Categories
мэдээ нийгэм

12 настай охин машины тэвшин дээрээс унаж амиа алджээ

Амралтын өдрүүдэд /2019.08.10-11/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 458 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 4, мөргөлдөх хэлбэрээр 2, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Энэ 7 хоногт гэмтэж бэртсэн хүмүүсийн 1 хүүхэд байсан бөгөөд хороолол дотор явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

-2019.08.10-ны өдрийн 20.30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн “Бага зос” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 35км/ шороон замд Kia Bongo автомашины жолооч Т нь 12 настай, эмэгтэй Х-г автомашины тэвшиний хэсэгт тээвэрлэж яваад унагаж амь насыг нь хохироосон.

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны улмаас 3 хүн гэмтэж бэртсний 2 явган зорчигч байсан бол 1 жолооч байв.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн алба-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхэллээ

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд 09.00 цагт товлогдсон. Тодруулбал, улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ыг хүртэл хойшлуулж шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан юм. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан. Ингэснээр энэ сарын 12-нд буюу өнөөдөр болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор боллоо. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг оролцуулах аж.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ерөнхийлөгчөө дэлхий нийтэд муухайгаар харуулж байгаа нь өөрсөд рүүгээ л нулимж буй хэрэг

Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй боллоо хэмээн судлаачид ам сайтай байна. АНУ Монгол Улсын хувьд стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь улс болсон нь үүнийг илтгэж буй биз. АНУ-ын хувьд 17 улстай стратегийн түншлэлтэй. Тэдгээрт өндөр хөгжилтэй улсууд л багтдаг гэдгийг онцолъё. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн талаар энэ айлчлалаар хөндсөн. Уг хууль батлагдахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг хоёр талын төрийн тэргүүн нарын зүгээс илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвд “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр сэтгүүлч, эрдэмтэн судлаачидтай уулзалт, ярилцлага хийсэн. Таван минутын уулзалт 40 минут болон сунгагдсан гэх зэргээр арвин үйл явдалтай, үр дүнтэй айлчлал боллоо гэдгийг ч судлаачид хэлж байна.

Дипломат харилцаа гэдэг ангид, тусдаа, ойлгоход бэрх зүйл огт биш. Дипломат харилцаа гэдэг тухайн улс орон өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, мөн нөгөө улсынхаа эрх ашгийг харгалзан үзэж, харилцан ашигтай байхыг хэлж буй. Энэ бүхэн хүн хоорондын харилцаан дээр л тогтоно. Тухайн лидерийн ур ухаан үүнд тун чухал. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч цөөн хүн амтай, буурай орных гэсэн өнцгөөс бус амбицтайгаар өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж чадсаныг хэн хүнгүй ярьж байгаа юм. Үүнээс энэ удаагийн айлчлалын далайц хэр өргөн хүрээний, ач холбогдол, унац нь ямар вэ гэдгийг харж болохоор байна.

Бүх зүйл хоёр талтай. Энэ чухал айлчлалыг сайн, үр дүнтэй болчих вий, Х.Баттулга дэлхий нийтэд сайхан харагдчих вий гэхээс айдас хүйдэстэйхэн суусан хэсэг бүлэг нөхөд ч байв. Зарим нь тэсгэл алдан АНУ-ын ерөнхийлөгч Трампыг мэншион хийж жиргэнэ лээ. Нэг жиргээч бүсгүй “Тэрээр хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш Монголд агуу ардчиллыг бий болгоход хүргэсэн тулгуур багануудыг нэг нэгээр нь сүйрүүлэх болсон. Монгол Улсад гуравдагч хөршийн туслалцаагүйгээр ардчилал дахин хэзээ ч сэргэхгүй. Эрхэм хүндэт Д.Трамп, бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Таны дэмжлэг үгүй бол бид бүс нутагтаа ардчиллыг амжилтгүй хэрэгжүүлсэн улсын нэг болох нь. Бид эргээд Оросын, бүр муугаар бодвол Хятадын нөлөөнд автах нь гэж эмээж байна” гэжээ. Нэг нөхөр мөн л Трампыг мэншион хийж байгаад Ерөнхийлөгчийн эсрэг тусгайлан бэлдсэн постероо хавсарган “Fuck” хэмээн жиргэсэн харагдсан. Тун хариуцлагатай, өргөн хүрээтэй энэ айлчлалд хувийн гомдол, эрх ашгаар хандах нь хэр зохистой юм бол доо.

Ер нь ч тэгээд сошиал ертөнцөд нэг пост бичсэнээр тусгаар улсын аюулгүй байдал, ардчиллын үнэ цэнийг аварна гэдэг ч юу л бол. Харин “Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар” гэгчээр улс орноо муухайгаар харагдуулчих шиг боллоо. Х.Баттулга сайн, муу хүн эсэх, түүнд хэн нэгэн дургүй байх нь энэ тохиолдолд огтоос хамаагүй юм. Ерөнхийлөгч хувь хүнийхээ зүгээс бусдад яаж ч ойлгогдож болно. Гэхдээ тэр бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улсын төрийн тэргүүн. Ерөнхийлөгчөө дэлхий нийтэд муу, муухайгаар харуулж байгаа явдал нь бид өөрсөд рүүгээ нулимж буй хэрэг. Дэлхий дахинд энэ хүний тухай сөрөг зүйл яриагүй байхад бид харийнханд муугаар харуулна гэдэг өөрийгөө л, Монгол Улсаа л доромжилж байна гэсэн үг. “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн философитой улс биш сэн билүү, бид.

Монгол Улс дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай. Энэ бат бөх гүүрийг бий болгохын төлөө олон мянган эх оронч амиа өгч, олон аавын хүү, ээжийн охид ухаанаа сийлсэн. Энэ гүүрийг нураах, эмтлэх, сэвтүүлэх, үгүйсгэх эрх нь зөвхөн тэдэнд л бий. Хэн дуртай нь шүлсээ үсчүүлэх төдийхнөөр үгүйсгэгдэж боломгүй зүйл бол тусгаар тогтнол, Монгол гэх нэр юм. Энэ бүхнийг онцолж буйн учир нь дэлхийн тавцанд Монголын төрийг Ерөнхийлөгчөөр л дүгнэнэ, цэгнэнэ. Энэ гурван сая хүнийг Төрийн тэргүүн л төлөөлнө. Тэртэй тэргүй Монголын нийт ард түмэн энэ хүнийг Ерөнхийлөгч болгоно оо гээд сонгочихсон. Түүнд өөрсдийгөө, төрт улсаа төлөөлөх эрхийг өгчихсөн. Үгүй ээ тэгээд хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгч манай төрийн тэргүүний дал мөрийг алгадан найрсгаар угтан авсныг бид ч, дэлхий ч харлаа шүү дээ. Тийм байхад бид нэмэр болохгүйгээс нэрмээс болж яанам бэ.

