд усан бойлерын шинэчлэл, хог ангилан хаях төслүүдийг дэмжинэ. Нийслэлд 1980-1990-ээд оны 1100 орчим угсармал байшин байдаг. Эдгээр байшингуудын хогийн цэг тодорхой хэмжээгээр орчныг бохирдуулж байдаг. Тиймээс Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран нийтийн эзэмшлийн талбайд хог ангилан хаях цэг байгуулахыг зорьж байна. Энэ бүх ажлын үр дүн ёс, аравдугаар сараас мэдрэгдэж, агаарын бохирдол үлэмж буурна” гэлээ.

Эдгээр ажлын үр дүн ирэх аравдугаар сар гэхэд үр дүнгээ өгч эхлэх аж. Түүхий нүүрсийг хориглосноор нийслэлийнхэн 600 орчим мянган тонн шахмал түлшээр нэг өвлийг давна гэсэн тооцоо байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд хурд хэтрүүүлвэл торгууль ноогдуулж, жолоодох эрхийг 6 сараар хасна

Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50,000 төгрөгөөр торгож хоёр оноо хасдаг бол 120 км/цагаас илүү хурд хэтрүүлж оролцвол 50,000 төгрөгөөр торгож газар дээр нь 6 сараар жолоодох эрхийг хасаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.

Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна. Зөвхөн энэ 7 хоногт гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүн нас баржээ. Үүнээс хоёр бага насны хүүхэд амь насаараа хохирч, дөрвөн хүүхэд гэмтжээ. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордны зүүн талд үүссэн нүх нь хуучны траншей байжээ

Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, үүссэн нүх нь хуучны траншей байсныг өнөөдөр олж тогтоосон талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Өчигдөр Нийслэлийн онцгой байдлын аврах 105 дугаар ангийн алба хаагчид үүссэн нүх рүү орж шалгахад 6*8 харьцаатай зоорь маягийн байсан учраас дотор нь соёлын өв байж болзошгүй хэмээн үзэж байсан юм.

Тус газарт Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс гадна соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг “60 тэрбум”-ын хэрэгт яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарын хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгасан байна. Улмаар өчигдөр буюу 8-ны өдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлжээ.

Эргэн сануулахад Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээших бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболдод танилцуулж буй аудио бичлэг алдагдсан. Ц.Сандуй төрийн албыг арилжих замаар мөнгө угаах тухай ярьснаа өөрөө хүлээж ярилцлага өгсөн байдаг. Энэ хэргийн дагуу тэдэнд Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгээд байсан билээ. Тэгвэл удаан сунжирсан уг хэрэг ийнхүү тэднийг яллагдагчаар татах санал прокурорт шилжсэн байна.

Ц.Сандуй НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Үүнийгээ тэрээр 60 тэрбумын асуудалд холбогдсондоо ингэгүй харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйд хариуцлага хүлээж ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлаж байсан. Мөн тэднийг МАН намаасаа хөөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Шинээр нээгдсэн шүдний эмнэлгийн рентген аппаратад цацрагийн хэмжилт хийлээ

Зөөврийн рентген аппарат ашиглан рентген оношилгоо хийхээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй “Эрхэс дент” шүдний эмнэлгийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.