“Дэлхий дээр ардчилсан, ардчилаагүй улс, тусгаар тогтносон, хэн нэгэн улсын хараат улс гэж байдаг болохоос том, жижиг улс гэж байхгүй. Том, жижиг Ерөнхийлөгч ч гэж байдаггүй” хэмээн Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашрэнцэн агсан одоогоос зургаан жилийн өмнө бичиж байсныг нэхэн сануулах нь зүйтэй болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Өнөр бүлийн тэргүүн улсын начин Г.Ганжадынх

Олон хоног үргэлжилсэн борооны ар дээр бага үдийн хурц нар эгц дээрээс толгой манартал төөнөнө. Найр хуримын сар эхэлсэн энэ цаг дор хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хөдөө орон нутгийг зорьжээ. Битүү хүн холхидог хотын гудамж нэг л эль хуль.

Баяр наадмын тухай амттай яриа татарч хараахан амжаагүй үед улсын начин Галсан-Очирын Ганжадынд өнжлөө. Начингийнх 13 дугаар хороололд байрлах 12 давхар улаан байрны сэлүүхэн хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Ганжад начин наадмын дараахан хөдөө орон нутгийг зорьж хэд хэдэн барилдаанд зодоглочихоод сая нэг гэрийн бараа хараад байгаа нь энэ ажээ. Өмнөговийн Хүрмэн суманд болсон барилдаанд үзүүрлэж, Атрын сангийн аж ахуйд болсон Төв аймгийнхны барилдаанд улсын заан Б.Батмөнх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нарыг өвдөг шороодуулж түрүүлж, ганзага дүүрэн яваад иржээ.

Эднийх амралтын өдөр халуун бүлээрээ цугласан байна. Гэрийнхээ хойд хананд медалийнхаа туузыг өлгөчихөж. 10 жилийн жаахан хүү байхаасаа л тэмцээн, уралдаанд орж түрүүлж үзүүрлэсэн олон медаль цуглуулгад нь харагдлаа. Эдэн дунд дээхнэ үеийн үнэ цэнэтэй жижигхэн хар, хүрэн өнгөтэй медаль өлгөөстэй нь начингийн аавынх нь ажээ. Үндэсний бөх, олс таталт, гимнастик, математикийн олимпиад, урлаг, уран сайхны гээд төрөл бүрийн медалийг эгнүүлээд битүү өлгөчихсөн байв. Хажууханд нь байрлах сервантны дээхнэ талд Ерөнхийлөгчөөс улсын начин цолны үнэмлэх тэмдгээ гардаж буй торгон агшинг, тав даваад туг тойрч буй зурагтайгаа хамтад нь залжээ. Доод талд нь аймгийн арслан болон улсын начин цолны тэмдэгтэй хоёр малгайгаа зэрэгцүүлээд тавьчихаж. Начин олон малгай сольж өмсдөггүй юм билээ. Улсын цол хүртээд л шинэ малгай авсан гэнэ лээ. Харин доохно талд нь нямбайлж эвхсэн зодог шуудаг хэд хэд харагдсан шүү. Багадсан зодог шуудгаа хувцас шиг үрэн таран хийгээд амьтан хүнд тараачихалгүй, эвхээд хадгалдаг юм билээ. Хажууханд нь өнгө өнгийн хадаг давхарлаад тавьчихсан байв. Барилдааны байнд ирсэн хадаг аа цуглуулсан нь энэ ажээ. Барагцаалбал 30 орчим хадаг давхарлаастай харагдсан шүү.

Улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулсны дараа. Улсын заан Б.Батмөнх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нарын хамт

ЛАМ БОЛОХ ХҮҮ БӨХИЙН СПОРТЫГ СОНГОЖЭЭ

Ганжад начин Төв аймгийн Сүмбэр суманд төрж, өсчээ. Начинг хүүхэд байхад нь мэргэн хүнд үзүүлэхэд “Энэ хүү мундаг лам болно” гэж айлдаж байсан аж. Хэлсэн ёсоор нь лам болохоор сэтгэл шулуудаад байсан ч өвөө нь бурхны оронд одсоноор нийслэл орж номын дуу сонсох төлөвлөгөө нь жилээр хойшилсон байна. Энэ хугацаанд шийдвэрээ өөрчилж аав, ээж нь том хүүгээ бөх болгохоор зорьж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсүүлж улсын начин Б.Адьяахүүгийн шавь болгожээ. “Аав маань сум орон нутагтаа сайн барилдаж байсан сумын заан цолтой бөх хүн байсан. Өвөө маань ч нутаг орондоо наадам алгасалгүй барилддаг, түрүүлж үзүүрлэдэг бөх байсан гэдэг. Удмынхаа зодогны хөлсийг хатаахгүй гэсэндээ намайг бөхийн сургуульд оруулсан юм билээ, аав маань.

Улсын начин Б.Сангисүрэн, Өмнөговийн Б.Шоовдор начны хүү Б.Дарханбат, аймгийн хурц арслан Б.Баттүвшин, аймгийн арслан Ж.Наранбаатар, Б.Тайван, У.Батгэрэл, Г.Ганцоож нарын өнөө цагийн мундаг бөхчүүд нэг ангид орж байсан юм даа. Тухайн үед бүгд л 60 гаруйхан кг жинтэй жаахан хүүхдүүд байлаа” гэж начин оюутан ангийнхаа нөхдийг дурслаа. “Аварга” дээд сургуулийн үндэсний бөхийн ангийн анхны элсэгчид болох эдний ангийн хамт олноос Б.Сангисүрэн, Г.Ганжад, Б.Дарханбат улсын начин цол хүртсэн юм. Улсын цолны тааварт нэр нь орж буй олон шилдэг аймгийн цолтнууд эдний ангийнхан дунд бий. “Нэгдүгээр курст орсон жилээ өвлийн амралтын үеэр сумынхаа цагаан сарын барилдаанд түрүүлчихээд данагар амьтан аав ээждээ очиж байлаа. Тэр жилийн зун төрж өссөн нутаг Сүмбэр сумын маань түүхт 30 жилийн ой тохиосон юм. Би ч бүтэн жил бэлтгэл хийгээд бие хаа чангарчихсан сумынхаа наадмын түрүүг алдахгүй гэж тооцож зодоглолоо. Тэгш ойтой жил зэргэлдээ Зүүнхараа, Хонгор, Борнуур сумдаас ч олон бөх цугласан том наадам болж билээ. Би шөвгийн дөрөвт үлдээд Зүүнхараагийн аймгийн арслан Б.Нямлхагва ахад уначихсан юм. Залуу хүүхэд ааг омогтой, хор шартай ч байж. Наадамчид дунд суугаа аав руугаа уйлаад очиход “Аавыгаа алдчихсан уу чи, юундаа уйлдаг юм” гээд зандарч байсан нь санаанаас гардаггүй юм. Аав маань миний сайн сайхан явааг харж чадаагүйд нь харамсдаг юм. Сүүлд аймгийн наадамдаа түрүүлж арслан болж аавынхаа нэрийг Цэнгэлдэхэд дуудуулаад асгартал уйлсан даа” гэж Ганжад начин аавынхаа талаар дурсав. Шилдэг сумын заан Г.Ганжад 2012 онд Төв аймгийнхаа наадмын даваа бүрт тунаж барилдсаар аймгийн заан Х.Мөнхжаргалыг давж түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан юм.

Сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаанд түрүүлэв. Зүүн гар талаас Т.Баттулга, Б.Энхсайхан, Т.Эрдэнэбаатар нарын хамт. 2011 он.

ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН Г.ГАНЖАД

Эднийх дөрвөн хүүтэй өнөр бүл. Начингийн гэргий Д.Азжаргал өнгөрсөн жил одонгийн хүүхдээ өлгийджээ. Инженжер мэргэжилтэй тэрбээр наадмын өмнөхөн Төрийн ордондоо бараалхаж Ерөнхийлөгчийн гараас авсан “Алдарт эх”-ийн одонгоо ханын шүүгээндээ хүндэтгэн байршуулжээ. Дунд сургуулийн сурагч Ганжад Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу зуны амралтаараа авга ахындаа очих үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Арван хэдхэн настайдаа эхлүүлсэн эдний үерхэл арав гаруй жил үргэлжилж хөнжлөө дүүрсэн хүүхэдтэй, аз жаргалтай өнөр бүл болжээ өнөөдөр. “Бид оюутан байхдаа байр түрээслээд л өрх тусгаарлаж байлаа. Бэлтгэлээ хийнэ, хичээлдээ явна, хажуугаар нь амьдрал ахуйгаа зохицуулах хариуцлага нуруун дээр бууж байгаа юм. Ар гэрийнхэн маань жижиг машин авч өгсөн юм. Өнөөхөөр нь л халтуур хийж аж амьдралаа залгуулдаг байлаа. Өдөр нь бэлтгэлээ хийж орой нь таксинд явдаг их л завгүй оюутан байсан даа, би. Ингэж явахад л бидний том хүү мэндэлсэн. Амралтын өдрийн барилдаануудыг их хүлээнэ. Хүлээж байгаад очиход “Бөхийн өргөө”-ний хамгаалагч нар нь “Ийм бөх гэж юу байдаг юм” гэж хэдэрлээд ойртуулахгүй. Эртхэн очоод завсар зайгаар нь шургаад орчихвол аманд гарна. Ингээд л ангийн нөхөр Сангисүрэнгээ дэмжээд суучихна шүү дээ. Биднийг бодвол аймгийн арслан цолтой заалны барилдаанд хэд давдаг болчихсон байлаа. Туг тойроход нь нижгэнэтэл алга ташина. Оюутан ахуйн өдөр хоног нэг иймэрхүү л өнгөрнө. Бэлтгэлээ хийж яваад нэг мэдэхэд л илт сайжирсан байсан. Үеийнхээ залуусаас хэнтэй ч таарсан эн тэнцүү сайхан барилдчихдаг, сумын цолтнуудын барилдаанд түрүүлж, үзүүрлэдэг болсон” гэв. Биднийг ийн хөөрөлдөх зуур гэрийн эзэгтэй гарын хоолоо бэлтгэжээ. Өнөр бүлийн үдийн зоогийн ширээний ард амттай яриа өрнөнө. Санжаадамба аваргыг давж улсын начин цол авсан барилдаан руу ярианы сэдэв чиглэжээ. “Тэр жил Завханы Ш.Жаргалсайхан гарьдтай дөрвийн даваанд оноолт таарсан юм. Гарьд ч улсын наадамд үзүүрлэчихсэн иртэй байсан үе. Арайхийж аргалчихаад амраад хэвтэж байхад манайхны зарим нь “Чамайг Санжаадамба аварга амласан байна. Ингээд дууслаа даа” ухааны юм ярьж байна. Би ч нэг их ач холбогдол өгч хүлээж авсангүй. Хажууд том шилэн савтай хоол байхад нь бүгдийг нь идчихээд гарлаа. Аваргатай үзсээр байгаад зүүн давхар золгоонд хүрлээ. Шуудагны барьцыг маань халж тавиулаад алсын сүвээний барьц атгачихлаа. Хашаад мордоход нь дэгээ ороогоод эргэчихсэн. Босоод ирсэн чинь засуул Гантогоо ах “давсан” шүү гэж байна. Би ч туг руу гүйчихлээ. Эргээд иртэл Б.Бадам-Очир ах дуудаж баяр хүргээд “Давсан шүү, очиж тахимаа ав” гэж хэлсэн дээ. Ингээд олон жилийн хөлс хөдөлмөрийн минь үр шим гарч улсын цол авсан юм даа” гэв. Начны эхнэр “Би гэр бүлийн хүнийхээ барилдаж байгааг харж чаддаггүй юм. Түгшээд их хэцүү. Манай хүн чинь их тайван шүү. Уналаа гээд харамсаад байхгүй. Давлаа гээд “дэвээд” байхгүй. Тэр жилийн наадмаар Санжаадамба аварга амласныг сонсоод зурагтаа унтраачихсан. Гарч цайныхаа дээжийг өргөчихөөд л энэ тэр ажлаа хийж байгаад улсын цол авсан мэдээг нь сонссон. Их баярласан даа” гэв. Энэ гэр бүлийн хоёр том хүү нь бөх гэхээс илүү оюуны спортод дуртай юм билээ. Ширээн дээр нь даамын хөлөг наагаад өгчихөж. Барилдаж “гэрээ нураахаас” илүү шатрын хөлөгний ард сууж өдрийн талыг өнгөрүүлдэг гэсэн. Том хүү Мөнх-Эрдэнэ нь тооны хичээлдээ шаггүй юм билээ. Олимпиад алгасалгүй орж авсан медалиуд нь ч аавынх нь туузанд гялалзаж байсан. Арвин-Эрдэнэ нь ч ахтайгаа адилхан. Харин Очир-Эрдэнэ хүү бөхөд их дуртай. Аавынхаа өврөөс сална гэж үгүй. Барилдаанд явахад нь л дагаад машинд нь суудаг аж. Начин хүүгээ намраас “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаанд сойх юм гэсэн. Дөрвөн хүүгээсээ бөх болчих болов уу гэж горьдож хардаг нь Очир-Эрдэнэ юм билээ. Ах нарыгаа айлгадаг “атаман” бол бага хүү Номин-Эрдэнэ. Ахтайгаа барилдахаар өрөөд зогсох энэ хүү хэзээний бөх болчихсон юм шиг л эвсэлтэй. Аавынхаа малгайг хазгай тавьчихаад ширээ тойрч дэвэх нь өхөөрдмөөр.

Гэрийн эзэгтэй Д.Азжаргал ч бөхийн гэр бүлд өсч хүмүүжжээ. Түүний өвөө нь Баатар гэж сум орныхоо наадмуудад алгасалгүй барилдаж түрүүлж, үзүүрлэдэг бөх хүн байсан гэнэ. Аав нь ч арал бяраараа гайхагддаг сумын заан цолтой бөх хүн ажээ. “Бөх хүний гэргий байна гэдэг том хариуцлага дагуулдаг. Дэвжээнд гарч барилдахгүй ч арынх нь ажлыг бат даана. Бэлтгэлээс ядраад ирэхэд нь хоол цайг нь халуун байлгахаас эхлээд ажил их. Наадамд барилдахаар явахад нь цайныхаа дээжийг өргөөд л хүлээнэ” гэж хэлсэн юм. Тэрбээр Хүүхдүүдээ заавал бөх бол гэж албадахгүй ээ. Хүсэл сонирхлыг нь харж байгаад дэмжээд өгнө дөө” гэж хэлсэн юм.

Ганц нэгхэн наадамд барилдчихаад нутгийн ах нараараа дэмжүүлээд улсын цол авчихдаг бөхчүүд бий. Ганжад тийм биш. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд олон жил тогтвортой сайн барилдаж байсан шилдэг хүчтэн. Тэр сумын заан цолтой байхдаа аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрч байсан зартай бөх юм. 10 гаруй жилийн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж улсын цолтнуудын эгнээнд багтсан. Начин цолны даваанд нутгийн ах нараа царайчилж, гуйж, гувшиж гүйгээгүй. Өөрийн чадлаараа үнэн хүчийг үзэж энэ цагийн идэр хүчтэн улсын аварга Ч.Санжаадамбатай тэнцүүхэн барилдаж дээр нь туссанаар Төв аймгийн Сүмбэр сумаас төрсөн анхны улсын цолтой бөхөөр өргөмжлүүлсэн юм. Г.Ганжадын улсын цол авах зам тийм ч дардан байгаагүй. Хоёр ч удаа хүнд бэртэл авчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан үе түүнд бий. Гэхдээ тэр бууж өгөлгүй зүтгэсэн учраас түмэндээ хүндлэгдсэн том бөх болоод байна.

Тэрбээр “Аймгийнхаа наадамд түрүүлчихээд одоо улсын наадамд барилдана гэж их баярлаж билээ. Бэлтгэлийн ачааллаа ч нэмж өгсөн. Гэтэл гарынхаа савх ясыг хугалчихсан. Нарийхан яс учраас бороолох гэж их уддаг юм билээ. Их тэвчээр шалгасан даа. Арайхийж илааршуулаад сая нэг юм зодгоо өмслөө. Бэлтгэлийн үеэр дахиад л өвдгөндөө хүнд гэмтэл авсан. Жил орчим бөхийн дэвжээний гадна үлдэх шаардлага гарч байгаа юм. Үеийнхэн улсын цол аваад дээшээ яваад байхад бэртэлтэй гээд зүгээр суугаад байж чадаагүй ээ. Фитнесс зааланд очоод бэртэлтэй хөлөндөө ачаалал өгөхгүйгээр хөнгөхөн бэлтгэл хийдэг байлаа. Энэ хөдөлмөрийн маань үр шим гарч цол хүртсэн болов уу гэж одоо боддог юм. Зүгээр хэвтээд байсан бол жин масс нэмнэ. Намайг ямар ирээдүй хүлээж байсныг таашгүй ” гэж ярьсан юм. Түүнчлэн өнөөдөр дан ганц бөх барилдаад амьдрал ахуйгаа зохицуулаад явах боломж хомс. Спорт чинь залуу насны л ажил. Ах нь хөдөө хэдэн малтай. Үүнийгээ л бараадах байх даа. Одоо намрын ажилдаа явахаар зэхэж байна. Эргээд ирэхэд заалны барилдаанууд эхлэх байх. Бэлтгэлээ хийж байгаад л барилдаан алгасахгүй зодоглоно доо. Нас 30 гарчихсан байна. Одоо хэдхээн жил бэлтгэлээ чамбай базааж байгаад зүтгээд дуусна даа гэсэн юм.

2000 оны оны эхэн үед Сүмбэр суманд үхэр тэрэгтэй мод зөөж явсан хүү өнөөдөр том бөх болжээ. Өнөөгийн нийгэмд зөв үлгэрлэж яваа залуу үеийн нэгэн төлөөлөл, түмэндээ хайрлагдаж, төрдөө хүндлэгдсэн үлгэр жишээ өнөр бүлийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна.

Гэрэл зургийг Б.НАМСРАЙ


Categories
мэдээ цаг-үе

С.Сүхбаатар: Аав минь “Би чиний аав биш, би бүжиг дэглээч Сэвжид” гэж хэлээд намайг хүмүүжүүлсэн

Түрүүч нь №157(6258) дугаарт


Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа.


-Таны аав “Цамын бүжиг”, “Бөөгийн бүжиг” “Хатдын бүжиг”-ийг дэглэсэн. Таны дэглэсэн бүжгүүд аавынхаасаа ялгагдах онцлог тал нь юу вэ?

– Намайг бүжигчин гэдэг мэргэжил эзэмшээд театрт очиход анх заасан хүн нь Сэвжид багш. Гэтэл тэр хүн миний аав. Надад бүжиг гэдгийг мэдрүүлсэн хүн. “Чиний аав биш, би бүжиг дэглээч Сэвжид” гэж хэлээд намайг хүмүүжүүлсэн. Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд ирэнгүүт. Түүний хатдын бүжиг, цамын дэгээс хийсэн нэг хэсэг бий. Хаад, бөөгийнхөө тухай, Монголын уламжлалт тэнгэр шүтээнийхээ тухай хийх их хувь тавилан аавд минь байгаагүй. Хатад, цамын бүжгийн тухай хийгээд одооны бидний хэлдгээр матуулсан, зэмлүүлсэн, арга хэмжээ авахуулж байсан. Тэр үеийн уран бүтээлчид бүгд. Улс төр гэдэг нэрийн дор төрийг атгаж байгаа намын зарчмаас түрүүлж явсан учир тухайн үеийн урлаг бүтээгч нар түүнийг зохицуулах гэж яаж зовж байсныг би мэднэ. Тавь тавин хувиар бий болгохын тулд уран бүтээлээ хийж байсан ул мөр өнөөдөр тодорхой үлдсэн. Түүний дараа миний үе бүжигчнээр эхэлсэн. Гэхдээ яг тэдний үед би уран бүтээлийнхээ сэтгэхүйн ажлыг хийж эхэлсэн. Эзэн Чингис хааны тухай олон хаадын дундаас бодож, тунгааж хийсэн. Монголчууд бөөгийн шашинтай шүү дээ гэж өвгөчүүдийн хэлсэн сургаал бодогдож, бөөгийн тухай бүжгийг өөр нэр өгч, уран бүтээлээ хийж, зэмлэл шийтгэлийг амссан боловч тэд баталсан. Миний их хаад, хатдын тухай хийсэн олон бүтээл бий. Дараа нь наргүйгээр эх дэлхий тогтнохгүй юм аа гэдгийг харуулан “Уяхан замба тивийн наран” дууг сонсож, надад нэгэн том бүтээл хийх сэдэв орж ирж бид уран бүтээл хийж чадсан юм.

-Хоёулаа хэсэгхэн гадаа зогсох хугацаанд олон хүн таныг таниад харж, гайхах юм. Зарим нь ирээд мэндчилж байна…

-Намайг хүмүүс их танина. Таних танихдаа согтуучууд их танина. Монголын хаана ч явсан согтуу хүмүүс нь ихэвчлэн намайг таньж, надтай мэндэлдэг. Би тэр хүмүүсээс үнэнийг л олж хардаг. Яагаад гэвэл согтуу хүн үнэнийг хэлдэг байхгүй юу. Гэхдээ би архи уудаггүй. Уухдаа 200 грамм л ууна. Хэмжээ минь болчихвол шууд зугтана. Ямар ч сайхан хүүхэн Сүхээ ууя гэсэн ч би өө за ууя, ууя гэж байгаад гараад зугтчихдаг. Би энэ амьдралдаа ухаанаа алдтал ууж үзээгүй.

-Сүүлийн үед бүжиг дэглэж байгаа хүмүүс таны сэтгэлд хэр нийцэж байгаа вэ?

-Өөрийнхөө дэглэж, найруулсан бүжгүүдийг ярихад маш олон түүх ярина. Энэ жилийн хувьд Монгол төрийн хүндэтгэлийн ёслолын концерт болон наадмын нээлтэд оролцлоо. Гэхдээ нэгэн зүйлийг онцлон хэлэхэд “Монголын хүүхдүүд” гэсэн хүүхдийн уран бүтээлээ хийх санаа 7-8 жилийн өмнөөс бий болж, 5-6 жилийн өмнө нэг удаа тавьсан. Түүнээс хойш тасраад түрүү жил “Найрамдал” зуслангийн захиргаа удирдлагатай ярилцан, тоглолтоо тавьсан. “Найрамдал” зуслангийн орлогч дарга Б.Отгонбат, Гэр бүл, хүүхэд залуучуудын төвийн захирал бид гурав уулзаад энэ тоглолтыг дахин хийж, Монголынхоо наадмыг уг тоглолтоор нээдэг болъё, долдугаар сарын 9-нд тоглоё, 10-нд Төрийн хүндэтгэлийн концертод тоглоод, 11-нд их наадмын нээлтэд оруулъя гэж ярилцсан. Энэ жил Хүүхдийн ордонд хоёр дахь удаагаа тоглосон. Энэ бол Монголын хүүхдүүдээ дэлхийд сурталчлах, Монголын хүүхдүүдийн авьяасыг тив дэлхийд харуулъя гэсэн санаа. Б.Отгонбат бид хоёр Гэр бүл, хүүхэд залуучуудын төвийн захирал О.Алтансүхэд хэлсэн. Санааг маань маш сайхнаар хүлээн авч, дэмжин ажиллахаа илэрхийлж, хамтарсан л даа. Хойтон жил бид гурав дахиа тоглоно. Өдийг хүртэл шулуун замаар шууд бүтээгээд ирсэнгүй. Маш их бэрхшээл тууллаа. Төрийн хүндэтгэлийн концертод ордог “Монголын хүүхдүүд” тоглолтыг Соёлын төв өргөөндөө долдугаар сарын 9-нд тоглоё гэхэд удирдлагууд нь зөвшөөрөөгүй. Хоёр жил дараалан гуйсан. Гэвч зөвшөөрөхгүй байна. Үүнд би 350 монгол хүүхдийн өмнөөс, тэдний эцэг, эхийн өмнөөс, хамтран ажилласан байгууллагын өмнөөс, 21 аймаг бүрээс төлөөлөн ирсэн хүүхдүүд, тэдний ард хүлээж байгаа нутгийнхных нь өмнөөс үнэхээр сэтгэл дундуур байгаа. Энэ талаар зохих удирдлагуудад хэлсэн, Монголын төрийн түшээд, яам нь хүлээн зөвшөөрөөд хийсэн тоглолтыг Соёлын төв өргөөний удирдлагууд дургүйцэж үүнийг болиулсанд олон эцэг, эх ар гэрийнхний шүүмжлэлийг би өөр дээрээ хүлээж авсан. “Сүхбаатар гуай та найруулсан шүү дээ. Яагаад Соёлын төв өргөөндөө тоглуулдаггүй юм бэ, яагаад чаддаггүй юм бэ” гэдэг. Миний хүч хүрэхгүй байна гэдгийг би олон аав, ээж сурган хүмүүжүүлэгч багш нар, хамтран ажилласан хүмүүстээ хэлсэн. Соёлын төв өргөө гэдэг Монгол Улсын өмч, ард түмний өмч. Энэ өмчийг Улаанбаатар хотын захиргаа хариуцдаг. Нэг хувь хүний өмч биш. Гэвч би зүгээр орхихгүй. 350 хүүхдийн эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын хамтаар ярьж хөөцөлдөх болно. Ирэх жил “Монголын хүүхдүүд” хэмээх төрийн их наадмыг нээдэг тоглолт Соёлын төв өргөөндөө тоглогдоно хэмээн би итгэж байна. Үүнийг бүтээхэд оролцсон 21 аймаг, нийслэл есөн дүүргийн 350 хүүхэд, тэдний аав ээж, багш сурган хүмүүжүүлэгчид, бүх хүүхдүүддээ бахархаж, баярлаж байгаагаа илэрхийлье.

-Аливаа уран бүтээл нэг хийчихсэн хойноо үеэс үед дамжин өвлөгдөн үлддэг. Та аавынхаа дэглэсэн бүжгийг дахин шинээр дэглэж тавилаа гэхэд өөрийгөө чамлах үе гарах уу, би үүнийг дутуу хийчихжээ, тэр хэсэг дээр тэгдэг байж гэх ч юм уу. Эсвэл эсрэгээрээ өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрсөн үе бий юу?

-Миний өмнөх үеийн агуу уран бүтээлчдийн нэгэн төлөөлөл нь миний аав л даа. Өнөөдөр мөн адил бүжиг дэглээч, бүжигчин гайхамшигтай уран бүтээлчид дараагийн үе болон төрж байгаа. Гэхдээ бүжиг дэглээч, найруулагч гэдэг ухагдахууныг бид бодох хэрэгтэй. Өмнө нь хийсэн гайхамшигт уран бүтээлүүдийг сэргээж, тоглож байх ёстой болохоос биш хамгийн сүүлд дэглэсэн хоёрхон бүжгийн дэг дээр тоглолт тавиад байж болохгүй. Тухайн үеийн хөгжим бичлэг нь хоцрогдсон байж болно. Хувцас, хэрэглэл нь хоцрогдсон байж болно. Үүнийг шинэчилж, дутагдлыг засч, амжилтыг баталж дахин тавьж байх шаардлагатай. Гадаадад бол кино, тайзны урлаг дээр ч бүх хуучны өв уламжлалаа сэргээн тавьж чадаж байна. Манайхан бол хаадаг буруу ноёрхлыг тогтоочихсон. Бидний өмнөх Ардын хувьсгал ялснаас хойших гайхамшигтай уран бүтээлүүдийг тоглуулахгүй, дур мэдэн хааж байна. Би бүжгэн дээр яриад байгаа шүү. Төр, засаг, яам нь хаагаагүй байхад байгууллагын явцуу үзэл дотроос хаасан асуудал гарч байна. Үүнийг цаашид бид ярих ёстой. Өнөөдрийн гайхамшигтай гээд байгаа дэглэсэн бүжгүүд хуулбар, уламжлал хоёрын аль вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Би өнөө үеийн бүжиг дэглээч, найруулагч хүн. Нас хамаагүй. Надтай адилхан найруулагч бүжиг дэглээч нэг хүн бусдыгаа ахалж сууна. Гэтэл өөртэйгөө адилхан уран бүтээлчийн хийсэн хөдөлмөрийг дарж, хааж боож суудаг. Тэдэнд тийм эрх байхгүй. Зөвхөн өөрийнхөө л хийсэн уран бүтээлүүдийг тоглуулдаг зүйл Монголын театрт бий болчихсон. Уран бүтээлчдийн хийсэн бүтээлийг хаах үзэл нь аливаа нэгэн байгууллагын удирдлага биш явцуу үзэлтэй би, би гэсэн уран бүтээлчдэд байгаа. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үүнийг би яагаад хэлж байна гэхээр ахмад уран бүтээлчид, нэрд гараагүй залуу уран бүтээлчдийн гомдол маш их байгаа. Ард түмний дунд ч энэ яриа яваад эхэлчихсэн. Би бол яахав, хийдгээ хийгээд бүтээдгээ бүтээгээд, авдгаа авчихсан. Гэтэл тэдгээр хүмүүст миний уран бүтээлийг хааж хавчих эрх байхгүй.

-Цаашид ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Түрүүн би хэлсэн “Монголын хүүхдүүд” тоглолтыг Соёлын төв өргөөнд тоглох хүсэлт тавьтал зөвшөөрөөгүй. Гэтэл энэ ард түмний өмчийг мэргэжлийн урлагийн байгууллагад хүлээлгэн өгч яагаад болдоггүй юм бэ. Энэ асуудал олон жил яригдаж байна. Би Соёлын төв өргөөтэй нягт холбоотой хамтран ажилладаг. Гэтэл яагаад хүүхдийн тоглолт тоглуулдаггүй юм. Олон хүн гайхдаг. Би өөрөө ч ойлгохгүй байна. Соёлын төв өргөөнд яагаад мэргэжлийн байгууллага байж болдоггүй юм. Би Монгол Улсын филармонийн ерөнхий найруулагч. Монголын урлагийн томоохон төв болсон урлахуйн бүтээл үйлдвэрлэдэг газрыг яагаад энэ байранд байрлуулахгүй байна вэ. Энэ талаар төрийн байгууллагад өгсөн баримт бичгүүд бүгд байгаа. Улсын филармони Монголын гурван урлагийн их төрлийг багтаасан, дэлхийн сонгодог урлагийг таниулсан 60-80 уран бүтээлч, хөгжимчид, Монголын ардын уламжлалт морин хуурыг дэлхий дахинаа танилцуулсан Морин хуурын чуулга, дэлхийн орчин үеийн жазз сонгодог хөгжмийг эзэмшсэн Баянмонгол чуулга, орчин үеийн болон ардын дууг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн дуучид гээд 120-иод хүний бүрэлдэхүүнтэй байгууллага. Энэ том байгууллага Соёлын төв өргөөндөө байрлаж яагаад болохгүй гэж. Ардчиллаас хойш Монголд театрын урлагийн нэг ч барилга бариагүй. Өнөөдөр бид Соёлын төв өргөөний зүүн хойд буланд амьдарч байна. Нэг буланд нь шүү. Монголын урлагийн өв болсон байгууллага, дэлхийн соёлыг, ардын урлагийг, орчин үеийн соёлыг түгээж, дэлхий дахинаа харуулсан мэргэшсэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн баг филармони дотор ажиллаж байна. Соёлын төв өргөөг улсын филармонид шилжүүлж өгөхийг төр засгийн удирдлага, хотын захиргаандаа дахин уламжилъя. Хэрэв Соёлын төв өргөөг филармонид шилжүүлэн өгвөл энэ газрыг уран бүтээл үйлдвэрлэл, зохион байгуулалт, эдийн засгаар нь авч явж чадах удирдлага, уран сайхны авьяастан, урлан бүтээгчид нь бидэнд бий. Бидэнд авьяас, ур чадвар, уран бүтээл, хийсэн бүтээсэн их түүх ч бий.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын мөнгө угаалттай тэмцэх бодлого буюу саарал жагсаалтын сураг

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын ээлжит хурал, мөн Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал энэ сард болно. Монгол Улсын хувьд тус хурал онцгой ач холбогдолтой. Учир нь манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, түүний хэрэгжилтийг ФАТФ-аас үнэлж, “саарал жагсаалтад” оруулах уу, ахиулах уу гэдгийг шийдэх юм. Тиймдээ ч энэ асуудал дотоодын банк санхүү, хууль хяналтын байгууллага, бүр нарийн яривал Монгол Улсын төр засгийн хэмжээнд чухал асуудлын нэг болоод байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг олон улсад хамгийн их үйлдэгдэж байгааг судлаачид хэлж байгаа. Одоогийн байдлаар олон улсад мөнгө угаах гэмт хэргийн 180 төрөл бүртгэгдсэн. Энэ төрлийн хэргийн улмаас дэлхий дээр бий болсон бохир мөнгөний эргэлт хоёр их наяд ам.доллар байх магадлалтай гэж таамагладаг. Энэ нь Франц улсын жилийн төсвөөс гурав дахин их тоо юм. АНУ-д гэхэд жилд дунджаар 500 тэрбум ам.доллар угаагддаг гэсэн судалгаа бий. Тиймээс бохир мөнгөний эргэлтийг зогсоох үүрэгтэй олон улсын байгууллагууд ажилладгийн нэг нь ФАТФ гэж ойлгож болно. Тиймдээ ч өндөр хөгжилтэй 37 улс орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгээд буй. Энэ байгууллагын зорилго нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон олон улсын санхүүгийн системийн эрүүл, шударга байдалд учирч буй холбогдох бусад аюул эрсдэлтэй тэмцэхэд чиглэсэн хууль эрх зүйн, бодлогын, зохицуулалтын болон үйл ажиллагааны гэх мэт аливаа үр дүнтэй арга хэмжээний талаарх стандартыг тогтоох, үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал. Энэ зорилгын хүрээнд ФАТФ-ын 40 зөвлөмж гэгдэх стандарт бий болж, гишүүн орнууд дотоодын хууль тогтоомждоо тусган дагаж мөрддөг болжээ.

Монгол Улс 2004 онд ФАТФ-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагын гишүүн улс болсон. Анх 2006 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд анхны харилцан үнэлгээг хийснээс хойш хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг 2016 онд Ази, Номхон далайн бүсийн байгууллагаар дамжуулан хийсэн юм. Тус үнэлгээний тайланд “Монгол Улсын Засгийн газар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах хүчин чармайлт гаргаж байгаа боловч 2006 оны Харилцан үнэлгээгээр тогтоосон стратегийн дутагдлуудын ихэнх нь одоог хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх ноцтой эрсдэлүүд тулгараад байна. Монгол Улсын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогын дийлэнх хэсэг нь авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх байдлаас бий болж байна. Нийт авлигын хэмжээ 2006-2010 онуудад ойролцоогоор 337 сая ам.доллар болсон нь анхаарал татаж байна” хэмээн дурдсан байдаг. Энэ бол Монгол Улсад мөнгө угаах нэг төрлийн гэмт хэрэг байна гэдгийг олон улсын мэргэжлийн байгууллагууд онцолсон явдал.

Монгол Улс ФАТФ-ын 2016 оны харилцан үнэлгээгээр 40 зөвлөмжөөс 20-ийнх нь хэрэгжилт хангалтгүй, бодит байдал дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх Үр дүнтэй байдал /Шууд хэрэгжилт/-ын 11 үзүүлэлтээс бүгд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Үүнтэй холбогдуулан 2017 онд манайхыг Өргөтгөсөн /эрчимтэй/ хяналтад оруулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн билээ. Тэрхүү даалгаврын гүйцэтгэлийг хэлэлцэх хурал нь энэ юм.

Тэгвэл манай улсыг шалгаж буй 11 үзүүлэлтийн тухайд гэвэл ФАТФ аливаа улс орныг үнэлэхдээ тухайн улсын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын үр нөлөө, хууль эрх зүйн орчны бодит байдалд дээрх хэрэгжилтийг сэдэвчилсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэдэг юм байна. Тэгвэл бид зөвлөмжүүдийг хэр хангав, саарал жагсаалтаас аврагдаж чадах уу?

Хэрэв саарал жагсаалтад орчихвол тухайн улс орны хувьд санхүүгийн хоригт орж байгаа хэрэг. Энгийнээр хэлэхэд гадаад улсаас орж ирэх зээл тусламж, мөнгөн гуйвуулга, шилжүүлэг, манай улсаас гадагшаа гаргах мөнгөн гуйвуулгаас эхлээд гадагшаа чиглэсэн санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа саадтай болж, олон давхар шалгалтад орох болдгийг эдийн засагчид хэлж байгаа.

Юуны өмнө манайд ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаа, прокурор, бүртгэл, оюуны өмч, гаалийн зэрэг төрийн 15 байгууллага энэ цаг үед ажиллаж байгааг дуулгах ёстой. Манайх 2016 оны харилцан үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн гол шалтгаан бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байгаатай холбоотой байв. Үнэндээ манай улсад авлига албан тушаал, мөнгө угаахтай холбоотой олон хэрэг бүртгэгдэж, шалгагдаж байсан ч шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол 2016 он хүртэл манай шүүх, хуулийн байгууллагад бүртгэгдээгүй. Тиймээс ФАТФ-ын үнэлгээчид Монголыг тогтолцоогоороо мөнгө угаах гэмт хэргийн хор хохирлыг ойлгохгүй байна гэж дүгнэсэн байдаг. Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг өргөн хүрээнд авч үзсэнээр шүүхийн кейс гарч эхэлсэн юм. Тодруулбал, хууль хэрэгжиж эхэлсэн жилдээ мөнгө угаахтай холбоотой нэг хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бол 2018 онд таван хэрэгт эрүүгийн хэрэг нээж, хоёр хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, гуравт нь ял оноосон байгаа юм. Түүнчлэн 15 хүн энэ төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ. Тэгвэл мөнгө угаахтай холбоотой зүйл анги өөр бусад онц хүнд хэргүүдтэй давхар зүйлчилсэн тохиолдол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш цөөнгүй гарчээ. Шүүхээс мөнгө угаахтай давхар зүйлчилсэн 50 хэрэгт 68 хүн ял шийтгэсэн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс саяхан мэдээлсэн. Энэ бол ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн, эерэг үр дүн гарсан бодит жишээ гэдгийг зөвлөмж хэрэгжүүлэгч байгууллагууд онцолж буй.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийж буй айлчлалын хүрээнд оффшор бүсэд байршуулсан хөрөнгийг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх, оффшорт данстай монгол иргэдийн мэдээллийг олж авах эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн. Энэ нь нэг талаар Монгол Улсын хувьд мөнгө угаахтай тэмцэж байгаагийн бас нэг илрэл юм.

Харин ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай нэр бүхий банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн эх үүсвэр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой байх вий гэсэн болгоомжлол байх магадлалтай гэж эдийн засгийн шинжээчид дүгнэж байгаа. Тиймээс энэ асуудал ФАТФ-ын үнэлгээнд нөлөөлөх магадлалыг үгүйсгэхгүй юм.

Түүнээс гадна мөнгө угаах ойлголт манай улсад олон улсынхтай ижил том хэмжээний бүлэглэлийн хооронд хар тамхи, хүний наймаа зэргээс бус энгийн хялбар, хүний нүдэнд өртөхөөргүй нөхцөл байдлаар үйлдэгдэж байж болзошгүйг хууль хяналтынхны судалгаа харуулдаг. Тухайлбал, олон улсын байгууллагын санхүүжилтээр сайн санааны, хүмүүнлэгийн сан байгуулах үзэгдэл газар авсан. Дээрх сангийн зорилго, үйл ажиллагааны чиглэл нь хүмүүнлэгийн, буцалтгүй тусламжаар хөгжингүй болон ядуу буурай орны иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх зорилгоор өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг учраас тухайн сангийн санхүүжилт, мөнгөний эх үүсвэрийг төдийлөн шалгадаггүй. Харамсалтай нь үүний ард сан байгуулах нэрээр оруулж ирж байгаа мөнгө ямар ч хүний нүдэнд буцалтгүй тусламж хэлбэрээр харагддаг учир татвараас зайлсхийх тун энгийн мөртлөө хялбар арга болдог ажээ. Олон улсын практикт мөнгө угаах гэмт хэрэг ихэвчлэн ийм аргаар үйлдэгддэг судалгаа байна. Судлаачдын ярьснаар практикт тохиолдож байгаа гаднын улсын хөрөнгө оруулалттай банк үүсгэн байгуулаад дараа нь дампууруулах, хараа хяналтгүй байдал, хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт гэх мэт үйлдлүүд нь мөнгө угаах гэмт хэргийн энгийн элемент гэж байна. Тэгвэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын тоо хэрээс хэтэрсэн. Гэтэл тэдний олонхын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, шашны секторуудын үйл ажиллагаанд мөнгө угаах гэмт хэрэг агуулагдаж байж болзошгүйг учир мэдэх хүмүүс анхааруулж байгаа юм. Манай улсад мөнгө угааж буй дараагийн нэг хэлбэр бол хөрөнгө оруулалт, хувь эзэмших явдал. Зарим аж ахуйн нэгжүүд гадны мөнгөн тусламж, эсвэл хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг утгаар хууль бусаар орлого оруулж, барилга заран хууль ёсны орлого болгох явдал хамгийн далд хэлбэрийн мөнгө угаалт гэж үздэг аж. Үүнээс гадна авлигад авсан зүйлийг бусдын нэр дээр шилжүүлэх, дүрсийг нь хувиргах, эдийн засгийн эргэлтэд оруулж болзошгүй нөхцөл манай улсад бий болсон нь анхаарал татаж эхэлсэн. Хамгийн энгийн жишээ гэхэд хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж худалдаанд оруулах явдал байсхийгээд л гардаг. Энэ бол мөнгө угаалтын нэг хэлбэр гэж албаныхан үздэг юм билээ.

Ямартаа ч ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд манай улс тодорхой алхмууд хийсээр байгаа нь сайшаалтай. Дээр өгүүлсэн Эрүүгийн хууль тогтоомжид оруулсан шинэчлэлээс гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлт, эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд журам, заавар, аргачлал, гарын авлага зэргийг гаргаж, олон нийтэд багагүй ойлголтыг өгөөд байна. Дотоодын болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааг өргөжүүлсэн, 15 сарын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас баталж хэрэгжүүлсэн олон алхмыг нэрлэж болно. Нэг ёсондоо ФАТФ-ын өгсөн зөвлөмжүүд дээр тодорхой алхам хийгдсэн гэдгийг харж болохоор байгаа юм.

Харин цаашид хэрэгжүүлэх шаардлагатай олон алхам байгааг мэргэжлийнхэн онцолсон. Тухайлбал, “УИХ-д өргөн мэдүүлсэн Терроризмтой тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэн батлуулах, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах талаар аргачлал заавар гарган мөрдөж ажиллах, мөнгө угаах гэмт хэргийг шалгах, эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ төрлийн гэмт хэргээс олсон хөрөнгө орлогыг хураах, хөрөнгө хураахад баримтлах үйл ажиллагааны аргачилсан заавар боловсруулах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх хүсэлтийг бүртгэж, хяналт тавих нэгдсэн бүртгэлийг үүсгэх шаардлага бий болсон. Түүгээр зогсохгүй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой статистик мэдээлэл гаргах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн Монголбанкны ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа ярьж байгаа.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын албаныхан өргөтгөсөн эрчимтэй хяналтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа дэлгэрэнгүй тайланг Ази, Номхон далайн бүсийн байгууллагад хүргүүлээд байгаа аж. Үүний хариуд хангалтгүй үнэлгээ авсан 20 зөвлөмжөөс 14 зөвлөмжийн үнэлгээг сайжруулах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтийг авчээ. Хэдий ийм ч Монгол Улс шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс хамгийн багадаа зургаан үзүүлэлтэд дундаас дээш үнэлгээ авах шаардлагатай байгаа юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Давж харилцдаг агуу их Монгол” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Давж харилцдаг агуу их Монгол” хэмээн өгүүлжээ.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: АНУ-ын айлчлалын гол зорилго нь Монголын ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй ордог хуулийг дэмжүүлэх байсан” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Гишүүдийн тоог нэмснээр иргэдийн сонгох төлөөллийг сайжруулж байгаа хэрэг” хэмээн ярьсныг II, IV нүүрнээс уншаарай.

“Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хэн хэнд нь хэрэгтэй!” хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Инээдмийн лаборатори буюу Comedy Lab-ынхан” хэмээн “Танайд өнжье” нүүрт өгүүлжээ.

“Монголбанкны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, Сангийн сайд, Элчин сайд асан Д.Даваасамбуу: Малчдын малаа таргалуулж байгаад хилээр гаргах сонирхлыг хязгаарлаж болохгүй” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

“Цагаан тоос боссон Дарханы замд жолооч нар өмнөх машинаа харахгүй араас нь мөргөж байна”, “Э.Оюунболд, Б.Гончигдамба нараас бусад бөхчүүд нь мэдэгдэл хийгээд байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт “В.Путинтэй үзэлцэж байгаа ганц хүн” хэмээн өгүүлжээ.

“Баянхонгорын Бууцагаан сумын уяач Нямын Баттөмөр: Төрж өссөн нутгаа зарлуулж, улсад гурван адуу айрагдууллаа. Сайхан байна” хэмээн “Хүмүүс” нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“The Hu” хамтлагт Монгол Улсын Соёлын элчийн өргөмжлөлийг гардуулав

“The Hu” хамтлагт Монгол Улсын Соёлын элчийн өргөмжлөлийг гардуулав. Уг өргөмжлөлийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар гардуулж, Монголын рок ертөнцийн үүд хаалгыг дэлхийд нээж өгсөн хамтлагийнханд талархал илэрхийлжээ. Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Тус хамтлагийн дуунууд “Billboard-ын жагсаалтад багтаж, “Шилдэг борлуулалттай хард рок дуунууд”-ын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Майдар эргэх ёслол болно

Намрын эхэн сарын шинийн 15 буюу наймдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Дундговь аймгийн төвд буй Дашгэнпэллин хийд үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулж, Майдар эргэж, “Сайхан гомбо” тахих ёслол болох юм байна. Тус хийд өдөр бүр Цогчин уншлагатай, сар бүрийн шинийн найманд Их манал, Сандуйн жүд, Доржжодво, Чогууд, Ганжуур, арван дөрвөнд Магтаалууд, арван таванд Дүйжид нямба, Ганжуур, Чогууд, хорин есөнд Арван хангал,гучинд Доо Дүдва, Ганжуур хурдаг аж. Мөн жил бүрийн намар Майдар эргэж, маргааш нь хийдийн гол сахиус болох Гомбо бурхныг тахидаг уламжлалтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюултай бүс нутгаас нүүхийг анхааруулав

Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.

-Үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх ,

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.